A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2167/

“Цагаан гарьд” харих болоогүй

Ичиножёо дараагийн башёд шууд сэкивакэ болж магадгүй

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2167/


Хакүхо хэдийгээр мэргэжлийн сүмогийн ихэнх дээд амжилтыг дараалан эвдсэн ч энэ башёд өөрийгөө дахин нэг удаа батлан харуулах зайлшгүй шаардлагатай байлаа. Сүүлийн долоон башёд янз бүрийн шалтгааны улмаас ганцхан удаа түрүүлсэн нь түүнийг харьж явна гэх ойлголтыг олон нийтэд төрүүлээд байв. Өмнө нь бүгд түүний нэрийг сонсоод эмээдэг байсан бол сүүлийн үед залуус зориг орж, башёд түрүүлэх талаар том том юм ярьдаг болоод байгаа. Иймийн учир “Цагаан гарьд” хүч чадалтай хэвээр гэдгээ нотлон харуулж, харү башёд ээлжит түрүүгээ авах нь чухал байлаа.

Башёгийн өмнөх нөхцөл байдал ямархуу байсныг товчхон сонирхуулъя. Саяхан л аварга цолтой дөрвөн бөх барилдаж байсан бол Кисеносато, харүмафүжи нар зодог тайлснаар үлдсэн хоёр аварга болох Хакүхо, Какүрюүгийн нуруун дээр асар том ачаа ирсэн. Аваргууд муу байна, үүргээ биелүүлэхгүй байна гэсэн шүүмжлэл хүчээ авсан энэ үед Хакүхо бүх хариуцлагыг үүрсэн нь мэдээж. Энэ үүргээ ч гялалзтал биелүүлж, эхний 13 өдрийн барилдаанаас 13 даваа авлаа. Маш тайван, өөртөө итгэлтэй, уян хатан барилдааныг нь сөрөн зогсох тэнхээтэй бөх энэ өдрүүдэд байсангүй. Япончуудын найдвар хүлээлгээд буй залуу од Такэкайшо аварга нэлээд шазруун үзсэн ч эцэст нь чангахан шидүүлээд хулхи нь буув. Их аваргын хувьд 37 дахь удаагаа эхний 10 өдөр дараалан давжээ. Үүнийхээ 27-д нь түрүүлж байсан гэж бодохоор дээд зиндааны 42 дахь түрүү ойрхон байна даа.

Аса аваргын дүү Хоошёорюү Бямбасүрэн анхаарлын төвд байна

Түүний араас нэхэж яваа бөх нь нутгийн дүү Ичиножёо А.Ичинноров. Дээд зиндааны хамгийн хүнд бөх тэрбээр (226 кг) анх эрчтэй гарч ирж байсантайгаа харьцуулбал эрс суларсан. Сүүлийн хэдэн башёд арайхийн 50 хувийн амжилтаа хийсэн бол арваннэг болон нэгдүгээр сарын тэмцээнд тавин хувийн босго ч давж чадалгүй чансаа буурсан юм. Тэгвэл энэ башёд өнгөтэй сайхан барилдаж, ганц унаатайгаар аваргыг нэхэж явна. Энэ башёд овоо хэд давчихвал долдугаар сард Озэки цолны төлөө дайралт хийх боломж байгаа. Дараагийн тэмцээнд Комүсүбиг алгасаад шууд Сэкивакэ болж ч мэднэ.

Өмнөх тэмцээнд Хакүхо сайн барилдсан ч гэмтэл авснаар дундаас нь орхиход хүрсэн. Харин түүний эзгүйд нутгийн бөх Тамаваши Б.Мөнх-Оргил дээд зиндааны анхны түрүүгээ гардаад байв. Ингэснээр тэрбээр гуравдугаар сарын башёд 11 давахад Озэки цол хүртэх боломжтой болсон юм. Гэвч манай бөх том цол бодоод биеэ хэтэрхий барьсан уу, эхний 11 барилдааныхаа долоод нь унаж, мөрөөдлөө хойшлуулахаас аргагүйд хүрлээ.

Сүүлийн үед Такэкайшо хэмээх залуу хүчтэн япончуудын магнайг тэнийлгэж байгаа. Дээд зиндааны хамгийн залуу бөх тэрбээр арваннэгдүгээр сард 13-2 амжилтаар түрүүлж, нэгдүгээр сарын башёд 11 даваад байв. Улмаар энэ сард одоогоор найман даваа авч, арслан цолны босгонд тун ойрхон тулж ирээд байна. Ялангуяа Какүрюү аваргыг давсан барилдаан түүний боломжийг эрс нэмэгдүүлжээ. Нуруу намтай ч гэсэн их дайчин, зоригтой барилддаг, мэдрэмжтэй залуу байна лээ. Озэки болсон байхад цолондоо эзэн болоод барилдаж чадна гэж бодогдсон.

Монголчууд сүүлийн үед итгэл найдвар тавин харуулддаг өөр нэг бөхтэй болчихоод байгаа. Энэ бол их аварга Асашёорюү Д.Дагвадоржийн авга дүү Хоошёорюү С.Бямбасүрэн. Аса аваргын том ах Сугаррагчаагийн хүү тэрбээр аваргын гаргасан жимээр урагшилсаар Макүшитагийн долоо дээр ирээд буй. Эндээс тавин хувийн амжилтаа үзүүлчихвэл дараагийн башёд цолтой бөхийн эгнээнд багтах боломж бий. Удахгүй 20 хүрэх залуу хүчтэн эхний дөрвөн өдөр гурав унаад байсан ч дараалан хоёр давж, 3-3 амжилттай болоод авав. Үлдсэн барилдаандаа давах нь нэн чухал байна. Энэ удаа чансаагаа ахиулчихвал долдугаар сарын тэмцээний үеэр Жюүрёод хүч үзэж байх болов уу. Ер нь бага зэрэг жин нэмчихвэл их аваргуудын үлдээсэн орон зайг нөхөж, олон жил сайн барилдах боломжтой хэмээн сүмогийн мэргэжилтнүүд дүгнэж байна. Удахгүй цойлоод гараад ирэх биз ээ.

Энэ башёд монголын 19 бөх хүч үзэж буйгаас одоогоор ес нь тавиас дээш хувийн амжилтаа үзүүлээд байна. Тэднээс гадна зургаан бөх улаан шугам давах боломжтой байгаа юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Чоно борооноор буюу аваргуудыг эзгүйчилсэн Митакэүми

Монголын цолтой бөхчүүд бүгд тавиас дээш хувийн амжилтаа үзүүлж чадсангүй

 0 сэтгэгдэл


Мэргэжлийн сүмо бөхийн Аки башё том цолтнуудад халгаатай болж өндөрлөлөө. Их аварга Хакүхо М.Даваажаргал эхний өдөр унахдаа чигчий хурууны бэртлээ сэдрээн тэмцээнийг дундаас нь орхисон. Харин өөр нэг монгол аварга Какүрюү М.Ананд эхний дөрвөн өдөр дараалан давж, башёг урамтай эхлүүлсэн ч үүнээс хойш гурав унаад мөн л тэмцээнээс гарлаа. Тэрбээр зүүн өвдгөө гэмтээжээ. Хоёр озэкигийн нэг Гоэйдо арайхийн тавин хувийн амжилтаа үзүүлсэн бол нөгөө арслан Точиношин найман даваа авч чадаагүй тул ирэх башёд цолоо алдахаар болж байна.

Ийнхүү аварга, арслангууд бүтэлгүйтэх завшааныг ашиглан Сэкивакэ Митакэүми дээд зиндаанд түрүүлэв. 15 өдрийн барилдааны дараа тэрбээр Сэкивакэ Такэкайшогийн хамт 12-3 амжилттай гарч ирсэн. Ингээд тэдний хооронд нэмэлт барилдаан болоход Митакэүми хав барьцнаас түрж гаргаад тун хялбархан давав. Энэ нь түүний дээд зиндааны хоёр дахь түрүү болж байна. Өмнө нь 2018 оны долдугаар сарын башёд 13-2 амжилтаар түрүүлж байв. Тэрбээр ирэх башёд 12 давбал озэки цол хүртэх боломжтой. Такэкайшогийн хувьд түрүүлж чадаагүй ч озэки цолоо эргүүлэн авсан болохоор сэтгэл хангалуун суугаа биз ээ.

• Аса аваргын дүү Хоошёорюү ирэх башёгоос жюүрёод дэвшин барилдана. 

• Цолтой бөх болсон талаарх сэтгэгдлийг нь түүнээс асуухад “Амжилтаараа ахыгаа гүйцэх зорилготой” хэмээн нулимс дуслуулан ярьжээ. 

• Аса аваргын гарч ирж байсан үетэй харьцуулахад Хоошёорюү жин бага, дайчин чанар дутагдаж байна хэмээн сүмогийн мэргэжилтнүүд бичиж буй.

Озэкигоос доош цолтой бөх сүүлийн 11 башёгийн зургаад нь түрүүлсэн нь 1993 оноос хойш анхны тохиолдол болжээ. Яах аргагүй аваргуудын бяр чадал буурч, шинэ үе солигдож буйг энэхүү явдал сануулж байна.

Түүнчлэн макүүчи, жюүрёо зиндаанд барилдсан Монголын 11 бөх бүгд тавиас дээш хувийн амжилтаа үзүүлж чадаагүй нь 2000 оноос хойших анхны тохиолдол боллоо. Харин доод дөрвөн зиндаанд барилдсан Монголын 12 бөхийн 11 нь тавиас дээш хувийн амжилтаа үзүүлсэн юм.

Ийнхүү том цолтой монгол бөхчүүд санаснаас тааруухан амжилт үзүүлсэн ч ирээдүйд нутгийн аваргуудын халааг авах магадлалтай нэгэн бөх ирэх башёд жюүрёод дэвшиж, цолтны эгнээнд багтах нь тодорхой болов. Тэр бол их аварга Асашёорюү Д.Дагвардоржийн төрсөн ах  сугаррагчаагийн хүү хоошёорюү Бямбасүрэн юм. Аса аварга 10 башё барилдаад жюүрёод дэвшсэн бол хоошёорюү 11 башё зарцуулж энэ даваанд гарч иржээ. Жюүрёогоос 4-5 бөх доош уруудах магадлалтай байгаа тул тэрбээр оронд нь дэвших магадлал бараг 90 хувьтай юм. Цолтой бөх болсон талаарх сэтгэгдлийг нь түүнээс асуухад “Амжилтаараа ахыгаа гүйцэх зорилготой” хэмээн нулимс дуслуулан ярьжээ. Тэрбээр тэмцээний дундуур гурав дараалан унасны дараа аварга ахаасаа нэлээд хатуухан шүүмжлэл сонссон. Аса аварга түүнийг унасны дараа twitter-тээ “барилдах юм бол алалцаад үзэлц. Үгүй юм бол хоол хийгээд суу” хэмээн загнажээ.

Гэхдээ Аса аваргын гарч ирж байсан үетэй харьцуулахад хоошёорюү жин бага, дайчин чанар дутагдаж байна хэмээн сүмогийн мэргэжилтнүүд бичиж буй. Одоо 107 кг жинтэй тэрбээр ирэх башёд томчуудтай барилдахын тулд жин нэмж, бяр суух зайлшгүй шаардлагатай. үгүй бол жюүрёо зиндааг давах гэж багагүй хугацаа зарцуулж магадгүй.

Санданмэ зиндаанд барилдсан саданохикари Д.Наранцогт 7-0 амжилтаар түрүүлсэн. Өнгөрсөн жил гэмтлийн улмаас хоёр башё өнжиж, жонидан хүртэл унасан тэрбээр сүмо дахь анхны түрүүгээ авсан нь энэ. Түүнчлэн цагтаа озэки цол хүртэж явсан ч мөн л гэмтлийн улмаас жонидан руу унасан тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ бага багаар дээш мацсаар байна. Тэрбээр энэ тэмцээнд зургаа ялж, нэг унаснаар ирэх башёд маэгаширагийн дээд хэсэгт эрэмбэлэгдэхээр боллоо. Дахин нэг удаа сайн барилдчихвал цолтой бөхчүүдийн эгнээнд эргэн орж ирнэ гэсэн үг.

МОНГОЛ БӨХЧҮҮДИЙН АМЖИЛТ

МАКҮҮКИ

Ёкозүна Какүрюү М.Ананд 4-4-6
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 0-2-12
М-2 Ичиножёо А.Ичинноров 1-4-9
М-4 тамаваши б.Мөнх-Оргил 7-8
М-12 Дайшёхо Ч.Шижирбаяр 5-9
М-15 Азүмарюү с.тодбилиг 6-9

ЖЮҮРЁО

Б-2 Чиёошёома Г.Мөнхсайхан 7-8
Б-4 Кирибаяма Б.Лхагвасүрэн 7-8
З-6 Миторюү Б.Төрболд 6-9
З-7 Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар 7-8
З-12 Сэйро А.Өнөболд 2-6

МАКҮШИТА

Б-1 Араваши Э.Дөлгөөн 2-5
З-5 Хоошёорюү С.Бямбасүрэн 4-3
З-14 Сакигакэ Я.Баттүшиг 5-2
З-19 Кёкүсоотэн Э.Энхманлай 5-2
З-27 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 6-1
Б-34 Гоочёозан Д.Ууганбаатар 5-2
Б-36 Кагамио Б.Нанжид 4-3
Б-43 Роога А.Амарсанаа 5-2

САНДАНМЭ

З-17 Ёошёояма Б.Анхбаяр 4-3
Б-46 Саданохикари Д.Наранцогт 7-0 түрүү
З-60 Дайтэнма Н.Чинзориг 4-3

ЖОНОКҮЧИ

Б-29 Хокүтэнкай Г.Сүхбат 6-1

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ард түмнээсээ уучлалт гуйх зориг гаргаач, Э.Оюунболд оо

Допинг хэрэглэсэн анхны тохиолдолд хуулиа өөрчлөх ёстой байв

 0 сэтгэгдэл


Монголчуудын дэлхийд гайхуулдаг нүүдэлчний соёл, жилдээ ганц болдог үндэсний их баяр наадмаар түрүүлсэн бөх допинг хэрэглэсэн нь олон улсын итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариугаар илэрлээ. “Э.Оюунболдоос авсан дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт 2019”-д орсон S1.1A бүлгийн станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрсэн” гэх хариуг Баяр наадмыг зохион байгуулах комиссын хурлаар хэлэлцэж, олон нийтэд зарлав.

Засгийн газраас гаргасан уг мэдэгдэл энэ жилийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн Э.Оюунболдод унасан бөхчүүдийн давааг ахиулах уу, бай шагнал, цолыг хураах уу гэх мэт олон маргааны эхлэлийг тавив. Харин “хэргийн эзэн” өөрөө ямар нэг мэдэгдэл хийгээгүй нам жим байна.

Түүний багш Монгол Улсын дархан аварга Б.Бат-Эрдэнэ “наадмаас өмнө Хэнтийн бөхийг түрүүлүүлэхээр 1.7 тэрбум төгрөгөөр тохироо хийсэн”, “ямар нэг аргаар допингтой холбоно гэсэн заналхийлэл ирж байсан” гэх шавийнхаа үгийг давтаад хууль хяналтын байгууллагад шалгуулахаар өгсөн тухай мэдээллээ хуваалцав. Тэгэхээр олон улсын итгэмжлэгдсэн лабораториос ирүүлсэн шинжилгээний хариуг Монголын хууль, хяналтын байгууллага шалгаж, гүтгэлэг, эсвэл үнэн болохыг тогтоох нь л дээ.

Үндэсний их баяр наадмын тухай хуульд шөвгийн 16-д шалгарсан бөхчүүд, сур харвааны эхний гурван байр эзэлсэн харваачид болон айрагдсан морьдоос сэргээшийн шинжилгээ авна гэж заасан байдаг. Уг хуулийн 14 дүгээр зүйл, хариуцлага хүлээлгэх хэсэгт дараах гурван шийтгэлийн нэгийг л онооно гэх заалт бас бий. Нэгдүгээрт тухайн бөх, харваач болон морийг баяр наадмаас хасах, хоёрдугаарт бай шагналыг олгохгүй байх, эцэст нь баяр наадамд оролцох эрхийг хоёр жил хүртэлх хугацаагаар хасах гэсэн санкцыг оруулж өгсөн байдаг. Харин 2007 онд 14 дүгээр зүйлийн гурав дахь хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулж, “Энэ хуулийн 10.2-т заасан шинжилгээгээр бөх, харваач сэргээш хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн баяр наадамд олгосон цол, байрыг хасна” гэсэн заалт шингээжээ.

Э.Оюунболд аварга А сорьцын шинжилгээний дүнтэй санал нийлэхгүй бол В сорьцыг шинжлүүлэх хүсэлтээ 14 хоногийн дотор гаргах ёстой байв. Хэрэв хүсэлт гаргаагүй бол эхний  шинжилгээний хариуг шууд зарлах журам үйлчилж буй. Харамсалтай нь залуу аварга хоёр дахь шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасангүй, харин 2009- 2019 онуудад шөвгөрсөн бөхчүүдийн бүгдийнх нь шинжилгээг дахин судалж үзэх, эргэлзээтэй тохиолдол байвал хуулийн байгууллагад шалгуулах тэс өөр хүсэлт гаргасан. “Унавал хамт уная” гэх уран сайхны киноны шилийн сайн эрийн үг өдгөө үндэсний бөхийн жудаг, баримтлах зарчимд шингэв гэлтэй уг мэдэгдэлд бөхчүүд эмзэглэсэн байх. Допингийн шинжилгээний сорьц тухайн лабораторидоо 10 жил хадгалагддаг. Хэрэв хүсэлт ёсоор бүгдийг дахин шинжилж, өмнөх жилүүдийн түрүү, үзүүр, амжилттай барилдсан бөхчүүдээс допинг илэрвэл бүр сайн л биз. Бохирдсон дэвжээгээ нэг мөр цэвэрлээд авах боломж гарах ч юм бил үү.

Маргаан цаашид хэрхэн үргэлжлэх нь тодорхойгүй. Хууль хяналтынхан шалгаж байгаа нэрээр хугацаа хожиж болох ч нөгөө талаас шударгаар барилдаагүй, луйврын аргаар наадмын түрүүг авсан гэх зэвүүцэл олны дунд хүчтэй өрнөж байна.

Энэ асуудал ҮАБЗ-ийн хурлаар хэлэлцэх хүртэл өндрөө авав

Үүний зэрэгцээ Э.Оюунболдыг хоёр жил эрхээ хасуулчихаад, эргэж барилдаад жинхэнэ хүч бяр, уран мэхээрээ наадмын түрүүг авч, нэрээ цайруулах хэрэгтэй гэх хэсэг ч байна. Гэвч энэ бүхний цаана улс орны тусгаар тогтнолын баталгаа, үндэсний баяр наадмын дархлаа алдагдсаар байгааг анхаарах цаг нэгэнт иржээ.

Ерөнхийлөгчийн зарлиг хөдөлшгүй, үнэ цэнтэй байх ёстой. Дайны нөхцөл, онц байдал зарлахаас эхлээд харьд суух Элчин сайд томилох, төрд үнэлэгдэхүйц алдартнуудад гавъяа шагнал олгох гэх зэрэгт мутарладаг төрийн дээд баримт бичгийг “цол олголоо”, “хураалаа” гэх мэтээр үргэлжлүүлэн дугаарлаж үнэгүйдүүлмээргүй байна. 2003 оноос өмнө улсын наадмын цол, чимгийг тухайн спортын холбоод олгоод, журамлаад явж болоод л байсан. Төрийн тэргүүн хүндэтгэлийн индрээс тэрхүү цолыг зарлаж, шагналыг гардуулдаг байв.

Харин ирэх жилээс эхлэн Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооноос допингийн шинжилгээний хариу ирсний дараа улсын цол, тэмдгийг гардуулж байх саналыг шадар сайд Ө.Энхтүвшин гаргаж, Ерөнхийлөгчид уламжилжээ. Түүнчлэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулахаар болов. Энэ асуудал ҮАБЗ-ийн хурлаар хэлэлцэх хүртэл өндрөө авав. Нэгэнт ингэж дэгдсэн маргаан үндэсний баяр наадмаа шударгаар зохион байгуулах эрх зүйн орчинг бүрдүүлж өгнө гэж найдъя.

У.ХҮРЭЛСҮХ: ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН БӨХ ЦОЛОО ХУРААЛГАНА ГЭДГИЙГ ХАТУУ САНАЖ ЯВАХ ЁСТОЙ

Өмнө нь допинг хэрэглэсэн шалтгаанаар зарим бөхийн цолыг хурааж байсан тохиолдол бий. Тухайлбал, 2014 оны улсын наадмаар начин цол хүртсэн Архангай аймгийн Тариат сумын харьяат "Бөхбилэгт" дэвжээний бөх, аймгийн хурц арслан Н.Адъяабат болон Говь-Алтай аймгийн Тонхил сумын харьяат “Хилчин” спорт хороо, “Хантайшир” дэвжээний бөх аймгийн арслан Б.Суманчулуун нарын цолыг хураах Ерөнхийлөгчийн зарлиг дараа жилийнх нь гуравдугаар сард гарч байв. Тухайн үед Шадар сайд байсан У.Хүрэлсүх “Спорт шударга байх ёстой. Тэр хоёр бөх тав давахад унасан арван бөх нь цаашид яаж барилдах байсан билээ. Унасан бөхчүүд цолоо ахиулж, магадгүй түрүүлэх ч байсан юм билүү. Ийм харамсалтай нөхцөл үүсэх учраас цаашдаа допинг хэрэглэсэн бөх цолоо хураалгах юм байна шүү гэдгийг хатуу санаж явах ёстой” гэж мэдэгдэж байв. Харин одоо Ерөнхий сайд маань нутгийн бөхдөө хатуурхаж, энэ үгээ давтан хэлэх болов уу. Допинг хэрэглэснээс үүдэж цол хураах, бай шагналыг хасах маргаан дахин давтагдаж буй нь хуульдаа нэн даруй өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага бий болсныг илтгэнэ. Хэрэв таван жилийн өмнө улсын цолыг хураах үед хуулийн зохицуулалтыг чамбайруулсан бол өнөөдрийн нөхцөл үүсэхгүй байх байлаа.

• “Унавал хамт уная” гэх уран сайхны киноны шилийн сайн эрийн үг өдгөө үндэсний бөхийн жудаг, баримтлах зарчимд шингэв гэлтэй уг мэдэгдэлд бөхчүүд эмзэглэсэн байх.

• 2003 оноос өмнө улсын наадмын цол, чимгийг тухайн спортын холбоод олгоод, журамлаад явж болоод л байсан.

• Допингийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн нь нотлогдчихоод байхад эвлүүлсэн мэдэгдэл хийж, бөхчүүдээ эвдрүүлсэн хүсэлт гаргаж суухын оронд гэмээ ухаарч, ард түмнээсээ уучлалт гуйх зориг энэ залууд төрөөсэй.

Э.Оюунболд аваргын хувьд одоо цол, бай шагналаа хураалгах, барилдах эрхээ хоёр жил хүртэлх хугацаагаар хасуулах зэргээр хариуцлага хүлээгээд мартагдана гэвэл эндүүрэл. Түүний хэрэглэсэн бодис булчингийн масс нэмэгдүүлэх, ядарч цуцдаггүй болгох үйлчилгээтэй. Хамгийн хоржоонтой нь шээс хөөх буюу далдлагч бодисын бүлэгт багтдаг бэлдмэл мөн хэрэглэж, допинг хэрэглэснээ нуун дарагдуулахыг санаархсан байгаа юм. Бөхчүүд гэмтэл бэртэл их авдаг, эрүүл мэндийн шалтгаанаар эм тариа хэрэглэх үе таардаг. Допинг илэрсний дараа “бэртэлд ууж байсан эм нь ийм найрлагатайг мэдээгүй” гэх тайлбар өгдөг. Тэгвэл Олимпын хорооны дүрэмд эмчилгээтэй бол эмч нарын тодорхойлолтоор хэрэглэж буй эм бэлдмэлийн жагсаалт, хэрэглэх үндэслэлээ сайтар бэлдэж нэг сарын өмнө хороонд танилцуулснаар допингийн шинжилгээ өгөх үүргээс эмнэлгийн магадлагаагаар чөлөөлөгдөж болдог. Харин Э.Оюунболд ийм магадлагаа хүсэх мэдэгдэл зургадугаар сард өгөөгүйг Олимпын хорооны эмч Д.Энхсанаа хэлсэн. Допинг хэрэглэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэйг тамирчин байтугай жирийн иргэн ч мэднэ. Гормоны өөрчлөлт удмын санд нөлөөлж, үргүйдэл үүсэх аюултайг мэргэжлийнхэн сануулдаг. Гэтэл залуу аварга Э.Оюунболд хориотой бодис хэрэглэн бяр чадал, эрч хүчээ нэмэн байж улсын наадамд түрүүлэх сонголтыг хийлээ гэж үү. Ирээдүйгээ эрсдэлд оруулан байж өнөөдрийн түрүү авах богино ухаан үндэсний бөхийн түүхэнд дахин бүү үзэгдэг.

Дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж итгэмжлэгдсэн 32 лабораторийн нэг БНСУ-д байрлах төвөөс ирүүлсэн шинжилгээнд Э.Оюунболд допингийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн нь нотлогдчихоод байхад эвлүүлсэн мэдэгдэл хийж, бөхчүүдээ эвдрүүлсэн хүсэлт гаргаж суухын оронд гэмээ ухаарч, ард түмнээсээ уучлалт гуйх зориг энэ залууд төрөөсэй. Хэрэв Э.Оюунболд зүлэг ногоон дэвжээнээ хүч бяраа үзэлцсэн бөхчүүдээ хүндэтгэж, үндэсний их баяр наадмаараа цэнгэн баярласан үзэгч түмнээсээ өршөөл эрэх ухамсартай бол ядаж нэг удаа уучлалт гуйж, ямар ч шийтгэл оноосон хүлээн зөвшөөрөх болно гээд мэдэгдчихвэл олон нийт арай өөр өнцгөөр харах байх. Улмаар илүү эрч хүчтэйгээр эргэн ирж, жинхэнэ бяр чадлаараа улсын наадмын түрүү авбал түүний гэмийг ойлгож, уучлах ууч сэтгэл монголчуудад бий. Харин хөдөлшгүй баримтын өмнө улайм цайм мэлзэж, шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөхгүй гэж сүржигнээд байвал олны дургүйцлийг улам өдөөхөөс цаашгүй гэдгийг санаарай даа, Э.Оюунболд минь.

Э.ОЮУНБОЛДООС ИЛЭРСЭН БОДИСУУДЫН ҮЙЛЧЛЭХ НӨЛӨӨ
S1.1A БҮЛГИЙН СТАНАЗОЛ:

Булчингийн массыг томруулах үйлчилгээтэй. Дасгалын үр дүнд булчин ширхэгээрээ томордог бол станазол хэрэглэснээр шууд хийлсэн мэт томорч, хэрэглэхээ болихоор эргээд шалчийж жижгэрдэг.

S4 БҮЛГИЙН МЕЛДОНИУМ:

Зүрхний шигдээс, цусан хангамжийн өөрчлөлтийн үед анагаах ухаанд хэрэглэдэг энэхүү бодисыг тамирчид ачаалал даах чадварыг нэмэгдүүлж, ядрахгүй байх зорилгоор хэрэглэдэг байсныг 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хориотой жагсаалтад оруулжээ.

S5 БҮЛГИЙН ГИДРОХЛОРТИАЗИД, ХЛОРИАЗИД:

Шээс хөөх буюу далдлагч бодисын бүлэгт багтдаг. Олон улсад хэрэглэсэн эм тариагаа далдлах зорилгоор ашигласан гэж үздэг.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Шинжилгээний дээжийг сольж явуулна гэдэг боломжгүй зүйл

Шинжилгээний хариуг мэдэгдэх үүрэгтэй комисс маш ноцтой алдаа гаргасан

 0 сэтгэгдэл


Улсын аварга Э.Оюунболд өөрийгөө допинг хэрэглээгүй, хэлмэгдүүлэхийн тулд миний шинжилгээг сольсон байна хэмээн мэдэгдсэн нь өдгөө ид маргааны сэдэв болоод байна. Хүмүүс энэ асуудлаар байр сууриа илэрхийлж буй ч мэргэжлийн хүний дуу хоолой үгүйлэгдсээр байгаа юм. Тиймээс Олон улсын буудлагын холбооны эмнэлэг, допингийн эсрэг комиссын гишүүн Н.Цогтсайхантай уулзаж, допинг тойрсон сэдвийн талаар ярилцлаа.

-Сүүлийн үед олны анхаарлыг хамгийн их татаж байгаа асуудлаар ярилцлагаа эхэлье. Улсын аварга Э.Оюунболд хэсэг хугацаанд чимээгүй байсны эцэст допинг хэрэглээгүй, миний шинжилгээг сольсон байна гэж мэдэгдлээ. Үнэхээр шинжилгээний дээж солигдох магадлал бий юү?

-Энэ жилийн баяр наадмын допингийн шинжилгээнээс үүдэлтэй маргаан газар авч, сүүлдээ үндэсний бөхийн хоёр холбоо маргалдаад эхэллээ. Наадмын үзүүр, түрүүнд үлдсэн бөхчүүд увс, хэнтий аймгийнх байсан.

Гэтэл үндэсний бөхийн хоёр холбоог толгойлж байгаа хүмүүс бас Увс, Хэнтийнх болохоор өөрсдийн үзэл бодлыг хамгаалсан янз бүрийн мэдэгдэл хийгээд байх шиг байна. би Э.Оюунболд аваргын мэдэгдлийг үзсэн. Гэхдээ аваргын мэдэгдлээс өмнө допингийн хариуг зарлах процессийн талаар яримаар байна.

Ер нь улс орнууд Дэлхийн допингийн эсрэг дүрэм гэдэг том баримт бичгийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ дүрмийн дагуу зөвхөн асуудалтай хүнд л мэдэгдэх ёстой. Гэтэл допингийн шинжилгээний үр дүнг зарлах, хариуцлага тооцох эрх бүхий байгууллага болох баяр наадмыг зохион байгуулах комисс бүх бөхчүүдэд хариуг нь хэлчихсэн. Энэ бол хамгийн эхний гажуудал. Олимпын наадмаар жишээ авъя л даа. Олимпоос медаль хүртсэн хэн нэг тамирчин “ОУОХ-ноос намайг цэвэр гэсэн” гэж ярьж байхыг харсан уу. Гэтэл манайхан дэлхийн спортод байхгүй, хамгийн буруу, гаж жишгийг бий болгочихлоо.

Б.Гончигдамба гарьдын хэвлэлд өгсөн ярилцлагыг харсан. Шинжилгээ авах өрөөнд камер байрлуулсан гэж байна лээ. Уг нь шинжилгээ авах процедур хүний эрхтэй холбоотой маш нарийн ажил учир тодорхой хэмжээний нууцлалтай байдаг. Тухайлбал, допингийн шинжилгээ авах өрөөг яаж тоноглох, тэнд юу юу байх, тэр өрөөнд хэн хэн орж болох гээд бүх процессийг олон улсын дүрмэнд нэгбүрчлэн заасан байдаг. Гарьдын ярьсан шиг шинжилгээ авах өрөөнд камер байрлуулна гэдэг байж болшгүй зүйл. Харин шинжилгээ авах өрөөнд тухайн тамирчны бие төлөөлөгч орж ирэх ёстой. Тэр төлөөлөгч нь ихэнх тохиолдолд тухайн тамирчны дасгалжуулагч, эмч юм уу орчуулагч байдаг. Тэр хүмүүсийн үүрэг нь нүдээрээ камерыг орлоно. Өөрөөр хэлбэл, тухайн өрөөнд болж буй процесс дүрэм журмын дагуу явж байгаа эсэхийг хянаад эцэст нь допингийн хяналтын хуудсан дээр гарын үсэг зурж баталгаажуулдаг ёстой. Хэрэв Б.Гончигдамба гарьдын ярьж байгаа үнэн бол шинжилгээ авах багийнхан алдаа гаргажээ. Шинжилгээний хариуг мэдэгдэх үүрэгтэй баяр наадмыг зохион байгуулах комисс бүр ноцтой алдаа гаргасан байна. Баяр наадмыг зохион байгуулах комисс цэвэр гарсан бөхчүүдэд хариуг мэдэгдсэнээсээ болоод өөрсдийгөө маш эвгүй байдалд оруулчихлаа.

Бас нэг хардлага гэвэл хоёр биш илүү олон хүнээс допинг илэрсэн, эрх бүхий хүмүүс нь өөрсдийн таалалд нийцүүлэн илэрсэн зарим хүнийг нуун дарагдуулаад өнгөрлөө гэх яриа байнга гардаг. Энэ бол боломжгүй зүйл. Яагаад гэвэл тамирчны цус, шээсний дээжийг допингийн хяналтын зорилгоор ашиглах эрх бүхий, магадлан итгэмжлэгдсэн, Дэлхийн допингийн эсрэг агентлагт бүртгэлтэй лаборатори дэлхийд 32 бий. Манай улсыг тойроод Орос, Хятад, Казахстан, Солонгост байдаг. Бидний харьцаад байгаа БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн допингийн хяналтын лаборатори бол тэр 32-ын нэг нь. Уг лаборатори үйл ажиллагаа явуулахдаа олон улсын лабораторийн стандартыг мөрдөж ажилладаг. Хэрэв тухайн лаборатори дүрэм журмаа зөрчсөн бол эрхээ хураалгах хүртэл арга хэмжээ авахуулна.
Үүнээс гадна лаборатори допингийн хяналтын дээжийг шинжлээд хариуг гурван хувь үйлддэг. Эхний хувийг захиалагч байгууллагад илгээнэ.

• Цол хурааж, шийтгэл оноох процесс одоо биш, бүх юм тодорхой болсны дараа явагдах ёстой. 

• Шинжилгээ өгөхдөө дээжийн саваа сонгох, дотор нь шээсээ юүлэх, битүүмжилж таглах, допингийн хяналтын хуудасны мэдээллийг тулгаж нягтлах бүх процессийг тамирчин өөрөө хийж гүйцэтгэдэг. 

• Энэ бүх замбараагүй байдлыг засах ганц арга нь хуульд өөрчлөлт оруулах.

Манай тохиолдолд МҮОХ-нд өгөх учиртай хоёр дахь хувийг тухайн спортын олон улсын холбоо руу явуулна. Манай үндэсний бөхөд олон улсын холбоо гэж байхгүй болохоор ихэвчлэн Дэлхийн бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо руу явуулдаг. Харин гурав дахь хувийг Дэлхийн допингийн эсрэг агентлаг руу илгээнэ. Өөрөөр хэлбэл, манайд ирж байгаа шинжилгээний хариу олон улсын хоёр байгууллагын хяналтад байна гэсэн үг. Тиймээс энэ хариуг манай талаас засварлах ямар ч боломжгүй.

Тамирчид шинжилгээ өгөх явцдаа бөглөдөг допингийн хяналтын хуудас дөрвөн хувь үйлдэгддэг. Нэг хувь нь шинжилгээ авсан байгууллагад, хоёр дахь хувь нь лаборатори руу явна. Гурав дахь хувь нь тухайн тамирчны харъяалагдаж байгаа холбоонд очно. Дөрөв дэх нь тамирчинд үлдэх ёстой. Тухайн дээжийн дугаар болон тамирчны гарын үсэгтэй хуудас нь лабораторид очдог. Харин лаборатори хариуг ирүүлэхдээ ийм дугаартай сорьцноос допинг илэрлээ гэж мэдэгддэг.

-Олон улсын лабораторийн үйл ажиллагаанд бид эргэлзэхгүй байна. Харин Э.Оюунболд аваргын ярьсанчлан тухайн дээжийг лабораторид очихоос нь өмнө солих боломж бий юу?

-Долдугаар сарын 12-ны орой төв цэнгэлдэх хүрээлэнд дээж авчихаад явуулах хүртлээ хоёр, гурван хоног хадгалж байгаа. Тэр хооронд дээжийг сольж явуулсан байж магадгүй гэх хардлага бий. Гэхдээ ийм боломж байхгүй.

Аваргын мэдэгдлээс үзвэл хэн нэг нь хорлох зорилгоор сольсон байна гэсэн. Шинжилгээ өгөхдөө дээжийн саваа сонгох, дотор нь шээсээ юүлэх, битүүмжилж таглах, допингийн хяналтын хуудасны мэдээллийг тулгаж нягтлах бүх процессийг тамирчин хүн өөрөө хийж гүйцэтгэдэг. Тухайн дээжийг юүлсэн сав таглагдаад битүүмжлэгдсэн бол лабораторид очиж байж тусгай машинаар онгойлгохоос өөр аргагүй. Мөн тухайн тамирчны сонгож аваад дээжээ юүлж лацадсан саван дээрх дугаар дахин давтагдашгүй буюу цорын ганц байдаг. Хэрэв хэн нэгэн дээжийг явуулахаас өмнө сольсон байлаа гэж бодоход яг тийм дугаартай саванд хийх боломжгүй. Хэрэв өөр саванд хийгээд явуулбал тухайн савны дугаараар л хариу ирэх ёстой.

Түүнчлэн допингийн хяналтын хуудасны нэг хувийг тэр савтай нь цуг лаборатори руу заавал дагалдуулан явуулдаг. Хэрэв хэн нэгэн сольсон бол тэр хуудсан дээр байгаа Э.Оюунболд аваргын гарын үсгийг хэрхэн яаж дуурайлгаж зурсан байх вэ гэдэг асуудал босож ирнэ. Хэрэв гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байна гэж сэжиглэж байвал лабораторид явуулсан дээжийн хяналтын хуудасны гарын үсэгтэй тулгаж харах ёстой.

-Ямар ч байсан хүмүүсийн дунд эргэлзээ үүсчихлээ. Энэ эргэлзээг тайлах хамгийн зөв арга нь юу вэ. Э.Оюунболд аваргын ДНК-ийн шинжилгээг Б сорьцын хариутай тулгаж үзэх асуудал яригдаж байсан. Энэ зөв гарц мөн үү?

-Эргэлзээ тайлах хамгийн зөв бөгөөд хямдхан арга нь түрүүн миний хэлсэнчлэн допингийн хяналтын хуудасны лабораторид байгаа хувийг Э.Оюунболд аваргад байгаа хувьтай тулгаж, шинжилгээний дугаар болон гарын үсгийг нягтлах. Хэрэв үнэхээр шинжилгээний дээжийг солиод явуулчихсан бол лаборатори хэзээ ч долдугаар сарын 12-ны орой Э.Оюунболдын өгсөн саван дээрх дугаараар хариу ирүүлэхгүй. Яагаад гэвэл сав болгоны дугаар дахин давтагддаггүй. Харин ДНК-ийн шинжилгээ бол мөнгө зарсан илүү ажил юм даа.

-Дэлхийн допингийн түүхэнд шинжилгээний дээж солигдсон тохиолдол байдаг уу?

-Би лав сонсоогүй юм байна. Бүх зүйл стандартын дагуу явж байгаа учраас солигдох ёсгүй л дээ. Ер нь допингийн хяналтын баг гэдэг хэн нэгнээс хамааралгүй, бие даасан үйл ажиллагаа явуулдаг юм.

-Гэхдээ манайд тийм биш байна гэж шүүмжилдэг шүү дээ?

-Харамсалтай нь тийм. Өнөөдөр Монголд спортын эмчээр ажиллаж байгаа хүмүүс допингийн хяналтын багт ороод байна. Энэ бол туйлын буруу. ирээдүйд зайлшгүй засах ёстой асуудал. Спортын эмч гэдэг анагаах ухааны сүүлийн үеийн эм, витамин хэрэглүүлж, тухайн тамирчныг амжилт гаргахад шинжлэх ухаан талаас тус дэм болох үүрэгтэй хүн. Гэтэл допингийн хяналтын баг тухайн тамирчин хуульд харш бодис хэрэглэсэн үү гэдгийг илрүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, эсрэг тэсрэг чиглэлтэй хүмүүс. Та нар бодоод үз дээ. Спортын эмч хүн тухайн тамирчныг амжилт гаргуулахын тулд янз бүрийн эм тариа хийчихээд дараа нь өөрөө шалгана гэдэг яаж ч бодсон буруу. Угаас допингийн эсрэг багийг хэрхэн бүрдүүлэх олон улсын дүрэм журам байдаг. Гэвч манайх мөрддөггүй.

-Допинг хэрэглэсэн бөхчүүдэд оноох шийтгэл үеийн үед маргаан дагуулсаар байдаг. Заримынх нь цолыг хураадаг бол зарим бөхийн барилдах эрхийг хасаад өнгөрөх жишээтэй. Үүнийг цэгцлэх ганц арга нь хуульд өөрчлөлт оруулах уу?

-Энэ асуултад хариулахаас өмнө дэлхий яадаг вэ гэдгийг ярих нь зүйтэй байх. Олимпын наадам болон бусад тэмцээн дээр асуудалд орсон хүнд автоматаар оноох шийтгэл гэж байдаг. Үүний дагуу тамирчны тухайн тэмцээнд үзүүлсэн амжилтыг хүчингүй болгож, статистикаас хасаж, медаль, шагналыг нь хураана. Үүнээс гадна цаг хугацааны шийтгэл онооно. Харин хугацааны хувьд тухайн кэйсээс шалтгаалаад янз бүр байж болно. Гэтэл манайх үндэсний их баяр наадмын тухай хуульдаа миний сая ярьсан хоёр шийтгэлийн дунд “эсвэл” гэдэг үг тавиад сонголттой болгоод орхичихсон. Допинг илэрсэн бөхийн цолыг хураана, эсвэл барилдах эрхийг хасна гэсэн салаа утгатай заалтаас болоод маргаан үүсээд байгаа юм. Уг нь энэ хоёр шийтгэл хамт байх ёстой. Цолыг нь хураагаад барилдах эрхийг тодорхой хугацаагаар хасна гэсэн үг.

Цол хураах шийтгэл онооё гэхэд бас түвэгтэй асуудал үүснэ. Улсын баяр наадмаар хүртсэн цолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог. Төрийн тэргүүн долдугаар сарын 12-нд зарлиг гаргаад цол олгочихлоо. Гэтэл баяр наадмыг зохион байгуулах комисс Ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгож, цолыг нь хураах уу гэдэг асуудал үүснэ.

ДНК-ийн шинжилгээ хийнэ гэдэг мөнгө зарсан илүү ажил

Энэ бүх замбараагүй байдлыг засах ганц арга нь хуульд өөрчлөлт оруулах. үүний хүрээнд дэлхийн допингийн эсрэг дүрмэн дээр үндэслэсэн үндэсний допингийн эсрэг дүрэмтэй болох ёстой. Гэхдээ зөвхөн баяр наадамд зориулж биш, бусад спортын төрлийг хамарсан байх ёстой юм.

Энэ баяр наадмын өмнө бас л допингтой холбоотой хэрүүл гарлаа. Б.Пүрэвсайхан тэргүүтэй бөхчүүд шүүхийн шийдвэр гарсан болохоор барилдана гэцгээгээд, бусад бөхчүүд нь допингтой бөхийг барилдуулбал бид барилдахгүй гээд бөөн юм боллоо. Гэтэл одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль зөвхөн улсын баяр наадмын үеэр хүчинтэй. Бусад үед хэн, яаж зохицуулах нь тодорхойгүй.

Уг нь манай улс допингийн эсрэг тэмцэх Копенгагений тунхаглал болон ЮНЕСКО-гийн конвенцид нэгдэн орсон улс. Өөрөөр хэлбэл, манай төр засаг эх орондоо допингийн эсрэг үйл ажиллагааг дэмжих үүрэг хүлээсэн. Тиймээс одоо зөв дүрэм хэрэгжүүлэх ёстой. 

-Таны яриад байгаа хууль, дүрмийг хэн хариуцаж батлуулах ёстой юм бэ?

-Спортын салбар хариуцсан төрийн байгууллага буюу БСШУСЯ хариуцаж батлуулах ёстой. Допингийн эсрэг үндэсний төв бол Дэлхийн допингийн эсрэг агентлагийн Монгол дахь салбар нь. Жирийн нэг төрийн бус байгууллага болохоор баталсан дүрэм, журмыг нь улсын хэмжээнд мөрдүүлнэ гэдэг боломжгүй л дээ.

Ер нь олны дунд допингийн шинжилгээ хэрэгтэй эсэх, авах шаардлага байна уу гэх мэт яриа байдаг. Үүнийг шийдэхийн тулд үндэсний бөх маань спорт уу, зүгээр л нэг баяр цэнгэл үү гэдгийг тодорхойлох ёстой. Хэрэв спорт юм бол шударга байх ёстой, тамирчны эрүүл мэндийг хамгаалах ёстой гэдэг үүднээс допингийн шинжилгээ зайлшгүй байна. Үндэсний бөх бол зүгээр л үндэсний соёл, наадам цэнгэл гэх нь бас бий. Спорт биш гэж үзвэл бөхчүүдэд спортын гавьяат тамирчин цол өгч байгаа нь зөв үү гэдэг асуудал үүснэ. Энэ мэтээр яриад байвал их зүйл байна.

-Х.Баянмөнх аваргын холбоо Э.Оюунболд аваргад хариуцлага тооцох шаардлага гээчийг гаргасан байна лээ. Допинг хэрэглэсэн нь албан ёсоор тодорхой болоогүй байхад ийм мэдэгдэл хийх нь хэр зохимжтой бол?

-Монголд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар шинжилгээний хариуг албан ёсоор зарлах, хариуцлага тооцох эрх бүхий субьект нь баяр наадмыг зохион байгуулах комисс л доо. Монголын үндэсний бөхийн холбоо биш. Тиймээс ийм алхам хийсэн нь бас л хууль зөрчсөн үйлдэл. Хамгийн сүүлийн том жишээ гэвэл лондоны олимпын чөлөөт бөхийн тэмцээний 120 кг-д алт, мөнгөн медаль хүртсэн бөхчүүдээс допинг илэрч, медалиа хураалгалаа. Хүрэл медаль хүртсэн хоёр бөхөд алт, мөнгөн медаль ирж, долдугаар байр эзэлсэн манай тамирчин Ж.Чулуунбат тавд орсон. Цол хурааж, шийтгэл оноох энэ процесс одоо биш, бүх юм тодорхой болсны дараа явагдах ёстой юм. Албан ёсоор зарлаагүй байхад нэг холбоо нь шууд дайрч давшилна гэдэг яаж ч бодсон буруу л даа.

-Ярилцсанд баярлалаа.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Аварга цолны мялаалга наадам болох уу

Отгон аварга Э.Оюунболд энэ ням гарагт хийхээр төлөвлөөд байсан цолны мялаалга найраа хойшлуулжээ.

 0 сэтгэгдэл


Ирэх ням гарагт Э.Оюунболд аваргын цолны мялаалга наадам Хэнтий аймгийн Чингис хотноо зохион байгуулагдах ёстой байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ. Нутгийн удирдлагууд шинэ аваргадаа зориулах наадамдаа урлаг соёлын алдартнуудыг урьж, үндэсний бөхөөр хичээллэдэг 300 хүүхдийн жагсаал бэлтгээд, өв уламжлалаа илтгэсэн үзүүлбэр бүхий сүрлэг нээлт, хаалтыг төлөвлөж байлаа. Түүнчлэн хурдан морины уралдаанд эрлийз морь уралдуулахгүй, соёолон насыг хамгийн эхэнд мордуулна гэх мэт олон шийдвэр гарган нутаг усаараа “доргиж, догдолж” байв. Харамсалтай нь Үндэсний бөхийн холбооноос залуу аваргын цолыг хурааж, түүнд унасан бөхчүүдийн давааг ахиулах шаардлага тавьсан нь допинг хэрэглэсэн нь гарцаагүй мэт ойлголт төрүүлчихлээ. Уг нь мэргэжлийн байгууллагаас В сорьцын шинжилгээний хариу гарсны дараа нэрийг зарлана гэсэн. Ор сураггүй гэх Э.Оюунболд аварга өөрийн зардлаар БНСУ-д допингийн шинжилгээ өгөхөөр явсан гэдэг яриа ч байна. Ямартай ч энэ асуудлыг эцэслэтэл цолны мялаалга наадмыг хойшлуулжээ.

Үндэсний бөхийн холбооноос залуу аваргын цолыг хурааж, түүнд унасан бөхчүүдийн давааг ахиулах шаардлага тавьсан нь допинг хэрэглэсэн нь гарцаагүй мэт ойлголт төрүүлчихлээ.