A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1249/

Цагдаагийн бичиггүйгээр даатгалаа эдлэх боломж бүрдүүлнэ

​Ирэх сарын 1-нээс даатгалын компаниуд цагдаагийн бичиг нэхэх эрхгүй болно​

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1249/


Чингэлтэй дүүргийн иргэн Т.Ганболд 15 жил жолоо барьж буй нэгэн. Тэрээр замын хөдөлгөөний дүрэм зөрчин эгнээ байр сольж яваад машин шүргэчихжээ. Сүйдтэй осол биш ч хоёр машины хажуу тал нэлээд хонхойсон байна. Нөгөө машины эзэмшигч эмэгтэй цагдаа дуудахаар утсаа оролдох зуур Т.Ганболд зохицох санал тавьж гуйж гувшиж эхлэв. Хэрэв цагдаа ирвэл 100 мянгаар торгуулиад зогсохгүй эрхийн онооны талыг нь хасах учир царайчилж буй нь тэр. Түүнд жолоочийн албан журмын даатгалын компанитай байгуулсан бичгийн цаасны хэмжээтэй гэрээ бий боловч ялгаагүй цагдаад мэдэгдэх хэрэг гарах тул хохирогч талаа “панаалдахаас” өөр аргагүй байдалд оржээ. Уг нь даатгалаа дуудаад хохирогчийн төлбөрийг гаргуулахаар тохиролцоод салчих газар шүү дээ. Гэвч замын цагдаад торгуулж, оноо хасуулахгүйн тулд машиныг нь мөргөсөн жолоочдоо 150 мянган төгрөг өгчээ.


Яг Т.Ганболдын адил хуулийн цоорхой, овжин компаниудын золиос болж яваа мянга мянган жолооч бий. Монгол улсын хэмжээнд 650 мянга гаруй жолооч албан журмын даатгал хийлгэжээ. Үүний цаана хоёр сая шахам жолооч давхар албан журмын даатгал хийлгэсэн гэсэн тоон баримт байдаг. Өрх бүр автомашинтай болсон өнөө үед жолоочийн албан журмын даатгал, жолооны эрхтэй холбоотой сэдэв бүгдийн анхаарлын төвд байгаа нь ойлгомжтой. Сүүлийн үед даатгалын компани осол гаргасан жолоочоос цагдаагийн тодорхойлолт шаарддаг байдал буурах нь байтугай улам нэмэгдсэн хэмээн иргэд гомдоллодог. осол гаргасан жолоочийг Зөрчлийн тухай хуулиар 100 мянган төгрөгөөр торгож, эрхийн 10 онооны тавыг нь хасаж шийтгэдэг болсноос улбаатай энэ гажуудал жолооч нарыг хохироож, даатгалын компанийн ашиг орлогыг зузааруулсаар байгаа юм. Осол гаргасан жолооч цагдаа дуудаж, зөрчлийн хуудас гардаад зогсохгүй таван оноогоо хасуулсны оронд хувиасаа мөнгө гаргаж эрсдлээ үүрэх хэлбэрийг сонгохоос аргагүй байдалд орсоор байгаа.

Осол гаргасан бол цагдаа дуудалгүй даатгалаар хохирлоо шийдүүлэх боломжтой

Уг нь энэ асуудлыг шийдвэрлэхээр өнгөрсөн дөрөвдүгээр сард ХЗДХЯ, Санхүүгийн зохицуулах хороо, ЗЦА хамтран даатгалын компаниудтай тохироо хийсэн. Хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, ослын буруутныг тодорхойлох маргаан үүсээгүй тохиолдолд заавал цагдаагийн хяналт, тодорхойлолт шаардахгүйгээр даатгал олгоод явах тохиролцоонд хүрсэн юм. Гэтэл энэ тохироо хяналт тавих эзэнгүйгээс өнөөг хүртэл ажил хэрэг болж чадаагүй л байна. Улсын хэмжээнд даатгалын үйлчилгээ үзүүлэгч 15 компани жолоочид учирсан санхүүгийн асуудлыг шийдвэрлэхээр сүүлийн хоёр жилд зөвхөн хувь хүнээс 35.2 тэрбум төгрөгийн хураамж авчээ. Харин нөхөн төлбөрт сүүлийн хоёр жилд 17.4 тэрбум төгрөг олгосон байна. Тухайлбал, 2016 онд даатгалын компаниуд жолоочийн хариуцлагын албан журмын даатгалаар 26.6 тэрбум төгрөгийн хураамжийн орлого олж, 53.4 хувийг нь нөхөн төлбөрт буцаан олгосон байна. Харин 2017 онд 29 тэрбум төгрөгийг жолооч нараас авч, 51.3 хувийг буцаан олгоод байгаа юм. Зөвхөн суудлын автомашины “B” ангиллын тээврийн хэрэгсэлд 514.9 мянган гэрээ байгуулж, 22.4 тэрбум төгрөгийн хураамжийн орлого олжээ.

Гэтэл 2017 онд Замын цагдаагийн газарт ослын 36591 дуудлага ирсэн байна. Харин даатгалын үйлчилгээ аваагүй даатгуулагч 7809 бүртгэгджээ. Олон жолооч Зөрчлийн тухай хууль, даатгалын компанийн хүнд суртлаас жийрхэж бэлэн мөнгөөрөө шатсаныг энэ тоо илтгэж байна. Жолоочийн эрх ашгийг хамгаалж, санхүүгийн эрсдэлийг нь шийдвэрлэх ёстой эдгээр компаниуд зургаан жилийн хугацаанд ядаж орон нутаг дахь үйлчилгээгээ сайжруулах нэг ч алхам хийсэнгүй. Ашгийн төлөө ийн улайрахдаа даатгуулагчаа дарамталсан хэвээр байгаа нь харамсалтай. Ямар сайндаа тохиролцоо хийгээд бүтэхгүй болохоор Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэмд тусгаж байхав дээ. Ирэх сарын 1-нээс хэрэгжих тус шинэчилсэн дүрмийн 3.6-д жолооч зам тээврийн осол гаргасан бол заавал цагдаа дуудахгүйгээр даатгалаар хохирлоо шийдүүлэх боломжтой гэж заасан тухай Тээврийн цагдаагийн албаны мэргэжилтэн М.Мөнхгэрэл хэлж байна. Аман тохироо бус цаасан дээр албан ёсоор бууж байгаа хойно жолооч нарыг элэг барьдаг байдал тодорхой хэмжээгээр буурах байх. Гэхдээ асуудлыг нэг талд нь шийдэх оновчтой хувилбар энэ биш. Зөрчлийн хуулийн торгодог, шийтгэдэг заалт байгаа цагт даатгалын компаниуд хуулийн тэр заалтаар далимдуулахаа өөрийн сайн дураар зогсооно гэж тооцох нь бас л эндүүрэл. Мөнгө олох нөхцөл нь бэлээхэн байхад боломжийг алдах бизнес гэж байхгүй.

Тиймээс үүнийг хуулийн хүрээнд шийдвэрлэж, хариуцлагыг тодорхойлж байж нэг талдаа гарах учиртай. Гэтэл иргэдийг нь улайм цайм доромжлоод, хэлэлцэж тохирсноосоо буцаж, илэрхий ашгийн төлөө улайрч байгаа даатгалын компаниудтай хариуцлага тооцох механизм одоогоор алга. Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг дэлхийн 165 оронд хэрэглэж байгаа. Манайх ч олон улсын стандартад нийцсэн үйлчилгээ нэвтрүүлэхийн тулд энэ хуулийг баталсан. Харамсалтай нь хариуцлагын тогтолцоог тодорхой зааж өгөөгүйн дээр хувийн компаниар даатгалын үйлчилгээг хийлгэх болсон нь жолооч нарыг бухимдуулах нөхцөл бий болгосон гэж албаны хүн хэлж байна. Манайхаас бусад ихэнх оронд төрийн бус байгууллага энэ төрлийн даатгалын үйлчилгээг үзүүлэх зохицуулалттай байдаг. Тухайлбал, ОХУ, Япон, БНСУ, ХБНГУ гээд олон орон ашгийн бус байгууллагад төрийн үүргийг шилжүүлжээ. Ашиг орлогын төлөө хөөцөлдөхгүй учраас жолооч нарын эрх ашгийн төлөө гэсэн зорилго тэнд хэрэгждэг гэсэн үг. Манайд уг нь “Жолооч нарын эрх ашгийг хамгаалах нийгэмлэг” гэдэг нэртэй зарим нэг төсөл хэрэгжүүлдэг байгууллага байдаг юм билээ. Тэд ил гараад чангахан шиг дуугарвал нэг сая гаруй жолооч хоолой нэмэн түрэхэд энэ байтугай бэрхшээлийг арилгах боломж бэлэн л санж. Даанч үүрэг зорилгоосоо хазайсан дорой нийгэмлэг жолооч нарын эрхийг хамгаалж чадахгүй, даатгалын компаниудын өмнө бөхөлзсөөр байна.

ЗГМ: ТОДРУУЛГА

Д.Цэвээнжав: Даатгалын компаниуд жолооч нарыг хохироосоор байвал эрхийг нь цуцлах санал хүргүүлнэ

Даатгалын компаниуд жолооч нарыг хохироодог байдлыг таслан зогсоох чиглэлээр ямар ажил хийж байгаа талаар Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал Д.Цэвээнжаваас тодрууллаа.

-Даатгалын компаниуд ХЗДХЯ, СЗХ, ЗЦА-тай тохиролцсон ч осол гаргасан жолоочоос цагдаагийн бичиг шаардаж, улмаар нөхөн төлбөр төлөхгүй байхыг эрмэлзсээр байна. Ийм байдлыг бий болгоод байгаа тэдэнтэй ямар хариуцлага тооцох ёстой вэ?

-Санхүүгийн зохицуулах хороон дээр холбогдох байгууллагуудыг оролцуулсан уулзалтыг хоёр ч удаа хийсэн. Тэнд тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож явсан, хүний амь нас, эрүүл мэнд хохирсон ослын буруутныг тодорхойлох маргаан үүссэнээс бусад тохиолдолд даатгалын шуурхай албаар асуудлыг шийдвэрлэхээр тохиролцож, СЗХ-ноос албан бичиг гаргасан. Үүний дагуу даатгалын компани, замын цагдаагийн байгууллагад үүрэг, чиглэл өгсөн. Гэтэл Зөрчлийн тухай хуулийн тодорхой заалттай холбогдуулж даатгалын зарим компани сөрөг байдлаар хандаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, өөрт хамаарахгүй үүргийн хүрээнд хууль хэрэгжүүлэгчийн байдлаар хандах гэж оролдсон. Манай холбооноос хууль, журмын дагуу ослын талаар нэгдсэн мэдээлэл Замын цагдаагийн албанд өгдөг. Хариуцлага тооцох эсэх нь энэ байгууллагын үүрэг юм. Үүнийг даатгалын компаниуд ойлгохгүй байна. Энэ нь даатгагч бол даатгуулагчийнхаа эрх ашгийг хамгаалах ёстой зарчмын эсрэг үйлдэл болчихоод байгаа юм. Энэ тал дээр манай холбоо даатгалын компаниудыг буруушааж СЗХ-д хандсан. даатгалын компаниуд үүргээ гүйцэтгэхгүй зөвхөн орлого төвлөрүүлэхийн төлөө, ашиг олохын тулд даатгуулагчаа дарамталж ажиллаж байгаа нөхцөлд зөвшөөрлийг нь цуцлах, түдгэлзүүлэх асуудлыг тавьж болно. Одоогоор эрхийг нь түдгэлзүүлсэн компани байхгүй ч удахгүй энэ асуудал СЗХ дээр шийдэгдэнэ гэж бодож байна.

-Ирэх сарын 1-нээс хэрэгжих Замын хөдөлгөөний шинэчилсэн дүрэмд даатгалын компанийн энэ үйлдлийг хязгаарлахаар оруулсан заалт хэр нөлөө үзүүлэх бол?

-Шинэ дүрэмд заавал цагдаа дуудахгүйгээр ослын нөхөн төлбөрийг шийдэх заалт орсон нь тодорхой хэмжээгээр гажуудлыг арилгахад түлхэц болох байх. Гэхдээ даатгалын компаниуд үүнийг баттай хэрэгжүүлнэ гэж үзэхгүй байна.

-Даатгалын компаниуд дундаа нэг дуудлагын шуурхай алба ажиллуулдгаас жолооч нарт хүндрэл учруулдаг, замын түгжрэл үүсгэдэг гэсэн гомдол тасрахгүй байна. Үүнийг өөрчилж болдоггүй юм уу?

-Даатгалын компаниуд тодорхой таван болзол хангаж, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авдаг. Түүний нэг нь зам тээврийн ослын үед хурдан шуурхай очих албатай байх ёстой. Гэтэл одоо шуурхай албаа өөр нэг компанид ацаглаж өгчихөөд өөрсдөө чөлөөлөгдсөн байдалтай байгаа. Тухайлбал, нийслэлд AUTO SOS гэж компани 10 гаруй даатгалын компанийн шуурхай албаны үйлчилгээг хариуцан ажиллаж байна. Гэтэл тэр компани нийслэлд гарсан ослын 60 орчим хувьд л хүрч үйлчилдэг тухай яригдсан. Орон нутагт шуурхай албаны үйлчилгээ үзүүлэх байтугай үнэлгээ хийдэг компани ч алга. Хууль журам ингэж гууль болж байхад ямар хүмүүс нь тэдгээр компанийн зөв гэж хайр халамжиндаа байлгадаг юм бол доо.

-Осол гаргасан жолооч нарын нөхөн төлбөрийг саадгүй олгохоос гадна осол огт гаргаагүй жолооч нарт урамшуулал бий болгох санал бий юу?

-Өнгөрсөн онд даатгалын компаниас 15 тэрбум төгрөгийг 28752 ослын тохиолдолд олгосон. Өөрөөр хэлбэл нийт жолооч нарын дөнгөж таван хувь нь нөхөн төлбөр авсан байна. Тэгэхээр үлдсэн 95 хувь нь даатгалаас ямар нэгэн үйлчилгээ, хөнгөлөлт аваагүй гэсэн үг. Осол гаргаагүй, даатгалаас мөнгө аваагүй дийлэнх олонх хэсэгт ямар нэгэн урамшууллын хэлбэр одоогоор алга. Албан журмын даатгалыг хуулийн хүчинд дулдуйдаж хамруулсан бол эргэж харах хөнгөлөлт үйлчилгээ бий болгож болно шүү дээ. Монголд хэрэгжиж байгаа албан журмын бусад даатгал ийм л байгаа. Тиймээс тухайн жолоочийн тээврийн хэрэгслийн үзлэг, оношилгооны төлбөрөөс чөлөөлөх, зарим засварын зардалд хөнгөлөлт үзүүлэх зэрэг саналыг холбогдох хуульд тусгуулахаар санал оруулна. Олон улсад техникийн үзлэг оношилгоо, засвар үйлчилгээг даатгалтай уялдуулж зохицуулсан жишиг бий.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ц.Батнасан: Төгсөөгөө үнэхээр том тулаанч болсныг харлаа

Улсынхаа ачийг хариулж амжаагүй тамирчдыг мэргэжилд орохыг зөвшөөрөхгүй

 0 сэтгэгдэл


Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасантай уулзаж ярилцлаа. Тэрбээр ярилцлагадаа саяхан болоод өнгөрсөн Н.Төгсцогтын тулаан, түүний цаашдын ирээдүй, Токиогийн олимпод оролцох Монголын боксчдын зорилгын талаар дэлгэрэнгүй хүүрнэсэн юм.

-Н.Төгсцогтын тулааныг Монголоос нэлээд олон хүн очиж үзсэний нэг нь та. Тулааны өдөр ордонд хэчнээн монгол байв, уур амьсгал ямархуу байсан бол?

-Монголчууд зохион байгуулалт сайтай байна лээ. Ганхуяг гэж залуу зохион байгуулалтыг удирдаж, монголчуудыгаа нэг дор суулгасан. Хүмүүсийн яриагаар бол Монголын 400-гаад хүн тоглолтыг газар дээрээс нь үзсэн. Хэдийгээр бид нэгдсэн зохион байгуулалттайгаар тоглолт үзсэн ч анхаармаар юм бас харагдаж байна лээ. Төгсөөгийн дараа Польшийн тамирчин тоглоход польшууд бүгд улсынхаа далбааг барьж, далбааныхаа өнгөтэй футболкоор жигдэрсэн байсан. Польшийн хөгжөөн дэмжигчид тэр олон хүн дундаас ялгарч чадсан. Бид ч бас тэднээс үлгэр дуурайл авмаар санагдсан.

-Тулааныг ордон дотор үзээд суухад ямар мэдрэмж төрж байв?

-Өөрөө рингэнд гарчихсан юм шиг бие арзайгаад, хүйтэн хөлс чихраад эвгүй л юм билээ. Би тамирчин байх үедээ олон чухал тулаанд оролцож байсан. Тэр ч утгаараа төгсөөд ямар их дарамт ирж байгааг мэдэрсэн. Мэдээж өрсөлдөгчөөсөө айна гэж байхгүй. Гэхдээ ялагдлын айдас гэж юм бий. Энэ нь тамирчин хүнд нэг талаар дарамт болдог. Манайхан бөөндөө цуглачихаад, Төгсцогт баталгаатай ялна гэж хүлээж байдаг. Гэтэл өрсөлдөгч нь амар амьтан биш шүү дээ. Өмнө нь дэлхийн аварга болоод үзчихсэн, туршлагатай, солгой өрөлттэй, ер нь төгсөөд эвгүй өрсөлдөгч байхгүй юу. Тиймээс жаахан санаа зовж байлаа. 12 раунд тоглоход сэтгэл зүйгээ бэлдэнэ гэдэг маш чухал. Манай хүн өмнө нь дээд тал нь 10 раунд л тоглож үзсэн. Тэгээд ихэнхийг нь хугацаанаас өмнө дутуу гаргасан. Тэр ч утгаараа төгсцогтод томхон сорилт болсон л доо. Гэхдээ манай хүн хэнэггүй талдаа болохоор харьцангуй бага стрессдсэн байх. Би тоглолтын өмнө бол төгсөөтэй уулзаагүй. Угаас их дарамттай байхад нь очиж нэрмээс болоод яахав гэж бодсон юм. Харин Э.Бадар-Ууган 10-аад минут уулзсан. Хоол орохгүй, нойр хүрэхгүй байна гэсэн байна лээ. Энэ бол сэтгэл зүйтэй холбоотой л доо. Гэсэн ч манай хүн бүгдийг даваад гарлаа. Бүтэн 12 раунд тулалдах чадвартай юм байна гэдгээ харуулсан нь их чухал. Үеийн дундуур дасгалжуулагч нар нь “Чи үе бүрт ялж байгаа учраас 12 раунд тоглоод үз. Энэ ачааллыг чиний бие яаж хүлээж авахыг үзмээр байна” гэсэн юм билээ. Нэг ёсондоо хугацаанаасаа өмнө дутуу гаргах гэж хичээх хэрэггүй гэсэн үг. Тиймээс манай хүн боломж байсан ч улайрч дайралгүй тогтож тоглосон байх.

-Энэ удаа Н.Төгсцогт өөрийнхөө тоглолтыг 100 хувь гаргаж чадаагүй юм шиг санагдсан. Та ямар бодолтой байна вэ?

-Жаахан зууранги байна лээ. Жингээ илүү их тавиад, биеэ сайн халаах хэрэгтэй байсан болов уу гэж бодсон. Хоол идэж чадахгүй, нойр хүрэхгүй бол тоглолтоо бүрэн гаргахад хэцүү л дээ. Гэхдээ энэ бол дамжлага байхгүй юу. Ийм юм үзэж, туулж байж л амжилт гаргана. Дандаа супер тулаан хийж, нам цохиж унагаад байх боломжгүй. Нэг ёсондоо дэлхийн хэмжээний аварга болж, өөрийгөө батлан харуулахын тулд суралцах ёстой юмандаа суралцаад л явж байна.

-Тулааны дараа өөртэй нь уулзав уу. Юу ярьж байх юм?

-Шөнө нь хальт уулзаад салсан. Том хамгаалалтад орсон, том тамирчин болжээ гэдэг нь харагдсан. Промоутерийн баг нь хүмүүстэй дураар нь уулзуулдаггүй юм байна. Миний хувьд учиргүй захиж хэлээд байх юм юу байхав. “Үзье гэсэн юмаа үзлээ” гэж байна лээ.

-Дараагийн өрсөлдөгч нь албан ёсоор тодорчихлоо. WBA холбооны аварга гэри расселтай хийх тулаан нь ямархуу болно гэж бодож байна вэ?

-Өмнөхөөс чангарна уу гэхээс сулрахгүй нь ойлгомжтой. Мэргэжлийн бокст ганц л ялагдсан нөхөр байна лээ. Төгсөөгийн хувьд туршлага дутна гэж юу байхав. 10 жилийн өмнө дэлхийн аваргаас медаль авч байсан гэхээр яаж ч бодсон туршлага дутахгүй. Ер нь төгсөө аль ч талаараа илүүрхэх боломжтой. Хамгийн гол нь яг тэр өдөр өөрийгөө тулаанд бэлэн байлгах нь чухал. Биеэ бэлдэх, жингээ зөв тавих, сайн амрах, тактикаа зөв боловсруулах гээд жижиг юм шиг хэрнээ тулаанд нөлөөлөх олон хүчин зүйл бий.

-Та цагтаа мэргэжлийн бокст хүч үзэж явсан хүн. Ер нь Монголын боксын холбоо өөрийн тамирчнаа мэргэжилд оруулах тал дээр ямар бодлого баримталж байна вэ?

-Бидний хувьд ид тоглож байгаа тамирчдаа мэргэжлийн бокст өгье гэж боддоггүй. Н.Төгсцогтын тухайд Монгол Улсын төлөө хийх ёстой юмаа хийж, олимп, дэлхийгээс мөнгөн медаль авсан хүн шүү дээ. Нэг байтугай нэлээд хэдэн хүний гаргаж чадахааргүй амжилтыг ганцаараа гаргачихаад хувийн карьераа хөөгөөд явсан болохоор ямар ч асуудалгүй. Харин улсын хөрөнгөөр тэмцээн уралдаанд орж, цалин авч, зардлаа даалгуулсан хэрнээ улсынхаа төлөө хийх юмаа хийж амжаагүй бол бид мэргэжлийн бокс руу явуулахгүй. Жишээ нь, Э.Цэндбаатарыг Монгол Улс 10 шахам жил тэжээчихлээ. Энэ тамирчин одоо л улсынхаа нэрийг гаргаж эхэлж байна. Өнгөрсөн жил азийн наадамд түрүүллээ. Одоо Э.Цэндбаатар олимп, дэлхийгээс медаль авч, улсынхаа ачийг хариулах ёстой. Тэгээд дараа нь явж болно. Энэ нөхцөлд бол бид тусална. Би энэ талаар Цэндбаатартай өөртэй нь ч ярьсан. “Юу юугүй яараад мэргэжилд гарч, Н.Төгсцогт шиг болох юмсан гэж боддог байж магадгүй. Гэхдээ энэ хүн улсынхаа төлөө хийдгээ хийчихээд явсан юм. Тиймээс чи 2020 он хүртэл олимп, дэлхийгээс медаль авах ёстой. Үүний дараа мэргэжил рүү гарахад асуудалгүй” гэсэн. Бусад тамирчдын хувьд ч адилхан. Бид тухайн тамирчныг бэлдэхийн тулд ямар их хүч, хөрөнгө зарцуулж байгаа билээ. Нэг тамирчин гадаад руу тэмцээнд явахад 5-6 сая төгрөг зарцуулна. Тэгээд жилдээ хэд хэдэн тэмцээнд орно гэж тооцвол багагүй зардал гарч байгаа. Тиймээс тамирчид энэ бүгдийг бодолцох л ёстой.

Бокс олимпын хөтөлбөрт үлдэнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй

-Улсаас боксчдыг хэр дэмжиж байна вэ. Хуваарилж байгаа мөнгө нь хүрэлцэж байна уу?

-Боксын спортыг улс даяар хөгжүүлэх тухай яривал улсаас өгч байгаа мөнгө хаанаа ч хүрэлцэхгүй. Улс бол зөвхөн шигшээ багийг дэмжиж байгаа. Одоо боксын шигшээд таван дасгалжуулагч, 23 тамирчин байна. Энэ 28 хүнд бол улсаас өгч байгаа мөнгө хангалттай. Өмнө нь ямар байлаа. Шигшээ баг ч гэж байсангүй. Улсаас нэг ч төгрөг өгдөггүй үе саяхныг хүртэл байсан шүү дээ. Харин одоо улс чадлаараа харж үзэж байна. Бэлтгэл, тэмцээний мөнгө өгч, цалинжуулж байна. Амжилт гаргаад ирвэл шагнаж байна. Тиймээс амжилт гаргах эсэх нь тамирчдаас өөрсдөөс нь л шалтгаална.

-Боксын спорт олимпын наадмын хөтөлбөрөөс хасагдах вий гэсэн аюул бий. Ер нь нөхцөл байдал ямархуу байна вэ?

-Бокс олимпоос хасагдана гэж байхгүй ээ. Сүүлд AIBA-гийн ерөнхийлөгчөөр сонгогдсон Гафур Рахимовыг гэмт хэрэгтэн, ийм хүнтэй ОУОХ хамтрахгүй гэсэн үүднээс AIBA-д дарамт үзүүлээд байгаа. Гэхдээ нэг хүнээс болоод тэр олон тамирчны эрх ашгийг хохирооно гэж байхгүй. Бокс бол анхны олимпоос эхлээд хөтөлбөрт нь багтсан төрөл. AIBA-гийн ерөнхийлөгч ОУОХ-той учраа хэрхэн ололцох нь тусдаа асуудал. Харин бокс бол олимпод байдгаараа байна гэдэгт эргэлзэх хэрэггүй.

-Монголын боксчид сүүлийн гурван олимп дараалан медаль авсан. Токиод ч гэсэн амжилтаа үргэлжлүүлэхийг зорьж байгаа нь тодорхой. Айсуй олимпод хэдэн тамирчинтай орж, хэдэн медаль авахаар зорьж, төлөвлөж байна вэ?

-Бид одоохондоо жингийн асуудалд илүү анхаарч байна. Сая AIBA-гийн хурлаар эрэгтэй найм, эмэгтэй таван жинтэй болгочихлоо. Энэ өөрчлөлт манайд ашиггүй. Шинэ жингийн ангиллаар 60 кг байхгүй болж байна. Уг нь 60 кг гэдэг Монголын ганц супер жин шүү дээ. Манай боксчид үеийн үед энэ жинд медаль авсаар ирсэн. Одоо л гэхэд бид Э.Цэндбаатарыг энэ жинд бэлдэж байна. Жингийн өөрчлөлтийг ганц манайх ч биш, олон улс эсэргүүцэж байгаа. Шинэ жин батлагдсанаас хойш зохиогдсон бүх тэмцээн хуучин жингээрээ яваад байна. Энэ нь улс орнууд жингийн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн үг. Ирэх дөрөвдүгээр сарын 16-27 нд тайландад азийн аварга болно. Эндээс ДАШТ-ий эрх өгнө. Харин дэлхийн аваргаас олимпын эрх өгнө. Гэтэл азийн аварга хуучин жингээрээ болохоор тогтсон байна. Ер нь энэ азийн аваргаас эхлээд бүх зүйл холбоотой болно. Хэрэв 60 кг-д ДАШТ-ий эрх авч, дэлхийн аваргаас олимпын эрхээ авчихвал яах вэ. Олимпод оруулахгүй гэж болохгүй шүү дээ. Тиймээс олимп хуучин жингээрээ явагдах байх гэсэн хүлээлт бий. Ерөнхийдөө бид эрэгтэй 4-6 тамирчинтай олимпод орж, 1-2 медаль авахыг зорьж байгаа. Энэ дундаа алтан медаль авах  нь бидний гол зорилго. Эмэгтэй тамирчдын тухайд олимпод орж байгаагүй. Одоо бол манай эмэгтэй боксын шинэ үе гараад ирлээ. Энэ хэддээ маш их итгэл хүлээлгэж байгаа. Ямар ч байсан олимпын эрх авах, цаашлаад олимпоос анхны медалиа авах том зорилго тавьчихаад үзээд байна. Олимпын наадмын боксын тэмцээн сүмогийн “Рёогокү Кокүгикан” ордонд зохиогдох юм билээ. Энэ бол монгол хүнд ээлтэй, монголчуудын энерги шингэсэн газар шүү дээ. Бид Бээжингийн олимпод гэртээ байгаа мэт байсан бол токиод ч гэсэн ялгаагүй.

-Д.Отгондалай, У.Мөнх-Эрдэнэ гавьяатууд бэлтгэлээ хийж байгаа юу. Цаашид тэмцээнд орох уу?

-Бэлтгэлээ хийлгүй яахав. Нас бол зөвхөн тоо гэдгийг тэд харуулж байгаа. 30 хүрсэн хойноо өндөр амжилт гаргаж болдгийг энэ боксчид харуулсан. Д.Отгондалай хэсэг хугацаанд завсарлага авсан. Ер нь жаахан амарч байгаад эргээд ирэхэд сэргэлт болно шүү дээ. Одоо бэлтгэлээ хийж байгаа. У.Мөнх-Эрдэнэ гэхэд 37 нас хүрчихлээ. Тэгсэн хэрнээ улсын аваргын финалд шалгарч, залуучуудыг хашраагаад явж л байна. Ер нь Мөнх-Эрдэнэ бэлтгэл хийхгүй байна гэж үгүй дээ. Боксоо орхисны дараа ч гэсэн бэлтгэлээ хийсээр байх болно гэдгийг би маш сайн мэдэж байна.

-Дараагийн Э.Бадар-Ууган, Н.Төгсцогт, У.Мөнх-эрдэнэ хэр бэлтгэгдэж байна вэ. Ер нь улсын хэмжээнд хэчнээн хүн боксоор идэвхтэй хичээллэж байгаа бол?

-Одоо Улаанбаатар хотод хувь, хувьсгалын нийлсэн 30 гаруй клуб ажиллаж байна. Энэ дотор хүүхдүүдтэй идэвхтэй ажилладаг клуб байна, бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нь ч бий. Сүүлийн үед хүмүүс турах зорилгоор аэро боксоор их хичээллэдэг болсон байна. Гоё бие хаатай болоход боксын бэлтгэл хамгийн сайн байдаг. Орон нутагт бол бараг говьалтайгаас бусад бүх аймагт боксын секц дугуйлан хичээллэж байна. Тиймээс бүсчилсэн тэмцээн хийх талаар хүртэл ярьж байна. Одоо өсвөр, залуучуудын улсын аваргад дандаа хөдөөний багууд түрүүлдэг боллоо. Мэдээж энэ дунд дараагийн залгамж халаа бэлтгэгдсээр байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Канадын гаргасан алдааг Монгол давтаж завхарч явна

Хувийн хэвшлийнхэн айдас хүйдэстэй байна

 0 сэтгэгдэл


Аливаа ажлын үр дүнг тоогоор хэмжиж, өсөлт, бууралтаар өөрчлөлтийг хянадаг. Үүгээр л өнөөдрөө бид хэмжиж, маргаашийг төлөвлөдөг билээ. Тэгвэл 2018 оны эдийн засгийн өсөлтийг үндэсний статистикийн хороо өнөөдөр танилцуулах гэж байна. Эдийн засаг 2017, 2016 онтой харьцуулахад хавь илүү өсөлттэй гарсан гэж өмнө нь зарим албаны байгууллага урьдчилан албан бусаар мэдэгдэж, үүнийг бүгд л өөрийн хийсэн ажил мэтээр бусдад тайлагнаж, тайлбарлах гэж оролдож байлаа.

Судалгааны байгууллагын таамгаар бол манай улсын эдийн засаг зургаа орчим хувийн өсөлттэй гарахаар байгаа нь угтаа баялаг бүтээж, ажлын байр бий болгосон, үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж, хөрөнгө оруулалт татсан хувийн хэвшлийн хүчин чармайлт. тэдний гялтайх  амжилтыг харин төр булаах гэж ичгүүр сонжуургүй авирлаж, амжилттай яваа бизнесийг өөрийн болгох гэж улайрч байна. Ийм үзэгдэл сүүлийн жилүүдэд улам гаарч, улаан цагаандаа нэгэнт гарсан билээ. Яг ийм жишгээр бид ахиад жаахан цаашаа явбал дөнгөн данган урагшилж буй хөгжлөө зогсоогоод ханахгүй ухарч мэдэх нь. төртэй өрсөлдөх бизнесүүд амь тавих аюул ч ойрхон байна.

Монголд өрнөж буй хувийн өмч тойрсон халдлага, төр бизнес эрхлэх гэсэн хандлага гадаадын шууд хөрөнгө оруулалтыг үргээж байна. Төрийн нэрээр хувийн хэвшил рүү халдаж, хайрах нь зөвхөн Монголд бус бидэнтэй ойролцоо эдийн засагтай орнуудад ч ажиглагдах болсон. Зарим нь үүнийгээ хэтрүүлж, улсаараа дампуурч байна.  Тухайлбал, Венесуэл, Латин Америкийн орнууд хувийн хэвшлээ тонон дээрэмдэж, шоронд суулгаснаар инфляц нь хоёр сая давж, ажилгүйчүүдийн эгнээ хэдэн мянгаараа нэмэгдэх боллоо. Тэгвэл бүхнийг төрд авна, хураана гэсэн энэхүү бодлогогүй популизм одоогоос 40 гаруй жилийн өмнө Канадад багагүй гай тарьжээ. Үүний буруу байсныг улсаараа ойлгох хүртлээ энэ улс эдийн засгийн маш олон боломжоо үгүйсгэж, хүнд байдалд орж байсныг тус орноос Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд дэвид уиллиам спрул хэлж байна.

Канадад өрнөсөн бизнест төрийн оролцоо гүнзгийрэх үзэгдэл хөгжлийг нь сааруулаад зогсохгүй улсынхаа эрх ашигт нийцээгүй гэдгийг Элчин сайд ярьсан юм. Тэдний хувьд энэ нь ухралт болсон төдийгүй үүнийг Монгол Улс битгий давтаасай гэж тэрбээр нэмж хүслээ. Хувийн өмчийг хүндэтгэх үзэл дор улс орны эдийн засаг өргөжин тэлж, өсөлт, өөрчлөлт илүү бодитой нүдэнд харагдаж, гарт баригддаг. Тэгвэл Канадын сайн бус 40 жилийн өмнөх муу жишгээр өнөөдөр хөгжиж буй Монгол Улс замнах гээд байгаа нь хөндлөнгийн хүний нүдэнд ийнхүү буужээ.

16 компани дангаараа Монголын ДНБий 40 хувийг хангаж байна

Элчин сайд Дэвид Уиллиам Спрул “Төр өмчийн эзэн болж, аж ахуйн үйл ажиллагаа явуулснаар улсын өрсөлдөх чадварт хүртэл нөлөөлдөг. Тухайлбал, төрийн өмчит компанийн үр ашиг буурна, ашиг сонирхлын зөрчил үүснэ, бизнесийн орчин муудна. Татварын орлого багасна. Ил тод байдал хумигдана. Орлогын ялгаа үүснэ. Компанийн сайн засаглалын талаар энд яриад ч нэмэргүй” хэмээн санаагаа дэлгэрүүлсэн юм. Олон улсын байгууллагын гаргасан  судалгаагаар, авлигын индексээр Монгол Улс 175 орноос 103-т эрэмбэлэгдэж, 2017 онтой харьцуулахад 16 байраар ухрав. Энэ нь авлига нэмэгдсэн гэсэн үг юм.

Төр өмчөө цөөлөх, ялангуяа хувийн хэвшилтэй өрсөлдөх компани, аж ахуйн нэгжтэй байх нь зохимжгүй гэдгийг олон орны судлаач, шинжээч үргэлж хэлдэг. ОХУ болон БНХАУ төрийн өмчөөс татгалзаж, оролцоогоо ч хумих болсон. Харин манай улс төрийн өмчөө нэмэгдүүлж, жишээ нь нүүрсний бизнест түүчээлж явна. Төрийн оролцоо бизнест нэмэгдсэнээр баялгийн хуваарилалт шударга бус болж, авлига, хүнд суртал цэцэглэдэг байна. Эдгээр бэрхшээлийг Канад туулаад гарсан ч өнөөдрөөс илүү байх боломж, бололцоогоо тэд алдсан аж. Богино хугацаанд алдаагаа ухаарч, засаглалаа сайжруулахад анхаарсан тус орны хувьд өнөөдөр хөрөнгө оруулагчдын хувьд ашиг, орлогын үүд нээсэн төв цэг нь болж чадсан билээ.

Бүхнийг төрд хураана, төрийн өмч болгоно, төр өмчөө мэднэ гэсэн популизм манай улсад өнөөдөр газар авснаар энэ нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг үргээж, 20 гаруй жилийн турш бий болгосон ололтоо өнөөдөр үгүйсгэхэд хүргээд буй. Зах зээлийн эдийн засагт шилжсэн тэр цаг мөчөөс хойш хувийн өмчийг хүндлэх, төр бизнесийн салбар дахь оролцоогоо аль болох багасгах нь оновчтой гэсэн зарчим, үзэл бодлогын түвшинд ноёлж ирсэн нь бий. Гэтэл өнөөдөр энэ бүхэн эсрэг зүгт хандах маягтай.  Туйлшрал хэтийдэх боллоо. Хувийн хэвшлийнхэн айдас хүйдэстэй байна. Босгосон бизнес, бий болгосон өмчөө төрд алдаж мэдэх нь гэсэн болгоомжлол тэдний дунд хэдийн үүсжээ.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав “Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхөө болих хэрэгтэй. Эдийн засгийн 50 хувь бүрддэг 93 төрийн өмчит компанийн менежментийг сайжруулж, засаглалын хувьд тогтвортой болгож, улс төрийн хамаарлыг нь багасгая. Засгийн газрын оролцоог ч энд хэлж байна” гэв. Үндэсний компаниудыг эгнээндээ нэгтгэсэн хамгийн том төрийн бус байгууллага жил болгон Монголын ТОП 100 аж ахуйн нэгжийг зарладаг. Энэхүү 100 компанийн 16 нь дангаараа Монголын ДНБ-ий 40 хувийг хангаж байна. Эдийн засаг, бизнест төрийн оролцоо ямар түвшинд нөлөөтэй байгааг эндээс харж болох юм. Төр бүхнийг өөртөө гэсэн зарчмаар хувийн хэвшлийн эсрэг буюу татвар төлөгчдийн өмнөөс хариуцлагагүй шийдвэр гаргаж ирсний балгаар Украин, Зимбабве, Венесуэл одоо модоо барих нь холгүй байна. Энэ орнууд эргэн сэргэхэд хамгийн багадаа 20 ба түүнээс дээш жил шаардлагатай гэсэн тооцоо, судалгаа хүртэл гарчээ. Энэ онд манай улс гадаадын шууд хөрөнгө оруулалт 1.9 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн өөдрөг төсөөлөл төсөвт шигтгэж өгсөн. Харамсалтай нь, төрийн нэр дор хувь, хувьсгалын өмчийн шилжилт хөдөлгөөн хөрөнгө оруулагчдад жинхнээсээ айдас хүйдэс төрүүлж байна. Канадын туулсан гашуун үнэнийг Элчин сайд нь өчөөд, Монгол дөчөөд жилийнх өмнөх тэдний буруу бодлогын араас явааг ахин дахин сануулсныг эргэж тунгаах цаг иржээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Менингококкийн халдварын эсрэг вакцин хийж байна

 0 сэтгэгдэл


ХӨСҮТ-д даваагаас баасан гарагуудад 8.30-14.30 хүртэл менингитийн вакцин хийж байна. Сайн дурын дархлаажуулалтыг тус эмнэлгийн 114 тоот өрөөнд хийх ба 13500 төгрөгийн үнэтэй. Зургаан сараас доош насны хүүхдэд хийх хориотой юм байна. 

Жил бүрийн хавар менингит өвчний тохиолдол бүртгэгддэг. Энэхүү өвчин нь менингококк гэдэг вирусаар халдварладаг  бөгөөд  халдвар авсан үед үнэрлэх эд, эрхтэн болон цусаар дамжин төв мэдрэлийн системд халддаг. Халдварын шинж тэмдэг нь тайван бус болох, өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, дотор муухайрахгүйгээр бөөлжих, арьс, сонсгол, хараа хэт мэдрэг болох, дагзны булчин хөших, шөрмөс татаж, үе мөч салганах зэрэг шинж  тэмдэг илэрдэг байна. 
Өвчний 2-5 хоногт их хэмжээний үсэрхийлсэн тууралт, цөөн тохиолдолд бэржрүүт тууралт үүснэ. Тууралт нь од хэлбэртэй ихэнхдээ өгзөг, их биеийн хажуу хэсгээр гардаг. Зарим тохиолдолд өвчний эхний өдрөөс менингитийн шинж рүү шилжиж, эмнэлзүйн шинж 24 цагийн дотор илрэх бөгөөд эмчилгээ хожимдвол амархан хүндэрч, амь насанд эрсдэл үүсэх магадлал өндөр байдаг аж. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Налайхын зам ашиглалтад ортол нэлээд тэвчээр хэрэгтэй болно доо

Зүүн тийш явахын тулд Төв аймгаар дайрвал гурав дахин урт зам туулна

 0 сэтгэгдэл


Жаран жилийн тэртээ тавигдсанаасаа хойш олигтой арчилгаа авч үзээгүй Налайхын зам энэ жил төрөл арилжсан мэт шинэчлэгдэнэ. Хятадын Экспорт, импортын банкнаас авах нэг тэрбум ам.долларын зээлийн багцад уг замыг шинэчилж, дөрвөн эгнээ болгох бүтээн байгуулалт багтсан юм. Улмаар Гачууртын уулзвараас Налайх хүртэлх 20.9 км автозамыг энэ онд багтаан дуусгахыг Засгийн газар үүрэгдсэн. Нэгэнт дээд газраас чиглэл өгсөн учраас холбогдох байгууллагууд яаж ийгээд амжуулах байх. Ерөнхийдөө 4-11 дүгээр сард замын ажлыг хийж дуусгах төлөвлөгөөтэй байгаа юм. Ингэснээр Монгол Улсын нийслэлээс зүүн болон зүүн өмнө зүг рүү явах гол замын нэвтрүүлэх чадвар сайжирч, энэ замд олон цагаар түгжирдэг, байнга шахам осол гардаг байдал алга болно гээд давуу тал их.

БАЯНЗҮРХИЙН ТОВЧООГООР ӨДӨРТ 6-10 МЯНГАН МАШИН НЭВТЭРДЭГ

Гэхдээ сайхан замтай болж, жаргалдаа умбахаас өмнө туулах зовлон гэж бас бий. Өөрөөр хэлбэл, зам баригдах долоон сарын хугацаанд түүгээр нэвтэрдэг их урсгалыг хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудал өдгөө шийдвэр гаргагчдын толгойны өвчин болоод байна. Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас зам ашиглалтад орох хүртэл хойд талын шороон хэсгээр түр зам гаргаж, Налайх, Хонхор, Баянзүрхийн товчоо орчмын оршин суугчид болон нийтийн тээврийн хөдөлгөөнийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Харин Улаанбаатар хотоос зүүн болон өмнө зүг явах, хот руу орох, дайран өнгөрөх тээврийн хэрэгслийг Төв аймгаар дамжин өнгөрүүлэх юм. Энэ үед л асуудал ундарч эхэлнэ дээ.

Чухам энэ замаар зүүн гурван аймаг болон Дорноговь, Гомьсүмбэр гэсэн өмнө зүгийн аймгуудтай холбогддог. Мөн Налайх, Багануур, Багахангай дүүрэг орох хүмүүс энэ хэсгээр дайрч гарахаас аргагүй. Үүнээс гадна Тэрэлж, Цонжин Болдог гээд аялал жуулчлалын гол бүс  нутаг руу хүрэхийн тулд мөн л Налайхын замаар дамжих болно.

Баянзүрхийн товчоо угаас хамгийн их ачаалалтай дамжин өнгөрүүлэх төв. Энэ хэсгээр өдөрт 6-10 мянган машин тогтмол нэвтэрдэг гэсэн статистик бий. Харин цагаан сар, наадам зэрэг томоохон баярын өдрүүдэд дээрх тоо 70 мянгад хүрч байв. Тэгвэл одоо энэ их урсгал Төв аймгийн зам руу шилжинэ гээд төсөөл дөө.

Хотын зүүн хэсэгт амьдардаг хүмүүс Тэрэлж орохдоо шууд Налайхын замаар явдаг байсан бол зам хаагдсаны дараачаас эхлээд баруун тийш Нисэх хүрч, тэндээсээ Төв аймаг ороод улмаар цааш давхисаар Налайх хүрнэ гэсэн үг. Энэ хэрээр хотын төв хэсэг, Энхтайвны гүүр, Нарны гүүр болон Яармаг, Төв аймгийн замын ачаалал эрс нэмэгдэх нь хэнд ч ойлгомжтой.

Уг нь албаны хүмүүс уг замыг он дамнуулан барихаар төлөвлөж байсан юм билээ. Эхний жилд нь хоёр урсгалаа тавьж, нөгөө хэсгээр нь зорчих хөдөлгөөнөө явуулна гэж тооцож. Гэтэл энэ онд багтаан ашиглалтад оруулах үүрэг өгсөн тул бүгдийг нь нэг дор хаахаар шийджээ. Ингэснээр зорчих хөдөлгөөнийг Төв аймгийн нутгаар явуулахаас аргагүйд хүрсэн байна.

Бүтээн байгуулалт аялал жуулчлалд тодорхой хэмжээгээр нөлөөлнө

Туслах зам тавих зэргээр асуудлыг иргэдэд чирэгдэл багатай шийдэх боломж байсан эсэхийг Нийслэлийн ерөнхий менежер Т.Гантөмөрөөс тодруулахад “Нийслэлийн Автозамын хөгжлийн газар, Тээврийн цагдаагийн алба гээд холбогдох байгууллагууд энэ асуудлыг нухацтай ярилцсан. Үнэнийг хэлэхэд Төв аймгийн нутгаар иргэдийг явуулахаас өөр гарцгүй болчихоод байна. Хэрэв хажуугаар нь зам тавибал байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө их. Мөн замын хоёр талын хэсэг тэр чигээрээ барилга байгууламж, ажил үйлчилгээ шигүү болчихсон учраас чөлөөлөх боломжгүй байна. Хэрэв чөлөөтэй байсан бол тавьж байгаа замынхаа хажуугаар шороон зам гаргаж болно. Гэвч энэ нөхцөлд ямар ч арга алга. Бид барих замынхаа хэсгийг л арай гэж чөлөөллөө шүү дээ” гэсэн юм. 

Хотын захиргаанаас зам баригдах газрыг бүрэн чөлөөлөөд буй. Иргэн, аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрөлтэй 82, зөвшөөрөлгүй 38, зар сурталчилгааны 60 самбар, нийт 180 обьектыг чөлөөлж, үүний нөхөн төлбөрт нэг тэрбум гаруй төгрөг өгсөн юм.

Харин Төв аймгийн зам энэ ачааллыг даах эсэх, тухайн хэсэгт түгжрэл их үүсэхээр байвал яаж зохицуулах талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн М.Мөнхгэрэлээс тодруулахад “Хөдөлгөөн зохион байгуулалтыг ингэж хийнэ гэсэн албан ёсны шийдвэр хараахан гараагүй байна. Энэ асуудлыг холбогдох байгууллагууд судалж байгаа” гэсэн юм.

“Бид аль болох иргэдэд хүндрэл учруулахгүйгээр шийдэхийг хичээж байна. Гэхдээ юуны өмнө аюулгүй байдлаа бодох ёстой. Хүмүүсийг холуур тойруулахгүй гээд улаан тоосон дундуур давхиулж, хооронд нь мөргөлдүүлээд байж болохгүй биз дээ” хэмээн нийслэлийн Авто замын хөгжлийн газрын мэргэжилтэн Г.Хасбаатар ярилаа.

• Гачууртын уулзвараас Налайх хүртэлх 20.9 км замыг 4-11 дүгээр сард барьж дуусгахаар төлөвлөж байна.

• “Хүмүүсийг холуур тойруулахгүй гээд улаан тоосон дундуур давхиулж, хооронд нь мөргөлдүүлээд байж болохгүй биз дээ” гэв.

• Налайхын замыг хааснаар хотын төв хэсэг, Энхтайвны гүүр, Нарны гүүр болон Яармаг, Төв аймгийн замын ачаалал эрс нэмэгдэнэ.

ТЭРЭЛЖИЙГ ЗОРИХ ЖУУЛЧНЫ ХӨЛ ТАТРАХ УУ


Албаны хүмүүсийн тайлбар ийм байна. Тэгэхээр бид зам хаасан долоон сарын хугацаанд хүссэн ч, эс хүссэн ч Төв аймгийн нутгаар тойрч давхисаар зүүн тийш зүглэх нь. Гэхдээ манайхан хууль дүрэм биелүүлэхдээ тун хойрго улс. Яаж ийгээд л шинэ зам гаргаж мэднэ. Тэгээд нөгөөхөөр нь өдөрт хэдэн мянгаар тоологдох машин цуваад байвал Богд уул, Туул голын нэгээхэн хэсэг яаж талхлагдаж, ямар их шороо тоос босохыг төсөөл дөө. Тиймээс замын цагдаа болоод бусад холбогдох албаныхан хяналт шалгалтаа маш сайн тавих шаардлага давын өмнө тулгарна. Эс бөгөөс Лүнгийн зам нэг хэсэг яаж талхлагдсан, яг тийм хувь тавилан хүлээх болно.

Нөгөөтэйгүүр замын бүтээн байгуулалт аялал жуулчлалд тодорхой хэмжээгээр нөлөөлж таарна. Бяцхан тооцоолол хийгээд үзье л дээ. Хотын төвөөс Налайх хүрэхэд 30 хүрэхгүй км явна. Харин Төв аймгаар дайрч, Богд уулыг ороовол 100 орчим км болж байна. Нэг ёсондоо туулах зам гурав дахин нэмэгдэнэ гэсэн үг. Энэ хэрээр бензин тос, цаг хугацаа урсаж өгнө. Тиймээс хүмүүс Тэрэлж явж амрахын тулд Төв аймгаар дайрч өөртөө түвэг удахыг хүсэхгүй л болов уу.

Тэрэлжид 20 жилийн өмнө 30 гаруйхан жуулчны бааз байсан гэдэг. Харин одоо бол энэ тоо 10  дахин нэмэгдэж, 360 хүрчээ. Мөн Цонжин Болдогийг тойроод олон жуулчны бааз үйл ажиллагаа явуулж буй. Чингис хааны хөшөөт цогцолбороор гэхэд өдөрт 300-400, баяр наадмын үеэр 3000 хүртэл хүн үйлчлүүлдэг.

Гэвч туулах зам уртсаж, бөглөрөл түгжрэл нэмэгдэх хэрээр иргэд тойрч очихоос төвөгшөөн өөр тийш хүлгийн жолоо залах магадлал өндөр. Тиймээс зүүн зүгт байрлах жуулчны баазууд ирэх зундаа ашиг орлого багасна гэсэн сэтгэл зүйн бэлтгэлтэй байхад илүүдэхгүй.

Үүнийг бичихдээ ойрын хэдэн жил хийгдээгүй том бүтээн байгуулалтыг харлуулах гэсэнгүй ээ. Дөрвөн эгнээ бүхий орчин үеийн стандартад нийцсэн энэ зам баригдахыг хүн бүр хүсэн хүлээж байгаа. Зам ашиглалтад орсноор хамгийн их ачаалалтай хэсгийн зорчих урсгал сайжирч, иргэдийг бухимдуулдаг байдал арилна. Мөн осол аваар ч тодорхой хэмжээгээр буурах нь баараггүй. Гэхдээ зам ашиглалтад орох хүртэлх хэдэн сарын хугацаанд амаргүй нөхцөл байдал хүлээж буйг сануулах гэсэн юм. Ялангуяа зүүн зүг рүү их зорчдог хүмүүст багагүй хүндрэл гарна. Тиймээс хаа хаанаа тэсэх л хэрэгтэй болох нь дээ!