A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4359/

Цаг зүүх соёл таныг илэрхийлнэ

Цаг зүүх соёл таныг илэрхийлнэ
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4359/
  • Нөлөө бүхий байр суурьтай хүмүүс хүч чадлаа харуулахын тулд цагаа баруун гартаа зүүдэг бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ жишгийг дагадаг. Гэхдээ зүүн гартаа зүүх нь тогтсон соёл гэдгийг битгий мартаарай
  • Эмэгтэйчүүдэд хэдэн зуун төрлийн гоёл чимэглэл байдаг бол эр хүнийг тодотгох, хамгийн чухал гоёл нь бугуйн цаг

Загварлаг эрчүүд бор гутлыг хар бүс, эрвээхэй зангиатай хослуулдаггүй гэдгийг аль эсвэл гэрийнхээ гадаа унтлагын хувцастай зогсох ёсгүйг мэднэ. Гэвч бугуйн цаг хэрэглэх соёлын тухай дийлэнх нь мэддэггүй. Эмэгтэй хүн төрөл бүрийн гоёл чимэглэл хэрэглэж, хувцаслалтаа тодотгох боломжтой байдаг бол эрчүүдийн хувьд хамгийн чухал гангараа нь бугуйн цаг. Бугуйн цагийг хэлбэр, хэмжээ, загвар зэргээс нь хамаарч, хувцаслалтдаа тохируулан сонгохын чухлыг дор танилцуулъя. 

Хямдхан цаг таны имижийг гутаадаг 

Omega, Ullyse Nardin, IWC, Rolex, Baume Mercer, Arnold & Son, Hublot, Cartier, Zenith зэрэг дэлхийд нэр хүндтэй брэндүүд бий. Гэхдээ хүн бүр дээрх брэндээс сонголт хийх санхүүгийн чадавхгүй учир дундаас дээш болон дунд түвшний орлоготой иргэд төвлөрсөн Casio, Seiko, Tissot, Swatch, Citizen гэх мэт брэндээс сонголт хийх боломжтой. 

Цагныхаа хэмжээг тохируул

Нэгэн үе том цаг тренд болж байсан боловч энэ сонголт хоцрогдож байна. Учир нь том цагийг бусдын анхаарлыг татах зорилгоор зүүдэг. Хэт том цаг таны бугуйг жижиг харагдуулахаас гадна өмссөн хувцасны тань зохицлыг алдагдуулдаг аж. Харин цагны оосрын хэмжээ гараа унжуулах үед хоёр см-аас илүү доошлохгүй байхаар бариу, гарт тань ором үлдээхгүй байхаар сул байх хэрэгтэй. 

Бугуйн цагийг зүүн гартаа зүүдэг 

Сүүлийн үеийн хувцаслалтын чиг хандлага цагийг аль ч гартаа зүүх боломжтой гэдгийг хүлээн зөвшөөрөх болсон. Та ажлаа хийх үедээ аль гараа илүү их ашигладгаа бодолцож үзээрэй. Гэхдээ зүүн гартаа зүүх нь тогтсон соёл гэдгийг мэдэхэд илүүдэхгүй. Ялангуяа бизнес уулзалтад очихдоо бугуйн цагийг зүүн гартаа зүүх нь чухал соёлд тооцогдоно. Судалгаагаар бизнес эрхлэгчид цагаа зүүн гартаа зүүхийг илүүд үздэг бол хөгжимчин, зураач зэрэг уран бүтээлч хүмүүс баруун гартаа зүүдэг нь тогтоогдсон аж. Мөн нөлөө бүхий байр суурьтай хүмүүс хүч чадлаа харуулахын тулд цагаа баруун гартаа зүүдэг бөгөөд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ жишгийг дагадаг. 

Цаг зүүхэд ч цаг хугацаа хамаатай

Хэрвээ та бүх л өдрийн турш гадуур ажиллах бол аль болох цайвар өнгийн цаг зүүхийг эрхэмлээрэй. Бор болон хар өнгийн цагийг орой зүүхэд илүү тохиромжтой. Мөн үдийн хоолны үеэр бараан өнгийн цагнаас татгалзах нь зүйтэй. Чөлөөт хувцаслалтыг тод өнгийн цаг чимж өгдөг. 

Ажлын ярилцлагад орохдоо нэмэлт функцгүй цаг сонгоорой 

Та ажлын ярилцлагад орох гэж байгаа бол нимгэн, дундаж хэмжээтэй, ямар нэгэн нэмэлт функцгүй, тэгш өнцөгт хэлбэртэй, хэт гял цал биш, бараан өнгийн суран оосортой цаг зүүх нь зохистой. Харин бизнес уулзалт, ямар нэг хэлэлцээр хийх гэж буй бол дугуй хэлбэртэй, нэмэлт функц бүхий, метал цаг зүүх нь таныг хүчирхэг харагдуулна. 

Хар хослол дээр бор оосортой цаг зохимжгүй 

Цагны тань өнгө энгэрийн зүүлт, гутлын гоёл, бөгж, бүс, чагтан товч зэрэгтэй хослох шаардлагатай. Жишээлбэл, шар метал зүүсэн бол алтлаг өнгөтэй цаг зүүх, хар хослол өмссөн бол бор оосортой цаг зүүхгүй байх зэрэг өнгөний зохицолд анхаараарай. Ямар ч төрлийн энгийн, хар нүүртэй цагийг эрвээхэй зангиатай хослуулан зүүж болдог. 

Цагаа ойр ойрхон харах нь бүдүүлэг үйлдэл 

Хэдийгээр цаг эрчүүдийн хамгийн чухал гоёл мөн боловч ойр ойрхон харах нь таны нийгмийн харилцаанд сөргөөр нөлөөлдөг. Кино театрт эсвэл ресторанд утсаа оролдох нь бүдүүлэгт тооцогддогийн адил хэн нэгний өмнө цагаа дахин дахин шалгах нь харилцаж буй хүнээ үл хүндэтгэсэн, залхаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг.

Жеймс Бондыг дуурайх хэрэггүй

Усны хамгаалалттай цагийг усанд шумбах, орох үед л зүүдэг болохоос хэзээ ч хослол өмссөн үед зүүдэггүй байна. Яагаад гэвэл хэтэрхий том харагддаг. Жеймс Бонд тэгж зүүсэн байлаа ч энэ үйлдлийг дуурайх хэрэггүй. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Зэс COVID-19-ийн ганц аранга

 0 сэтгэгдэл
  • Зэс зөвхөн бактерийг бус вирусийг хүртэл үр дүнтэй устгадаг болохыг нотолжээ 
  • “Бүх вирусийг тэр дор нь устгадаг учраас эмгэг мутацлагдах ямар ч боломж олгодоггүй нь зэсийн хамгийн чухал ашиг тус юм” хэмээн профессор Кээвил хэлжээ
  • Эмгэг үүсгэгч зэсийн гадаргуу дээр унах үед зэсийн ион нь вирус болон эсийг шингээж авдаг. Зэс зөвхөн эмгэг үүсгэгчээс хамгаалаад зогсохгүй дотроосоо үржих үйл явцыг хүртэл ор үндсээр нь устгадаг гэдгийг үүгээрээ харуулжээ

Томуугийн бактери, метициллинд тэсвэртэй алтлаг стафилококк, коли савханцар, цаашлаад коронавирус орчны гадаргуу дээр 4-5 хоног тэсвэртэй амьдарч чаддаг бол зэсийн гадаргуу дээр тогтсон бүх бактери хэдэн минутын дотор устаж алга болдог байна.

Үүнээс харахад энэтхэгчүүд яагаад хэдэн мянган жилийн турш зэс аяганаас ус уудаг байсныг төвөггүй ойлгож болно. Түүнчлэн АНУ-д ундны усыг зэс хоолойгоор зөөвөрлөдөг. Саутхемптоны их сургуулийн орчны эрүүл ахуйн профессор Билл Кээвилийн хийсэн туршилтын үеэр зэсэн дээр унасан бүх төрлийн вирус устаж алга болж байжээ. Тэрбээр зөвхөн COVID-19-өөр хязгаарлагдахгүй, хүн төрөлхтөн ирээдүйд маш олон цар тахалтай нүүр тулгарах учраас зэсийг одооноос эхлэн ахуйн хэрэгцээндээ ашиглаж, ялангуяа эмнэлэг болон олон нийтийн газруудад дахин хэрэглэж эхлэх нь чухал байна” хэмээжээ. Зэс бол өөрийгөө халдваргүйжүүлэгч, нянгийн эсрэг түүхий эд юм. Зэсийг эрүүл мэндэд нэн тустай, аливаа нянгийн эсрэг үйлчилгээтэй болохыг хүн төрөлхтөн эрт дээр үеэс мэддэг, амьдрал ахуйдаа хэрэглэсээр ирсэн. Тухайлбал, хятадууд зэсийг эрүүл мэнд, египтчүүд мөнхийн амьдралыг бэлгэддэг гэж үздэг. Харин аж үйлдвэрийн хувьсгалын үед зэсийг барилга байгууламжийн хэрэгсэл болгон өргөнөөр ашигладаг байв. 

Зэсийн ашигтай байдлын тоон үзүүлэлт 

1983 онд эрүүл мэнд судлаач Филлис Ж.Кун эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад зэсийн хэрэглээ хомсдож эхэлснийг анх сануулж байв. Тэрбээр Питтсбург хотын Хамот анагаах ухааны төвд эрүүл ахуйн сургалтын үеэр эмнэлгийн бүхий л эд хогшилд бактерийн шинжилгээ хийжээ. Сонирхолтой нь эмнэлгийн жорлонгуудад ямар нэгэн нян байхгүй, харин бусад жижиг хэсгүүдэд аюултай бактериуд үржсэн байсныг тогтоосон байна. Тухайн үед гялалзсан, өө сэвгүй хаалганы ган бариул нь муудаж зэвэрсэн гуулин бариулаас илүү цэвэр харагдаж байсан ч, үнэн хэрэгтээ зэвэрч муудсан тэрхүү гуулин бариулуудад зэс 67 хувь, цайр 33 хувьтай байжээ. Харин ган бариулын нэгдэлд төмөр 88 хувь, хром 12 хувийг эзэлж, бактери бага хэмжээгээр үүссэн гэж тэмдэглэлдээ онцолсон байна. Филлис Ж.Кун судалгааныхаа дүгнэлт хэсэгт эрүүл мэндийн байгууллагуудад хандаж “Хэрвээ эмнэлэгт шинэчлэл, засвар хийх гэж байгаа бол хуучирсан гуулин эд хогшлуудыг үлдээж, аль болох солихгүй байхыг хичээгээрэй. Харин ган эдлэл хэрэгслүүдтэй бол өдөр болгон цэвэрлэгээ ариутгал хийхийг зөвлөж байна” гэжээ. Үүнээс хэдэн арван жилийн дараа Зэсийн Хөгжлийн Нийгэмлэгийн санхүүжилтээр профессор Кээвил Филлис Ж.Кунгын судалгааг цааш үргэлжлүүлсэн юм. Тэрбээр лабораторидоо хамгийн аюултай гэгдэх эмгэг үүсгэгч жижиг биетүүд дээр ажиллаж байх явцдаа зэс зөвхөн бактери устгаад зогсохгүй вирусийг хүртэл үр дүнтэй устгадаг болохыг нотолжээ. Ингэхдээ зэс тавгийг архи болон ацетоноор ариутгаж, илүүдэл тосыг арчиж авсны дараа тавагны гадаргуу дээр нэг дусал эмгэг үүсгэгч дусаав. Дараа нь шилэн сувс болон шингэнээр дүүргэсэн хайрцагт хийж сэгсэрч эхлэхэд бактер болон вирус усанд ууссан байна. Дараа нь энэхүү вирустэй шингэнээс дээж аван эмгэг үүсгэгчийг турших боломжтой болсон аж. Мөн тэрбээр туршилтын явцад микроскопоор зэсийн гадарга дээр буусан эмгэг үүсгэгч хэрхэн устаж байгааг харав. Үр дүн нь гайхамшигтай байлаа. Зэсийн бактери устгах үйл явц хэрхэн явагддагийг шинжлэх ухааны талаас сайн ойлгох хэрэгтэй. Эмгэг үүсгэгч зэсийн гадаргуу дээр унах үед зэсийн ион нь вирус болон эсийг шингээж авдаг. Зэс зөвхөн эмгэг үүсгэгчээс хамгаалаад зогсохгүй дотроосоо үржих үйл явцыг хүртэл ор үндсээр нь устгадаг болохыг үүгээр харуулжээ. “Бүх вирусийг тэр дор нь устгадаг учраас эмгэг мутацлагдах ямар ч боломж олгодоггүй нь зэсийн хамгийн чухал ашиг тус юм” хэмээн профессор Кээвил хэлэв. 

Зэсийн үнэ цэнийг туршилтаар баталж байна

2015 онд АНУ-ын судлаачид Батлан хамгаалах яамны санхүүжилтээр гурван эмнэлэгт халдварын түвшинг харьцуулах судалгаа хийсэн бөгөөд зэсийн хайлшийг тус эмнэлгүүдэд хэрэглэх үед халдварын түвшинг 58 хувиар бууруулж байгааг тогтоожээ. 2016 онд хүүхдийн эрчимт эмчилгээний тасагт ийм туршилт хийхэд үр дүн мөн адил, халдварын үзүүлэлт харьцангуй буурсан байсан. Зэс нь хуванцар, эсвэл хөнгөн цагаанаас илүү үнэтэй гэж шүүмжлэгсэд бий. Тэгвэл эмнэлгийн хэрэгслүүдээс үүдэлтэй халдвараар жилд 90 мянган хүн халдварлаж, 45 тэрбум ам.долларын зардал эрүүл мэндийн системд тулгардаг. Тэгэхээр эмнэлэг эрүүл мэндийн байгууллагууд, бариул зэрэг олон хүний гар хүрдэг газруудад зэс ашиглавал халдвараар өвчлөгсдийг эмчлэхэд гаргах зардлаас хамаагүй бага хөрөнгө оруулалт шаардагдах нь. Түүнээс гадна мөнгөөр хэмжих боломжгүй хүний эрүүл мэндийн хамгаалалд зэсийн оруулах бодит хувь нэмэр асар их гэдэг нь эрдэмтдийн судалгаанаас харагдаж байна. Цаашлаад архитекторууд шинэ барилгын зураг төсөлдөө зэсийг оруулж өгөх хэрэгтэй. Учир нь зэс бол хамгийн анхны туршилтаар батлагдсан бактери болон вирус устгагч металл юм. Мөн зэсийн никель нь бүтцийн хувьд бактери, вирусийг устгадаг цэвэр зэстэй адилхан бөгөөд зэвэрдэггүй гангаас ялгагдахааргүй харагддаг. Тиймээс хэрвээ таны гэрт, ойр хавьд чинь зэсээр хийсэн бариул, эд хогшил байвал түүнийгээ муудаж элэгдсэн ч солих гэж яарсны хэрэггүй. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

15 тэрбумын модыг устгаад гурван тэрбумын оргилуур барина гэв үү

 0 сэтгэгдэл
  • Ногоон байгууламжаа ээлж дараалан сүйтгэдэг манайх шиг улс хэр олон бол
  • Энэ цэцэрлэгийг буулгаж, ногоон байгууламжийг устгавал тухайн хэсгийн экологийн тэнцвэрт байдал үгүй болно гэдэг дүгнэлтийг 26 эрдэмтэн, доктор гаргаж, гарын үсгээ зуржээ

Албан тушаалд томилогдсон цагаасаа хойш иргэдэд таалагдах шийдвэр тун ховорхон гаргасан нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан дахин бүтэшгүй санаа олжээ. Тэрбээр Сүхбаатарын талбайн урд хэсгийг цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулах шийдвэр гаргаснаа албан ёсоор танилцуулав. “Хонхтой цэцэрлэгт хүрээлэн” нэртэй бүтээн байгуулалтын ажлыг хийхэд 3.2 тэрбум төгрөг зарцуулна. Тус цэцэрлэгт хүрээлэн нь 1.6 га талбайг хамардаг бөгөөд энд 85 метр урт, 14 метрийн өргөнтэй, хөгжмийн аялгуутай усан оргилуур, 800 ам.метр хэмжээтэй дугуйн талбайтай, хоёр нийтийн бие засах газар байгуулж тохижуулахаар төлөвлөжээ. Гэвч энэхүү бүтээн байгуулалтын ажил тэнд байгаа ногоон байгууламжийг сүйтгэнэ гэж хэн ч төсөөлөөгүй байх. Тиймээс сүүлийн хэдэн өдөр иргэд ихээхэн бухимдаж, ширүүхэн эсэргүүцэлтэй тулгарлаа. Нийслэлийн хот тохижилтын газрын дарга Б.Бямбадорж “Энэ төсөл өнгөрсөн онд тендерээр шалгарсан. Тэр үед 3.2 тэрбумын зардал нь батлагдаж, төсөвт орсон. Өнөөдөр гэнэт санаачлаад хийж байгаа ажил биш. Цэцэрлэгийн өндөр нарс модыг буюу нийт модны 30 хувийг нүүлгэн шилжүүлж, өөр газар тарина. Гэтэл иргэд цэцэрлэгийн бүх ногоон байгууламжийг устгана гэж буруу ойлгоод байна” хэмээн тайлбарлав. Харин уг бүтээн байгуулалтыг нэн шаардлагатай, цагаа олсон арга хэмжээ биш хэмээн үзэж буйгаа иргэн Ж.Энхбат илэрхийлсэн юм. Тэрбээр “Хэрэв энэ цэцэрлэгийг буулгаж, ногоон байгууламжийг устгавал энэ хэсгийн экологийн тэнцвэрт байдал үгүй болно гэдэг дүгнэлтийг 26 эрдэмтэн, доктор гаргаж, гарын үсгээ зурсан. 

Дэлхий дахинд вируст халдвараас болж эдийн засаг хямарч, онцгой нөхцөлд орж, ААН-үүд дампуурахын ирмэг дээр ирээд байхад ийм бүтээн байгуулалт хийх нь буруу. Эрдэмтэд энэ моддын 60-70 хувь нь үхнэ, нүүлгэн шилжүүлэх үед үндэс нь тасарна гэж байна. Үүнийхээ оронд гэр хороололд нэг цэцэрлэг ч болтугай барих хэрэгтэй” гэсэн юм. Тус талбайд 10 мянга орчим мод байдаг аж. “Эдгээр модны 70 хувийг нүүлгэн шилжүүлснээр 15 тэрбум төгрөгийн хохирол учирна гэж эрдэмтэд тооцоолсон. Тиймээс бид эсэргүүцэж байгаа. Өнгөрсөн жил Туул голын дагуух бургас модыг огтолж, тэнд барилга эхлүүлэх үйл ажиллагааг зөвшөөрөл авахгүйгээр эхлүүлснийг мөн эсэргүүцэж байсан” хэмээн НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү байр сууриа илэрхийллээ. Жил бүр 40 гаруй тэрбум төгрөгийг ногоон байгууламжийн арчилгаа, цэвэрлэгээнд зарцуулна гэж төлөвлөдөг аж. Гэвч тэр их мөнгөний задаргаанд хэн ч анхаарал хандуулаагүй учир энэхүү цэцэрлэгт хүрээлэнгийн талаар иргэд мэдээгүй бололтой. Угтаа бол талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэн яадгаа алдатлаа муудаагүй. Хоёр жил гаруйн өмнө өчнөөн мөнгө зарлагадаж шинээр мод суулгасан. Гэтэл одоо үндсээр нь авах гэж байна. Тус цэцэрлэгт хүрээлэн бохир, заваан харагдаад байгаа бол 00-ын асуудал, газар доогуурх шугам сүлжээг нь янзлаад бага зэрэг тордоход л өнгө орно. Заавал хэдэн тэрбумаар хөрөнгө зарлагадах шаардлага байхгүй гэдгийг ойлгоосой.  Энэ дашрамд өмнө нь бий болсон цэцэрлэгт хүрээлэнгүүдээ эргээд нэг санахад илүүдэхгүй. Цементээр цардаж, хэдэн хиймэл мод суулгаад, шороо овоолж зүлгээр бүрхээд орхино. Тавьсан хэдэн сандал нь тамхичдын тухлах газар болно. Усан оргилуур нь зуны гурван сард л ажиллаад таг зогсдог гээд шүүмжлэх зүйл мундахгүй. Сэлбийн гүүрний усан оргилуур, Цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуур, Эрх чөлөөний талбайн усан оргилуур гээд зуны цагт ч ажилладаг эсэх нь эргэлзээтэй хэдэн “бүтээн байгуулалт” байна. Гэтэл усан оргилуур барих нэрийдлээр нийслэлд цөөхөн байдаг ногоон байгууламжийг устгах гэж буйд иргэд бухимдаж байна. Үнэхээр бүтээн байгуулалт хиймээр байгаа бол Сэлбэ гол дагуух орчныг тохижуулж, ногоон байгууламж баривал олон хүн баярлана даа. Орой, үдэш амралтын өдрөөр салхилж, зугаалах газар нэгээр нэмэгдлээ гэсэн үг. Харин ногоон байгууламжаа ээлж дараалан сүйтгэдэг манайх шиг улс хэр олон бол.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Гоо сайхны цүнх бол бактерийн “агуулах”

 0 сэтгэгдэл

Эмэгтэйчүүдийн гоо сайхны цүнх доторх арван бүтээгдэхүүн тутмын есөд нь элдэв өвчлөл үүсгэдэг олон төрлийн нян үржсэн байдаг аж. Тэдгээрийг өдөр тутамдаа хэрэглэж, нүүр, арьсандаа хүргэх нь арьсны өвчлөл үүсэх гол хүчин зүйл болдог байна. Энэхүү дүгнэлтийг Английн Бирмингем хотын Астоны их сургуулийн эрдэмтэд судалгаан дээр үндэслэн гаргажээ. Судалгаанд хамруулсан гоо сайхны бүтээгдэхүүний 70-90 хувьд нь стафилококк, E.Coli болон мөөгөнцөр агуулагдаж байсан аж. Нүүрээ буддаг эмэгтэйчүүдийн ихэнх нь багс болон гоо сайхны цүнхээ тогтмол угаадаггүй, бүтээгдэхүүнийхээ хугацаа дууссан эсэхийг анзаардаггүй болохыг судлаачид дурдсан байна. Үүний улмаас төрөл бүрийн өвчин үүсгэгч олон сая нян гоо сайхны цүнхэнд нь үрждэг бөгөөд нүд, уруул болон гэмтэлтэй арьсаар дамжин цусанд халдварлах эрсдэлтэй аж. Крем түрхдэг пролонд хамгийн их нян агуулагддаг бөгөөд хэрэглэсний дараа чийглэг байдаг учир бактери үржих таатай орчин бий болдог байна. Үүнээс гадна хэрэглэх хугацаандаа газар унагах, бохир гараар барих тохиолдол их гардаг учир хамгийн их бохирдол үүсдэг гэнэ. Тиймээс бүтээгдэхүүнээ цэвэр байлгаж, эрүүл мэнд, гоо сайхнаа хэрхэн хамгаалах талаар хүргэе.

Уруулын будаг

Уруулын будаг бол эмэгтэй хүний гоо сайхны хамгийн гол “зэвсэг”. Хүчирхэг, дур булаам, ялдам дүр төрхийг уруулаа будахгүйгээр бүрдүүлэх боломжгүй. Гэхдээ уг бүтээгдэхүүн дээр нян үржих өндөр эрсдэлтэй аж. Учир нь найрлагад нь олон төрлийн химийн нэгдэл ордог учир бактери амархан үрждэг байна. Тиймээс дотнын найз, эгч, дүүтэйгээ ч уруулын будгаа хуваалцаж болохгүй. Мөн хооллох үед уруул дээрх будаг их, бага хэмжээгээр аманд ордог учир хоол идэх, цай уух үедээ будгаа арилгаж хэвшээрэй. Хэрэв будагны таг алга болсон бол цүнхэндээ шууд хийхээс татгалзаж, будгаа хайлуулан, тагтай саванд хийж, багс ашиглаж будаарай. Уруулын будгийг хөлдөөгчид хонуулахад бактери устдаг бөгөөд нянгийн эсрэг салфеткаар зөөлөн арчиж, ариутгах боломжтой.

Үзүүрлэгч

Нүд, хөмсөгний харандааны үзүүрлэгчээ тогтмол ариутгах шаардлагатай. Косметик харандаанд химийн найрлага ордог учир цэвэрлэхгүй орхисноор гөлгөр гадаргуу, гаднын нөлөөний улмаас нян үрждэг. Тиймээс долоо хоног бүр спиртэд норгосон хөвөнгөөр үзүүрлэгчээ цэвэрлээрэй.

Гоо сайхны цүнх 

Гоо сайхны цүнх нь агаар нэвтрүүлэх боломжгүй, олон төрлийн бүтээгдэхүүн нэг дор багтаадаг учир их хэмжээний нян агуулдаг. Даавуун материалтай цүнх цэвэрлэхэд хүндрэлтэй учир савхи, арьсан болон гялгар материалтайг сонгоорой. Харин ариутгахдаа бактери устгагч шингэнийг хөвөнд шингээж эсвэл салфеткаар арчиж, угаалгын бодисоор угааж болох юм.

Багс

Нүүр будах хамгийн чухал хэрэгсэл бол багс юм. Мөн нүд, уруул зэрэг нүүрний эмзэг хэсэгт хүрдэг учир тогтмол ариутгах зайлшгүй шаардлагатай. Ялангуяа амьтны үсээр хийсэн багсанд нян үржих магадлал өндөр учир аль болох хиймэл үстэйг сонгож хэрэглэхийг зөвлөе. Харин ариутгахдаа зориулалтын шингэн хэрэглэх нь эрсдэлээс хамгаалах бөгөөд сард 2-3 удаа зайлшгүй цэвэрлэж хэвшээрэй.

Шахмал энгэсэг

Шахмал энгэсэг багс, пролон байнга хүрдэг учир амархан бохирддог. Тиймээс тогтмол ариутгах шаардлагатай бөгөөд бусдын багсыг бүтээгдэхүүндээ бүү хүргээрэй. Харин цэвэрлэхдээ изопропилийн спиртийг шүршигч саванд хийн энгэсэг рүүгээ шүршиж болох юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Амны хаалтны загвар хувьслын шинэ шатанд гарчээ

 0 сэтгэгдэл

Дэлхий нийтийг аюулд оруулсан COVID-19-ийн халдварын улмаас амны хаалт хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болоод буй. Амны хаалтны хэрэглээ нэмэгдэхийн хэрээр загвар, дизайн нь ч хувьсан өөрчлөгдөж, зарим талаараа гангараа болжээ. Энэ жилийн Парисын загварын долоо хоногт алдартай дизайнерууд амны хаалтны шинэ коллекцуудыг танилцуулсан нь үүний нотолгоо юм.

Казахстаны бизнесмен, стилист, Barber Shop-ын үүсгэн байгуулагч Таир Марассулов Louis Vuitton-ийн амны хаалтаар коронавирусээс өөрийгөө хамгаалжээ.

Сошиал инфлюенсерүүд ч бас амны хаалтыг хувцаслах хэв маягтаа нийцүүлэн сонгох замаар хандалтаа нэмэгдүүлж байна.

Balmain-ийн намар, өвлийн цуглуулгын танилцуулгыг үзэхээр ирсэн нэгэн инфлюенсер амны хаалт дээрээ Chanel-ийн логог байршуулсан нь олны анхаарлыг татжээ.

Devil Fashion-ий эмэгтэйчүүдэд зориулан гаргасан Goth Bat амны хаалт 30 ам.долларын үнэтэй.

Амны хаалтны шинэ загвар зохиох “уралдаан”-д манай үндэсний үйлдвэрүүд ч өрсөлдөөд эхэллээ. Тухайлбал, өхөөрдөм үгс, өвөрмөц загвараар ялгардаг “Үр минь” брэндийн хүүхдийн амны хаалтууд ийм байдалтай үйлдвэрлэгджээ.

Уг вирус Хятадад анх бүрт гэгд сэнээс болж Европ, Америк тивийн орнуудад азиудыг гадуур хах хандлага ихэссэн. Тиймээс нэгэн бүсгүй монгол гэдгээ таниулахын тулд төрийн далбааныхаа өнгөөр амны хаалт хийсэн нь өвөрмөц шийдэл болж чаджээ.

Eastern Kentucky их сургуулийн төгсөх ангийн оюутан 21 настай Эшли Лауренс хэлгүй, дүлий хүмүүст зориулсан, амны хайрцаг уншигдах боломжтой маск зохион бүтээжээ.