A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2472/

Цахим даатгалыг хөгжүүлье

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2472/


Манай орны өргөн уудам газар нутаг, цөөн хүн амтай хэв шинжид мэдээллийн технологи ашиглаж үйлчилгээгээ хүргэх нь нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ юм. Сүүлийн үед мэдээллийн технологийн хөгжил бүх салбарт хүчтэйгээр нэвтрэн орж, цаг зардал хэмнэснээр үйлчилгээнд дэвшил, хэрэглэгчдэд таатай нөхцөл авчирч байна. Ялангуяа санхүүгийн хүртээмж нэрээр санхүүгийн үйл ажиллагаанд өргөн хүрээг хамран хэрэгжиж байна. Түүний дотор даатгалын салбарт тодорхой боломжийг бий болгож байгаа юм. Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг мэдээллийн технологийн дэвшилийг ашиглан иргэдийн гарт хүргэлээ. Жолоочийн даатгалын мэдээллийн санд шинэ платформ /МИИС++/ нэвтрүүлснээр даатгуулагч нар даатгалын байгууллага дээр заавал очих биш даатгалын байгууллагатай даатгуулагчдыг технологиор холбох байдлаар бизнесийн үйл ажиллагааны чиглэлийг өөрчилж даатгалын зардлыг бууруулж үйл ажиллагааг хурдан шуурхай найдвартай болголоо.

Жолоочийн албан журмын даатгал нь дэлхийн 166 оронд хэрэгжсэн 100 гаруй жилийн түүхтэй даатгалын бүтээгдэхүүн бөгөөд Монгол улс хамгийн отгон хэрэгжүүлэгч юм.

Төрийн нээлттэй мэдээллийг албан журмын даатгалд ашигласнаар иргэдээс элдэв бичиг баримт шаардах хүнд сурталыг багасгаж, мэдээллийн чанарыг сайжруулж төрийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангаж байна. Иргэд хоорондын мөнгөн шилжүүлгийг гар утаснаасаа хийдэг болоод удаж байна. Тэгвэл одоо гар утаснаасаа даатгалын үйл ажиллагааг хийх боломжийг бий болголоо. Тус Холбоо энэ үйлчилгээг бий болгохдоо сүүлийн жилүүдэд эрчимтэй хэрэгжиж байгаа блокчэйн технологийг ашиглаж байгаа юм. Бид олон улсын хэмжээнд даатгалын салбарт анхдагч болж олон улсын даатгалын байгууллага дундаа өөрийн үйл ажиллагаандаа блокчейн суурьтай онлайн програмыг цахим гарын үсэг ашиглаж албан журмын даатгал хийх боломж бий болгож чадсандаа баяртай байна.

Энэ технологийг ашигласанаар мэдээллийн аюулгүй байдлыг сайжруулж, даатгуулагчийн мэдээллийг засах өөрчлөх, даатгалын луйвар хийх боломжийг бүрмөсөн таслан зогсооно. Блокчейн технологийг албан журмын даатгалд ашигласнаар хэрэглэгчдэд ээлтэй даатгалын үйл ажиллагааг зохион байгуулж харилцагчийн сэтгэлд нийцсэн үйлчилгээний шаардлагыг хангаж байна.

Блокчэйн технологи гэхээр зарим хүмүүс биткойн болон криптовалюттай хольж ойлгох нь нийтлэг байна. Үнэндээ биткойн болон криптовалют нь блокчейн технологид суурилсан нэг л бүтээгдэхүүн юм. Энэ технологийг ашиглаад олон мянган бүтээгдэхүүн үйлчилгээг шинээр бий болгож одоо ашиглаж байгаа програм, системтэйгээ хослуулан бидний өнөөг хүртэл шийдвэрлэж чадахгүй байсан олон асуудлыг нэг мөр шийдэх боломжийг бий болгоод байна.

Бүү эргэлз. Оюун ухаанаа зарцуулж оролдвол нэгийг бүтээнэ.

Дэлхийн ирээдүйн чиг хандлагыг тодорхойлж буй энэ технологийг ашиглаж эхлэхэд зарим байгууллага хувь хүмүүс гайхшран хүлээж авч байсан.

Дэлхийн улс гүрнүүд, санхүүгийн том корпорацууд блокчэйн технологийг ашигласан төсөл хөтөлбөрөө нэгэнт эхлүүлжээ.Түүний дотор Монголын Албан журмын даатгагчдын холбоо төсөл хөтөлбөрөө боловсруулж дуусгаад нэвтрүүлж эхлээд байна.

Бид гараанаас сугаран гарч барианд манлайлан орлоо. Харин яаж угтаж айраг мялаахыг даатгуулагчдын оюун ухаан мэдтүгэй.

Орчин үетэй хөл нийлүүлэн мэдээллийн технологийн хөгжлөөс хоцрохгүй байх нь нас, байгууллагын статус, нөхцөл байдлаас үл хамаарах юм. Зориглоод судлаад оролдоод эхлүүлвэл бид салбартаа амжилттай анхдагч болж, хэрэглэгчээ бодсон шийдэл гарцыг үргэлж шинээр хийж, сайжруулах боломжтойг манай Албан журмын даатгагчдын холбоо харуулж байна.

Манай байгууллага дижитал шилжилт, Цахим Монгол хөтөлбөрийг өөрийн үйл ажиллагаандаа бодитой нэвтрүүллээ.

Бидний хэсэг монголчууд өөрийн хувь нэмрийг монголын хөгжил дэвшилд оруулж байна.

Технологийн дэвшлийг оновчтой сонгон авч ашиглах замаар Монгол улсын хөгжилд бодитой хувь нэмэр оруулахыг мэргэжил нэг нөхөддөө уриалж байна.

Албан журмын даатгагчдын холбооны гүйцэтгэх захирал Д.ЦЭВЭЭНЖАВ

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ж.Амарсанаа: Сүрьеэгийн халдварыг маш сайн хянадаг бодлого алдагдсан

Салбарын сайд дорвитой арга хэмжээ авахгүй байсаар ноцтой байдалд хүргэлээ

 0 сэтгэгдэл


Сургуулиудаас сүрьеэ илэрсэн тохиолдол бүрийг тоолж суухаас өөр дорвитой арга хэмжээ авахгүй байгаа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг огцор гэж эцэг эх, багш, ТББ-ын төлөөлөл жагсав. Нийгмийн гоц халдварт өвчин болох сүрьеэ гарсан даруйд нь арга хэмжээ авахын оронд харин ч бусад эцэг эхчүүдэд мэдэгдэхээс нууж, гал унтрааж явсаар өнөөдрийн ийм байдалд хүргэсэн гэж тэд салбарын сайдыг буруутгаж байна.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн 529 сурагч, 97 дугаар сургуулийн 70 сурагчаас сүрьеэгийн халдвар илэрсэн талаарх мэдээ нийгмийг түгшээгээд буй. Тэгвэл төв аймагт 200 сурагч сүрьеэ өвчний халдвар авсан нь мөн тогтоогдсон гэж жагсагчид хэлэв.

“Тун удахгүй олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тохиох гэж байна. Гэвч энэ өдөр хүүхдүүдэд баярлах шалтгаан гарахгүй нь. Сүрьеэ бол маш аюултай өвчин. Ийм олон хүүхэд халдвар авчихаад байхад ЭМЯ яагаад ажиллахгүй байна вэ. Сүрьеэгийн халдвар зөвхөн нэг хүүхдийн асуудал биш. Халдвар авсан хүүхдийн цаана гэр бүл, нэг ангид хамт суралцаж байгаа хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын асуудал хөндөгдөнө. Бид тэмцлээ үргэлжүүлнэ. хариуцлагагүй байдлын улмаас жирийн иргэд хохирох ёсгүй. Бусад эцэг, эхчүүдийг бидэнтэй нэгдэхийг уриалж байна” гэж жагсагчдын төлөөлөл бүхий эцэг эхчүүд хэлсэн юм. Харин “хөгжлийн түлхүүр эмэгтэйчүүд” ТББ-ын тэргүүн Г.Хажидмаа “15 дугаар сургуулийн сурагчдад хүчээр эм уулгасныг багш нар нь ярьж байна. Сүрьеэгийн эм бол маш хүчтэй нөлөөтэй. Хүүхдүүдийн элэг, ходоодыг гэмтээдэг эм. Гэтэл яагаад эмчийн хяналтгүй, дур мэдэн хүчээр энэ эмийг уулгаж байгаа юм бэ. Хариуцлагыг нь хэн хүлээх вэ” хэмээв.

Хүний их эмч Д.Эрдэнэсувд 15 дугаар сургуульд хийсэн сүрьеэгийн тандалт судалгааны дүнгээр хамрагдсан нийт хүүхдийн 10 хувь нь сүрьеэгийн далд хэлбэрийн халдвартай нь илэрч байсныг хэлэв. Гэвч тухайн үед салбарын яамнаас арга хэмжээ аваагүйн уршиг өнөөдөр гарч байна гэдгийг тэрбээр тодотгосон юм. Д.Эрдэнэсувд “Хэрэв тухайн үед асуудлыг анхааралдаа авч, шуурхай ажилласан бол өнөөдөр энэ олон хүүхэд эрүүл мэнд, ирээдүйгээрээ хохирохгүй байлаа” гэсэн юм.

Жагсаалд оролцогчид удаа дараа алдаа гаргаж, мөрийн хөтөлбөрийнхөө хэрэгжилтийг хангаагүй Эрүүл мэндийн сайдыг огцрохыг шаардаж, ЭМЯ-нд шаардлага хүргүүлж байгаа аж.  Сургуулиуд сүрьеэгийн голомт болоод байхад ЭМЯ дорвитой арга хэмжээ авахын оронд харин ч авлига, албан тушаалын хэрэг хийгээд сууж байгааг ч шүүмжиллээ. Тэд Эрүүл мэндийн сайдад өгсөн шаардлагынхаа хариуг хоёр хоногийн дараа авна хэмээн мэдэгдэж байв.

Энэ үеэр тус жагсаалд оролцогч, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаагаас зарим зүйлийг тодрууллаа.

-Өнөөдрийн жагсаалын гол зорилго нь юу юм бэ. Сурагчдын дунд бий болоод буй сүрьеэгийн халдварын талаар эмч хүний хувьд ямар дүгнэлт өгч байна вэ?

-Эрүүл мэндийн яамны үйл ажиллагаа хангалтгүй, тус салбарын сайд салбараа удирдаж чадахгүй байна гэсэн үндэслэлээр бид тэмцэл хийж байна. Монгол Улс олон өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байна. Жишээлбэл, хорт хавдар. Элэгний хорт хавдрын нас баралтаар нэгдүгээрт, ходоодны хорт хавдрын нас баралтаар мөн нэгт, цус харвалтын гаралтай нас баралтаар хоёрдугаарт орж байна. Үүний хажуугаар сүрьеэгийн өвчлөл гараад ирлээ.

Сүрьеэгийн халдварыг уг нь маш сайн хянадаг байсан. Гэтэл өнөөдөр тэр бүх бодлого алдагдаж, өмнө нь гаргасан амжилтаасаа ухраад эхэллээ. Зөвхөн нэг сургуульд 500 гаруй хүүхэд сүрьеэгийн халдвартай нь тогтоогдож, олон хүүхэд идэвхтэй сүрьеэгийн халдвартай гарсан. Идэвхтэй сүрьеэгийн цаана халдвар маш идэвхтэй явагдаж, бусдад халдвар дамжуулах магадлалтай байдаг. Тэгэхээр сургуулийн орчинд хүүхэд сурч боловсрох бус, өвчин авах орчин бүрджээ гэж харж байгаа.

-Та өмнө нь тус яамны дэд сайдаар ажиллаж байсан. Таныг байхад сүрьеэгийн өвчлөл өнөөдрийнхтэй харьцуулахад ямар байсан бэ?

-Намайг ажиллаж байхад тандалт, судалгаа хийгдээгүй байсан. Тандалт судалгаа хийх ажлыг эхлүүлж, түүний үр дүн 2016 онд гарсан. Тухайлбал, сургуулийн насны хүүхдүүдийн 10 хувь нь далд сүрьеэтэй болох нь тогтоогдсон. Харамсалтай нь, тэр дүнг Д.Сарангэрэл сайдад дуулгасан боловч арга хэмжээ авахгүй байсаар өнөөдрийн ийм ноцтой нөхцөл байдал үүссэн гэж харж байна. Тиймээс салбарын сайд хариуцлага хүлээх ёстой.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ц.Монгол: Монголынхоо баялгийг сорчилж, ухаж төнхөөд байгаа нөхдүүдийг өмгөөлөх дургүй

“Алиби” бол дэлхий нийтээр бүх улс оронд хүлээн зөвшөөрөгдсөн пакт

 0 сэтгэгдэл


З.Үлэмж

Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, Хуульчдын холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Ц.Монголтой ярилцлаа.

-Та сүүлийн үед тогтолцооны өөрчлөлтийн талаар илүү идэвхтэй байр сууриа илэрхийлж байх шиг. Энэ тухай яриагаа эхлэх үү?

-Тиймээ. Тогтолцооны гажуудлыг хэрхэн засаж өөрчлөх талаасаа гэвэл илүү зохимжтой болов уу. Үнэнийг хэлэхэд хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдэл, шүүх эрх мэдлийн эрх зүйн зохицуулалт муу байгаа юм. Одоо манай улс нэг парламенттай, Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн Цэц, Засгийн газар, шүүх гээд төрийн эрх мэдэл нь тав хуваагдсан стандарт бус “гаж” тогтолцоотой явж ирлээ. Энэ нь дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн төрийн гурван өндөрлөг бүхий тогтолцоо биш, Таван толгойтой, хариуцлагагүй систем бий болсон. Үүний хор уршиг нь Монгол төр хүчгүйдэх, муу хууль батлах, тэр нь нийгмийн хөгжилд чөдөр тушаа болох, байгалийн баялаг цөлмөгдөх, Монголын шүүх эрх мэдлийн байгууллага улс төрийн хараат болох байдлаар илэрч байгаа юм. Үнэндээ бол улсын УИХ-ын гишүүн нь Засгийн газрын гишүүн байдаг гаж тогтолцоо хууль тогтоох, гүйцэтгэх засаглалыг улам ойлгомжгүй болгож ирлээ. Ийм учраас хувийн ашиг сонирхлоо ард түмнээс дээрд үзсэн гэмт бүлэглэлүүд бий болж, шударга бус байдал газар авсан. Хуулийн байгууллагын удирдлагууд улстөрчдийн томилгоогоор, тэдний утсан хүүхэлдэй болж явдаг болсноор хуулийг дээдэлж хэрэгжүүлэх биш, тэр хүмүүсийнхээ хандлагыг дагадаг болсон. Жишээ нь, сая хуульд орсон өөрчлөлтүүдийг би зөв талаас нь харж дэмжиж байгаа. Улс төрийн хараат хуулийн байгууллагуудыг улс төрийн хараат бус болгох анхны алхам хийгдлээ. Одоо үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж хуулиа улам боловсронгуй болгох хэрэгтэй. Хоёр танхим бүхий хяналтын тогтолцоотой, шинэ парламент бүхий үндсэн хуулийн шинэ тогтолцоогоор явахын бол зөв болно л гэж боддог. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Зөвлөмжөөр хуулийн байгууллагын нөхдүүдэд хариуцлага тооцсон нь харин ч хариуцлагын тогтолцоог бий болгож байгаа хэрэг. Энэ талаас нь харвал яах аргагүй зөв шийдвэр болж байгаа юм.

-Та сүүлийн үед ямар компанид өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байгаа гэсэн бэ?

-Эрдэнэтийн балансын бус хаягдал овоолгоос зэс үйлдвэрлэж байгаа “Ачит-Ихт” компани.

-Тус компанийн тухай хэр сайн мэдэх вэ?

-Төсвөөс нэг ч төгрөгийн санхүүжилт авалгүй, хөгжлийн банк, бондны мөнгөнөөс зооглочихолгүй, дотоод, гадаадын банк, хөрөнгө оруулагчаас арилжааны зээл авч, үлдсэн санхүүжилтээ бүтээгдэхүүн худалдаалах гэрээгээр шийдсэн үндэсний компани юм байна лээ. Миний хувьд энэ компанийн гэрээт зөвлөхөөр ажилладаг учраас бодит мэдээлэлд илүү ойр байгаа.

-Ашгүй дээ. Тэгвэл таниас нэг зүйл асууя. “Ачит-Ихт” ХХК-ийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой гэсэн хардлага байдаг. Энэ үнэн үү?

-Энэ компанийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой мэтээр харддаг. Хуульч, өмгөөлөгч мэргэжилтэй хүний хувьд, бас гэрээт зөвлөхийнхөө хувьд сонирхож үзэх боломж гарсан л даа. Үнэнийг хэлэхэд “Ачит Ихт” компани тэр хүнтэй ямар нэгэн холбогдолгүй юм байна лээ. Үүнийг харин би итгэл үнэмшилтэй, хариуцлагатайгаар хэлж чадна.

-Та үйлчлүүлэгчийнхээ ямар асуудал дээр өмгөөлөл үзүүлж байгаа юм бэ. “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой маргаан уу?

-Чамайг яагаад тэгж асууж байгааг мэдэхгүй юм. Сүүлийн үед энэ компанид 2011-2012 онд ганц жил гаруй ажиллаж байсан нэг хүн, тусгай сайт хүртэл нээчихээд энэ компанийн нэр төрд халдаж үндэслэлгүй мэдээлэл нийтэлж, үүсгэн байгуулагчийг нь дарамталж гүтгэлэг явуулж байгаа. Энэ хүнтэй уулзаж ярилцаж асуудлыг эвийн журмаар шийдэх гэж оролдсон боловч бүтэлгүй болсон ба одоо маргаан даамжирч байгаад хүнийхээ хувьд харамсаж байна.  Харин “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой ямар нэгэн маргаан байхгүй. Балансаас хасагдсан овоолго ашигласныхаа төлбөрт “Эрдэнэт” үйлдвэрт жил бүр роялти төлдөг юм байна лээ. Улсад одоо хүртэл 136 тэрбум төгрөгийн татвар төлсөн. Бүх үйл ажиллагаа нь хуулийн дагуу, гэрээ, ном журмынхаа хүрээнд явагдаж ирсэн байна.

-Хөдөлмөрийн гэрээтэй холбоотой маргаан уу?

-“Ачит-Ихт” компанид ажиллаж байгаад ажлаасаа өөрийн хүсэлтээрээ чөлөөлөгдсөн иргэний нэхэмжлэлтэй маргаан байгаа юм. Тус компанийн өмнөх гүйцэтгэх захирлын үед ажиллаж байгаад ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөөд төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ажилд орсон юм байна лээ. Дараа нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас чөлөөлөгдөж ажилгүй болсон хойноо хуучин ажиллаж байсан “Ачит-Ихт” ХХК-иасаа үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж улмаар шүүхэд хандсан маргаанд үндэсний компанийн өмнөөс өмгөөлөл үзүүлж байгаа.

-“Ачит Ихт” компани ашигтай ажиллаж байгаа биз дээ. Нэхэмжилсэн мөнгийг нь өгчихгүй яасан юм бол?

-Өгөх ёсгүй болоод л өгөхгүй байгаа хэрэг л дээ. Бүх юм хуулийн дагуу байх ёстой шүү дээ. Тэгээд ч тус компанийнхан нэг хүний төлөө биш, нийтийн, нийгмийн мөрөөдлийн төлөө зүтгэж, ажиллаж хөдөлмөрлөж байгаа гэсэн итгэл үнэмшилтэй байдаг хамт олон юм билээ. “Ачит Ихт” компани гидрометаллургийн үйлдвэрийнхээ ТЭЗҮ-ийг Бээжингийн уул уурхай металлургийн институцээр 2011 онд анх хийлгэсэн байгаа юм. Мөн 2011 онд “Эм Ки Эс” ХХК-иар зураг төсөл хийлгэх гэрээ байгуулж байсан төдийгүй, 2012 онд ижил төстэй “Эрдмин” ХХК-ийн захирал профессоруудаар ТЭЗҮ-ээ хийлгэж байсан юм байна. 2011-2014 он хүртэл 150 гаруй монгол инженер техникийн ажилчдын хөдөлмөр, одоо ажиллаж байгаа 220 ажилчны хичээл зүтгэл гээд чамгүй хүний нөөцтэй шүү дээ.

Гэтэл энэ их олон хүний хөдөлмөрөөр бүтсэн “Ачит-Ихт” ХХК-ийн гидрометаллургийн үйлдвэрийг тус үйлдвэрт 2011-2012 оны хооронд жил гаруйхан хугацаанд ажиллаж байсан автын инженер мэргэжилтэй, иргэн С.Цэвэгжав гэгч “Ямар ч зураг төсөлгүй үйлдвэрийг би зураг төслийг нь гаргаад босгочихсон юм” хэмээн худал мэдээлэл тарааж, элдэв шантааж үзүүлсээр ирсэн байдаг. Тэр хүн 2010 оны 12 дугаар сараас 2012 оны 5 дугаар сарын 1 хүртэл үйлдвэрт ерөнхий инженер хийж байгаад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж, “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ажилд орсон юм байна.

“Ачит Ихт” ХХК-ийн өмнөх гүйцэтгэх захиралтай хуйвалдаж, ТУЗ-ийн зөвшөөрөлгүйгээр 2012 оны 5 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 31 хүртэл төслийн зөвлөх гэсэн тушаалыг гаргуулж, “Эрдэнэс Тавантолгой” компанид ажиллаж байхдаа Ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль, хөдөлмөрийн хуулийн заалтуудыг зөрчиж “Ачит-Ихт” ХХК-иас давхар цалин авдаг байж.

Тэгээд 2017 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас гарч ажилгүй болсныхоо дараа дээрх тушаалаа ашиглаж орхон аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд харъяаллын бусаар хандсан л даа. Тэр хүн нэхэмжлэлдээ 2010-2012 оны хооронд “Ачи-Ихт” ХХК-д Ерөнхий инженер болон Барилгын зөвлөх үйлчилгээ давхар эрхэлж байсан болохыг тогтоож өгөхийг хүссэн байна. Түүний ажилд орсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалууд нь бүрэн байхад тэрээр шүүхэд хандсан, шүүх хариуцагч нь байсаар байхад мэдэгдэлгүйгээр иргэний хэрэг үүсгэсэн нь хачирхалтай. Харамсалтай нь механик инженерийн сургууль төгссөн, автын инженер С.Цэвэгжавыг 2012 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл төслийн зөвлөх буюу барилгын зөвлөх үйлчилгээг давхар эрхэлж байсан гэж Орхон аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Үүрийнтуяа шийдвэрлэсэн.

-Энэ шийдвэр та бүхэнд таалагдаагүй хэрэг үү?

-Шүүхийн шийдвэр хүн бүрт таалагдах албагүй л дээ. Хамгийн гол нь хэд хэдэн хууль зөрчсөн хууль бус шийдвэр болсон. Хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байгаа юм. Хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Жишээ нь, Барилгын тухай хуульд заасан барилгын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг этгээд хэн бэ? Барилгын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг этгээдэд зөвлөх үйлчилгээний эрхийг хэрхэн олгодог вэ? Барилгын яамнаас баталсан дүрэм журам заавар, барилгын хуулийг хэрэглээгүй. Гол нь, шүүх “автын механик хүн барилгын зөвлөх үйлчилгээ үзүүлж болно оо” л гэсэн хачирхалтай дүгнэлт хийсэнд л байгаа юм. Шүүх хүссэнээрээ л асуудалд хандаж, ямар ч үндэслэлгүйгээр хэн нэгэнд бусдаас мөнгө нэхэмжлэх эрх үүсгэж өгч байгаа хэрэг л дээ. Хөдөлмөрийн тухай хуульд “төрийн өмчит байгууллагад ажиллаж байсан этгээд өөр байгууллагад ажил эрхлэхгүй” гэсэн хуулийн заалт байдаг. харьяаллын бусаар нэхэмжлэгч Орхон аймгийн Сум дундын иргэний хэргийн шүүхэд удаа дараа хандаад түүнийг нь шүүх хууль зөрчин хүлээж аваад л байдаг нь анхаарал татаж байна. Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг “Ачит-Ихт” ХХК-д төслийн зөвлөх гэсэн тушаалыг зургаан сарын хугацаатайгаар хамтарч ажиллаж байсан хүнээрээ гаргуулаад тэрнийхээ дараа “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэд захирлаар очоод ажиллаж байсан хүн тэндээс энэ зургаан сарын хугацаанд давхар төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх ямар ч боломжгүй. Өөрөөр хэлбэл “Алиби” буюу хөдөлмөрийн эрх зүйн харилцаа байхгүй, тухайн хүн ажил хийх ёстой газраа огт байгаагүй, өөр газар, өөр аймгийн алслагдсан нутагт өөр ажил эрхэлж байсан нь тогтоогдсон байхад, шүүгч “барилгын зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан” гэж тогтоосон нь байж боломгүй хадуурал, дур зоргоороо авирласан асуудал. Харамсалтай нь, ийм шүүгчдэд хариуцлага хүлээлгэх тийм хуулийн тогтолцоо боловсронгуй бус байна.

-“Алиби” гэсэн үү. Анх удаагаа л сонсож байна.Түүгээр юу илэрхийлнэ гэж?

-Хилсээр хүн амины гэх мэт хүнд гэмт хэрэгт холбогдоод цаазын ял авах гэж байсан хүн “Алиби” буюу тухайн гэмт хэрэг гарч байх тэр цаг үед өөр газар байсан нь тогтоогдвол түүний эсрэг ямар ч нотолгоо байсан ч гэсэн тухайн хүнийг энэ гэмт хэрэгт огт хамааралгүй гэж үздэг хуулийн зарчим. Өөрөөр хэлбэл өмнөговь аймагт “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ажиллаж байсан этгээд энэ цаг үед орхон аймагт ажиллах ямар ч боломжгүй. Иймээс энэ тохиолдлыг “Алиби” гэж үзэх болно. Энэ бол дэлхий нийтээр бүх улс оронд хүлээн зөвшөөрөгдсөн пакт. Тэгвэл, манай шударга ёсны бурхан эсрэгээр нь, бүр “барилгын зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан нь үнэн” гээд хүчээр тогтоочихож байгаа юм. Давж заалдах шатны шүүх нь бас энэ шийдвэртэй зууралдсаар байгаад хэвээр нь үлдээж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй “захиалгатай” гэх хардлагыг төрүүлж байна.

Шүүгчдэд хариуцлага хүлээлгэх хуулийн тогтолцоо боловсронгуй бус байна

-Өмгөөлөгч хүнд өөрийн гэсэн итгэл үнэмшил байдаг нь мэдээж. Бас их мэдрэмтгий ч болдог байх. Энэ маргаанаас та юу анзаарав?

-Өмгөөлөгч хүн эмч хүнтэй ижил. Эмч хүн хэнийг ч эмчлэхийн төлөө явдагтай адил өмгөөлөгч бол тийм л үйлчилгээг үзүүлдэг бүх нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн субьект. Хэдийгээр хуулийн талаасаа өмгөөлөл үзүүлэх үүрэгтэй ч, Монголынхоо баялгийг сорчилж, ухаж төнхөөд байгаа нөхдүүдээс аль болох татгалзахыг л хичээдэг. “Ачит-Ихт” ХХК-ийн мэдээллүүдийг аваад судалж үзэхэд үнэхээр л эерэг итгэл үнэмшил төрж байсан. Яахав эвлэвэл бүтнэ ховловол гутна гэж үг бий. Мэдээж илүү дутуу мөнгө өгөх хууль зүйн үндэс байхгүй гэлээ ч, эвийн журмаар асуудлыг шийдвэл яасан юм бэ гэсэн саналыг аль аль талд нь тавьж, уулзуулж байсан ч харамсалтай нь эв зүйгээ олж чадаагүй. Адгийн зарга 10 хоног гэгчээр маргаан үүсээд л явж байна. “Ачит-Ихт” компанийн хувьд үндэсний үйлдвэрлэгч, ямар нэгэн бохир арга хэрэглээгүй, хуулийн хүрээнд балансын бус хаягдал овоолгыг ашиглаж боловсруулах гэрээгээ байгуулж, дотоодын банкнаасаа зээл аваад зээлээ ном ёсоор нь төлсөн баримтууд нь бүгд байж байгаа. Тиймээс би итгэл үнэмшилтэйгээр өмгөөлж байгаа. Зарим этгээдийн ярьж бичиж байгаа шиг “Манангийн толгойлогч” нартай холбоотой байсан бол би л лав өмгөөлөхгүй байсан.

-Хууль шүүхийн салбарт гарч буй алдаа завхралыг хараад ахмад өмгөөлөгч хүний хувьд хэр эмзэглэж байна вэ?

-Шүүхээр хүний эрх, компанийн эрх хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчиж шударга бус шийдвэр гаргаж байгаа тэр процессыг “хонгил” гэж нэрлээд байх шиг. Иргэний хэрэг дээр таньдаг шүүгчээрээ дамжуулан түүнд нөлөөлөөд хэргийг хууль бусаар шийддэг байдал ажиглагдаж байгаа бол, захиргааны хэргийн шүүх дээр ашигт малтмалын лиценцтэй холбоотой ч юм уу, улс орны язгуур эрх ашгийг зөрчөөд хууль бусаар өгчихсөн лицензүүдтэй холбоотой хэргүүдийг гадныханд ногоон гэрлээр шийдэж өгч байгаа тохиолдолууд байгаа. Эрүүгийн хэргийн хувьд бүр ч ноцтой жишээ олон байгааг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа шүү дээ.

-Та бас шүүгчээр ажиллаж байсан хүн, шүүгчээсээ татгалзчихаж болоогүй юм уу?

-Би 1991-1994 онд шүүгч хийж байсан. Тэр үед би хэргийн оролцогчдоос ямар нэг үл итгэх байдал ажиглагдмагц би өөрөө татгалзчихдаг байсан. Одоо бол их өөр дүр зураг харагдаад байна. Өөрөө татгалздаг шүүгч их ховор болсон. Гэхдээ тийм шүүгчид бол цөөн ч гэсэн байна. Энэ таны асуугаад байгаа хэргийн хувьд би шүүгчээс, шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан ч ерөөсөө татгалзлыг хүлээж аваагүй. Шүүх нэг хэрэг авсан бол ерөөсөө зууралдаад салдаггүй муу жишиг тогтчихсоны нэг амьд жишээ бол энэ. Энэ нь нэг бол ашиг сонирхлын зөрчилтэй, нөгөө бол нэхэмжлэгч этгээдтэй хувийн харьцаатай байж таарна аа даа. Ер нь тийм биз дээ. Сонирхолгүй бол шүүгч татгалзах хүсэлтийг хүлээн авах эсхүл өөрөө татгалзаад гарах л байсан шүү дээ. За ингээд Орхон аймгийн Сум дундын шүүхэд итгэх итгэл алдарсан тул нийт шүүгчдээс татгалзахаар компанид санал тавьсан боловч, компанийн удирдлага шүүх бүрэлдэхүүнд найдаж хүсэлт гаргаагүй. Ер нь бол, орхон аймгийн Сум дундын иргэний хэргийн шүүхэд тодорхой хэмжээний нөлөө ороод шударга бусаар шийдвэр гаргаад явж байгаа нь бас нэг хонгил байхгүй юу. Нарийн ярих юм бол янз бүрийн хонгилууд байгаад байх шиг.

-Иргэний хэрэг дээр анхаарвал зохих ямар асуудлууд гардаг вэ. Таныг мэдэх ёстой хүний нэг гэж бодоод л асуучихлаа.

-Эрүү, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд завхралын шинжтэй олон арван заалтууд орсноор гэмт этгээдүүд, шударга бус этгээдүүдэд их ч боломж олгож, шударга иргэдийг ихээхэн хохироож байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд л гэхэд зөндөө олон заалт орсон. Жишээ нь, шинжээч томилуулахаар аль нэг тал хүсэлт гаргалаа гэж бодьё. Шүүгч тэрийг нь хүлээж авахгүй. Тусгай мэргэжил мэдлэг шаардаад шинжээчийн дүгнэлт гаргаад ирэхээр хэрэг нь зөв шийдэгдэх нотолгоо бий болдог. Гэтэл шинжээчийг томилохгүй байгаа тэр шүүгчийн шийдвэрт гомдол гаргах эрхийг хуулиар хязгаарласан. Энэ бол хүний эрхийг зөрчиж байгаа наад захын жишээ юм.

Манай хууль шүүхийн байгууллагын гажуудал хуульчиддаа байхаас гадна, хариуцлагын тогтолцоо байхгүй, халж сольдог заалт ч байхгүй, яг л хааныг бүх насаар нь өргөмжилдөг шиг  шүүгчийг бүх насаар нь өргөмжилчихөөд, өргөсөн тангарагтаа үнэнч байж чадаагүй хууль зөрчсөн, ёс зүйгүй, нэг талд шийдвэр гаргадаг нөхдүүдэд сахилгын хариуцлага хүлээлгэдэг, ажлаас нь чөлөөлдөг тэр механизм байхгүй байгаатай холбоотой. Тиймээс зарим шүүгч буруу  шийдвэр гаргаж, бусдыг хохироогоод хэл ам дагуулаад байна л даа .

-Өмгөөлөгч хүн үзэл бодол, хандлагаа нэгдүгээрт тавих ёстой байдаг юм уу, эсвэл үйлчлүүлэгчээ эхэнд тавих ёстой юу?

-Үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны эрх ашиг сонирхлыг дээдэлж, түүнд хуулийн хүрээнд эрх зүйн зөвлөлгөө туслалцаа үзүүлэх учиртай. Миний хувьд хэдийгээр хуулийн талаасаа өмгөөлөл үзүүлэх үүрэгтэй ч, Монголынхоо баялгийг сорчилж ашиглаж байгаа нөхдүүдээс аль болох татгалзахыг л хичээдэг. Жишээ нь, “Ачит-Ихт” болон тэр компанид ажиллаж байгаад гарсан иргэний холбогдолтой маргаан дээр үйлчлүүлэгчийн эрх ашиг хохирч байгаа тул би уг үйлчлүүлэгчийнхээ олон нийтэд энэ талаар мэдээлэл өгөхийг хүссэн хүсэл, зоригийг хүндэтгэн зарим мэдээлэл хийсэн. Ер нь нийтийн эрх ашигтай холбоотой маргаантай холбогдох аливаа асуудлыг олон нийтэд ил тод мэдээлж ажилладаг ба энэ нь тухайн үйлчлүүлэгчийн хүсэл зоригийн дагуу л хийгддэг.

Үйлчлүүлэгч маань одоо шүүхийн ёс зүйн хороонд нэгэнт гомдол гаргасан, энэ талаар мэдээлэл хийхийг хүссэн учраас энэ ёс зүйгүй, мэргэжлийн хариуцлагын санаатай алдаа гаргасан гэж үзэхээр шүүгчийн алдаа, үйл ажиллагааны талаар таны асуултад хариулж байгаа юм. Орхон аймгийн Сум дундын иргэний хэргийн шүүхийн шүүгч Д.Үүрийнтуяа үнэхээр хариуцлагагүй, ёс зүйгүй ажилласан. Тэр утгаараа ёс зүйн талаас нь ярьж байна. Төрөөс явуулж байгаа бодлогыг дэмжиж байгаа учраас хараат, ёс зүйгүй, хуулийг уландаа гишгэсэн, хуулийг буруу хэрэглэдэг, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэдэггүй нэр бүхий шүүгчдэд хариуцлага тооцох ёстой. Шударга хүн бол хэзээ ч юунаас ч айхгүй л байдаг байхгүй юу. Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж гараад ажлаа өгсөн ч тухайн шүүгч хууль зөрчөөгүй гэдгээ гурван шатны шүүхээр тогтоолгоод ажилдаа орох хуулийн зохицуулалт байгаа. Энэ бол боломжтой л асуудал шүү дээ. Дахин хэлэхэд үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг хууль, шүүхийн байгууллагуудын удирдлагуудыг өөрчлөхөөр хуульчилсан нь харин ч нэг удаадаа хариуцлагын механизмын эхлэл тавигдсан гэж бодож байна.

-Ярилцсанд баярлалаа. Танд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

-Баярлалаа. Тогтолцооны гажуудлаа засаад, шүүх эрх зүйн зохицуулалтаа сайжруулаад, шүүгчид нь хууль, ёс зүйгээ чандлан баримталдаг болчихвол засаг төр маань ч улам бүр саруулжих л болно шүү дээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Цөхөрч туйлдсан иргэдийн эцсийн сонголт гэмт хэрэг болов уу

Гэмт хэрэг хамгийн их гардаг орнуудын жагсаалтын 21-д Монгол бичигдэж байна

 0 сэтгэгдэл


НҮБ болон статистик мэдээллийн Numbeo байгууллага хамтран улс орнуудын гэмт хэргийн тоон үзүүлэлтийг жил бүр гаргадаг. 2018 оны үзүүлэлтийг Венесуэл улс 83.23 оноогоор тэргүүлж, Папуа Шинэ Гвиней (79.88), Гондурас (76.84), Өмнөд Африк (76.80), Афганистан (76.63) эхний тавд багтаж, муугаараа цоллуулжээ. Энэ жагсаалтыг сүүлийн жилүүдэд байнга тэргүүлж буй Венесуэлд 1999 оноос гэмт хэргийн гаралт огцом нэмэгдэх болжээ.

Сонирхолтой нь популист улстөрч Уго Чавес яг тэр жил Венесуэлийн Ерөнхийлөгч болсон байна. Санамсаргүй давхцал уу эсвэл хоорондоо нягт хамааралтай гинжин хэлхээ юу гэдэг сонин. Тухайн үеийн Венесуэл улсад 100 мянган хүн ам тутамд ногдох хүн амины хэргийн тоо 20 байсан бол үүнээс хойш жил бүр тасралтгүй өссөөр 2016 онд оргил үзүүлэлт болох 92-т хүрч эрс өссөн байх юм. гэхдээ энэ нь мэдээж дэлхийд тэргүүлэх үзүүлэлт.

Хүүхэд хулгайлах тохиолдол тухайн үед жилд 40 орчим бүртгэгддэг байсан бол 2011 онд 1150-д хүрэх жишээний. Энэ мэтээр болж бүтэхгүй бүх муу үзүүлэлтээр Венесуэл дэлхийд цойлох болсоор хэдэн жилийг үдлээ. Энэ улсад сүүлийн хоёр жил гэмт хэргийн тоо бага зэрэг буурч буй таатай мэдээ бий.

Гэхдээ энэ нь тус улсын эрх баригчдаас шалтгаалсан, харин хэдхэн жилийн дотор олон сая хүн улсаасаа дүрвэн явсантай холбоотой болохыг судлаачид онцлов. Мэдээж хүн амын тоо багасахын хэрээр гэмт хэрэг буурна л даа. Олон улсын судалгаанаас харахад гэмт хэрэг, зөрчлийн тоо нэмэгдэх үндсэн шалтгаан нь ажилгүйдэл, түүнийг даган бий болж буй ядуурал,  эдийн засгийн уналт, улс төрийн нөхцөл байдал, өрхийн орлого, боловсролын түвшин болдог. Товчхондоо бол ард иргэд нь ядуурч, амьжиргааны түвшин доройтож, уур бухимдал нэмэгдэх тусам гэмт хэргийн гаралт өсдөг зүй тогтолтой аж.

Алс холын Венесуэл улсад ажиглагдсан энэ зүй тогтлыг Монголын хөрсөн дээр буулгаад нэг харвал ямар вэ. Цагдаагийн ерөнхий газар 2006 оноос хойш гэмт хэргийн статистик мэдээллийг өөрийн вэб сайтад байршуулж, олон нийтэд нээлттэй мэдээлдэг болсон. Статистик мэдээллийг харвал гэмт хэрэг жилээс жилд өссөөр байгаа аж. Жишээлбэл, улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн тоо 2016 онд 27167, 2017 онд 32259, 2018 онд 36220 гэх мэтээр дандаа өссөн үзүүлэлттэй байна. 2018 онд улсын хэмжээнд бүртгэгдсэн хүнд гэмт хэргийн тоо 8125 байгаа нь 2017 онтой харьцуулахад 20.4 хувиар нэмэгдсэн дүн болов. Энэ мэтээр хулгайн хэрэг 8.9 хувь, халаасны хулгай 46.6 хувь, дээрэм 21.4 хувь, залилан 79.3 хувь, малын хулгай 21.6 хувь, бусдын хөрөнгө завших хэрэг 52.3 хувиар тус тус нэмэгджээ. Нийтлэлийн эхэнд дурдсан гэмт хэрэг хамгийн их гардаг улс орнуудын жагсаалтын 21-д Монгол бичигдэж байгааг энд сануулъя. Манайх далайн дээрмээрээ зартай Сомали, мөнхийн дайн байлдаантай байдаг ливи зэрэг улстай зуузай холбон 59.76 оноо авчээ.

Сонирхолтой нь гэмт хэргийн гаралтын тоо ядуурлын түвшинтэй шууд холбогдож байна. Манай улсын ядуурлын түвшин 1995-2007 онд 36.3 хувиас 29.3 хувь болж, аажмаар буурсан байна. Гэтэл 2009-2010 оны үед 38.7-38.8 хувь болж, эрс нэмэгджээ. Ядуурлын түвшин 2014 онд 21.6 хувьд хүрсэн нь ойрын жилүүдийн оргил “амжилт”. Энэ үед гэмт хэргийн тоо ч харьцангуй цөөн байсныг статистик үзүүлэлтүүд баталдаг. Гэвч 2016 онд ядуурал 30 хувьд хүрч, үүнээс хойш буураагүйгээр барахгүй улам нэмэгдсээр байна. Чухам энэ үед гэмт хэргийн гаралт эргэн өссөн нь санамсаргүй тохиолдол яавч биш.

Сүүлийн үед төр засгийн харалган бодлого, шийдвэрийн уршгаар иргэдийн амьжиргаа яаж доройтож байгаа нь нүдний өмнө илхэн байна. Төрөл бүрийн татварын хувь хэмжээ ойр ойрхон нэмэгдсэнээс гадна тэтгэврийн насыг үе шаттайгаар нэмэхээр болсон нь олон нийтийг бухимдуулж байгаа. Ядаж байхад яр гэгчээр авсан цалингаа амьдралдаа хүргэх гэж зүдэрч яваа олныг өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт улам нэрвэв. Өмнө нь яснаас өөр юмгүй гэж голдог байсан нөөцийн мах одоо ховрын бараа болчихлоо. 6000 төгрөгийн нөөцийн мах авах гэж иргэд хэдэн цагаар дугаарлан зогсож, 1990-ээд оны картын барааны үе шиг алалцаж байгааг харахад л олон нийт ямар ядруу амьдарч байгаа нь шууд ойлгогдоно. Иргэд нь ийн ядуурч, ажил олдохгүй, цалин нь хүрэхгүй зүдэрч байхад төрийн түшээд асар бага хүүтэй зээлийг тэрбум тэрбумаар нь хуйвалдан авч олон “ЖДҮ”-чин илрэн, олныг улам бухимдууллаа. Тэр байтугай эх үүсвэр нь тодорхойгүй “итгэлийн зээл” барьцаа хөрөнгөгүйгээр олгоно, та бүхэн минь өргөнөөр аваарай гэж тохуурхах. Ямар нийгэмд амьдраад байна даа гэж хааяа бодогдох юм.

Уурлаж бухимдсан хүмүүс, аргаа барсан олон нийт болчимгүй алхам хийх зам руу халтирдаг нь гэмт хэргийн тоо өссөн статистикаас харагдана. Ядуурал хүн амын гүнд нэвчих тусам гэмт хэрэг тоо нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрдэг нь зөвхөн Монгол гэлтгүй дэлхий нийтэд тохиодог зүй тогтол аж.

Тэгэхээр гэмт хэрэг их гараад байна гээд шоронгийн хүртээмжийг нэмэх нь чухал биш юм. Ялын бодлогыг чангаруулж, аль болох олон хүнийг аль болох удаан хугацаагаар шоронд хатаах бүр ч буруу. Гэмт хэрэг дийлдэхээ болилоо гээд цагдаа, хүчний байгууллагын орон тоог нэмэгдүүлэх нь ч оновчтой шийдэл биш. Зүгээр л төрийн эрхэнд байгаа нөхдүүд улсаа олигтойхон удирдаад, хүн амынхаа амьжиргааг сайжруулаад, орлогын эх үүсвэрийг нь нэмж, ажлын байраар хангаж, бизнес эрхлэгчдээ дарамталж, боомилолгүй эдийн засгийн эрүүл орчныг бий болговол л гэмт хэрэг аяндаа буурна. Ажилтай орлоготой, амьдрал ахуй нь тэгширсэн хүн юу дутлаа гэж гэмт хэрэг хийж, өөрийгөө болон өрөөлийг эрсдэлд оруулах билээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Риогийн бүтэлгүйтлээ Токиод залруулахын төлөө

Эмэгтэй боксын төрлөөр олимпоос медаль авах зорилго тавьжээ

 0 сэтгэгдэл


Холын Бразилд болсон олимпын наадмаас Монголын тамирчид хоёр медальтай ирснээс хойш цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч, дараагийн олимп хаяанд иржээ. Ердөө жил гаруйхны дараа буюу 2020 оны наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 9-ний хооронд Японы нийслэл Токио хотноо зуны XXXII олимп болно. 2008, 2012 оны олимпоос дөрөв болон таван медаль хүртсэн монголчуудын хувьд Риогоос авчирсан хоёр медаль дэндүү чамлалттай байв. Тиймээс Риогийн бүтэлгүйтлээ Токиод залруулж, урьд өмнө тогтоосон босгодоо заавал хүрэх амаргүй даалгавар манай тамирчдыг хүлээж буй.

Гэхдээ Токио хот манайхтай уур амьсгалын хувьд ойролцоо, цагийн зөрүү бараг байхгүй. Газар нутгийн хувьд ч ойрхон болохоор замдаа алжааж ядрах асуудал үгүй. Яг иймэрхүү нөхцөл байдал Бээжингийн олимпод тохиохиод манайхан бүх цаг үеийн хамгийн шилдэг амжилтаа үзүүлсэн билээ. Тэр ч утгаараа Токиогийн олимпоос том амжилт харуулдах бүрэн боломжтой. Манай топ спортын төрлүүд хэдэн тамирчинтай Токиог зорих, улмаар ямар амжилт үзүүлэхээр зорьж байгааг сонирхуулъя.

Бокс

Сүүлийн гурван олимпын наадам дараалан медаль авсан боксынхон энэ удаа олон улсын холбооноос ямар шийдвэр гарахыг харзнаж байна. Узбекистаны иргэн Г.Рахимов олон улсын сонирхогчийн боксын холбоо (AIBA)-ны ерөнхийлөгчөөр сонгогдсоныг ОУОХ эсэргүүцэж, боксыг олимпын хөтөлбөрөөс хасаж магадгүй гэж сүрдүүлээд авсан. Аргагүй байдалд орсон Рахимов албаа өгснөөр олимп дөхсөн энэ үед боксчдыг хэн удирдах нь тодорхойгүй болсон юм. Үүнийг дагаад ямар тэмцээнээс ямар журмаар олимпын эрх олгох, жингийн ангилал ямар байх вэ гэх мэт асуудал ч бүрхэг үлджээ. Энэ сарын сүүлээр AIBA хуралдаж, тулгамдсан асуудлуудаа шийдэх юм.

“Бид AIBA-гийн хурлаас ямар шийдвэр гарахыг хүлээж байна. Ядаж л олимп ямар жингийн ангиллаар зохиогдох нь одоо хүртэл тодорхойгүй байгаа. Жин батлагдсаны дараа илүү тодорхой зүйл хэлэх боломжтой” хэмээн Монголын боксын холбооны нарийн бичгийн дарга Ц.Батнасан ярилаа.

Боксчид өмнөх олимпод зургаан тамирчинтай оролцож, нэг хүрэл медальтай ирсэн. Энэ удаа тэрхүү үзүүлэлтээ улам ахиулахыг зорьж буй нь тодорхой. Түүнээс гадна боксчид энэ удаа эмэгтэй тамирчнаа олимпод сойх боломж бий. Энэ талаар Ц.Батнасан генсек “2020 онд эмэгтэй боксчинтой орно. орох байтугай медаль авах зорилготой” гэсэн юм.

• Буудлагынхны хувьд олимпын эрхийн бүх тэмцээн 2019 ондоо болоод дуусна. 

• Жүдочид Риогийн олимпод 14 жингийн 13-т нь оролцсон. Энэ үзүүлэлтээ Токиод батлах, ахиулах зорилготой. 

• Монголын эрэгтэй чөлөөтийнхөн 1980 оноос хойш олимпын медалийн бараа хараагүй явна.

Жүдо бөх

Жүдочид хоёр жилийн өмнөөс олимпын оноогоо цуглуулж эхэлсэн. Ирэх оны тавдугаар сарын сүүлээр эцсийн чансаа гарсны дараа токиог хэн зорих нь тодорхой болох юм. Эрэгтэйчүүдийн эхний 22, эмэгтэйчүүдийн эхний 16 тамирчин олимпод зодоглох эрхтэй болно. Түүнчлэн холимог багийн төрлөөр эрх авах гэсэн өөр нэг зорилго бий.

“Олимп бол маш ширүүн өрсөлдөөний талбар. Манайх шиг эдийн засаг сул дорой орнууд өндөр амжилт үзүүлнэ гэдэг хэцүү. Миний бодлоор манай жүдочид 1-2 медаль авахыг зорих байх. Риогийн олимпод бид 14 жингийн 13-т нь оролцсон. Энэ үзүүлэлтээ батлах, ахиулах зорилготой” хэмээн Монголын жүдо бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат ярилаа.

Чөлөөт бөх

Чөлөөтийнхний хувьд эрх олгох анхны тэмцээн нь ирэх есдүгээр сард Казахстаны астанад болох дашт. Дэлхийд эхний зургаад багтаж гэмээнэ Токиогийн эрхээ халааслах юм. Улмаар ирэх онд тив бүрт эрхийн тэмцээн зохиогдоно. Дэлхийн дэвжээнээс эрхээ авсан тамирчид оролцохгүй болохоор бусдад нь боломж гарч ирнэ гэсэн үг. Үүний дараа эрхгүй үлдсэн тамирчид тив харгалзахгүй зохиогдох хоёр тэмцээнд хүч сорьсноор жин бүрийн шилдэг 16 бөх тодрох учиртай. 

“Риогийн олимпод бид эрэгтэй зургаа, эмэгтэй дөрвөн тамирчинтай оролцсон. энэ удаа ч дор хаяж 10 тамирчинтай орохыг зорьж байна. Зорилго бол мэдээж медаль авах” хэмээн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулга хэлсэн юм.

3х3 төрлийн сагсчид Токиогийн олимпод өрсөлдөх магадлалтай

Монголын эрэгтэй чөлөөтийнхөн 1980 оноос хойш олимпын медалийн бараа хараагүй. Риогийн дэвжээнд медальд тун ойртож очсон ч Г.Мандахнаран эцсийн мөчид азгүй байдлаар торгуулж ялагдсаныг бид мэднэ. Харин энэ удаа олон жилийн азгүйтлээ төгсгөж, заавал медальтай ирэх даалгавар эрэгтэй чөлөөтийнхнийг хүлээж байна.

Буудлага

Айсуй олимпын анхны эрхийг буудлагынхан авсан амжилттай сууна. Өмнөд хөршийн Бээжин хотноо болсон дэлхийн цомын тэмцээнээс хийн гар бууны тамирчин Ц.Анударь Токиогийн олимпын анхны эрхийг авчирсан. Түүний эрх булган сүүлтэй байж, мөн л гар бууны тамирчин э.даваахүү эрхийн тоог нэгээр нэмсэн юм.

“Олимпын эрхийн бүх тэмцээн 2019 ондоо болоод дуусна. Тавдугаар сарын 24- нөөс Мюнхенд дэлхийн цомын тэмцээн зохиогдох бол наймдугаар сард Бразилд болох дэлхийн цомоос мөн эрх өгнө. Ингээд эцэст нь арваннэгдүгээр сард Катарт Азийн АШТ байгаа. Бидний хувьд Азийн аваргад хамгийн их найдлага тавьж байна. Нэмж 3-4 эрх аваад нийт зургаан тамирчинтай орохыг зорьж байна” хэмээн Монголын буудлагын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Лхамсүрэн хэллээ.

Мэдээж долоо дахь олимпдоо орохоор зорьж буй хөдөлмөрийн баатар о.гүндэгмаа манай мэргэн буучдын гол найдвар. Гэхдээ түүнээс гадна медалийн төлөө өрсөлдөх найдлагатай хэд хэдэн тамирчин байгааг Д.Лхамсүрэн онцолсон юм.

Дашрамд сануулахад монголчууд Риод байт харваа, хөнгөн атлетик, бокс, жүдо, усанд сэлэлт, чөлөөт бөх, буудлага, таэквондо, хүндийг өргөлт гэсэн спортын есөн төрөлд 43 тамирчинтай оролцсон. Энэ удаа дээрх төрлүүдээс гадна 3х3 сагсан бөмбөгийн төрөлд эрх авах найдвар бас бий. Хэрэв сагсчид зорилгоо биелүүлж чадвал энэ нь багийн спортын түүхэнд тодоор бичигдэх үйл явдал болох юм.