A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3947/

Циркчин М.Мягмарсайхан Чулуутын хавцал дээгүүр олс татаж алхана

Циркчин М.Мягмарсайхан Чулуутын хавцал дээгүүр олс татаж алхана
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3947/
  • Зургадугаар сарын 25-нд Чулуутын хавцал дээгүүролс татаж алхахаар төлөвлөсөн бөгөөд бэлтгэлээ базааж байна 

Циркчин М.Мягмарсайхан өнгөрсөн зун Улаанцутгалан дээгүүр олс татан алхаж олныг гайхашруулсан билээ. Тэрбээр агаарын алхалт буюу skywalk үзүүлбэрийг Монголд анх удаа үзүүлж, манай циркийн түүхэнд тодоор бичигдэх шинэ хуудас нээсэн юм. Түүнчлэн Монголын агаарт алхах экстрим үзүүлбэр үзүүлдэг ганц мэргэшсэн жүжигчин бөгөөд цаашид хүүхдүүдэд сургахаар ажиллаж буйгаа дуулгаж байлаа. Тэгвэл хоёр дахь үзүүлбэрээ үзүүлэхээр Архангай аймгийн Чулуутын хавцлыг сонгожээ. Ирэх зун зургадугаар сарын 25-нд Чулуутын хавцал дээгүүр олс татаж алхахаар төлөвлөсөн бөгөөд бэлтгэлээ базааж буй юм байна. Архангай аймгийн Чулуут голын өргөн нь 80 метр, гүн нь гурван метр аж. Чулуут гол Тээлийн голын адгаас доош Ацатын горхины адаг хүртэл 100 орчим км газарт 40-60 орчим метр гүн хүрмэн чулуун хавцал үүсгэж урсдаг аж. Чулуутын хавцал дээгүүр алхахад 4-50 метрийн өндөртэй, 150 метр утас татахаар төлөвлөсөн байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Гуч гараад анхны хүүхдээ гаргах нь карьерт эерэг нөлөөтэй

 0 сэтгэгдэл

Ээж болсноор эмэгтэй хүний амьдралд олон өөрчлөлт гардаг. Түүнчлэн жирэмсэн байх хугацаандаа болон хүүхдээ өсгөх 1-2 жил ажил, карьераа хойш тавих шаардлагатай нүүр тулдаг. Тиймээс Европын орны эмэгтэйчүүд 35 наснаас хойш хүүхэд төрүүлэх хандлагатай байдаг аж. Учир нь ажил, мөнгө, карьераа цэгцэлж, аялал, зугаалгад цаг зарцуулан, өөрийгөө бүрэн таньсан үедээ ээж болох хэрэгтэй гэж үздэг байна. Харин манай улсад байдал эсэргээрээ. 25 нас хүрмэгц аав, ээж, ах дүүс нь “Нөхөр хүүхэдтэй болохгүй бол нас чинь явлаа, ач, зээгээ хармаар байна” гэх зэргээр хүүхэд “нэхэж эхэлдэг”. Тэгвэл ээж болоход хамгийн тохиромжтой насыг судалгаагаар тогтоожээ. Тодруулбал, Техасын их сургуулийн доктор Жон Мироуски дээрх сэдвээр судалгаа хийж, эмэгтэй хүн 34 настайдаа хүүхэд төрүүлэхэд хамгийн тохиромжтой болохыг онцолсон байна. Учир нь жирэмслэлт ба төрөлтийн үед эмэгтэй хүний бие их хэмжээний даавар ялгаруулдаг. Уг даавар нь 34-35 насны эмэгтэйчүүдийг залуужуулах эерэг нөлөөтэй бол 20 гаруй насны бүсгүйчүүдийн эрүүл мэндийн тэнцвэрт байдлыг алдагдуулах магадлалтай гэнэ. Түүнчлэн нас тогтсон бүсгүйчүүдийн ихэнх нь төлөвлөж жирэмсэлдэг тул хүүхдээ эрүүл тээж төрүүлэх тал дээр илүү анхаарал хандуулдаг байна. Мөн ажил, амьдрал, санхүүгийн байдал нь тогтвортой болсон байдаг тул хожуу төрөлт карьерт нь сөрөг нөлөө үзүүлдэггүй болохыг судалгааны багийн ахлагч онцолжээ. Жон Мироускигийн гаргасан энэхүү онолтой сэтгэл зүйчид ч мөн санал нэг байна. Учир нь 30 гарсан эмэгтэйчүүд сэтгэл зүйн хувьд тогтвортой болсон байдаг тул гэр бүлийн бат бөх байдал бий болгоод зогсохгүй, хүүхдээ эрүүл тээж, төрүүлэх тал дээр илүү анхаарал хандуулдаг байна. Өөр нэг судалгаа дурдвал, ээжийнхээ 30-39 насанд төрсөн хүүхэд илүү ухаантай, хүмүүжил, төлөвшил сайтай, эрүүл байдаг аж. Уг судалгааг Лондонгийн эдийн засаг, улс төрийн шинжлэх ухааны сургуулийн эрдэмтэд хийсэн төдийгүй 20 болон 40-өөд насанд төрсөн хүүхдээс 30 гаруй насанд төрсөн хүүхэд бие сэтгэхүйн чадвар сайтай байдгийг тодорхойлсон байна. Хүүхдийн хүмүүжил төлөвшилд зөвхөн ээж чухал үүрэг гүйцэтгэдэггүй. Аав ч мөн үр хүүхдээ зөв хүн болгоход чухал байр суурь эзэлдэг. Тиймээс хариуцлагатай аав байхад хамгийн тохиромжтой үе бол 30 нас аж. Гуч гарсан эр хүн хариуцлага үүрэх бүрэн чадвартай болсон байдаг төдийгүй, үр хүүхдэдээ сайн аав, гэр бүлдээ халамжит хань байж чаддаг байна. Олон улсын болон манай орны гэр бүл судлаачид гэр бүл салалтын үндсэн шалтгааныг эрт төрөлт, төлөвлөгөөгүй гэр бүл зохиохтой холбож тайлбарладаг. Тиймээс өөрийгөө бэлтгэж, бүрэн боловсруулсан цагтаа үр хүүхэдтэй болох нь өөрийнхөө болон үрийнхээ ирээдүйг гэрэлтүүлэхэд чухал нөлөөтэй юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Бидний биеийн онцлог хэн нэгний нэр хүнд олох хэрэгсэл биш шүү дээ

 0 сэтгэгдэл
  • Мундаг тамирчин болохгүй ч гэлээ жюү жицүгээр паралимпын Монголын анхны медалийг хүртэх юмсан
  • Хүний жамаар хүү нь том болж байна. Хүүгээ уучлаарай гэж хэлье. Над шиг хорин жил эцэг эхээрээ тэжээлгэж байгаа хүн байдаггүй байх. Сайн явж, ачийг нь хариулна аа
  • Хатуухан хэлэхэд хараагүй хүүхдийг өсгөхдөө эцэг эхчүүд юу ч хийсэн урдуур нь орж, хайрлаад байгаа мэт боловч ирээдүйг нь алж байдаг” гэж ярихыг нь сонссон
  • Ээж маань Солонгос явчихсан хамаатны эгч дүүг харж, намайг буудлаас тосдог байлаа. Ингэхээр шалгалтандаа бэлдэх ямар ч боломжгүй болж байгаа юм. Сургууль дээр удаан байхын тулд “Багш намайг хүргэж өгнө” гэж худлаа яриад ганцаараа явж эхэлсэн
  • МУИС-д социализмын үед Математикийн багш н.Шагдарсүрэн гэж хараагүй багш байсан юм билээ. Тэр хүний хэмжээнд хүрэхгүй юм аа гэхэд ядаж тэнхимдээ багшилж, доктор болохыг хүсдэг. Бас жюү жицүгээр хичээллэж байгаа. Мундаг тамирчин болохгүй ч тэмцээнээс медаль хүртэж, алдрын тавцанд эх орныхоо нэрийг дуудуулах юм сан

Энэ хорвоог харж чадахгүй ч гэлээ сэтгэлдээ бүх л ертөнцийг багтааж яваа, хүсэл мөрөөдлөөр дүүрэн залуу Б.Гомбодоржтой ярилцлаа. Тэрбээр МУИС-ийн Түүхийн тэнхимийн гуравдугаар курсийн оюутан. Илтгэх урлаг, мэтгэлцээнээр хичээллэж, жюү жицүгээр пара олимпын Монголын анхны медалийг хүртэх зорилготой тэрбээр ирээдүйд тэнхимдээ багшлахыг хүсдэг. 

-Ярилцлагаа хүсэл мөрөөдөл, зорилгынх нь талаар эхэлье. Та түүхийн чиглэлээр суралцдаг. Энэ мэргэжлийг яагаад сонгох болсон бэ?

-Тухайн үед Солонгосын түүхэн кинонууд маш их гардаг байлаа. 2005 оны зун Дэ Жангум гарсан. Солонгосын түүх ийм юм бол манай улсын түүх ямар байгаа бол гэж бодоод, сонирхох болсон. Ингээд Монголын нууц товчоо зохиолыг ээж, аав, хамаатан садан гээд гэртээ байгаа хүн бүрийг гуйж, уншуулж эхэлсэн. Сүүлдээ аав, ээж хоёр маань залхаад “Одоо өөр зохиол уншуул. Бүтэн жил уншлаа” гээд л. Ер нь Монголын нууц товчоо миний хамгийн дуртай зохиол. 

-Тухайн үед долоохон настай байжээ. Ер нь багадаа ямар хүүхэд байв. Яагаад харааны бэрхшээлтэй болсон юм бол?

-Би төрөлхийн харааны бэрхшээлтэй. Ээж маань намайг гэдсэнд байхад мориноос унасан юм билээ. Тэрнээс болоод харааны бэрхшээлтэй болсон. Нэг ой хүрээд, хөлд орж эхэлмэгц мэдэгдсэн гэж ярьдаг. Багадаа ном уншуулах дуртай хүүхэд байлаа. Үлгэрийн ном их уншуулна. Жаахан байхдаа аав, ээж хоёрыгоо их зовоосон байх гэж боддог. 

-Сургууль завсардаж байсан юм билээ. Гэхдээ элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өгсөн шүү дээ. Арван жилийн сурагч байхдаа олон бэрхшээлтэй нүүр тулж байж мэргэжлээ сонгосон байх?

-Дөрөвдүгээр ангид ороод сургууль завсардаж эхэлсэн. Явах, явахгүйтэй л байлаа. Элсэлтийн ерөнхий шалгалт ч өгөхгүй гэж боддог байсан. Гэтэл эргэн тойрны хүмүүс маань “Чи өгөөд үз” гэж хэлж, намайг зоригжуулсан. Би ч тэр үед “Хүн чадаад байхад би яагаад чаддаггүй юм” гэж бодсон л доо. Eр нь лам болох гэж байсан. МУИС-д түүхийн багш хийдэг хамаатны маань эгч нэг зун эмээгийнд байх үеэр ирээд намайг “Шашны сургуульд оруулж өгье” гэж хэлсэн юм. Ингээд лам болохоор шийдээд очиж уулзтал над шиг хүнийг “авахгүй” гэж хэлсэн. Лам болж чадахгүйгээс хойш мөрөөдлөө биелүүлж, түүхч болъё гэж бодоод нөгөө эгчтэйгээ уулзлаа. Гэтэл намайг МУИС-д орохдоо туслуулах нь гэж ойлгоод аав, ээжид маань “Манай сургуулийн багш нар янз бүрийн ааштай. Би хүн гуйж оруулж чадахгүй. Орууллаа гэхэд дүн гуйж сургах хэцүү” гэж хэлсэн. Тэр үгийг сонсоод би сургуульдаа заавал өөрийнхөө хүчээр орох ёстой гэж зорьсон. Эгчдээ гомдсон ч гэлээ одоо баярлаж явдаг. Хэрвээ тэр үед намайг өмнөх шигээ “би оруулаад өгье” гэж хэлсэн бол би шалгалтандаа муу бэлдэж, аливааг амарчлах гэж хичээх байсан болов уу.

-Шалгалтандаа яаж бэлдсэн бэ? 

-Төрийн шагналт Д.Өлзийбаатар гуайн “Монголчууд цахим түүх” бүтээлийг сонсож бэлдсэн. 

-Оюутны бужигнасан амьдрал ямар санагдсан бэ. Хичээлээ хэрхэн хийж байна?

-Би нэг зүйлд их баярладаг. Намайг жоохон байхад гадуур явахаар хүмүүс янз бүрээр хэлж, шоолдог байлаа. Харин одоо эсрэгээрээ маш их хүн тусалдаг. Дөрөв, тавдугаар ангийн хүүхдүүд хүртэл хөтлөөд, хүргээд өгөх жишээний. Оюутан болоод ч тэр. Сургуулийн маань хүүхдүүд байнга тусалдаг. Хичээлээ бол технологийн дэвшил ашиглаад хийчихдэг. Компьютерын программ ашиглаад фейсбүүк орж, даалгавраа хийж, мэдээлэл авч байна. Нэгдүгээр курст байхад бол хэцүү байсан. Хүмүүсээр уншуулна, багшийн яриаг дуу хураагуурт бичиж авна гээд л. Ний нуугүй хэлэхэд хичээлээ хүнээр хийлгэх үе ч байсан.

-Найзууд нь хийж өгсөн гэсэн үг үү. Нөгөө талаар танд хортой байсан байх? 

-Тийм ээ. Найзууд маань даалгавар хийж өгөх үе байсан. Нэг найз маань хоёр ч удаа миний даалгаварыг хийж өгсөн юм. Тэгээд “Би ер нь чамд туслаад байна уу, хорлоод байна уу” гэж асуусан. Тэр үед би бодсон л доо. Компьютер ашиглаж суръя, өөрийгөө хөгжүүлье гэж. Арван жилдээ сургууль завсардсан болохоор миний зарим талын мэдлэг тааруу, компьютер хэрэглэж ч мэддэггүй байсан. 

-Их сургуульд ороход багш нарын хандлага ямар байсан бэ? 

-Энэ хүүхэд яаж сурах юм бэ гэж ганц нэг багш асууж байсан. Тэгээд л удахгүй хүлээн зөвшөөрчихсөн. Оюутан болсноосоо хойш хоёр удаа л гомдож үзсэн. Энэ зун манай ангийнхан 14 хоног хээрийн дадлагад явсан юм. Тэнхимийн маань зарим багш “Та нар хүүхдүүдийг ялгаварлаж болохгүй” гэж хэлсэн ч тэнхимийн эрхлэгч, дадлага хариуцсан музейн захирал хоёр эсэргүүцээд намайг авч яваагүй. Би биеэ даагаад ихэнх зүйлсийг хийж чаддаг. Ангийнхан маань ч тусалдаг. Хамгийн гол нь энэ санаагаараа дамжуулж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс юуг ч хийж чадна. Биднийг ялгаварлан гадуурхахгүй байхад л хангалттай гэдгийг хэлэх гэсэн юм. Би гомдол гаргаж, хөөцөлдсөн боловч явж чадаагүй. 100 хувь биеэ даах чадвартай гэсэн эмчийн гарын үсгээс эхлээд олон зүйл шаардсан. Миний биеэ дааж хэрхэн амьдардгийг эмч мэдэхгүй шүү дээ. Тэр музейн захиралтай нь намар утсаар яриад дадлагаа яаж дүйцүүлэх талаар тодруултал “Чи ер нь солиотой юм уу” гэх зэргээр уурлаж байсан.

-Өөрийгөө дайчлах ёстой юм байна, би сурч боловсрох хэрэгтэй гэх эрмэлзэл хэзээнээс бий болов? 

-Арван жилийн ангид маань надтай адилхан хараагүй хэрнээ биеэ даасан, маш мундаг хүү сурдаг байсан. 11 дүгээр ангидаа “Намайг тусгаарлахгүй өсгөж, биеэ даасан хүн болгож хүмүүжүүлсэн ээждээ баярлалаа. Хатуухан хэлэхэд хараагүй хүүхдийг өсгөхдөө эцэг эхчүүд юу ч хийсэн урдуур нь орж, хайрлаад байгаа мэт боловч ирээдүйг нь алж байдаг” гэж ярихыг нь сонссон. Нэвтрүүлэгт орсон юм билээ. Тэр үед “Би цаашдаа яах ёстой вэ” гэж шаналах болсон. Аав, ээж маань ойлгохгүй ч гэсэн заавал сурах ёстой гэж шийдээд хулгайгаар сурч эхэлсэн. Ер нь надтай ухаантай хүмүүс таарч дээ л гэж боддог. Би өөрөө тун сониуч байсан маань ч хэрэг болсон байх. Ном сонин уншиж, янз бүрийн нэвтрүүлгийг шимтэж сонсдог байсан. 

-Хулгайгаар гэдгийг тодруулахгүй юу? 

-Шалгалтад бэлдэж байхад сургуулийн автобус өглөө долоон цагт явж, өдөр 14 цагт хүргэж ирдэг байсан. Ээж маань Солонгос явчихсан, хамаатны эгч дүүг харж, намайг буудлаас тосдог байлаа. Ингэхээр шалгалтандаа бэлдэх ямар ч боломжгүй болж байгаа юм. Сургууль дээр удаан байхын тулд “Багш намайг хүргэж өгнө” гэж худлаа яриад ганцаараа явж эхэлсэн. Одоо бодоход их зоригтой байжээ. ЭЕШ-д бэлдэхийн тулд л ганцаараа явж сурсан даа.

-Түрүүн ээжийгээ их зовоосон байх гэж хэллээ. Магадгүй хүн бүр л ээжийгээ зовоодог байх. Ээжийнхээ тухай ярихгүй юу?

-Ээж маань маш хөдөлмөрч хүн. Энэ чанараар нь бахархаж явдаг. Хүн бүр эцэг, эхийгээ гомдоодог байж магадгүй. Гэхдээ би илүү их зовоосон юм болов уу. Намайг хоёр, гурав хоног өвдөж байж төрүүлсэн гэдэг. Дараа нь хүн болгох гэж их зовсон. Би ээжийгээ нэг их гомдоосон удаа бий. Хамаатны маань эгч намайг нялх байхад минь өргөж авъя гэсэн юм билээ. Хэдэн жилийн дараа ч бас дахиж гуйхад нь намайг өгөөгүй. Би түүнийг нь мэдчихээд долоодугаар ангид байхдаа “Та хоёр намайг өргүүлчихгүй яасан юм” гэж хэлээд ээжийгээ уйлуулж байлаа. Над шиг эцэг, эхийгээ голдог хүн байдаг ч юм уу. Ээж, аав хоёр маань намайг хүмүүсээс тусгаарладаг, ичиж зовдог байсан болохоор гомдоод л тэгж хэлсэн байх. Гэхдээ одоо бол гомддоггүй ээ. Өсгөж, төрүүлсэн ачийнх нь хажууд юу ч биш шүү дээ. Одоо ч гэсэн би тэднийгээ зовоож л байна. 

-Та дуулах дуртай юм билээ. Ээждээ зориулаад нэг сайхан дуу аялаач? 

-“Тэнгэр ээж минь өршөө” дууг дуулъя. Энэ дууны түүх нь их сайхан санагддаг. Ш.Чимэдцэеэ гуай ээжийнхээ ачийг хариулахын тулд шүүдрийн дусал цуглуулсан гэдэг. Даанч тэр усаар цай чанаж болоогүй юм билээ. “Үр минь сайн сайхан явж байвал, түүнээс илүү ач гэж юу байх билээ” гэж хэлэхийг нь сонсоод ээждээ зориулж, энэ дууг бүтээсэн гэдэг. Ээж нь тун их баярласан юм гэнэ лээ. Өөрийнхөө хэмжээнд аялъя.

Тээж төрүүлсэн ачийг нь ээ

Тэтгэж хариулах завгүй яв аа

Тэнэгхэн хүү намайгаа

Тэнгэр ээж минь өршөө өршөө

Дуулимд ганцхан ээжий минь 

Дуучин хүүгээ өршөө... /хоолой нь зангирав/ За, хоолой зангираад явахгүй нь дээ. Хүний жамаар хүү нь том болж байна. Хүүгээ уучлаарай гэж хэлье. Над шиг хорин жил эцэг эхээрээ тэжээлгэж байгаа хүн байдаггүй байх. Хэрэггүй ингэж хэллээ дээ гэж харамсах үе олон байсан. Сайн явж, ачийг нь хариулна аа.

-Гэхдээ ээж, аавыгаа баярлуулсан үе ч бий байх? 

-Өнгөрсөн жил Зориг сангийн тэтгэлэг хүртсэн. Аав маань Солонгосоос залгаад “Миний хүү, овоо доо” гэж хэлсэн. Харин ээж маань хамаатнууддаа хэлж гүйгээд л. Тэднийгээ тэгэхэд л нэг баярлуулсан байх. 

-Б.Гомбодоржийн хэтийн зорилго юу вэ? 

-МУИС-д социализмын үед Математикийн багш н.Шагдарсүрэн гэж хараагүй багш байсан юм билээ. Тэр хүний хэмжээнд хүрэхгүй юм аа гэхэд ядаж тэнхимдээ багшилж, доктор болохыг хүсдэг. Бас жюү жицүгээр хичээллэж байгаа. Мундаг тамирчин болохгүй ч тэмцээнээс медаль хүртэж, алдрын тавцанд эх орныхоо нэрийг дуудуулах юм сан. Ном бичихийг хүсдэг байлаа. Захаасаа биелж, самбо бөхийн дасгалжуулагч Г.Пүрэв-Очир өөрийнхөө номд миний жижиг бичвэрээс оруулахаар болсон. 

-Яагаад жюү жицүгээр хичээллэх болов?

-Би бөх үзэх дуртай. Бөхчүүдийг бүгдийг нь цол, нутаг ус, харъяа лагддаг компанитай нь хэлж чадна./инээв/ Бөх сонирхдог болохоор Г.Пүрэв-Очир багштай хааяа утсаар ярина. Тэгээд энэ спортын тухай асуутал “Чи хичээллэх боломжтой шүү дээ” гэж хэлсэн. Хичээллээд хоёр сар болж байна. Жюү жицүгээр паралимпын Монголын анхны медалийг хүртэх юмсан гэж мөрөөддөг. Бэлтгэлээ таслахгүйг хичээж байна. Аав, ээж маань хүртэл хааяа төвөгшөөдөг хэрнээ л намайг дэмжиж, хүргэж өгдөг. 

-Илтгэх урлаг, мэтгэлцээнийг сонирхдог гэсэн. Одоо хичээллэж байгаа юу? 

-Сургуулийнхаа мэтгэлцээний клубт явдаг. Гэхдээ сүүлийн үед очоогүй. Мэтгэлцэх чадвараа санасандаа хүртэл сайжруулаагүй ч ярих чадвар маань сайжирсан. Маш сайхан хүрээлэл, найз нөхөдтэй болсон. Нийгэмшээгүй хүн амжилтад хүрч чадахгүй шүү дээ.

-Таныг шүлэг, зохиол оролддог гэж мэднэ. Хайрын тухай бичих дуртай гэсэн. Шүлгээсээ сонирхуулахгүй юу? 

-Миний бичнэ ч гэж юу байх вэ. Хоёр, гурван мөрт шүлгүүд бий. 

Жижигхэн ч гэсэн горхи урсах газраа чимэгтэй 

Жирийн ч гэсэн наддаа дурласан чи минь үзэсгэлэнтэй 

Энэ хорвоог харахгүй ч гэлээ

Эгэлхэн зүрх минь сэтгэлийг чинь тольдсон шүү... 

-Сайхан шүлэг байна. Ер нь хайрын тухай юу гэж боддог вэ?

-Хүн төрөлхтөн хайрын тухай төгс төгөлдөр тодорхойлолт гаргаж чадаагүй гэдэг. Бүгд л өөр өөрийнхөөрөө тайлбарладаг. Миний хувьд Бавуугийн Лхагвасүрэн гуайн “Хайр гэдэг хариу нэхэхгүй өглөг” гэх үгтэй санал нийлдэг.

-Хайр гэснээс чи дурлаж үзсэн үү?

-Дурлаж үзсэн. Дурлахаар шүлэг бичмээр санагддаг юм билээ. Бас хэзээ ч чадахгүй дээ гэж бодсон зүйлээ хийх гэж хичээж, илүү их тэмүүлэлтэй болдог. 

-Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст ямар асуудал тулгамдаж байна? 

-Нэг үеэ бодвол хүмүүсийн хандлага өөрчлөгдөж байна. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэд ашиглаж, нэр хүндтэй болох гэсэн хүмүүс байдаг болж. Надад энэ хандлага таалагддаггүй. Манай сургуульд хөгжлийн бэрхшээлтэй оюутны клуб гэж бий. Тэргүүн нь яг л тийм хандлагатай. Бидний биеийн онцлог хэн нэгний нэр хүнд олох хэрэгсэл биш шүү дээ. Хэлэлцүүлэг хийдэг хэрнээ хэзээ ч тэр асуудлыг шийдэхийн төлөө явж байгаагүй. Энэ хандлагыг л өөрчлөгдөөсэй гэж хүсэж байна.

-Ярилцлагынхаа төгсгөлд амьдралын зарчмыг тань асууя?

-Чингис хаан “Хүний жаргал хэтэрвэл зовлон болдог” гэж хэлсэн байдаг. Тийм болохоор хүн бүр өөрт байгаа боломжоо ашиглах хэрэгтэй. Би хүнд төвөг удахгүй амьдрахыг хүсдэг. Бас хэнийг ч ялгалгүй өөрийнхөө чадах зүйлээр туслахыг хичээдэг. Худлаа ярьж, хулгай хийсэн биш, ичиж зовох шаардлагагүй, өөртөө хайртай байгаарай гэж хэлье.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Био амьдрал бидний шинэ хандлага

 0 сэтгэгдэл
  • Хувь хүний хичээл зүтгэл орчин тойрноо цэвэр цэмцгэр байлгахад хувь нэмрээ оруулдаг гэдгийг санаж явахад илүүдэхгүй
  • Мөнгөнд хэмнэлттэй, эрүүл мэндэд хор нөлөөгүй хэрэглээг өөртөө бий болго. Ингэхийн тулд гэртээ угаалгын шингэнийг орлох бүтээгдэхүүнийг хийж хэрэглэж хэвших хэрэгтэй
  • Хогны зориулалтын уут худалдаж аваад түүнийхээ дээр хуванцар сав, цаас гэх мэтээр хогоо ангилж хийх зориулалтын болгож бичиг нааж болно

Эх дэлхийдээ хайртай ухаалаг хүмүүсийн амьдрал био болж эхэлж байна. Био гэдэгт химийн хортой бодисын хэрэглээгээ хязгаарлах, хог хаягдлаа багасгах, эмц цэгцтэй байх гээд олон зүйл хамаардаг. Гялгар уутнаас татгалзаж, даавуун тор хэрэглэх, хуванцар савнаас татгалзах, ах, дүү хамаатан садан, найз нөхдөд нөлөөлөх боломжтой. Экологид ээлтэй хэрэглээг хэвшүүлэх зорилго тавьж энэ жил ямар ч байсан дэлгүүрээс гялгар уут, тор худалдаж авахгүй” гэж байнга өөртөө хэл. Цүнхэндээ үргэлж даавуун тор хийж яв. Санаагаа хэрэгжүүлэхэд энэ танд тусална. Гялгар уут хэрэглэхээс татгалзсанаар тухайн гэр бүлийн хог хаягдал багасна. Мөн хогоо ангилж хаяж сурах хэрэгтэй. Хогны зориулалтын уут худалдаж аваад түүнийхээ дээр хуванцар сав, цаас гэх мэтээр хогоо ангилж хийх зориулалтын болгож бичиг нааж болно. Хүн амьдралынхаа алхам тутамд зөв хандлага төлөвшүүлж, байгаль экологид ээлтэй хэрэглээг хэвшүүлж чадвал өөрөө өөрийгөө ялж буй нь тэр. Бага ч гэсэн хувь хүний хичээл зүтгэл орчин тойрноо цэвэр цэмцгэр байлгахад хувь нэмрээ оруулдаг гэдгийг санаж явахад илүүдэхгүй. 

Угаалгын шингэнээ гэртээ хийж хэрэглэцгээе

Дэлгүүр, худалдааны захуудад олон төрлийн угаалгын бодис зардаг ч хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй гэдэг нь зуун хувийн баталгаагүй. Дийлэнх нь химийн бодисын найрлагатай байдаг учраас харшилтай, эмзэг мэдрэмтгий арьстай хүмүүсийн өвчнийг сэдрээдэг талтай. Тиймээс мөнгөнд хэмнэлттэй, эрүүл мэндэд хор нөлөөгүй хэрэглээг өөртөө бий болго. Ингэхийн тулд гэртээ угаалгын шингэнийг орлох бүтээгдэхүүн хийж хэрэглэж хэвших хэрэгтэй. Ажилсаг, нямбай, эрүүл мэнддээ хайртай бүсгүйчүүд гэртээ угаалгын шингэнээ өөрсдөө хийж хэрэглэдэг. Гэртээ аяга, таваг угаагч шингэн бэлтгэхэд тийм ч их зүйл зарцуулахгүй. Гар доорх материалаа ашиглан аяга, таваг угаагч бэлтгэх талаар жижигхэн зөвлөгөө хүргэе. Буцалсан халуун ус хийх зориулалтаар нэг литрийн багтаамжтай шил бэлтгэнэ. Хэрвээ шил олдохгүй бол төмөр хоолны сав байж болно. Цэвэр оливийн тосоор хийсэн саван 50 грамм хэмжээтэй байхад болно. Учир нь амьтны өөх тос ороогүй цэвэр оливийн тосоор хийсэн веган саванг устай найруулсны дараа царцаж хатдаггүй давуу талтай. Бохирдлын өөх тос сайн цэвэрлэнэ. Мөн хүнсний цагаан уксус 100 мл байхад болно. Шил шаазанг уксус сайн цэвэрлэдэг бас ариутгах чанартай байдаг. Буцалсан халуун усаа нэг литрийн саванд хийж, 50 гр оливийн нунтаг саванг хийж сайтар хутгана. Энэхүү бэлдмэл дээрээ 100 мл уксусаа хийгээд мөн адил сайн хутгана. Ингээд аяга, таваг угаагч био шингэн бэлэн болох юм.

Хүүхдэдээ чихмэл тоглоом бүү сонго

Чихмэл болон хуванцар тоглоом хүүхдийн эрүүл мэндэд тийм ч сайн биш гэдгийг эмч нар анхааруулдаг. Хуванцар тоглоомонд хар тугалга тодорхой хэмжээгээр агуулагддаг тул тархи мэдрэлд сөрөг нөлөөтэй байдаг аж. Харин чихмэл тоглоомонд тоосны хачиг үүрлэдэг учраас хүүхдэдээ авч өгөхгүй байвал зүгээр. Ер нь хүүхдийн тоглоом цөөн төрөл байх нь гэр эмх цэгцтэй байхад бас хүүхдийн тайван байдал, анхаарал төвлөрөхөд сайн нөлөө үзүүлдэг байна. АНУ-ын эрдэмтдийн судалгаагаар олон төрлийн тоглоомоор тоглож өссөн хүүхдийн анхаарал төвлөрөх чадвар тааруу байсныг тогтоожээ. Иймээс цөөн төрлийн сэтгэхүй хөгжүүлэх тоглоомоор хүүхдээ наадуулбал оюунлаг хүн болж төлөвших давуу талтай аж. Бас нэгэн чухал зөвлөгөө хүргэхэд монголчууд хүүхдийнхээ тоглоомын нэг том хайрцагт бүгдийг нь хийгээд өрөөнийхөө буланд тавьчихдаг. Ингэж нэг хайрцагт хийх нь маш буруу хэвшил юм байна. Хүүхэд хайрцагны ёроолд байгаа тоглоомыг авахын тулд бүгдийг асгаж, эмх цэгцгүй байдал үүсгэж, ээжүүдийг бухимдуулдаг. Тиймээс хүүхдийнхээ өрөөнд тоглоомны тавиур хийж өгч, өрж тавьж байх нь хүүхэд хүссэн тоглоомоороо тоглоход хялбар байхаас гадна эмх цэгцтэй харагддаг. 

Гэрийн ажлаа цагийн хуваариар төлөвлө

Олон хүүхэдтэй ээжүүдийн гэрийн ажил доороосоо л ундарч байдаг. Нэг хэсгээс нь цэвэрлэж байхад нөгөө хэсэгт хүүхдүүд хоол, цайгаа асгах тоглоомоо тарааж шидэх гээд бухимдуулах нь бий. Дөрвөн хүүхэдтэй ээж С.Солонгын амьдралын хэмнэлийг сонирхлоо. Түүний ажлын өдрүүд нь ачаалал ихтэй өнгөрдөг. Амралтын өдөр нь угаалга цэвэрлэгээ, хоол хийх гээд мөн л амсхийх чөлөөгүй өнгөрөх нь хэвийн үзэгдэл гэнэ. Заримдаа ууланд алхмаар, ном уншмаар санагддаг ч хүүхдүүдийн хажуугаар амжуулах зав байдаггүй аж. Иймээс тэрбээр гэртээ цагийн хуваарь гаргаж ажлаа төлөвлөдөг болжээ. Мөн ажлын хуваарийн тэмдэглэл хөтөлж, эхлээд алийг нь хийвэл илүү чухал байгааг нь сонгодог болсон байна. Цагийн нарийн төлөвлөлт хийж, гэрийнхээ ажлыг амжуулдаг болсноор амралтын өдрүүдэд өөртөө цаг гаргах боломжтой болжээ. Тухайлбал, шөнийн 12 цагаас өмнө унтдаггүй хүүхдүүдээ бүтэн сар хичээсний эцэст оройн 20:00 цагт унтуулдаг болсон байна. Ингэснээр гэрийн ажлаа амжуулах цагтай болсон байна. Хүүхдүүдээ унтахаас өмнө чимээ гаргадаг ажлуудаа амжуулж, унтсан хойно нь хувцаснууд эвхэж эмхлэх, индүүдэх гээд чимээ гаргахгүй зүйлийг хийдэг болжээ. Мөн ажлаасаа тарж ирээд угааж, цэвэрлэх ажлаа амжуулснаар амралтын өдрийг ном, унших агаарт алхахад зориулж чаддаг болсон байна. Түүнчлэн гэр цэвэрлэхэд хүүхдүүдээ дайчилдаг болсон нь тэдэнд ажил сургах, аливаа зүйлд бүтээлч, хариуцлагатай хандахад эергээр нөлөөлсөн гэж ярьж байлаа.