A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1131/

Ц.Энхтүвшин: Дотоодын эрчим хүчний зах зээлийн эрэлт ханасан

​Энэ онд хоёр сая тонн нүүрс олборлож, борлуулахаар төлөвлөсөн​

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1131/


“Шивээ Овоо” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Ц.Энхтүвшинтэй ярилцлаа.

-“Шивээ овоо” компанийн борлуулалт, олборлолт энэ онд ямар үзүүлэлттэй байна. өвөлжилтийн бэлтгэл ажлаа одоогоор хэдэн хувьтай хангаж байгаа вэ?

-Энэ оны хувьд хоёр сая тонн нүүрс олборлож, борлуулахаар төлөвлөсөн. Одоогоор 1.2 сая тонн нүүрс олборлож, борлуулаад байна. Үлдсэн хугацаанд 860 мянга орчим тонныг олборлож борлуулахаар зорьж байгаа. Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил 64 хувьтай байна. Төлөвлөлтийн дагуу ажлаа хийж байгаа ч зарим нь мөнгө санхүүгийн асуудлаас болоод хойшлогдсон. “Эрдэнэс Монгол” компани манай компанид зээл олгосон. Тус зээлийн хүрээнд бид хөрөнгө мөнгөний асуудлаа шийдэж, ирэх сарын 1-ний өдөр гэхэд өвөлжилтийн бэлтгэл ажлыг 100 хувьд хүргэхээр төлөвлөсөн.

-Технологийн шинэчлэл хэр зэрэг хийсэн бэ?

-Уул уурхайн салбарт технологийн шинэчлэл чухал шаардлагатай. Манай компанийн нийт тоног төхөөрөмжийн 40 гаруй хувь нь ашиглалтын хугацаа дууссан хүндрэлтэй байгаа. Бид өөрсдийн боломж бололцоогоор “Эрдэнэс Монгол” компани болон Засгийн газрын дэмжлэгээр зарим ажлыг хэрэгжүүлж байна. Тухайлбал, он гарснаас хойш нэн шаардагатай байсан тэсэлгээний машиныг лизингээр шийдсэн. Мөн дөрвөн технологийн автомашин шинээр худалдаж авсан. Эдгээрийг санхүүгийн зээлээр зохицуулсан ч бүх асуудлаа шийдэж чадсангүй. Тийм боломж ч байсангүй.

-Дотоодын эрчим хүчний нүүрс олборлож, нийлүүлдэг компаниуд орлогоос илүү зардал өндөртэй байдаг гол бэрхшээлтэй. энэ асуудлыг шийдэх арга зам байдаг уу?

-Бидэнд тулгардаг үндсэн асуудал үнийн бэрхшээл нь байдаг. Нэг тонн нүүрс олборлож, борлуулахад үнэ нь зардлаасаа бага гардаг. Ийм учраас борлуулалтын нэг тонн нүүрс тутамд компани алдагдал хүлээх болдог. Зах зээлийн зарчмаар ашигтай ажиллахын тулд үнэ нь зардлаасаа өндөр байх ёстой. Зах зээлд үнийг чөлөөлөөгүй цагт үүнийг шийдэх боломжгүй. Түүнчлэн 10 гаруй жил ярьж байгаа цахилгаан станцын болон уурхайг түшиглэсэн том төслийг хэрэгжүүлэхгүйгээр үүнийг шийдэж чадахгүй.

-Энэ жил төдийгүй ирэх жилээс “Шивээ овоо”-гийн борлуулалтад ямар нэгэн өөрчлөлт орох уу?

-Нэг жилд хоёр сая орчим тонн нүүрс дотоодын зах зээлд олборлодог. үүний 86 хувийг ДЦС-4-д нийлүүлдэг. Эднийх дотоодын эрчим хүчний үйлдвэрлэлийн 70 хувийг дангаараа хангадаг. Энэ компанийн 50.9 хувийг бид нийлүүлдэг гэсэн үг. Манай улсын дотоодын зах зээл дээрх нийт эрчим хүчний нүүрсний хэрэглээ жилд 7.5 сая тонн орчим байдаг. үндсэндээ энэ зах зээл ханасан. Хэрвээ эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болж, цахилгаан станц баригдахгүй бол эрчим хүчний нүүрс борлогдох дотоодын зах зээл байхгүй. Иймд борлуулалтаа нэмэгдүүлж, эдийн засгийн хүндрэлээ шийдэх боломж одоогоор харагдахгүй байна.

-Эрчим хүчний нүүрс олборлолтод технологийн дэвшил ашиглах боломж хэр байдаг вэ?

-Дотооддоо нүүрсний тээвэрлэлтэд л дамжлагын систем ашиглаж байсан бол хөрс тээвэрлэлтэд дамжлагын системийг ашиглах судалгаа хийж байна. Мөн үр ашиггүй зардлаа танах, дотоодын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхээр анхаарч ажилладаг. Гэхдээ нүүрсний борлуулалтын зах зээлийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

-Эрчим хүчний нүүрснээс гадна коксжих нүүрсний экспортын тээвэрлэлтийн зардлаа хамгийн их хэмнэх боломжтой ч чадахгүй байгаа. Үүнийг юу гэж бодож байна вэ. Гарц, шийдэл бий юу?

-Нүүрсний салбарын хамгийн том чуулга уулзалт болох “Coal Mongolia” арга хэмжээний үеэр энэ талаар бас хэлэлцсэн. Чуулган дээр хамгийн их харагдсан илтгэлүүд бол коксжих нүүрсний экспортын тээврийн асуудлыг шийдэх, экспортод гаргах гарцаа нээх юм. Үүнийг би хамгийн зөв бөгөөд ойрын хугацаанд хэрэгжих бодит гарц гэж бодож байна

A

Жижиг

A

Дунд

A

Том

Агаарын зам ашигт малтмалаас дутахгүй орлого авчирдаг

​Төсвийг чиглэх навигацийн орлого сүүлийн зургаан жилд дөрөв дахин өсчээ​

 0 сэтгэгдэл


Агаарын зай Монгол Улсын төсөвт газрын тосныхтой дүйх, алтныхаас хоёр дахин их орлого авчирдаг гэвэл та итгэх үү. Биднийг зэс, нүүрсний ханшаа харсаар суух зуур Монголын хөх тэнгэрт цагаан зам татуулдаг агаарын тээврийн орлого улсын төсвийг олон тэрбумаар ундаалсаар ирлээ. Энэ оны эцэс гэхэд дамжин өнгөрөх агаарын тээврээс улсын төсөвт төвлөрөх мөнгө 170 орчим тэрбум төгрөгт хүрэх төлөвтэй. Энэ нь өмнөх оныхоос 20 тэрбум төгрөгөөр өндөр дүн аж. Ер нь бидний тэр бүр анзаардаггүй навигацийн орлого сүүлийн жилүүдэд тогтмол өсөж буй бөгөөд төсвийг чиглэх мөнгө сүүлийн зургаан жилд дөрөв дахин өсчээ.

Далайд гарцгүй нь Монгол Улсын тээврийн зардал өсөх, худалдаа, эдийн засгийн өрсөлдөх чадвараас чангаадаг. Гэхдээ тив холбосон, газарзүйн ашигтай байршлаараа бид агаарын орон зайгаас чамлахааргүй орлого олсоор байна. Монгол Улс нутаг дэвсгэрээрээ дайрч өнгөрсөн дотоодын болон олон улсын агаарын хөлгийн буулт, хөөрөлт, зогсолт зэрэг таван төрлийн үйлчилгээнээс навигацийн орлогоо бүрдүүлдэг. Сүүлийн жилүүдэд манай агаарын замыг дайрах далавчит хөлгийн тоо тогтмол өсчээ. Бидний дээгүүр цагт дунджаар 11-14 нислэг өнгөрдөг байна. Манай улсын нутаг дэвсгэр дээгүүр жилд дунджаар дотоодын 20, олон улсын 380 гаруй авиа компанийн агаарын хөлгүүд нисдэг. Эдгээр нь навигацийн үйлчилгээнээс олох орлогын 90 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг юм.

Өнгөрсөн сарын байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрийг 100 мянган нислэг дайран өнгөрчээ. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын 26-нд дамжин өнгөрсөн нислэгийн тоо 100 мянгад хүрч байсан бол энэ онд бараг сарын өмнө ийм үр дүн үзүүллээ. Ингэснээр Монгол Улсын нутаг дэвсгэрийг дайрч буй нислэгийн тоо жилийн өмнөхөөс ойролцоогоор 10 мянгаар нэмэгдсэнийг иргэний нисэхийн ерөнхий газар мэдээллээ.

Дамжин өнгөрөх тээврийн дийлэнх нь БНХАУ-аас Европыг, барууны орнуудаас урд хөршийг чиглэсэн нислэг байдаг. Эдгээр нислэгийн эхний бөгөөд эцсийн зогсоол нь Хятад Улс. Үүнээс гадна БНСУ-ын зарим агаарын тээврийн компани Европыг чиглэсэн нислэгээ Монголоор дайруулж байна. Энэ нь ч навигацийн орлого нэмэгдэхэд нөлөөлснийг албаны хүн мэдээлсэн юм. Үүгээр зогсохгүй арлын орны онгоцуудыг ч агаарын замдаа татахаар ажиллаж буй.

Манай улс PBN буюу үзүүлэлтэд суурилсан навигаци бүхий агаарын зам нэвтрүүлэхийн тулд өнгөрсөн гуравдугаар сард агаарын замаа шинэчилсэн. ингэснээр нислэгийн компаниуд илүү шулуун шугамаар нисэх боломжтой болов.

• Ирэх онд Хөшигийн хөндийн нисэх буудлыг ашиглалтад оруулснаар агаарын зайн нислэгийн тоог 126 мянгад хүргэхээр төлөвлөж байна.

• Навигацийн орлогоос 2019 онд 156 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөжээ.

• Манай улсын нутаг дэвсгэр дээгүүр жилд дунджаар дотоодын 20, олон улсын 380 гаруй авиа компанийн агаарын хөлгүүд нисэж байна.

Энэ хэрээр агаарын хөлгүүдийн туулах зам богиносож, манай навигацийн орлого буурч болзошгүй байна. Гэхдээ иргэний нисэхийн ерөнхий газар гадаадын авиа компаниудын агаарын хөлгийн хөөрөлтийн хүндийн жингээс хамааруулан, төлбөр авахаар болсон нь навигацийн орлогоо нэмэгдүүлэх боломж юм.

Түүнчлэн урд хөршийн дотоодын нислэгүүдийг манай өмнөд хэсгээр дайруулах боломж бий. Тухайлбал, Манжуураас өрөмчийг чиглэсэн онгоц хятадыг тойрон нисдэг. Энэ нь дотоодын нислэг хэдий ч өргөн уудам өмнөд хөршийг эмжин ниссээр урт, удаан зам туулдаг байна. Харин үүнийг богиносгохоор Монголын өмнөд нутгийг дайрвал цаг болоод зам хэмнэнэ гэсэн тооцоо гарчээ. Нэг нислэгийн хугацаа дунджаар 30 минутаар богиносно гэсэн тойм тооцоог ч хятадын тал хийжээ.

Ирэх онд хөшигийн хөндий олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг ашиглалтад оруулж, агаарын тээврийг либералчилснаар Монгол улсын агаарын зайн нислэгийн тоог 126 мянгад хүргэхээр албаныхан төлөвлөж байна. Ингэснээр навигацийн орлогоос 2019 онд 156 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөжээ.

Монгол бол Евразийг холбосон хамгийн дөт гарц. Үүнийгээ орлогын үүд болгож, зам ашиглуулсныхаа хариуд нь илүү “ногоон” халааслах боломж байсаар. Дамжин өнгөрөх тээвэр, ялангуяа, агаарын транзит үйлчилгээ нь олон тулгуурт эдийн засгийг бий болгоход түлхэц үзүүлэх төдийгүй аялал жуулчлал, үйлчилгээ, аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд түлхэц болохоор байна. Өөрөөр хэлбэл, Монголын агаарын тээвэр, агаарын зам биднийг ирээдүйд тэжээх бас нэг гарц болохоор байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ханшийн эрсдэл мөнгөний бодлогыг чангалж магадгүй

​Төсөв, мөнгөний бодлого эсрэг зүгт явахаас аргагүй боллоо​

 0 сэтгэгдэл


Мөнгөний бодлого мөчлөг сөрөхөөс аргагүй болж эхэллээ. Ирэх оны төсвийн тэлсэн бодлогын эсрэг бодлогын хүүгээ бага багаар чангалахгүй бол инфляц, ханшийн дарамт эдийн засгийг улам туйлдуулж гүйцэх нь. Эдийн засагч Х.Батсуурь төсөв, мөнгөний бодлого хоорондоо уялдахгүй байгааг тэмдэглэсэн юм. Энэ байдал ханшийг хөөрөгдөх эрсдэл гэж тэрбээр тодорхойлсон. Төсөв, мөнгөний бодлого хэт тэлэлттэй энэ хэвээр удаан явбал иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлж, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлтийг өрдөх эрсдэл ч ойрхон байна. Үүнээс сэргийлэхийн тулд бодлогын хүүгээ эргэж харах зөвлөмжийг Азийн хөгжлийн банк болон дэлхийн банк аль аль нь Монголбанкинд байнга өгсөөр байна. Мөнгөний бодлого эдийн засагт дохио болдог. Манай улсад “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлж байгаа ОУВС мөн адил бодлогын хүүгээ өсгөж, төв банк төсвийн шинжтэй үйл ажиллагаа явуулахыг хатуу хориглосон билээ. Төв банкны мөнгөний бодлогын хүү сүүлийн найман сарын турш 10 хувь дээр тогтвортой хадгалагдаж буй. Энэ оны есдүгээр сард хуралдсан Мөнгөний бодлогын хороо бодлогын хүүг дээрх түвшинд хэвээр үлдээж, эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор мөчлөг дагахаар шийдсэн нь ердөө хоёр сарын өмнө. Харин ирэх оны төсвийн өндөр зардлаас шалтгаалан нөхцөл байдал өөрчлөгдөж, төв банк мөнгөний бодлогын “жолоо”-гоо татахад хүрч магадгүй байна. Өөрөөр хэлбэл, урсгал сөрөхөөс аргагүй боллоо.

Эдийн засгийн өсөлт илүү эрчимжих хүлээлттэй 2019 онд мөнгөний нийлүүлэлтийг алгуур хумьж, ам.долларын ханшийг тогтоон барих амаргүй “даалгавар”-тай Монголбанк золгож байна. Инфляц, валютын ханшаа алдахгүйн тулд эс хүссэн ч тэд бодлогын хүүгээ тодотгох шаардлагатай. Төсөв өөрөө огцом тэлсэн нь ийнхүү мөнгөний бодлогын гар, хөлийг чөдөрлөж орхилоо. 2019 онд нийт 2.5 их наяд төгрөгийн төсөвт өртөгтэй 880 гаруй төсөл, барилга байгууламжийг Засгийн газар төсвт суулгасан. үүний тал нь он дамжин үргэлжилнэ. Энэ нь импортыг тэр хэмжээгээр тэлж, валютын гадагшлах урсгалыг нэмэгдүүлэхээр байгаа юм. Тиймээс төсөвтэй зэрэгцээд мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлэх нь төдийлэн оновчтой биш хэмээн зарим эдийн засагч үзэж байна. ДНБ царцанги байсан 2017, 2018 онд төв банк мөнгөний бодлогоо зөөллөж, эдийн засгаа дэмжихийн тулд одоогийн 10 хувьд авчирсан. Гэвч ам.долларын ханш огцом өссөн, зээлийн хэмжээ хурдтай нэмэгдсэн, хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн хэмжээ дорвитой буурахгүй байгаа зэрэг шалтгаан нь бодлогын хүүгээ өсгөх ээлжит тайлбар болж байна. Мөн шатахууны үнийн нэмэгдэл, нийт зээлд эзлэх хэрэглээний зээлийн өсөлт бодлогын хүүг чангатгахад “ташуур” болох нь. Тэрчлэн уул уурхайн зарим томоохон төслийн хувь заяа, гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх эсэх нь тодорхой бус хэвээр байна. Төсвийн орлогыг бүрдүүлэх учиртай эрдэс түүхий эдийн экспортын хил дээрх түгжрэл мөнгөний бодлогын “хувь заяа”-г эргүүлж мэдэхээр байгаа юм. Банкны систем дэх зээлийн долларжилт нэмэгдэх эрсдэл байна.

• Төв банкны мөнгөний бодлогын хүү сүүлийн найман сарын турш 10 хувь дээр тогтвортой хадгалагдаж буй.

• Инфляц, валютын ханшаа алдахгүйн тулд эс хүссэн ч бодлогын хүүгээ тодотгох шаардлагатай.

• Мөнгөний бодлогыг чангатгах гадаад эрсдэлийн эхэнд АНУ-ын Холбооны нөөцийн банкны хүлээгдэж байгаа шийдвэр орж байна.

Энэ болгон 2019 оны мөнгөний бодлогын сорилт төдийгүй эрсдэл болж байна. Төсөв байгаа боломжоосоо данхайсан нь мөнгөний бодлогын орон зайг хумьж, эсрэгээрээ эдийн засагт дарамт бий болгохоор байгаа аж. Нээлттэй нийгэм форумаас гаргасан төсвийн зарлагатай холбоотой судалгаанд хүртэл энэ талаар дурдсан. Мөнгөний бодлогыг чангатгах гадаад эрсдэлийн эхэнд АНУ-ын холбооны нөөцийн банкны хүлээгдэж байгаа шийдвэр орж байна. Дэлхийн зах зээл дээр ам.долларын ханш сүүлийн хэдэн сарын турш чангарах үзэгдэл ажиглагдаж байгаа. Холбооны нөөцийн банк 2008 оноос хойш хэрэгжүүлсэн мөнгөний хэт зөөлөн бодлогоо аажмаар чангаруулж, ам.долларын эсрэг улс орнуудын үндэсний мөнгөн тэмдэгт дэлхий нийтээр суларч эхэллээ. Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ шинжээчдийн таамаг, хүлээлтээс илүү хурдтай өөрчилж, нэмэгдүүлж байгаа нь хөгжиж буй орнуудад томоохон дарамт үүсгэх болсон. Тус банк 2015 оноос хойш бодлогын хүүгээ нийт найман удаа, энэ он гарсаар гурав дахь удаагаа 2.25 хувь болгож өсгөөд байна. Энэ хэрээр ам.долларын өгөөж өсөж, хөрөнгийн урсгал хөгжиж буй улсуудаас гадагшлах болсон. Дэлхий нийтээр ам.долларын нийлүүлэлт багасаж байгаа нь улс болгоны мөнгөний бодлогын өмнөх төлөвийг эвдэж байна. Мөн АНУ, БНХАУ-ын хооронд үргэлжилж буй худалдааны зөрчилдөөн дэлхийн эдийн засагт, ялангуяа Хятадаас хамааралтай бүс нутгийн эдийн засагт томоохон эрсдэлд тооцогдох болов.

Худалдааны маргаан даамжрах нь экспортын гол бүтээгдэхүүний эрэлт болон үнэ өөрчлөгдөх эрсдэл бас агуулж байгаа юм. Үүнийг 2019 оны мөнгөний бодлогод эрсдэл хэмээн үзсэн байна. Сингапурт энэ сарын 6,7-нд болсон дэлхийн улс төр, бизнесийн нөлөө бүхий тэргүүлэх эрхмүүд саатсан “Шинэ эдийн засгийн чуулган” 2020 онд дэлхийн санхүүгийн дараагийн хямрал тохиож мэдэхээр байгааг анхааруулсан. 2008 оны хямралаас давсан эрсдэл энэ үед отож байгааг сануулсан дээрх чуулганы оролцогчид валютын нөөцөө нэмэгдүүлэх, төсөв, мөнгөний бодлогоо чангатгах замаар хямралыг хохирол багатайгаар даван туулах дээр санал нэгдсэн юм. Төсөв, мөнгөний бодлогоос улбаалан компаниуд үйл ажиллагааныхаа цар хүрээг хумих, тэлэх арга хэмжээ авдаг. Эдийн засгийн өсөлтийн үед бизнесээ тэлж, зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлэхийг хувийн хэвшил хичээдэг. Эдийн засаг ийм өрнөлтэй үед хэрэглээ, хөрөнгө оруулалт тэлэх тул эрэлтийн гаралтай инфляцын дарамт ч нэмэгддэг. Энэ шалтгаанаар инфляц өсөж байгаа нөхцөлд төв банк мөнгөний бодлогыг хатууруулж, инфляцыг зорилтот түвшинд хадгалах гэж оролддог. Тэгвэл төсөв болон гадаад орчны эрсдэл давамгайлж байгаа энэ үед мөнгөний бодлогоор дамжуулан хувийн хэвшилд тэлэх боломж олдохгүй байх дүр зураг эндээс харагдаж байна. Бодлогын хүү хөдлөхөд түүнийг дагаад арилжааны банкуудын хадгаламжийн хүү, улмаар зээлийн хүүнд өөрчлөлт орох магадлал өндөр. Монголбанкны хувьд өмнө нь төсвийн тэлэлтийн эсрэг мөнгөний бодлого чангалж байсан удаатай. тэгвэл энэ явдал дахин давтагдаж магадгүй байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Инфляц эдийн засгийн дайсан биш

Япон, Евробүсийн банкуудын мөрөөдөл инфляци хэвээр байна

 0 сэтгэгдэл

Батын царай баргар байна. Өчигдөрхөн дэлгүүрт ортол махны үнийг 100 төгрөгөөр өсгөчихсөн байжээ. Сүүлийн хэдэн өдөр шил шилээ дарсан үнийн өсөлттэй нүүр тулж буй Бат бухимдангуй байна. Яг түүн шиг олон монгол иргэн үнийн өсөлт болох инфляцыг өнөө үеийн дайсан мэт үзэж байна. Мөнгөний үнэ цэнэ буурч, өргөн хэрэглээний барааны үнэ өссөнөөр инфляц иргэдийг чимээгүйхэн “торгодог” нь үнэн. Гэхдээ муу нэртэй инфляц үргэлж Монголын эдийн засгийн өсөлт дагаж ирдэг. Сүүлийн 20 жилийн эдийн засгийн өсөлт болон инфляцын өөрчлөлтийг 12 дугаар нүүрний графикт үзүүллээ. Графикаас ДНБ-ий өсөлт, инфляцын сэргэлт хоёр харилцан хамааралтай байсан нь харагдана. Тухайлбал, 2012 онд Монголын эдийн засаг 17.5 хувиар өсөхөд инфляцын түвшин 14 хувь хүртлээ галзуурч байжээ. Энэ үед Монголын эдийн засаг тив, дэлхийд гайхагдахаар өсөн дэвжиж, төсөв, санхүүгийн хүчин чадал нэмэгдсэн. 1960-1970 онд Бразил улс ДНБ-ий өсөлтөөрөө дэлхийд тэргүүлж байхад инфляцын дундаж түвшин 42 хувьтай байжээ. Энэ хугацаанд тус улсын нэг хүнд ногдох орлогын хэмжээ хурдтай нэмэгджээ.

Мөн БНСУ-ын эдийн засгийн эрчтэй өсөлтийн үед ч инфляц 20 орчим хувьд хэлбэлзэж байсан юм. Харин хямралын харанга ойртохын хэрээр инфляцын түвшин саардаг. Хамгийн ойрын жишээ нь 2016 он. Монголын эдийн засагт сүүлийн 26 жил тохиогоогүй дефляцын аюул 2016 оны гуравдугаар улиралд нүүрлэж, хэрэглээний үнийн индекс сарын дүнгээр 0.6 хувиар буурахад Монгол улсын ДНБ 1.6 хувиар агшжээ. Энэ үед ажилгүйдлийн түвшин илт нэмэгдэж, 8.6 хувьд хүрч, ажилгүй иргэдийн тоо 10 гаруй мянгаар нэмэгджээ. Одоогоос хоёр жилийн өмнө, Монголын эдийн засгийг шүргээд өнгөрсөн дефляц нь өрхийн орлого буурснаас иргэдийн худалдан авах чадвар доройтож, нийлүүлэлтийн илүүдлээс үүдэлтэй гэж эдийн засагчид тайлбарлаж байсан юм. Энэ үеэр өрхийн бодит хэрэглээ 10 хувиар буурчээ. Гэхдээ удалгүй олон улсын зах зээлд манай голлох түүхий эдийн үнэ өссөнөөс барааны үнийн уналт Монгол улсаас холдсон.

• 2012 онд Монголын эдийн засаг 17.5 хувиар өсөхөд инфляцын түвшин 14 хувь хүртлээ галзуурч байжээ.

• Хямралын харанга ойртохын хэрээр инфляцын түвшин саардаг.

• Энэ оны эхний хагас жилийн байдлаар хөгжингүй орнуудын инфляцын зорилтот хоёр хувтьай байна.

Тэгвэл дэлхийн цөөнгүй орон сүүлийн хэдэн жил дефляцтай нүүр тулсаар байна. Дэлхийн томоохон эдийн засгийн нэг болох Япон улсын өнгөрсөн 20 жилийн хамгийн том толгойны өвчин нь дефляц байв. Ялангуяа, 2007-2017 оныг олон улсын шинжээчид Японы алдагдсан 10 жил гэж нэрлэдэг. Учир нь энэ хугацаанд тус улсын макро эдийн засаг дефляцад “идэгдэж”, санхүүгийн судсаар урсах мөнгөний эргэлт саарсан. Ингэснээр Японы ДНБ-ий өсөлт удааширч, технологийн тэргүүлэгч энэ гүрний эдийн засаг царцсан юм. Өнгөрсөн 10 жилд Японы ДНБ-ий хэмжээ 200 тэрбум ам.доллараар агшиж, 4.8 их наяд ам.долларт хүрчээ. Иргэдийн худалдан авалт буурснаас тус улсын дотоодын компани, аж ахуйн нэгжийн орлого буурч, алдагдал нэмэгдсэн. Ингэснээр ажлын байр хумигдаж, иргэдийн орлого бууран, төсвийн орлого багасдаг байна. Эдийн засгийн шүтэн барилдлага, гинжин хэлхээгээр дефляцын эрсдэл ийн нөлөөлдөг. Тиймээс дэлхий даяар дефляцыг эдийн засгийн уналт гүнзгийрч, ажилгүйдэл өсөхийн шинж тэмдэг хэмээн үзэж сэрэмжилсээр ирлээ. Зөвхөн Япон төдийгүй дэлхийн эдийн засгийн нэг их тэнхлэг болох Евро бүс 2009 оны хямралаас хойш дефляцтай нүүр тулсан.

Тиймээс олон тэрбумаар хэмжигдсэн эдийн засгийг сэргээх хөтөлбөрүүдийг үе шаттай хэрэгжүүлж, мөнгө хэвлэсний үр дүнд сүүлийн 1-2 жилд дефляцын эрсдэлээс арай хийн холдоод байна. Эдүгээ Япон, Евро бүсийн банкуудын мөрөөдөл инфляци хэвээр байна. Учир нь эдийн засагт нэгэнт нэвчсэн дефляц амар арилдаггүй нь сүүлийн арваад жил багтлагдлаа. Улмаар эд эсээс бүрдсэн эдийн засгийг иргэний амьжиргаанаас эхлээд үйлдвэрлэгчдийн орлогоор дамжин, доороос нь идэж, доройтуулж эхэлдэг байна. Хэрэглээний үнэ унаснаар эхний саруудад иргэдэд ашигтай мэт харагддаг ч хугацаа уртсахын хэрээр үйлдвэрлэгчид төдийгүй иргэд хохирч эхэлдэг байна. Учир нь дефляц эхлээд өргөн хэрэглээний барааны үнийг бууруулж, улмаар иргэдийн орон сууц, автомашин зэрэг үл хөдлөх хөрөнгийг үнэгүйдүүлж эхэлдэг байна. Дефляцтай нүүр тулсан өнгөрсөн 10 жилийн хугацаанд гэхэд Японы орон сууцны үнийн индекс 0.4 нэгжээр буурчээ. Орон сууцны үнийг жигнэн тооцдог индекс буурахын хэрээр барилга, орон сууцны үнэ буурсан гэсэн үг. Дагаад Япон иргэний өндөр үнээр худалдан авсан байрны үнэ хямдарчээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар хөгжингүй орнуудын инфляцын зорилтот түвшин хоёр хувьтай байна. Харинхөгжиж буй орнуудын хувьд таван хувьтай байна. Манай бүс нутгийн хөгжиж буй орнууд инфляцыг дэмжих хандлагатай байна.

Тухайлбал, Индонезийн төв банк өдгөө гурван хувьд хэлбэлзэж буй инфляцаа 4.5 хувьд хүргэхээр зорьж буй бол тайланд ч 1-2 хувиар өсгөн, дөрвөн хувьд хадгалахаар зорьж байгаа юм. Монголбанк бодлогын хүүгээр дамжуулан инфляцыг тогтворжуулж ирсэн. Манай улсын хэрэглээний сагсны 40 хувь нь импортын бараа тул дотоодын үнийн түвшин валютын ханшаас багагүй хамаардаг байна. Тиймээс инфляцыг тодорхойлоход дотоодын үйлдвэрлэх чадвар, эдийн засгийн төрөлжилт, аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадвар, экспорт зэрэг өндөр хамааралтай. Инфляц иргэдийн амьжиргаанд маш чухал нөлөөтэй учраас үнийн түвшний өсөлт нам бөгөөд тогтвортой байх шаардлагатай гэж Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Эдийн засгийн шинжилгээ, бодлогын хэлтсийн инфляцын богино хугацааны төсөөлөл хариуцсан эдийн засагч Ж.Энхбаяр хэлж байна. Ирэх онд төв банк инфляцын зорилтот түвшнийг найман хувьд барина гэдгээ мэдэгдээд байна. Олон жилийн турш хоёр оронтой тоогоор хэмжигдэж, өндөр савалгаатай байсан инфляцын дунджийг алгуур бууруулж буй. Гэхдээ дунд хугацаанд инфляцыг найман хувьд хадгалснаар эдийн засаг тогтворжиж, хүлээлт тогтворжих суурь нь болж, цаашид дараа дараагийн алхмыг хийх, үнийн тогтвортой байдлыг тууштай хангах илүү таатай нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Зүүн Азийн эрэлт Монголыг харуулдаж байна

Япон, БНСУ-д шинэ эх үүсвэр барьснаас Монголоос экспортолсон нь ашигтай гэнэ

 0 сэтгэгдэл


“Улс дамнаж, далай гаталсан эрчим хүчний сүлжээ байгуулна гэж хэлэхээр хүмүүс намайг шоолдог байлаа. Харин одоо тэд хүлээн зөвшөөрч эхэллээ” хэмээн “Азийн супер сүлжээ”-г санаачлагч, Softbank группийн үүсгэн байгуулагч Масаёши Со өгүүлжээ. Хэдхэн жилийн өмнө хоосон зөгнөл, хэзээ ч бүтэшгүй мөрөөдөл шиг сонсогдож, зарим хүний доог тохуу хүртэл болж байсан “Азийн супер сүлжээ” төсөл юу юугүй урагшилж эхэллээ. Дэлхийн эдийн засгийн гуравны нэгийг эрчим хүчний сүлжээгээр холбох энэ санаачилга эхнээсээ итгэл төрүүлэхүйц байсангүй. Тиймээс азийн эрчим хүчний салбарынхан энэ төслийг ам дамжин ярихаас хэтэрдэггүй байв. Гэтэл хэдхэн жилийн дотор төслийн эхний шатны судалгаанууд дуусч, олон улсын хөрөнгө оруулагчдын сонорыг хөндөж, хорхойг хүргэж эхлэв. Азийн эрчим хүчний хэрэглээний 70 хувийг “залгидаг” БНХАУ, Япон, БНСУ, ОХУ зэрэг оронд цахилгаан нийлүүлэх шийдмэг зорилготой энэхүү төслийн тооцооллыг бүс нутгийн санхүүгийн хүчирхэг тоглогч болох Азийн хөгжлийн банк санхүүжүүлж байна. Төслийн судалгааг Европын эрчим хүчний хамгийн том компани болох Францын EDF гүйцэтгэж буй бөгөөд ирэх оны тавдугаар сард бүрэн дуусна. Гэхдээ үүнээс өмнө үр дүнгүүд тодорч эхэллээ. Түрүүлж тодорхой болсон үзүүлэлтүүдээс онцлон хүргэхэд энэ судалгааны явцад монгол улсын сэргээгдэх эрчим хүчний нөөц тооцоолсноос өндөр гарчээ.

Ингэснээр төв азийн өндөрлөгт орших Монгол Улс бүс нутгийн эрчим хүчний амин зүрх, азийг гэрэлтүүлэх эх булаг байх боломжтой нь эдийн засгийн тооцоогоор батлагджээ. Монголыг азийн эрчим хүчний ирээдүйн цэнэг гэж үзэх хоёр үндсэн шалтгаан бий. Нэгдүгээрт, Монгол Улс анхдагч эрчим хүчний арвин нөөцтэй. Хоёрдугаарт, бид эрчим хүчний аварга хэрэглэгчдийн дэргэд оршдог. Эдийн засгийн энэ хоёр заяагдмал өгөгдөл монголыг азийн эрчим хүчний эх ундарга болгоход хүргэсэн хэмээн Зүүн хойд азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн сүлжээний стратеги төслийн удирдагч Филиппе Лиенхарт тайлбарлаж байна. Дэлхийн эрчим хүчний хамгийн том хэрэглэгч болох манай урд хөрш жилд дунджаар хоёр терраватт цахилгаан ашигладаг. Тэгвэл манай улс энэ хэрэгцээг нь зөвхөн салхины эрчим хүчний нөөцөөрөө хангах чадалтай. Харин манай нарны эрчим хүчний нөөц Хятадын хэрэглээг 2.5 дахин нугална. Монгол улсын нутаг дэвсгэрийн 40 хувьд сэргээгдэх эрчим хүчний станц барихад нэн тохиромжтой гэсэн дүгнэлт гарчээ. Үүнээс манай улсын Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Өмнөговь аймаг салхины хурд болон нарны тусгалтай байх өдрөөрөө эрчим хүчний арвин нөөцтэй бүсэд тооцогдож байна. Биднийг энэ нөөцөө ашиглаж ч чадахгүй, хилийн чанадаас цахилгаан худалдан авсаар суух зуур олон улсын байгууллагууд ийм шүлс асгаруулам үр дүнг танилцуулсаар байна.

"Азийн супер сүлжээ" төслийн судалгаа ирэх оны тавдугаар сард бүрэн дуусна

Уг нь энэ нөөцийнхөө өчүүхэн хэсгийг ашиглахад л Монгол Улс олон тэрбумын орлого олно. Хамгийн ойрын хугацаанд буюу 2035 он гэхэд бид энэ аварга төслийг эхлүүлж чадвал манай улс 20 мянган мВт эрчим хүч экспортлох боломжтой бөгөөд жилд 5-6 тэрбум ам.доллар халаасална хэмээн Францын EDF компани тооцоолжээ. Ирэх 30 жилд азийн орнуудын эрчим хүчний хэрэглээ огцом өсөх нь аль эртнээс тодорхой болсон. Японы Softbank группийн тооцоогоор Зүүн хойд азийн орнуудын эрчим хүчний эрэлт ирэх 20 жилд дэлхийн дунджаас хоёр дахин нэмэгдэх төлөвтэй. Мөн өнгөрсөн зууны турш атом болон нүүрсэнд тулгуурлан эрчим хүчээ хангаж ирсэн азийн арслан, бар орнууд уламжлалт эх үүсвэрүүдээсээ татгалзсаар байна. Тиймээс энэ эрэлтийг ойрын жилүүдэд биш юмаа гэхэд алс ирээдүйд хэрхэн хангах нь томоос том асуултын тэмдэг болчихоод байгаа юм. Алсдаа эрчим хүчний нийлүүлэлтийн хомсдолтой нүүр тулж магадгүй БНСУ, Япон зэрэг улс цахилгааны эх үүсвэр битүүхэн эрсээр өдий хүрлээ. Гэтэл Япон, БНСУ-д сэргээгдэх эрчим хүчний шинэ үүсвэр барьснаас монгол улсаас цахилгаан худалдан авах нь илүү хямд гэсэн үр дүн гарчихаад байгаа аж. Үүнд эргэлзсэн эдгээр улс ч дотооддоо судалсан ч эдийн засгийн тоо тооцоолол “монголын экспорт” гэсэн хариуг дахин өгчээ.

Тиймээс сүүлийн жилүүдэд эдгээр улсын судлаачид төдийгүй албаныхан “азийн супер сүлжээ”-г сонирхож байна. “Монголоос эрчим хүчээ авъя” гэдэг хүсэлтийг улс орнууд санал нэгтэй илэрхийлж байгаа” хэмээн монголын бизнесийн зөвлөлийн удирдах зөвлөлийн дарга Б.Бямбасайхан хэлж байна. Энэ ирээдүйтэй төсөл эдийн засгийн хувьд ашигтай нь нотлогдоод буй бол улс төрийн хүрээнд түлхэц нэхсээр байна. Энэ бүхнийг урагшлуулж, цаашид үргэлжлүүлэхэд улс төрийн ойлголцол, шийдвэрүүд шаардлагатай гэдгийг Ази, Номхон далайн бүс нутгийн Эдийн засаг-Нийгмийн комиссын Эрчим хүчний хэлтсийн дарга Хонг Пэн Лю онцоллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн есдүгээр сард болсон дорнын эдийн засгийн форумд оролцох үеэрээ уг санаачилгыг урагшлуулахыг уриалан, монгол улс бүс нутагтаа сэргээгдэх эрчим хүч нийлүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлсэн. Ерөнхийлөгчийн байр суурь томоохон түлхэц болсныг уг төслийг санаачлагчид хэлж байна. Гэхдээ бид дотооддоо нэгдэх, бэлдэх зүйл ч бас байна. Ялангуяа, энэ нөөцийг зөвхөн орчин үеийн дэвшилтэт технологи ашиглаж байж ашигтай ажиллана.

Одоогийнх шиг хуучин технологиор хол явж чадахгүй гэдгийг олон улсын судлаачид сануулсаар буй нь анхаарлын нэг тэмдэг. Нөгөөтэйгүүр, монгол улс “азийн супер сүлжээ”-нд нэгдэхийн тулд нэгж эрчим хүчний үнэ тарифаа тэгшитгэх шаардлага үүсчээ. “Үүний тулд Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиа өөрчлөх зайлшгүй. Учир нь тус хуульд салхи болон нарны эрчим хүчний тарифыг хатуу заасан нь үнэ өсөх эрсдэлийг бий болгож байгаа. Тодруулбал, манай улс нэг кВт нарны эрчим хүчний үнэ 15 цент, салхиныхыг 9.5 цент. Гэтэл бусад улс оронд үнэ хэд дахин хямд болжээ. Үнийг хатуу тогтоохын оронд сонгон шалгаруулалт зарлаж, өрсөлдөөн бий болгох нь үнэ бууруулахад түлхэц болно” гэж Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан хэлсэн юм. Дотоодын эрчим хүчний хэрэглээгээ ч хангаж чаддаггүй монгол улс Зүүн хойд азид цахилгаан нийлүүлнэ гэхээр танил бус сонсогдож, хөрсөндөө буухгүй хоосон хөтөлбөр шиг санагдаж магадгүй. Гэтэл эрэлт нь жилд 3-4 хувиар тэлж, 2036 он гэхэд 100 гигаваттад хүрэх Зүүн азийн эрчим хүчний аварга эрэлт ч бас тэнгэрийн тоо, хүлээгдэж буй өсөлт. Өөрөөр хэлбэл, эрэлт, хэрэгцээ худалдан авагч нь хэдийн бэлэн болсон зах зээл биднийг хүлээж байна. Тиймээс бидний гарт буй боломжийн өөдөөс чадахгүй, мэдэхгүй хэмээн нүдээ аньж, гараа хумхиад сууж л болохгүй.