A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2749/

Чимх давс чимээгүй тахал

Баруун аймгийнхны улаан хоолойн хавдар давсны хэт хэрэглээнээс үүдэлтэй

Чимх давс чимээгүй тахал
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2749/


Монголчуудын хоолонд хамгийн их хэрэглэдэг орц бол давс. Хоол хүнсний амт нэмэгдүүлэх бусад бүх амтлагчаас давсыг хавьгүй их хэрэглэдэг нь олон улсын байгууллагаас анхааруулга авахад хүргэсэн юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Монголыг давсны хэрэглээгээ бууруулахыг байнга л зөвлөдөг. Дэлхийн олон орноос Монгол давсны хэрэглээ өндөртэй улсын тоонд бичигддэг учраас тэр. Энэхүү давсны хэт их хэрэглээ нь халдварт бус өвчний өвчлөлийг даамжруулах нэг шалтгаан болдог гэж үзэж байгаа юм. Хүн эсийн гаднах шингэндээ натрийн болон хлорын ионы амин чухал шаардлагатай концентрацыг барьж байхын тулд тэдгээрийг тодорхой хэмжээгээр хоолны давс хэлбэрээр авдаг. Гэхдээ маш бага буюу хоногт таван грамм давс ( NaCl) хэрэглэх ёстой.

Олон улсын стандартад заасан хэмжээнээс хэтэрвэл эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлдгийг эмч нар сануулдаг.

Давсны хэрэглээг бууруулах асуудал бүхэл бүтэн улсын бодлого болчихоод байна. ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу давсны хэрэглээг бууруулах үндэсний стратегийг 2015-2025 он хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөж, баталсан. Гэвч монголчуудын хэнэггүй, дүлий араншин энэ стратегийг үл тоож байна. Үл тоох ч гэж дээ, энэ талаар мэдлэг, мэдээлэлгүй сууна. Давсны хэрэглээ бууруулах стратеги батлаад найман жилийг үдэж. Гэтэл иргэд халбага, халбагаар нь давс идсэн хэвээрээ. Хөдөөгийнхөн давсны хэрэглээг бууруулах бодлого өрнөж буйг сонсоогүй гэж байгаа. Ер нь манай улсын бодлого, зөвхөн цаасан дээр л хэрэгждэг болж. Салбарын яам ч иргэдэд эрүүл мэндийн талаар өрнүүлж буй бодлого чиглэлийг сурталчлах, ухуулах ажлыг хийдэггүй бололтой.

Найман жилийн өмнө цаасан дээр бичээд мартчихсан баримт бичгийг уулын мухарт хонио хариулж яваа дамдин гуай яаж мэдэх билээ дээ. Тиймээс л суртал ухуулга гэдэг зүйл энэ цаг үед дутагдаж байна.

БАРУУН АЙМГИЙНХАН СТАНДАРТААС ГУРАВ ДАХИН ИХ ДАВС ХЭРЭГЛЭДЭГ

Монголчууд байнга л чихэнд нь шивнэж байхгүй бол хэзээ ч хэрэгжүүлдэггүй хэнэггүй, дүлий араншинтай хүмүүс. Тиймээс байнга анхааруулж, сануулж байж аливаа ажил үр дүнд хүрдэг. Өнөөдрийн давсны хэрэглээ өчүүхэн асуудал мэт санагдавч хожим хүний эрүүл мэндэд учруулах хоруу чанар нь асар их. Насаараа шорвог давстай хоол идвэл 10, 20 жилийн дараа цусны даралт ихсэх, ходоодны хорт хавдраар өвчлөх, судас хатуурах гээд олон өвчний үүр болно. Үүнийг эмч нар ч хэлдэг. Сүүлийн жилүүдэд хавдрын өвчлөл эрс нэмэгдсэн. Ялангуяа улаан хоолой, ходоодны хавдар элбэг тохиолддог болсон. Улаан хоолой, ходоодны хавдар үүсгэдэг нэг хүчин зүйл нь давс гэж хавдрын эмч хэллээ. Улаан хоолойн хавдраар голдуу баруун аймгийнхан өвчилдөг. Баруун аймгийнхан хоногт авах давсны хэрэглээг гурав дахин хэтрүүлдэг. Завхан, Ховд, Увс, Баян-Өлгий зэрэг аймгийнхан хоногт 15.4 грамм давс хэрэглэдэг гэсэн судалгааг холбогдох байгууллагаас гаргажээ. Эдгээр аймгийн дараа Сэлэнгэ, Төв, Дундговь, Дархануулынхан заасан хэмжээнээс нэг дахин илүү буюу 9.9 грамм давс хэрэглэдэг аж.

Түүнчлэн Хөвсгөл, Баянхонгор, Өвөрхангай аймгийнхан хоногт 9.4 грамм давс хэрэглэж байна. Ингэж халбага, халбагаар нь давс идэж байхад монголчууд эрүүл байх үндэс алга. Эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар 15-64 насны дөрвөн хүн тутмын нэг нь цусны даралт ихсэх өвчтэй байгааг тогтоосон. Цусны даралт ихсэх эмгэгтэй хүн зүрх судасны өвчтэй болдог. Монгол Улсын хүн амын нас баралтын шалтгааны тэргүүнд цусны даралт ихдэх өвчин буюу харвалт бичигддэг. Араас нь зүрх судасны өвчин бичигдэж байна. Мөн яс сийрэгжих өвчин ч давстай холбоотой. Давс хэтрүүлэн хэрэглэх нь ясны кальцийн алдагдал буюу яс сийрэгжин хэврэгшихэд хүргэдэг. Өтөл насанд ясны сийрэгжилт илүү эрчимттэй явагддаг тул давсны хэрэглээгээ хязгаарлах шаардлагатай. Энэ бүхнээс харахад давс бол эрүүл мэндийг сүйтгэгч чимээгүй дайсан юм. Иймд хоногт хэрэглэх давсны хэмжээг 2.5 грамм хүртэл бууруулж чадвал зүрхний шигдээс, тархины цус харвалтаар өвчлөх эрсдэлийг дөрөв дахин бууруулна.

ДАВСНЫ ЭРЭЛТ БА ЗАХ ЗЭЭЛ

ДЭМБ-ын өмнө Монгол Улс зургаан жилийн дараа гэхэд давсны хэрэглээг 30 хувиар бууруулсан байх үүрэг хүлээсэн. Гэхдээ энэ амлалт биелэх эсэх нь эргэлзээтэй. Хүмүүс даршилсан, нөөшилсөн хүнс их хэрэглэдэг. Эдгээр хүнсэнд далд давсны агууламж маш өндөр байдаг. Хэрэглээгээ дагаад давсны эрэлт, нийлүүлэлт бас байна. Манай улс өнгөрсөн жилийн байдлаар 14 орноос давс импортолсон тухай мэдээлэл Гаалийн ерөнхий газрын тайланд бичигджээ. АНУ, БНСУ, БНХАУ, Беларусь, ОХУ, Казахстан, ХБНГУ, Пакистан, Тайланд, Хорват, Франц, Энэтхэг, Япон, Их Британи зэрэг улсаас иоджуулсан давс 7.9 тонн, бусад төрлийн давс 35 тонныг импортолсон байна. Зөвхөн гадаадаас импортлоод зогсохгүй дотооддоо үйлдвэрлэж, савлаж байгаа. Монгол орон хоолны давс, жамц давсны баялаг ордтой. Дорнод аймгийн Сангийн далай, Увс аймгийн Давст уул, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын дунд гол зэрэг давсны ордоос үйлдвэр, цехүүд хэрэгцээгээ хангадаг. Гэвч урт нэртэй хууль гарснаар нууруудаас давс олборлох боломжгүй болж, импортын хэмжээ нэмэгдэх таатай нөхцөл бүрдсэн байна. Монголын давс, мөсөн шүүний жилийн нийт хэрэглээ 20 мянган тонн байдаг бөгөөд эдгээрийн худалдан авалтад 16 тэрбум төгрөг зарцуулагддаг гэсэн судалгаа Геологийн холбооноос гаргажээ. Үндэсний үйлдвэрлэгчид жилд гурван мянган тонн давс зах зээлд нийлүүлдэг аж. Гадаадаас давс импортлоод байхааргүй хэмжээний нөөц дотоодод байна. Монгол орны зургаан давсны орд дотоодын хэрэглээг 3500 жил хангах хэмжээний нөөцтэй байтал иоджуулсан давс хэмээх хорыг Хятадаас оруулж ирж буйд хүмүүс дургүйцэж байгаа юм.

• Давсны хэрэглээг бууруулах асуудал бүхэл бүтэн улсын бодлого болчихоод байна. 

• Үндэсний үйлдвэрлэгчид жилд гурван мянган тонн давс зах зээлд нийлүүлдэг аж.

• Монгол Улс зургаан жилийн дараа гэхэд давсны хэрэглээг 30 хувиар бууруулсан байх үүрэг хүлээсэн.

БАГААС НЬ ЗӨВ ХООЛЛОХ ДАДАЛД СУРГАЯ

Урьдчилан сэргийлэх үзлэг хийхээ больсноос болж өвчлөл нэмэгдэж, эмнэлгүүд ачааллаа дийлэхээ байлаа гэж шүүмжилдэг ч, тийм биш. Үнэн чанартаа зөв хооллолтын соёл дутагдаж байна. Нэг настай хүүхэд нэг грамм л давс хэрэглэх ёстой. Хүүхдэдээ давс бага хэрэглүүлж заншихыг эцэг, эхчүүдэд зөвлөх хэрэгтэй байх. Манайхны хэнэггүй зан үр хүүхдийнхээ эрүүл мэндийг сүйтгэж байна. Хүн амын судалгаагаар 40-50 жилийн дараа дундаж наслалт 80-ыг шүргэх тул хүүхдээ бор хоолонд орохоос нь эхлээд зуун жил амьдрана гэж бие, эрхтнийг нь хайрлахыг эмч нар зөвлөдөг. Хүүхдүүдэд эрүүл хооллолт, давсны зохистой хэрэглээг хэвшүүлснээр нас ахихад нь олон өвчнөөс урьдчилан сэргийлж чадна гэсэн үг. Чимээгүй дайсан болсон цагаан хорыг зохистой хэмжээгээр хэрэглэж, ДЭМБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлцгээе.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Коронавирусийн улмаас Индонезид саримсны үнэ огцом өсжээ

 0 сэтгэгдэл

Коронавирусийн тархалтаас шалтгаалж Хятадын нийлүүлэлт тасалдах түгшүүр үүсмэгц Индонезид саримсны үнэ огцом өслөө. БНХАУ дэлхийн саримсны нийлүүлэлтийн 80 хувийг дангаараа хангадаг. Харин Индонезын саримсны импортын 90 хувь нь БНХАУ-д оногддог. Вирусийн тархалтын улмаас Хятадын тээвэр зогсож болзошгүй болсон нь Индонезийн нийслэл Жакартад ганц долоо хоногийн дотор саримсны үнийг 70 хувиар хөөргөдөв. “Коронавирус зах зээлийн уур амьсгалыг өөрчилснөөс худалдаачид үнээ хадаачихлаа. Манай импорт ердөө ганц улсаас шалтгаалдаг болохоор аргагүй” хэмээн Индонезийн зах зээлийн арилжаачдын холбооны тэргүүн Абдулла Мансури тайлбарлав. Хятадын хямралт нөхцөл зэсээс эхлээд пуужингийн түлш хүртэлх таваарын эрэлтийг унагасан үед үнэ нь өссөн олон таваарын нэг бол саримс. Дэлхийн санхүүгийн зах зээлд чухал хэмжүүр биш ч Индонезийн үндэсний хоол хүнсний чухал бүрдэл болдгийнхоо хувьд саримс нь тус улсад инфляц хөөргөдөх эрсдэлтэй. Дэлхийд саримсны тэргүүлэх худалдан авагч-Индонез жилдээ 500 мянган тонныг импортолдог. Сүүлийн долоо хоногт тус улсын зарим зах зээлд нэг килограмм саримсны үнэ бараг хоёр дахин өсөж, 80,000 рупиа буюу ойролцоогоор 5.8 ам.доллар болжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

С.Хишгээ: Жирэмсэн эмэгтэйчүүд халдварт өртөх өндөр эрсдэлтэй

 0 сэтгэгдэл
  • Шинэ гарч буй коронавирусийн хувьд, өндөр халуурах, ханиалгах, амьсгал давчдах, булчин өвдөх, толгой өвдөх, суулгах зэрэг шинж тэмдэг илэрвэл хурдан эмнэлэгт хандах нь зөв

Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн зөвлөх, Монгол Улсын гавьяат эмч С.Хишгээтэй ярилцлаа. Тэрбээр хол хорио тогтоосон үед жирэмсэн эмэгтэйчүүд эмнэлэг дээр очиж, урт дараалалд зогсохоос аль болох зайлсхийн, цахимаар болон гар утсаар эмчтэйгээ холбогдож зөвлөгөө авах хэрэгтэй хэмээн хэлсэн юм.

-Шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалтаас сэргийлж, жирэмсэн эмэгтэйчүүдийг хамгаалах чиглэлээр ямар ажил хийж байна вэ. Онцгой нөхцөлд яаж ажиллах ёстой вэ?­

-Шинэ төрлийн коронавирусийн тархалт эрчимтэй явагдаж, БНХАУ-­аас бусад улс оронд тархаж байна. Монгол Улсад ямар нэгэн халдварын эрсдэл байхыг үгүйсгэхгүй. Тиймээс жирэмсэн эхчүүд юун дээр анхаарах вэ гэдгийг хэлье. Жирэмсэн болсноор умайд, эхэс үүсэж, цусны эргэлт шинээр бий болж, биед өөрчлөлт ордог. Иймээс жирэмсэн эмэгтэйчүүдийн дархлаа муудах асуудал бий. Ийм үед гараа сайтар угаахыг анхааруулж байна. Ялангуяа жирэмсэн эхчүүд болон ээжүүд гараа маш сайн угаах хэрэгтэй. Ингэснээр үр хүүхэд, гэр бүлээ хамгаална. Хоёрдугаарт нь амны хаалтыг зөв хэрэглэх хэрэгтэй. Зөв хэрэглэх гэдэг нь хоёр цаг тутам сольж байх, олон нийтийн газар байнга зүүж байх зэргийг хэлнэ. Өвчтэй хүмүүс ойр орчимд нь байвал эсвэл өөрөө ханиад томуу хүрсэн тохиолдолд амны хаалт зүүх хэрэгтэй. Хөл хорио нэгэнт тогтсон учир өвчний голомт руу явахгүй байх. Жирэмсэн эхчүүд олон нийтийн газар явах шаардлагагүй. Болж өгвөл гэрээсээ тусламж авах хэрэгтэй. Хэвийн жирэмсэн эхчүүдийг хамгийн багадаа зургаан удаа эмчид үзүүлэх хэрэгтэй гэж заадаг. Тэгвэл хүндрэл гараагүй, биед нь өөрчлөлт ороогүй тохиолдолд эмчтэйгээ утас, фейсбүүк, онлайнаар холбогдож зөвлөгөө авч болох юм. Хэрвээ хүндрэл гарвал эмчид хандана. Эмчид хандахдаа тодорхой цагуудаар очиж урт дараалалд зогсох, олон хүний дунд орохгүй байх хэрэгтэй. 

-Энэ нь жирэмсэн эмэгтэйчүүдийг эрсдэлтэй бүлэг рүү оруулах шалтгаан болж байна уу?

­Ямар ч халдвар дархлаа муутай эсвэл дархлаа суларсан хүмүүст тусдаг. Тэгэхээр хүүхэд, өндөр настан жирэмсэн эхчүүд орно. Жирэмсэн эхчүүд цус багадалтай, суурь өвчтэй байх зэрэг нь халдварт өртөөд өвдөх магадлалыг нэмэгдүүлдэг. Эмчийн заасан амин дэм, эмчийн бэлдмэл, бусад эрдэс бодисыг хэрэглэх хэрэгтэй. Төмрийн бэлдмэлийг жирэмсэн эмэгтэйчүүд гурван сартайгаас эхлээд төрөх хүртлээ хэрэглэдэг. ДЭМБ-­аас жирэмсэн эмэгтэй төмрийн бэлдмэлийг өдөрт 60 миллиграммыг уух хэрэгтэй гэж зөвлөдөг. Төрсний дараа ч үргэлжлүүлэн хэрэглэнэ.

-Үүнээс өмнө вирусийн халдварууд илэрч байсан. Тухайн тохиолдол бүрт жирэмсэн эмэгтэйчүүд эх нялхасыг хамгаалах урьдчилан сэргийлэх тал дээр юу хийж байв. Тухайлбал, 2010 оны H1N1 вирусын халдварын жишээг харж болох юм.­ Жил бүр улирлын томуу гэж гардаг. Одоо ч гэсэн гараад хүүхэд эмэгтэйчүүд томуугаар өвдөж байна. Одоогийн гарч буй томуугийн шинжилгээг харахад, A хүрээний вирусээр үүсгэгдсэн байгаа юм. 2009 оны аравдугаар сар гараад 2010 онд үргэлжлээд явсан H1N1 A хүрээний вирусийн халдварын үед жирэмсэн эхчүүд нэлээн их хүндэрч байсан. Хот хөдөөгүй орон нутгаас хүндэрсэн иргэд ирж байсан. Түүнээс гадна эмнэлэгт эрт хандах тусмаа хүндрэл нь гайгүй, эх хүүхэд хэвийн төрөх тохиолдлууд байсан. Шинэ гарч буй коронавирусийн хувьд, өндөр халуурах, ханиалгах, амьсгал давчдах, булчин өвдөх, толгой өвдөх, суулгах зэрэг шинж тэмдэг илэрвэл хурдан эмнэлэгт хандах нь зөв. Мөн зарим эмэгтэй жирэмсэн гэдгээ мэдээгүйгээс, вирусийн халдварын үед зулбах хүндрэл гардаг. 

-Хамгийн сүүлд авсан мэдээллээр, Ухань хотод жирэмсэн эмэгтэй төрөхөд, хүүхдэд нь 30 цагийн дараа халдвар илэрсэн. Энэ хэр аюулгүй вэ?

­Жирэмсэн эмэгтэйчүүд хэр өртөж байна вэ гэсэн албан мэдээллийг хайсан боловч баттай мэдээллүүд олж авч чадахгүй байна. Амьсгалын замын халдвартай, тэр нь хүндрээд амьсгалын стресс хам шинж, амьсгалын дутагдал зэрэгт орж байгаа үед ургийн бүтэлт үүсэх эрсдэл гарцаагүй байна. Шинэ коронавирусийн халдварын үед урагт хор хөнөөлтэй гэсэн зүйл уншиж мэдээгүй байна.

-Томуу, томуу төст өвчний вирусийн халдвараар нас барсан хүний тоо 2019 онд 431 хүрсэн гэж эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Нас барсан хүмүүсийн дийлэнх нь бага насны хүүхдүүд байна. Цаашдаа нярай бага насны хүүхдүүдийг өвчнөөс сэргийлэхийн тулд тусгай эмнэлэг байгуулах шаардлагатай юу?­

Жирэмсэн байх үеэс бид ургийг хамгаалах ажлыг эхлүүлдэг. Тухайлбал, халдвартай халдваргүйг тодорхойлж, ургийг хэт авиан шинжилгээгээр оношилдог. Аль ч халдварын үед хэрхэн урьдчилан сэргийлэх, төрөлтийг удирдах эмнэлгийн аргуудыг хэрэглэдэг. Эмнэлэг тусдаа байсан нь дээр гэж мэргэ­жилтний хувьд үзэж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Д.Шивааннүрдэв: Хамгаалалтын хувцас, амны хаалт дутагдалтай байна

 0 сэтгэгдэл
  • Бид биш байгаасай л гэж найдаж сууна. Шинжилгээ авч ХӨСҮТ рүү явуулсан
  • Уулзсан болон ойр орчимд нь байсан хүмүүсээс одоогоор ямар нэг шинж тэмдэг илрээгүй байна

Өвөрхангай аймагт коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч тусгаарлажээ. ӨМӨЗО-ы Шилийн гол аймагт мал маллаж байгаад ирсэн 21 настай залуу өндөр халуурч аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Халдварт өвчинтэй тэмцэх тасагт тусгаарлан эмчлүүлж байна. Энэ талаар тус аймгийн Эрүүл мэндийн төвийн дарга Д.Шивааннүрдэвээс тодрууллаа.

-Коронавирусийн сэжигтэй гэж тусгаарласан залуугийн биеийн байдал ямар байгаа вэ? ­

Биеийн байдал нь тогтвортой байна. Шөнө халуураагүй хонолоо. Бид бүх бололцоогоороо эмчилгээ хийж байгаа. Залуугийн ойр орчимд байсан, уулзсан хүмүүсийг нь тандалт судалгаанд хамруулж байна. ӨМӨЗО-­ы Шилийн гол аймагт 10 хоног байсан. Ирэхдээ автобусны тасалбар олдохгүй Эрээнд хоёр хоносон юм билээ. Улаанбаатарт автобусаар ирээд автовокзалаас аймгийн автобусанд сууж ирсэн. Ирснийхээ дараа танил айлдаа очиж бууз хийсэн гээд явсан газруудыг нь тодруулсан. Уулзсан болон ойр орчимд нь байсан хүмүүсээс одоогоор ямар нэг шинж тэмдэг илрээгүй байна. Бид биш байгаасай л гэж найдаж сууна. Шинжилгээ авч ХӨСҮТ рүү явуулсан.

-Танай эмнэлэг бэлэн байдлыг хэр хангаж ажиллаж байгаа вэ. хэрэв халдвар илэрлээ гэхэд амны хаалт, эм тариа, хамгаалалтын хувцас хэрэгсэл хүрэлцээтэй юу? ­

-Аймгийн Онцгой комиссоос тодорхой хэмжээний санхүүжилт гаргаж хамгаалалтын хувцас хэрэгсэл захиалаад байна. Амны хаалт, ариутгалын бодис хомсдолтой байгаа. Эмийн компани руу захиалга өгсөн, ойрын үед хангалт сайжрах байх. Бүх газруудад ариутгал халд­варгүйжилт хийж байна. Дэлхий дахинд халдвартай хүмүүсийн тоо нэмэгдэж, анхаарал сулруулж болохгүйг цаг үргэлж сануулсаар буй. Тиймээс манай улс ч гэсэн анхаарал сэрэмжээ дээшлүүлж, хүн бүр амны хаалт хэрэглэж, байнга гараа ариутгаж хэвшмээр байна. монгол, хятад хоёр улсын гол дамжин өнгөрдөг хилийн боомт Эрээний удирдлагууд хяналтаа чангатгаж, онц байдал зарлаад байгаа аж.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Амны хаалт халдвараас сэргийлэх үр дүнтэй арга мөн үү

 0 сэтгэгдэл
  • Амны хаалтаа зөв хэрэглэж, байнга солих нь халдварт өвчнөөс урт хугацаанд үр дүнтэй хамгаалдаг болох нь судалгаагаар нотлогдсон
  • ДЭМБ-аас даавуун биш, нэг удаагийн буюу гурван давхар цаасан амны хаалт хэрэглэхийг зөвлөсөн. Бүтэн өдрийн турш солихгүй бол түүнд хуримтлагдсан бактериар амьсгалж өнжинө гэсэн үг

Амны хаалтыг элдэв төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор дэлхий нийтээрээ ашигладаг. Сүүлийн үед Хятадаас гаралтай коронавирусийн халдварын дэгдэлт өндөр байгаа тул амны хаалтын хэрэглээ улам нэмэгджээ. Ялангуяа Хятадад ийм дүр зургийг хаа сайгүй харж болно.Мэс заслын маскийг анх ХVIII зууны сүүлчээр эмнэлгүүдэд нэвтрүүлсэн ч 1919 онд 50 сая хүний амийг авч одсон Испанийн томуугийн дэгдэлт хүртэл нийтийн хэрэглээ болж чадаагүй байна. Харин одоо амны хаалтын ач холбогдлыг нийтээрээ ойлгож, өргөн хүрээнд хэрэглэх болжээ. Гэхдээ вирусээс хамгаалах хамгийн найдвартай арга нь амны хаалт мөн үү. Энэ талаар асуудал хөндсөн нэгэн нийтлэл BBC.com сайтад гарчээ. Үүнийг тоймлон хүргэе. Лондоны их сургуулийн доктор Дэвид Каррингтон BBC-д ярилцлага өгөхдөө “олон нийтэд зориулсан амны хаалт нь агаарт тархсан вирус, бактерийн эсрэг үр дүнтэй хамгаалалт биш” болохыг онцлов. “Гэхдээ ханиаж, найтаах зэргээр бусдад вирус тараахаас сэргийлэх гол арга нь амны хаалт хэрэглэх явдал” хэмээн тэрбээр нэмж тодотгожээ. Түүнчлэн Ноттингемийн их сургуулийн молекул судлалын профессор Жонатан Болл хэлэхдээ эмнэлгийн нөхцөлд ашигладаг, маш сайн шүүлтүүртэй хаалт нь вирусийн халдвараас сэргийлэхэд үр дүнтэй байдаг гэв. Гэхдээ ийм хаалтыг нийтийн хэрэглээ болгоход учир дутагдалтай болохыг тэрбээр хүлээн зөвшөөрсөн. Харин Белфастын их сургуулийн анагаах ухааны хүрээлэнгийн доктор Коннор Бэмфорд вирусийн тархалт өндөр үед амны хаалт зүүхээс гадна хувийн ариун цэврээ сахих нь чухал болохыг сануулсан юм. “Гараа сайтар угаа. Гараа угаагаагүй үед нүүр, амандаа хүрэх хэрэггүй. Хувийн ариун цэврийг сайн сахих нь вирусээс хамгаалах үр дүнтэй арга байх болно” хэмээн тэр ярьжээ. Түүнчлэн Английн Нийтийн эрүүл мэндийн албаны доктор Жейк Даннинг “Амны хаалтаа зөв хэрэглэж, байнга солих нь халдварт өвчнөөс урт хугацаанд үр дүнтэй хамгаалдаг болох нь судалгаагаар нотлогдсон юм шүү. Хамгийн гол зөв хэрэглээ чухал болохыг олон нийт ойлгох хэрэгтэй” хэмээн сануулжээ. Манай эрүүл мэндийн албаныхан ч үүнтэй ижил зөвлөгөө өгдөг. Тухайлбал, ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Амны хаалтыг зөв хэрэглэхгүй бол хэрэглээгүйгээсээ илүү сөрөг үр дагавартай. Нэг удаагийн амны хаалтыг дээд тал нь хоёр цаг зүүгээд солих ёстой. Гэтэл иргэд бүтэн өдрийн хэрэглээ гэж ойлгоод байгаа нь буруу. Нэг удаагийн амны хаалт хоёр цагийн хугацаанд агаарыг шүүж, түүнээс хэтэрвэл шүүж чадахгүй. Амны хаалтаа бүтэн өдрийн турш хэрэглэнэ гэдэг түүнд хуримтлагдсан бактериар амьсгалж өнжинө гэсэн үг” гэв. Харин ХӨСҮТ-ийн Халдвар судлаач их эмч М.Цолмон “Амны хаалт нь тухайн өвчтэй хүнийг ярих, найтаах үед амнаас нь гарах дуслыг хязгаарлах зорилготой байдаг. Амны хаалт нь ам, хамрыг битүү далдалсан байх ёстой. Мөн хоёр цаг тутамд солих хэрэгтэй. Амны хаалтыг солихдоо урд талаас нь гараараа барихгүй, зөвхөн хоёр бүчнээс нь барьж тайлна. Ингээд хэрэглэсэн амны хаалтаа зориулалтын битүү саванд хийнэ. ДЭМБ-аас даавуун амны хаалтыг зөвлөхгүй байгаа. Харин нэг удаагийн буюу гурван давхар цаасан амны хаалт хэрэглэхийг анхааруулж байна” гэсэн юм.