A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1428/

Чингис хааны хар сүлд тугийн сүмийн тухай өгүүлэх нь

Тугийн сүмийг сэргээхэд төр засгийн зүгээс анхаарууштай

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1428/


ТУГИЙН СҮМИЙН ГАРАЛ ҮҮСЭЛ

Чингис хаан, түүний үр ач нартай холбоо бүхий олон сүлд тахилгын газар Ар Монголд байсны нэг нь туг толгой дээрх сүм яах аргагүй мөн. Тугийн сүмийн гарал үүслийг судалваас, XIX зууны дунд үеэр Сэцэн хан аймгийн гүн дамдинжавын хошууны зүүн зүгийн нутагт ган гачиг болсны улмаас малчид ядуугийн туйлд хүрч, амьдралд туслах тухай аймгийнхаа Ханд айлтгажээ. Хан, чуулганы дарга, ихэс ноёд уг асуудлыг хэлэлцээд дамдинжавын хошуу болон эрт дээр үеэс дээдсийн хар туг сүлд, шарилыг уламжлан хадгалж ирсэн бэйс Минжүүрдоржийн хошуудын зааг, Хэрлэн бар хотыг бараадуулан Баян-Эрхт хэмээх толгой дээр эзэн Чингисийн хар сүлд тугийн сүм байгуулахаар болжээ. Түүнд зориулсан хандивыг Манжийн хаанд уламжилж, Ар, өвөр бүх Монголоос хуримтлуулан сүмийн жасын малыг нутгийн малчдаар маллуулж, ашиг шимээр тэдний амьдралд туслахаар шийджээ. Энэ үед Сэцэн хан аймгийн Чуулганы даргын албыг төртогтох /То/ ван хашиж байв. Тэрээр Чингис хааны туг сүлдний сүм байгуулах буянтай үйлст бүх монголчууд мал, хөрөнгөөр туслах зар тараажээ. үүний дагуу мал, эд агуурс их цугларсан байна.

ЧИНГИСИЙН СҮМ, ТҮҮНИЙ ДОТОРХ БАЙГУУЛАМЖ

Чингис хааны хөрөг, есөн өрлөгийн шуумал, байлдан дагуулсан Алтан улс, Тангууд, Сартуул зэрэг орны хаад ембүү, хуйгаар торго зэрэг эд баялгийн дээжиийг хоёр гардан өргөн сөхөрч байгаа шуумалуудын алт, будгийг Нанхиадаас авчруулж, тогтохтөр ван хошууныхаа урчуудаар гайхамшигтай урлан бүтээлгэсэн байна. Түүхийн дурсгалт тугийн сүмийн дүр төрх, хэлбэр галбир, өнгө зүс зэргийг нүдээр үзэгчид, шохоорхон судлагчид өдгөө орон нутагтаа байгаа бөгөөд сүмийн туурь ч мэдэгдэж байгаа юм. Нутгийнхны яриагаар бол майхан болон хавтгай оройтой залгаа хоёр сүмийн дээвэр дээр гурван тулгуур бүхий өндөр зандан модон шилбэний дээд хэсэгт угсарсан гурван салаа сэрээ төмрийн дор хар хялгасан цацагтай, хар ширэн бүрээстэй туг байжээ. Үүдэн дэх залгаа сүм дээрээ жижигхан давхартай, модон шаттай, нэгдүгээр давхарт цөөн тооны лам хурал хурдаг хоёр эгнээ суудалтай байсан гэдэг. Түүнээс урагш хашаан дотор манхан нуруутай сүмүүд байжээ. Тугийн сүмийн бүтцийг нутгийн уугуул иргэдийн нүдээр үзсэн ярианаас тодотгож болох юм. 1914 онд төрсөн тухайн нутгийн уугуул иргэн, Дорнод аймгийн хурлын депутат, намын хорооны товчооны гишүүн, хэлтсийн эрхлэгч асан Эрхтийн Дамбаравжаа “Намайг 5, 6 настайд өвгөн аав маань тугийн сүмийг үзүүлж билээ. Аав маань сүмийн хоймор дахь битүү хадаг яндрын цаана байгаа Чингисийн дэргэд очиж намайг өргөөд хацарт нь гараа хүргэн, миний хацрыг илж, дараа нь өөрийнхөө хацрыг илж байсансан.

Энэ бол Чингисийн хөрөг их өндөр байсны гэрч. Лав хоёр метр орчим өндөр байсан санагдана. Их сүртэй, хүрэн хар өнгөтэй байсныг би мартдаггүй юм. Хананд баатрууд байсан. Хожим нь бодоход есөн өрлөг байсан байх” гэв. Тэрбээр цааш нь “Би арван хэдэн настайдаа ч бас нэг очсон. Сүмийн дотор тахилга үйлддэг бололтой лам нарын цөөн хэдэн суудал харагдсан. Гол дунд нь сангийн бойпор бариад Чингис хаан руу харсан эмэгтэй хүний дүрс байсан. Энэ нь мэдээж Чингисийн хамгийн чухал хатны дүрс байсан байх. Гэсгүйн хоёр талд мушгиа шовгор оройтой малгайтай, суугаа хүний дайтай, гартаа ембүү бариад их эзний зүг бөхийж суусан дөрвөн хос хүн байсан нь харийн элч юм уу бууж өгч байгаа орны эзнийг төлөөлсөн бололтой байсан” хэмээн ярьж билээ. Тугийн сүмд ороод шал дээр нь гишгэмэгц есөн өрлөгийн том нүд, илд барьсан гарууд нь хөдөлж чичирдэг байжээ. Үүний зэрэгцээ хар унаганы арьсыг тууртай нь хамт хажуу тийш харуулан, дэл, сүүл дөрвөн туурайг унжуулан модон ишинд тохож тавьсан байсан тухай мэдээ байдаг. Эдгээр нь төр, цэргийн сүр хүчийг бадруулах, улс гэрт харш бүхний айдас хүйдсийг дарах, төрт ёсоо хүндэтгэн дээдлэхэд чиглэгдэж байжээ. Тугийн сүм цөөхөн ламтай байсан гэлцдэг. Сүмийг анх байгуулахад өмнө өгүүлсэн хоёр хошуунаас тус бүр найман лам суулгаж, их лам, унзад (хурал уншлагын удирдагч), гэсгүй (хурлын дэг журмыг зохицуулагч) тэргүүтнийг Сэцэн ханы дэргэдэх (одоогийн өндөрхаан хотын) хийдийн ихэс лам нар томилдог байжээ.

Чингисийн гэгээн дүрийг догшин хар сүлдийн хамт залж тахисан энэхүү сүмд өдөр бүр сан уугиулж, зул, хүж өргөдөг зан үйл үйлддэг байсныг тус сүмд шавилан сууж байсан “Балба” хэмээх хочтой Чойндон гуай надад тайлбарласан билээ. Тэрбээр Чойбалсан (Дорнод) аймгийн урчуудын эвлэлийн салбарт гар зурагчны алба хашиж байгаад 1970-аад онд насан өөд болсон нэгэн. Түүний өгүүлснээр тугийн сүмийг манаж суугаа жисааны дархан буюу лам нь өглөө бүр эрт босч, орчноо сайтар цэвэрлээд сангийн бойпорт шинэ цог хийж, арц, зандан, агь, ганга, хүж зэрэг үнэртнийг уугиулж сан тавина. дараа нь Гомбо бурханы өмнө өдрийн зулаа өргөж, гурвантаа мөргөөд завилан сууж, хоёр гарын алгаа дээш харуулан эхлээд Богд суут эзэн хааны санг уншина. Тэр сан нь “Лам ядам гурван чухаг дээдээр” эхлэн ...“оюун билиг нэмүүлэхийн шидийг өгөн соёрх”, ... “Амь насан бат ахул арвин хишиг далай мэт гүн, алдар сүлд мөнх түгээмэл, ахуйн өлзий хутаг орш” гэх зэргээр уншлага үйлддэг гэж ярьсан юм. Лам сангаа уншиж дуусгаад шинэ цайны дээжээ туг, сүлддээ өргөж, орой нь үдшийн зулаа өргөж, сангаа давтан уншдаг байв. Мөргөлчин ирвэл жисааны суудлын дархан лам дагуулж Чингис хаан болон догшин хар сүлдэнд мөргүүлж үйлчилдэг байжээ. Чингисийн тугийн сүмийг анх байгуулсантай уялдан Дорнод Монголын хээр талын тэр нэгэн толгой “Туг” хэмээн алдаршжээ. Тэрхүү толгойн нэрээр 1960-аад онд дорнод аймгийн Булган сумын хөдөө аж ахуйн нэгдлийг “Туг” нэгдэл хэмээн нэрлэсэн юм.

• Тугийн сүмийн бүтцийг нутгийн уугуул иргэдийн нүдээр үзсэн ярианаас тодотгож болох юм.

• Сүмийн дотор тахилга үйлддэг бололтой лам нарын цөөн хэдэн суудал харагдсан.

• Засгийн газрын шийдвэрээр Чингисийн тугийг музейд хадгалах болжээ.

ТУГИЙН СҮМД БАЙРШУУЛСАН ХАР ТУГ, СҮЛДНИЙ ТУХАЙД

Хар туг сүлд нь Монголчуудын уламжлалт эрхэм дээд бэлгэдэл төдийгүй эртний цэргийн туг юм. Тугийн сүмийн шүтээн хар туг, сүлдний гарвалыг тодруулваас: Шолой сэцэн хан хөвгүүддээ өмч хувиарлахдаа өөрийн гал голомт, эхийн шарилыг залсан суварга, бурхан шүтээн хар тугаа отгон хүү Ананд далай жононд өгсөнтэй холбоотой. 1694 онд Ананд далай жонон миний аав, үр ач нартаа өмч хувиарлахад надад мөнгөн Майдар бурхан, гэгзэн ханы бэхи эх тайсуугийн шарил залсан суварга, зандан тамга, хар туг, дөш, таван язгуурт бурханы хөрөг, ланз үсгийг мөнгөөр урлаж торгон дээр хадсан үсэг, мөнгөн аяга зэргийг хайрласан гэж дурдсан байдаг. Энэхүү туг долоо дахь үедээ өмнө өгүүлсэн бэйс Минжүүрдоржид өвлөгдөн иржээ. Шолой сэцэн ханы шүтээн байсан хар сүлд Батмөнх даян хааны залгамжаар Гэрсэнз залайр хунтайжийн шүтээн байсныг үгүйсгэх аргагүй мэт. Доктор Г.Мягмарсамбуу тугийн сүмийн хар сүлдийг Чингис хааны хар сүлдний “Элч сүлд”, “Бага сүлд” байж болох талтай гэх шинэ санаа дэвшүүлснийг цаашид судлууштай. Сурвалжид “Хараа ихт хар сүлд” гэсэн байна. Хараа, хараат гэдэг нь алсаас харагдах утга санааг агуулсан үг юм. Үүнийг аян дайнд хэрэглэдгийн учир нь дайсны санаа сэтгэлд хүчтэй нөлөөлөх догшин зүс хар өнгийг сонгож, адууны хар хялгасаар тугийг бүтээжээ.

Дорнод Монголд байсан Чингисийн хар сүлдний тахилгын зан үйл нь өвөрлөгчийнхөөс арай өөр байжээ. Өвөрлөгчид хар сүлдийг тогшуулах тахилга үйлдэхдээ дөрвөн зам хуваан ордосын долоон хошуугаар тойрч, сүлдийн тайллагад хэрэглэх шар тос, архи сархад, далбаа хиурын торго, магнаг, тахилгын болон сүлд залж яваа хүмүүсийн хэрэглэх хонь мал, хүнсний зүйл, мөнгө зоос цуглуулахаар хоёр сар гаруй үргэлжилдэг зан үйлийг үйлддэг байжээ. Гэтэл Халхын тугийн сүмийн хар сүлдийг жил бүрийн намар цагт нэг удаа өвөрлөгч нар шиг нүсэр бус, зардал чирэгдэл багатайгаар Хэрлэн барс хотын чуулганы үеэр тахиж, гурван насны морь уралдуулж бэсрэг наадам хийдэг байжээ. Сэцэн хан аймгийн 23 хошууны ихэс ноёд жилд нэг удаа чуулахдаа Хэрлэн барс хотын чуулган гэж нэрлэж, бичдэг ч уг чуулган Бар хотод чуулж байсангүй, зөвхөн тугийн сүм дээр чуулдаг байсан нь тэнгэрт хальсан их эзнийхээ хишиг буян, төрт сүлдээ тахидаг ёсыг эрхэмлэн хүндэтгэсэн байх магадлалтай. М.Дамдинсүрэн өгүүлэхдээ “Ноёд тугийн сүмийн архан талд 10 ханатай хөх халзан гэр түр барьж чуулдаг байсан бөгөөд унины толгой, баганын хэсгийг алтан боронзоор чимэглэсэн байжээ” хэмээн хуучилсан юм. Тугийн сүмийг хүндэтгэж туг толгойн ойролцоо айл гэр буудаггүй, баруун, зүүн жигүүрээр малчид нутаглана.

ТУГИЙН СҮМ УСТСАН ТҮҮХЭЭС

Хил орчмын сүм хийд, лам нарын аюулгүй байдлыг хангах үүднээс БНМАУ-ын Засгийн газар сүм хийдийг нутгийн гүнд татах шийдвэрийг 1930-аад оны дунд үед гаргажээ. Сан бэйсийн (Чойбалсан хотын) урд хүрээнд шавилан сууж байсан Дарьжавын даваа өгүүлэхдээ “1936 оны үеэс хил орчмын сүмийг 100 км дотогшлуулах тухай Амар сайдын гарын үсэгтэй шийдвэр Засгийн газраас ирсэн. Түүний хавсралтад Баянтүмэн (Чойбалсан) хотын хойд, урд хоёр хүрээ, тугийн сүм, тамсагийн сүм, Ар хамба, Алтан-очиртын хийд зэрэг 19 сүм, хийдийг дотогшлуулахаар байсныг санаж байна. Тугийн сүм тэр жилдээ нүүгээгүй ч 1939 оны эхээр тахилгын лам нар таран явж, сүм эзгүйрсэн тул түүнийг буулгах хэрэгтэй болсон” гэжээ. Тэгэхдээ Монголын угсаа гарвал, түүх, соёлыг эрхэмлэн үздэг Суваргачин отгийн уугуул Хорлоогийн Чойбалсангийн тэргүүлсэн Засгийн газрын шийдвэрээр Чингисийн тугийг музейд хадгалах болжээ. Тэр тугны толгойн хэсэг эдүгээ Монголын үндэсний музейн үзмэрт, үзэгчдийн анхаарлыг татсаар байна. Тугийн сүмийг буулгах үед тэндхийн багийн дарга асан дашзэвэг 1990 онд хуучлахдаа “Тус сүмийг дээд газрын шийдвэрээр буулгахад нутгийн харъяаллаар манай багаас томилогдсон хүмүүс оролцож, зарим юмыг хогийн хонхорт булсан. Гол чухал зүйлсийг 62 хөсөг тэргээр Дорнод аймгийн тусгай хэлтсийн хашаанд аваачиж тушаасан” гэдэг. Үүнийг бид үндэслэлтэй хэмээн үздэг. Чингисийн тугийн сүм буурал түүхийн нугачаанд устаж үгүй болжээ. Урьд өнгөрснөө эргэн харахын хамт угтах ирээдүйгээ эргэцүүлэн тунгаах үүднээс Чингисийн тугийн сүмийг урьд байсан ёсоор сэргээж, аялал жуулчлалын нэг чухал цэг болгохыг нутгийн захиргаа, төр засгийн зүгээс анхаарууштай.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Наймдугаар сарын үнэмлэхүй орлоготой кино

 0 сэтгэгдэл


Энэ оны наймдугаар сард АНУ, ОХУ, БНХАУ, Япон зэрэг улсын кино театруудад тасалбар борлуулалтаар тэргүүлж буй зарим киноны тухай товч мэдээллийг хүргэе.

ОХУ "The MEG"

Орос үзэгчдийн сонирхлыг наймдугаар сард Мeg буюу “Гүний мангас” хэмээх аймшигт кино гурван долоо хоногийн турш байлдан дагуулж, 164.4 сая рублийн орлого оруулаад байна. Балар цагт амьдарч байсан Meg (Megalodon) хэмээх аварга загасны тухай зөгнөлт адал явдал, аймшгийн кино наймдугаар сарын 9-нөөс ОХУ, тусгаар улсын холбооны кино театруудад гарч эхэлсэн юм. Жэйсон Стэтем гол дүрд тоглосон Meg кино тусгаар улсын холбоонд багтдаг ОХУ, Казахстан, Беларусь зэрэг улсын зах зээлээс нийт 5.4 сая ам.доллар олоод байна.


Өмнөд Солонгос “Бурхдын хамт: Сүүлийн 49 хоног”

Дэлхийн кино урлагт өвөрмөц байр суурьтай Өмнөд Солонгосын үзэгчид ч наймдугаар сард дотоодын Along with the Gods: The Last 49 days хэмээх зөгнөлт экшн бүтээлд хошуурцгаалаа. Нөгөө ертөнцөд одсон нүгэлт нэгэнд гэсгээл үзүүлж, гэм буруугүй нэгнийг нь уучлах сахиусан тэнгэрүүдийн тухай бүтээл нь 2017 оны Along with the Gods: The Two Worlds хэмээх киноны үргэлжлэл. Наймдугаар сарын 1-нд үзэгчдэд хүрсэн “Бурхдын хамт: Сүүлийн 49 хоног” кино Өмнөд Солонгост нээлтийнхээ өдөр 1,263,788 тасалбар борлуулж шинэ дээд амжилт тогтоожээ. Хуучин сэдвийн шинэ үргэлжлэл гарсан долоо хоногтоо 46.2 сая ам.долларын орлого олсон нь бас нэг амжилт байлаа. Кино дэлгэцнээ гарсан эхний долоо хоногийн тасалбар борлуулалтаар умард Америк, Австрали, Шинэ Зеланд, Вьетнамд ч хамгийн олон үзэгчтэй Солонгос кино болжээ. “Сүүлийн 49 хоног” есдүгээр сард дахиад 11 улсын кино театрт гарна.

АНУ “Галзуу, баян азиуд”

Наймдугаар сард АНУ-ын кино театруудад Crazy Rich Asians буюу “галзуу, баян азиуд” борлуулалтаараа манлайлав. Жон М. Чу найруулсан уг романтик комедид дан Ази гаралтай Америк жүжигчид тогложээ. Нью-Йорк хотноо өссөн, Хятад гаралт Америк бүсгүй Рэйчэл Чу царайлаг залуу Ник Янгтай танилцаж үерхэнэ. Азийн сайн сайхны тухай хайртынхаа ярианд татагдсан бүсгүй Сингапурт Янгын хамт очиж найзынх нь хуримд оролцохыг зөвшөөрнө. Амраг хос Сингапурт очсон хойно энгийн Америк бүсгүй болзоот залуугаа үлгэрт гардаг мэт баян айлын хүү болохыг гэнэт олж мэднэ. Наймдугаар сарын 15-наас нэгдсэн улсын кино театруудын дэлгэцнээ гарч эхэлсэн “галзуу, баян азиуд” эхний хоёр хоногт 25.5 сая ам.долларын орлого олжээ. Азийн зах зээлд арай эрт буюу наймдугаар сарын 7-ноос гарч эхэлсэн уг бүтээл 76 сая ам.доллар олоод байна. “Галзуу, баян азиуд” кино АНУ-д үзэгчид төдийгүй кино шүүмжлэгчдийн зүгээс сайн үнэлгээ авсан нь өвөрмөц үзэгдэл боллоо.

Япон "Нисдэг тэрэгтэй эмч нар"

Өөрсдийн киногоо холливудынхаас илүүд үзэж буй Япон үзэгчдийн ачаар арлын оронд Code Blue: The Movie буюу “Нисдэг тэрэгтэй эмч нар” кино драм орлогоороо тэргүүлэв. Нарита нисэх буудал, Үмихотару зогсоол орчимд тохиолдсон өргөн цар хүрээтэй ослыг нисдэг тэрэгтэй эмч нарын баг даван туулж буй тухай ижил нэртэй телевизийн цувралыг Toho кино студи дэлгэцнээ буулгасан нь уг бүтээл юм. “Нисдэг тэрэгтэй эмч нар” долдугаар сарын 27-нд дэлгэцнээ гарснаасаа хойш 47 сая ам.долларын орлого олж холливудын Mission Impossible: Fallout-ыг гүйцэв.

БНХАУ "Арал"

Хятадын зах зээлд холливудын кино орлогоороо аварга амжилт тогтоодог байсан үе өнгөрч, дотоодын найруулагчдын бүтээл жагсаалтад гол байр эзэлдэг боллоо. Наймдугаар сард Хятадад хамгийн сайн борлуулалттай таван киноны ердөө ганц нь холливудынх. Дундад улсын үзэгчдийн сонирхол буураагүй Meg-ийг Бо Хуан хэмээх Хятад найруулагчийн The Island буюу “Арал” нэртэй инээдмийн драм орлогоороо шахаж тэргүүлэв. Уг киноны орлого хоёрхон долоо хоногт 162 сая ам.доллар давжээ. Дунд эргэм насны тарчигхан бизнесмен сугалаанаас бөөн мөнгө хожиж амьдралаа өөд татах мөрөөдөлд умбаж амьдарна. Ажлын хамт олны харьцааг бэхжүүлэх учиртай далайн аяллын үеэр мань эр хүслэнт азын сугалаагаа худалдаж авлаа. Гэвч аварга давалгаа аз нь гийсэн эрийг хамт ажиллагсдынх нь хамт эзэнгүй арал дээр шидэж орхисон тул оффист амьдралаа өнгөрөөгчдийн харилцаа чухам утгаараа бэхжихээс өөр зам үлдсэнгүй.

ОНЦЛОХ МЭДЭЭ

Олон улсын киноны хэвлэлийн холбоо Phantom Thread-г шилдгээр шалгаруулав

Испанийн Сан-Себастьянд есдүгээр сарын 21-нд эхлэх олон улсын кино наадмын нээлтийн үеэр АНУ-ын найруулагч Пол Томас Андерсонд Grand Prix FIPRESCI хэмээх шагнал гардуулна. Уг шагнал нь дэлхийн кино шүүмжлэгч, кино судлаачдыг нэгтгэдэг хамгийн том, хамгийн эртний байгууллага – Олон улсын киноны хэвлэлийн холбооны гол шагнал юм. Энэхүү нэр хүндтэй шагналын эзнийг санал хураах замаар тодруулдаг. Энэ жил уг шагналд Польшийн найруулагч Павел Павликовскийн Cold War, Аргентины найруулагч Лукресии Мартелийн Zama болон Мартин Макдонахын найруулсан, АНУ-ын кино академийн шагналт Three Billboards Outside Ebbing, Missouri нэр дэвшээд байжээ. Шалгаруулалтын эцэст Пол Томас Андерсоны найруулсан Phantom Thread кино драм 473 саналаар тэргүүлжээ. Пол Томас Андерсон нь FIPRESCI-ийн тэргүүн шагналыг гурвантаа хүртэж буй анхны кино найруулагч. Тэрбээр урьд нь 2000 онд Tом Круз, Дэми Мурын гол дүрд нь тоглосон Magnolia, 2008 онд газрын тосны бизнесээр хөлжиж буй эрийн тухай There Will be Blood драмаараа Grand Prix хүртсэн юм. Phantom Thread-ын үйл явдал хх зууны 50-иад оны Англид хөвөрнө. Эзэн хаан, кино од, нэр хүндтэй алдартнуудын хувцас загвар зохион бүтээгч Рейнольдс Вудкок (Уг дүрд дэниэл дэй-льюис тоглосон) хэмээх эр онгод дуудах эх булаг болгон бүсгүйчүүдийн араас байнга гүйдэг нэгэн. гэвч залуу бүсгүй Альматай (Вики Крипс) учирснаар түүний амьдрал орвонгоороо эргэв.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Гольф дагасан аялал жуулчлал мөнгө босгох том боломж

Монголд гольфийн цүнх, багц цохиур дунджаар 480 мянган төгрөгийн үнэтэй

 0 сэтгэгдэл


Монголын гольфийн холбооны тооцоогоор зуны саруудад манай улсад 700 гаруй жуулчин гольф тоглох зорилгоор иржээ. Тэд голдуу хоёр өдөр тоглодог бөгөөд тэр хэрээр клубуудын ашиг орлого огцом өссөн байна. Гольф дагасан аялал жуулчлалыг хөгжүүлэх нэг гол хүчин зүйл нь олон улсын төдийгүй тивийн чанартай тэмцээнийг зохион байгуулж, гольф сонирхогчдыг татах явдал. Ялангуяа, зуны улиралд гольфоор хичээллэгсдийн тоо нэмэгдэхийн сацуу аялал жуулчлалын урсгал Монголыг чиглэдэг таатай нөхцөл бүрдэж буй. Сүүлийн хоёр жил БНСУ, Япон болон Зүүн Азид цаг агаар халсантай холбоотойгоор гольф сонирхогчид манай оронд ирж тоглох нь ихэссэн байна. Өнгөрсөн жил манай оронд ирсэн ази, Номхон далайн гольфийн холбооны төлөөлөгчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хийгээд Ази тивийн багийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах боломжтойг дуулгажээ. Ийнхүү Монголд гольфийн спорт хожуу үүссэн ч хурдацтайгаар хөгжиж буй. Манай оронд гольфийн спортыг үндэслэгчдийн нэг бол Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Ц.Балдорж агсан юм.


Анх 2003 онд “Найрамдал” зусланд цөөн нүхтэй талбай байгуулснаас хойш өдгөө дэлхийн стандартад нийцсэн 18 нүхтэй гурван ч талбайтай, ур чадварын индексээрээ Азид өрсөлдөх дөрвөн ч тамирчинтай болжээ. Гольф сонирхогчдын тоо 1000 давсан судалгаа ч байна. Тэр хэрээр энэ спорт монголчуудад тансаг хэрэглээний болон харилцааны шинэ боломжуудыг нээж өгсөөр байгаа юм. Гольф тоглоход олон км алхах, биеийн бүх хэсгийг ашигласан хөдөлгөөн хийх шаардлагатай байдаг нь эрүүл мэнд, бие галбиртаа анхаарах сайхан боломж юм. Мэдээж ажил хэргийн уулзалтыг амралтын цагаар амжуулах сайхан боломж олгодог нь завшаан гэлтэй. Тиймээс л улстөр, бизнесийн хүрээнийхэн төдийгүй урлагийн алдартнууд гольф тоглох, цохиур хэрэгсэл авах, гишүүнчлэлээр элсэхэд хөрөнгө мөнгө хайрлахгүй зарцуулдаг болжээ. Өнөөдөр Монголд тэрэлж дэх Chinggis khan country club, Скайресортын Мount Bogd, Биокомбинатад байрлах Riverside golf club Mongolia гэх стандартад нийцсэн гурван талбай бий. Дээрх клубүүд дунджаар 60 гишүүнтэй аж. гишүүн болоход 30-40 мянган ам.доллар төлж хязгааргүй тоглох эрхтэй болдог клуб байхад жилийн 500 ам.долларын татвараа төлөөд хөнгөлөлт эдэлдэг ТББ ч бий.

Дээрх клубүүд гишүүндээ талбайд тоглох эрх буюу green fee болон дагалдах үйлчилгээ үнэгүй үзүүлдэг. Харин хамгийн олон 132 гольфчинтой Монголын гольфийн холбооны жилийн татварт 500 мянган төгрөг бөгөөд зарим талбайд хөнгөлттэй тоглох эрх олгодог аж. Харин гишүүнчлэлгүй бол анхлан суралцагсад гольфийн хичээлд хамрагдах бөгөөд нэг цагийн хичээл 90 мянган төгрөгийн төлбөртэй. Үүнээс гадна дасгалын талбайд сургуулилт хийхийн тулд бөмбөг бүрийг худалдаж авна. Ажил хэргийн уулзалт хийх өрсөлдөгчтэйгөө адил түвшинд тоглодог болохын тулд дасгал сургуулилтад чамгүй мөнгө зарцуулах шаардлагатай. Мөн сайн тоглож сурахын тулд өөрт тохирсон сайн чанарын iron, wood, phat, sand wedge, putter гэх арав гаруй төрлийн багц цохиуртай байх хэрэгцээтэй болно. Монголд зарж буй багц цохиурын дундаж үнэ 250 ам.доллар. Харин дэлхийн зах зээлд Choice, тaylormade, DeCade зэрэг чанараараа гайхуулагч цохиурууд 1000 ам.доллар хүрнэ. Түүнчлэн зориулалтын хувцас бээлий, гутал авах гээд багагүй зардал шаардана. Гишүүнчлэлгүй болон анхлан тоглогч нар green fee буюу тоглох эрхийг гадаадад 100-350 ам.доллар, Монголд 150- 295 мянган төгрөгөөр авна.

Мөн өөрийн гэсэн цохиургүй, бээлий, гуталгүй бол түрээсээр авч бөмбөг, бөмбөг тогтоогч зэрэгт багагүй мөнгө зарах болдог. Эндээс харахад жил бүр хүрээгээ тэлж буй гольфын спортоос клубүүд багагүй ашиг олдог гарцаагүй. Өвлийн улиралд 3D танхимд тaylormade spider ухаалаг цохиур ашиглан бэлтгэл хийлгэх анхан шатны сургалт явуулахад ч чамгүй орлого олох боломж бий. Энэ спортыг дээдсийн тоглоом болгож буй гол учиг нь соёлын хэмжүүр өндөр байдагт оршино. Өрсөлдөгчдөө хүндэтгэлтэй ханддагаараа энэ спорт тансаг зэрэглэлд багтдаг. Гольф тоглоход баримталдаг дүрэм журам цөөн ч цаасан дээр бичигдээгүй дэг журам, харилцааны соёл талбайд яг таг үйлчилнэ. Гольфчид болзсон цагтаа ирэхээс эхлээд бөмбөгөө цохих гэж буй тоглогчийн анхаарлыг сарниулах, бөмбөгөө цохихгүй удах, нэгнийхээ өмнүүр орж цохих зэргээр бусдыг үл хүндэтгэвэл ичгүүртэй байдалд орж дараагийн удаад “соёлын гологдол” болдог аж. Шотландийн нэгэн хоньчин малаа хариулж явахдаа хийх зүйлээ олж ядан жижиг бөөрөнхий чулууг модоор цохисонд туулайн нүхэнд орчихжээ.

Түүний тохиолдлоор сэдсэн энэ тоглоомд нөхөд нь ч татагдан орсноор шинэ зугаа олон хүнд таалагдах болж өнөөгийн дээдсийн тоглоом хэмээн нэрлэгддэг гольфийн спорт үүсчээ. Гольф анхандаа Шотланд эрчүүдийн дунд эрчтэй дэлгэрч цэргүүд үндсэн үүрэгт ажил болох байлдааны бэлтгэл сургуулилт хийхээ умартан энэхүү тоглоомд татагдах болсон тул 1457 онд Шотландын парламент цэргүүд, энгийн ардыг гольф тоглохыг хориглосон зарлиг гаргаснаар энэ тоглоом дээдсийн зугаа болсон түүхтэй. Орчин үеийн гольфийн стандартын талбай 18 нүхтэй. Бөмбөг оруулах нүх бүхий тугтай хэсгийг “green” гэж нэрлэнэ. Цохих хэсгээс green хүртэлх зай харилцан адилгүй бөгөөд 100 метрээс хагас километр байж болдог. Бөмбөгийг хамгийн цөөнцохилтоор 18 нүхэнд оруулсан нь хожих дүрэмтэй. Энэ тансаг спортыг Монголд хөгжүүлж, аялал жуулчлалын чиглэлийг нэгээр нэмэх боломжтойг салбарынхан хэлж байна. Түүнчлэн гольфийн олон улсын чанартай тэмцээнүүдийг зохион байгуулснаар дагалдан ирэх ESPN, Fox sports, Golf sports зэрэг дэлхийн том хэвлэл мэдээллээр Монголын клубүүд дэлхийн олон сая гольфчдод танигдах сайхан боломж гарч ирэх юм. Хэдийгээр гольф тоглох орчныг бүрдүүлэхэд хөрөнгө шаардлагатай ч зөв менежментээр хөдөлвөл төр, хувийн хэвшил гэлтгүй мөнгө босгох боломж дүүрэн байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Энэ зун амжиж үзэх дэлгэцийн бүтээлүүд

 0 сэтгэгдэл


ESCAPE PLAN 2: HADES

БНХАУ, АНУ-ын хамтын бүтээл Escape Plan 2: Hades буюу “Оргох төлөвлөгөө 2” нь үзэгчдийн тодорхой хүрээнд соёлыг түгээгч болсон Escape Plan киноны үргэлжлэл. Эхнийхийг нь найруулагч Микаэль Хофстрём найруулж, адал явдалт тулаант киноны хуучин одод болох Сталлоне, Шварцнеггер нар хамт тоглосон. Үргэлжлэлийг Стивен С.Миллер (Marauders) найруулж, Сильвестр Сталлоне элит группийн ахмад Рэй Брэслиний дүрээр эргэн ирлээ. Мөн эхний кинонд тоглоцгоосон олон жүжигчин хуучин дүрдээ хувилж, байж боломгүй хүнд хэцүү, аюултай даалгавар гүйцэтгэхээр цугларцгаав. Энэ удаад Рэй Брэслин дэлхийд хамгийн чанд хамгаалалт бүхий Hades шоронд хоригдсон хамтран зүтгэгч Шу Ренийг аврах хэрэгтэй боллоо. Шинэ үеийн шоронд хоригдсон нэгнээ оргуулахын тулд ямар ч бэрхийг давж чадах хүчирхэг хүмүүс бүхий тусгай баг бүрдүүлдэг. Багийн гишүүд ийм үүрэг даалгаварт гаршсан мэргэжлийн хүмүүс. Оргох тухай санахын ч хэрэггүй, орчин үеийн нарийн технологиор өвч тоноглосон шоронгоос анд нөхрөө гаргахын тулд тусгай баг түмэн бэрхийг туулна. Кинонд Сильвестр Сталлоне, Дэйв Батиста, Жэйми Кинг, Титус Уэлливер, Уэс Чэтем, Рэпер Кертис, 50 Cent зэрэг холливудын одод тогложээ. Нийт 20 сая ам.доллараар бүтсэн уг кино зургадугаар сарын 29-нөөс кино театруудын тайзнаа гарч эхэллээ.

ADRIFT

Найруулагч Бальтазар Кормакурын адал явдалт драм Adrift нь 1983 онд Номхон далайд дэгдсэн аймшигт Рэймонд хар салхины үеэр тохиолдсон бодит явдлаас сэдэвлэжээ. Дурлалт хос Ричард, Тами (Сэм Клафлин, Шэйлин Вудли) хоёр дарвуулт хөлгөөр Номхон далайг туулах романтик аялалд гарна. Гэвч аяллын зам дэлхийн түүхнээ тэмдэглэгдэж үлдсэн хамгийн хүчтэй хар салхины нэг рүү шууд хөтөлж аваачив. Дарвуулт онгоцыг сүйрүүлсэн аймшигт шуурганаас аялагч хоёр амьд мэнд үлдэнэ. Гэвч эх газраас холбоо тасарч, хоол хүнсгүй, онгоцны сэгтэй үлдсэн найдваргүй нөхцөлийг тами хүнд бэртсэн Ричардын хамт даван туулж хавайн эрэг хүрэх хэрэгтэй боллоо. Байгалийн хүчийг даван туулах хүний сэтгэлийн тэнхээг харуулсан романтик кино дэлхийн кино театруудын дэлгэцнээ зургадугаар сарын нэгнээс гарч эхэлсэн. Нийт 35 сая ам.долларын өртгөөр бүтсэн кино зардлаа бараг нөхөөд байна.

SICARIO: DAY OF THE SOLDADO

Гэмт хэргийн триллер Sicario: Day of the Soldado нь 2015 онд дэлгэцнээ гарч шуугиан дэгдээсэн, Дени Вильнёвын Sicario киноны үргэлжлэл юм. Стефано Соллима найруулсан шинэ киноны үйл явдал АНУ, Мексикийн хил дамнан ажилладаг мафи, холбооны агент, хар тамхины картелийн хооронд өрнөнө. Мексикт хилээр их хэмжээний мансууруулах бодис сэм оруулж байгаа нь АНУ-ын мансууруулах бодистой тэмцэх товчоонд тодорхой боллоо. Холбооны агентлаг мөрдөн шалгасны эцэст гэмт бүлэглэлүүд АНУ, Мексикийн хил доогуур ухсан хонгил ашиглан мансууруулах бодис, хууль бус цагаач, алуурчдыг зөөвөрлөж байна гэсэн дүгнэлт гаргав. Наркокартелийг зогсоох ажилд томилогдсон холбооны агент Мэтт Грэйвер (Жош Борлин) даалгавраа гүйцэтгэхийн тулд найдваргүй түнш Алехандро Гилликетэй (Бенисио дель торо) хамтран ажиллахаас аргагүй боллоо. Кинонд гол дүрийн хоёр лут одоос гадна Изабела Монер, Мэтью Модэйн, Кэтри Киннер зэрэг алдартай олон жүжигчин тогложээ. Өнгөрсөн сарын 28-наас дэлгэцнээ гарч эхэлсэн Sicario: Day of the Soldado нийт 35 сая ам.доллараар бүтсэн ба энэ сарын 15-ны байдлаар 59 сая ам.долларын орлого олоод байна.

JURASSIC WORLD: FALLEN KINGDOM

Зохиолч Майкл Крайтоны бестселлерт үндэслэсэн кино бүтээл, гэр бүлээрээ тухлан үздэг “Юрийн галавын цэцэрлэг” франчайзын тав дахь үргэлжлэл нь Jurassic World: Fallen Kingdom болж байна. Найруулагч нь Испанийн хуан антонио Байона. Жинхэнэ, амьд үлэг гүрвэлүүд бүхий амралт цэнгээний цэцэрлэг оршдог Исла-Нублар арлыг байгалийн гамшиг дайрах аюул нүүрлэв. Галт уул оргилж арлын байгаль орчин, амьдардаг амьтдыг хөнөөх аюултай болсон тул шинжлэх ухааны гайхамшгаар сэргээн амилуулсан бүхнийг эх газар луу нүүлгэх шаардлага тулгарлаа. Нүүлгэхдээ аймшигт махчин үлэг гүрвэлүүд өвсөн тэжээлт бусдыгаа төдийгүй хүмүүсийг идэх эрсдэл үүсгэх ёсгүй. Угаас мөхөж сөнөх тавилан дайрсан эрт галавын амьтдыг сэргээн хадгалахыг Конгрессын зарим гишүүн эсэргүүцэх болов. Тэгээд ч ийм амьтдыг хаана байлгах нь ноцтой асуудал. Гэвч амьдралд хэзээд шийдэл байдаг. Үлэг гүрвэлүүдийг аврахаар ирсэн Клэр, Оуэн хоёрын адал явдал дөнгөж л эхэлж байна. Доктор Йен Малькольм (Жефф гольдблюм) зэрэг “Юрийн галавын цэцэрлэг”-ийн үзэгчдийн сэтгэлд хоногшсон хуучин зарим дүр эргэн иржээ. Хүн, үлэг гүрвэл хоёр “Энх тайвнаар зэрэгцэн оршиж болно” гэсэн санаа энэ удаагийн бүтээлийг өвөрмөц болгож өглөө. Fallen Kingdom нь 2017 оны судалгаагаар шинэ онд үзэгчдийн хамгийн хүсэн хүлээж байсан киноны нэгээр нэрлэгдэж байсан юм. Киног бүтээхэд 187 сая орчим ам.доллар зарцуулжээ. Зургадугаар сараас кинотеатруудад гарч эхэлсэн бүтээл хэдийнэ 1.1 тэрбум ам.долларын орлого олоод байна. Стивен Спилберг тэргүүтэй бүтээгчид нь уг киноны үргэлжлэлийг 2021 онд гаргахаар төлөвлөжээ.

OVERBOARD

Overboard нь 1987 онд Курт Рассел, Голди Хоун нар гол дүрд нь тоглосон романтик комеди киноны орчин үеийн дахин шинэчилсэн хувилбар. Гол дүрүүдийг Америк жүжигчин Анна Фэрис, Мексик од Эухенио Дербес нар амилуулжээ. Олдсон ажил бүрийг хийж хэдэн хүүхдээ тэжээдэг ганц бие ээжид нэг удаа плэйбой тэрбумтны дарвуулт онгоц цэвэрлэх ажил таарчээ. Ядуу эмэгтэйд тэрбумтан тун ч цэвдэг, хүний мөсгүй хандав. Гэтэл хөлгийн тавцангаас усанд унасан баян эрхэм аврагдсан хойноо юу ч санахаа больсноор ганц бие ээжид өс авах сайхан далим гарав. Мексик тэрбумтныг эхнэр хүүхдээ тэжээх үүрэгтэй эр нөхөр мөн хэмээн итгүүлж ажилчин ангийн амьдралд хутгав. Эр нөхрийн толгой хуучнаа санах чадвартай болохоос өмнө гэр бүлийн хоёр элэг хөшөөм олон адал явдал туулна. Инээдмийн кино энэ оны дөрөвдүгээр сард бэлэн болсон ч Avengers: Infinity War-ын борлуулалтыг унагахгүйн тулд дэлгэцэнд гарахыг нь тавдугаар сарын 4 болгон хойшлуулжээ. Арван хоёрхон сая ам.доллараар бүтсэн киноны тасалбарын борлуулалт хэдийнэ 87 сая ам.долларт хүрээд байна.