A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/620/

Чиндаогийн уулзалт Монголын байр суурийг илүү тодотголоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийг таван улс айлчлал хийхийг урив

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/620/



Монгол Улс ШХАБ-д элсэх, эс элсэх асуудлаар халуун мэтгэлцээн өрнөсөн цаг үед Чиндаог зорьсон Монгол Улсын Ерөнхийлөгч энэ удаагийн уулзалтын хамгийн содон басхүү анхаарал татсан зочин байлаа. Яагаад гэвэл тэрбээр Ерөнхийлөгчийн хувиар ШХАБын дээд хэмжээний болон гурван улсын Төрийн тэргүүнүүдийн уулзалтад анх удаа оролцож байгаа юм. Манан суунагласан Чиндао Ерөнхийлөгчийг хур бороотой угтав. Зургадугаар сарын 9 буюу эхний өдрийн хамгийн гол үйл явдал гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалт байлаа. 18.40 цаг. ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын төв байр, “Чилу” танхим. Энэ өдрийн хамгийн завгүй хүмүүсийн нэг байсан БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин танхимын үүдэнд зогсоно. Дөлгөөхөн бөгөөд элгэмсэг энэ эрхэм хойд хоёр хөршөө хүлээж буй нь энэ. Цэнхэр дэвсгэртэй шаргал танхимын хойд хэсэгт гурван улсын есөн далбааг солбин байрлуулжээ. Төд удалгүй уулзалтын танхимд манай улсын Ерөнхийлөгч В.Путинтай нар зэрэгцэн орж ирэв. Тэд 10 минутын өмнө хоёр талын уулзалт хийсэн юм. Харин одоо гурван талт уулзалтыг эхлүүлэх гэж байгаа нь энэ. Гурван улсын Төрийн тэргүүн нарын уулзалт 2014 оноос эхэлсэн түүхтэй. Тажикистаны нийслэл Душанбед анхны уулзалт болсон нь 100 жилийн түүхэн үйл явдал хэмээн тухайн үед ажиглагчид үнэлж байсан юм. Өмнөх уулзалтуудаар гурван талт хамтын ажиллагааныхаа “Дунд хугацааны замын зураглал” болон “Эдийн засгийн коридор” байгуулахаар тохирсон билээ. Тэгвэл энэ уулзалтын үеэр “Монгол Улс өнөөг хүрсэн тохиролцооноосоо нэг ч алхам ухрахгүй” хэмээн Ерөнхийлөгч Х.Баттулга мэдэгдээд, манай улсын зүгээс бодит саналуудаа онцолсон юм.


Харин БНХАУын Ерөнхийлөгч Ши Жиньпин “Гурван улсын уулзалтад шинэ үе иржээ” хэмээн хэлсэн нь уулзалтыг хэрхэн үнэлснийг илтгэнэ. Энэ үеэр тэд “Эдийн засгийн коридор”-ыг урагшлуулах төвийг Улаанбаатарт нээж, санхүүжилт босгох арга замыг ч судлахаар болов. Ер нь энэ уулзалтаар гурван талд хамаатай дэд бүтцийн төслүүдийг дагнан хэлэлцсэн гэхэд болно. БНХАУ-аас Монголын Өмнийн говийн гол гарц болох Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян, ЗүүнбаянХангимандалын төмөр замын төслүүдэд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ. Үүнээс гадна, Хятад болон Монгол Улс ноолуурын зах зээлд хүч хавсрахаар болов. Дэлхийн түүхий ноолуурын зах зээлийн 95 хувийг бүрдүүлдэг улс нэгдсэнээр дийлдэшгүй баг бий болохоор байна. Бас Монгол Улсын баруун бүсээс мах, зүүн бүсээс гурил экспортлохоор тохирсныг онцлон дурдах хэрэгтэй. Мөн БНХАУ-аас “Тавантолгой” төсөлд хөрөнгө оруулах уламжлалт саналаа Төрийн тэргүүнд тавьсан юм. БНХАУ ШХАБ-ын хүрээнд 30 тэрбум юанийн зээлийн шугам нээж буйгаа зарласан. Хэрэв Монгол Улс идэвхтэй ажиллаж чадвал уг санхүүжилтээс хүртэх боломж байгааг Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ уулзалтын дараа сэтгүүлчдэд онцолсон юм. Тэгвэл ОХУ дэд бүтцийг онцгойлон онилж байна билээ. Европыг чиглэсэн БНХАУ, ОХУ, Монголын чингэлгийн тээвэр 2.7 дахин өсчээ. Тиймээс ОХУ, Монголын хамтарсан Улаанбаатар төмөр замыг шинэчилнэ гэдгээ Оросын Ерөнхийлөгч В.Путин уулзалтын эхэнд мэдэгдэв. Энэ хүрээнд хоёр тал 2030 он хүртэл төмөр замыг шинэчлэх төсөл боловсруулж байгаа юм. Эхний ээлжинд буюу 2018-2020 онд ОХУ 260 сая ам.долларын хөрөнгө оруулах аж. Үүнээс гадна В.Путин өөр нэгэн чухал амлалт өгсөн нь Монголоор дайруулан хийн хоолой тавих саналыг дэмжихээ илэрхийлсэн явдал юм. Энэ асуудлыг нухацтай авч үзэн, нарийвчилсан судалгаа хийнэ гэж тэрбээр мэдэгдсэн. Монгол Улс энэ саналыг олон жил тавьж байгаа хэдий ч хойд хөрш ийм нааштай хариуг өмнө нь өгч байгаагүйг тээврийн салбарынхан хэлж байна. Одоогоор байгалийн хийн хоолой манай улс руу ойртсоор Эрхүүд тулж ирээд байгаа юм билээ. Уг хоолойг Улаанбаатараар дамжуулан урд хөршид хүргэх саналыг ОХУ-ын бизнес эрхлэгчид манайд тавьчихаад байгаа аж.

•БНХАУ-аас ТавантолгойГашуунсухайт, Тавантолгой Зүүнбаян, Зүүнбаян Хангимандалын төмөр замын төслүүдэд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ.

Хятад болон Монгол Улс ноолуурын зах зээлд хүч хавсрахаар болов.

• Монгол, ОХУ 2030 он хүртэл төмөр замыг шинэчлэх төсөл боловсруулж байна. Эхний ээлжинд буюу 2018-2020 онд төмөр замын шинэчлэлд ОХУ 260 сая ам.долларын хөрөнгө оруулах аж.

Төрийн тэргүүнүүдийн уулзалтын үеэр гурван улсын Ерөнхийлөгч хэрэгжилт хэмээх үгийг онцолж байв. Энэ нь яриа хэлэлцээ болгон ажил хэрэг болох учиртайг сануулсан дохио байсан болов уу. Ши Жиньпин Ерөнхийлөгч гурван талын хамтын ажиллагааны хөгжлийн явцад үнэлэлт өгч, цаашдын ажлын чиглэлийг гаргахад бэлэн гэдгээ мэдэгдсэн нь хэлэлцэх үе дуусаж, хэрэгжүүлэх цаг ирснийг илтгэж байна. Харин В.Путин “Гурван улсыг холбосон дэд бүтцийн хөгжлийн засаг захиргаатай холбоотой бүх саад тотгорыг арилгана” гэдгээ мэдэгдлээ. Хэрэгжилт нэхэж буй уулзалтын үр дүнд ирэх жилүүдэд олон төслийг бодит ажил хэрэг болгон урагшлуулах бололтой. 2019 оны зургадугаар сард Кыргызстанд Гурван талын тав дахь уулзалт болно. ШХАБ-д элсэх, эс элсэх асуудлаар уулзалтаас өмнө монголчууд эргэлзээтэй үлдсэн. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын ШХАБ дахь одоогийн статусыг шат ахиулан оролцох боломжийг нарийвчлан судалж байгаа бөгөөд зохих хэлэлцүүлгийг улс төр, нийгмийн хүрээнд эхлүүлж буйгаа мэдэгдэв. Монгол Улс цаашид ШХАБын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох бөгөөд тус байгууллагад шат ахиулах асуудлаар шийдэлд хүрэхээ мэдэгдэв. Үүнээс гадна Монгол Улсын Төрийн тэргүүн таван улстай хоёр талт уулзалт зохион байгууллаа. Казахстаны Ерөнхийлөгч Н.А.Назарбаевтай нүүр тулан уулзлаа. Хоёр Ерөнхийлөгчийн анхны уулзалт төрсөн өдрийн урьдчилсан мэндчилгээтэй эхэлсэн нь улиг болсон албан уур амьсгалыг эвдэв. Энэ үеэр Н.А.Назарбаев газар нутаг ойрхон хэрнээ хоёр улсын эдийн засгийн харилцаа ихээхэн чамлалттай байгааг хэлээд Монгол Улс хонины махны хэрэглээ ихтэй орнууд руу мах экспортлоход хамтрахад бэлэн гэдгээ мэдэгдсэн юм. Хоёр өдрийн туршид нэг уулзалт онцгой анхаарал татсан. Энэ бол товлосон хугацаанаасаа нэг өдрөөр хойшилсон Ираны Ерөнхийлөгч Хасан Руханитай хийх уулзалт байлаа. Хэдийгээр товлосон хугацааны хувьд “асуудал” үүсгэсэн энэ уулзалт халуун дулаан болов. Иран бол манай махны экспортын гол зах зээлүүдийн нэг. Гэвч махны экспорт ахидаггүй төдийгүй өслөө гэхэд 15 сая ам.доллараас хэтэрдэггүй нь туйлын чамлалттай юм. Тийм ч учраас уулзалтаар Ерөнхийлөгч Ираныг чиглэсэн махны экспортоо ахиулах талаар ярилцав. Бас XIII-XIV зууны үеийн Монголын эзэнт гүрний хэсэг өнөөгийн Иран улсад төвлөрч байсан Ил хаант улсын түүхийн талаарх хамтарсан судалгааг өргөжүүлэхээр санал нэгдэв. Мөн Монгол Улсын оюун санааны ойрын түнш Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модитой уулзсан. Уулзалтаар тус улстай кино урлаг, спортын салбарт хамтран ажиллах боломжтойг онцлов.

Ерөнхийлөгчийн хувьд албан ёсны талаасаа ч, хувь хүнийнхээ хувьд ч онцгой байсан нь дамжиггүй

Монгол Улсаас ардчиллыг хөгжүүлэх, сонгууль зохион байгуулах туршлага судалж буйгаа Кыргызстаны Ерөнхийлөгч Сооронбай Шарипович Жээнбеков аминчхан хэлээд авна билээ. Өнгөрсөн аравдугаар сард болсон сонгуулиар ялалт байгуулсан тэрбээр хоёр улс далайд гарцгүй, тиймээс далайд гарцгүй орнуудын эдийн засгийн хөгжлийн судалгааны чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаа гэдгээ мөн илэрхийлсэн. Монгол Улсын Элчин сайдын яам нээгдэх энэ улсад ирэх ШХАБ-ын дээд хэмжээний XIX дэх уулзалт болно. Тэгвэл ОХУ болон Европ гэсэн хоёр том зах зээлийн дунд оршдог Беларусь хамтран ажиллахад бэлэн байна. Мөн Монгол тамирчдын дайчин чанараас манай тамирчид суралцахыг хүсдэг гээд хоёр улсын тамирчдын хамтарсан бэлтгэл хийх гэх мэтээр спортын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа дурдсан. Харин манай талаас хөдөө аж ахуйн туршлага судлахад бэлэн буйгаа илэрхийлж, Евразийн чөлөөт худалдааны хэлэлцээрт дэмжлэг үзүүлэхийг хүсэв. ШХАБ-ын уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийг таван улс албан айлчлал хийхийг урьсан билээ. Ирэх онд болох “Бүс ба зам” уулзалтад хүрэлцэн ирнэ гэдэгт найдаж буйгаа Ши Жиньпин илэрхийлж байв. Ерөнхийлөгч дэд бүтцийг дагнаж, боловсруулах салбарыг зүтгүүлсэн яриа хэлэлцээ уулзалтууд түлхүү хийлээ. Евразийн удирдагчид нэг дор чуулсан энэ удаагийн чуулган Ерөнхийлөгчийн хувьд албан ёсны талаасаа ч, хувь хүнийхээ хувьд ч онцгой байсан нь дамжиггүй. Гэхдээ Ерөнхийлөгч бүс нутаг болон хөрш орнуудтай харилцах Монголын харилцааг шинэ шатанд гаргахаар зорьж буйгаа энэ үеэр илэрхийлж чадлаа. Тэрбээр Монгол Улсын гадаад бодлогын залгамж халааг хадгалахын зэрэгцээ илүү өргөжүүлэн тэлэхээр зорьж байгааг хоёр өдрийн завгүй уулзалтуудаас тодорхой харагдлаа.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Г.Батчимэг: Ээжийнхээ мөрөөдлийг биелүүлэхийн тулд бүжигчин болоогүй

100 гаруй хүн ажиллаад 20-иод үзэгчтэй үе байсан

 0 сэтгэгдэл


Сонгодог урлаг сонирхогчдын бахархал болсон гоцлол бүжигчин Г.Батчимэгийг “Зочин” буландаа урилаа. Тэрбээр УДБЭТ-ын босгоор алхан орсноос хойш 17 дахь жилээ угтаж байна.  Г.Батчимэг дөрвөн сайхан хүүхдийн төрүүлж өсгөсөн. Анхны балетчин “Алдарт эх” бүсгүй юм. Түүний хань МҮОНТ-ийн сэтгүүлч А.Мөнхбаатар. Залуу хос ажилласан салбартаа нэр төртэй, амжилт бүтээл дүүрэн яваа манай үеийн бахархалт нэгэн гэр бүл юм. Мэргэжилдээ дурлаж, түүгээр аз жаргалаа бүтээж яваа Г.Батчимэгийн амьдрал, уран бүтээлийн талаар сонирхоно уу.
СОНГОДОГ УРЛАГИЙН ҮЗЭГЧДИЙГ БЭЛДЭХЭД АНХААРДАГ
-Ээжийнхээ мөрөөдлийг гүйцээж бүжигчин болсон гэсэн. Мэргэжилдээ дурлахын анхдагч шалтгаан нь юу байв?
-Би одоо ажиллахын хажуугаар хөгжим бүжгийн консерваторт мэргэжлээ дээшлүүлэн суралцаж байна. Олон мундаг багш нарынхаа зааж, хэлж өгснийг сонсоод би зөвхөн ээжийнхээ мөрөөдлийг биелүүлэхийн тулд бүжигчин болоогүйгээ ойлгосон. Ажлаа хийхдээ би хамгийн их аз жаргалыг мэдэрдэг. Уур бухимдал, таагүй мэдрэмжээ бүжиглэх явцдаа хөдөлгөөнөөрөө, булчин шөрмөсөөрөө хөөн гаргаж, эргээд үзэгчдийн алга ташилтаас эрч хүч авдаг. Энэ л миний дурлах шалтгаан юм байна гэж боддог болсон. Намайг бага байхад сонгодог урлагийн боловсролыг түгээх, сурталчлах ажил өргөн хүрээтэй явдаг байсан. Зурагтаар балет гарангуут гүйж очоод л үзээд суучихдаг, эгчийгээ эрэгтэй болгоод өөрийгөө өргүүлж, балет бүжиглэж байна гэж тоглодог хүүхэд байлаа. Ээж дуртай учраас би бүжигчин болсон юм биш, намайг дуртай болохоор ээж минь хөтөлж мэргэжлийн сургуульд нь оруулсан байж дээ гэж боддог юм.
-Сонгодог урлагийг түгээх, сурталчлах ажил одоо хэр байна вэ?

-Хэвээрээ байгаа. Гэхдээ мэдээллийн нээлттэй байдал, хэт олон төрлийн зүйлийг судлах боломж нь нэг талаар сонгодог урлагийг онцолж сонирхох хүүхэд ховордох, сонирхсон нь ч тууштай тэвчээртэй байхыг бууруулж байна.
-Та хүүхдүүдэд балет зааж байгаа гэсэн. Ер нь шантарч буцдаг нь хэр их вэ?

-Бүжгийн студи ажиллуулж байсан. Одоогоор хүүхдүүд жаахан учраас сургалтаа түр завсарлаад байна. Манай сургалт сонирхогчдод зориулсан. Балерина бол хатуу, хүнд мэргэжлийн жагсаалтад ордог шүү дээ. Харин би хүүхдүүддээ тэр хатуу хөтүүг нь биш, гоо зүйн талаас нь хичээлээ заадаг. Өөрийнх нь гоо сайхныг мэдрүүлж, өөрөөрөө бахархаж, үнэлдэг болгох, соёлч боловсон биеэ авч явах, сонгодог урлагийн үзэгчдийг бэлдэх тал дээр илүү анхаардаг. Гурав, дөрөвхөн настай хүүхдүүд нуруугаа хаана байдгийг ч мэддэггүй шүү дээ. “Нуруугаа цэх болго” гэхээр “аль нь билээ, багш аа?” гэдэг өхөөрдөм бяцханууд ирдэг. Тэдэнд алхах гишгэх, зөв суухаас эхлээд танхимд хэрхэн алга ташихыг ч зааж өгдөг. Манайд шантарч гарах биш, улам дурлаж, хэзээ хичээл эхлэх бол гэж хүлээсэн хүүхдүүд л байдаг даа. 
-Сонгодог урлагийн үзэгчдийн одоогийн түвшин, өөрчлөлтийн талаар та ямар бодолтой явдаг вэ. Хэд орчим насныхан зонхилж байна?

-Нийгмийн шилжилтийн үе дөнгөж шувтарч эхэлсэн ч хүмүүсийн амьдрал сайнгүй байсан 2003 онд би хөгжим бүжгийн сургуулийг төгсөөд УДБЭт-т орсон. Иргэд сонгодог урлаг үзэх нь бүү хэл, өнөө маргаашийн амьдралаа яая гэж байсан үе л дээ. Тайзан дээрээс харахад дөнгөж хорь гаруйхан хүн үзээд сууж байсан үе бий. Нэг үдэш бүтээл тавихад тайзны гэрэлтүүлэг, чимэглэл, хөгжимчид гээд зуугаад хүний хөдөлмөр шингэдэг. Гэсэн ч үзэгчдээ хүндлээд бүгд л сэтгэл зүрх, бүх хүчээ дайчлаад тоглоно. Гэхдээ би энэ үеийг зах зухаас нь л үзэж өнгөрсөн. Аажимдаа үзэгчид маш өндөр хүлээлттэй үздэг болж, тэр хэрээр хүртээмж ч сайжирсан. Одоо бол тоглолтын тасалбар долоо хоногийн өмнө онлайнаар зарагдаад дуусчихсан, өөрсдөд маань ч олддоггүй. Орчин үеийн цахим дэвшлүүд сонгодог урлагийн хөгжилд ч хүчтэй хувь нэмэр оруулж байна. Манай бүтээлүүдэд үлгэрийн болон хүүхдийн сэдэв их учраас үзэгчдийн маань ихэнх нь багачууд. Сонгодог урлаг  хүүхдийн гоо сайхны төлөвшилд томоохон үүрэг гүйцэтгэдэг болохоор үзэгчдэдээ сэтгэл хангалуун байдаг шүү.
МОНГОЛ БАЛЕТЧИД ГЕРМАН, БНСУ-Д АЖИЛЛАДАГ
-Дэлхийн түвшинтэй харьцуулахад монголын балетын урлаг хаана явдаг вэ?

-Дээгүүрт орно шүү. Гадаад харилцаа ч идэвхтэй хөгжиж манай залуу балетчид олон улсын тэмцээн уралдаанд их ордог болсон. Олон ч шагнал авч, дэлхийд Монголынхоо сонгодог урлагийн хөгжлийг гайхуулж байна. Энэ бол дэлхийд эх орныхоо хөгжлийг хүлээн зөвшөөрүүлсэн сайн жишиг. Цаашид ч залуус маань улам их амжилт гаргана гэж найддаг. Бас мэргэжлээрээ ажилладаг чадварлаг монгол балетчид бусад улс оронд их бий.
-Гаднын орнуудад балетчид “сонгодог” зэрэглэлд багтаж, цалин хангамж ч өндөр. монгол бүжигчид гадагшаа их явдгийн бас нэг шалтгаан энэ үү?

-Манай ангийхнаас л гэхэд хэд хэдээрээ герман, БНСУ-ын театрт бүжигчнээр ажилладаг. Улс орон бүр өөр өөрийн онцлогтой. Тухайлбал, Өмнөд Солонгост сонгодог урлагийнхнаа бараг тахин шүтэж, хүндэтгэдэг. Балетчид нь хаана ч үргэлж толгой өөдрөг цэх явах ёстой байдаг. Тиймээс солонгосчууд олон улсын тэмцээн уралдааны үеэр гэдийж, цэмцийгээд андашгүй.
-Харин монгол балетчдын хувьд ажил нь амьдралын баталгаа гэж хэлэхэд хэцүү байх аа?

-Төсвийн л цалинтай алба хаагчид шүү дээ. Хамгийн гол нь урлагийнхан ажилдаа цалин харж биш дурлаж хайрлаж зүтгэдэг болохоор ийм асуудлаас хол байх. Мөн сайн хань, найдвартай ар тал чухал.

Дүрэлзэн шатсан уран бүтээлчдийн хүсэл эрэлхийлэл дээр модерн боссон

-Балетын урлагт олон жил зүтгэсний хувьд салбарынхаа ирээдүйг анхаарч, санаа тавьдаг байх?
-Монголын үндэсний өв уламжлалыг шингээсэн бүжгэн жүжгүүд манайд бий. Эдгээр бүтээлээ угсаа нэгт улсууддаа бүрэн эхээр нь толилуулах, цаашлаад дэлхийн түвшинд үндэсний онцлогоо сонгодог урлагт хэрхэн шингээснээ сонирхуулах боломж бидэнд бий. Өөрсдийн гэсэн жүжигтэй, урын сантай байна гэдэг том үзүүлэлт. Бид дэлхийн хаана ч очсон балетын нэг л хэлтэй. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн энэ урлагаар дамжуулж үндэсний өв соёлоо сурталчлах бодлого хэрэгтэй.
-Өв уламжлалаас гадна орчин үеийн хандлага сонгодог урлагт бий. Монголын модерн балетын хөгжил таны нүдээр ямар байдаг вэ?

-Соёлын тэргүүний ажилтан, найруулагч А.Өлзий-Оршихын удирдлаган дор би УДБЭТ-ийн дэргэдэх “Номадик” хамтлагт харьяалагдаж ажилладаг. Гоцлол бүжигчид нэгдээд зөвхөн сонгодогоос гадна орчин үеийн урлагийг Монголдоо хөгжүүлэхээр ажиллаж ирсэн. Модерн балет бол өнөө цагт зайлшгүй шаардлагатай урсгал. Манай продакшнаас байгаль хамгааллын, хүчирхийллийн эсрэг сэдвээр олон жүжиг тавьсан. Монгол Улс бол оросын сонгодог урлагийг өөртөө тэр чигт нь буулгасан орон шүү дээ. Өмнөх нийгэмд модерн балетыг хөрөнгөтөн орны урсгал гэж үзээд, хаачихсан байсан. Тэр нөлөө одоо ч байдаг. Манайд модерн сүүлд хөгжсөн, залуу урсгал. Гэтэл барууны орнуудад хөгжил нь ХХ зууны дунд үеэс эхлэлтэй. Нэг талаас сонгодог, ихэмсэг урлагаараа дайн байлдаан, өвчин шаналал үзүүлж болдоггүй, нөгөө талаас нийгэм цаг үеийн байдлыг уран бүтээлдээ шингээх гэж дүрэлзэн шатсан уран бүтээлчдийн хүсэл эрэлхийлэл дээр модерн боссон. Орчин үеийн балет маш олон төрлөөр хөгжсөөр байна. Энэ урсгал бүрийг монголчууддаа таниулж ойлгуулах зорилгоор манай “Номадик” хамтлаг байгуулагдсан юм.
-Таны найруулсан бүжгэн жүжгүүд байдаг биз?

-Миний хувьд продакшнтайгаа хамтраад хамгийн сүүлд “Цасан гоо ба долоон одой” үлгэрийг бүжгэн жүжгээр дэглэн найруулсан. Хүүхдүүдтэй ажиллах дуртай, тэдэнд зориулсан уран бүтээлд хайртай болохоор сонголт маань надад аз жаргал өгдөг.
-Шинэ жил урлагийнхны оргил ачаалалтай үе. УДБЭТ-ийн хувьд энэ жил үзэгчдэдээ ямар бэлэг барих вэ?

-Төрийн шагналт, Ардын жүжигчин нэрт удирдаач, хөгжмийн зохиолч Ж.Чулуун гуай мэндэлсний 90 жилийн ой тохиож байна. Энэ бямба гарагт буюу маргааш түүний “Уран хас” бүжгэн жүжиг тоглоно. Ням гарагт нь энэ ойд зориулсан бүрэн хэмжээний гала тоглолт болно. Би “Уран хас” бүжгэн жүжгийн гол дүр хандармаад тоглоно. Сонгодгуудын бэлэг барьдаг арванхоёрдугаар сар хамгийн гоё. Шинэ жилийн тухай өгүүлдэг балетыг “Шелкунчик”, мөн “Цөмөөхэй” гэж хоёр янзаар тоглох гэж байна. Баярын уур амьсгал орчихсон, жүжгээс жүжгийн хооронд жаргалтайгаар завгүй гүйдэг үе шүү дээ.
ТӨРСНИЙ ДАРАА ФИТНЕСС БАЛЕТ ТӨРЛӨӨР ХИЧЭЭЛЛЭСЭН

-Монгол эмэгтэйчүүд төрсний дараа бие нялхарч, гам баридаг онцлогтой. энэ үедээ балетын хүнд дасгал хийхэд хэр ядардаг вэ?

-Анхны хүүхдээ төрүүлээд 45 хоноод л ажилдаа орж байсан. Хамт олон маань ч их дэмжиж, дасгалаа хийж эхлэхэд хурдан хэвэндээ орсон. Харин сүүлд ихэр хүүхэд төрүүлсэн болохоор найман сар хүргээд ажилдаа орлоо. Ихэр хүүхэд тээсэн бие арчилгаа арай л илүү шаарддаг юм байна. Би сүүлд гарсан фитнесс балетын төрлөөр гэртээ хичээллэж, биеэ нэлээн цэгцлээд ажилдаа орсон. Орсноос хойш хоёр сарын хугацаанд 10 кг жин хаячихаад байна. Хэдэн сарын өмнөөс дасгалаа эхлүүлсэн болохоор ядрах нь харин гайгүй байсан.
-Мэргэжлийн онцлог хэр зэрэг их нөлөөлдөг вэ?

-Бид багаасаа тэвчээртэй, зорилгодоо хүрэхийн төлөө зүтгэж сурсан. Коски өмсөөд хуруу шалбарч, цус нь гоожсон ч бэлтгэлээ хийж л байдаг. Энэ бүхнийг хүндээр тусгаж авдаггүй нь нөлөөлдөг байх. Бие халаалт, бэлтгэлдээ шахуулаад шархирдагаа ч “гоё өвдөлт” гэж ярьдаг. Ингэж дурлаж, түүнээсээ аз жаргал мэдэрдэг болохоор ядраад байна, нялхраад байна гэж суух ойлголт байхгүй ээ.
-Хүүгээ балетчин болгохсон гэж мөрөөддөг гэсэн. Гэтэл урлагийнхан хүүхдүүддээ өөр салбар сонгохыг зөвлөдөг шүү дээ?

-Би гурван хүү, нэг охинтой. Хэрэв авъяастай бол хөвгүүдийнхээ нэгт мэргэжлээ уламжлуулж эзэмшүүлэхийг хүсдэг. Дэлхийн сонгодгуудыг харахад үр хүүхдэдээ буюу удам дамжсан генийн мэдээллээ эсийн түвшинд өвлүүлсэн нь их байдаг. Тийм балетчид амжилттай яваа жишээ олон. Эрэгтэй балетчин ховор байдаг тул хүүгээ энэ чиглэлээр бэлтгэхийг хичээж яваа.
-Аль ч салбарт эмэгтэй хүн амжилт гаргахад гэр бүлийн хүний дэмжлэг их нөлөөлдөг. Таны хань үүнийгээ ч харуулж байна шүү?

-Манай хүн намайг төрснийхөө дараа ажилдаа орохыг хамгийн их дэмждэг. Миний мэргэжлийг ойлгодог, дэмждэг, нэг номерын шүтэн бишрэгч минь. Хоёулаа завгүй, ачаалал ихтэй ажилтай ч үр хүүхдийг минь харж, асраад өгдөг садан төрлийнхөө ачаар энэ бүхнийг амжуулаад л байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Боловсролын системдээ юуг анхаарахыг хиймэл оюун хэлээд өгч байна

Бодлогоо өндөр бүтээмжтэй хэрэгжүүлэхэд компаниуд анхаарч эхэлсэн нь зөв хандлага

 0 сэтгэгдэл


Хүн төрөлхтний хөгжил хиймэл оюун ухааны тусламжтайгаар улам хурдасч байна. Харин Монголд энэ боломжийг ашиглах эрэлт хэрэгцээ, одоогийн чадавх ямар байгаа талаар МИУС-ийн Математикийн хүрээлэнгийн захирал, доктор Ү.Отгонбаяртай ярилцлаа. Тэрбээр хиймэл оюун, статистик тооцооллыг бодлогын судалгаанд ашиглах нь чухлыг онцоллоо.
-Олон ажлын байранд хиймэл оюун ухаан хүнийг орлож байна. Хиймэл оюун ухааны хүнээс илүү гүйцэтгэдэг чадвар нь юу вэ?

-Хиймэл оюун бол өргөн ойлголт. Гэхдээ хүний тархийг орлох хэмжээнд хүрэх болоогүй. Хүрч чадах эсэх нь ч эргэлзээтэй. Одоогоор хиймэл оюун маш тодорхой зүйлүүдийг л хамгийн сайн гүйцэтгэж байна. Тухайлбал, хүмүүс өөрийн таньдаг, дотно хүнээ хаанаас нь ч хараад таньдаг атлаа бусад хүнийг иргэний үнэмлэхийн зургаар нь шууд таньж чаддаггүй. Харин хиймэл оюун үүнийг маш сайн хийдэг. Мөн эрүүл мэндийн салбарт ч хиймэл оюуны чадварыг маш нарийн үйлчилгээнд ашиглаж байна. Тухайлбал, чихрийн шижингийн хавсарга өвчин болох хараагүй болох эрсдэлийг эрт оношилж байна. ингэснээр уг өвчнийг бүрэн гүйцэд эдгээхгүй ч явцыг нь удаашруулж болдог. Хиймэл оюун тухайн өвчтөний нүдний зургийг хараад мэргэжлийн эмчээс дутахааргүй, зарим тохиолдолд өндөр түвшинд оношилж байна. Хуулийн салбарт ч ялгаагүй, гэрээний аль заалтуудыг нягталж, өөрчлөх шаардлагатайг шалгахад хуульч бүтэн хоёр цаг суух шаардлагагүй. Хиймэл оюун 10 секундэд л илрүүлдэг. Харин хиймэл оюуны илрүүлсэн мэдээллийн тусламжтай хуульч гэрээгээ сайжруулахад л хангалттай. Тиймээс хүнийг орлохоос илүүтэй хөдөлмөрийг нь хөнгөвчилж, цаг хугацааг нь хэмнэхэд хиймэл оюун тусалж байна. Харин автоматжуулалт яалт ч үгүй хүнийг орлож байна. Автомашины дугаар танихын тулд заавал нэг хүн өдөржин сууж, ажил олгогч түүнийг цалинжуулах шаардлагагүй.
-Та тархи судлалын олон улсын хуралд оролцохдоо яг энэ чиглэлээр илтгэл тавьж байсан. Монголд хиймэл оюуны хөгжил ямар түвшинд байгаа вэ?

-Энэ чиглэлээр гадаадад ажиллаж байгаа хэд хэдэн мэргэжилтэн бий. Миний мэдэхээр герман, Японоос гадна АНУ-ын Нью-Йоркийн их сургууль, Массачуссетсийн технологийн их сургуульд эрдмийн зэрэг хамгаалсан залуучууд байна. Миний мэдэхгүй өөр хүмүүс байгаа байх. Хиймэл оюуны салбарт хамгийн урд нь алхаж, судалгаа хийе гэвэл АНУ, Японд л суралцаж, ажилласан нь үр дүнтэй л дээ. Харин хэрэглээг нь хаана ч хөгжүүлж болно.
-Хамгийн их хөрөнгө татаж, моданд орж байгаа энэ чиглэлээр манай улс мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн үү?

-“Шинэ Монгол” коллежид хиймэл оюуны хичээл орж байна. “Сант” сургууль зуны сургалтдаа энэ чиглэлээр элсэлт авч эхэлсэн. 2-3 жилийн дараа анхны мэргэжилтнүүд төгсөнө. Харин манай хүрээлэн 2016 оноос багш, статистикийн ажилчдад зориулан статистик тоо баримтыг хэрхэн ашиглах талаар сургалт явуулсан. Статистик мэдээллийн хэрэглээ бага зэрэг ахихад л хиймэл оюуны нэг салбар болдог. Ийм төрлийн сургалтын хэрэгцээ их, хүмүүсийн хандлага ч төлөвшиж байгаа нь анзаарагдсан. Мөн өнгөрсөн зун дэлхийд статистикийн хамгийн шилдэг мэргэжилтнүүд бэлтгэдэг английн Батын их сургуулийн эрдэмтнийг урьж, зуны сургалт явуулахад хүүхэд залуучууд маш их хамрагдсан. Сургалтад хамрагдсан хүүхдүүд эхнээсээ хиймэл оюуныг хэрэглээд эхэлсэн.
-Тухайлбал?

-Өнгөрсөн сард болсон “Шинжлэх ухаан, технологи, инновац”-ын үзэсгэлэнд манай төгсөгчид хиймэл оюуны тусламжтай шагайг таних дэмо буюу үзүүлэн хийсэн. Нэг л сарын сургалтад хамрагдангуутаа ингэж хэрэглээд эхэлнэ гэдэг ахиц. Мөн төрийн шагналт зохиолч Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир” романыг хэв маягаар өгүүлбэр зохиодог дэмо хийсэн байсан. Үүнтэй яг адилаар Монгол улсын хуулиудыг уншуулаад мөн өгүүлбэр зохиож байна.
-Цаашдаа үүнийг юунд ашиглаж болох вэ?

-Хамгийн энгийнээр бодоход л Японы мэдээлэл зүйн хүрээлэнд хөгжүүлж байгаа тода робот болох боломжтой. Тода бол түүхийн асуултад эсээгээр хариулж, дундаж хүүхдээс өндөр оноо авах чадвартай робот. тода бол хэдэн онд, юу болсон бэ гэсэн цээжлэх асуултад хариулдаггүй. Харин түүхэн үйл явдлын ач холбогдол, нөлөө юу вэ гэсэн асуултад богино хэмжээний эсээ бичиж хариулдаг. Өөрөөр хэлбэл, бид цаашдаа боловсролын системийн юуг илүү анхаарах вэ гэдгийг хэлээд өгч байна. Өнөө цагт тоо баримт цээжлэх ямар ч шаардлагагүй болсон нь харагдаж байна. Интернэтээс хайгаад л мэдэх боломжтой мэдээллийг цээжлээд яах юм бэ. Оронд нь гүнзгий ойлгох, ойлгосноо илэрхийлэх чадвар чухал болж байна гэсэн үг.
-Тэгэхээр хиймэл оюуны хийж чаддаггүй зүйл нь ойлгох болж таарч байна уу?

-Тийм. Ойлгоно гэдэг нь юу вэ гэдгийг илэрхийлэх бүтэц онолын хувьд байдаггүй. Математикт  бичсэн зүйл, түүний утга нь тодорхой байдаг. Алдаатай л биш бол математикийн нэг өгүүлбэр,  бодлогыг үнэн, эсвэл худал гэдгийг нь хэлэх боломжтой. Хиймэл оюун одоогоор ойлгож байгаа мэт хариу бичээд байгаа ч түүний цаана өгүүлбэрийн бүтцийг нь ойлгодог, маш сайн хайлтын систем ажиллаж байгаа хэрэг. Түүнээс биш робот юу бичиж буйгаа ойлгож байгаа гэсэн үг биш. Робот үүнийг одоохондоо хийж чадахгүй.
-Монголд эмнэлэг, санхүүгийн салбарт хиймэл оюуны чиглэлээр ажиллах орон зай эрчимтэй тэлж байна. Математикийн сургууль төгссөн оюутнуудын хувьд яг энэ чиглэлээр ажиллах орон зай хаана байгаа вэ?

-Хэрэглээний математикаар төгсөгчдийн нэлээд хэсэг нь математикийн багш болж байгаа. Банк санхүүгийн салбарт нэлээд байна. Актуар тооцоолол сурсан бол даатгалд, мөн компаниудад оптимизаци буюу оновчлолыг хариуцсан мэргэжилтнүүд эрэлт хэрэгцээтэй байна. Өөрөөр хэлбэл, бодлого, төлөвлөгөөгөө хамгийн өндөр бүтээмжтэй хэрэгжүүлэхэд компаниуд анхаарч эхэлсэн нь маш зөв хандлага гэж би хардаг. Мөн компаниуд дата анализ төрлийн хэлтсүүдтэй болж байна. Тиймээс бидний хувьд илүү сайн боловсон хүчин бэлдэх шаардлага тулгарч байгаа. Бид энэ тал дээр английн Батын их сургуультай ойр хамтарч ажиллаж байна.
-Үүрэн холбооны оператор, банк, төрд иргэдийн маш их дата байгаа. Энэ бол хиймэл оюуныг ашиглах хамгийн том бааз. Үүнийг Монголд эргэлтэд оруулахад хэр зэрэг бэлэн байна вэ?

-Лояалти карттай худалдаа, үйлчилгээний төвүүд гэхэд маш их дата мэдээлэлтэй учир анализ хийгээд үйл ажиллагаагаа сайжруулах боломж өндөр байна. Мөн ложистикийн салбарт үйл ажиллагаа явуулдаг бол бүтээмжээ сайжруулахад шаардлагатай бүхий л статистик мэдээлэл нь бэлэн бий. Ер нь жагсаагаад байвал бүхий л салбарт болно. Тухайн компани хэдэн төгрөг зарвал хамгийн ашигтай байхыг тооцох боломж бүрдсэн. Гэхдээ бодлогын судалгаатайгаа уялдуулж эхлээд удаагүй байгаа. Энэ чиглэлээр дагнан ажилладаг Үндэсний хөгжлийн газар цаашид бодлогын судалгаандаа илүү их математикчдыг оруулаад явах хэрэгтэй гэдэгт санал нэгдэж байгаа. Хөгжингүй орнуудад бодлого, шийдвэр нь тоо баримт дээр үндэслэж гардаг жишиг аль хэдийн тогтсон. Манайд бол статистик, дата анализ, хиймэл оюун гээд бүхий л чиглэлээр хүмүүсээ хөгжүүлэх шаардлагатай байна. Хэрэгцээ нь ч маш их, хүүхдүүдэд суралцах хүсэл сонирхол ч их болсныг би сайнаар харж байгаа. 
• Хиймэл оюуны салбарт хамгийн урд нь алхаж, судалгаа хийе гэвэл АНУ, Японд л суралцаж, ажилласан нь үр дүнтэй.

• Ойлгоно гэдэг нь юу вэ гэдгийг илэрхийлэх бүтэц онолын хувьд байхгүй учраас хиймэл оюун одоохондоо ойлгож чадахгүй. 

• Хиймэл оюуныг хөгжүүлэх боломж их байна, заавал 100 сая ам.долларын лаборатори байгуулах шаардлагагүй.
-Ойрын 5-10 жилд хамгийн эрэлттэй байх мэргэжил, ажлын байруудын жагсаалтад дата аналист яалт ч үгүй дээгүүрт ордог. Боловсролын салбарт зөвхөн дата аналист гэлтгүй хиймэл оюуны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр бий юу?

-МУИС-д сургалтын хөтөлбөр байхгүй ч энэ талын судалгаа хийж байгаа эрдэмтэд бий. Хэл ярианы хиймэл оюун, автомат-жуулалтын тал дээр судалгаа хийж эхэлсэн. Хиймэл оюуны судалгаанд математик, статистик, программчлалын суурь шаардагддаг. Энэ бүгдийг Монголд хөгжүүлэх боломж маш их байгаа, заавал 100 сая ам.долларын лаборатори байгуулах шаардлагагүй. Оронд нь гадаадад энэ чиглэлээр суралцаж, ажиллаж байгаа боловсон хүчнийг олноор нь татаж, өөрсдөө ч гэсэн мэргэжилтнүүдээ илгээх хэрэгтэй гээд хийх ажил маш их байна. Монгол бол цөөн хүн амтай гэлтгүйгээр хиймэл оюуныг хөгжүүлэх маш их боломж бий. Дээрээс нь олон улсын датаг ч ашиглаж болно. Гол нь чадаж л байвал ажлаа хаанаас ч хийх боломж бүрдсэн. Япон, Европоос ийм ажлын захиалга аваад хийдэг мэргэжилтэн олон.
-Хэрэглэгчийн дата мэдээллийн эзэмшигч нь хэн байх вэ гэдэгт өндөр хөгжилтэй орнууд зохицуулалт хийх гээд их үзэж байна л даа. Дататай идэвхтэй харьцдаг хүний хувьд та ямар бодолтой явдаг вэ?

-Хувь хүний мэдээллийг хэрхэн хадгалах, хэрэглэх нь маш чухал сэдэв. Нийтэд ил тавьсан датаг хэн ч ашиглаж болно. Яг хувь хүний датаг цуглуулах, түүнийг хэн, хэрхэн хандаж ашиглах тал дээр манай “хур”, “дан” системүүд зөв чиглэлд явж байгаа. Төрийн үйлчилгээнд дата ашиглах дани улсын туршлага маш мундаг. Тухайлбал, иргэн гэрийн хаягаа сольсон бол тэр даруй хотын захиргааны цахим хуудаст хандаж мэдээллээ шинэчилдэг. Ингэснээр банк, оператор болон бусад газар бүртгүүлсэн хаяг нь автоматаар шинэчлэгддэг. Манайд бол хувь хүний мэдээллээ хангалттай сайн нэгтгэж чадаагүй. Нэг эмнэлэгт өгсөн шинжилгээгээ нөгөө  эмнэлэгт яг давтаад өгдөг. Уг нь нэгдсэн системтэй бол нөгөө эмнэлгийн бүртгэл дээр ч ямар  шинжилгээ өгсөн нь харагдана гэх мэтээр үйлчилгээг хялбарчлах боломж их л дээ.
-Нийгэмд хамаатай зүйл асууя. 100 айлын үйлдвэрүүд, их, дээд сургуулиудыг хотоос нүүлгэвэл түгжрэл, бохирдол гээд олон асуудлыг шийдэх боломжтой гэж үзээд байгаа. Гэтэл эдгээр шийдвэр таны өмнө хэлсэнчлэн бодит тоон мэдээлэл, судалгаанд тулгуурлаж гарах ёстой. Танай хүрээлэн ийм чиглэлээр ер нь судалгаа хийдэг үү?

-Ганц нэг хувь судлаачид бий. Манай Математикийн хүрээлэн академик эрх чөлөө маш сайтай. Өөрөөр хэлбэл, ийм судалгаа хий гэхээс илүү өөрсдөө сэдвээ сонгоод хийдэг. Гэхдээ математикийг бодлогын судалгаатай хослуулах нь их чухал. Батын их сургуулийн Бодлогын судалгааны хүрээлэнд гэхэд ямар нэг бодлого хэрэгжүүлэхэд ямар зардал, үр дүн гарахыг тооцоолдог. Амьдралд ойрхон жишээ авъя. Англид хөхөөр хооллох нь чухал гэдгийг хүн бүр мэддэг. Үүнийг хүн бүрт хүргэхийн тулд эмнэлгийн хананд зурагт хуудас байрлуулсан байдаг. Гэхдээ маш их судалгаа хийсний үндсэн дээр ийм шийдвэр гаргасан. Зурагт хуудсанд, хүүхдээ нэг, гурав, зургаан сар, хоёр ой хүртэл нь таны хүүхдийн ийм төрлийн өвчин тусах магадлал тэдэн хувиар буурч, таны хөхний хавдраар өвчлөх эрсдэл мөн ингэж багасдаг гэдгийг тайлбарласан байгаа юм. Энэ мэдээллийг авсан эмнэлгийн үйлчлүүлэгчид шийдвэр гаргаж, улмаар хүүхдээ хоёр нас хүртэл нь хөхөөр хооллох ёстойг мэддэг. Үүнээс гадна үнэхээр хананд зурагт хуудас байрлуулах шаардлагатай эсэхийг мөн зурагт хуудасны хэвлэлийн зардал, үр дүнг тооцож байж шийдсэн. Мөн хүүхдээ хөхөөр хооллосноор өвчлөл багасаж, иргэд нь эрүүл байх нь улсад хэрэгтэй. Харин эдийн засгийн утгаар нь харвал тэр хэрээр эрүүл мэндийн зардал буурч, хэмнэлт үүснэ. Эцсийн дүндээ энэ хэмнэлтийг үүсгэх нэг арга нь эмнэлгийн ханан дээр зурагт хуудас наах шийдвэр байж.
-Хиймэл оюуныг хөгжүүлэх эрэлт хэрэгцээ манайд их байгаа юм байна. Харин их сургуульд элсэгчдийн математикийн суурь түвшинд та хэр зэрэг сэтгэл хангалуун байна вэ?

-Ер нь түвшин сул байна. Нөгөө талаар, сул байхаас аргагүй. Суурь боловсролоо гаргуунд нь гаргачихаад 20 жил болж байхад яаж сайн байх вэ. Олимпиадад идэвхтэй оролцдог сургуулиудын сурагчид арай гайгүй. Тиймээс үүнийг засахын тулд сууриас нь хөрөнгө оруулалт хийхээс аргагүй. Энэ бол төрийн үндсэн гурван үүргийн нэг. Батлан хамгаалах, эрүүл мэнд, нийгмийн халамжаас гадна хүмүүсээ бэлдэх нь төрийн гол ажил ч үүнд хангалттай мөнгө зарж чадахгүй л байна. Хэрэв одооноос анхаарч эхэлбэл нэг жилийн дараа үр дүн нь харагдахгүй ч 10 жилийн дараа гэхэд маш том нөлөө үзүүлнэ. Тэгж байж боловсрол, шинжлэх ухааны салбарт хэрэгтэй, чадалтай хүмүүс нь орж ирнэ, дэлхийн түвшинд ойртоно. Ядаж л багш цалингаараа санаа зовохгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлбэл ЕБС-д сайн нь багшилдаг болно. Улсын хөгжилд боловсролын зөв бодлого эерэг нөлөө үзүүлдэг нь Сингапур, Финландын жишээгээр батлагдсан.

Хиймэл оюуныг хөгжүүлэхэд мэргэжилтэн идэвхтэй солилцвол үр дүнтэй

-Саяхан БСШУС-ын сайд хувийн сургуулиудад математикийн олимпиад зохион байгуулахыг хориглолоо. Оролцогчдоос авдаг 5000 төгрөгийн хураамжийн орлого яаж зарцуулдаг нь тодорхойгүй, нэр хүнд хөөсөн хэдэн сургуулийн бизнес болсон гээд их шүүмжлэлд өртдөг. Энэ үнэхээр эрүүл биш үзэгдэл үү?
-Яг үнэндээ хүүхдэд математикийн суурь үнэхээр сайн тавигддаг байсан бол олимпиадад ингэж их хошуурахгүй байсан. Тухайлбал, Япон гэхэд математикийн олимпиадад огт анхаарал тавьдаггүй ч хангалттай сайн математикчидтай. Дани ч ялгаагүй. Олимпиадын багийг нь оюутнууд л ахлаад явдаг. Харин Монголд сургалт нь хангалтгүй учраас олимпиадаар явж байж л гайгүй суурьтай болдог. Олимпиадад ордог сурагчид, ордоггүй сурагчдын зааг ялгаа маш их болсон. Маш өндөр түвшний боловсон хүчин бэлтгэе гэвэл олимпиад мэдээж хэрэгтэй. Гэхдээ нийт түвшинг нь сайжруулахгүйгээр улсын хөгжлийн тухай ярина гэдэг боломжгүй шүү дээ.
-Тэгэхээр боловсролын салбарын доголдлыг дагаад гарч ирсэн үзэгдэл байх нь?

-Тийм. Гэхдээ сайн тал олон. Математикийн чадвар нь сайжрахаас гадна хүүхэд ялж, ялагдаж  сурна, зорилгынхоо төлөө тууштай сууж сурна. Олимпиадад бэлдэхэд маш их хөдөлмөрлөдөг.  Өнөөдөр Монголд байгаа хэлбэр нь туйлын зөв үү гэдэг дээр би эргэлздэг. Ялангуяа бага ангийн сурагчдын дунд олимпиад зохион явуулах нь утгагүй санагддаг. Бага ангид насны ялгаа маш их шүү дээ. Нөгөөтэйгүүр, таны хэлдгээр хураамжийн орлогоо юунд зарцуулж байгаа нь асуудал. Монголын олимпиадын хороо бол энэ олон сургуулийн олимпиадад огт оролцдоггүй. Олимпиадын зорилго бол математикийн авьяастай хүүхдүүдийг тодруулж, дэмжих явдал. Тиймээс ч манай зохион байгуулж байгаа олимпиад нээлттэй, ил тод, өндөр зохион байгуулалттай болдог. Ер нь математикаар явахаар зорьсон хүүхэд залуучууд олон улсын олимпиадад амжилттай оролцох нь сайн сургуульд орох дөт зам болж чаддаг.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Тогтворгүй төрийн тогтуун хүч нь Ерөнхийлөгч болж байна

Улс төрийн хүчнүүд зөвшилцөлд хүрэхэд дэмжлэг үзүүлэх нь түүний үүрэг

 0 сэтгэгдэл


Өнөөдөр бидэнд хамгийн хэрэгтэй ч, Монголын хаана ч байхгүй зүйл нь тогтвортой байдал, эв  нэгдэл болоод байна. Сүүлийн хориод жил сонгуулийн циклээр өөрчлөгддөг байсан төрийн бодлого өнөөдөр нам доторх толхилцооноос хамаарч дөрвөн жилээ ч барихаа больжээ. Сөрөг хүчинсээд байх юмгүй өнөөгийн үнэмлэхүй олонхоос монголчууд Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд тогтолцооны гажуудлаа засаж, томоохон төслүүдээ зоригтойгоор хөдөлгөхийг хүссэн. Гэвч сая болж өнгөрсөн засгийн эрхийн төлөөх эрх баригчдын талцал юун том төсөл, тогтолцооны шинэчлэл. 64-ийн бүлэг байтугай, монголчуудыг жалга довоор нь хоёр хуваах шахлаа. Нэг нам мөртлөө нэгнээ үзэхгүй МАН-ынхан, бие биенээсээ давж “нэр нөлөөгөө бэхжүүлэх”, “хашраах”, “хэр хэмжээг нь ойлгуулах”, “эзэндээ долигонох өрсөлдөөн үүсгэх” ажиллагааг нам, төрийн бүх түвшинд гаргууд сайн хийцгээв. 

Улс орон ядуу, эмх замбараагүй, тогтворгүй байх тусмаа иргэдийнх нь улс төрийн идэвх өндөр байдгийг эдгээр өдөр монголчууд бас баталлаа. Зурагтаа үзээд зүв зүгээр суусан эхнэр нь нөхөртэйгээ, эсвэл ээж нь хүүтэйгээ М.Энхболд, У.Хүрэлсүх хоёроос болж муудалцах жишээний. Хэдийгээр эрх баригчдын дотоод “зодоон” дууссан мэт боловч гомдогсод үргэлж олонх байдгийн жишгээр дахиад л эргэж ноцно. 

Ийм үед үндэсний эв нэгдлийг хангуулах хүн өнөөдөр Ерөнхийлөгчөөс өөр алга. Өөрөөр хэлбэл халтмаагийн Баттулга тогтворгүй төрийн тогтуун хүч болж байна. Үндсэн хуульд тусгаснаар “Ерөнхийлөгч нь Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд үндэсний эв нэгдлийн ашиг сонирхлыг дээдэлж, шаардлагатай үед нийгмийн бүлэг, хэсэг, улс төрийн хүчнүүдийн хооронд зөвшилд хүрэхэд нь дэмжлэг үзүүлнэ” хэмээн тусгасан байдаг.

Гэвч хоорондоо алалцаж байсан эрх баригчдын аль дийлдсэн талд нь орж, дийлэгч болтол нь тусалдаг, дараа нь дийлдсэн талыг нь гижигдээд эхлэх төрийн тэргүүнтэй байсан үе Монголд бий. Сөрөг хүчин байтугай өөрөө мандат авч сонгогдсон намаа ч тонгорч өшиглөдөг Ерөнхийлөгчийн үеийг бид бас үзсэн. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга тэгсэнгүй. Холын улс төр, хувийн амбицаа хөөсөн бол хазайсан дээр нь түлхэж, үнэмлэхүй олонхыг харлуулах байлаа. Харин тэрбээр төрийн тогтвортой байдал, засгийн залгамж халааг эрхэмлэж буйр заав. Шийдвэр гаргах гаргалгаа, улс төрийн туршлагаараа тэрбээр хэдийн намба сууснаа ийн батлав. Хэзээ ч бусад намын улс төрийн салхинд дэрвэлзэж, хөл алдан гүйхгүй тийм тогтуун улстөрч. Улс төрийн зөрчлийг хурцатгаж, үгнээс нь дайсан, үйлдлээс нь баатар төрүүлэх гэж дэрвэхгүй бодолтой удирдагч болжээ.

1990 оноос хойш тархай бутархай тав зургаан нам байж байгаад 2000 онд Н.Энхбаярт далан хоёр суудлаар дал мөрөөрөө цэвэр тавиулсан хойноо л сая ухаарч, эвлэлдэн нэгдсэн ардчилсан намын лидерүүдийн нэг байсны хувьд тэрбээр талцал, хуваагдал юунд ч хүргэдгүйг улстөрчийн замналаараа мэдэрч явсан. Энэ ч яахав дотооддоо, харин гадаадад цэвэр тавиулаад өнгөрсөн хойно нь ухааръя гэх боломж бидэнд байхгүй тул одоо л ойлголцож, эв нэгдлийг сахиулъя гэж тэрбээр тунгаагаа биз.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Трампын жиргээ зөвлөхүүдийг нь сандаргав

 0 сэтгэгдэл


АНУ-аас Хятадад экспортолдог автомашины татварыг бууруулахаар тохиролцсон гэж Ерөнхийлөгч Дональд Трампын өгсөн тайлбар зөвлөхүүдийг нь сандаргав. Одоогоор Ерөнхийлөгчийн энэ албан бус тайлбарыг Бээжин ч нотлоогүй байгаа. Тохиролцооны тухай ноён Трамп ням гарагт Twitter-ээр хоёрхон өгүүлбэр бичжээ. Уг бичлэгт Цагаан ордон нэмэлт тайлбар өгсөнгүй. Дээр нь Бээжинд хэдхэн цагийн дараа болсон брифингийн үеэр БНХАУ-ын гадаад хэргийн Яамны төлөөлөгч ч автомашины татварт өөрчлөлт орсон талаар тайлбар хэлэхээс татгалзсан юм. Даваа гарагт Ерөнхийлөгчийн бичсэн жиргээнд Сангийн сайд Стивен Мнучин, Трампын эдийн засгийн зөвлөх Ларри Кудлов нар тодруулга хийхээс аргагүй боллоо. “Би хувьдаа үүрэг амлалт өгч буй хэрэг гэх байна. Үүрэг амлалт болгон худалдааны хэлцэл болдоггүй ч, болгохын төлөө чармайна” хэмээн Кудлов Цагаан ордны гадна болсон албан ёсны брифинг дээр сэтгүүлчдэд хандан тайлбарлав. 

Албан ёсны брифинг болохоос өмнөх ноён Кудлов, Мнучин нар албан ёсны бус брифинг зарлаж, телевизийнхэнд ярилцлага өгчээ. Автомашины экспортын татвар нь ноён Трамп, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар бямба гарагт Буэнос-Айрест барьсан зоогийн үед байгуулсан худалдааны түр эвлэрлийн бүрдэл юм. Хоёр тал эцэслэн тохиролцох зуур АНУ нэгдүгээр сарын нэгнээс худалдааны тариф өсгөхөө түр азнахыг зөвшөөрчээ. Оюуны өмч хамгаалах, технологи хүчээр шилжүүлэх зэрэг асуудлаар “бүтцийн өөрчлөлт” хийхэд зориулан хятадын талд нэгдүгээр сарын нэгнээс 90 хоногийн хугацаа өгч байгааг ноён Кудлов урьд нь мэдэгдсэн. 

Хожим нь Цагаан ордон засвар оруулж 90 хоногийн хугацаа 12 дугаар сарын нэгнээс буюу ням гарагаас эхэлж байгааг зарлав. Дэлхийн автомашин үйлдвэрлэгч компаниудын хувьцааны үнэд өөрчлөлт оруулж орхисон Трампын жиргээний дараа, Аргентинд болсон уулзалтын үеэр хоёр удирдагч хамт зоог барьсан юм. “90 хоногийн дараа жинхэнэ бодит болох учиртай хэлэлцээрийг л бид урьдчилж байгуулж байна гэж ойлгох нь зөв” хэмээн Мнучин даваа гарагт Цагаан ордноо сэтгүүлчдэд тайлбарлав. БНХАУ-ын дарга Ши Жиньпин АНУ-ын Ерөнхийлөгчид өгсөн амлалтаа биелүүлнэ хэмээн найдаж буйгаа Мнучин өгүүлсэн ч ямар амлалт болохыг тодруулахаас зайлсхийлээ. 

Буэнос-Айрест болсон зоогийн дараа АНУ, БНХАУ хоёр хамтарсан мэдэгдэл гараагүй нь байдлыг бүр будлиантуулсан юм. Ерөнхийлөгчийн ялалт хэмээн Цагаан ордноос тодорхойлсон яриа хэлэлцээг санхүүгийн зах зээл хэрхэн ойлгох нь бүрхэг хэвээр. Америкчуудын хүсэж байсан үр дүн гарах баталгаагүй, эрсдэлтэй тохиролцоо болсныг Вашингтон дахь Стратеги, олон улсын Судалгааны төвийн эксперт Бонни Глэйзер анхааруулж байлаа. Тайлбар хүссэн хүсэлтэд Бээжин ч, Вашингтон дахь БНХАУ-ын элчин сайдын яам ч хариу өгсөнгүй. Юутай ч өөрийгөө магтах далимыг алдаагүй трамп БНХАУ-ыг АНУ-аас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн ахиу худалдаж авахаар зөвшөөрсний зэрэгцээ автомашины тарифаа буулгахаар болсон хэмээн сайрхаж орхив.