A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4112/

Шар тостой саванг ₮3500-гаар худалдана

Шар тостой саванг ₮3500-гаар худалдана
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4112/

ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Микробын нийлэгжлийн лаборатори сүүлний тостой, шар тостой гэх мэт таван төрлийн саван үйлдвэрлэсэн тухай мэдээ олны анхаарлыг татаж байна.


Энэ талаар тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний дэд ажилтан П.Сайнбилэг ярихдаа “Химийн бодисын агууламж өндөртэй савангаас харшилдаг хүн олон. Харин органик саван хэрэглэснээр химийн найрлагатай савангаас үүдэлтэй арьсыг цочроох, хуурайшуулах асуудлыг шийдэх боломжтой. Органик бус савангийн найрлагад парабен, фталат, нефьтээс гаралтай химийн бүтээгдэхүүн, нийлэг ѳнгѳ, үнэр оруулагч бодис ордог. Эдгээр нь хүний биед харшил үүсгэх, батгаших, хуурайших, загатнах зэрэг таагүй нѳхцөлийг бүрдүүлж байна” гэв. Харин шар тосны ач тусын талаар “Шар тос нь арьсанд тэжээл ѳгч, чийгшүүлэх үйлчилгээтэй. Мөн байгалийн антиоксидант болон CLA, омега 3.9 болон витамин A, D, E, K- гаар баялаг учир хүний биед маш сайн шингэдгээрээ давуу талтай. Дээр нь эфирийн тос нэмснээр байгалийн ургамлын үнэр оруулахаас гадна бүтээгдэхүүний хадгалалтыг уртасгах, бактерийн эсрэг давхар үйлчилгээтэй болгодог. Хүний арьсанд ямар нэгэн харшил өгөхгүй” гэж тайлбарлалаа. Дээрх хүрээлэнгээс гаргасан олон төрлийн саванд өнгө хувиргагч будаг ороогүй, химийн бодисоор хийсэн үнэр байхгүй. Анхилам үнэрийг нь мод, ургамлын эфирийн тос ашиглан гаргаснаараа онцлогтой юм байна. Саванг 3500 төгрөгийн үнэтэй худалдаалж байгаа бөгөөд хүргэлт хийж эхэлсэн байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Олон улсын загварын чиг хандлагыг монгол түүхий эдтэй хослуулан урлана

 0 сэтгэгдэл
  • Тус компани бүтээгдэхүүнээ нэг загвараас олныг үйлдвэрлэдэггүй онцлогтой
  • Зөвхөн хүн цалинжуулж, нэг зүйлд төвлөрөхөөс гадна туслан гүйцэтгэх компаниудтай хамтарч, түүхий эд, жижиг хэрэгслээ авах нь улсын хөгжилд ч чухал нөлөөтэй. Бүх хүн оёдог, эсгэдэг, хатгадаг, борлуулдаг байх шаардлагагүй гэж боддог
  • Товч хийдэг нь товчоо сайн  хийж, түүхий эд бэлтгэдэг нь түүхий эдээ чанартай базааж, загвар гаргадаг нь шилмэл загвар гаргаад хйисэн бүхнээ нэгтгэж, нэг баг болж ажиллавал дэлхийн зах зээлд танигдах боломжтой

Монгол эсгий, ноос, ноолууран бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд таниулах зорилго өвөртлөн ажиллаж буй Norah Mongolia бэлэн хувцасны брэндийг энэ удаагийн “Би үйлдвэрлэгч” буландаа онцолж байна. Дэлхийн загварын чиг хандлагыг дотоодын түүхий эдтэй хослуулан урлаж, эх орондоо загварын шинэ өнгө төрх төлөвшүүлэх нь тус брэндийн нэг зорилго юм. 2016 оноос компаниа бий болгох төлөвлөгөө гаргаж, олон улсын болон дотоодын зах зээлийг судалж, үйлдвэрлэл байгуулах гарц, шийдлээ хайсаар өнгөрсөн жилээс үйл ажиллагаагаа жигдрүүлжээ. Одоогоор 28-аас дээш насны эрэгтэй, эмэгтэй хүний бэлэн хувцас үйлдвэрлэдэг бөгөөд хэрэглэгчийн захиалгаар биеийн онцлогт нь тохирсон бүтээгдэхүүн ч мөн урлаж байна. Нийт хэрэглэгчийн 70 орчим хувь нь бүсгүйчүүд байдаг аж. Түүнчлэн импортын хослол, хувцас биеийн онцлогт нь төдийлэн тохирдоггүй бөх, фитнесээр хичээллэдэг эрчүүд захиалгаар хувцас хийлгэх нь элбэг аж. Тиймээс монгол эрчүүдэд зориулсан тусгай стандартаар үйлдвэрлэж, худалдаалах төлөвлөгөөтэй байгаагаа тэрбээр нуугаагүй юм. Дизайнер О.Булган “Манайх 28-аас дээш насны хэрэглэгчдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Бизнес эрхлэгчдэд зорилтот хүрээ гэж бий. Дэлхийн томоохон брэндүүд ч хэрэглэгчийн бүлгээ тодорхойлдог. Мөн эмэгтэйчүүд бидний гол хэрэглэгч. Гэхдээ сүүлийн үед эрчүүдэд танигдаж байгаа. Монгол эрчүүдийн биеийн бүтэц онцлогтой. 

Тухайлбал, бөхөөр хичээллэдэг хүний цээж, хэвлий, гуя том бол фитнес хийдэг залуусын хүзүүний тойрог, булчин европ стандартаас өөр байдаг. Тиймээс бид эдгээр хүмүүст зориулан захиалгаар үйлдвэрлэдэг. Гэхдээ монгол эрчүүдийн биеийн онцлогт тохирсон стандартаар тогтмол бүтээгдэхүүн үйлдвэрлэдэх алсын хараа бий” гэлээ. Тус үйлдвэр бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг дотоодоос хангах сонирхолтой байдаг ч 100 хувь дотоодын түүхий эдээр дэлхийн брэндүүдтэй өрсөлдөхүйц чанар, стандарттай хувцас хийхэд хүндрэлтэйг хэлж байлаа. Гэхдээ эсгий, ноолуур, ноос, савхийг дотоодын туслах үйлдвэрүүдээс базааж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж. Энэ талаар Norah Mongolia брэндийн үүсгэн байгуулагч Б.Наранчимэг “Манай байгууллага Монголд үйлдвэрлэлийн систем нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Зөвхөн хүн цалинжуулж, нэг зүйлд төвлөрөхөөс гадна туслан гүйцэтгэх компаниудтай хамтарч, түүхий эд, жижиг хэрэгслээ авах байх нь улсын хөгжилд ч чухал нөлөөтэй. Бүх хүн оёдог, эсгэдэг, хатгадаг, борлуулдаг байх шаардлагагүй гэж би боддог. Товч хийдэг нь товчоо сайн хийж, түүхий эд бэлтгэдэг нь түүхий эдээ чанартай базааж, загвар гаргадаг нь шилмэл бүтээж, гаргаад хийсэн бүхнээ нэгтгэж, нэг баг болж ажиллавал дэлхийн зах зээлд танигдах боломжтой. 

Өндөр хөгжилтэй орны алдартай брэндүүд ийм системээр ажилладаг юм билээ. Бид брэндээ бий болгохоос өмнө багагүй судалгаа хийсэн. Манай компани одоогоор дотоодын нэхий эдлэл, ноолуурын цех, савхин эдлэлийн үйлдвэр зэрэгтэй хамтран ажиллаж байна. Гэхдээ зарим цехтэй улирлын чанартай гэрээ байгуулдаг. Нэхий, эсгийг өвөл л ашиглана. Гэхдээ үнэнийг хэлэхэд, манай улсын түүхий эдийн боловсруулалт олон улсынхтай харьцуулахаар гологддог. Нөөц, боломж бий ч боловсруулах технологи дутагдалтай, хөгжил муу” гэлээ. Norah Mongolia брэнд өнгөрсөн хоёрдугаар сард зохион байгуулагдсан Италийн Милан хотын загварын долоо хоногт амжилттай оролцсон бөгөөд шоунаас хойш Европын орнуудын дэлгүүр, брэндүүдээс хамтарч ажиллах санал, хүсэлт ирсээр байгаа аж. Тус шоунд намар, өвлийн 2020-2021 оны 30 цуглуулгаа танилцуулсан бөгөөд сонгогдсон загваруудаас Миланы танилцуулгад тавьж, цаашид хамтран ажиллахаар болсон байна. Тус брэндийн хувцас, хэрэгслийн өнгө загвар тун өвөрмөц шийдэлтэй бөгөөд чимэглэл, гоёл багатай. Эсгий дээр элдэв өнгө уусгаж урласан хувцас болон гар аргаар өнгө хийцийг нь хувиргасан ноолууран бүтээгдэхүүнийг гаднынхан хамгийн их сонирхдог аж. 

Харин бүтээгдэхүүнийхээ загварыг гаргахдаа хамгийн сүүлийн үеийн чиг хандлагыг загвар зохион бүтээгчийн мэдрэмж, монгол хүний ур ухаантай хослуулахыг зорьдог хэмээн дизайнер О.Булган хэлсэн юм. Тэрбээр “Би Италийн Милан хотод загвар зохион бүтээгчийн сургууль төгссөн. Тиймээс гадаадын томоохон брэндүүдийн загвар зохион бүтээхтэй ижил системээр ажилладаг. Зургаан сарын өмнөөс судалгаа хийж, шинэ тренд, өнгө зэргийг танддаг. Гэхдээ Norah-ийн үндсэн өнгө аяс, монгол онцлогийг алдахгүй байх хэрэгтэй. Хүмүүс ямар нэгэн хүлээн авалтад зориулж, үнэтэй хувцас авч өмсөөд, түүнийгээ дахиж өмсөх газар олдохгүй, шүүгээндээ хадгалах тохиолдол элбэг байдаг. Бид энэ хандлагыг өөрчлөхийг зорьдог. Өөрөөр хэлбэл, нэг хувцсыг олон янзаар, олон газар өмсөх боломжтой байхаар загвараа шийддэг” гэсэн юм. Түүнчлэн тус компани бүтээгдэхүүнээ нэг загвараас олныг үйлдвэрлэдэггүй онцлогтой.  Зарим түүхий эдээ Итали, Солонгос, БНХАУ зэрэг улсаас оруулж ирдэг бөгөөд түүхий эдийн чанар, үнэ, хийц зэргээс хамаарч бүтээгдэхүүнийх нь үнэ харилцан адилгүй байдаг аж.

Түүхий эдээ шилж, жижиг хэрэгсэл дээр ч анхаарч ажилладаг болохоор бүтээгдэхүүнээ үүнээс хямд үнээр борлуулах боломжгүй байдаг аж. Хэрэв Монгол Улс түүхий эдийн боловсруулалтаа сайжруулж, сүүлийн үеийн технологийг нэвтрүүлж чадвал дэлхийн зах зээлд ноёрхох бүрэн боломж байгааг тус үйлдвэрийн ажилчид онцолж байсан юм. Гэхдээ төрийн бодлого дутмаг байгаагаас болж чансаатай боловсон хүчин болон шилдэг санаа, шилмэл загвараа өндөр хөгжилтэй, үйлдвэрлэл хүчээ авсан улсуудад алдах эрсдэл бий. Тиймээс тус брэнд бусад үндэсний үйлдвэртэй хамтарч ажиллахыг эрмэлздэг. Б.Наранчимэг “Мал аж ахуй, түүхий эд зэрэг бусад улс, орны хүслэн болсон бүхэн манай улсад бий. Өөрөөр хэлбэл, дотоодоос бүх зүйлээ хангах хүчин чадал бий. Гэхдээ энэ асуудалд төр төдийлэн анхаарахгүй байгаа нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд багагүй хүндрэл учруулдаг.

Хамгийн энгийн жишээ хэлэхэд, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн зээл авахын тулд багадаа нэг жил үйл ажиллагаа явуулсан байх шаардлага тавьдаг. Дөнгөж хөлөө олох гэж байгаа байгууллагаас түүх нэхнэ гэдэг утгагүй шүү дээ. Бизнесийн алсын хараа, төслийн боловсруулалтыг нь судалж, шийдвэр гаргаж, дэмжих хэрэгтэй юм шиг санагддаг. Ийм түшиг, дэмжлэг байхгүй болохоор бизнес эрхлэгчид бор зүрхээрээ, урд хормойгоороо, хойд хормойгоо нөхөж ажилладаг” гэсэн юм. Хүн төрөлхтний мөнхийн хүслийн нэг бол бусдад болон өөртөө сайхан харагдах. Энэ хүслийг гүйцэтгэх нь тус брэндийн хамгийн чухал зорилт аж. 365 өдөр өөр, өөрөөр сайхан харагд уриатай үйл ажиллагаа явуулдаг Norah Mongolia имиж бүрдүүлэлтийн цогц систем нэвтрүүлэхээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, зөвхөн хувцас үйлдвэрлэж, худалдаалах бус хэрэглэгчдэд нэгдсэн үйлчилгээ үзүүлэхийг зорьж байгаа юм. Тус үйлчилгээ имиж бүрдүүлэлт, биеэ авч явах байдал зэргийг зөвлөж, look бүрдүүлэлт хэрхэн хийх талаарх насан туршийн боловсрол олгох онцлогтой аж. Зөвхөн хувцас урлаж дотоодын хэрэгцээг хангаад зогсохгүй үйлдвэрлэл хөгжсөн улс орны хийж чаддаг бүхнийг монгол хүн, Монгол Улс үйлдвэрлэж чаддаг болохыг дэлхийг таниулахыг зорьж буй нэгэн брэндийг онцоллоо. Төр бодлогоороо дэмжиж чадвал монгол залуус хөдөлмөрлөж, бүтээж, урлаж чадаж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Лаазны ганц үйлдвэр 200 мянган хүнийг ажлын байртай болгоно

 0 сэтгэгдэл
  • Манай улс дотооддоо лааз үйлдвэрлэх болсноор металл сав, баглаа боодолд зарцуулдаг 20 гаруй сая ам.долларын 60 хувийг эх орондоо үлдээнэ
  • Зөвхөн консерв бус сүү, ундаа, дайвар бүтээгдэхүүн, шар тос зэрэг бүхий л төрлийн зүйл хийх боломжтой лааз үйлдвэрлэж байна
  • Дотоодын томоохон компаниуд тэдний үйлдвэрлэсэн лаазыг худалдан авах сонирхолтой болжээ. "Дашваанжил" компани л гэхэд найман сая ширхэг лааз авахаар болсон байна

Монголчууд лааз үйлдвэрлэж эхэллээ гэх сайхан мэдээг сонсоод “Монгол лааз” ХХК-тай холбоо барилаа. Өнгөрсөн оны наймдугаар сараас лааз үйлдвэрлэж, зах зээлд борлуулж эхэлсэн талаар тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал Л.Дүйнхэржав хэлсэн юм. Тэрбээр “Монголчууд консервныхоо лаазыг хийж чадахгүй байж коммунизм байгуулна гэж худлаа ярьдгаа болимоор” гэж гадаад, дотоодгүй шоолдог байсныг тэр үеийнхэн мэднэ дээ. Одоо бид лаазаа хийдэг болчихлоо” хэмээн бахархалтайгаар хэлэв. Манай улс металл сав, баглаа боодол гаднаас импортлоход жилд 20 гаруй сая ам.доллар зарцуулдаг аж. Тэгвэл “Монгол лааз” ХХК бүтээгдэхүүнээ дотооддоо нийлүүлдэг болсноор гадагш урсах валютын урсгалыг багасгах боломж бүрдэж байгаа юм. Үндэсний 1000 брэндийг бүтээж, экспортод гаргах зорилготой “Монгол лааз” ХХК-ийг энэ удаагийн “Би үйлдвэрлэгч” буландаа онцолж байна.

20 гаруй нэр төрлийн төмөр лааз үйлдвэрлэх боломжтой

Тус компани металл сав, баглаа боодлын үйлдвэрлэх чиглэлээр 2014 онд Дархан-Уул аймагт байгуулагдаж, өнгөрсөн онд үйлдвэрлэлээ эхлүүлжээ. Өдгөө 17 ажилтантай ч коронавирусийн халдвараас болоод ажилчдаа 50 хувийн цалинтай амрааж байгаа аж. Хэвлэх үйлдвэр нь захиалгаа аваад эхэлбэл нэмж ажлын байр бий болгоно хэмээлээ. Тус үйлдвэр олон улсын стандартын шаардлага хангасан, Итали улсын орчин үеийн дэвшилтэт технологи бүхий бүрэн автомат тоног төхөөрөмжтэй аж. Өдөрт 96 мянга, жилд 60 гаруй сая ширхэг 0.2-5 литр хүртэл багтаамжтай 20 гаруй нэр төрлийн төмөр лааз үйлдвэрлэх хүчин чадалтай. “Манай улс металл сав, баглаа боодолд жилд 20 гаруй сая ам.доллар зарцуулдаг. Дотооддоо лааз үйлдвэрлэх болсноор 60 хувь нь Монголдоо ашиг болж үлдэнэ. Үлдсэн хувьд нь түүхий эдээ авна гэсэн үг. Тэгэхээр манай үйлдвэр импортыг орлож, валютыг дотооддоо үлдээж, ажлын байр бий болгох давуу талтай” хэмээн Л.Дүйнхэржав хэлсэн юм. Эднийх зөвхөн консерв бус сүү, ундаа, дайвар бүтээгдэхүүн, шар тос зэрэг бүхий л төрлийн зүйл хийх боломжтой лааз үйлдвэрлэж байгаа аж. Тодруулбал, хүнсний, гоо сайхны, гэр ахуйн, барилгын, тос тосолгооны материалын савнаас гадна бэлэг дурсгалын хайрцаг зэрэг ямар л бол ямар төрлийн сав үйлдвэрлэх боломжтой юм байна.

 Дунджаар 200 мянган ажлын байр бий болно

Одоогийн байдлаар “Хүн-од”, “Хатан сүйх импекс”, “Очир дагинас”, “Тайж” групп, “Хаан хүнс импекс” зэрэг 10 гаруй компанитай хамтран ажиллаж байгаа бөгөөд хөдөө орон нутгийн жижиг компаниуд ч бий. Харин томоохон компаниуд урьдчилан бэлдсэн нөөцөө дуусахаар гэрээ байгуулахаар тохиролцжээ. Тухайлбал, “Дашваанжил” компани найман сая ширхэг лааз авахаар болсон гэнэ. Ахуйн газны сав хийж байгаа ч шалгах төхөөрөмж нь байхгүй учраас зах зээлд нийлүүлж чадахгүй байгаагаа учирлаж байв. Лаазыг дотооддоо үйлдвэрлэх болсноор хувь хүмүүс толгой, шийр, гүзээ, сархинаг зэрэг дайвар бүтээгдэхүүнийг боловсруулаад консервлосон бүтээгдэхүүн болгож экспортлох боломж бүрджээ. Энэ мэтчилэнгээр дотоодын зах зээлийн лаазны хэрэгцээг хангаж эхэлсэн байна. “Монгол лааз” ХХК нь зөвхөн лааз үйлдвэрлэх бөгөөд харин дотор нь хийх бүтээгдэхүүнийг монголчууд өөрсдөө үйлдвэрлэхийг уриалсан юм. Лаазны үйлдвэрлэлийн нөлөөгөөр дор хаяж 200 мянган ажлын байр бий болно гэж Л.Дүйнхэржав ярилаа. Ямар бүтээгдэхүүн хийнэ, түүний хүчиллэг, шүлтлэгээс хамаараад лаазны дотор талын лак нь өөр байна. Ерөнхийдөө ундаа, жимс, мах гэх мэт 3-4 төрөл байдаг аж. Тус үйлдвэр зориулалтын будгаар лакдаад, гадна талын хэвлэлийг хийнэ. Үйлдвэр нь лабораторитой учир тэндээ лакны чанарт хяналт хийж, лаазны гагнаас, битүүмжлэл, таг, ёроолын норм хэмжээ зэргийг шалгадаг. Манай улсын стандарт хуучирсан учир Хятад болон Оросын стандартыг нэгтгэн шинэчлэхээр ажиллаж байгаа аж. Оросын стандарт чанартай ч хэмжээ нь хэдхэн төрөл байдаг. Харин Хятадын стандарт Америк, Герман, Японыхтой дүйцэхүйц. Тиймээс Монголын шинэ стандарт гаргахад бэлэн болжээ.

Экспортыг манлайлах өндөр хүчин чадалтай үйлдвэр

“Монгол лааз” ХХК-аас гаднын улсууд лааз авах санал ирж байгаа ч импортын татвар өндөр учир гаргах боломжгүй болоод байгаа гэнэ. Тус үйлдвэр лааз хийхдээ цагаан тугалгаар бүрсэн төмрийг БНХАУ-аас авдаг. Энэ нь хүнсний зориулалттай учир ямар ч хор нөлөө байхгүй гэдгийг Л.Дүйнхэржав хэллээ.  “Хатуулгийн хувьд БНСУ-ын төмөр БНХАУ-аас илүү сайн гэдэг. Гэхдээ хүнсний зориулалттай лаазанд энэ тийм ч чухал биш. Лакны гарал үүсэл их чухал. Манайх Шанхайгийн химийн үйлдвэрээс будаг, лакаа авдаг. Зориулалтын үйлдвэрээс авч байгаа болохоор гарал үүслийн сертификат гээд бүхий л бичиг баримтыг нь дагалдуулан өгч байгаа” хэмээлээ. Л.Дүйнхэржав нь үйлдвэрийн автоматжуулалтын инженер мэргэжилтэй бөгөөд хүнс, хөдөө аж ахуйн салбарт 18 жил ажиллажээ. Сав, баглаа боодлын үйлдвэрт социализмын үеэс ажиллаж ирсэн туршлага дээрээ үндэслэн үйлдвэрээ байгуулсан байна. 

Тэднийх цаашид будагны, бэлэг дурсгалын, шар айраг болон ундааны лаазыг шат дараатай хийхээр төлөвлөжээ. Тус үйлдвэр одоогоор хүчин чадлынхаа 10 хувийг л ашиглаж байна. Хэдийгээр дотоодын хэрэгцээ 10 сая ширхэг хүрэхгүй ч экспортод гаргах алсын зорилготой учир өндөр хүчин чадалтай үйлдвэр байгуулсан байна. Гаалийн татвар төлөхгүй учир дотоодын үйлдвэрүүд эх орондоо үйлдвэрлэсэн лаазыг сонгох дуртай байгаа аж. Хүн бүр минимализм хэв маяг руу шилжиж, шилэн савыг сонгож байгаа ч лаазанд савласан бүтээгдэхүүн тээвэрлэлт даах чадвартай, хадгалалт сайн учир хэрэглээ буурахгүй гэдгийг Л.Дүйнхэржав хэлсэн юм. Шилэнд хийсэн зүйлийн хадгалалтын хугацаа зургаан сар байдаг бол лаазанд хийвэл 2-5 жил хадгалж болдог давуу талтай гэнэ. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэсэн уриатай тус үйлдвэрийн зорилго нь эхнээсээ биеллээ олсон нь энэ. Импортоор их хэмжээгээр худалдан авдаг лаазалсан бүтээгдэхүүнийг Монголдоо хийх боломж байсан ч татвараас нь халширсан жижиг, дунд бизнес эрхлэгчид хүлээн, харзнаж байсан цаг саяхан. Тэгвэл одоо хүнсний ногоо тарьдаг хүмүүс амархан мууддаг улаан лоолио лаазалсан бүтээгдэхүүн болгох боломж ийн бүрдээд байна. Мөн хаягдал, дайвар бүтээгдэхүүнийг “алт” болгох боломжийг алдалгүй атгаад авахыг “Монгол лааз”-ынхан зөвлөж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ядаргаа тайлж, дархлаа сэргээдэг “Янзтай” шөл

 0 сэтгэгдэл
  • Эмийн ургамал иддэг, бэлчээрийн монгол үхрийн мах, яс бусад улсынхтай адилгүй
  • Булууны яс тулгуур эрхтэн учраас хамгийн их эрдэс, шим тэжээлтэй байдаг юм билээ. Монголд жилд дунджаар 100 мянган тонн яс хаягддаг. Түүгээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь олон талын ач холбогдолтой
  • Одоогоор зөвхөн дотоодын хэрэгцээг хангаж байгаа ч 2021 оноос Япон, Солонгос улсад бүтээгдэхүүнээ гаргах зорилготой ажиллаж буй. Үнийн хувьд манай улсад борлуулагдаж буй ижил төрлийн импортын бүтээгдэхүүнээс 3-4 дахин хямд

(Үйлдвэрт боловсруулсан ясны шөлөнд 100 хувь эрдэс бий гэж үзэхэд гэрийн аргаар гаргасан шөл түүний 20 хувийг л хангадаг)
“Монгол моодонд орох цаг ойрхон байна” гэсээр уулзсан хөдөлмөрч эмэгтэй бол “Янзтай” брэндийн үүсгэн байгуулагч Ш.Сэмжидмаа юм. Түүний ийн хэлсэн нь учиртай. Тэрбээр үхрийн булууны яснаас үйлдвэрийн аргаар шөл гарган авч, шөлний хэрэглээг таниулах зорилготой хөдөлмөрлөж буй нэгэн. Дотоодоос түүхий эдээ базааж, эцсийн бүтээгдэхүүн бий болгож буй эрүүл мэндэд тустай энэ бизнес эдийн засаг дэнжгэнэж байгаа өнөө үед зах, зээлээ алдахгүй, амжилттай явна. Цар тахал дэгдэж, хөл хорио тогтоосноос хойш дархлаа Ядаргаа тайлж, дархлаа сэргээдэг “Янзтай” шөлО.Даваасүрэн, ЗГМ сонинЭмийн ургамал иддэг, бэлчээрийн монгол үхрийн мах, яс бусад улсынхтай адилгүйдэмжих шөлний худалдан авалт, захиалга ихэссэн учир ажлын байраа цомхотгох бус бүр нэмэгдүүлээд амжсан байна. Мөн үхрийн булууны ясны шөлийг амтархан уудаг гадаадын иргэд цөөнгүй болсон аж. Тиймээс “Монгол моодонд орох цаг ойрхон” хэмээн билэгт ерөөлөөр бидний яриа эхэлсэн юм. “Янзтай” брэндийн үүсгэн байгуулагч Ш.Сэмжидмаа “Анх эрүүл, зөв хооллолтын талаар судалж байхдаа үхрийн булууны ясны ач холбогдлыг олж мэдсэн. Булууны яс тулгуур эрхтэн учраас хамгийн их эрдэс, шим тэжээлтэй байдаг юм билээ. Монголд жилд дунджаар 100 мянган тонн яс хаягддаг. Түүгээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь олон талын ач холбогдолтой. Ясны шөлийг Азид 100 жилийн өмнөөс хэрэглэж эхэлсэн түүхтэй юм билээ. Тиймээс Япон, Солонгос улсад шөлний соёл хэдийн төлөвшсөн. Айл бүрийн хөргөгчинд энэ төрлийн бүтээгдэхүүн байдаг. Харин манай улсад ясны шөл үйлдвэрлэдэг компани цөөхөн учир ач холбогдлыг нь таниулж, хүмүүсийн өдөр тутмын хэрэглээ болгох зорилгоор зах зээлд хөл тавьсан. Хэрэгцээт амин дэмээ мал болон байгалиас авч чаддаг монголчууд бид азтай ард түмэн. Эмийн ургамал идэж, тааваараа бэлчээрлэдэг монгол үхрийн мах, яс нь бусад улсынхтай адилгүй байдаг юм билээ” хэмээн бүтээгдэхүүнийхээ ач холбогдлыг танилцууллаа. Булууны ясны ач, тусыг монголчууд эртнээс мэддэг бөгөөд гэрийн аргаар боловсруулж, хэрэглэх нь түгээмэл байв. Тиймээс үйлдвэртэй нь танилцаж явахдаа, бүтээгдэхүүнийг нь хэрэглэхээс өмнө шөлний бизнес манай улсад эрэлтгүй санагдсан юм. Гэтэл “Янзтай” брэндийн бүтээгдэхүүний амт, чанар гэрийн аргаар гаргасан шөлтэй харьцуулшгүй учир хэрэглэгчдэд таашаагдаад буйг мэдлээ.


Түүнчлэн боловсруулах стандарт нь олон улсын жишигтэй ижил бөгөөд эцсийн бүтээгдэхүүн болж, хэрэглэгчийн гар дээр очих хүртлээ 10 орчим шат дамжлагад ордог юм. Түүхий эдээ “Мах маркет”, “Ихэр шарангад” зэрэг мах экспортолдог үйлдвэрээс авдаг учраас эрүүл ахуйн хувьд хүнсний зах дээр худалдаалдаг яснаас өөр гэдгийг ажилчид нь онцолж байлаа. “Янзтай” брэндийн үйлдвэр хариуцсан менежер Г.Бат-Очир “Бид түүхий эдийн чанар, стандартад онцгой ач холбогдол өгдөг. Хүнсний бүтээгдэхүүн болохоор эрүүл ахуйн стандарт мөрдөх нь нэн чухал. Гэртээ яс буцалгаж, шөл гаргах нь үйлдвэрийн аргаар бэлтгэсэн шөлнөөс өөр шүү дээ. Үйлдвэрт боловсруулсан ясны шөлөнд 100 хувь эрдэс бий гэж үзэхэд гэрийн аргаар гаргасан шөл түүний 20 хувийг л хангадаг гэсэн судалгаа бий. Мөн хэрэглэгчийн цаг, завыг хэмнэдэг болохоор хүмүүс хэрэглэх дуртай болсон. Яснаас шөл гаргаж, эцсийн бүтээгдэхүүн бий болгоход хоёр өдөр зарцуулдаг. Эхлээд, хөлдөөж, хадгалсан булууны ясаа 12 цагийн турш усанд дэвтээж, цэвэрлэнэ. Дараа нь ус, ясаа тэнцүү харьцаатай хийгээд, 20 цагийн турш тогтсон температурт чанадаг. 20 цаг чанасны дараа яснаас их хэмжээний тос ялгардаг юм. Тиймээс холестериныг нь тэнцвэржүүлэхийн тулд шүүх төхөөрөмжид шөлөө хийгээд, тосны 80 хувийн нь шөлнөөс салгадаг. Үлдсэн 20 хувийн тосыг мөн л төхөөрөмжид хийж тусгай технологиор шөлтэйгөө нийлүүлнэ. Мөн нитгэл, махны үлдэгдэл зэргийг нь шүүнэ. Үүний дараа дахин 120 градусын температурт шөлөө буцалгаж, ариутгана. Ийнхүү суурь шөл бэлэн болдог. Амтлагааны ажил сүүлд нь явагддаг гэсэн үг. Сонсогдож байгаа шигээ амар биш. Шаггүй хөдөлмөр шаарддаг ажил” гэж бүтээгдэхүүн үйлд вэрлэх шат, дамжлагаа танилцууллаа. Тус компани үйл ажиллагаагаа явуулаад гурван жил болжээ. Энэ хугацаанд бүтээгдэхүүнийхээ нэр төрөл, савлагааг нэмэгдүүлж амжсан байна. Ямар нэг амтлагаагүй органик шөл, халуун ногоотой шөл, амталсан шөл гэсэн гурван янзын бүтээгдэхүүн гаргадаг бөгөөд, долоон төрлийн савлагаатай хэрэглэгчдэд хүргэж байгаа аж.


(Хүүхэд өсөж яс, шүд нь бэхэждэг учир эрдсийн хэрэгцээ насанд хүрсэн хүнийхээс 1.5 дахин их шаардагддаг тул ясны шөлний хэрэглэгчийн багагүй хувь нь багачууд байдаг аж)

Мөн цаашдаа шөлний орцтой талх үйлдвэрлэх зорилготой байгаагаа хуваалцсан юм. Тэд одоогоор зөвхөн дотоодын хэрэгцээг хангаж байгаа ч 2021 оноос Япон, Солонгос улсад бүтээгдэхүүнээ гаргах зорилготой ажиллаж буйгаа нуугаагүй юм. Үнийн хувьд савлагаанаасаа шалтгаалаад 2500-9000 төгрөгийн хооронд худалдаалагдаж буй энэ шөлийг хэрэглээд үзээрэй. Манай улсад борлуулагдаж буй ижил төрлийн импортын бүтээгдэхүүнээс 3-4 дахин хямд бөгөөд хадгалах хугацаа уртасгагч зэрэг химийн найрлага ороогүй онцлогтой. Бүтээгдэхүүнийг хөргөгчинд зургаан сар хадгалах боломжтой бөгөөд задалснаас хойш 24 цагийн дотор хэрэглэх заавартай. “Янзтай” брэндийн гүйцэтгэх захирал Ш.Сэмжидмаа “Зарим хэрэглэгчээс “үнэтэй байна” гэсэн сэтгэгдэл ирдэг л дээ. Захаас 1000 төгрөгөөр яс аваад, шөл гаргах боломжтой гэж боддог. Гэхдээ үйлдвэр учир алдагдсан боломжийн өртөг гэж бий шүү дээ. Ажилчдын цалин, тог, ус цахилгаан зэрэгт өртөг шингэнэ. Мөн стандартын дагуу шөлөө гаргадаг болохоор ажиллагаа ихтэй. Түүхий эд маань ч хүнсний зах дээх худалдаалагддаг яснаас эрүүл ахуй, чанарын хувьд өөр. Хадгалалтын хугацаанд нь хүртэл анхаардаг. Тиймээс хэт их үнэ нэмж зардаггүй. Мөн ижил төрлийн импортын бүтээгдэхүүнээс хямд худалдаалдаг болохоор гадаад, дотоодын хүмүүс хэрэглэх сонирхолтой байдаг” гэв. Ясны шөлийг зөвхөн шөлтэй хоол хийхэд л хэрэглэдэг бус жимсний смүүти хийх, хоёрдугаар хоолны сүмс бэлтгэх, ундаа, усны оронд уух, гурил зуурах зэрэг олон янзаар ашиглах боломжтой. Савлагаа нь 250 градусын халуунд тэсвэртэй учир өвлийн улиралд уутанд нь халаагаад ч ууж болдог юм байна. “Янзтай” брэнд зөвхөн үхрийн булууны ясны шөл үйлдвэрлэх бус бага насны хүүхэд усанд оруулахад зориулан хонины чөмөгний шөл үйлдвэрлэж, худалдаалж байна. Хоёр литр шөлийг 9000 төгрөгөөр борлуулдаг учир хүүхэдтэй ээжүүд хэрэглэхэд хялбар бөгөөд үнийн хувьд ч боломжийн. Гэхдээ энэ бүтээгдэхүүнээ худалдаалдааны төвөөр борлуулалгүй, зөвхөн хэрэглэгчийн захиалгаар үйлдвэрлэж, хүргэдэг аж. Хүүхэд өсөж яс, шүд нь бэхэждэг учир эрдсийн хэрэгцээ насанд хүрсэн хүнийхээс 1.5 дахин их шаардагддаг тул ясны шөлний хэрэглэгчийн багагүй хувь нь багачууд байдаг аж. Ясны шөл нь кальци, коллаген, уургаар баялаг учир мөгөөрсөн эдийн элэгдлийг сэлбэдэг бөгөөд хоол боловсруулалтыг дэмждэг. Түүнчлэн үс, хумсыг бат бөх болгодог төдийгүй үе мөчний өвчинд тустай. Мөн амин хүчил буюу глицин агуулдаг болохоор нойргүйдлийг багасгаж, дархлаа нэмэгдүүлдэг аж. Тус компани бүтээгдэхүүнээ сүлжээ худалдааны төвөөр борлуулж, shoppy.mn зэрэг цахим дэлгүүрээр хүргэлт хийхийн зэрэгцээ хөдөө орон нутагт гэрээт борлуулагчтай хамтарч ажилладаг байна. Жижиг дунд үйлдвэрлэл хөгжих нь хөгжилд чухал нөлөөтэй. Монгол Улс хэрэглэгч бус үйлдвэрлэгч орон болоход хувь нэмрээ оруулж буй “Янзтай” брэнд таны эрүүл мэндэд тустай.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Дотоодын зах зээлд манлайлах Амт брэнд

 0 сэтгэгдэл
  • Стандартын шаардлага хангасан, чанартай, үнэ хямд, үйлчилгээ сайтай байвал бүтээгдэхүүний борлуулалт сурталчилгаагүй сайжирдаг
  • Монгол гурилаар бэлэн гоймон хийхэд хүндрэлтэй хэдий ч боломж бий гэв

Манай улс жилд долоо орчим тэрбум төгрөгөөр бэлэн гоймон импортолдог гаалийн мэдээлэл бий. Зөвхөн 2018 онд гэхэд 7707 тонн бэлэн гоймонг 2.4 сая ам.доллараар худалдан авчээ. Энэ бүтээгдэхүүний 90 хувийг ОХУ, БНХАУ, БНСУ, Япон зэрэг бэлэн гоймонгийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг улсуудаас импортолдог. Тэгвэл энэхүү зах зээлд хэдийн байр сууриа олсон импортын бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөж, монгол брэндээ дотоод болон гадаадын зах зээлд таниулах зорилготой “Амт” брэндийг энэ удаагийн “Би үйлдвэрлэгч” буландаа онцолж байна. 

Тус брэнд нь өнгөрсөн онд ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд одоо дотоодын зах зээлийн 10 хувийг хангаж байгаа аж. “Амт” брэндийг үүсгэн байгуулагч Г.Очир бат 2018 онд бэлэн гоймонгийн зах зээлд хүч сорихоор шийдэж, Монголын бүрэн автомат анхны үйлдвэрийг амжилттай байгуулжээ. Тэрбээр бидний сайн мэдэх “Өд” ариун цэврийн цаас болон салфетка, “Тоди” живх, “Хатад” ариун цэврийн хэрэглэлийн үйлдвэрийг дотоодын зах зээлд таниулсан нэгэн. Эдгээр үйлдвэр нь “Тнгри Инвест” группээс салбарлаж, зах зээлд хүч сорьж буй. “Амт” брэнд нь тус компанийн тав дахь үйлдвэр аж. Одоо хүчин чадлынхаа дөнгөж 15-20 хувьд л ажиллаж байгаа гэнэ. Г.Очирбат түүхий эдээ аль болох дотоодын үйлдвэрүүдээс авахыг эрмэлздэг гэдгээ хэлсэн юм. Үндсэн түүхий эд болох гурилаа “Улаанбаатар” болон “Өег” үйлдвэрээс авдаг. Мөн давс, амтлагч, хаяг шошгоо хүртэл Монголдоо үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрүүдээс хангадаг гэв. Тэрбээр “Үйлдвэрийн дамжлага их энгийн. Гурилаа зуурна, элдэнэ, гоймонгийн хэлбэрт оруулж, зүснэ, хэрчинэ, уурын аргаар чанаж боловсруулна. Ямар ч гар ажиллагаа байхгүй. Харин эцсийн бүтээгдэхүүн бэлэн болоод савлах явцад амтлагчаа хийхээр ажилчид оролцдог” хэмээн үйл ажиллагаагаа танилцуулсан юм. Тус үйлдвэр 250 ажилтантай. Бүрэн автомат учир өдөрт багадаа 50 мянган ширхгийг үйлдвэрлэж, 10 орчим мянгыг нь борлуулдаг. “Амт” брэнд нь тахианы мах халуун ногоотой, үхрийн махтай гэсэн хоёр төрлийн бэлэн гоймон үйлдвэрлэж байна. Болголтоосоо шалтгаалаад хадгалалтын хугацаа нь 1-3 жил байдаг гэнэ. “Хугацаа уртасгах олон бодис байдаг. Зарим нь эрүүл ахуйн шаардлага хангадаг учраас үндэсний үйлдвэрлэлд хэрэглэдэг” гэдгээ тэрбээр нуусангүй. Бусад гоймонг бодоход “Амт” харьцангуй боломжийн үнэтэй ба зах зээлд 1500 төгрөгөөр борлогдож байна. “Манай улсад бэлэн гоймонгийн маш том зах зээл байна. Түүхий эд нь байхад өргөн хэрэглээний бараануудыг яагаад эх орондоо үйлдвэрлэж болохгүй гэж. 

Гаднын зах зээлтэй өрсөлдөж, монгол брэндээ дэлхийд таниулах зорилготой бид ажилладаг. Судалгаа хийж, 3-4 компаниас үйлдвэр байгуулахад хэрэгтэй материалаа аваад өөрсдөө угсарч 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр босгосон. Ингэсэн тулдаа хямд өртгөөр үйлдвэрээ байгуулсан” хэмээн Г.Очирбат хэлсэн юм. Тэрбээр стандартын шаардлага хангасан, чанартай, үнэ хямд, үйлчилгээ сайтай байвал бүтээгдэхүүний борлуулалт сурталчилгаагүй сайжирдаг гэв. Үйлдвэрлэл бол аливаа улс орны амин сүнс нь байдаг. Монгол Улсынхаа зах зээлийг жижиг гэж голохоос илүү эх орондоо үйлдвэрлэж болох өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг олж харах хэрэгтэй гэдгийг Г.Очирбат залуучуудад захисан юм. Ямар ч бүтээгдэхүүний анхны түүхий эд манай улсад байхад хамгийн хямд үнээр үйлдвэрлэх боломжтой гэдгийг тодотгож байв. Үйлдвэр өдөрт 5-6 ширхэг бүтээгдэхүүн хийх нь ямар ч ашиггүй учраас дор хаяж хэдэн мянгаар нь хийх ёстой аж. Хөлсөө гаргасан хөдөлмөр хамгийн үнэтэй. Түүнээс авч байгаа мэдрэмж үгээр хэлэхийн аргагүй гайхалтай тул ямар нэгэн байдлаар бүтээлч байх хэрэгтэй гэдгийг бизнесийн салбарт тууштай 12 жил ажилласан тэрбээр хэлсэн юм. Монгол гурил ашиглаж гадаадын технологиор бэлэн гоймон хийхэд хүндрэлтэй хэдий ч боломж бий гэв. Тиймээс монгол ахуйгаа агуулсан хорхогтой, ясны шөлтэй амтнуудыг судалж эхэлжээ. Бэлэн гоймон эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй учраас аль болох татгалзах хэрэгтэй гэж эмч нар зөвлөдөг. Хэдий эрэлт ихтэй ч хүмүүс эрүүл мэндээ бодоод бэлэн гоймонгоос татгалзах магадлал өндөр. Ийм эрсдэл бий тул цаашид нэмэгдэхгүй байвал яах талаар Г.Очирбатаас асуухад “Бэлэн гоймон биед муу гэдэгтэй санал нийлдэггүй. Яагаад гэвэл, дэлхий ертөнц маш хурдацтай хөгжиж буйтай холбоотойгоор түргэн хоолны соёл манай улсад ч орж ирсэн. Хүн завгүй болох тусам түргэн хоолны салбар асар хурдацтай хөгжиж байна. Тиймээс борлуулалтад ямар нэгэн өөрчлөлт орохгүй байх. Бүх зүйлийг харлуулах хэрэг байхгүй шүү дээ” хэмээн эерэг үгээр бодол өөрчилсөн юм. Өдөр тутам хэрэглэдэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг дотооддоо хийж байж жижиг, дунд үйлдвэр хөгжинө. Дотоодынхоо зах зээлд танигдаж, хэрэглэгчдэд таалагдаагүй байж гаднын зах зээлд гарна гэдэг боломжгүйг тэрбээр хэлсэн юм. Мөн монгол залуучууд дэлхийд сайшаагдсан гайхалтай ур чадвартай учир дотоодын зах зээлээ өөрсдөө хангаж, импортын бүтээгдэхүүнүүдийг зах зээлээс түрж чадна гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн юм. Тиймээс залуучуудаа дэмжээд, боломж олговол ЖДҮ хөгжинө гэв.