A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3259/

“Шар ус”-ыг нь шахаж өгөхийн оронд шантааж хийж суугаа гишүүд ичиг

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3259/
  • Ирэх жил сонгуультай, гишүүдийг ойлгож байна. Гэхдээ “нэг идээд үхэхгүй
  • Тэд хоорондоо “Миний чирж орсныг чи, чиний авчирсныг би дэмжинэ” гэж шууд л ханцуй дотроо тохироо хийцгээдэг нь үнэн
  •  Хоёр их наядын алдагдалтай төсвийн төслийн “шар ус”-ыг нь шахах оролдлого хэн ч хийхгүй байгаа нь гунигтай
  •  Сонгуулийн жил нийгмийн хамгааллын зардлаа өсгөж, татвар төлөгчдийн мөнгөөр нааддаг Монгол төрийн үрэлгэн занг гишүүд бүр ч сэдрээж байна

Сангийн яам улсын нэгд­сэн төсвийн хар зургийг гарга­сан даруйд төсөв захиран зар­цуулагчид УИХ-­ын гишүүд рүү гүйлддэг заншилтай. Ногдож буй төсвийг тус бүртээ чамлан бүхий л аргаа хэрэглэн яаж ийж байгаад нэмүүлэхийн төлөө бараг л үхэж хатах шахна. Үүнийг тэдний хэлээр бол “лоббидно” гэж нэрлэнэ. Харин өнөөх гишүүд нь чуулган руу давхин орж баруун, сол­гойгүй шүлс үсэргэж байгаад нэмүүлээд гараад ирнэ. Гишүүд төсөв хэлэлцэж байх үедээ жинхэнэ хар зах дээр байгаа наймаачдыг санагдуулдаг юм. Тэд хоорондоо “Миний чирж орсныг чи, чиний авчирсныг би дэмжинэ” гэж шууд л ханцуй дотроо тохироо хийцгээдэг нь үнэн. Өөрсдөө бол үгүйсгэх л байх. Гэвч тэд бол мэргэжлийн гэмээр, бүр өндөр түвшний “худалдаачид” болцгоодог. Яг одоо 2020 оны нэгдсэн төсвийг парламентаар хэлэлцэж буй. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийн завсар зайгаар хэлэлцэх багахан хугацаанд ирэх оны төсвийг батлахаар болсон. Харин жилдээ нэг онгойдог “шантааж”­ны энэ цонхыг гишүүд бүрэн дүүрэн ашиглах шинж байдал, эрмэлзэл дүүрэн байгаа нь энэ удаа ч анзаарагдаж байна. Тухайлбал, төсвийн хуулийн хэлэлцүүлгийн дөнгөж эхнийх дээр Х. Ням­баатар өөрийн сонгогдсон Сонгинохайрхан дүүргийн хог, цахилгаан, нийтийн тээвэр, утаа униар гээд баахан зовлонг тоочиж байснаа “Улаанбаатар хотын төсвийг нэмэгдүүлэх үүднээс хотоос сонгогдсон гишүүд хүчтэй дуугарч эхлэх гэж байна. Цаашид ч энэ нь Ажлын хэсэг дээр ширүүн маргаан үүсгэх юм байна. Бид дуугаа намсгах, зогсоох тухай асуудал байхгүй шүү” хэмээн сүртэй гэгч нь мэдэгдэв. Хэрэв хүссэн мөнгийг нь өгөхгүй бол төсвийг чинь батлуулахгүй гэсэн бодолтой байгаа хэмээн Сангийн сайдыг айлгав. Бусад нь ч гэсэн “Манай тойрогт бага мөнгө тавилаа” гэж зурагтаар ээлж ээлжээр гарч ирээд, хэрүүл зарга хийж эхэлсэн. Х.Болорчулуун дорнодын Матад суманд Соёлын төв өргөө, Д.Тэрбишдавга СХД-т нэг сургууль, хоёр цэцэрлэг, Чингэлтэйн Д. Ганболд гэр хорооллын замын гэрэлтүүлэг, хогны төсвийг нэмэхийг хүссэн бол Н.Амарзаяа Өмнөговь өндөр татвар төлж байхад бага хөрөнгө оруулалт өглөө... гэх мэтээр хаанаас сонгогдсоноос үл хамааран гомдоллож байна. Ядаж байхад хэнтийд 2020 онд төсвөөс 235 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт тавьчихаж. Хэнтий аргагүй онцгой тойрог. Ерөнхий сайд У. Хүрэлсүх, ЗГ­-ын хэрэг эрхлэх газрын дарга Л. Оюун-­Эрдэнэ нар хүчтэй бяртайдаа ч авч байгаа юм биш. Сүүлийн хоёр жилийн турш хэнтийд хийхээр яригдсан нөхөн сонгуулийн сургаар бараг л өвөлжөөний чинь үүд хүртэл мянганы зам татна, өндөр хүчдэлээр гэрийг чинь тойруулна гээд амласны гор энэ. Нэгэнт амласан, харин одоо буцвал 2020 онд тус тойргийг онилж буй намын дарга, Засгийн газрын тэргүүн нүүр хийх газаргүй болно. Гэтэл Хэнтийтэй хаяа залган оршиж буй Дорнод, Сүхбаатарт нэг нь 30, нөгөөх нь 35 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай. Иймээс л гишүүд хусмаа чамласан хүүхэд шиг “Чамд долоо, надад долоохон” гээд сууж буйг буруутгах аргагүй ч юм шиг. Гэтэл аудитын байгууллагаас “жил бүр макро түвшний судалгаа, гадаад дотоод хүчин зүйлсийн үндэслэлийг бодитой тооцдоггүйгээс УИХ-аар баталсан төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулж, тогтвортой байдлын хуулийг тууштай хэрэгжүүлэхгүй байна” гэсэн дүгнэлт гаргасан байна. Өөрөөр хэлбэл дэлхийн зах зээл дээрх зарим металлын үнэ өөрчлөгдөж буй, хятад коксжих нүүрсний импортынхоо хэмжээгээ багасгах магадлалтай, Монгол улс саарал жагсаалтад орсон гэх бодит эрсдэлтэй тулаад байгаа өнөө үед хоёр их наядын алдагдалтай төсвийн төслийн “шар ус”­ыг нь шахах оролдлого хэн ч хийхгүй байгаа нь гунигтай. оролдох байтугай санаа зовж байгаа нь ч алга. харин ч эмнэлэг, сургууль, дотуур байр, тамгын газрын байшин, соёлын төв... зэргээ нэхсээр сууна. Хоёр их наядын алдагдлаа хаанаас, яаж санхүүжүүлэх нь тодорхойгүй байхад шүү. Нөгөө талдаа өнгөрсөн жил баталсан энэ оны төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэл дөнгөж 36.9 хувьтай гарсан. Нийт 1.6 их наядын төсвийн хөрөнгө оруулалтын 40 хүрэхгүй хувь нь биелсэн гэсэн үг. Үлдсэн 60 гаруй хувь нь гүйцэтгэлгүй. Энэ бол төсвийн хөрөнгө оруулалтаар хийж буй ажлын тендерийг зөв зохион байгуулаагүй, ар өврийн хаалгаар чадамжгүй, цүнхний компаниудад өгснөөс шууд хамааралтай. Харин хугацаандаа амжаагүй өнөөх ажлуудын зардал нь өнөөдөр өсчихсөн, баригдах эсэх нь тодорхойгүй, буух эзэн, буцах хаяггүй болоод байгаа юм. Төсвийн хуулийн хэлэлцүүлэгт гишүүд тун хариуцлагагүй хандаж буйн бас нэгэн нотолгоо бол байдгаар нь тэлсэн төсөвт хувийн секторыг дэмжсэн, ажлын байр яаж бий болгох талаар бодлогын хөшүүрэг алга байгааг шүүмжилж, санаа оноо дэвшүүлж байгаа нэг ч хүн алга. Харин ч сонгуулийн жил нийгмийн хамгааллын зардлаа өсгөж, татвар төлөгчдийн мөнгөөр нааддаг Монгол төрийн үрэлгэн занг гишүүд бүр ч сэдрээж байна. УИХ-ын сонгуулийн жил буюу 2012 онд 1.2, 2016 онд бүр 2.3 их наяд төгрөгөөр талийтлаа тэлсэн улсын төсөв 2020 онд ч энэ уламжлалаасаа хазайхгүй нь.  Ирэх жилийн төсвийг өргөн барьсан хэвээр нь баталбал зарлага 2019 оныхоос 2.3, 2018 онтой харьцуулбал дөрвөн их наяд төгрөгөөр өсөхөөр байгаа ч үүнээс олон тулгуурт эдийн засгийг хөгжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт харамсалтай нь алга. Өнгөрсөн гурван жилийн хугацаан дахь эдийн засгийн өсөлтийн гол үзүүлэлт бол нүүрс, зэсийн дэлхийн зах зээл дэх үнийн өсөлттэй холбоотой байсан. Экспортын орлогын 30 хувийг нүүрс, 30 хувийг зэс бүрдүүлж байгаа. Энэ хоёрын биет үзүүлэлтээр эдийн засгийн өсөлт нэмэгдэж байгаа болохоос бусад төрлийн баялгийн өсөлт нөлөөлөлгүй байна. Эдийн засгаа төрөлжүүлж, махны экспортыг нэмэгдүүлье гэж байгаа ч дорвитой өөрчлөлт алга. Харин ч мал, махны экспортоо дотоодын улс төрдөө нийцүүлээд хориглочихсон. Бидний орлогоо бүрдүүлж байгаа хоёрхон түүхий эдийн гол хэрэглэгч нь ганц улс. Хамаарал маш ихтэй, тээвэрлэлтийн дэд бүтэц сул байгаа учраас ирэх жилүүдэд эдийн засаг тогтвортой өснө, төсвийн орлого бүрдэнэ гэж найдах аргагүй эрсдэлтэй үед ийм үрэлгэн зардал, өгөөжгүй хөрөнгө оруулалтуудад татвар төлөгчдийн мөнгийг их хэмжээгээр оруулсны сөрөг үр дагавар нь их гэдгийг эдийн засагчид сануулж буй. Төсвийг хэлэлцэж, батлах нь УИХ-ын онцгой бүрэн эрх. Энэ нь Засгийн газрын оруулж ирсэн төслийг шар усгүй болтол шүүж, “шахсан бяслаг” шиг жимбийлгэх ёстойгоос бус сонгогчдод таалагдах гэж шалдар булдар зардал нэмж, улам данхайлгахын нэр биш юм. Харамсалтай нь манай 75 “мангуу” тойрогтоо цэцэрлэг бариулж, үлдсэнээр нь тоглоомын талбай, номын сан тохижуулаад, бүр үлдсэнийг нь юунд ч хамаагүй зарцуулах тухай л яриад сууна. Ирэх жил сонгуультай, гишүүдийг ойлгож байна. Гэхдээ “нэг идээд үхэхгүй” гэдэг шиг түүний дараа жил төлөх өр өндөр, үүрэх ачаа их гэдгийг санаарай. Тэгээд ч ер нь тэртэй тэргүй нутаг оронд хийх ёстой ажил, өгөх ёстой улсын төсвийн хөрөнгө оруулалтыг өөрөө хийсэн болж өмчиллөө гээд тэр гишүүнийг сонгогчид бурхан мэт шүтэхгүй. Олон талт мэдээллийг ил тод авдаг болсон монголчууд бурхан бол бурхнаар нь, буг бол бугаар нь л таньдаг болчихсон гэдгийг мөн сануулъя.














A

Жижиг

A

Дунд

A

Том

Хятадын төв банк дижитал юанийн тэнцвэртэй бодлого баримтална

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Оюунтолгой”-н далд уурхай зогсвол...

 0 сэтгэгдэл


-"Оюутолгой"-н гэрээнд өөрчлөлт оруулахтай холбоотой Ажлын хэсгийн тогтоолын төслийг МАН-ын бүлэг УИХ-ын чуулганд танилцуулахаар зэхэж байна. Тэгвэл үүнтэй зэрэгцээд нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбогдуулан гаргасан Ерөнхий сайдын 2015 оны 27, 99, 123 дугаар бүхий захирамжуудыг хүчингүй болгов.

-С.Асланбек: Гэрээ хүчингүй болохыг Захиргааны хэргийн шүүх шийддэггүй

-“Оюутолгой”-д өнөөдөр 14 мянган хүн ажиллаж байгаа бөгөөд нийт ажилтны 54 хувийг гүний уурхайн төслийн ажилчид эзэлдэг.


Манай улсад жилд орж ирж буй гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг “Оюутолгой” төслийн хоёр дахь шатны санхүүжилт дангаар бүрдүүлж байгаа. 2010 оноос хойш энэ оны гуравдугаар улирал хүртэлх хугацаанд үндэсний худалдан авалтад нийт гурван тэрбум ам.долларыг энэхүү төсөл зарцуулжээ. “Оюутолгой”-д өнөөдөр 14 мянган хүн ажиллаж байгаа бөгөөд нийт ажилтны 54 хувийг гүний уурхайн төслийн ажилчид эзэлдэг. Эндээс уг төслийн нийгэм, эдийн засгийн үр өгөөж, цар хүрээг баримжаалж болох юм. Төслийн хөрөнгө оруулалтын гэрээг албан ёсоор баталсны 10 жилийн ой энэ онд тохиож байна. Гуравдагч орны хөрөнгө оруулалт татсан 10 жилийн босгон дээр нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн даваа гарагийн хуралдаанаар “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбогдуулан гаргасан Ерөнхий сайдын 2015 оны 27, 99, 123 дугаар бүхий захирамжуудыг хүчингүй болголоо. Анхан шатны шүүхээс гаргасан энэхүү шийдвэртэй холбогдуулан “Оюутолгой” болон “Эрдэнэс Оюутолгой” компаниас тодруулсан боловч албан ёсны шүүхийн шийдвэртэй танилцаагүй байгаагаас гадна дээрх мэдээллийг албан бусаар дөнгөж хүлээн аваад байгаагаа хэллээ. Тиймээс албан ёсны байр суурь илэрхийлэх боломжгүй байгаагаа тайлбарласан юм. “Дархан монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагаас тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн дээрх захирамжууд нь илт хууль зөрчсөн гэж үзэж, хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаад байсан юм. Шүүх хурал удаа дараа хойшилж байсан ч өчигдөр шүүхээс тус төрийн бус байгууллагын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ хэмээн өөрийн цахим сайтдаа мэдээлжээ. Шүүхийн мэдээлэлд дурдсанаар “Дархан монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагын нэхэмжлэлийн шаардлагад,

1.
“Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор төслийн ажилд шаардагдах нэмэлт хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлаар хэлэлцээ хийх, холбогдох төлөвлөгөө боловсруулах /Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаар захирамж/,

2.
“Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурах эрхийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нарт зөвшөөрсөн Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 99 дүгээр захирамж,

3.
Монгол Улсын Засгийн газар буюу хувь нийлүүлэгчийг төлөөлж “Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө”-нд гарын үсэг зурахыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нарт зөвшөөрснийг /Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 123 дугаар захирамжийг /тус тус илт хууль бус болохыг тогтоолгохоор нийслэл дэх захиргааны хэргийн анхан шүүхэд хандсаныг шүүх хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв” гэсэн байна. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаар “Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг Дубайн гэрээнд хууль бусаар гарын үсэг зурсан болж, улмаар энэхүү гэрээ хүчинтэй эсэх тухай асуудал хөндөгдөж байна. Гэхдээ Засгийн газар шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй. Энэхүү гэрээг байгуулахад оролцсон Ч.Сайханбилэгийн Засгийн газартай өнөөдөр хариуцлага тооцох боломжгүй, Дубайн гэрээ олон улсын гэрээ учраас олон улсын Арбиртаар шийдэх, төрийн бус байгууллагын нэхэмжлэл хэр үндэслэл байсан, шүүхийн шийдвэр ямар дүгнэлт, мэдээлэл дээр үндэслэсэн гээд олон асуулт хариулт нэхэж байна. Өмнө нь энэ хэрэг дээр ажиллаж байсан “Эрдэнэс Монгол” компанийн хуулийн мэргэжилтэн С.Асланбек "Гэрээ хүчингүй болохыг Захиргааны хэргийн шүүх шийддэггүй, хуулийн хувьд гэрээг хүчингүй болгоно ч гэх ойлголт байдаггүй. Гэрээг "Хүчин төгөлдөр бус" гэж эсвэл "Хүчин төгөлдөр бусад тооцуулах" тухай ойлголт байдаг. Гэрээг ямар тохиолдолд дуусгавар болох, цуцлах, татгалзах, хүчин төгөлдөр бус гэж үзэхийг тухайн гэрээний өөрт эсвэл тухайн гэрээтэй холбоотой гарсан маргаанд талуудын хэрэглэхээр тохиролцсон хуулийн дагуу тайлбарладаг. Дубайн гэрээ гээд байгааг тус гэрээнд заасны дагуу ямар тохиолдолд хүчин төгөлдөр бус гэж үзэх вэ. Түүнтэй холбоотой маргааныг аль улсын шүүх, арбитраар аль улсын хуулийг хэрэглэж шийдэх эсэхээс хамаарч гэрээний хүчин төгөлдөр бус, эсвэл дуусгавар болох зэрэг асуудал яригдана” хэмээн нүүр номын хуудсандаа бичжээ. “Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр манай улсын эдийн засаг жилд 6-7 хувиар өсөж буй. Энэ оны хувьд ДНБ-ий өсөлт зургаан хувиас буурахгүй гэж олон улсын байгууллагууд онцолсон. Энэхүү өсөлтийн хөрс суурь нь “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалт болж байгааг тэмдэглэж байгаа юм. Эргэн сануулахад, энэ гэрээг 2015 оны тавдугаар сард байгуулсан бөгөөд Улаанбаатар, Өмнөговь аймаг, Сингапур, Лондон хотод хэлэлцээрүүд үргэлжилж Дубай хотод “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан билээ. Үүгээр 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг огт хөндөөгүй бөгөөд зөвхөн далд уурхайн бүтээн байгуулалтыг яаралтай эхлүүлэхээр хоёр тал тохиролцсон юм. Хоёр жил, хоёр сар царцаад байсан далд уурхайн төсөл Дубайн гэрээгээр урагшилж, өнөөдрийн бүтээн байгуулалт, эдийн засгийн сэргэлт бий болсныг эдийн засагчид онцолж буй.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Зүрхний мэс засал эмийн эмчилгээнээс дээргүйг тогтоожээ

 0 сэтгэгдэл


Хаагдсан судсыг нээх болон зэрэгцээ гуурсны мэс ажилбар зүрхний шигдээсээс сэргийлэх эмийн эмчилгээнээс илүү үр ашигтай гэж Америкийн зүрхний холбоо тайландаа дурдав. Ischemia гэдэг нэртэй уг судалгаа ийм төрлийн мэс заслыг хэтрүүлэн ашигладаг явдлыг тогтоосон анхны судалгаа биш юм. Гэхдээ хамгийн томд тооцогдох агаад 5000 хүнийг хамруулж, орчин үеийн эмийн эмчилгээ санал болгосон байна. Зүрхний судас нь хаагдсан хэдэн арван мянган өвчтөнд блоклогдсон судсыг тойруулах мэс засал буюу гуурс суулгах ажилбар хийдэг. Жишээ нь, Ардчилсан намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Берни Сандерс өнгөрсөн сард Лас Вегаст болсон арга хэмжээний үеэр цээж нь эвгүйцсэн учир эмнэлэгт хэвтэж, эмч нар хоёр гуурс суулгах ажилбар хийсэн. Нью-Йоркийн их сургуулийн Лангоны эрүүл мэндийн төвийн захирал Жудит Хочман судалгааг удирдсан юм. Судалгааны ахлагчдын нэг Стэнфордын их сургуулийн Урьдчилан сэргийлэх ухаан төвийн захирал Дэвид Марон “Бид судалгааныхаа үр дүнд суурилан зүрхний шигдээсийн эрсдэлтэй бүх өвчтөнд эмийн эмчилгээ, эрүүл хооллолт, идэвхтэй амьдрал болон тамхинаас гарахыг зөвлөж байна” хэмээн өгүүлэв.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Билл Гейтс дэлхийн баячуудын жагсаалтыг тэргүүллээ

 0 сэтгэгдэл


Үүнийг албан ёсоор баталлаа. Microsoft-ыг үндэслэгч Билл Гейтс Amazon-ы Жефф Безосыг ардаа орхиж, сүүлийн хоёр жилд анх удаа дэлхийн хамгийн баян хүнээр тодорлоо. АНУ-ын Батлан хамгаалах яам өнгөрсөн сарын сүүлээр 110 тэрбум ам.долларын өртөгтэй үүлэн тооцооллын гэрээг Amazon-д биш Microsoft-д өгөхөөр гэнэт шийдвэрлэсэн нь эдний хувьцааг өсгөсөн бололтой. Уг шийдвэрээс хойш Mi-crosoft-ын хувьцааны үнэ дөрвөн хувиар дээшилж,64 настай Гейтсийн хөрөнгө 110 тэрбум ам.долларт хүрсэн гэж Bloomberg-ийн тэрбумтны индексэд дурджээ. Microsoft-ын үнэлгээ энэ жил 48 хувь өсөж, Гейтсийн нэг хувийн багц дээшлэв. Түүний орлого гэр бүлийн Cascade фирмийн хувьцааны арилжаа, хөрөнгө оруулалтаас бүрддэг. Хэрэв Безос хөрөнгийнх нь дөрөвний нэгийг авсан эхнэрээсээ салаагүй бол дэлхийн баячуудын жагсаалтыг тэргүүлсэн хэвээр байх ёстой. Нөгөөтэйгүүр, Гейтс буяны ажилд оролцдоггүй байсан бол жагсаалтыг тэргүүлэхэд хялбар байх байв. Тэрээр 1994 оноос хойш Билл, Мелинда Гейтсийн сангаараа дамжуулан 34 тэрбумыг хандивлажээ.