A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3238/

Шим тэжээл сэргээх хүч

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3238/
  • “Хоолоор эмчлэх соёлыг дэлхийд түгээнэ” уриатай “Аму” брэнд 60 гаруй төрлийн үрээр 26 нэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

    Монголчууд сүүлийн үед маалинга гэх ургамлыг хэрэглэж сурч байна. Энэхүү ургамал нь даралт бууруулж, цусан дахь сахар, холестирин багасгаж, зүх судасны өвчнөөс урьдчилан сэргийлдэг сайн талтай. Маалинга болон гашуун арвай, амуу тариа, ногоон, цагаан буурцаг, гоньдыг Монголынхоо хөрсөнд тариалж, иргэдийг үр тариа, хоолоор эмчлэх соёлыг түгээж буй нэгэн газрыг “Би үйлдвэрлэгч” буландаа онцолж байна. Үр тариа, хоол заслаар монголчуудыг эмчлэх “Аму” брэндийн үйлдвэр үүдээ нээгээд зургаа дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Т.Дарьсүрэн, Э.Хулан нар өөрсдөд тохиолдсон бэрхшээл дээрээ үндэслэн энэхүү брэндийг үүсгэн байгуулжээ.Үүсгэн байгуулагч Т.Дарьсүрэн “Миний ходоод их өвддөг байлаа. Хоол идэхээр шингэхгүй, аюулхай дээр цанхайгаад тав тухгүй явдаг байсан юм. Тэгээд нэг удаа Хятадад явж байхдаа шош буурцагны үр авч идсэн юм. Гэтэл миний ходоод мэдэгдэм гайгүй болж, зовиур арилсан. Ингээд 2011 оноос үр тарианы талаар судалж эхэлсэн” хэмээн ярилаа. Үр тариа эмчилгээг Монголд нэвтрүүлэх тэдний бизнесийн санаа ийн төрж, өдгөө зарим оронд тарьсан гашуун арвай, ногоон, цагаан буурцагны үр, гоньдыг экспортолж байна. Зүгээр нэг тариалаад зогссонгүй. Хоол заслын төв байгуулж хоолоор эмчлэх сургалтыг иргэдэд өгч байна. “Хоолоор эмчлэх соёлыг дэлхийд түгээнэ” уриатай “Аму” брэндийг хэрэглэсэн хүмүүс ч сэтгэл өндөр байгаагаа өөрсдийн нүүр номоороо дамжуулан илэрхийлсээр байна. “Аму”-гийн гаргадаг бүтээгдэхүүн нэг ёсондоо хүнсний нэмэлт тэжээлийг орлож буй гэж хэлж болно. Манай улс ХБНГУ, ОХУ, АНУ, Япон зэрэг 10 гаруй орноос хүнсний нэмэлт бүтээгдэхүүн импортолдог болоод удаж байгаа. Гаалийн статистик мэдээллээс харахад 2017 онд л гэхэд эдгээр орноос 46.2 сая ам.долларын хүнсний нэмэлт бүтээгдэхүүн импортолжээ. Дэлхий дахинд тархаж буй таргалалт хэмээх эмгэг манай улсыг тойроогүй. Энэхүү өвчинтэй тэмцэж буй бүх хүн элдэв орны сайн гэсэн тодотголтой бүтээгдэхүүн бүрийг бие дээрээ туршиж байна. Харин “Аму”-гийнхны бүтээгдэхүүн жин хасахад төлөөлөх хэдий ч зөв хооллолтод сургадаг онцлогтой. Тус байгууллагынхан зөвхөн олон төрлийн ногоо, жимсний үр хэрэглэ гэж зөвлөхөөс илүүтэй Монгол хүний биеийн онцлогт тохируулж, жорыг нь тааруулж гаргаж өгдгөөрөө давуу талтай. “Аму” хоол заслын төвийн уламжлалтын эмч нар судас барьж үзээд тухайн хүний биеийн онцлогийг хэлж өгөөд, хэрхэн хооллох, юу хэрэглэх ёстойг зөвлөнө. “Аму”-гийнхны гаргадаг бүтээгдэхүүн бол нэг ёсондоо хүнсний нэмэлт тэжээлийг орлож буй гэж хэлж болно. “Аму” үйлдвэрийнхэн Хэнтий болон Дархан-Уулд гашуун арвай, ногоон буурцаг, маалинганыхаа үрийг тариалж байна. Одоогоор тус төв таван газар салбараа нээгээд байгаа аж. Үр боловсруулах үйлдвэртээ хатаах, бэлдмэлийнхээ жорыг тохируулдаг талаар ажилтнууд нь онцоллоо. Тус газар нийтдээ 20 гаруй ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж буй юм. 

ХООЛ ХҮНС СЭТГЭЛ САНААНД НӨЛӨӨЛДГИЙГ ХҮМҮҮС МЭДДЭГГҮЙ Байгаль дэлхийн нэг хэсэг болсон хүн гэдэг бодгаль амьдрах хугацаандаа хоол, амьсгал, сэтгэл, нойр гэсэн дөрвөн зүйлээс өөрийн энерги эрч хүчийг авдаг. Хоол хүнс бол зөвхөн бидний махан биед хэрэгтэй гэж хүмүүс ойлгодог. Харин сэтгэл санаанд нөлөөлдөг нарийн зүйл болохыг төдийлэн мэдэхгүй. Тэгвэл аль 5000 жилийн өмнө дорно дахины уламжлалт анагаах ухаанд хүмүүсийг шим тэжээлт хоолоор эмчилдэг байсан байна. Энэ эмчилгээг өнөөдөр “Аму” төвийнхөн мөрдөж буй билээ. Тус төвийн уламжлалтын эмч нарын хэлснээр цаг уур бидний биед эрчим нөлөөгөө үзүүлж байдаг. Монгол Улс хуурай, хүйтэн, салхины эрчим ихтэй байдаг нь Монгол хүний биеийн онцлогийг бий болгодог. Энэ уур амьсгал нь бүдүүн гэдэсний үйл ажиллагаанд нөлөөлснөөр өтгөн хаталт ихтэй, ходоод болон элэг цөсний үйл ажиллагаа нь эрчимжсэн, бөөрний үйл ажиллагаа нь дийлэнхдээ сул байдаг учраас лемонтой ус, дарсан ногоо зэрэг нь монголчуудад төдийлэн таардаггүй юм байна. Учир нь исгэлэн гашуун амт нь элэг цөсны үйл ажиллагааг идэвхжүүлдэг бөгөөд биднийх угаасаа идэвхтэй тул дахин идэвхижүүлэх шаардлагагүй аж. Жилийн дөрвөн улиралд идээ, ундааг зохицуулж хэрэглэвэл хүний бие махбодь хямрахгүй гэдгийг “Аму”-гийнхан хэлж байна. Өвөлдөө махан хоол, шим тэжээлтэй хоолыг идэж, хавартаа биеийн хордлогыг тайлах цэвэрлэгээ хийж, зундаа цагаан идээгээ хүртэж, намартаа шинэ гарсан ногоо, жимс жимсгэнээр хооллоход бидний ходоодны шингээх чанар, бие организм үүнийг маш таатай хүлээж авдаг. Мөн улирал бүрд бидний зарим эрхтэн сул байдаг тул түүнийг дэмжих хүнс хэрэглэх нь маш чухал. Жишээ нь өвлийн улиралд бөөрний үйл ажиллагаа сул, хавар элэг цөс, зун нь зүрх нарийн гэдэс, намар уушги бүдүүн гэдэсний үйл ажиллагаа сул байдаг аж. Иймээс тухайн эрхтэний тамирыг тэтгэх хүнс хэрэглэх нь зүйтэй. Мөн насныхаа онцлогт тохируулан хооллох нь хамгийн чухал. Идэр залуу хүмүүс шарын мөн чанар давамгай тул хоол боловсруулах үйл ажиллагаа нь сайн байдаг. Гэхдээ хамаа замбараагүй идээд байвал өтлөхийн цагт нуугдмал хэлбэрээр өвчин хурах магадлалтай байдаг. Тиймээс идэр залуу насны хүмүүс мах их хэрэглэхээс татгалзан, болгосон хүнсний ногоог өөрийн биеийн онцлогт тааруулж түлхүү хэрэглэх хэрэгтэй. Харин өндөр настнуудын ходоодны шингээх чадвар багасч, хий давамгайлж эхэлдэг тул халуун чанарын махыг (хонины мах) бага хэмжээгээр хэрэглэн, шөл устай шингэхэд амархан хоолыг хэрэглэвэл тохиромжтой байдаг. Хүүхэд бадгана чанар давамгай тул дэлүү ходоодны үйл ажиллагаа сул, тархины хөгжил явагддаг тул чихэртэй зүйл, түүхий ногоо бага өгч, шөлтэй хоолыг түлхүү өгөх хэрэгтэй. Иймээс “Аму”-гийнхан монгол хүний биеийн онцлогийг харгалзан үзэж тохирох бүтээгдэхүүнийг тусгай орц найрлагатайгаар савлаж өгдөг.

АРВАЙ, БУУРЦАГ, ЖИМСНИЙ ҮР ЯМАР АШИГ ТУСТАЙГ ХҮРГЭЕ 

 ►Гэгэн Энэхүү модлог ургамал нь элэг цөсний халууныг дарах шинжтэй. 

► Таримал мухар цагаанБөөр давсагны үйл ажиллагааг дэмжиж, даралт бууруулж, үрэвсэл намдаахын зэрэгцээ хоол боловсруулах ач тустай. 

► Алтан жүржХэлбэр төрх амтат жүржтэй төстэй, хэмжээгээр арай багахан, улбар шар хальстай, амт исгэлэн анхилуун цагаан цэцэгтэй, урт өргөслөг навчтай, дорнод Хималайн уулаас гаралтай мөнх ногоон модны жимс бөгөөд ходоодны хямралыг анагаах тустай.

► Тахиан толгойт лянхуан үрБөөр давсагны үрэвслийг дарах, бактерийн эсрэг, архаг суулгалтыг зогсоох үйлдэлтэй. 

► Балжингарам цэцэг Элэгний үйл ажиллагаа дэмжинэ. Ходооны шарх, шамбарамыг анагааж, мөөгөнцөрийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ. 

► Улаан чавгаМэдрэлийн системийг тайвшруулна. Элэгний үйл ажиллагаа сайжруулж цус шингэлнэ.

► Шар буурцагЭмэгтэйчүүдийн эстроген дааврыг тэнцвэржүүлж, цэвэршилтийн үеийн зовиурыг намдаана. Даралт ихсэхээс урьдчилан сэргийлнэ. 

► Хар буурцаг Бөөр, нойр булчирхайн үйл ажиллагааг дэмжиж, цус төлжүүлнэ. Цистит, бүсэлхийгээр өвдөх зовиурыг намдаана. 

► Ногоон буурцагБиеийн бодисын солилцоог хэвийн болгож, судасны ханан дахь хатуурлаас сэргийлж, шээс хөөнө.

ТАМИР ТЭТГЭЖ АНАГААХ ХҮНС “Аму”-гийн эрүүл мэнд багцад л гэхэд долоон төрлийн бэлдмэл ордог. Жишээлбэл, хөц будаа, таримал мухар цагаан, тахиан толгойт лянхуан үр, алтан жүрж, цагаан вандуй чавганы найрлагатай “ходоод-1” бэлдмэл нь гэдэс дүүрч цанхайдаг, хоолны шингэц тааруу, гүйлгэдэг, ходоодны хүйтэн хий ихтэй, ходоод болон нойр булчирхайн архаг үрэвсэлтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. “Ходоод-2” бэлдмэл нь гашуун арвай, таримал мухар цагаан, хусны үр, гэгэн, чавганы орцтой. Уг бэлдмэлийг ам хатдаг, амнаас эвгүй үнэр гардаг, чээж хорсдог, өтгөн хатдаг, хеликобактеритай, ходоодны халуун хий ихтэй хүмүүс хэрэглэвэл зохилтой. Бөөрний үйл ажиллагаа дэмжих бэлдмэл нь чавга, таримал мухар цагаан, гүнжидийн үр, хар будаа, хар буурцаг, тахиан толгойт лянхуан үр, хушганы орцтой. Ууц нуруугаар хүйт дааж, чилж өвддөг, өглөөгүүр нүд нь хавантаж, сэлхэрдэг хүмүүс уухад ашиг тустай. Мөн галбиржуулан тураах бэлдмэл гэж бий. Уг бэлдмэл нь хулууны үр, гэгэн, алтан жүрж, бор будаа, хүрэн буурцагны найрлагатай бөгөөд хэвлий болон гуя хэсгийн таргалалттай, бодисын солилцооны хямралтай, өтгөн хатдаг, дотор хаван ихтэй хүмүүст зориулан гаргажээ. “Амин дэм” багц нь дотроо өтгөн хаталтын эсрэг, цус багадалттай хүмүүст зориулсан, кальци нөхөх бэлдмэлээс гадна амьд уураг бас бий. Цус багадалтын эсрэг бэлдмэл нь гүнжидийн үр, чавга, цагаан вандуй, усан үзмийн үр, газрын самар, тахиан толгойт лянхуан үр, мөсөн чихрийн орцтой. Амархан ядардаг, үс нь их унадаг хүмүүс хэрэглэвэл сэргээх хүчтэй эд аж. Кальци багатай, бөөрний тамир сул, амархан ядардаг хүмүүс навчит байцааны үр, хар буурцаг, улаан үзэм, гэгэн, өргөст хэмхний үрний найрлагатай кальци нөхөх бэлдмэлийг хэрэглээд үзэхэд илүүдэхгүй. ЭЭЖҮҮД, БАГАЧУУДАД ХЭРЭГТЭЙ ТУСГАЙ ЖОР “Аму”-гийн бүтээгдэхүүний чухал нэгэн багц бол “тусгай жор”. Энэхүү багцад багтаж буй жирэмсэн эмэгтэйчүүдэд зориулсан бэлдмэл нь чавга, гүнжидийн үр, таримал мухар цагаан, хатаасан алим, амтат гуаны үр, хатаасан банана, хар будаа, хушганы орцтой агаад жирэмсэн эмэгтэйчүүд төртлөө хэрэглэх боломжтой. Агаарын бохирдол ихтэй, хуурай, ширүүн уур амьсгалтай нөхцөлд хоол, тэжээлээ зөв тохируулж чадвал элдэв хүндрэлгүй төрөх боломж бас бий гэдгийг “Аму”-гийн эмч нар хэлж байна. Мөн хоолны дуршил тааруу, хоолоо шингээдэггүй, амархан ядардаг, хөлөрдөг жин багатай жаалуудад зориулсан жор бас бий. Түүнчлэн өтгөн хатдаг хүүхдэд зориулсан бэлдмэл нь нэлээн эрэлттэй байдаг аж. Гашуун арвай, таримал мухар цагаан, сараана цэцэг, бууцайн үр, хас хулс, хусны үр, алтан жүржийн найрлагатай уг бэлдмэл нь өтгөн хатдаг зовиуртай, амнаас нь эвгүй үнэр гардаг, арьс хуурайшдаг, дотор халуун ихтэй хүүхдүүдэд өгөхөд нэн тохиромжтой юм байна. Хүүхэд ханиад хүрвэл алтан жүрж, хөц будааг өгөхөд дархлаа сайжирч намждаг аж. Энэ мэтээр элдэв төрлийн эм, антибиотик хэрэглэхгүйгээр үр тариагаар анагаах хүнсээр бие махбодио тэтгэж амьдрах боломжийг “Аму” брэндийнхэн олгож байгаа юм. Мөн, “Аму”-гийн гашуун арвай, гоньдны цайг хүмүүс тааламжтай хэрэглэдэг. Гашуун арвайн цай нь цусан дахь өөх тосны хэмжээг багасгана, хордлого тайлж, шээс хөөнө. Дархлааг дэмжиж, чөлөөт радикал, хэт ягаан туяанаас чөлөөлж, арьсыг гэрэлтэй болгох үйлчилгээтэй. Гоньдны цай нь биеийн хийг дарж, тамир тэнхээ сэргээх ач холбогдолтой. 








A

Жижиг

A

Дунд

A

Том

Хэт хэрэглээнээс татгалзах Шведийн Лагом хандлага

 0 сэтгэгдэл

  • Лагом гэх үгийг швед хэлнээс орчуулбал “хангалттай”, “яг таарсан” гэсэн утга илэрхийлдэг
  • Лагом хандлага нь эд материал төдийгүй хүн хоорондын харилцаанд ч нөлөөлдөг гэнэ. Швед хүмүүс ажил амралт, жаргал зовлон гэх мэт эсрэг тэсрэг зүйлсийн тунг маш энгийнээр тохируулдаг онцлогтой


Швед улсад сүү­лийн жилүүдэд лагом гэх шинэ чиг хандлага төлөвшжээ. Улмаар тус улсыг Lagomlandet буюу Лагом улс гэж нэрлэх нь бий. Энэхүү хэв маягийн гол философи нь бүх зүйлийн тунг нь тааруулж, алтан дунджийг олон, тэнцвэртэй амьдрах юм. Өөрөөр хэлбэл, тус улсын иргэд эерэг мэдрэмжийг эд зүйл бус нийгэмд оруулж буй хувь нэмэр өгдөг гэж үздэг. Швед хүмүүс өдөр тутамдаа зөвхөн нэн шаардлагатай зүйлийг хэрэглэж, хэт их эд материа­лаар өөрийгөө хүрээлүүлэн, амьдралаа ачаалуулахаас татгалздаг. Энэ хандлага нь зөвхөн эд материал төдийгүй хүн хоорондын харилцаанд ч нөлөөлдөг гэнэ. Тухайлбал, швед хүмүүс ажил амралт, жаргал, зовлон гэх мэт эсрэг тэсрэг зүйлсийн тунг маш энгийнээр тохируулдаг онцлогтой. Лагом гэх үгийг Швед хэлнээс орчуулбал “хангалттай”, “яг таарсан” гэсэн утгыг илэр­хийлдэг. Тус ойлголт нь хоол, дизайн, байгаль орчин гэх мэт амьдралын бүх салбарт хэрэгждэг. Гэхдээ эл хандлага загварын салбарт хүчтэй ноёрхдог ба Шведийн ихэнх дизайнер бүтээлүүдээ лагом хэв маягаар бүтээдэг байна. Жишээ нь Acne Studios, Filippa K гэх зэрэг брэнд хувцас урлахдаа илүү деталь, хэт их чимэглэл хэзээ ч ашигладаггүй. Үүний оронд тэд өдөр тутам болон онцгой тохиолдолд ч өмсөхөд тохиромжтой биед эвтэйхэн, минималист хувцас зохион бүтээдэг. Энэ хандлагын бас нэг гол зорилго нь хэрэглэгчдийг хүрээлэн буй орчинтойгоо зохицож амьдрахад уриалах юм. Дэлхий даашгүй их материал цуглуулах нь экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж, байгаль орчинд хор хөнөөл учруулдаг. Тиймээс хэрэглээнээс таашаал авах үзлийг улс нийтээрээ үгүйсгэж буй нь сайшаалтай. Лагом хэв маягийг төлөвшүүлж буйтай холбогдуулан IKEA брэнд Live Lagom хэмээх төсөл хэрэгжүүлж байжээ. Төслийн гол зорилго нь нийгэмд экологийн боловсрол олгож, байгальд ээлтэй бүтээгдэхүүн хэрэглэж хэвшихийг уриалах юм. Тэд аяныхаа хүрээнд эрчим хүчинд хэмнэлттэй чийдэн, зай гэх зэрэг байгаль орчинд ээлтэй гэр ахуйн эд зүйлс худалдаалах болсон. Дэлхий дээр зөвхөн хүн л амьдардаггүйг тунхаглаж буй лагом хандлага нь хүний шуналын эсрэг хэрэгжүүлж буй энгийн, хэрэгцээт арга юм.Улс бүрд өөрийн гэсэн амьдралын хэв маяг бий. Түүнчлэн зарим улсын амьдралын философи бусад оронд нөлөөлөх тохиолдол ч олон. Тухайлбал, Япон улсаас гаралтай минималист хандлага өдгөө дэлхий нийтэд хэт хэрэглээнээс татгалзаж, эко, эрүүл амьдрахыг уриалаад буй. Швед улсын лагом хэв маяг ч мөн ижил утга санаатай. Гэхдээ амьдралын бүх элементэд нөлөөлдөг болохоороо онцлог юм.


















A

Жижиг

A

Дунд

A

Том

Дотоод орчны агаар гадаад орчныхоос чухал

Хүн амьдралынхаа 10-15 хувийг гадаа, 85-90 хувийг дотоод орчинд өнгөрүүлдэг. Тиймээс эрүүл мэндээ хамгаалахын тулд дотоод орчны агаарыг цэвэр байлгах нь хамгийн чухал юм.

 0 сэтгэгдэл



Аль болох том, далбагар ногоон навчтай цэцэгс агаарыг сайн цэвэршүүлдэг


1. Мөнхрөө 

2. Ногоодой 

3. Нөмөргөнө

4. Авиргана 

5. Зуун наст 

6. Агланоема

Мөнхрөө:

Агаар цэвэршүүлэх чадва- раа раа хамгийн өндөрт тооцогддог. Зөвхөн өдөр төдийгүй, шөнө ч хүчилтөрөгч ялгаруулдаг. 

Ногоодой:

Дотор тасалгаан дахь агаарыг хоёр өдрийн дотор 90 хувь цэвэршүүлдэг. 

Нөмөргөнө

Агаар дахь нянг 60 хүртэл хувь бууруулах чадвартай.  


Тогтмол агаар сэлгэж байх 

Гадна агаар бохирдолтой үед цонх нээх боломжгүй болдог. Тиймээс халуун орчинд хүчилтөрөгчийн агууламж багасаж, вирус хурдан үрждэг. Тэгэхээр аль болох агаарын бохирдол бага үед цонх, хаалгаа онгойлгож, агаарыг тогтмол сэлгэж байх нь чухал. 

Чийгтэй цэвэрлэгээ 

Дотоод агаарын бохирдол, тоосжилт нь агаарыг хуурайшуулж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байдаг. Тиймээс тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийж, агаарын тоосжилтыг бууруулж, чийгшүүлж байх нь чухал. Мөн жамц давстай ус агаарт цацах зэрэг хэлбэрээр агаарыг цэвэршүүлж, чийгшүүлэх боломжтой. 

Зөгийн лаваар хийсэн лаа

Зах зээлд зөгийн лав болон парафинтай лаа худалдаалдаг. Дотоод агаарын бохирдлыг бууруу­лахад зөвхөн зөгийн лаваар хийсэн лаа асаах нь үр дүнтэй. Энэ төрлийн лаа нь шаталтын үр дүнд сөрөг ион ялгаруулснаар агаар дахь бохирдолтой нэгдэж, устга­даг байна. Ялангуяа харшил, астматай хүмүүст энэ аргыг зөвлөдөг. 

Жамц давс

Байгалийн давс нь агаар цэвэршүүлэх нөлөөтэй. Тиймээс жамц давсаар хийсэн ширээний гэрлүүд түгээмэл ашиглагдах болжээ. Үүнээс гадна, хүнсний жамц давсыг ил байлгах, усанд найруулж агаарт цацах зэрэг нь ч агаарыг цэвэршүүлэх эерэг нөлөөтэй.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Өөр эмэгтэйд хайртай ч эхнэрээсээ салмааргүй байна

Эхнэрийнхээ хайр халамжийг өөр хүнээс эрэлхийлж байх магадлалтай

 0 сэтгэгдэл

Засгийн газрын мэдээ сонин мэргэжлийн сэтгэлзүйчидтэй хамтран ээлжит зөвлөгөөгөө өгч байна. Энэ удаа Focus on the Family Mongolia байгууллагын тэргүүн, клиник сэтгэл зүйч Т.Хонгорзул манай уншигчдаас ирсэн асуултад хариуллаа. Хэрэв танд сэтгэл зүйн тулгамдсан асуудал байвал манай сонинд хаяглан ирүүлээрэй. 

ХҮҮХЭД ШИГ ЗАН ГАРГААД БАЙГАА ЭЭЖИЙГЭЭ ЯАХ ВЭ 

-Ээж маань 50 настай. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр улам л хүүхэд шиг болоод байх юм. Уурлах, гомдох, баярлах нь их амархан болсон. Гэхдээ гомдол нэхэх нь ихсээд байна. Цаашид яаж харьцвал дээр вэ? ­

-Энэ нь насны сэтгэл зүйн онцлог болон дааврын өөрч­лөлттэй холбоотой байж болох юм. Ээж тань ямар нэгэн зүйлд санаа зовниж, стресстэй байгаа эсэхийг анзаараад үзээрэй. Өөрийнх нь сэтгэл санааг ойлгож сонсох хүн байхгүй үед түүнийгээ уур бухимдал, гомдлоор гадагшлуулдаг байж болох юм. Хамгийн гол нь сэтгэл санааных нь байдлыг сонсож ойлгохыг хичээгээрэй. Ганцаардаж байгаа мэдрэмж төрж байгаа эсэх, найз нөхөдтэй эсэх, өөрийнх нь сэтгэлийг зовоож байгаа ямар нэг зүйл байгаа эсэх гэх мэт. Аль болох өөрийнхөө дуртай зүйлийг хийхэд цаг гаргах, найз нөхөдтэйгөө уулзаж ярилцах, дасгал хөдөлгөөн хийх зэрэг нь сэтгэл санааг өөдрөг болгодог. 

ЭХНЭРЭЭСЭЭ ХАЙР МЭДЭРДЭГ БОЛ ӨӨР ХҮНД СЭТГЭЛТЭЙ БОЛОХГҮЙ

-Эхнэр маань надаас олон эгч ч бид хамтдаа амьдралаа босгож, бизнесээ ч хөл дээр нь тогтоосон. Гэвч би өөр бүсгүйд сэтгэлтэй болж, бие энд ч сэтгэл тэнд явах боллоо. Гэр бүлээ салгамааргүй, бас тэр сайхан хайрыг амьдрал болгомоор байна. Яах вэ? ­

-Та гэр бүлийнхээ хүнээс хайр мэдэрдэг, нэг нэгэндээ сэтгэлээрээ ойр дотно байдаг бол өөр эмэгтэйд сэтгэлтэй болох боломжгүй юм. Эхнэртэйгээ хамт бизнесээ босгосон гэхээр магадгүй хоёулаа маш их ажиллаад харин өөрсдөдөө бага цагийг гаргаснаар нэг нэгнээсээ хол хөндий болсон байж болно. Энэ нь хайргүй болсон гэсэн үг биш бөгөөд магадгүй энэхүү үгүйлэгдэж байгаа орон зайг өөр хүнээс эрэлхийлж байх магадлалтай юм. Тиймээс та яарч шийдвэр гаргалгүй сэтгэлзүйчээс биечлэн зөвлөгөө аваарай. 

14 БОЛ ДОТНО ҮЕРХЭХ НАС БИШ

-Охин мааны 14 настай. Хэдэн сарын өмнөөс нэг хөвгүүнтэй үерхэх болсон. Хайр дурлалын асуудалд орооцолдоход хэтэр- хий балчир юм шиг санагдаад байна. Нас нь болоогүй байна гэж хорьж цагдах нь зөв үү, эсвэл зөнд нь орхих хэрэгтэй юу?

-Эцэг, эхчүүдийн сэтгэлийг зовоодог зүйл нь яах аргагүй үерхэл нөхөрлөлийн асуудал байдаг. Эрэгтэй, эмэгтэй жирийн найз нөхөрлөлийн харилцаа бол энэ насан дээр байх нь хэвийн хөгжлийн үе юм. Тухайлбал, спортоор хичээллэх, хичээлд нь туслах, дугуйланд хамт явах зэрэг нь хэвийн боловч харин дотно үерхэх нас биш юм. Тиймээс охинтойгоо ярилцах, ямар хил хязгаар тавих, гэртээ хэзээ ирсэн байх талаар зөвшилцөх нь зүйтэй. Загнаж буруутгах, уурлах, элдэв үгээр хэлэх зэрэг нь туслахгүй бөгөөд сайн ярилцаж энэ харилцааг үргэлжлүүлэх нь ямар үр дагаварт хүргэж болохыг ярилцаарай.

ЭХНЭРЭЭ АРХИНААС ГАРГАХ ГЭЭД ЧАДАХГҮЙ БАЙНА 

-Би эхнэртэйгээ ханилаад 35 жил болж байна. Гэвч сүүлийн хэдэн жил бор дарсанд хэтэрхий их дурлах боллоо. Архинаас гаргах эмчилгээнд явуулах гэж хэд хэдэн удаа оролдсон ч “би архичин биш” гээд халгаадаггүй. Эхнэр архи уух тусам гэр бүлийн амьдрал маань нүдэн дээр сүйрч байна. Одоо би яах вэ? ­

-Таны ханийн сэтгэл санааг зовоосон ямар нэгэн асуудал байгаа учраас архи ууж эхэлсэн болов уу. Архинд донтсон хүмүүст тулгардаг хамгийн том бэрхшээл бол үгүйсгэл байдаг. Хэчнээн их хэлээд аргадаад ч нэмэргүй өөрийгөө архичин биш гэж үгүйсгэдэг. Тиймээс албадан эмчилгээ хийлгээд ч тусалдаггүй. Хүнийг өөрчлөлтөнд хүргэдэг хамгийн том хүчин зүйл бол өөрийгөө хүлээн зөвшөөрөх явдал. Олон арга хэмжээ аваад ч нэмэргүй бол хэцүү ч гэсэн тухайн хүн шалдаа буусан цагт ухааралд ирэх үе бас байдаг. Танд хэцүү байгаа бол өөртөө сэтгэл зүйн зөвлөгөө аваарай. 

ХОЁР ТАЛААСАА БУУЛТ ХИЙЖ, ЗОХИЦОЖ АМЬДАР

-Эхнэр маань үргэлж л өөрийхөөрөө зүтгэж, бүх зүйлд намайг буруутгадаг. Эхэндээ би өхөөрдөж, бууж өгдөг байсан ч энэ нь сүүлдээ амьдралын хэвшил болж тогтох янзтай. Үргэлж л бууж өгнө гэвэл би цаашид тэсэхгүй бололтой. Яавал дээр вэ? ­

-Аливаа гэр бүлийн харилцаа нь нэг нэгэндээ буулт хийж, биесээ ойлгон хүлээн авах, итгэж найдах гэсэн уялдаатай бат бөх оршин тогтнодог. Аль нэг нь илүү давуу эрх эдэлж байна, би тэгш эрхтэй байх хэрэгтэй гэж оролдох нь хаана хүрэхээ мэдэхгүй явж байгаатай адил юм. Дийлэнхдээ хосууд өөрсдийнхөө өссөн орчин харилцаанаас шалтгаалан яг эцэг, эхтэйгээ харилцдаг шигээ харилцаж санаанд нь нийцэхгүй бол ханиас нь л бүх зүйл болоод байна гэж эндүүрдэг. Ханиа 100 хувь өөрийн хүссэнээр өөрчлөх боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрөөд харилцан хоёр талаасаа буулт хийж зохицож амьдрах нь харилцааг илүү эерэг байхад нөлөөлнө.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Хуримтлал үүсгэж болох шилдэг аргууд

 0 сэтгэгдэл

Өчигдөр дэлхийн хуримтлалын өдөр болж өнгөрлөө. 1924 оны энэ өдөр Италийн Милан хотноо зохион байгуулагдсан Олон улсын хадгаламжийн банкны анхдугаар чуулганы үеэр Дэлхийн хуримтлалын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх санаачилга гарсан нь биеллээ олж, өнөөг хүртэл уламжлал болгон тэмдэглэсээр иржээ. Энэ өдөр хуримтлал үүсгэхийн ач холбогдол, үр дүнгийн талаар бусдад сурталчлан таниулахаас гадна нэр алдартай хүмүүс өөрийн амжилтын туршлагаасаа бусадтай хуваалцдаг. Дэлхийн хуримтлалын өдөр болж өнгөрсөнтэй холбогдуулан хуримтлал үүсгэх аргуудын талаар сонирхуулья. 


Өдөр бүр бага багаар хуримтлуулах

Та эхний өдөр 100, дараагийн өдөр 200, гурав дахь өдөр 300 төгрөг гэх мэтээр өдөр бүр зуу зуун төгрөг нэмэн 365 хоногийн турш хуримтлал үүсгэвэл нэг жилийн дараа нийт 6,679,500 төгрөг хуримтлуулсан байх болно. Туршаад үзье гэж бодож байвал яг өнөөдрөөс эхлээрэй.

Түр зуурын сэтгэл хөдлөлд авталгүй,  зөвхөн өөрт хэрэгтэй зүйлдээ анхаараарай 

Дэлгүүрт явж байгаад гоё цамц олж хараад авчихдаг ч юм билүү гэж бодогдох үе танд гарч л байсан байх. Энэ үед өнөөх цамцныхаа үнэтэй тэнцэхүйц мөнгийг хадгаламжийн данс руугаа шилжүүлээд цамцыг харин байранд нь үлдээгээрэй. Угаасаа цамцанд үрэх л гэж байсан мөнгийг хадгаллаа гээд хожно уу гэхээс алдах юмгүй. Үнэхээр ямар нэг эд зүйлийг авахгүй л бол болохгүй юм шиг санагдаад байвал энэ зүйлгүйгээр одоог хүртэл амьдарч болсоор л ирлээ, авахгүй байлаа гээд юу алдах билээ гэж өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Зарим нэг зүйл угаасаа байсан ч, байгаагүй ч ялгаагүй байдаг шүү дээ. Хүүхдэдээ ч бас чихэр, шоколад, тоглоом авъя гэхэд нь татгалзах тохиолдол зөндөө л бий. Энэ үедээ хүүхдээсээ үнэхээр чухал хэрэгтэй юу эсвэл оронд нь хадгаламждаа мөнгө хийх үү гэж санал болгож байгаарай. Үүний өмнө мэдээж хүүхдэдээ хадгаламжийн ач холбогдлыг сайтар ойлгуулсан байх хэрэгтэй. Хүүхдүүд бидний бодож байгаагаас ч илүү ухаалаг, илүү ухамсартай байдаг. 

Бэлэн мөнгөөр тодорхой нэг дэвсгэртийг цуглуулах 

Энэ тохиолдолд та аль ч дэвсгэртийг сонгон цуглуулж болно. Жишээлбэл:500 төгрөг хүртэлх мөнгөн дэвсгэртүүдзөвхөн мянгат эсвэл таван мянган төгрөгийн дэвсгэртүүд гэх мэтээр өөртөө илүү боломжийн санагдаж байгаа дэвсгэртээ сонгон цуглуулах. Хэрэв та 1000 төгрөг сонгосон бол таны хэтэвчинд энэ дэвсгэрт орж ирэх бүрт үрэлгүйгээр хадгаламжийн шилрүүгээ хийх. Заавал шил гэж байгаа нь цуглуулж байгаа мөнгөө нэмэгдэхийг харан урам авах зорилготой. Мөн шилэн дээрээ юунд зарцуулах төлөвлөгөөгөө биччихвэл бүр ч янзтай. 

Худалдан авалтын дүнгээ тоймлон, зөрүүг нь хадгаламж руугаа хийх 

Та гэрийнхээ хүнсийг цуглуулахад нийт дүн нь 46,300 төгрөг боллоо гэж бодъё. Тэгвэл та энэ дүнгээ 50,000 гэж тоймлоод зөрүү болох 3700 төгрөгийг нь хадгаламжиндаа хийгээрэй. Энэ мэтээр зарлага бүрээ тоймлоод зөрүүг нь хуримтлуулаад байвал таны санхүүд нэг их хүндрэл учрахгүй атлаа гайгүй дүнтэй хуримтлал үүссэн байх болно.

Баяр ёслолоор гаргадаг зардлаа танаад хадгаламж руугаа хийх 

Төрсөн өдрөө заавал жил бүр тэмдэглэх үү? Зарим жил тэр мөнгөө хэмнээд хадгаламж руугаа хийгээд ирээдүйд өөртөө бэлэглэх ч бас боломжийн санаа шүү. Шинэ жилээр бүсгүйчүүд даашинз, үс засалт, нүүр будалт, маникюр, педикюр гээд маш их зардал гаргадаг. Харин зарим нэг гоо сайхны үйлчилгээг өөрөө хийсэн байхад 200-300 мянган төгрөг хадгаламждаа хийх боломжтой болно. Хүүхдүүд ч бас нэг жилд төрсөн өдөр, шинэ жил, цагаан сар, хүүхдийн баяр гээд бэлэг авах үе олон. Зарим баяраар бэлэгний оронд хадгаламж руугаа мөнгө хийе гэж хүүхэдтэйгээ тохиролцож ч болох юм. Заримдаа хүмүүс бэлэгний оронд мөнгийг нь өгчихдөг. Түүнийх нь талыг нь ч атугай хадгаламждаа хийхийг хүүхдэдээ сургаарай. Одоогийн тав тухаас илүүтэйгээр ирээдүйн сайн сайхандаа анхаарах төлөвшлийг хүүхдэдээ олгох нь зөвхөн мөнгөн дээр ч биш амьдралын бусад зүйлд ч хэрэг болно.

Хямдралтай худалдан авалт хийсэн бол зөрүүг нь хадгаламж руугаа хийх 

Та ямар нэг зүйл худалдан авах гээд очтол хямдарчихсан байх тохиолдол хааяа гардаг уу? Тэгвэл хэмнэсэн мөнгөө хадгаламж руугаа хийгээрэй. Угаасаа л бүтэн үнийг нь тооцоолоод мөнгөө төсөвлөчихсөн байсан юм чинь.

Тогтмол гаргадаг чухал биш зардлуудаа тодорхой хугацаанд хадгалж үзэх 

Өдөр бүр кофе шопоос кофе авч уудаг уу? Өдрийн хоолны дараа заавал амттан авч иддэг үү? Тамхи татдаг уу?Аяга латте 5000, хайрцаг тамхи 4000, нэг шоколад 3000 төгрөг. Өдөр болгон авбал жилд 1,825,000, 1,460,000, 1,095,000 төгрөг болж байна. Эдгээр зүйлийг огт авахгүй бол жилд 1-2 сая төгрөг, өнжөөд нэг авбал жилд 500,000 мянгаас нэг сая төгрөг хэмнэх нь. Авахгүй гүрийх бүртээ үнийн дүнтэй нь тэнцэх мөнгийг хадгаламж руугаа хийгээд үзвэл яаж байна? Хэцүү байж магадгүй ч туршаад үзэж болох л юм. 

Төлөвлөгдөөгүй орлого нэмэгдэх үед хадгаламж руугаа хийх 

И-баримтаас мөнгө хожих, бооцоонд ялаад мөнгө авах, газраас мөнгө олох гэх мэт гэнэтийн орлогыг үрэлгүй хадгаламж руугаа хийх. Учир нь энэ бол төлөвлөгдөөгүй орлого буюу та энэ мөнгөгүй байсан ч болох л байсан гэсэн үг. Тэгэхээр үүнийгээ хуримтлал руугаа хийлээ гээд танд алдах юм огтхон ч байхгүй. Мөн цалин тань нэмэгдэх, бонус авах, 13-р сарын цалингаа авах гэх мэтээр орлого тань нэмэгдвэл нэмэгдсэн дүнг нь хадгаламж руугаа хийх.

Хамгийн шилдэг арга бол дансаа хуримтлалын үйлчилгээнд холбуулах 

Ингэснээр таны данснаас хуримтлалын данс руу тань сонгосон тогтмол цаг, тогтмол дүнгийн дагуу автоматаар орлого шилжинэ. Жишээлбэл та сар бүрийн 15-ны өдөр 100 мянган төгрөг хадгаламжийн данс руугаа шилжүүлнэ гэсэн тохиргоог нэг удаа хийснээр цаашид сар бүр таны данснаас хадгаламжийн данс руу тань хуримтлал автоматаар татагдаж, танаас ямар ч нэмэлт үйлдэл гаргахгүйгээр хуримтлал өссөөр байх болно. Хадгална гэхээр хамаг дуртай зүйлсээсээ татгалзаад нэг л сэтгэл ханамжгүй амьдрах юм шиг санагдаж байна уу. Харин тодорхой зорилготой хадгалбал ингэж санагдахгүй. Том зорилгын дэргэд ганц цамц, ганц шоколад юу ч биш санагдах болно. Таны том зорилго юу вэ?