A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2860/

Шинжилгээний дээжийг сольж явуулна гэдэг боломжгүй зүйл

Шинжилгээний хариуг мэдэгдэх үүрэгтэй комисс маш ноцтой алдаа гаргасан

Шинжилгээний дээжийг сольж явуулна гэдэг боломжгүй зүйл
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2860/


Улсын аварга Э.Оюунболд өөрийгөө допинг хэрэглээгүй, хэлмэгдүүлэхийн тулд миний шинжилгээг сольсон байна хэмээн мэдэгдсэн нь өдгөө ид маргааны сэдэв болоод байна. Хүмүүс энэ асуудлаар байр сууриа илэрхийлж буй ч мэргэжлийн хүний дуу хоолой үгүйлэгдсээр байгаа юм. Тиймээс Олон улсын буудлагын холбооны эмнэлэг, допингийн эсрэг комиссын гишүүн Н.Цогтсайхантай уулзаж, допинг тойрсон сэдвийн талаар ярилцлаа.

-Сүүлийн үед олны анхаарлыг хамгийн их татаж байгаа асуудлаар ярилцлагаа эхэлье. Улсын аварга Э.Оюунболд хэсэг хугацаанд чимээгүй байсны эцэст допинг хэрэглээгүй, миний шинжилгээг сольсон байна гэж мэдэгдлээ. Үнэхээр шинжилгээний дээж солигдох магадлал бий юү?

-Энэ жилийн баяр наадмын допингийн шинжилгээнээс үүдэлтэй маргаан газар авч, сүүлдээ үндэсний бөхийн хоёр холбоо маргалдаад эхэллээ. Наадмын үзүүр, түрүүнд үлдсэн бөхчүүд увс, хэнтий аймгийнх байсан.

Гэтэл үндэсний бөхийн хоёр холбоог толгойлж байгаа хүмүүс бас Увс, Хэнтийнх болохоор өөрсдийн үзэл бодлыг хамгаалсан янз бүрийн мэдэгдэл хийгээд байх шиг байна. би Э.Оюунболд аваргын мэдэгдлийг үзсэн. Гэхдээ аваргын мэдэгдлээс өмнө допингийн хариуг зарлах процессийн талаар яримаар байна.

Ер нь улс орнууд Дэлхийн допингийн эсрэг дүрэм гэдэг том баримт бичгийн дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ дүрмийн дагуу зөвхөн асуудалтай хүнд л мэдэгдэх ёстой. Гэтэл допингийн шинжилгээний үр дүнг зарлах, хариуцлага тооцох эрх бүхий байгууллага болох баяр наадмыг зохион байгуулах комисс бүх бөхчүүдэд хариуг нь хэлчихсэн. Энэ бол хамгийн эхний гажуудал. Олимпын наадмаар жишээ авъя л даа. Олимпоос медаль хүртсэн хэн нэг тамирчин “ОУОХ-ноос намайг цэвэр гэсэн” гэж ярьж байхыг харсан уу. Гэтэл манайхан дэлхийн спортод байхгүй, хамгийн буруу, гаж жишгийг бий болгочихлоо.

Б.Гончигдамба гарьдын хэвлэлд өгсөн ярилцлагыг харсан. Шинжилгээ авах өрөөнд камер байрлуулсан гэж байна лээ. Уг нь шинжилгээ авах процедур хүний эрхтэй холбоотой маш нарийн ажил учир тодорхой хэмжээний нууцлалтай байдаг. Тухайлбал, допингийн шинжилгээ авах өрөөг яаж тоноглох, тэнд юу юу байх, тэр өрөөнд хэн хэн орж болох гээд бүх процессийг олон улсын дүрмэнд нэгбүрчлэн заасан байдаг. Гарьдын ярьсан шиг шинжилгээ авах өрөөнд камер байрлуулна гэдэг байж болшгүй зүйл. Харин шинжилгээ авах өрөөнд тухайн тамирчны бие төлөөлөгч орж ирэх ёстой. Тэр төлөөлөгч нь ихэнх тохиолдолд тухайн тамирчны дасгалжуулагч, эмч юм уу орчуулагч байдаг. Тэр хүмүүсийн үүрэг нь нүдээрээ камерыг орлоно. Өөрөөр хэлбэл, тухайн өрөөнд болж буй процесс дүрэм журмын дагуу явж байгаа эсэхийг хянаад эцэст нь допингийн хяналтын хуудсан дээр гарын үсэг зурж баталгаажуулдаг ёстой. Хэрэв Б.Гончигдамба гарьдын ярьж байгаа үнэн бол шинжилгээ авах багийнхан алдаа гаргажээ. Шинжилгээний хариуг мэдэгдэх үүрэгтэй баяр наадмыг зохион байгуулах комисс бүр ноцтой алдаа гаргасан байна. Баяр наадмыг зохион байгуулах комисс цэвэр гарсан бөхчүүдэд хариуг мэдэгдсэнээсээ болоод өөрсдийгөө маш эвгүй байдалд оруулчихлаа.

Бас нэг хардлага гэвэл хоёр биш илүү олон хүнээс допинг илэрсэн, эрх бүхий хүмүүс нь өөрсдийн таалалд нийцүүлэн илэрсэн зарим хүнийг нуун дарагдуулаад өнгөрлөө гэх яриа байнга гардаг. Энэ бол боломжгүй зүйл. Яагаад гэвэл тамирчны цус, шээсний дээжийг допингийн хяналтын зорилгоор ашиглах эрх бүхий, магадлан итгэмжлэгдсэн, Дэлхийн допингийн эсрэг агентлагт бүртгэлтэй лаборатори дэлхийд 32 бий. Манай улсыг тойроод Орос, Хятад, Казахстан, Солонгост байдаг. Бидний харьцаад байгаа БНСУ-ын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн допингийн хяналтын лаборатори бол тэр 32-ын нэг нь. Уг лаборатори үйл ажиллагаа явуулахдаа олон улсын лабораторийн стандартыг мөрдөж ажилладаг. Хэрэв тухайн лаборатори дүрэм журмаа зөрчсөн бол эрхээ хураалгах хүртэл арга хэмжээ авахуулна.
Үүнээс гадна лаборатори допингийн хяналтын дээжийг шинжлээд хариуг гурван хувь үйлддэг. Эхний хувийг захиалагч байгууллагад илгээнэ.

• Цол хурааж, шийтгэл оноох процесс одоо биш, бүх юм тодорхой болсны дараа явагдах ёстой. 

• Шинжилгээ өгөхдөө дээжийн саваа сонгох, дотор нь шээсээ юүлэх, битүүмжилж таглах, допингийн хяналтын хуудасны мэдээллийг тулгаж нягтлах бүх процессийг тамирчин өөрөө хийж гүйцэтгэдэг. 

• Энэ бүх замбараагүй байдлыг засах ганц арга нь хуульд өөрчлөлт оруулах.

Манай тохиолдолд МҮОХ-нд өгөх учиртай хоёр дахь хувийг тухайн спортын олон улсын холбоо руу явуулна. Манай үндэсний бөхөд олон улсын холбоо гэж байхгүй болохоор ихэвчлэн Дэлхийн бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо руу явуулдаг. Харин гурав дахь хувийг Дэлхийн допингийн эсрэг агентлаг руу илгээнэ. Өөрөөр хэлбэл, манайд ирж байгаа шинжилгээний хариу олон улсын хоёр байгууллагын хяналтад байна гэсэн үг. Тиймээс энэ хариуг манай талаас засварлах ямар ч боломжгүй.

Тамирчид шинжилгээ өгөх явцдаа бөглөдөг допингийн хяналтын хуудас дөрвөн хувь үйлдэгддэг. Нэг хувь нь шинжилгээ авсан байгууллагад, хоёр дахь хувь нь лаборатори руу явна. Гурав дахь хувь нь тухайн тамирчны харъяалагдаж байгаа холбоонд очно. Дөрөв дэх нь тамирчинд үлдэх ёстой. Тухайн дээжийн дугаар болон тамирчны гарын үсэгтэй хуудас нь лабораторид очдог. Харин лаборатори хариуг ирүүлэхдээ ийм дугаартай сорьцноос допинг илэрлээ гэж мэдэгддэг.

-Олон улсын лабораторийн үйл ажиллагаанд бид эргэлзэхгүй байна. Харин Э.Оюунболд аваргын ярьсанчлан тухайн дээжийг лабораторид очихоос нь өмнө солих боломж бий юу?

-Долдугаар сарын 12-ны орой төв цэнгэлдэх хүрээлэнд дээж авчихаад явуулах хүртлээ хоёр, гурван хоног хадгалж байгаа. Тэр хооронд дээжийг сольж явуулсан байж магадгүй гэх хардлага бий. Гэхдээ ийм боломж байхгүй.

Аваргын мэдэгдлээс үзвэл хэн нэг нь хорлох зорилгоор сольсон байна гэсэн. Шинжилгээ өгөхдөө дээжийн саваа сонгох, дотор нь шээсээ юүлэх, битүүмжилж таглах, допингийн хяналтын хуудасны мэдээллийг тулгаж нягтлах бүх процессийг тамирчин хүн өөрөө хийж гүйцэтгэдэг. Тухайн дээжийг юүлсэн сав таглагдаад битүүмжлэгдсэн бол лабораторид очиж байж тусгай машинаар онгойлгохоос өөр аргагүй. Мөн тухайн тамирчны сонгож аваад дээжээ юүлж лацадсан саван дээрх дугаар дахин давтагдашгүй буюу цорын ганц байдаг. Хэрэв хэн нэгэн дээжийг явуулахаас өмнө сольсон байлаа гэж бодоход яг тийм дугаартай саванд хийх боломжгүй. Хэрэв өөр саванд хийгээд явуулбал тухайн савны дугаараар л хариу ирэх ёстой.

Түүнчлэн допингийн хяналтын хуудасны нэг хувийг тэр савтай нь цуг лаборатори руу заавал дагалдуулан явуулдаг. Хэрэв хэн нэгэн сольсон бол тэр хуудсан дээр байгаа Э.Оюунболд аваргын гарын үсгийг хэрхэн яаж дуурайлгаж зурсан байх вэ гэдэг асуудал босож ирнэ. Хэрэв гарын үсгийг хуурамчаар үйлдсэн байна гэж сэжиглэж байвал лабораторид явуулсан дээжийн хяналтын хуудасны гарын үсэгтэй тулгаж харах ёстой.

-Ямар ч байсан хүмүүсийн дунд эргэлзээ үүсчихлээ. Энэ эргэлзээг тайлах хамгийн зөв арга нь юу вэ. Э.Оюунболд аваргын ДНК-ийн шинжилгээг Б сорьцын хариутай тулгаж үзэх асуудал яригдаж байсан. Энэ зөв гарц мөн үү?

-Эргэлзээ тайлах хамгийн зөв бөгөөд хямдхан арга нь түрүүн миний хэлсэнчлэн допингийн хяналтын хуудасны лабораторид байгаа хувийг Э.Оюунболд аваргад байгаа хувьтай тулгаж, шинжилгээний дугаар болон гарын үсгийг нягтлах. Хэрэв үнэхээр шинжилгээний дээжийг солиод явуулчихсан бол лаборатори хэзээ ч долдугаар сарын 12-ны орой Э.Оюунболдын өгсөн саван дээрх дугаараар хариу ирүүлэхгүй. Яагаад гэвэл сав болгоны дугаар дахин давтагддаггүй. Харин ДНК-ийн шинжилгээ бол мөнгө зарсан илүү ажил юм даа.

-Дэлхийн допингийн түүхэнд шинжилгээний дээж солигдсон тохиолдол байдаг уу?

-Би лав сонсоогүй юм байна. Бүх зүйл стандартын дагуу явж байгаа учраас солигдох ёсгүй л дээ. Ер нь допингийн хяналтын баг гэдэг хэн нэгнээс хамааралгүй, бие даасан үйл ажиллагаа явуулдаг юм.

-Гэхдээ манайд тийм биш байна гэж шүүмжилдэг шүү дээ?

-Харамсалтай нь тийм. Өнөөдөр Монголд спортын эмчээр ажиллаж байгаа хүмүүс допингийн хяналтын багт ороод байна. Энэ бол туйлын буруу. ирээдүйд зайлшгүй засах ёстой асуудал. Спортын эмч гэдэг анагаах ухааны сүүлийн үеийн эм, витамин хэрэглүүлж, тухайн тамирчныг амжилт гаргахад шинжлэх ухаан талаас тус дэм болох үүрэгтэй хүн. Гэтэл допингийн хяналтын баг тухайн тамирчин хуульд харш бодис хэрэглэсэн үү гэдгийг илрүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, эсрэг тэсрэг чиглэлтэй хүмүүс. Та нар бодоод үз дээ. Спортын эмч хүн тухайн тамирчныг амжилт гаргуулахын тулд янз бүрийн эм тариа хийчихээд дараа нь өөрөө шалгана гэдэг яаж ч бодсон буруу. Угаас допингийн эсрэг багийг хэрхэн бүрдүүлэх олон улсын дүрэм журам байдаг. Гэвч манайх мөрддөггүй.

-Допинг хэрэглэсэн бөхчүүдэд оноох шийтгэл үеийн үед маргаан дагуулсаар байдаг. Заримынх нь цолыг хураадаг бол зарим бөхийн барилдах эрхийг хасаад өнгөрөх жишээтэй. Үүнийг цэгцлэх ганц арга нь хуульд өөрчлөлт оруулах уу?

-Энэ асуултад хариулахаас өмнө дэлхий яадаг вэ гэдгийг ярих нь зүйтэй байх. Олимпын наадам болон бусад тэмцээн дээр асуудалд орсон хүнд автоматаар оноох шийтгэл гэж байдаг. Үүний дагуу тамирчны тухайн тэмцээнд үзүүлсэн амжилтыг хүчингүй болгож, статистикаас хасаж, медаль, шагналыг нь хураана. Үүнээс гадна цаг хугацааны шийтгэл онооно. Харин хугацааны хувьд тухайн кэйсээс шалтгаалаад янз бүр байж болно. Гэтэл манайх үндэсний их баяр наадмын тухай хуульдаа миний сая ярьсан хоёр шийтгэлийн дунд “эсвэл” гэдэг үг тавиад сонголттой болгоод орхичихсон. Допинг илэрсэн бөхийн цолыг хураана, эсвэл барилдах эрхийг хасна гэсэн салаа утгатай заалтаас болоод маргаан үүсээд байгаа юм. Уг нь энэ хоёр шийтгэл хамт байх ёстой. Цолыг нь хураагаад барилдах эрхийг тодорхой хугацаагаар хасна гэсэн үг.

Цол хураах шийтгэл онооё гэхэд бас түвэгтэй асуудал үүснэ. Улсын баяр наадмаар хүртсэн цолыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог. Төрийн тэргүүн долдугаар сарын 12-нд зарлиг гаргаад цол олгочихлоо. Гэтэл баяр наадмыг зохион байгуулах комисс Ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгож, цолыг нь хураах уу гэдэг асуудал үүснэ.

ДНК-ийн шинжилгээ хийнэ гэдэг мөнгө зарсан илүү ажил

Энэ бүх замбараагүй байдлыг засах ганц арга нь хуульд өөрчлөлт оруулах. үүний хүрээнд дэлхийн допингийн эсрэг дүрмэн дээр үндэслэсэн үндэсний допингийн эсрэг дүрэмтэй болох ёстой. Гэхдээ зөвхөн баяр наадамд зориулж биш, бусад спортын төрлийг хамарсан байх ёстой юм.

Энэ баяр наадмын өмнө бас л допингтой холбоотой хэрүүл гарлаа. Б.Пүрэвсайхан тэргүүтэй бөхчүүд шүүхийн шийдвэр гарсан болохоор барилдана гэцгээгээд, бусад бөхчүүд нь допингтой бөхийг барилдуулбал бид барилдахгүй гээд бөөн юм боллоо. Гэтэл одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль зөвхөн улсын баяр наадмын үеэр хүчинтэй. Бусад үед хэн, яаж зохицуулах нь тодорхойгүй.

Уг нь манай улс допингийн эсрэг тэмцэх Копенгагений тунхаглал болон ЮНЕСКО-гийн конвенцид нэгдэн орсон улс. Өөрөөр хэлбэл, манай төр засаг эх орондоо допингийн эсрэг үйл ажиллагааг дэмжих үүрэг хүлээсэн. Тиймээс одоо зөв дүрэм хэрэгжүүлэх ёстой. 

-Таны яриад байгаа хууль, дүрмийг хэн хариуцаж батлуулах ёстой юм бэ?

-Спортын салбар хариуцсан төрийн байгууллага буюу БСШУСЯ хариуцаж батлуулах ёстой. Допингийн эсрэг үндэсний төв бол Дэлхийн допингийн эсрэг агентлагийн Монгол дахь салбар нь. Жирийн нэг төрийн бус байгууллага болохоор баталсан дүрэм, журмыг нь улсын хэмжээнд мөрдүүлнэ гэдэг боломжгүй л дээ.

Ер нь олны дунд допингийн шинжилгээ хэрэгтэй эсэх, авах шаардлага байна уу гэх мэт яриа байдаг. Үүнийг шийдэхийн тулд үндэсний бөх маань спорт уу, зүгээр л нэг баяр цэнгэл үү гэдгийг тодорхойлох ёстой. Хэрэв спорт юм бол шударга байх ёстой, тамирчны эрүүл мэндийг хамгаалах ёстой гэдэг үүднээс допингийн шинжилгээ зайлшгүй байна. Үндэсний бөх бол зүгээр л үндэсний соёл, наадам цэнгэл гэх нь бас бий. Спорт биш гэж үзвэл бөхчүүдэд спортын гавьяат тамирчин цол өгч байгаа нь зөв үү гэдэг асуудал үүснэ. Энэ мэтээр яриад байвал их зүйл байна.

-Х.Баянмөнх аваргын холбоо Э.Оюунболд аваргад хариуцлага тооцох шаардлага гээчийг гаргасан байна лээ. Допинг хэрэглэсэн нь албан ёсоор тодорхой болоогүй байхад ийм мэдэгдэл хийх нь хэр зохимжтой бол?

-Монголд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар шинжилгээний хариуг албан ёсоор зарлах, хариуцлага тооцох эрх бүхий субьект нь баяр наадмыг зохион байгуулах комисс л доо. Монголын үндэсний бөхийн холбоо биш. Тиймээс ийм алхам хийсэн нь бас л хууль зөрчсөн үйлдэл. Хамгийн сүүлийн том жишээ гэвэл лондоны олимпын чөлөөт бөхийн тэмцээний 120 кг-д алт, мөнгөн медаль хүртсэн бөхчүүдээс допинг илэрч, медалиа хураалгалаа. Хүрэл медаль хүртсэн хоёр бөхөд алт, мөнгөн медаль ирж, долдугаар байр эзэлсэн манай тамирчин Ж.Чулуунбат тавд орсон. Цол хурааж, шийтгэл оноох энэ процесс одоо биш, бүх юм тодорхой болсны дараа явагдах ёстой юм. Албан ёсоор зарлаагүй байхад нэг холбоо нь шууд дайрч давшилна гэдэг яаж ч бодсон буруу л даа.

-Ярилцсанд баярлалаа.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Олимп хойшлох нь манай тамирчдад ашигтай

 0 сэтгэгдэл
  • Л.Ундралбат: Илүү сайн бэлдэх бололцоо гарлаа, ашгүй дээ гэсэн шүү юм бодоод сууж байна


Ирэх долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-нд Японы нийслэл Токиод болох байсан зуны олимпын наадам хойшиллоо. Мягмар гарагт ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бах Японы Ерөнхий сайд Ш.Абэтэй утсаар ярьсны дараа олимпыг хойшлуулах тохиролцоонд хүрсэн юм. Одоогоор олимп хэзээ зохиогдох нь тодорхойгүй ч 2021 оны зунаас хэтрүүлэхгүй байхаар тохиролцжээ. Бусад спорт холбоод, ивээн тэтгэгчидтэй тохиролцсоны үндсэн дээр ОУОХ-ны гүйцэтгэх зөвлөл эцсийн шийдийг гаргах юм. Олимпын наадам хойшлогдох нь манай тамирчдад хэрхэн нөлөөлөх бол. Энэ талаар Монголын ТОП спортын төлөөлөлтэй холбогдож, зарим зүйлийг тодрууллаа. Холбоодын төлөөллийн ихэнх нь олимпод бэлтгэх дахин хэдэн сарын хугацаа гарч ирж буй гэдэг утгаараа амжилтад эерэгээр нөлөөлнө гэж үзэж буйгаа илэрхийлсэн юм.

Б.Батбаяр (Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга)

-Бид наймдугаар сарын эхэн гэхэд тамирчдынхаа бэлтгэлийн оргил үеийг тааруулахаар бүх төлөвлөгөөгөө гаргасан. Харин одоо энэ бүх төлөвлөлт өөрчлөгдөнө гэсэн үг. Бас нэг хэцүү юм гэвэл олимпын эрхийн тэмцээнүүдийн тов тодорхойгүй байгаа нь бидэнд хүндрэл учруулж байна. Үүнээс гадна тамирчдын сэтгэл зүйд илүү их анхаарах шаардлагатай боллоо. Нөгөөтэйгүүр, залуу тамирчид илүү урт хугацаанд бэлдэж, туршлага сууна гэдэг утгаараа давуу талтай байж болно. Техник тактик, бие бялдрын хувьд засаж залруулах шаардлагуудаа шийдэх боломж гарч байна.

Л.Ундралбат (Буудлагын шигшээ багийн ахлах дасгалжуулагч)

-Хөнгөн атлетик гэх мэт зуны спортын тамирчдад энэ шийдвэр хүнд тусах байх. Буудлагын спорт бол өвөл, зуны аль ч цагт явагдаж байдаг онцлогтой болохоор бидэнд айхтар нөлөөлөхгүй. Харин илүү сайн бэлдэх бололцоо гарлаа, ашгүй дээ гэсэн шүү юм бодоод сууж байна. Энэ жил Европын хоёр, гурван тэмцээн байсан юм. Гэхдээ олимп Азид болох юм чинь Европын тэмцээнд оролгүй өнжье гэж шийдэж байлаа. Цагийн зөрүү гаргах, замдаа ядарна гээд хэцүү л дээ. Харин одоо олимп хойшилсон болохоор Европын тэмцээнүүдэд оролцоно гэж төлөвлөж байна. Энэ мэтээр бэлтгэл сургуулилалтын төлөвлөгөө өөрчлөгдөж байна. Ер нь бидний бэлтгэл сайн байгаа. Олимп хэдийд ч зохиогдсон оролцоход бэлэн.

Ц.Батнасан (Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга)

-Олимп хойшлохыг хэн хүсэх вэ дээ. Үүнээс болоод зөндөө асуудал үүсэж байна. Энэ олимпын дараа боксоо орхино гэсэн хүн байна, мэргэжилд гарахаар төлөвлөсөн нь ч бий. Холбооны зүгээс олимпын дараа нөөц багаа шинэчлэх, ирэх дөрвөн жилийнхээ циклийг эхлүүлэх гээд олон ажил байсан ч энэ бүхэн хойшлохоос аргагүй боллоо. Гэхдээ яах вэ, дэлхий нийтээрээ ийм байгаа болохоор дагахаас өөр аргагүй. Ер нь яг хэзээ зохиогдох тов гарсны дараа хийгдэх ажлууд илүү тодорхой болох байх. Нарийн тов тодорчихвол шийдэх зүйл их байна. Мэдээж залуу тамирчид туршлага сууж сайжрах давуу талтай. Гэхдээ нас нь ахиж буй ахмад тамирчдад муугаар нөлөөлнө.

П.Ууганбаатар (Монголын жүдогийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга)

-Бидний хувьд тэмцээнээс тэмцээний хооронд явсаар байгаад үндсэн бэлтгэлээ хийх зав гардаггүй байлаа. Харин одоо тогтвор суурьшилтай, багш дасгалжуулагчдын төлөвлөгөөний дагуу нэлээд чамбай бэлдэх боломж гарч ирж байна. Залуу тамирчдад ч бас бэлтгэлээ сайжруулж, туршлага суух боломж олдоно. Одоохондоо яг хэзээ зохиогдох нь тодорхойгүй учраас нарийн төлөвлөгөө гаргахад амаргүй байна. Хугацаа тодорхой болчихвол нухацтай ярилцаж байгаад бэлтгэл сургуулилалт, оролцох тэмцээнийхээ төлөвлөгөөг гаргана.

С.Тулга (3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч) 

-Олимп хойшлох нь бидэнд айхтар нөлөөлөхгүй байх. Уг нь манай эмэгтэй баг чимээгүй “битүү морь” орж ирээд сенсаац тарих боломжтой байсан. Дараа жил болж хойшилбол улам л судлагдах байх. Гэхдээ манай багт эерэгээр нөлөөлнө гэж хэлнэ. Яагаад гэвэл, манай эрэгтэй, эмэгтэй шигшээ аль аль нь залуухан баг. Нэг жил хойшилбол тэр хэрээр юм сурч, туршлага сууна гэсэн үг. Харин нас нь хөгширч байгаа зарим улсын хувьд хойшлох тусам ашиггүй. Уг нь манайхны бэлтгэл тулчихсан, улам гоё болж байсан. Ивээн тэтгэгчийн асуудлаа шийдчихсэн, олимпын багийнхан менежмент болон маркетингаа маш сайн хийсэн. Харин одоо бүх юм шинээр эхлэх болж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ макүүчид дахин барилдана

 0 сэтгэгдэл
  • Тэрүнофүжи хаврын башёг арван даваатай дуусгаснаар Макүүчид дэвших болзлоо хангав 
  • Түүний хувьд 2019 оны гуравдугаар сараас хойш жонидан, макүүшита, жюүрёод тус бүр хоёр башё барилдан ирэх тавдугаар сарын тэмцээнээс дээд зиндаанд зодоглохоор боллоо

Цагтаа мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд түрүүлж, дээрээсээ хоёр дахь том цол болох озэки болж явсан Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хоёр жилийн дараа дахин макүүчид дэвшихээр боллоо. Өдгөө 28 настай тэрбээр 2018 оны зургадугаар сард хоёр өвдгөндөө мэс засал хийлгэсэн. Улмаар одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2019 оны гуравдугаар сарын башёд жонидан зиндаанд барилдсанаар өөрийн карьераа дахин цоо шинээр эхлүүлсэн билээ. Тэрбээр 2019 оны гуравдугаар сарын 10-нд жониданд анхны даваагаа авсны дараа сэтгүүлчдэд “Дохён дээр гаралгүй удсан болохоор бага зэрэг эвгүй байлаа. Нэг л сонин мэдрэмж төрж байв. Үзэгчдийн дэмжин хашхирч байгааг сонсоод баярласан. Илүү сайн барилдаж, хурдан дээшээ ахихын төлөө хичээнэ” хэмээн ярьж байв. Тэгвэл дахин барилдаж эхэлснээсээ хойш яг нэг жилийн дараа макүүчид дэвших болзлоо хангаж байгаа нь энэ. Тэрүнофүжи доороос дээшээс мацахдаа макүүшитад нэг ч уналгүй түрүүлж, улмаар 2020 оны нэгдүгээр сарын башёд жюүрёод дэвшин барилдахдаа дахин түрүүлсэн. Ингээд хаврын тэмцээнд жюүрёогийн тавдугаарт эрэмбэлэгдэхдээ 10 даваатай башёг өндөрлүүлэв. Озэки цолтой, дээд зиндаанд түрүүлж байсан бөх жонидан руу уруудсан түүх сүмод байхгүй. Харин манай бөх жониданаас буцаад дээд зиндаа руу дэвших зорилгоо нэг жилийн дотор ийнхүү биелүүлэв. Түүний хувьд 2019 оны гуравдугаар сараас хойш жонидан, макүүшита, жюүрёод тус бүр хоёр башё барилдан ирэх тавдугаар сарын тэмцээнээс дээд зиндаанд зодоглохоор боллоо. Макүүчигийн хэдэд эрэмбэлэгдэх нь дөрөвдүгээр сард гарах банцүкэгээс тодорхой болно. Тэрбээр хамгийн сүүлд 2018 оны гуравдугаар сарын башёд жюүрёогийн тавдугаарт эрэмбэлэгдэн барилдахдаа зургаан даваа, есөн унаатай тэмцээнээ дуусгаж байлаа. “Исэгахама” дэвжээнд харьяалалтай манай бөх 2011 онд мэргэжлийн сүмод анхны барилдаанаа хийж, 2014 оны гуравдугаар сард анх удаа дээд зиндаанд дэвшсэн юм. Тэрүнофүжи Мэргэжлийн сүмод нийт 271 ялалт байгуулж, 196 ялагдан, 44 барилдаан өнжжээ. Есөн жилийн хугацаанд макүүчи, жюүрёо, макүүшитад тус бүр нэг түрүүлж, гарамгай барилдааны шаг налыг нэг, дайчин барилдааны шаг налыг гурван удаа хүртээд байгаа юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Олимпыг хойшлуулахаас аргагүйд хүрэх нь

 0 сэтгэгдэл
  • Одоо ОУОХ-ны хувьд гэнэтийн гайхамшиг тохиож, коронавирусийн тархалт огцом багасна гэж найдах л үлдэж байна. Гэхдээ ийм магадлал маш бага гэдэг нь ойлгомжтой
  • Канадын ҮОХ хэрэв олимпын наадмыг хойшлуулалгүй, хугацаанд нь зохиовол тамирчдаа илгээхгүй гэдгээ мэдэгдэв. Түүнчлэн АНУ, Австрали улс мөн адил тамирчдаа оролцуулахгүй гэдгээ албан ёсоор зарлалаа

Коронавирусийн цар тахал нэмэгдэхийн хэрээр олимпын наадам цуцлагдах уу, хойшлох уу гэсэн асуулт олны анхаарлыг татаж байна. Тэгвэл Олон улсын олимпын хороо (ОУОХ)-ны Гүйцэтгэх зөвлөл ням гарагт яг энэ асуудлаар хуралдлаа. Улмаар ойрын дөрвөн долоо хоногт баг тааж эцсийн шийдвэрийг гаргана хэмээн мэдэгдэв. “Дэлхий нийтээр улам дордож буй нөхцөл байдлыг харгалзан Гүйцэтгэх зөвлөл төлөвлөлтийн дараагийн алхмыг эхлүүллээ. Эдгээр хувилбар нь олимпын наадмын үйл ажиллагаа болон наадмын эхлэх өдрийг өөрчлөхтэй холбоотой” хэмээн тус байгууллагын мэдэгдэлд дурджээ. “Наадмыг цуцлах хувилбар хэлэлцсэн асуудлын жагсаалтад байхгүй. Харин олимп эхлэх хугацааг хэдэн сар, магадгүй бүтэн жилээр хойшлуулах хувилбарыг хэлэлцсэн” хэмээн эх сурвалж өгүүлэв. Энэ талаар Их Британийн Үндэсний олимпын хорооны ерөнхийлөгч Хью Робертсон “Гүйцэтгэх зөвлөл олимпын наадмыг хойшлуулахтай холбоотой асуудлыг хэлэлцэж буйд талархаж байна. Өнөөгийн нөхцөлд олимп зохион байгуулах нь зохимжгүй” хэмээн BBC-д өгсөн ярилцлагадаа өгүүлжээ. ОУОХ-ны удирдлагууд саяхныг хүртэл олимпын наадмыг цуцлах юм уу хойшлуулахгүй, товлосон хугацаанд нь зохион байгуулахын төлөө шаардлагатай бүхнийг хийх болно хэмээн мэдэгдэж байв. Гэвч вирусийн тархалт хүрээгээ тэлэхийн хэрээр олимп хугацаандаа зохиогдоно гэх найдвар улам бүр багассаар байна. Тиймдээ ч олимпыг хойшлуулах хувилбарыг хүссэн хүсэээгүй авч хэлэлцэхээр болсон бололтой. Хэрэв олимпын наадам цуцлагдвал Япон улс 11.3 тэрбум фунт стерлингийн алдагдал хүлээнэ гэх тооцоо бий. Үүнийг хэн ч хүсэхгүй нь тодорхой. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан улс орнууд ОУОХ-нд шахалт үзүүлж эхэллээ. Тухайлбал, Канадын ҮОХ хэрэв олимпын наадмыг хойшлуулалгүй, хугацаанд нь зохиовол тамирчдаа илгээхгүй гэдгээ мэдэгдэв. Түүнчлэн АНУ, Австрали улс мөн адил тамирчдаа оролцуулахгүй гэдгээ албан ёсоор зарлалаа. Мөн Бразил, Норвег, Словен, Колумб, Хорват улс олимпын наадмыг хойшлуулах хүсэлт тавьжээ. ОУОХ-ны хувьд Японы Засгийн газар, ДЭМБ-тай нягт хамтран ажиллаж, цаг үеийн нөхцөл байдалд тохируулан шийдвэр гаргана гэдгээ мэдэгдээд буй. Гэхдээ үүсээд буй нөхцөл байдлыг харгалзан үзвэл олимпыг хойшлуулах шийдэлд хүрэхээс өөр аргагүй болж байх шиг. Нөхцөл байдлыг маш сайн хянана гэж зориглоод хугацаанд нь зохиолоо ч гэсэн АНУ, Австрали, Канад тэргүүтэй спортын том гүрнүүд оролцохгүй гэдгээ мэдэгдчихлээ. Ийм шийдвэр гаргах улс цаашид ч нэмэгдэх нь тодорхой. Хэрэв хүчирхэг гүрнүүд оролцохгүй бол олимпын наадам давсгүй хоол мэт болно. Одоо ОУОХ-ны хувьд гэнэтийн гайхамшиг тохиож, коронавирусийн тархалт огцом багасна гэж найдах л үлдэж байна. Гэхдээ ийм магадлал маш бага гэдэг нь ойлгомжтой.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Б.Чинзориг хоёр дахь олимпдоо оролцоно

 0 сэтгэгдэл
  • Б.Чинзориг нэмэгдсэнээр монголчууд одоогоор олимпын 10 эрхтэй болоод байна
  • 75 кг-ын жинд О.Бямба-Эрдэнэ өнөөдөр Ирантай тулалдана. Ялбал "Токио 2020"-ыг зорих тийзээ захиалах юм

Йорданы Амман хотод Ази, Номхон далайн орнуудын боксын олимпын эрхийн тэмцээн үргэлжилж байна. Тус тэмцээнд манай улсаас 13 тамирчин оролцож, одоогоор ганц эрх авав. Монголчуудын найдвар тавьж байсан Э.Цэндбаатар 57 кг-д тулалдахдаа хоёрдугаар тойргоос үзэгчдийн суудалд шилжсэн. Тэгвэл 63 кг-ын жинд Армийн дэлхийн аварга, “Алдар” спорт хорооны тамирчин Б.Чинзориг Энэтхэгийн боксчин Каушик Манишийг 3:2-оор буулган авснаар олимпын эрх халааслалаа. Ийнхүү ОУХМ Б.Чинзориг Монголын ширэн бээлийтнүүдээс “Токио-2020”олимпын эрх авсан анхны тамирчин болов. Түүний хувьд 2014 онд Армийн дэлхийн аварга болж, 2018 оны Азийн наадмаас мөнгөн медаль хүртэж, 2016 оны Риогийн олимпод эх орноо төлөөлөн оролцож байлаа. Б.Чинзориг анх 2005 онд 14 настайдаа “Алдар” спорт хороонд ирж, А.Гантулга багшийн шавь болж байв. Гэхдээ тэр боксоос өмнө сагсан бөмбөгийн спортод илүү сонирхолтой байсан бөгөөд сагсны секцэнд орох зорилгоор “Алдар” дээр иржээ. Энэ үед түүний найз спортын мастер Б.Гансүх боксын бэлтгэл хийж байхтай таарсан нь боксчин болоход нөлөөлсөн гэдэг. Уг спортоор хичээллээд ердөө дөрөвхөн сарын дараа гавьяат тамирчин Т.Үйтүмэнгийн нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртэж, улмаар “Олимпын гараа”-д түрүүлснээр боксын хүрээнийхэнд танил болж, мэргэжилтнүүдийн хараанд өртсөн түүхтэй. Түүнээс гадна 75 кг-ын жинд О.Бямба-Эрдэнэ Индонезийн тамирчныг 5:0-ээр ялсан бөгөөд өнөөдөр Ирантай тулалдана. Ялбал “Токио 2020”-ыг зорих тийзээ захиалах юм. Амманд болж буй тэмцээнээс өчигдрийн байдлаар Энэтхэг, Казахстан найм, БНХАУ, Узбекистан зургаа, Йордан тав, Австрали, Тайвань дөрөв, Тайланд гурав, Япон, БНСУ хоёр, Монгол, Шинэ Зеланд, Филиппин, Вьетнам улс тус бүр нэг эрх авчээ. Б.Чинзориг нэмэгдсэнээр монголчууд одоогоор олимпын 10 эрхтэй болоод байна. Манайт тамирчид хөнгөн атлетик, байт харваа, бокс, сагсан бөмбөгөөр тус бүр нэг, чөлөөт бөхөөр хоёр, буудлагаар дөрвөн эрх аваад байгаа юм.