A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4559/

Шинэ вирусийн дараах шинэ ертөнц

Шинэ вирусийн дараах шинэ ертөнц
 1 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4559/
  • Цар тахалтай тэмцэх шийдлүүд хүн төрөлхтний ойрын ирээдүйг тодорхойлно 
  • Хоёрхон сарын дотор өмнө нь чухал гэж үзэж байсан зүйлс үнэгүйдэж, хэрэглээний нийгэм аюулгүй байдлын нийгэм болон хувирав

SARS-CoV-19 хэмээх вирус сая сая хүний амьдралын хэв маягийг өөрчилж байна. Хоёрхон сарын дотор өмнө нь чухал гэж үзэж байсан зүйлс үнэгүйдэж, хэрэглээний нийгэм аюулгүй байдлын нийгэм болон хувирав. Аялал жуулчлал, урлаг, спортын арга хэмжээ цуцлагдаж, хүмүүс эх орныхоо хилийн дотор гэртээ хоригдож байна. Хүн бүрд амаргүй байгаа ч коронавирус өнгөрсний дараа хүмүүсийг тэс өөр ертөнц угтах болно гэж мэргэжилтнүүд нэгэн дуугаар нотолж буй. АНУ-ын Ерөнхийлөгч твиттертээ “Эрт орой ямар ч гэсэн бид ялна” гэж бичжээ. Түүний үг итгэл муутай сонсогдоно. Буруутан нь шинэ коронавирус. Энэхүү дайсантай тулалдахад нэн хүнд, туйлын хэцүү боловч хүн төрөлхтөн карантинаас гарсны дараах зураглалыг зарим хүмүүс дүрсэлж эхлэв. Амьдралын шинэ нөхцөл онлайн ажил ба боловсролыг тэргүүн эгнээнд тавилаа. Одоогоос үр ашигтай ажиллахын тулд заавал оффист ирж, замд цагаа зарцуулах шаардлагагүй гэдгийг ойлгож эхлэв. Гэхдээ зайнаас зарим зорилтыг хэрэгжүүлэх боломжгүй нь мэдээж.

Теле анагаах ухаан хөгжинө

Эмчид очиж үзүүлэх аюултай болсон тул теле анагаах ухаан түргэн нэвтэрч, эмийг гэрт хүргэдэг үйлчилгээ дэлгэрэв. Үүний сацуу Засгийн газрууд хийгээд шинжлэх ухааны нэр хүнд жирийн үеийнхээс өсөж байна. Эрүүл мэндийн яамны мэдээ болон зөвлөгөө хамгийн их үздэг нэвтрүүлэг болжээ.

 Цар тахал цахим ардчилалд хөтөлнө 

Массачусетсын их сургуулийн технологийн их сургуулийн профессор Итан Цукерман ардчилсан орнуудад хууль тогтоогчид онлайн форматад шилжиж болзошгүй гэжээ. Эхлээд цар тахлаас шалтгаалж, цаашдаа илүү үр ашигтайг бодолцох аж. Ингэснээр улстөрчид тойрогтоо цагаа зарцуулж, орон нутгийнхаа асуудлыг сайн ойлгодог болж магадгүй. Цар тахал цахим ардчилал руу хөтөлж, гар утаснаасаа найдвартай, хямд, ил тод саналаа өгөх боломж нээгдэнэ. Америкийн зарим муж улсад цахим ба цаасан санал авалтыг туршлаа. Гэвч Айовад Ардчилсан намын анхан шатны сонгууль будилаан дагуулсан нь эргэлзээ төрүүлсэн.

Гадуур хооллохоо багасгана

Йелийн их сургуулийн профессор Пол Фридман хүмүүс гэр бүлдээ илүү цаг гаргаж, гадуур хооллохоо багасгаж байгааг тэмдэглэв. Сүүлийн хэдэн жилд америкчууд гадуур хооллоход гэртээ хүнс авдгаас илүү мөнгө зарцуулж байсан. Гэтэл одоо зоогийн газрууд хаагдсан тул дахиад хоол хийж сурах хэрэгтэй болов. Хэрэв энэ дадал хэвшвэл хүмүүс буцаад нийтийн хоолны газрууд руу гүйхээ больж, уламжлалт гэр бүлийн зоог, дайллага сэргэж магадгүй юм. Хүнсний хүргэлт ихэд дэлгэрч буй учир зоогийн газрууд дахиад ажиллалаа ч орлогынхоо хэсгийг алдах нь дамжиггүй.



Нууцлал, эрүүл мэндийн аль нэгийг сонго

“Sapiens: Хүн төрөлхтний товч түүх” бестселлерийн зохиогч, Израйлын эрдэмтэн Юваль Харири тахалтай тэмцэх шийдлүүд хүн төрөлхтний ойрын ирээдүйг тодорхойлно гэж үзэж байна. Тэрээр вирусийн хямрал өнөө үеийнхний хамгийн том сорилт болно хэмээв. Түүний бодлоор хүн төрөлхтөн хоёр үндсэн сонголт бий. Нэгдүгээрт, нийтийг хамарсан хяналт буюу эрх чөлөө. Хоёрт, үндэстнээр тусгаарлах буюу дэлхийтэй үзэл санаагаа нэгтгэх явдал. Харирийн хэлснээр коронавирус хэд хэдэн улсыг туршилтын туулай болгожээ. Бараг бүх Засгийн газар тахлыг хазаарлах үүднээс иргэдэд тодорхой шаардлагууд тавилаа. Гэхдээ үүнийг хэрэгжүүлэх арга нь янз бүр. Орчин үеийн технологи хүний бараг арьсанд нэвтэрч, өдөр шөнөгүй хянах боломж олгодог. Хятадад гар утасны аппликейшнээр тухайн хүн халдвар тээгчтэй уулзсан эсэхийг хянав. Нүүр таних технологи хүний халууныг хэмжиж байсан авч бүгд маск зүүгээд ирэхээр тасалдсан. Засгийн газрууд бидний интернэт хайлтын түүх төдийгүй биеийн температур, даралтыг мэдэхийг эрмэлзэх боллоо. Ийм хандлага газар авбал аюул авчирна гэдгийг ноён Харири анхааруулжээ. Тухайлбал, био мэдээллийн бугуйвч тахлыг зогсооход туслах авч шинэ аюул агуулж байгаа. Үүгээр дамжуулан төр эсвэл компаниуд хүний улс төрийн санаа бодол, зар сурталчилгааны хариу үйлдэл зэргийг мэдэж ашиглаж болзошгүй. Харири “Нууцлал, эрүүл мэндийн аль нэгийг сонго гэдэг хуурмаг зүйл, нийгэмд хоёулаа байх ёстой. Өмнөд Солонгос, Тайвань, Сингапурт үүнийг баталсан. Мэдээлэл сайтай хүмүүс сайн дураар хамтран ажиллаж, бүх нийтийг тестэд хамруулсан” хэмээв. 

Дэлхийн эрх мэдлийн төв өрнөдөөс дорно руу шилжинэ

Өөр нэг сорилт бол дэлхий ертөнц нэгдэх үү, тус бүрдээ тэмцэх үү гэдэг асуудал. Даяарчлалд саад учирч, Засгийн газрууд бие даан ажиллаж. АНУ өөрийгөө тусгаарлах, үндэсний эрх ашгаа дээгүүр тавих болсноос дэлхий тэргүүлэгчгүй, эмх цэгцгүй болсон гэнэ. Ноён Харири нэгдэх ёстой гэж байгаа ч түүнийг үзлийг эсэргүүцэгчид цөөнгүй. Foreign Policy сэтгүүлд улс төр судлаач Стивен Уолт коронавирус улсуудын бие даасан байдал, үндсэрхэг үзлийг бэхжүүлж буйг онцолжээ. Тухайлбал, Засгийн газрууд тахлын үед олж авсан онц байдлын үеийн эрх хэмжээнээс татгалзахыг хүсэхгүй гэж үзэж байна. Мөн вирусийн улмаас дэлхийн эрх мэдлийн төв өрнөдөөс дорно руу шилжих хөдөлгөөнийг түргэтгэнэ. Өмнөд Солонгос, Сингапур, Хятад улсууд коронавирусээс иргэдээ хамгаалах хамгийн үр ашигтай арга хэмжээ авч чадсан. Европ, Америкийн хариу үйлдэл удаан, системгүй байгаа нь өрнөдийн нийгмийн загварт итгэх итгэлийг сулруулав. Иймээс COVID-9 илүү хаалттай, эрх чөлөө багатай нийгэм бий болно гэж ноён Уолт бичжээ. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мэндчилгээ дэвшүүлэв

 0 сэтгэгдэл

Бидний хувьд ихээхэн хэцүү цаг үед энэ жилийн Дэлхийн эрүүл мэндийн өдөр тохиож байна. Миний бие өнөөдрийн илгээлтээ өдөр, шөнийг ялгалгүй бидний эрүүл мэндийн төлөө зогсож байдаг сувилагч, эх баригч, техникийн ажилтан, түргэний эмч, эмийн санч, эмчлэгч эмч, жолооч, үйлчлэгч, захиргааны ажилтан зэрэг эрүүлийг хамгаалахын нийт ажилтнуудад зориулав. Өнөөдөр энэхүү цар тахлын хор хөнөөлтэй цагийн зүүтэй уралдан, өөрсдийн биеийг эрсдэлд оруулан тэмцэж буй Та бүхэндээ бид талархаад баршгүй. 2020 он бол Олон улсын сувилагч ба эх баригчдын жил бөгөөд үүнийг тохиолдуулан миний бие тэдний тусгай мэдлэг чадвар болон хичээл зүтгэлийг алдаршуулахыг хүсч байна. Сувилагч болон эх баригч нарын асаргаа, мэргэжлийн чадварт талархах шалтгаан хүн бүрт бий. Надад бас бий. Эрүүлийг хамгаалах үйлсийн томоохон хэсгийг сувилагч нар нуруун дээрээ үүрдэг. Гэмтэх, халдвар авах болон сэтгэл зүйн дарамтад орох зэрэг эрсдлийн хажуугаар тэд хүнд хүчир ажлаа олон цагийн турш хийж гүйцэтгэдэг. Хүмүүний амьдралын эцсийн мөчид сувилагчид тэдэнтэй хамт байх тохиолдол түгээмэл. Тэгвэл эх баригчид хүмүүний амьдралын эхлэл бүрт тэдэнтэй хамт байдаг. Цар тахлын энэ үед ч гэсэн бидний алаг үрсийг энэ дэлхийд аюулгүй угтан авах үүргээ тэд цалгардуулалгүй гүйцэтгэж байна. Дэлхий дахины бүх сувилагч болон эх баригч нарт баярлалаа гэж хэлье. Энэ хэцүү цаг үед бид Та бүхэнтэйгээ хамт байж, Та бүхэндээ найдаж байгаа гэдгээ эрүүлийг хамгаалахын нийт ажилтнуудад мөн хэлэхийг хүсч байна. Бид Та бүхнээрээ бахархаж, Та бүхнээсээ үлгэр дууриалал авдаг. Та бүхнийхээ өмнө бид төлж баршгүй өртэй. Байршил үл хамаарч, өдөр бүр Та бүхний хийж буй өөрчлөлтөд дахин талархал илэрхийлье.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Москва хот COVID-19-ийн үед хянах хяналтын системээ бэлджээ

 0 сэтгэгдэл

ОХУ-ын нийслэлийн коронавирусийн цар тахлын үед өөрийгөө тусгаарлах журмын зөрчиж буй иргэдийг хянах “ухаалаг” систем ажиллуулахад бэлэн болсон хэмээн Москва хотын мэдээллийн технологийн хэлтэс мэдэгдэв. Москвагийн эрх баригчдын боловсруулсан мониторинг системд гадаа, орон сууцны орц, нийтийн барилга байгууламж, хүн олноор цуглардаг газарт суурилуулсан 175 мянга гаруй видео ажиглалтын камер, царай таних автоматжуулсан систем болон бусад техник шийдэл багтдаг. Уг системд мөн автозам, Москвагийн төмөр замын тойрог шугам, өртөө, цэг зэрэг тээврийн дэд бүтэц, цэцэрлэгт хүрээлэн, музей, үзэсгэлэн, цэнгэлдэх хүрээлэн зэрэг объектуудад суурилуулсан видео камеруудыг холбожээ. Одоогийн байдлаар хяналтын систем ашиглах нөхцөл бүрдээгүй байна. Нийслэл хотод цар тахлын тархалт ихсэж нөхцөл байдал муудах, гэрийн хорионы дэглэмийг зөрчигсөд олширвол хяналтын системийг ашиглаж эхэлнэ гэж анхааруулав. “Москва хотын засгийн газраас холбогдох хууль эрхийн баримт бичигт гарын үсэг зурж баталгаажуулсны дараа хяналтын системийг ажиллуулж болно” хэмээн тайлбарласан юм. Хууль эрхийн зохицуулалт батлагдах нөхцөлд нийслэлийн иргэд mos.ru портал сайтад хандаж хотоор зорчих хөдөлгөөнөө бүртгүүлэх тусгай код авах ёстой. Портал сайтаас код авах боломжгүй иргэд телефон утсаар холбогдон авч болно. Иргэн явган, нийтийн тээврээр, хувийн автомашинаар хот дотор зорчих шаардлагатай тохиолдолд нийслэлийн зохих албанд урьдчилан мэдэгдэж, кодоо биедээ авч явах юм. “Харин гэрийнхээ ойр орчинд тэжээвэр амьтан салхилуулах, зориулалтын газарт хог гаргах тохиолдолд мэдээлэх, кодоо авч явах шаардлагагүй” аж. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Зайнаас ажиллахад зориулсан техник хэрэгслийн эрэлт ихэслээ

 0 сэтгэгдэл
  • Зайнаас ажиллахад зориулсан техник болон программ хангамжийн бүтээгдэхүүн, үйлчилгээний гэнэтийн их эрэлт хэрэгцээ доод тал нь гурван сар үргэлжилнэ

Зайнаас ажиллахад зориулсан техник хэрэгсэл, программ хангамж, холбогдох үйлчилгээний эрэлт хэрэгцээ энэ хоёрдугаар улиралд эрс ихсэнэ хэмээн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч нар тооцоолжээ. Дэд бүтцийн энэхүү өөрчлөлт хэтийн урт хугацааны нөлөөтэй хэмээн зах зээлд голлох байр суурьтай компаниуд үзэж байна. АНУ-ын The Channel Company-ийн мэдээллийн технологийн компаниудын дунд явуулсан судалгааны тухай CRN вэб мэдээллээ. Коронавирусийн цар тахлын улмаас гэрээсээ ажиллах зориулалттай бүтээгдэхүүн, үйлчилгээ хүсэж буй үйлчлүүлэгч эрс ихэссэн хэмээн судалгаанд хамрагдсан зайнаас ажиллах үйлчилгээ эрхлэгчдийн 71 хувь, систем интеграторуудын 49 хувь нь хариулжээ. Бүтээгдэхүүн, үйлчилгээний төрлөөсөө хамаараад эрэлт 1.5-4 дахин өсөөд буй юм. Судалгааг гуравдугаар сарын 20-25-нд АНУ-ын 320 шийдэл нийлүүлэгч (solution provider) компанийн дунд явуулсан юм. АНУ-ын компаниуд ажилтнуудаа гэнэт олноор нь зайнаас ажиллуулахад бэлэн бус байна хэмээн судалгаанд хамрагдсан тоног төхөөрөмж, үйлчилгээ нийлүүлэгчид үнэлжээ. Судалгаанд хамрагдсан компаниудын 52 хувь нь мэдээллийн технологийн дэд бүтцийн зардлаа өсгөнө хэмээн хариуллаа. Ийм дэд бүтцэд компьютер, ноутбүүк, сервер, холбооны тоног төхөөрөмж, өгөгдөл хадгалах систем багтаж байна. Бүтээгдэхүүнийх нь эрэлт эрс нэмэгдсэнийг HP Inc, Dell, Lenovo зэрэг компани баталж байгаа юм. Нэр дурдсан энэ гурван компаниас зөвхөн Dell-ийн ноутбүүкний хомсдол үүсээгүй нь БНХАУ-ын хөл хорио үйлдвэрлэлд нь бага нөлөөлснөөс шалтгаалжээ. БНХАУ дахь Lenovo-гийн үйлдвэрлэл гуравдугаар сард графикаас түрүүлж сэргэснийг тус компанийн төлөөлөгч мэдэгдсэн. Хамгийн эрэлтэй бүтээгдэхүүнд ноутбүүк зэрэг мобайл цахим төхөөрөмж, хоёрдугаарт сервер болон серверийн бүрдэл эд анги, гуравдугаарт өгөгдөл хадгалах систем, болон өгөгдлийн аюулгүйн систем, холбооны тоног төхөөрөмж орж байна. Зайнаас ажиллахад зориулсан техник болон программ хангамжийн бүтээгдэхүүн, үйлчилгээний гэнэтийн их эрэлт хэрэгцээ доод тал нь гурван сар үргэлжлэх аж. Судалгаанд хамрагсдын 25 хувь нь одоогийн эрэлт хэрэгцээ хэтийн урт хугацааны чиг хандлагыг тодорхойлж буй хэрэг хэмээн үзлээ. Өнөөгийн хямралт нөхцөл нь олон байгууллагад саяхан болтол удаан явцтай өрнөж байсан бүтцийн өөрчлөлтийг эрс хурдасгаж, улмаар зах зээлийн хэтийн чиг хандлагад нөлөөлнө хэмээн HP Inс-ийн ерөнхий захирал үзэж байна. Санал асуулгад оролцсон компаниудын 35 хувь нь ажиллах хүчээ цомхотгоно, 50 хувь нь шинээр ажилтан хөлслөхөө зогсооно хэмээн хариулжээ. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Амьтны хүрээлэнгийн бараас коронавирус илэрчээ

 0 сэтгэгдэл

Нью-Йорк хот дахь Бронксын амьтны хүрээлэнд байдаг баранд шинжилгээ хийж үзэхэд шинэ коронавирусийн сорьц эерэг гарчээ. Албаныхны ярьснаар энэ нь АНУ-д анх удаа уг вирус амьтнаас, тэр тусмаа бараас илэрч буй тохиолдол юм. Таня хэмээх дөрвөн настай малай бар болон бусад бар, арслангууд зоопаркийн өвчтэй ажилтнаас халдвар авсан байх гэж таамаглаж байна. Анхны амьтнаас гуравдугаар сарын 27-нд шинж тэмдэг илэрсэн ба одоо бүх амьтдын бие сайн, удахгүй эдгэрэх төлөвтэй байгааг албаныхан ярив. Амьтны хүрээлэнг гуравдугаар сарын 16-наас хаасан юм. Захирал Жим Брехени “Шинжилгээний дүнг хараад итгэхгүй байсан. Гэхдээ амьтдад хэрхэн халдсан, ямар хариу үйлдэл үзүүлсэн зэргийг ажиглах нь вирусийн судалгаанд нэмэр болох байх” хэмээн өгүүлэв. Энэ явдал коронавирус амьтдад хэрхэн халдварладаг талаар асуудал босголоо. Надягийн оношийг лабораторидаа баталсан АНУ-ын ХААЯ тус улсад мал, амьтанд вирус халдсан тохиолдол байгаагүй хэмээн мэдэгдэв. “Гэхдээ амьтнаас хүнд халдварладаг буюу амьтад АНУ дахь халдварын эх сурвалж гэж үзэх нотолгоо байхгүй” гэж тус яамны ажилтан Жэйн Руни мэдээллээ.