A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4069/

Шинэ вирусийн хөлд боловсрол үрэгдэхгүй

Шинэ вирусийн хөлд боловсрол үрэгдэхгүй

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4069/
  • Оюутан, сурагчид цахим сургалтаа хэрхэн авах талаар нэгдсэн мэдээлэл хүргэж байна
  • Багш гэрийн даалгавар өгөөд системээр явуулаагүй оюутныг хичээлд суугаагүй гэж тооцох аж. Их дээд сургуулийн үйл ажиллагаа хэвийн яваад эхлэхээр  даалгавраа хийсэн байдлыг нь шалгах долоо хоног гэж гаргана

Шинэ төрлийн коронавирусийн халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор цэцэрлэг, сургууль, МСҮТ болон их, дээд сургуулийн сургалтыг өмчийн хэлбэр үл харгалзан ирэх гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл зогсоох Улсын Онцгой комиссын шийдвэр гарсан. Тэгвэл их, дээд болон улсын, хувийн хэвшлийн сургуулиуд энэ хугацаанд хичээлээ хэрхэн цахимаар заах талаар тодрууллаа. 

ХААИС-ийн багш нар зайн сургалтыг удирдан явуулна

ХААИС нь IV улирлын эхний гурван долоо хоногийн хичээлийг зайн хэлбэрээр явуулах аж. Мөн нэмэлт буюу гуравдугаар улиралд батлагдсан хуваарийн дагуу орж байгаа хичээлүүдийг зайн сургалтаар үргэлжлүүлэн явуулж, хичээлийн дүнг ирэх сарын 7-ны өдөрт багтаан багшийн программ (ULMS)-д оруулахаар төлөвлөжээ. Энэ улиралд хичээл орох профессор, багш нар оюутнууддаа лекц, семинар, бие даалтын материалуудыг онлайнаар хүргэх бэлтгэл ажлыг энэ сарын 28-наас ирэх сарын 7-ны өдрийг хүртэл хийх аж. Тус сургууль онлайн сургалтдаа google classroom-ийг ашиглах аж. Тиймээс профессор багш нар нь зайн хэлбэрээр явуулах сургалтын ажлын төлөвлөгөө гарган хөтөлбөрийг эрхлэгчээр баталгаажуулж, ажиллах ёстой. Мөн багш нар нь оюутнууддаа заавар зөвлөгөө өгч, зайн сургалтыг удирдан явуулах юм.

АШУҮИС хичээлийн үнэлгээг онлайнаар гүйцэтгэнэ 

АШУҮИС-иас танхимын сургалтыг ирэх гуравдугаар сарын 02-ны өдөр хүртэл түр зогсоохдоо лекц, семинарын хичээлийг багш нар цахим хэлбэрээр явуулж, холбогдох онлайн эх сурвалжийг суралцагчдад хүргэн, хичээлийн үнэлгээг онлайнаар гүйцэтгэх шийдвэр гаргажээ. АШУҮИС-д сурч байгаа оюутнуудын хэлж байгаагаар хичээл хэзээ орох нь тодорхойгүй байгаа бөгөөд дээрх мэдэгдлээс өөр ямар ч мэдээлэлгүй байгаа аж. Оюутнууд хичээл сонголтоо хийдэггүй болохоор сургуулиас гаргасан хуваарийн дагуу хичээллэдэг. Сургалтын төлбөр нэг кредит нь 85-99 мянган төгрөг байна. АШУҮИС-ийн оюутнууд ашигладаг mnums.xcloud.edu.mn системээрээ дамжуулан хичээлээ үзэж, даалгавраа шалгуулах аж. 

Сиси систем хорионы үеийн багш

МУИС-ийн захирлуудын шуурхай, Захиргааны зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болж хичээл, сургалтын үйл ажиллагааг зогсоох болсонтой холбоотойгоор ирэх сарын 3-наас гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэл зайн сургалтын хэлбэрээр явуулахаар болсон. Зайн сургалтыг СиСи систем ашиглан явуулах бөгөөд энэ талаарх дэлгэрэнгүй зөвлөмжийг багш, оюутнуудад хүргүүлж байгаа аж. Энэ хугацаанд сонгосон хичээлийнхээ төлбөрийг цахимаар хийх боломжтой. Энэхүү систем нь дахин нэг долоо хоног нээлттэй байдаг учраас сонгосон хичээл нь юм уу, багш нь таалагдаагүй тохиолдолд сольж болно.

Лекц, семинар, бие даалтын даалгаврыг онлайнаар өгнө 

ШУТИС-ийн профессор багш, ажилтнууд, оюутан суралцагчид ирэх долоо хоногоос эхлэн онлайн сургалтад шилжинэ. Энэ хугацаанд багш нар нь тухайн хичээлийг сонгосон оюутнууддаа лекц, семинар, бие даалтын даалгаврын материалыг онлайнаар хүргэж, заавар зөвлөгөө өгч, зайн сургалтын хэлбэрээр сургалтыг зохион байгуулах болно. Тус сургууль цахим хичээлдээ cloudmis-ийг ашиглах юм. Энэ сарын 7-ноос өмнө хичээл сонголтоо хийх учир курсээсээ хамааран нэг кредитийн төлбөр 83-96 мөнгөн төгрөг төлөх аж.

СУИС төгсөлтийн ёслолоо цуцалж, дипломыг сургалтын албанаас олгоно

Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан СУИС-ийн Танхимын сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж, оюутны хичээл сонголтыг энэ сарын 27-31-ний өдрийн 18:00 цаг хүртэл (ажлын тав хоног) сунгаж, ажиллуулж байгаа. Хичээл сонголт нь баталгаажсан оюутнууд харьяалах сургалтын албаны заавар, зөвлөмжийн дагуу цахим программд нэвтрэн, сургалтад хамрагдаж, дүгнүүлэх боломжтой. Өчигдрөөс багш нар нь оюутнууддаа moodle системд ашиглах заавар цахим шуудангаар илгээж, хуваарийн дагуу хичээлүүд онлайнаар явахаар болж байна. Бакалаврын болон ахисан түвшний төгсөлтийн ёслолын үйл ажиллагааг цуцалж, энэ сарын 31-нээс ирэх сарын 5-ны өдрүүдэд харьяалах сургалтын албанаас төгсөгчдөд дипломыг олгоно. Харин ахисан түвшний сургалтад элсэгчдийн шалгалтыг хойшлуулж, шинэчлэгдсэн товыг ирэх хоёрдугаар сарын 02-ны өдөр мэдээлэхээр төлөвлөсөн. Тиймээс оюутнууддаа цахим хаяг, гар утсаа байнга нээлттэй байлгаж, мэдээллийг тухай бүр солилцох ёстой гэдгийг анхааруулсан. 

"Хүмүүнлэг"-ийнхэн оюутны и-мэйлээрээ хичээлээ судалж, дүнгээ тавиулна


Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн захиргаа сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрээр тасралтгүй явуулах шийдвэр гаргасан. Тиймээс нийт түвшний суралцагчид өөрийн оюутны studentcode@student.hu-manities.mn и-мэйл ашиглан сургалтын үйл ажиллагаанд оролцох бөгөөд сонголт хийсэн багштайгаа тог мол холбогдож лекц, сургалтын материалаа хүлээн авах боломжтой. Мөн бие даалт, семинар, бусад хэлбэрийн даалгавраа цахим хэлбэрээр тогтмол шалгуулж, үнэлүүлэх шаардлагатайг оюутнууддаа мэдэгдсэн байна.

Гэрийн даалгавар явуулаагүй оюутныг хичээлд суугаагүй гэж тооцно

МУБИС нь сургалтын удирдлага мэдээллийн систем ашиглан сургалтын төлбөр болон хичээл сонголтоо хийдэг. Энэхүү системээр дамжуулан бүх төрлийн хичээл заах боломжтой. Гуравдугаар сар хүртэл орох хичээлээ тухайн багш тус систем рүүгээ оруулснаар оюутнуудад нээлттэй харагдана. МУБИС-ийн хичээл 14 хоногийн өмнөөс эхэлсэн байна. Цахимаар хичээл заах үед ирцийг хянах боломж бага ч асуудал үүсгэхгүй байх боломжтой. Багш гэрийн даалгавар өгөөд системээр явуулаагүй оюутныг хичээлд суугаагүй гэж тооцох аж. Их, дээд сургуулийн үйл ажиллагаа хэвийн яваад эхлэхээр даалгавраа хийсэн байдлыг нь шалгах долоо хоног гэж гаргана. МУБИС нь их, дээд сургууль амраах шийдвэр гаргахаас өмнө оюутнуудын хичээл орсон учраас цахимаар хичээл яаж орох талаар хангалттай мэдээлэлтэй байгаа аж.

Ерөнхий боловсролын хувийн сургуулиуд цахимаар хичээлээ зааж байна


“Орчлон” сургууль өчигдрөөс цахим сургалт эхлүүлж сургалтын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бэлтгэл ажлыг хангаад байна. “Иймд эцэг эх, асран хамгаалагч та бүхэн сурагчдын зүй зохистой цахим хэрэглээнд хяналт тавьж, цахим сургалтын үйл ажиллагааг дэмжиж ажиллахыг хүсэж байна” гэв. Харин Улаанбаатар дахь British school Улсын онцгой комиссын шийдвэр гарсан өдрөөс хойш эцэг, эхчүүдэд нь и-мэйлээр хүүхдийнх нь даалгаварыг явуулж эхэлжээ. Тиймээс хүүхдийнхээ хийсэн хичээлийг өдөр бүр багш руу нь онлайнаар явуулах ёстой гэдгийг сануулж байлаа.

Орон даяар цахим хичээл ирэх сарын 3-наас эхэлнэ 

Харин улсын гэх тодотголтой ерөнхий боловсролын сургуулиуд хэзээ цахимаар хичээлээ зааж эхлэх нь тодорхой бус байсан. Тэгвэл өчигдөр оройноос цахим сургалтыг орон даяар эхлүүлэхээр БСШУСЯ-наас хөтөлбөр боловсруулж, хуваарь гаргаад байна. Хуваарийн дагуу ирэх сарын 3-ны өдрөөс MNB, ETV, Боловсрол сувгаар телевизийн хичээл гарч эхлэх аж. Тодруулбал, бага ангид долоон төрлийн 1540 минутын хичээл (нэг цагийн хичээл нь 10-20 минут байхаар төлөвлөж, нийт 118 удаагийн хичээл, өдөрт 10-11 хичээл, анги тус бүрт хоёр хичээл) ногдоно. Харин дунд ангид 15 төрлийн 2440 минутын хичээл (нэг цагийн хичээл нь 10-20 минут байхаар төлөвлөж, нийт 118 удаагийн хичээл, өдөрт 10-11 хичээл, анги тус бүрт 2-3 хичээл) ногдох аж. Ахлах ангид 14 төрлийн 2300 минутын хичээл (нэг цагийн хичээл нь 10-20 минут байхаар төлөвлөж, нийт 112 удаа гийн хичээл, өдөрт 10-11 хи чээл, анги тус бүрт 3-4 хичээл) ногдохоор болжээ. Тиймээс анги удирдсан багш болон хичээл заадаг багш нартайгаа цахим сүлжээгээр холбогдон хичээлтэй холбоотой нэмэлт мэдээлэл бие даалт авч, даалгаврыг тогтмол хийх шаардлага тавьжээ. Үүнээс гадна, цэцэрлэгийн хүүхдэд зориулсан хөгжүүлэх үйл ажиллагаа бүхий телевизийн нэвтрүүлэг өдөр бүр явуулах аж. 

Цахим хичээлийн үр дүн шууд гарах боломжгүй 

Өмнө нь 2015 онд ЕБС-уудад цахим хичээл орж байсан. Тухайн үед үр дүн хэр байсан талаар БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Т.Ням-Очироос тодруулахад “Цахим хичээлийн үр дүн шууд гарах боломжгүй. Өмнө нь теле хичээл заалаа гээд анги дэвших шалгалт өгсөн сурагчдын дүн өмнөх үеийнхээс огцом буурсан зүйл байхгүй. Хамгийн гол нь багш нар нь хүүхдүүдтэйгээ эргэх холбоо хэр байснаас шалтгаалж байгаа. Тиймээс одоо эргэх холбоо сайтай ажиллах зөвлөмж өгсөн” гэв. Харин тухайн үед нийслэлийн дөрөвдүгээр сургуулийн сургалтын менежерээр ажиллаж байсан Г. Дулам-сүрэн “Цахим хичээл 2014-2015 оны хичээлийн жилд орж байсан. Тэр үед сурагчид маань хичээлээ их дуртай хүлээж авч байлаа. Цахим хичээл орсны дараа багш нар нь бататгаад явдаг байв. Тухайн үед монгол бичиг, технологи, монгол хэл, дуу хөгжим зэрэг бүх л хичээл орсон санагдаж байна. Багш нарт DVD-гээр цуврал хичээл ирж байсан. Харин эцэг, эхчүүд хэвлэмэл байдлаар нь хүүхдүүддээ өгдөг байсан юм” хэмээн ярилаа.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Цар тахлын үед боловсролдоо хөрөнгө оруулахад тань туслах олон улсын хөтөлбөрүүд

  • Харвардын их сургуулиас зарласан онлайн сургалтад үнэ төлбөргүй хамрагдах боломжтой

COVID-19 бидний ажил, сургууль, амьдралын хэв маягт цөөнгүй өөрчлөлт авчирлаа. Ялангуяа боловсролын салбарт өөрчлөлт, шинэчлэл өрнөсөөр байна. Цагаан шохой, хар самбар, хичээлийн танхимаар л боловсрол олгоно гэх олон жилийн турш амь бөхтэй оршсоор ирсэн үзэл цар тахлын нөлөөгөөр эрс өөрчлөгдөв. COVID-19 тархсанаас хойш хүүхэд залуучууд хурууныхаа үзүүрийг хөдөлгөх төдий л google-ээс хүссэн мэдээллээ авч, дэлхийн топ сургуулиудын хичээлийг зөөврийн компьютероо ашиглан бие даан суралцах боломж бүрдээд байна. Цар тахалтай холбогдуулан дэлхийн шилдгүүдийн нэг Кембрижийн их сургууль хүртэл сургалтын үйл явцдаа өөрчлөлт оруулж, цахимаар лекц, сургалтуудаа явуулж эхэллээ. Тиймээс зөвхөн залуучууд гэлтгүй насанд хүрэгчид ч COVID-19-ийн хөл хориог ашиглан дэлхийн түвшний боловсрол эзэмших боломж бүрдээд байна. Таны боловсролд нэмэр болох үүднээс шилдэг их сургуулиудын цахимаар олгох тэтгэлэгт хөтөлбөр болон сургалтуудыг танилцуулъя. 

Харвардын их сургууль 

Харвардын бизнесийн их сургуулиас 

  • Entrepreneurship Essentials 
  • Global business 
  • Management Essentials 
  • Sustainable Business Strategy
  • Leading in Turbulant times зэрэг хичээлээр үнэ төлбөргүй онлайн сургалт явуулж байна. Та www.hbs.me сайтад бүртгүүлэн хичээлээ судалж болох юм. 

Стэнфордын их сургууль 

Каринтинд байх хугацаандаа инженер, технологийн чиглэлээр суралцах сонирхолтой хүмүүст зориулан сертификат олгох цахим хичээлийг санал болгож байна. Тус сургалтад зургадугаар сарын 20- ноос өмнө https://online.stanford. edu/-д бүртгүүлэн суралцах боломжтой юм. 15 хоногийн цахим сургалтын төлбөр 295 ам.доллар. 

Оскфордын их сургууль 

Тус сургууль энэ зун хичээллэх цахим сургалтуудынхаа жагсаалтыг хэдийн гаргажээ. Оксфордын их сургууль түүүхэндээ анх удаа цахим хөтөлбөр зарлаж байгаа нь энэ юм. Хөтөлбөрийн жагсаалтанд 90 гаруй төрлийн хичээл багтах бөгөөд хугацааны хувьд урт, богино гэдгээр ялгагдаад зогсохгүй мэргэжил эзэмшүүлэх хөтөлбөр хүртэл байна. Цахим сургалтын эхний хичээлүүд зургадугаар сарын 15-22-ны хооронд явагдах юм. 10 хүртэлх долоо хоногийн хугацаатай энэ сургалтын төлбөр 935 евро.

https://www.conted.ox.ac.uk/ 

University of the People, АНУ 

University of the People бол Америкт магадлан итгэмжлэгдсэн, онлайн хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулдаг, ашгийн бус гэсэн статустай, мэргэжлийн зэргээ дээшлүүлэх хүсэлтэй хүмүүст зориулагдсан сургууль юм. Тус сургууль 2020-2021 оны магистр болон баклаврын зэрэг горилогчдод зориулан 100 хувийн цахим тэтгэлэгт хөтөлбөрөө зарлаад байна. Бизнесийн удирдлага, эрүүл мэнд, мэдээлэл технологийн чиглэлээр тавдугаар сарын 28 хүртэл өргөдөл хүлээн авна. 

https://www.scholars4dev.com 

Бирмингемийн их сургууль, Их Британи 

Тус сургууль олон улсын хөгжил судлалаар магистрын зэрэг олгох алсын зайн сургалтыг санал болгож байна. Энэхүү сургалтаар сүүлийн 50-60 жилийн хугацаанд олон улсын хөгжил хэрхэн явагдсан талаарх ойлголт болон практиктийг судлах боломжтой. Мөн Их Британийн хөгжил ба ядуурал, орчин үе, хараат байдал, неолиберализм ба хямрал, олон улсын хөгжлийн байгууллага, улс орнуудын олон улсын хөгжилд чиглэсэн үүрэг оролцоо, мөнгөний болон нийгмийн бодлогыг судлах юм. Хэлний оноотой байх нь тус тэтгэлгийн гол шалгуур үзүүлэлт.

https://www.scholars4dev.com

Квинсийн их сургууль, Их Британи 

Белфаст дахь Квинсийн их сургууль нь хүнсний аюулгүй байдлын чиглэлээр магистрын зэрэг горилогчдод зориулсан цахим тэтгэлэг олгох гурван жилийн хугацаатай сургалт санал болгож байна. Сургалтын явцад оюутнууд сургалтын материалаар хангагдахаас гадна хичээлийн хэлэлцүүлэгт оролцон, видео хичээлүүдийг үзэж, их сургуулийн зайн сургалтын платформоор дамжуулан хүнсний аюулгүй байдлын мэргэжилтнүүд болон багш нарын зөвлөгөөг сонсох боломжтой. 

http://www.qub.ac.uk/courses 

A

Жижиг

A

Дунд

A

Том

COVID-19-ийн дараах шинэ ертөнцөд цахимаар ажиллах чадвар эрэлттэй байна

  • Коронавирусийн дараах ертөнцөд өөрийгөө бэлдэх хамгийн сайн арга бол технологийн ур чадвар эзэмших юм

COVID-19-ийн халдвар дууссаны дараа биднийг огт өөр ертөнц угтах тухай мэргэжилтнүүд сануулсаар буй. Энэ талаар манай сонин өмнө нь дэлгэрэнгүй мэдээлж байсан билээ. Харин энэ удаа коронавирусийн дараах ертөнцөд хамгийн эрэлттэй байх ажил мэргэжил, эзэмшвэл зохих ур чадваруудыг танилцуулж байна. Дэлхийн эдийн засгийн форумын оролцогч, зохиолч Бернарда Маррагийн “Форбес” сайтад оруулсан мэдээллийг орчуулан сонирхуулъя. 

Дасан зохицох чадвар ба уян хатан байдал

Шинэ ертөнц бий болоход компаниудын үйл ажиллагаа, ажиллах арга хэлбэр өөрчлөгдсөн байх аж. Дэлхий ертөнц хурдацтай өөрчлөгдөж байгаа хэдий ч цар тахал үүнийг улам бүр түргэсгэх аж. Тиймдээ ч ирээдүйн дэлхий ертөнцөд хэрэгцээтэй хэдхэн ажил мэргэжил үлдэх гэнэ. Коронавирусийн дараах ертөнцөд амжилтад хүрэхийг хүссэн хэн бүхэн өдрөөс өдөрт өөрчлөгдөж буй ажлын байрандаа дасан зохицох чадвартай байх ёстойг онцолж байна. 

Техникийн хэмнэлт 

Коронавирусийн дараах ертөнцөд өөрийгөө бэлдэх хамгийн сайн арга бол технологийн ур чадвар эзэмших аж. COVID-19-ийн нөлөөнөөс үүдэн компаниуд үйл ажиллагаагаа өөрчилж, хурдацтайгаар цахим хэлбэрт шилжиж байгаа нь ирээдүйд үүсэж болох эрсдэлд бэлдэж буйн жишээ. Үнэн хэрэгтээ хиймэл оюун ухаан хийгээд интернэт орчин дахь мэдээллүүд тухайн бизнесийг учирч болох хүчин зүйлсийг уян хатан, хохирол багатай даван туулахад тус болох аж. Шинэ ертөнцөд үйлдвэр эсвэл оффисын алинд нь ч ажилладаг бай дээрх техникийн арга хэрэгслүүдийг зөв, үр дүнтэй ашиглаж сурах нь чухал юм. 

Бүтээлч байдал, шинэ санаа

Цар тахлын үед бүтээлч байдал, инновац нэн чухал болохыг хэдийн олж харсан байх. Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ бодитой, хүртээмжтэй хүргэхийн сацуу нөхцөл байдалд дасан зохицож, өөрчлөлт хийж чадсан нь (Mercedes F1 уралдааны машинаас амьсгалын аппарат хийсэн) тахлын үед бизнесээ авч үлдэх боломжтой. Коронавирусийн дараах ертөнцөд шинэ бүтээгдэхүүн, ажлын арга барил бий болгоход бүтээлч, шинийг эрэлхийлэгч байдал хамгаас чухал болохыг судлаачид онцолж байна. 

Мэдээлэл ба мэдлэг 

Аж үйлдвэрийн IV хувьсгалын эрин үед компаниудын хувьд мэдээлэл хамгийн үнэт зүйл болох ба зөв өгөгдөлтэй мэдээллийг мэдлэг болгон хувиргаж чадвал цар тахал хийгээд түүний дараах хүнд үеийг төвөггүй даван туулах аж. Тиймдээ ч COVID-19-ийн үед дэлхий дахинд үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниуд өөр өөрийн онцлогт тохирсон өөрчлөлт шинэчлэлийг нэвтрүүлээд эхэлжээ. Ажилчин, боловсон хүчний хувьд ч тэр өгөгдөл, мэдээллийг мэдлэг, туршлага болгон хувирган чадваргүй бол цомхотголд орох нь дамжиггүй. Ирээдүйд мэдээлэл, мэдлэгтэй мэргэжилтнүүд ажил олгогчдын анхаарлын төвд байх гэнэ. 

Шүүмж сэтгэлгээ

COVID-19-өөс үүдсэн хямралын дараа дэлхий нийтэд хэрэг болох бас нэгэн хүчин зүйл бол шүүмжлэлт сэтгэлгээ юм. Тахлаас үүдсэн интернэт орчин дахь “үймээн”, хуурамч мэдээ, мэдээлэлд хянуур, шүүлтүүртэй хандахыг хүсэж байна. Олон янзын эх сурвалжаас авсан мэдээлэл дундаас аль нь үнэн бодитой болохыг ялгаж салгадаг байх нь чухал. Бүх мэдээлэл үнэн гэсэн баталгаа байхгүй учир компанийн удирдлагууд болон ажилтнууд шийдвэр гаргахдаа мэдээллийн үнэн бодит эсэхийг давхар нягталж байх нь чухал аж. 

Дижитал ба кодлох ур чадвар

Коронавирусийн улмаас компаниудын дижитал өөрчлөлтүүд идэвхжсэн. Тиймээс кодчилол, вэб хөгжүүлэлт, дижитал маркетинг зэрэг ур чадвар бүхий мэргэжилтнүүд харьцангуй эрэлттэй болох гэнэ. Тиймдээ ч аж ахуй нэгж компаниуд хүссэн хүсээгүй үйл ажиллагаандаа цахим шинэчлэл хийх шаардлагатай нүүр тулах ба дагаад боловсон хүчинд ч тийм шаардлага тавигдах аж. 

EQ буюу сэтгэл зүйгээ удирдах 

Цар тахал мэт цаашид хэрхэх нь тодорхойгүй, алхам бүрт аз сорьсон цаг үед хамгийн чухал манлайллын чадвар бол EQ буюу сэтгэл зүйгээ удирдах чадвар аж. Сэтгэл хөдлөлөө ухамсарлах, илэрхийлэх, хянах чадвар хийгээд бусдын сэтгэл хөдлөлийг мэдэрч чаддаг байх нь удирдах, манайлах чадварын суурь болдог. Бизнесийн үйл ажиллагаа нь тодорхойгүй болж, доголдож эхлэх үед сэтгэл хөдлөлөө хянаж, удирдаж сурах нь компанийн удирдлагууд болоод жирийн ажилчдад тавигдах зүй ёсны шаардлага болдог. Тиймдээ ч хүчтэй EQ-тэй хүмүүс ирээдүйд илүү боломж эдлэх аж. 

Насан туршдаа сурч боловсор

Ердөө таван жилийн дараа өнөө үед үнэ цэнтэйд тооцогдож буй мэдлэг, ур чадварын 35 хувь нь өөрчлөгдөх тухай Дэлхийн эдийн засгийн форумын үеэр онцолсон. Коронавирус төдийгүй өөр ямар ч цаг үе, нөхцөл байдалд үнэ цэнээ алдахгүй чадвар бол насан туршдаа суралцах болох юм. Хөдөлмөр эрхлэлтийн хатуу чанга зах зээл бүхий ирээдүй дэлхий ертөнцөд илүү уян хатан, хөрвөх чадвар бүхий мэргэшсэн боловсон хүчин эрэлт хэрэгцээтэй хэвээр байх бөгөөд ажил олохын тулд хүч бага зарцуулах болно. COVID-19-ийн үед таны ур чадварыг дээшлүүлэхэд хэрэг болох үнэгүй онлайн сургалтууд хэдэн зуугаараа байна. Тухайлбал, хиймэл оюун ухаан, IT, инженерчлэл гээд нэрлээд байвал дуусахгүй. Coursera, edX, Udacity, FutureLearn, iversity зэрэг платформ дээр хөгжүүлэхийг хүсэж буй ур чадвараа хайж олоорой. Хөл хорионд байх энэ үеэ боломж хэмээн харж, өөрийн ур чадварыг сайжруулснаар COVID-19-ийн дараах ажлын талбарт аль хэдийн бэлтгэгдчихсэн гарах болно.  

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сураггүй болсон сургалтын зээлийг тайлбарлах газар алга

  • Хөрөнгө байсан бол оюутнуудад одоо зээлийг нь олгочихмоор байна

Коронавирусийн халдварын тархалтаас сэргийлэхийн тулд бүх шатны боловсролын байгууллагын хөл хориог ирэх намар хүртэл зогсоосон. Гэхдээ энэ нь үйл ажиллагааг нь зогсоосон гэсэн үг биш, онлайн сургалт хэвийн үргэлжилж буй. Гэвч хөл хориог тэг зогсолт гэж ойлгосон төрийн байгууллагын буруугаас болж олон оюутан хохирч эхэллээ. Тодруулбал, 2019­-2020 оны хичээлийн жилд олгох оюутны сургалтын зээл буюу Оюутны хөгжлийн зээлийг одоо хүртэл олгоогүй байна. Үүнээс болоод зээлээр сурч буй оюутнууд хичээл сонголтоо хийж чадахгүй, завсардах нөхцөл үүсчээ. Бүр “эдийн засаг хүнд байгаа энэ үед оюутнуудад зээл олгохгүй” гэх яриа олон нийтийн дунд тараад байна. Энэхүү мэдээлэл үнэн эсэхийг албаны хүмүүсээс тодрууллаа. Оюутны хөгжлийн зээлийг хэзээ олгох талаар Боловс­ролын зээлийн сангийн захи­рал Ж.Ариунболдоос тодруу­лахад “БСШУСЯ-наас зээлд хамрагдах оюутнуудын квот баталж өгөөгүй. Мөн Сангийн яамнаас коронавирустэй холбоотойгоор санхүүжилт олгохгүй байна. Хөрөнгө байсан бол оюутнуудад одоо ч зээ­лийг нь олгочихмоор байна. Боловсролын зээлийн сан зөвхөн санхүүжилт олгодог. Тиймээс Сангийн яамнаас санхүүжилтийн талаар, харин БСШУСЯ-­наас квот баталсан эсэхийг асуугаарай” гэв. Оюутнууд зээл авч чадаагүйгээс болж хичээл сонголтоо хийх, шалгалтаа өгч чадахгүй хохирч байгаа талаар хэлэхэд “БСШУС­-ын сайд Ё.Баатарбилэг оюутны хөгжлийн зээлийг удахгүй олгох тул зээлд хамрагдах хүсэлтээ өгсөн оюутнуудыг хичээл сонголтод хамруулах чиглэлийг их, дээд сургуулиудад өгсөн” хэмээн тэрбээр нарийн мэдээлэл өгсөнгүй. Тус салбарын яам “Манайх Сангийн яам руу хамтарсан тушаалын төслийн саналаа бэл­дээд явуулсан. Хугацааны хувьд оройтож хоцорсон юм байхгүй. Тавдугаар сард Сангийн яам болон манай сайдын хамтарсан тушаалаар квот тогтоодог” хэмээлээ. Харин санхүүжилтийг хэзээ олгох талаар Сангийн яамнаас тодруулахад “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам мэдэх ёстой” гэлээ. Ийнхүү бие бие рүүгээ чихэж, булзааруулж байгаа нь зээл авах хүсэлтээ өгсөн оюутнуудын хүлээлт талаар болж, энэ жил суралцах боломжгүй болох магадлалтай байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Роботуудад ажлаа алдах мөч ойрхон ирснийг коронавирус бидэнд санууллаа

  • Дэлхий ингэж хурдтай өөрчлөгдөж, техник технологиос улам бүр хараат болж буй энэ үед бид өөрчлөлтөд бэлэн үү. Өөрөөр хэлбэл, ирээдүйд үнэ цэнээ алдахгүй мэргэжилтэн бэлдэж чадаж байна уу

Роботууд хөдөлмөрийн зах зээлд нэвтрэх давалгааг коронавирус улам идэвхжүүлж орхилоо. Энэ давалгаа цаашид эрчээ авна гэдэгт эргэлзэх хэрэггүй

2025 он гэхэд ажлын байрны 47 хувь нь бүрэн автомат хэлбэрт шилжих судалгааг Оксфордын их сургуулийн эрдэмтэд өдгөөгөөс таван жилийн өмнө хийсэн. Судалгааны багийнхан хамгийн түгээмэл 702 мэргэжилд дүн шинжилгээ хийхэд ойрын ирээдүйд тэдгээрийн 47 хувийг нь роботууд хийх боломжтой гэсэн дүн гарч байв. Тэгвэл дэлхий даяар тархаад буй коронавирус ажлын байр автоматжуулах явцыг улам хурдлуулсан талаар BBC бичжээ. “Хүн хоорондын амьд харилцаагүйгээр бүтэх ажил ховор гэж ихэнх нь боддог. Гэвч тэдний энэ бодлыг коронавирус өөрчилж байна” хэмээн роботуудын эдийн засагт үзүүлэх нөлөөний талаар ном бичсэн Мартин Форд BBC-д ярьсан байна. Өдгөө компаниуд ажилчдаа аль болох гэрээс нь ажиллуулах, тэдний тоог цөөлж, ажлыг нь роботоор нөхөх арга замыг эрэлхийлэх болжээ. Жишээ нь Америкийн жижиглэн худалдааны хамгийн том сүлжээ Wallmart коронавирусийн энэ үед роботуудаар шалаа угаалгаж эхэлсэн бол БНСУ-д роботууд иргэдийн халууныг үзэж, гарыг ариутгаж байна. Хэт ягаан туяаны халдваргүйжүүлэгч робот үйлдвэрлэдэг Данийн компани бүтээгдэхүүнээ хэдэн зуугаар нь Хятад, Европын эмнэлгүүд рүү явуулах болов. Хүнсний дэлгүүр, ресторанууд ч цар тахлын үед роботуудыг ихээр ашиглаж эхэллээ. Тэгвэл вирусийн тархалт намжсаны дараа нөхцөл байдал хэрхэн үргэлжлэх бол. Үүнийг төсөөлөхөд тийм ч хэцүү биш. Байгууллагууд өндөр үнээр авсан роботуудаа гудамжинд гаргаад хаячихгүй. Нэгэнт даалгасан ажлыг нь хийж чадаж байгаа бол харин ч ажилтнаа цөөлж, роботуудыг илүү ихээр ашиглах болно. Учир нь роботууд ажил тасалж алга болохгүй. Цалин нэхэхгүй, их ажил даалгалаа гэж гомдоллохгүй, эвдэрчихгүй л бол хоногийн 24 цагаар ч ажиллаж чадна гээд давуу тал их. Тиймдээ ч роботууд хөдөлмөрийн зах зээлд нэвтрэх давалгааг коронавирус улам идэвхжүүлж орхилоо. Энэ давалгаа цаашид бүр эрчээ авна гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Өндөр хөгжилтэй орнууд робот нэвтрүүлээ л биз, тэр нь Монголд орж ирээд, бидний ажлыг булаах хүртэл өдий гэж зарим нь бодож магадгүй. Гэхдээ ингэж тайвширч суух хооронд дэлхий асар хурдтай өөрчлөгдсөөр байна. ЛэндМН гэхэд хиймэл оюунд суурилсан технологи нэвтрүүлж, олон хүн олон цаг зарцуулж хийдэг ажлыг хөнгөвчлөв. Тэр ч байтугай робот зөөгчтэй ресторан хүртэл манайд ороод ирлээ. Нэг үеэ бодвол Монголын компаниуд томорч, техник технологиор хоорондоо өрсөлдөх болсон. Угаас технологийн дэвшлийг ашигласан нь өрсөлдөөнд тэсэж үлддэг болсон дэлхий. Тиймээс технологийн дэвшил хүссэн хүсээгүй Монголд нэвтрэх болно. Коронавирус дэгдсэн энэ хэдхэн сарын хугацаанд дэлхий ертөнц ямар хурдан өөрчлөгдөж буйг бид бүгд харж байна. Энэ өөрчлөлт Монголд ч мэдрэгдэж байгаа. Гэрээсээ ямар их ажил амжуулж болдгийг бид харлаа. Байгууллагууд ч цаашид энэ чиглэл рүү явах байх. Түүнчлэн ямар ч байгууллага цахимаар хуралдаж болно гэдгийг цар тахал бидэнд харуулав. Мөн хүний оролцоо аль болох бага байлгахад үйл ажиллагаагаа чиглүүлэх шаардлагатайг сануулсан нь өөрчлөлтийн давалгаа эхлүүлэх хамгийн гол хүчин зүйл байв. Дэлхий ингэж хурдтай өөрчлөгдөж, техник технологиос улам бүр хараат болж буй энэ үед бид өөрчлөлтөд бэлэн үү. Өөрөөр хэлбэл, ирээдүйд үнэ цэнээ алдахгүй мэргэжилтэн бэлдэж чадаж байна уу. Харамсалтай нь энэ тал дээр бид тун ч хол хоцрогджээ.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2017 онд хийсэн нэгэн судалгаагаар их, дээд сургууль төгсөгчдийн 60 гаруй хувь нь бизнесийн удирдлага, багш, боловсрол судлал, олон улсын харилцаа, анагаах ухаан, инженер гэсэн хэдхэн мэргэжлийг сонгосон байв. Улмаар өнөөгийн Монголд хуульч, эдийн засагч, бизнесийн удирдлага, нягтлан бодогч, түүхч, философич, улс төр судлаач, сэтгүүлч, нийгэм судлаач гэх мэргэжил хамгийн их илүүдэлтэй байгааг тэрхүү судалгаанд дурджээ. Гайхалтай нь ирээдүйд дэлхий дахинд хамгийн их эрэлттэй байх мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүд Монголд хамгийн дутагдалтай гэсэн дүгнэлт гарсан байна. Хэдийгээр судалгаа нь 2017 оных ч тэр үеэс хойш нөхцөл байдал нэг их өөрчлөгдөөгүй байх. Өндөр хөгжилтэй улс орнууд ирээдүйд ямар мэргэжил эрэлттэй байх, ямар нь шаардлагагүй болохыг эртнээс тооцож, үүнийхээ дагуу боловсон хүчнээ бэлддэг. Ингэж байж технологийн эрин үед иргэдээ ажлын байрнаас шахагдах эрсдэлийг бууруулж чадна. Мэргэжилтнүүдийн тооцоогоор бол ойрын ирээдүйд нягтлан бодох бүртгэл, оёдолчин, аялал жуулчлалын менежер, хуульч, банкны теллер, кассчин, дэлгүүрийн худалдагч, такси болон ачааны машины жолооч тэргүүтэй олон мэргэжил эрэлт хэрэгцээгүй болж, роботуудад зайгаа тавьж өгнө. Харин энэ өөрчлөлтийг бид соргогоор мэдэрч, мэргэжилтэн бэлдэхдээ анхаарч байгаа бил үү. Хуульч, эдийн засагч, улс төр судлаач угаас илүүдэлтэй байхад бид жил бүр хэдэн зуугаар нь бэлдсээр байгаад хэн анхаарлаа хандуулах вэ. Энэ янзаараа бол дээд боловсролын дипломтой хүмүүст худалдагчийн ажил ч олдохоо болино. Алс холын мэт санагдаж байсан ирээдүй тун ойрхон ирснийг бидэнд ойлгуулсан нь коронавирусийн нэг ач холбогдол юм даа. “Нийтээрээ ажилгүй болж, хүн амын дундах тэгш бус байдал газар авахаас сэргийлэхийн тулд боловсролын салбарт хөрөнгө оруулах, хөдөлмөрийн хүчээ хөрвөх чадвартайгаар бэлтгэх, насанд хүрэгчдийг дахин сургах нь нэн чухал болоод байна” хэмээн Дэлхийн эдийн засгийн форумыг үндэслэгч Клаус Шваб хэлснийг эцэст нь сануулъя.