A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/91/

Шинэ зохицуулалт Монголыг модоо барихад хүргэх вий

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/91/

Шинэ зохицуулалт Монголыг модоо барихад хүргэх вий


Мөнгөөр бялхаж байсан сайхан цагаа дурсья. 2011 онд Монголд орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалт түүхэн дээд түвшин буюу 4.7 тэрбум ам.долларт хүрч, эдийн засгийн өсөлтөөрөө дэлхийд цойлж байсан үе. Дэлхий нийтийн анхаарлын төвд монголчууд л байлаа шүү дээ. Гэтэл 2012 онд баталсан Стратегийн ач холбогдолтой салбарт Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн улмаас энэ амжилт маань навс унаж, бид тавхан жилийн дотор амаараа шороо үмхсэн. Хямралаас гарч, төсвийн алдагдлаа нөхөхийн тулд гадаад зах зээл дээр бонд босгож, өр тавьсны балаг одоо ч дуусаагүй байна. ОУВС-гийн ачаар өөрсдөө бүсээ чангалсан ч хөрөнгө оруулагчдаа тогтоон барих боломж гадаад, дотоод орчинд уг нь бүрдчихээд байна. Харамсалтай нь, манай эрх баригчид үүсэн бүрэлдэж буй таатай нөхцлийг улам бэхжүүлэн, тэлж ашиглахын оронд дахиад л бусдыг царайчилж, бүсээ чангалсан өмнөх түүхээ давтах эрсдэлтэй шийдвэр гаргав.


30 хувийн татвар нь лицензийн наймааг улам дэвэргэнэ


Энэ оноос эхлэн лицензийн наймааг зогсоож, төсвийн орлогыг нэмэгдүүлэх нэрийдлээр тусгай зөвшөөрлийн эцсийн эзэмшигчээс 30 хувийн татвар авч эхэлсэн. Гэтэл энэ зохицуулалт ДНБ- ий 6-7 хувьтай тэнцэх валют оруулж буй хөрөнгө оруулагчдыг үргээгээд зогсохгүй ил тод уул уурхайг боомилж, Монголыг модоо барихад хүргэнэ гэдгийг шинжээчид хэлж байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эдийн засаг, хөрөнгө оруулалтын зөвлөх Т.Цогтбаяр “Хөрөнгө оруулагчдыг боомилсон зохицуулалт. Монголд ямар ч хөрөнгө оруулагч орж ирэхгүй. Яагаад гэвэл хайгуул гэдэг өөрөө 100 хувь эрсдэл. Үүнийг үүрэх гээд орж ирсэн компаниудад дахиад 30 хувийн татвар төлнө гэдэг аюултай” хэмээв. Харин үнэт цаасны MIBG компанийн гүйцэтгэх захирал А.Билгүүн үүнийг “Худалдааны бус харин хөрөнгө оруулалтаас авч буй татвар гэж ойлгох нөхцөл үүслээ” хэмээв.

Тэрбээр “Татварын хувь хэмжээ, нөхцөл энэ байгаа чигээрээ цааш үргэлжилбэл Монголд жинхэнэ геологи хайгуулын судалгаа хийдэг компаниуд үлдэхгүй, хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг компаниудын хувьд ажиллах орчин байхгүй болно” гэж дүгнэлээ. Уг нь өнгөрсөн долоо хоногт Канадын Торонто хотноо болсон уул уурхайн хөрөнгө оруулагчдын 86 дахь удаагийн чуулга уулзалт (PDAC)-д УУХҮ-ийн сайд оролцох үеэрээ “Уул уурхайг ил тод болгоход хөрөнгийн зах зээлийн хөгжил ус, агаар мэт хэрэгтэй байна” хэмээн Блумберг телевизэд өгсөн ярилцлагадаа онцолсон. Хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа арилждаг компаниуд хайгуулын мэдээлэл нь үнэн бодит, ил болох тусам ханш нь өсөж хөрөнгө босгох боломж нэмэгддэг. Мөн хөрөнгө оруулалтын сангууд болон хувь хүн, бусад тоглогчоос мөнгө татахын тулд ил тод өрсөлддөг эрүүл засаглалтай. Тиймээс ийм компаниудын оролцоо хэдий чинээ ихэснэ манай улсад уул уурхай төдий чинээ хариуцлагатай хөгжинө гэсэн үг юм. Манай улсад 702 сая ам.долларын гадаадын шууд хөрөнгө оруулалт 2017 онд орж ирсний 79 хувь буюу 554.5 сая нь уул уурхайн салбарт хамаарч буй. Харин уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын бараг 10 хувийг Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг, гадаадын хөрөнгийн зах зээл дээр бүртгэлтэй 4-5 компани хайгуулын үйл ажиллагаагаар дамжуулан бүрдүүлжээ.

Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын статистик мэдээллээр бол 2017 онд улсаас 12 тэрбум 255 сая төгрөгийг хайгуул, судалгаанд зарцуулсан байх юм. Өөрөөр хэлбэл, уг хоёр тоог харьцуулбал, гаднын компаниуд найм дахин их, ДНБ-ий 0.4 хувьтай тэнцэх хөрөнгийг манай хайгуулын салбарт оруулсан байна. АМГТГ-ын статистикаар олон улсын хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй 19 компани манай улсад үйл ажиллагаа явуулдаг. Гадаад, дотоод орчин одоохондоо эерэг байгаа нь эрүүл засаглалтай уул уурхайн компаниуд манай улсад хөрөнгө оруулалт хийх таатай боломж болж буй. Гэвч салбарын хөрөнгийн эх үүсвэр, мөнгөний урсгалыг тооцохгүйгээр ийм хавтгайрсан зохицуулалт хийх нь нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохоос өөрцгүй шийдвэр болно. “Хувьцаа борлуулсны орлогоос тэртээ тэргүй хувьцаа эзэмшигчид татвар төлдөг. Тиймээс ингэж давхардуулан ногдуулах шаардлага байхгүй. Төсвийн орлого бүрдүүлэх гэж байгаа бол бусад төрлийн хураамжаа нэмж болно шүү дээ. Нөгөөтэйгүүр, бидэнд уурхайг дагаж бий болох бүтээн байгуулалт, түүнээс олох орлого амин чухал” хэмээн Т.Цогтбаяр тайлбарлаж байна. 0.5-1 сая ам.долларын үнэд хүрэх тусгай зөвшөөрлийн 30 хувийг авах нь чухал уу, эсвэл түүнийг дагаж орж ирэх 100 сая ам.долларын бүтээн байгуулалт улсад илүү хэрэгтэй юу. Нэг уурхайг дагаад боловсруулах үйлдвэрээс гадна барилга байгууламж, худалдаа, авто болон төмөр зам гээд дэд бүтцүүд үүснэ.

2017 онд гаднын компаниудын оруулсан хөрөнгө оруулалт улсынхаас найм дахин их

Тэгэхээр нэг сая ам.доллараас авах гээд байгаа 300 мянган ам.доллар чинь дээрх салбаруудаар дамжиж 10 сая ам.доллар болж өсөхөөс гадна ажилчдын гараар дамжин, эдийн засагт өчнөөн арван саяараа цутгана. Үүнийг татварын хуулийн өөрчлөлтийг боловсруулж буй эрхмүүд ялгаж салган, сайтар тунгаах учиртай болох нь. Монголын уул уурхайн салбарт томоос том ангал үүссэн нь үнэн. Нэг талд нээлттэй, хариуцлагатай, ил тод компаниуд. Нөгөө талд нь хөрөнгийн эх үүсвэр нь тодорхойгүй, лицензийн наймаа гээчийг жинхэнэ гааруулагчид бий. Монголын Уул уурхайн ассоциацийн гүйцэтгэх захирал Д.Энхболдын хэлснээр хайгуулын лиценз авсан атлаа ажил хийхгүй, мэдээллээ өгөхгүй, зүгээр л мөнгөний оронд гүйлгээнд ашигладаг хэрэгсэл болгоод байгаа явдлыг мэдээж зогсоох хэрэгтэй.

Гэхдээ эрүүл хөгжиж байгаа хэсгээ боомилж, тэдний цаана байгаа мянга мянган хувьцаа эзэмшигчдэд алагчлалтай үйлчлэх татварын орчин байх учиргүй. Харин бүртгэлээ сайжруулж, яг л НӨАТ-ын хар машин шиг татварын бааз суурийг өргөжүүлэх шийдлүүд хэрэгжүүлж байж үр дүнтэй болно хэмээн энэ салбарт хал үзэж, халуун чулуу долоосон мэргэжилтнүүд анхааруулж байна. Уул уурхайн салбарыг хөрөнгийн зах зээлтэй холбох ажил ид өрнөж буй. Өөрөөр хэлбэл, монголчуудын амьжиргааны тулгуур салбар мэдээллээр өдөөгдөж, мөнгөний урсгал нь гол хувьцаа эзэмшигчээ дагадаг эмзэг орчноос шууд хамааралтай болно гэсэн үг юм. “Монголын хөрөнгийн бирж давхар бүртгэлийн систем нэвтрүүлснээр гадаадын биржид бүртгэгдсэн сайн засаглалтай, хариуцлагатай компаниуд Монголд хөрөнгө оруулах боломж нээгдэж байна” хэмээн А.Билгүүн дүгнэв. Тиймээс эрүүл засаглалтай компаниудын хувьцааны ханшид сөргөөр нөлөөлж, Монголын үнийг унагах эрсдэл шинээр нэмэгдэж байгаа нь шийдвэр гаргагчдыг алдах эрхгүйг сануулж байна.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Rio Tinto Ирланд дахь Rusal-ын гэрээнээс татгалзана

 0 сэтгэгдэл

Rio Tinto компани ОХУ-ын тэрбумтан Олег Дерипаскагийн хяналтад байдаг Ирландын хөнгөн цагааны үйлдвэртэй байгуулсан гэрээнээсээ татгалзахаар зэхэж байна. АНУ-ын хориг арга хэмжээнд нэр нь орсон ноён Дерипаскагийн хяналтад ажилладаг хөнгөн цагааны Rusal групптэй байгуулсан хэд хэдэн хэлэлцээртээ форс мажор зарлахаар бэлтгэж буйгаа Британи-А встралийн уул уурхайн компани баасан гарагт мэдэгдэв. Хөнгөн цагаан үйлдвэрлэлийн гол түүхий эд – бокситыг Rusal-ын Огиниш үйлдвэрт нийлүүлэх хэлэлцээр уг форс мажорт багтаж байгааг мэдээлэлд ойр эх сурвалж тайлбарласан юм. Форс мажор нь урьдчилан харж, зохицуулах аргагүй онцгой тохиолдолд талууд хэлэлцээрээр хүлээсэн үүргээсээ чөлөөлөгдөх боломж олгодог. “Олон хориг арга хэмжээнээс шалтгаалан зарим гэрээнд форс мажор зарлахаар бэлтгэж буй Rio Tinto нийлүүлэлт тасалдах магадлалыг багасгахаар үйлчлүүлэгч нартайгаа хамтран ажиллаж байгаа” хэмээн тус компаниас гаргасан мэдэгдэлд тайлбарлажээ.

Олборлосон бокситын хүдрийг боловсруулж, хөнгөн цагааны исэл болгосны дараа ундааны лаазнаас нисэх онгоц хүртэлх төрөл бүрийн хөнгөн цагаан гаргаж авахад ашигладаг юм. Огиниш бол Европын хөнгөн цагаан боловсруулах хамгийн том үйлдвэр. Нийт 450 ажилчинтай тус үйлдвэр Rio-гоос боксит нийлүүлэхээ зогсоох гэж буйгаас шалтгаалан ирээдүйдээ түгшиж эхэллээ. Тэртээ тэргүй өсөөд эхэлчихсэн хөнгөн цагааны үнийг Форс мажор улам гааруулна. Төмөрлөгийн үнийн Metal Bulletin сайтын мэдээллээс үзвэл хөнгөн цагааны үнэ баасан гарагт сүүлийн найман жилд тохиолдож байгаагүйгээр буюу бараг 17 хувиар өсөж, тонн нь 556 ам.доллар болов. Огинишийн үйлдвэрийн гол ханган нийлүүлэгч Rio нь Европ тивд үйлдвэрлэдэг хөнгөн цагааныхаа түүхий эд болох хөнгөн цагааны ислийн багагүй хэсгийг бусдаас худалдаж авдаг. Тус компани Франц дахь жилдээ 280 мянган тонн хөнгөн цагаан үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрээ саяхан бизнесмен Санжеев Гуптад зарсан юм. Rio Tinto нь эдгээр үйлдвэрийн түүхийг эдийг бусад эх сурвалжаас хангахаар чармайж байгаа нь хөнгөн цагааны ислийн зах зээлд хүндрэл үүсгэж болзошгүй. Хөнгөн цагааны исэл худалдан авах давалгаа үүсээд байгааг арилжаачид баталж байна. Rusal “үйлдвэрээ ажиллуулахад хэцүү болох гэж байгаа”-г консалтингийн CRU компанийн хөнгөн цагааны түүхий эд хариуцсан захирал Жастин Хьюз өгүүлэв. “Түүхий эд, бүтээгдэхүүний аль аль нь хориг арга хэмжээнээс болоод гацаж орхилоо. Хөнгөн цагааны үйлдвэрээ ажиллагаатай хэвээр байлгах нь хүнд асуудал болох нь” хэмээн тэрбээр тайлбарласан юм. Байдлыг тогтворгүй болгож буйнх нь төлөө Москваг шийтгэхээр АНУ долоо хоногийн өмнө хориг арга хэмжээ зарласан.

Уг хориг нь ноён Дерипаскагийн хяналтад ажилладаг Rusal болон бусад компаниас АНУ-ын санхүүгийн тогтолцоотой харьцахад хүндрэл учрууллаа. Үүсээд буй нөхцөл байдлыг хянамгай ажиглаж буйгаа Ирландын Засгийн газар мэдэгдэв. Лимерик дэх үйлдвэрийн менежментэд “тохирох зөвлөгөө өгсөн”-өө тус улсын Гадаад хэргийн яам мэдээлллээ. “Хэдэн долоо хоног өнгөрөхөөс нааш бүрэн хэрэгжиж амжихгүй хориг арга хэмжээ Ирландын эдийн засагт хэрхэн нөлөөлөхийг тооцоолохын тулд” Засгийн газарт тодорхой хугацаа шаардлагатайг Ирландын бизнесийн яам тайлбарлав. Rio, Rusal хоёрын бизнесийн харилцаа Огинишээр тогтохгүй. Rusal нь Австрали дахь Rio-гийн мэдлийн Квинслендийн хөнгөн цагааны ислийн үйлдвэрийн хувьцааны 20 хувийг эзэмшдэг. “Rio Tinto АНУ-ын хориг арга хэмжээнд бүрэн захирагдана” хэмээн тус компани мэдэгдэж байна.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Нүүрсээ боловсруулаад үнэтэй зар

Компаниудын борлуулалтын үнэ чанар, баяжуулалтаас голлон шалтгаалдаг

 0 сэтгэгдэл


Коксжих нүүрсний экспорт өнгөрсөн онд түүхэн дээд цэгтээ хүрсэн. Дэлхийн зах зээл дэх таваарын үнийн өсөлт болон геополитикийн таатай нөхцөл байдлаас шалтгаалан коксжих нүүрсний экспортын хэмжээ өнгөрсөн оныхоос 29.4 хувиар нэмэгдэж, 33.4 сая тонн боллоо. Өмнөх жилүүдэд алдагдалтай эсвэл зардлаа л нөхөх хэмжээний орлоготой ажиллаж байсан уурхайнууд экспортын хэмжээ, борлуулалтын орлогоо нэмэхийг зорьж байгаа. Гэвч идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй уурхайгаас ганц нь л дэлхийн зах зээлийнхтэй дүйцэхүйц үнээр бүтээгдэхүүнээ борлуулж байна. Бусад нь олон шалтгааны улмаас өөр хоорондоо ялгаатай үнээр нүүрсээ экспортолж байгаа юм. Гашуун сухайтын боомтоор нүүрсээ экспортолж буй “Энержи ресурс” компанийн коксжих нүүрсний үнэ тонн тутамдаа 130 орчим ам.доллар байгаа бол SouthGobi Resources 70 орчим ам.доллараар зардаг. Тэгвэл зарим жижиг компани нэг тонн нүүрсээ 30 гаруй ам.доллараар борлуулж байна. Ийнхүү Хятад руу экспортолж буй нүүрсний үнэ ялгаатай байгаа анхдагч шалтгаан нь нүүрсний чанар. Хамгийн сайн чанарын, түүхий коксжих нүүрс уурхайн ам дээр 135-165 мянган төгрөгийн үнэтэй байна. Таван толгойн ордоос олборлож буй “Эрдэнэс Таван толгой”, “Таван толгой” компаниудын нүүрс энэ ангилалд багтдаг. Гэхдээ “Эрдэнэс Таван толгой” төрийн өмчит компанийн нэг тонн нүүрс 71.8 ам.долларын тогтмол үнэтэй. Харин сул коксжих нүүрсний үнэ 78-110 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байгааг аж ахуйн нэгжүүдийн үнийн мэдээллээс харж болно. Нарийн сухайтын бүлэг ордоос ийм төрлийн нүүрс олборлодог “МАК”, “Саусгоби Сэндс” зэрэг олон компани бий. Тэгвэл “Штанк ойл”, “Чингисийн хар алт”, “Эрдэнэс Таван толгой”-н эрчим хүчний нүүрсний үнэ уурхайн ам дээрээ 33-49 мянган төгрөг байгаа.


Хэлцэл хийх чадвар борлуулалтын үнийг өсгөдөг


Харин экспортод хамгийн бага хувь эзэлдэг чулуун болон хүрэн нүүрс 12.6-45 мянган төгрөгийн үнэтэй байгааг Ашигт малтмал, газрын тосны газрын Нүүрсний хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Улаанхүү хэлж байна. Эрдсийн байгалийн шинж чанараас шалтгаалсан үнийн зөрүү асар их. Гэхдээ үүнийг технологийн шийдэл ашиглан нэмүү өртөг шингээж, борлуулалтын үнийг өсгөх олон боломж байдгийн нэг нь баяжуулах үйлдвэр. Сайн чанарын баяжуулсан нэг тонн нүүрсийг уурхайн ам дээр 206-280 мянган төгрөгөөр худалдаалж байна. Энэ нь баяжуулаагүй ижил төрлийн нүүрснээс 70-110 мянган төгрөгөөр илүү. Тиймд сүүлийн 2-3 жилд нүүрс экспортлогч компаниуд баяжуулах үйлдвэртэй болох зорилт тавин ажиллаж байна. “Энержи ресурс” компани ийм технологи ашиглан нүүрсээ Монголын компаниудын дотроос хамгийн өндөр үнэд хүргэж чадсан.


Өнгөрсөн онд 8.3 сая тонн нүүрс олборлож, үүний найман тонныг нь баяжуулсан. Түүнчлэн дөрвөн сая тонн баяжуулсан коксжих нүүрсэн бүтээгдэхүүн гарган авчээ. Энэ нь 2016 оныхтой харьцуулбал олборлолт 79, баяжуулалт 66 хувиар өссөн дүн юм. Уг компаниас гадна Хөшөөтийн ордоос нүүрс олборлодог “Мо Эн Ко” компани бүтээгдэхүүнээ хуурай аргаар баяжуулан экспортолж байгаа. Удахгүй нойтон аргаар баяжуулах үйлдвэр нь ашиглалтад орох юм. Харин Нарийн сухайтын ордод үйл ажиллагаа явуулдаг “Саусгоби сэндс” ирэх долоо хоногт баяжуулах үйлдвэрийнхээ нээлтийг хийхээр зэхэж байна. Энэ буухиаг удахгүй МАК, “Өсөх зоос” компаниуд үргэлжлүүлэхээр ажиллаж буй. Мэдээж, уурхайн байршлаас хамаарч ордоос авах үнэ болон хил дээрх үнэ зөрүүтэй байдаг. Тухайлбал, Ханги Мандалын боомтоор нүүрс экспортолж буй “Айл баян” компанийн тээврийн зардал тонн тутамд 30-42 мянган төгрөгт хэлбэлздэг аж. Тус компанийн уурхай хилээс 70 км зайтай учир тээврийн зардал нь харьцангуй бага. Тээврийн зардлаа нэмээд нэг тонн нүүрсний хил дээрх үнэ нь ойролцоогоор 150 мянган төгрөг болдог. Харин хилээс 250 км зайтай Таван толгойн ордын тээвэр үүнээс илүү зардал шаардах нь ойлгомжтой. Гэхдээ тээврийн зардал нь нүүрсний үнийн 20-30 хувийг эзэлдэг аж.


Баяжуулах технологиор нүүрснээс шороог ялган авбал ямар ч чанартай нүүрсний үнэлгээ эрс дээшилдэг. Гэхдээ бүтээгдэхүүний үнээ өсгөхөд компанийн хэлцэл хийх чадамж багагүй нөлөөтэй. Хэдийгээр нүүрсний чанар адил ч компани нь нэр хүндтэй, олон жилийн туршлагатай, хэлцэл хийх чадвартай бол борлуулалтын үнээ өсгөж чаддаг. “Эрдэнэс Таван толгой”, “МАК”, “Саусгоби Сэндс” зэрэг компаниудын борлуулалтын гэрээнээс ийм зүй тогтлыг олж харж болохыг мэргэжилтнүүд хэлж байна. Компаниуд хэлцлээ сайжруулж, технологийн нэмүү өртөг шингэсэн шийдлээр экспортын үнийн зөрүүгээ багасгах зэрэг олон боломжийг ашиглахыг салбарын мэргэжилтнүүд зөвлөж байна. Компаниудын дунд үйлчилдэг энэ зарчим улс орнуудын худалдаанд ч багагүй нөлөөлдөг. Тухайлбал, дээрх шалтгааны улмаас Австрали, Монголын ижил чанарын нүүрсний үнийг импортлогчид ялгаатай үнээр худалдан авдаг жишээ бий. “Энержи ресурс” компанийн баяжуулсан коксжих нүүрс уурхайн ам дээрээ 130 орчим ам.доллар бол Австралийн яг ийм төрлийн нүүрсийг уурхайгаас нь 180 орчим ам.доллараар худалдаж авах жишээтэй. Тиймээс адилхан баялагтай атлаа түүнийгээ эн тэнцүү үнэлүүлж чадахгүй байгаадаа анхаарах цаг иржээ. Төрөөс “нэг цонх”-ны бодлогоор эрдэс, түүхий эдээ экспортолно гэж олон жил ярьж буй. Гэвч энэ байдал шийдэгдэж чадалгүй өдийг хүрлээ.



A

Жижиг

A

Дунд

A

Том

Нуугдсан эрдэнэс ирээдүйг хаанчилна

 0 сэтгэгдэл


Сүүлийн жилүүдэд литийн эрэлт нэмэгдсэнээр ханш нь үржихийн хүрдээр өссөн

Мөнгөлөг өнгөтэй хөнгөхөн лити үнэт металлуудыг ардаа орхисоор. Шинэ үеийн технологи болох зөөврийн хэрэгсэл, цахилгаан машины үйлдвэрлэл нэмэгдэхийн хэрээр цэнэг хураах гойд шинж чанартай литийн эрэлт эрчтэй дээшлээд байна. Өд мэт хөнгөн энэ металл багахан жиндээ баймгүй их цэнэгийг өөртөө хуримтлуулдаг элдэвтэй “нэгэн”. Тиймээс манай гарагийн хамаг л дэвшилтэт технологийн гол орц нь лити болчихоод байна. Цаашид ч эрэлт нь нэмэгдэх хамгийн өндөр магадлалтай таваарын эхэнд эрэмбэлэгдэж эхэллээ. Тус металлын өндөр агууламжтай литийн ион цэнэг хураагуурын зах зээл гэхэд одоогоос дөрөвхөн жилийн дараа 46.2 тэрбум ам.доллараар хэмжигдэхийг Allied Market Research-ээс тооцжээ. Дэлхийн ирээдүйн төмөр хүлэг гэгддэг цахилгаан автомашины үйлдвэрлэлд үлэмж хэмжээний лити нэхэх ба энэ төрлийн үйлдвэрлэлийн ирээдүйн боломж хөрөнгө оруулагчдын сэтгэлийг татсаар. Технологийн түүхий эд болсон лити дэлхий дахинд моодонд орж, хэд бол хэдэн тэрбумыг энэ металлд өгөхөд бэлэн хөрөнгө оруулагчид боломжийн орд, төслийн эрэлд гараад байна.

Уг нь Монгол Улс литийн багагүй нөөцтэй. Хэдийгээр бидэнд дэлгээд харуулчих, дэлхийд таниулчих тогтоосон тооцоо, нарийн нөөц байхгүй ч гэлээ Монгол Улс литигүй орон биш. Ялангуяа, вольфрам молибденитой грейзений төрлийн ордуудтай харьцуулахад литийн нөөц өндөр болохыг эрдэмтэн судлаачид хэлдэг. Тиймээс литийн үнэр авсан хөрөнгө оруулагчид Монголыг онилж, сүүлийн жилүүдэд манай орд, илэрцүүдийг сонирхоод эхэлжээ. Литийн хэд хэдэн илэрц бийгээс Увс аймгийн Завхан суманд литийн хайгуул хийж байгаа аж. Манай геологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг Geo-Info компани уг ордод хайгуул хийх тусгай зөвшөөрөлтэй. Одоогоор судалгаа, хайгуулын ажил үргэлжилж буйг Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлэв. Мөн нэг аж ахуйн нэгж өнгөрсөн онд литийн 14 мянган тонн нөөц батлуулжээ. Ийнхүү литийн үүцийг нээгээд эхэлсэн. Үүнээс гадна Дундговь аймагт байрлах Хөх дэлийн литийн ордод хайгуул хийхээр япончууд сонирхож байгаа гэх мэдээллийг зарим эх сурвалж өгч байна. Дундговь, Дорноговь, Сүхбаатар аймагт литийн илэрц тогтоогдсон. Эдгээр таамаг болон батлагдсан нөөцийг нэгтгээд үзвэл Монголд наанадаж 203 мянган тонн литийн нөөц бий гэсэн таамгийг салбарынхан тооцжээ. Ийм нөөц бий гэж үзвэл ирэх жилүүдэд Монгол Улсын төсөв, экспортын орлогод багагүй дэмжлэг болох “идэш” манайд бэлэн байна.

Учир нь лити бол хямд металл биш. Сүүлийн жилүүдэд литийн эрэлт нэмэгдсэнээр ханш нь үржихийн хүрдээр өссөн. 2013 оноос хойш Өмнөд Америкт литийн ханш 2-3 дахин өссөнийг графикаас харна уу. Эрэлт хэрэгцээ нь нэмэгдэх хэрээр хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид ч литид татагдаж байна. Литийн эрэлт 2025 он гэхэд гурав дахин өснө хэмээн дэлхийн эдийн засгийн гол сэтгүүл Economist-д мэдээлэв. Нэг тонн нь 7000-10000 ам.доллар, түүнээс ч давж өсдөг энэ металл Монголын эдийн засагт чамлахааргүй дэм болох боломжтой. Нягт багатай учир тээвэрлэхэд харьцангуй хялбар төдийгүй худалдан авагч нь ч бэлэн. Учир нь биднийг тойроод дэлхийн технологийн тэргүүлэгч гүрнүүд оршиж буй. Монголтой хил залгадаг урд хөрш гэхэд литийн дэлхийн хамгийн том хэрэглэгчийн нэг. Иймээс олборлосон литигээ хэнд худалдах вэ гэж толгой гашилгах шаардлагагүй.

• Литийн эрэлт 2025 он гэхэд гурав дахин өснө хэмээн Economist-д мэдээлэв.
• Батлагдсан нөөцийг нэгтгээд үзвэл Монголд хамгийн багадаа 203 мянган тонн литийн нөөц бий гэж таамагладаг.
• Өнөөдөр Монголтой адил түүхий эдээр орлого олдог олон орны мөнгөний шинэ эх үүсвэр нь лити болчихоод байна.


Биднийг ийнхүү газрын доор байгаа литигээ тооцож, хэмжиж ч чадалгүй суух зуур бусад улс хэдийнэ зах зээлийн эрэлтийг мэдрэн, хөдлөөд эхэлжээ. Өнөөдөр Монголтой адил түүхий Сүүлийн жилүүдэд литийн эрэлт нэмэгдсэнээр ханш нь үржихийн хүрдээр өссөн эдээр орлого олдог олон орны мөнгөний шинэ эх үүсвэр нь лити болчихоод байна. Литийн зах зээл одоогоор хэдхэн тоглогчийн гарт багтдаг. Дэлхийн таваарын зах зээлийн томоохон экспортлогчид болох Аргентин, Чили, Боливи, Австрали зэрэг улс энэ талбарт ид өрсөлдөж байгаа. Ялангуяа, Монгол Улстай урд хөршийн зах зээлд өрсөлддөг Чили улс нийт зах зээлийн 30 гаруй хувийг дангаар хангаж, зарим түүхий эдийн үнийн уналтаас алдсан орлогоо литигээс нөхөж байна. Чили литийг бараг өнгөрсөн зуунаас анхаарч эхэлсэн бөгөөд өдгөө үр шимийг нь хүртэж буй нь энэ.


Уг түүхий эд тус улсад зөвхөн экспортын орлого авчирсангүй. Хөрөнгө оруулалт, ажлын байрыг ч Өмнөд Америкийн баруун эргийн энэ улсад татаж байна. Чилийг литийн үүц болохыг ойлгосон хөрөнгө оруулагчид цэнэг хураагуурын үйлдвэр байгуулахаар хэлэлцэж буй. БНХАУ болон БНСУ-ын хөрөнгө оруулагчид хоёр тэрбум ам.долларын үйлдвэр байгуулахаар Чилийн Засгийн газартай хэлэлцээ хийгээд эхэлжээ. Эхний ээлжинд 500 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг шууд хийнэ хэмээн хоёр тал Чилийн Засгийн газарт амласан байх юм. Үүгээр зогсохгүй, цахилгаан автомашины үйлдвэрлэл литигүйгээр урагшлахгүйг ойлгосон алдарт бизнес эрхлэгч Элон Маск хүртэл Чилийг сонирхсоор. Тэрбээр Чили дэх литийн хамгийн том олборлогч SQM компанид хөрөнгө оруулах санал тавьжээ. Сүүлийн үед Чили улс шинэ нэртэй болсон.

Дэлхийн хөрөнгө оруулагчид литийг “цагаан түлш” хэмээн нэрлэж, Чили улсыг “Литийн Саудын Араб” хэмээн цоллож байна. Чилийн Засгийн газрын тооцоогоор лити тус улсад ойролцоогоор 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт авчирч, 10 мянган шинэ ажлын байр бий болгоно. Хямралын хөлд олон жил чирэгдэж буй Боливи улсыг та дуулсан байх. Ажилгүйдэл, ядуурал газар авсан энэ улсын эдийн засагт лити багагүй орлого авчирч, дэлхийн хөрөнгө оруулагчдыг Боливийн зүг татаж эхлээд байна. Ийнхүү энэ металл мөнгийг соронзон мэт татаж байна. Гэтэл цагаан таваарын нөөцтэй гэх Монгол Улс энэ дундаас хоцорсоор л сууна. Дор хаяж бидэнд дэлгээд харуулчих тооцоо судалгаа, нотолгоо ч алга. Одоо дөнгөж эрчимжиж буй литийн хайгуул, судалгааны ажилд дор хаяж 5-10 жил зарцуулна. Ингээд ашиглах, олборлох ажил өрнөнө. Энэ дунд гацаж, зогсох, удаашрах гээд уламжлалт үе шатуудыг дамжиж магадгүй. Ингээд лити олборлох салбарт бид хоорондоо хөлөө жийлцсээр суух зуур дэлхийн хувьсал, хөгжил биднийг хүлээхгүй, ашиг орлогоо олоод эхлэх нь.