A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1406/

ШХАБ руу тэмүүлэх хоёр “А”

​ШХАБ-ыг НагорноКарабахын мөргөл - дөөнийг шийдүүлэх улс төрийн тавцан болгохыг зорьж мэднэ​

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1406/

ШХАБ руу нэгдэж жинхлэе гэх уриа цууриа лалын Бүгд Найрамдах Афганистан улсаас салахаа болиод удаж байна. ШХАБ-ын саммит дөхөнгүүт л афган даяар энэ сэдвээр хэлэлцүүлэг өрнөнө. Манайх ч мөн ийм замаар орж үзсэн, жишээ нь 2018 он. Ирэх онд ч Бишкекийн саммитын өмнө мөн тэгнэ. 2015 онд уфагийн уулзалтаар гэнэт өнөөх Афганистан элсэх нь үү гэмээр мэдээлэл цацагдаж байв. Экстремизм, сепаратизмтай тэмцэх талаар Афганистан, ШХАБ-ын хоорондын харилцан ажиллагааны протоколд 2015 оны тавдугаар сард Кабулд гэнэт гарын үсэг зурсан юм. Тэр үеэр Афганистаныг ШХАБ-д жинхлүүлэх асуудал ярилцсан. Энэ байгууллагын бүрэн эрхт гишүүн болох нь Афганистаны эрх ашигт яг нийцнэ. Хэрэв өрнөд дэх түншүүд нь саад хийхгүй бол Кабул элсэхэд бэлэн байна, эдийн засгийн хувьд их хожоотой хэмээн Афганчууд үздэг болсон юм билээ. “ШХАБ-ыг Афганистан улс эдийн засгийн өнцгөөс харж байна. Яваандаа тус улс бүс нутгийн зангилаа нэг улс болж болно. Тэгснээрээ аюулгүй болон тогтвортой байдлыг хангахад их хувь нэмэр оруулна. Цаашлаад ШХАБ-ын гишүүн ихэнх орны хувьд ч гүүр болж болно. Учир нь тус улс транзитын хувьд ач холбогдол тун их” хэмээн Афганистаны худалдааны сайд Мохаммад Амин Фархан гэдэг хүн ярьж байв.

Түүний ярьснаар, Афган ба ШХАБ-ын хоорондын интеграц хэзээ мөдгүй эхлэх ба ингэснээр дэлхийд энэ орныг анхаарах шохоорхох явдал шинэ шатанд гарна гэж ойлгуулж байв. 2018 оны зургадугаар сард манайхан яг тэгж ярьж, ойлгож байсан даа. Одоо бултаараа мартчихаад Улаанбаатарын утааны тухай яриа өрнүүлээд явцгааж байна. Эдийн засгийн хувьд бус Афган-Пакистаны бүс нутгийн 2015 оны геополитикийн хувьсал л энэ орныг ШХАБ руу чиглүүлнэ хэмээн Афган эрдэмтэн Салман шейх үзсэн нь бий. Учир нь шинэ Ерөнхийлөгчийн өнгөн дээр Кабул нь исламабад руу огцом эргэсэн ба талибан хөдөлгөөнийг номхруулахад өмнөд хөрш Пакистанаа түших болсноор ШХАБ руу аяндаа хандахаас аргагүй болох юм. Учир нь Энэтхэгтэй зэрэгцүүлээд өрсөлдөгч Пакистаныг нь ШХАБ-д жинхлүүлж байгаа бол Пакистаны талыг баримтлагч Ерөнхийлөгч Ашраф Гани Ахмадзай зуурсаар байгаад араас нь ШХАБ руу орохоос аргагүй. Өрнөдийг баримжаалсан өмнөх Ерөнхийлөгчийн өнгөн дээр талибантай арван хэдэн жил байлдаад дийлсэнгүй. Харин энэ удаа ШХАБ-д элсэж, гео эдийн засгийн лут төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэн геополитикийн ялалт байгуулна гэж тэр нөхөр үзэж байсан аж. Шинэ Ерөнхийлөгч Ахмадзай бол бүс нутгийн ойрын тоглогчид болох Пакистан, Хятад, Энэтхэг, Ирантайгаа харилцаагаа хөгжүүлэхийг зоригч, НАТО-гийн ISAF (International Security Assistance Force) хэмээх олон улсын энхийг сахиулах хүчнийг гаргаж дууссаны дараах бодит аюулыг мэдрэгч хүний хувьд “Пакистан ба ШХАБ” гэсэн гадаад бодлогын шинэ чиглэл гарган, мөрдөж эхэлжээ.

Хэзээнээс геополитикийн хүчтэй өрсөлдөөний талбар болсоор ирсэн Афганистаныг ШХАБ-д жинхлүүлснээр тэрхүү өрсөлдөөний эрч суларна. Улмаар тогтвортой байдал дээрдэнэ хэмээн Афган нөхөд хэлж ярьж байсныг ор тас үгүйсгэмгүй. Өмнө нь цэргийн хүчээр энхийг тогтоож байсан ISAF-ыг бодохул ШХАБ нь Афганистаны нөхцөл байдалд тэс өөрөөр нөлөөлнө гэж үзэж байна. 1997 оны Орос-Хятадын байгуулсан Москвагийн тунхаглал (олон туйлт ертөнцийн тухай), 2001 оны ОХУ, БНХАУ-ын Сайн хөрш, найрамдал, хамтын ажиллагааны тухай гэрээ гэхчлэн тулгуур баримт бичгүүдэд бүс нутгийн аюулгүй байдлыг дэмжин сахиулах системийг зааж өгснийг Афганчууд 2015 онд гэнэт уухайлан эшлэж байсансан. Ардчиллыг өргөжүүлэн, дэглэмүүдийг солих замаар аюулгүй байдал тогтоодог Америкийн концепц Афганистанд хэрэгжсэнгүй, “Арабын хавар”ын дараах Арабын орнуудад ч биеллээ огт олоогүй тул ШХАБ руу хандахаас аргагүй гэх дүгнэлт хийсэн нь ч анхаарал татаж байлаа. Ерөөсөө АНУ, НАТО-гийн хүчнийг гаргасны дараах Афганистаны аюулгүй байдлын том хар ангалыг ШХАБ-аар нөхүүлэх, хамаг ачааг үүрүүлэх далдын төлөвлөгөө явж байж магадгүй юм. Хэрэв Афганистан ба ШХАБ-ын хооронд жинхэнэ интеграц хөгжүүлэх бол эхлээд Талибаныг энэ улсын нийгмийн амьдралаас бүрмөсөн устгаж арилгах ёстой, хар тамхины тариалангийн ургацаараа ДНБ-ээ бараг тэр чигт нь босгож буй эдийн засгийн тогтолцоогоо орвонгоор нь өөрчлөх ёстой. Гэтэл энэ бүхнийг ШХАБ хийхээр очих гэж үү? Афганистанд буян үйлдэж гишүүнээр авах гэхээсээ хар тамхины зөөвөр, шашны экстремизмд өөрсдөөр нь хяналт тавиулж, дараа нь хариуцлага нэхэхийн тулд ШХАБ руу татаж оруулахыг зорьж байж болно. Хэрэв тэгж элсүүлбэл АНУ, НАТО-гийн цэргийг нутагтаа байрлуулсан ШХАБ-ын анхны бүрэн эрхт гишүүн улс болж таарна. АНУ, НАТО-гийн цэрэг гишүүн улсынх нь нутагт байж болно гэдгийг ШХАБ-ын бусад гишүүн орон хүлээн зөвшөөрөх анхны тохиолдол болно. Гэвч тэгтлээ ч их удна даа. Орос тэгүүлэхийг шахна, Хятад огтоос хүсэхгүй.

• Эдийн засгийн хувьд бус Афган-Пакистаны бүс нутгийн 2015 оны геополитикийн хувьсал л Афганистаныг ШХАБ руу чиглүүлнэ хэмээн эрдэмтэн Салман Шейх үзсэн нь бий.

• “Лалын улс”-ын opлoгo эрс татарч, 2014 оныхоосоо 10 дахин унасан учраас одоо хууль бус бизнесээр л голоо зогооно.

• ШХАБ нь хүнд суртлын байгууллага, гишүүдээр эгнээгээ тэлээд байх бус ерөөсөө шинэчлэгдэх ёстой, иймийн тулд хоёр талынхаа хэлхээ холбоог бэхжүүлээд явах ёстой гэсэн үзэл Бакуд түгээмэл

Афганистан нэр холбогдох өөр нэг ноцтой асуудал бас бий. ШХАБ-ын Бүс нутгийн терроризмтой тэмцэх бүтцийн гүйцэтгэх хорооны дэд захирал Жумахон гиесов гэдэг хүний мэдэгдэл л дээ. Олон улсын терроризмтой тэмцэхэд хууль бус зэвсэг нийлүүлэлтийг эсэргүүцэх тухай олон улсын бага хурал дээр тэрээр ярихдаа “лалын улс” гэх лалын террорист бүлгийнхэн өөрийн дайчдаа Орос, Европ, Азийн орнууд руу шилжүүлэн байршуулах гэж байна гэжээ. “Лалын улс” нь Сири дэх Засгийн газрын хяналтын нутаг дэвсгэрээс хөөгдөөд гарч байгаа ч хүчээ дахин бүлэглэж, гадаад дахь үүр хороодоо идэвхжүүллээ. “Лалын улс”-ын эмхлэн байгуулсан хорлон сүйтгэх-алан хядах бүлгүүд Европ, Төв Ази, Зүүн Өмнөд Ази, Орос руу тархлаа хэмээн гиесов анхааруулжээ. ШХАБ-ын энэ даргын анхааруулгыг ОХУ-ын БХЯ нотлоогүй, харин гадаад тагнуулын албаны тусгай зориулалттай төвийн нэгдүгээр орлогч дарга Сергей Кожетев энэ талаар аль нэг улсыг нэр заалгүйгээр хэвлэлийн хурал дээр мэдэгдэж сануулжээ. Харин Британийн Батлан хамгаалахын сайд Гэвин Уильямсон Гиесовын анхааруулгаас түрүүлээд нотолчихсон.

Тэгэхдээ бүр Афганистан дахь “лалын улс”-ын аюул гээд шууд нэрлэчихсэн юм. “Лалын улс”, “Aль-Каеда” зэрэг террорист бүлгүүд ойртон нэгдэх гэж байгаа нь глобал шинэ аюул болж магадгүй. Тэд нэгдсэнээр “Гибрид террорист холдинг” байгуулж, тэгснээр хүчирхэг нөөц бааз, тогтворгүйжүүлэгч ноцтой хүчин болно гэсэн үг. ӨӨөрөөр хэлбэл, терроризмтой хийх тэмцэлд шинэ арга барил боловсруулах шаардлага тулгарлаа. Террорист аюул ийнхүү глобалчлагдах нь зарим улс орны удирдлагын байр суурийг сулруулах нь тодорхой. Афганистанд можахедуудад найдлага тавиад, дараа нь “Аль-Каеда”-г буй болгочихсон, тэр нь 2001.09.11-нд АНУ-д террорист халдлага үйлдсэн, Ирак, Сирийн дотоод хэрэгт оролцоод “Лалын улс”, “Жабхат-Ан-Нусра”-г буй болгочихсон хэмээн Сергей Кожетев анхааруулга өгчээ. “Лалын улс”-ын opлoгo эрс татарч, 2014 оныхоосоо 10 дахин унав. 2014 онд гурван тэрбум ам.доллар байсан санхүүгийн орлого нь одоо 200-300 сая ам.доллар байна. Нефтийн орд бүхий газруудаа алдсан учраас одоо тэд хууль бус бизнесээр л гол зогооно, мөнгө угаана.

Ирак, Сири, мөн Афганистан дахь хар тамхины зөөврийн зарим гарц сувгуудыг тэд булаан авч магадгүй хэмээн ОХУ-ын холбооны аюулгүйн албаны шуурхай мэдээлэл, олон улсын харилцааны албаны дарга Сергей Беседа мэдэгдсэнийг энд эшлэх нь зүйтэй байх. Ийнхүү Иракт ялагдаад дууссан, Сириэс хөөгдөн гарч байгаа “Лалын улс”-ынхныг Европ, Еврази, Ази руу тараах хоёр л суваг бий. Туркээс цаашаа Европ руу, Пакистанаар дамжаад Афганистанд хүрч, тэндээс хойшоо гарах гэсэн хоёрхон маршрут байгаа юм. Өөрөөр хэлбэл, энэ бүхний цаана ШХАБ-д жинхлэе гээд байгаа, ШХАБ-д Монголтой зэрэгцээд ажиглагч байгаа Афганистан л яригдаад байна. Дараа нь бас нэг идэвхтэй улс ШХАБ-д анхаарал хандуулан одоо ид ажиллаж байгаа нь Азербайжан. “Гурван хорт хүчин”-тэй тэмцэнэ: Терроризм, сепаратизм, экстремизм-гэх энэ заалтыг гол болгон ШХАБ-д ажиглагч болох өргөдлөө өгөөд шийдүүлж чадаагүй, гэвч ажиглагч болохын төлөө цуцалтгүй ажиллаж буй. Циндаогийн саммитаар шийдүүлчихнэ хэмээн горьдож байсан хэмээн оросын эрдэмтэн Ф.Ибрагимов ярьсан нь ч оргүй биш байх. Циндаогийн саммитаас өмнөх үйл явдлаас сөхье.

2018 оны хавраас Азербайжаны хэвлэл мэдээллээр эл сэдэв ихээхэн шуугиан тарьжээ. Тус улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хикмет Гажиев “Азербайжан нь ШХАБ-тай хамтран ажиллахад ихээхэн ач холбогдол өгч байна” хэмээн мэдэгдэж, “Тус улс ШХАБ-д элсэнэ” хэмээн үндэсний ШУА-ийнх нь Кавказ судлалын хүрээлэнгийн хэлтсийн эрхлэгч Лилия Мирзазаде зарлаж байв. Тэгэх тусмаа Азербайжаныг ШХАБ-д ажиглагч гишүүний статустай болохоор өргөдлөө өгсөн хэмээн БНХАУ-ын дарга Ши Жиньпин зарласан, үүгээр Баку «Дорно зүг рүү эргэлээ» гэхчлэн ярьж бичсэн явдал олширчээ. Тус улс 25 жилийн турш сепаратизмд нэрвэгдэж хэлмэгдлээ. Хэрэв ШХАБ-д элсэж чадвал дэлхийн ийм жинтэй том тавцангаас Арменд улс төрийн ээлжит дарамт шахалт үзүүлж чадна. ШХАБ-ын гишүүн болж гэмээнэ мэдэгдэм үр дүнд хүрнэ, одоогийнх шиг яриа хэлэлцээний түншийн статустай байгаад юунд ч хүрэхгүй бөгөөд терроризмд нэрвэгдэж байна. Ойрх дорнодод нөхцөл байдал тогтворгүй, Сири, Иракт иргэний дайнтай, гэтэл азербайжанаас очсон баахан иргэд нь террорист бүлгүүдэд хуваагдан радикал, хэт даврагч болоод тулалдаж байна, тэд эх орондоо эргэж ирлээ гэхэд террорист халдлага үйлдээд эхэлнэ, хэдийгээр Азербайжаны тусгай алба Орос, Ираны коллегтойгоо хамтраад амжилттай ажиллаж байгаа ч гэлээ тус улс ШХАБ-д элсэхгүйгээр амжилт олоход хэцүү ажээ.

Ер нь ШХАБ хэтдээ байлдааны ажиллагаа явуулах цэргийн эвсэл болоосой гэх Азербайжаны далд хүсэл байх магадлалтай. ШХАБ-ын үйл ажиллагааны гол чиглэл нь терроризмын эсрэг тэмцэх явдал. Терроризм ба экстремизмийн аливаа явуулгад “тэглэх тэвчээр”-ийн зарчим (принцип “нулевой терпимости”) баримтална. Терроризмтой тэмцэх талаар цогц ажил явуулах нь ШХАБ-ын үйл ажиллагааны чухал гол чиглэл хэвээрээ байна. “Тэглэх тэвчээр”-ийн талаар консенсуст хүрсэн, терроризм ба экстремизмийн аливаа явуулгад зөвтгөл гэж байхгүй хэмээсэн ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Рашид Алимовын мэдэгдэлтэй Азербайжаны хүсэл зорилго яг нийцэж байгаа мэт. ШХАБ-ыг азербайжан гадаад бодлогынхоо нэг тэргүүлэх чиглэл болгон, шаргуу ажиллаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр мэдээ үе үе тархдаг. Үүний нэг жишээ бол 2018 оны намар тус улсын гадаад хэргийн сайд Эльмар Мамедъяровын Бээжинд ноён Рашид Алимовтой хийсэн хэлэлцээ. Гадаад улс төрийн бодлогынхоо хөгжилд нэг том алхам хийлээ гэснийг нь бодохул гарах үр дүнг бэлээхэн хэлээд өгчих шиг. ШХАБ-ын гишүүн орнуудын гадаад хэргийн сайд нарын дараагийн хуралдаанаар ажиглагч болохыг хүссэн өргөдлийг нь хүлээн авахаар болжээ. Нэг үгэндээ өргөдлөө өгчихлөө гэсэн үг. Тус улс яриа хэлэлцээний түнш болох үйл явцаа 2016 онд баталгаажуулж, одоо шат ахиж статусаа нэмэгдүүлэхээр болж байна.

Тус улсыг энэ байгууллагад элсүүлэхгүй, ойртуулахгүй, ашиггүй хэмээн үздэг азерууддаа томхон цохилт болох алхам хэмээн тэд өөрсдөө үзэж байна. ШХАБ нь хүнд суртлын байгууллага, гишүүдээр эгнээгээ тэлээд байх бус ерөөсөө шинэчлэгдэх ёстой, иймийн тулд хоёр талынхаа хэлхээ холбоог бэхжүүлээд явах ёстой гэсэн үзэл Бакуд түгээмэл байгаа аж. Ильгар Велизаде гэх улс төр судлаач ШХАБ-ыг ингэж тодорхойлжээ. ШХАБ бол Паназийн чиглэлтэй байгууллага. Үндсэн оролцогчид нь азийн төв-зүүн хэсэгт төвлөрч байна. Азербайжан бол ШХАБ-ын үндсэн төвөөс хэт алслагдсан. ШХАБ-тай Баку хамтран ажиллаад ашиг хүртэх магадлал бага. Эдийн засгийн үүднээс авч үзвэл ШХАБ-ыг тааж цөхөөд байх зүйлгүй. Хятадын хамгийн өргөн хүрээтэй дэд бүтцийн санаачилга болох “Торгоны зам”-ын эдийн засгийн бүслүүр байгуулахад ШХАБ-ын гишүүд нь данслагдсан гэжээ. Азербайжаны өнцгөөс ШХАБ-ыг хэрхэн ойлгодог нь бас сонирхол татахаар юм. Эвлэршгүй өрсөлдөгчид хамтран ажиллаж болдог тавцан буюу жишээ нь Энэтхэг, Пакистан хоёр бүрэн эрхт гишүүн нь болчихсон гэж нэг хардаг. Армен, Азербайжаны хэн хэн нь потенциал бүхий гишүүн, бараг 30 жил Нагорно-Карабахыг тойрч байлдсан, цэрэг хуримтлуулсан, одоо ганц шүдэнз асаахад л дуусна. Ереваны хувьд ОДКБ ба Евразийн эдийн засгийн холбооны гишүүн, ШХАБ-д оролцох нь өргөн хүрээтэй интеграцын үйл явц руу хийх бас нэг логик алхам нь болно.

Азербайжаны хувьд одоогоор Евразийн эдийн засгийн холбоог хүсэмжлэхгүй байгаа, Арментай зэрэгцээд нэг бүтцэд орох хүсэлгүй. гэтэл одоо Баку ШХАБ дахь статусаа дээшлүүлэхээр зарчмын хувьд шийдвэр гаргалаа. Арментай зэрэгцэхгүй гэсэн тэр хүслээ ШХАБ дээр гаргаж тавихгүй. Хэтдээ бүрэн эрхт гишүүн нь болно гэх тооцоотой. Зарим шинжээчийн үздэгээр ШХАБ-д тус улсыг Хятад лоббидож байгаа ба ноён Мамедъяров Бээжинд ирээд Дорно-Өрнө, Умард-Өмнөд, Өмнөд-Өрнө гэх Бакугийн оролцоотой тээврийн коридорын тухай ярьсан нь санаандгүй явдал биш. Энэ нь дэлхийд нөлөө бүхий байгууллагын дотоод үйл явц руу нэвтрэх төдийгүй, азийн зах зээлд гарах, хэтдээ өвөр Кавказ руу ШХАБ-ыг татах алхам байж болох юм. ШХАБ дахь статусын төлөөх өрсөлдөөнд Азербайжаны араас Армен элдэж яваа. Тус байгууллагад ажиглагч гишүүн болох гэсэн Ереваны өргөдлийг Бээжинд хаалт тавьсан гэх мэдээ тархсан. Харин Орос алдагдсан тэнцвэрийг хэвийн болгохын тулд Арменыг лоббидож мэдэх юм. Карабахын чиглэлд Азербайжан, Армены байр суурийг ШХАБ ойртуулж чадах уу гэдэг эгзэгтэй асуудал бий. Энэ хоёр улс хоёулаа ЕАБХАБ-ын гишүүд. ШХАБ-ын тэрхүү зарчмууд ЕАБХАБ-ын тунхагладаг зарчмуудтай агаар нэгэн буй. Тэгэхлээр ШХАБ-ын тавцанг Нагорно-Карабахын мөргөлдөөнийг шийдүүлэх улс төрийн тавцан болгож ашиглахыг зорьж болно.

A

Жижиг

A

Дунд

A

Том

“ЖДҮ”-чин гишүүд шинэ дуулианыг сэвж буйн шалтгаан

ЖДҮХС-гийн хэрэгт шинэ шуугианаар хуучин дуулианыг дарах технологи ашиглана

 0 сэтгэгдэл


Өөрийнхөө алдааг дүйвүүлэхийн тулд бусдыг муулдаг арга өнө эртнээс өнөөг хүртэл улбаалсныг монголчууд сайн мэднэ дээ. Басхүү хулгайч хүн бусдаас чангаар “хулгайчийг бариарай” гэж хашхирдаг гэдэг.

Балаг нь дарагдах биш цагийн эрхээр дурайтал тодорсон жишээ ч олон бий. Үүнийг бид “даравч дардайна, булавч бултайна” гэх товч үгээр зүйрлэн хэлдэг. Ялангуяа, улс төрийн хүрээнд өөрсдийн бурууг нуухын тулд өрсөлдөгчийнхөө алдааг сөргүүлэн дэлгэдэг арга бат суурьшин нутагшсан. Наад зах нь эрх барьж буй нам өмнөхөө харлуулж рейтингээ өсгөх тактик барьсаар ирсэн нь Монголын Улс төрд шалгарсан ноу хау болоод байна.

Харин сүүлийн үед дуулианыг шуугианаар дарах оролдлого улс төрийн гол технологи болжээ. Үүний тод илрэл ЖДҮХС-г цөлмөгчдийн хэргийг замхруулах учиртай төлөвлөгөө.

УИХ дахь МАН-ын бүлгийн хагарал дээд цэгтээ хүрэх үед гарч ирсэн “60 тэрбумын хэрэг” гэх дуулианыг намжаахын тулд ЖДҮХС-тай холбоотой хэргийг дэлгэх болсон нь үнэн билээ.

УИХ-ын гишүүд ЖДҮХС-гаас мөнгө авсан шуугиан өнөөдөр дуулиант хэргийн тоонд баттай жагсаж, зээл авсан, нөлөөлсөн гишүүд нь ч эхнээсээ тодорсоор байгаа. Тус хэргийг 50 байцаагч, 20 прокурор оролцсон ланжгар бүрэлдэхүүн гурван сарын турш мөрдөн шалгаж байна.

• ЖДҮХС-гийн эсрэг дуугарсан намын нөхдөө нам дарж авсан тэд “Б” төлөвлөгөөнийхөө дагуу Хөгжлийн банкны төслүүдийг хөөрөгдөхөөр бэлтгэж эхэллээ. 

• Сөрөг хүчин ЖДҮХС-тай холбоотой хэргийг МАН-ын “зодоон”-оос тусад нь авч үзэхээ илэрхийлж хаврын чуулганаар хэлэлцэхээр зэхэж буй нь “ЖДҮ”-чин гишүүдэд аюулын харанга дэлдэв. 

• МАН-ынхан алдсан нэр хүндээ өсгөдөггүй юмаа гэхэд өмнөх эрх баригчдын рейтингийг унагаах нь ирэх сонгуулийн гол бэлтгэл.

Мөрдөн байцаалтын явцад УИХ-ын олон гишүүний нэр уг хэрэгт холбогдож зарим нь парламентын гишүүний эрхээ хасуулах дээрээ тулж ах нарынхаа ачаар аврагдсан нь парламентын түүхэнд хар толбо болон үлдлээ. Прокурорын зүгээс УИХ-ын дөрвөн гишүүнийг ЖДҮХС-гийн хөрөнгийг мөнгө угаахад зарцуулсан гэдгийг нотлох баримттай нь гаргаж эрхийг нь түдгэлзүүлэн шалгахаар танилцуулсан боловч халдашгүй байдлын дэд хорооны дүгнэлтээр тэднийгээ ил цагаанаар авч үлдсэн.

Дахиад таван гишүүнийг ЖДҮХС-тай холбоотой хэрэгт нь шалгах хүсэлтэй байгаагаа Ерөнхий прокурор мэдэгдэж буй энэ цаг үед хэргээ дарах шуугиан бодож олох нь “ЖДҮ”-чин гишүүдийн туйлын хүслэн болов. Өөрөөр хэлбэл, өөрсдөөс нь илүүтэй дуулианыг босгож сэвэх “Б” төлөвлөгөөндөө шамдлаа. ЖДҮХС-гийн эсрэг дуугарсан намын нөхдөө нам дарж авсан тэд “Б” төлөвлөгөөнийхөө дагуу хөгжлийн банкны төслүүдийг хөөрөгдөхөөр бэлтгэж эхэлжээ. Ирэх хаврын чуулганаар АН-ыг УИХ-д бүлэггүй болгож дуу хоолойг нь намсгах бодлого ч үүний нэг салбар төлөвлөгөө юм.

“МАН мартавч, мань мартахгүй” гэдэг үг сошиалд хүчээ алдаагүй хэвээр

Сөрөг хүчний зүгээс ЖДҮХС-тай холбоотой хэргийг МАН-ын “зодоон”-оос тусад нь авч үзэхээ илэрхийлэн хаврын чуулганаар хэлэлцэхээр зэхэж буй нь “ЖДҮ”-чин гишүүдэд аюулын харанга дэлдэх мэт сонсогдон бачимдаж байгаа биз. Тиймдээ ч хаврын чуулганаас өмнө ЖДҮХС-гийн дуулианыг дарах шинэ шуугиан гаргаж ирэхээр давчдаж байгаа нь энэ буюу. Нөгөөтэйгүүр, МАН-ынхан алдсан нэр хүндээ өсгөдөггүй юмаа гэхэд өмнөх эрх баригчдын рейтингийг өөрсдийнхдөө дөхүүлэх нь сонгуульд ойролцоо санал авах эцсийн найдвар хэмээн тооцоолж байгаа нь ч илт.

“ЖДҮ”-чин гишүүдийн булхай мартагдахын сацуу намын нэр хүндээ аварна гэдэг яаж ч бодсон МАН-ынханд ашигтай төлөвлөгөө. Тийм ч учраас “ЖДҮ”-чин гишүүд шинэ шуугианыг сэвж, олон нийтэд дэвэргэхээр өндөлзөн сууна. Сэвэх, шивэх хөлсний бичээчид ч даалгавраа хүлээн “гарааны зурхайд” хэл амаа шилэмдэн байна. Яг л нийслэлийн нэгэн прокурорын хууль бусаар авсан газруудыг хотын захирагч хураах дуулиан дэгдээд эхэлмэгц сошиалаар нийслэлийн Засаг даргыг бэлгийн өөр чиг хандлагатай мэтээр гүтгэж шуугиан дэгдээж нам дарсан шиг. Үүнийг олны дунд уусгах тактик буюу нийтийн анхаарлыг өөр тийш шилжүүлэх технологи хэмээвэл зохилтой. Хэдий чинээ олон сенсаац дэгдээнэ төдий чинээ өмнөх дуулиан бүдгэрдгийг өмнөх жилүүдэд сошиалаар хөвөрч эцэстээ “зэвэрсэн” сэдвүүд харуулсан болохоор тэд амжилттай болно хэмээн горьдлого тээн амьсгаа даран хүлээж сууна. Харин үүндээ Монголын эдийн засагт жинтэй нэмэр болсон хөгжлийн банкны зээлийг “барьцаалах” нь шал өөр явдал гэдгийг ухаарахгүй байгаа бололтой.

Нотлох баримттай, ноогдох ял нь тодорхой болсон ЖДҮХС-гийн хэрэгт холбогдсон гишүүд “арьсаа” хамгаалах сүүлийн найдвар сошиалд шинэ сенсаац дэгдээж өөрсдийгөө мартагнуулах явдал болоод байна. Гэвч “МАН мартавч, мань мартахгүй” гэдэг үг сошиалд хүчээ алдаагүй байгааг сануулах юун.

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Дэггүй” гишүүдийн цалинг хасч шийтгэх нь өөрийгөө хуурснаас ялгаагүй

Дэгийн тухай хуульд хариуцлагын хатуу заалт оруулах ёстой гэв

 0 сэтгэгдэл


Хуралдах ёстой хугацааныхаа 30 хувьд нь ажиллаж, хууль тогтоох процесс хэвийн үргэлжлэх боломжгүй хэмжээнд тулсан УИХ-ын намрын чуулган завсарлаад удаагүй байна.

Ээлжит чуулганы туршид үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг үймж бужигналдсан парламентын гишүүд ирэх хаврын чуулганаас шинэ дэгээр хуралдана. Шинэ дэгийн тухай хуульд тусгах шинэ зүйл нь гишүүд хурууны хээгээр санал өгч, асуудалд хамааралгүй сэдвээр үг хэлэхийг хориглож, хуралдаандаа оролцохгүй бол цалингаа хасуулах зэрэг зохицуулалт юм. Парламентын нэр хүнд шалны алчуур мэт газарт унаж, төрөө хүндлэх иргэдийн итгэлийг бууруулж буйн буруутан нь хуульд биш гишүүдэд байгаа цагт дээрх зохицуулалт үр дүнгээ өгөх эсэх нь эргэлзээтэй. Тухайлбал, ажилдаа ирээгүй гишүүний цалинг хасах. Угаасаа уихын гишүүнийхээ цалинг авах шаардлагагүй, авдаггүй гэдгийг өөрсдөө зарлаж явдаг хүмүүстэй ийм хариуцлага тооцно гэдэг өөрөө өөрийгөө хуурсантай адил. Түүний оронд нэг жилийн хугацаанд хуралдсан хуралдааны 50 хувьд суугаагүй бол уихын бүрэн эрх нь дууссанд тооцно гээд оруулчихвал арай үр дүнтэй болох буй за. Хариуцлагын хүчтэй заалтууд бүхий хуулиар л “дэггүй” гишүүдийг хариуцлагатай болгох нь ойлгомжтой.

Намрын чуулганы сүүлийн хуралдаанаар шахам томилогдсон шинэ спикерийн эхний ажил нь парламентын эвдэж нурсан эв зүйг олох гэхэд хилсдэхгүй. Тиймдээ ч УИХ-ын дэгийн тухай хуулийн хэрэгжилт, бусад орны туршлага, түүнийг нэвтрүүлэх боломжийн талаар хэлэлцүүлэг  зохион байгуулсан юм.

Энэ үеэр УИХ-ын дэгийн тухай шинэ хуулийн талаар парламентын өмнөх удирдлагууд хэрхэн дүгнэж, ямар байр суурьтай байгааг тодрууллаа. 

УИХ-ын дарга асан Р.Гончигдорж: Үг хэлэх эрхийг цөөнхөд давуу өгөх ёстой

1996-200 оны парламент олонход үүргээр олгогдсон эрхийг цөөнх зөрчиж болохгүй нь ямар чухлыг харуулсан парламент байсан. тэр үед 50 гишүүнтэй олонхыг 25 гишүүнтэй цөөнх хуралдах огт боломжгүй болгож байв. Түүнээс болж үндсэн хуульд өөрчлөлт оруулсан юм. Харин бусад үед бүлгийн санхүүжилт, үг хэлэх эрх зэрэг цөөнхөд илүү эрх мэдэл олгож байх ёстой.

УБХ, УИХ-ын гишүүн асан, Үндсэн хууль судлаач Ц.Товуусүрэн: Гишүүд үг хэлэхдээ индэрт гардаг байх хэрэгтэй

Парламентын индрийг хэрүүлийн талбар болгож тодордог, орчин үеийн хэллэгээр попордог байдлыг гаргахгүйн тулд шаардлагатай зохицуулалтыг дэгийн тухай хуульд тусгах ёстой. УИХ-ын гишүүн чуулганы танхимд аливаа асуудлаар үг хэлэхдээ индэрт гарч хэлдэг баймаар байна. Гэтэл одоо суудал дээрээсээ төгсгөл ч байхгүй, агуулгагүй юм яриад сууж байна. Босож ярьж байгаа хүн асуудалд хариуцлагатай ханддаг. Суугаа ярьдаг учраас бие биенээ доромжилдог, хаа хамаагүй юм хамж ярьдаг.

УИХ-ын дэд дарга асан Л.Цог: Хуралдаан бойкотловол хариуцлага тооцдог болъё

Гишүүд маш үлгэргүй байна. Төрийн нууц, хувь хүний нууцыг задалдаг боллоо. Дэгийн хуульд үүнийг нарийн тооцож, гишүүдийг эргүүлэн татах хүртэл арга хэмжээ авдаг болмоор байна. Мөн цөөнх болсон гишүүдийн үгийг сонсох асуудал. Энэ нь намын цөөнх биш. Тухайн асуудлаарх байр суурийн цөөнх. Яагаад гэвэл олонх дандаа зөв байна гэж байхгүй. Мэдээлэл, ойлголт буруу бол шийдвэр буруу л гарна. УИХ-ын гишүүн, сайдуудын амнаас үндсэн хуулийг либераль аргаар тайлбарлах санаа гардаг. Өөрсдөдөө ашигтайгаар үндсэн хуулийг тайлбарладаг явдал гаргахгүй байх хэрэгтэй. Түүнчлэн хуралдаан бойкотлодог байдлаар улс төр хийх тохиолдолд хуулиар хариуцлага тооцох хэрэгтэй.

УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл: Гишүүд салан задгай байдлыг өөгшүүлсэн заалтыг авч хаях хэрэгтэй

УИХ-ын үйл ажиллагаанд гишүүдийг салан задгай болгосон заалт дэгийн тухай хуульд байна. Тодруулбал, 4.11 дэх заалт. Өглөө ирээд ирцэд бүртгүүлчихсэн гишүүнийг бүтэн өдөржин байгаагаар тооцдог. Гэтэл тэр нөхөр өглөө чуулганы танхимд орж ирээд түүнээс хойш байдаггүй л байхгүй юу. Санал өгөхөд бас л өөрөө байхгүй, өмнөөс нь “тийм санал өгөөрэй гэсэн” гээд кнопыг нь дарчихдаг хүнтэй. Тиймээс салан задгай, өөрийгөө сул хаясан энэ 4.11 дэх заалтыг авч хаях ёстой гэж бодож байна. Гишүүдийн ирц бүрдэхгүй байгаа нь сайдууд давхар дээлтэй байгаатай холбож тайлбарладаг. Энэ бол арав гаруй гишүүний л асуудал. Гэтэл бусад гишүүн хаачив. УИХ-ын гишүүн багшлахаас бусдаар ажил эрхэлж болохгүй гэсэн хуулийн заалттай. Гэтэл давхар олон даргын ажлыг өөртөө авчихдаг. Баахан төрийн бус байгууллага, холбоод, нутгийн зөвлөлийн дарга нь би байна гээд сууж байдаг. Үүнийг дэгээр хязгаарламаар байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ч.Хүрэлбаатар: Хоёр сангаас зэрэг зээл авсан 319 компани илэрсэн

Мал хамгаалах сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан 2012 оноос хойш 938.8 тэрбум төгрөг зарцуулжээ

 0 сэтгэгдэл


Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн дуулианаас үүдэн Засгийн газрын тусгай сангуудад хийсэн шалгалт дууссан ч, дүнг танилцуулах хугацаа, зээлдэгчдийн нарийн мэдээлэл өгөхийг бас л хойшлууллаа. Бас л гэж тодотгосны учир нь Сангийн яамнаас хийсэн шалгалт дуусаад бараг нэг сар болж байгаа ч, Засгийн газар хуралдсан долоо хоногийн лхагва гараг бүрт “ирэх долоо хоногт ил болгоно” гэж салбарын сайд нь өчсөний гурав дахь нь өчигдөр байв. Тэрбээр “Шалгалтын явцад нэг аж ахуйн нэгж гурван сангаас зэрэг зээл авсан тохиолдол гарлаа. Мөн хоёр сангаас зэрэг зээл авсан 319 компани байна.

Компаниуд зээлээ төлөхгүй байсан ч Монголбанкинд бүртгэгддэггүй учраас зээлийн эргэн төлөлт удааширч байсан. Төрийн сангуудад төлөгдөөгүй хугацаа хэтэрсэн 130 орчим тэрбум төгрөг байсныг сүүлийн 1-2 сард 100 орчим тэрбум төгрөг болгон буурууллаа.

Тариалан эрхлэлтийг дэмжих сан байгуулагдсанаас хойш гэхэд л 16,000 гаруй аж ахуй нэгж хоёр ба түүнээс дээш удаа зээл авч байсан. Энд нэг сангаас зээл авч нөгөө сангийн зээлийг төлдөг байдал байж. Зээл олгодог сангуудаа голлон шалгасан бөгөөд зарим санг татан буулгах саналаа Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Дараагийн долоо хоногийн хуралдаанаар шийдвэр гарсны дараа тодорхой мэдээлэл өгье" гэлээ.

Тариаланг дэмжих сан, Мал хамгаалах сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан 2012 оноос хойш 938.8 тэрбум төгрөгийн дэмжлэгийг иргэн, аж ахуйн нэгжүүдэд олгожээ. 2017 оны эцсийн байдлаар 395.3 тэрбум төгрөгийн авлагатай, 133.7 тэрбум төгрөгийн өглөгтэй гэсэн дүн гарчээ.

Тариаланг дэмжих сан өнгөрсөн есдүгээр сарын 31-ний байдлаар 141.1 тэрбум төгрөгийн өглөгтэй, 131.9 тэрбум төгрөгийн авлагатай байгаа бөгөөд хугацаа хэтэрсэн найдваргүй 72 тэрбум төгрөгийн зээлтэй байна. Мал хамгаалах сангийн хувьд зээлийн журам боловсруулж мөрдөөгүй, зарим аж ахуйн нэгж, иргэн, байгууллагад зээлийг олон дахин олгодог, авсан зээлээ төлөөгүй байхад нь хүртэл дахин зээл олгосон ноцтой зөрчил илэрсэн байна.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн олгосон 17 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хангалтгүй. Санхүүгийн дэмжлэгийн хэмжээг их хэмжээгээр хэтрүүлэн олгосон, дэмжлэг авсан иргэдээс төслийн явцын болон гүйцэтгэлийн тайлан авдаггүй, хуваарийн дагуу төлөлт хийдэггүй учир авлага өсөх хандлагатай гэж дүгнэжээ. Харин боловсролын зээлийн сан болон суралцагч, захиалагчийн хоорондын гэрээнд суралцагч үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлага тодорхой бус байгаа нь төлбөр эргэн төлөгдөхгүй удаашрахад нөлөөлж байна.

Тусгай сангуудын олгох зээлийн хүү банкны зээлийн хүүгээс доогуур учир арилжааны банкууд зээлийн эх үүсвэрийг урт хугацаагаар байршуулж ашиг олж байх магадлалтай хэмээн шалгалтын хэсэг дүгнэснийг Ч.Хүрэлбаатар сайд Засгийн газрын хуралдаанд танилцуулсан аж.

Энэ үеэр түүнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Урьдчилсан байдлаар ямар сангуудыг татан буулгах санал боловсруулсан бэ?

-Зарим сангуудын татан буулгах саналаа танилцууллаа. дараагийн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэхээр нэртэй нь зарлана.

-Хичнээн санд шалгалт хийсэн бэ?

-Засгийн газар зээл олгодог сангуудыг голлон шалгасан. Бусад сангуудын гүйлгээг төрийн сангаас аваад харах боломж бий. Иймд зээл олгодог сангуудаас гол зөрчлүүд илэрдэг.

-Гурван сангаас зэрэг зээл олгосон асуудалд хэчнээн тэрбум төгрөгийн зөрчил илэрсэн бэ. Ийм зээл авагсдыг зарлаж болох уу?

-Шийдвэр гарахаар хэлнэ. Олон жилийн турш хуримтлагдсан асуудал үүнд бий. Засгийн газрын хуралдаанаар нэг бүрчлэн нухацтай хэлэлцэж байж шийдвэр гаргах учиртай.

-ЖДҮХС-д улстөрчдийн оролцоо байсан нь ил болсон. Шалгалт хийсэн бусад сангуудад улстөрчдийн оролцоо байв уу?

-Шалгалтын дүнг ил болгоно. Гэхдээ Засгийн газрын хуралдаанаар орсны дараа мэдээллийг ил тод өгье.

A

Жижиг

A

Дунд

A

Том

ШХАБ-ын эргэн тойронд

ЭЗХА-ны интеграцидаа эхлээд жинхлэх, дараа нь ШХАБ-д элсэх тухай ярилцах нь оновчтой шийдэл

 0 сэтгэгдэл


Монгол Улсын Ерөнхийлөгч, ШХАБ-ын ээлжит уулзалтад оролцохынхоо өмнө “ШХАБ-ын хамтын ажиллагаанд шат ахиулна” хэмээн Чиндаогийн саммит дээр амласан үгэндээ тохирсон хариу бэлдэх шаардлагатай болсон юм байна гэж ойлголоо. Ээлжит саммит энэ оны зургадугаар сард Бишкект болно. Гэхдээ монголчуудын хувьд энэ уулзалт чухал биш, 2020 онд болох Челябинскийн ШХАБ-БРИКС л онцгой ач холбогдолтой гэдгийг онцолмоор байна. Миний хувьд геополитик судлаач биш, гэхдээ Оросын геополитикийг бага зэрэг сонирхдогийн хувьд хэлэх үг, үзэл бодол байна. Түүнийгээ товч өгүүлэхийн тулд энэ нийтлэлийг тэрлэлээ. Дэлгэрэнгүй мэдэгдэхүүнийг ганц нийтлэлийн хүрээнд олж авах боломж байхгүй, мэдээллийн өргөн цар хүрээтэй сэдэв шүү дээ. ШХАБ-д шат ахиулан элсэх талаар миний бодлыг сонирхсон, ихэд хүссэн уншигчдын асуултуудад хариу өгч чадаагүй яваагаа энд бас хамтатгаж байгааг минь хүлээн авна уу.

“Бүсийн”, “эвсэл” гэсэн статустай ШХАБ дэлхийн геополитикд гарсан өөрчлөлт, цаашдын чиг хандлагыг дагуулан, стратегийн бодлого, зорилтоо эргэн харах, зарим чиглэлд шат ахиулан өөрчлөх шаардлагатай тулгарч байгаа бололтой. Энэхүү үүссэн бодит байдлаас үүдэн түүний хүрээнд багтаж байгаа улс орнууд ч ялгаагүй байр сууриа маш тодорхой авч үзэх нь зайлшгүй юм. ШХАБ-ын Төрийн тэргүүнүүдийн зөвлөл (30 улсын) дээр ийм яриа үүссэн бололтой бөгөөд ажиглагчийн статустай орнуудад энэ чиглэлийн тодорхой мэдээлэл ирсэн нь дамжиггүй. Үүнтэй учир холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс ШХАБ-ын зарим улс орнуудтай, ялангуяа хойд хөрштэйгөө нягт хамтран ажиллах чиглэлд статусаа шат ахиулах байр суурьтай буйгаа илэрхийлсээр байгаа. Засгийн газар ч нэгдмэл байр суурьтайг дашрамд дурдъя.

ОХУ-тай хамтран хэрэгжүүлэх том том төслүүд Монголын ард түмэнд, бидний хойч ирээдүйд асар их ач холбогдлоо өгөх боломжтой нөхцөлүүд юм. Энэ нөхцөлүүд нь гагцхүү ШХАБ-д Монгол Улс бүрэн эрхт гишүүнээр элсэн орсон нөхцөлд л хэрэгжих үндэслэлтэй бөгөөд ялангуяа, сүүлчийн саммитын үеэр болсон уулзалтууд дээр маш тодорхой илэрхийлэгдсэн. Монгол Улсын Засгийн газраас нэгэнт тавьж байгаа том амбицтай бодлогууд, олон тэрбумын төслүүд, зарим хөтөлбөр, Оросын нефть, хийн хоолойг Монголоор дайруулан тавих аварга төсөл ШХАБ-ын хүрээнээс гадуур хэрэгжих боломжгүй гэдгийг ямар нэг утгаар Монголын талд ойлгуулахыг оролдсон байгаа. Сайн судлаад байхаар энийг шахалт, тулгалт гэж үзэж бас болохооргүй юм. Энэ бол асуудлын эерэг тал нь. Өөр нэг маш чухал, сөрөг гэмээр хүчин зүйл байгаа. Энэ нь дэлхийн нэгэн туйлт удирдлага үндсэндээ задарч Америк, Орос гэсэн хуваагдал үүслээ. Монгол Улс төвийг сахих санал өгсөн, тэр нь хүчин төгөлдөр байгаа. Хэрэв ШХАБ-д шат ахих санал гаргах л юм бол төвийг сахисан бодлого няцаагдах юм. Европын Холбоо ч нэгэн туйлт удирдлагаас үндсэндээ татгалзаж буйгаа хэлсэн. Чиндаогийн саммиттай зэрэгцээд өндөр хөгжилтэй долоон гүрэн (G7) бүрэн форматынхаа хүрээнд уулзалт хийсэн ч олигтой юм болоогүй, хэрүүл хараалаар үргэлжилж, Трамп хурлыг хаяж гарсан. Түүний дараа Герман, Франц тэднийг дагалдан Норвеги, Австри зэрэг нөлөө бүхий орнууд Азитай хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах арга замыг эрж, сүвэгчилж эхэллээ. Европын Холбооноос Их Британи гарах асуудал ч туйлын ээдрээтэй болж байна. Ийнхүү дэлхийн нэг төвт удирдлага задрах процесс бодитой болчихлоо. Үйл явц цааш яаж ч өрнөж мэднэ, сөрөг гээд байсан хүчин зүйл маань эерэг болон эргэхийг ч үгүйсгэхгүй.

Дэлхийн геополитик түргэн өөрчлөгдөж байгаатай уялдуулан ШХАБ, Чиндаогийн саммитаас нэгэн маш чухал баримт бичиг тунхагласан ба тэр нь ШХАБ- ын Шинэ үзэл баримтлал боловсруулах шаардлагын тухай юм. Энэ нь БРИКС-тэй хамтын ажиллагаагаа уялдуулан өргөн программаар довтлох стратегийн бодлого билээ. Энэ бодлогоо 2020 оны Челябинскийн саммитаар батламжлах бололтой. БРИКС гэж юуг хэлээд байгааг дор өгүүлэх болно. Харин энд гурван зүйл дээр ойлголтын зөрүүгээ нэг мөр болгож, асуудалд маш нухацтай хандах шаардлага байгаа тухай хэлье.

1. ШХАБ нь дотроо гурван том форматтай, түүний гагцхүү нэг нь ШХАБ гэж нэрлэгдээд явааг эхлээд ойлгох ёстой. Энэ нь одоогоос 18 жилийн тэртээ ШХАБ эхлээд үүссэнтэй холбоотой бөгөөд, харин БРИКС, Еврaзийн ЭЗХА-ны интеграци хэмээх блокууд сүүлд үүссэн юм. Манайх ШХАБ ба ЭЗХА-ны интеграцид ажиглагчийн статустай, харин БРИКС (хамгийн чухал блок)-д контактын түвшний статустай байгаа юм. Яг эндээс харахад ШХАБ-д элсэхгүйгээр хамтын ажиллагаандаа шат ахиулах боломж их байгаа.

2. ШХАБ-д Монгол Улс жинхэнэ гишүүнээр элсэнэ гэж хэн ч, хаана ч хэлээгүй. Одоо юу юугүй элсчих гээд сандаргаад байгаа юм шиг хэвлэлээр шуугиад байгаа нь улс төр, аль эсвэл ард олны санаа бодлын тандалт байх. Ажиглагчийн статусыг шууд жинхлүүлэх боломж байхгүй. Учир нь ШХАБ-д жинхэнэ гишүүнээр элсэхийн тулд Монгол Улс Меморандум гаргаж, өргөх ёстой. Үндсэндээ болзол гэсэн үг бөгөөд үүнийг ШХАБ судалж үзэн дараагийн саммитаараа буюу хоёр жилийн дараа шийдвэр гаргадаг. Меморандумаа өргөн барьчихаад элсэж чадаагүй найман жил болж байгаа улс ч байна. Яах вэ, Монгол Улсыг яаралтай горимоор элсүүлж болно гэсэн Захирлуудын зөвлөлийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа, тэглээ ч хоёр жилийн дотор шийдэгдэх эрх зүйн орчин байхгүй. Бодох цаг хангалттай байна гэсэн үг.

3. ЭЗХА-ны интеграцид жинхэнэ гишүүнээр элсэхгүйгээр ШХАБ-д элсэх боломж байхгүй. Тэгэхээр ЭЗХА-ны интеграцидаа эхлээд жинхлэх, дараа нь ШХАБ-д элсэх асуудлаа ярилцах нь хамгийн оновчтой шийдэл байх болно. Ийм хандлага нь ШХАБ-д элсэх чиг хандлагаа алдаагүй, нөгөө талаасаа шат ахисан бодит байдал болох юм.

Шат ахисан байр суурь гэдгийг доорх гурван зүйлээр ойлгож болно. Үүнд: 

1. Ажиглагчийн статусаас бүрэн эрхт гишүүнээр элсэхээр Меморандум өргөх. Монгол Улсын Ерөнхийлөгч Чиндаогийн саммит дээр үг хэлэхдээ ард түмнээр хэлэлцүүлж эхэлсэн тухайгаа  илэрхийлсэн. Энэ нь байж болох асуудал, учир нь ШХАБ-ын эдийн засгийн хамтын ажиллагааны программ нь 2023 оноор дуусгавар болж, шинэ программын асуудал мөдхөн яригдана. Гэхдээ дахин гурван жилийн төлөвлөгөө гэгчийг гаргахаар Чиндаогийн саммитаар тохиролцоцгоосон нь энэ байгууллагын 20 жилийн ойн босгон дээр шинэ программ дэвшүүлэх гэж байгаа нь тодорхой юм. Энэ стратегийн чанартай баримт бичиг нь гишүүн орнуудын Меморандумаас үндсэндээ бүрдэл болдог. Меморандум гэдэг нь гишүүнд элсэхдээ тухайн орноос өргөсөн санал (үндсэндээ болзол) байдаг юм байна. Меморандумыг ард түмнээс санал аван хэлэлцүүлж болно, тэгэх нь ч дээр. ШХАБ-ын Хартид зааснаар бол гишүүнээр элсэх санал гаргаснаас хойш хоёр жилийн дараа элсүүлэх асуудлыг хэлэлцдэг юм байна. Гэхдээ Энэтхэг (oдоо гишүүн), Монгол Улс хоёрыг онцгой авч үзэх талаар Төрийн Тэргүүнүүдийн Зөвлөл (ТТЗ)-д гаргасан Путиний санал хүчин төгөлдөр хэвээр байгааг бас харгалзах л байх. ШХАБ-д жинхэнэ гишүүнээр элсэхийг энэ удаа түдгэлзвэл яасан юм бэ гэж хэлэх гээд байна л даа.

• ШХАБ-д жинхэнэ гишүүнээр элсэхийг энэ удаа түдгэлзвэл яасан юм бэ. 

• Дэлхийн нэгэн туйлт удирдлага үндсэндээ задарч, Америк, Орос гэсэн хуваагдал үүслээ. 

• ОХУ-тай хамтран хэрэгжүүлэх том том төслүүд Монголын ард түмэнд асар их ач холбогдолтой.

Mеморандумаа бид боловсруулан 2020 оны шинэ үзэл баримтлалд нэгдэн орно гэдгээ илэрхийлэхэд л том шат ахилт юм. Болгоомжлол талаасаа ч биш, маш энгийн, зүгээр л шинэ программын зорилтуудыг нь хүлээвэл яасан юм бэ. Гэхдээ ард олны санал хуваагдмал байгааг тооцох ёстой бөгөөд геополитик судлалын хэдэн мэргэжилтнүүдтэйгээ хэлэлцвэл оновчтой шийдэл гарах байх. Амбийц эмоци, хуучин Ерөнхийлөгч нарын ятгалга энэ бүгд асуудлыг шийдэх арга механизм биш. ШХАБ- ыг удирдсан улс орнуудын ажлыг эгнээ өргөтгөсөн эсэхээр дүгнэдэг, түүнд бас хөтлөгдөх учир байхгүй ээ. Энэ оны зургадугаар сараас 2020 он хүртэл ШХАБ- ыг ОХУ удирдана, 2020 оны Челябинскийн саммитаар түүхэн программ дэвшүүлэх юм билээ. Тэнд харин Меморандум өргөвөл нэр хүндтэй юм биш үү гэж бодно, яарвал даарна. ШХАБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга В.Норовтой маш сайн санал солилцох ёстой байх.

2. Евразитай нягт хамтран ажиллах, ялангуяа ЭЗХА-ны интеграцид хамрагдах санал. Энэ санал ШХАБ-д элсэхээ илэрхийлээгүй нөхцөлд биелнэ гэдэг хүндрэлтэй, гэхдээ ШХАБ-ын стратегийн зорилтыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын оролцоо тун чухал. Монгол Улсын оролцоогүйгээр зарим зорилт нь хэрэгжих бодит үндэслэл муутай байгаа нөхцөл үүсчихсэнийг бас харгалзах байх. Энэ тухай доор өгүүлэх болно. Дэлхийн геополитикийг даган ШХАБ-ын суурь зарчмыг өөрчлөх зайлшгүй шаардлагатай болсон гэж судлаачдын үзэж  байгааг үндэслэвэл энэ нь шинээр үүссэн бодит байдалтай гарцаагүй холбоотой болж таарч байгаа. Өөрөөр хэлбэл, ШХАБ-ыг өөрчлөх бодит байдал үүсчээ гэсэн үг л дээ. Үүнтэй холбогдуулан Монгол Улс ШХАБ-д элсэн орохын өмнө ЭЗXA-ны хүрээнд 14 жил ярьсан зарим асуудлыг бодит ажил болгох тухай конструктив (ШХАБ-ын орнуудын дэмжлэгтэйгээр) санал тавих асуудал байгаа. Чиндаод энэ санал хэсэгчилсэн байдлаар тавигдаж, ялангуяа ОХУ-аас Хятад руу татах газрын тос, шатдаг хийн хоолойг Монгол Улсаар дайруулан тавих асуудлыг хөндсөн. ОХУ- ын Ерөнхийлөгч В.Путин шийдвэртэйгээр дэмжин хүлээж авсан нь монголчуудын олон жилийн мөрөөдөл биелэх боломж нээлттэй байгааг нотоллоо. ЭЗХА- ны интеграцийн түвшинд оролцож, хамтран ажиллах тодорхой төсөл дээр хүсэлт гаргaчихаад жилийн дараа больё, больё гэж хэлэх боломж, эрх зүйн нөхцөл аль нь ч байхгүй. Тэгэхээр Монгол Улс ЭЗХА-ны интеграцид ажиглагчийн байр сууринаас шат ахиж, жинхэнэ гишүүнээр элсэх санал тавихаас өөр гарц үлдээгүй, тэгэх нь ч зөв. Ийм санал нь Орос, Хятадыг холбосон Эдийн засгийн хөгжлийн коридорын бүтээн байгуулалтад ч том түлхэц болно. ЭЗ-ийн хөгжлийн коридор бол ОХУ-ын санаачилга, Нэг зам-Нэг хөгжил нь Хятад улсын санаачилга, талын зам төсөл нь манай улсын санаачилга. Гэхдээ аль нь эхэлж давамгайлан хөгжих нь хоёр хөршийн маань хоорондын хамтын ажиллагаанаас хамааралтай болов уу гэж боддог. Мега төсөл дагасан асуудлыг бас тооцох ёстой. Хожмын өдөр эдийн засгийн хараат байдалд орчих эрсдэлээс зайлсхийхийн тулд БРИКС банкнаас төслийн санхүүжилт авах санаачилга гаргавал зөв байх.

3. БРИКС-тэй нягт хамтран ажиллах байр сууриа илэрхийлэх ёстой. Хөгжингүй их гүрнүүдийн нэгдэл гэж сүрдэх хэрэггүй, Монгол жижиг орон юм уу. Хэн тэгээд хэлчихсэн юм бэ. БРИКС блокт нэгдэхдээ хөгжлийн том жижгийн критерийг үндэслэл болгоогүй, байгалийн баялгийг суурь үзүүлэлт болгосон нь тодорхой байдаг. Тэгэхээр Монгол Улс байгалийн баялгаараа түрээ барин тэнд ажиглагчийн статустай суухыг эрмэлзэх ёстой. Тэр цагт алт, зэс, үнэт болон ховор металлын дэлхийн үнэ тогтоолтод саналтай, суудалтай болох Монголын мөрөөдөл биелэх болно. Энэ бол Монгол Улсын хөгжил, мандан бадралтад шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх болно, нэр хүнд ч өснө.

БРИКС БОЛ G7-ТОЙ ӨРСӨЛДӨХ ЗОРИЛГООР БАЙГУУЛАГДСАН ФОРМАТ

БРИКС гэж юу вэ.

BRICS гэдэг нь анх блокийг үүсгэн байгуулсан Бразил, ОХУ, Энэтхэг, Хятад, ӨАБНУ- ын нэрнийх нь эхний үсгийн нийлүүлэг. АНУ-ын нэрт эдийн засагч Жим О`Нил английн bricks буюу тоосго гэсэн үгийг билэгдэн үсгийн дарааллыг байрлуулсан түүхтэй. БРИКС нэгдэл өнөөдөр дэлхийн зах зээлд эрчим хүчний 20 хувь, цайг бараг бүхэлд нь, маргенцийн 90 хувь, хромын 60 хувь, алтны 50 хувь, алмаазны 20 хувийг хянаж байна. БРИКС ойрын ирээдүйд залуусыг татах, шинжлэх ухааны ололтыг эрчимжүүлэх, дэлхийн зах зээлийн санхүүгийн хяналтыг гартаа авах, гишүүн орнуудынхаа ядуусыг дундаж давхаргад оруулах, анагаах ухааныг шинэ шатанд гаргах амбийцтай зорилт тавин эрчимтэй хэрэгжүүлж байна. Дэлхийн хөгжил Ази руу чиглэж байгаа нь бодитой болсоор байна. Залуу эрдэмтдийн том том нээлтүүдийг чөлөөтэй туршаад эхэлчихлээ. BRIKS+YES хэмээн шуугиж байна. “Еэс” гэдэг нь “ЗА” гэсэн үг, нөгөө талаас Youth Expert Society гэсэн утга юм.

ШХАБ-ЫН ЭРГЭН ТОЙРОНД

Анх 2001 онд байгуулагдсан бүс нутгийн чанартай энэ эвсэл анхнаасаа цэрэг дайны эвсэл байсангүй, харин ч гишүүн орнуудын хил орчмын цэргийн контингетийг буулгах зорилго тавин алхам алхмаар хэрэгжүүлсээр ирсэн цэрэг, эдийн засгийн дундаж байр суурийг баримталсан хүчирхэг холбоо юм. Нийтдээ 34 сая.кв.км талбайг эзэлсэн, дэлхийн хүн амын талыг өөртөө багтаасан тийм том эвсэл энэ дэлхийд ШХАБ-аас өөр байхгүй. ШХАБ-ын ЭЗХА-ны гол чиг шугам нь дэлхийн худалдаанд зонхилж, паритет (purchasing power parity)-ыг байлдан дагуулах зорилго байлаа. Энэ зорилгоо амжилттай хэрэгжүүлсэн төдийгүй одоо энэ үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байна. Цаашдын ЭЗХА- ны гол чиглэл нь “зам харилцаа, эрчим хүч мөн” гэдэг дээр эргэлзэх хэрэггүй. Учир нь ШХАБ-ын гишүүн том гүрнүүд нь эдийн засгийн суурь бүтцээ (infrastructur) эрчим хүч, зам харилцаа хэмээн зарлачихсан ба тэр чиглэлээ хатуу баримталдаг онцлогтой. ЭЗХА-ны стратегийн хувьд ОХУ, БНХАУ-ын хооронд зарчмын зөрүүтэй үзэл баримтлал байсаар ирсэн. Путин, Ши Жиньпин нарын уйгагүй оролдлого, санал санаачилгын үр дүнд нэгдсэн дүгнэлт, механизмд хүрч чадсан болох нь Путиний Австрид айлчлахдаа хэлсэн үг, ORF-д өгсөн ярилцлага, Путины БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр хийсэн мэдэгдлүүд болон Чиндаогийн саммитын явцаас харахад тодорхой байна. ШХАБ нь газар нутгийн хувьд харьяаллаа эрчимтэй тэлэх, БРИКС нь шинжлэх ухааны ололт, санхүүгийн шинэ системийг нэвтрүүлэн дэлхийн эдийн засгийг бүхэлд нь хянах, Евразийн ЭЗХА- ны интеграци нь худалдаа, зам харилцааг эрхшээлдээ оруулах стратегийн том амбийцтай хэтийн төлөв гарган ажил үүргээ ч ялгаж салган хуваарилж авсан бололтой. Энэ бүхэн 2020 оны Челябинскийн Саммитын үед тодорхой болно.

“Орчин үеийн заналхийллийн эсрэг хамтын хүчээр (консолидаци) сөрөн зогсож шинжлэх ухааны ололт, эдийн засгийн хүчин чадлаар хүч түрэн давамгайлах болно” гэж В.Путин итгэлтэйгээр хэлээд авсан. Энэ юу гэсэн үг вэ гэхээр ганц туйлт удирдлага үеэ өнгөрөөж байна гэсэн үг.

ШХАБ-ын гаргаж байгаа мэдээлэл, санал солилцол тоймгүй их. Зөвхөн 2016-2018 оны хооронд 871 хурал, 363 уулзалт, 327 арга хэмжээ болоод өнгөрчээ. ТАСС- аар дамжуулан өдөрт дунджаар долоон мэдээ цацагдаж байна. ШХАБ-ын ажиллагаатай дэлгэрэнгүй танилцах ёстой геополитик судлаачид “ШХАБ ОРЧИН ЦАГИЙН ДЭЛХИЙД” гэдэг том хэмжээний бүтээлтэй танилцсан байх аа гэж итгэж байна. Эх сурвалжийн эмхэтгэл шүү, танилцаж амжаагүй бол заавал танилцаарай.