A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1286/

Эдийн засаг найман хувиар өснө гэдэгт итгэлтэй байна

Хамгийн гол нь орлогын тооцоолол болгоомжтой бас өөдрөг байх ёстой

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1286/


Засгийн газрын өргөн барьсан 2019 оны төсвийн төслийн эхний хэлэлцүүлгийг УИХ хийсэн. Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай ирэх оны төсвийн талаар ярилцлаа.

-2019 оны төсвийн төслийг хэлэлцэж эхлэхээс өмнөхөн Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банк Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн төлөвийг танилцуулсан. Гэхдээ Сангийн яамны танилцуулсан төсөөлөлд найман хувь байхаар тусгасан нь харьцангуй өндөр үзүүлэлт юм. Энэ талаар яриагаа эхэлье?

-Олон улсын банк, санхүүгийн байгууллага манай эдийн засгийн төсөөллийг хамгийн эрсдэл багатайгаар хийдэг. Өмнө нь ч бага хэмжээнд тооцож байсан. 2018 оны төсөөллийг бид дөрвөн хувь байхаар тооцож байхад Дэлхийн банк болон Азийн хөгжлийн банк гурав орчим хувь байхаар тооцсон. Гэтэл 2018 оны эхний хагас жилийн байдлаар 6.3 хувийн өсөлттэй гарсан төдийгүй бид оны төгсгөлөөр найман хувьд хүрнэ гэж үзэж байна. Энэ байгууллагууд мэдээж болгоомжтой үзсэн байх. Харин бид Засгийн газрын тооцоондоо итгэлтэй байгаа.

-Тэнцвэржүүлсэн орлогын төсөөллийг 9.6 их наяд буюу 2018 оны түвшинтэй харьцуулахад 2.4 их наядаар нэмэгдүүлэн тусгажээ. Уул уурхайн салбарын өсөлт үргэлжлэх болон татвар, гаалийн шинэчлэл хийснээр орлого нэмэгдэнэ гэж тооцоолсон байна. Аль нь илүү их нөлөөтэй байх бол. Мөн ингэж тооцоолсны шалтгаан нь юу вэ?

-Ашигт малтмалаас орох орлогыг 1.2 их наяд орчим байхаар тооцоолсон. Эдийн засгийн 3.8 хувийн өсөлтийн үр дүнд орлогыг 690 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэж тооцоолсон. Мөн импортын өсөлт сайн байгаа тул 500 гаруй тэрбум төгрөг олохоор тусгасан. Түүнчлэн 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс татварын багц хууль хэрэгжих тул үүнээс 110 тэрбум төгрөг нэмж орно гэж үзсэн. Харин гаалийн шинэчлэлийн хүрээнд зургаан боомтын нэвтрэх чадвар, хяналтыг сайжруулж, гарч байгаа баялгаа бүрэн тооцдог болох тул орлого ч нэмэгдэнэ.
Бүтээн байгуулалтын зардлууд гадаадын зээлд тулгуурлана

-Нүүрсний экспортыг 42 сая тоннд хүргэхээр тусгажээ. Хяналт сайжруулах болон боомтууд дээр ямар тооцоолол гаргасан бэ?

-2018 оны эхний дөрвөн сард улс төрийн асуудлаас шалтгаалан нүүрс нэлээд муу үзүүлэлттэй байлаа. Харин Ерөнхий сайд У.Хүрэслсүхийн БНХАУ-д хийсэн айлчлалын дараа экспортын хэмжээ эрс нэмэгдсэн. Одоо хоногт 1400 орчим машин гарч байгаа хандлагыг хадгалахын зэрэгцээ гаалийн хяналтын шинэчлэлийн ачаар 42 сая тоннд хүргэх боломжтой.

-Том төслүүдэд буюу Тавантолгой төсөлд IPO хийхээр ярьж байгаа. Мөн дэд бүтэц болон төмөр замын хэд хэдэн чиглэлийг баталсан. Эдгээрийн хэрэгжилт ирэх оны төсөвт ямар байдлаар туссан бэ?

-Төслүүдээ хөдөлгөж эхэлнэ гэж тооцоолсон. Мэдээж бүх зүйл жигдрэх хугацааг харгалзсан учир эдийн засгийн өсөлтийг 8-10 хувь дотор тооцсон. Хэтэрхий өөдрөгөөр явж болохгүй тул найман хувийн тооцоо гаргасан ба зарим нь 10 хувь байхаар гарч байгаа. Хамгийн гол нь орлогын тооцоолол болгоомжтой бас өөдрөг байх ёстой. Засгийн газар сайн ажиллавал өсөлт бий болж, төсвийн орлого бүрдэнэ.

-Төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, татаас шилжүүлэг ангиллын төсөөллүүдийг өсгөсөн байна. Үүнийг тодруулахгүй юу?

-2019 онд цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхэд нийт 720 гаруй тэрбум төгрөг суулгасан. Мөн 1.3 их наядын хөрөнгө оруулалтын зарлагын голлох хэсэг нь сургууль цэцэрлэгүүд болон эмнэлгийн хөрөнгө оруулалт хийх, утааг бууруулах бодлогод тулгуурласан. Үүнээс гадна гадаадын зээлийн ашиглалтыг сайжруулах болон усан хангамжийг сайжруулах, Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах зэрэг арга хэмжээнүүдийг санхүүжүүлнэ. Ерөнхий сайдын АНУ-д хийсэн айлчлалын хүрээнд цэвэр усны асуудлыг сайжруулахаар олгож буй 350 сая ам. долларын буцалтгүй тусламжийн хүрээнд бүтээн байгуулалтууд хийнэ. Мөн төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх зэрэг том ажлууд бий. Төв цэвэрлэх байгууламжийн шинэчлэлийг БНХАУ-аас авах 300 сая ам.долларын зээлээр хэрэгжүүлнэ. Бас газрын тосны үйлдвэр барих зардал болон Налайх, Дарханы чиглэлийн замыг дөрвөн эгнээ болгоход зарцуулах зэрэг бүтээн байгуулалтын зардлууд гадаадын зээлд тулгуурлаж байна. Түүнчлэн шинэ нисэх буудлыг ашиглалтад оруулах зэрэг олон зардал зээлийн хөрөнгөд суулгаснаас гадна сургууль цэцэрлэг, эмнэлгүүд барих хөрөнгө оруулалтыг зохицууллаа. Мөн орон нутгийн хөрөнгө оруулалтыг ч нэлээд нэмсэн.
• Хөрөнгө оруулалтаар эхлүүлсэн ажлыг олон жил дамнуулах бус санхүүжилтийг нь хийж, нэг, хоёр жилийн дотор ажлаа дуусгах бодлогыг ирэх жилээс эхлэн баримталж байна.
• Төсвийн хөрөнгө оруулалтыг тодорхой салбарт, тодорхой асуудал руу чиглүүлэх нь үр дүнтэй байдаг.
• Гаднаас хөрөнгө оруулалт татах бүх боломжийг олгох зохицуулалт татварын хуулийн төсөлд бий.

-Төсвийн хөрөнгө оруулалтад 1.3 их наядыг төсөвлөсөн гэж дурдлаа. Энэ нь дотоодын бизнесийн орчныг дэмжих хөрөнгө оруулалт шүү дээ. Үүний зарцуулалтын хяналт ямар байх вэ. Мөн энэ намрын чуулганаар тендерийн хуулийг хэлэлцэх гэж байгаа. Энэ талаар бодлоо хуваалцахгүй юу?

-Тендерийн маргаан нэлээд гарч, хуулийн дагуу шийдэгддэг асуудал бий. Сангийн яам судалж үзээд энэ хуульд өөрчлөлт оруулахаар УИХ-д өргөн мэдүүлсэн. Хууль батлагдвал тендерийн маргаан нэлээд цэгцэрнэ. Хөрөнгө оруулалт хийгээд эхлүүлсэн ажлыг олон жил дамнуулах бус нэг, хоёр жилийн дотор санхүүжилтийг нь хийж, ажлаа дуусгах бодлогыг энэ жилийн төсвөөс баримталж байна. Төсвийн хөрөнгө оруулалтыг тодорхой салбарт, тодорхой асуудал руу чиглүүлэх нь нэлээд үр дүнтэй байдаг. Тухайлбал, энэ жил гурван ээлжээр хүүхдүүд хичээллэдэг, азын сугалаагаар цэцэрлэгт ордог байдлыг шийдэхийн тулд хөрөнгө оруулалт хийж байна. Харин арга замын хувьд тендер зарлана. Түүнээс гадна энэ жил концесс байхгүй. Тэр тусмаа цаашид барьж, шилжүүлдэг концессоос татгалзаж байна. Харин барьж, ашиглах, шилжүүлэх концесс үргэлжилнэ.

-Ирээдүйн өв санд энэ онд 500 гаруй тэрбум төгрөг хуримтлуулахаар төсөвт төлөвлөсөн байна. Үүнд хуримтлах активыг ямар үр ашигтай байдлаар байршуулах вэ?

-Энэ мөнгийг 2030 он хүртэл зарцуулахгүй. Өөрөөр хэлбэл, энэ онд 500 тэрбум төгрөг, дараа жил нь нэг их наяд гэх байдлаар 2030 он хүртэл цуглуулж авчихаад түүнийгээ эргэлдүүлнэ. Гэхдээ эхний 500 тэрбум төгрөгийг эргэлдүүлж хуримтлал бий болгоно. Энэ төрлийн олон улсын сангууд яаж ажилладаг, тэр жишгээр явна гэсэн үг. 2030 оноос цааш энэ мөнгийг эргэлдүүлж, олсон мөнгөө зарцуулж эхлэх логиктой хууль юм.

-Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн хөрөнгийг ипотекийн хөтөлбөртэй уялдуулах бодлого хэдэн жилийн өмнө яригдаж байсан. Ипотекийн зээлийн хөтөлбөрийн санхүүжилтийг хэрхэн шийдэх вэ?

-Ирээдүйн өв санг 2030 оноос ашиглана. Өнөөдөртөө Хүний хөгжил сангийн нэг их наядын өрөө 2019 онд төлж барагдуулна. Харин ирээдүйд баялгийн сангийн жишгээр явна. Сингапурын Тимасек, Норвегийн баялгийн санг сайн судалж байгаа.

-Гадаад зах зээлээс хувийн хэвшил хөрөнгө оруулалт татах ямар боломжийг олгох вэ. Тухайлбал, Хаан банк 120 сая ам.долларын зээлийн эх үүсвэрийг бий болгож чадлаа. Гэвч татварын зардлыг хөрөнгө оруулалт авах тал нь хариуцдаг. Тухайлбал, энэ татварын зардал дээр ямар хөнгөлөлт байгаа бол?

-Одоогоор гаднаас хөрөнгө оруулалт татахад 10 хувийн татвар авдаг. Үүнийг Сангийн яам тэглэе гэдэг байр суурийг нэлээд хөндсөн. Гэхдээ энэ нь татварын орлогыг хэт бууруулахаар хуулийн төсөлд тусгалаа. Татварын шинэ багц хуульд энэ талаар тусгасан. Гаднаас хөрөнгө оруулалт татах бүх боломжийг олгох зохицуулалт татварын хуулийн төсөлд бий. Хаан банктай адилаар Хөгжлийн банк энэ чиглэлд ажиллаж байгаа.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хороон даргыг иргэд шууд сонгох өөрчлөлтийг Үндсэн хуульд санал болгоно

Үндсэн хуульд өөрчлөлт оруулснаар сонгуулийг ямар ч тогтолцоогоор явуулах боломж бүрдэнэ

 0 сэтгэгдэл


Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар сонгуулийн хуулиуд яаж өөрчлөгдөх талаар УИХ-ын гишүүн асан, хуульч Ж.Сүхбаатартай ярилцлаа.

-Үндсэн хуульд сонгуулийн тогтолцоог яаж өөрчлөхөөр төлөвлөж байгаа вэ?

-“Сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно”, “Сум, дүүргийн Засаг даргыг иргэдээс шууд сонгоно” гэсэн сонгуулийн хууль тогтолцоотой холбоотой хоёр заалтыг одоо хэлэлцэж байгаа. Мөн сонгуультай хамаарахгүй ч гэсэн сонгуулийн тодорхой хэлбэрийг ашиглаж байгаа нэг заалт бий. Тэр нь аймаг, нийслэлийн ИТХ-ыг сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид дотроос сонгож, бүрдүүлэхээр заасан. Яг энэ хэлбэрээрээ үндсэн хуульд өөрчлөлт орвол сонгуулийн хуулиудад томоохон өөрчлөлт оруулах боломж бүрдэх юм.

-Тодруулбал, ямар боломж бүрдэнэ гэж?

-Тухайлбал, үндсэн хуульд сонгуулийн тогтолцоог хуулиар тогтооно гээд баталчихвал хувь тэнцүүлсэн болон можаритар аргыг дангаар болон холимог байдлаар хэрэглэх боломжтой болно. 2016 онд УИХ-ын сонгуулийн хувь тэнцүүлсэн тогтолцоог үндсэн хуультай зөрчилдөж байна гээд Цэцээс тайлбар хийж, Монгол Улс зөвхөн можаритар аргаар сонгууль явуулах ёстой гэсэн ойлголтыг хуульчдад өгчихсөн. Харин би үүнийг өөрөөр ойлгодог. ҮХЦ-ийн тайлбарын дүгнэлт хэсэгт тийм зүйл тусгаагүй. Зөвхөн үндэслэлдээ л дурдсан учраас тэр тайлбар бүхэлдээ ядмаг болчихсон юм. Одоо сонгуулийн тогтолцоог хуулиар тогтооно гээд өөрчлөхөөр тогтолцоогоо органик хуулиараа тодорхойлох боломжтой.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд уих-ын сонгуулийн тогтолцоог нэг тойрог, 76 мандат гэсэн хувилбараар өөрчлөх санал байгаа нь олон ойлгомжгүй байдлыг бий болголоо. Энэ хэр оновчтой хувилбар вэ?

-Үндсэн хуульд ямар өөрчлөлт орсноос хамаарч сонгуулийн тухай хуулиудыг өөрчлөх нь тодорхой. УИХ-аас байгуулсан ажлын хэсгийн түвшинд Засгийн газраас санал авах төсөлдөө ийм хувилбарыг санал болгосон. Мэдээж хуучнаараа явж болохгүй гэдгийг ойлгосон учраас хууль зүйн болон сонгуулийн тогтолцоо, төрийн тогтвортой байдал, эдийн засаг талаас нь шинэ хувилбар эрэлхийлсэн юм болов уу гэж харж байна. Үүнийг УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх үеэр тодорхой ярих байх.

-Сум, дүүргийн Засаг даргыг иргэд шууд сонгох заалт байгаа. Гэтэл аймаг, нийслэлийн ИТХ, Засаг даргыг хэн сонгож томилох юм бэ?

-Ийм заалт байгаа. Гэхдээ минийхээр бол сум, дүүрэг бус сум, хорооны ИТХ-ыг иргэд шууд сонгох нь зөв юм. Иргэдийн амьдралд хамгийн ойр ажиллаж байгаа засаг захиргааны нэгж гэдэг утгаараа иргэд шууд сонгох нь зөв. Нийслэлд гэхэд л нэг хороо таван сумын хүн амтай тэнцэж байна. Энэ үүднээсээ хорооны удирдлагыг шууд сонгох нь иргэдэд ашигтай. Харин дүүргийн ИТХ-ыг сум, хорооны иргэдийн нийтийн хурлаас томилж болно.

Сонгуулиас жилийн өмнө хуульд өөрчлөлт оруулахгүй гэдэг том дэвшил

-Хорооны Засаг даргыг иргэд сонгодог тогтолцоо одоо ч үйлчилж байгаа. Энэ хангалтгүй юу?

-Одоо хорооны даргыг иргэд сонгож байгаа нь үнэн боловч жинхэнэ утгаараа сонголт биш болчихоод байна. Нэг намын хэдэн хүн юм уу, нэг даргын ойрын хүрээллийнхэн хорооны иргэдээс нууцаар цуглаад иргэдийн нийтийн хурал гэгчийг хийж хорооны даргад нэр дэвшигчийг тодруулж сум, дүүргийн Засаг даргаар томилуулж байна. Эсвэл иргэдээс нэр дэвшүүлсэн хорооны даргыг сум, дүүргийн Засаг дарга нь хүлээж авахгүй гацаачихдаг. Энэ бол сонгууль биш л дээ. Харин үндсэн хуульд өөрчлөлт оруулж, хорооны удирдлагыг тухайн оршин суугч, иргэд нь сонгодог жинхэнэ сонгуулийн хэлбэртээ орвол иргэдээсээ хамаарсан хорооны дарга томилогдоно. Нөгөө талаас хорооны удирдлага намын даргын үгээр бус, дүүргийн удирдлагад хамааралгүйгээр иргэддээ зориулж ажлаа явуулж, төрийн үйлчилгээг үзүүлдэг болно.

-Баг яах юм бэ. Иргэдэд хамгийн ойр ажиллах нэгж нь баг юм биш үү?

-Манай улсын дийлэнх баг орон нутагт байдаг учраас даргыг нь дээд шатны удирдлага томилдог байх нь зохимжтой гэж бодож байна. Сумын удирдлага багийн Засаг даргыг томилно гэдэг санал ч олон жилийн турш орон нутгийн удирдлага, судлаачдын зүгээс гарч байгаа.

-Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль байхгүй болно гэсэн агуулгатай өөрчлөлт Үндсэн хуульд орж байгаа. Үүнд ямар тайлбар байна вэ?

-Сум, хорооноос сонгогдсон төлөөлөгчид аймаг, нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгодог байх нь зөв юм гэж ойлгож байна. Иргэд энэ гурваас бус сум, хорооны Засаг даргаас төрийн үйлчилгээг илүүтэй авдаг учраас энэ тогтолцоо нь зөв. Мөн хариуцлага тооцох механизм ч шударга болно. Гаднын орнуудыг харахад ч анхан шатны нэгжийн төлөөлөгчдийн тавны нэг нь аймаг, нийслэлийн ИТХ-д томилогдож байна. Тухайлбал нийслэлийн дүүргүүд 295 төлөөлөгчтэй, түүний 45 нь НИТХ-ыг бүрдүүлдэг шүү дээ. Тэгэхээр гаднын сайн туршлага ч хэрэгжих боломжтой болно.

-Эдгээр өөрчлөлт хэзээний сонгуулиас эхлэн үйлчлэх вэ?

-УИХ-ын болон орон нутгийн сонгуультай холбоотой өөрчлөлтүүд ирэх жилийн долдугаар сараас, Ерөнхийлөгчийн сонгуулийн өөрчлөлт 2025 оноос үйлчлэхээр хуулийн төсөлд тусгасан байна. Үндсэн хуульд орж байгаа бас нэг чухал заалт нь сонгууль болохоос нэг жилийн өмнө сонгуулийн хуулиудад өөрчлөлт оруулахыг хориглож байгаа. Энэ заалт улс төрийн нөхцөл байдалд тааруулаад дур зоргоороо сонгуулийн хуулиа өөрчилдөг гажуудлыг засаад зогсохгүй олон улсын жишиг, түвшинд бүрэн нийцсэн том дэвшилт юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Нэг хүний ажлыг 4-5-уулаа “дамжилж” буй нь төр данхайсны баталгаа

ДНБ-ий 6.5 хувийг төрийн албан хаагчдын цалинд зарцуулж байна

 0 сэтгэгдэл


Шинэ Засгийн газар байгуулагдах бүрт төрийн алба руу гэнэтийн механик нүүдэл чиглэдэг. Монгол Улсын төрийн алба нь намын харьяа, УИХ, Засгийн газрын гишүүдийн ах дүү, амраг садан, найз нөхдийг шингээсэн асар том “агуулах” болон хувирсныг олон баримт нотолно.

Өнөөдрийн байдлаар төсвөөс цалинждаг 193,557 төрийн болон улс төрийн албан хаагч Монголд байна. Хөгжингүй орнуудын төрийн албан хаагчдыг хүн амтай нь харьцуулахад 100 иргэн тутамд нэг төрийн албан хаагч ногддог. Харин манайд 17 хүнд нэг төрийн албан хаагч ногдож буй нь дэлхийн жишгээс бараг зургаа дахин их байгаа юм.

Гэтэл энэ олон төрийн албан хаагчид төсвөөс олгож буй цалингийн зардал төсвийн урсгал зардалд хамгийн өндөр хувь эзэлж байгааг дэлхийн банкны төсвийн зардлын тойм судалгаанд өгүүлжээ. Үүний үр дүнд Монгол Улс ДНБ-ийхээ 6.5 хувийг төрийг албан хаагчдад цалин болгон өгч байна. Төсвийн урсгал зардлын хамгийн том бөгөөд хурдтай өссөн нь цалингийн зардал гэж уг судалгаанд тодотгожээ. Гэхдээ үүнийг цалин өсчээ гэж эндүүрэх вий. Харин төрийн албан хаагчдын тоо нэмэгдсэн учраас цалингийн зардал төсвийн урсгал зардалд дарамт болж байна гэсэн үг. Төрийн албан хаагчийн дундаж цалин улсын дундаж болон бусад салбартай харьцуулахад доогуур хэвээрээ л байгаа.

Гэвч Засгийн газар төрийн албыг цомхтгох бус харин ч данхайлгасаар байна. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр хуралдсан Засгийн газрын хуралдаанаар нийслэлд  хоёр ч агентлаг байгуулж өгөв. Түүний өмнөх хуралдаанаар “зайлшгүй шаардлагатай” гэж хэлээд шанхайд Монголын Консулын ерөнхий газрыг байгуулж, бүтэц орон тоог нь баталсан. Мөн Истанбул, Токио… зэрэг хэд хэдэн хотод буй ЭСЯ-ны орон тоог нэмсэн.

17 хүн тутамд нэг төрийн албан хаагч ногдож байна

Гэвч төрийн албанд хүн нэмэгдлээ гээд хүч нэмэгдсэнгүй. харин ч сульдаатай хүүхэд шиг сул, чадваргүй болж байна. Яг үнэндээ төрийн албанд мэргэшсэн түшмэдийн хэрэгцээ үгүй болж, төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалт зөвхөн захиалагч байгууллагын буюу даргын дэмжсэн онцгой эрхтэй нэгэнд зориулагддаг болсоор удаж буй. Сонгуулийн циклээр яригддаг байсан төрийн албаны халаа сэлгээ Засгийн газрын “нас”-аар хэмжигдэх болж, намчирхах, нутгархах,  фракцлах үзлийн үерт автаж байна. Төрийн албанд ур чадвараас өмнө улс төрийн хамаарлыг нь хардаг болсон өнөө үед төрийн мэргэшсэн, мерит зарчмыг яриад ч хэрэггүй. Нэг сайд солигдоход тухайн яам дагаад бүтцийн өөрчлөлт хийж буй нь дарга нарт төрийн албыг төрлийнх болгох боломж олгосоор буй юм. 2000 онд төрийн албаны нийт халаа сэлгээ таван хувиас хэтэрдэггүй байсан бол 2016 оны сонгуулий дараа 16 хувьд хүрчихээд байгаа нь дээрхийн баталгаа.

Төр ийн данхайсан нь өмнө нь нэг хүний хийдэг байсан ажлыг өнөөдөр 4-5 хүн “дамжилдаг” болсон гэсэн үг. Энэ бол сонгуулийн ялалтын /сүүлийн үед фракцын ялалт болсон/ бялуу хуваарилалтын сонгодог жишээ, төрийн алба нам доторх бүлэг фракц, эвсэл, хамтрагчдын ам тосдох хэрэгсэл болсныг гэрчлэх баримт. Нөгөө талаар яам, тамгын газрууд ажлаа мэдэхгүй газар, хэлтсийн дарга, мэргэжилтнээр дүүрч, олноор нь хоморголж ажлаас халсны улмаас нотолгоо, судалгаатай бодлого боловсруулж, төрийн бодлогын тогтвортой байдлыг хангах чадвартай ажилтны хомсдол нүүрлэж, төрийн шийдвэр гаргах тогтолцоо нуран, засаглалын чадвар сулрах аюул тосож байна. Үүнийг илтгэх таагүй нэгэн үзүүлэлт мөн л дэлхийн банкны тайланд дурдагджээ. төсвийн үр ашигтай байдлын үнэлгээгээр Монгол Улс сүүл мушгиж, 124  дүгээр байрыг “эзэлжээ”.

Төр үүссэн цагаас хойш төрийн алба, хүнд суртлын аппаратыг багасгахын төлөө улс орнууд хөөцөлдөж буй. Дэвшил ч гарч байгаа. Жишээ нь Финландын хотын захиргаанд бараг хүн ажилладаггүйг уихаас томилолт аваад, туршлага судлахаар явсан нөхөд хараад толгой сэгсрэн шагшраад ирж байв. Яагаад гэвэл төрийн бүх үйлчилгээ цахимжиж, хүний хамаарал шаардлагагүй болсон гэсэн үг.

Уг нь Монгол төрд алтан аргамж болсон төрийн албаны залгамж чанар гэсэн нэг зарчим бий. Энэ зарчмаа хадгалж чадсан бол заавал олон улсад мөрдөгддөг мерит тогтолцоог нэвтрүүлэх ёстой гэж цэцэрхэх шаардлага гарахгүй байв. Ажлаа мэддэг, тухайн байгууллагынхаа амьд архив болтлоо он удаан жил ажилласан хүмүүс дэвшиж ажилладаг тогтолцоо манай улсад үгүйлэгдэж байна. Энэхүү тогтолцоог бий болгох зорилгоор төрийн албаны тухай хуулийг шинэчлэн найруулж баталсан. Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн авч, дарга дагасан халаа сэлгээ үргэлжилсээр байна. Хамгийн сүүлд нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы захирамжаар орон сууц, нийтийн аж ахуйн газрын дарга Ж.Батсайханыг халж, оронд нь Н.Мэндбаяр хэмээх хүнийг томилох болсонтой холбогдуулан тус газарт бослого гарах шахаад буй.

С.Амарсайхан хотын даргын албан тушаалд очсоноосоо хойш нийслэлийн 12 агентлагийн нэр хаягийг сольж, хоёр агентлаг шинээр байгуулан хэд, хэдэн дарга нарын халаа, сэлгээ хийсэн гэх мэдээллийг НИТХ дахь АН-ын бүлгээс өгөөд буй.

Одоо ч нийслэл хотод халаа сэлгээ, шинэ томилгоо явагдаж, халагдсан хүмүүс нь шүүхэд хандсан албан тушаалын эцэс төгсгөлгүй тэмцэл өрнөж байна.

2012 оны сонгуулийн дараа л гэхэд 16000 орчим төрийн албан хаагч хөдөлгөөнд орж, 11000 гаруй нь ажлаасаа халагдсан гэдгийг тухайн үеийн төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн Б.Энхбаяр хэлж байлаа. Харин МАН сонгуульд ялсан 2016 оны сонгуулийн дараа Б.Энхбаяр өөрөө хууль зүй, дотоод хэргийн дэд сайд болсон. Гэвч Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсноор тэрбээр мөн суудлаасаа буусныг энд тодотгоё.

Тэгвэл 2016 оны сонгуулийн дараа төрийн албанаас 22235 хүн халагдаж солигдсон тухай “тогтвортой ажлын байр” төрийн бус байгууллагын тэргүүн Н.Тэгшбаяр хэлсэн юм. Тэрбээр АН засгийн эрх барьж байх 2012-2016 оны үед Цөмийн энергийн газрын дарга, Геологийн төв лабораторийн захирлаар ажиллаж байлаа. 2020 оны сонгуулийн дараа бас хэн нэгэн нь төрийн албан хаагчдын эрх ашгийг хамгаалах холбоо байгуулаад шинэ Засгийн газар тэдэн хүн халчихлаа гээд яриад суухыг үгүйсгэхгүй.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Дэлхий нийтэд парламентын хүчтэй хяналт нь Мөрдөн шалгах хороо байдаг

АН Үндсэн хуульд өөрчлөлт оруулах агуулга бус хэлэлцэж буй процессыг шүүмжилж буй

 0 сэтгэгдэл


УИХ-ын гишүүн асан, хуульч Х.Тэмүүжинтэй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар ярилцлаа. Тэрбээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг гурван парламентын хугацаанд яригдсан асуудал хэмээгээд гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг нэмж буй зохицуулалтыг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

-Энэ удаагийн УИХ Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрх зүйн болон ёс зүйн чадамжгүй гэж Ардчилсан нам үзэж байгаа. Мөн Иргэний зориг, ногоон нам өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Нөгөө талаас Ерөнхийлөгч Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг УИХ хэлэлцэх чадваргүй гэж үзэн өөрийн саналыг аваагүй хэмээн буцаах тухай албан бичгийг УИХ-ын даргад хүргүүллээ. Энэ мэт талуудын байр суурийг харахад та Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах процессыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийхэд УИХ-д өндөр хувь хэрэгтэй. 1996-2000 онд хуульд нэмэлт, өөрчлөлт хийхийг зорьсон боловч бүтэлгүйтсэн. 2000 онд УИХ-д одоогийн мАН 74 суудал авсан. Харьцангуй олонх байсан улс төрийн хүчин тухайн үеийн үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байсан юм. Үүнтэй адилаар 19 жилийн дараа МАН 64 суудал авч үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэмжээний иргэдийн дэмжлэгийг олон нийтээс авсан байна. Гэсэн хэдий ч дотроо зөрчилтэйгөөс гадна хууль зүйн хувьд асуудалтай. 2016 онд тухайн үеийн МАН-ын дарга нь “Энэ жилийн сонгууль 60 тэрбумын схемээр бий болсон байна” гээд УИХ-ын даргадаа хууль зүйн хариуцлага тооцчихсон. Тэгэхээр ийм нам сонгуулийн эрхээ хууль зүйн дагуу авсан уу гэх маргаан нөгөө талдаа гарч байна. Мөн УИХ-ын гишүүдийнхээ талд нь ЖДҮ-ийн зээлээр бэлэг барьчихсан. Үндсэндээ Засгийн газар нь УИХ-ын гишүүдээ хахуульдах замаар оршин тогтнож байгаа гэсэн шүүмжлэл дагуулж байна. Ийм нөхцөлд хүлээн зөвшөөрөгдөх талаасаа УИХ асуудалтай байгаа. Асуудлыг шийдэх олонхынхоо хувьд бол тэр бүр тохиолдоод байхгүй ховор кноп. Энэ хоёрын аль нь жин дарж асуудлыг шийдэх вэ гэдэгт маргаан гарч байгаа байх. Тэгэхээр Ардчилсан намын зүгээс үйл явцынх нь талаас шүүмжлэлтэй хандаж байгаа байх. Үндсэн хуулийн өөрчлөлтийн утга агуулгынх нь талаас бол  шүүмжлээд байх зүйлгүй болов уу гэж би хувьдаа бодож байна. Ардчилсан намын зүгээс үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайд нэгдсэн байдлаар эсэргүүцсэн байр суурь хараахан гаргаагүй. Процессын хувьд санал авах газраасаа саналаа авсан уу, эрх мэдэл хуваарилалтын институц хоорондын зөвшилцөл явагдсан уу, намуудын байр суурийг яаж авав гэдэг дээр байр сууриа илэрхийлж байна.

• Гүйцэтгэх эрх мэдлийг нэг гарт авчирж өгснөөр асуудлыг шийдэхээс гадна ард нь хариуцлага ярихад тодорхой байна.

• Засгийн газар төсвөө хийдгээрээ хийнэ. Харин парламент илүү зардал гаргах тал дээр нь хяналт тавих ёстой механизм юм. 

• Парламентын хамгийн хүчирхэг хэрэгсэл бол төсвийн хяналт болохоос төсөв зохиох эрх мэдэл ерөөсөө биш юм.

-Талуудын оролцоо талаас УИХ-ын гишүүдийн гуравны хоёроос доошгүй саналаар ард нийтийн санал асуулгыг явуулахыг зөвшөөрөх тухай хуульд заасан. Энэ утгаараа санал асуулга явуулах шаардлага, цаг хугацааны боломж, үйл явцын хувьд та юу гэж дүгнэж байгаа вэ?

-Асуудал байхгүй л дээ. Нэгдүгээрт, 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө мАН үндсэн хуулийн өөрчлөлтийг сонгогчдод амласны дээр бүх нийтийн санал хураалт гэдэг шийдлийг тусгасан. Энэ амлалтдаа ч хүрэх байх. Хоёрдугаарт, Ардчилсан намын байр суурь ч мөн адил. Нэр төрийн хувьд ч, хүлээн зөвшөөрөгдөх байдлын хувьд ч ийм муу байгаа УИХ үндсэн хуульд өөрчлөлт оруулж байгаа бол ард түмний санал асуулгыг хийсэн нь зүйтэй. Түүнээс биш бид УИХ-д олонх, хуульд өөрчлөлт оруулах эрхтэй гэвэл араасаа олон сөрөг үр дагаврууд гарч магадгүй юм.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд хууль тогтоох эрх мэдэл, гүйцэтгэх засаглал, шүүх засаглал гээд эрх мэдлийн хуваарилалтад хэд хэдэн хяналт өөрчлөлт, сайжруулах зэрэг шаардлагатай зүйлсийг тусгасан гэж төсөл санаачлагчид хэлсэн. УИХ-ын тухайд хариуцлага тооцох механизмыг хэр бодитой тусгаж өгч чадсан бол?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж буй санаанууд зөвхөн УИХ-ынх биш. 2008 онд анх парламентын Ажлын хэсэг байгуулагдаад, тухайн үеийн судлаач, шинжээчдийг оролцуулан санал гаргаж байсан. 2012, 2016 оны парламентад мөн яригдсан. Гурван УИХ дамжин яригдаж байгаа гэсэн үг. Тарамдаж байгаа гүйцэтгэх эрх мэдлийг нэг гарт авчирж өгснөөр асуудлыг шийдэхээс гадна ард нь хариуцлага ярихад тодорхой байна. Эрх мэдэл ярихаар Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайд, орон нутаг гээд тал талаас нь татаад эзэнгүй болчих гээд байдаг. Хариуцлага тооцох болохоор бүгд алга болчихно. Энэ нь монгол улсын үндсэн хуулийн гол сул тал болчихоод байгаа юм. 30 жилийн турш ардчиллыг гажуудуулсан, манай улсад гүйцэтгэх эрх мэдлийг нэг цэгт төвлөрүүлж чаддаггүй, хөгжлийн бодлогыг дэмждэггүй, нэгнийгээ түлхэн унагаадаг нь үндсэн хуулийн ойлгомжгүй байдлаас болж байгаа юм. Үүнийг шийдье гэсэн байдлаар гол санаа болгон авсан. Гүйцэтгэх эрх мэдлийг нэг гарт төвлөрүүлнэ гэдэг нь хүчтэй Ерөнхий сайдыг төрүүлнэ гэсэн үг. Харин ийм Ерөнхий сайдыг хэрхэн хянах вэ гэвэл парламентын хяналт сайн байх ёстой юм. Дэлхий нийтээр парламентын хүчтэй хяналт гэдэг нь мөрдөн шалгах хороо байдаг. Засгийн газрын нууж байгаа асуудлыг тодорхой мэргэшсэн эксперт томилох байдлаар нууцалсан мэдээллийг хүртэл ил болгож, ард түмнийхяналтад оруулах нь парламентын хамгийн хүчтэй хяналт юм. Ийм зохицуулалт үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд орж ирсэн. Гэхдээ парламентын энэ хүчтэй хэрэгсэл хаана хязгаарлагдаж, зогсох вэ гэдгийг тогтоож өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол УИХ шүүхийг орлоод яваад байж болохгүй юм.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд төсвийн шинэ зардлын талаар тусгасан байсан. УИХ шинэ зардал тусгах бүртээ Ерөнхий сайдаас зөвшөөрөл авна гэсэн утгатай. Энэ зохицуулалтын давуу болон сул тал нь юу байх вэ?

-Парламент бол татвар төлөгчдийг, сонгогчдыг төлөөлж байгаа төлөөллийн байгууллага. Тэгж сонгогдчихоод би шинэ татвар нэммээр байна, зардал гаргаж ард түмний нуруунд үүрүүлмээр байна гэдэг санаачилгыг гаргаад сууна гэдэг зохимжгүй. Тиймээс дэлхий нийтээрээ улс орнууд ийм эрхээ хязгаарлаж байна. Засгийн газар төсвөө хийдгээрээ хийнэ. Харин парламент илүү зардал гаргах тал дээр нь хяналт тавих ёстой механизм юм. Манайд энэ философийг гээснээс болоод УИХ нь төсвийн хамгийн сахилга батгүй, үрэлгэн, иргэдийн нуруун дээр ачаа, гай авч ирэгч нь болж хувирчихаад байна.

Засгийн газрыг нь УИХ-ын гишүүдээ хахуульдах замаар оршин тогтнодог гэсэн шүүмжлэл бий

УИХ нь төсөв санхүүтэй холбоотой асуудал руу дураараа орж ирдэг, улс төржүүлдэг, үрэлгэн зардлуудаа хянаад, харин илүү тооцоотой, судалгаатай байх тэр эрх мэдлээ сайжруулах нь зохистой юм. Парламент хамгийн сайн хөгжсөн хоёр загвар байдаг. Боннын болон англи, америкийн загвар гэж нэрлэдэг. Энэ хоёр загварын аль альд нь байдаг нэг зарчим нь парламентын хамгийн хүчирхэг хэрэгсэл бол төсвийн хяналт болохоос төсөв зохиох эрх мэдэл ерөөсөө биш юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Монголыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүнээр элсэхийг Унгар улс дэмжинэ

Жил бүр 200 оюутан сургах ажил цаашид үргэлжилнэ

 0 сэтгэгдэл


Унгар улсын гадаад хэрэг, худалдааны сайд Петер сияяарто Монгол Улсад айлчилж байна.

Тэрбээр өчигдөр ГХЯ-нд эхэлсэн “терроризмд турхирч, хүчирхийлэл дагуулж буй экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлж тэмцэхэд (ТТХДЭРУСТ) бүх нийгмийг хандуулах сэдэвт бүс нутгийн бага хурал”-д оролцсон юм.

Дараа нь гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай өргөтгөсөн уулзалт хийв. Уулзалтаар биокомбинатыг шинэчлэх төсөл болон хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжийн талаар ярилцсан гэдгийг хоёр орны гадаад харилцааны сайд нар мэдээлэв.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “...өнгөрсөн хугацаанд хоёр орон олон төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлж байсан. Тухайлбал, биокомбинатын технологийг шинэчлэх, бүтээгдэхүүнийг сайжруулахад зориулж унгар улс 57 сая ам.долларын зээл олгох асуудал яригдаж байгаа. Үүнийг унгар улс дэмжсэн. Өнөөдрийн уулзалтаар Монгол Улсын экспортыг нэмэхийн тулд унгар улстай хамтран ажиллах талаар ярилцлаа. Унгарт хүнс, хөдөө аж ахуйн технологи өндөр хөгжсөн. Тэгэхээр тус улстай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажилласнаар Монголд ажлын байр бий болгож, экспортыг төрөлжүүлж, уул уурхайгаас хэт хараат байдлаас салах боломж бүрдэх юм” гэлээ.

Түүнчлэн уулзалтаар боловсрол, соёл, урлагийн салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцсон байна. Унгар улсын Засгийн газрын тэтгэлгээр жил бүр Монголын 200 оюутан тус улсад суралцдаг. Энэхүү тэтгэлгээ цаашид тогтмол үргэлжлүүлнэ гэдэгт итгэж буйгаа гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар илэрхийлэв. Тэрбээр “Жижиг орнуудын иргэдийг хил дамнасан хууль бус наймаанд татан оролцуулдаг гэмт хэргийн бүлэглэл бий. Үүнтэй нэг улс дангаараа тэмцэх боломжгүй. Эдгээр бүлгийг гишгэх газаргүй болгоход Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагатай хамтран ажиллах болно. Энэ чиглэлд унгар улстай хамтран ажиллах талаар өнөөдөр мөн ярилцлаа” хэмээв.

Унгар улсын гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто “Монгол Улсыг 2023 онд НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн гишүүнээр элсэхэд дэмжих болно. Түүнчлэн Монгол Улстай эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэхэд хамтран ажиллахад бид бэлэн байгаа. Үүний нэг жишээ нь биокомбинатыг шинэчлэхэд зориулж манай улсын 57 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл олгох болсон явдал. Одоо Монгол Улсын их хурал зээлийн асуудлыг соёрхон баталсан тохиолдолд төсөл хэрэгжих боломжтой. Жил бүр 200 оюутан тэтгэлгээр сургах ажил цаашид тогтвортой үргэлжлэх болно” гэсэн юм.