A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/9/

Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/9/

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийнтөсөл болон холбогдох бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва гишүүн танилцуулав. Ажлын хэсэг гурван удаа удаа хуралдаж, хуулийн төслийн зүйл, заалт тус бүрийг хэлэлцснээр нийт 34 саналын томъёолол боловсруулан Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр бэлтгэсэн гэлээ.

Тухайлбал, техникийн зохицуулалтыг Засгийн газар хуулиар тусгайлан эрх олгосон тохиолдолд асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар төсөлд тусгасан нь хоёрдмол, тодорхойгүй байдал үүсгэж байсан тул техникийн зохицуулалтыг зөвхөн Засгийн газар баталж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбоотой журмыг эрхэлсэн сайд батлахаар өөрчилжээ.

Итгэмжлэлийн байгууллагыг Стандартчилал, хэмжил зүйн газрын дэргэд байхаар төсөлд тусгасан байсныг өөрчлөн, түүний бие даасан хараат бус байдлыг хангах зорилгоор асуудал эрхэлсэн сайдын дэргэд ажиллах дүрмийг Засгийн газар баталж, даргыг нь эрхэлсэн сайд нь томилж, чөлөөлөхөөр зохицуулалтыг тусгасан байна.

Аж ахуйн нэгж, байгууллагын стандартыг Стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад бүртгүүлснээр уг стандарт хүчин төгөлдөр болохоор төсөлд тусгасан байсныг тухайн аж ахуйн нэгж, байгууллагын стандарт нь үндэсний стандартад нийцсэн байх шаардлагыг хуулиар тавьж, стандартын байгууллага зөвхөн бүртгэдэг байхаар төслийг өөрчилжээ.

Стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын удирдлагыг байгалийн болон техникийн ухааны мэдлэгтэй, төрийн албанд 10-аас доошгүй, мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан хүнийг томилохоор төсөлд тусгасан байсныг шинэчлэн батлагдсан Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн өөрчилсөн байна.

Түүнчлэн тохирлын үнэлгээ хийх мэргэшсэн шинжээчийн гүйцэтгэх үүрэг, түүнд тавих шаардлагыг төсөлд нэмж тусгажээ. Хуулийн төсөлд “итгэмжлэл” гэсэн нэр томъёо хэрэглэсэн нь Иргэний хуульд заасан төлөөллийг хэрэгжүүлэх итгэмжлэлтэй андуурагдаж байсан тул “тохирлын үнэлгээний итгэмжлэл” гэж тодотгон, үүнтэй холбоотойгоор хуулийн төслийн нэрийг “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль” хэмээн өөрчилсөн байна. Төслийн зарим заалтыг Төсвийн тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нийцүүлэн өөрчилжээ.

Мөн хуулийн төслийг бүтцийн хувьд эхлээд иргэн аж ахуйн нэгжид үзүүлэх үйлчилгээ буюу үйл ажиллагааны талаарх зохицуулалтыг оруулж, дараа нь байгууллагуудын бүрэн эрх, чиг үүргийг дурдах нь зохимжтой гэж үзэн төслийн бүтэц дарааллыг өөрчилсөн байна.

Мөн нэр томъёог жигдэлжээ. Хуулийн төсөлд техникийн зохицуулалтыг Засгийн газар батлахаар тусгасан, гэхдээ Улсын Их Хурлаас нэг удаа техникийн зохицуулалтын жагсаалтыг баталж, гэрээ, хамрах хүрээ, хязгаарыг тогтоох шаардлагатай хэмээн үзэж Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, хэлэлцүүлэхээр төлөвлөөд байгааг ажлын хэсгийн ахлагч танилцуулгадаа дурдлаа.

Түүнчлэн шилжилтийн хугацааны зохицуулалтыг агуулсан хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг боловсруулж хэлэлцүүлэх аж. Эдгээрээс гадна хуулийн төслийн нэр өөрчлөгдсөнтэй холбоотойгоор Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, итгэмжлэлийн байгууллагын бие даасан байдлыг хангах зорилгоор Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг боловсруулж, хэлэлцүүлэх шаардлага үүсээд байна гэв.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Ундармаа, Ж.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авсан юм.

Үүний дараа ажлын хэсгээс боловсруулсан Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх саналын 30, хамт өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн талаарх саналын 2 томъёоллоор санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх Байнгын хорооны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Орлого нэмэгдэхээр зарлагаа дагаж өсгөдгөө хэзээ болих вэ

Татварын орлогоос төлж буй өрийн хэмжээ нэмэгдэж байна

 0 сэтгэгдэл


Иргэд, аж ахуйн нэгжүүд татварын орлогоороо энэ оны эхний хагас жилийн төсвийн 80.4 хувь буюу 3.7 их наяд төгрөгийг бүрдүүлсэн байна. Харин төсвийн ерөнхийлөн захирагч энэ мөнгөний 95.9 тэрбумыг зээлэнд төлсөн нь өнгөрсөн оны мөн үеэс 2.1 хувь өссөн дүн юм. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын орлогын эхний хагас жилийн өсөлт болох 92.7 тэрбумыг дахиад 3.2 тэрбум төгрөгтэй тэр чигт нь өрөнд тавиад туучихлаа гэсэн үг. Ингэснээр 2018 оны нэгдүгээр хагас жилийн төсвийн зарлагын 4.4 хувийг эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээл эзэлж буйг лхагва гарагт Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан нийгэм, эдийн засгийн ээлжит тайланд дурдсан байна. Төсөвт төлөвлөснөөр энэ онд эргэн төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээлд 286.1 тэрбум төгрөг төлөх бөгөөд одоогоор энэ дүнгийн гуравны нэгийг л Засгийн газар барагдуулаад байгаа гэсэн үг юм. Төсвийн зардлын 86 хувийг урсгал зардал эзэлж байна. Урсгал шилжүүлэг өнгөрсөн оны мөн үеэс 10.9 хувиар өссөн байна. Мөн цалингаас бусад бараа, ажил үйлчилгээний төлбөр 4.3 хувиар нэмэгджээ. Улсын нэгдсэн төсвийн “эрүүл мэнд” сайжрах хэрээр Засгийн газрын зардал тэлж, төрийн алба данхайдаг зуршил манай улсад тогтсон.

Ялангуяа, орлого давж, эдийн засаг сэргэх тусам энэ үзэгдэл улам хавтгайрч, төр үрэлгэн зантай болчихдог. Харин орлогын төлөвлөгөө тасарч, төсөв сульдах үед төр өр тавьж данхар зардлаа санхүүжүүлэх гэж хамаг л нөөц, бололцоогоо бардаг.Ийм хүнд байдалд улсаараа орж байсан үе саяхан. Харамсалтай нь энэхүү гашуун туршлагаа уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа тул мартаж, төр зардлаа хумих бус тэлсээр байна. Төсвийн нөхцөл байдлаа эргэн харцгаая. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2017 оны эхний хагас жилд 676.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч байсан. Тэгвэл энэ оны эхний хагаст 12.9 тэрбум төгрөгийн ашигтай гарсан билээ. Уг үзүүлэлт төсвийн тамир тэнхээг илтгэнэ. Гэвч орлого сайтай жилээ хуримтлал үүсгэж, гал алдах цагт хэрэглэх бус зардал болгон урсгах боллоо. Үүнийг төсөв доторх том тоонуудын хөдөлгөөн харуулж байна. Тухайлбал, цалингийн хөлс, нэмэлт урамшуулал 942.2 тэрбумд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 2.4 хувиар өсөөд байна. Цалингийн зардал нэмэгдэж, яамдын бүтэц данхайж буй шалтгааныг Дэлхийн банкны мэргэжилтнүүд сонгуулийн мөчлөгтэй уялдуулсан судалгаа бий.


2000 онд яамдын халаа сэлгээний эргэлт таван хувиас даваагүй байсан бол 2016 оны сонгуулийн дараа 14 хувь болж огцом нэмэгдсэн байна. Энэ тоо албан тушаалтнуудын халаа сэлгээний эргэлт жилд нэг хувийн өсөлттэй байдгийг харуулж байна. Тиймээс ч цалин хөлсний зардал нь хамгийн том, хурдтай өсөж буй зардлын нэг болж байгаа аж. 2015 онд нийт хөдөлмөр эрхлэлтийн 16.1 хувийг эзэлж байсан төрийн 186.4 мянган албан хаагч 2017 оны эцэст 192.4 мянга болж өсчээ. Харин нэгдсэн төсвийн хуваариар оны эхний хагас жилд 198.1 мянган төрийн албан хаагч ажиллаж байна. Хэдийгээр төрийн албан хаагчдын тоо ийн данхайж буй ч боловсрол, эрүүл мэнд зэрэг төсвөөс цалинждаг салбарын ажилтнуудын цалин улсын дундажтай харьцуулахад бага өсөлттэй байгаа юм. Зардал тэлж байгааг илтгэх өөр нэгэн баримт байна. Энэ нь төрийн өмчит компаниудад 30 гаруй тэрбум төгрөгийн татаас олгохоор болсон явдал. Үүнээс 13.9 тэрбумыг нь олгоод байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 5.2 тэрбум төгрөгөөр өндөр дүн болж байгаа юм. Гэхдээ энэ оны төсвийг хий ихтэй, хам хум баталсныг хөрөнгийн зардлын задаргаа харуулна.


Энэ онд баталсан хөрөнгийн 1.98 их наяд төгрөгийн зардлын дийлэнхийг буюу 1.2 тэрбумыг барилга байгууламж эзэлж байгаагийн нэлээдгүй хэсгийг цэцэрлэг, сургууль, эмнэлгийн барилга эзэлж буй. Харамсалтай нь, эдгээр барилга байгууламж зураг төслөөсөө эхлээд нэгдсэн норм нормативгүй учир зардал нь тэнгэр газар шиг ялгаатай. Сонгинохайрхан дүүрэгт645 хүүхдийн багтаамжтай сургууль 5.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай байхад өөр газар барих гэж буй ижил багтаамжтай сургуулийн хөрөнгө оруулалт гурван тэрбум байдгийг Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах санал гаргаж байсан нэр бүхий гишүүд анхааруулж байсан. Дэлхийн банкнаас улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг сайжруулах, улмаар зардлын тооцоог нарийвчлан гаргах шаардлагатай байгааг Засгийн газарт сануулсан. Сонгуулийн амлалт нэрийн дор нийгэм, эдийн засгийн үр өгөөж багатай төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж төсвийн нөөц, боломжоо шавхах эрсдэлд хөтлөх эрсдэлтэйг мөн донор байгууллага анхааруулж буй. Монгол Улсын хөрөнгө оруулалт бүс нутгийн орнуудтай харьцуулахад нэлээд өндөр байдаг. Гэвч үр дүн нь иргэдийн амьдралд төдийлэн мэдрэгдэж чадахгүй байгаа юм. Үүний шалтгааныг оновчгүй төлөвлөлт, популист бодлоготой холбон тайлбарлах нь бий. Эдгээр хүчин зүйл нь төсвийн зардлыг тэлж, улмаар Засгийн газрын өр нэмэгдэхэд хүргэж байна. Төсвийн орлогыг бүрдүүлэх эрдсийн бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтвортой байгаа боловч орлого шинэ хөрөнгө оруулалтад бус төрийн данхар бүтцийн өдөр тутмын урсгал зардал болон үрэгдэж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Төсвийн орлого өсч, гадаад худалдааны ашиг буурав

​Төсвийн алдагдал буурч, мөнгө, санхүүгийн орчин эрүүлжиж байна​

 0 сэтгэгдэл


Үндэсний статистикийн хороо нийгэм, эдийн засгийн ээлжит тайлангаа лхагва гарагт танилцууллаа. Сар тутам олон нийтэд хүрдэг энэ удаагийн үзүүлэлтээс инфляц болон хөдөлмөрийн зах зээл, гадаад худалдаа, мөнгөний нийлүүлэлтэд гарсан өөрчлөлтийг онцолж байна. Макро эдийн засгийн ерөнхий байдлыг илчлэх эдгээр статистик үзүүлэлтээс энэ оны эхний хагас жилээ дүгнэж, цаашдын төлөв байдлыг зураглаж болох юм. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн сард багагүй өөрчлөгдөж, энэ нь инфляцын түвшнийг тодотгоход хүргэлээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны зургадугаар сард улсын хэмжээнд өмнөх сараас 0.5 хувиар өсөж, 7.2 хувь болсон байна. Инфляц хөдөлгөөнд орж эхэлсэн нь үнийн өсөлт хэр хурдацтай байгааг уг тайлангаас анзаарсан байх.

ИНФЛЯЦ ТӨВ БАНКНЫ ЗОРИЛТОТ ТҮВШИН РҮҮ ОЙРТОЖ БАЙНА

Инфляцын түвшин ийнхүү 7.2 хувьтай тэнцэж, төв банкны зорилтот түвшин болох найман хувь руу тэмүүлэх болов. Үүнд хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн нь голлон нөлөөлжээ. Инфляц одоогоор хэвийн түвшинд буй. Хэрэв инфляц өндөр байх нь таны орлого, таны мөнгө төдий чинээ үнэгүйдэж байна гэсэн үг. Тэгвэл уг эрсдэл биднээс хол байна. Монголбанкны зүгээс бодлогын хүүгээр дамжуулан инфляцад нөлөөлж ирсэн. Төв банкны мөнгөний бодлогын хүү 10 хувь байгаа. Үүнийг сарын өмнө хуралдсан Мөнгөний бодлогын хороо дээрх түвшинд хэвээр хадгалсан юм. Инфляц хатуу түлш, суудлын автомашин, хүнсний ногоо, согтууруулах ундаа, тамхи, шатахууны үнэ, цаг агаар, татварын өөрчлөлтийн нөлөөгөөр нэмэгдэж ирсэн. Харин ханшаас хамаарал өндөртэй импортын барааны үнийн инфляцад үзүүлэх нөлөө агшиж байна. “Инфляцын төлөв байдал”-ын тайланд эдийн засгийн сэргэлттэй холбоотой эрэлтийн шинжтэй инфляц алгуур нэмэгдэхээр байгааг дурдсан нь бий. Эдийн засгийн “Халууны шил” гэж үздэг инфляц харьцангуй тогтвортой байгаа нь өрхийн төсөвт ирэх дарамтыг зөөллөж байгаа нь энэ юм.

ОРОН НУТАГТ 9.8 МЯНГАН ИРГЭН АЖИЛД ЗУУЧЛУУЛАН ОРЖЭЭ

Өрхийн төсөв хөдөлмөрийн зах зээл хоорондоо мөнхийн хамааралтай. Эдийн засгийн үндсэн үзүүлэлт хэр байгааг тольдон харцгаая. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд өнгөрсөн сарын эцэст 37.5 мянга болжээ. Үүний 68.8 хувь нь бүртгэлтэй ажилгүй иргэд бол үлдсэн 11.7 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа аж. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 11.1 хувиар буурчээ. Харин тавдугаар сартай харьцуулахад 7.5 хувиар өссөн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 9.4 мянга нь Улаанбаатарт бол үлдсэн орон нутгийнх. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад энэ оны эхний хагас жилд ажилгүй 43.5 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 9.8 мянган иргэн ажилд зуучлагдан оржээ. Хөдөө аж ахуйн салбарын өсөлт саарсантай холбоотойгоор тус салбарт ажил эрхлэлт буурсан ч хөдөлмөрийн бүтээмж өндөр салбаруудад ажиллагсдын тоо өссөн байна. Хэдий тийм боловч улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин өндөр хэвээр. ҮСХ-ны шинэ тайланд энэ удаа хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй гадаад иргэдийн тоо мэдээллийг танилцуулсан юм. Улсын хэмжээнд нийт 92 орны 9.6 мянган иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна. Хөдөлмөр эрхэлж байгаа гадаад иргэдийн 93.1 хувь нь эрэгтэй аж. Нийт ажилчдын 69.6 хувь нь өмнөд хөршийн иргэд бол үлдсэн хувийг австрали, БНСУ, ОХУ, АНУ, БНСВУ, Филиппин, Канад зэрэг орны иргэд бүрдүүлж буй. Энэ оны эхний хагас жилд хөдөлмөр эрхэлж буй гадаад иргэдийн дийлэнх нь уул уурхай, олборлолт, барилга, бөөний болон жижиглэн худалдаа, машины засвар үйлчилгээний салбарт ажиллаж байна.

ЧАНАРГҮЙ ЗЭЭЛИЙН ҮЛДЭГДЭЛ ЯЛИМГҮЙ ХУМИГДАЖ ЭХЭЛЛЭЭ

Эдийн засгийн “Цусны эргэлт” гэж хэлж болох мөнгөний нийлүүлэлт зургадугаар сарын эцэст 17.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 304 тэрбум төгрөгөөр өссөн байна. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө тайлант хугацаанд 931.1 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 0.5 хувиар буурсан дүнтэй гарлаа. Аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл дээрх хугацаанд 15.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 2.9 хувиар өссөн байна. Тэгвэл банкны системийн хэмжээгээр хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн үзүүлэлт буурах чиг хандлага ажиглагдлаа. Тухайлбал, хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.4 хувийг эзэлсэн байна. Энэ нь 829.5 тэрбум төгрөг бөгөөд тавдугаар сараас 0.9 нэгжээр буурчээ. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.5 хувийг эзэлж, жилийн өмнөх мөн үеэс 0.3 нэгжээр буурсан үзүүлэлттэй гарлаа. Тоймлон хэлбэл, мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, зээл олголт алгуур өсөж байгаа ч чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл өндөр хэвээр байна. Гэхдээ зээлийн үлдэгдэл ялимгүй хумигдаж байгаа нь эдийн засгийн өсөлтөд эерэг нөлөө үзүүлэх бодит хөшүүрэг билээ.

ТӨЛБӨРИЙН ТЭНЦЛИЙН АЛДАГДАЛ ГҮНЗГИЙРЧ МЭДЭХЭЭР БАЙНА

Монгол улс энэ оны эхний хагас жилд 140 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 6.3 тэрбум ам.долларт хүрлээ. Үүнийг задалж үзвэл, экспорт 3.6, импорт 2.7 тэрбум ам.долларыг эзэлж байгаа юм. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.3 тэрбум ам.доллараар, импортын хэмжээ 43.4 хувиар өсчээ. Гадаад худалдааны тэнцэл 2017 оны эхний хагас жилд 1.2 тэрбум ам.долларын ашигтай гарч байсан. Тэгвэл энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 30.4 хувиар буурч, 822.2 сая ам.долларт хүрлээ. Импорт ийнхүү огцом нэмэгдэж байгаа нь төлбөрийн тэнцлийн алдагдал гүнзгийрэхэд хүргэж мэдэхээр байна. Эдийн засаг аажмаар сэргэж эхэлж байгаа нь эргээд импортыг өдөөж, гадаад худалдааны алдагдал үүсэх, улмаар валютын гарах урсгал нэмэгдэх үндсэн нөхцөл болж мэдэх нь.

АШИГТАЙ ГАРЛАА

Манай улсын төсвийн орлогын гол цөм экспортын нэрийн бүтээгдэхүүн болох эрдэс түүхий эдийн ханш тогтвортой байгаа. Энэ нь төсвийн тэнцэл сайжрах, улмаар төсвийн орлого төлөвлөгөөнөөс давах таатай боломж бүрдүүлж байна. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ энэ оны эхний хагас жилд 4.1 их наяд төгрөг болсныг үндэсний статистикийн хороо онцоллоо. Эргэн сануулахад, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2017 оны эхний хагаст 675.5 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч байсан. Харин энэ оны эхний хагас жилд 12.9 тэрбум төгрөгийн ашигтай гарав. Төсвийн орлогын 80.4 хувийг татварын орлого бүрдүүлж байна. Дүгнэж хэлэхэд, төсвийн орлого, зарлага, гадаад өрийн хэмжээнд эерэг өөрчлөлтүүд ажиглагдах болсон. Орлого бүрдүүлэлтэд, зарим төрлийн импортын бараа, бүтээгдэхүүнд ногдуулах гаалийн болон онцгой албан татварын хэмжээ нэмэгдсэн нь нөлөөлж байна. Нэгдсэн төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хувь өнгөрсөн оноос буурч, төсвийн бодлого үргэлжлэн чангарах төлөвтэй байгааг дуулгая.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Төгрөгийн ханш чангарч эхлэв

 0 сэтгэгдэл

Төгрөгийн ханш чангарч эхэллээ. Сүүлийн нэг сар суларсан ам.доллартай харьцах төгрөгийн ханш зургадугаар сарын сүүлчээс эргэн сэргэж, одоогоор 2461 нэгжид хүрлээ. Ингэснээр сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд гурван нэгжээр чангарсан байна. 2012 оноос хойш суларч, 2016 онд ханшийн хямралд туулаад байсан төгрөгийн ханш 2017 оны есдүгээр сараас хойш эргэн сэргэж, голлох валютын эсрэг огцом чангарсан. Улмаар энэ оны хоёрдугаар сараас эхлэн ам.доллар, төгрөгийн хослол тогтворжоод байсан юм. Монголбанк баасан гарагт ээлжит бус гадаад валютын дуудлага худалдаа зохион байгуулж, 88.7 сая ам.доллар захад нийлүүлсэн юм. Түүнчлэн ОУВС-гийн Захирлуудын зөвлөл зургадугаар сарын 27-нд өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хэрэгжилтийн дөрөв дэх шатыг эергээр үнэлж, санхүүжилтийг нь баталсан.


Ингэснээр 36.91 сая ам.долларын санхүүжилт өнгөрсөн сарын 29-нд Монголбанкны дансанд шилжсэн байна. ОУВС-гаас Монгол улсад олгосон санхүүжилтийн нийт дүн 184.55 сая ам.долларт хүрэв. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд олон улсын банк санхүүгийн байгууллага болон донор орнуудаас 2017 онд нийт 728 сая ам.долларын санхүүжилт хийсэн бол энэ онд нийт 836 сая ам.доллар Монголыг чиглэнэ. Төлбөрийн тэнцлийн нөхцөл байдал сайжирч валютын нөөц өсөж буй учраас төгрөгийн ханшийн ерөнхий хандлага харьцангуй тогтвортой байна гэж Монголбанкнаас үзэж байна. Бас манай гадаад худалдааны үзүүлэлт ашигтай байгааг мартаж болохгүй. Хэдийгээр энэ оны тавдугаар сарын байдлаар гадаад худалдааны ашиг өмнөх оныхоос буурсан ч Монгол улс 301 сая ам.долларын ашиг хүртээд байгаа юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Аж үйлдвэржилтийн эрч суларчээ

Монголчууд аж үйлдвэрээ илүү арчлах цаг иржээ​

 0 сэтгэгдэл


Одоогоос 3-4 жилийн өмнө, эх орны өнцөг булан бүрт шинэ үйлдвэрүүд шил шилээ даран үүдээ нээж, үйлдвэржилтийн галт тэрэг дуу хангинуулан урагшилж байсан нь саяхан. Төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар тэтгэгдсэн үйлдвэржилтийн хоёр дахь давалгаа ийн эрчээ авч байв. Гэвч эдийн засгийн толь, бизнесийн итгэлийн барометр болдог шинэ үйлдвэрүүдийн сураг чимээ сүүлийн жилүүдэд суларч, ховорхон сонсогдох болсон. Харин энэ оноос үүдээ нээж, өрхөө татаж буй үйлдвэрүүд нэмэгдээд байна. Гэхдээ энэ нь үйлдвэржилт эрчимжиж байсан үетэй харьцуулахад цөөн байгаа гэж албаныхан хэлж байна. Тэгвэл цөөн хэдий ч хэзээ мөдгүй зах зээлд “мэндлэх” үйлдвэрүүдтэй танилцъя. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “Анд энерги” компани LED гэрлийн шинэ үйлдвэрээ энэ сарын сүүлчээр өлгийдөн авахаар төлөвлөж байна. 2017 онд анхдагч зах зээлд IPO хийсэн тус компани татан төвлөрүүлсэн хөрөнгийнхөө 40-50 хувийг шинэ үйлдвэрийн бүтээн байгуулалтад зарцуулахаа мэдэгдсэн. Тэгвэл өдгөө бүтээн байгуулалтын ажил нь шувтарч, хүчин чадлыг нь 10 дахин өсгөх шинэ үйлдвэрээ “Анд энерги” ашиглалтад оруулахад бэлэн болжээ.

Үүнээс гадна өнгөрсөн сард шаваа тавьж, шангаа татсан “Говь”, “Гоёо” компанийн ноолуурын анхан шатны цогцолбор ирэх сарын сүүлчээр ашиглалтад орох товтой. Монгол улсын хөнгөн үйлдвэрлэл, ялангуяа, ноолуурын салбарт түлхэц болох энэ үйлдвэр 470 хүнийг ажлын байраар хангана. Засгийн газраас хөнгөн үйлдвэрийг хөгжүүлэх “үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөр баталсан. Энэ хүрээнд хөнгөн үйлдвэрлэлийн хүчин чадлыг өсгөж, таван жилийн хугацаанд 100 шинэ үйлдвэр байгуулахаар зураглажээ. Энэ онд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 60 төсөлд хөнгөлөлттэй санхүүжилт олгосны дийлэнх нь үйлдвэрлэлийн хүчин чадал болон эргэлтийн хөрөнгийн дэмжлэг байжээ. Ирэх онд төр, хувийн хэвшил болон хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 40 орчим үйлдвэрт дэмжлэг үзүүлэхээ хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Тэрчлэн Монголын хөнгөн үйлдвэрийн салбарын нэрийн хуудас болсон ноолуурын салбарыг дэмжихээр төр засгаас төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж буй. Тухайлбал, “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд гэхэд салбарын яам арилжааны таван банк болон хөгжлийн банктай хамтран ноолуурын аж ахуйн нэгжүүдэд 195 тэрбум төгрөгийн зээл олгожээ.

“Анд энерги”-ийн шинэ үйлдвэр энэ сарын сүүлчээр ашиглалтад орно

Хөнгөн үйлдвэрлэлийн дүр зураг ийм байна. Тэгвэл одоо хүнд үйлдвэрлэл рүү өнгийе. Энэ чиглэлийн үйлдвэрүүд нь ихээхэн хөрөнгө хүч, цаг хугацаа шаарддаг учраас үүдээ нээж буй нь харьцангуй цөөн. Гэхдээ нүүрс угаах хэд хэдэн үйлдвэрийн үйл ажиллагаа эрчимжих гэж буй. Үүний нэг нь “Чинхуа-МАК-Нарийнсухайт" компанийн нэг сая тоннын хүчин чадалтай нүүрс угаах үйлдвэрийг нэрлэж болно. Тус үйлдвэр гүний ус ашиглахгүй. Үерийн усыг хуримтлуулан, нэг сая шоо метр орчим усыг эхний жилүүдэд ашиглахаар төлөвлөжээ. Мөн SouthGobi Sands компанийн хоёр сая тонн нүүрс угаах чадалтай үйлдвэрийн бүтээн байгуулалт дууссан. Тохируулгын ажлаа хийж буй бөгөөд нүүрсийг баяжуулснаар экспортын шаардлага хангадаггүй бүтээгдэхүүний чанарыг нэг ангилал дээшлүүлэх юм байна.

F ангиллын нүүрсийг B ангилалд хүргэх боломжтой гэдгийг SouthGobi Sands-ийн гүйцэтгэх захирал Ч.Мөнхбат хэлсэн юм. Түүнчлэн “Өсөх зоос” компани нүүрс баяжуулах үйлдвэр барихаар төлөвлөсөн. Энэ сараас барилгын ажил нь эхэлнэ. Мөн Дархан-Сэлэнгийн бүс нутагт монголчуудыг ган хайлдаг үндэстэн болгох “уул уурхай, хар төмөрлөгийн цогцолбор”-ын төсөл хэрэгжиж байгаа. Хоёр үе шаттай хэрэгжүүлэх уг төслийн хүрээнд энэ онд 500 мянган тонн шууд ангижруулсан төмрийн үйлдвэрийн бэлтгэл ажлыг энэ онд багтаан эхлүүлэхээр төлөвлөж буй аж. Шинээр эдгээр үйлдвэр үүдээ нээх товтой байна. Тэгвэл өнгөрсөн хэдэн сарын хугацаанд хэд хэдэн томоохон үйлдвэр ашиглалтад орсон.

Тухайлбал, Японы Мegatech корпораци Дорноговь аймгийн Сайхандулаан суманд цахиур олборлох, баяжуулах үйлдвэр байгууллаа. Дорноговийн Сайхандулаан суманд орших 400 жилийн нөөцтэй ордод түшиглэн байгуулсан энэ үйлдвэр сард 200-400 тонн цахиур баяжуулах хүчин чадалтай. Боловсруулсан бүтээгдэхүүнээ Япон, БНСУ, БНХАУ-ын зах зээлд нийлүүлэх аж. Үүнээс гадна Мандалговь хотод барилгын хуурай хольцийн үйлдвэр үүдээ нээжээ. 2000 оны эхэн үетэй харьцуулахад Монгол улсад үйлдвэржилт сэргэж эхэлсэн. Гэхдээ нийт үйлдвэрлэлийн 95 хувийг нам дор түвшний бүтээгдэхүүн эзэлдэг, түүхий эдээ зарсан мөнгөөрөө өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн худалдаж авдаг монголчууд аж үйлдвэрээ илүү арчилж, аж үйлдвэрийг илүүтэй дэмжих шаардлага тулгарсаар байна.