A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1254/

Эдийн засгийн савалгааг аж үйлдвэр тогтворжуулна

​Ганц ширхэг Iphone утас зургаан улсын 201 компанийг орлоготой болгодог​

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1254/

Ойрын өдрүүдэд та үнийн өсөлттэй нүүр тулж байна уу. Бидний өдөр тутмын хэрэглээ болдог элсэн чихэр, будааны үнэ хэдийнэ өсчихөж. Сүүлийн үед уулга алдахад хүргэж буй ам.долларын ханшийн галзуурал импортын барааны үнийн өсөлтөд ташуур болж буй нь энэ. “Ногоон”-ы ханш чангарах нь барааны үнийн өсөлтөд ногоон гэрэл асаадаг тул импортоор 100 хувь авдаг түлш шатахуунаас эхлээд цагаан будаа, элсэн чихрийн үнийг хүртэл ноён доллар хөдөлгөж дөнгөдөг. Тиймээс ам.долларын ханш буух уу гэж энгийн иргэдээс эхлээд эдийн засагчид хүртэл төв банкнаас асууж эхэллээ. Учир нь сүүлийн таван жилд ам.долларын ханш 50 хувиар өсөхөд импортын барааны үнэ төдий хувиар чангарсан. 2013 онд гурван килограмм будааг 5700 төгрөгөөр худалдаж авдаг байсан Бат өдгөө үүнд 8100 төгрөг төлөхөд хүрээд байна. Валютын ханш өрхийн хэтэвчийг ийн сэмхэн торгочихож байгаа тул ханшийн өсөлтөд Батын гэр бүл дүргүйцэхээс аргагүй.

Ер нь ам.долларын ханшийн өсөлтөөс эхлээд түүхий эдийн үнийн уналт, БНХАУ-ын эдийн засгийн удаашрал, АНУ-ын мөнгөний бодлого гээд Монголын эдийн засагт дарамт болох гадаад, дотоод хүчин зүйл мундахгүй. Энэ олон дарамтыг манай эдийн засаг сөрөх тэнхээтэй билүү. Сулбагар, өлбөгөр, эмзэг дорой хэвээр, орлогын тулхтай багана ч үгүй, энд, тэндхийн салхинд туугдсаар өдий хүрлээ. Өдгөө бидний амин зуулга болсон уул уурхайн хэдэн түүхий эдийн үнэ хямд, боловсруулалт сул. Тэгвэл өнгөрсөн сараас олны хүртээл болж, олон монгол хүний хорхойг хүргэж буй iPhone-ийн ганцхан ширхэг XS Max утасны үнэ Монголын 22 тонн түүхий нүүрстэй тэнцэж байна. Бид баялгаа ийм хямд зарж, оронд нь асар өндөр үнээр инноваци шингэсэн бүтээгдэхүүн авсаар. Сүүлийн 15 жилд Монгол улсын нийт экспортын 80-аас дээш хувийг эрдэс баялгийн бүтээгдэхүүн бүрдүүлсэн.

Үүний дийлэнх нь нам дор түвшний, нэмүү өртөг шингээгүй түүхий эд. Энэ оны наймдугаар сарын байдлаар Монгол улс 3.8 тэрбум ам.долларын барааг хилийн чанадаас худалдан авсан атлаа үүний тэн хагаст ч хүрэхгүй баялгийг дотооддоо үйлдвэрлэжээ. Ийм хэмжээний боловсруулсан бүтээгдэхүүний эрэлт бидний жижигхэн гэж голдог дотоодын зах зээлд байсаар байна. Сүүлийн 30 орчим жил нэг зах зээлээс хараат байх (хятад), бүхэл бүтэн улсын эдийн засгийн тулах цэг нь түүхий эд (ханш нь хамгийн тогтворгүй) байхын зовлонг бид ханатал амслаа. НҮБ-ын UNIDO буюу аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагаас 144 орны аж үйлдвэрийн хөгжлийг эрэмбэлжээ. Аж үйлдвэрийн хөгжлөөрөө Монгол улс тээр хойно буюу 109 дүгээрт жагссан байна. Манай улсын нэг хүнд ногдох боловсруулах үйлдвэрийн нэмж бүтээсэн үнэ цэнэ 86-хан ам.доллараар (2005 оны үнээр) хэмжигдэж байхад Япон биднээс 80 дахин, урд хөрш 10 дахин өндөр байна.

• Зах зээл шиг “үл үзэгдэгч” аж үйлдвэрийг хөгжүүлнэ гээд төр хүлээгээд суувал цаг алдаж, хөгжлөөрөө хол хоцрохоос хэтрэхгүй нь.

• Аж үйлдвэрийн хөгжлөөрөө Монгол Улс тээр хойно буюу 109 дүгээрт жагссан.

• Үндэсний хөгжлийн газрын судалгаагаар Монгол Улсад аж үйлдвэржилтийг дэмжих 400 гаруй баримт бичиг бий.

Монгол улс зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш аж үйлдвэрийн салбар үндсэндээ мөхсөн гэдэг. Олон үйлдвэр дампуурч, ажилчдаас овсгоотой нь ганзагын наймаанд явж, үлдсэн нь “лааз өшиглөх”-өд хүрсэн. Аж үйлдвэр унтармагц Монголын хөгжил мөлхсөн нь гашуун үнэн. Уг нь үе үеийн сайд дарга нар аж үйлдвэрийг хөгжүүлнэ хэмээн сүржин зарлаж, үйл ажиллагааныхаа мөрийн хөтөлбөрийнхөө эхэнд зоодог. Үндэсний хөгжлийн газрын судалгаагаар Монгол улсад аж үйлдвэржилтийг дэмжих 400 гаруй баримт бичиг бий. Дарга нар жил бүр сүржин мэдэгдэж, хэд бол хэдэн зуун хуудас хөгжлийн бодлого үйлдвэрлээд байхад яагаад Монгол улсад аж үйлдвэр хөгжихгүй байна вэ. Үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийг солонгоруулах нь бүхий л салбарыг “хөгжлийн манлай”-д хүргэх гэж зүтгэхийн нэр биш хэмээн мэргэжлийн хүн хэлж байна. Харин эхлээд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжүүлж, зэс хайлуулах, нүүрс шингэрүүлэх, нефть нэрэх үйлдвэр байгуулснаар үйлдвэржилт нэг шат ахих аж.

Мөн ноолуур, мал аж ахуй, аялал жуулчлал, мэдээллийн технологийг уул уурхай лугаа хөгжүүлэх нь бидний зориод буй солонгорох эдийн засгийн үндэс болох учиртай. Ингэснээр түүхий эдийн үнэ дагаж дарцаг шиг хийсдэг Монголын эдийн засгийн өсөлт тогтворжиж, ДНБ-ий өсөлт иргэн Батын хэтэвчинд бодитоор наалдах боломж олгоно. Гэтэл өдгөө бидний түшиж тулж буй уул уурхай, хөдөө аж ахуйн салбар байгалийн болон гадаад хүчин зүйлээс хэт хамааралтай, хэврэг тул Монголын эдийн засаг ч, эдийн засгийн эд эс болсон иргэдийн орлого ч өсөж, уруудан, ганхаж савлахад хүрээд байна. Гэтэл ганцхан ширхэг Iphone утас зургаан улсын 201 компанийг орлоготой болгодог гэвэл та итгэх үү. Үүний 44 компани нь АНУ-ынх байдаг бол тайванийн 52 аж ахуйн нэгж Iphone-ийн ханган нийлүүлэгчээр ажилладаг. Apple-тай түншилдэг компаниудын тоо сүүлийн таван жилд хоёр дахин нэмэгдсэн байна. Үйлдвэржилт ийм хурдтай бусад салбарыг дэмжиж, тэтгэж байна.

Аж үйлдвэрийн хөгжил 30 гаруй давуу тал дагуулдаг.Үндэсний нийт бүтээгдэхүүнийг өсгөж, ажлын байр нэмэгдүүлэн, иргэдийн орлогыг нэмнэ. Төлбөрийн тэнцлийн дарамт багасгана гээд аж үйлдвэр дагасан хөгжлийн гэрэл гэгээг дурдаад дуусахгүй. Гэтэл уул уурхайгаас тэрбум тэрбумаар мөнгө олсон энэ хэдэн жил бид ашигт малтмалаа бүрэн боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж огт сурсангүй. Бид нүүрсээ ухаж, хамгийн ойрын зах зээлд хямд өртгөөр гаргаж, богино хугацаанд ашиг олох тухай л мөрөөддөг ядруухан бодлоготой. Бас болоогүй ээ түүнийгээ тогтвортой ч борлуулж чадахгүй. Тиймээс улсын хөгжлийн тулах цэг болдог аж үйлдвэрийн салбарыг төр нэгдсэн бодлогоор хөгжүүлэхийн тулд зах зээлд төр оролцож, зохицуулалт хийхээс өөр гарц алга. Хэрвээ зах зээл шиг “үл үзэгдэгч” аж үйлдвэрийг хөгжүүлнэ гээд хүлээгээд суувал цаг алдаж, хөгжлөөрөө хол хоцрохоос хэтрэхгүй нь. Тиймээс энэ салбарт төрийн зохистой, тууштай бодлого хэрэгтэй байна.

БАЙР СУУРЬ

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Үүнийг ярихын тулд Монгол улсын эдийн засгийн багтаамж, газар нутаг нь ямар вэ гэдэгт дүгнэлт хийх ёстой. Монгол улсын бүсчлэн хөгжүүлэх үзэл баримтлалыг 2001 онд баталсан. Гэвч хэрэгжилт хангалтгүй. Өнөөдөр Монгол улсад бүсчилсэн хөгжлийн бодлого гэж огт байхгүй. Угаасаа ч байдаггүй. Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх тухай хөндөж байна. Үүнийг ярихын тулд хоёр хөршөө харах хэрэгтэй. Бүсчилсэн хөгжлийн бодлого гэж ухаарсан зүйл ч байхгүй. Аж үйлдвэрийн бодлого, хэрэгжилт мөн байхгүй байна. Монгол улс эдийн засгийн бүсчилсэн хөгжлийг хийх гэж байгаа бол энэ бүхнийг өөрөөр харах ёстой байх.

Дэлхийн банк группийн Хөрөнгө оруулалтын орчин худалдаа, өрсөлдөх чадварын газрын захирал Кристин Жэнвэй Чианг:

-Бодлого боловсруулагчид, хөрөнгө оруулалтыг дэмжих агентлаг болон зохицуулагч байгууллагууд эдийн засгийг төрөлжүүлэх асуудалд нэн тэргүүний ач холбогдол өгөх шаардлагатай. Гэхдээ эдийн засгийг төрөлжүүлнэ гэхээр “олборлох салбарыг үл хэрэгсэж, орхигдуулна” гэж ойлгож болохгүй. Монгол улсын эдийн засагт уул уурхай, олборлох салбар даацтай хувь нэмэр оруулдаг бөгөөд гадаадын шууд хөрөнгө оруулалтын зонхилох хувь хэмжээ ойрын ирээдүйд тус салбарт төвлөрөх хандлагатай байгаа.

Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан:

-Засгийн газраас гурван тулгуурт хөгжлийн бодлого, Монгол улсын 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн үзэл баримтлал зэрэг бодлогын баримт бичгүүд батлаад байна. Эдгээр бодлогын үндсэн санаа нь ажлын байр нэмэх, ядуурлыг бууруулах, үүний тулд олон тулгуурт эдийн засгийг бүрдүүлэх явдал юм. Мөн төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлогыг шинээр тодорхойлж, хуульчлахаар ажиллаж байна. Хувийн хэвшилтэй ойлголцсоноор уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлнэ. Хэрэв дэд бүтцээ шийдэж чадахгүй бол орон нутагт аж үйлдвэрлэл хөгжүүлнэ гэж яриад ч нэмэргүй.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ц.Батнасан: Төгсөөгөө үнэхээр том тулаанч болсныг харлаа

Улсынхаа ачийг хариулж амжаагүй тамирчдыг мэргэжилд орохыг зөвшөөрөхгүй

 0 сэтгэгдэл


Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасантай уулзаж ярилцлаа. Тэрбээр ярилцлагадаа саяхан болоод өнгөрсөн Н.Төгсцогтын тулаан, түүний цаашдын ирээдүй, Токиогийн олимпод оролцох Монголын боксчдын зорилгын талаар дэлгэрэнгүй хүүрнэсэн юм.

-Н.Төгсцогтын тулааныг Монголоос нэлээд олон хүн очиж үзсэний нэг нь та. Тулааны өдөр ордонд хэчнээн монгол байв, уур амьсгал ямархуу байсан бол?

-Монголчууд зохион байгуулалт сайтай байна лээ. Ганхуяг гэж залуу зохион байгуулалтыг удирдаж, монголчуудыгаа нэг дор суулгасан. Хүмүүсийн яриагаар бол Монголын 400-гаад хүн тоглолтыг газар дээрээс нь үзсэн. Хэдийгээр бид нэгдсэн зохион байгуулалттайгаар тоглолт үзсэн ч анхаармаар юм бас харагдаж байна лээ. Төгсөөгийн дараа Польшийн тамирчин тоглоход польшууд бүгд улсынхаа далбааг барьж, далбааныхаа өнгөтэй футболкоор жигдэрсэн байсан. Польшийн хөгжөөн дэмжигчид тэр олон хүн дундаас ялгарч чадсан. Бид ч бас тэднээс үлгэр дуурайл авмаар санагдсан.

-Тулааныг ордон дотор үзээд суухад ямар мэдрэмж төрж байв?

-Өөрөө рингэнд гарчихсан юм шиг бие арзайгаад, хүйтэн хөлс чихраад эвгүй л юм билээ. Би тамирчин байх үедээ олон чухал тулаанд оролцож байсан. Тэр ч утгаараа төгсөөд ямар их дарамт ирж байгааг мэдэрсэн. Мэдээж өрсөлдөгчөөсөө айна гэж байхгүй. Гэхдээ ялагдлын айдас гэж юм бий. Энэ нь тамирчин хүнд нэг талаар дарамт болдог. Манайхан бөөндөө цуглачихаад, Төгсцогт баталгаатай ялна гэж хүлээж байдаг. Гэтэл өрсөлдөгч нь амар амьтан биш шүү дээ. Өмнө нь дэлхийн аварга болоод үзчихсэн, туршлагатай, солгой өрөлттэй, ер нь төгсөөд эвгүй өрсөлдөгч байхгүй юу. Тиймээс жаахан санаа зовж байлаа. 12 раунд тоглоход сэтгэл зүйгээ бэлдэнэ гэдэг маш чухал. Манай хүн өмнө нь дээд тал нь 10 раунд л тоглож үзсэн. Тэгээд ихэнхийг нь хугацаанаас өмнө дутуу гаргасан. Тэр ч утгаараа төгсцогтод томхон сорилт болсон л доо. Гэхдээ манай хүн хэнэггүй талдаа болохоор харьцангуй бага стрессдсэн байх. Би тоглолтын өмнө бол төгсөөтэй уулзаагүй. Угаас их дарамттай байхад нь очиж нэрмээс болоод яахав гэж бодсон юм. Харин Э.Бадар-Ууган 10-аад минут уулзсан. Хоол орохгүй, нойр хүрэхгүй байна гэсэн байна лээ. Энэ бол сэтгэл зүйтэй холбоотой л доо. Гэсэн ч манай хүн бүгдийг даваад гарлаа. Бүтэн 12 раунд тулалдах чадвартай юм байна гэдгээ харуулсан нь их чухал. Үеийн дундуур дасгалжуулагч нар нь “Чи үе бүрт ялж байгаа учраас 12 раунд тоглоод үз. Энэ ачааллыг чиний бие яаж хүлээж авахыг үзмээр байна” гэсэн юм билээ. Нэг ёсондоо хугацаанаасаа өмнө дутуу гаргах гэж хичээх хэрэггүй гэсэн үг. Тиймээс манай хүн боломж байсан ч улайрч дайралгүй тогтож тоглосон байх.

-Энэ удаа Н.Төгсцогт өөрийнхөө тоглолтыг 100 хувь гаргаж чадаагүй юм шиг санагдсан. Та ямар бодолтой байна вэ?

-Жаахан зууранги байна лээ. Жингээ илүү их тавиад, биеэ сайн халаах хэрэгтэй байсан болов уу гэж бодсон. Хоол идэж чадахгүй, нойр хүрэхгүй бол тоглолтоо бүрэн гаргахад хэцүү л дээ. Гэхдээ энэ бол дамжлага байхгүй юу. Ийм юм үзэж, туулж байж л амжилт гаргана. Дандаа супер тулаан хийж, нам цохиж унагаад байх боломжгүй. Нэг ёсондоо дэлхийн хэмжээний аварга болж, өөрийгөө батлан харуулахын тулд суралцах ёстой юмандаа суралцаад л явж байна.

-Тулааны дараа өөртэй нь уулзав уу. Юу ярьж байх юм?

-Шөнө нь хальт уулзаад салсан. Том хамгаалалтад орсон, том тамирчин болжээ гэдэг нь харагдсан. Промоутерийн баг нь хүмүүстэй дураар нь уулзуулдаггүй юм байна. Миний хувьд учиргүй захиж хэлээд байх юм юу байхав. “Үзье гэсэн юмаа үзлээ” гэж байна лээ.

-Дараагийн өрсөлдөгч нь албан ёсоор тодорчихлоо. WBA холбооны аварга гэри расселтай хийх тулаан нь ямархуу болно гэж бодож байна вэ?

-Өмнөхөөс чангарна уу гэхээс сулрахгүй нь ойлгомжтой. Мэргэжлийн бокст ганц л ялагдсан нөхөр байна лээ. Төгсөөгийн хувьд туршлага дутна гэж юу байхав. 10 жилийн өмнө дэлхийн аваргаас медаль авч байсан гэхээр яаж ч бодсон туршлага дутахгүй. Ер нь төгсөө аль ч талаараа илүүрхэх боломжтой. Хамгийн гол нь яг тэр өдөр өөрийгөө тулаанд бэлэн байлгах нь чухал. Биеэ бэлдэх, жингээ зөв тавих, сайн амрах, тактикаа зөв боловсруулах гээд жижиг юм шиг хэрнээ тулаанд нөлөөлөх олон хүчин зүйл бий.

-Та цагтаа мэргэжлийн бокст хүч үзэж явсан хүн. Ер нь Монголын боксын холбоо өөрийн тамирчнаа мэргэжилд оруулах тал дээр ямар бодлого баримталж байна вэ?

-Бидний хувьд ид тоглож байгаа тамирчдаа мэргэжлийн бокст өгье гэж боддоггүй. Н.Төгсцогтын тухайд Монгол Улсын төлөө хийх ёстой юмаа хийж, олимп, дэлхийгээс мөнгөн медаль авсан хүн шүү дээ. Нэг байтугай нэлээд хэдэн хүний гаргаж чадахааргүй амжилтыг ганцаараа гаргачихаад хувийн карьераа хөөгөөд явсан болохоор ямар ч асуудалгүй. Харин улсын хөрөнгөөр тэмцээн уралдаанд орж, цалин авч, зардлаа даалгуулсан хэрнээ улсынхаа төлөө хийх юмаа хийж амжаагүй бол бид мэргэжлийн бокс руу явуулахгүй. Жишээ нь, Э.Цэндбаатарыг Монгол Улс 10 шахам жил тэжээчихлээ. Энэ тамирчин одоо л улсынхаа нэрийг гаргаж эхэлж байна. Өнгөрсөн жил азийн наадамд түрүүллээ. Одоо Э.Цэндбаатар олимп, дэлхийгээс медаль авч, улсынхаа ачийг хариулах ёстой. Тэгээд дараа нь явж болно. Энэ нөхцөлд бол бид тусална. Би энэ талаар Цэндбаатартай өөртэй нь ч ярьсан. “Юу юугүй яараад мэргэжилд гарч, Н.Төгсцогт шиг болох юмсан гэж боддог байж магадгүй. Гэхдээ энэ хүн улсынхаа төлөө хийдгээ хийчихээд явсан юм. Тиймээс чи 2020 он хүртэл олимп, дэлхийгээс медаль авах ёстой. Үүний дараа мэргэжил рүү гарахад асуудалгүй” гэсэн. Бусад тамирчдын хувьд ч адилхан. Бид тухайн тамирчныг бэлдэхийн тулд ямар их хүч, хөрөнгө зарцуулж байгаа билээ. Нэг тамирчин гадаад руу тэмцээнд явахад 5-6 сая төгрөг зарцуулна. Тэгээд жилдээ хэд хэдэн тэмцээнд орно гэж тооцвол багагүй зардал гарч байгаа. Тиймээс тамирчид энэ бүгдийг бодолцох л ёстой.

Бокс олимпын хөтөлбөрт үлдэнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй

-Улсаас боксчдыг хэр дэмжиж байна вэ. Хуваарилж байгаа мөнгө нь хүрэлцэж байна уу?

-Боксын спортыг улс даяар хөгжүүлэх тухай яривал улсаас өгч байгаа мөнгө хаанаа ч хүрэлцэхгүй. Улс бол зөвхөн шигшээ багийг дэмжиж байгаа. Одоо боксын шигшээд таван дасгалжуулагч, 23 тамирчин байна. Энэ 28 хүнд бол улсаас өгч байгаа мөнгө хангалттай. Өмнө нь ямар байлаа. Шигшээ баг ч гэж байсангүй. Улсаас нэг ч төгрөг өгдөггүй үе саяхныг хүртэл байсан шүү дээ. Харин одоо улс чадлаараа харж үзэж байна. Бэлтгэл, тэмцээний мөнгө өгч, цалинжуулж байна. Амжилт гаргаад ирвэл шагнаж байна. Тиймээс амжилт гаргах эсэх нь тамирчдаас өөрсдөөс нь л шалтгаална.

-Боксын спорт олимпын наадмын хөтөлбөрөөс хасагдах вий гэсэн аюул бий. Ер нь нөхцөл байдал ямархуу байна вэ?

-Бокс олимпоос хасагдана гэж байхгүй ээ. Сүүлд AIBA-гийн ерөнхийлөгчөөр сонгогдсон Гафур Рахимовыг гэмт хэрэгтэн, ийм хүнтэй ОУОХ хамтрахгүй гэсэн үүднээс AIBA-д дарамт үзүүлээд байгаа. Гэхдээ нэг хүнээс болоод тэр олон тамирчны эрх ашгийг хохирооно гэж байхгүй. Бокс бол анхны олимпоос эхлээд хөтөлбөрт нь багтсан төрөл. AIBA-гийн ерөнхийлөгч ОУОХ-той учраа хэрхэн ололцох нь тусдаа асуудал. Харин бокс бол олимпод байдгаараа байна гэдэгт эргэлзэх хэрэггүй.

-Монголын боксчид сүүлийн гурван олимп дараалан медаль авсан. Токиод ч гэсэн амжилтаа үргэлжлүүлэхийг зорьж байгаа нь тодорхой. Айсуй олимпод хэдэн тамирчинтай орж, хэдэн медаль авахаар зорьж, төлөвлөж байна вэ?

-Бид одоохондоо жингийн асуудалд илүү анхаарч байна. Сая AIBA-гийн хурлаар эрэгтэй найм, эмэгтэй таван жинтэй болгочихлоо. Энэ өөрчлөлт манайд ашиггүй. Шинэ жингийн ангиллаар 60 кг байхгүй болж байна. Уг нь 60 кг гэдэг Монголын ганц супер жин шүү дээ. Манай боксчид үеийн үед энэ жинд медаль авсаар ирсэн. Одоо л гэхэд бид Э.Цэндбаатарыг энэ жинд бэлдэж байна. Жингийн өөрчлөлтийг ганц манайх ч биш, олон улс эсэргүүцэж байгаа. Шинэ жин батлагдсанаас хойш зохиогдсон бүх тэмцээн хуучин жингээрээ яваад байна. Энэ нь улс орнууд жингийн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн үг. Ирэх дөрөвдүгээр сарын 16-27 нд тайландад азийн аварга болно. Эндээс ДАШТ-ий эрх өгнө. Харин дэлхийн аваргаас олимпын эрх өгнө. Гэтэл азийн аварга хуучин жингээрээ болохоор тогтсон байна. Ер нь энэ азийн аваргаас эхлээд бүх зүйл холбоотой болно. Хэрэв 60 кг-д ДАШТ-ий эрх авч, дэлхийн аваргаас олимпын эрхээ авчихвал яах вэ. Олимпод оруулахгүй гэж болохгүй шүү дээ. Тиймээс олимп хуучин жингээрээ явагдах байх гэсэн хүлээлт бий. Ерөнхийдөө бид эрэгтэй 4-6 тамирчинтай олимпод орж, 1-2 медаль авахыг зорьж байгаа. Энэ дундаа алтан медаль авах  нь бидний гол зорилго. Эмэгтэй тамирчдын тухайд олимпод орж байгаагүй. Одоо бол манай эмэгтэй боксын шинэ үе гараад ирлээ. Энэ хэддээ маш их итгэл хүлээлгэж байгаа. Ямар ч байсан олимпын эрх авах, цаашлаад олимпоос анхны медалиа авах том зорилго тавьчихаад үзээд байна. Олимпын наадмын боксын тэмцээн сүмогийн “Рёогокү Кокүгикан” ордонд зохиогдох юм билээ. Энэ бол монгол хүнд ээлтэй, монголчуудын энерги шингэсэн газар шүү дээ. Бид Бээжингийн олимпод гэртээ байгаа мэт байсан бол токиод ч гэсэн ялгаагүй.

-Д.Отгондалай, У.Мөнх-Эрдэнэ гавьяатууд бэлтгэлээ хийж байгаа юу. Цаашид тэмцээнд орох уу?

-Бэлтгэлээ хийлгүй яахав. Нас бол зөвхөн тоо гэдгийг тэд харуулж байгаа. 30 хүрсэн хойноо өндөр амжилт гаргаж болдгийг энэ боксчид харуулсан. Д.Отгондалай хэсэг хугацаанд завсарлага авсан. Ер нь жаахан амарч байгаад эргээд ирэхэд сэргэлт болно шүү дээ. Одоо бэлтгэлээ хийж байгаа. У.Мөнх-Эрдэнэ гэхэд 37 нас хүрчихлээ. Тэгсэн хэрнээ улсын аваргын финалд шалгарч, залуучуудыг хашраагаад явж л байна. Ер нь Мөнх-Эрдэнэ бэлтгэл хийхгүй байна гэж үгүй дээ. Боксоо орхисны дараа ч гэсэн бэлтгэлээ хийсээр байх болно гэдгийг би маш сайн мэдэж байна.

-Дараагийн Э.Бадар-Ууган, Н.Төгсцогт, У.Мөнх-эрдэнэ хэр бэлтгэгдэж байна вэ. Ер нь улсын хэмжээнд хэчнээн хүн боксоор идэвхтэй хичээллэж байгаа бол?

-Одоо Улаанбаатар хотод хувь, хувьсгалын нийлсэн 30 гаруй клуб ажиллаж байна. Энэ дотор хүүхдүүдтэй идэвхтэй ажилладаг клуб байна, бизнесийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нь ч бий. Сүүлийн үед хүмүүс турах зорилгоор аэро боксоор их хичээллэдэг болсон байна. Гоё бие хаатай болоход боксын бэлтгэл хамгийн сайн байдаг. Орон нутагт бол бараг говьалтайгаас бусад бүх аймагт боксын секц дугуйлан хичээллэж байна. Тиймээс бүсчилсэн тэмцээн хийх талаар хүртэл ярьж байна. Одоо өсвөр, залуучуудын улсын аваргад дандаа хөдөөний багууд түрүүлдэг боллоо. Мэдээж энэ дунд дараагийн залгамж халаа бэлтгэгдсээр байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Канадын гаргасан алдааг Монгол давтаж завхарч явна

Хувийн хэвшлийнхэн айдас хүйдэстэй байна

 0 сэтгэгдэл


Аливаа ажлын үр дүнг тоогоор хэмжиж, өсөлт, бууралтаар өөрчлөлтийг хянадаг. Үүгээр л өнөөдрөө бид хэмжиж, маргаашийг төлөвлөдөг билээ. Тэгвэл 2018 оны эдийн засгийн өсөлтийг үндэсний статистикийн хороо өнөөдөр танилцуулах гэж байна. Эдийн засаг 2017, 2016 онтой харьцуулахад хавь илүү өсөлттэй гарсан гэж өмнө нь зарим албаны байгууллага урьдчилан албан бусаар мэдэгдэж, үүнийг бүгд л өөрийн хийсэн ажил мэтээр бусдад тайлагнаж, тайлбарлах гэж оролдож байлаа.

Судалгааны байгууллагын таамгаар бол манай улсын эдийн засаг зургаа орчим хувийн өсөлттэй гарахаар байгаа нь угтаа баялаг бүтээж, ажлын байр бий болгосон, үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж, хөрөнгө оруулалт татсан хувийн хэвшлийн хүчин чармайлт. тэдний гялтайх  амжилтыг харин төр булаах гэж ичгүүр сонжуургүй авирлаж, амжилттай яваа бизнесийг өөрийн болгох гэж улайрч байна. Ийм үзэгдэл сүүлийн жилүүдэд улам гаарч, улаан цагаандаа нэгэнт гарсан билээ. Яг ийм жишгээр бид ахиад жаахан цаашаа явбал дөнгөн данган урагшилж буй хөгжлөө зогсоогоод ханахгүй ухарч мэдэх нь. төртэй өрсөлдөх бизнесүүд амь тавих аюул ч ойрхон байна.

Монголд өрнөж буй хувийн өмч тойрсон халдлага, төр бизнес эрхлэх гэсэн хандлага гадаадын шууд хөрөнгө оруулалтыг үргээж байна. Төрийн нэрээр хувийн хэвшил рүү халдаж, хайрах нь зөвхөн Монголд бус бидэнтэй ойролцоо эдийн засагтай орнуудад ч ажиглагдах болсон. Зарим нь үүнийгээ хэтрүүлж, улсаараа дампуурч байна.  Тухайлбал, Венесуэл, Латин Америкийн орнууд хувийн хэвшлээ тонон дээрэмдэж, шоронд суулгаснаар инфляц нь хоёр сая давж, ажилгүйчүүдийн эгнээ хэдэн мянгаараа нэмэгдэх боллоо. Тэгвэл бүхнийг төрд авна, хураана гэсэн энэхүү бодлогогүй популизм одоогоос 40 гаруй жилийн өмнө Канадад багагүй гай тарьжээ. Үүний буруу байсныг улсаараа ойлгох хүртлээ энэ улс эдийн засгийн маш олон боломжоо үгүйсгэж, хүнд байдалд орж байсныг тус орноос Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд дэвид уиллиам спрул хэлж байна.

Канадад өрнөсөн бизнест төрийн оролцоо гүнзгийрэх үзэгдэл хөгжлийг нь сааруулаад зогсохгүй улсынхаа эрх ашигт нийцээгүй гэдгийг Элчин сайд ярьсан юм. Тэдний хувьд энэ нь ухралт болсон төдийгүй үүнийг Монгол Улс битгий давтаасай гэж тэрбээр нэмж хүслээ. Хувийн өмчийг хүндэтгэх үзэл дор улс орны эдийн засаг өргөжин тэлж, өсөлт, өөрчлөлт илүү бодитой нүдэнд харагдаж, гарт баригддаг. Тэгвэл Канадын сайн бус 40 жилийн өмнөх муу жишгээр өнөөдөр хөгжиж буй Монгол Улс замнах гээд байгаа нь хөндлөнгийн хүний нүдэнд ийнхүү буужээ.

16 компани дангаараа Монголын ДНБий 40 хувийг хангаж байна

Элчин сайд Дэвид Уиллиам Спрул “Төр өмчийн эзэн болж, аж ахуйн үйл ажиллагаа явуулснаар улсын өрсөлдөх чадварт хүртэл нөлөөлдөг. Тухайлбал, төрийн өмчит компанийн үр ашиг буурна, ашиг сонирхлын зөрчил үүснэ, бизнесийн орчин муудна. Татварын орлого багасна. Ил тод байдал хумигдана. Орлогын ялгаа үүснэ. Компанийн сайн засаглалын талаар энд яриад ч нэмэргүй” хэмээн санаагаа дэлгэрүүлсэн юм. Олон улсын байгууллагын гаргасан  судалгаагаар, авлигын индексээр Монгол Улс 175 орноос 103-т эрэмбэлэгдэж, 2017 онтой харьцуулахад 16 байраар ухрав. Энэ нь авлига нэмэгдсэн гэсэн үг юм.

Төр өмчөө цөөлөх, ялангуяа хувийн хэвшилтэй өрсөлдөх компани, аж ахуйн нэгжтэй байх нь зохимжгүй гэдгийг олон орны судлаач, шинжээч үргэлж хэлдэг. ОХУ болон БНХАУ төрийн өмчөөс татгалзаж, оролцоогоо ч хумих болсон. Харин манай улс төрийн өмчөө нэмэгдүүлж, жишээ нь нүүрсний бизнест түүчээлж явна. Төрийн оролцоо бизнест нэмэгдсэнээр баялгийн хуваарилалт шударга бус болж, авлига, хүнд суртал цэцэглэдэг байна. Эдгээр бэрхшээлийг Канад туулаад гарсан ч өнөөдрөөс илүү байх боломж, бололцоогоо тэд алдсан аж. Богино хугацаанд алдаагаа ухаарч, засаглалаа сайжруулахад анхаарсан тус орны хувьд өнөөдөр хөрөнгө оруулагчдын хувьд ашиг, орлогын үүд нээсэн төв цэг нь болж чадсан билээ.

Бүхнийг төрд хураана, төрийн өмч болгоно, төр өмчөө мэднэ гэсэн популизм манай улсад өнөөдөр газар авснаар энэ нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг үргээж, 20 гаруй жилийн турш бий болгосон ололтоо өнөөдөр үгүйсгэхэд хүргээд буй. Зах зээлийн эдийн засагт шилжсэн тэр цаг мөчөөс хойш хувийн өмчийг хүндлэх, төр бизнесийн салбар дахь оролцоогоо аль болох багасгах нь оновчтой гэсэн зарчим, үзэл бодлогын түвшинд ноёлж ирсэн нь бий. Гэтэл өнөөдөр энэ бүхэн эсрэг зүгт хандах маягтай.  Туйлшрал хэтийдэх боллоо. Хувийн хэвшлийнхэн айдас хүйдэстэй байна. Босгосон бизнес, бий болгосон өмчөө төрд алдаж мэдэх нь гэсэн болгоомжлол тэдний дунд хэдийн үүсжээ.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав “Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхөө болих хэрэгтэй. Эдийн засгийн 50 хувь бүрддэг 93 төрийн өмчит компанийн менежментийг сайжруулж, засаглалын хувьд тогтвортой болгож, улс төрийн хамаарлыг нь багасгая. Засгийн газрын оролцоог ч энд хэлж байна” гэв. Үндэсний компаниудыг эгнээндээ нэгтгэсэн хамгийн том төрийн бус байгууллага жил болгон Монголын ТОП 100 аж ахуйн нэгжийг зарладаг. Энэхүү 100 компанийн 16 нь дангаараа Монголын ДНБ-ий 40 хувийг хангаж байна. Эдийн засаг, бизнест төрийн оролцоо ямар түвшинд нөлөөтэй байгааг эндээс харж болох юм. Төр бүхнийг өөртөө гэсэн зарчмаар хувийн хэвшлийн эсрэг буюу татвар төлөгчдийн өмнөөс хариуцлагагүй шийдвэр гаргаж ирсний балгаар Украин, Зимбабве, Венесуэл одоо модоо барих нь холгүй байна. Энэ орнууд эргэн сэргэхэд хамгийн багадаа 20 ба түүнээс дээш жил шаардлагатай гэсэн тооцоо, судалгаа хүртэл гарчээ. Энэ онд манай улс гадаадын шууд хөрөнгө оруулалт 1.9 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн өөдрөг төсөөлөл төсөвт шигтгэж өгсөн. Харамсалтай нь, төрийн нэр дор хувь, хувьсгалын өмчийн шилжилт хөдөлгөөн хөрөнгө оруулагчдад жинхнээсээ айдас хүйдэс төрүүлж байна. Канадын туулсан гашуун үнэнийг Элчин сайд нь өчөөд, Монгол дөчөөд жилийнх өмнөх тэдний буруу бодлогын араас явааг ахин дахин сануулсныг эргэж тунгаах цаг иржээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Менингококкийн халдварын эсрэг вакцин хийж байна

 0 сэтгэгдэл


ХӨСҮТ-д даваагаас баасан гарагуудад 8.30-14.30 хүртэл менингитийн вакцин хийж байна. Сайн дурын дархлаажуулалтыг тус эмнэлгийн 114 тоот өрөөнд хийх ба 13500 төгрөгийн үнэтэй. Зургаан сараас доош насны хүүхдэд хийх хориотой юм байна. 

Жил бүрийн хавар менингит өвчний тохиолдол бүртгэгддэг. Энэхүү өвчин нь менингококк гэдэг вирусаар халдварладаг  бөгөөд  халдвар авсан үед үнэрлэх эд, эрхтэн болон цусаар дамжин төв мэдрэлийн системд халддаг. Халдварын шинж тэмдэг нь тайван бус болох, өндөр халуурах, толгой хүчтэй өвдөх, дотор муухайрахгүйгээр бөөлжих, арьс, сонсгол, хараа хэт мэдрэг болох, дагзны булчин хөших, шөрмөс татаж, үе мөч салганах зэрэг шинж  тэмдэг илэрдэг байна. 
Өвчний 2-5 хоногт их хэмжээний үсэрхийлсэн тууралт, цөөн тохиолдолд бэржрүүт тууралт үүснэ. Тууралт нь од хэлбэртэй ихэнхдээ өгзөг, их биеийн хажуу хэсгээр гардаг. Зарим тохиолдолд өвчний эхний өдрөөс менингитийн шинж рүү шилжиж, эмнэлзүйн шинж 24 цагийн дотор илрэх бөгөөд эмчилгээ хожимдвол амархан хүндэрч, амь насанд эрсдэл үүсэх магадлал өндөр байдаг аж. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Налайхын зам ашиглалтад ортол нэлээд тэвчээр хэрэгтэй болно доо

Зүүн тийш явахын тулд Төв аймгаар дайрвал гурав дахин урт зам туулна

 0 сэтгэгдэл


Жаран жилийн тэртээ тавигдсанаасаа хойш олигтой арчилгаа авч үзээгүй Налайхын зам энэ жил төрөл арилжсан мэт шинэчлэгдэнэ. Хятадын Экспорт, импортын банкнаас авах нэг тэрбум ам.долларын зээлийн багцад уг замыг шинэчилж, дөрвөн эгнээ болгох бүтээн байгуулалт багтсан юм. Улмаар Гачууртын уулзвараас Налайх хүртэлх 20.9 км автозамыг энэ онд багтаан дуусгахыг Засгийн газар үүрэгдсэн. Нэгэнт дээд газраас чиглэл өгсөн учраас холбогдох байгууллагууд яаж ийгээд амжуулах байх. Ерөнхийдөө 4-11 дүгээр сард замын ажлыг хийж дуусгах төлөвлөгөөтэй байгаа юм. Ингэснээр Монгол Улсын нийслэлээс зүүн болон зүүн өмнө зүг рүү явах гол замын нэвтрүүлэх чадвар сайжирч, энэ замд олон цагаар түгжирдэг, байнга шахам осол гардаг байдал алга болно гээд давуу тал их.

БАЯНЗҮРХИЙН ТОВЧООГООР ӨДӨРТ 6-10 МЯНГАН МАШИН НЭВТЭРДЭГ

Гэхдээ сайхан замтай болж, жаргалдаа умбахаас өмнө туулах зовлон гэж бас бий. Өөрөөр хэлбэл, зам баригдах долоон сарын хугацаанд түүгээр нэвтэрдэг их урсгалыг хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудал өдгөө шийдвэр гаргагчдын толгойны өвчин болоод байна. Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас зам ашиглалтад орох хүртэл хойд талын шороон хэсгээр түр зам гаргаж, Налайх, Хонхор, Баянзүрхийн товчоо орчмын оршин суугчид болон нийтийн тээврийн хөдөлгөөнийг нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Харин Улаанбаатар хотоос зүүн болон өмнө зүг явах, хот руу орох, дайран өнгөрөх тээврийн хэрэгслийг Төв аймгаар дамжин өнгөрүүлэх юм. Энэ үед л асуудал ундарч эхэлнэ дээ.

Чухам энэ замаар зүүн гурван аймаг болон Дорноговь, Гомьсүмбэр гэсэн өмнө зүгийн аймгуудтай холбогддог. Мөн Налайх, Багануур, Багахангай дүүрэг орох хүмүүс энэ хэсгээр дайрч гарахаас аргагүй. Үүнээс гадна Тэрэлж, Цонжин Болдог гээд аялал жуулчлалын гол бүс  нутаг руу хүрэхийн тулд мөн л Налайхын замаар дамжих болно.

Баянзүрхийн товчоо угаас хамгийн их ачаалалтай дамжин өнгөрүүлэх төв. Энэ хэсгээр өдөрт 6-10 мянган машин тогтмол нэвтэрдэг гэсэн статистик бий. Харин цагаан сар, наадам зэрэг томоохон баярын өдрүүдэд дээрх тоо 70 мянгад хүрч байв. Тэгвэл одоо энэ их урсгал Төв аймгийн зам руу шилжинэ гээд төсөөл дөө.

Хотын зүүн хэсэгт амьдардаг хүмүүс Тэрэлж орохдоо шууд Налайхын замаар явдаг байсан бол зам хаагдсаны дараачаас эхлээд баруун тийш Нисэх хүрч, тэндээсээ Төв аймаг ороод улмаар цааш давхисаар Налайх хүрнэ гэсэн үг. Энэ хэрээр хотын төв хэсэг, Энхтайвны гүүр, Нарны гүүр болон Яармаг, Төв аймгийн замын ачаалал эрс нэмэгдэх нь хэнд ч ойлгомжтой.

Уг нь албаны хүмүүс уг замыг он дамнуулан барихаар төлөвлөж байсан юм билээ. Эхний жилд нь хоёр урсгалаа тавьж, нөгөө хэсгээр нь зорчих хөдөлгөөнөө явуулна гэж тооцож. Гэтэл энэ онд багтаан ашиглалтад оруулах үүрэг өгсөн тул бүгдийг нь нэг дор хаахаар шийджээ. Ингэснээр зорчих хөдөлгөөнийг Төв аймгийн нутгаар явуулахаас аргагүйд хүрсэн байна.

Бүтээн байгуулалт аялал жуулчлалд тодорхой хэмжээгээр нөлөөлнө

Туслах зам тавих зэргээр асуудлыг иргэдэд чирэгдэл багатай шийдэх боломж байсан эсэхийг Нийслэлийн ерөнхий менежер Т.Гантөмөрөөс тодруулахад “Нийслэлийн Автозамын хөгжлийн газар, Тээврийн цагдаагийн алба гээд холбогдох байгууллагууд энэ асуудлыг нухацтай ярилцсан. Үнэнийг хэлэхэд Төв аймгийн нутгаар иргэдийг явуулахаас өөр гарцгүй болчихоод байна. Хэрэв хажуугаар нь зам тавибал байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөө их. Мөн замын хоёр талын хэсэг тэр чигээрээ барилга байгууламж, ажил үйлчилгээ шигүү болчихсон учраас чөлөөлөх боломжгүй байна. Хэрэв чөлөөтэй байсан бол тавьж байгаа замынхаа хажуугаар шороон зам гаргаж болно. Гэвч энэ нөхцөлд ямар ч арга алга. Бид барих замынхаа хэсгийг л арай гэж чөлөөллөө шүү дээ” гэсэн юм. 

Хотын захиргаанаас зам баригдах газрыг бүрэн чөлөөлөөд буй. Иргэн, аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрөлтэй 82, зөвшөөрөлгүй 38, зар сурталчилгааны 60 самбар, нийт 180 обьектыг чөлөөлж, үүний нөхөн төлбөрт нэг тэрбум гаруй төгрөг өгсөн юм.

Харин Төв аймгийн зам энэ ачааллыг даах эсэх, тухайн хэсэгт түгжрэл их үүсэхээр байвал яаж зохицуулах талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн М.Мөнхгэрэлээс тодруулахад “Хөдөлгөөн зохион байгуулалтыг ингэж хийнэ гэсэн албан ёсны шийдвэр хараахан гараагүй байна. Энэ асуудлыг холбогдох байгууллагууд судалж байгаа” гэсэн юм.

“Бид аль болох иргэдэд хүндрэл учруулахгүйгээр шийдэхийг хичээж байна. Гэхдээ юуны өмнө аюулгүй байдлаа бодох ёстой. Хүмүүсийг холуур тойруулахгүй гээд улаан тоосон дундуур давхиулж, хооронд нь мөргөлдүүлээд байж болохгүй биз дээ” хэмээн нийслэлийн Авто замын хөгжлийн газрын мэргэжилтэн Г.Хасбаатар ярилаа.

• Гачууртын уулзвараас Налайх хүртэлх 20.9 км замыг 4-11 дүгээр сард барьж дуусгахаар төлөвлөж байна.

• “Хүмүүсийг холуур тойруулахгүй гээд улаан тоосон дундуур давхиулж, хооронд нь мөргөлдүүлээд байж болохгүй биз дээ” гэв.

• Налайхын замыг хааснаар хотын төв хэсэг, Энхтайвны гүүр, Нарны гүүр болон Яармаг, Төв аймгийн замын ачаалал эрс нэмэгдэнэ.

ТЭРЭЛЖИЙГ ЗОРИХ ЖУУЛЧНЫ ХӨЛ ТАТРАХ УУ


Албаны хүмүүсийн тайлбар ийм байна. Тэгэхээр бид зам хаасан долоон сарын хугацаанд хүссэн ч, эс хүссэн ч Төв аймгийн нутгаар тойрч давхисаар зүүн тийш зүглэх нь. Гэхдээ манайхан хууль дүрэм биелүүлэхдээ тун хойрго улс. Яаж ийгээд л шинэ зам гаргаж мэднэ. Тэгээд нөгөөхөөр нь өдөрт хэдэн мянгаар тоологдох машин цуваад байвал Богд уул, Туул голын нэгээхэн хэсэг яаж талхлагдаж, ямар их шороо тоос босохыг төсөөл дөө. Тиймээс замын цагдаа болоод бусад холбогдох албаныхан хяналт шалгалтаа маш сайн тавих шаардлага давын өмнө тулгарна. Эс бөгөөс Лүнгийн зам нэг хэсэг яаж талхлагдсан, яг тийм хувь тавилан хүлээх болно.

Нөгөөтэйгүүр замын бүтээн байгуулалт аялал жуулчлалд тодорхой хэмжээгээр нөлөөлж таарна. Бяцхан тооцоолол хийгээд үзье л дээ. Хотын төвөөс Налайх хүрэхэд 30 хүрэхгүй км явна. Харин Төв аймгаар дайрч, Богд уулыг ороовол 100 орчим км болж байна. Нэг ёсондоо туулах зам гурав дахин нэмэгдэнэ гэсэн үг. Энэ хэрээр бензин тос, цаг хугацаа урсаж өгнө. Тиймээс хүмүүс Тэрэлж явж амрахын тулд Төв аймгаар дайрч өөртөө түвэг удахыг хүсэхгүй л болов уу.

Тэрэлжид 20 жилийн өмнө 30 гаруйхан жуулчны бааз байсан гэдэг. Харин одоо бол энэ тоо 10  дахин нэмэгдэж, 360 хүрчээ. Мөн Цонжин Болдогийг тойроод олон жуулчны бааз үйл ажиллагаа явуулж буй. Чингис хааны хөшөөт цогцолбороор гэхэд өдөрт 300-400, баяр наадмын үеэр 3000 хүртэл хүн үйлчлүүлдэг.

Гэвч туулах зам уртсаж, бөглөрөл түгжрэл нэмэгдэх хэрээр иргэд тойрч очихоос төвөгшөөн өөр тийш хүлгийн жолоо залах магадлал өндөр. Тиймээс зүүн зүгт байрлах жуулчны баазууд ирэх зундаа ашиг орлого багасна гэсэн сэтгэл зүйн бэлтгэлтэй байхад илүүдэхгүй.

Үүнийг бичихдээ ойрын хэдэн жил хийгдээгүй том бүтээн байгуулалтыг харлуулах гэсэнгүй ээ. Дөрвөн эгнээ бүхий орчин үеийн стандартад нийцсэн энэ зам баригдахыг хүн бүр хүсэн хүлээж байгаа. Зам ашиглалтад орсноор хамгийн их ачаалалтай хэсгийн зорчих урсгал сайжирч, иргэдийг бухимдуулдаг байдал арилна. Мөн осол аваар ч тодорхой хэмжээгээр буурах нь баараггүй. Гэхдээ зам ашиглалтад орох хүртэлх хэдэн сарын хугацаанд амаргүй нөхцөл байдал хүлээж буйг сануулах гэсэн юм. Ялангуяа зүүн зүг рүү их зорчдог хүмүүст багагүй хүндрэл гарна. Тиймээс хаа хаанаа тэсэх л хэрэгтэй болох нь дээ!