A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5684/

Эдийн засгийн хүндрэл он дамжих нь тодорхой боллоо

Эдийн засгийн хүндрэл он дамжих нь тодорхой боллоо

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5684/
  • ОУВС Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын талаарх ээлжит тайлангаа шинэчлэн танилцуулсан. Эхний таамаглалаа танилцуулахад, дэлхийн эдийн засаг энэ онд гурван хувиар агшихаар байсан бол удаах таамгаа өөрчилж, 4.9 хувь болголоо. Тодруулбал, дэлхийн эдийн засаг 2020 онд 4.9 хувиар агшихаар байна 
  • Экспортоо нэмэгдүүлж, хувийн хэвшлийн үйл ажил лагаанд тулгарах төрийн хүнд суртал, саад тээгтэй тэмцэх хэрэгтэй байна 

Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг... Ингэж хэлэхээс өөр аргагүй байдал өнөөдөр үүслээ. Оны эхний улиралд 10.7 хувиар агшсан эдийн засгийн уналт 2021 он хүртэл үргэлжлэх нь тодорхой боллоо. Төгрөгийн ханшийн уналт улирал дамжиж, сүүлийн гурван сарын хугацаанд бүр ч даамжирлаа.

Сонгуулийн сурталчилгаа орон даяар өрнөсөн өдрүүдэд ам.доллар ч “унтсангүй”. Төв банкны зарласан албан ханшаар 2820.59 төгрөгтэй тэнцэв. Түүхэнд байгаагүй хамгийн өндөр дүн энэ ч үүгээр хэмжигдэхгүй нь бололтой. Ханшийн энэхүү өөрчлөлтийг төр засаг тоож байгаа шинж огт алга. Төгрөгийн ханш сулрах хэрээр манай улсын гадаад өрийн хэмжээ цаг хормоор нэмэгдэж, өрхийн орлогыг ханшийн эрсдэл өм цөм хулгайлахын зэрэгцээ хүндрэл энэ эрчээрээ улам гаарах нь. Мөнгөний бодлого тодорхойлогчид долоо хоног болгон валютын дуудлага худалдаагаар зах зээлд ам.доллар нийлүүлсэн ч үр дүн нь тун тааруу хэвээр буй. Үүнээс улбаалан дотоодын валютын албан нөөц хорогдсоноос биш албан нөөцөө өсгөх санаачилга ажил болж, ашиг тус нь амьдралд харагдсангүй. Төв банк ярихаас хэтрэхгүй байна. Бодлогын хүү, инфляц аль аль нь нам түвшинд байгаа боловч төгрөг урьд өмнө байгаагүйгээр доройтлоо. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, сүүлийн 12 сарын хугацаанд нэг их наяд төгрөг валютын хадгаламжийг зузаалжээ. Өөрөөр хэлбэл, иргэд төгрөгийн хадгаламжаа ам.долларт хөрвүүлэх нь эрс нэмэгдсэн байна. Энэ нь ам.долларын ханшийн өсөлтийг эрчимжүүлсэн хэрэг. Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг үргээсэн бодлогын уршиг, гуравдагч орны хөрөнгө оруулалтыг үгүйсгэсэн шийдвэрүүд, төсвийн экспортын орлого эрс багассан явдал өнөөдөр төгрөгийн ханшийн уналтыг улам өрдсөөр байна. Төгрөгийн ханшийн дээрх үнэгүйдлээс төр засагт иргэд итгэхгүй байгааг харж болох юм. Төрийн мөнгөний бодлогод найдахгүй байгааг эндээс давхар бас анзаарсан биз ээ. Эрх баригчид эдийн засгийг тогтворжуулж байгаа эсэхийг ирэх өдрүүдэд ам.долларын ханш хариулна. Ханш орвонгоороо өөрчлөгдсөөр байвал тэд ажлаа хийж чадахгүй, амлалтаа биелүүлэхгүй байгаа хэрэг. Наадам найр, хурдан морь, хуушуур яах вэ. Баларч дордож буй эдийн засгийн жолоо цулбуурыг шинэ эрх баригчид эмхэлж авч чадахгүй бол улсаараа хямралын ангал руу хийсэх нь. Төсвийн алдагдал оны эхний таван сарын байдлаар 1.6 их наяд төгрөг болж, 2020 оны төсвийн хөрөнгө оруулалтууд ташраараа царцаж мэдэхээр байна. Цаасан дээр буулгасан төсөөлөл төдий бүтээн байгуулалтуудаа тэд зогсоох хэрэгтэй. Товчхондоо, валютын ханш болон төсвийн хямралд улсаараа нэрвэгдэж байна. Манай улс ирэх 4-5 жилийн хугацаанд нийт 15 тэрбум ам.долларын гадаад өр болон Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хэлснээр хүү төлөх ёстой. Энэ нь гадаад валютын албан нөөцийн одоогийн хэмжээнээс дөрөв дахин давсан өндөр өрийг өрөөр санхүүжүүлж гадаад өрийн хэмжээг улам тэлсэн гэсэн үг.

COVID-19 цар тахлаас үүдэн дэлхий нийтээр уул уурхайн бараа, бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ буурч, хөгжиж буй орнуудаас хөрөнгө оруулалт их хэмжээгээр гадагшилсаар буй. Үүний нөлөө хууль эрх зүйн орчин нь тогтворгүй, засаглал сул, гэрээний соёлгүй, хэлсэн ярьсандаа хүрдэггүй орнуудад хамгийн хүчтэй мэдрэгдэж байна. Ийм орны нэг нь манай улс бөгөөд ирэх өдрүүдэд бүсээ чангалах амаргүй сорилт тулгарах нь. Өрх болон аж ахуйн нэгжүүд зардлаа танаж, хэмнэлтийн горимд шилжээд хагас жил болж байна. Гэвч эдийн засагт гэрэл асаах бодлого шийдвэр өнөөдрийг хүртэл эрх баригчдаас огт гарсангүй. Монголын эдийн засгийн аврах шийдэл одоогоор тодорхойгүй байна. Ядарсан, зутарсан олны цөхөрсөн итгэл бөхөж мэдэх нь. Хар, саарал жагсаалт, олон сар үргэлжилсэн хөл хорио, үйл ажиллагаа нь тасалдсан бизнес, ашиг нь буурсан хувийн хэвшил, алдагдалд хэдийн орсон аж ахуйн нэгж ирж буй эдийн засгийн хүндрэлийг одоо тэсэж дийлэхгүй. Тиймээс бүсээ чангал гэж хэлэх нь басамжилсан хэрэг. Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын судалгаагаар, 40 гаруй мянган иргэн ажлын байраа алдсан. Энэ тоо дахиад хэдэн зуун мянгаар тэлж болзошгүй. Өлөн зэлмүүн, өр зээлд баригдаж, ажилгүй зогсох өдрүүд Монголын нийгэм, эдийн засгийн амьдралд одоо бодит эрсдэлд тооцогдож байна. Улаан гэрэл ассан эдийн засгийг, туйлдаа хүрсэн ядуурлыг, ажилгүй болсон мянга мянган хүнийг, эргэлтийн хөрөнгөгүй болсон олон зуун аж ахуйн нэгжийг шинээр бүрдэх Засгийн газар аварч дөнгөх нь юу бол. Эдийн засагч Н.Энхбаяр “Шинээр байгуулагдах Засгийн газрын өмнө улам амаргүй зорилт, эрсдэл тулгарахаар болж байна. Дэлхий нийтээр өсөлтийн хурд саарч, худалдааны эргэлт удаашрах нь түүхий эдийн эрэлт, үнэ ханшид таагүй нөлөө үзүүлж, улмаар Монгол Улсын экспортыг бууруулах хүчин зүйл болно” хэмээн анхаарууллаа. Гадаад зах зээлээс ирж буй эрсдэлийн нэг нь энэ. ОУВС Дэлхийн эдийн засгийн төлөв байдлын талаарх ээлжит тайлангаа шинэчлэн танилцуулсан. Эхний таамаглалаа танилцуулахад, дэлхийн эдийн засаг энэ онд гурван хувиар агшихаар байсан бол удаах таамгаа өөрчилж, 4.9 хувь болголоо. Тодруулбал, дэлхийн эдийн засаг 2020 онд 4.9 хувиар агшихаар байна. Хэдий тийм боловч хөгжиж буй орнууд эдийн засгийн ухаалаг бодлогоор хүндрэлээс даруй гарч, иргэдийнхээ амьжиргаанд хамгийн их санаа тавьж байна. Экспортоо нэмэгдүүлж, дотоодын төслүүдээ дэмжихээс гадна хувийн хэвшлийн үйл ажиллагаанд тулгарах төр засгийн хүнд суртал, саад тээгтэй тэмцэж байна. Дэлхийн банк болон ОУВС тэргүүтэй олон улсын судалгаа, шинжилгээний байгууллагууд эдийн засгийн хүндрэлээр зогсохгүй хямрал болон гүнзгийрэхээр байгааг сануулсан. Хамгийн ноцтой нь, манайхтай ижил хөгжиж буй орнуудын 100 гаруй сая хүн нэн ядууралд өртөж, дэлхийн нэг хүнд ногдох орлогын хэмжээ 3.6 хувиар буурах төлөвтэй гарсан. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын тооцооллоор, дэлхийн эдийн засаг энэ онд зургаан хувиар агших төдийгүй ажилгүйдлийн түвшин хоёр дахин нэмэгдэж, 9.2 хувьд хүрч өсөх шинжтэй байна. Манай улсын ажилгүйдлийн түвшин одоогоор 8.1 хувь буюу дээрхтэй ойролцоо байгаа. Цаашид хямрал он дамжин үргэлжилбэл хоёр дахин өсөж болзошгүй. Ерөнхий сайд асан С.Баяр "Хүнд жилүүд айсуй. Ардын амьдрал хэцүү шүү" хэмээн жиргэжээ. Түүний хэлснээр амаргүй өдрүүд эхэллээ. Төсвийн мөнгөөр туйлах биш ирэх оноос төлж эхлэх тулсан өрийн дарамтыг хэрхэн хөнгөвчлөх, яаж татвар нэмэхгүйгээр барагдуулахыг бодох цаг иржээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хямралаас гарахын тулд Монгол улс ОУВС-д дахин хадаг барих уу

  • Засаглалын хямралд гүн зоогдсон Монгол Улс эдийн засгийн хямралд улам гүнзгий шигджээ
  • Тусгай хөтөлбөрт дахин хамрагдвал төсөв, мөнгөний бодлогыг У.Хүрэлсүхийн Засгийн газар, төв банк бус ОУВС тодорхойлно
  • Засаглалын хямралд гүн зоогдсон Монгол Улс эдийн засгийн хямралд улам гүнзгий шигджээ. Хэзээ эндээс гарах эсэхийг өөрсдөө хэлж мэдэхгүй болтлоо доройтсон байна. Тамирдсан эдийн засаг, тал хувь нь зогссон хувийн хэвшил өнөөдрийн бодит байдал, үнэн төрх билээ. Цалингаа тавьж чадахгүй аж ахуйн нэгжүүд дор бүрнээ тэвдэж, зарим нь өр зээлийн дарамт руу “гулсжээ”


Засаглалын хямралд гүн зоогдсон Монгол Улс эдийн засгийн хямралд улам гүнзгий шигджээ. Хэзээ эндээс гарах эсэхийг өөрсдөө хэлж мэдэхгүй болтлоо доройтсон байна. Тамирдсан эдийн засаг, тал хувь нь зогссон хувийн хэвшил өнөөдрийн бодит байдал, үнэн төрх билээ. Цалингаа тавьж чадахгүй аж ахуйн нэгжүүд дор бүрнээ тэвдэж, зарим нь өр зээлийн дарамт руу “гулсжээ”. Ам.долларын эсрэг төгрөгийн ханш монгол төрийн өнөөдрийн үнэлэмж шиг суга доошилсон байна. Төв банкны зарласан албан ханшаар ам.доллар 2821 төгрөгтэй  тэнцэв. Түүхэнд байгаагүй ханш зах зээл дээр тогтож, төрийн сан хоосорч байна. Төсвийн алдагдал 1.6 их наядыг давлаа. Улсын гадаад валютын албан нөөц тасралтгүй буурч, валютын ханшийн огцом хөдөлгөөнийг төв банк захирч дийлэхгүй алдлаа. Төгрөгийн ханш сулрах хэрээр түмний амьдрал дордож, ядуурал хүрээгээ тэлсээр. Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь ядуу байна. Улс орны нийгэм, эдийн засгийн тэнцвэр болсон дундаж давхарга хумигдаж, ажилгүй, орлогогүй болсон хүмүүсийн тоо өдөр өдрөөр нэмэгдсээр байгаа.

Он гарснаас хойш гэхэд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын судалгаагаар 40 гаруй мянган хүн ажлын байр алджээ. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 8.1 хувь давж, уг үзүүлэлтээрээ хөгжиж буй Азийн орнуудыг манай улс тэргүүллээ. Улсын гадаад өрийн хэмжээнд гэхэд сүүлийн нэг жилийн хугацаанд 939.3 сая ам.доллар буюу 3.2 хувиар өсжээ. Тодруулбал, Засгийн газрын нийт энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 2.2 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Өр зээлийн дарамт, төсвийн алдагдал талийж өгснийг энэхүү статистик гэрчилнэ. Эдийн засаг муудах тусам бизнесийн орчин эмх цэгцээ алдаж, хөрөнгө оруулалт Монголоос дайжиж эхэлсэн. Тодруулбал, он гарснаас хойш томоохон төсөл, хөтөлбөр дагасан хөрөнгө оруулалт төлбөрийн тэнцэл дээр бичигдсэнгүй. Дийлэнх төслүүд гацаж, зарим нь үйл ажиллагаагаа түр царцаажээ. Тухайлбал, Газрын тос боловсруулах үйлдвэр болон “Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт удааширч, төлөвлөгөөт ажлууд хойшлох нь тодорхой болов. Манай улс ирэх дөрвөн жилийн хугацаанд нэмж өр тавихгүй бол нийт 15 тэрбум ам.долларын гадаад өр болон түүний хүүгийн төлбөрийг барагдуулахаар байгаа. Энэ нь одоо байгаа гадаад валютын албан нөөцийн хэмжээнээс дөрөв дахин давсан дүн. Өрийг өөрийн хурааж, хуримтлуулсан валютаар төлөх боломж манай улсад байхгүй. Байх боломж хэдий байсан боловч нийгмийн хавтгайруулсан халамж, төсвийн үрэлгэн зардал болгоод салхинд хийсгэчихсэн. 

Тиймээс өрийг өрөөр санхүүжүүлэх л хувилбар байна. Гэхдээ олон улсын зах зээлээс хямд зардалтай мөнгө босгоно гэдэг мөрөөдөл болж мэдэх юм. Хөрөнгө оруулалтын томоохон сангуудын итгэлийг олох улам амаргүй байна. Монгол Улсад итгэж, найдах хөрөнгө оруулагч үндсэндээ алга болсон. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд байсан жаахан итгэлийг нь эрх баригчид дэвсэлж орхисон. Одоо үүнийхээ горыг амсаж байна. Ам.долларын ханшийн өсөлтөөр монгол өрх болгон буруу бодлогын үр дүнг хүртэж буй. Эдийн засаг оны эхний улиралд 10.7 хувиар агшсан. Цаашид ч уналт, агшилт хувь хүний санхүүд хүртэл хүчтэй мэдрэгдэх төсөөллийг зарим судалгааны байгууллага гаргажээ. Төв банк төгрөг хэвлээд, хэрэглээг дэмжих замаар эдийн засгаа дэмжиж болно. Гэхдээ өнөөдрийн валютын ханшийн өндөр эрсдэл, гадаад өрийн дарамтаа харахаар энэ арга нь амиа хорлох хэмжээний үйлдэл болохоор байна. Удаах нь экспортоо нэмэгдүүлэх замаар төсвийн орлогоо дорвитойхон ахиулах. Гэвч төмөр замгүй, дэд бүтэц нь хэдэн зуунаар хоцорсон улс хагас жилийн хугацаанд 42 сая тонн нүүрс экспортолж, эдийн засгаа аварна гэдэг үлгэр биз ээ. Эцсийн боломж нь өнөө л цаг хүндрэх үед хөлд нь сөгддөг ОУВС. Хямралаас гарахын тулд Монгол Улс ОУВС дахин хандах уу, хандахгүй гэвэл дампуурлаа шууд олон улсад зарлах уу. Шинээр бүрдэх Засгийн газарт сонголт тун хомс байна. Сонголт хийх боломжоо эрх баригчид өөрсдөө үгүйсгэсэн. Хамгийн хал багатай нь магадгүй ОУВС-д хадаг барих л болов уу. 

Өмнөх 2017 онд тус сангаас авсан “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” үр дүн тааруу хэрэгжсэн болохоор өнөөдүүл нь манайхыг тоохгүй байхыг үгүйсгэх аргагүй. Хүний итгэлийг бид өөрсдөө алдсан улс. Тийм болохоор өгөхгүй гээд нэг гэдийвэл ирэх дөрвөн жилийн эрх баригчдын мөрийн хөтөлбөрийн биелэлтийн талаар саналтгүй. Нөхцөл байдал өнөөгийнхөөс илүү хүндэрнэ гэсэн үг. Хэрэв ОУВС-тай нааштай хэлэлцээрт хүрвэл Монгол Улс найм дахь удаагаа санхүүгийн дэмжлэг хүссэн тусгай хөтөлбөрт хамрагдана гэсэн үг. Дордохын долоо гэж энэ. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” манай улсад хэрэгжүүлсэн ОУВС-гийн зургаа дахь хөтөлбөр. Үүнээс өмнө 2009 онд Stand-by, 2001 онд Ядуурлыг бууруулах, өсөлтийг хангах хөтөлбөрт хамрагдаж байсан удаатай. Мөн энэ онд тус сангийн “Шуурхай санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсан. Зах зээлийн эдийн засагт шилжсэн сүүлийн 30 жилд долоон удаа ОУВС-д манай улс хандсан бөгөөд 90-ээд оны үед хамгийн ойрхон давтамжтай хандаж байв. Харин 2000 он гарснаас хойш 8-9 жилийн завсартай ОУВС-д хандсан. Харин сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хоёр удаа буюу хамгийн их ойрхон давтамжтай ханджээ. Өөрөөр хэлбэл, сонгуульт дөрвөн жилийн хугацаанд Засгийн газар хоёр удаа хандсан нь санхүүгийн сахилга бат, засаглалын чанар, бүтээмж хэр байсныг илтгэнэ. Тусгай хөтөлбөрт дахин хамрагдвал төсөв, мөнгөний бодлогыг У.Хүрэлсүхийн Засгийн газар, төв банк бус ОУВС тодорхойлно.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Nike-ийн орлого 38 хувиар буурав

Nike компанийн орлого санхүүгийн жилийн IV улиралд шинжээчдийн таамаглаж байснаас өндөр дүнгээр буюу 38 хувиар буурч, 6.31 тэрбум ам.доллар хүрсэн байна. Энэ нь шинжээчдийн таамагласнаас огцом унасан үзүүлэлт бөгөөд борлуулалтын уналтад цар тахал нөлөөлжээ. Гэхдээ тус компанийн цахим худалдааны орлого нь 75 хувиар нэмэгдсэн ба онлайн худалдааны хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн аж. Nike одоогоор дэлхий даяар үйл ажиллагаагаа явуулж буй нийт дэлгүүрийнхээ 90 хувийг нээгээд байгаа юм. Тиймээс энэ улиралд борлуулалт нь нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байгааг онцолжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Эрх баригч нам бизнесийн зээлийн хүүг бууруулах зоригтой алхам хийх хэрэгтэй

  • Сонгуулийн өмнө хожим хойчоо бодолгүй халамжийн шинжтэй арга хэмжээнүүд авсан нь эдийн засагт маш том дарамт болох нь тодорхой
  • Ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд мөнгө санхүүгийн бодлогоор дэмжиж, бизнесийн зээлийн хүүг бууруулахад зоригтой алхам хийх хэрэгтэй. Ялангуяа боловсролын салбар маш хүнд нөхцөлд байна

УИХ-ын сонгуулийн үр дүн болон сонгуулийн дараах эдийн засгийн арга хэмжээний талаар ХҮН намын нарийн бичгийн дарга, доктор П.Наранбаяртай ярилцлаа.

-Энэ удаагийн сонгуулиар улс төрд шинэ хүчин гарч ирэх боломж хэр нээлттэй байв. Өрсөлдөөн тэгш байж чадсан уу? 

-Мажоритар систем маш олон хүний саналыг гээгдүүлдэг. Энэ тогтолцоог өөрчлөхгүйгээр сонгууль явуулах нь улс төрийн томоохон хүчнүүдэд илүү ашигтай гэдэг нь энэ сонгуулийн үр дүнгээс харагдаж байна. Хоёрдугаарт, тойргоо томруулсан нь мөнгө тараах үзэгдлийг багасгасан мэт боловч шинээр гарч ирж буй улстөрчдийн хувьд танигдах хугацаа давчуу, олон сонгогчдод хүрч ажиллах боломжийг хязгаарласан сонгууль болж өнгөрлөө. 

-Энэ жилийн сонгуульд залуу сонгогчдын оролцоо өндөр байх болов уу гэсэн таамаглал байсан ч үр дүн хүлээлтэд нийцээгүй. Системд гарсан өөрчлөлт, залуучуудын оролцоог та хэрхэн дүгнэж байна вэ? 

-Энэ удаагийн сонгуульд залуучуудын оролцоо нэмэгдсэн ч хангалттай хэмжээнд хүрч чадаагүй. Нөгөө талаар вирусийн халдварын үед зохион байгуулсан сонгууль учир хүндрэл үүсэж байсан. Тухайлбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд товлосон миний сурталчилгааны уулзалтыг COVID-19-ийн журмын дагуу цуцлах жишээтэй. Залуучуудын хувьд сонгуулиас цэрвэх хандлага ажиглагдаж байна. Мөн сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж дүгнэсэн. 

-Танай намын төлөөлөл УИХ-д сонгогдсон. Цаашид сөрөг хүчний үүргээ ямар журмаар гүйцэтгэнэ гэж төлөвлөж байна вэ. Цөөн суудал авсан нэр дэвшигчид болон намуудтай хүчээ нэгтгэх үү? 

-Ардчилсан нам сөрөг хүчний үүргээ сонгуульд болон өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тун муу гүйцэтгэж, хариуцлагагүй байлаа. Тэр дүнгээ ч авлаа. Дээд шүүхэд бүртгэлтэй 40 орчим нам бий. Хоёр удаагийн сонгуульд үнэмлэхүй ялсан МАН-ын бодлого, үйл ажиллагаанд хяналт тавихын тулд хүчээ нэгтгэх, эвсэх шаардлагатай. Цаашдаа эдийн засгийн нөхцөл улам бүр хүндрэх төлөвтэй байна. Сонгууль дөхсөн нэрээр ямар нэг арга хэмжээ аваагүй нь ч харагдаж байна. Ард түмэн маш ядуу байгаа. Иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, эдийн засагт анхаарах арга хэмжээ нэн даруй авах хэрэгтэй. 

-Эрх баригч нам мөрийн хөтөлбөрөөс гадна цаашид бодлогодоо ямар өөрчлөлт оруулах шаардлагатай вэ? 

-Ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд мөнгө санхүүгийн бодлогоор дэмжиж, бизнесийн зээлийн хүүг бууруулахад зоригтой алхам хийх хэрэгтэй. Ялангуяа боловсролын салбар маш хүнд нөхцөлд байна. Ирэх есдүгээр сарын 1-нд хичээл орох эсэх талаар мэдээлэл өгч, яаралтай арга хэмжээ авах нь чухал. Багш нарын нөхцөл тун хүнд. Ихэнх нь зуны амралтаараа Солонгос руу явж ажил хийж байна. Бид парламентад суудалтай болсон намын хувьд бодлогод нөлөөлөх үйл ажиллагааг идэвхтэй явуулж, сөрөг хүчний хариуцлагаа биелүүлэх болно. 

-Сонгуулийн өмнөх эдийн засгийг хамгаалах арга хэмжээг хэрхэн харж байна? 

-Сонгуулийн өмнө хожим хойчоо бодолгүй халамжийн шинжтэй арга хэмжээнүүд авсан нь эдийн засагт маш том дарамт болох нь тодорхой. Улсын төсөв 120 хувь давсан алдагдалтай. Энэ төсөвтөө тодотгол хийгээгүй, экспорт унасан гээд эдийн засгийг сэргээн босгоход маш хүнд байна. Иргэдийн амьдрал хаа сайгүй маш хүнд байгаа. Монголчуудыг зориуд ядуу байлгаж, нийгмийн халамжийн мөнгөөр улс төр хийх, санал худалдан авах тогтолцоо бэхэжлээ гэж харж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сингапур, Малайзын хооронд хил нэвтрэх шинэ журам тогтооно

Сингапур, Малайзын Ерөнхий сайд нар утсаар ярилцаж, хоёр талаас хил нэвтрэх бизнесийн байнгын аяллын шинэ журам боловсруулж, хэрэгжүүлэх талаар тохиролцов. “Харилцан ногоон гэрэл асааж байгаа нь хил дамнасан онц чухал бизнесийн ба албан аяллыг зохицуулах болно” гэж Сингапурын Гадаад хэргийн яам мэдээллээ. Байнгын зорчигч тээврийн үйлчилгээг сэргээснээр урт хугацааны оршин суух зөв шөөрөлтэй иргэд үе үе эх орондоо ирэх боломжийг нээх юм. Энэхүү тохиролцоо дэлхийг хамарсан цар тахлын дараа улсуудын хооронд анх удаа хил нэвтрэх журам хэрэгжүүлж байгаа учир бусад оронд үлгэр жишээ болох ач холбогдолтой. Коронавируст бага өртсөн Шинэ Зеланд ба Австрали улсуудын хооронд мөн төсөөтэй гэрээ байгуулах асуудлыг авч үзэж байна. Сингапур, Малайзын Ерөнхий сайд нар тус тусын албан хүмүүст “Тохиролцооны үйл ажиллагааны нарийн зүйлийг зөвшилцөх даалгавар өгсөн” гэж Гадаад хэргийн яамны мэдээнд дурджээ.

Эх сурвалж: https://www.bloomberg.com/