A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5334/

Эмэгтэйчүүдийг хавдраас хамгаалах боломж бий юу

Эмэгтэйчүүдийг хавдраас хамгаалах боломж бий юу
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5334/
  • Гардасил вакцины үр дүн сайн гарсан ч бид хамрагдах эрхээ нэгэнт алджээ 

Эмэгтэйчүүдийн шаналалт өвчний нэг умайн хүзүүний хорт хавдраар манай улс бүс нутагтаа дээгүүрт бичигдсээр ирлээ. Умайн хүзүүний хөхөнцөр виурусийг тээгч нь эрчүүд бөгөөд бэлгийн замаар дамждаг өвчнүүдийн нэг билээ. Умайн хүзүүний хорт хавдар нь манай орны эмэгтэйчүүдэд тохиолддог хавдрын хоёрдугаарт орж байна. Монгол Улсад сүүлийн үеийн судалгаагаар ХХВ-ийн халдвартай хүний тоо нийт хүн амын дунд 35 хувь, үүн дотор 25-аас доош насныханд 48,5 хувь гарсан нь халдварын тохиолдол өндөр гэж үзэх үндэстэй аж. 2019 онд л гэхэд умайн хүзүүний хорт хавдраар 333 эмэгтэй өвчилсөн гэсэн статистик байна. Эмэгтэйчүүд хөхөнцөр вирусийн HPV нь бэлгийн замаар дамжиж халдварладгийг мэддэггүй учраас хэрхэн хамгаалах талаар ойлголтгүй байдаг. Иймд наад зах нь бэлгийн харилцаанд 18 наснаас өмнө орохгүй байх, бэлгийн олон хавьтагчгүй байх, жирэмслэлтээс хамгаалах ерөндөг удаан тавиулахгүй байх хэрэгтэй. Монголоос бусад орон охидыг умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх гардасил вакцинд хамруулдаг. ДЭМБ умайн хүзүүний хавдрын шалтгаан болсон хүний папиллома вирусийн эсрэг хоёр тун вакциныг өсвөр насны охидод хийхийг улс орнуудад зөвлөдөг. Гэвч дэлхий дахинаа үүссэн вакцины хомсдолын үед умайн хүзүүний хавдрын тархалт өндөртэй улс орнууд ядахдаа нэг тун вакцин хийж байвал яасан юм бэ гэсэн саналыг олон орны эрдэмтэд санал болгожээ. Харин Монголд умайн хүзүүний хавдраас урьдчилан сэргийлдэг гардасил вакцины талаар элдэв таагүй мэдээлэл тарааснаас болж, охидыг вакцинд хамруулах ажил амжилтгүй болсон билээ. Манай улс анх гардасил вакцины оруулж ирэхээр болж, 2012 онд АНУ-ын Мянганы сорилтын сангийн эрүүл мэндийн төслийн хүрээнд Баянгол, Багануур дүүрэг, Өмнөговь, Сэлэнгэ аймгаас түүвэрлэн 12-15 насны 10 мянга гаруй охинд гардасил вакцин үнэ төлбөргүй хийсэн. Харамсалтай нь вакциныг “үргүй болгодог” гэсэн ташаа мэдээлэл цацагдсанаас болж энэхүү хөтөлбөрийг зогсоожээ. 2012 онд вакцин хийлгэсэн охид өдгөө 18-23 нас хүрээд байна. Гардасил вакцины үр дүнгийн талаар “Хавдрын үндэсний зөвлөл” ТББ-ын тэргүүн доктор Б.Цэцэгсайхан Австрали улсын Мурдокийн хүүхдийн судалгааны институттэй хамтран 18-23 насны 1900 гаруй охиныг хамруулан судалжээ. Энэхүү судалгаагаар вакцин хийлгэснээс хойш зургаан жилийн дараа вирусээс хангалттай хамгаалж байна гэсэн үр дүн гарлаа. Судалгаанаас харахад жирэмслэлтэд ямар нэг гаж нөлөө үзүүлээгүй болох нь батлагджээ. Монгол Улсад ХХВ-ийн эсрэг вакцины хөтөлбөр хэрэгжсэнээс хойших зургаан жилийн хугацаанд вакцинжуулалтад хамрагдсан залуу эмэгтэйчүүд умайн хүзүүний хавдраар өвчлөөгүй бөгөөд жирэмслэлт нь хэвийн гэсэн эерэг үр дүн гарчээ. Манай улсад жилд дунджаар 350 эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар өвчилдөг гэж тооцвол өнгөрсөн найман жилийн хугацаанд 2800 хүнийг умайн хүзүүний хорт хавдраас хамгаалах боломжтой байжээ. Хэсэг хүний буруу ташаа мэдээллээс болж монгол охидоо умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх боломжгүй болоод байна. Гэтэл дэлхийн улс орнууд гардасил вакциныг аль хэдийн товлолт вакциныхаа жагсаалтад оруулжээ. Хэрэв охидоо уг вакциныг худалдаж авч хийлгэнэ гэвэл хэр баргийн хүн үнийг нь дийлэхээргүй өндөр өртөгтэй. Австрали, АНУ-д нэг тун гардасил вакцин 250 ам.долларын үнэтэй байдаг. Харин манай улсын хувийн эмнэлэгт 700 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм. Уг нь олон улсын байгууллагаас үнэгүй авдаг вакцины жагсаалтад аль хэдийн оруулчихсан бол Монголын эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хавдрын өвчлөл буурах байлаа. Вакцины туршилт амжилтгүй болсон гэсэн цөөн орны жагсаалтад Монгол бичигдчихсэн болохоор олон улсын тусламжаар вакцинд хамруулах эрх нь хаагдчихаад байгаа юм. Дахиад манай улс охидоо хамруулах эрх авч чадах эсэхийг одоогоор судлаачид нь амлаж чадахгүй сууна. Ямартай ч Монголд хийсэн гардасил вакцины үр дүн сайн байна гэсэн дүгнэлт гаргаад, олон улсын эрүүл мэндийн “Вакцин” сэтгүүлд хэвлүүлжээ. Гардасил вакциныг 9-11 насанд хийх заалттай байдаг аж. Энэ насанд охидоо вакцинд хамруулж чадахгүй өнгөрөөвөл хожим хавдраар өвчиллөө гэхэд амь нас нь ч эндэх эрсдэлтэй. Учир нь умайн хүзүүний хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн олонх нь хожуу шатанд орсон хойноо эмнэлэгт хандаж, амиа алдах тохиолдол гарч байна. Вакцин ямар ач тустай болохыг цар тахал дэгдсэн энэ үед хүмүүс илүүтэй ойлгож байна. Тиймээс үр дүнг нь гараагүй байхад элдэв шуугиан дэгдээж, ташаа мэдээлэл тараах нь хүмүүсийн эрүүл мэндэд ямар хор хохиролтой болохыг монголчууд ухаарах цаг иржээ. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Япончууд COVID-19-ийн шинжилгээг эрчимжүүлэхээр шүлснээс дээж авч эхэллээ

 0 сэтгэгдэл

Мягмар гарагт Японы Засгийн газар COVID-19-ийн шинжилгээг шүлснээс дээж авах байдлаар хийх шийдвэр гаргалаа. Энэ нь хамгийн хурдан бөгөөд аюулгүй арга хэмээн үзэж байгаа аж. Тус улс өдгөө хамрын хөндийгөөс арчдас авах шинжилгээг түлхүү хэрэглэж байгаа. Гэхдээ энэ үеэр өвчтөн ханиалгаж, найтаалгаж байгаа нь эмч, эмнэлгийн ажилчдад аюул учруулж буй. Мөн шинжилгээ авахын тулд эмч нар бүрэн тоноглогдсон хамгаалалтын хувцас өмсгөх шаардлага тулгардаг байна. Харин шүлснээс дээж авах шинжилгээ нь эмч нар халдвар авах эрсдэлийг эрс бууруулах юм. Гэхдээ шинжилгээний энэ арга сорил авах явцыг хэдэн хувиар нэмэгдүүлэх нь одоогоор тодорхойгүй байна. Өнгөрсөн долоо хоногт хөл хориогоо сулруулсан Япон улсад бүртгэгдсэн нийт тохиолдол 17000, нас барагсдын тоо 898 хүрсэн байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Гоолиг биеийн эд эс өөх тосыг илүү шатаадагийг нээв

 0 сэтгэгдэл

Зарим хүнд байгалиас гоолиг, эрүүл чийрэг бие заяасан мэт санагддаг. Саяхан эрдэмтэд арьсан доорх торлог эдээр илүү их өөх тоос шатаалгадаг эсийг нээсэн байна. Британийн Колумбын их сургуулийн генетикч Йозеф Пеннингер “Зарим хүн дуртай бүхнээ иддэг боловч жин нэмдэггүйг бүгдээр мэднэ” хэмээв. Түүний ярьснаар ямар нэг хүч чармайлт гаргалгүйгээр гоолиг байдлаа хадгалдаг хүмүүст таргалалтын нууцыг тайлах түлхүүр байж магадгүй юм. Хүмүүс жингээ хэрхэн хянах талаар судалдаг эрдэмтэд гол төлөв өөхлөлтийг өдөөгч буюу жишээ нь хооллолт, бодисын солилцоо зэрэгт анхаардаг. Харин Эстонийн генетикийн төвийн цуглуулсан мэдээллийн санд тандалт хийж, хамгийн гоолиг хүмүүсийг хайж байгаа багийн ахлагч доктор Пеннингер “Эрдэмтэд зарим хүн угаас таргалдаггүйг жинхэнэ ёсоор судлаагүй. Иймээс бид тактикийг бүрэн өөрчилж, гоолиг байхын генетикийг судлахаар шийдсэн” хэмээн өгүүлжээ. Эрдэмтэд организм дахь өөхний эдийн агууламжийг өөрчилдөг хоолны дуршил алдагдах гэх мэт өвчтэй хүмүүсийг шууд жагсаалтаас хассан байна. Улмаар туранхай хүмүүсийн генетикийн тэмдэглэгээг хайжээ. Тэдний анхаарлыг мутаци нь хорт хавдар үүсгэдэг ALK хэмээх нэг ген татсан байна. Уг генийн хэвийн хэлбэрийн хэвийн ажиллагааг тодорхойлж амжаагүй байгаа тулд судлаачид ийм генийн мутаца агуулсан ялаа, хулгана гарган авчээ. ALK хүмүүсийн гоолиг байхын шалтгаан болдог бол ялаа, хулганад ч адил үйлчлэх ёстой. Үнэхээр ч тийм гэдгийг илрүүлсэн байна. Гэхдээ генийн мутац ялаа, хулганыг бага идэхэд түлхээгүй аж. Эрдэмтэд ALK ген тархинд үйлчилж, адил хэмжээний хоол идсэн ч хүний биед илүү калори шатаах тушаал өгдөг гэнэ.Өөрөөр хэлбэл, тархи арьсан доорх өөхний торлог эдэд хуримтлагдсан тосоо илүү шатаахыг тушаадаг гэсэн үг. Доктор Пеннингер цааш нь “Хүмүүс ба хулгана, бас ялаа туранхай хэвээр үлдсэн. Өөрөөр хэлбэл, хувьслын явцад генетикийн энэ механизм шавжнаас хүнд дамжсан байж болох юм. Тэгвэл бидний өмнө гоолиг биеийн цоо шинэ эрин үе нээгдэнэ” хэмээн ярилаа. Орчин үед ALK генийн мутацийг дарж, хорт хавдар үүсэхээс сэргийлдэг эм бүтээгдсэн байгаа. Энэ нь уг генд эмийн аргаар нөлөөлж болно гэсэн үг. Ийм учраас ALK-д нөлөөлснөөр гоолиг болгоход тусалдаг эм гарган авахыг үгүйсгэх аргагүй юм гэж Cell сэтгүүлд бичжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Т.Мөнхсайхан: Харилцааны соёл, өвчтөн, үйлчлүүлэгчдэдээ үйлчилж буй хандлагаар нь тооцож эмч, ажилтнууддаа урамшуулал олгоно

 0 сэтгэгдэл
  • “Хандлагын 10 хувь” урамшууллын систем маань эрүүл мэндийн салбарт өөрчлөлт авчирна

Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн ерөнхий захирал, анагаах ухааны магистр, докторант, клиникийн профессор Т.Мөнхсайхантай ярилцлаа.

-Танай эмнэлгийнхэн “Хандлагын 10 хувь”  урамшууллын талаар ид ярьж байна. Та эмнэлгийн эмч нартаа ямар нэгэн урамшуулал олгохоор шийдээ юу?

-Иргэдийн хувьд улсын эмнэлгүүдийн эмч, ажилтнуудын харилцаа, хандлагад сэтгэл дундуур, шүүмжлэлтэй байх нь олонтаа байдаг. Бусад хөгжилтэй оронтай харьцуулахад манай улсын эмнэлгүүдийн эмчилгээний арга технологи ижил ч үйлчилгээний соёл, эмч, эмнэлэгийн ажилтны хандлагад тулгуурлан гадны эмнэлэг мундаг, илүү гэх тохиолдол иргэдийн дунд байдаг. Манай эмнэлгийн хувьд дэлхийн жишигт, тэр дундаа эхний ээлжинд Ази, Номхон далайн орнуудын эмнэлгийн түвшинд хүрсэн эмчилгээ, оношилгоо, үйлчилгээтэй эмнэлэг болох том зорилготой. Иймээс дээр хэлсэнчлэн бид эмч, эмнэлгийн ажилтныхаа хандлагыг өөрчилж, иргэдэд ойр, дотно үйлчилгээг бүрдүүлэх нь эхний томоохон алхмуудын нэг гэж үзэж энэ ажлыг эхлүүлж байна. Энгийн мэт сонсогдож байгаа ч бодлогоо хэрэгжүүлэх түлхүүр алхам болно. Тиймээс зургаадугаар сарын 01-ээс эхлэн “Хандлагын 10 хувь” урамшууллын системийг эмнэлгийнхээ нийт 810 ажилтанд хэрэгжүүлэхээр болоод байна. Үйлчлүүлэгчээс тухайн ажилтны нэр дээр гомдол санал ирэхгүй бол хандлагын урамшууллаа авна, эсэргээр гомдол, шүүмжлэл баримт, нотолгоотой ирвэл урамшуулал авах боломжгүй. Товчхондоо “Хандлагын 10 хувь” урамшууллыг харилцааны соёл, өвчтөн, үйлчлүүлэгчдэдээ үйлчилж буй хандлагаар нь тооцож олгоно гэсэн үг.

-Сайхан санаа байна. Гэхдээ та санхүүгийн эх үүсвэрээ тооцсон уу. Танай эмнэлэг төсвөөс санхүүждэг. 800 гаруй хүнд дээр 10 хувийн шагнал өгөхөөр төсөв мөнгө чинь хүрэлцэхгүй биз дээ?

-Манай эмнэлгийн хувьд санхүүгийн хагас бие даасан байдал руу энэ оны дөрөвдүгээр сарын 01-ээс эхлэн шилжээд байна. Өмнө нь ЭМЯ-аас улсын эмнэлгүүдэд төсөвт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөг жил бүр баталж өгдөг. Төлөвлөгөөг давуулан биелүүлсэн тохиолдолд давуулан биелүүлсэн орлого улсын төсөвт татагддаг бөгөөд эмнэлэгт тухайн орлогыг зарцуулах эрх байдаггүй байсан. Хоёр жилийн өмнөөс давуулан биелүүлсэн орлогын тодорхой хувийг эмнэлгийн үйл ажиллагаа, эмч эмнэлгийн ажилчдын урамшуулалд зарцуулах боломж бүрдсэн. Санхүүгийн хувьд хагас бие даасан байдалд шилжсэний гол давуу тал нь эмнэлэг орлогоо нэмэгдүүлэх, менежмент хийх, түүнийгээ захиран зарцуулах эрх нь эмнэлгийн ТУЗ-д шилжсэн. Тиймээс бид санхүүгийн зохицуулалт хийж эмч, эмнэлгийн ажилчдаа урамшуулах, цаашлаад цалин нэмэх механизмыг бүрдүүлэх боломжтой болж байгаа юм. Бид 2024 он хүртэлх төлөвлөгөөгөө батлуулан орлогоо нэмэгдүүлэх ажлуудаа маш эрчимтэй хэрэгжүүлэн ажиллаж байна. Ирэх есдүгээр сар гэхэд 2020 оны төлөвлөгөөт ажлууд бүгд хэрэгжиж, үр дүнгээ өгч эхэлнэ гэж тооцож байна. Энэ эрчээрээ төлөвлөгөөний дагуу ажиллахад ирэх оны нэгдүгээр сар гэхэд эмнэлгийн эмч, ажилчиддаа 30 хувийн цалингийн нэмэгдэл олгох боломж бүрдэнэ гэж тооцоолж байна.

-Хэн сайн ажилласан, хэн чадал чадвартай нь илүү үнэмлэмжтэй байх ёстой...

-Тэгэлгүй яахав. Бид цаашид гүйцэтгэлээр нь цалин, урамшууллыг тооцох системийг төгөлдөржүүлэх бодолтой байна. Өнөөдөр их, бага ажилласны ялгаа цалин, урамшууллын тогтолцоон дээр бага байна. Тиймээс хэн сайн ажиллана тэр хүн цалин орлого сайтай байх шудрага тогтолцоог бүрдүүлэх нь чухал юм.

-Таны ярианаас УНТЭ-ийн ирэх дөрвөн жилийн төлөвлөгөө болон батлагдсан гэж ойлголоо?

-Намайг ажлаа авахад УНТЭ 2015 оноос хойш стратеги төлөвлөгөөгүй ажиллаж байсан. Ингээд бид бүхэн эмнэлгийнхээ бүх эмч, ажилчид, эрдэмтэн судлаачид, иргэд, үйлчлүүлэгчдээсээ санал, судалгаа авч, төлөвлөгөө боловсруулан удирдлагын багаараа хэлэлцэн 2020-2024 он хүртэлх хэмжигдэхүйц, бодитой, хэрэгжихүйц стратеги төлөвлөгөөгөө батлан гаргасан. Стратеги төлөвлөгөөндөө хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр, оношилгоо эмчилгээний дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэн нутагшуулах, байгууллагын бие даасан байдлыг хангах менежментийн арга барилыг нэвтрүүлэн, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, сургалт эрдэм шинжилгээ судалгааны түвшинг олон улсын жишигт хүргэх, эрсдэлгүй ээлтэй орчин, тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулах гэсэн тэргүүлэх таван чиглэлийг оруулсан. Уг төлөвлөгөөнд орлогоо нэмэгдүүлэх, эмчилгээ оношилгооны төрлөө сайжруулж дэлхийн түвшинд өрсөлдөхүйц “тоглогч” болох, эмч мэргэжилтнүүдийнхээ мэдлэг чадварыг бодлого, төлөвлөттэйгээр дэмжих, цалин урамшууллаа нэмэгдүүлэх, ард иргэддээ төвөг чирэгдэлгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зэрэгт голлон анхаарч ажиллахаар тусгасан. Бид стратеги төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлснээр дөрвөөс таван жилийн дараа эмч, эмнэлгийн ажилчдынхаа цалинг хоёроос гурав дахин нэмэгдүүлэх боломж бүрдэнэ хэмээн харж байна. Энэ төлөвлөгөөнд тусгагдсан 2020 оны зорилтын хүрээнд эмнэлгийн ажилчдадаа “Хандлагын 10 хувь”-ийн урамшууллын системийг олгохоор болсон. “Хандлагын 10 хувь” бол том төлөвлөгөөний нэг хэсэг бас төлөвлөгөө зөвхөн цаасан дээр биш амьдралд хэрэгжиж буй жишээ гэж үзэж болно.

-Төлөвлөгөө бүр сайхан амлалт, тэмүүлэл байдаг л даа. Гэхдээ төлөвлөгөө санхүүгийн бололцоо, хөрөнгө оруулалт, орлоготой байж л хэрэгждэг. Танй эмнэлэг орлогоо яаж нэмэгдүүлэхээр төлөвлөсөн бэ?

-Бид бүхэн орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр долоон үе шаттай төлөвлөгөөг боловсруулсан. Үүнд хамтран ажилладаг түрээслэгч нартаа нээлттэй, үнийн өрсөлдөөнт сонгон шалгаруулалтыг бий болгох, амбулаторийн эмийн санг ашиглалтад оруулах, зөв худалдан авалтыг бэлтгэн нийлүүлэгчээсээ хийх менежментийг хэрэгжүүлэх, Эрүүл мэндийн дэмжих төвийг байгуулж, байгууллага хамт олны урьдчилан сэргийлэх захиалгат төлбөрт үйлчилгээг нэвтрүүлэх, ажлын өдөр ажлын цагаар Эрүүл мэндийн дэмжих төвөөр дамжуулан төлбөртэй тусгай үйлчилгээг үзүүлэх, харьяалал даатгал харгалзахгүйгээр манай эмнэлгээр үйлчлүүлэхийг хүссэн иргэддээ төлбөртэй буюу VIP тасгаар үйлчлэх, амралтын өдөр эмч, сувилагч нартай цаг товлон төлбөрт үзлэг, оношилгоо эмчилгээнд хамрагдах боломжуудыг бий болгож орлогоо нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Нөгөө талдаа эмч, ажилчдадаа цалиингийн нэмэгдэл олгох,нийгмийн асуудалд нь анхаарах, сэтгэл тайван ажлаа хийх, өөрийгөө хөгжүүлэх, ард иргэддээ цаг алдалгүй илүү хүртээмжтэй, сэтгэлд нийцсэн үйлчилгээг нэмэлтээр авах зэрэг олон талын давуу талыг бүрдүүлж байгаа юм.

-Улсын эмнэлэг төлбөртэй үйлчилгээ үзүүлнэ гэдэг хууль зөрчсөн үйлдэл биш үү?

Шинээр нэвтрүүлж буй төлбөрт үйлчилгээ нь зөвхөн хүссэн иргэдэд сайн дурын үндсэн дээр үзүүлэх үйлчилгээ гэдгийг онцольё. Эмнэлэг нийт орныхоо 10-аас ихгүй хувьд нь төлбөрт үйлчилгээ үзүүлж болно гэж журманд заасан байдаг. Бид энэ хүрээндээ орчин нөхцөл сайтай, тав тухтай, чанартай эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх тэр бүх бололцоог хангаж, төлбөртэй үйлчлэх юм. Дээрх орлогоо нэмэгдүүлэх 7 төлөвлөгөө нь одоо хэвийн үйлчилж буй даатгалын системийн үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлөх, төлбөртэй болгож байгаа зүйл огт биш. Даатгуулагчийн эрх ашгийг зөрчиж, ачаалал нэмэгдэх асуудал үүсэхгүй. Энэ тал дээр ЭМЯ, ЭМДГ-аас тогтмол хяналт тавьж ажилладаг. Хэрэв бид хэт төлбөрт үйлчилгээ рүү чиглээд иргэд, үйлчлүүлэгчидээ хохироовол эмнэлэг даатгалын байгууллагаас санхүүжилтээ авч чадахгүй эрсдэл үүснэ. Тиймээс бид зохион байгуулалт дээр маш сайн хяналт тавьж ажиллана. Эмнэлэг нэмэлт боломж, дотоод нөөцөө ашиглан орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлж буй явдал юм.

-Эмнэлэгийн ажилчдын цалин, урамшуулал нэмэгдэж байгаа  нь таатай мэдээлэл юм. Гэхдээ эмнэлгийн ажилтан, эмч гэдэг бол онц нарийн мэдлэгийн салбар. Энэ салбарт хөрөнгө оруулалт хийх нь зөв байгаагүй юу?

-Харин ч эсэргээрээ. Өмнө нь манай эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтны сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний зардал, хүний нөөцийн мэргэжил дээшлүүлэх сургалтанд тусгайлан зориулсан зардлыг тусгаж өгдөггүй байсан. Тэр үед манай ажилчид хувийн шугамаар аливаа сургалтанд хамрагдаж ирсэн. Харин одоо бидний боловсруулсан төлөвлөгөөгөөр сургалтын зардал, эрдэм шинжилгээний ажлын зардлуудыг тусгайлан, онцолж төсөвтөө  суулгаж өгсөн. Энэ бол таны хэлсэнээр эмч, эмнэлгийн ажилтны мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх онц үүргээ эмнэлгийн удирдлага тусгайлан анхаарсан менежмент гэж үзэж байгаа.

-Таны дээр хэлсэнчлэн УНТЭ хөгжингүй орны түвшинд хүрч хөгжихөд хэр хугацаа шаардагдах вэ?

-УНТЭ-ийн хувьд Монголдоо хамгийн том эрүүл мэндийн институт. Гэвч дэлхийн хэмжээнд “тоглогч” болж чадахгүй байна. Өнөөдрийн бидний танилцуулж байгаа ажлууд ирээдүйд “том” зорилго руу чиглэсэн ажил. Бид, манай эмнэлэг хошуучилж байж Монголын эрүүл мэндийн салбар дэлхийтэй хөл нийлүүлэх боломж бүрдэнэ. Ингэж хэлэх нотолгоо манайд байна. Чадварлаг, мэргэшсэн, бэлтгэгдсэн эмч, баг, хамт олон байна. Энэ бол маш том давуу тал. Энэ давуу талаа ашиглан олон шинэ технологи, инновацийг эхнээсээ нэвтрүүлээд, нутагшуулаад явж байна. Шинэ эмчилгээний технологи нэвтрүүлж байна аа гэдэг дэлхийн тоглогч болох нэг алхам ойртож байгаагийн илрэл юм. Энэ дотроо хандлагаа өөрчлөх ажил бол том бодлого руу чиглэсэн түлхүүр ажил бас өрнөл юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Өдөрт хэрэглэх сүүн бүтээгдэхүүний зохистой хэмжээг тогтоожээ

 0 сэтгэгдэл

BMJ Open Diabetes Research & Care сэтгүүлд нийтлэгдсэн олон улсын эрдэмтдийн судалгааны тайланд өдөртөө хоёр удаа сүүн бүтээгдэхүүн хэрэглэхэд диабет, цусны даралт ба бодисын солилцооны синдромын эрсдэлийг бууруулна гэж дүгнэжээ.

Өмнө нь Хойд Америк ба Европт хийсэн судалгаа сүүн бүтээгдэхүүн хэрэглэх дээрх өвчнүүдээс гадна зүрх судасны өвчлөлөөр эрт нас барах эрсдэлийг багасгах үйлчилгээтэйг нотолсон. Гэхдээ уг үр дүнг дэлхийн хэмжээнд ашиглаж болох эсэхийг мэдэхгүй байв. Энэ удаад 21 орны 35-70 насны 147 мянга гаруй хүнийг хамруулжээ. Тухайлбал, хөгжингүй Швед, Канад, хөгжиж байгаа Бангладеш, Колумб, Иран зэрэг улс оролцлоо. Судалгаанд оролцогчдын эрүүл мэндийн байдлыг есөн жилийн турш ажиглаж, сүү, тараг, бяслаг болон бусад сүүн бүтээгдэхүүний хэрэглээ, эм эмчилгээ, жин, даралт, холестерин ба глюкозын түвшинд хэмжилт хийжээ. Үр дүнгээс харвал өдөрт хоёр удаа тослогтой сүүн бүтээгдэхүүн хэрэглэхэд даралт ба диабет үүсэх эрсдэл тус бүр 11 ба 12 хувиар буурч байв. Хоёр удаагийн хэрэглээг эмч нар зохистой гэж үзсэн. Учир нь гурав дахь удаа хэрэглэхэд үр дүн төдий л дээшлээгүй аж. Нэг удаагийн хэрэглээний порц нь 240 грамм сүү, 20 грамм бяслаг, нэг сав йогурт, 120 грамм аарц буюу түүнтэй тэнцэх хэмжээний сүүн бүтээгдэхүүн байж болно. Тосыг нь ялгасан бүтээгдэхүүний үр ашиг хавьгүй доогуур байсан тул эрдэмтэд ийм хүнс хэрэглэхийг зөвлөөгүй юм. Оролцогчдын 47 мянга нь диабет, даралт буюу бодисын солилцооны эмгэгтэй байснаар барахгүй илүүдэл жин, ашигтай холестериний доогуур түвшин, цусанд нь өөх тос, глюкозын өндөр агууламж гэх мэт эрүүл мэндийн муу үзүүлэлттэй байв. Ийм оролцогчид сүүн бүтээгдэхүүн хэрэглэхэд өвчлөл үүсэх эрсдэл хэрэглээгүй хүмүүсийнхээс 24-28 хувиар буурч байгаа нь ажиглагдав. Эрдэмтэд уг судалгаа ажиглалтын шинжтэй бөгөөд шалтгааныг тогтоох зорилго тавиагүй гэдгийг ярьжээ. Өгүүлэлд бичсэнээр "Энэхүү судалгааны үр дүн илүү өргөн, урт хугацааны судалгаагаар нотлогдвол сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх нь даралт, диабет, бодисын солилцооны эмгэгийг бууруулах хямд төсөр арга болно. Мөн дэлхий даяар зүрх судасны өвчлөлийг багасгахад тусалж болох юм".