A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4241/

Эмэгтэйчүүд аливаа зүйлийн оройд гарна гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй

Эмэгтэйчүүд аливаа зүйлийн оройд гарна гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4241/
  • Парламентын 17 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгаа нь олон улсын дунджаас бага үзүүлэлт
  • Ажлын ярилцлагын үед цаашдын карьерыг сонирхоход ихэнх эмэгтэй тогтвортой ажлын байрыг чухалчилдаг

Forbes Mongolia Women’s Summit форумын “Эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал” хэлэлцүүлгийн үед “М-Ойл групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Пунсалмаагийн илэрхийлсэн байр суурь сонирхол татсан юм. Эмэгтэйчүүдэд тулгамдсан олон асуудал цаасан дээр буусан судалгаанаас тодорхой харагддаг. Гэвч шийдэл нь одоо хүртэл бүрхэг хэвээр. Эдгээрийн шалтгаан болон гарцын талаар Б.Пунсалмаатай ярилцлаа.

-Монголын эмэгтэйчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг та юу гэж тодорхойлох вэ? 

-Монголын эмэгтэйчүүдийн нийгмийн идэвх сайн ч удирдах шатанд маш цөөхөн байна. Түүнчлэн нийгмийн саарал бүлэг гэж ярьдаг, хариуцлагагүй хэсэгт ч эмэгтэйчүүд цөөхөн байдаг. Харин дунд шатанд маш олон эмэгтэй ажиллаж байна. Өнөөгийн парламентын 17 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгаа нь олон улсын дунджаас бага үзүүлэлт. Хүн амын 51 хувь нь эмэгтэй байхад шийдвэр гаргах түвшинд байгаа цөөхөн эмэгтэй тэднийг төлөөлж чадахгүй. 

-Энэ нь дорнын соёлтой хамааралтай юу, эсвэл нэгдмэл байдлаар асуудлаа тавьж чадахгүй байгаатай холбоотой юу?

-Төрийн бодлогоор эмэгтэйчүүдийн оролцоог өндөр тавьж өгөх нь маш чухал. Улс төр дэх оролцоог 20-30 хувиар тогтооно гэдэг өндөр дүн биш. Өрсөлдөөн, ур чадвараас хамаараад энэ нь 17-20 хувьд бууж ирж байна шүү дээ. Мөн төрийн өмчит компаниудын ТУЗ-д эмэгтэйчүүдийн оролцоо маш бага, бараг л 100 хувь эрэгтэйчүүд байдаг. Хэрэв эмэгтэйчүүдийн оролцоог нэмээд өгвөл хувийн хэвшилдээ ч энэ үзүүлэлт өсөх боломжтой. Бизнес эрхлэгчдийн хүрээнд ч эмэгтэйчүүд бага байна. Хуульд эмэгтэй бизнес эрхлэгч гэдэг нэр томъёо ч байдаггүй. Эмэгтэй бизнес эрхлэгчийн явуулж буй үйл ажиллагаанд нь дэмжлэг болох хэлбэрээр нийгмийн халамжийг үзүүлбэл эдийн засагт хэрэгтэй. Татварын хөнгөлөлт, НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх зэргээр дэмжиж болно. 

-Хууль эрх зүйн талаас хийж болох гарцууд харагдаад байдаг ч үүнийг хийхгүй байгаа шалтгааныг та юу гэж үздэг вэ? 

-Төрийн бодлогын зөөлөн уялдаа холбоо хэрэгтэй байна л даа. Эмэгтэйчүүдийн эрхийг зөрчигдсөн тохиолдол бүрт нь хамгаална гэхээсээ илүү суурь хүчин зүйлийг тогтоох нь чухал. ТББ-ууд эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих санаачилгаа иргэний танхимуудаар дамжуулан оруулж ирж болно. Мөн эмэгтэйчүүд өөрсдөө санаачилгатай оролцдог байх хэрэгтэй. Тухайлбал, монголчуудын хүнсний хэрэглээ маш цөөхөн нэр төрлөөр хэмжигддэг. Тэгвэл эмэгтэй бизнес эрхлэгчид нэр төрлийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллаж болно. 

-Та нийслэлийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн. Байр сууриа олсон байгууллагуудын үйл ажиллагаа байгаа онохгүй, үр дүнд хүрэхгүй байдал анзаарагддаг. Та үүнтэй санал нэгдэх үү? 

-Нам, эвслийн дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага маш идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг. Нийгэмд болохгүй, бүтэхгүй байгаа зүйл дээр эдгээр байгууллага санал, санаачилга гаргаад явдаг ч гаргалгаанд асуудал бий. Шийдэл нь юу байх тал дээр учир дутагдалтай. Хуулийн орчинд өөрчлөлт хийж байж үр дүнд нөлөөлнө. Тухайлбал, эмэгтэйчүүд нэгдэж Гэр бүлийн тухай хуулийн хэлэлцүүлэгт олон судалгаа, санал гаргаж өгсөн. 

-Гэхдээ шийдвэр гаргах түвшинд очихоор эмэгтэйчүүдийн нэгдмэл бус байдал шүүмжлэл дагуулдаг. Та үүнийг үгүйсгэх үү? 

-Би үгүйсгэж чадна. Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд ч нэгдэж чаддаг. Үүний нэг тод жишээ нь 2012-2016 оны парламентын эмэгтэйчүүд бүлэг байгуулж, маш сайн ажиллаж чадсан. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөлөл цөөхөн учраас асуудлаа хамгаалж, хэлэлцүүлгийн явцад гарсан санал, санаачилгаа хэрэгжүүлж чадахгүйд хүрдэг. Эмэгтэйчүүд нэгдэж чаддаг, нэгдэл нь маш мундаг байж чаддаг. 

-Эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоог нэмэгдүүлэхэд улс төрийн намын удирдлага болон сонгогчид гол нөлөөг үзүүлдэг. Сонгогчийг эмэгтэй улстөрчийг дэмждэг болгоход хэрхэн анхаарах вэ? 

-Нэгжээс эхэлж эмэгтэйчүүд идэвхтэй байх хэрэгтэй. Ингэж гаргаж ирсэн эмэгтэйг дээд түвшинд нь дэмждэг байх нь чухал. Ажлын ярилцлагын үед цаашдын карьерыг сонирхоход ихэнх эмэгтэй тогтвортой ажлын байрыг чухалчилдаг. “Би компанийн СЕО болно, үйл ажиллагааг удирдаад явна” гэх эмэгтэй ер нь л гарахгүй шүү. Гэтэл эрэгтэйчүүд “карьерын өсөлтийг хүсэж байна, яваандаа байгууллагынхаа дарга болно” гэж хариулдаг. Тэгэхээр эмэгтэйчүүд өөрсдөө аливаа зүйлийн оройд гарна гэдэгтээ итгэлтэй байх хэрэгтэй. 

-Бүх ажлыг нугалдаг дунд түвшний менежерийн хүрээнд эмэгтэйчүүд маш их. Гэтэл түүний дээр шийдвэр гаргах түвшинд ирэхээр маш бага болдгийн суурь шалтгааныг та юу гэж хэлэх вэ? 

-Эмэгтэйчүүд өөрсдийгөө манлайлна гэдэгтээ итгэлтэй болох хэрэгтэй. Удирдах түвшинд олон хүнийг манлайлж ажиллана гэдэг ширүүн тулаан шүү дээ. Тиймээс өөрийгөө хөгжүүлж, мэдлэг чадвараа бүх төрлөөр дээшлүүлэх хэрэгтэй. Мөн гаднын хүчин зүйл нөлөөлдөг. Квот өндөр тавьж өгөх нь маш том дэмжлэг. Түүнчэн татварын хөнгөлөлт үзүүлэх, салбар бүрт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зэргээр ганц чиглэлд бус олон талын дэмжлэг хэрэгтэй байна.  

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хямралаас гарахын тулд Монгол улс ОУВС-д дахин хадаг барих уу

  • Засаглалын хямралд гүн зоогдсон Монгол Улс эдийн засгийн хямралд улам гүнзгий шигджээ
  • Тусгай хөтөлбөрт дахин хамрагдвал төсөв, мөнгөний бодлогыг У.Хүрэлсүхийн Засгийн газар, төв банк бус ОУВС тодорхойлно
  • Засаглалын хямралд гүн зоогдсон Монгол Улс эдийн засгийн хямралд улам гүнзгий шигджээ. Хэзээ эндээс гарах эсэхийг өөрсдөө хэлж мэдэхгүй болтлоо доройтсон байна. Тамирдсан эдийн засаг, тал хувь нь зогссон хувийн хэвшил өнөөдрийн бодит байдал, үнэн төрх билээ. Цалингаа тавьж чадахгүй аж ахуйн нэгжүүд дор бүрнээ тэвдэж, зарим нь өр зээлийн дарамт руу “гулсжээ”


Засаглалын хямралд гүн зоогдсон Монгол Улс эдийн засгийн хямралд улам гүнзгий шигджээ. Хэзээ эндээс гарах эсэхийг өөрсдөө хэлж мэдэхгүй болтлоо доройтсон байна. Тамирдсан эдийн засаг, тал хувь нь зогссон хувийн хэвшил өнөөдрийн бодит байдал, үнэн төрх билээ. Цалингаа тавьж чадахгүй аж ахуйн нэгжүүд дор бүрнээ тэвдэж, зарим нь өр зээлийн дарамт руу “гулсжээ”. Ам.долларын эсрэг төгрөгийн ханш монгол төрийн өнөөдрийн үнэлэмж шиг суга доошилсон байна. Төв банкны зарласан албан ханшаар ам.доллар 2821 төгрөгтэй  тэнцэв. Түүхэнд байгаагүй ханш зах зээл дээр тогтож, төрийн сан хоосорч байна. Төсвийн алдагдал 1.6 их наядыг давлаа. Улсын гадаад валютын албан нөөц тасралтгүй буурч, валютын ханшийн огцом хөдөлгөөнийг төв банк захирч дийлэхгүй алдлаа. Төгрөгийн ханш сулрах хэрээр түмний амьдрал дордож, ядуурал хүрээгээ тэлсээр. Монгол Улсын гурван хүн тутмын нэг нь ядуу байна. Улс орны нийгэм, эдийн засгийн тэнцвэр болсон дундаж давхарга хумигдаж, ажилгүй, орлогогүй болсон хүмүүсийн тоо өдөр өдрөөр нэмэгдсээр байгаа.

Он гарснаас хойш гэхэд Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын судалгаагаар 40 гаруй мянган хүн ажлын байр алджээ. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, улсын хэмжээнд ажилгүйдлийн түвшин 8.1 хувь давж, уг үзүүлэлтээрээ хөгжиж буй Азийн орнуудыг манай улс тэргүүллээ. Улсын гадаад өрийн хэмжээнд гэхэд сүүлийн нэг жилийн хугацаанд 939.3 сая ам.доллар буюу 3.2 хувиар өсжээ. Тодруулбал, Засгийн газрын нийт энэ оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 2.2 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Өр зээлийн дарамт, төсвийн алдагдал талийж өгснийг энэхүү статистик гэрчилнэ. Эдийн засаг муудах тусам бизнесийн орчин эмх цэгцээ алдаж, хөрөнгө оруулалт Монголоос дайжиж эхэлсэн. Тодруулбал, он гарснаас хойш томоохон төсөл, хөтөлбөр дагасан хөрөнгө оруулалт төлбөрийн тэнцэл дээр бичигдсэнгүй. Дийлэнх төслүүд гацаж, зарим нь үйл ажиллагаагаа түр царцаажээ. Тухайлбал, Газрын тос боловсруулах үйлдвэр болон “Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт удааширч, төлөвлөгөөт ажлууд хойшлох нь тодорхой болов. Манай улс ирэх дөрвөн жилийн хугацаанд нэмж өр тавихгүй бол нийт 15 тэрбум ам.долларын гадаад өр болон түүний хүүгийн төлбөрийг барагдуулахаар байгаа. Энэ нь одоо байгаа гадаад валютын албан нөөцийн хэмжээнээс дөрөв дахин давсан дүн. Өрийг өөрийн хурааж, хуримтлуулсан валютаар төлөх боломж манай улсад байхгүй. Байх боломж хэдий байсан боловч нийгмийн хавтгайруулсан халамж, төсвийн үрэлгэн зардал болгоод салхинд хийсгэчихсэн. 

Тиймээс өрийг өрөөр санхүүжүүлэх л хувилбар байна. Гэхдээ олон улсын зах зээлээс хямд зардалтай мөнгө босгоно гэдэг мөрөөдөл болж мэдэх юм. Хөрөнгө оруулалтын томоохон сангуудын итгэлийг олох улам амаргүй байна. Монгол Улсад итгэж, найдах хөрөнгө оруулагч үндсэндээ алга болсон. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд байсан жаахан итгэлийг нь эрх баригчид дэвсэлж орхисон. Одоо үүнийхээ горыг амсаж байна. Ам.долларын ханшийн өсөлтөөр монгол өрх болгон буруу бодлогын үр дүнг хүртэж буй. Эдийн засаг оны эхний улиралд 10.7 хувиар агшсан. Цаашид ч уналт, агшилт хувь хүний санхүүд хүртэл хүчтэй мэдрэгдэх төсөөллийг зарим судалгааны байгууллага гаргажээ. Төв банк төгрөг хэвлээд, хэрэглээг дэмжих замаар эдийн засгаа дэмжиж болно. Гэхдээ өнөөдрийн валютын ханшийн өндөр эрсдэл, гадаад өрийн дарамтаа харахаар энэ арга нь амиа хорлох хэмжээний үйлдэл болохоор байна. Удаах нь экспортоо нэмэгдүүлэх замаар төсвийн орлогоо дорвитойхон ахиулах. Гэвч төмөр замгүй, дэд бүтэц нь хэдэн зуунаар хоцорсон улс хагас жилийн хугацаанд 42 сая тонн нүүрс экспортолж, эдийн засгаа аварна гэдэг үлгэр биз ээ. Эцсийн боломж нь өнөө л цаг хүндрэх үед хөлд нь сөгддөг ОУВС. Хямралаас гарахын тулд Монгол Улс ОУВС дахин хандах уу, хандахгүй гэвэл дампуурлаа шууд олон улсад зарлах уу. Шинээр бүрдэх Засгийн газарт сонголт тун хомс байна. Сонголт хийх боломжоо эрх баригчид өөрсдөө үгүйсгэсэн. Хамгийн хал багатай нь магадгүй ОУВС-д хадаг барих л болов уу. 

Өмнөх 2017 онд тус сангаас авсан “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” үр дүн тааруу хэрэгжсэн болохоор өнөөдүүл нь манайхыг тоохгүй байхыг үгүйсгэх аргагүй. Хүний итгэлийг бид өөрсдөө алдсан улс. Тийм болохоор өгөхгүй гээд нэг гэдийвэл ирэх дөрвөн жилийн эрх баригчдын мөрийн хөтөлбөрийн биелэлтийн талаар саналтгүй. Нөхцөл байдал өнөөгийнхөөс илүү хүндэрнэ гэсэн үг. Хэрэв ОУВС-тай нааштай хэлэлцээрт хүрвэл Монгол Улс найм дахь удаагаа санхүүгийн дэмжлэг хүссэн тусгай хөтөлбөрт хамрагдана гэсэн үг. Дордохын долоо гэж энэ. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” манай улсад хэрэгжүүлсэн ОУВС-гийн зургаа дахь хөтөлбөр. Үүнээс өмнө 2009 онд Stand-by, 2001 онд Ядуурлыг бууруулах, өсөлтийг хангах хөтөлбөрт хамрагдаж байсан удаатай. Мөн энэ онд тус сангийн “Шуурхай санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсан. Зах зээлийн эдийн засагт шилжсэн сүүлийн 30 жилд долоон удаа ОУВС-д манай улс хандсан бөгөөд 90-ээд оны үед хамгийн ойрхон давтамжтай хандаж байв. Харин 2000 он гарснаас хойш 8-9 жилийн завсартай ОУВС-д хандсан. Харин сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хоёр удаа буюу хамгийн их ойрхон давтамжтай ханджээ. Өөрөөр хэлбэл, сонгуульт дөрвөн жилийн хугацаанд Засгийн газар хоёр удаа хандсан нь санхүүгийн сахилга бат, засаглалын чанар, бүтээмж хэр байсныг илтгэнэ. Тусгай хөтөлбөрт дахин хамрагдвал төсөв, мөнгөний бодлогыг У.Хүрэлсүхийн Засгийн газар, төв банк бус ОУВС тодорхойлно.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Nike-ийн орлого 38 хувиар буурав

Nike компанийн орлого санхүүгийн жилийн IV улиралд шинжээчдийн таамаглаж байснаас өндөр дүнгээр буюу 38 хувиар буурч, 6.31 тэрбум ам.доллар хүрсэн байна. Энэ нь шинжээчдийн таамагласнаас огцом унасан үзүүлэлт бөгөөд борлуулалтын уналтад цар тахал нөлөөлжээ. Гэхдээ тус компанийн цахим худалдааны орлого нь 75 хувиар нэмэгдсэн ба онлайн худалдааны хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн аж. Nike одоогоор дэлхий даяар үйл ажиллагаагаа явуулж буй нийт дэлгүүрийнхээ 90 хувийг нээгээд байгаа юм. Тиймээс энэ улиралд борлуулалт нь нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байгааг онцолжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Эрх баригч нам бизнесийн зээлийн хүүг бууруулах зоригтой алхам хийх хэрэгтэй

  • Сонгуулийн өмнө хожим хойчоо бодолгүй халамжийн шинжтэй арга хэмжээнүүд авсан нь эдийн засагт маш том дарамт болох нь тодорхой
  • Ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд мөнгө санхүүгийн бодлогоор дэмжиж, бизнесийн зээлийн хүүг бууруулахад зоригтой алхам хийх хэрэгтэй. Ялангуяа боловсролын салбар маш хүнд нөхцөлд байна

УИХ-ын сонгуулийн үр дүн болон сонгуулийн дараах эдийн засгийн арга хэмжээний талаар ХҮН намын нарийн бичгийн дарга, доктор П.Наранбаяртай ярилцлаа.

-Энэ удаагийн сонгуулиар улс төрд шинэ хүчин гарч ирэх боломж хэр нээлттэй байв. Өрсөлдөөн тэгш байж чадсан уу? 

-Мажоритар систем маш олон хүний саналыг гээгдүүлдэг. Энэ тогтолцоог өөрчлөхгүйгээр сонгууль явуулах нь улс төрийн томоохон хүчнүүдэд илүү ашигтай гэдэг нь энэ сонгуулийн үр дүнгээс харагдаж байна. Хоёрдугаарт, тойргоо томруулсан нь мөнгө тараах үзэгдлийг багасгасан мэт боловч шинээр гарч ирж буй улстөрчдийн хувьд танигдах хугацаа давчуу, олон сонгогчдод хүрч ажиллах боломжийг хязгаарласан сонгууль болж өнгөрлөө. 

-Энэ жилийн сонгуульд залуу сонгогчдын оролцоо өндөр байх болов уу гэсэн таамаглал байсан ч үр дүн хүлээлтэд нийцээгүй. Системд гарсан өөрчлөлт, залуучуудын оролцоог та хэрхэн дүгнэж байна вэ? 

-Энэ удаагийн сонгуульд залуучуудын оролцоо нэмэгдсэн ч хангалттай хэмжээнд хүрч чадаагүй. Нөгөө талаар вирусийн халдварын үед зохион байгуулсан сонгууль учир хүндрэл үүсэж байсан. Тухайлбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд товлосон миний сурталчилгааны уулзалтыг COVID-19-ийн журмын дагуу цуцлах жишээтэй. Залуучуудын хувьд сонгуулиас цэрвэх хандлага ажиглагдаж байна. Мөн сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж дүгнэсэн. 

-Танай намын төлөөлөл УИХ-д сонгогдсон. Цаашид сөрөг хүчний үүргээ ямар журмаар гүйцэтгэнэ гэж төлөвлөж байна вэ. Цөөн суудал авсан нэр дэвшигчид болон намуудтай хүчээ нэгтгэх үү? 

-Ардчилсан нам сөрөг хүчний үүргээ сонгуульд болон өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тун муу гүйцэтгэж, хариуцлагагүй байлаа. Тэр дүнгээ ч авлаа. Дээд шүүхэд бүртгэлтэй 40 орчим нам бий. Хоёр удаагийн сонгуульд үнэмлэхүй ялсан МАН-ын бодлого, үйл ажиллагаанд хяналт тавихын тулд хүчээ нэгтгэх, эвсэх шаардлагатай. Цаашдаа эдийн засгийн нөхцөл улам бүр хүндрэх төлөвтэй байна. Сонгууль дөхсөн нэрээр ямар нэг арга хэмжээ аваагүй нь ч харагдаж байна. Ард түмэн маш ядуу байгаа. Иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, эдийн засагт анхаарах арга хэмжээ нэн даруй авах хэрэгтэй. 

-Эрх баригч нам мөрийн хөтөлбөрөөс гадна цаашид бодлогодоо ямар өөрчлөлт оруулах шаардлагатай вэ? 

-Ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд мөнгө санхүүгийн бодлогоор дэмжиж, бизнесийн зээлийн хүүг бууруулахад зоригтой алхам хийх хэрэгтэй. Ялангуяа боловсролын салбар маш хүнд нөхцөлд байна. Ирэх есдүгээр сарын 1-нд хичээл орох эсэх талаар мэдээлэл өгч, яаралтай арга хэмжээ авах нь чухал. Багш нарын нөхцөл тун хүнд. Ихэнх нь зуны амралтаараа Солонгос руу явж ажил хийж байна. Бид парламентад суудалтай болсон намын хувьд бодлогод нөлөөлөх үйл ажиллагааг идэвхтэй явуулж, сөрөг хүчний хариуцлагаа биелүүлэх болно. 

-Сонгуулийн өмнөх эдийн засгийг хамгаалах арга хэмжээг хэрхэн харж байна? 

-Сонгуулийн өмнө хожим хойчоо бодолгүй халамжийн шинжтэй арга хэмжээнүүд авсан нь эдийн засагт маш том дарамт болох нь тодорхой. Улсын төсөв 120 хувь давсан алдагдалтай. Энэ төсөвтөө тодотгол хийгээгүй, экспорт унасан гээд эдийн засгийг сэргээн босгоход маш хүнд байна. Иргэдийн амьдрал хаа сайгүй маш хүнд байгаа. Монголчуудыг зориуд ядуу байлгаж, нийгмийн халамжийн мөнгөөр улс төр хийх, санал худалдан авах тогтолцоо бэхэжлээ гэж харж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сингапур, Малайзын хооронд хил нэвтрэх шинэ журам тогтооно

Сингапур, Малайзын Ерөнхий сайд нар утсаар ярилцаж, хоёр талаас хил нэвтрэх бизнесийн байнгын аяллын шинэ журам боловсруулж, хэрэгжүүлэх талаар тохиролцов. “Харилцан ногоон гэрэл асааж байгаа нь хил дамнасан онц чухал бизнесийн ба албан аяллыг зохицуулах болно” гэж Сингапурын Гадаад хэргийн яам мэдээллээ. Байнгын зорчигч тээврийн үйлчилгээг сэргээснээр урт хугацааны оршин суух зөв шөөрөлтэй иргэд үе үе эх орондоо ирэх боломжийг нээх юм. Энэхүү тохиролцоо дэлхийг хамарсан цар тахлын дараа улсуудын хооронд анх удаа хил нэвтрэх журам хэрэгжүүлж байгаа учир бусад оронд үлгэр жишээ болох ач холбогдолтой. Коронавируст бага өртсөн Шинэ Зеланд ба Австрали улсуудын хооронд мөн төсөөтэй гэрээ байгуулах асуудлыг авч үзэж байна. Сингапур, Малайзын Ерөнхий сайд нар тус тусын албан хүмүүст “Тохиролцооны үйл ажиллагааны нарийн зүйлийг зөвшилцөх даалгавар өгсөн” гэж Гадаад хэргийн яамны мэдээнд дурджээ.

Эх сурвалж: https://www.bloomberg.com/