A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1112/

Эндрюсийн хэдэн жилийн аяллыг 20 хоногт гүйцээсэн төмөр хүлэг

​Монголын нутгаар аялж буй 35 хүнтэй экспедиц 1600 гаруй километр туулжээ​

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1112/


Улаанбаатар, Монгол улс

Бараг зууны тэртээ Америкийн адал явдал хайгч Рой Чэпмен Эндрюс Монголын говьд анхныэкспедицээ удирдан орж ирэхдээ Dodge машины цуваатай байлаа. Хоёрхон оронтой тоогоор илэрхийлэгдэх хариугүй хүч бүхий мотортой, дээвэргүй бүхээгт машин байсхийгээд хэд хоногоор шаварт суучихна. Машинууд газар нутгийн хүчир нөхцөлийг удаан туулсан ч гэлээ аялал бүхэлдээ үр дүнтэй болсон юм. түүний Баянзагаас олдсон чулуужсан өндөгтэй үүр нь үлэг гүрвэл мөлхөгч амьтан байсныг хүн төрөлхтөнд ойлгуулж өгсөн байдаг. Хэрэг дээрээ тэмээг төмөр хөлгөөр орлуулсан нь дэлхийн алслагдмал өнцөгт ачааны машин, шинжлэх ухааны хайгуул дараагийн зуун жилдээ нягт холбоотой байхыг зөгнөсөн хэрэг байв. Харин энэ зун Infinity Motor компани бооцоо тавилаа. урьд нь хүрэх аргагүй байсан газар нутгийг хиймэл дагуул, дрон, дулааны зураг зүйн технологиор зураглахаар хамтарч буй Монголын палеонтологийн хүрээлэн, хонконгийн хайгуулчдын клубт тус компани хүнд хүчир нөхцөлд зориулагдсан SUV машинаа нийлүүлэв. Infiniti QX80 хөлөглөн Монголын нутгаар аялж буй 35 хүнтэй экспедиц 1600 гаруй километр туулжээ.

Тус экспедиц Эндрюсийн хэдэн жилийн аяллыг 20 хоногт гүйцээх юм.Дөрвөн дугуйн хөтлүүр, 400 морины хүчтэй V8 хөдөлгүүртэй машин америкийн байгалийн түүхийн музейн захирал байсан, Индиана Жонсын эх дүр цуцашгүй хайгуулч Эндрюст чухам сайхан эд байх байлаа. Харин Infiniti-ийн хувьд уг арга хэмжээ нь өргөжиж буй тансаг зэрэглэлийн автомашины зах зээлд сурталчилгаа өрнүүлэх боломжийг гярхай анзаарсан хэрэг. Хамгийн орчин үеийн зам нь хүртэл хөдөөгийнх шиг Монголын төвийн бүс нутаг дахь шавар, элс, намгархаг нугатай бартаат гадаргыг SUV машин торохгүй туулжээ. Аяллын дүнд экспедиц чулуужсан олдвортой 250 газар, үлэг гүрвэлийн гурван болзошгүй шинэ төрөл зүйл илрүүлэв. Шинээр илэрсэн тарбозаврын шүд, велосирапторын хэнхэрцэг хоёрыг 70 сая жилийн настай хэмээн таамаглаж байна. Японд Lexus, Acura-гийн дараа гуравдугаарт ордог тансаг брэнд Infiniti нь Монголд дилерийн сүлжээгүй. Гурван сая хүн амтай Монголд шоу танхимаа Mercedes-Benz, Porsche хоёр саяхан нээсэн бол BMW 2019 онд нээх төлөвлөгөөтэй. Монголын шинэ автомашины зах зээл жижигхэн, жилдээ 2000 ч хүрэхгүй борлуулалттай. Гэхдээ дээд зэрэглэлийн SUV машины хэрэглээ ихэссээр байгаа Монголын зах зээлийн боломжийг авто үйлдвэрлэгчид ч анзаарч эхэллээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ухаалаг утас хэрэглэгчдийн өгөгдлийг Google-д дамжуулдаг

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Мини хиймэл дагуулаар шуурга, хуй салхийг бүртгэнэ

 0 сэтгэгдэл

RainCube (Radar in a CubeSat) бяцхан хиймэл дагуулд суурилуулсан бороо, цас тодорхойлох үүрэгтэй цомхон төхөөрөмж ашиглан хуй салхины мэдээлэл цуглуулж болох эсэхийг АНУ-ын NASA-агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний агентлаг туршиж байна. NASA-гийн JPL тийрэлтэт хөдөлгөөний лабораториос хэрэгжүүлж буй RainCube-ийн туршилтын зорилго нь жижиг хиймэл дагуул ашиглан цаг агаарын үзэгдлийг бага өртөг зардлаар нарийн тодорхойлоход оршино. Судлаачид нүүдлийн шувуутай төстэй зарчмаар нисдэг хэд хэдэн хиймэл дагуул ашиглан хуй салхины төв доторх нөхцөлийг шуурхай дамжуулахаар зорьж буй. Хүлээж авсан мэдээлэлдээ үндэслэн бороо, цас, мөндөр орох магадлал, хэмжээ зэргийг оновчтой тодорхойлохыг хичээж байна. Ийм өгөгдлийн ачаар цаг уурын мэдээлэл илүү нарийвчлалтай болох юм.

RainCube хиймэл дагуул 12 килограмм жинтэй. Борооны шүхэртэй төстэй, 50 сантиметр орчим диаметртэй антенн нь хуй салхины төв рүү тусгай радио дохио цацна. Төв дэх борооны дуслаас ойсон дохио нь хуй салхины эрч, үүсэх тунадасны талаар мэдээлэл болж хувирна. Эдүгээ хүртэл ашиглаж ирсэн радар системүүд овор ихтэй, нүсэр байлаа. JPL-ийн инженерүүд анх удаа ийм системийн оворыг багасгаж CubeSat хэмээх жижиг хиймэл дагуулд багтахаар цомхон болгож дөнгөжээ. Овор багассаны ачаар радиолокацын системийн цахилгаан хэрэглээ ч багассан байна. NASA энэ оны долдугаар сард CubeSat хиймэл дагуулын туршилтын загварыг дэлхий орчмын тойрог замд анх туршсан юм. Туршилтын явцад энэ оны наймдугаар сард Мексикийн дээр үүсэж буй догшин салхины дүрсийг анх удаа амжилттай буулгасан. Мөн дөнгөж үүсэж буй Флоренс хар салхины анхны зургийг ч RainCube дагуулаас авчээ. NASA цаашид хүчтэй хуй салхи, хар салхийг урьдчилан тодорхойлох, цаг уурын үзэгдэл, дэлхий дулаарлын нөлөөг хэмжих зориулалттай RainCube хиймэл дагуулын томоохон флот үүсгэхээр төлөвлөж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Усаа ашиглахгүй бол улсаараа тоггүйн зовлонг дахиад ч амсана

Улс орнууд усыг эрчим хүчнийхээ уян тохируулга болгон ашигладаг

 0 сэтгэгдэл


Манай эрчим хүчний систем дээсэн дөрөөн дээр дэнжигнэж буйг хэдхэн хоногийн өмнө бид дахин мэдэрлээ. Эрчим хүчний системийн найдвартай байдал хөгширсөн хэдэн нүүрсний станцын бөгтөр нуруун дээр тохогдчихсон. Станцууд нь элэгдэж, турбинууд нь хуучирсан систем өнөөдөр бидний хэрэглээг дөнгөн данган торгоож байна. Газар дороо нүүрс, занар, ураны асар их баялагтай, газар дээрээ нар, салхины эрчим хүчний арвин нөөцтэй Монгол улс XXI зуунд лаатай суухад ойрхон байгаа нь эмгэнэл ч юм шиг. Олон улсын жишгээр эрчим хүчний үйлдвэрүүд 20 хувийн нөөцтэй ажиллах ёстой байтал манай цахилгаан, дулааны станцууд өвөл, хаврын цагаар байдаг чадлаа шавхаж дуусдаг. Тэгээд ч өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангаж дийлэхээ больсон тул монголчууд цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 20 хувийг хоёр хөршөөсөө импортолж сууна. Бид өнөөдөр цахилгааны хэрэглээ өсдөг оргил ачааллын үед ОХУ-аас өндөр үнээр эрчим хүч импортолж, амиа аргацаадаг. Нэг кВт цаг цахилгааныг дунджаар 7-8 центээр, зарим үед бүр 13 центээр худалдан авдаг. Харин хүн амын хэрэглээ буурмагц илүүдсэн эрчим хүчээ бараг хоёр цент хүрэхгүй үнээр хойд хөршид “бэлэглэчихдэг”. Өглөө өсөж, өдөр буураад, үдэш өсдөг “салхи” шиг эрэлтийг манай хөгшин турбинууд хамхуул шиг дагаад байж, чаддаггүй.


Тиймээс хэлбэлзлээ нөхөхийн тул хойд хөршөөс ийнхүү цахилгаан гуйхаас өөр аргагүй. Уг нь улс орнууд энэ хөшүүн байдлаа усан цахилгаан станцаар уян болгодог. Нүүрсний станц 4-5 цаг галлаж байж эрчим хүч үйлдвэрлэдэг бол усных товчлуур дарах төдийд л тог үйлдвэрлэж эхэлдэг. Хэрэв үйлдвэрлэл нь хэрэглээнээс хэтэрвэл хэсэг зогсоож, дахин ажиллуулж болдог “элдэвтэй” технологи. Өөрөөр хэлбэл, хэрэглээндээ тохируулан эрчим хүч үйлдвэрлэдэг хамгийн тогтвортой (нар, салхины эрчим хүчний эх үүсвэртэй харьцуулахад), уян хатан систем бол усан цахилгаан станц. Тиймээс улс орнууд усыг эрчим хүчнийхээ уян тохируулга болгон ашигладаг байна. Гэвч төв Азийн усны хагалбарт оршдог манай улс үүнийг дорвитой ашиглаж чадалгүй өдий хүрлээ. Уг нь усан цахилгаан станц манай зах замбараагүй эрчим хүчний системд тохируулга хийж чадна гэж салбарынхан хэлдэг юм. Гэтэл энэ тохируулгагүйн гайгаар Монгол улс татвар төлөгчдийн олон тэрбум төгрөгийг жил бүр урсгасаар буй. Энэ онд л гэхэд төвийн бүс 50 гаруй тэрбум төгрөгөөр ОХУ-аас эрчим хүч импортлохоор төлөвлөж байна. Уг нь Эг, Шүрэн, Дөргөн, Тайшир гээд усан цахилгаан станцуудын нэрийг монголчууд бараг андахгүй болсон. Гэвч бидний чихнээ хоногшсон эдгээр станцаас нүдэнд харагдахаар сүндэрлэн боссон нь ховор. Нэг Засгийн газар нь зүтгүүлж, нөгөө нь гацаасаар эдгээр төслүүд цаасан дээр л цаг хугацааг элээж байна.


Бас “байгалиа хамгаалъя” хэмээн баахан бархирдаг “эх орончид” эдгээр станцыг бариулалгүй өдий хүрлээ. Тогтворгүй улс төр, усан цахилгаан станц барихыг улаан цээжээрээ эсэргүүцэгчийн “гавъяагаар” өнөөдөр Монгол улс гал алдахад тун ойрхон байна. Гэсэн атлаа эрчим хүчээ азид экспортолно, 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчээр хэрэглээнийхээ 30 хувийг хангана гэсэн бадрангүй зорилт тавьчихсан. Одоогийн байдлаар бид эрчим хүчний хэрэглээний 10 хүрэхгүй хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж байгаа. 2019 оны эцэст сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал 300 Мвт-д хүрэх төлөвтэй. Үнэнийг хэлэхэд усан цахилгаан станц байгуулах нь монголчуудын дунд төдийгүй Орос, Монголын хооронд хоёр туйл мэт маргаан дагуулдаг. Урсгал усыг ашигласнаар монголчууд эрчим хүчний хараат байдлаас ангижирна. Мөн цахилгаан үйлдвэрлээд зогсохгүй усны нөөц бүрдүүлдэг. Зөвхөн Эгийн голын усан цахилгаан станцыг барихад уртаараа хөвсгөл нуурын дайтай нуур үүсэж, аялал жуулчлал, газар тариалан гээд ус дагасан амьдрал цэцэглэх таамагтай. Наад зах нь тэр орчмын агаарын чийгшил нэмэгдэж, энэ хэрээр хур тунадасны хэмжээ дээшилнэ. Үүгээр зогсохгүй урсгал усанд менежмент хийж, үерийн аюулыг хүртэл тогтоон барьж дөнгөдөг.


Ус даган амьдардаг урд хөрш хөх мөрөн дээрээ 20 орчим станц босгосон. Ингэснээр нэгэн цагт хэдэн мянган хүнийг хуу хамж үерлэдэг байсан энэ мөрөн үерлэх нь эрс багассан. Энэ мэт усан цахилгаан станцын тусыг дурдаад байвал дуусахгүй. Тиймээс томоохон голуудаа түшиглэн станц барихаар үе үеийн Засгийн газар бодлогодоо тусгадаг. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “Улс орныхоо эрх ашгийг хохироосон шийдвэр хэзээ ч гаргаж болохгүй. Салбарын хүний хувьд Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг явуулахын төлөө өөрт байгаа бүх нөөц боломжоо ашиглан ажиллах болно” хэмээн мэдэгдээд байгаа. Эгийн голын усан цахилгаан станцын төсөл удаашрах болсныг салбарынхан хэлдэг. харин 92.8 Мвт-ын хүчин чадалтай Эрдэнэбүрэнгийн станцын төсөл урагшилж байна. БНХАУ-ын 266 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барих энэ төслийг урд хөрш бүрэн хариуцаж байгаа бөгөөд байгаа тус улсын Экспорт, импортын банк судалгаа хийж байгаа аж. “Хятад улс аж ахуйн нэгжүүдийнхээ дунд сонгон шалгаруулалт зарлаж, тус станцдыг барьж, угсрах, хүлээн өгөх нөхцөлөөр байгуулахаар төлөвлөж байгаа. Энэ төсөлд урагшлах бүрэн боломж бий. Гэхдээ Баруун бүсийн эрчим хүчний системийг бие даалгахыг эсэргүүцсэн төрийн бус байгууллага, хэн нэгний гар, хөл болсон “хүүхэлдэйнүүд” энэ төслийг эсэргүүцэхийг үгүйсгэхгүй байна.

Ер нь цахилгаан станцын төслүүдийн унагадаг нэг арга нь энэ” хэмээн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн Барилга угсралтын инженер М.Ангараг хэлсэн. Монгол улс эрчим хүчний салбарт хоёр хөршийнхөө хэрэглэгч бас худалдан авагч. Ямар ч худалдаачин жилд 40-50 сая ам.доллар авчирдаг худалдан авагчаа алдахыг хүсэхгүй. Тиймээс өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монголыг эрчим хүчний гуйлгачин болгож, манай цахилгаан үйлдвэрлэлийг элгээр хэвтүүлсэн гадаад, дотоодын ашиг сонирхол ирэх жилүүдэд ч биднийг тойрохгүй. Хойд хөрш Байгал нуураар түрий барин өнөө хэр Эгийн голын станцыг өндийлгөхгүй байгаа. Тэд Байгал нуурын байгаль экологид үхтэлээ санаа зовж байна хэмээн тив дэлхийгээр мэдэгдэж буй атлаа тус нуурт цутгадаг Ангар мөрөнд дөрвөн том усан цахилгаан байгуулсан. Тийм атлаа Байгал нуураас бараг 500 километрийн зайд Монгол улс цахилгаан станц байгуулахыг эсэргүүцдэг. Монголчууд бид ийм л эмгэнэлтэй атлаа өрөвдмөөр нөхцөл байдалтай нүүр тулчихаад байгаа. Гэтэл тог цахилгаан хэдхэн цаг тасрахад л эрчим хүчний эх үүсвэрээр баян гэж даналздаг Монгол улс “чацга царайлсан”. Цаашид ингэж байдгаа барьж, арчаагаа алдахгүйн тулд эрчим хүчний эх үүсвэрийг уухайн тас дэмжих, ялангуяа, энэ системийн нэг тулгуур болдог усан цахилгаан станцуудыг урагшлуулах шаардлага тулгарсаар байна. Хэрэв бид дотроо дуугарвал дуу нэг, дугтарвал хүч нэг болохгүй бол худалдан авагчаа алдах хүсэлгүй томоохон гүрнүүд биднийг гуйлгачин хэвээр үлдээх нь.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Apple хамгийн үнэтэй iPhone-оо танилцуулав

 0 сэтгэгдэл

Apple компани хамгийн үнэтэй iPhone-аа эрүүл мэндийн тусгай функц бүхий шинэ, илүү үнэтэй Watch-ын хамт танилцуулсан. Энэ нь манлай загваруудад тулгуурлаж орлогоо өсгөх арга эрэлхийлсээр байгаагийн илрэл болов. Лхагва гарагт Apple гурван шинэ ухаалаг утас сонирхуулсны нэг нь тус компанийн хамгийн үнэтэй iPhone болж буй XS Max загвар. Энэхүү загвар 6.5 инчийн дэлгэцтэй нь iPhone-ууд дотроо хамгийн томд тооцогдоно. Хуучин 5.8 инчийн дэлгэцтэй iPhone X-ийн шинэчилсэн хувилбар iPhone XS загварыг өмнөхтэй нь ижил буюу 999 ам.доллараар үнэлжээ. Гарахаас нь өмнө шинжээчид уг загварын үнэ хямдарна гэж таамаглаж байсан юм. XS-ийнх шиг ган бус хөнгөн цагаан их биетэй, 6.1 инчийн LCD дэлгэц бүхий шинэ iPhone XR загвар мөн гарлаа. ХR-ийн гарааны үнэ 749 ам.доллар. Гүйцэтгэх захирал Тим Кук “бүр олон хүний ухаалаг утасны ирээдүйг тодорхойлно” хэмээн онцолсон уг утасны гарааны үнэ 749 ам.доллар. Энэ нь жилийн өмнө гарсан түвшний iPhone 8-аас даруй 50 ам.доллараар үнэтэй байна. “Шинэ iPhone XR нь илүү үнэтэй ХS-тэй харьцуулахад хямд үнээр том дэлгэцтэй утас авах боломж гэсэн үг.

Өргөн хэрэглээний цахим бүтээгдэхүүний үнэ тогтооох тал дээр Apple тогтсон дүрмийг эвдсээр ирлээ” хэмээн CCS Insight-ын шинжээч Жефф Блэйбер тайлбарлав. Харин хоёр жилээр хуучирсан iPhone 7-г 449, iPhone 8-ыг 599 ам.доллараар үнэлсэн нь тус бүр жилийн өмнөх үеэсээ 100 ам.доллараар хямдарсан гэсэн үг. Apple “бусад үйлдвэрлэгчдийн өрсөлдөх загвар гарах тэр мөч хүртэл борлуулалт өссөөр байх хангалттай сайн ухаалаг утаснууд гаргаж чадсан” хэмээн Moor Insights & Strategy-гийн шинжээч Патрик Мурхед үзэж байна. Купертиногийн компани iPhone-уудын зэрэгцээ Apple Watch-ын шинэ загвар сонирхуулсан нь мөн л хуучнаасаа үнэтэй болжээ. Үүрэн холбоонд холбогддог Series 4 загварын гарааны үнийг 499 ам.доллараар тогтоосон. Энэ нь жилийн өмнө гарсан өмнөх загварынхаас даруй 100 гаруй ам.доллараар илүү байгаа юм. Бугуйн цаганд АНУ-ын зохицуулах байгууллагуудын зөвшөөрөл бүхий, фитнессийн гэхээсээ анагаах ухааны талдаа зориулалттай зүрхний хэм мэдрэгч сенсор суулгасан байна. Энэ удаагийн өсөлт нь жилийн өмнө бүтээгдэхүүний борлуулалт буурсан ч орлого өссөн Apple-ын стратеги үргэлжилсээр байгааг нотлов.

Үнийн өсөлтийг зөвтгөхийн тулд Apple компани iPhone XS-дээ шинэ A12 Bionic чип, хос SIM картны дэмжлэг, их биеийн алтадмал өнгөлгөө ашиглах зэргээр шинэ технологи ахиу оруулжээ. А12 Bionic нь зах зээлд нэвтэрч буй долоон нанометрийн анхны чип тул Apple хагас дамжуулагчийн салбарт Intel зэрэг өрсөлдөгчөө гүйцсэн хэрэг боллоо. Царай таних ажиллагааг илүү шуурхай гүйцэтгэж, ерөнхий бүтээмж өссөн шинэ үеийн чип нь iPhone-ын камераар авсан фото зургийн чанарыг ч сайжруулж өгнө. Ухаалаг утасны дүрсний сенсор ч чанарын хувьд шат ахижээ. арай хямд iPhone XR ч шинэ A12 чип, хос SIM дэмжлэгтэй. Уг загварт хөнгөн цагаан их бие, арын камерын ганц линз, LCD дэлгэц ашигласан тул манлай XS-ээс хямд болж байна. Хос SIM картны дэмжлэг нь нэг утсаар зэрэг хоёр дугаар ашиглах, дуудлага хийх боломжийг хэрэглэгчид олгоно. Тус компани урьд нь зөвхөн iPad, Apple Watch-д ашигладаг байсан ESIM буюу нэгтгэмэл SIM картыг анх удаа iPhone-д нэвтрүүллээ. AT&T, Verizon, Vodafone, EE, Deutsche Telekom зэрэг олон мобайл оператор E-SIM дэмжих юм. Гэхдээ Apple компани бодитой хос SIM слот бүхий тусгай загварыг үүрэн холбооны операторуудын зохицуулалт илүү түвэгтэй Хятад улсад зориулж үйлдвэрлэдэг.