A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4563/

Л.Энхсайхан: Тархины цус харвалтын улмаас тэнэгрэл өвчин тусах тохиолдол бий

Л.Энхсайхан: Тархины цус харвалтын улмаас тэнэгрэл өвчин тусах тохиолдол бий
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4563/
  • Стресс, нойргүйдэл, сэтгэл гутрал зэрэг нь анхаарал төвлөрөх чадвар сулруулж, мартамхай болгодог
  • Альцхаймер зэрэг бүлэг эмгэгүүд багтдаг сөнөрөлт буюу хатингаралт өвчний улмаас, бусад гэж гурав ангилдаг. Мөн нийт тэнэгрэлийн 60-70 хувийг альцхаймер өвчин эзэлдэг. Альцхаймерын үед тархи их хэмжээгээр хатингаршиж, эсүүд үүргээ гүйцэтгэж чадахаа больж мэдрэлийн үйл ажиллагаа алдагдаж, тэнэгрэл бий болдог. Харин бүс нутгийн онцлогоос шалтгаалж, ази хүмүүс тархины судасны өвчнөөс болж энэ төрлийн эмгэг тусах нь түгээмэл
  • Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар дэлхийд 50 сая хүн ийм эмгэгтэй байгаа нь тогтоогдсон. Энэ тоо 2030 он гэхэд 86 саяд хүрэх эрсдэлтэй болохыг ДЭМБ мэдэгдсэн байна
  • Нийт өвчлөлийн 60 орчим хувь нь бага буюу дунд орлоготой улс оронд гарсан

Танин мэдэхүйн чадварууд буурах буюу тэнэгрэл өвчнөөр жил бүр 10 сая хүн шинээр өвдөж байгаа талаар ДЭМБ мэдээлсэн. Манай улсад ч сүүлийн жилүүдэд энэ төрлийн эмгэгээр өвчилж буй хүн нэмэгдэж, ой санамж, хэл яриа, орон зайн баримжаа, шийдвэр гаргалт болон төлөвлөх чадвар нь суларч буй хүн цөөнгүй болсон. Тиймээс энэ өвчний талаар болон хэрхэн сэргийлэх тухай ЭМЯ­-ны мэдрэл судлалын ерөнхий мэргэжилтэн, УНТЭ­-ийн Мэдрэлийн эмнэлзүйн төвийн дарга, АУ­-ны магистр, Мэдрэлийн тэргүүлэх зэргийн эмч Л.Энхсайхантай ярилцлаа.

-Дундаж наслалт нэмэгдсэнтэй холбоотой тархины, танин мэдэхүйн үйл ажиллагаа алдагдах буюу тэнэгрэх өвчин дэлхий нийтэд тулгамдаж буй асуудал болжээ. Манай улсад ч энэ төрлийн эмгэгтэй хүн цөөнгүй. Тэнэгрэх өвчнөөр өвчлөх шалтгаан юу вэ, яагаад энэ өвчин ихэвчлэн өндөр настай хүнд тохиолддог вэ? 

-Хүний оюун ухаан буурах хоёр төрлийн эмгэг байдаг. Нэг нь оюуны хомсдол нөгөө нь тархины танин мэдэхүйн үйл ажиллагаа алдагдах буюу тэнэгрэл өвчин юм. Хүүхэд байхаасаа оюун ухаан хөгжихгүй байхыг оюуны хомсдол гэж нэрлэдэг. Харин тархины чадамжаа олон янзын шалтгааны улмаас алдахыг тэнэгрэх эмгэг гэж нэрлэдэг. Таны хэлсэнчлэн энэ өвчин дэлхий нийтэд тулгамдаж буй асуудал болоод байна. Хамгийн сүүлийн үеийн судалгаагаар дэлхийд 50 сая хүн ийм эмгэгтэй байгаа нь тогтоогдсон. Энэ тоо 2030 он гэхэд 86 саяд хүрэх эрсдэлтэй болохыг ДЭМБ мэдэгдсэн байна. Түүнчлэн нийт өвчлөлийн 60 орчим хувь нь бага буюу дунд орлоготой улс оронд гардаг. Тиймээс манай улс энэ асуудалд анхаарах зайлшгүй шаардлагатай юм. Тэнэгрэх өвчнөөр өвчлөх маш олон шалтгаан бий. Тэдгээрийг ерөнхийд нь судасны шалтгаантай, Альцхаймер зэрэг бүлэг эмгэгүүд багтдаг сөнөрөлт буюу хатингаралт өвчний улмаас, бусад гэж гурав ангилдаг. Мөн нийт тэнэгрэлийн 60-70 хувийг альцхаймер өвчин эзэлдэг. Альцхаймерын үед тархи их хэмжээгээр хатингаршиж, эсүүд үүргээ гүйцэтгэж чадахаа больж мэдрэлийн үйл ажиллагаа алдагдаж, тэнэгрэл бий болдог. Харин бүс нутгийн онцлогоос шалтгаалж, ази хүмүүс тархины судасны өвчнөөс болж энэ төрлийн эмгэг тусах нь түгээмэл. Тухайлбал, тархины судас нарийсах, тархины цус харвах зэрэг нь тэнэгрэлд хүргэдэг. 



-Тэнэгрэх эмгэгээр өвчилж буй хүн ихсэх болсны шалтгаан нь юу вэ?

-Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд энэ төрлийн өвчин нэмэгдэх хандлагатай байна. Би мэдрэлийн эмчээр ажиллаж буй туршлагаас харахад, сүүлийн 10 жил харвалт маш ихэссэн. Монгол Улс тархины харвалтын тархалт өндөр орны тоонд багтдаг. Харвасан хүмүүсийн мэдрэлийн үйл ажиллагаа алдагдаж, ярих, бодох, сэтгэхэд хүндрэлтэй болдог. Тухайлбал, гар хөл саажих, хэл ярианы өөрчлөлт өгөх, ойлголт муудах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Тархи маш нарийн бүтэцтэй эрхтэн. Хэсэг бүхэн нь нөхөн орлуулахад хэцүү. Нэг хэсгийн үйл ажиллагаа алдагдаж, гэмтэхэд нөхөн орлуулахад багагүй хугацаа шаарддаг. Тиймээс харвасны дараа бүрэн эдгэрэхэд хугацаа, хөдөлмөр шаардлагатай. Хүмүүсийн нэг алдаа нь нэг харвасан хүн дахиж харвах эрсдэлгүй гэж ойлгодог. Үүний улмаас дахиж харвах тохиолдол элбэг. Үйл ажиллагаа нь алдагдсан хэсэг бүрэн төлжөөгүй байхад дахиж харваснаар тархины үйл ажиллагаа доголддог. Тиймээс олон харвасан хүн тэнэгрэх өвчин тусах эрсдэл өндөр. Мөн удамшил, бодисын солилцоо зэрэг нь дээрх өвчнүүд нөлөөлдөг. Харин оюуны хөдөлмөр эрхэлдэг хүн тэнэгрэх өвчнөөр өвчлөх  тохиолдол бага гэж үздэг. Тиймээс урьдчилан сэргийлэх арга нь оюунаа ачаалуулах юм. 

-Тэнэгрэх өвчнийг хэрхэн оношилдог вэ?

-Оношлоход их адармаатай. Тархины цус харвалтыг MRI, компьютерт томографийн зураг аваад оношилдог бол Альцхеймрын зэрэг зарим эмгэгт тархины тодорхой хэсгүүд хатингаршдагийг тогтоох боломжтой. Харин тэнэгрэл өвчнийг төхөөрөмжөөр оношлох боломжгүй. Дээрх шинжилгээнүүд оношлох үзүүлэлт л болдог. Эмнэл зүйн үзлэг хийж, тухайн хүний оюун ухааны чадамжийг шалгаж, шинжилгээний хариутай уялдуулж, онош тогтоодог. 

-Монгол хүмүүс өөх иддэг учир зөнөх өвчинд өртөх эрсдэл бага гэдэг. Энэ үнэн үү?

-Энэ тухай судалгаа олж хараагүй болохоор баттай хэлж мэдэхгүй байна. Гэхдээ тархины бүтцэд өөх, тос тодорхой хэмжээгээр байдаг. Тиймээс өөх идэх нь тархинд эерэг нөлөөтэй. Ийм туршилт ч бий. Уналт, таталт өвчтэй хүн өөх, тос давамгайлсан кето хоол идээд уналтын давтамж цөөрдөг болохыг дэлхийн эрдэмтэд тогтоосон. 

-Хэрэв шинж тэмдэг илэрч эхэлбэл ямар арга хэмжээ авах нь зохимжтой вэ. Эмчлэгдэх боломжтой өвчин үү? 

-Одоогоор тэнэгрэх өвчнийг эмчлэх төгс эмчилгээ байдаггүй. Гэхдээ хэрэв өндөр настай хүнд мартамхай болох, сэтгэл хөдлөлөө барьж чадахгүй уйлж, гомдох, хувцсаа өмсөх, хоолоо идэх зэрэг энгийн үйлдэл хийхдээ будилах зэрэг шинж тэмдэг илэрсэн бол эмнэлэгт хандах хэрэгтэй. Мөн тэдэнд цаг гаргаж, түүх, дурсамжийг нь яриулж, тоглож, дасгал хөдөлгөөн хийлгэх хэрэгтэй. Энэ нь тархи, сэтгэл зүйд эерэг нөлөөтэй юм. Өндөр настай хүмүүст тулгардаг хамгийн том асуудал нь ганцаардал байдаг. Тэд нийгмийн харилцаанаас тусгаарлагдаж, хэн нэгнээс сэтгэл зүйн хувьд хараат болдог. Энэ нь дээрх өвчин тусах болон хүндрэх гол хүчин зүйл болдог. ДЭМБ-аас энэ төрлийн эмгэгийг эрт оношилж, биеийн эрүүл мэнд дархлааг нь дэмжиж, өөр дагалдсан өвчнүүдийг нь эмчлэх, хөдөлгөөнтэй байлгаж, сэтгэл зүй зан үйлийн дэмжлэг үзүүлэхийг зөвлөдөг. 

-Хий юм харах, ганцаараа ярих, хүний үг хүлээж авахаа болих зэрэг нь дээрх өвчний шинж тэмдэг байх. Мөн өөрөөр хэрхэн илрэх вэ, сэтгэл зүйн цочролын улмаар ийм эмгэгтэй болох уу?

-Цочирдоод гэнэт тэнэгрэл бий болно гэж байхгүй. Учир нь энэ нь үе шаттай өвчин. Эхэн үедээ мартамхай болох, цаг хугацааны баримжаагүй болох, төөрөх, үгийн баялаггүй болох, дуугаа хураах зэрэг маш олон шинж тэмдэг илэрдэг. Яваандаа ганцаараа ярих, богино хугацааны ой санамжаа алдах, догшин зан авир гаргах, ганцаараа инээх, уйлах зэрэг авир гаргадаг. Гэхдээ мартамхай боллоо гээд тэнэгрэх өвчин туссан байна гэсэн үг биш. Стресс, нойргүйдэл, сэтгэл гутрал зэрэг нь анхаарал төвлөрөх чадвар сулруулж, мартамхай болгодог.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Коронавирус нүүдлийн шувуудаар зөөвөрлөгдөж, халдварлах боломжгүй

 0 сэтгэгдэл

Сүүлийн үед коронавирусийн халдвар нүүдлийн шувуудаар дамжин, зөөвөрлөгдөх магадлалтай гэсэн мэдээлэл олон нийтийг түгшээгээд байгаа. Тэгвэл энэхүү мэдээллийн талаар Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн захирал Б.Нямбаяр албан ёсны тайлбар өглөө. Тэрбээр “Сүүлийн үед болж буй асуудалтай холбоотойгоор хүмүүс нүүдлийн шувуудын талаар сонирхох нь эрс нэмэгдлээ. Уур амьсгалын өөрчлөлт, хүний хүчин зүйлийн нөлөөнөөс шалтгаалж вирусийн халдвар гарах нь нэмэгдсэн. Шувууны ханиад гарсны дараа дэлхий даяар шувууны томуугийн судалгаа эрчимжиж, манай улс энэ судалгаанд том хувь нэмэр оруулсан. SARS, MERS зэрэг халдварт өвчнүүд гарч байсан эрсдэлийг үгүйсгэхгүй. Өвчин гарсны дараа шуугих биш урьдчилан сэргийлэх нь чухал болоод байна. COVID-19 вирус нүүдлийн шувуудаар дамжин зөөвөрлөгдөж байна гэсэн мэдээлэл одоогоор батлагдаагүй” хэмээлээ. Эрдэмтдийн үзэж буйгаар шинээр болон сэргэж буй халдварт өвчний тоо нэмэгдэх хандлагатай байгаа аж. Монгол Улсад дэлхийн гурван том нүүдлийн замаас шувууд ирдэг бөгөөд Өмнөд Африк, Австрали, Өмнөд Азиас манай оронд ирэхээс гадна ОХУ болон Еврод руу дамжин өнгөрдөг байна. Одоогийн байдлаар Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв 1000 орчим шувуудад төхөөрөмж суулгаж, байршилд нь мониторинг хийдэг аж. Тус байгууллага технологийн дэвшил ашиглаж, 40 зүйлийн 900 гаруй шувууны шилжилт хөдөлгөөний мэдээллийг тогтмол бүртгэж байгаа юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Коронавирус агаараар дамждаг эсэх маргаан

 0 сэтгэгдэл

Британийн Nature сэтгүүлд бичсэнээр шинэ коронавирус хүмүүсийн дунд асар хурдан тархаж байгаа ч агаараар дамждаг эсэх талаар мэргэжилтнүүдийн дунд нэгдсэн ойлголт алга байна. Эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид вирус зөвхөн дуслын замаар буюу ханиах, найтахад шууд буюу шууд бусаар дамждаг гэж нотолж байгаа. Гэтэл зарим судлаач агаараар буюу амьсгалахад агаар дахь бичил хэсгээр халдварладаг хэмээн мэдэгдлээ. Үүнээс үзэхэд урьдчилан сэргийлж, халдварын эрсдэлийг бууруулах арга нь зайлшгүй амны хаалт зүүх явдал юм. Квинслендийн их сургуулийн нян судлаач Лидия Моравска “Вирус агаараар дамждагт эргэлзэх зүйл огт байхгүй. Маш энгийн ойлголт” хэмээв. Хонконгийн их сургуулийн халдвар судлаач Бен Коулинг олонх халдвар ойрын зайнд явагддаг гэж үзэж буй. ДЭМБ-ын мэргэжилтнүүд агаараар бус дуслын замаар дамждаг гэж үзэж байгаа нь дуслын хэмжээний талаар ойлголтын зөрүүгээс шалтгаалсан бололтой. “Дуслыг жижиг хэсэгтэй харьцуулахад хавьгүй том боловч вирус агуулсан хэсэг нь дуслаас эхлээд маш жижиг хэмжээтэй байж болох учир вирус агаараар дамждаггүй гэж нотлох боломжгүй” гэж доктор Коулинг ярилаа.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Цагаан нөмрөгт баатруудынхаа цалинг нэмье

 0 сэтгэгдэл
  • БНСУ-д резидент эмч нараа амьдрах байр, хоолоор нь хангаж, цалин олгодог бол Монголд сохор зоосны ч урамшуулалгүй ажиллаж байна
  • АНУ-д эмчийн жилийн орлого дунджаар 314 мянган ам.доллар, харин Японд 28.9 сая иен, БНСУ-д 3 сая-20 сая воны хооронд хэлбэлздэг бол Монголд 11 сая төгрөгөөр хэмжигдэж байна

Монголын эмч нар мэргэших гэж гурван жилийн турш цалингүй ажилладаг

Өчигдөр Дэлхийн эмч нарын өдөр болж өнгөрлөө. “Цагаан нөмрөгтэй бурхдадаа баярлалаа” хэмээх мэндчилгээ дайж, баяр талархлын үгс сошиалаар хөврөх аж. Гэвч тэд хоосон магтаалаар хоол авч идэхгүй. Ялангуяа, виру­сийн халдварт тахал газар авсан энэ хэцүү өдрүүдэд бид эмч нарт л найдаж байна. Гэтэл саяхан Нийс­лэлийн эрүүл мэндийн газраас “Резидент буюу дагалдан эмч нар гомдол гаргасан тул ажиллуу­лахгүй байхаар боллоо” хэмээн мэдэгдэл хийсэн нь олон нийтийн шүүмжлэл дагуулж, резидент эмч нарыг ад шоо үзэх, элдвээр хэлэх үзэгдэл эрс нэмэгдэх болсон. Нэрээ нууцалсан нарийн мэргэш­лээр сурч буй нэгэн эмч “Бид эмнэлэгт дадлагажиж, жижүүрт гарч, өдөр шөнөгүй ажилладаг. Сурч мэдэх, ажиллах нь бидний үүрэг гэж ухамсарлан, өргөсөн тангарагтаа үнэнч байхаар мэрийж байна. Гэхдээ эцэг эхээрээ арав гаруй жил тэжээлгэнэ гэдэг хүнд. Үе тэнгийнхэнтэйгээ харьцуулах аргагүй ичмээр нөхцөл байдал бидний угтдаг. Ажлын байран дээр гарч, жинхэнэ эмч болсон ч 700 мянган төгрөгийн цалингаар амьдарч, цаг наргүй ажилладаг. Цаашид энэ дорой нөхцөл байдлыг өөрчилж, резидент эмч нарыг урамшуулалтай ажиллуулж, ажлын байрны нөхцөлөөр хангаасай. Яг үнэнийг хэлэхэд халширмаар са­нагдаж байна. Гэхдээ мэргэжил­дээ хайртай учраас орхихгүй” хэмээн бодлогшрон ярилаа. Үнэ­хээр Монголын резидент эмч нар өрөвдөлтэй нөхцөлд ажил­ладаг нь коронавирусийн үеэр дайчлагдсан хэд хоногт ил бол­сон билээ. Одоогийн байдлаар коронавирусийн цар тахлын халд­вараас урьдчилан сэргийлэхэд 1842 резидент эмчийг ажиллуулж буй бөгөөд тэд мэргэжлээрээ дадлагажиж, хариуцсан эм­чийнхээ удирдлага дор тууштай ажиллаж буй. Гэхдээ Монголын резидентүүд 2­-3 жил суралцах буюу ажиллах хугацаандаа ямар нэг цалин хөлс огт авдаггүй бө­гөөд үүний хажуугаар сургалтын төл бөр төлдөг. Гэтэл БНСУ на­рийн мэргэжлээр суралцаж буй эмч нараа байр, хоолоор хангахын зэрэгцээ сард 400­-800 мянган воны урамшуулал олгодог. Харин АНУ­-д резидент эмч нараа эмнэлгийн зэрэглэл, мэргэших чиглэл зэргээс нь хамаарч жилийн 50­-61 мянган ам.доллар, Японд 4­-5 сая иенээр цалинжуулдаг байх юм.

Цалин хөлсийг нэмэхгүй бол эмчгүй болох эрсдэл үүсчээ

2017 онд "Форбес" сэтгүүл оны хамгийн эрэлттэй, өндөр цалин­тай 20 мэргэжлийг нэрлэхэд жаг­саалтын арван байрыг анагаахын салбарууд эзэлж байв. Үүнд нойрсуулагч эмч, хиймэл шүдний эмч, сувилагч, хүүхдийн эмч, эхо дуран оношилгооны эмч, мэс засалч зэрэг мэргэжил багтсан. Мөн АНУ­-ын статистикийн хорооноос гаргасан эрэлттэй, өндөр цалинтай мэргэжлийн жагсаалтад нүдний эмч, малын эмч, эмнэлгийн төхөө­рөмжийн инженер зэрэг мөн л анагаах ухааны салбарын ажил, мэргэжлүүд багтжээ. Манай улсад ч ялгаагүй. Эмч нарын тоо салбар бүрт дутагдаж, бүх шатны эмнэлэгт 10-­55 хувь хүртэл орон тооны дутагдалтай буюу нэг эмч, сувилагч 2­-3 хүний ажлыг хийж байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр, нэг их эмчид 283 хүн ногдож буй. Эмч болно гэдэг хүний алтан амийг хариуцсан хамгийн хариуцлагатай ажил. Тиймдээ ч тэд бакалаврын боловсролыг зургаан жил, нарийн мэргэжлийг гурван жил эзэмшиж, хамгийн багадаа амьдралынхаа бүхэл бүтэн арван жилийг зөвхөн суралцахад зарцуулж байж, нарийн мэргэжлийн эмч болдог. Харин туршлагатай, чадварлаг эмч болохын тулд дахин 10­-15 жил ажиллах шаардлагатай гэж үздэг. Гэтэл сурч боловсрох, мэргэжлийн дадлага хийж, цаашид ажиллах урам зоригтой болох тэр үеэс нь эхлэн залуу эмч нарын зоригийг мохоож, цалин хөлсгүй ажиллуулж байгаа нь Монголын эрүүл мэндийн салбар боловсон хүчний дутагдалд орох аюулыг дагуулж байна. 

Монгол эмчийн дундаж цалин Япон эмчийнхээс 65 дахин бага

Шинэ төрлийн вирусийн халд­вар газар авч, олон нийтийн эрүүл мэнд эрсдэлд ороод буй энэ цаг үед бид эмч нарт л итгэж байна. Ойрын өдрүүдэд эмч нар коронавирусийн халдвараар өвчилж амиа алдах тохиолдол ихэслээ. Тодруулбал, ДЭМБ­-ын мэдээлснээр Итали улсад эрүүл мэндийн ажилтнуудын найман хувь нь халдвар авсан бол Испанид энэ үзүүлэлт 16.5 хувьтай байна. Ийм эрсдэлтэй хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээ зориулдаг амь насаа харам­лахгүй зүтгэдэг хүнд мэргэжил. Тиймээс ч дэлхий дахинаа хөдөл­мөрийн үнэлэмж нь өндөр байдаг. Монгол Улс эргэцүүлэх цаг хэдийн болжээ. Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалын мэдээлснээр манай улсын 320 эмч, эмнэлгийн ажилтан корона­вирусийн халдварын улмаас тусгаарлагдсан иргэдэд үйлчлэн ажиллаж буй. Энэ цаг үед нийтийн эрүүл мэндийн төлөө нойр хоол­гүй ажиллаж, эрсдэл үүрч буй тэдний цалинг нэмж, амьдралын баталгааг хангах нь нэн тэргүүний асуудал гэдгийг дурдахгүй өнгөрч болохгүй. Монголын эмч нарын цалин 2019 оны байдлаар улсын дунджаас 16.3 хувиар бага байгаа бөгөөд тэдний дундаж цалингийн хэмжээ 940.7 мянган төгрөг. Гэвч энэ өчүүхэн мөнгө тэдний амьдралд хүрэлцдэг гэж эндүүрэв дээ. АНУ-­д эмчийн жилийн орлого дунджаар 313 мянган ам.доллар, харин Японд 28.9 сая иен, БНСУ­-д 3­-20 сая воны хооронд хэлбэлз­дэг бол Монголынх ердөө 3000 гаруйхан ам.доллар буюу 11 сая төгрөгөөр хэмжигдэж байна. Тэд цаг хугацаа, хөдөлмөр зүтгэл, хө­рөнгө мөнгөө зарцуулан байж эмч болоод сургалтын төлбөр ч төлж дийлэхгүй энэ өчүүхэн цалин­гаараа бидний амь насыг хариуцаж буй нь хариу нэхдэггүй жинхэнэ энэрэнгүй сэтгэл билээ. Цагаан нөмрөгт баатруудынхаа цалинг нь нэмээч, төр засаг минь.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Б.Бурмаа: Өөрсдөө вирусийн халдвар авах эрсдэлтэй ч бид мэргэжилдээ хайртай

 0 сэтгэгдэл
  • Эмнэлзүйч эмч нарын маань 70 шахам хувь нь өвтөнүүдтэйгээ хамт тусгаарлалтад ороод байна. Хэрэв байдал хүндэрвэл эмч нар хүрэлцэхгүй байх эрсдэл бий
  • Бусад эмнэлэгт уушгины хатгалгаагаар нас барсан тохиолдол бүрт шинжилгээ хийж байна. Мөн уушгины хатгаагаар хүнд өвдсөн хүмүүст шинжилгээ хийсний үндсэн дээр ямар ч байсан Монгол Улсад зөөвөрлөгдөхөөс бусад тохиолдлоор халдвар тархаагүй юм байна гэсэн дүгнэлт хийсэн
  • Ибупрофен хэрэглэж болохгүй, зөвхөн парацетамол л уух ёстой гэх мэт мэдээлэл байсан. Энэ талаар албан ёсоор батлагдсан зүйл одоохондоо алга
  • Ханиаж, халуурсан ч гэсэн тухайн хүн эрсдэлтэй бүс нутагт зорчоогүй бол хамгийн түрүүнд өрхийн эмчдээ хандах ёстой. Гэхдээ одоо бид гэртээ өөрийгөө ажиглаж, утсаар зөвлөгөө ав гэж зөвлөж байгаа. Бид эхний ээлжинд утсаар зөвлөгөө өгнө, шаардлагатай бол дуудлагаар очиж үзнэ

Коронавирусийн цар тахлын үед галын шугаман дээр ажиллаж, аюултай нүүр тулж буй хүмүүс бол халдвартын эмч нар. Хаана өвчин гарна, хаана сэжигтэй тохиолдол бүртгэгдэнэ тэр бүхэнд ХӨСҮТ-ийн эмч нар дайчлагдан ажилласаар байгаа. Эдгээр эмч нарын төлөөлөл болгож ХӨСҮТ-ийн Гуравдугаар тасгийн их эмч Б.Бурмаатай ярилцлаа. 

-Одоогоор ХӨСҮТ-д хэдэн хүн тусгаарлагдаж, хэд нь эмчилгээ хийлгэж байна вэ? 

-Одоогоор манай эмнэлэгт нийт 353 эмчлүүлэгч байгаагаас халдвартын клиникт 215, үүнээс COVID-19 халдварын эмчилгээ болон ажиглалт, тусгаарлалтад 184 хүн байна. Ерөнхийдөө хөл хорио тогтоосноос хойш улсын хэмжээнд тусгаарлагдсан, сэжигтэй тохиолдлуудыг тооцвол 2000 гаруй хүн болсон. Манай эмнэлэг нийт зургаан тасагт COVID-19 халдварын сэжигтэй болон хавьталт, ажиглалтын гэсэн тохиолдлуудаар тусгаарлалт хийж байгаа. Манай улс тусгай үүргийн онгоцоор гадаадад байгаа иргэдээ авчирч байгаа шүү дээ. Эндээс халуурсан, хоолой өвдсөн, цээжээр хөндүүрлэсэн, амьсгалын дутмагшил үүссэн хүмүүсийг долдугаар тасагт авдаг. Хэрэв вирусийн халдвар илэрвэл тэр хүмүүсийн нэг, хоёрдугаар хавьтлуудыг мөн ХӨСҮТ-д тусгаарлана. Үүнээс гадна эрсдэлтэй бүс нутгаас ирсэн хүмүүс бий. Тэднээс зовуурь илрээгүй бол ажиглалтад авч, амралт, сувиллын газруудад тусгаарлаж байгаа. Хэрэв ямар нэг эмнэлгийн тусламж шаардлагатай бол Цэргийн төв эмнэлэг буюу госпитальд тусгаарлах арга хэмжээ авч байна. Манай эмнэлэгт энэ халдвартай холбоотой таван отряд ажиллаж байгаа. Отрядын бүрэлдэхүүн аяллаар явсан, гадагш зорчоод ирсэн иргэдийг үзээд, ялгаж салгана. Отрядын бүрэлдэхүүнд хоёр халдвар судлагч, хоёр эмнэлзүйч, хоёр ариутгагч, дарг а, жолооч гээд 7-8 хүн багтдаг. 

-Эмч нарын хүрэлцээ хэр байна? 

-Манай улс гуравдугаар сарын эхээр хилээ бүрэн хаасан шүү дээ. Гуравдугаар сарын дундаас тусгай үүргийн онгоцууд ирсэн тул энэ үеэс хойш ачаалал эрс нэмэгдэж, тул ажиглалтын зарим хүнээ бусад амралт, сувиллын газрууд руу явуулахаас аргагүй болсон. Мэдээж ачаалал их байна. Ер нь эмнэлзүйч эмч нарын маань 70 шахам хувь нь өвтөнүүдтэйгээ хамт тусгаарлалтад орсон. Нэг өвчтэй хүн илэрлээ гэхэд эмнэлзүйч эмч, ариутгагч эмч, сувилагчтайгаа баг болж ажилладаг. Энэ багийнхан эмчилгээний дараа өөрсдийгөө дахиад 14 хоног тусгаарлана. Өвчтэй хүнтэй харьцсан учраас өөрсдөө халдвар авсан байх эрсдэлтэй шүү дээ. Анхны отряд нэгдүгээр сарын 23-нд Москвагаас ирсэн галт тэрэг тосож байлаа. Тэр үед 25 хүнийг эмнэлэгтээ авчирч, тусгаарлалтад авсан. Энэ үеэс хойш отрядууд олон ч газар очиж ажиллалаа. 

-Эмнэлзүйч эмч нарын 70 шахам хувь нь тусгаарлагдсан гэлээ. Муугаар бодоод байдал хүндэрвэл эмч нар хүрэлцэхгүй байх аюул ойрхон юм байна, тийм үү? 

-Манай улс сэргийлэх арга хэмжээг маш сайн авч чадсан. ХӨСҮТ, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, мэргэжлийн хяналт, онцгой байдлынхан, ЭМЯ, Засгийн газар маш сайн хамтран ажиллаж байгаа. Тиймдээ ч халдвар дэгдээд гурван сар гаруй болоход халдварын эрсдэлийг улсынхаа хэмжээнд хянаж чадсан. Манайд илэрсэн 11 тохиолдол бүгд гаднаас зөөвөрлөгдөж ирсэн шүү дээ. Гэхдээ бид улс дотроо бас тандалт судалгаа хийсэн. Бусад эмнэлэгт уушгины хатгалгаагаар нас барсан тохиолдол бүрт шинжилгээ хийж байна. Мөн уушгины хатгаагаар хүнд өвдсөн хүмүүст шинжилгээ хийсний үндсэн дээр ямар ч байсан Монгол Улсад зөөвөрлөгдөхөөс бусад тохиолдлоор халдвар тархаагүй юм байна гэсэн дүгнэлт хийсэн. Хэрэв урьдчилан сэргийлэлтийг сайн хийж чадалгүй халдвар тархаасан бол нөхцөл байдал хүндрэх нь ойлгомжтой. Манайх чинь хөгжиж байгаа орон. Бусад хөгжингүй орнуудтай харьцуулахад эмнэлгийн тусламжийн тоног төхөөрөмж, урвалж бодисоо авахад хүндрэл үүснэ. Сүүлийн үед манай эмч нар цаг наргүй ажиллаж байгаа. Отрядын баг тогтмол жижүүрлэж хонодог. Иргэдээс ирсэн дуудлагын дагуу утсаар байнга зөвлөгөө өгч байна. Ер нь аливаа өвчнийг гарсан хойно нь эмчлэх биш, урьдчилан сэргийлэх нь ямар чухал болохыг энэ хэдэн өдрүүдэд монголчууд сайн ойлгосон байх.

-Ер нь нэг жилд халдварт өвчний чиглэлээр мэргэшсэн хэдэн эмч төгсөж гардаг вэ. Боловсон хүчний нөөц хангалттай байж чадах уу? Элдэв халдварт өвчин ойр ойрхон гараад байгаа болохоор ингэж асуулаа, 

-Халдвартын чиглэлээр жилдээ 20 гаруй, сүрьеэгийн чиглэлээр 10 гаруй хүн бэлтгэгддэг юм билээ. Мэдээж төгсөж гарсан бүхэн ХӨСҮТ-д ажиллахгүй. Хөдөө орон нутагт хуваарилагдана, дүүргийн эмнэлгүүдэд ажиллана. Боловсон хүчин тодорхой хэмжээнд бэлтгэгдэж л байгаа. COVID-19 вирус дэгдэхээс өмнө бол манай халдвартын эмч нар хангалттай байсан. Харин өнөөдрийнх шиг онцгой тохиолдлын үед хүн хүч дутмаг байна. Сүрьеэгийн эмч бол байнга л дутагдалтай байдаг. Манай улс чадах чинээндээ бэлддэг ч бас л хангалтгүй хэвээр байгаа. Хүнийг заавал энэ чиглэлээр сур гэж албадаж болохгүй болохоор ирсэн хэдийгээ л бэлтгэн гаргаж байна. 

-Коронавирусийн тархалт ханиад томууны ид үетэй давхацлаа. Ханиалгаж, халуурсан хүн бүр өөрсдийгөө коронавирус авчихсан байж магадгүй гэж айдаг. Ер нь халуурч, ханиалгасан бүхэн танайд хандах ёстой юу? 

-Мэдээж хүйтний үе учраас улирлын томуу давхар дэгдэж байгаа. Үүнтэй зэрэгцээд COVID-19 вирусийн тахал дэгдчихлээ. Тиймээс ханиаж, халуурсан ч гэсэн тухайн хүн эрсдэлтэй бүс нутагт зорчоогүй бол хамгийн түрүүнд өрхийн эмчдээ хандах ёстой. Гэхдээ одоо бид гэртээ өөрийгөө ажиглаж, утсаар зөвлөгөө ав гэж зөвлөж байгаа. Бид эхний ээлжинд утсаар зөвлөгөө өгнө, шаардлагатай бол дуудлагаар очиж үзнэ. Тиймээс яарч сандран эмнэлэгт битгий ир, онц шаардлагагүй бол эмнэлгээр битгий яв. Учир нь эмнэлгүүд өөрөө эрсдэлтэй бүс болчихоод байна. Хэрэв эрсдэлтэй бүс нутгаас зорчиж ирээд халуурч байгаа бол ХӨСҮТ-д яаралтай хандах нь зүйтэй. Гэхдээ энэ халдвар гарснаас хойш эмнэлэгт ирж үйлчлүүлэх хүний тоо харьцангуй багассан. Өмнө нь манай Яаралтай тусламжийн хүлээн авахаар өдөрт дор хаяж 80-100 хүн үйлчлүүлдэг байсан бол одоо 30-40 хүн болж буурсан. 

-Энэ вирусийг дэлхий дахинд хэрхэн эмчилж байна вэ. Манай эмчилгээний онцлог бусад улс оронтой адилхан уу, эсвэл өөр аргаар эмчилж байгаа юу? 

-Энэ бол шинэ халдвар учраас яг тогтсон, өвөрмөц эмчилгээ гэж байхгүй. Ерөнхийд нь шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Харин ямар хүндрэл гарвал тухайн хүний аль эрхтэн системийн тал дээр хүндрэл үүсэж байна, түүнийх нь дагуу эмчилж байгаа. Бид ч адилхан. Мэдээллээс харахад улс орнууд янз янзын л эмчилгээ туршиж байна. Ретровирусийн эмчилгээ үр дүнд хүрэх нь үү гэж туршиж байна. Мөн уламжлалт анагаах ухааны аргаар эмчлэх гэж оролдож байгаа тохиолдлууд ч бий. Яг ийм эмчилгээг тэд хоногийн хугацаанд хийж, ингэж эмчилнэ гэсэн тогтсон зүйл одоогоор алга. 

-Өвчин нь хүндэрсэн хүнийг эмчлэх амьсгалын аппарат ихэнх улс оронд дутагдалтай байна. Амьсгалын аппарат хүрэлцэхгүйгээс болж иргэдээ олноор нь алдсан улс ч бий. Харин манайд энэ аппарат хүрэлцээтэй юү? 

-Манай эрчимт эмчилгээний тасаг 5-6 өрөөтэй. Ор болгондоо амьсгалын аппараттай. Сая ЭМЯ-наас 10 аппарат нэмж өгсөн. Мөн зөөврийн рентген аппарат ч өгсөн. Ер нь хандив тусламж болон улсын санхүүжилтээр тоног төхөөрөмжөө хангаж л байна. Одоогоор биеийн байдал нь хүндэрч, аппаратад орох хэмжээнд хүрсэн хүн алга. 

-Сэжигтэй тохиолдол илэрсэн үед гэрээр эмчилгээ хийлгэх зөвлөмж гарсаар байна. Тэнд бичсэнээр бол лопинавир, ритонавир эмийг уух нь хамгийн үр дүнтэй гэх юм. Энэ зөвлөгөөг дагах нь зөв. Эдгээр эм нь Монголын эмийн сангуудад зарагддаг уу? 

-Бид өвдсөн тохиолдолд заавал эмчийн заавраар эм уух ёстой гэдгийг иргэд маш сайн ойлгох хэрэгтэй. Тухайн хүн ямар нэгэн антибиотик хэрэглэх, вирусийн эсрэг эм уух шаардлагатай байна уу гэдгийг эмчийн заавраар л шийдэх ёстой. Тэгж байж эмийн зохистой хэрэглээ болно. Гэтэл манай иргэд хэн нэгний зөвлөгөөгөөр дурын антибиотик хэрэглэдэг. Тиймээс иргэдэд хандан “шаардлагатай бол утсаар зөвлөгөө ав, бүр болохгүй бол дуудлагаар очиж үзье” гэж хэлээд байгаа юм. Харин энд тэндээс уншиж сонссоноо дагаад, эмчийн зааваргүйгээр дураараа эм ууж огт болохгүй. Хүн гэдэг хогийн сав биш шүү дээ. Хаа очиж хүмүүс коронавирусийн нөлөөгөөр хувийн ариун цэврээ сахиж сурч байна. Ядаж л хүн бүр маск зүүж, гараа сайн угааж сурлаа. Бидний амнаас гарч буй нус, цэр эргээд өвчин дэгдээх эрсдэлтэй гэдгийг ойлгодог боллоо. Хандлагаа өөрчилж чадсаны ачаар гэдэсний халдвар, улирлын томуу зэрэг бусад халдварт өвчин тодорхой хэмжээгээр буурлаа. Ялангуяа амьсгалын замаар, бохир гараар халдварладаг өвчнүүд маш их буурсан. Одоо монголчууд энэ чигээрээ зөв дадал хэвшилтэй байвал үр дүнд хүрнэ. 

-Энэ вирусээр өвчилж, халуурсан үед парацетамол уух нь хамгийн үр дүнтэй гэж бичээд байна. Энэ үнэн үү? 

-Энэ бол батлагдаагүй мэдээлэл. Ибупрофен хэрэглэж болохгүй, зөвхөн парацетамол л уух ёстой гэх мэт мэдээлэл байсан. Энэ талаар албан ёсоор батлагдсан зүйл одоохондоо алга. 

-Халдвартын эмч бол тийм ч хүсмээр мэргэжил биш. Цалин өндөр биш хэрнээ асар их эрсдэл дунд ажилладаг. Ер нь энэ ажлын зовлон, жаргал нь юу вэ? 

-Эмч бол хамгийн сайхан мэргэжил. Яагаад гэвэл, бид хүмүүст эрүүл амьдрал бэлэглэдэг. Хэрэв өвдөөд ирвэл эмчилж эдгээнэ. Мөн өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, зөвлөгөө мэдээлэл өгдөг. Бусдад тусалж, бусдыг аюулт өвчнөөс аварч байгаа гэдэг утгаараа бидний хувьд маш бахархалтай мэргэжил. Би анагаахын сургуулийг 1999 онд төгсөөд Дорнод аймгийн Халхгол суманд гурван жилийн турш нөхөртэйгөө цуг ажиллаж байлаа. Нөхөр маань мэс засал, дотор, гэмтлээ хариуцна. Харин би хүүхдийн тусламж, эх барих эмэгтэйчүүдийн тусламж үзүүлнэ. Тэнд ажилласан гурван жилийн хугацаанд ихийг сурсан даа. Сумын эмнэлэгт ажиллах сайхан л юм билээ. Эмчийг маш их хүндэлнэ. Дараа нь аймгийн төвд халдвар судлагчаар жил орчим ажилласан. Харин 2003 оноос хүртэл Дорнод аймгийн бүсийн оношилгооны төвд халдвартын эмчээр ажиллаж байгаад 2010 онд ХӨСҮТ-д ирсэн дээ. Мэдээж аливаа мэргэжилд эрсдэл бий. Гэхдээ эмчилгээний үеийн дүрэм журмаа сайн сахиж, хамгаалах хувцас хэрэглэлээ зөв өмсвөл халдвараас өөрийгөө хамгаалж чадна. Бид гараа эвэршиж хуурайштал гараа ариутгана шүү дээ. Дуудлаганд явахдаа хамгаалалтын хувцас өмсөөд очдог болохоор санаа зоволтгүй. Харин ирээд тайлахад л асуудал үүснэ. Халдвартай газраар явж, эрсдэлтэй хүмүүстэй харьцсаны дараа хамгаалалтын хувцсаа буруу тайлах юм бол өөрөө халдвар авах аюултай. Гэхдээ хэдий эрсдэлтэй ч гэсэн бид мэргэжилдээ дуртай учраас ямар ч эрсдэлийг даваад гарах ёстой. Энд өвчин гарчихлаа, би яана аа гэж айж зугтаад байж болохгүй. Нэгэнт тангараг өргөсөн эмч учраас бусдад туслахын төлөө өөрт байгаа бүх л нөөц бололцоогоо ашиглан ажилладаг. 

-Сэжигтэй тохиолдлоор танайд тусгаарлагдсан иргэд хоол унд, нөхцөл байдлаа голж янз бүрийн авир гаргалаа гэж дуулдах юм. Үнэхээр эмнэлгээс өгч байгаа хоол хангалтгүй байна уу. Эсвэл тэр хүмүүс хэтэрхий цамаан зан гаргаад байна уу? 

-Ихэнх нь эмнэлгийн дотоод журмыг сахиж, бидний тавьж буй шаардлагыг биелүүлж, ойлголцоод явдаг. Аюулт өвчин гарсан учраас 14 хоног тусгаарлагдахаас аргагүй гэдгээ ухамсарлаж, бидний ажлыг дэмждэг хүн олон бий. Гэхдээ уулын мод урттай, богинотой гэдэг шиг асуудлыг ойлгохгүй, уурлаж бухимдсан, “Намайг эрүүл байхад тусгаарлалаа” гэж уурлах хүн ганц нэг байна. Ийм хүмүүст бид аль болох нөхцөл байдлыг тайлбарлаж, ойлголцохыг хичээдэг. Учирлаад хэлэхээр хүмүүс ойлгодог юм аа. 

-Одоо улс орны хэмжээнд хөл хорио хэвээр байна. Энэ хориог хэр удаан үргэлжлүүлэх ёстой вэ. Та мэргэжлийн хүний хувьд санал бодлоо хуваалцаач? 

-Вирусийн халдварын нөхцөл байдлаас л хамаарна. Цаашдаа игэх ёстой, тэгэх ёстой гэж хэлэх боломжгүй шүү дээ. Ямар ч байсан дөрөвдүгээр сарын 30 хүртэл сургууль, цэцэрлэгийн хөл хориог сунгачихлаа. Энэ вирусийн халвар дэлхий нийтэд, манай улсад ямар байх вэ, өвчлөл нэмэгдэх үү гэх мэт нөхцөл байдлаас шалтгаалаад тухайн үед нь шийдвэр гаргах байх. Харин урьдчилан шийдвэр гаргах ямар ч боломжгүй. Тиймээс хүнд хэцүү энэ үед дэг журмаа алдалгүй, урьдчилан сэргийлэлтээ сулруулалгүй, хувийн ариун цэврээ сайн сахиж, мэргэжлийн байгууллагын шийдвэрийг ягштал биелүүлж чадвал бид халдварыг эрсдэл багатай даван туулна. 

-Ярилцсанд баярлалаа.