A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2071/

Эрдэмтэд хүнс тэжээлийн хувьсгалд бэлтгэж байна

Шинжлэх ухаан микробиомын өвчлөлд үзүүлэх нөлөөг судалж байна

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2071/


Саяхан Билл Гейтс өөрийн сангаар дамжуулан ядуу орнуудын хүүхдэд зориулсан эмчилгээний пробиотикийг (ашигтай нян) турших ажлыг санхүүжүүлэхээ мэдэгдсэн. Учир нь ашигтай микробыг хүнсэнд нэмэх нь хүүхдийн ходоодонд хэвийн микробиом (тэнд оршдог бичил биет, нянгуудын нийлэмж) үүсгэхэд тустай гэсэн таамаг бий. Тэдгээр нь эрүүл мэнд, сэтгэц ба үйлдэхүйд нөлөөлдөг гэж үздэг боловч чухам яаж гэдэг нь тодорхойгүй байгаа. Иймээс микробиом хүн төрөлхтөнд юу өгөх вэ гэдэг нь эрдэмтдийн анхаарлыг татаж байна.

Ашигтай нянгууд

Саяхныг хүртэл хүүхэд ямар ч нянгүй “цэвэр” төрдөг гэж үздэг байв. Харин сүүлийн судалгаагаар эхийн сав, ургийн ус болон хүйсэн нянгууд оршдогийг тогтоосон. Төрсний дараа агаарт гарсан нярай нянгийн дайралтад өртөнө. Эхийн сүүнд 600 орчим төрлийн микроб оршиж, зарим хэсэг нь нярайд шилждэг байна. Эхний саруудад нярайн ходоод гэдэсний микробиом бүрддэг учир зөв хооллох нь маш чухал. Микробиомд багтдаг нян, микроб, мөөгөнцрүүд хүний биед зэрэгцэн оршиж, хоол боловсруулахад туслахын хамт үүнээс тэжээллэг бодис, эрчим хүчийг шимж авдаг. Ходоод гэдэсний бичил биетүүдийг хүн төрөлхтөн 100 гаруй жил судалж байна. Гэхдээ гэдэсний микроб хүний эрүүл мэндэд гол үүрэгтэйг саяхнаас тогтоосон байна.

Гэдэсний өвчин

1980-аад онд австралийн эрдэмтэд дэлхийн хүн амын бараг тал хувийнх нь гэдсэнд оршдог Helicobacter pylori хэмээх бактери хорт хавдар үүсгэдгийг нээжээ. Эрүүл хүнд онц нөлөөгүй боловч дархлааны систем доголдсон үед өвчлөлийн эрсдэл нэмэгддэг байна. 1989 онд микроб болон харшлын уялдаа холбоог тогтоосон. Эрдэмтэд өнөр гэр бүлд өссөн хүүхдүүдийн дунд толбот үлд болон өвсний харшил бага байдгийг олж мэджээ. Сүүлийн үед судлаачид зүрх судасны өвчин, чихрийн шижин, өөхлөлт, астма, ходоодны үрэвсэл, биеэ авч явах байдлын гажуудал зэрэг эмгэгүүд ба микробиомын хоорондын холбооны талаар ярих боллоо.

Микробиом болон бусад организмыг холбох үүргийг триметиламиноксид ба богино гинжин өөхний хүчил хэмээн хоёр нэгдэл гүйцэтгэдэг. Жишээлбэл, өөхний хүчлийн молекулууд цадалтын гормоныг өдөөж, тархинд ходоод дүүрснийг дохиолдог.

Хэрэв доголдвол тархинд буруу дохио очно. Энэ нь өөхлөлт үүсдэг механизм байж магадгүй юм. Түүнчлэн микробиом болон сэтгэцийн өвчний хоорондын холбоог таамгийн түвшинд судалж байна. Гэдсэнд тэжээллэг бодисуудыг боловсруулах үйл явц тархийг оруулаад бүх бие  эрхтэнд нөлөөлдөг гэж энэ таамгийг дэвшүүлэгчид нотолж буй. Хулгана дээр хийсэн туршилтын явцад молекулаар дохио өгдгийг илрүүлсэн байна.

Пробиотикийн асуудал

Сүүлийн жилүүдэд ходоод гэдэсний өвчлөлийг хүнд ашигтай микробоор эмчлэх арга өргөн дэлгэрч байгаа. Эмч нар жор бичиж, эмийн сангуудаар чөлөөтэй худалдаж байна. Йогурт, тараг болон бусад ферментжүүлсэн сүүн, исгэлэн бүтээгдэхүүнийг гэдэсний микробиомд сайн нөлөөтэй хэмээн сурталчилдаг. Билл Гейтс эмчилгээний пробиотик боловсруулах төслийг олон жил санхүүжүүлжээ. Тэрбээр одоо эхийн сүүнд нэмэлтээр өгөх бэлдмэл хийхэд тусалж байгаа аж. Уг бүтээгдэхүүнийг Бангладешт дутуу хөгжилтэй нярай дээр туршиж байна. Бангладеш, Мадагаскар зэрэг оронд нэгээс таван насны хүүхдийн нэлээд хэсэг нь төмөр, цайр, йод, амин дэм гэх мэт тэжээллэг бодисын дутагдалтай байдаг. Ийм байдал хэвийн микробиом бүрдэх явцыг саатуулж, насан туршдаа эрүүл мэндийн асуудалтай тулгарна гэж эрдэмтэд үздэг. Ингэж өссөн хүүхэд цаашдаа сайн хоол тэжээлтэй болсон ч хүнснээс хэрэгтэй бодисыг авч чадахаа больдог аж. Энэ асуудал илүүдэл жинтэй хүүхдийн тоо нэмэгдэж буй хөгжингүй орнуудад ч чухал юм.

Хүний микробиом

Эмчилгээний үзэл санаа нь хүүхдийн гэдсэнд эхийн сүүгээр дамжуулан микроб суулгаж, хэвийн микробиом бүрдэхэд туслах явдал юм. Гейтсийн хөрөнгө оруулалт ямар үр дүнд хүрэхийг ирээдүй харуулах бөгөөд пробиотик эмчилгээний үр ашиг батлагдаагүй байгааг Cochrane Collaboration судалгааны байгууллагын тайланд дурджээ. Эдний өгүүлэл дутуу төрсөн нярай болон эхийг пробиотикоор эмчлэх болон гэдэсний үрэвслийг эмчлэхийн тулд пробиотик суулгах аргуудыг тайлбарласан байна. Судлаачид баттай дүгнэлт хийхийн тулд нэмэлт өгөгдөл хэрэгтэйг онцолжээ.

Гэхдээ өнөөгийн пробиотикууд харшлын эмчилгээнд тус болохгүй. Хүүхдийн эмч нарын үндэсний холбоод харшлын эсрэг пробиотик ашиглахыг зөвлөдөггүй. Дэлхийн харшлын нийгэмлэгээс зөвшөөрсөн ганц зөвлөмжид харшлын удамтай гэр бүлээс гаралтай жирэмсэн эх, сүүгээр тэжээдэг эх болон нярайд хэрэглэж болно гэж дурдсан байна. Шинжлэх ухаан микробиомыг бүрэн ойлгож амжаагүй агаад өвчлөлд үзүүлэх түүний нөлөөг судалж буй. Эмчилгээний пробиотик бүтээх ажил дөнгөж эхний шатандаа явж байна. Гэхдээ эрдэмтэд энэ салбарт гайхамшигтай нээлтүүд хийгдэнэ гэдэгт эргэлзэхгүй байгаа юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хэт хэрэглээнээс татгалзах Шведийн Лагом хандлага

 0 сэтгэгдэл

  • Лагом гэх үгийг швед хэлнээс орчуулбал “хангалттай”, “яг таарсан” гэсэн утга илэрхийлдэг
  • Лагом хандлага нь эд материал төдийгүй хүн хоорондын харилцаанд ч нөлөөлдөг гэнэ. Швед хүмүүс ажил амралт, жаргал зовлон гэх мэт эсрэг тэсрэг зүйлсийн тунг маш энгийнээр тохируулдаг онцлогтой


Швед улсад сүү­лийн жилүүдэд лагом гэх шинэ чиг хандлага төлөвшжээ. Улмаар тус улсыг Lagomlandet буюу Лагом улс гэж нэрлэх нь бий. Энэхүү хэв маягийн гол философи нь бүх зүйлийн тунг нь тааруулж, алтан дунджийг олон, тэнцвэртэй амьдрах юм. Өөрөөр хэлбэл, тус улсын иргэд эерэг мэдрэмжийг эд зүйл бус нийгэмд оруулж буй хувь нэмэр өгдөг гэж үздэг. Швед хүмүүс өдөр тутамдаа зөвхөн нэн шаардлагатай зүйлийг хэрэглэж, хэт их эд материа­лаар өөрийгөө хүрээлүүлэн, амьдралаа ачаалуулахаас татгалздаг. Энэ хандлага нь зөвхөн эд материал төдийгүй хүн хоорондын харилцаанд ч нөлөөлдөг гэнэ. Тухайлбал, швед хүмүүс ажил амралт, жаргал, зовлон гэх мэт эсрэг тэсрэг зүйлсийн тунг маш энгийнээр тохируулдаг онцлогтой. Лагом гэх үгийг Швед хэлнээс орчуулбал “хангалттай”, “яг таарсан” гэсэн утгыг илэр­хийлдэг. Тус ойлголт нь хоол, дизайн, байгаль орчин гэх мэт амьдралын бүх салбарт хэрэгждэг. Гэхдээ эл хандлага загварын салбарт хүчтэй ноёрхдог ба Шведийн ихэнх дизайнер бүтээлүүдээ лагом хэв маягаар бүтээдэг байна. Жишээ нь Acne Studios, Filippa K гэх зэрэг брэнд хувцас урлахдаа илүү деталь, хэт их чимэглэл хэзээ ч ашигладаггүй. Үүний оронд тэд өдөр тутам болон онцгой тохиолдолд ч өмсөхөд тохиромжтой биед эвтэйхэн, минималист хувцас зохион бүтээдэг. Энэ хандлагын бас нэг гол зорилго нь хэрэглэгчдийг хүрээлэн буй орчинтойгоо зохицож амьдрахад уриалах юм. Дэлхий даашгүй их материал цуглуулах нь экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж, байгаль орчинд хор хөнөөл учруулдаг. Тиймээс хэрэглээнээс таашаал авах үзлийг улс нийтээрээ үгүйсгэж буй нь сайшаалтай. Лагом хэв маягийг төлөвшүүлж буйтай холбогдуулан IKEA брэнд Live Lagom хэмээх төсөл хэрэгжүүлж байжээ. Төслийн гол зорилго нь нийгэмд экологийн боловсрол олгож, байгальд ээлтэй бүтээгдэхүүн хэрэглэж хэвшихийг уриалах юм. Тэд аяныхаа хүрээнд эрчим хүчинд хэмнэлттэй чийдэн, зай гэх зэрэг байгаль орчинд ээлтэй гэр ахуйн эд зүйлс худалдаалах болсон. Дэлхий дээр зөвхөн хүн л амьдардаггүйг тунхаглаж буй лагом хандлага нь хүний шуналын эсрэг хэрэгжүүлж буй энгийн, хэрэгцээт арга юм.Улс бүрд өөрийн гэсэн амьдралын хэв маяг бий. Түүнчлэн зарим улсын амьдралын философи бусад оронд нөлөөлөх тохиолдол ч олон. Тухайлбал, Япон улсаас гаралтай минималист хандлага өдгөө дэлхий нийтэд хэт хэрэглээнээс татгалзаж, эко, эрүүл амьдрахыг уриалаад буй. Швед улсын лагом хэв маяг ч мөн ижил утга санаатай. Гэхдээ амьдралын бүх элементэд нөлөөлдөг болохоороо онцлог юм.


















A

Жижиг

A

Дунд

A

Том

Дотоод орчны агаар гадаад орчныхоос чухал

Хүн амьдралынхаа 10-15 хувийг гадаа, 85-90 хувийг дотоод орчинд өнгөрүүлдэг. Тиймээс эрүүл мэндээ хамгаалахын тулд дотоод орчны агаарыг цэвэр байлгах нь хамгийн чухал юм.

 0 сэтгэгдэл



Аль болох том, далбагар ногоон навчтай цэцэгс агаарыг сайн цэвэршүүлдэг


1. Мөнхрөө 

2. Ногоодой 

3. Нөмөргөнө

4. Авиргана 

5. Зуун наст 

6. Агланоема

Мөнхрөө:

Агаар цэвэршүүлэх чадва- раа раа хамгийн өндөрт тооцогддог. Зөвхөн өдөр төдийгүй, шөнө ч хүчилтөрөгч ялгаруулдаг. 

Ногоодой:

Дотор тасалгаан дахь агаарыг хоёр өдрийн дотор 90 хувь цэвэршүүлдэг. 

Нөмөргөнө

Агаар дахь нянг 60 хүртэл хувь бууруулах чадвартай.  


Тогтмол агаар сэлгэж байх 

Гадна агаар бохирдолтой үед цонх нээх боломжгүй болдог. Тиймээс халуун орчинд хүчилтөрөгчийн агууламж багасаж, вирус хурдан үрждэг. Тэгэхээр аль болох агаарын бохирдол бага үед цонх, хаалгаа онгойлгож, агаарыг тогтмол сэлгэж байх нь чухал. 

Чийгтэй цэвэрлэгээ 

Дотоод агаарын бохирдол, тоосжилт нь агаарыг хуурайшуулж, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байдаг. Тиймээс тогтмол чийгтэй цэвэрлэгээ хийж, агаарын тоосжилтыг бууруулж, чийгшүүлж байх нь чухал. Мөн жамц давстай ус агаарт цацах зэрэг хэлбэрээр агаарыг цэвэршүүлж, чийгшүүлэх боломжтой. 

Зөгийн лаваар хийсэн лаа

Зах зээлд зөгийн лав болон парафинтай лаа худалдаалдаг. Дотоод агаарын бохирдлыг бууруу­лахад зөвхөн зөгийн лаваар хийсэн лаа асаах нь үр дүнтэй. Энэ төрлийн лаа нь шаталтын үр дүнд сөрөг ион ялгаруулснаар агаар дахь бохирдолтой нэгдэж, устга­даг байна. Ялангуяа харшил, астматай хүмүүст энэ аргыг зөвлөдөг. 

Жамц давс

Байгалийн давс нь агаар цэвэршүүлэх нөлөөтэй. Тиймээс жамц давсаар хийсэн ширээний гэрлүүд түгээмэл ашиглагдах болжээ. Үүнээс гадна, хүнсний жамц давсыг ил байлгах, усанд найруулж агаарт цацах зэрэг нь ч агаарыг цэвэршүүлэх эерэг нөлөөтэй.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Өөр эмэгтэйд хайртай ч эхнэрээсээ салмааргүй байна

Эхнэрийнхээ хайр халамжийг өөр хүнээс эрэлхийлж байх магадлалтай

 0 сэтгэгдэл

Засгийн газрын мэдээ сонин мэргэжлийн сэтгэлзүйчидтэй хамтран ээлжит зөвлөгөөгөө өгч байна. Энэ удаа Focus on the Family Mongolia байгууллагын тэргүүн, клиник сэтгэл зүйч Т.Хонгорзул манай уншигчдаас ирсэн асуултад хариуллаа. Хэрэв танд сэтгэл зүйн тулгамдсан асуудал байвал манай сонинд хаяглан ирүүлээрэй. 

ХҮҮХЭД ШИГ ЗАН ГАРГААД БАЙГАА ЭЭЖИЙГЭЭ ЯАХ ВЭ 

-Ээж маань 50 настай. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр улам л хүүхэд шиг болоод байх юм. Уурлах, гомдох, баярлах нь их амархан болсон. Гэхдээ гомдол нэхэх нь ихсээд байна. Цаашид яаж харьцвал дээр вэ? ­

-Энэ нь насны сэтгэл зүйн онцлог болон дааврын өөрч­лөлттэй холбоотой байж болох юм. Ээж тань ямар нэгэн зүйлд санаа зовниж, стресстэй байгаа эсэхийг анзаараад үзээрэй. Өөрийнх нь сэтгэл санааг ойлгож сонсох хүн байхгүй үед түүнийгээ уур бухимдал, гомдлоор гадагшлуулдаг байж болох юм. Хамгийн гол нь сэтгэл санааных нь байдлыг сонсож ойлгохыг хичээгээрэй. Ганцаардаж байгаа мэдрэмж төрж байгаа эсэх, найз нөхөдтэй эсэх, өөрийнх нь сэтгэлийг зовоож байгаа ямар нэг зүйл байгаа эсэх гэх мэт. Аль болох өөрийнхөө дуртай зүйлийг хийхэд цаг гаргах, найз нөхөдтэйгөө уулзаж ярилцах, дасгал хөдөлгөөн хийх зэрэг нь сэтгэл санааг өөдрөг болгодог. 

ЭХНЭРЭЭСЭЭ ХАЙР МЭДЭРДЭГ БОЛ ӨӨР ХҮНД СЭТГЭЛТЭЙ БОЛОХГҮЙ

-Эхнэр маань надаас олон эгч ч бид хамтдаа амьдралаа босгож, бизнесээ ч хөл дээр нь тогтоосон. Гэвч би өөр бүсгүйд сэтгэлтэй болж, бие энд ч сэтгэл тэнд явах боллоо. Гэр бүлээ салгамааргүй, бас тэр сайхан хайрыг амьдрал болгомоор байна. Яах вэ? ­

-Та гэр бүлийнхээ хүнээс хайр мэдэрдэг, нэг нэгэндээ сэтгэлээрээ ойр дотно байдаг бол өөр эмэгтэйд сэтгэлтэй болох боломжгүй юм. Эхнэртэйгээ хамт бизнесээ босгосон гэхээр магадгүй хоёулаа маш их ажиллаад харин өөрсдөдөө бага цагийг гаргаснаар нэг нэгнээсээ хол хөндий болсон байж болно. Энэ нь хайргүй болсон гэсэн үг биш бөгөөд магадгүй энэхүү үгүйлэгдэж байгаа орон зайг өөр хүнээс эрэлхийлж байх магадлалтай юм. Тиймээс та яарч шийдвэр гаргалгүй сэтгэлзүйчээс биечлэн зөвлөгөө аваарай. 

14 БОЛ ДОТНО ҮЕРХЭХ НАС БИШ

-Охин мааны 14 настай. Хэдэн сарын өмнөөс нэг хөвгүүнтэй үерхэх болсон. Хайр дурлалын асуудалд орооцолдоход хэтэр- хий балчир юм шиг санагдаад байна. Нас нь болоогүй байна гэж хорьж цагдах нь зөв үү, эсвэл зөнд нь орхих хэрэгтэй юу?

-Эцэг, эхчүүдийн сэтгэлийг зовоодог зүйл нь яах аргагүй үерхэл нөхөрлөлийн асуудал байдаг. Эрэгтэй, эмэгтэй жирийн найз нөхөрлөлийн харилцаа бол энэ насан дээр байх нь хэвийн хөгжлийн үе юм. Тухайлбал, спортоор хичээллэх, хичээлд нь туслах, дугуйланд хамт явах зэрэг нь хэвийн боловч харин дотно үерхэх нас биш юм. Тиймээс охинтойгоо ярилцах, ямар хил хязгаар тавих, гэртээ хэзээ ирсэн байх талаар зөвшилцөх нь зүйтэй. Загнаж буруутгах, уурлах, элдэв үгээр хэлэх зэрэг нь туслахгүй бөгөөд сайн ярилцаж энэ харилцааг үргэлжлүүлэх нь ямар үр дагаварт хүргэж болохыг ярилцаарай.

ЭХНЭРЭЭ АРХИНААС ГАРГАХ ГЭЭД ЧАДАХГҮЙ БАЙНА 

-Би эхнэртэйгээ ханилаад 35 жил болж байна. Гэвч сүүлийн хэдэн жил бор дарсанд хэтэрхий их дурлах боллоо. Архинаас гаргах эмчилгээнд явуулах гэж хэд хэдэн удаа оролдсон ч “би архичин биш” гээд халгаадаггүй. Эхнэр архи уух тусам гэр бүлийн амьдрал маань нүдэн дээр сүйрч байна. Одоо би яах вэ? ­

-Таны ханийн сэтгэл санааг зовоосон ямар нэгэн асуудал байгаа учраас архи ууж эхэлсэн болов уу. Архинд донтсон хүмүүст тулгардаг хамгийн том бэрхшээл бол үгүйсгэл байдаг. Хэчнээн их хэлээд аргадаад ч нэмэргүй өөрийгөө архичин биш гэж үгүйсгэдэг. Тиймээс албадан эмчилгээ хийлгээд ч тусалдаггүй. Хүнийг өөрчлөлтөнд хүргэдэг хамгийн том хүчин зүйл бол өөрийгөө хүлээн зөвшөөрөх явдал. Олон арга хэмжээ аваад ч нэмэргүй бол хэцүү ч гэсэн тухайн хүн шалдаа буусан цагт ухааралд ирэх үе бас байдаг. Танд хэцүү байгаа бол өөртөө сэтгэл зүйн зөвлөгөө аваарай. 

ХОЁР ТАЛААСАА БУУЛТ ХИЙЖ, ЗОХИЦОЖ АМЬДАР

-Эхнэр маань үргэлж л өөрийхөөрөө зүтгэж, бүх зүйлд намайг буруутгадаг. Эхэндээ би өхөөрдөж, бууж өгдөг байсан ч энэ нь сүүлдээ амьдралын хэвшил болж тогтох янзтай. Үргэлж л бууж өгнө гэвэл би цаашид тэсэхгүй бололтой. Яавал дээр вэ? ­

-Аливаа гэр бүлийн харилцаа нь нэг нэгэндээ буулт хийж, биесээ ойлгон хүлээн авах, итгэж найдах гэсэн уялдаатай бат бөх оршин тогтнодог. Аль нэг нь илүү давуу эрх эдэлж байна, би тэгш эрхтэй байх хэрэгтэй гэж оролдох нь хаана хүрэхээ мэдэхгүй явж байгаатай адил юм. Дийлэнхдээ хосууд өөрсдийнхөө өссөн орчин харилцаанаас шалтгаалан яг эцэг, эхтэйгээ харилцдаг шигээ харилцаж санаанд нь нийцэхгүй бол ханиас нь л бүх зүйл болоод байна гэж эндүүрдэг. Ханиа 100 хувь өөрийн хүссэнээр өөрчлөх боломжгүй гэдгийг хүлээн зөвшөөрөөд харилцан хоёр талаасаа буулт хийж зохицож амьдрах нь харилцааг илүү эерэг байхад нөлөөлнө.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Хуримтлал үүсгэж болох шилдэг аргууд

 0 сэтгэгдэл

Өчигдөр дэлхийн хуримтлалын өдөр болж өнгөрлөө. 1924 оны энэ өдөр Италийн Милан хотноо зохион байгуулагдсан Олон улсын хадгаламжийн банкны анхдугаар чуулганы үеэр Дэлхийн хуримтлалын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх санаачилга гарсан нь биеллээ олж, өнөөг хүртэл уламжлал болгон тэмдэглэсээр иржээ. Энэ өдөр хуримтлал үүсгэхийн ач холбогдол, үр дүнгийн талаар бусдад сурталчлан таниулахаас гадна нэр алдартай хүмүүс өөрийн амжилтын туршлагаасаа бусадтай хуваалцдаг. Дэлхийн хуримтлалын өдөр болж өнгөрсөнтэй холбогдуулан хуримтлал үүсгэх аргуудын талаар сонирхуулья. 


Өдөр бүр бага багаар хуримтлуулах

Та эхний өдөр 100, дараагийн өдөр 200, гурав дахь өдөр 300 төгрөг гэх мэтээр өдөр бүр зуу зуун төгрөг нэмэн 365 хоногийн турш хуримтлал үүсгэвэл нэг жилийн дараа нийт 6,679,500 төгрөг хуримтлуулсан байх болно. Туршаад үзье гэж бодож байвал яг өнөөдрөөс эхлээрэй.

Түр зуурын сэтгэл хөдлөлд авталгүй,  зөвхөн өөрт хэрэгтэй зүйлдээ анхаараарай 

Дэлгүүрт явж байгаад гоё цамц олж хараад авчихдаг ч юм билүү гэж бодогдох үе танд гарч л байсан байх. Энэ үед өнөөх цамцныхаа үнэтэй тэнцэхүйц мөнгийг хадгаламжийн данс руугаа шилжүүлээд цамцыг харин байранд нь үлдээгээрэй. Угаасаа цамцанд үрэх л гэж байсан мөнгийг хадгаллаа гээд хожно уу гэхээс алдах юмгүй. Үнэхээр ямар нэг эд зүйлийг авахгүй л бол болохгүй юм шиг санагдаад байвал энэ зүйлгүйгээр одоог хүртэл амьдарч болсоор л ирлээ, авахгүй байлаа гээд юу алдах билээ гэж өөрөөсөө нэг асуугаад үзээрэй. Зарим нэг зүйл угаасаа байсан ч, байгаагүй ч ялгаагүй байдаг шүү дээ. Хүүхдэдээ ч бас чихэр, шоколад, тоглоом авъя гэхэд нь татгалзах тохиолдол зөндөө л бий. Энэ үедээ хүүхдээсээ үнэхээр чухал хэрэгтэй юу эсвэл оронд нь хадгаламждаа мөнгө хийх үү гэж санал болгож байгаарай. Үүний өмнө мэдээж хүүхдэдээ хадгаламжийн ач холбогдлыг сайтар ойлгуулсан байх хэрэгтэй. Хүүхдүүд бидний бодож байгаагаас ч илүү ухаалаг, илүү ухамсартай байдаг. 

Бэлэн мөнгөөр тодорхой нэг дэвсгэртийг цуглуулах 

Энэ тохиолдолд та аль ч дэвсгэртийг сонгон цуглуулж болно. Жишээлбэл:500 төгрөг хүртэлх мөнгөн дэвсгэртүүдзөвхөн мянгат эсвэл таван мянган төгрөгийн дэвсгэртүүд гэх мэтээр өөртөө илүү боломжийн санагдаж байгаа дэвсгэртээ сонгон цуглуулах. Хэрэв та 1000 төгрөг сонгосон бол таны хэтэвчинд энэ дэвсгэрт орж ирэх бүрт үрэлгүйгээр хадгаламжийн шилрүүгээ хийх. Заавал шил гэж байгаа нь цуглуулж байгаа мөнгөө нэмэгдэхийг харан урам авах зорилготой. Мөн шилэн дээрээ юунд зарцуулах төлөвлөгөөгөө биччихвэл бүр ч янзтай. 

Худалдан авалтын дүнгээ тоймлон, зөрүүг нь хадгаламж руугаа хийх 

Та гэрийнхээ хүнсийг цуглуулахад нийт дүн нь 46,300 төгрөг боллоо гэж бодъё. Тэгвэл та энэ дүнгээ 50,000 гэж тоймлоод зөрүү болох 3700 төгрөгийг нь хадгаламжиндаа хийгээрэй. Энэ мэтээр зарлага бүрээ тоймлоод зөрүүг нь хуримтлуулаад байвал таны санхүүд нэг их хүндрэл учрахгүй атлаа гайгүй дүнтэй хуримтлал үүссэн байх болно.

Баяр ёслолоор гаргадаг зардлаа танаад хадгаламж руугаа хийх 

Төрсөн өдрөө заавал жил бүр тэмдэглэх үү? Зарим жил тэр мөнгөө хэмнээд хадгаламж руугаа хийгээд ирээдүйд өөртөө бэлэглэх ч бас боломжийн санаа шүү. Шинэ жилээр бүсгүйчүүд даашинз, үс засалт, нүүр будалт, маникюр, педикюр гээд маш их зардал гаргадаг. Харин зарим нэг гоо сайхны үйлчилгээг өөрөө хийсэн байхад 200-300 мянган төгрөг хадгаламждаа хийх боломжтой болно. Хүүхдүүд ч бас нэг жилд төрсөн өдөр, шинэ жил, цагаан сар, хүүхдийн баяр гээд бэлэг авах үе олон. Зарим баяраар бэлэгний оронд хадгаламж руугаа мөнгө хийе гэж хүүхэдтэйгээ тохиролцож ч болох юм. Заримдаа хүмүүс бэлэгний оронд мөнгийг нь өгчихдөг. Түүнийх нь талыг нь ч атугай хадгаламждаа хийхийг хүүхдэдээ сургаарай. Одоогийн тав тухаас илүүтэйгээр ирээдүйн сайн сайхандаа анхаарах төлөвшлийг хүүхдэдээ олгох нь зөвхөн мөнгөн дээр ч биш амьдралын бусад зүйлд ч хэрэг болно.

Хямдралтай худалдан авалт хийсэн бол зөрүүг нь хадгаламж руугаа хийх 

Та ямар нэг зүйл худалдан авах гээд очтол хямдарчихсан байх тохиолдол хааяа гардаг уу? Тэгвэл хэмнэсэн мөнгөө хадгаламж руугаа хийгээрэй. Угаасаа л бүтэн үнийг нь тооцоолоод мөнгөө төсөвлөчихсөн байсан юм чинь.

Тогтмол гаргадаг чухал биш зардлуудаа тодорхой хугацаанд хадгалж үзэх 

Өдөр бүр кофе шопоос кофе авч уудаг уу? Өдрийн хоолны дараа заавал амттан авч иддэг үү? Тамхи татдаг уу?Аяга латте 5000, хайрцаг тамхи 4000, нэг шоколад 3000 төгрөг. Өдөр болгон авбал жилд 1,825,000, 1,460,000, 1,095,000 төгрөг болж байна. Эдгээр зүйлийг огт авахгүй бол жилд 1-2 сая төгрөг, өнжөөд нэг авбал жилд 500,000 мянгаас нэг сая төгрөг хэмнэх нь. Авахгүй гүрийх бүртээ үнийн дүнтэй нь тэнцэх мөнгийг хадгаламж руугаа хийгээд үзвэл яаж байна? Хэцүү байж магадгүй ч туршаад үзэж болох л юм. 

Төлөвлөгдөөгүй орлого нэмэгдэх үед хадгаламж руугаа хийх 

И-баримтаас мөнгө хожих, бооцоонд ялаад мөнгө авах, газраас мөнгө олох гэх мэт гэнэтийн орлогыг үрэлгүй хадгаламж руугаа хийх. Учир нь энэ бол төлөвлөгдөөгүй орлого буюу та энэ мөнгөгүй байсан ч болох л байсан гэсэн үг. Тэгэхээр үүнийгээ хуримтлал руугаа хийлээ гээд танд алдах юм огтхон ч байхгүй. Мөн цалин тань нэмэгдэх, бонус авах, 13-р сарын цалингаа авах гэх мэтээр орлого тань нэмэгдвэл нэмэгдсэн дүнг нь хадгаламж руугаа хийх.

Хамгийн шилдэг арга бол дансаа хуримтлалын үйлчилгээнд холбуулах 

Ингэснээр таны данснаас хуримтлалын данс руу тань сонгосон тогтмол цаг, тогтмол дүнгийн дагуу автоматаар орлого шилжинэ. Жишээлбэл та сар бүрийн 15-ны өдөр 100 мянган төгрөг хадгаламжийн данс руугаа шилжүүлнэ гэсэн тохиргоог нэг удаа хийснээр цаашид сар бүр таны данснаас хадгаламжийн данс руу тань хуримтлал автоматаар татагдаж, танаас ямар ч нэмэлт үйлдэл гаргахгүйгээр хуримтлал өссөөр байх болно. Хадгална гэхээр хамаг дуртай зүйлсээсээ татгалзаад нэг л сэтгэл ханамжгүй амьдрах юм шиг санагдаж байна уу. Харин тодорхой зорилготой хадгалбал ингэж санагдахгүй. Том зорилгын дэргэд ганц цамц, ганц шоколад юу ч биш санагдах болно. Таны том зорилго юу вэ?