A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/232/

Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцад нэн тэргүүнд анхаарна

Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийг сонгон шалгаруулдаг зохицуулалт нэмнэ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/232/



Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Уг хуулийн төсөлд оруулж буй өөрчлөлт болон сэргээгдэх эрчим хүчний салбарын талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнтэй ярилцлаа.

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах цөөнгүй шаардлага байгааг салбарынхан хэлж байна. Өөрчлөлт оруулах нэн шаардлагатай ямар асуудлууд байгаа вэ?

-Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахын тулд сэргээгдэх эрчим хүч ашиглахад дэлхий нийт анхаарч байна. Монгол орон нар, салхи, усны сэргээгдэх эрчим хүчний боломж ихтэй. Гэхдээ сэргээгдэх эрчим хүчний тогтвортой байдлыг хангах, үнэ тарифыг хямдруулах зайлшгүй шаардлагатай болсон. Манай улс өнгөрсөн хугацаанд 120 МВт хүчин чадал бүхий сэргээгдэх эрчим хүчний цахилгаан станц ашиглалтад оруулаад байгаа. Энэ хэмжээ цаашид ч нэмэгдэнэ. Одоогийн байдлаар эрчим хүчний хэрэглээний 11.8 хувийг үүгээр хангаж байгаа. 2019 оны эцэст сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал 300 МВт-д хүрэх төлөвтэй. Тиймээс үүнээс урьтаж бодлого, эрх зүйн өөрчлөлт хийнэ.


-Сэргээгдэх эрчим хүчний сул тал нь тогтворгүй байдал. Үүнээс сэргийлэх ямар боломжууд байдаг юм бэ?

-Удирдлага, тохируулгын зэрэг технологийн олон чухал арга хэмжээ авч байгаа ч хангалтгүй байна. Хэрэв сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал 300МВт- д хүрсэн үед наргүй өдөр тохиолдвол яах вэ. Ийм их хэмжээний цахилгааныг хаанаас, хэрхэн орлох нь маш хүндрэлтэй болно. Манай улс ОХУ-ын эрчим хүчний системээс дутуугаа авч, илүүдлээ өгөх зэргээр өдөр бүр тохируулга хийдэг. Гэтэл 300 МВт-ыг сэргээгдэх эрчим хүчээр хангадаг болбол ОХУ-аас хамгийн ихдээ 240 МВт хүртэл эрчим хүч авах боломжтой. Харин үлдсэн 60 МВт-ын хэрэглээг хэрхэн нөхөх нь хүндрэлтэй болно. Энэ тохиолдолд 1990-ээд он шиг цахилгааны хэрэглээг хэсэгчлэн хязгаарлахаас өөр аргагүйд хүрнэ гэсэн үг. Тиймээс сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийг заавал зай хураагуур буюу хуримтлууртай байх шаардлага тавихаар хуулийн төсөлд оруулсан.


-Үнэ, тарифт нь ямар өөрчлөлт оруулахаар тусгасан бэ. Хэрэглэгчдийн төлбөр буурах уу?

-Нүүрснээс гаргаж авдаг эрчим хүчийг бодвол сэргээгдэх эрчим хүчний үнэ өндөр байгаа. Иргэдийн цахилгааны төлбөр дээр нэмэгддэг дэмжих тарифийн нэг КВт/ц тутамд нь 11 төгрөг. Нарны цахилгаан станц гэхэд нэг КВт/ц эрчим хүч нь 15 цент буюу 300 орчим төгрөгөөр борлуулдаг. Энэ нь ердийн эрчим хүчнийхээс бараг гурав дахин өндөр үнэ. 2020 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал 300 МВт- д хүрвэл хэрэглэгчид дэмжих тариф 27-28 төгрөг болж нэмэгдэхээр байгаа. Тэгэхээр хэрэглэгчид очих санхүүгийн дарамт улам нэмэгдэнэ. Үүнээс сэргийлэхийн тулд нарны эрчим хүчний нэг КВт/ц тутмыг 12 цент болгож, компаниудыг сонгон шалгаруулдаг хуулийн зохицуулалт нэмж байгаа юм.


-Нарны зай хураагаар, салхин сэнстэй айл өрхүүдэд ямар нэг хөнгөлөлт оногдох уу?

Айл, өрхүүдийн сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх урамшууллын тогтолцоо бий болгоно. Нарны зай хураагуур бүхий дээвэртэй байшинтай бол хуримтлуулсан цахилгааныхаа талыг нь хэрэглээд, үлдсэнийг нь эрчим хүчний системд нийлүүлж болно. Өөрөөр хэлбэл илүү үйлдвэрлэснээр цахилгааны хэрэглээ доошоо бууна. Мөн ийм төрлийн цахилгаан станц барих гэж байгаа компаниудад заавал хуримтлууртай байх шаардлага тавина. Эсвэл улсын хэмжээнд 100 МВт-аас их багтаамжтай нэгдсэн хуримтлууртай болох талаар Азийн хөгжлийн банктай ярьж байгаа. Энэ ажлыг ирэх хоёр жилд багтааж хийхээр төлөвлөсөн.


• Эгийн голд цахилгаан станц барих нь Байгаль нуурын урсцад ямар нэг нөлөөгүй гэсэн судалгаа гарсан.

• ОХУ-ын эрчим хүчний системээс дутуугаа авч, илүүдлээ өгөх зэргээр өдөр бүр тохируулга хийдэг.

• Сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал 300 МВт-д хүрвэл дэмжих тариф 27-28 төгрөг болж нэмэгдэнэ.


-Сэргээгдэх эрчим хүчний салбараас усан цахилгаан станц хамгийн тогтвортой нь гэж үздэг. Эгийн гол, Шүрэн, Орхоны зэрэг усан цахилгаан станцуудын асуудал ямар шатанд явна вэ?

-Усан цахилгаан станц бол хамгийн тогтвортой, хамгийн хямд үйлдвэрлэл. Үнэ, тогтвортой байдлыг давхар шийдэх гарц гэж хэлж болно. Нүүрсний станц 4-5 цаг галлаж байж эрчим хүч үйлдвэрлэдэг бол усных нь нэг товчлуур дараад ажиллаж эхэлдэг. Тиймээс бид усан цахилгаан станцад илүү хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа. ОХУ-ын зүгээс Байгаль нуурт сөрөг нөлөөтэй гэж цааргалаад байгаа. Орхон, Шүрэнгийн цахилгаан станцууд Байгаль нуурын урсцад нөлөөтэй гэсэн дүгнэлт гарсан. Харин Эгийн гол нь салбар гол учраас Байгаль нуурын урсцад ямар нэг нөлөөгүй гэсэн судалгаа гарсан байгаа. Харин одоо амьтан, ургамалд нь экологийн нөлөө байгаа эсэхийг судалж байгаа юм. Хэрэв нөлөөгүй гэсэн дүгнэлт гарвал станц барих асуудлыг ярьж эхэлнэ. Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцад Засгийн газар тэргүүлэх ач холбогдол өгч байгаа. Европын сэргээн босголтын банкнаас өмнө нь хийсэн ТЭЗҮ-г шинэчлэх талаар ярьж байгаа. ТЭЗҮ-г нь шинэчлээд, хөрөнгийн эх үүсвэрийг нь шийдчихвэл уснаас гаргах тогтвортой эрчим хүчний чадал 90 МВт-аар нэмэгдэх юм.


-Сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд санхүүжилт олох хэр хүндрэлтэй байдаг вэ?

-Эрчим хүчний үйлдвэрлэл ашигтай бизнес учраас хөрөнгө оруулалт татахад санаа зовохгүй байна. Гэхдээ ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд заавал хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авах шаардлага тавьж байгаа учраас хүндрэлтэй болсон.


-Экспортын боломж хэр байна вэ?

-БНХАУ-ын хойд бүс эрчим хүчний илүүдэлтэй байгаа учраас одоогоор энэ чиглэлд экспортлох боломж байхгүй. Харин 2025 онд БНХАУ-д импортын хэрэгцээ гарч магадгүй гэсэн судалгаа бий. Харин өмнийн говьд нар, салхины цахилгаан станц барьж, үүнийгээ Азийн эрчим хүчний супер сүлжээнд холбохоор төлөвлөсөн. Энэ бүс нар, салхины 15 мянган ГВт-ын хүчин чадалтай гэсэн судалгаа гарсан. Үүгээр Япон, БНСУ зэрэг Зүүн хойд Азийн бүс нутгийг цахилгаанаар хангах төсөл олон улсын хэмжээнд, бодитой яригдаж байгаа. БНСУ дотооддоо үйлдвэрлэдэг эрчим хүчнийхээ 30 хувийг нөөцөлдөг. Эрчим хүчний түүхий эдээр дутмаг учраас нөөцлөхөд асар их хөрөнгө зарцуулдаг. Монголоос шугам татаж, сэргээгдэх эрчим хүч авах талаар бодитой ажил болгон, төлөвлөж байгаа.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Улстөрчийн ёс зүй хуулиас хүчтэй үйлчлэх ёстой

Мухардлаас гаргах хуулийн төслөө дэмжсэнгүй

 0 сэтгэгдэл



Туршлагатай парламентч Д.Лүндээжанцангийн боловс­руулан, Засгийн газраас санал авахаар хүргүүлээд буй УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл хууль болж батлагдах нь юу л бол. Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа энэ төслийг зарчмын хувьд дэмжсэн. Харин төрийн байгуу­лалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхэд, гишүү­дийн олонх нь дэмжсэнгүй. Эндээс хуулийн мухардлыг арилгах зорилго нь үндсэндээ хугацаа хожих арга байжээ гэдэг нь нотлогдлоо. УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдсоноос хойш жил орчим хугацаа өнгөрөөд буй. Хаврын чуулганы нээлтийн өдөр улсын Ерөнхий Прокурорын газраас түүнийг УИХ-ын гишүү­нээс нь түдгэлзүүлэх хүсэлт ирүүлсэн. Энэ хүсэлтийг хан­гахын тулд УИХ хуулиараа 48 цагийн дотор хэлэлцэх шаардлага бий болсон юм.


Харин УИХ дахь МАН-ын бүлэг Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцээд, хуулийн мухардалд орлоо гэсэн тайлбар өгсөн. Мөн мухардлыг арилгах төслийг Д.Лүндээжанцан гишүүн санаачилж байгааг нэмж дуулгав. Намын бүлэг бол УИХ дахь бүтцийн байгууллага. Тэгэхээр Д.Гантулгын асуудлыг УИХ бүтцийн байгууллагаараа 48 цагийн дотор хэлэлцсэн үү, хэлэлцсэн. Харин шийдвэр нь ард иргэдийн зүгээс хүчтэй шүүмжлэл, эсэргүүцэлтэй тулгарах тул “Мухардлыг арилгах аргыг Д.Лүндээжанцан гишүүн боловсруулж байгаа” гэсэн тайлбараар намжаасан нь тэр юм. Үндсэндээ 65-ын бүлэг “Хонь бүрэн, чоно цатгалан” зарчмаар асуудалд хандлаа. Өчигдөр хууль санаачлагч гишүүн Д.Лүндээжанцан өөрөө “Их хурлын гишүүний халдашгүй байдал хэвээр үйлчлэх ёстой. Харин их хурлын гишүүн хэрэгт холбогдсон гэдэг нэрийн доор төрийг тогтворгүй болгох, их хурлын гишүүдийн эрхэнд халдах асуудалд манай гишүүд туйлын болгоомжтой хандаж, томъёлол хийх ёстой” хэмээн бөөрөнхийлөв. Харин хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд “Гишүүдийн холбогдож буй хэргийг нь ангилаад өгч болохгүй юу. Хонгил заагийг нь гаргахгүй бол нэлийсэн том хонгил дундуур яваад байна.


Гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэх тохиолдолд бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа хэргийг эргүүлэн сэргээдэг гэх мэт нарийн зохицуулалт байдаг шүү дээ. Түдгэлзүүлнэ гэдэг нь нийгэмд маш том сэдэв босгоод өгчихөж байгаа юм. Тэр сэдэв нь зөв ч бай, буруу ч байтуугаад байхаас өөр арга байхгүй” гэсэн юм. 2008-2012 оны парламентад УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн тухай хуулийн төслийг “Нээлттэй нийгэм” форумаас боловсруулан, олон нийтээр хэлэлцүүлж байв. Энэ үеэр УИХ-ын гишүүн бол нийгмийн зүтгэлтэн юм гэсэн тодорхойлолт гарч ирж байлаа. Парламентад суух эрхийг ард түмнээс олж авсан, тэдний нэрийн өмнөөс хууль тогтоох эрх мэдэлтэй болж байгаа гэдэг утгаараа өөртөө өндөр хариуцлага, хувь хүний үйл байдлын хувьд хатуу хязгаарлалтыг ухамсартайгаар сонгох ёстойг ч ахмад хуульч Б.Чимид агсан хэлж байлаа. Харин УИХ дахь бүлгүүд “Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, гэмт хэрэгт холбогдуулан шалгах нь цаад утгаараа төрийн дархлааг бууруулах, төрийг хүчгүй болгох талтай хэмээн үзэж байна. Энэ удаа Д.Гантулгыг явууллаа гэхэд дараа нь өөр хэн нэгэн гишүүнийг ямар нэгэн хэрэгтэй холбогдуулан шалгаж байгаа нэрээр унагадаг болох замыг нээнэ хэмээн тэд болгоомжилж байгаа нь өчигдөр тодорхой болсон.


Ард түмний хүндлэл даадаг төрийг, улстөрчийг хүчтэй төр, хүчтэй улстөрч гэж үзмээр


Уг нь хуулийн халдашгүй хамгаалалтад байгаа бус ард түмний хүндлэл даадаг төрийг, улстөрчийг хүчтэй төр, хүчтэй улстөрч гэж үзмээр. Мөн нийгмийг хууль удирдахгүй зарчим, ёс суртахуун удирддаг гэж ч ярьдаг. Харин хууль бол нийгмийг зохицуулах учиртай. Ялангуяа, улстөрчид нийгмийн зүтгэлтнийхээ хувьд зарчим, ёс зүй, ёс суртахууны үнэлэмж нь хуулиас хүчтэй үйлчлэх ёстой юм. Ингэхээр Д.Гантулга гишүүний асуудлаар мухардсан хууль дээр гарц хайх бус ёс суртахууны хариуцлага тооцож, өргөдлөө өөрөө өгөх зам байна. Эсвэл ёс зүйн хариуцлагыг тооцох улс төрийн шийдвэрийг намын бүлэг гаргаж болно. Жишээ нь, хууль зөрчсөн жирийн хүн шоронд ордог.


Тэгвэл ёс суртахуун зөрчсөн улстөрчид энгийн иргэн болох нь наад захын жишиг. Улстөрчид хулгай хийснийг, хуйвалдсаныг, эсвэл хүн хүчиндсэнийг нь иргэн хүн, эсвэл сэтгүүлч нотлох албагүй. Үгүй гэдгээ улстөрч өөрөө л батлах ёстой. Хуулиар шийтгэх боломжгүй ийм “хэрэг”-үүдийг олон орон ёс суртахуунаар шийдэж байна. Хэрвээ Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдсон, гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн, биеэ ёс бус авч явсан гээд муу нэрээр ард түмэнд харагдаж л байгаа бол энэ нь ёс суртахууны алдаа.


Ард түмнийг араасаа дагуулах хүндлэл, итгэлээ алдсан хэрэг. Итгэл алдана гэдэг ёс суртахууны зөрчил. Өмнөд Солонгост иргэдийн жагсаалын үеэр завгүй гэж явсан төрийн сайд гольф тоглож байгаад хэвлэлийнхний хараанд өртсөн. Үүнийхээ төлөө тэр огцорсон. Японд парламентын гишүүн бусдын өмнөөс санал өгөх товчлуур дарж байгаад камерт өртөж, мөн л сайн дураараа огцорлоо. Энэ бол ардчилал өндөр хөгжсөн орнуу­ дад улстөрчийн ёс зүй хуулиас хүчтэй үйлчилдгийн жишээ. Сайд гольф тогловол, парламен­тын гишүүн бусдын товчлуураар санал өгвөл огцорно гэсэн хууль Солонгост ч, Японд ч байхгүй. Тэнд ганцхан улстөрчийн ёс суртахуун л бий.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ч.Хүрэлбаатар: Нийт хүүхдийн 80 хувьд мөнгө олгох хэлэлцээр амаргүй байсан

 0 сэтгэгдэл


Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд нь олгох Засгийн газрын тогтоолын төсөл, 100 хувьд нь өгдөг болох Ерөнхийлөгчийн хуулийн төслийг төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэв. Нэг асуудлаар хоёр өөр субьектийн өргөн барьсан төслүүдийн хамрах хүрээ нь ялимгүй өөрийг эс тооцвол яг адилхан зохицуулалттай. Гэвч Засгийн газрын өргөн барьсан төсөл дэмжлэг авч, Ерөнхийлөгчийнх бүдрэв. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хэлж буйгаар ОУВС-тай тохирсны дагуу хүүхдийн мөнгийг зөвхөн зорилтот бүлэгт олгох ёстой. ОУВС-гаас гадна донор орнууд, олон улсын банк санхүүгийн байгууллагуудтай давхар тохирсон байсан. Донор орнуудаас Японы Засгийн газар, олон улсын байгууллагуудаас азийн хөгжлийн банктай хүүхдийн мөнгийг зорилтот бүлэгт олгоно гэж ярилцсан.

Энэ нь нийт хүүхдийн 60 хувийг хамарна гэсэн үг. Эдийн засгийн хямралаас гарч магадгүй болоод ирэхээрээ хүнд үед тусалж дэмжиж байсан хүмүүсээ түлхэж болохгүй. Яагаад гэвэл, ОУВС-г дагаад дэлхийн банк, азийн хөгжлийн банк, ЖайКа зэрэг байгууллагууд санхүүжилт олгохоос гадна АНУ, БНХАУ, Япон, БНСУ зэрэг орнуудын дэмжлэг ирж байгаа. Эдгээр улсуудын дэмжлэгийг авахын тулд ОУВС-тай тохиролцсон заалтаа хатуу баримтлахаас аргагүй. Харин одоо нийт хүүхдийн 80 хувьд олгох тухай хэлцэл гурав, дөрвөн сарын турш үргэлжилсэн. Амар байгаагүй” гэсэн юм. Сангийн сайдын хэлснээр хүүхдийн мөнгийг 2017 оноос өмнө дандаа зээлээр олгожээ. Зөвхөн хүүхдийн мөнгөний зээлийн үлдэгдэл гэхэд л одоо 845 тэрбум төгрөг байгаа аж. Эдийн засаг дөнгөж тогтворжиж байгаа, өрийн хэмжээ их үед амьдралын боломжтой өрхүүд хүүхдийн мөнгө авахаар зүтгэхгүй гэж Засгийн газар тооцож байна.

Манай улсын нийт өрхийн 72.3 хувь нь нэг сая төгрөгөөс доош орлоготой аж. Харин тэдгээр өрхөд нийт өрхийн 80 хувь хамаарна гэж Сангийн яам үзжээ. Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгож байх үед 13-17 хувь нь энэ мөнгийг огт авдаггүй байсан гэнэ. Энэ үлдэгдэл мөнгийг тухайн үеийн салбарын яам зориулалтын бусаар зарцуулах, угаах байдлаар ашиглаж байсан гэж УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хэллээ. Тиймээс орлого багатай, өрх толгойлсон эцэг эх, олон хүүхэдтэй айлд өгөх нь зөв гэсэн юм. Харин Ж.Батзандан гишүүн “Монгол улсын Ерөнхийлөгч хүүхдийн мөнгийг Монголын бүх хүүхдэд ялгаваргүй олгох нь үндсэн хуулийн үзэл санаатай нийцэж байна гэж үзсэн. Нийгмийн гарал үүслээр нь Монгол улсын хүүхдүүдийг ялгаварлан гадуурхаж болохгүй. Та бүхэн “зарим баян айл хүүхдийн мөнгө авдаггүй, бүр мэддэггүй” гэж яриад байх юм. Тэр хүмүүс хүүхдийн хадгаламжийг бий болгож байгаа. Хүүхдээ багаас нь хадгаламжтай болгож, мөнгөний үнэ цэнийг мэдрүүлж байгаа хэрэг.


Гэтэл хүүхдийн хадгаламжид нь байгаа мөнгийг төр нь харчихаад мөнгөө хэрэглэхгүй байна гэж хэлж болохгүй. Хадгаламж гэдэг бол шинэ соёл. Баялаг бүтээх шинэ соёлд хүүхдүүдийг сургаж байна. Үүнийг “Мөнгөтэй айлын хүүхдүүд мөнгөө хэрэглэхгүй байна. Хүүхдийн мөнгө өгөхгүй” гэдэг хөнгөн тайлбараар асуудалд хандаж болохгүй” гэсэн юм. Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн хүүхдийн мөнгийг нэмж олгох санхүүжилтийг хаанаас олохийг тодрууллаа. 2018 онд хүнсний талон олгох зорилгоор 40 гаруй тэрбум төгрөг төсөвлөсөн аж. Харин хүүхдийн мөнгө олгохын тулд хүнсний талон олгохоос татгалзаж байгаа юу гэдгийг тэрбээр тодруулсан юм.


Гэхдээ 2018 онд татварын орлого давж биелхээр байгаа тул тодотгол хийхгүйгээр, хүнсний талоноос татгалзах шаардлагагүйгээр хүүхдийн мөнгөний хамрах хүрээг нэмэх боломжтой аж. Түүнээс гадна төсвийн тухай хуулийн 6.2.5-д зааснаар орлого бууруулах, зарлага нэмэгдүүлэх шийдвэр гаргасан бол түүнийг дараагийн жилээс төсөвт тусгадаг байх гэсэн заалт бий. Гэвч хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгох төсөл батлагдвал энэ сарын сүүлчээр эхлэн олгохоор Засгийн газар шийдвэрлэсэн. Гэвч Засгийн газар ингэж хууль зөрчиж болохгүйг төсвийн байнгын хорооны дарга мөн хэлсэн юм. Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “тэр хуулийг би ганцаараа батлахгүй. УИХ баталсан байх гэж би бодож байна” хэмээсэн нь нэг талаараа кабинетаа хамгаалсан, нөгөө талаар хууль зөрчиж буйгаа хүлээн зөвшөөрсөн хэрэг болов.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Гэмт хэрэг дахин үйлдэж болзошгүй баримт, мэдээлэлтэй тул үргэлжлүүлэн хорив

Экс Ерөнхий сайдууд шүүх хуралд онлайнаар оролцсон байна

 0 сэтгэгдэл



Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг 30 хоногийн хугацаатай хорьж, шалгах шийдвэрийг Чингэлтэй дүүргийн шүүхээс гаргалаа. Тэднийг үргэлжлүүлэн хорих хүсэлтээ Нийслэлийн прокурорын газар энэ сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд хүргэжээ. Шүүх хуралд С.Баяр, Ч.Сайханбилэг нарын өмгөөлөгчид оролцож, харин өөрсдөө Цагдан хорих 461 дүгээр ангиас онлайнаар байцаагдсан юм. Харин яллагдагчаар татагдаад буй экс Ерөнхий сайдуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасан үндэслэлээр үргэлжлүүлэн хорилоо. Үүнд “Гэмт хэрэг дахин үйлдэх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэсэн заалт хамаардаг. Мөн цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах зүйл аж. Харин шүүх хурлын үеэр Ерөнхий сайд асан С.Баяр “Нэг сарын хугацаатай баривчлагдах, цагдан хоригдох нь надад сонин биш.

“Оюутолгой”-н гэрээтэй холбоотойгоор хоёр Ерөнхий сайдыг хорих нь Монголын нэр хүнд дэлхий дахинд унах, “Оюутолгой”-н гэрээ хүчин төгөлдөр буст тооцогдох, “Оюутолгой” төслийн нэр хүнд унах нь Монголын эдийн засагт нөлөөлнө. Тиймээс үүнийг харгалзан үзээч” гэж шүүгч нарт хэлснийг түүний өмгөөлөгч С.Ариунаа хэвлэлийнхэнд мэдээлэв. Мөн өмгөөлөгчдийнх нь хэлж буйгаар Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг зэргэлдээ өрөөнд байцаасан бөгөөд шүүгчийн зөвшөөрөлгүйгээр цагдан хорьсон гэнэ. Тэгэхдээ “Гэмт хэргийн ул мөр нотлох баримтыг үрэгдүүлэх, зөөвөрлөх, устгаж болзошгүй” гэсэн үндэслэлээр цагдан хорьжээ. Ерөнхий сайд асан Ч. Сайханбилэгийн өмгөөлөгч Л. Данзанням “Засгийн газрын тухай хууль болон Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулиудад зааснаар төрийн тусгай хамгаалалт нь дуусаагүй хүнийг зөвхөн шүүхийн шийдвэрээр цагдан хорьдог. Гэтэл АТГ-аас түүнийг төрийн тусгай хамгаалалттай нь хамт хорьж, цагдсан нь хууль зөрчсөн үйлдэл” гэлээ. Мөн өмгөөлөгч нь АТГ-ыг хууль зөрчиж баривчилсан, таслан сэргийлэх арга хэмжээнээс хамгийн хүнд хэлбэрийг сонгож байна хэмээн буруутгаж байв.