A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2256/

“Эрдэнэс Тавантолгой”-д түүхэн боломж байна

Ерөнхий сайдын үүрэг болгосноор ногдол ашгийг нэгдүгээр улиралд олгох байсан

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2256/


УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Эрдэнэс Тавантолгой” компанийн талаар Ерөнхий сайдад хандаж асуулга хүргүүлсэн. Түүнд хариу ирүүлсэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын албан мэдээллээр “Эрдэнэс Тавантолгой” компани нэгж хувьцаанд 25 төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар байна. Тус компанийн хувьд өнгөрсөн онд 720 гаруй тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд 1072 ширхэг хувьцаа эзэмшиж буй иргэн 2012 оноос хойш хүлээсний эцэст нийт 26,800 төгрөгийн ногдол ашиг авах тооцооллыг ийнхүү гаргажээ. Уг шийдвэрийг “Эрдэнэс Тавантолгой”-н Төлөөлөн удирдах зөвлөл энэ оны хоёрдугаар сарын 18-нд гаргасан бөгөөд өнөөдрийг хүртэл олон нийтэд компанийн зүгээс ногдол ашигтай холбоотой мэдээлэл өгч, эргэлзээг тайлсангүй.

Хэрэв С.Бямбацогт гишүүн асуулга тавиагүй бол иргэд нэгж хувьцаандаа хэчнээн төгрөгийн ногдол ашиг авахаа мэдэх аргагүй байлаа. Учир нь компани Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын мэдээллээ тас нуусан нь өнөөдөр иргэд төдийгүй иргэний нийгмийн байгууллагын эсэргүүцэл, бухимдалтай тулгарч, Компанийн тухай хуулийг зөрчсөн гэсэн шүүмжлэлд унаад байна. Компанийн удирдлагуудаас ногдол ашгийн хэмжээг хэвлэл мэдээллийнхэн болон “1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ны зүгээс удаа дараа шаардлага хүргүүлж, тодруулсан ч ямар нэгэн шийдвэр эцэслэн гараагүй хэмээн мэлзсэн юм.

Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр хувьцаат компанийн эцсийн шийдвэр гаргалт байдаг. Гэтэл 2.5 сая хувьцаа эзэмшигчтэй “Эрдэнэс Тавантолгой” ногдол ашгийн дүнгээ нууцалсан нь нийгэмд хардалт, компанийн удирдлагуудад үл итгэх байдлыг үүсгэлээ. Олон улсын зах зээлд хувьцаагаа гаргаснаар гурав хүртэлх тэрбум ам.долларын хөрөнгө босгох гэж байгаа компанийн засаглал ямар түвшинд байгааг эндээс тольдож болохоор.

Нүүрсний үнэ өндөр байснаар өмнөх гадаад, дотоод өр, авлагаа бүрэн барагдуулсан “Эрдэнэс  Тавантолгой”-н гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Хариуцлагатайгаар хэлье, оны эцэст иргэддээ ногдол ашиг тараана” хэмээн 2018 оны есдүгээр сарын 12-нд хэлж байснаас хойш даруй хагас жилийн хугацаа өнгөрчээ. Түүний хэлснээр бол иргэд аль хэдийн хувьцааны ногдол ашгаа өдийд авчихсан сууж байх байлаа. Гэвч өнгөрсөн хугацаанд ийм зүйл болсонгүй. Харин өнөөдрийг хүртэл ногдол ашгаа иргэд хэзээ авах эсэх нь тодорхой бус хэвээр байна.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эрдэнэс Тавантолгой” компанид 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг нэгдүгээр улиралд багтаан олгохыг үүрэг болгосон. Ингэж үүрэг чиглэл өгсөн цагаас хойш бүтэн улирал өнгөрч, хоёрдугаар улиралтай золголоо. Ногдол ашгийн дүн мэдээг компани зарласангүй. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монголчууд байгалийн баялгаасаа ашиг хүртдэг баймаар байна. Үүнийг хэрэгжүүлэх эхний алхам нь “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааны ашгийг нэгдүгээр улиралд багтааж ард иргэддээ олгох ажил юм.

Өнгөрсөн жил “Эрдэнэс Тавантолгой” 720 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Үүнээсээ хуваалцах ёстой. Энэ бол бэлэн мөнгө тараалт биш, харин байгалийн баялгаас иргэн бүр хувь хүртэх боломжийг төр иргэндээ олгож байгаа хэлбэр юм" гэж онцолсон.

Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй нийт 305 хувьцаат компани байна. Үүнээс 26 нь 62.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгохоор болсон. Харин “Эрдэнэс Тавантолгой” хаалттай хувьцаат компани хэлбэрээр бүртгүүлсэн ч өнөөдрийг хүртэл тус хороонд Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрээ хуулийн дагуу танилцуулаагүй байна. Олон нийтийн хараа хяналт “Эрдэнэс Тавантолгой”-г онилж буй. Хэзээ ногдол ашгаа өгөх бол, хэзээ олон улсын хөрөнгийн биржээр хувьцаагаа нээлттэй арилжаалах вэ гэсэн асуулт хариулт нэхсээр. Гүйцэтгэх удирдлага, ТУЗ нь дөрвөн жил тутам буюу парламентын сонгууль болгоны дараа ёс мэт өөрчлөгддөг “Эрдэнэс Тавантолгой” хувьцаа эзэмшигчдийн хурлаа энэ сарын 30-нд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Хэлэлцэх асуудлын жагсаалтад ногдол ашиг болон 2019 оны компанийн төсөвтэй холбоотой ганц ч үг, өгүүлбэр алга. Харин компанийн 2018 оны үйл ажиллагааны тайлан болон мөн оны санхүүгийн тайлангийн талаарх ТУЗ-ийн дүгнэлтийг хэлэлцэх юм байна. Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр даваа гарагаар дуусгавар болжээ.

Иргэдийн 1072 ширхэг хувьцааны ногдол ашиг 26,800 төгрөг байгааг “1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ны тэргүүн, уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатар “Эрдэнэс Тавантолгой” компанийн 2019 оны төсөвтэй холбогдуулан тайлбарласан юм. Түүний үзэж буйгаар компанийн энэ оны төсөв хэт үрэлгэн зардалтай болсон нь иргэдийн халаас руу орох ногдол ашгийн хэмжээг багасгажээ. Тухайлбал, удирдлагын зардалд 22 тэрбум, программ хангамж авахад 7.7 тэрбум гээд нийт 481 тэрбум төгрөгийн төсөв баталсан нь ногдол ашгийн хэмжээ нэгж хувьцаанд 25 төгрөгөөр хэмжигдэхэд хүргэсэн байна. Тоймлон хэлбэл, “ногдол ашгийн хулгай” хэмээн 2019 оны төсвийг иргэний нийгмийн байгууллагынхан үзжээ.

Ногдол ашгаас гадна олон улсын хөрөнгийн биржээр хувьцаагаа арилжаалах бэлтгэл ажил он дамнан үргэлжилж байна. Хэдий тийм боловч энэ ажил удаашрах болсон. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар “Тавантолгойн IPO-г хийх болно” гэж мэдэгдсэн. Үүнийг хийхээс өмнө “Эрдэнэс Тавантолгой” компанид бүтцийн өөрчлөлт хийж, “Тавантолгой интернэшнл” компани байгуулна гэв.

IPO хийгдэхээс өмнө "Эрдэнэс Тавантолгой"-д бүтцийн өөрчлөлт хийгдэхээр байна

Энэ үед одоогийн удирдлагын асуудал ч хөндөгдөж мэдэхээр байна. Салбарын сайдын хэлснээр олон улсын стандартад хүрсэн, санхүү, хөрөнгийн зах зээлийн мэргэжлийг өндөр түвшинд эзэмшсэн, өргөн мэдлэг, туршлагатай, ийм түвшинд ажиллах гүйцэтгэх захирал шаардлагатай аж.

Үүнээс гадна ТУЗ-ийн есөн гишүүний дөрөв нь олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, гаднын, хөндлөнгийн гишүүд байх ёстой гэж салбарын сайд өөрийн байр сууриа илэрхийлсэн. Тэгэхээр IPO хийгдэхээс өмнө “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагын баг, Төлөөлөн удирдах зөвлөлд шинэчлэл өрнөх бололтой. Сайдын хэлсэн үг “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг олон улсад гаргах шаардлагагүй гэж үзсэн” гэх олон нийтийн сүлжээгээр түгсэн мэдээллийг үгүйсгэсэн юм.

Хувьцаагаа хөрөнгө оруулагчдад санал болгох тус компанийн өмнө эрсдэлүүд шинээр гарч ирсээр. Тухайлбал, хөрөнгө оруулагчдын үргээсэн баривчилгаа, хууль эрх зүйны орчны тогтворгүй, тодорхой бус байдал, “Оюутолгой” компанийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох асуудал, ирэх 20 оны сонгууль, “Салхит”-ын орд дахь ажиллагаа, “Эрдэнэт”ийн 49 хувь тойрсон үйл явдал “Эрдэнэс Тавантолгой”-н IPO амжилтгүй болох хэмжээний эрсдэлд яригдаж байна.

Харин нүүрсний зах зээлийн үнэ өндөр хэвээр байгаа нь “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг хөрөнгө оруулагчид худалдан авах эерэг нөхцөл болж байна. Ийм үед цаг алдах бус яарах л хэрэгтэй билээ. Ингэснээр илүү хожих магадлал нэмэгдэх юм. Хандлагыг харвал нүүрсний компаниуд моодноос гарчихаагүй байна. Мongolian Mining Corporation-ийн шинээр гаргасан 440 сая ам.долларын бондын ханшаас үүнийг харж болох юм. Бондын хүүгээ 9.25 хувиар тогтоосон тус компанийн 2024 онд хугацаа нь дуусах 440 сая ам.долларын бондод 740 сая ам.долларын захиалга ирсэн. Энэ нь “Эрдэнэс Тавантолгой”-д боломж байгааг илтгэх аж. Харин одоо цаг хожих л үлдэж байна. Нүүрсний үнэ биднийг хүлээхгүй.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Энэ оны эдийн засгийн бамбай нь алт

Алтны ханшид худалдааны дайнаас улбаалсан хэд хэдэн хүчин зүйл зэрэг нөлөөлж байна

 0 сэтгэгдэл


Худалдааны дайн ширүүсэхийн хэрээр алтны ханш чангарч байна. Хэдийгээр аюулгүй хөрөнгө оруулалтын хэрэгсэлд тооцогддог ч алт бол олон хүчин зүйлээс хамаарч ханш нь савладаг, хамхуул шиг таваар. Сүүлийн хэдэн сард худалдааны дайнаар өдөөгдөн чангарах болсон алтны ханш өнгөрсөн сарын эцсээс огцом дээшилж, үнийн өсөлтөөрөө олон улсын зах зээлийг өнгөлөх болов. Сүүлийн хоёр долоо хоногт л гэхэд алтны ханш гурван хувиар дээшилж, унц нь 1330 ам.доллартай тэнцэж байна. Сүүлийн гурван долоо хоногт алтан гулдмайн үнэ өсөж, 2018 оны дөрөвдүгээр сараас хойших дээд цэгтээ хүрчээ. Энэ өсөлтөд худалдааны дайнаас улбаалсан хэд хэдэн хүчин зүйл зэрэг нөлөөлсөн гэж шинжээчид тайлбарлаж байна.

Ер нь зэс, нүүрс, төмрийн хүдэр зэрэг түүхий эдийн ханшид эрэлт, нийлүүлэлтийн хэмжээ, худалдагч авагчийн хэтэвч хамгийн их нөлөөлдөг. Харин алтны ханш эрэлт, нийлүүлэлтээс илүү дэлхийн улс төр, эдийн засаг, геополитик зэрэг олон хөшүүрэг, хүчин зүйлийн нөлөөгөөр  өөрчлөгдөж, өнгөө хувиргадаг бичигдээгүй хуультай. Тиймээс эдийн засгийн эрсдэлийн толь болдог алтны ханшийг ярихын тулд эхлээд дэлхийн улс төр, эдийн засаг, геополитикийн өнөөгийн байдлыг хөндөхөөс өөр аргагүй.

АНУ, Хятадын худалдааны маргаан өнгөрсөн нэг жилийн хугацаанд зөвхөн гадаад худалдааны салбарыг нөмөрч байсан бол тавдугаар сараас эхлэн технологийн компаниудаар хүрээгээ тэлэв. АНУ-ын технологийн Google, Facebook зэрэг томоохон компани БНХАУ-ын Huawei компанийн эсрэг хориг тавихаа мэдэгдсэн нь дайны “гал”-ыг улам даамжрууллаа. Технологийн томчуудынхаа ширүүхэн мэдэгдэлтэй зэрэгцээд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп шил шилээ дарсан айлчлалыг Япон, Их Британи улсад хийв. Энэ нь Хятадын эсрэг зогсож, худалдааны дайнд хамтран зүтгэх холбоотноо хайж буйн илрэл хэмээн олон улсын ажиглагчид дүгнэв.

Их гүрнүүдээр айлчилж, хамтрагч хайсан америкийн төрийн тэргүүн хаяа залгасан хөрш болох Мексикт хатуурхаж, цагаачлалаа цэгцлэхгүй бол тус улсын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулахаа анхааруулсан. Өндөр тарифаас болгоомжилсон Мексикийн засаг захиргаа ч  АНУ-тай хэлэлцээрийн ширээнд яаралтай сууж, тохиролцоонд хүрснээр худалдааны хориг саадын хэсэг хугацаанд хойшлуулаад байна.

Дэлхийн хамгийн том эдийн засаг болох АНУ-ыг тойрсон ийм үйл явдлууд өнгөрсөн өдрүүдэд өрнөх зуур БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жиньпин ОХУ-д айлчилж, хоёр улсын харилцааны шинэ эрин эхэлснийг дэлхий нийтэд зарлалаа. Мөн ОХУ-тай худалдаагаа улам өргөтгөж, хамтын ажиллагаагаа илүү бэхжүүлэхээ ч мэдэгдэв.

• Ойрын хугацаанд худалдааны дайн намжих магадлал багасаж, тодорхойгүй үргэлжлэх эрсдэлийн дохио олон улсын зах зээлд хангинаж, алтны ханш өссөн байна.

• Унц алтны ханш олон улсад 1330 ам.доллартай тэнцэж байна.

• АНУ-ын Холбооны нөөцийн банк эдийн засгийн удаашралаас үүдэн жишиг хүүгээ ирэх саруудад танаж магадгүй хэмээн мэдэгдсэн нь ам.долларын нийлүүлэлт идэвхжиж, алтны ханш өсөх дохиог давхар өгсөн.

АНУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүдийн сөөлжилдсөн айлчлалууд хэн хэн нь холбоотноо бэхжүүлж, хүчээ зузаатган, худалдааны дайнд түрүүлж буулт хийх сонирхолгүй байгааг харууллаа хэмээн шинжээчид дүгнэсэн юм. Энэ хэрээр ойрын хугацаанд худалдааны дайн намжих магадлал багасаж, тодорхойгүй үргэлжлэх эдийн засгийн эрсдэлийн дохио олон улсын зах зээлд хангинаж, алтны ханш өссөн байна.

Үүнтэй зэрэгцээд Дэлхийн банк, ОУВС зэрэг санхүүгийн байгууллага дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлөвийг дахин таналаа. Мөн АНУ, БНХАУ-ын макро эдийн засгийн өсөлтийн хурд удааширч буйг анхааруулсан нь дэлхий даяар тодорхойгүй байдал хүрээгээ тэлснийг батлав. Ингэснээр эрсдэлээс дайжсан хөрөнгө оруулагчид алт руу хошуурч, хувьцаа, бонд зэрэг хөрөнгийн зах зээлээс мөнгөө татаж эхэлсэн байна. Мөн сүүлийн жилүүдэд бодлогын хүүгээ өсгөж байсан АНУ-ын холбооны нөөцийн банк эдийн засгийн удаашралаас үүдэн жишиг хүүгээ ирэх саруудад танаж магадгүй хэмээн мэдэгдсэн нь ам.долларын нийлүүлэлт идэвхжиж, алтны ханш өсөх дохиог давхар өгсөн. Ойрын өдрүүдэд олон улсад өрнөсөн, давхацсан, гэнэтийн болон төлөвлөсөн эдгээр үйл явдал, шийдвэр нь алтны зах зээлд зэрэг нөлөөлж, шар металлын ханшийг өдөөсөн хэмээн голлох шинжээчид тайлбарлаж байгаа юм.

Үүнээс гадна БНХАУ, ОХУ алтны нөөцөө эрчтэй нэмэгдүүлсээр байгаа нь олон улсын зах зээлийн анхаарлыг татаж байна. АНУ-тай ан мана, ач тач үзэхээ мэдэгдээд байгаа хятад улс сүүлийн зургаан сар дараалан алт худалдан авалтаа нэмэгдүүлж, хөрөнгийн нөөцөө төрөлжүүлж эхэллээ. Өнгөрсөн тавдугаар сарын байдлаар 61.1 сая унцтай тэнцэж байсан хятадын төв банкны алтны нөөц энэ сарын байдлаар 61.61 сая унцад хүрсэн байна. Хятадын Засгийн газар ам.долларын хадгаламжаас татгалзаж, хөрөнгийн нөөцөө төрөлжүүлж буй нь энэ хэмээн Argonaut Securities-ийн шинжээч Хелэн Лау тайлбарласан. Мөн хойд хөрш алтны нөөцөө сүүлийн таван жилийн дээд цэгт хүргээд байна. Энэ оны эхний улирлын байдлаар тус улсын алтны нөөц 487.8 тэрбум ам.долларт хүрээд байгаа юм. Улс орнуудаас гадна алтны салбарын тэргүүлэгч компаниуд ч олборлолтоороо ширүүн өрсөлдөж эхэллээ. Newmont Goldcorp, Barrick Gold зэрэг энэ салбарын гол тоглогчид алтны орд уурхайнуудыг уралдан худалдан авч, олборлолтоо нэмэхээр зорьж байна. Ийнхүү дэлхий даяар алт руу хошуурцгааж  байна. Энэ хэрээр алтны ханш өсөх төлөвтэй.

Тэгвэл алтыг санхүүгийн зах зээлийн гол багана болгодог Монгол Улс өнгөрсөн гуравдугаар сараас алтны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг таван хувьд хүргэхээр шийдвэрлэсэн. Ингэснээр 2019 оны эхний гурван сар хууль эрхзүйн орчны тодорхойгүй байдлын улмаас буураад байсан алтны тушаалт эргэн нэмэгдсэн юм. 2019 оны эхний таван сарын байдлаар Монголбанк нийт 4.2 тонн алт худалдан авчээ. Зөвхөн тавдугаар сард 1.8 тонн алт худалдаж авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 200 гаруй кгаар өссөн үзүүлэлт аж.

Энэ онд төв банк 22 тонн алт худалдан авахаар төлөвлөж байгаа. Энэ хэмжээний алт нь Монголын эдийн засагт 700-800 сая ам.долларын валют авчирч, төв банкны нөөцийг зузаатгадаг нь өнгөрсөн хоёр жилд харагдсан. Хэрэв олон улсын шинжтэй хүчин зүйлийн улмаас алтны ханш өссөөр байвал Монгол Улсын алтны экспортоос олох орлого ч нэмэгдэж, энэ хэрээр төв банкны гадаад валютын нөөц зузаарахаар байна. Энэ нь гадаад болон дотоод  эрсдэлээс санхүүгийн зах зээл, төгрөгийн ханшийг хамгаалахад түлхэц болох боломжтой. Цаашлаад энэ оны эдийн засгийн дархлааг тэтгэх, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, мөнгөн тэмдэгтийн ханшийг хамгаалах гол бамбай нь өнгөрсөн жилүүдийн нэгэн адилаар алт болж таарч байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Аттестатчиллаар хариуцлагагүй компанийг уул уурхайгаас “шахдаг” болно

Уул уурхайн компаниуд өөрсдийгөө үнэлж эхэлнэ

 0 сэтгэгдэл


Уул уурхайн салбар хоногийн 24 цагт 8.1 тэрбум төгрөг төсөвт бүрдүүлж байна. Энэ нь 1000 хүүхдийн багтаамжтай сургууль, цэцэрлэгийн цогцолбор босгох хэмжээний мөнгө. Ийм хэмжээний баялгийг нэг хоногт үйлдвэрлэн өрсөлдөх чадвартай салбар манай улсад өнөөдрийн байдлаар алга. Он гарснаас хойших хоёр сарын хугацаанд уул уурхайнхан төсөвт 478 тэрбум төгрөгийг татвар хураамж хэлбэрээр төвлөрүүлжээ. Эдийн засгийн өсөлтөө тун өөдрөг зураглах боломжийг бидэнд экспортын 85 хувийг бүрдүүлж буй уул уурхай олгож байгаа.

Хэдий тийм боловч тус салбарынхан муу нэртэй үлддэг. Ялангуяа, улс төрийн сонгууль ойртсон үед тэднийг харлуулах, адлах, хамгийн муу муухайгаар хэлэх нь энүүхэнд. Ингэж оноо цуглуулдаг, олон хүнд таалагдах зэр зэвсгээ болгодог “технологи” арга барил мэт удамшиж байна. Гэтэл цалин, тэтгэвэр, тэтгэмж, өнөө сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих төсвийн мөнгөний эх сурвалж нь уул уурхай болж, эндээс л олон айл өрхийн амьдрал ахуй, хувийн хэвшлийн ашиг орлого шалтгаалах аж. Үүнийг олж харахыг эс хүссэн нь уул уурхайг үгүйсгэж, өөрсдийнхөөрөө дэвсэлж байдаг. Иргэний нийгмийн байгууллагынхан ч компаниудыг элдвээр дарамтлах нь наад захын үзэгдэл болсон.

Гэхдээ ийм эмзэг, эмгэнэлтэй, дорой байдалд хүрэхэд уул уурхайнхан өөрсдөө буруутай болдог тал бий. Нэг үхрийн эвэр доргихоор мянган үхрийн эвэр доргино гэгчээр нийгмийн хариуцлагагүй нь хариуцлагатай яваа нэгнээ баллаж, нийгэм тэр чигээрээ уул уурхайг зэвүүцэх хандлагыг дэвэргэх аж. Энэ байдалтай цаашид уул уурхайн салбарынхан эвлэрч бус харин хариуцлагагүй компанийг олон нийтэд өөрсдөө зарлаж, салбараа муу муухай болгоны жишээ болохоос аварч үлдэхээр шийдсэн байна. Тиймээс Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн удирдлагуудын хэлснээр компаниудыг магадлан итгэмжлэхээр судалж эхэлжээ. Тодруулбал, Канадын уул уурхайн ассоциацитай хамтарч компаниуд өөрийгөө үнэлдэг аттестатчиллын системийг оруулж ирэхээр судалж байгаа аж. Энэ нь салбараа эрүүлжүүлэх, компаниудын өөрсдийн өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэсэн байна.

Канад болон Австрали зэрэг улсын уул уурхай хөгжлийнх нь хөрөнгө оруулагч болж буй орнуудад компаниудаа хариуцлагатай болгох үүднээс дээрх аргыг түгээмэл ашигладаг байна. Тэрчлэн хайгуул болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохдоо холбогдох төрийн агентлаг, мэргэжлийн холбооноос гаргасан хариуцлагатай байдлын индекс үзүүлэлтийг харгалзан үздэг аж.

Улсын төсөвт жилд хоёр их наяд төгрөгийн орлого төвлөрүүлдэг уул уурхайн салбарт техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийдэг, орон нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалж, тэдний төлөө ажилладаг, цаг хугацаанд нь тайлан, мэдээллээ үргэлж ирүүлж, татвар хураамжаа төлдөг сайн компани саараасаа илүү олон. Гэвч тэдний хариуцлагатай байдлыг хариуцлагагүй хэдхэн компани баллуурдаж, уул уурхайг хөгжүүлэх хэрэггүй гэх ойлголтод иргэдийн олонх нь итгэхэд хүргэж мэдэхээр байна. Говь-Алтай аймгийн Бигэр, Баянхонгор аймгийн Баян-овоо, Галуут сумынхантай уулзахад нутгийн иргэд олборлолт хийгээд орхисон нүх сүв, улаанаар эргэсэн гол усны бохирдлыг хамгийн эхэнд бухимдан тоочиж байсан юм.

Он гарснаас хойш хамгийн том осол уул уурхай, түүний дотор алтны салбарт гарлаа. Төв аймагт үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан Заамар” компанийн ил уурхайд гарсан гэнэтийн ослоос болж дөрвөн уурхайчин амь насаа алдсан нь олборлох салбарын унаж яваа нэр хүндийг улам газардуулсан юм. Уул уурхайн салбарынхан ч эгнээнд яваа нэгнээ өмгөөлж, хамгаалах бус харин тэднийг энэ байдлыг шүүмжилж байлаа. Дөрвөн хүний амь нас хариуцлагагүй уул уурхайн төлөөс болж, гашуун сургамжийг энэ салбарт үлдээсэн. Уурхайн талбайд аюулгүй ажиллагааг сахин хангаагүйгээс болж уурхайчны амь нас эрсдэх тохиолдол зөвхөн үүгээр хэмжигдэхгүй.

Нийгмийн хариуцлагагүй нь хариуцлагатай яваа нэгнээ баллаж байна

Улс даяар нуранги дундаас уурхайчдыг эрэн хайх ажиллагааг чих тавин хүлээсэн өдрүүдэд хариуцлагатай болон хариуцлагагүй болон уул уурхайн ялгаа, зааг улам тод мэдрэгдэв. Уул уурхайг хариуцлагагүй хөгжүүлж, зөвхөн ашгийн төлөө хөөцөлдвөл ямар хор хохирол дагуулдаг дээрх гэнэтийн осол бидэнд харуулсан.

Монголд уул уурхайн олон улсын сайн туршлагыг нутагшуулж, хүний эрх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг тэргүүнд тавьдаг компанид “Оюутолгой” тэргүүтэй гадаадын хөрөнгө оруулагчидтай компани илүү үлгэр дуурайл болж байгаа. Мөн үндэсний хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай МАК, “Монполимет”, “Энержи ресурс, орон нутгийн өмчит “Тавантолгой” хариуцлагатай уул уурхайг дотооддоо өнгөлж явна. Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Т.Гантөмөр “Аль нэг улстөрчийн нэрээр түрүү барьсан, тэдний өмгөөлөлд багтсан компаниуд хариуцлагагүй үйл ажиллагаатай, хууль, журам зөрчдөг. Ийм компаниуд эргээд салбарынхаа нэр хүндийг унагадаг болсон” гэв.

“Эрнст энд Янг” олон улсын аудитын компанийн 2018 онд хийсэн судалгаагаар уул уурхайн 600 компанийн захирлууд нийгмийн тусгай зөвшөөрлийг тэргүүн эрсдэл гэж үзжээ. Нийгмийн тусгай зөвшөөрөл буюу тухайн орон нутгийн иргэдийн дэмжлэг, итгэл хүлээнэ гэдэг уул уурхайн хэр баргийн компанид амар олдох завшаан биш болж байна. Ялангуяа, хариуцлагагүй компанийн салбартаа үлдээсэн толбо эргээд шинэ төслүүд хэрэгжих боломжийг үгүйсгэж эхэллээ. Хариуцлагагүй жижиг уурхай уулын ам, хөндийд шургалах болсноор бидний төсөөлдөг тогтвортой уул уурхайн хөгжил алсарч мэдэх нь. Жижиг компаниудын хууль, дүрмийг завхруулах үзэгдэл салбарын хөгжлөө татаж унагах хэмжээнд байна. уул уурхайнхан салбараа эмчлэх оролдлого хийж байна энэ.

Байгалийн баялагт тулгуурлан өндөр хөгжилд хүрсэн орны жишээ цөөнгүй. Австрали, Канад, Өмнөд Африк, Казахстан, ОХУ, БНХАУ гээд бүгд уул уурхайн салбарт тулгуурлан, эдийн засгаа цэнэглэж, иргэдийнхээ амьжиргааг сайжруулж байна. Нөгөө талд хариуцлагагүй уул уурхайг өөгшүүлснээс үүдэн баларсан Латин Америкийн орнуудын гунигтай жишээ хөгжиж буй орнуудад “сурах бичиг” болох аж. Дээр дурдсан орнууд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, компаниуд нь хариуцлагатай байсны хүчинд улс нь хөгжиж, өөрсдөө тив, улс дамнасан компани, корпорац болон өргөжсөн түүхтэй. Уул уурхайг хөгжүүлж, сүүлийн 20 жилд нэг ч удаа эдийн засгийн хямралд өртөөгүй орны нэг бол Австрали.  Тэдний нууц нь хариуцлагатай уул уурхайг авч үлдсэнд оршдог.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Зах зээл дагасан уул уурхайн шинэ төслүүд

15-460 тэрбум хүртэлх төгрөгийн хөрөнгө оруулалттай нүүрсний найман төсөл байна

 0 сэтгэгдэл


Нүүрс, зэс, төмрийн хүдэр, цайр зэрэг Монголоос экспортолж байгаа эрдэс бүтээгдэхүүний үнэ ханш 2019 онд тогтвортой байх төлөвтэй байна. Заримынх нь ханш өсөж байгаа бол нөгөө хэсэг нь буурахгүй нь лавтай гэж салбарынхан дүгнэлээ. Тэгвэл үүнийг дагаад 2019 онд Монгол Улсад уул уурхайн ямар ордууд олборлолтоо эхлэх төлөвлөгөөтэй байгааг тоймлоё.

“Нүүрсний зах зээл тогтвортой байгаатай холбоотойгоор нүүрсний шинэ төслүүд нэмэгдэж байна” гэж Монголын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл дүгнэсэн байдаг. Тус зөвлөлийн хоёрдугаар сарын ээлжит хуралдаанаар нүүрсний гурван төслийн ТЭЗҮ-ийг хэлэлцсэн юм.

TerraCom компани Баруун ноён уул-1 хойд нүүрсний ордын баруун хэсгийг ил аргаар ашиглах ТЭЗҮ боловсруулаад буй. Нийт 2.5 сая тонн нүүрсний батлагдсан нөөцтэй энэ ордыг таван жил ашиглах аж. Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй TerraCom компани Монголоос олборлож, экспортолж байгаа нүүрснийхээ хэмжээг жилийн гурван сая тонн болгохоор зорьж байна.

Үүнээс гадна Сүхбаатар аймгийн нутагт орших “Бадмаараг хаш” компанийн Сайн хөөвөр, Говь-Алтай аймаг дахь “Арголд” компанийн хар толгой чулуун нүүрсний ордын ТЭЗҮ-ийг нэмэлт засвар хийх шаардлага тавьж хүлээн авснаа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл мэдээлсэн.

Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээллээс харахад 2019 онд олборлолтоо эхлэхээр ТЭЗҮ-дээ тусгасан нийт 15-460 тэрбум хүртэлх төгрөгийн хөрөнгө оруулалттай нүүрсний найман төсөл байна. Эдгээрийн хагас нь чулуун нүүрс, хагас нь хүрэн нүүрс юм. Хүрэн нүүрсний ордуудын дотроос хамгийн том нь жилийн 10 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай, 460 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий Ерөөлтийн орд. Харин чулуун нүүрсний ордууд дотроос хамгийн том хөрөнгө оруулалттай нь “дадын хар толгой-2” орд байна. Дорноговь аймгийн нутагт байгаа тус ордод 21.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх бөгөөд уурхай жилд нэг сая тонн хүртэлх нүүрс олборлох хүчин чадалтай. Монгол Улс энэ онд 42 сая тонн нүүрс экспортохоор төлөвлөж байгаа зэргийг тооцож үзвэл нүүрсний салбар цаашид өргөжих төлөв харагдаж байна. Нүүрсний салбар дахь ашиглалтын лиценз нь улсын хэмжээнд хүчин төгөлдөр байгаа ашиглалтын лицензийн 19 хувь нь юм.

Экспортын бас нэгэн гол эрдэс бүтээгдэхүүн бол төмрийн хүдэр. 2018 онд энэ төрлийн бүтээгдэхүүний экспорт 1.2 сая тонноор өссөн. Бразилд Vale компанийн төмрийн хүдрийн уурхайн далан нурж, эмгэнэлтэй том осол гарсны дараа төмрийн хүдрийн ханш огцом өссөн. Цаашид уг нөлөө зах зээлд энэ түүхий эдийг нийлүүлэгч орнуудын экспортын мөнгөн дүнд ч мэдрэгдэж эхлэх бололтой. 

Өнгөрсөн жил Монголын төмрийн хүдрийн 13 уурхай бүтээгдэхүүнээ экспортолжээ. Энэ жил мөн хоёр төсөл ашиглалтад орохоор ТЭЗҮ-ээ батлуулаад байна. Түүний нэг нь Дорноговь аймгийн нутагт байрлах дарцагтын ордын зүүн хойд хэсэг. Энэ хэсэгт “Зэт Ди Эл” компани үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нь 18.42 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байна.

Мөн Хэнтий аймгийн нутагт байрлах Майхан толгой ордод “Цахир цагаан гол” ХХК 9.25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, энэ онд олборлолтоо эхлэхээр төлөвлөжээ. 2019 онд олборлолтоо эхлэх гэж байгаа алтны 21 төсөл бий.
2019 онд олборлолтоо эхлэх алтны 21 төсөл байна.

Үүнээс ес нь Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт хамаарч байгаа юм. Мөн хамгийн их хөрөнгө оруулалттай төсөл нь Өмнөговь аймгийн нутагт байрлах “Макс импекс” ХХК-ийн хоримт худаг, улаан хяр алтны үндсэн орд. ТЭЗҮ-д тусгаснаар 10.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулж байгаа.

Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд ч алтны төслөө эхлүүлэх сонирхолтой байна. Тухайлбал, Steppe Gold 2019 оны эхний хагаст багтаан Дорнод аймаг дахь алтан цагаан овоо ордын олборлолтоо эхлэхээр бэлтгэж байна. Erdene Resource Development компани алтан нар, Баянхөндий ордын олборлолтын тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ гаргаад буй. Xanadu Mines хармагтай ордын олборлолтыг энэ онд эхлэхээр тодотгосон ТЭЗҮ-дээ тусгажээ.

2018 оны экспортын бүтцийг харвал жонш өндөр өсөлттэй бүтээгдэхүүний нэг байна. Энэ онд жоншны салбарт олборлолтоо эхлүүлэхээр ТЭЗҮ батлуулсан таван төсөл бий. Үүний хоёр нь Дорноговь, үлдсэн нь Дундговь, Сүхбаатар, Хэнтий аймгийн нутаг дэвсгэрт байгаа юм. Эдгээрээс хамгийн том нь Сүхбаатар аймаг дахь Баян-Өргөн орд бөгөөд нийт 8.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардагдах аж.

Монголын жоншны экспортын гол зах зээл нь Хятад, Орос. Гэхдээ энэ салбарт төрөлжсөн судалгаа дутуу, дэд бүтцийн бэрхшээл тулгардаг гэдгийг салбарынхан анхааруулсаар ирсэн юм.

Харин экспортын зах зээлээс төдийлэн хамаарахгүй ч дотоод эрэлтдээ тулгуурлан хөгжиж байгаа нэг салбар бол шохойн чулуу. Цементийн үйлвэрийн гол түүхий эд болдог шохойн чулууны долоон орд газрыг энэ жил ашиглаж эхлэх гэж байна. АМГТГ-ын мэдээлэлд дурдсанаар эдгээр долоон төслийн хүрээнд 189 ажлын байр бий болох боломжтой.

Томоос нь дурдвал, төв аймгийн нутагт байрлах Цагаан шохойны орд. Нийт хөрөнгө оруулалт дөрвөн тэрбум төгрөг байх юм. Уурхайн хүчин чадал нь жилд 500 мянган тонн хүдэр хэмээн ТЭЗҮ-д нь тусгаж өгсөн байдаг. Мөн л энэ онд олборлолтоо эхлэхээр ТЭЗҮ батлуулсан Дорноговь аймгийн нутагт байрлах Цагаан шохойны орд 1.13 тэрбум, Ховд аймаг дахь Мянгадын орд 2.45 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай.

Эрсдэлийн тухайд, энэ жилийн гол эрсдэл улс төржилт байх магадлалтай. УИХ-ын сонгуулийн  өмнөх жил учир ард түмэнд таалагдах гэсэн улс төрчид ямар ч гэнэтийн мэдэгдэл хийж, нэн ялангуяа уул уурхайн салбар руу давшилж, яаж ч бужигнуулж магадгүй. Гэхдээ зах зээл таатай байна. Үүнийг илтгэх зүйл нь 2018 онд ДНБ 6.9 хувь өссөний 1.1 пунктийг нь буюу нэлээд том хувь хэмжээг нь уул уурхайн салбар дангаараа бүрдүүлсэн байдаг. Тиймээс дотоодын аливаа эрсдэлийг үл харгалзан шинэ төслүүд ийнхүү ашиглалтад орохоор төлөвлөгөөгөө хэдийнэ гаргажээ. 

Asia Mining Magazine