A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3256/

“Эрдэнэс-Тавантолгой” компани МУИС-тай найман чиглэлээр хамтарч ажиллана

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3256/


  • "Эрдэнэс-Тавантолгой" ХК 2020 онд үнэт цаас гаргана
  • 1072 хувьцааны талаар оюутан, багш ажилчдад мэдээлэл түгээнэ
  • “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компани 2020 онд хөрөнгийн зах зээлд IPo гаргана.Ингэснээр тодорхой төслүүдээ санхүүжүүлэх хөрөнгө оруулалт босгохоор ажиллаж байгаа юм
  • МУИС-ийн багш нарын шилдэг санал, бүтээлийг үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрүүлэхэд “Эрдэнэс-Тавантолгой“ компани дэмжлэг үзүүлнэ
  • Тавантолгойн уурхайн үр ашгийг дээшлүүлж, өндөр технологи нэвтрүүлэх, нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гаргах, ялангуяа эрчим хүчний нүүрснээс 125 нэр төрлийн бүтээгдэхүүн гаргах боломжтой

Үндэсний тэргүүлэгч компанийн нэг “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компани нийгмийн хариуцлагын хүрээнд хоёр байгууллагатай хамтран ажиллахаар боллоо. Тодруулбал, өнөөдрөөс эхлэн МУИС, Шинжлэх ухааны академийн Хими, химийн технологийн хүрээлэнтэй албан ёсоор хамтарч ажиллахаар болж, хамтын ажиллагаагаа үзэглэлээ. Уг арга хэмжээнд “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн захирал Б.Ганхуяг, МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайхан тэргүүтэй албаныхан оролцсон юм. МУИС-тай гэрээ байгуулснаар Монголын уул уурхайн салбарын чадавхыг дээшлүүлэх, хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхтэй холбоотой талуудын эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын захиалгат ажлуудыг зохион байгуулах,  холбогдох бусад бүх чиглэлд мэргэжлийн туслалцаа үзүүлэн хамтран ажиллах боломж бүрдэх аж. МУИС­ийг 2016-­2024 онд хөгжүүлэх стратегийн төлөвлөгөөнд “МУИС-­ийн алсын хараа нь дэлхийн түвшний их сургууль болоход оршино. Үүний тулд 2024 онд МУИС нь чөлөөт мэдлэг буюу либерал арт уламжлалд суурилсан, бүс нутгийн хэмжээнд тэргүүлэх байр суурьтай судалгааны их сургууль болж улмаар Азийн шилдэг 100 их сургуулийн эгнээнд багтаж орно” хэмээн зорьж энэхүү зорилгодоо хүрэх, стратегийн тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлжээ. Таван бүрэлдэхүүн, хоёр харьяа сургууль бүхий 22 мянган оюутан, 1500 орчим багштай тус сургуультай “Эрдэнэс-Тавантолгой” компани албан ёсны гэрээг үзэглэснээр МУИС-ийн ирээдүйн зорилгод маш их хувь нэмэр оруулахыг хоёр тал онцлов. Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурахын өмнө МУИС-­ийн захирал Я.Төмөрбаатар үг хэлэхдээ “Өнөөдөр манай сургуулийн хувьд маш чухал ач холбогдолтой өдөр тохиож байна. Хоёр байгууллагын гарын үсэг зурах гэрээ нь олон ач холбогдолтой, бас өгөөжтэй. 77 жилийн түүхтэй манай сургууль 2016 онд буюу гурван жилийн өмнө стратеги төлөвлөгөөгөө шинэчилсэн. Уг төлөвлөгөөнд МУИС шинжлэх ухааны ололт амжилт, нээлтүүдийг нийгэмд түгээн дэлгэрүүлэх, нийгмийн тусын тулд тулгамдсан асуудлаар судалгаа хийх, улс орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмрээ оруулах, төр, хувийн хэвшил, аж үйлдвэр, их сургуулийн түншлэлийг хөгжүүлэх нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлэн манлайлж явна. Хоёр манлайлагч байгууллага хамтран ажиллах болсон нь таатай хэрэг. Бид улсын ууган манлайлагч сургуулийн хувьд багш нарынхаа шинэ технологи, мэдлэг, бүтээгдэхүүнийг хэрэг­лээнд, үйлдвэрлэлд нэвт­рүүлэх, инновацын соёлд онцгой анхаарал хандуулж байна” хэмээн онцлов. Харин “Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Манай компани ес дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй бөгөөд ирэх онд 10 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлнэ. Өнгөрсөн хугацаанд манай хамт олон нийгмийн хариуцлагын чиглэлээр олон ажил зохион байгуулсны нэг нь энэхүү арга хэмжээ юм. Бид шинжлэх ухаанд суурил­сан уул уурхайг хөгжүүлэхэд чиглэн ажилладаг. “Эрдэнэс­Тавантолгой” компани олон улсын хөрөнгийн зах зээлд нийт хувьцааныхаа 30 хувьд IPoхийж, хөрөнгө оруулалт босгож, дагалдах төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх бөгөөд эхний төсөл хөтөлбөрүүддээ хөрөнгө оруулалт хийн ажиллаж байна. Мөн удахгүй компанийн урт болон дунд хугацааны стратеги төлөвлөгөөгөө ТУЗ хэлэлцэж эхэлнэ. Энэ бүхэнд шинжлэх ухаанч судалгаатай зөвлөмж, зөвлөгөө шаардлагатай тул танай сургууль болон ШУТИС-­ийн эрдэмтэн багш нарын хамтын ажиллагаа чухал юм. Түүнчлэн нь тавантолгойн уурхайн үр ашгийг дээшлүүлж, одоогийн технологийг сайжруулах, эрчимт өндөр технологи нэвтрүүлж, нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гаргах судалгаа, туршилт, эрдэм шинжилгээний ажил, үүнтэй холбогдох бүх чиглэлээр хамтран ажиллах зорилготой байна. Миний хувьд төдийгүй манай хамт олны олонх нь танай сургуулийн төгсөгчид байдаг хэмээгээд 1500 эрдэмтэн багш, 22000 оюутантай өнөр бүлд ажлын өндөр амжилт хүсье” гэв. МУИС нь зөвхөн 2019-­2020 оны хичээлийн жилд л гэхэд Монголын төдийгүй гадаадын 20 гаруй байгууллагатай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Тухайлбал, “Рио тинто”, “Багануур”, “Эрдэнэт”, “Оюутолгой”, “Эрдэнэс­-Тавантолгой” зэрэг Монголын төсвийг бүрдүүлэхэд томоохон үүрэг гүйцэтгэж буй компанитай хамтран ажиллаж байгааг сургуулийн удирдлагууд онцоллоо. “Эрдэнэс­-Тавантолгой” компанийн гүй­цэтгэх захирал Б.Ганхуяг дээрх сургуульд докторын зэрэг хамгаалсан бөгөөд энэ үеэрээ хамтран ажиллах талаар ярилцаж байжээ. Хоёр талын санамж бичгийн хүрээнд МУИС-­ийн оюутнуудыг “Эрдэнэс­т-Тавантолгой” компанид үйлдвэрлэлийн болон танилцах дадлага хийхэд дэмжлэг үзүүлэх, төгсөгчдийг ажлын байранд зуучлах, МУИС-­ийн сургалтын орчин, материаллаг бааз, эрдэм шинжилгээ, судалгаанд хэрэглэж буй тоног төхөөрөмж, программ хангамжийг сайжруулахад дэмж­лэг үзүүлэх, МУИС-­д ахисан түвшний оюутны тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх, “Эрдэнэс­-Тавантолгой” компанийн үйл ажиллагааны чиглэлийн эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын захиалгат ажил хийх, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, “Эрдэнэс­-Тавантолгой” компанийн хүний нөөцийг бэхжүүлэх, ажилтан албан хаагчдын мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх богино болон урт хугацааны сургалтад хамрагдах, боловсролын зэргээ дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх болон “Эрдэнэс­-тавантолгой” ХК-­ийн үйл ажиллагаа, 1072 хувьцааны талаар оюутан суралцагч, багш ажилчдад мэдээлэл түгээх зэргээр хамтран ажиллах юм. 

ШИНЖЛЭХ УХААНАЫ АКАДЕМИЙН ЭРДЭМТЭД "ЭРДЭНЭС-ТАВАНТОЛГОЙ"-ТОЙ ХАМТАРНА

“Эрдэнэс-­Тавантолгой” ХК Шинжлэх ухааны академийн хими, химийн технологийн хүрээлэнтэй хамтран ажиллахаар боллоо. Хамтран ажиллах санамж бичгийг “Эрдэнэс­-Таван­толгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, ШУА-­ийн хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал, доктор Л.Жаргалсайхан нар үзэглэв. Энэхүү санамж бичиг бай­гуулснаар таван толгойн уурхайн үр ашгийг дээшлүүлж, одоогийн технологийг сайжруулах, эр­чимт өндөр технологи нэвт­рүүлж, нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гаргах судалгаа, туршилт, эрдэм шинжилгээний ажил зэрэг холбогдох бүхий л чиглэлээр хамтран ажиллах аж. “Эрдэнэс­-Тавантолгой” хувьцаат компанийн захирал гүйцэтгэх захирал Б.Ганхуяг энэ үеэр компанийн үйл ажиллагаа болон УИХ, Засгийн газрын тогтоолын хэрэгжилттэй холбоотой ажлаа танилцуулж, тавантолгойн уурхайн үр ашгийг дээшлүүлж, өндөр технологи нэвтрүүлэх, нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гаргах, ялангуяа эрчим хүчний нүүрснээс 125 нэр төрлийн бүтээгдэхүүн гаргах боломж хийгээд үүнийг ажил болгох судалгаа шинжилгээний чиг­лэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа онцолсон юм. Харин хими, химийн техно­логийн хүрээлэнгийн захирал, доктор Л.Жаргалсайхан хэлэх­дээ “Тавантолгойн уурхайн үр ашгийг дээшлүүлж, нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гаргах судалгаа, туршилт, эрдэм шинжилгээний ажилд хамтарч ажиллах бидний саналыг хүлээж авсанд талархаж байна. Хүрээлэнгийн маань дэргэд 11 судалгааны лабораторитой бөгөөд эдгээр нь нүүрсний олон шинж чанарын үзүүлэлтийг тодорхойлох, судлахад түшиц болох төв байж чадна” гэв. Мөн судалгааны үр дүнгүүдийг нэгтгэн төслийн тайлан хамтран боловсруулах, түүхий нүүрсний шинж чанарыг тодорхойлж, түүхий нүүрс болон балансын бус нүүрсийг угааж баяжуулах туршилт судалгаа хийх, нүүрс угааж баяжуулах үйлдвэрээс гарах хог хаягдлыг баяжуулах технологийн туршилт судалгааг хамтран хийхээр болжээ. Мөн нүүрсний давхаргын метан хийн боловсруулалт, синтезээр нийлэг байгалийн болон шингэрүүлсэн байгалийн хий үйлдвэрлэх технологийн судалгааг хамтран хийх, нүүрсний давхаргын метан хийнээс нэмүү өртөг шингэсэн химийн бүтээгдэхүүн үйлд­вэрлэж, экспортлох боломжийн судалгаа хийх зэргээр хамтран ажиллахаар ярилцжээ. 

"Эрдэнэс-Тавантолгой” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг:

- Цаг хугацааны хувьд маш чухал үе тохиож байна. Манай компани хүсэлт гаргасан юм. 2020 онд бид хөрөнгийн зах зээлд IPo гаргана. Ийн тодорхой төслүүдээ санхүүжүүлэх хөрөнгө оруулалт босгохоор ажиллаж байгаа юм. УИХ, Засгийн газрын тогтоол шийдвэр гарсан. Дотооддоо шийдвэрлэх ажлын 90 гаруй хувийг гүйцэтгэж дууссан. Одооноос олон улсын зөвлөх компаниудтай ажиллах ажлууд маань аравдугаар сараас эхэлж байна. Энэ хүрээнд дотоодын эрдэмтэн, судлаач, санхүүгийн чиглэлийн мэргэжилтнүүд оролцож, нэг талаар дэм үзүүлэх, нөгөө талаар Монголын хөрсөнд буулгах ажлыг зохион байгуулах үүрэг хүлээсэн. Үүнийг МУИС, ШУТИС зэрэг томоохон боловсролын байгууллагатай хамтарч хийнэ. 

МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар:

- Манай сургууль дээд боловсролын тэргүүлэх байгууллагын хувьд үндэсний компаниудтай гэрээ байгуулж байна. “Эрдэнэс­-Тавантолгой” компанитай хамтарч ажиллахаар боллоо. Уг гэрээг гурван жил хэрэгжүүлнэ. Олон чиглэлээр хамтран ажиллахаар гэрээнд тусгалаа. Юун түрүүнд манай багш нарын шилдэг санал, бүтээлийг үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрүүлэхэд “Эрдэнэс-Тавантолгой“ компани дэмжлэг үзүүлэх юм. Мөн манай сургуулийн төгсөгчдийг ажлын байраар хангах таатай боломж бүрдлээ. Түүнчлэн ахисан болон бакалаврын түвшний оюутнуудад тэтгэлэг өгөх ба хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээс эхлээд олон талын хамтын ажиллагааны хүрээнд хийнэ. Энэ нь МУИС-­ийг судалгааны их сургууль болгох чухал ач холбогдолтой.

















A

Жижиг

A

Дунд

A

Том

Алдартнууд дуугарч байж бэлгийн дарамтын эсрэг тэмцэл үр дүнд хүрдэг юм

 0 сэтгэгдэл
  • Монголын тамирчдын эрх ашиг солонгос бүсгүйн өгзөгнөөс хямд гэж үү
  • Сонины нүүрэнд зураг нь тавигдсан зарим алдартай тамирчидтай уулзсан юм. Ерөнхийдөө манай сонины уриалыг дэмжих, зүй бус зүйлийн эсрэг тэмцэхэд санал нийлж байв. Гэхдээ ил тодоор дэмжих боломжгүй, олимп дөхсөн тул хэл аманд өртмөөргүй байна гэх хэвэнд цутгасан мэт хариулт хэлж байв


2006 онд Нью-Йоркийн жирийн нэг охин Тарана Брюкийн бэлгийн дарамтад өртсөн тухайгаа өөрийн зурагтай олон нийтийн сүлжээнд тавьж байв. Гэсэн ч түүний нэр хүндээ золиослон байж тэмцэхийг хүссэн энэ зоригт үйлдэл хүссэн үр дүнд хүрсэнгүй. Харин 2017 онд Америкийн алдарт жүжигчин Алиса Милан Бюркийн постыг сэргээн, Me too хаштаг хэрэглэн өөрийн сошиалд сүлжээндээ тавьжээ. Ингэснээр бүсгүйчүүд бэлгийн дарамтад өртөж байсан тохиолдлуудаа ээлж дараалан зоригтойгоор зарлаж, хүчирхийллийг эсэргүүцсэн хөдөлгөөн дэлхий даяар өрнөсөн юм. Улмаар Гвинет Пэлтроу, Эшли Жүдд, Женефер Лауренс, Ума Турман нарын Холливудын одод Me too-д нэгдэж, хүчирхийллийг таслан зогсоох үйлсэд хувь нэмрээ оруулсан юм. Олон ч алдартан, эрх мэдэлтэн бусдад бэлгийн дарамт үзүүлж байсан нь үүгээр илэрч, жинхэнэ дүр төрх нь илчлэгдсэн билээ. Бюркийн 2006 онд эхлүүлсэн хөдөлгөөн 2017 онд сая дэлхий нийтийг хамарч чадсан бөгөөд үүний үр дүнд зөвхөн АНУ-д 2017 оны есдүгээр сараас 2018 оны есдүгээр сарын хооронд бэлгийн дарамтын 7500 тохиолдлыг шинээр илрүүлэн гаргажээ. Мөн “Одоо хангалттай” хэмээх сан байгуулагдаж, бэлгийн дарамтад өртсөн 3600 гаруй хүнд тусалсан байна. Жирийн нэг бүсгүйн эхлүүлсэн хөдөлгөөн ямар их үр дүнд хүрч болохын бодит жишээ энэ. Дэлхий нийтээрээ тэмцээд буй бэлгийн дарамт Монголд ч мөн байдгийг бүгд мэддэг ч зориглон илчилж, тэмцсэн нь үгүй, далд хэлбэрт оршсоор байна. Ялангуяа спортын салбар дахь эмэгтэйчүүд бэлгийн дарамтад өртөх тохиолдол их байгаа нь “Эмэгтэй удирдагч” сангийн хийсэн судалгаагаар нэгэнт ил болоод байна. Энэ талаар манай сонин нийтлэхдээ Монголын алдартай эмэгтэй тамирчдын зургийг эгнүүлэн тавьж, тэднийг зүй бус зүйлийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэхийг уриалсан нь өчигдөр цахим орчинд багагүй хэл ам дагуулав. Тамирчдын зургийг зөвшөөрөлгүй ашиглалаа гэх шүүмжлэл ч ирж байна. Бидний хувьд ийм шүүмжлэл, буруутгал ирэхийг сайн мэдэж байсан ч спортын салбарын тэргүүлэгч бүсгүйчүүд эрх ашиг нь хөндөгдөж байгаа хохирогчдын төлөө бидний гаргаж буй эрсдлийг ойлгоно гэж найдсан. Энэ салбарт төдийгүй нийгэмд бугшсан бусармаг зүйлийн эсрэг тэмцэхийн тулд салбартаа хэдийн танигдсан, нэр хүндтэй, бусдад нөлөөлөх чадвартай хүмүүсийг уриалж, асуудлыг шийдэхэд дуу хоолойгоо нэгтгэхийг хүссэндээ ийм шийдэлд хүрсэн болохоо энэ ялдамд тайлбарлая. Хэрэв бид эрсдлээс зайлс хийж зааланд уйлаад сууж байгаа хэн ч танихгүй энгийн охины зургийг ашигласан бол олны анхаарлыг тэгтлээ их татах байсан гэж үү. Үүнийг уншигч та, энэ салбарын асуудлын тухай мэдэх байсан уу. Өдөр алгасахгүй гарч буй энэ их сенсаац дунд дарагдаад усанд хаясан чулуу шиг чимээгүй өнгөрөх байв. Харин тамирчдын зургийг тавьснаар нийгмийн анхаарлыг энэ асуудалд төвлөрүүлсэн нь нэг талаасаа монгол эмэгтэйчүүдийн амжилт юм. Эмэгтэй тамирчдад тулгардаг бэлгийн дарамтын асуудлыг бид орхихгүй, бусдыг уриалан дуудаж, цааш үргэлжлүүлэн дуугарсаар байх болно гэдгээ мөн дуулгая.Сонины нүүрэнд зураг нь тавигдсан зарим алдартай тамирчидтай уулзаж ярилцсан юм. Ерөнхийдөө манай сонины уриалгыг дэмжиж, зүй бус зүйлийн эсрэг тэмцэх болсон гэдэгтэй санал нийлж байв. Гэхдээ ил тодоор дэмжих боломжгүй, олимп дөхсөн энэ үед хэл аманд өртмөөргүй байна гэх хэвэнд цутгасан мэт хариулт хэлж байв. Ер нь өндөр амжилтад хүрсэн, алдах зүйл ихтэй тамирчид дарамтад өртөх магадлал илүү байгаа тухай тэрхүү судалгаанд дурдсан нь үүгээр мөн батлагдаж байна. Мөн зарим спорт холбоо манай сонины санаачилгыг дэмжиж, нэгдэж, хамтран ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлснийг дурдахад таатай байна. Судалгаанд оролцсон тамирчдын хариултаас харахад ихэвчлэн энэ төрлийн мэдлэг, мэдээлэл дутмаг, хүчирхийлэлд өртсөн тохиолдолд хаана хандахаа мэддэггүй, би үүнийг тэвчиж гарах ёстой гэх үзэл давамгайлж байжээ. Энэ нь хүчирхийлэгчдийг улам давраадаг болохыг “Эмэгтэй удирдагч” сангийн тэргүүн М.Болормаа манай сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн юм. Эмэгтэй тамирчдын эрх ашгийг хамгаалж, тэдэнд мэдлэг мэдээлэл олгох тал дээр холбогдох албаныхан шийд-вэртэй алхам хийх шаардлагатай нь эндээс харагдаж байна. Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр албан ажлаар явж байхдаа Korean Air компанийн онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт учруулсан гэх дуулиан намдаагүйгээр үл барам улам өндрөө авсаар байна. Энэ асуудал нэгэнт Монголын хилээс хальж, олон улсын хэвлэлээр ч шуугисан хэвээр. БНСУ иргэнийхээ эрх ашгийг хэрхэн хамгаалдгийг бид энэ өдрүүдэд хангалттай харлаа. Монголын төрийн том албан хаагчийг хэрхэн "жижигрүүлж" буйг Солонгосын хэвлэлүүд хангалттай мэдээлэв. Тэгвэл улсынхаа нэрийг олон улсад цуурайтуулсан, өөрийн хөлс хүчээ урсган байж амжилтын төлөө тэмцэж яваа эмэгтэй тамирчид яагаад бэлгийн зүй бус дарамтад өртөх ёстой гэж. Нэгэнт ийм зүйл байсан хэвээр гэдгийг судалгаагаар нотолчихоод байхад чимээгүй суух нь зүйд нийцэх үү. Зураг тавьснаар тэднийг хүчирхийлэлд өртөж болох аюулаас сэрэмжүүлж байгаа хамгийн тод хэлбэр болохоос зарим нэгний ойлгож мушгиж байгаа шиг нэр хүндэд нь халдсан явдал огт биш билээ. Өнөөдөр бидний дунд бэлгийн хүчирхийлэл байна гэж Ме Тоо хөдөлгөөнд нэгдэн зургаа авахуулсан эмэгтэйчүүд, мөн энэ олон спортын алдартнуудыг бүгдээрээ хүчирхийлэлд өртсөн гэж хэн ч хэлдэггүй, бас боддоггүй юм. Харин тэд ингэж нүүр царайгаа гаргаж тэмцсэнээрээ хаана ч байдаг хамгийн далд, хүмүүсийн ойлгож мэддэг хэрнээ хэлж ярьж чаддаггүй хүчирхийллийг багасгахад, үгүй болгоход хамгийн үр дүнтэй тэмцэл болж байдаг юм. Монголын сор болсон тамирчдын эрх ашиг солонгос бүсгүйн өгзөгнөөс хямд гэж үү. Хэрхэвч ийм байж таарахгүй. Тиймдээ ч манай сонин шударга бус зүйлийн эсрэг үргэлжлүүлэн тэмцэж, спортын фронт дээр “дайтаж” яваа тамирчдыг энэ тэмцэлд нэгдэхийг уриалсаар байх болно. 










A

Жижиг

A

Дунд

A

Том

Боловсруулах үйлдвэрээ дэмжих бус сөхрүүлэх төлбөрт “баяртай” гэж хэлье

 0 сэтгэгдэл

ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ИХ СУУДЛЫН ХУРАЛДААНЫ ШИЙДВЭР АЛДАГДАЛ НЬ ХОЁР ИХ НАЯД ДАВСАН 2020 ОНЫ ТӨСӨВ, ТҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАСГИЙН ГАЗАРТ ХҮНДХЭН БУУЛАА. СОНГУУЛИЙН ДАРАА АМЬДРАЛ УРЬДЫНХААРАА ҮРГЭЛЖИЛНЭ, УЛС ОРОНД ТУЛСАН ӨР ТӨЛБӨРӨӨ БАРАГДУУЛАХ ХУГАЦАА ЗОЛГОНО. ХАРАМСАЛТАЙ, ТӨСВӨӨ БАЙДГААРАА ТЭЛСЭН ЗАСГИЙН ГАЗАР ЗӨВХӨН ӨНӨӨДРӨӨ БОДОН АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ АШИГЛАЛТ ТӨЛБӨР АВАХ НЭРЭЭР БОЛОВСРУУЛАХ САЛБАРАА БАЛЛАЖ МЭДЭХЭЭР БАЙНА.

Засгийн газар зөвхөн өнөөдрөө бодон Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авах нэрээр боловсруулах салбараа баллаж мэдэхээр байна. Ирэх жилийн төсөв тойрсон маргаан намжих шинжгүй байна. Түүхэндээ байгаагүй өндөр зарлагатай төсөв УИХ-д өргөн мэдүүлсэн Засгийн газар уул уурхайгаас хамаг орлогоо олно гэж тооцоолсон. Сонгуулийн жил учраас байгаа нөөц, боломжоо тэд тултал нь ашиглахаар шийдсэн хэрэг. Гэвч Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр алдагдал нь хоёр их наядаар хэтэрсэн 2020 оны төсөв, түүнийг хэрэгжүүлэх Засгийн газарт хүндхэн буулаа. Сонгуулийн дараа амьдрал урьдынхаараа үргэлжилнэ, улс орон тулсан өр төлбөрөө барагдуулах хугацаатай золгоно. Харамсалтай нь, төсвөө байдгаараа тэлсэн Засгийн газар зөвхөн өнөөдрөө бодон Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр авах нэрээр боловсруулах салбараа баллаж мэдэхээр байна. 12.9 их наяд төгрөгийн орлоготой байхаар төлөвлөсөн төсөв АМНАТ-ийн шийдвэрээс болоод 1.3 их наяд төгрөгөөр буурахаар болж байгаа. Баахан хөрөнгө оруулалт хийхээ зарлачихсан эрх баригчдад энэ хэмжээний орлого дутна гэдэг аюул. Төсвийн алдагдал ийм тохиолдолд одоо байгаагаас улам талийж өгнө гэсэн үг. Үүнийг бууруулъя гэвэл хөрөнгө оруулалтаа үр ашгаар нь эрэмбэлж, өөрсдийн үрэлгэн зардлыг хумих учиртай. Зөвхөн сонгуулийн жилийн төсвийг санхүүжүүлэхийн тулд дөнгөж хөл дээрээ тэнцэж буй боловсруулах үйлдвэрийнхээ өсөлт, хөгжлийг боомилж боломгүй. Эдийн засгийн тусгаар тогтнол аж үйлдвэржилт, хүнд үйлдвэрээс эхэлдэг. Тиймээс төсвийн орлого бодож холын зорилгоо умартана гэдэг төрийн зорих хэрэг биш юм. Ашигт малтмалын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгосноор Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр үгүй болж байгааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар цухалдан байж илэрхийлсэн. Түүний эгдүүцэх нь аргагүй байх, төсөв нь орлогогүй болж байхад. Гэхдээ 1.3 их наяд төгрөгийн орлого олохын тулд хэдэн арван их наяд авчрах үндэсний аж үйлдвэрийн бодлогоосоо Монгол Улс ухарч болохгүй. Уул уурхайн салбарт ухаад зөөдөг нь бус угааж боловсруулдаг нь, нэмүү өртөг шингээдэг нь илүү хэрэгтэй байна. Улс орны амьдралд ч энэ хэрээр өөрчлөлт, дэвшил гардаг нь хууль. Уул уурхайн салбараас Засгийн газар 3.2 их наяд төгрөгийн орлого олох бөгөөд үүний гуравны нэгийг Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр бүрдүүлэхээр байсан. Татвар бус төлбөрийн орлого. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд дээрх Үндсэн хуулийн Их суудлын хуралдааны гаргасан шийдвэртэй холбогдуулан Сангийн сайдтай эсрэг байр суурьтай байгаагаа хэвлэлээр илэрхийлсэн. Цэцийн шийдвэр гарсан цагаас хойш төсвөөс илүү АМНАТ олон нийтийн анхаарлын төвд байна. “Хоёр удаа АМНАТ авч болохгүй” хэмээн УИХ-ын даргаар ажиллаж байсан эрхэм хэлсэн. Монголын ашигт малтмалаар ажиллаж, амьдардаг 140 гаруй боловсруулах үйлдвэр бий. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарахаас өмнө бүгд АМНАТ-ийг дахин төлөхөөр байв. Өөрөөр хэлбэл, АМНАТ давхардсан байлаа. Энэ нь УИХ-ын хариуцлагагүй байдлаас улбаатай болохыг судлаачид хэлж байгаа юм. Гол хэргийн эзэн нь хууль тогтоох УИХ гэсэн үг. Дээрх Цэцийн гаргасан шийдвэрээс үүдэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар Засгийн газар ажиллаж эхэллээ. Энэ оны гуравдугаар сарын 26-нд Засгийн газрын хуулийг батлахаас өмнө Монгол Улс жонш баяжуулах, зэс баяжуулах, нүүрс угаах, гангийн үйлдвэр зэргээс дээрх татварыг авдаггүй байсныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга онцолсон. Харин хуулийн нэмэлт өөрчлөлтөөр бүгдээс нь авдаг болохоор өөрчилжээ. Уул уурхайн салбарт боловсруулах үйлдвэр хоёр янз байгаа бөгөөд дэргэдээ боловсруулах үйлдвэртэй компаниудад АМНАТ давхардахгүй юм. Харин тусдаа байгуулсан үйлдвэрт давхардал үүсээд байгаа аж. Боловсруулах үйлдвэрээ дэмжих бус сөхрүүлэх хуулийн өөрчлөлтийг УИХ даруй засахгүй бол байгаа үйлдвэрүүд нь хаалгаа барихад хүрэх нь. Иргэн С.Баярмаагийн Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээлэл ч ихээхэн ул суурьтай байж, нэг бүтээгдэхүүнээс гурван хэлбэрээр төлбөр авахаас гадна НӨАТ гээд нийт дөрвөн төрлийн татвар авч байгааг гаргаж тавьсан. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт бус УИХ-ын баталсан хууль өөрөө асуудлын бай, маргааны шалтгаан болоод буй. Боловсруулах үйлдвэрээ дэмжиж аж үйлдвэрийн цогцолбор байгуулах нь манай улсын олон жилийн хүсэл мөрөөдөл. Үүнийг бодит ажил болгоход боловсруулах үйлдвэрүүдэд АМНАТ ихээхэн чирэгдэл удахаар байгаа юм. Аж үйлдвэр хөгжсөн орнуудад боловсруулах үйлдвэр ДНБ-ий 30-40 хувийг эзэлж байхад манай улсад энэ дүн 10 хувиас ч хэтрэхгүй. Үүнийг хоёр, гурав дахин нэмэгдүүлж чадвал ам.долларын ханш буурна, айл өрхийн орлого ч нэмэгдэнэ гэсэн үг. Эрх баригч намын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт ч томоохон ордыг түшиглэн нүүрс угаах, гүн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжихээ амласан. Гэвч одоо үүсээд буй нөхцөл байдал энэ бүхний эсрэг байна. Засгийн газар ч уг асуудал дээр санал зөрөлдөж эхэллээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам боловсруулах үйлдвэрлэлээ авч үлдэхээр зүтгэж байгаа бол Сангийн сайд төсвийн орлого бодон гэдийж сууна. 







A

Жижиг

A

Дунд

A

Том

Ц.Пүрэвдорж: Манай компанийн нэрийг барьж Манжуур руу аялуулах нь олширлоо

Нэг хүн нас барсан асуудал “Хэрсүү жаал” гэх компанитай холбоотой юм билээ

 0 сэтгэгдэл


Монголдоо аял­лын топ компанийн нэг “Монгол аялал” компанийн шугамаар Манжуурын чиглэлд аялсан нэг хүн хоолны хордлогын улмаас нас барсан гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл энэ мэдээлэл хэр үнэн болохыг “Монгол аялал” компанийн захирал Ц.Пүрэвдоржоос тодрууллаа. Тус компани 20 жилийн өмнө анх байгуулагдсанаасаа хойш аялагчдыг 27 оронд аялуулдаг болсон юм.

“МОНГОЛ АЯЛАЛ” КОМПАНИЙН НЭРИЙГ БАРЬЖ ХҮМҮҮСИЙГ АЯЛУУЛЖ БАЙГАА ТОХИОЛДОЛ ЦӨӨНГҮЙ ГАРАХ БОЛЛОО. ҮҮНИЙ УЛМААС НЭГ ХҮНИЙ АМЬ ЭРСЭДСЭН ХАРАМСАЛТАЙ ХЭРЭГ ГАРСАН. МАНАЙ КОМПАНИАР АЯЛАХ ГЭЖ БАЙСАН ХҮНИЙГ ХУУРАН МЭХЭЛЖ АВЧ ЯВСАН БАЙНА ЛЭЭ. ХУУЛЬ БУС ИЙМ ЗҮЙЛТЭЙ БИД ХЭЗЭЭ Ч ЭВЛЭРЭХГҮЙ.

-Цахим хэрэгслээр танай компанитай холбоотой нэг хэрэг цацагдаад байгаа. Тодруулбал, танай шугамаар Манжуур явсан нэг аялагч хоолны хордлогоор нас барсан гэх юм. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?


-Манайх аялал жуулчлалын салбарт 20 жил ажиллаж байна. Гэтэл сүүлийн үед манай компанийн нэрийг барин хүмүүсийг аялуулах тохиолдол цөөнгүй гарах боллоо. Үүнээс болж нэг хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг ч гарлаа. Энэ нь хувь хүн болон жижиг компаниуд манай нэрийг барьж хямд зардлаар авч явсан байна лээ. Энэ нь эргээд эрсдэл дагуулж байгаа юм. Манай компанид өмнө нь ажиллаж байгаад гарсан хэдэн хүн хялбар аргаар мөнгө олох гэж ийм зүйл сэдсэн байсан. Ер нь Манжуурт “Монгол аялал”-ын аялал нэр хүндтэй байдаг юм. Тиймээс тус хотод очсон ихэнх хүн “Монгол аялал”-аар явж байна гээд хуурамч нэр барьдаг юм билээ. Хямд, баталгаагүй аяллыг бүү сонгоорой гэж иргэдэд анхааруулж хэлмээр байна.

-Нас барсан хүнийг судалж үзсэн. Та нас барсан хүний тухай олж мэдэв үү?


-Судалж үзсэн. Гэтэл манай компаниар яваагүй юм билээ. Манайхаар явах гэж байсан хүнийг ямар нэгэн аргаар хууран мэхэлж авч явсан болж таарсан. Есдүгээр сарын эхээр Манжуур хотод 60 гаруй хүн хоолны хордлогод орж, нэг хүн нас барсан. Энэ нь бидний нэрийг барьсан “Хэрсүү жаал” гэх компанийн авч явсан хүнд тохиолдсон хэрэг юм билээ. Үүний хор уршиг хожим нь заавал гардаг болохыг мэргэжлийн хүмүүс хэлдэг. Ер нь хямд аялал байнга эрсдэл дагуулдаг. Манай компанийн нэрийг барьж хэд хэдэн удаагийн аялал зохион байгуулж, бидний үйл хэргийг санаатайгаар гутаах, нэр хүнд унагаах асуудал гарсанд үнэхээр харамсаж байна. Цаашид үнээр биш чанараар өрсөлдөхийг бусад аялал жуулчлалын ком-панид уриалмаар байна. Монголд үйл ажиллагаа явуулдаг аялал жуулчлалын томоохон компаниуд энэхүү уриалгад нэгдэх хэрэгтэй. Тэгэхгүй бол жижиг компани, эсвэл байгууллагад ажилласан хэн нэгэн дур зоргоороо бидний нэр хүндэд халдаж байна. Тиймээс хамтдаа таслан зогсооё. Шударга бус өрсөлдөөнийг үгүй болгохын тулд бид ямар ч компанитай хамтарч ажиллахад бэлэн байна.

-Нэр барина гэхээр яг яана гэсэн үг вэ. Тухайн хүн танай компанийн үнэмлэх, бичиг баримттай явсан хэрэг үү?


-Яг ч тийм биш. “Монгол аялал”-аас ярьж байна гэхээр л хүмүүс итгэсэн хэрэг. Биеийн байцаалт зэрэгтэй нь ч тодорхой танилцаагүй юм билээ. Манай компанид ажиллаж байгаад гарсан хүн “Монгол аялал”-ын салбарыг нээсэн гэж хүмүүст яриад жуулчид авч явсан байсан. Та бүхэнтэй уулзсан дээрээ хуурамч нэр хаяг зүүж, аялал жуулчлалын бизнес эрхлэгчдэд хандаж нэг анхааруулга хэлье. Хятадын тал албан ёсны бус, нэр зүүсэн аяллуудыг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдэж, журам гаргасан байна билээ. Тиймээс хүмүүс авч явж байгаа бол бүх зүйлээ албажуул. Хууль бус ажиллагаа битгий хий. Өөрсдийнхөө нэр хүндийг алдаж, хүмүүст чирэгдэл учруулна. Бидний нэрийг барьж аялал хийсэн хүмүүсийн зарим нь буруугаа хүлээж уучлалт гуйсан.

-Танай компаниар дамжуулж аялахыг хүсвэл заавал гэрээ хийх үү?


-Тэгэлгүй яах вэ. “Монгол аялал” компанийн байранд ирж гэрээ хийвэл илүү баталгаатай, найдвартай. Эрсдэл гарлаа гэхэд буух эзэн, буцах хаягтай байна гэсэн үг.

-Танай компаниар дамжуу-лан Манжуур-Улаанбаатарын аялалд явбал ямар үнэтэй байдаг вэ?

-250-280 мянган төгрөгийн үнэтэй. Бид дөрвөн одтой зочид буудалд жуулчдаа байрлуулдаг цорын ганц компани. Таван одтой зочид буудалд хоолыг нь өгдөг. Үнэ дагаж чанар яригдах ёстой гэдэг зарчмыг манай компани баримталдаг.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хюгге хэв маяг танд аз жаргал, тав тух бэлэглэнэ

 0 сэтгэгдэл

Нэхмэл цамц, зөөлөн шаахай өмсөж, хөвсгөр хивсэн дээр тухлан, ноосон бүтээлэг дэлгэж, вино шимэн, ил галын дэргэд сууж буй дүр зургийг бид ихэвчлэн европ киноноос харсан. Үзэхэд төдийгүй уншихад тав тух мэдрэгдэх эл хэв маягийг Хюгге хэмээдэг. Тав тухтай, тансаг амьдралыг илэрхийлдэг хюгге хандлага нь Дани улсаас гаралтай. Даничуудын хувьд баярлах шалтгаан бусад европчуудтай харьцуулахад тийм ч их биш. Учир нь цаг агаарын байдал тогтворгүй, эрт харанхуй болдог, өндөр өртөгтэй, татварын дарамт их, урт цагаар ажилладаг. Гэвч тэд өвөрмөц амьдралын философитой тул аз жаргалтай байдаг гэнэ. Хюгге гэдэг үг 2016 оны Оксфордын толины хамгийн түгээмэл үгсийн жагсаалтад багтжээ. Түүнчлэн энэ сэдвээр хэдэн арван ном хэвлэгдэн гарсан байна. Эдгээрээс хамгийн алдартай нь Ану Партенаны The Nordic Theory of Everything: In Search of a Better Life ном юм. Энэ номыг Опра Уинфри хүртэл санал болгосон байдаг. Хюгге гэх үгийн яг нарийн орчуулга байдаггүй ч “Тав тух” гэсэн утгыг илэрхийлдэг аж. Энэ нь норвеги хэлнээс гаралтай үг бөгөөд “Энх амгалан” гэсэн утгыг мөн агуулдаг. Тус хэв маягийн хамгийн гол санаа нь халуун дулаан уур амьсгал бүрдүүлж, ойр дотнын хүмүүстэйгээ амьдралын аз жаргалтай мөчүүдийг мэдрэх юм. Тухайлбал, гэр бүл, найзуудын хүрээнд оройн зоог барих, ном унших, халуун ваннанд орох, сайхан үнэртэй лаа асаах, камин зуух ширтэх, модон байшинд амьдрах, зөөлөн даавуу мэдрэх, шанзтай нарийн боов амтлах зэрэг олон зүйлсийг хюгге гэж хэлж болно. Амьдралын энэхүү хэв маягийг бүрдүүлдэг хамгийн гол зүйл нь халуун дулаан уур амьсгал, дотно харилцаа, уучлах чадвар, амар тайван, тав тухтай байдал юм. Хэрэв энэ философийг амьдралдаа хэв шүүлбэл аз жаргалтай, амар тайван орших боломжтой.

Хюгге хэв маягийг хэрхэн бүрдүүлэх вэ

ЗОЧИН УРЬ

Гэр бүл, найз нөхөдтэйгээ цахим сүлжээгээр харьцах нь бодит байдлыг хэзээ ч орлож чадахгүй. Харин хайртай хүмүүстэйгээ уулзаж, цагийг хамтдаа өнгөрүүлэх нь аз жаргал нэмэгдүүлж, стресс, айдас, түгшүүрийг багасгадаг. Тиймээс хюггег дотны хүмүүсийнхээ хүрээнд бүрэн утгаар нь мэдрээрэй.

АМТТАЙ ХООЛ ХИЙЖ СУРААРАЙ


Гэртээ зочин урьж, хайртай дотнын хүмүүсээ өөрийн гарын хоолоор дайлаарай. Түүнчлэн зөвхөн хоол биш бялуу, мөхөөлдөс, жигнэмэг зэргийг хийн гэртээ аз жаргалыг түгээж хэвших нь хюгге юм. Энэ талаар Аз жаргалын судалгааны хүрээлэнгийн захирал асан Майк Викинг “Амттан, жигнэмэг бол хюгге. Кофе, халуун шоколад ч гэсэн хюгге. Харин луувангийн савх зэрэг нь онц биш юм” хэмээсэн байдаг.

ГЭР БОЛОН АЖЛЫН ӨРӨӨГӨӨ ТОХИЖУУЛ

Юуны өмнө гэр болон ажлын өрөөгөө тав тухтай, тансаг байдлаар тохижуулаарай. Үүний тулд гэрэлтүүлэг, лаа, зөөлөн дэр, бүтээлэг зэргээр чимж, ханан дээр зураг өлгөж, гал тогооны хэрэгслээ ч чамин байхаар сонгох нь чухал. Эдгээр жижиг зүйлс гэрт тав тухтай байдлыг авчирдаг төдийгүй дулаан уур амьсгал бүрдүүлэхэд тус болдог. Гэхдээ даничуудын хэрэглэдэг гоёл чимэглэл анхаарал татахуйц тансаг биш. Тэд энгийн хэрнээ тансаг зүйлийг сонгохыг эрхэмлэдэг. Мөн мод, ноос, шавар зэрэг байгалийн бүтээгдэхүүнийг илүүд үздэг аж.

ТАВ ТУХТАЙ ХУВЦАС ӨМС


Өндөр өсгийтэй гутлын оронд кет, пүүз, богино хүрэмний оронд пальто, дулаан свитер, зөөлөн ороолт, урт цамц, өргөн өмд гэх мэт. Гэхдээ эдгээр зүйл байгалийн гаралтай материалаар хийгдсэн байх хэрэгтэй. Товчхондоо завгүй, стресс ихтэй өдөр тутмын амьдралдаа түүртэх бус амьдралын хором бүрээс аз жаргал мэдэрч, илүү цоглог, эрч хүчтэй амьдрахыг л хюгге хэв маяг хэмээж буй юм. Замын түгжрэл, утаа угаар, уур бухимдал стрессээр дүүрэн Монголын нийгэмд энэ хандлага дутагдаж байгаа нь анзаарагддаг. Тиймээс завгүй, залхуутай амьдралын хэв маягаа өөрчлөөд үзээрэй.

Нийслэлд хюгге хэв маягийн кафе бий


Завгүй хүмүүс холхих хөл хөдөлгөөн ихтэй нийслэл хотын төвд хюгге хэв маягийн Horned Owl хэмээх кафе бий. Тус газрыг Данид дөрвөн жил амьдарсан Э.Халиун гэх эмэгтэй удирдаж буй юм. Тэрбээр unread.mn сайтад өгсөн ярилцлагадаа “Даничуудын амьдралын хэв маягийг хараад үнэхээр шүтэх болсон. Найз нөхөд, гэр бүлийнхэн гээд хамгийн тааламжтай байх хүмүүстэйгээ тав тухтай орчинд байж, өөрийнхөөрөө, тайван, жаргалтай мэдрэмжийг авах амьдралын тэр хэв маягийг хюгге гэж нэрлэдэг. Тавлаг орчинд тухлан лаа асааж, магадгүй ил галын дэргэд сууж, кофе, вино уунгаа хоорондоо ярилцдаг. Товчхондоо бол байгаа орч-ноосоо огт өөр орчин руу үсэрч орохтой төстэй. Түүнээс хойш ийм хэв маягийг Монголдоо бий болгохыг хүсдэг болсон юм. Манай хот завгүй, стресс ихтэй болохоор бүр ч тохирох юм шиг санагдсан” хэмээсэн байдаг.