A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/434/

“Эрдэнэс Таван толгой”-н хувь заяаг шийдэхэд дэндүү “нялх” байна

1.2 сая иргэн хувьцааныхаа 30 хувийг 300 мянган төгрөгөөр зарсан

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/434/

Хятадууд “Эрдэнэс Таван Толгой”-н хувьцааг худалдаж авч байна гэсэн сургаар Урт цагааны гудамж яг л хар зах шиг олны хөлд дарагдсан цаг саяхан. Цуу ярианд итгэж, өдөржин, шөнөжин дугаарласан хүмүүст сүйхээтэй нэгэн нь хуушуур, бууз хүртэл зарж, ашиг олж байлаа. Энэ бол монголчууд хувьцааны талаар ойлголт муутай, үнэ цэнийг нь мэддэггүй, хэдхэн өдрийн хоолны мөнгөөр солиход ч бэлэн гэдгийг харуулсан хамгийн ойрын тод жишээ. Үүнээс хойш иргэдийн санхүүгийн мэдлэг, боловсрол ялимгүй дээшилсэн ч хувьцааны ашиг тусыг төдийлэн ойшоохгүй хэвээр байна. Ялангуяа, “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 ширхэг хувьцаанд хандах иргэдийн хүлээлт, хандлага эрс буурчээ. Энэ нь эргээд 1072 үнэгүйдэх эрсдэлд хүргэж мэдэхээр байна. Гэтэл сүүлийн хэдэн өдөр монголчууд нийтээрээ хувьцааг нь эзэмшдэг ганц төрийн өмчит компанийг хөрөнгийн бирж дээр бүртгэж, хувьцааг нь арилжаалах талаар хэлэлцүүлэг өрнүүлж эхэллээ.
Нээлттэй компани болгох уу, хаалттай хэвээр байлгах уу, хэдэн хувийг нь иргэдэд өмчлүүлэх вэ зэрэг маш олон санал гарч байна. Ирэх сонгуулиас өмнө амь оруулах, иргэдэд хувь хишгийг нь хүртээх ёстой гэсэн саналыг цөөнгүй эдийн засагч, улстөрч хэлж буй. Гэвч үүнд олон нийт бэлэн үү. Хувьцаагаа арилжих эрхтэй болмогц хоолны хэдэн төгрөгөөр зарж, цөөн хэдэн олигархын гарт “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа төвлөрөхгүй гэсэн баталгаа байна уу. 1990 онд өмч хувьчлалын үеэр монголчуудын олонх нь ягаан, цэнхэр тасалбараа хоолны мөнгөөр сольчихсон. Тухайн үедээ хувьцааны тухай арай мэдээлэл, мэдлэгтэй байсан хэсэг нь үүнийг нь цуглуулж аваад хур баячууд болцгоосон түүх бий. Үүнээс хойш хадгаламж зээлийн хоршооны өндөр хүүтэй хадгаламжид хууртсан иргэд хошуурч очоод л мөнгө, хөрөнгөөрөө тоглочихсон. Хамгийн сүүлд гэхэд криптовалютын арилжааны мөн чанарыг ойлголгүйгээр мөн л шуурч ороод цөөнгүй иргэн эндээс хохирсон. Энэ мэтээр монголчуудын олонх нь богино хугацаанд хялбар аргаар л мөнгө олохоор байвал эрсдэл, ирээдүйгээ боддоггүй гэдгийг харуулах олон жишээг хэлж болохоор байна. Манай улсын хөрөнгийн зах зээл 2010 оноос хойш идэвхжиж, иргэдийн оролцоо нэмэгдэж байгаа. Компаниуд хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох буухиаг амжилттай үргэлжлүүлж байна.

Хөрөнгийн зах зээлийн арилжаанд хүн амын тав орчим хувь нь л оролцдог

Гэвч энэ бол монголчууд нийтээрээ хөрөнгийн зах зээлийн тухай зөв ойлголттой болж, арилжаа хийх чадвар, мэдлэгтэй болсон гэсэн үг биш. Одоогоор хөрөнгийн зах зээлд 3-5 мянган хүн л оролцдог гэсэн тооцоо байдаг. Хамгийн ихээр бодоход хүн амын таван хувь нь л энэ салбарт их, бага хэмжээгээр оролцдог гэдгийг эдийн засагчид хэлдэг. Өөрөөр хэлбэл, үлдсэн 95 хувь нь энэ зах зээлээс хөндий байдаг гэсэн үг. Хадгаламжийн тоо, хэмжээнээс ч энэ дүр зургийг олж харж болно. Нийт хадгаламжийн 80-90 хувийг таван хувь нь л эзэмшиж буй. Мөн хөрөнгийн зах зээл дэх хувьцааны төвлөрөл ч ийм харьцаатай байдаг. Тэр мэдлэг, мэдээлэлтэй хэсэг бүлэг хүмүүст “Эрдэнэс Таван толгой”-н хувьцаагаа амь оруулах нь ашигтай байдаг л байх. Гэхдээ тэдний эрх ашгийн төлөө бусад 90 гаруй хувийг хохироож болохгүй. Дундаж давхарга нь маш эмзэг, ядуучууд нь улам туйлдаж буй энэ нийгэмд хүчтэй нь хүчгүйгээ гэдэг зарчим жинхэнэ утгаараа үйлчилнэ гэсэн үг. Ерөөсөө л цөөн хэдэн хүн хэвлэл мэдээллийн хэрэгслээр, нийгмийн сүлжээгээр хувьцаа, арилжаа яриад байгаагаас биш монголчууд нийтээрээ 1072 хувьцааг амь оруулахыг шахаж, шаардаад байгаа ч юм биш. Таван толгой бол стратегийн маш чухал орд. Манай улсын коксжих нүүрсний экспортын 30 хувийг дангаараа бүрдүүлдэг. Монголыг арав, хорь биш зуун жилээр тэжээх ирээдүйтэй уурхай. Тиймээс түүний хувьцааны багц, удирдлагын эрх хэний гарт очихыг хар масст даатгана гэдэг дэндүү том алдаа болно.

• Иргэдийн 60-аас дээш хувь нь 1072 хувьцаагаа хоолны мөнгөөр сольчихооргүй болсон үед л “Эрдэнэс Таван толгой”-н хувьцааг нээлттэй арилжаалж эхлэх шаардлагатайг эдийн засагчид анхааруулж байна.
• Дараагийн ээлжийнхэн хоолондоо орохоос өмнө гэж яаруу, сандруу шийдвэр гаргаж болохгүйг улстөрчдөд хатуу сануулмаар байна.
• Хувьцаагаа арилжих эрхтэй болмогц хоолны хэдэн төгрөгөөр зарж, цөөн хэдэн олигархын гарт “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа төвлөрөхгүй гэсэн баталгаа байна уу.

Ялангуяа, иргэдийн гуравны нэг нь ядуу амьдарч байгааг тооцохгүй орхиж болохгүй. Хүүхэд нь уранхай гутал хувцастай, гэр нь хоногийн хоолгүй үгээгүй хоосон иргэдэд тав, арван жилийн дараах хувьцааны өгөөж огт хамаагүй. Наанадаж “Эрдэнэс Таван толгой”-д бараа бүтээгдэхүүн зардаг компанийн мэдэлд очвол тэнд жинхэнэ шахааны бизнес цэцэглэнэ. Цаанадаж гаднын нэг улсын мэдэлд шилжихийг ч үгүйсгэхгүй. Бидэнд стратегийн орд, уурхайн асуудалд эхнээсээ нухацтай хандахгүй бол дараа нь хэчнээн уйлж гуйгаад, загнаж зандраад ч нэмэргүй гэдгийг “Оюутолгой”-н гэрээ маш тод харуулж буй. Тиймээс ядаж иргэдийн 60-аас дээш хувь нь 1072 хувьцаагаа хоолны мөнгөөр сольчихооргүй болсон үед л “Эрдэнэс Таван толгой”-н хувьцааг нээлттэй арилжаалж эхлэх шаардлагатайг эдийн засагчид анхааруулж байна. Ерөнхийлөгч Х.Баттулга энэ талаар “Сонгуулийн мөчлөг, улс төрийн нөхцөл байдлаас шалтгаалж тоглолт хийдгийг болиулах ёстой. Энэ хувьцааг иргэд эзэмшдэг ч зарагдахгүй, улстөрчид үүнд оролцохгүй байх ёстой” гэж байр сууриа илэрхийлсэн. Ийнхүү 1072 хувьцааг амь оруулж, хувьцааг нь арилжихад монголчууд бэлэн биш байна.

Харин ногдол ашиг тараахад “Эрдэнэс Тавантолгой” компани өөрөө бэлэн биш байгаа юм. Өнгөрсөн жилүүдэд олсон ашгаа Хүний хөгжил сангийн өрөнд өгсөөр компанийг үнэлэх, судлах ажил орхигджээ. “Энэ уурхайг 2010 оноос хойш судлалгүйгээр ухсан. Нарийвчилсан судалгаа хийгээгүй учраас уурхайг үнэлэх боломж гараагүй. Зургаан тэрбум тоннын баялагтай гэдэг нь дөнгөж таамаг нөөц. “Эрдэнэс Таван толгой” компани жил гаруйн өмнөөс л судалгааны ажил хийж эхэлсэн. Олсон бүх мөнгийг нь төр хамаад авчихдаг учраас нүүрсний үнэ өсөхөд олборлолтоо нэмэхийн тулд зээл авдаг. Цаашдаа ядаж хоёр жилийн эрсдэлээ даах хэмжээний сантай байх ёстой” гэж “Эрдэнэс Таван толгой” компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүн П.Өлзийнаран өгүүлэв. Мөн MICC брокер, диллерийн компанийн гүйцэтгэх захирал Д.Ачит-Эрдэнэ ногдол ашиг тараахын оронд компанийн дэд бүтэц болон бусад төслүүдэд хөрөнгө оруулалт хийх нь зүйтэй гэдгийг дурджээ. Бушуу туулай борвиндоо баастай гэдэг үг бий. 2020 оны сонгуулиас өмнө, дараагийн ээлжийнхэн хоолондоо орохоос өмнө гэж яаруу, сандруу шийдвэр гаргаж болохгүйг улстөрчдөд хатуу сануулмаар байна.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Д.Энхбат: Нүүрс баяжуулах өндөр технологи бүтээж, хөгжүүлж чадлаа

“Агаарын тунаах машин” нүүрсийг чанараас нь үл хамааран баяжуулдаг

 0 сэтгэгдэл


ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн Ашигт малтмалын баяжуулалтын технологийн судалгааны профессорын багийн профессор Д.Энхбаттай агаарын урсгал ашиглан нүүрс баяжуулах технологийн талаар ярилцлаа. Тус судалгааны багийнхан усгүй бүсэд нүүрс баяжуулах технологийг лабораторын түвшинд хөгжүүлж, цаашид үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр ажиллаж буй юм.


-Тун чухал технологийн талаар сонсогдсон. Энэ тухай яриагаа эхэлье?

-Манай нүүрсний ихэнх нөөц говьд байдаг тул нүүрс баяжуулах усгүй технологийг хөгжүүлэх хэрэгтэй гэж үзсэн. Агаарын урсгалыг ашиглан нүүрсэн дэх шороо, чулууг нь ялгадаг энэ технологи ус хэрэглэдэггүй, мөн өвлийн улиралд халаалт, дулаан шаардахгүй ашиглах боломжтой тул Монголын нөхцөлд яг тохирсон арга юм. Тэгээд ч манайд нэвтэрсэн хуурай аргаар нүүрс баяжуулдаг импортын технологи өндөр түвшнийх биш. Тиймээс өөрсдөө нүүрсээ хуурай аргаар илүү өндөр түвшинд боловсруулах технологи гаргаж авах боломж хангалттай байхад гаднаас өндөр үнээр худалдаж авах шаардлагагүй. Ийм зорилгоор энэ технологио хөгжүүлж, лабораторийн түвшинд “Агаарын тунаах машин” зохион бүтээсэн юм. “Агаарын тунаах машин”-ы технологи нүүрсний чанараас үл хамаардаг тул эрчим хүчний, коксжсон болон хагас коксжсон нүүрсний аль алинд нь хэрэглэж болно.


-Туршилтаа ямар төрлийн нүүрсээр хийсэн бэ. Үр дүнгээс нь хуваалцана уу?

-Нарийн сухайтын ордын нүүрс ашигласан. Тэндэхийн нүүрс бусад ордынхоос маш нарийн ширхэгтэй. Ер нь хуурай аргаар баяжуулах технологи нарийн ширхэгтэй нүүрсэнд тохиромжгүй байдаг. Нүүрсний ширхэг нь таван мм-ээс доош бол үйлдвэрлэлд хэрэглэдэггүй. Гэтэл бид 0.5 мм хүртэл нь баяжуулж үзсэн. Нүүрсээ нэлээд сайн ялгаж чадсан. Өөрөөр хэлбэл, туршилт маш амжилттай болсон гэсэн үг. Манай нүүрс олборлогчид нүүрс баяжуулах туршилт хийлгэхдээ байнга л гадагшаа ханддаг. Харин “Агаарын тунаах машин”-аа үйлдвэрлэлийн түвшинд хөгжүүлвэл компаниудын эл асуудлыг шийдэхийн зэрэгцээ экспортын нүүрсний чанарыг сайжруулах юм. Одоогоор МАК-д л Хятадын FGX гэдэг хуурай аргаар баяжуулах технологи нэвтэрсэн. Гэхдээ тоосжилт их байгаа тул ашиглаж чадахгүй байгаа. Бусад уурхай нойтон аргаар л нүүрс баяжуулж байна.


-Энэ технологиос өмнө манайд баяжуулалтын өөр ямар технологиуд байв?

-Судалгааны түвшинд хийгдсэн сэгсрэх ширээ, тунаах машинтай төстэй технологиуд бий. Гэхдээ тоног төхөөрөмж биетээр нь хийж, мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх хүртэл төсөл болгож хэрэгжүүлсэн нь манайх.


Компани, лабораториуд худалдаж авах сонирхлоо илэрхийлсэн


-Агаарын урсгалыг ашиглан нүүрс баяжуулах технологийн хэрэглээ бусад улс оронд хэр түгээмэл вэ?

-Германы All Аir, Хятадын FGX, Өмнөд Солонгосын Cut, Оросын CPR зэрэг хэд хэдэн технологи бий. Бидний технологи Германы All Air-тай төстэй. Гэхдээ All Air- ын патентыг 2001 онд авсан бол минийх 1991 оноос хойш судалж, хөгжүүлсэн технологи юм. Дэлхий нийтэд хуурай аргаар баяжуулах технологийн хэрэглээ бараг шинэ зүйл. Голдуу уламжлалт буюу нойтон аргаар л баяжуулж байна. Манай улс усны нөөц багатай тул хуурай аргаар баяжуулах технологи нэвтрүүлэх нь зайлшгүй хэрэгтэй. Энэ бол цаг хугацааны л асуудал. Нүүрсний нөөц багасаад ирэнгүүт ямар ч уурхай нүүрсээ баяжуулахаас өөр аргагүй болдог.


-Овор хэмжээ, бүрдэл хэсгүүдийн талаар мэдээлэл өгнө үү?

-Хуурай аргаар баяжуулах тоног төхөөрөмж нь тоосгүйжүүлэгч, агаарын урсгал өгдөг гол төхөөрөмж болох вентилятор, хавхлаг, хяналтын гээд их энгийн бүтэцтэй. Дараагийн ээлжинд төвөөс зугтах хүчний тусгаарлагч гэх мэт хэсгүүд шаардлагатай.


-Засгийн газраас дээд боловсролыг инновацитай холбох бодлого баримталж, олон ч төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Үүний нэг нь танайх. Нүүрсний компаниуд хэр зэрэг сонирхож байна вэ?

-Одоогоор мэр сэр хандаж байгаа хүмүүс бий. Мөн үйлдвэрлэлийн түвшинд хөгжүүлбэл худалдаж авах сонирхлоо илэрхийлсэн лабораториуд ч байна. Гэхдээ хуурай аргаар нүүрс баяжуулах технологийг дотооддоо хийж эхэлсэн гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй байгаа. Төсөл маань ашигт малтмалын баяжуулах технологид гаргах олон дэвшлийн эхлэл гэж харж байгаа. Яваандаа өөрсдөө тоног төхөөрөмжөө хийж, сайжруулж, дэлхийн хэмжээнд борлуулдаг загвар болгохоор зорьж байна.


-Таны төсөл хэдий хугацаанд хэрэгжсэн бэ. Санхүүжилтийг нь Азийн хөгжлийн банк олгосон гэж сонссон?

-БСШУСЯ их сургуулиудын судалгааны ажлыг дэмжих зорилгоор Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр манай сургуулийн 19 төсөлд гранд олгосон. Эдгээр төслийн нэг нь манайх юм. Үндсэндээ нэг жилийн хугацаанд 28 сая төгрөгөөр хэрэгжсэн. Үр дүн нь маш сайн гэж дүгнэсэн. Судалгаа хийх сонирхол дээд боловсролын түвшинд их байгаа. Гэвч санхүүжилт олоход маш хүндрэлтэйг та бүхэн мэдэж байгаа байх. Манай улс судалгаа, хөгжүүлэлтэд ДНБ-ийхээ дөнгөж 0.25 хувийг зарцуулдаг.


• Агаарын урсгалыг ашиглан нүүрсэн дэх шороо, чулууг нь ялгадаг энэ технологи ус хэрэглэдэггүй, мөн өвлийн улиралд халаалт, дулаан шаардахгүй.

• Өөрсдөө нүүрсээ хуурай аргаар илүү өндөр түвшинд боловсруулах технологи гаргаж авах боломж хангалттай байхад гаднаас өндөр үнээр худалдаж авах шаардлагагүй.

• Дэлхий нийтэд хуурай аргаар баяжуулах технологийн хэрэглээ бараг шинэ зүйл.


Гэтэл Африкийн дундаж улсад 0.4 хувь байдаг юм шүү дээ. Тамирчинтай зүйрлэвэл, маш авъяаслаг тамирчинд дасгал сургуулилалт хийх боломж байхгүй байна л гэсэн үг. Тиймээс улсын хэмжээнд ийм ажлын цар хүрээг өргөжүүлэх хэрэгтэй гэж би боддог.


-Яг уул уурхайн салбарт тусгайлан харвал их сургууль, компаниудын хамтын ажиллагаа ямар түвшинд байна вэ?

-2012 он хүртэлх ШУТИС-ийн судалгааны ажлыг харвал 60 хувь нь компаниудын захиалгаар хийсэн байдаг. Гэхдээ эдгээр судалгаа нь тухайн байгууллагын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх 1-6 сарын хугацаатай төслүүд юм. Хэдийгээр байгууллагууд өөрсдөө инноваци нэвтрүүлж байгаа ч яг их сургууль, судлаачидтай бол шинэ мэдлэг бий болгох хэмжээнд хамтарч ажилладаггүй. Өөрөөр хэлбэл, компаниудын хувьд шинэ мэдлэг бий болгохоосоо илүү ашигтай ажиллахаа нэн тэргүүнд тавьж байна. Үүний цаад шалтгаан нь Монгол Улс хөгжлийн бодит концепц байхгүйтэй холбоотой. Уг нь ихэнх улс орон дэлхийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулсан өөрийн гэсэн хөгжлийн концепцтой. Дэлхийд 2020 он хүртэл нано, мэдээллийн, биотехнологи гэсэн гурван технологи зонхилно. Харин 2020-2030 онд нано болон био технологи, 2030 оноос цааш биотехнологийн гэсэн нэг л эдийн засаг байх судалгаа гарсан байдаг. Энэ судалгааг БНСУ ашиглаж, 2005 оны үеэд 10 тэрбум ам.доллараар шинжлэх ухааны парк байгуулсан.


-2030 он тун ойрхон санагдаж байна л даа. Уул уурхайн салбарт биотехнологи нэвтрэх боломжтой юу?

-“Эрдэнэт”-ийн уулын овоолгоос “Ачит Ихт” компани катодын зэс гаргаж авч байгаа. Овоолгыг уусгахад бактер ашиглаж исэлдүүлэх үйл явцыг хурдасгадаг. Өөрөөр хэлбэл, байгалийн шавхагддаг нөөцтэй энэ салбарт гидро металлургийн түвшинд биотехнологийг илүү хэрэглэх боломжтой гэж харж байна. Зэсийн ядуу хүдэр угаас байгаль дээр исэлддэг. Биотехнологи үүнийг хурдасгаж өгнө гэсэн үг. Мөн уурхайгаас гарч байгаа бохир усыг цэвэршүүлэх, нөхөн сэргээлт, уурхайн хаалтын түвшинд хамгийн их хэрэглэх болов уу. Уурхай байсан газарт эргээд хүн, мал амьдрах нөхцөл бүрдүүлэхийн тулд биотехнологийн ач тус их байна. Мөн том хотуудыг дагаад электроникийн хаягдал уурхай үүсэж байна. Электроникийн хаягдлыг гидро металлургийн технологийн тусламжтай ялгаж авдаг. Тийм учраас энэ чиглэлээр биотехнологийн нарийн мэдлэг мөн шаардагдах байх.


-Тэгвэл нүүрсний салбар хаашаа явах ёстой вэ?

-Уур амьсгалын өөрчлөлтөд нүүрс болон бусад олборлодог түлшний бохирдол гол нөлөө үзүүлж буй тул НҮБ-аас нүүрсний хэрэглээг хязгаарлаж байгаа. Манай улсын хувьд ямар нэг эх үүсвэрээс орлого олж байх хэрэгтэй. Тиймээс өрсөлдөх чадвараа сайжруулахын тулд нүүрсээ баяжуулах хэрэгтэй. Олборлолт, боловсруулах, баяжуулалт байгальд ээлтэй, ажиллаж байгаа хүмүүстээ халгүй байх ёстой гэсэн дэлхий нийтийн жишгийг дагах ёстой. Нэгэнт уул уурхайн бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлийн лангуун дээр тавьж байгаа бол энэ жишгийг дагах нь зүйтэй.




A

Жижиг

A

Дунд

A

Том

Шуналдаа дийлдсэн сэтэртнүүдийн бай татвар төлөгчид байх ёсгүй

Орон нутгийн шантаажчид бүтээн байгуулалтыг боомилж байна

 0 сэтгэгдэл

Жилд 900 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай, 200 орчим сая ам.доллараар уурхай, хүдэр боловсруулах үйлдвэр ашиглалтад оруулсан нэгэн компанийг манай сумын удирдлагын төв байр, спорт залыг засаж, замын хажууд мод тарьж өг гэж Засаг дарга нь “лүндэн буулгажээ”. Сумын Засаг дарга эл үйлдлээ тухайн компаниар нийгмийн хариуцлагыг нь биелүүлж, орон нутгийнхаа тулгамдсан асуудлыг шийдсэн гэж андуурч сууна. Харин уурхайн удирдлага иймэрхүү шалдар булдар ажлуудаа орон нутгийн хөгжилд оруулсан хувь нэмэр, хамтын ажиллагааны үр дүн хэмээн төр засгийн удирдлага, бодлого боловсруулагчдад сийхгүй танилцуулж байх юм.

Гэтэл аймгийн Засаг даргатай хамтын ажиллагааны гэрээгээ шинэчлэхэд тохиролцож чадахгүй байгаагаа уурхайн удирдлага дуулгалаа. Албан бус эх сурвалжийн хэлснээр усаа 85 хувь дахин ашигладаг тус уурхайгаас ус ашигласны төлбөр гэж замбараагүй их мөнгө Засаг дарга нь нэхсэн гэнэ. Энэ бол орон нутгийн удирдлага шат шатандаа гадаадын хөрөнгө оруулагчидтай ойлголцох чадавх ямар өрөвдмөөр түвшинд байгааг алган дээр дэлгэсэн мэт тод томруун харуулж буй хоёр жишээ. Өөр нэгэн баримт. Саяхан зүүн бүсэд томилолтоор явахад орон нутгийн удирдлагаас гадна хөрш зэргэлдээх аймаг сумдын удирдлага баялаг бүтээгчдэд балагтай болж буй тухай мэдээ дээд байгууллагуудын чихийг халууцууллаа. Сүхбаатар аймгийн Төмөртийн овооноос цайрын хүдэр олборлодог компанийн үйл ажиллагаанд Дорноговь аймгийн зүгээс өдөр алгасалгүй дарамт учруулж эхэлсэн байна. “Цайрт Минерал” ХХ К нь өдөрт дөрвөн машин цайрын баяжмал Сүхбаатар хотоос Сайншанд хүртэл авто замаар тээвэрлэж, түүнээс цааш төмөр замаар экспортолдог аж. Авто тээврээ Сүхбаатар, Дорноговийн тус бүр нэг тээврийн компаниар гүйцэтгүүлдэг бөгөөд Дорноговийн 190 км автозамыг ашигладаг. Зам ашигласны төлбөр болгож тус аймгийн удирдлагатай 700 сая төгрөгийн, дөрвөн жилийн хугацаатай гэрээ байгуулсан байна. Гэрээ нь хоёр дахь жилдээ хэрэгжиж буй ч өнгөрсөн жил гэрээний гүйцэтгэлээ урьдчилаад 100 хувь төлжээ.

• “Орон нутгийн шантааж, удирдлагын зохисгүй авираас болж засаглал сайтай хөрөнгө оруулагчид үргэж байна.
• Гагцхүү унах унаа, орон байр нь данхайж, орон нутгийнх нь хөгжил хумигдсаар.
• Нийгмийн хариуцлага нэрийн дор компаниудаас зохих ёсны төлбөр тооцооноос гадна заавал илүүг нэхдэг жишиг орон нутагт тогтоод удлаа.

Гэвч энэ жилээс дорноговийнхон гэрээнээс гадуур төлбөр нэхэж, тээвэрлэлтийг чинь зогсооно гэж өдөр бүр дарамталж буй аж. Тус уурхай жилд улсад 35-69 тэрбум төгрөгийн татвар төлж, орон нутагтаа жил бүр 1.5 тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалт, үйлдвэрлэл дэмжсэн ажлууд хийдэг. Тэрчлэн Говь-Алтайд полиметаллын хайгуулынхан дөнгөж ажлаа эхлээд байхад нь жийптэй хэдэн нөхөд ирж, “олз”-оо тэнцүү хувааж авъя гэсэн “санал тавьжээ”.

Нийгмийн хариуцлага бол нийгэм, эдийн засагт сөрөг нөлөөгүйг хэлнэ

Хайгуулын экспедицийнхэн хариуд нь полиметаллын ордын хайгуул хийж буй учраа хэлэхэд, тэгвэл бидэнд падгүй гээд орхижээ. Яг ийм аргаар олз хуваахыг санаархагчид алт олборлодог компаниудыг илүүтэй ангуучилдаг. Уг нь дээд байгууллагаас зохих зөвшөөрлийг нь өгсөн тул тухайн компани хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж, татвараа төлөх учиртай. Гэтэл нийгмийн хариуцлага нэрийн дор компаниудаас зохих ёсны төлбөр тооцооноос гадна заавал илүүг нэхдэг жишиг орон нутагт тогтоод удлаа. Ялангуяа, найр наадам, нутгийн ой тохиох жил бүр их холгодог.

Тэгээд энэ бүхнээ нийгмийн хариуцлага нэрийн дор халхалж, дүрэм журам ярьсан бүтээн байгуулагчдыг “нийгмийн лицензгүй” гэж даапаална. Мэргэжлийн ойлголтоор бол уурхай нийгмийн хариуцлагатай байна гэдэг нь нийгэм, эдийн засагт сөрөг нөлөөгүй байхыг хэлдэг. Харин ажлын байр нэмэгдүүлж, дэд бүтцийн бүтээн байгуулалт хийж байгаа бол эерэг нөлөө нь тэр. Түүнээс биш аймаг, суманд спорт зал барих, цэцэрлэг сургуулийн дээвэр засварлах, эс бөгөөс малын халдварт өвчин, байгалийн гамшгийн үед давхар хариуцлага үүрэх нь уурхай болон бусад салбарын бүтээн байгуулагчдын хувьд заавал хийх ёстой ажил биш. Энэ бүхнийг улсын нэгдсэн төсвөөс санхүүжүүлж, орон нутаг бүрэн хариуцах үүрэгтэй. Гэтэл одоо орон нутагт үйл ажиллагаа явуулж буй бүтээн байгуулагчид улсад татвар төлөхөөс гадна орон нутгийн удирдлагад хаялгатай байгаа нь яг үнэндээ нэгдмэл Монгол Улс холбооны зохион байгуулалтад орж байна уу гэж эмзэглэмээр. Бас аймаг, сумдын засаг дарга хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллах, бүс нутаг байтугай аймаг, сумынхаа хэмжээнд уул уурхайн үр өгөөжийг хөгжил болгож бойжуулах чадваргүй байгаа нь харамсалтай. Газрын доорх ямар их баялгаа гаднынханд өгч байгаа билээ дээ. Хариуд нь жийп, хаус, сонгуулийн мөнгөнөөс илүүтэй орон нутагтаа үлдэх томоохон ажил хийчих сэтгэлтэй, чадвартай удирдагч байдаггүй гэж үү. Нэрээ нууцлахыг хүссэн нэгэн эх сурвалж “Орон нутгийн шантааж, удирдлагын зохисгүй авираас болж засаглал сайтай хөрөнгө оруулагчид үргэж байна. Оронд нь өнөө маргаашаа бодсон дарга нарыг аргацааж сурсан хятадууд эсвэл нинжа нар л үлдлээ шүү дээ” гэсэн юм. Өмнөх нийгмийн үед Засаг дарга ямар түвшний удирдагч байх ёстойг домог болсон хөдөлмөрийн баатрууд болох Ч.Чулуун, Р.Минжүүр, Г.Лодойхүү нар харуулж байсан. Тэр үед өнөө цагийнх шиг зам тээвэр, харилцаа холбоо хөгжөөгүй ч нутгаа гэсэн хоёргүй сэтгэлээр тэмээн жин хөтлөөд Монголын нэг захаас нөгөө хязгаарт хүрч малын үүлдэр угсаагаа сайжруулж, газар тариалан хөгжих том бааз бий болгосон түүх бол тэднийх. Харин одоогийн засаг дарга нар үлгэр домог мэт санагдах ийм их үйлсийг хүчирдэггүй юм гэхэд ядаж эрчим хүч, зам тээвэр, үйлдвэр хөгжүүлж, ажлын байр нэмэгдүүлэхэд уул уурхайн компаниудын удирдлагатай ойлголцох учиртай, уг нь. Социализмын үеийн дарга нартай харьцуулахад одоо үеийнхэн бүгд л Удирдлагын академийн диплом өвөртөлсөн, боловсролын хувьд бараг л илүүрхэхээр. Даанч компанийн удирдлагатай ойлголцох хэмжээний чадавх тэдэнд алга. Тиймдээ ч нутгийг нь зориод очсон хөрөнгө оруулагчидтай нутагтаа үлдэцтэй, ард иргэдтэй хэрэгтэй хамтын ажиллагаа явуулж чадахгүй байна. Гагцхүү унах унаа, орон байр нь данхайж, орон нутгийнх нь хөгжил хумигдсаар. Эзэнгүйдсэн тэдгээр нутагт XVIII, XIX зууны зэрлэг өрнөд шиг хэн дуртай нь очоод буу тавьж байсан жишээ саяхных.






A

Жижиг

A

Дунд

A

Том

Хайгуулгүй уул уурхайн салбар хад мөргөсөнтэй адил

Монголын нөөц дундраагүй, бид л баялгаа нээж чадахгүй байна

 0 сэтгэгдэл

Эрэл хайгуулын үйл ажиллагаа саарснаар эрчимтэй хөгжиж асан уул уурхайн салбар царцахад хүрч мэдэх нь. Газрын хэвлий доор хэн ч атаархам их баялагтай гэж аархдаг монголчууд ухах орд уурхайгүй болсон гэвэл итгэхэд бэрх. Гэвч Монголын нөөц дундарсандаа биш бид л баялгаа нээж чадалгүй, арчаагүй царайлж байна. 2010-аад оны үед улсын төсөвт дэм болж байсан жоншны салбар амьсгал хураагаад удлаа. Жоншны салбарын баталгаат нөөцийг өнгөрсөн хугацаанд барж дууссан. Одоо нэмж илрүүлсэн нөөцгүйгээс энэ салбар хана мөргөчихөөд байна. Алт, зэс, нүүрс, төмөр гээд эрдсийн нөөцөөр дэлхийд дээгүүрт бичигддэг Монгол Улс эл баялгаа эрэн хайж, бүрэн илрүүж чадалгүй сууж буй нь ичмээр ч юм шиг. Ингээд бодохоор монголчууд бид жинхэнэ утгаараа “алтан дээр суусан гуйлгачин” болчихож. Жоншны салбарын мөхөл бусад түүхий эдэд ч давтагдахад ойрхон байна. Ялангуяа, эдийн засгийн хүнд үед аминд ордог алтны салбарыг энэ гашуун түүх дайрах вий. Алтны салбарын үүцийг задалсан 1990-ээд оноос хойших 30-аад жилийн дотор алтны шороон ордын нөөц дуусах дөхлөө. Одоо ахин олборлъё гэвэл газрын гүнийг онгичихоос өөр аргагүй болсон.

Уг нь геологи хайгуулын салбар олборлолт, үйлдвэрлэлээсээ 15-20 жилийн өмнө алхах ёстой. Ингэж гэмээнэ олборлох орд уурхайг бэлэн болгодог. Гэвч 1990-ээд оны дунд үеэс манай геологи хайгуулын салбар зогсож, тээр ард хоцорчихсон. Үүнийг ч уул уурхайн салбарынхан хүлээн зөвшөөрдөг. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Геологийн бодлогын газрын дарга Б.Мөнхтөр “Уул уурхайн салбарын эрэмбэ дараатай бодлого алдагдаад 20-иод жил болчихсон. Иймээс салбарын урт хугацааны бодлогыг эргэн харах нь зүйтэй” хэмээн хүлээн зөвшөөрч байна. Монголын геологи хайгуулын оргил үе нь 1960-1996 онд тохиож, орд уурхайг олноор нээн, илрүүлсэн. Энэ баялаг одоо биднийг тэжээн, монголчууд хэрүүл, хэлцэлтэй ч эрдэс баялгаа хуваан идэж буй нь үнэн. Гэтэл ургаж төлждөггүй уул уурхайн баялаг хэзээ нэгэн цагт шавхагдаад дууслаа гэхэд Монголыг хэн, юугаар тэжээх вэ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдээлснээр Монгол орны нутаг дэвсгэрийн 99.9 хувьд дунд, 31.1 хувьд том масштабын геологийн зураглал, ерөнхий эрэл хийж буй. 2018 он гэхэд улсын төсвийн 13.3 тэрбум төгрөгөөр газрын хэвлийг судална. Харин хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт 300 орчим тэрбум төгрөгөөр хэмжигдэнэ гэж Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлэв. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Цаашид улсын төсвийн хөрөнгөөр хийх геологийн судалгааны ажил болон санхүүжилтийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх бодлогыг үргэлжлүүлнэ” хэмээн мэдэгдээд байгаа. Энэ сарын байдлаар хайгуулын 1687 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна.

Гэвч идэвхтэй хайгуул хийж буй нь цөөн. Уул уурхайн салбар идэвхжсэн 2011, 2012 оных шиг хайгуулын ажил оволзож байгаа юм алга. Гэтэл энэ хугацаанд манай ил орд, уурхайн нөөц шавхагдаж, илүү хөрөнгө оруулалт, хүч шаардсан гүний хайгуул, олборлолтын үе тулж ирээд байна. “Монгол Улс гадаргуу дээрх ихэнх ордоо олж, олборлож байгаа. Ахиад олъё гэвэл гүн рүү судалгаа хийж, өрөмдөх шаардлагатай” гэж Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, геологич Д.Бат-Эрдэнэ Asia Mining сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Ер нь сүүлийн жилүүдэд монголчуудыг хэдэн арван жилээр нь тэжээн тэтгэх Оюутолгой, Цагаан суварга, Тавантолгойн дайтай орд, уурхай илэрсэнгүй. Ийм хэмжээний том орд олъё гэвэл илүү гүн рүү ухахаас өөр гарцгүй болчихоод буй. Гэтэл “Оюутолгой”-г эс тооцвол гүний уурхайд бие даан хайгуул, олборлолт хийж буй монголчуудын туршлага хэр билээ.

• Алт, зэс, нүүрс, төмөр гээд эрдсийн нөөцөөр дэлхийд дээгүүрт бичигддэг Монгол Улс эл баялгаа эрэн хайж, бүрэн илрүүлж чадалгүй сууж буй нь ичмээр ч юм шиг

• Алтны салбарын үүцийг задалсан 1990-ээд оноос хойших 30-аад жилийн дотор алтны шороон ордын нөөц дуусах дөхлөө. Одоо ахин олборлъё гэвэл газрын гүнийг онгичихоос өөр аргагүй болсон.

• Хувьсамтгай хууль эрхзүйн орчинтой байхад Монголд итгэж хөрөнгө оруулах, тэгээд бүр тэр даруйдаа орлого авчирдаггүй хайгуулын салбарт мөнгөө цутгах “гэнэн” хөрөнгө оруулагчид хэр олон бол.

Түүхий эдийн үнэ унасан өнгөрсөн жилүүдэд хайгуулын хөрөнгө оруулалт дорвитой өндийсөнгүй. Ялангуяа, 2012-2015 оны хооронд хайгуулын хөрөнгө оруулалт тасралтгүй уруудсан. Монголчууд ч өнөөдрийн уушги нь дээр гэсэн шиг уул уурхайн хөгжлийн угтал болсон хайгуулын салбарт санаа зовьниж байгаа юм алга. Харин ч хайгуулын салбарт хайр найргүй хошуу дүрсээр байна. Өнгөрсөн хугацаанд хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг хэдэн ч удаа зогсоож, болиулав даа. Техникийн доголдлоос эхлээд "улс төрийн" саатал хүртэл Монголын баялгийг эрэх хайх ажлыг гацааж дөнгөж байна. Уг нь эрэл хайгуул нь манай эрдэнэс баялгийн нөөцийг нэмнэ үү гэхээс биш ухаж, сэндийчиж, уруудан доройтуулахгүй. Дээрээс нь олон ааштай эм шиг хувирч, холбирсон хууль эрхзүйн орчин хайгуулыг хамгаас хойш татдагийг хөрөнгө оруулагчид хэлдэг. Ганцхан жишээ гэхэд, уул уурхайн салбарын малгай хууль болох Ашигт малтмалын тухай хуульд 2008 оны арванхоёрдугаар сараас өдийг хүртэл 29 удаа нэмэлт, өөрчлөлт орсон гээд бод! Ийм хувьсамтгай хууль эрхзүйн орчинтой байхад Монголд итгэж хөрөнгө оруулах, тэгээд бүр тэр даруйдаа орлого авчирдаггүй хайгуулын салбарт мөнгөө цутгах “гэнэн” хөрөнгө оруулагчид хэр олон бол. “Монгол Улс олон улсын түвшинд хууль эрх зүйн тогтворгүй орчинтой, хөрөнгө оруулагчдыг үргээдэг найдваргүй орны тоонд ороод байна” хэмээн энэ оны гуравдугаар сард болсон “Монголын геологи, хайгуул-2018” чуулганы үеэр Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны ерөнхийлөгч Ч.Энх- Амгалан өгүүлсэн нь үнэн. Өнгөрсөн гуравдугаар сард Канадын Торонтод болсон Олон улсын уул уурхайн салбарын хайгуул, олборлогчдын чуулганы үеэр ч татварын ойлгомжгүй орчноос болж хайгуулын салбарын хөрөнгө оруулалт хойшилж байна хэмээн оролцогчид шүүмжилж байв. Улс төр, хууль эрхзүйн олон “ааш”-тай зэрэгцээд орон нутгийн иргэдийн эсэргүүцэл ч хүчтэй хэвээр байгаа.

Үүнээс шалтгаалан аж ахуйн нэгжүүд төлөвлөсөн хайгуулын ажлаа царцаахад хүрч, үйл ажиллагаа нь зогссон гэрээлэгч компаниудын тоо ч өсөх хандлагатай байжээ. Дээрээс нь хайгуулын салбарт боловсон хүчний хомсдол нүүрлээд буйг геологи, уул уурхайн ЧБНБ компанийн захирал Г.Чинбат хэлж байна. Геологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж буй их, дээд сургуульд техник геологийн түвшинд бус нарийн мэргэжлийн болон зураглалын чиглэлээр бэлтгэж төгсгөх шаардлагатай гэж тэрбээр үзэж буй юм. Хууль эрхзүй, түүхий эдийн, таваарын ханш, улстөржилт, боловсон хүчний хомсдол гээд хайгуулын салбарыг хойш нь татах хүчин зүйлс мундахгүй байна. Хамгийн гол нь, эрэл хайгуулгүйгээр эрдэс баялгийн салбар урагшлахгүй нь ойлгомжтой. Гэтэл уул уурхайгүйгээр улсын хөгжлийн талаар ярих бүр ч хэрэггүй болно. Тиймээс өчүүхэн шалтгаар өөнтөг хийн хайгуулаа харамлаад байх аваас унах нүх, мөргөх ханаа бэлдэж буйгаас өөрцгүй билээ.






A

Жижиг

A

Дунд

A

Том

Уул уурхайн төсөвт төвлөрүүлсэн орлого 1.5 дахин өслөө

 0 сэтгэгдэл

Эрдсийн экспорт энэ оны дөрөвдүгээр сард нийт экспортын 91 хувийг бүрдүүлж, 1.9 тэрбум ам.долларын орлого оруулжээ. Энэ хугацаанд Монгол Улс 2.4 сая баррель буюу 340 мянган тонн газрын тос олборлож, 300 мянган тонныг экспортлоод байна. Ингэснээр газрын тосны салбар улсын төсөвт 73 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Харин энэ сарын 8-ны байдлаар улсын хэмжээнд ердийн хэрэглээний 38 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Түүнчлэн ашигт малтмалын нийт 3330 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байгааг салбарын яамнаас мэдээлсэн Үүний 1,687 нь хайгуулын, 1,643 нь ашиглалтынх аж. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 4.5 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 798.8 тэрбум төгрөгөөр өслөө. Энэ өсөлтийг нүүрс болон металлын хүдэр бүрдүүлжээ. Тэрчлэн энэ оны эхний дөрвөн сарын байдлаар улсын төсөвт 694.8 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 229.8 тэрбум төгрөг буюу 1.5 дахин өсчээ. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар тутам зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хурлын үеэр энэ талаар танилцууллаа.

Мөн энэ үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазараас зарим асуултад хариулт авлаа.


-“Оюутолгой”-н гэрээг шалгах Ажлын хэсгийн ахлагчийг өнгөрсөн долоо хоногт солилоо. “Оюутолгой” тойрсон хяналт шалгалтын талаар мэдээлэл өгөөч?

-”Оюутолгой” төсөлтэй холбогдуулан Монгол Улсын төрийн захиргааны бүхий л байгууллагуудад шалгалт орж байгаа. Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд шалгалт ороогүй. Ажлын хэсгийн дүгнэлт гарсны дараа УИХ, Засгийн газарт дараагийн шийдвэрүүдийг ярих болов уу.

-Татварын ерөнхий газраас “Оюутолгой”-д 155 сая ам.долларын акт тавьсан байна. Үүнийг нь “Оюутолгой”-н хөрөнгө оруулагч хүлээн зөвшөөрөхгүй учраас Арбитрт хандахаа мэдэгдэж байсан. Салбарын сайдын хувьд та ямар байр суурьтай байна вэ?
-Татварын асуудалд хоёр талаас Ажлын хэсэг байгуулсан. Цаашид талууд харилцан ярилцаж байж асуудлыг шийдвэрлэх ёстой. Том төслүүд жижиг зовлонг байнга дагуулж байдаг. “Оюутолгой” бол гаднын төсөл биш. Энэ бол Монгол Улсын төсөл. Үүнийг бүү улс төржүүлээсэй гэж хүсэж байна. Улс төржүүлдэг ч сэдэв биш. Арбитрт хандах эсэх нь өөрсдийнх нь шийдвэр. Ярилцаж байгаад шийдвэрлэх нь зөв. Юм л болбол арбитрт хандаад байж болохгүй.

-Хууль бус ашигт малтмалын лиценз олгосон асуудлыг хуулийн байгууллагуудтай хамтран шалгана гэж байсан. Шалгалтын ажил хийгдсэн болов уу?
-Хууль бус тусгай лицензүүдийг шалгахыг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгасан. Хууль бус лицензийг цуцлах эрх нь бий.