A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2091/

Эрдэнэтэд онцгой байдал зарласнаар сонгууль хүртэл тендергүй худалдан авалт хийх эрхтэй болжээ

“Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголдоо авчирсан явдал гэмт хэрэг юм бол буруутан нь төр, засаг өөрөө юм

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2091/


Монголд үнэхээр гунигтай цаг үе ирж байгаа юм байна. Хамгийн өөдрөг үзэл бодолтой нэгэн ч шантарч байна шүү дээ. Нийгмийг өнөө цагийн эрх баригчдын өвөр хоорондын эд хөрөнгө, мөнгө, эрх мэдлийн төлөөх ил цагаандаа гарсан өрсөлдөөн жинхэнэ бузарлаж гүйцлээ. Бухимдал, хараал, хэрүүл, өш хонзон, үзэн ядалт, атаа хорслоос өөрийг тэд энэ улс оронд түгээхээ байлаа. Үр дүнд нь гэрэл гэгээтэй болгонд хорсож, нурааж, эвдэж, сүйрүүлэхийг тэчьяадсан хүн сүрэг бүтээгдэж байгаа нь аюултай. Бие биеийнхээ сайн сайханд чин сэтгэлээсээ талархаж чаддаггүй, шал худлаа зантай, бялдууч долдой, эргээд хэн нэгнийхээ нуруунд “ хутга зоодог”, бас хэдийд ч “зооход” бэлэн, хаашаа ч хуйларч болзошгүй тэрхүү “таг харанхуй масс” эрх баригчдыг адын хүслээ гүйцээхэд нь тулгуур болж улам өдөөнө. Энэхүү тулгуур “цул хар бүтээл”-ийг хэдий чинээ өсгөж томруулна төдий чинээгээр тав тух, тансаг нөхцөл, ямар ч хуулийг давж, яаж ч даварч болох эрх чөлөө, дур зоргоор хангагдана гэдгээ эрх баригчид сайн мэднэ. ийм эрх баригчид ард түмний төлөө юу ч хийдэггүй юм. тэд төрөөр зүгээр л “айл гэр” болж тоглодог. Улс гэрийг бусниулж, бусдын босгосныг дээрэмдэж тононо, хураана. Тэгээд үйлдлээ ШУДАРГА ЁС, ӨӨРСДИЙГӨӨ ЭХ ОРОНЧ гэцгээдэг бүр тогтсон танил хэллэгтэй. Шуудхан хэлэхэд энэ төрлийнхнийг ПОПУЛИСТУУД, үг, үйлдлийг нь “ПООПРОХ” хэмээн монгол хүн бүр таньдаг, нэрлэдэг болжээ. Хамгийн гол нь улс орны, нийтийн эрх ашгийн төлөө юу ч хийж чаддаггүй, хоосон ярьдаг улстөрчид л “ПООПОРДОГ”. Нэн ялангуяа улс орны залуур, жолоог атгаж байгаа эрх мэдэлтнүүд популизм хийгээд байвал тухайн улс, ард түмэнд маш хохиролтой, аюултай гэдэг юм билээ. Яагаад, гэвэл хий хоосон популизм улс  орныг ядуурал хоосролд оруулж, ард түмнийг самууруулж, үнэнийг үзэн яддаг болгодог. Тэгвэл Монголд ПОПУЛИЗМ жинхэнэ гаарч, өнөөдөр бүр оргилдоо туллаа. Монголын улс төр ганцхан популизмаар амьсгалж байна. Үүний тод жишээг Засгийн газраас ХХБ-ны удирдлагуудын эсрэг дэглэж найруулсан операц харууллаа. Энэхүү тавилттай жүжиг хэрхэн эхлэв?

ЗГХЭГ-ЫН ДАРГА Л.ОЮУН-ЭРДЭНИЙН ДЭЛГЭСЭН НУУЦ БИШ НУУЦ

Аливаа популизм аймаар сүржин, сүртэй байдгийн жишгээр энэ операцыг Монгол Улсын сайд Л.Оюун-Эрдэнэ эртнээс бэлтгэж, найруулсан зохиолынхоо дагуу үнэхээр дуулиантай эхлүүлэв. Эхлээд тэр Монгол Улсын эрх ашигт асар хохирол учруулсан байж болох НУУЦ-ад нэвтэрснээ нийтэд сүртэйгээр зарласан. Ингэхдээ тэр ямар их баяртай байгаагаа нуухыг хүсээгүй, инээгээд л байлаа. Шинэхэн сайдын удахгүй дэлгэнэ гэсэн нууц олон нийтийг гижигдсэн нь мэдээж. Үүнийг хүлээж байсан сайд нууцаа ч дэлгэлээ. Гэтэл нөгөө хүмүүсийн хүсэн хүлээсэн нууц нь ямар ч аж ахуйн нэгж, банк, санхүүгийн байгууллагуудын хооронд болж байдаг л үйл явдал байсныг ЗГХЭГ-ын даргын маш сүртэй тайлбарласан схемээс бид харлаа. О.Оюун-Эрдэнэ сайд санхүүгийн нарийн мэдлэггүй жирийн иргэдэд гүн сэтгэгдэл төрүүлэхээр тайлбарласан л даа. “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Монголд авахын тулд аж ахуйн нэгж хооронд мөнгө босгосон тэр схемийн нууц, бас аюултай тал нь тэгээд юу байсан гэж! тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшилд авахдаа төрийн мөнгөөр авсан байж болзошгүй, санхүүгийн эх үүсвэр босгосон схем нь үүнийг гэрчилнэ гэсэн мэдээллийг Л.Оюун-Эрдэнэ урьдчилан тараасан. Монголбанк,  ХХБанк хооронд байгуулсан своп-гэрээ хэлэлцээрийн дагуу нийлүүлсэн мөнгийг л төрийн мөнгө ашигласан гэж тооцохгүй  юм бол “Монголын зэс” корпорац цэвэр өөрсдөө мөнгө босгосон байхыг тэр схемээс хэн ч харж болно. ТӨРИЙН МӨНГӨ гэдэг бол төсвийн мөнгө юм. Гэтэл “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авахдаа төсвийн мөнгөнөөс нэг төгрөг ч аваагүй болохыг тэр схемээс монголчууд бүгд харлаа шүү дээ. Энд л гол учир бий гэдгийг дор өгүүлэх болно. Хамгийн гол нь Л.Оюун-Эрдэнийн сүржин дэлгэсэн НУУЦ-ад үнэндээ нууц юм юу ч байсангүй.

• НУУЦ биш НУУЦ-ыг эрх баригчид яагаад гэнэт ингэж сүржин, асар эмоцитойгоор “дэлгэх” болов гэдэг нь сонирхолтой санагдахгүй байна гэж үү?

• Монголын улс төр ганцхан популизмаар амьсгалж байна. Үүний тод жишээг Засгийн газраас ХХБ-ны удирдлагуудын эсрэг дэглэж найруулсан операц харууллаа.

• Иргэд банкнаас зээл авч бизнес хийх нь гэмт хэрэг болно шүү гэдгийг Монголын төр иргэддээ хатуу санууллаа.

Зөвхөн ҮАБЗ-ийн хүрээнд мэдэгдсэн, тэр хүмүүс л мэдэж байсан гэх тэр чухал нууцыг нь гэтэл жирийн иргэд ч мэдэж байсныг ХХБ-ны удирдлагуудыг зориуд сүр дуулиантай баривчлахын өмнөх өдрийн орой С1 телевизээр гаргасан “Цензургүй яриа” нэвтрүүлэг харуулсан билээ. Асар хөрөнгө, хүн хүч, цаг хугацаа зарцуулж эртнээс бэлтгэсэн ажиллагаа байжээ гэдгийг тэр нэвтрүүлгээс олон түмэн ойлгосон. Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцроход л “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг авах асуудлаар Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хуралдсан хуралдааны протокол нийтэд ил болсон байсныг Л.Мөнхбаясгалангаас эхлээд олон сэтгүүлч гэрчилнэ л дээ. Тэгвэл яагаад НУУЦ биш НУУЦ-ыг эрх баригчид гэнэт ингэж сүржин асар эмоцитойгоор “дэлгэх” болов гэдэг нь сонирхолтой санагдахгүй байна гэж үү?

МАН-ЫН ЭРХ БАРИГЧДЫН АЙДАС

Болсон үйл явдалд уншигч та хамтраад жаахан дүн шинжилгээ хийж болно. “Засгийн газрын мэдээ” сонины 2019 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 037 дугаарт “Эрдэнэт”-ийн 51 хувийг шүүхэд авч гарах тархи угаалт албан ёсоор эхэллээ” гэсэн гарчигтай нийтлэл гарсан. Уг нийтлэлд “...гэмт хүн гэлбэлзэхийн үлгэрээр “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг хилийн чанадад дэнчин тавиад алдчихсан хэсэг нөхөд үнэнд гүйцэгдэх дөхөөд дагжин чичирчихсэн явна. Олон улсын арбитрын шүүхийн хугацаа ойртож, Стандарт банкны нэхэмжлэлтэй холбоотой асуудал улам ноцтой болж, хуулийн хугацаа ойртох тусам олон нийтийн анхаарлыг сарниулах, тархи угаах ажиллагаа оролдлогууд ар араасаа үргэлжлэх боллоо ...” хэмээн цааш бичсэн байдгаас учир шалтгааныг хайж болно. Яг энэ нийтлэлийн дараа эрх баригчид 49 хувийнхныг баривчлах операцаа эхлүүлсэн юм. Монгол хүн байгаад, Монголоо гэсэн ухаанаар яаж ч бодоод үзсэн өнөөдөр монголчуудад аваад ирсэн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь нь аюул дагуулаад байна уу, эсвэл хятадын “Стандарт” банкинд барьцаалагдаад, одоо алдахдаа тулаад байгаа 51 хувийн асуудал аюултай юу гэдгийг хүн бүр ойлгоно гэдгийг эрх баригчид энэ удаа тооцоолж чадсангүй. Үнэхээр ЭХ ОРОНЧ, ШУДАРГА зоригтой удирдагчид Монгол Улсыг залж яваа юм бол харьд алдаж буй 51 хувийнхаа асуудалд ухаанаа чилээх учиртай байлаа. Нэгэнт Монголд найдвартай ороод ирчихсэн 49 хувь манай эрх баригчдад хятадад алдахад бэлэн болоод байгаа 51 хувиас яагаад амин чухал “асуудал” гэж!

Яг үнэндээ “Монголын зэс” корпорац, ХХБанкинд монгол хүн бүр талархах нь шударга явдал болно. Одоо эс ч хожим талархах болно гэдэгт би хувьдаа өчүүхэн ч эргэлзэхгүй байна. Ц.Нямдорж сайд тэргүүтний яриад байгаа шиг “Эрдэнэт”-ийн 49 хувь бол монголчууд бидний өмч биш байсан юм. Энэ чинь оросуудын өмч байлаа. Үүнийг гадаадын хэн нэгнээс мөнгө зээлж барьцаанд оролгүй, төсвийн мөнгөнд манай улстөрчид шиг хуруу, хумсаа дүрэлгүйгээр монгол хүн ухаанаа зарж, мөнгө босгоод аваад ирсэн явдал тэгээд гэмт хэрэг болох уу? тэгээд Эрдэнэтийн 51 хувийг гаднынханд барьцаалж, Монголын хувь заяагаар тоглосон МАН-ын эрх мэдэлтнүүдийн хэрэг явдлыг гавьяа гэж үзэж байгаа хэрэг үү ? Монгол Улсын эрхэм Ерөнхийлөгч өө!, Ерөнхий сайд аа! энэ 51 хувь бол жинхэнэ монголчуудын өмч байлаа. Одоо бидний өмч байхаа болих нь. Монголын төр яагаад ийм увайгүй байна вэ? Хятадын “Стандарт” банкинд 51 хувийг барьцаалсан МАН-ын дарга нар, энэ хэрэгт холбогдсон эрхмүүд маш их айн сандарч байгаа юм байна. Тэгээд тэд ялаас мултрахын тулд дээрэм хийхээр шийджээ. Тэд өөрсдийгөө биш, өрөөлд байсан 49 хувийг аваад ирсэн хүмүүсийг, гаднынханд алдсан бус гадна байсныг аваад ирсэн гавьяатнуудыг буруутган золиослохоор шийджээ. Өнөө цагийн хамгийн том эмгэнэл энэ байх биз ээ! Монгол хүн л бол хэн ч үүнийг хэрхэвч зөвшөөрөхгүй нь лавтай.

АЙСАН ХҮН АДУУ ҮРГЭЭДЭГ

Монголчуудаас маш олон зүйлийг эрх баригчид жинхэнэ нууцалж байсныг бид ЖДҮ-ийн дээрэмчдийн хэрэг явдлаас хойш мэддэг болсон. МАН-ынхан дарга нараасаа эхлээд монголчуудаа хэрхэн шулж, шувтарч байсныгаа мартагнуулах гэж маш их хүчин чармайлт гаргаж эхэлж байгаа юм байна. Энэ хэрэг явдал тэднийг хөнтрөх дөхсөн ч, М.Энхболдын асуудлыг босгон түр намжаасан нь үнэн. Гэвч монголчууд мартахгүй ээ! өнөөдрийн УИХ, тэр тусмаа Засгийн газарт ЖДҮ-чид олноороо сууж байгаа. Тэдэнтэй хариуцлага тооцож чадахгүй байгаадаа, бүгд эл хэрэгт холбогдсон болохоор эрх баригчид үхтлээ айцгааж байна. Ямар ч хамаагүй аргаар үйлдсэн гэм нүглээсээ ард түмний анхаарлыг хөндийрүүлэх гэж тэд оролдож эхэлсний түрүүчээс бид харж байна. “Эрдэнэт” үйлдвэрт яасан гэж онц байдал зарлав аа! одоо тэд очоод тононо л доо. Тэд яг ингэдэг юм. Ерөөсөө арга барил нь энэ. ЖДҮ-ийнх нь асуудал нэгэнт ил болоод, сонгуулийн санхүүжилт татах арга мухардахаараа сааж сурсан саалийн үнээгээ “хамгаалалтандаа” авч байгаа нь энэ. Эрх баригчид оролцсон, холбогдсон ямарваа дуулиант хэргийг, түүнээс дутахааргүй дуулианыг босгож байж дарж, олонд мартагнуулдаг технологи олонд одоо ил болсон шүү дээ.  ХХБ-ны удирдлагуудыг олон нийтийн нүдэн дээр ямар сүр, дуулиантайгаар баривчиллаа даа. Нүүр, амаа битүү халхалж, байлдааны буу зэвсгээр зэвсэглэж, сум нэвтэрдэггүй хантааз, хамгаалалт, хуягласан машинтай тусгай хүчнийхэн очоод л... гарыг нь гавлаж, машинуудыг нь хүртэл баривчлаад... тэднийг ингэж сүр бадруулахгүйгээр дуудаж байцааж шалгаж яагаад болохгүй байсан гэж. Нийгмийг, олон нийтийг зориуд ингэж дуулиантуулах нь л эрх баригчдын гол зорилго байсан байна. Энхтайваны гүүрэн дээгүүр дайн байлдаан болсон юм шиг хуягласан машин давхиуллаа. Энэ бүхэн ард түмэнд айдас, түгшүүр төрүүллээ. Биднийг юунд турхираад байна вэ? гэсэн асуулт нээлттэй үлдэж байна. Баялаг бүтээгчдийг үзэн ядах үзэл энэ үйл явдлын үеэр зарим нэгнээс хүчтэй гарч байгааг анзаарсан байх. Алаад, хядаад, буудах юм сан гэсэн үг яриа ил тод гарч байна. Төр, засаг өөрөө ийм зүйлд ард түмнийг уруу татаж байгаа нь гэмт хэрэг мөн үү! хий сүгсэлзэж, сүржигнэсэн ПОПУЛИЗМ нэгэн цагт аюул дагуулах болно шүү гэдгийг эрх баригчид ухаарах хэрэгтэй юм. Айх ёстой жинхэнэ аюул энэ. Айсан хүн адуу үргээнэ гэхчээр Монголын өмч хөрөнгө болох “Эрдэнэт”-ийн 51 хувийг барьцаалсан, ЖДҮ болон бусад сангаас хулгайлж, ард түмнээ шулсан гээд МАН-ын эрх баригчид үйлдсэн хэргээ манантуулж мартагнуулахын тулд марзан хэрэг явдлыг дэглэх гэж оролдлоо. Монголчууд 51 хувийнхаа хувь заяаг одоо эрх баригчдаас, МАН-аас нэхэх хэрэгтэй. Төсвийн мөнгөнөөс хулгайлахаа болихыг тэднээс байнга шаардаж байх ёстой. Баялаг бүтээгчдээ, ажлын байр олгогчдоо, хөгжилд хөтлөгчдөө хайрладаг болцгооё! өмгөөлсөн шиг өмгөөлж сурцгаая! Популистууд та бидний хэнд маань ч гай тарина, авчирна.  Өнөөдөр “Эрдэнэт”-ийн 49 хувийг Монголд авчирсан явдал үнэхээр гэмт хэрэг юм бол буруутан нь төр, засаг өөрөө юм. Тэдэнд зөвшөөрөхгүй байх бүрэн эрх нь байсан. Эцэст нь өгүүлэхэд иргэд банкнаас зээл авч бизнес хийх нь гэмт хэрэг болно шүү гэдгийг Монголын төр иргэддээ хатуу санууллаа.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Эрх зүйн тодорхойгүй байдал үргэлжилбэл 10 тонн алт ч авч чадахгүй

Энэ сарын 31-ний байдлаар 3.7 тэрбумын валютын нөөц бүрдүүлэхийг ОУВС шахжээ

 0 сэтгэгдэл


Монгол Улс 2014 онд ашигт малтмалын нөөц ашигласны татвар /АМНАТ/-ыг 2.5 хувь болгосон. Таван жилийн хугацаатай баталсан уг хуулийн үйлчлэл энэ оны эхнээс дууссан. Хуулийн үйлчлэл дуусахтай зэрэгцээд энэ хугацаанд Монголбанкинд тушаах алтны хэмжээ өмнөх оныхоос 81 хувиар буурсан байна. Харин Засгийн газраас АМНАТ-ын хэмжээг 2.5 хувь байх хуулийн хугацааг сунгах төслийг өргөн барьсныг ээлжит бус чуулганаар хэлэлцэв.

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Өнгөрсөн жил тушаасан алтны хэмжээ зах зээлд шилжсэнээс хойших 30 орчим жилд хамгийн өндөр байсан нь 21.9 тонн. Гэтэл өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад энэ жил 81 хувиар буурсан. Тодруулбал, энэ хугацаанд Монголбанкинд 293.5 килограмм алт тушаасан байна. Алт манай эдийн засагт чухал нөлөө үзүүлдэг стратегийн ашигт малтмал. Төгрөгийн ханш, эдийн засгийн тогтвортой байдал, валютын нөөц бүрдүүлэхэд өндөр ач холбогдолтой. Алтны татвар өссөнөөр хил гаалиар нууцаар гаргах, бие жижиг бүтээгдэхүүн болгож хувиргаад нэвтрүүлэх зэрэг хууль бус үйлдлүүд илэрч байна. Бид бүрэн дүүрэн хянах нөхцөл бүрдээгүй. Тиймээс хил гаалийн хяналтын нөхцөлөө сайжруулаад, дотооддоо бүрэн хянадаг болохын тулд хугацаа хэрэгтэй. Харин энэ хугацаандаа алтаа гадагш нь алдчихмааргүй байгаа юм. Тиймээс 2.5 хувийн татвараа хэвээр нь байлгаад, тэр хугацаанд нь алтаа гадагш алдахгүй байх системийг бүрдүүлье гэж зорьж байна. Түүнээс биш алтны компаниудын лоббинд өртсөн зүйл манай яаманд байхгүй” хэмээн тайлбарлалаа.

Монгол Улс өнгөрсөн жил алтны борлуулалтын орлогоос 50 орчим тэрбум төгрөгийн татвар авчээ. Үүнээс гадна ААН-үүд 10- аад төрлийн татвар мөн төлдгийг салбарын сайд хэлэв. 21.9 тонн алт гэдэг 900 сая ам.доллартай тэнцэх эдийн засаг. алт тушаалт нэмэгдсэнээр валютын нөөцөө нэмэгдүүлэхэд ихээхэн ач холбогдолтой.

Гэтэл энэ сарын 31-ний байдлаар Монгол Улс 3.7 тэрбумын валютын нөөц бүрдүүлэхийг ОУВС шахаж байгаа аж. Магадгүй хуулийн тодорхойгүй ийм байдал үргэлжилбэл энэ онд Монгол Улс 10 тонн алт ч авч чадахгүй гэж Д.Сумъяабазар тодотгосон юм.

“Энэ тохиолдолд бид ам.долларын ханшийг 3000 төгрөг хүртэл алдахыг үгүйсгэхгүй. Юанийн своп хэлцэл, Чингис бондтой холбоотой төлбөрийн асуудал ирэх жилүүдэд хүлээж байна. Тиймээс алт худалдан авалтаа нэмэх зайлшгүй шаардлагыг харгалзан энэ хуулийн төслийг дэмжиж өгнө үү” хэмээн тэрбээр хүссэн юм.

Харин энэ үеэр зарим гишүүн алт тушаалт буурсан нь зохион байгууалттай арга хэмжээ хэмээн хардаж буйгаа илэрхийлж байлаа.

Гишүүн Х.Болорчулуун “Алтны компаниуд маш их лобби хийж байна. Монголбанкинд тушаах алтны хэмжээ буурсан нь зохион байгуулалттай ажиллагаа. Тиймээс өсөн нэмэгдэх роялтигаа болиод таван хувийн татвартай болгох саналыг гаргаж байна. Алт тушаалт буурсан нь гагцхүү татвараас болсон юм биш” хэмээв. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнгийн хувьд 2.5 хувийн татвартай байсан өнгөрсөн таван жилийн хугацаанд алтны салбар, түүнийг Монголдоо үлдээхэд чиглэсэн ямар ажлыг салбарын яам хийснийг асуулаа.

21.9 тонн алт гэдэг 900 сая ам.доллартай тэнцэх эдийн засаг

Тэрбээр “Монгол Улс таван жил энэ хяналтаа яагаад тогтоож чадсангүй вэ. Татварын зохицуулалт байхгүй бол алтаа гадагшаа алдах гээд байна гэсэн логик таван жилийн өмнө л орж ирж байсан юм билээ” гэсэн юм.

Хэдийгээр өнгөрсөн хугацаанд хэд хэдэн удаа шалгалт явуулсан ч хулгайн алттай тэмцэхэд үр дүн гараагүй гэж сайд Д.Сумъяабазар хэлж байлаа. “Хууль бус алт олборлогчид орон нутгийнхаа удирдлагуудтайгаа үгсээд, шалгалт эхлэхээр зугтчихдаг. Тиймээс хил гаалийн шалгалтаа сайжруулахын тулд уих болон бусад төрийн байгууллагын дэмжлэгтэй ажиллахаас өөр гарцгүй” гэв. Нүүрсэн дор нуусан, машины эд анги дотор хийсэн алтыг илрүүлэх боломж Монголын хил гаальд байхгүй аж. Хэлэлцүүлгийн үеэр Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Монголбанк 2017 онд 20 тонн, 2018 онд 22 тонн алт худалдан авсан. Эндээс харахад татвартай холбоотойгоор Монголбанкинд худалдах алтны хэмжээ буурсан гэж харж байгаа. харин олборлолт хэвийн байгаа” гэсэн мэдээллийг гишүүдэд өглөө.

Гишүүд алтны компаниудад бууж өгөхөөсөө өмнө нөхөн сэргээлт, хөдөлмөрийн аюулгүй байдлын хариуцлагыг чангатгахыг сануулж байв. Хэдийгээр уг төслийг хэлэлцэхийг дэмжсэн ч хувь хэмжээн дээр нь дахин ярилцана гэдгээ ч илэрхийлэв.




A

Жижиг

A

Дунд

A

Том

2018 онд зарласан тендерийн 70 хувь нь буцсан

Тендер шалгаруулах тусгай агентлаг байгуулна

 0 сэтгэгдэл


Тендерийн асуудлыг цэгцлэх, төрийн худалдан авах ажиллагааг нэгтгэх зэрэг олон чухал асуудлыг тусгасан төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн өөрчлөлтийг өчигдөр хэлэлцэв.

Юун түрүүнд тендер зохион байгуулдаг тусгайлсан агентлагтай болохыг төсөлд тусгажээ. Мөн тендерийн шалгаруулалтад авлига, хээл хахууль, албан тушаалаа урвуулан ашиглах, ашиг сонирхлын зөрчил үүсгэх боломжийг хязгаарласан чанаргүй бараа, ажил, үйлчилгээг дэмжих нөхцөлийг таслан зогсоохын тулд хуульд өөрчлөлт оруулахаар болсон. Үүний тод жишээ нь тендерт ялагдсан компани нь шүүхдэж, төрийн худалдан авах ажиллагааг гацаадаг байдал нийтлэг үзэгдэл болсон явдал. Зөвхөн 2018 онд л гэхэд төрийн худалдан авах ажиллагааны 30 хувийн санхүүжилтийг олгож, үлдсэн 70 хувь нь буцаагдсан байна.

Тиймээс хэрэв тендерт оролцсон компани маргаан үүсгэхээр бол тендерийн үнэлгээний нэг хувьтай тэнцэх хэмжээний баталгааны мөнгийг байршуулах зэрэг хариуцлагын асуудлыг нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгажээ. Гишүүдийн зүгээс уг хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд худалдан авах ажиллагааны газрыг эргэн сэргээх зайлшгүй шаардлага байгааг онцолж буй. Өөрөөр хэлбэл яам, агентлагууд бодлого гаргах биш тендер зохион байгуулах ажилд ихэнх цагаа зарцуулдаг болсон учраас дээрх агентлагийг сэргээн ажиллуулахыг хүсч байгаа юм.

Түүнээс гадна хуульд дотоодын худалдан авалтыг тусгайлан дэмжих зохицуулалт бий. Үүнд нийт 155 барааг дотоодын үйлдвэрээс худалдаж авахаар тусгасан байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа тендертэй холбоотой маш их гомдол байдаг. Тиймээс хуулийг өөрчлөх зарчмын хэд хэдэн асуудал бий. Тухайлбал, тендерийн даалгавар. Бид ихэвчлэн тендерт оролцохоор ирүүлсэн материалыг шалгаруулах гэж зорьдог. Угтаа тендерийг ямар зорилгоор зарлаж байна, түүнд нийцсэн даалгавар өгөх хэрэгтэй. Гэтэл орон нутагт энэ асуудал хоцрогдоод байна. Ажил үйлчилгээний чанар, оновчтой байдалд хэр дэвшил авчирсан хууль болж байгаа вэ хэмээв. Хоёрдугаарт, салбарын онцлогт тохирсон тендер зарладаг.

Тендерийн шалгаруулалтаар маргаан үүсгэж буй компани баталгаа байршуулна

Үүн дээр тусгайлсан зохицуулалт орж байгаа эсэхийг тодруулсан юм.

Сангийн яамны хууль эрх зүйн газрын дарга Н.Энхболд “Хуулийн төсөлд техникийн тодорхойлолттой холбогдуулан бараа, ажил үйлчилгээний стандартад нийцсэн байх ерөнхий агуулгыг хуульд оруулсан. Харин нарийн зохицуулалтыг Засгийн газрын тогтоолоор зохицуулаад явах боломжтой. Нарийн мэргэжлийн мэдлэг шаардлагатай, тэр талаар сайн мэдэхгүй бол орон нутаг мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах нь нээлттэй. Харин уул уурхайн тоног төхөөрөмжийг худалдан авахтай холбоотой тусгайлсан зохицуулалт энэ хуульд тусгагдаагүй” гэв. Уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг төсвийн байнгын хорооны гишүүд дэмжсэн юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хүлээлт үүссэн шийдвэрүүдээр барьцаалж хууль зөрчсөн томилгоо хийх вий

Улстөржилтийн төлбөр эдийн засгийн хохирлоор хийгдсэний илрэл нь алт тушаалт

 0 сэтгэгдэл


Парламент өдрөө алдаж шөнө гэгчээр намар, өвөлжин хэрэлдээд хавартай золгож ээлжит бусаар гол хуулиудаа хэлэлцэхээр чуулганаа нээлээ. Иргэдийн амьдрал, улсын хөгжилд түлхэц өгөх чухал хуулиудыг хойш тавьсаар өдий хүрсэн шалтгаан нь албан тушаалын төлөөх  тэмцэл, сандал суудлын хэрүүл байсныг монголчууд бүгд мэднэ. Гэтэл ээлжит бус чуулган ч томилгоонд зориулагдаж байгаа нь эхнээсээ батлагдаж байна. УИХ-ын даргын зөвлөл энэ долоо хоногт багтаан олон сараар хүлээгдсэн татварын багцад багтсан гурван хууль, тендерийн хууль, ашигт малтмалын хуулийн өөрчлөлтийг хэлэлцсэн болоод өнгөрөөх төлөвлөгөө гаргажээ. Хуваарийн дагуу өнөөдөр дээрх хуулийн төслүүдийг байнгын хороогоор хэлэлцэж анхны хэлэлцүүлгээр маргаашийн чуулганаар хийх юм. Мөн эцсийн хэлэлцүүлгийг пүрэв гарагт байнгын хороонд оруулж баасан гарагт чуулганы хуралдаанаар батлахаар зэхэж байна. Уг нь ийм чухал хуулийн өөрчлөлт шинэчилсэн найруулгыг дөрвөн шатны хэлэлцүүлгээр хугацаанд баригдалгүй баталбал “ус” бага, онгорхой цоорхой цөөтэй баймаарсан. Харамсалтай нь УИХ-ын гишүүд томилгоонд хэт анхаараад үндсэн ажлаа халтуурдах боллоо.

УИХ-ын даргын зөвлөлөөс баталсан хуваариар ирэх долоо хоногоос томилгоотой холбоотой шийдвэрүүд гарах төлөвлөгөөтэй. Томилгооны гол зорилго АТГ-ын хоёр дарга, ерөнхий прокурорын орлогчийг солиход чиглэгдэж байгаа. АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх асуудал хуулийн маргаантай. Өмнө нь энэ асуудлаар парламент шийдвэр гаргаж хуульд нийцэхгүй хэмээн Ерөнхийлөгчийн саналыг буцаасан. Энэ удаад ч бас тийм нөхцөл байдал үүсэх магадлал өндөр. АН-ын бүлэг ч томилгоог хуулийн хүрээнд тавибал хэлэлцэх боломжтой гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа. Мөн ерөнхий прокурорын орлогчийн орон тоо тийм ч цаг хугацаанд баригдсан чухал мест биш. Үүн дээр ЗХЖШ-ын даргыг томилох асуудал цаг хугацаанд шахагдсан тайлбартай орж ирж байна. Цаг хугацаанд шахагдсан үндэслэлийг иш болговол Монгол Улсыг төлөөлөх сайдгүй олон ЭСЯ бий. Өнгөрсөн онд Швед, Их Британид сууж байсан Элчин сайд нарыг эгүүлэн татсан бол энэ оны эхээр Австрали, Тайланд, БНСУ-д илгээхээр нэр дэвшүүлсэн гурван ч хүнийг эгүүлэн татах шийдвэр  гаргаад байгаа юм. Тэдний оронд илгээх Элчин сайд нарыг яаралтай томилох шаардлага л парламентад тулгамдуу байгаа. Гэтэл цаг хугацаанд шахагдаагүй албан тушаалын томилгоог хийх гэж улайран, чанартай хууль батлах үндсэн үүргээ оронцоглож байна.

МАН жижиг ААН-үүдэд олгох татварын хөнгөлөлтийг хойшлуулна

Парламентын гишүүдэд бизнес эрхлэгчдийн хүсэн хүлээсэн хуулиудыг баталсан нэр зүүх чухал байгаа болохоос иргэдэд хэрэгтэй хуулийг гаргачихъя гэсэн чин хүсэл алга гэдэг нь ч анзаарагдаж эхэллээ. Өчигдөр хуралдсан МАН-ын бүлэг татварын багц хуулийг хэлэлцэхдээ ААН-үүдэд хүлээлт үүсгээд байсан зарим заалтыг өөрчлөхөөр болжээ. Тухайлбал, 1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой жижиг, дунд ААН-үүдээс авч байгаа 10 хувийн татварын 90 хувийг хөнгөлөлт хэлбэрээр буцаан олгохоор төсөлд тусгасан. Үүнийг хууль батлагдсан өдрөөс хэрэгжүүлэх байсан ч 2020 он болгон хойшлуулжээ. Уг нь үүгээр 36.8 тэрбум төгрөг жижиг, дунд бизнес эрхлэгчдэд очих байв. Татварын багц хуульд санал авах хэлэлцүүлгийн үеэр бизнесийн төлөөлөл дээрх заалтыг сайшаахын зэрэгцээ, яаралтай хэлэлцэхийг дэмжиж байсан юм. Энэ мэтчилэн иргэдэд ашигтай хуулийн заалтуудыг сугалж үлдээд байвал татварын хуулийн шинэчлэл хүлээлтэд хүрэхгүй эсэргүүцэлтэй тулж ч мэднэ.

УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх зайлшгүй шаардлагатай хуулийн төсөл бол Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-ийн тухай хууль, түүнтэй хамт өргөн барьсан хуулиудад өөрчлөлт оруулах. Эл хуулийн өөрчлөлт цаг хугацааны хувьд хоцорсноос гадна эдийн засагт сөрөг нөлөөгөө аль хэдийн мэдрүүлээд байгаа. Уг нь оны өмнө Ашигт малтмалын хуульд өөрчлөлт оруулсан бол алт тушаалт эрс буурахгүй байлаа. Өнөөдөр Монголбанкинд тушааж буй алт 81 хувиар буурсан нь валютын нөөц, эдийн засгийн өсөлтөд өөрчлөлт оруулах хэмжээнд хүрэв.

Өнгөрсөн оны төгсгөлд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хуулийн өөрчлөлтийг хийх гээд гишүүдийг ятгаад дийлээгүй юм. Засгийн газраас яаралтай горимоор хэлэлцүүлэхээр оруулж ирсэн ч МАН-ын бүлэг дэмжлэг өгөөгүйгээр барахгүй чуулганы хуралдаанд унагах тактик баримталж байсан нь нууц биш. МАН-ын бүлэг үүнийг улс төрийн тоглолтын барьцаа болгож байснаа өнөөдөр хүлээн зөвшөөрч ээлжит бус чуулганаар дэмжихээр болсон. Хэрэв оны өмнө энэ хуулийг баталсан бол алтны роялтийн хөнгөлөлтийн хугацаа сунгагдаж, алт тушаалт хэвийн үргэлжлэх боломж байлаа. Товчхондоо улс төржилтийн төлбөр эдийн засгийн хохирлоор илэрсэн нь энэ. Үнэндээ ниргэсэн хойно нь хашгирсан үйл явц ээлжит бус  чуулганаар өрнөх гэж байна.

Энэ бүгдээс дүгнэхэд энэ ээлжит бус чуулганаар цаг хугацаанд барьцаалагдсан хуулиудыг батлахын далимд хууль зөрчсөн томилгоо хийх зорилго агуулж байна гэж үзэх болох юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Эрдэнэт”-ийн 51%-ийг “Стандарт” банкинд алдсан хүмүүст хариуцлага тооцох ёстой

ЖДҮХС-гийн мөнгийг авсан гишүүдэд хариуцлага тооцохыг шаардав

 0 сэтгэгдэл


АН-ын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбооноос мэдээлэл хийж, зарим асуудлаар эрх баригчдаас хариуцлага нэхлээ.

Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас зээл авсан, авахад холбогдсон хүмүүст эрх баригчид хатуу хариуцлага тооцох ёстой гэж тэд үзээд байна.

“Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулж гадаадын банкнаас авсан зээлээ төлж чадаагүй буруутай этгээдүүдийн өмнөөс тус үйлдвэр өдөрт зөвхөн зээлийн хүүгийн төлбөрт 100 сая төгрөг, сард нэг сая ам.доллар төлж байгаа. Тиймээс улсад учруулж буй хохирлыг барагдуулахын тулд хууль ёсны дагуу шалгах хэрэгтэй гэж АЗХ-ны тэргүүн С.Эрдэнэболд хэллээ.

Мөн ЖДҮХС-гаас 120 орчим тэрбум төгрөгийг МАН-ын эрх баригч дарга нар ойр тойрныхоо хүмүүст авч өгөн жирийн иргэдийн боломжийг булаасан гэмт хэргийн шинжтэй үйлдэлд хариуцлага нэхэв.

Энэ асуудалд Засгийн газрын нэр бүхий сайдууд, 20 гаруй гишүүн оролцсон. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Шударга ёсыг тогтооно” гэж хэлсэн үгэндээ хүрч, “ЖДҮ”-чин гишүүдийнхээ эрхийг түдгэлзүүлж, шалгуул” гэж сөрөг хүчний залуус шаардав.

Саяхан АН-ын зарим залуус мэдээлэл хийж, “Намын удирдлагууд нь МАНАН бүлэглэлийг хамгаалж байна” гэх мэдээллийг өгсөн. Энэ талаар С.Эрдэнэболд “Үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нь хүндэтгэж байгаа ч шинэчлэлийн төлөө явж буй намаа бүхэлд нь харлуулж болохгүй. МАНАН бүлэглэл 2004 оноос эхлэлтэй. 2004 онд Ерөнхий сайдын суудлаар эхэлсэн МАНАН, 2008 онд таван хүний эрдэнэт амь эрсэдсэний дараа шадар сайдын суудлыг тухайн үеийн АН-ын даргад өгснөөр улам бүр бэхэжсэн. Ийнхүү урт хугацаанд хоёр намын эрх ашгаар сүлбэлдсэн хүмүүсийн харилцаан дээр МАНАН бий болсон. Өнөөдөр АН-ын залуус МАНАН-гийн аливаа нэгэн харилцааг залгамжилж авч үлдэхийг хүсэхгүй байна.

Мөн үүнээс болж хэн нэгнийг хамгаалж, хэн нэгнийг буруутгахдаа улс төрийн явцуу ашиг сонирхолд хөтлөгдөхгүй байхыг эрмэлздэг. Тиймээс хэн нэгнийг үгүйсгэхийн тулд залуучууд гар хөл болохгүй байхыг уриалж, цаашид АН бодлого суурьтай, үзэл баримтлалтай зарчмаар ажиллана” хэмээв.