A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/610/

Эрчимжсэн мал аж ахуй эцсийн шийдэл биш

​Малаас татвар авах зохицуулалт боловсруулж байна​

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/610/


Мал аж ахуйн салбар ажиллах хүчний гуравны нэгийг эзэлдэг атлаа ДНБ-ий дөнгөж 10 хувийг бүрдүүлж буй. Малын тоо, толгой 66.2 саяд хүрсэн ч чанар нь тааруу учраас экспортын хэмжээ төдийлэн өсөхгүй байгаа. Бэлчээрийн даац хэтэрсэн, халдварт өвчин их гардаг, ихэнх малчин өрхийн амьжиргаа дунджаас доогуур байдаг зэрэг олон сорилттой уламжлалт мал аж ахуйн салбар нүүр тулсан. тиймээс энэ салбарыг цаашид хэрхэн хөгжүүлж, авч явах талаар ХХААХҮЯ, НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрөөс зохион байгуулж буй “тогтвортой хөгжил-нүүдлийн мал аж ахуй” олон улсын хурлаар хэлэлцэж байна. Гадна, дотнын 300 гаруй төлөөлөгч оролцсон энэхүү хурал Улаанбаатар хотод таван өдөр үргэлжлэх юм. Мал аж ахуйг хөгжүүлэхдээ байгальд хор хохирол учруулахгүйгээр малчдын орлогыг нэмэгдүүлэхийг тогтвортой мал аж ахуй гэдэг. Хэрэв энэ жишгээр авч үзвэл манайд тогтвортой мал аж ахуй дөнгөж яриа төдий байна гэхэд хилсдэхгүй. Малын тоо хэт өссөн, мал сүргийн зохисгүй харьцаанаас шалтгаалж цөлжилт нэмэгдэж, бэлчээрийн даац хэтэрсэн. Нөгөө талд, малчдын амьжиргаа сайжрахгүй, хүнд нөхцөлд аж төрсөн хэвээр байна.


Тэгвэл хэрхэн байгалийн унаган төрхийг алдагдуулахгүйгээр малчид сайхан амьдрах вэ. монгол орон эрс тэс уур амьсгалтай, нүүдлийн соёлтой учраас бусад орны туршлагыг шууд хуулбарлан хэрэгжүүлэх боломжгүйг хуралд оролцогчид хэлж байлаа. Сүүлийн жилүүдэд Засгийн газраас эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх талаар цөөнгүй хөтөлбөр баталж, төлөвлөж буй. Тухайлбал, өнгөрсөн онд сүү, мах болон сүү-махны чиглэлийн үхрийн аж ахуй байгуулах төсөл сонгон шалгаруулж, “Газар агро”, “Сэлэнгэ тариа” компаниуд нийт 210 толгой үхэр импортлон үржлийн аж ахуй байгуулсан. Мөн 21 аймагт хуурай сүүний үйлдвэр байгуулах үндэсний хэмжээний хөтөлбөр батлагдсан. Одоогийн байдлаар манайд сүүний үхрийн 1727, махны үхрийн 236, мах, ноосны 1511, сүүний ямааны 13 ферм ажиллаж байна. Гэвч энэ салбарын ирээдүйг зөвхөн эрчимжсэн мал аж ахуйг бүх бүс нутагт хөгжүүлэх боломжгүйг хуралд оролцогчид хэлж байлаа.

Малчид бэлчээр ашиглахдаа хоорондоо зохицох нь хамгийн зөв шийдэл

Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн дарга Фритц Шнайдер “Монголын мал аж ахуйн салбар латин америкийн зарим орныхтой илүү төстэй ч хур тунадас багатай, эрс тэс уур амьсгалтай. Тиймээс өөрсдийн нөхцөл байдалд зохицсон шийдлийг олох нь чухал. Эрчимжүүлсэн мал аж ахуй нь ус их шаарддаг. Усалгаатай мал аж ахуй өртөг зардал их учраас бүгдэд нь биш зарим бүсэд л хөгжүүлэх боломжтой. Харин нүүдлийн мал аж ахуй нь илүү ирээдүйтэй” гэв. Уг нь Засгийн газрын зорилт ч үүнд чиглэж эхэлсэн. ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг “Засгийн газраас бэлчээрийн мал аж ахуй зонхилсон, тариалангийн бүс болон хот суурин газраа түшиглэж эрчимжсэн мал аж ахуй хөнгөн хүнсний үйлдвэрээ сэргээхээр зорьж байна. Мал аж ахуйн бүс нутаг нь тодорхой, гурван сая иргэнээ экологийн цэвэр хүнсээр хүртээмжтэй хангасан, экспортын чиг баримжаатай хөдөө аж ахуйг хөгжүүлэх бодлого баримталж байна” гэв. Манай улс ийнхүү бэлчээрийн мал аж ахуйг голчлон хөгжүүлэхээр зорьж байгаа ч эрх зүйн зохицуулалтгүйгээс болж, цагийн эрхээр тулгарч буй сорилт, бэрхшээлийг шийдэж чадалгүй олон жил боллоо. Бэлчээрийн тухай хууль дөрвөн УИХ дамнасан ч одоо хүртэл батлагдаагүй. Харин ирэх намрын чуулганаар хэлэлцэж, батлах болов уу гэсэн найдлага байна.


Уг хуульд малаас татвар авах замаар бэлчээрийн даацыг зохицуулах тухай заалт орсныг ХХААХҮЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Энхбат мэдэгдэв. Өмнө нь хэрэгжиж байсан малын хөлийн татварыг сэргээх нь зүйтэйг малчид ч өөрсдөө хэлдэг. Гэхдээ зөвхөн татвараар бэлчээрийн даацыг зохицуулах боломжгүй. Тиймээс малчид өөр хоорондоо зохицох нь хамгийн сайн арга гэдгийг Уганда улсын төлөөлөгч хэлж байлаа. НҮБ-аас 2030 он хүртэл хэрэгжүүлэх тогтвортой хөгжлийн зорилтуудыг баталсан. Улс орнууд бүхий л салбартаа байгальд ээлтэй атлаа иргэдийн орлого, амьжиргааг сайжруулах тогтвортой бодлого хэрэгжүүлэхээр зорьж байна. Харин монголын эдийн засгийн тулгуур салбар болох мал аж ахуйд одоо хүртэл тогтвортой бодлого хэрэгжиж эхлээгүй байгаа нь харамсалтай. Цөлжилт хурдацтай явагдаж, бэлчээр жил ирэх тусам доройтож, малчдын амьдрал улам уруудсаар байхад төрийн бодлого дэндүү удаан мөлхөж байна. Хэдийгээр эрчимжсэн мал аж ахуйг сэргээх, малын эрүүл мэндийг сайжруулах, экспортыг дэмжих зэрэг олон хөтөлбөр хэрэгжүүлж буй ч хоорондоо уялдаа холбоогүйгээс үр дүн нь төдийлэн мэдрэгдэж чадахгүй өдийг хүргэлээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Давхар бүртгүүлэх компаниудад хувийн бэлтгэлээ хангах л үлдлээ

Компаниуд шаардлагатай хөрөнгөө хурдан хугацаанд татах боломж бүрдэнэ

 0 сэтгэгдэл


Иргэд газрын хэвлийн баялгийнхаа өгөөжийг хувьцаагаар дамжуулан хүртэх боломж дотоодын хөрөнгийн зах зээлд тун удахгүй нээгдэх гэж байна. Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Erdene Resource Development компани Монголын хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй болоод багагүй хугацаа өнгөрч байна. Тус компанийн хувьцааг ирэх оноос иргэд биржээс шууд худалдан авах бэлтгэл ажил үндсэндээ дуусах шатандаа оржээ. Ингэснээр Монголын хөрөнгийн биржийн арилжааны цэсэнд албан ёсоор шинэ бүтээгдэхүүнтэй боллоо. Өөрөөр хэлбэл, тус компанийн хувьцаа өдөр тутмын арилжаанд оролцсоноор хөрөнгө оруулагчдад сонголт бий болох юм. 

Монголын хөрөнгийн биржийг олон улсын хөрөнгийн зах зээлүүдтэй холбох давхар бүртгэлийн хүрээнд орж ирсэн анхны компанийн хувьцааг ийнхүү олон нийт цагийн зөрүүгүйгээр үндэсний мөнгөн тэмдэгтээрээ худалдан авна гэсэн үг. Одоогийн байдлаар гаднын гурван хөрөнгийн биржид Монголд үйл ажиллагаа явуулж буй 10 гаруй компани бүртгэлтэй байна. Эдгээр компани дотоодын хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй болох “салхи”-ийг Erdene Resource Development хагалсан. Тэгвэл дараа дараагийн компани ч энэ жишгээр замнахад тун ойртжээ. Давхар бүртгэлтэй холбоотой дүрэм, журам үндсэндээ цэгцэрч, эрх зүйн орчин бүрдсэн бөгөөд компаниуд хувийн бэлтгэлээ базаах л үлдэв. Эхнээсээ сонирхлоо илэрхийлсэн компаниуд бий бөгөөд зарим нь судалгааны ажилдаа хэдийн орсон байна. Тухайлбал, Монголын компаниудаас анх удаа олон улсын хөрөнгийн зах зээлд хөл тавьсан “Энержи Ресурс” хувьцаагаа Монголын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэхээр судалж буйгаа мэдэгдсэн. 

Өнгөрсөн хавар Канадын хөрөнгийн биржид IPO хийж, анхдагч зах зээлээс 25 сая канад доллар татан төвлөрүүлсэн Steppe Gold компани Монгол дахь “Алтан цагаан овоо” талбай дээрээ энэ онд эрчимтэй ажиллаж буй. Тус компани энэ онд амжиж анхны олборлолтоо хийхээр зорьж байгаа бөгөөд Баянхонгор аймаг дахь “Уудам хөндий” төслийн талбайгаас алтны өндөр илэрц бүхий дөрвөн хэсгийг олж ирүүлснээ өмнө нь мэдээлсэн. Одоогоор тус компани Монголын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх судалгаа хийж эхэлжээ. 

Дараагийн боломжит компанийн тоонд австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines орж байна. “Хармагтай” ордын “Зараа” талбайд хийсэн хайгуулын дүнгээ шинэчлэн танилцуулсан тус компани хувьцаагаа Монголын хөрөнгийн биржээс гадна торонтогийн хөрөнгийн биржид давхар бүртгүүлэх сонирхолтой байгаа аж. 

Эдийн засаг хоёр оронтой тоогоор өсөж, гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ дөрвөн тэрбум ам.долларт шүргэж байсан жилүүдэд Монголд үйл ажиллагаа явуулдаг, гадаадын томоохон биржүүдэд бүртгэлтэй компанийн тоо 30 хүрч байлаа. Тэгвэл сүүлийн жилүүдэд энэ дүн хоёр дахин хумигдсан билээ. Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай “Давхар бүртгэлийг дагаж монголчууд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан монгол төгрөгөөр тухайн уул уурхайн төслөөс хувь эзэмшиж, өгөөжийг нь хүртэх боломж бүрдэнэ. Харин компаниудын хувьд Монголд монгол хөрөнгө оруулагчтай байна гэдэг нь тогтвортой үйл ажиллагаа явуулах боломж нөхцөл бүрдэнэ” хэмээн онцолсон юм.

Давхар бүртгэлтэй компанийн хувьцааг арилжаалах нөхцөл бүрджээ

Өнөөдрийн байдлаар нийт 304 хувьцаат компани, 54 үнэт цаасны компани тус зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Топ 20 индекс энэ оны гуравдугаар улирлын байдлаар өмнөх оны мөн үеэс 10.5 хувиар өссөн байна. Давхар бүртгэлтэй компаниуд энэ зах зээлд эрчимтэй орж ирснээр дээрх үзүүлэлтүүд илүү өсөх боломжтойг Санхүүгийн зохицуулах хорооноос онцолсон юм. 

Хувьцаат компаниуд нэг болон түүнээс дээш тооны хөрөнгийн биржид үнэт цаасаа бүртгүүлснээр шаардлагатай хөрөнгө оруулалтаа хурдан хугацаанд татаж чаддаг. Энэ нь ч тухайн компанийн боломжийг нэмэгдүүлдэг. Ийм учраас Монголын хөрөнгийн бирж 2015 оноос давхар бүртгэлийн системийг эхлүүлэхээр зорьж, компаниудтай уг асуудлаар санал солилцох болсон юм. 

Гадаадын томоохон хөрөнгийн биржид гарсан компаниудаас зарим нь Монголын хөрөнгийн биржид бүртгүүлэх хүсэлтээ ирүүлсэн бөгөөд давхар бүртгэлийн системээ жигдрүүлэх үйл явц өрнөж байна. Дотоодын компаниуд гадаадын хөрөнгийн зах зээлд бүртгүүлснээр хөрөнгө оруулалт татах, гадаад харилцагчтай болох, гадаад зах зээлд өөрсдийгөө таниулах боломжоор хангагдах юм. Анхны давхар бүртгэл хийлгэсэн Erdene Resource Development зургаан жил үүнд бэлдэж, түүчээний эхэнд зогсож байна. Хөрөнгийн биржид давхар бүртгэлтэй компанийн тоо нэмэгдэхийн хэрээр зах зээлийн үнэлгээ өсөж, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Арилжааны идэвх сэргэж, уул уурхайн компаниудын засаглал сайжирч, санхүүгийн ил тод байдал ч улам нээлттэй болох зэрэг давуу талтай юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Санхүүжилт нэмэгдэх эсэх нь эргэлзээтэй байна

 0 сэтгэгдэл


Ипотекийн санхүүжилтийг ирэх оноос нэмэгдүүлэх шинэ эх үүсвэрийн сураг гараад хагас сарын хугацаа өнгөрч байна. Хэдий тийм боловч энэ хугацаанд үүнтэй холбоотой ямар нэгэн эцсийн шийдэлд холбогдох байгууллагууд хүрсэнгүй. Монголбанк, арилжааны банкууд ч амаа  жимийсээр. Албан ёсны шийдвэр гараагүй тул тэд энэ талаар илүү дэлгэрэнгүй ярихаас цааргалж байна. Банкууд ч хүлээлтийн байдалд шилжжээ. Судалгаа, тооцооллын ажил төв банкны хэмжээнд явна. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурлын тогтоолыг эс тооцвол арилжааны банкуудад Сангийн яам болон Монголбанкнаас өгч байгаа санхүүжилтийн дөрвөн хувийн хүүг нэг хувь болгон бууруулах тухай яриаг албажуулах хэмжээний эрх зүйн акт одоогоор алга. Тогтоолыг хэрхэн хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө ч сүүлийн хувилбараар бэлэн болоогүй байна. 

Өөрөөр хэлбэл, эх үүсвэрийн хүүг бууруулах санаачилга энэ хүрээд гацаанд орчихоод байна. Уг асуудлаар тодорхой нэгдсэн байр суурь талууд огтхон ч илэрхийлэхгүй байгаа юм. Гэрээний төсөл дээр ч сууж эхлээгүй, цөөн удаагийн уулзалт банкуудтай хийсэн бөгөөд эндээс эцсийн санал, санаачилга гараагүй аж. Товчхондоо, төв банкны түвшинд тогтоолыг ажил хэрэг болгох шат шатны бэлтгэл ажил өрнөж байна. Нөгөө талд зах зээлийн хүүнээс хоёр дахин бага хүүтэй ипотекийн зээл хүсэмжлэх нийгмийн эрэлт өндөр хэвээр байна. Хэрэгцээ, шаардлага ч их байгааг зарим судалгаа харуулна.

Иргэд, олон нийтийн дунд ипотекийн зээлийн хүү гурван хувиар буурах нь гэсэн ташаа ойлголт гараад байгаа. Гэтэл ипотекийн найман хувь буурах бус уг зээлийг олго гэж банкуудад өгч буй Монголбанкны санхүүжилтийн хүү гурван хувиар хямдарч, нэг хувь болгох санал тогтоол болоод явж байна. Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн санхүүжилтийг нэмэгдүүлсний дараа зээлийн  хүүг багасгах алхмыг хийж болох юм гэж ам алдсан удаатай. Үүнээс өөрөөр найман хувийн зээлийн хүүг бууруулах талаар төв банк нэмж дуугарсангүй. Энэ талаар дахин тодруулсан боловч албан ёсны нэгдсэн байр суурь илэрхийлэх боломжгүй байгаа гэж хариулсан юм. Ипотекийн хүү инфляц болон төв банкны мөнгөний бодлогын хүүтэй уялддаг. Тэгвэл улсын хэмжээнд инфляц энэ оны аравдугаар сарын байдлаар 6.3 хувьтай тэнцэж байна. 

Банкуудад өгч байгаа төв банкны ипотекийн санхүүжилтийн хүү дөрөв гэж эхэнд дурдсан. Үүн дээр банкууд өөрсдийн зардлаа шингээж, иргэдэд найман хувийн хүүтэйгээр зээл хүрч байгаа. Монголбанкнаас өгч буй санхүүжилтийн хүүг гурван нэгж хувиар бууруулсан ч энэ нь найман хувийн зээлийн хүүг өөрчлөх буюу бууруулах үндэслэл болохгүй гэж байна. Харин арилжааны банкуудын ипотекийн зээлд хуваарилах санхүүжилтийн хүүгийн зардал буурснаар өөрсдөө эх үүсвэрээ нэмэгдүүлэх боломжтойг төв банк мэдэгдсэн юм. 

Өөрөөр хэлбэл, ипотекийн зээлд гүйцэтгэх арилжааны банкуудын оролцоо тэр хэрээр нэмэгдэх гэсэн үг. Ипотекийн зээл улсын төсөв, Монголбанк, арилжааны банк гэсэн гурван эх үүсвэрээс санхүүжиж байгаа. Энэ санхүүжилтийн өртөг болох дөрвөн хувийн хүүг нэг болгон чөлөөлж, гурван хувиар хүүгийн зардал багасах хэрээр банкны зардал буурч, улмаар өөрийн хөрөнгөнөөс найман хувийн зээлд санхүүжилт олгох гарц бий болно гэж Монголбанк зураглажээ. Ингэж хүү бууруулж байгаа нь банкууд өөрсдөө ипотекийн зээлд мөнгө гарах боломжтой эсэхийг эрэлхийлжээ. Өөрөөр хэлбэл, төв банк зээлийн санхүүжилтээ хямдруулж, банкууд хэдий хэмжээний эх үүсвэр гаргах боломжтойг дээрх тогтоолын төслийн хүрээнд санал болгоод байна. Үүний зорилго нь зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, жилд илүү олон иргэн зээлд хамрагдах боломжийг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм. Ипотекийн зээлийн үлдэгдэл 4.3 их наяд төгрөгтэй тэнцэж байна. Энэ оны аравдугаар сарын байдлаар тус зээлд нийт 90 гаруй мянган иргэн хамрагджээ. 2013 оноос найман хувийн хүүтэй зээл олгогдож эхэлсэн бөгөөд энэ хугацаад 60 гаруй мянган өрх орон сууцны нөхцөлөө сайжруулсан байна.

Ипотекийн найман хувийн хүү багасах боломжгүй

Иргэдээ орон сууцжуулах энэхүү хөтөлбөрийг Монголбанк 2019 онд ч үргэлжлүүлэн авч явахаар болсон. ОУВС-гийн шахалтаар энэ онд Засгийн газарт шилжүүлэх байсан ч төсвийн алдагдал, өрийн дарамт өндөр байгаа гэх үндэслэлээр төв банк цаашид залахаар байна. Нийслэлийн агаар болон хөрсний бохирдлыг бууруулахад хамгийн үр дүнтэй шийдэл нь ипотек болж байгаа. Тиймээс Засгийн газар 2019 оны төсөвт 120 орчим тэрбум төсөвлөсөн. Харин Монголбанкны зээлийн эргэн төлөлтөөс 200 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт олгох тооцоо бий. Ингэснээр ирэх онд 2018 онтой мөн адил 5000 орчим өрх ипотекийн зээлд хамрагдахаар байна. Эдийн засгийн байнгын хорооны хурлаар орж, 57.1 хувийн дэмжлэг авсан тогтоол бодит ажил болоход багагүй хугацаа орох бөгөөд 2019 онтой золгож мэдэх нь.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ханшаар наадах боломжийг хариуцлагагүй засаглал олгов

Цөөнгүй компанийн үнэт цаасны ханш мянгаар хэмжигдсэн хувиар өсчээ

 0 сэтгэгдэл


Монголын хөрөнгийн зах зээлд аварга атлаа анир чимээгүй ханшийн өсөлт өрнөөд удлаа. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд гэхэд манай хувьцааны зах зээлд нэг биш компанийн үнэт цаасны ханш мянгаар хэмжигдсэн хувиар өсчээ. Оны эхнээс өнгөрсөн сар хүртэл “Алтайн зам” компанийн хувьцааны ханш 3666 хувиар өсөж, үнэт цаасны үнэ цэн нь нүд ирмэхийн зуур өсөн өндийв. Ингэснээр сүүлийн таван жил 600-800 төгрөгт хэлбэлзэж байсан тус компанийн нэгж хувьцааны ханш хэдхэн сарын дотор 60 мянган төгрөг давлаа. Энэ оны арваннэгдүгээр сарын 26-ны арилжаагаар компанийн нэгж хувьцааны ханш 60.2 мянган төгрөгтэй тэнцжээ. “Алтайн зам” компанийн хувьцааны ханш ийн “ялгуусан” өсөлт үзүүлсээр байх зуур үнэт цаасных нь идэвх, эрэлт нь төдий л ахисангүй. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт буюу арваннэгдүгээр сарын 26-ны арилжаагаар “Алтайн зам” компанийн ердөө нэг ширхэг хувьцааг борлуулжээ. Харин өнгөрсөн нэг жилийн хугацаанд гэхэд компанийн хувьцааны арилжаа ердөө 26-хан удаа болсон байна. Гэтэл энэ хугацаанд хувьцааны ханш нь тэнгэр өөд тэмүүлж асар олон хувиар өссөн байна. 

Уг нь хөрөнгийн зах зээлийн хуулиар хувьцааны эрэлт, арилжааны идэвх нэмэгдэхийн хэрээр ханш нь өсдөг. Гэтэл зах зээлийн энэ зүй тогтол манайд гажаад байгаа нь энэ. Зөвхөн “Алтайн зам” компаниар зогсохгүй “Хүннү менежмент”, “Евроазиа капитал холдинг”, “Е-моние” зэрэг компанийн үнэт цаасны ханш огцом өссөн. “Хүннү менежмент” компанийн нэгж хувьцааны ханш нэг жилийн дотор 2334 хувиар өссөн бол сүүлийн таван жил үйл ажиллагаа явуулаагүй, 6.9 сая төгрөгийн хөрөнгөтэй “Е-моние” компанийн хувьцааны ханш 314.7 хувиар өссөн нь эрхгүй анхаарал татаж, эргэлзэхэд хүргээд буй юм. 

Ханшийн энэ өөрчлөлт бодит өсөлт үү, зохиомол хөөс үү гэдэг одоо хэр асуултын тэмдэг хэвээр байна. Одоогоос хэдэн сарын өмнө буюу зургадугаар сард “Алтайн зам”-ын хувьцааны ханш 2-3 дахин өсөх үеэр Санхүүгийн зохицуулах хороо тус компанийн үнэт цаасны өөрчлөлтийг шалгасан. Улмаар хоёр сарын хугацаанд компанийн хувьцааны арилжааг зогсоосон юм. Гэвч шалгалтаар хянан  шийдвэрлэсэн тул арилжааг нь өнгөрсөн есдүгээр сард нээснээ Санхүүгийн зохицуулах хороо мэдээлсэн билээ. Гэтэл үүнээс хойш компанийн хувьцааны ханш бараг зургаа дахин өсчихөөд байгаа юм. 

Тиймээс холбогдох албаныхан дахин анхаарч эхэлжээ. “Монголын хөрөнгийн биржийн гуравдугаар ангиллын компаниудын үйл ажиллагаа идэвхжих үед компаниудын баланст байгаа үнэ болон зах зээлийн үнэлгээ хэт зөрүүтэй байдаг болон бусад шалтгааны улмаас ханш хөдөлсөн. Үүнийг үндэслэн шалгаж, холбогдох дүгнэлтийг ч танилцуулсан. Гэхдээ дахиад лавшруулж шалгах шаардлагатай гэж үзсэн. Тиймээс дахин шалгалт хийхээр төлөвлөж байна” гэж Санхүүгийн зохицуулах хорооны үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн мэдээллээ. 

Ер нь ханшийн үсэрсэн өсөлт хөрөнгийн биржийн гуравдугаар ангиллын компаниудад ажиглагдаж байгаа. Сүүлийн жилүүдэд үүдээ барихад ойрхон байсан эдгээр компанийн үйл ажиллагаа сүүлийн нэг жилд гэнэт сэргэсэн нь ханш хөдлөх шалтгаан болсон гэж шинжээчид тайлбарлаж байна. Тухайлбал, барилга угсралтын “Алтайн зам” компанийн борлуулалтын орлого энэ оны эхний хагаст өмнөх оны мөн үеэс дөрөв дахин, цэвэр ашиг нь зургаа дахин өсчээ. Энэ нь ханшийг нэг талаас түлхсэн. Нөгөө талд, ханшийн зохиомол өсөлт байгааг ч үгүйсгэхгүй байна. Тухайлбал, хөрөнгийн зах зээлийн цогц судалгаа хийдэг “Маркетинфо”-гийн шинжээчид зохиомол өсөлт ажиглагдсаар байгааг дурджээ.

Богино хугацааны өсөлтийг ирээдүйтэй хөрөнгө оруулалт гэж хэлэхэд хэцүү


Тэгвэл хөрөнгийн зах зээлийн шинжээч Д.Ангар “Ийм өсөлт хувьцаа хэт төвлөрсөн 1-2 хүний эзэмшилд байдаг компанийн ханшид нийтлэг ажиглагддаг. Гэхдээ энэ бол зах зээлийн бус өсөлт. өөрөөр хэлбэл, хувьцаа нь идэвхтэй арилжигддаггүй компанийн үнэт цаасыг зах зээлийн лангуун дээр нэг, хоёр ширхэг арилжихаар ингэж өсдөг. Хэдийгээр эдгээр үнэт цаас өдгөө өндөр хувиар өсөж буй ч цаашид ирээдүйтэй, ухаалаг хөрөнгө оруулалт болно гэж хэлэхэд хэцүү” хэмээсэн юм. 

Ер нь үнэт цаасны үнэ цэнэ нь үлэмж өссөн компаниудын хувьцааны төвлөрөл өндөр байна. Тодруулбал, “Е-моние” компанийн нийт хувьцааны 90 хувь нь гурван хувьцаа эзэмшигчийн гарт байдаг бол “Алтайн зам” компанийн үнэт цаасны 92.4 хувь ердөө нэг иргэний мэдэлд байна. 

Түүнчлэн зарим компани ханшаа өсгөхийн тулд брокеруудад захиалга өгч, зохиомлоор ханшийн хөөс үүсгэх тохиолдол байдаг аж. Санхүүгийн зохицуулах хорооноос ч үүнийг үгүйсгээгүй бөгөөд сүүлийн жилүүдэд ийм үзэгдэл буурч буй гэж мэдэгдлээ. 2016 онд гэхэд “Дархан хөвөн” компанийн үнэт цаасыг брокерийн пүүсүүд санаатай өсгөж байсныг Санхүүгийн зохицуулах хорооны шалгалтаар тогтоожээ. Гэтэл тухайн үед тус компани өр төлбөрт унаж, үйл ажиллагаа нь зогсонги байдалд шилжээд байсан аж. 

Энэ мэт хувьцааны ханшаар тоглож, хөөс үүсгэх нь хөрөнгийн зах зээлд олон сөрөг нөлөө авчирдаг. Ялангуяа, зах зээлийн мэдлэг, мэдээлэл дутмаг хөрөнгө оруулагчид ханшийн хуурамч хөөсний золиос болж, хөрөнгөөрөө хохирдгийг албаныхан анхааруулж байна. Цаашлаад зохиомол шинжтэй, ханшийн уналт, өсөлт нь энэ зах зээлд итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг бууруулж, идэвхийг нь хойш татдаг байна. 

Иймд хөрөнгийн зах зээлд оролцогчдын мэдлэг мэдээллийг дээшлүүлэхийн зэрэгцээ хувьцаат компаниудын засаглалыг сайжруулах шаардлагатай. Ялангуяа, хөрөнгийн зах зээлийн хөгжлийн нэг түгжээ болдог үнэт цаасны төвлөрлийг задалж, компанийн засаглалын зарчмаар нь ажиллах боломжийг олгох нь чухал байгааг хөндлөнгийн шинжээчид хэлж байна. Цаашлаад компаниуд энэ чиглэл рүү алхахад хөрөнгийн зах зээлийн зохицуулах байгууллагууд ч бодлогоор шахаж, зах зээлийн мэдлэг, мэдээлэлгүйг далимдуулан ханшаар нааддаг оролцогчдод хараа хяналт тавих хэрэгтэй гэж үзэж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

2.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг иргэдэд олгожээ

92 мянган иргэн ҮЦТХТ-өөр дамжуулан ногдол ашгаа хүлээн авсан байна

 0 сэтгэгдэл


Хөрөнгийн зах зээлээс 92 мянган иргэн үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан ногдол ашгаа хүлээн авсан байна. ҮЦТХТ-ийн мэдээлснээр 11 хувьцаат компани 2.1 тэрбум төгрөгийг тус төвөөр дамжуулан гаргажээ. Компаниуд ногдол ашгаа харилцан адилгүй хэлбэрээр тараадаг. Тухайлбал, Монголын хөрөнгийн биржийн мэдээлснээр 2017 онд 25 компани цэвэр ашгаасаа ногдол ашиг олгохоор шийдвэрлэсэн. Тэдний дийлэнх нь бэлнээр болон дансаар ногдол ашгаа тараасан байна. Харин зарим компани ногдол ашгийнхаа тодорхой хэсгийг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулсан нь энэ аж. 

ҮЦТХТ-өөр дамжуулсан нийт ногдол ашгийн 80 орчим хувийг “АПУ” болон “Тавантолгой” компани бүрдүүлсэн байна. Тухайлбал, “Тавантолгой” компани 2017 оны цэвэр ашгийнхаа 90 хувь буюу 127 тэрбум төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ олгохоор болсон. Үүний 1.2 тэрбум төгрөгийг үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан тараажээ. Энэ оны аравдугаар сарын байдлаар “Тавантолгой”-н нийт хувьцааны 87.7 хувь нь гурван том хувьцаа эзэмшигчийн мэдэлд бол 12.3 хувийг 2000 орчим жижиг хувьцаа эзэмшигч эзэмшиж буй юм. Үүнээс гадна “Тавантолгой” компанитай адил, нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулдаг “Могойн гол”, “Адуунчулуун” компани төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан ногдол ашиг тараасан. “Адуунчулуун” компани 47 сая төгрөг олгосон бол “Могойн гол” компани 1000 орчим хувьцаа эзэмшигчдэдээ 9.7 сая төгрөг тараажээ. Өнгөрсөн онд олон улсын зах зээлд нүүрсний ханш өссөн нь ийнхүү дотоодын нүүрсний компаниудын ашигт ажиллагааг дэмжсэн. Үүнээс үүдэн нүүрсний компаниуд хувьцаа эзэмшигчдэдээ идэвхтэй ногдол ашиг хуваарилжээ.

Тэгвэл “АПУ” компани 2017 оны цэвэр ашгаасаа 10.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараахаар шийдвэрлэсэн.

• ҮЦТХТ-өөр тараасан нийт ногдол ашгийн 80 орчим хувийг “АПУ” болон “Тавантолгой” компани бүрдүүлсэн байна. 

• “Зоос гоёл” компани 2017 оны ногдол ашгаасаа гадна бусад оныхыг нөхөж олгожээ. 

• 1993 онд хамгийн олон буюу 111 компани хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг олгож байжээ.

Энэ нь нийт цэвэр ашгийнх нь 42 хувьтай тэнцэж буй. Тус компани нийт ногдол ашгийнхаа таван хувийг ҮЦТХТ-өөр дамжуулан таван мянга орчим хувьцаа эзэмшигчдэдээ хүртээсэн байна. Тус компани нэгж хувьцаандаа есөн төгрөг олгожээ. Сүүлийн жилүүдэд тогтмол ногдол ашиг тарааж буй “Сүү” хувьцаат компани тус төвөөр дамжуулан 54.8 сая төгрөгийг хувьцаа эзэмшигчдэдээ олгосон бол “Монгол шуудан” компани 112 сая төгрөгийн хувийг 33.8  мянган иргэнд ногдуулжээ. 

Түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн түрээсийн үйл ажиллагаа явуулдаг “тахько” компани 115 сая төгрөгийн ногдол ашиг ҮЦТХТ-өөр дамжуулан тараасан нь томоохон дүнд тооцогдож байна. Тус компани нэгж хувьцаандаа 97.2 төгрөгийн ногдол ашиг хуваарилжээ. Үүнээс гадна “Зоос гоёл” компани 2017 оны ногдол ашгаасаа гадна бусад оныхыг мөн нөхөж тараалаа. Тодруулбал, тус компани 2004 оныг эс тооцвол, 2002 оноос 2010 он хүртэл найман жилийн ногдол ашгаа нөхөж олгосон байна. Тус компанийн ногдол ашгийг нийт 10 гаруй иргэн хүртжээ. Дашрамд дурдахад, 1993 онд хамгийн олон буюу 111 компани хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг олгож байжээ.

Ипотекийн зээл барилгын салбарт сэргэлт авчирсан


Барилгын салбарын “Минж проперти” компани нэг тэрбум төгрөгийн “Парк таун” бондыг хөрөнгийн зах зээлд гаргахаар төлөвлөж байна. Нэг жилийн хугацаатай, 17 хувийн хүүтэй уг бондын танилцуулга өнөөдөр буюу энэ сарын 3-н хүртэл үргэлжилнэ. Монголын үнэт цаасны биржээр дамжих уг бондыг энэ сарын 7-ноос арилжиж эхлэх аж. Тэгвэл тус компанийн ерөнхий захирал Х.Ганболдоос зарим зүйлийг тодрууллаа.


-Бондын санхүүжилтийг хэрхэн зарцуулах вэ?

-Барилгын бизнес нь тодорхой хэмжээний хугацаа шаарддаг. Тиймээс богино хугацааны санхүүжилт нь барилгын салбарын бизнесийн мөчлөгөөс зөрөх нь бий. Харин бонд нь харьцангуй урт хугацаатай тул хавар эхлээд бүтэн жил үргэлжилдэг барилгын бизнесийн мөчлөгт тохиромжтой гэж үзэж байна. Манай компани Дархан-Уул аймагт 620 айлын “Парк туан 1” төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Одоо бүрэн хэмжээний “Парк таун 2” цогцолбор төслөө эхлүүлээд удаагүй байна. Зургаан хэсэг бүхий энэ төсөлд бондын санхүүжилтийг зарцуулахаар төлөвлөж байна. Уг бондын андеррайтераар  “дэлгэрхангай секюритиз” компани ажиллаж байгаа.

-Танай компани орон нутаг дахь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Ер нь орон нутагт энэ салбарын нөхцөл байдал ямар байна. Ялангуяа, Дархан-Уул аймагт орон сууцны эрэлт хэр байна вэ?


-Нийслэл хотод орон сууцны нийлүүлэлт эрэлтээ давсан дүр зураг ажиглагддаг. Харин Дархан-Уул аймагт эсрэгээрээ байна. Тус аймагт 1960-аад оны үед их бүтээн байгуулалт өрнөснөөс хойш томоохон хэмжээний барилгын төсөл хөтөлбөрүүд төдийлэн хэрэгжээгүй. Орон сууцны барилгуудын дийлэнх нь хуучирч, насжилт нь нэмэгдсэн. Бидний хийсэн судалгаагаар Дархан-Уул аймгийн орон сууцанд амьдарч буй иргэдийн 45-50 хувь нь шинэ байр худалдан авах хүсэлтэй нь харагдсан. Мөн орон нутагт орон сууцны барилга цөөн тоогоор босдог ч цогцоор нь буюу хотхон, цогцолбор хэлбэрээр барьж буй нь ховор. Харин манай төсөл бүрэн хэмжээний хотхон болох юм.

-Орон нутагт орон сууцны үнэ ханшийг бууруулах боломж байна уу?


-Манай компани барилгын салбарт найман жил үйл ажиллагаа явуулж байна. Бид 2012 онд Дархан-Уул аймагт орон сууцны нэг ам метрийг 1.2 сая төгрөгөөр борлуулж байлаа. Одоо 1.6 сая төгрөгөөр худалдаж байна. Зургаан жилийн дотор 400 мянган төгрөгөөр үнэ нэмэгдүүлсэн. Бид боломжийн үнэ санал болгож, урт хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулахыг хичээж байна. Түүнчлэн манай компани байраа зараад орхих бус борлуулалтын дараах үйл ажиллагааг үргэлжлүүлдэг. Байрны засвар үйлчилгээг тогтмол хийхээс гадна оршин суугчид зориулсан тусгай программ бүтээж, хэрэгтэй мэдээллээр хангаж байна.

-Та барилгын салбарт ажиллаж буй хүний хувьд Монгол Улсын Засгийн газраас энэ салбарт, ялангуяа, ипотекийн хөтөлбөрт баримталж буй бодлогыг хэрхэн дүгнэж байна вэ. Одоогоор энэ хөтөлбөрийн санхүүжилт нь хумигдчихаад байна шүү дээ?


-Монголын эдийн засаг, нийгэмд чухал ач холбогдолтой энэ хөтөлбөрийг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Барилга, бүтээн байгуулалтаас улс орны хөгжил шалтгаална. Тиймээс орон сууцны найман хувийн хүүтэй зээлийг цаашид сэргэнэ гэж харж байна. Үүнийг барилгын компаниуд төдийгүй хот суурингийн газрын иргэд хүлээж байгаа. Ипотекийн зээл барилгын салбарт сэргэлт авчирсан нь бодит үнэн.