A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3611/

Эсгий “Амилуулагч”

Эсгий “Амилуулагч”
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3611/
  • Sayan брэнд чамин, содон загвараараа зах зээлд танигдаж байна
  • Бид эсгий урлалыг дэлхийд таниулах, үндэсний үйлдвэрлэлийнхээ үнэ цэнийг гадаадад сурталчлах том зорилготой ажилладаг
  • Эсгий урлаач дизайнер маань гэртээ сууж хүүхдээ асарч буй ээжүүдийг ажилтай болгож, бас тэдэнд сурсан мэдсэнээ харамгүй сургаж явна
  • Захиалагчдынхаа итгэлийг алдахгүйг хичээдэг ч манай ажилчид гэртээ хүүхдээ хардаг ээжүүд байдаг учраас ажлаа хугацаанд нь амжуулж чадахгүй байх тохиолдол бий
  • Зөвхөн үйлдвэрлэл гэхээсээ илүүтэй урлаг, арт дизайн чиглэлээр хөгжүүлэхийг зорьж байна
  • Ногоон, цэнхэр өнгийг уусгаж эсгийгээ будан, дээр нь цэцэг зурж, iPhone утасны эсгий гэр хийсэн байна. Ингэхдээ жирийн нэг гэр хийхийг урьтал болгоогүй ур хийц, чимэглэлийг чухалчилжээ. Энэ нь худалдан авагчдын сонирхлыг татдаг аж

Таван хошуу малаас хаях юм байдаггүй, баас нь хүртэл гал болдог шүү дээ гэж нэгэн үйлдвэрлэгч хэлсэн удаатай. Үнэхээр тийм билээ. Таван хошуу мал бол Монгол орны шавхагдашгүй баялаг. Үр шимийг нь хүртэж, амь зуулгаа болгож буй ард түмэн билээ, бид. Хонины ноос, ямааны ноолуурыг бид “цагаан алт” гэдэг. Энэхүү “цагаан алт”-ыг жинхэнэ брэнд болгон “амилуулж” буй нэгэн бүсгүйг бид урилаа. Энэ удаагийн “Би үйлдвэрлэгч” булангийн зочин загварлаг, чамин хийцтэй Sayan брэндийг санаачлагч, хувцас загвар зохион бүтээгч Аюурзанын Гандиймаа. Тэрбээр эсгий таавчиг, цүнхийг хэрхэн загварлаг, чамин урлаж болдогийг харуулж яваа уран бүсгүй. Тэрбээр хүүхдээ төрүүлээд гэртээ сууж байхдаа Sayan брэндийн санааг олжээ. Үйлдвэрлэлээ эхлүүлээд олон жил болоогүй ч богино хугацаанд хүмүүсийн анхааралд өртөж, захиалгад дарагдсан байна. Нэг үеэ бодвол эсгий таавчигны загвар сайжирч эрэлт ихтэй болжээ. Ялангуяа гадаадаас их захиалга ирдэг талаар тэрбээр онцолж байлаа. Одоогоор зарим захиалгаа хойш тавьж хилийн чанад руу бараагаа явуулж буйгаа сонирхуулсан юм. Австралид амьдардаг монголчуудаас шинэ жилд зориулсан эсгий оймсыг их хэмжээгээр захиалсан байна. Мөн ОХУ, Японоос ирсэн захиалгаа урлах гээд унтах нойроо хугаслан зүтгэж суугаа аж. Тэрбээр “Хүүхэд төрүүлээд гэрт суухаар орлого хаагдаад хэцүү юм билээ. Хүүхдээ харангаа яаж мөнгө олох вэ гэсэн бодолд дарагдаж суухдаа эсгий бүтээгдэхүүн урлах сургалтын талаар олж мэдсэн юм. Тэгээд энэ чиглэлийн үйлдвэрлэлийг сонирхож эхэлсэн дээ. Зөвхөн үйлдвэрлэл гэхээсээ илүүтэй урлаг, арт дизайн чиглэлээр хөгжүүлэхийг зорьж байна. Тиймээс өдрөөс өдөрт шинэ содон загвар гаргахаар хичээж ажилладаг. Бараг үнэгүйдэх шахаад байгаа хонины ноосыг дэлхийн брэнд болгох гарц бидэнд бий” хэмээн ярилаа. Монголчууд хонины ноосыг үнэ цэнтэй болгох гэж олон янзаар дэлхийд сурталчилж байна. Эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 50 гаруй өрх бий аж. Монголчуудын эсгий урлал гадаад зах зээлд нэлээд танигдаж эхэллээ. Манай эсгий урлал эрхлэгчид бүр ЮНЕСКО-д хүртэл бүртгүүлээд амжжээ. Монголчууд эрс тэс уур амьсгалтай учраас эртнээс эсгий гутал үйлдвэрлэж ирсэн түүхтэй. Бамбагар цагаан нэртэй эсгий гутал хөдөөгийн малчдын өвлийн гоёл байлаа. Харин зах зээлд шилжсэнээс хойш нэг хэсэг үйлдвэрлэл тасарч, өдгөө эргэн сэргэж байна. Эсгийгээр бүтээгдэхүүн хийнэ гэдэг тийм ч хялбар ажил биш аж. Боловсруулах, угааж, самнах гээд 10 гаруй шат дамжлагатай. Гандиймаа эсгийгээ заримыг нь өөрийн гараар боловсруулдаг. Түүний энэ бизнест гэр бүлийнхэн болон түүний хоёр настай хүү хүртэл гар бие оролцдог. Хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдэг утгаараа сайн чанарын ноос хэрэглэх хэрэгтэй болохоор үйлдвэрүүдээс будсан самнасан ноос худалдаж авдаг тухайгаа хуучилсан юм. А.Гандиймаа “Эс-гий урлал бол их нарийн зүйл л дээ. Гарын ур дүй, сэтгэл, зүтгэл, хариуцлага шаардсан ажил. Захиалагч нарынхаа итгэлийг алдахгүйг хичээдэг ч манай ажилчид гэртээ хүүхдээ хардаг ээжүүд байдаг учраас ажлаа хугацаанд нь амжуулж чадахгүй байх тохиолдол бий. Би ээжүүдийг гэрт нь орлоготой байлгахыг хичээдэг. Sayan брэндийн үйлдвэрлэлд тус дэм болж буй ээжүүдэд бас бэрхшээл гардаг аж. Нярай хүүхдээ асрахын зэрэгцээ ажилладаг болохоор хурдтай ажиллах боломж байдаггүй. Үүнээс болоод захиалга цалгарддаг үе гардаг. Бид эсгий урлалын загварыг дэлхийд таниулах, үндэсний үйлдвэрлэлийнхээ үнэ цэнийг гадаадад сурталчлах том зорилготой ажилладаг” гэж ярив. Залуу бүсгүй одоогоор өөрийн хүч хөрөнгөөр эсгий урлалын зах зээлд өрсөлдөж байна. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл хөөцөлддөг ч бүтдэггүй аж. Эдний үйлдвэрлэдэг эсгий таавчиг, балерина гутал зах зээлд чамгүй эрэлттэй байдаг болохоор захиалга их ирдэг байна. Тиймээс сард нэг удаа захиалгаа бөөндөж аваад үйлдвэрлэх нөр их ажилдаа ханцуй шамлан ордог аж. Захиалсан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхийн тулд хангалттай материал, түүхий эд худалдаж авах шаардлага тулгар дагийг тэрбээр мөн учирлаж байлаа. Түүхий эдээ нөөцлөх хөрөнгө санхүүгээ машинаа зарж шийдсэн тухайгаа ч нуусангүй. 2016 онд үйлдвэрээ байгуулж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд эдэлгээ, чанарыг нь шалгахын тулд ойрын хамаатан саднууддаа өмсгөж хоёр жил туршилт хийсэн байна. Ингээд эхний ээлжинд 100 гаруй эсгий таавчиг, чихмэл тоглоом зэргийг үйлдвэрлэж байжээ. Өөрийн эзэмшсэн мэргэжлийнхээ үнэ цэнийг мэдрүүлэхийн тулд загвар, чимэглэлд илүү анхаарал хандуулдаг байна. Нэгэн хэв загварын бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлээд хол явахгүй. Тий- мээс ганган, чамин байх ёстой гэж үздэгээ хэлж байлаа. Тус брэндийн нүүр номын хуудсаар зочлоход л түүний ямар чадварлаг дизайнер болохыг мэдэрнэ. Энгийн, нэгэн хэв загварын эсгий таавчигнаас Sayan брэнд эрхгүй ялгардаг. Нимгэн материалтай, тод өнгөтэй, шигтгээ уран хатгамал, тор гээд чи мэглэл нь тун дэгжин. Охидын эсгий таавчиг үдээстэй, нэхмэл оймсон түрийтэй, ширэн ултай байх жишээтэй. Эсгий таавчиг болон балеринагийн ширэн улыг үйлдвэрлэгч маань өөрөө эсгэдэг юм билээ. Ур хийц, сэтгэлээ шингээж урласан бараа бүртээ өөрийн брэнд шошго, хаягаа хаддаг. А.Гандиймаа Sayan брэндээ оюуны өмчийн хуулийн дагуу баталгаажуулжээ. Энэ оны нэгдүгээр сард барааны тэмдэгтийн гэрчилгээгээ гардаж авсан байна. Sayan гэдэг нэр нь ч гүн гүнзгий утга илэрхийлнэ. Брэндийнхээ нэрийг тэрбээр ийн тайлбарласан юм. Sayan гэдэг нь эмэгтэй хүний үүслийг илэрхийлсэн нэр бөгөөд мөн эртний ном сударт үүлс ороосон уулсын оргилыг ингэж нэрлэдэг байсан юм билээ. Иймээс оргилд хүрэхийн тулд брэндээ ийн нэрлэсэн аж. Эднийх дан ганц таавчиг үйлдвэрлэдэггүй. Эсгий чихмэл тоглоом, бэлэг дурсгалын зүйл захиалгаар хийдэг. Шар өнгийн эсгийгээр урласан үнэг, ягаан өнгийн эсгийгээр урласан багц сарнай гээд өвөрмөц содон урлал тус брэндийн эрэлттэй барааны тоонд ордог. Саяхан iPhone утасны эсгий гэр хийсэн байна. Ингэхдээ жирийн нэг эсгий гэр хийхийг урьтал болгоогүй ур хийц, чимэглэлийг чухалчилжээ. Ногоон, цэнхэр өнгийг уусгаж эсгийгээ будаж, дээр нь цэцэг бас тус компанийн логог улаан өнгөөр зурсан нь худалдан авагчийн сонирхлыг татаж байлаа. Sayan-гийнхан захиалсан бүтээгдэхүүнийг цэвэрхэн хайрцагт хийж савлан хэрэглэгчид хүргэдэг. Монголын зах зээлд хонины ноос килограмм нь 1500-2000 орчим төгрөг байдаг. Харин бараа бүтээгдэхүүн үйлдвэрлээд борлуулахад үнэ хүрдэг гэдгийг эсгий урлаач бүсгүй онцолсон юм. Зуны улиралд Монголд аялахаар ирсэн жуулчид эсгий таавчиг сонирхон худалдаж авдаг аж. Ур хийц, загвар сайтай байвал дэлхийн зах зээлд ч манай эсгий урлалын бүтээгдэхүүн сайшаагдах боломж ойрхон байна. Залуу бүсгүй цаашид дэлхийн зах зээлд танигдахын төлөө хичээж зүтгэнэ гэж байв. Эсгий бол зүгээр нэг материал биш олон төрлийн бараа үйлдвэрлэхэд зохимжтой юм билээ. Бидний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн гол нь хүүхдийн эрүүл мэндэд ээлтэй, биед эвтэйхэн байх ёстой. Тиймээс чанарт түлхүү анхаарахыг хамтран ажилладаг ээжүүддээ зөвлөдөг. Маш нарийн яг л ноолуур шиг боловсруулахгүй бол чихмэл тоглоом хийхэд хүүхдийн аманд гялгас орчих гээд байдаг сөрөг талтай. Бид боловсруулалтад их ач холбогдол өгдөг. Мөн хаягдал гаргахгүйг зорьдог. Өөдсөөр нь үсний сойлтуурын чимэглэл, хавчаар хийж байгаа хэмээн ажилсаг бүсгүй ярьсан юм.



A

Жижиг

A

Дунд

A

Том

Эрчүүдийн чөлөөт сонголт Edi брэнд

 0 сэтгэгдэл
  • Малгайтай цамц, зузаан, нимгэн эрээн өмд, майк гээд 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд танигдаж байна
  • Манайх Нэхмэлийн хүрээлэнгийн лабораториор түүхий эдийнхээ чанарыг шинжлүүлсэн. Алаг даавууны хувьд хөвөн даавууны орц нь 62, полиэстрын орц нь 38 хувьтай байсан
  • Хүн ам цөөтэй жижиг зах зээл гэж хүмүүс шүүмжилдэг ч манай улсад үйлдвэрлэл эрхлээд явах боломж бүрэн бий. Манай хувцас хүмүүст аль хэдийн танигдсан. Үнийн хувьд ч боломжийн буюу 20-40 мянган төгрөг
  • "Дэнд" компани одоогоор 16 хүнийг ажлын байраар хангаад байна. Цаашид үйлдвэрлэлээ өргөжүүлж, хүүхдийн биеийн тамирын хувцас үйлдвэлэхээр загвараа гаргажээ

Хувцас урлал бол элдэв өнгийн даавуу, торгыг “ургуулах” ид шид юм. 2014 онд Монголын зах зээлд чанар чансаагаа мэдрүүлэхүйц нэгэн шинэ бараа гарч ирсэн нь эрчүүдэд зориулсан чөлөөт загварын хувцас байв. Гэртээ болон дасгал хийхдээ өмсөхөд биед эвтэйхэн, хөдөлгөөнд саад болохгүй байдгаараа Edi брэнд онцлог. “Дэнд” компанийнхны үйлдвэрлэж буй хувцас хөлс шингээх хөвөн даавуун материалтай болохоор харшил өгдөггүй давуу талтай. Хөнгөн үйлдвэрийн салбарт өөрсдийн гэсэн зам мөрөө гаргаж, орон зайгаа эзэлж буй Edi брэндийг санаачлагч дунд эргэм насны эмэгтэйг Наранхандын Энхцэцэг гэдэг. Тэрбээр Зүүн салаанд орших наран ээвэр газарт оёдлын үйлдвэрээ байгуулж, алслагдсан хорооны эмэгтэйчүүдийг ажлын байраар хангаж, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж яваа нэгэн. Манай сонины сурвалжлах багийг очиход тус үйлдвэрийхэн тун ч завгүй ажиллаж байлаа. Оёдлын машины намуухан дуу чихэнд үл мэдэг сонсогдож, ар араасаа цувран суусан бүсгүйчүүдийн гар чөлөө завгүй хөдөлнө. Тэд эрчүүдийн чөлөөт цагаараа өмсөх дуртай малгайтай цамц, зузаан, нимгэн эрээн өмд, майк гээд 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, зах зээлд танигдаж буй аж. Хатагтай Н.Энхцэцэг хүнс үйлдвэрлэлээс хувцас урлал руу урваад долоон дахь жилтэйгээ золгожээ. Зарчимч, нямбай бас шаггүй ажил хэрэгч нэгэн гэдэг нь илт мэдрэгдэнэ. Бизнес эмэгтэйчүүдийн төвийн энтрепренер хатагтай, дүүргийн шилдэг үйлдвэрлэгч, хотын шилдэг үйлдвэрлэгч гээд амжилтыг нь илтгэх өргөмжлөл, цом нь түүний хэр хөдөлмөрч, бүтээлч болохыг гэрчлэх мэт.

2016 онд оюуны өмчийн гэрчилгээгээ гардан авсан Edi брэндийг энэ жил МҮХАҮТ-аас импортыг орлох гол бүтээгдэхүүнээр өргөмжилжээ. Хэрэглэгчид ч тэднийг чанартай, сайн материалтай хувцас үйлдвэрлэдэг гэж урмын үгээр мялаадаг аж. Тэрбээр “Бидний үеийнхнийг ажлын талбар дээр гарах үед улс орон зах зээлийн нийгэмд шилжиж, амьдралын төлөө хөлсөө урсгахаас өөр аргагүй болсон. Нийгмийн байдал, амьдралын шаардлагаар хувийн үйлдвэрлэл эрхлэх сонголт хийсэндээ алдаагүй. Анхандаа хүнс үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг байлаа. Гэвч яагаад ч юм хувцас үйлдвэрлэл миний сонирхлыг татдаг байсан юм.  Эрэгтэйчүүдийн чөлөөт хувцас, гэрийн өмд үйлдвэрлэж эхэлсэн маань нүдээ олсон сонголт болсон. Манай улсад төрлийн үйлдвэр байхгүй. Импортын хувцас нь монгол залуусын биеийн размерт төдийлэн таардаггүй юм билээ. Манай эрчүүд азиудыгаа бодвол булчинлаг, шөрмөстэй, биеэрхүү болохоор Европын размер таардаг. Бид нэлээн судалгаа хийж байж бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлсэн. Гуанжоугийн үйлдвэрээс сайн чанарын даавуу захиалан авчирч хувцсаа оёдог.

Манайх Нэхмэлийн хүрээлэнгийн лабораториор түүхий эдийнхээ чанарыг шинжлүүлсэн. Алаг даавууны хувьд хөвөн даавууны орц нь 62, полиэстрын орц нь 38 хувьтай байсан. Мөн хар даавууг шинжлүүлэхэд хөвөн даавуу нь 79, полиэстр материал нь 20 хувь гарсан. Энэ бол маш чанартай сайн үзүүлэлт л дээ. Биеийн тамирын хувцас ерөнхийдөө сунамтгай байдаг. Манай материал цэвэр даавуу учраас сунадаггүй. Гэхдээ биеийн тамирын гэхээс илүү амралтын хувцас гэж хэлж болно. Манай үйлдвэр өдөрт өмд 120 ширхэг, биеийн тамирын цамц 50-ийг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг. Дүнжингарав худалдааны төв, III, IV хорооллын 1000 нэрийн барааны дэлгүүр, Гранд плазагийн гуравдугаар давхраас манай хувцсыг худалдаж авах боломжтой” хэмээн ярилаа. Тус компани одоогоор 16 хүнийг ажлын байраар хангаад байна. Цаашид үйлдвэрлэлээ өргөжүүлж хүүхдийн биеийн тамирын хувцас үйлдвэрлэхээр загвараа гаргаад байгаа аж. Агуулахаар нь ороход хэдэн тавиур дүүрэн хувцас давхарлан тавьсан харагдлаа. Улаан, хар, цэнхэр, саарал өнгийн биеийн тамирын хувцсыг уутлахад бэлэн болгожээ. Хэдэн тийш нь татаж үзэхэд чанартай гэдэг нь мэдрэгдэж байв. Ямартай ч Edi-гийнхэн намар хүүхдүүдэд үндэсний үйлдвэрийн биеийн тамирын хувцсаар гоёх боломж олгож байна. Тэд шинэ хичээлийн жилд хүүхдүүдийг хувцаслах зорилгоо биелүүлэхээр одооноос ханцуй шамлан зүтгэж буй аж. Цагаан сарыг тэмдэглэхгүй гэсэн шийдвэр тэдний борлуулалтыг эрс унагаж, зуны урин дулаан цаг, намрын сэрүүн өдрүүдийг хүлээхээс аргагүй болгосон ч тэд үйлдвэрлэлээ явуулсаар. Амьдрал мөнгөн дээр тогтдог болсон өнөө цагт нэг өдөр ч зүгээр суух эрхгүй гэж оёдолчид өгүүлсэн. Н.Энхцэцэг захирал ч болж өгвөл хүмүүсээ ажилтай байлгах гэж зорьдог байна. Тэрбээр “Хүн ам цөөтэй жижиг зах зээл гэж хүмүүс шүүмжилдэг ч манай улсад үйлдвэрлэл эрхлээд явах боломж бүрэн бий. Манай хувцас хүмүүст аль хэдийн танигдсан. Үнийн хувьд ч боломжийн. Материалынхаа сонголтоос хамаараад 25-40 мянган төгрөгөөр борлуулдаг. 

Цөөн хүн амтай улс орнууд үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн тулд импортын бараанд тодорхой хэмжээний хориг тавих хэрэгтэй гэж би боддог. Жилд импортоор 500 тэрбум төгрөгийн бараа гаднаас авдаг юм билээ. Энэ бол бага биш мөнгө шүү дээ. Тиймээс гадагшаа урсаж буй энэ мөнгийг эх орондоо үлдээж чадвал улсад л хэрэгтэй. Үндэсний үйлдвэрлэл хөгжинө. Ажлын байр нэмэгдэнэ. Үүнийг дагаад ажилгүйдэл, ядуурал буурах сайн нөлөөтэй. Уг нь гадаад зах зээлд гарах тэмүүлэл бий. Гэхдээ том зах зээлийг хангахад үйлдвэрийн хүчин чадал чухал учраас хэдэн жил бэлтгэх шаардлагатай. Улс орон хөгжөөд ирэхээр хэрэглэгчдийн хүрээ өргөжинө шүү дээ. Манай байгууллага олон улсын хийгээд дотоодынхоо үзэсгэлэнгүүдэд тогтмол оролцдог. Хүмүүсийг анзаараад байхад нэг зүйл харагддаг юм. Манай монгол эмэгтэйчүүд эрчүүдээ орхигдуулаад байх шиг байдаг. Өөрсдөө харсан зүйлээ худалдаж авдаг хэрнээ нөхрийгөө ганц өмд авах гэхэд л “За дараа бол. Гэрт юу ч өмссөн яадаг юм” гээд л цааргалдаг. Уг нь хоёр биедээ л хүндэтгэлтэй хандах хэрэгтэй байх. Гадныхан бол шал өөр шүү дээ. Гэртээ ирээд биед эвтэйхэн чөлөөтэй хувцсаа өмсөөд тухалдаг. Анх гэрт өмсдөг эрээн өмд хийж эхэлж байхад их л шүүмжилдэг байлаа. 

Одоо харин хандлага нь өөрчлөгдөөд хүмүүс хэрэглэдэг болжээ” хэмээн ярив. Манайд нэг үеэ бодвол үйлдвэрлэл хөгжиж байгаа гэдгийг тэрбээр онцлов. Төр жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд импортоо хамжааргалах л хэрэгтэй гэсэн санааг тэрбээр өгүүлж суусан. Түүний ээж Москвад төгссөн оёдлын технологич, анхны хувцас дизайнеруудын нэг болохоор сайн зөвлөх, туслах нь болдог аж. Хувцас урлал бол түүний хобби нь юм байна. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд тулгамдсан нэг асуудал нь НӨАТ байдаг аж. Н.Энхцэцэг “Францад бол НӨАТ зөвхөн борлуулалтын системийг хянах зорилготой байдаг юм билээ. Улс хоёр хувийг нь аваад найман хувийг нь буцааж өгдөг тогтолцоотой гэж учир мэдэх хүмүүс ярьдаг. Бид хоёр хувийн татвар төлдөг байсан бол бүгд дургүйцэхгүй. Мэдээж үүргээ ухамсарлаж НӨАТ-аа төлнө шүү дээ. 10 хувь гэдэг үнэнийг хэлэхэд бидэнд амаргүй л байдаг. Энэ тогтолцоог эргэж хармаар байгаа юм. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид их бага хэмжээгээр НӨАТ-ын өртэй явдаг байх. Миний хувьд ч гэсэн сар бүр бага хэмжээний өр хуримтлах нь байдаг л үзэгдэл болсон. Боломжтой бол төлнө, орлого, ашиг маруухан байвал хойшлуулахаас өөр арга байдаггүй” гэв. Компанийн нийгмийн хариуцлага гэдэг татвараа цаг тухайд нь төлж, улсад орлого оруулах юм хэмээн тэрбээр хэлж байв.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Арьсан бүтээгдэхүүний зах зээлд өнгө нэмэх “Aмка” брэнд

 0 сэтгэгдэл
  • Японд 500 мянган төгрөгөөр худалдаалдаг цүнх Монголд хоёр дахин хямд зарагддаг
  • Өнгөрсөн жилээс хүү маань бидэнд захиалга өгдөг болсон. Эхнэр бид хоёр зөвхөн захиалсан бүтээгдэхүүнийг нь үйлдвэрлэдэг. Бусад ажилд нь оролцдоггүй юм. Залуу хүн бие дааж дорвитой хийж үзэг гэж боддог юм. Үндсэндээ миний хүү бидэнд ажил олгож, дэм болж байна
  • Хоёр жилийн дараа АНУ руу докторт сурахаар төлөвлөж байна. Харин энэ хугацаанд брэндээ хөгжүүлж, би байхгүй байсан ч тогтмол үйл ажиллагаа явуулдаг байх хүсэлтэй ажилладаг. Өөрөөр хэлбэл, намайг сурч байхад дансанд мөнгө орж байх хэмжээнд хүргэх

“Паскаар эхэлсэн бизнесээ зах зээлд өрсөлдөхүйц брэнд болгохын тулд багагүй хөлс дуслуулсан, одоо ч хичээсээр байна. Мэдээж шантрах үе бишгүй тохиолддог. Гэвч бууж өгөөгүй, өгөх ч үгүй” хэмээх шавилхан биетэй, хөдөлмөрч залуугийн үүсгэн байгуулсан “Aмка” брэндийг энэ удаагийн дугаартаа танилцуулж байна. Арьсан эдлэлийн зах зээлд өөрийн гэсэн дүр төрхийг бий болгоод буй тус брэндийн үүсгэн байгуулагч У.Амарбат 23 настай экологич мэргэжилтэй. Залуу хүнд мөнгө, туршлагаас илүү зориг, зорилго тэмүүлэл хэрэгтэйг үлгэрлэж буй тэрбээр бизнесээ нэг жилийн өмнөөс эхлүүлсэн ч богино хугацаанд цэцэглүүлж чаджээ. Учир нь тус брэнд дотоодын зах зээлд танигдаад зогсохгүй БНХАУ, АНУ-д бүтээгдэхүүнээ гаргаад амжсан байна.

Аав ээждээ ажил олгож байна

Түүний аав С.Ундрахболд, ээж Л.Эрдэнэчимэг нь Японы хөрөнгө оруулалттай “Тод гэрэл жидай” компанитай хамтарч Hushtug брэндийн арьсан цүнх үйлдвэрлээд гурван жил болж байгаа аж. Тэд тус брэндийн бүтээгдэхүүнийг захиалгаар хийдэг бөгөөд сард дунджаар 600-800 цүнх Японы зах зээлд нийлүүлдэг байна. Харин өнгөрсөн жилээс хүү У.Амарбат нь мөн тэдний үйлдвэрт захиалга өгч бүтээгдэхүүн хийлгэдэг болсонд тун баяртай байгаагаа илэрхийлж байв. С.Ундрахболд “Манай үйлдвэр үйл ажиллагаагаа явуулаад найман жил болж байна. Өнгөрсөн жилээс хүү минь бидэнд захиалга өгдөг болсон. Эхнэр бид хоёр зөвхөн захиалсан бүтээгдэхүүнийг нь үйлдвэрлэдэг. Бусад ажилд нь оролцдоггүй юм. Залуу хүн бие дааж дорвитой юм хийж үзэг гэж боддог. Үндсэндээ миний хүү бидэнд ажил олгож, дэм болж байна. Анх “ааваа би нэрийн брэндтэй болохоор төлөвлөж байна” гэхийг нь сонсоод чадах эсэхэд нь эргэлзэж л байсан. Гэтэл бодсоноос ч илүү үр дүнтэй ажиллаж байгааг нь хараад баярладаг” гэж хүүгээрээ бахархан өгүүллээ. Тэдний арьсан урлалын үйлдвэр 10 гаруй хүнийг ажлын байраар хангаж, нийгмийн даатгалын шимтгэл, татвар төлдөг хариуцлагатай компани юм. Мөн тэд ихэнхдээ захиалгын дагуу бүтээгдэхүүн гаргадаг аж. Тодруулбал, хамтарч ажилладаг “Тод гэрэл жидай” компани нь мөнгөө урьдчилж төлөөд, захиалгаа өгөх системээр үйл ажиллагаа явуулдаг байна. Ингэснээр төлөвлөгөөний дагуу ажиллах боломжтой бөгөөд бүтээгдэхүүний илүүдэл гарах, хэрэглэгч хайх зэрэг хүндрэл үүсдэггүй байна. Тиймээс “Aмка” брэнд ч тус арга барилаар ажиллаж, захиалгын дагуу бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Гэхдээ Монголын нөхцөлд зөвхөн энэ аргаар борлуулалт хийх боломжгүйг онцоллоо. Монгол арьсаар дэлхийд таашаагдсан эцсийн бүтээгдэхүүн гаргах зорилготой тус брэнд одоогоор үйлдвэртээ болон “Улаанбаатар галлериа”-д бүтээгдэхүүнээ борлуулдаг бөгөөд Ard.mn онлайн шопоор дамжуулан хэрэглэгчдэд хүрдэг байна. Мөн өөрсдийн цахим хуудсыг хөгжүүлж, хүмүүст танигдаж буй бөгөөд энэ нь бүтээгдэхүүний захиалга авах, борлуулах нэг чухал суваг гэнэ.

Японд 500 мянган төгрөгөөр худалдаалдаг цүнх Монголд хоёр дахин хямд зарагддаг

Hushtug брэндийн цүнх гурван удаагийн хяналт шалгалтыг давж байж зах зээлд гардаг байна. Японы зах зээлд чанараараа танигдах зорилготой брэнд учир эдэлгээ удаантай, бат бөх бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь тэдний эрхэм зорилго. Үнийн хувьд, нэг цүнхийг дунджаар 500 мянган төгрөгөөр борлуулдаг байна. Харин тус үйлдвэрийн дотоодын хэрэглэгчдэд зориулан урлаж буй “Aмка” брэндийн цүнх үүнээс хоёр дахин хямд үнээр зарагддаг. Чанарын хувьд Япон улс руу гаргадаг цүнхнээс ялгарах зүйлгүй төдийгүй загвараа дотоодын хэрэглэгчдийн онцлогт нийцүүлэн урладаг байна. У.Амарбат “Манай үйлдвэрийн ажилчид чадварлаг, туршлагатай. Үйл ажиллагаа нь жигдэрсэн учир хамтарч ажиллахад таатай байдаг. Мөн аав, ээж хоёр маань хариуцаж ажилладаг болохоор надад бүтээгдэхүүнээ чанарын шаардлага хангаагүй гарах вий гэх айдас байдаггүй юм. Тэд цүнхээ үйлдвэрлэхдээ ширхэг утсанд хүртэл анхаарч, нарийн хийцтэй урладаг. “Aмка” брэндийн бүтээгдэхүүн Hushtug-ын цүнхтэй ижил чанартай гардаг нь манай бас нэг онцлог. Харин загварын хувьд дотоодын хэрэглэгчдэд тохируулан бага зэрэг өөрчилж урладаг юм. Тухайлбал, монголчууд хаяг, лого бүхий чамин хийцтэй бүтээгдэхүүн хэрэглэх сонирхолтой. Харин япон хүмүүс ямар нэг гоёл чимэггүй энгийн загвар их захиалдаг. Мөн Хятад, АНУ-д бүтээгдэхүүнээ гаргахдаа ч хэрэглэгчдийн судалгаа их хийдэг. Улс, үндэстэн бүхний онцлогт тохирох зүйл хийж байж л хүмүүст хүрнэ. Тиймээс зах зээлээ мэдэрч, загвараа гаргахыг хичээдэг. Гэхдээ үнийн хувьд манай бүтээгдэхүүн хоёр дахин бага байдаг. Үүнд тээвэрлэлт мэдээж нөлөөтэй. Гэхдээ Hushtug-ын цүнхний зөвхөн борлуулалт дээр зургаан хүн ажилладаг болохоор ажилчдаа цалинжуулахаас эхлээд өртөг ихтэй. Харин би бүтээгдэхүүн борлуулах, хөгжүүлэх, орлого зарлагаа тооцох зэрэг ажлыг өөрөө л хийдэг. Ингэснээр багагүй мөнгө хэмнэдэг юм. Сургуулиа төгсөөд удаагүй, хуримтлуулсан мөнгө багатай бизнес эхлүүлнэ гэдэг амаргүй юм билээ. Мөн би энэ тал дээр ямар ч мэдлэггүй, номын дуу сонсоогүй хүн. Гэхдээ болохгүйгээс болгох хүртэл нь л зүтгэж байна. Бизнес эрхлэгчдийн сургалтад сууж, аль болох өөрийгөө цэнэглэхийг хичээдэг. Хажуугаар нь мэргэжлийн ажлаа хийдэг юм. Мастертаа ч сурдаг. Хоёр жилийн дараа АНУ руу докторт сурахаар төлөвлөж байна. Харин энэ хугацаанд брэндээ хөгжүүлж, намайг эзгүйд ч тогтмол үйл ажиллагаа явуулдаг болгох хүсэлтэй ажилладаг. Өөрөөр хэлбэл, намайг сурч байхад дансанд минь мөнгө орж байх хэмжээнд хүргэх мөрөөдөлтэй” гэлээ.

Амка брэнд бүтээгдэхүүнээ Монгол арьсаар хийдэг

Арьсаар бүтээгдэхүүн урлахад хамгийн чухал зүйл бол түүхий эд байдаг. Тус үйлдвэр түүхий эдээ дотоодоосоо хангадаг байна. Учир нь Монгол арьс бат бөх, чанар сайтай, эдэлгээ удаан зэрэг олон давуу талтай. Мөн тэд дотоодын үйлдвэрээ дэмжиж хамтарч ажиллахыг хүсдэг гэнэ. Гэхдээ бүсний арал, цүнхний цахилгаан зэрэг туслах бүтээгдэхүүн хийдэг үйлдвэр ховор учир тэдгээрийг дотоодоос хангах боломжгүй байдаг аж. Энэ талаар “Бид бүтээгдэхүүнээ “Мон ирээдүй” үйлдвэрийн боловсруулсан арьсаар хийдэг. Хятадын арьсаар хийж болох ч нимгэлгээ авахдаа муу, бат бөх биш зэрэг цөөнгүй сул талтай юм билээ. Гэхдээ монгол малын арьс бэлчээрлэлтээс шалтгаалсан шарх, өвчлөлөөс үүссэн сорви ихтэй байдаг. Энэ нь бүтээгдэхүүн гаргахад бага зэрэг хүндрэл учруулдаг юм. Бидний хамтарч ажилладаг “Мон-Ирээдүй” компани арьсаа өндөр түвшинд боловсруулдаг. БНХАУ, Итали, Турк, Япон, БНСУ зэрэг орнуудад боловсруулсан арьсаа гаргадаг юм билээ. Мөн Michael Kors, ZARA зэрэг дэлхийн алдартай брэндүүд тэдний арьсаар цүнх хийдэг. Түүнийгээ Монголд оруулж ирээд шаггүй үнэтэй зардаг шүү дээ. Манай үйлдвэр маш сайн боловсруулсан түүхий эд хэрэглэдэг учир бүтээгдэхүүнээ нүүр бардам худалдаалдаг” гэлээ. Тус брэндийн хамгийн гол давуу тал нь Японы зах зээлд хөлөө олсон брэндтэй эн зэрэгцэж, туршлага судалж, бүтээгдэхүүнээ гаргаж байгаа явдал юм. Түүнчлэн арьсан эдлэлийн дотоодын үйлдвэрүүдтэй харьцуулахад үнэ ч хямд байлаа. Тухайлбал, Монголд нэг бүс дунджаар 50-60 орчим мянгаар борлуулдаг бол энд 20-30 мянган төгрөг. Харин цүнх 200-300 мянган төгрөгөөр худалаалж байв. Мөн загвар давтахгүйг хичээж, чанарыг эрхэмлэдэг нь тэдний онцлог. Үүнээс гадна, бүтээгдэхүүндээ нэг жилийн баталгаа өгдөг бөгөөд энэ хугацаанд гарсан эвдрэл, гэмтлийг үнэ төлбөргүй засаж өгдөг нь хэрэглэгчдийн таашаалд хэдийн нийцжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Үрдээ сайныг өмсгөх гэсэн сэтгэл үндэсний үйлдвэр болон хөгжсөн нь

 0 сэтгэгдэл
  • Сайн чанарын материал орж ирэх болсон тул оёдлын үйлдвэрүүд сэргэж эхэлжээ
  • Тэрбээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас гадагшаа явж бараа бүтээгдэхүүн болон хийх материалаа судлаад хоёр сар орчим туршиж, наймдугаар сарын сүүлээр албан ёсоор үйлдвэрээ ажиллуулж эхэлжээ
  • Зөвхөн өөрийнхөө санаанд нийцсэн хувцсыг хүүхдэдээ өмсгөх гэсэн эхийн сэтгэл “Намуу” нэртэй үндэсний үйлдвэр болон хөгжжээ
  • Харахад энгийн мэт боловч хагийн их ажиллагаа шаарддаг зүйл бол дотуур хувцас аж. Дотуур хувцсыг биед эвтэй, харшил өгөхгүй, сайн чанарын даавуугаар хийсэн байх ёстой байдаг
  • Одоогийн байдлаар өнгө, размерын сонголттой 18 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, зах зээлд борлуулж байгаа аж

Эмэгтэй хүн хүүхэд төрүүлж, гэртээ суух хугацаанд мэргэжлийн хувьд өсч дэвжих, магадгүй албан тушаал өгсөх, карьераа нэмэгдүүлэх боломжоо алддаг нь нууц биш. Гэхдээ ямар ч эмэгтэй нялх үрээ асарч, өсгөх энэ хугацааг золиос гэж боддоггүй бөгөөд амьдралын аз жаргал гэж хүлээж авдаг нь хамгийн сайхан. Харин ч өөрийн бизнесээ эхлүүлээд амжилтад хүрсэн олон эмэгтэй гэртээ хүүхдээ харж байхдаа бизнесийн санаагаа бодож олсон талаарх олон түүхийг уншиж байлаа. Эдгээр эмэгтэйн нэг төлөөлөл бол А.Батжаргал. Тэрбээр хүүхдийн биед эвтэйхэн чанартай дотуур хувцас хайгаад олоогүй учир өөрөө хийхээр шийджээ. Зөвхөн өөрийнхөө санаанд нийцсэн хувцсыг хүүхдэдээ өмсгөх гэсэн эхийн сэтгэл “Намуу” нэртэй үндэсний үйлдвэр болон хөгжсөн түүхийг энэ удаагийн “Би үйлдвэрлэгч” буландаа онцолж байна. 

18 төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргаж байна

Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах тус үйлдвэрийг зорьж очиход оёдлын машин тасралтгүй тачигнаж, оёдолчин эмэгтэйчүүд биднийг анзаарах сөхөөгүй ажиллаж байв. А.Батжаргал биднийг үйлдвэрийн байрны зохион байгуулалт, үйлчин эмэгтэйчүүдийн гараас “Намуу” брэндийн хувцас хэрхэн “төрж” буй процесстой танилцууллаа. Тус үйлдвэр эсгүүр гаргах өрөө, оёдол, индүүдлэг гэсэн ерөнхий гурван хэсэгтэй. А.Батжаргал “Өнөөдөр захиалга их байгаа болохоор ажилчид маань завгүй л байна. Зарим нь гадуурх ажлаа амжуулахаар явсан” гэв. Тэрбээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас гадагшаа явж бараа бүтээгдэхүүн болон материалаа судлаад хоёр сар орчим туршиж, наймдугаар сарын сүүлээр үйлдвэрээ албан ёсоор ажиллуулж эхэлжээ. “Монголын нөхцөлд сайн чанарын хөвөн зөөлөн материалтай дотуур хувцас олдоц багатай байдаг. Өдөр тутамдаа байнга хэрэглэдэг эдгээр хувцсыг ихэвчлэн гадаадаас авдаг байсан. Харин хүүхдээ хараад гэртээ сууж байхдаа өмсөх хувцсаа заавал гадаадаас авах шаардлага юу байна. Яагаад эх орондоо үйлдвэрлэж болохгүй гэж бодоод туршилтаар хувцас хийж эхэлсэн” гэж А.Батжаргал ярьсан юм.

“Намуу”-г сонгосон үйлчлүүлэгч дараа заавал дахин ирдэг

“Намуу” брэнд нь дотуур хувцас, нимгэн өмд, халаад, майк шортны хослол, футболк, унтлагын болон жирэмсний хувцас зэргийг үйлдвэрлэдэг. Одоогийн байдлаар өнгө, размерын сонголттой 18 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн, зах зээлд борлуулж байгаа аж. Бүтээгдэхүүнээ гаргаад зургаан сар болж байгаа боловч аль хэдийн байнгын үйлчлүүлэгчтэй болоод амжжээ. Нэг удаа “Намуу”-г сонгосон үйлчлүүлэгч дараа заавал дахин ирдэг байна. Улмаар тус үйлдвэрийн дизайнеруудад өөрсдийн хүсэл сонирхлын дагуу захиалга өгч, хувцас хийлгүүлэх болсон аж. Тухайлбал, гэрийн өмдний тухайд илүү загварлаг байлгахыг хүссэн байна. Тиймээс үйлчлүүлэгчдийнхээ саналыг хүндэтгэн үзээд өнгө, загвар, материалаа шинэчилж, өвдөг гардаггүй материалтай, суудал өндөртэй, биед эвтэйхэн загвартай болгосон байна. Мөн үйлчлүүлэгчдийн сонирхлын дагуу эмнэлэгт өмсөх хамбан материалтай халаад хүртэл хийжээ. Тэднийх материалаа БНХАУ болон БНСУ-аас авдаг. Үйлдвэрийн дэлгүүр нь Төв номын сангийн урд байрлах Выставка буюу Сарны титэм худалдааны төвд байдаг аж. Мөн “И-март”, “Номин”, “Миний дэлгүүр” зэрэг томоохон сүлжээ дэлгүүрүүдэд бүтээгдэхүүнээ борлуулахаас гадна олон хүнд хүргэх зорилгоор “Номин”-гийн орон нутгийн салбар супермаркетуудаар борлуулдаг.

Хүчин чадлынхаа 50 хувийг л ашиглаж байна

Харахад энгийн мэт боловч хамгийн их ажиллагаа шаарддаг зүйл бол дотуур хувцас аж. Дотуур хувцсыг биед эвтэй, харшил өгөхгүй, сайн чанарын даавуугаар хийсэн байх ёстой байдаг. “Олон төрлийн дизайнаас бүтээгдэхүүн болох загварыг сонгодог. Хувцасны материалаа үнэтэй авдаг учраас бүтээгдэхүүн зах зээл дээр хямд гарах боломжгүй. Гэхдээ бид аль болох өндөр үнээр борлуулахгүй байх төлөвлөгөөтэй ажилладаг” хэмээн А.Батжаргал хэлсэн юм. Одоогоор тус үйлдвэр есөн ажилтантай бөгөөд захиалга ихтэй үед гэрээгээр оёдолчин авч ажиллуулдгаа дуулгав. Мөн үйлдвэрийнхээ хүчин чадлын 50 хувиар ажиллаж буйгаа хэлсэн юм.

Хувцас урлалын зах зээл өрсөлдөгч олонтой

Тус үйлдвэрийн хувцаснууд төрлөөсөө хамааран 3500-45000 төгрөгийн үнээр зах зээлд гарч байна. Хамгийн үнэтэй нь 65 мянган төгрөгийн үнэтэй хамба хилэн материалтай гэрийн халаад байв. А.Батжаргал “Монголчууд хувцсаа хаанаас авч буйг судалж үзсэн. Ажил, амины шугамаар гадаад явдаг хүмүүс тухайн орнуудаас хувцсаа авчихдаг. Харин тийм боломжгүй хүмүүс ямар нэгэн брэндийн хямдарсан хувцсыг авч өмсдөг. Дэлхийд алдартай брэндүүд нэг төрлийн хувцсыг маш олноор үйлдвэрлээд, үлдсэн бараагаа 50-70 хувь хямдруулж зардаг. Харин монголчууд ихэнхдээ ингэж хямдарсан хувцсыг авч өмсдөг бөгөөд, гадаадад ийм үнэтэй байдаг гэж ойлгодог. Гэтэл тийм биш. Тухайн компани бүх ашгаа хийчихээд үлдэгдэл бараагаа дуусгах зорилгоор хямдруулж байхад гадаадын бүтээгдэхүүн хямд байхад бараагаа хямдруул гэж дотоодын үйлдвэрлэгчдэд хэлдэг” хэмээн тайлбарлалаа. Тэрбээр “Бид бүтээгдэхүүний оёдол, эсгүүрт онцгойлон анхаарч, өдөр тутамдаа сайжруулсаар олон улсын стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүн Монголдоо үйлдвэрлэхийн төлөө чармайн ажиллаж байна” гэсэн юм. Хувцас урлалын зах зээл өрсөлдөгч ихтэй. Учир нь БНСУ-аас чанартай, олон төрлийн даавуу орж ирдэг болсон учраас оёдлын үйлдвэрүүд сэргэж, хувь хүмүүс хүртэл гэрээр хүүхдийн хувцас, баривч зэрэг олон зүйл үйлдвэрлэх болсон байна. А.Батжаргал Чехэд бизнесийн удирдлага чиглэлээр мэргэжил эзэмшсэн ч цаашид хувийн бизнесээ өргөжүүлэхээр төлөвлөжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Монгол чанарыг дэлхийд мэдрүүлэхээр зорьж буй “Эхлэл”-ийнхэн

 0 сэтгэгдэл
  • Сард 100 гаруй мянган бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон улсын зах зээлд экспортолж байна
  • Залуус "Эхлэл"-ийнхний үйлдвэрлэж буй чихэвч, зөөврийн цэнэглэгч, гар утасны дагалдах хэрэгслийг их хэрэглэх болжээ. Үзэмж давгүй чанарын хувьд ч гайгүй санагдсан талаар залуус сонирхуулж байлаа
  • Нэг килограмм төмрийг түүхийгээр нь экспортлох, халбага хийгээд гаргах хоёрын хооронд том зөрүү бий. Нэмүү өртөг шингэсэн технологийн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд нэлээд үнэтэй байдаг. Иймээс зах зээлд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргахыг зорьж, электроникийн чиглэлийн үйлдвэрлэл эрхэлж байгаа
  • Алс хэтдээ компьютер, цахилгаан машин үйлдвэрлэлийн салбарт хүч сорих хүсэл тээж яваагаа сонирхууллаа. Тэд технологийн бүтээгдэхүүнийг өөрсдөө бүтээж, гадаад валютын урсгалыг эх орон руугаа татах зорилго тээн ажиллаж байна

“Дуслуулсан хөлс бүр чинь үр дүн авчирна”. Ийн хэлэх эрхэм бол “Эхлэл” брэндийг үүсгэн байгуулагч Ч.Батзаяа гэх 30 эргэм насны залуу юм. Тэрбээр таван жилийн өмнө хуушуур хийж, захиалгаар хүргэж өгдөг байжээ. Тэр үед Монголд анхны электрон хэрэгслийг үйлдвэр байгуулах том зорилго сэтгэлдээ тээж, бизнесээ босгох шат өөд зугуухан алхаж явснаа дурсав. Тэрбээр “Амжилтын түлхүүр хүн бүрийн гарт анх төрөхөд л атгаатай байдаг. Тэр бол зүтгэл. Амжилтыг холоос хайх хэрэггүй. Зүтгэл байсан цагт чиний амжилтад хүрэх тасалбар хүчинтэй гэсэн үг” хэмээн хэлэх дуртай. Монголчууд гар утас, компьютер үйлдвэрлэнэ гэхээр зарим хүний санаанд багтдаггүй. Тэртээ тэргүй улс орнууд хийж байгаа зүйлийг бид хийж яах юм бэ, тэгээд ч бидний хийсэн бүтээгдэхүүн төгс байж чадах уу гэж эргэлзэх хүмүүс бий. Гэвч бид бусад үндэстнүүдтэй л ижилхэн зүрх, тархитай төрсөн. Тиймээс агуу зүйлийг бүтээх, дэлхийг байлдан дагуулах авьяас билиг ч бидний дотор оршиж буй. Хүн бүр хичээл зүтгэл гаргаж, зогсолтгүй хөдөлмөрлөж чадвал бүхнийг бүтээнэ гэж Ч.Батзаяа үздэг аж. 

Залуус “Эхлэл”­-ийнхний үйлдвэрлэж буй чихэвч, повер зөөврийн цэнэглэгч, гар утасны дагалдах хэрэгслийг ихээр хэрэглэх болжээ. Үзэмж давгүй, чанарын хувьд ч гайгүй санагдсан талаар тэд сонирхуулж байлаа. Тэрбээр компани байгуулсан түүхээсээ бидэнтэй хуваалцсан юм. “Эхлэл”-­ийн түүх 2007 оноос бичигджээ. Хоёрдугаар курсийн оюутан залуу цагийн ажил хийхийн хажуугаар Amjilt.com Ehlel.com Miniih.com зэрэг сайт ажиллуулж эхэлсэн байна. Бүх төрлийн программ татдаг варез сайт болохоор тухайн үеийн залуусын сонирхлыг татаж чаджээ. Эдгээр сайтыг ажиллуулж байхдаа тэрбээр дотроо Microsoft шиг болно хэмээн бодож зүтгэж байв. Ингээд 2011 оноос hostmongol гэж нэрээр Монголд анх удаа .MN домэйн нэрийг 25 ам.доллараар худалдаалах боломжийг нээж, хоёр жил шахуу энэ үйл ажиллагаагаа эрхэлжээ. Энэ бүхэн өнөөдрийн электроникийн үйлдвэр байгуулах шат гишгүүр болсон байна. Ч.Батзаяа “Би багаасаа л Солонгосын Sam­sung, LG, Японы Toyota, Honda, Германы Benz, Хятадын Lenovo шиг брэндийг Монголдоо бий болгоно гэж мөрөөдөж явсан. Үүнийгээ бодит болгох нь миний зорилго, тэмүүлэл. Тийм ч учраас брэндийнхээ уриаг see your dream come to life буюу мөрөөдөл тань амьдрал дээр хэрхэн биелэхийг хар гэсэн утгатайгаар өгсөн. 2016 оны аравдугаар сард компаниа байгуулж, оюуны өмчөө бүртгүүлэх, худалдаалах зүйлсээ үйлдвэрлэх, Aliba­ba-­гийн хятад сапплэйр эрх авах зэрэг ажлуудаа маш нарийн хийсэн. Хятадын зах зээл, бизнесийн орчин, бизнесийн соёл нь миний бодсоноос тэс өөр байсан болохоор түүнийг ойлгох, мэдрэх гэж, бага биш хугацаа зарцуулсан. Наад зах нь хэлний бэрхшээл. Гэвч ямар ч байсан өнөөдөр бол Хятадын зах зээлийг ойлгох ойлголт, арга зам, гарц, хэл ус, дадал зуршил маань хамаагүй дээрдсэн шүү. Ер нь үйлдвэрлэгч, бүтээгч, экспортлогч тэр дундаа олон улсад худалдаа хийж суръя гэвэл бид Америк, Орос, Европ гэхээсээ илүүтэй хятадуудаас л сурах хэрэгтэй юм шиг санагддаг” гэлээ. Монголын технологийн салбарт цахиур хагалах бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхий дахинд “Made in Mongo­lia”-­г таниулах хүсэл зорилготой бизнесээ эхлүүлжээ. Түүнийг анх бизнесээ эхэлж байхад санхүү, хөрөнгө босгох амаргүй байсан ч хичээл зүт­гэлийн хүчээр хүнд үеийг давж гарчээ. Тэрбээр “Манай улс нүүрс, алт, зэс, ноос ноолуурын чиглэлээр дэлхийн зах зээлд танигдсан хэдий ч голдуу түүхийгээр нь олон улсад гаргаж байна. Их хэмжээгээр гаргасан нөхцөлд эдийн засгийн үр өгөөж гайгүй байдаг ч багаар экспортлоход ашиг нь буурдаг. Тиймээс хүмүүсийн орчин үеийн хэрэглээн дээр тулгуурлаж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж олон улсын зах зээлд нийцүүлэхээр зорьсон. Нэг килограмм төмрийг түүхийгээр нь экспортлох, халбага хийгээд гаргах хоёрын хооронд том зөрүү бий. Нэмүү өртөг шингэсэн технологийн бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд үнэтэй байдаг. Иймээс зах зээлд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргахыг зорьж, электроникийн чиглэлийн үйлдвэрлэл эрхэлж байгаа. Технологийн бүтээгдэхүүний хэрэглээ улам нэмэгдэж байна. Ойрын 10 жилд илүү өсөх хандлагатай байгаа. Тэгэхээр би зах зээлээ зөв мэдэрч үйлдвэрлэл явуулж байгаа гэж боддог. Манай компани одоогоор 100 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Үүнээс долоон нэр төрөл нь гар утасны дагалдах хэрэгсэл. Монголчуудын хувьд импортын бүтээгдэхүүн давамгайлсан байдаг учраас зах зээлд үнэтэй байгаа юм. Гэхдээ өөрсдөө дотооддоо үйлдвэрлэдэг учраас гаалийн татвар, тээврийн зардал багасдаг тул өртөг хямд байдаг. Эх орондоо үйлдвэрлэхээр үнэтэй байдаг гэж иргэд ойлгодог. Тийм биш. Бид чанарт илүү анхаарал хандуулж байна. Гар утасны холбогч л гэхэд тасрахгүй бат бөх байж удаан эдэлгээ даахуйц байлгахад анхаардаг” гэж ярилаа. “Эхлэл” компа­нийнхан Энэтхэг, ОХУ, Казахстан руу бараагаа экспортлох гэрээ хэлэлцээр хийгээд байгаа аж. Том зах зээлд хөл тавихын тулд үйлдвэрийн хүчин чадал сайн байх ёстой. Үүнд ихээхэн анхаардаг ч нарийн мэргэжлийн боловсон хүчин дутагддаг хэмээсэн юм. Чадалтай залуус өөрсдийгөө үнэлдэг гадаад зах зээлд ажил­ладаг болохоор Монголоос сайн мэргэжилтэн олно гэдэг амар биш гэдгийг тэд хэлж байв. Тиймээс залуусыг сургаж, тогтвортой ажиллуулахаар зорьж буй аж. Одоогоор сард 100 гаруй мянган бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй бөгөөд энэ хүчин чадлынхаа хүрээнд олон улсын зах зээлд бараагаа нийлүүлж байна. Дараагийн үйлдвэрүүдээ ашиглалтад оруулсны дараа бүтээгдэхүүн үйлдвэрлэл нэмэгдэнэ гэж үзжээ. Дахин хоёр ч үйлдвэр ашиглалтад оруулахаар төлөвлөж буйгаа дуулгасан. Эхний ээлжинд Энэтхэгийн Бангалор руу бүтээгдэхүүн гаргаж буй юм байна. Тус хот 20 сая хүн амтай болохоор овоо дориун зах зээл бий гэж “Эхлэл”-ийнхэн онцолж байв. Энэ жишгээр Монголын бизнесмэнүүд дэлхийн зах зээлд гарах гэж чармайж байна. Гэхдээ олон бичиг баримт бүрдүүлэхээс эхлээд тийм ч амар байдаггүйг Ч.Батзаяа хэлж байв. Бизнесийн орчин хэт нүсэр байхаар цаг хугацаа алддаг, энэ нь бүтээмжийг хойш татаж байна хэмээн тэрбээр нэмж хэлсэн юм. Бизнес эрхлэгчдэд тулгамддаг асуудал нь хаана, бооно, торгоно гэсэн эрх зүйн санкцууд байдаг аж. Төрийн энэ дарамт бизнесийн орчныг сулруулж байдгийг тэрбээр шүүмжилж байлаа. Ч.Батзаяа “Манайх төрөөс элдэв хөнгөлөлттэй зээл, дэмж­лэг авч байсангүй. Өөрийн боломжоо ашиглаад л зүтгэж байна. ЖДҮ­-ийг дэмжих зээл, элдэв татаас төрөөс үзүүлэхгүй байж болно л доо. Харин бизнес эрхлэгчдэд илүү чөлөөт өрсөлдөөнийг л бий болгож өгөх хэрэгтэй. Гадаад зах зээлд гарахад чөлөөтэй байлгамаар байна” гэлээ. Өмнө нь Монголд элект­роникийн үйлдвэрлэл эрхэлж байсан туршлагатай бизнесмэн байдаггүй болохоор амаргүй байсныг дурдаж байв. Түүнчлэн хамтраад ажиллах, туршлага солилцох нөхцөл боломж хязгаарлагдмал байдгийг ч нуусангүй. Электроникийн чиглэлээр бизнес эрхлэх, үйлдвэрлэл явуулахыг зорьж буй хүмүүст “Эхлэл”-­ийнхэн зам гаргаж өгөгч нь болж байна. Алс хэтдээ компьютер, цахилгаан машин үйлдвэрлэлийн салбарт хүч сорих хүсэл тээж яваагаа сонирхууллаа. Тэд технологийн бүтээгдэхүүнийг өөрсдөө бүтээж, гадаад валютын урсгалыг эх орон руугаа татах зорилго тээн ажиллаж байна. Ч.Батзаяа “Бизнесийг хүн баяжих гэж хийдэггүй юм. Бусдыг идэх хоолтой, өмсөх хувцастай байлгах, сайн сайхан амьдруулах гэж хийдэг юм” хэмээн ярьдаг. Тиймээс ч ажилгүйдлийг бууруулж, баялаг бүтээхэд хүчин зүтгэж яваа ажээ.