A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4213/

Эхнэрээ дураар нь байлгах нь буруу гэж үү

Эхнэрээ дураар нь байлгах нь буруу гэж үү

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4213/

“Засгийн газрын мэдээ” сонин мэргэжлийн сэтгэлзүйчтэй хамтран бэлтгэдэг ээлжит зөвлөгөөгөө хүргэж байна. Энэ удаа “Улаанбаатар Эрдэм” их сургуулийн сэтгэл судлалын багш, сэтгэлзүйч Б.Батцэцэг уншигчдын асуултад хариуллаа. Хэрэв танд сэтгэл зүйн тулгамдсан асуудал байвал манай сонинд хаяглан ирүүлээрэй.

Найз залуу маань намайг дахин хуурах болов уу

 -Би найз залуутайгаа үерхээд зургаан жил болж байна. Гэнэт л “Би чамд хэрэггүй. Чи надаас өөр хүнтэй илүү сайхан амьдарна” гээд надаас салсан. Тэр үед өөр охинтой харьцдаг байсан юм байна лээ. Сарын дараа би чамгүйгээр байж чадахгүй нь гээд эргээд ирлээ. Намайг дахин хуурах болов уу?

-Найз охин болон залуугаасаа өөр хэн нэгнийг сонирхох, түүнд татагдах үе хүн бүрт байдаг. Тухайн үед сонирхогч хүний байр сууринаас хандаад түүндээ бат итгэсэн бололтой. Таныг сэтгэл санаагаар унагааж, хүнд байдалд оруулахгүйн тулд тэгж хэлсэн байх. Хэсэг хугацаанд өөр хүнтэй харьцаад үзсэн боловч тан шиг түүнийг хайрлахгүй, мөн танд илүү их хайртайгаа мэдэрсэн учраас буцаад ирсэн. Тиймээс найз залуугаа дахин алдаа гаргахгүй гэдэгт итгэж, өөрт нь итгэх итгэл найдварыг сайн өгч хайрлавал ийм асуудал дахин гарахгүй.

Эхнэрээ дураар нь байлгалаа гэж ээж, аав уурладаг

-Эхнэрээ хэтэрхий их дураар нь байлгалаа гээд ээж, аав уурлаад байх юм. Би айлын ганц эрх охиныг авч суусан нь үнэн. Гэхдээ цаг хугацаа өнгөрөх тусам гэрийн ажил хийж сурна гэж боддог. Намайг хоол хийж, гэрээ цэвэрлэж байхыг ээж харчихаад уурлаж, “сал” гэсэн. ингэж сүржигнэх нь буруу биз дээ?

-Гэр бүлийн ийм маргаантай асуудлыг шийдвэрлэх гарц бол бие биедээ итгэх илтгэл, хайр халамж юм. Тиймээс үүнийг асуудал мэт хүлээн авалгүй, эхнэртэйгээ хамт гэрийн ажлаа хийж, урам өгөн сургаж сайн ярилцах үед амархан намждаг. Яагаад гэвэл таны эхнэрээ хайрлах чин сэтгэл үнэхээр гайхалтай учраас ямар ч эмэгтэй хүн үүнийг ойлгож өөрөө өөртөө анхаарал тавьж алдаагаа засах алхам хийдэг. Аав, ээжийн үг хэдий үнэн ч үүнийг зөвөөр ойлгуулахын тулд та хоёр хичээж, асуудлаа шийдвэрлэх гарцыг ярилцаад хэрэгжүүлээрэй.

Аав маань ирээд дүүг маань аваад явна гэвэл яах вэ

-Эцэг өөртэй ч би дүүгээ маш их хайрладаг. Гэтэл том болох тусам үгэнд орохгүй юм. Аав нь бидэнтэй хамт байдаггүй. хоёр настай байхад нь хамт байсан боловч таван жил нэг ч удаа холбоо бариагүй аавыгаа байнга ярина. Аав нь ирээд дүүг минь аваад явна гэвэл яах вэ?

-Эцгийн хайр үгүйлэгдэж, аавыгаа санаад байгаа болохоор дүү тань үгэнд орохгүй байгаа юм. Тиймээс дүүгээ аавтай нь хааяа нэг уулзахыг зөвшөөрөх хэрэгтэй. Цаг хугацаа өнгөрөх тусам энэхүү байдал даамжрах магадлалтай учир даруй арга хэмжээ авахыг зөвлөж байна. Дүү чинь таныг хэзээ ч орхихгүй гэдэгт итгэлтэй байгаарай. Тэр хүнд охинтойгоо уулзахгүй байх шалтгаан байгаа гэдгийг ойлгож, чи ч гэсэн аавд нь сайн хандах хэрэгтэй. Хүн хүнээ хайрлаж байж, хайрлагддаг учраас дүүдээ маш их хайртай гэдгийг аавд нь сайн ойлгуулан, ярилцахыг зөвлөе. 

Өвөөгөөс болж гэрт хэрүүл үүсээд байна

-Өвөө маань одоо 70 настай. Бидэнтэй хамт амьдардаг нь дүү бид хоёрт их яршигтай санагддаг. Яг л жаахан хүүхэд шиг аашилж, биднийг байнга загнана. Өвөөгөөс болж үргэлж гэрт хэрүүл үүсдэг. Яаж энэ асуудлыг шийдэх вэ?

-70 нас гэдэг бол хүний амьдралын хамгийн эмзэг бөгөөд өнгөрүүлсэн амьдарлаа дүгнэж, бие махбод сэтгэл санааны байдал хувьсан өөрчлөгдөж яг л хүүхэд шиг аашилж хандах үе болохоор ийм нөхцөл байдлыг сайнаар хүлээн зөвшөөрч тэвчих хэрэгтэй байдаг. Мөн энэ байдал хэцүү санагдаад байвал түр зуурын хугацаанд тусдаа амьдарч нөхцөл байдлын ялгааг сэтгэл зүйн үүднээс ойлговол ийм байдал хүнд хэцүү санагддаггүй болчихдог. Тиймээс гэрийнхэнтэй ярилцаж байгаад аль болох шийдвэрлэх гарцыг сонгоорой. Эргээд та нар ч гэсэн адилхан хөгширч энэ үеийг туулах учраас хэцүү сөрөг байдлаар бүү хүлээн аваарай.

Жирэмсэн эмэгтэйн сэтгэлзүй өсвөр насныхтай адил байдаг

-Би зургаан сартай жирэмсэн. Сүүлийн үед сэтгэл санаа тайван бус байх боллоо. Ямар ч шалтгаангүй эргэн тойронд байгаа хүмүүст уурладаг. Үүнийгээ мэддэг хэрнэ өөрийн эрхгүй аашлаад байх юм. Би яах вэ?­

-Ийм нөхцөл байдал жирэмсэн эмэгтэй бүрт тохиолддог учраас та үүнийг хүндээр бүү хүлээн аваарай. Хэсэгхэн хугацаа өнгөрөхөд асуудал тань амархан шийдэгдэх болно. Өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн хөгжлийн тогтворгүй үетэй жирэмсэн эмэгтэйн сэтгэл зүйн онцлог яг адилхан байдаг. Энэхүү нөхцөл байдлаа арилгахын тулд аль болох өөртөө түвэггүй дуртай зүйлээ хийж, уурлах зүйл гарсан ч түүнийг түр хугацаанд тэвчиж, өөрийгөө завгүй байлгаарай. Мөн өөдрөг зүйлсийг бодож агаар салхинд гарч, эерэг энергиэр өөрийгөө цэнэглээрэй. 

Хайртай бүсгүйгээ байнга үнсдэг эрчүүдийн 75 хувь нь орлогтой

АНУ­-ын Калифорнийн их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтнууд хайртай бүсгүйгээ үнсэхээс ичдэг залуучуудад эхнэрээ үнсэх даалгавар өгөхөд итгэмээргүй үр дүн гарсан байна. Залуучууд хайртай бүсгүйгээ хэдий хэр үнсэнэ төдий чинээ санхүүгийн орлого нь нэмэгдэж байжээ. Үнсэлтийн талаар янз бүрийн үзэл бодолтой хэдэн арван эрчүүдээс санал асуулга авсан байна. Үр дүнг нэгтгэн харахад хайртай бүсгүйгээ ихээр үнсдэг эрчүүдийн цалин байнга нэмэгдэж ирж байсан түүхтэй байв. Тиймээс хайртай бүсгүйгээ байнга үнсдэг эрчүүдийн 75 хувь нь өндөр орлогоороо гайхуулж чаддаг аж. Иймд эрдэм шинжилгээний ажилтнууд хайртай бүсгүйчүүдээ үнсэлтээр “мялааж” байхыг зөвлөж байна. Тэдний хэлснээр энгийн энхрийлэл нь сэтгэл санааг сэргээж, эрүүл, тэнцвэртэй харилцаа бий болгоход нөлөөлдөг аж. Мөн санхүүгийн өсөлтөнд нөлөөлж байгааг бодож үзэх хэрэгтэй гэж зөвлөсөн байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Охидын аялал дурсамж өнгөлдөг

Дэлхий нийтээр цар тахал дэгдэж онц байдал зарласан учир хүмүүс хагас жилийн турш гэртээ байж, хөл хорионы дэглэм мөрдсөн. Гэхдээ урин цаг ирсэн учир удаан хугацаанд уйдсан иргэд аялалд гарахаар зэхэж эхэлжээ. Аялал бол амьдралын хэв маягийг өөрчилж, дурсамжийг өнгөлдөг шидтэй. Тийм ч учир жирэмсний, соло, хосуудын зэрэг төрөл бүрийн аяллын чиг хандлага дэлгэрэх болсон бөгөөд сүүлийн үед эмэгтэй найзуудын аялал эрэлттэй болжээ. Түүнчлэн Харвардын их сургуулийн эрдэмтэд найз охидоороо аялах нь эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг болохыг мэдэгдсэн байна. Ажлын хамт олон, гэр бүлийн гишүүдтэйгээ бус зөвхөн эмэгтэй найзуудаараа аялах шалтгааны талаар хүргэж байна.

Нөхөрлөл илүү бат бөх болно

Эмэгтэйчүүд найзуудтайгаа уулзаж, ярилцахад стрессээс ангижирдаг болохыг судлаачид тогтоожээ. Гэхдээ бид нас ахих тусам ажил, гэр бүлдээ илүү анхаарч, найз нөхдөдөө зарцуулах цаг багасдаг учир харилцаа хөндийрдөг. Тиймээс нөхөрлөлөө бэхжүүлэх шилдэг арга бол зөвхөн найзуудынхаа хамтаар аялалд гарах юм. Аяллын үеэр та найзуудтайгаа улам дотно болж, он удаан жил хадгалагдан үлдэх цоо шинэ дурсамжуудыг бүтээнэ. Найзуудтайгаа аялахдаа нөхөр, хүүхэд, найз залуугийн алийг ч бүү авч яваарай.

Эрх чөлөөг мэдэрнэ

Өдөр тутмын ажил, нэгэн хэвийн амьдралаас түр хугацаанд завсарлага авч, орчноо солих нь танд эрх чөлөө мэдрүүлнэ. Мөн найзуудтайгаа хамт сахилгагүй үйлдэл хийж, төөрч, бүтэлгүйтэх ч хэзээ ч мартагдахааргүй дурсамж үлдээн, эрх чөлөөг мэдрүүлж, эрч хүч сэлбэнэ.

Шинэ хүмүүстэй танилцана

Найзуудтайгаа хамт байхдаа шинэ хүмүүстэй танилцах магадлал хамгийн өндөр. Гэр бүлээрээ эсвэл ажлын хамт олонтойгоо аялах үед шинэ хүнтэй танилцах, ганц бие бол хайр дурлалын шинэ романс үүсгэх боломж бага. Найз нөхөдтэйгөө хамт байхдаа эмэгтэйчүүд өөрсдийгөө илүү чөлөөтэй, нээлттэй мэдэрдэг байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Бага насны хүүхэдтэй гэр бүл тайван, хөдөлгөөн багатай нохой тэжээвэл тохиромжтой

  • Гэр бүлдээ дахин нэг гишүүн нэмэх сонирхолтой хүмүүс өрхийн төсөв, цагийн хуваарь зэргийг мөн тооцоолох шаардлагатай

Нохой бол хүүхдэд хариуцлагатай байх, бусдыг хайрлах, хамтран ажиллах чадваруудыг суулгаж өгдөг багш юм. Хэрэв та бага насны хүүхдэдээ нохой авч өгөх хүсэлтэй байгаа бол өөрийн амьдралын хэв маягт хамгийн сайн тохирох үүлдрийг судлахыг зөвлөж байна. Зарим үүлдрийн нохой маш хөдөлгөөнтэй, эрч хүчтэй, тоглох дуртай байдаг. Ийм төрлийн нохойг өсвөр насныхан, эсвэл залуучууд тэжээхэд тохиромжтой. Харин бага насны хүүхэдтэй гэр бүл илүү тайван, хөдөлгөөн багатай нохой тэжээх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, нас бие гүйцсэн хөгшин нохой гэсэн үг. Гэр бүлдээ дахин нэг гишүүн нэмэх сонирхолтой хүмүүс өрхийн төсөв, цагийн хуваарь зэргийг мөн тооцоолох шаардлагатай. Тухайн үүлдрээс нь шалтгаалан нохойн ааш авир янз бүр байдаг. Тиймээс анх удаа нохой тэжээх гэж буй хүмүүст зориулан хамгийн нөхөрсөг, хайр татам нохойнуудыг танилцуулж байна.

Кавальерын хаан Чарльз спаниэль

Кавальер бол Их Британиас гаралтай спаниелийн жижиг үүлдэр юм. 2000 оноос хойш АНУ-д алдартай болж, тус улсын хамгийн цэвэр цустай үүлдрийн 19 дүгээр байрт жагсчээ. Жижиг биетэй, нөхөрсөг, тайван, дөлгөөн зан авиртай уг нохой нь гэр бүлийн аль ч гишүүний хайрыг татаж чадна гэдэгт итгэж болно. Түүнчлэн торгомсог зөөлөн үс, сэтгэл булаам ухаалаг чанар нь Кавальерын хаан Чарльз спаниэльтай дагалдан ирж буй бонус юм.

Бернесийн уулын нохой

Уг үүлдрийн нохойг илүү шинэлэг зүйлд дуртай, том нохой тэжээх хүсэлтэй хүмүүст санал болгож байна. Швейцараас гаралтай уг нохой нь зөөлөн дөлгөөн зангаараа бусдаас ялгараад зогсохгүй хамгийн тайван нохойны нэгд тооцогддог. Эзэндээ үнэнч, байгалиасаа номхон дөлгөөн зан авиртай. Хүүхэдтэй маш зөөлөн харьцдагаас гадна хурдан нийгэмшдэг давуу талтай.

Аласкан Маламют

Спитц төрлийн маш хүчтэй, 38 кг хүртэлх жинтэй ажилчин Аласкан Маламют нь сайхан сэтгэлтэй, үнэнч, зальтай боловч нэр хүндтэй нохой. Үслэг сүүл, соотон чихээрээ бусдаас ялгардаг. Эрч хүчтэй, хөдөлгөөн ихтэй, өөрийгөө бусдын анхаарлын төвд байлгах дуртай энэ төрлийн нохдод сургуулилт хамгийн чухал байдаг.

Бостон терьер

Бостон терьер үүлдрийн нохой нь АНУ-аас гаралтай бөгөөд маш ухаалаг гэдгээрээ алдаршсан. 2019 онд хамгийн алдартай цэвэр цустай үүлдрийн нохдын 21 дүгээрт жагсаж байв. Бостон терьер нь биеэр жижиг, хөдөлгөөн багатай тул орон сууцанд амьдардаг хүмүүс тэжээхэд тохиромжтой. Энэ үүлдрийн нохой бага насны хүүхэдтэй тоглох, өрөө хооронд хэсүүчлэн алхах зэрэгт хамгийн дуртай.

Лабрадор ретривер

Хамгийн нэртэй үүлдрийн нэг. Үнэнч зан болон ажиллах чадвараараа алдаршсан тайван нохой. Бие нь өтгөн, богино үстэй. Түгээмэл өнгө нь шар, шаргал, хар хүрэн. Лабрадор ретриверүүд идэвхтэй байдлыг илүүд үздэг, цэвэр агаарт зугаалах, тоглох дуртай, усанд сайн сэлдэг. Тэд сайхан сэтгэлтэй, уяхан, хүүхдүүдтэй маш эелдэг тоглодог. Танихгүй хүн болон бусад нохойнд сайн ханддаг. Эзэнд нь аюул тохиолдоход зайлшгүй аварна. Лабрадорууд шинэ дадлыг хурдан хүлээж авдаг бөгөөд сургахад хүндрэл багатай. Залуудаа үсчсэн зантай байдаг ч нас ахих тусмаа тайван болдог.

Беагле

Өхөөрдөм, найзархаг, хайр татам гээд олон сайн чанар агуулсан беаглийн уг гарал нь тодорхойгүй байдаг ч Их Британид XI зууны үед нэгдүгээр Уильям авч ирснээр нь сайн мэднэ. Тус нохой нь нөхөрсөг байдлыг илүүд үздэг бөгөөд урт хугацаанд ганцааранг нь байлгахад тохиромжгүй.

Бишон фриз

Францаас гаралтай Бишон фризийн хувьд гаднын хүн гэх ойлголт байхгүй, бүгдэд найзархаг ханддаг. Өмнө нь хэзээ ч уулзаж байгаагүй хүнтэй хүртэл эелдэг ханддаг хэмээн АНУ-ын нохой судлалын клуб тодорхойлжээ. Энэ төрлийн нохой нь хөгжилтэй, сониуч байдлаараа гэр бүлд илүү аз жаргал, баяр баясал авчирна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Ялалтад тэмүүлсэн морьд” марк гарчээ

Аугаа их эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулан “Монгол шуудан” компаниас “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөний зураг бүхий маркийг анх удаа худалдаанд гаргав. Маркны нэг тус бүрийн үнэ нь 800 төгрөг бөгөөд өнөөдрөөс марк цуглуулагчдын цуглуулгад зориулан худалдаалах гэнэ. Эх орны дайны ялалтын 70 жилийн ойд зориулан 2015 онд Монголын ард түмнээс бэлэглэсэн “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөө нь Москва дахь Монголын Элчин сайдын яамны хашаанд хоёр жил болсон байдаг. Улмаар хоёр жилийн дараа дээрх хөшөөг Москвагийн ариун газар болох Хүндэтгэлийн дэнж дэх Ялалтын цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан билээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

1001 шөнийн үлгэрийн нисдэг хивс бодит зүйл үү

  • Түүхэнд бичсэнээр ордны алхимичид газраас хэдэн тохой өндөрт хөөрөх хивс бүтээсэн аж. Тэд онцгой бүтээлээ МЭӨ 977 онд Савын хатан хааныг ширээнд суухад өргөн барьсан гэдэг
  • Монголын эзлэн түрэмгийллийн дараа шидэт хивсний үйлдвэрлэл зогсож, ул мөр нь алдарчээ

Шүүр унан нисдэг шуламсын тухай үлгэр Европт дундад зууны үед дэлгэрсэн бол дорнын эртний домог, хууч ярианд нисдэг хивсний тухай дүрслэл бий. Шидэт ертөнцийн бэлгэдэл болох нисдэг хивсний тухай өгүүлэмж анх “1001 шөнийн үлгэр”-т Шахеразада султанд ярьж байгаагаар дүрслэгддэг. Түүхэн эх сурвалжууд уг домгийг үгүйсгэсээр ирсэн. Гэвч эртний алдагдсан гар бичмэлүүдэд шидэт тээврийн хэрэгслийн нууцыг тайлсан тухай бичиж эхэлжээ. Юунаас үүдэж ийм өгүүлэмж бий болсон бэ? Охайо дахь Америкийн их сургуулийн араб судлаач Шон Энтони твиттертээ дорнын үлгэрт хивс-онгоц хэрхэн үүссэн талаар дурджээ. Түүний ярьснаар “1001 шөнийн үлгэр”-ийн анхны хувилбарт шидэт хивс байгаагүй агаад үлгэрийг арабаас анх хөрвүүлсэн Францын орчуулагч Антуан Галлан нэмсэн байж магадгүй аж. Үлгэрийн цомогт багтдаг “Али-Баба дөчин дээрэмчин”, “Аладдины шидэт дэнлүү” зэрэг үлгэрүүд эртний гар бичмэлээр олдоогүй. Иймээс доктор Галлан эзэнгүй үлгэрийн зохиогч болсон байж болзошгүй. Уг өгүүлэмжийг нэмэхэд Сирийн Алеппо хотын маронит угсааны Ханна Диаб гэгч нэлээд алдартай аялагч, зохиолч тусалсан байх боломжтой гэж эрдэмтэд үздэг. Түүхч Азхар Абиди “Хивс-онгоцны нууц түүх” судалгааны номдоо “Дундад зууны Европт шидэт нисдэг шүүр тээврийн хэрэгсэл болохоос өмнө дорно дахинд хулгайч, адал явдал хайгчид хивс-онгоцыг ашигладаг байсан” хэмээн бичжээ. Тэрбээр XIII зууны гар бичмэлд шидэт хивсний тухай дурдсан байдаг гэж нотолж буй. Уг гар бичмэлийг зохиогч нь еврей эрдэмтэн Исаак ибн Шарира гэх боловч уг баримт өөрөө сураггүй алга болсон гэдэг. Гэвч ийм бичмэл үнэхээр байсан гэдэгт эргэлздэг хүн олон. Шарирагийн бичсэнээр бол XIII зууны эцсээр сүүлийн нисдэг хивсийг нэхэж худалдсан байна. Улмаар Монголын эзлэн түрэмгийллийн дараа шидэт хивсний үйлдвэрлэл зогсож, ул мөр нь алдарчээ. Шидэт хивсний талаар хамгийн эртний хоёр эх сурвалжийн нэг нь МЭӨ I зуунд амьдарч байсан еврейн түүхч Иосиф ибн Матитяхугийн үлдээсэн гар бичмэл гэдэг боловч хоёулаа бас л олдоогүй. Энд бичсэнээр ордны алхимичид газраас хэдэн тохой өндөрт хөөрөх хивс бүтээсэн аж. Тэд онцгой бүтээлээ МЭӨ 977 онд Савын хатан хааныг ширээнд суухад өргөн барьсан гэдэг. Хожим хатан хаан хайр сэтгэлийн бэлгэдэл болгож, алт эрдэнээр чимсэн ногоон өнгийн асар гоёмсог хивсээ Соломон хаанд илгээжээ. Харамсалтай нь зав зайгүй хаантан хивсийг биеэр хүлээн авч чадаагүй тул бараа бологчдын нэгэнд өгсөн байна. Үүнд уурссан Савын хатан хаан гар урлалчдын хөөсөн учир тэд хэрэн хэсэж явсаар МЭӨ 934 онд Багдадад суурьшсан гэдэг домог бий. Нисдэг хивсийг хэрхэн бүтээсэн тухайд гэвэл нэхмэлийн машин дээр энгийн хивсний адилаар нэхэж, онцгой будгаар будсан гэж бичсэн боловч яаж удирдан нисгэдэг талаар өгүүлсэн хэсгийг тайлж уншихад бэрх байв. Үүнд уулын тусгай шавар зуурч, грек тостой холин халааснаар соронзон таталцлын эсрэг чанартай болдог байсан гэнэ. Гар урлаачид уг зуурмагаар хивсийг будаж, тодорхой орцыг ашигласнаар хивс газраас хэдэн тохой хөндийрдөг байсан аж. Дэлхийг хойноос урагш хэрсэн соронзон шугамыг ашиглан хивсээ хөдөлгөдөг байсан бололтой. Шарирагийн бичсэнээр Александри хотын номын санд уншигчид тавиуруудын хооронд хивс хөлөглөдөг байсан аж. Хожим нь мусульманы нэг цэргийн жанжин бүгдийг шатаасан гэдэг. Арабын баян гэр бүлүүд хурдан удмын морины наймаанд ихээхэн хөрөнгө зардаг бөгөөд нисдэг хивс тэдний ажилд сөрөг нөлөө үзүүлэх тул дорд гаралтай хэдэн гар урлалч тээврийн хэрэгслийн зах зээлийг эзлэхээс болгоомжлон шахан зайлуулсан байж болох юм. Нисдэг хивсний талаар олон үлгэр домогт өгүүлдэг авч уран сэтгэмжийн дүрслэл үү эсвэл бодит зүйл үү гэдгийг ялган салгаж, баримтаар нотолж чадалгүй өдийг хүрсэн юм.