A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1955/

Ээлжит чуулганаар 30, ээлжит бусаар хуралдвал дөрвөн асуудал хэлэлцэнэ

Өрсөлдөөний хууль монополь компаниудад хамаатай

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1955/


Бусад гэсэн ангилалтайгаа нийлээд хаврын чуулганаар нийт 30 асуудал хэлэлцэхээр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл баталжээ.

Сар шинийн өмнө завсарласан намрын чуулган эхлэхдээ 24 асуудал хэлэлцэхээр жагсаагаад ердөө зургаагийнх нь ард гарсныг харахад дээрх төлөвлөгөө хэт бадрангуй байж болох. Гэхдээ улс төрийн орчин дахь талцал, хуваагдал нэг талдаа гарсан гэж тооцвол стандарт төлөвлөгөө. Хэлэлцэхээр жагсаасан асуудлуудыг задалж харвал энэ удаагийн УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэхдээ л төлөвлөсөн, зарим нь бүр хэд хэдэн парламент дамжин уламжлагдан ирсэн асуудлууд ч байна. Тухайлбал, үндсэн хууль, Сонгуулийн тухай хуулиуд, улс төрийн намын, Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай гэх мэт ээлжит чуулган бүрээр эчнээ танил болсон төслүүд бий. Харин Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаагүй байна.

1994 онд баталсан, 25 жилийн өмнөх эрх зүйн баримт 1.3 сая хүн амтай нийслэл хотод зохицуулалтын чадвараа алдсан хэмээн үзэж нэмэлт, өөрчлөлт оруулахаар өмнөх парламентын боловсруулсан хуулийн төсөл бий ч энэ удаад хойш тавьж байгаа бололтой.

Харин үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал цаг хугацааны хувьд тун шахуу болчихлоо. Үнэхээр гишүүд үндсэн хуулийн өөрчлөлтийг хийе гэж шийдвэл зохион байгуулах бололцоо бүрэн барагдчихаагүй. Ирэх оны сонгуулийг зургадугаар сарын хоёрдугаар хагаст болно гэж тооцвол энэ УИХ-д үндсэн хууль батлах хугацаа 2020 оны нэгдүгээр сарын 15 хүртэл байна гэсэн үг. 1992 оны шинээр баталсан үндсэн хуулийг Ардын их хурлын 430 төлөөлөгч 60 хоног хэлэлцэж, баталсан гэдэг. Тэгвэл олон жил яригдсан энэ удаагийн цөөн өөрчлөлтийг УИХ-ын 75 (ирэх зургадугаар сард хэнтийн нөхөн сонгуулийг зохион байгуулчихвал 76) гишүүнд хоёр удаагийн ээлжит чуулганы хугацаа байна гэсэн үг. Асуудлын гол нь энэ өөрчлөлтийг хийх хүсэл эрмэлзэл буй эсэхэд л байгаа юм. Харин бизнес эрхлэгчдийн дунд хүлээлт үүсгээд буй татварын багц хуулиуд болох аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, хувь хүний орлогын албан татварын хуулиудад хаврын чуулганд нэмэлт, өөрчлөлт оруулна гэж төлөвлөсөн байна. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар эрх тэгш бизнесийг дэмжсэн татварын тогтолцоог бий болгохоор зорьж буй уг төсөл хууль болж гарахгүй бараг хоёр жил болж буйн буруутнаар УИХ-ыг нэрлэсэн. Тэгвэл уг багц төслийг хэлэлцэх асуудлын дарааллын дундуур эрэмбэлжээ.

Өн олон нийтийн анхаарал, зарим талаараа шүүмжлэл дагуулдаг Зөрчлийн тухай хууль, Захиргааны ерөнхий хуулиудыг мөн хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаажээ.

Ээлжит бус чуулган хуралдвал ЗХЖШ-ын даргыг томилно

Одоо үйлчилж буй хуулиар шударга өрсөлдөөний тухай хуулийн төслийн нэрийг өөрчилж, агуулгад нь зарим өөрчлөлт оруулахаар болсон байна. Нэрээс нь шударга гэдэг үгийг хасаж, ерөнхийд нь өрсөлдөөний тухай хууль гэж нэрлэжээ. Онолын хэллэгээр зах зээлд дангаараа ноёрхож буй аж ахуй нэгжийг монополь, хэсэг бүлгээрээ бол олигополь гэж нэрлэдэг. Монополь гэж ямар аж ахуйн нэгжийг хэлэх, түүний үйл ажиллагааг яаж зохицуулах, хэрэглэгчдийн эрх ашгийг зөрчиж хэт их ашиг олсон тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар өрсөлдөөний тухай хуулийн төсөлд илүү нарийн тусгасан аж.

Гэхдээ энэ нь цоо шинэ төсөл биш бөгөөд 2009 онд анх С.Бямбацогт нарын гишүүд санаачилж байсан юм. Засгийн газар 2019 оныг “Эх оронч худалдан авалтыг дэмжих жил” болгон зарласан. Тэгвэл Эх оронч худалдан авалтын тухай хуулийн төслийг Засгийн газар санаачилж, улмаар хаврын чуулганаар хэлэлцэхээр болж байна. Монгол Улс төсвийн хөрөнгөөр 2017, 2018 онд тус тус 1-1,2 их наяд төгрөгийн худалдан авалт хийснээс 40 гаруй хувь нь дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдэд очсон байна гэж УИХ-ын дарга Г.Занданшатар /ЗГХЭГ-ын дарга байхдаа/ хэлж, уг төслийг өөрөө экс спикер М.Энхболдод өргөн барьж байсан юм.

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл битүүний өдөр хуралдаж, дээрх жагсаалтыг баталсан. Шинэ спикер Г.Занданшатар ээлжит бус чуулганыг товлохоор хуралдаж байгаагаа хэлсэн ч, даргын зөвлөлөөс ямар нэгэн хугацааг товлосонгүй.

Харин ээлжит бус чуулган хуралдуулах тохиолдолд ямар төслүүд хэлэлцэх шаардлагатай байгааг тэрбээр дурдсан юм. Тэрбээр хэрэв ээлжит бус чуулган хуралдвал дөрвөн асуудал хэлэлцэхээр захирамждаа тусгах бололтой.

Үүнд тендерийн буюу төрийн өмчөөр бараа, үйлчилгээ худалдан авах, татварын багц хуулийн төсөл буюу ээлжит чуулганы дараалалд мөн багтсан ААНОАТ, ХАОАТ-ын хуулиудыг нэрлэсэн юм. Түүнээс гадна өнөөдрийг хүртэл бараг дөрвөн сарын хугацаанд эзэнгүй байгаа Зэвсэгт хүчний жанжин штаб (ЗХЖШ)-ын даргын томилгоог ээлжит бус чуулганаар хэлэлцэж магадгүй байна. Сүүлийн үед цэрэг, армийн салбарт гарч буй олон асуудал олны анхаарлыг татаж буй бөгөөд, үүнийг жанжин штаб удирдлагагүй байгаатай холбох шүүмжлэл ч бас бий юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн харилцааг урагшлуулан бэхжүүллээ

Малын эрүүл мэндийг хамгаалах, гамшгаас сэргийлэх зэрэг баримт бичигт гарын үсэг зурав

 0 сэтгэгдэл


Делигийн нисэх буудлаас эхлээд хотынхоо зам дагуу Ерөнхийлөгч Х.Баттулгын зураг бүхий анонс хадаж, Энэтхэгт тавтай морилохыг урьсан нь арван жилийн дараа тус улсад хийж буй Монгол Улсын төрийн тэргүүний айлчлалын ач холбогдлыг илтгэх мэт. Энэ удаагийн төрийн айлчлал нь Монгол, Энэтхэгийн стратегийн түншлэл болон урт хугацааны, найрсаг, нөхөрсөг харилцааг урагшлуулан хөгжүүлэхэд чиглэсэн юм.

Хоёр улс сонгосон нийгмийн тогтолцоогоороо төстэй. Ази тив дэх ардчиллын бэлгэ тэмдэг болдог Монгол, Энэтхэг улс энэ айлчлалаар эдийн засгийн харилцаандаа илүү ач холбогдол өгч байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалын бүрэлдэхүүнд яваа бизнесийн 20 гаруй компани дунд АПУ, “Макс”, “Петровис”, “Тэсо” зэрэг Монголын томоохон аж ахуйн нэгжийн төлөөлөл багтсан нь үүнийг илтгэнэ.

Эдийн засаг нь 2.9 их наяд ам.доллараар хэмжигдэх энэ улс Монголд 7.5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь харьцангуй бага үзүүлэлт. Манайх ихэвчлэн самнасан ноолуур, хонины ноос экспортолж, харин цагаан будаа, элсэн чихэр, нийлэг мяндсан болон хөвөн даавуу, эм эмийн бүтээгдэхүүн, вакцин, ачааны тэрэг импортоор авч байна. Бид ердөө 990 мянган ам.долларын экспорт хийдэг атлаа 51.7 сая ам.долларын бараа бүтээгдэхүүнийг Энэтхэгээс авч байна. Ийм жишээ захаас аваад мундахгүй ч үүнийг жагсааж гомдол нэхэх сонирхол хоёр орны аль алинд нь байсангүй.

Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалын хөтөлбөрийн нэг томоохон хэсэг нь Энэтхэг Монголын бизнес уулзалт юм. Тэрбээр уг уулзалтад оролцож буй Монгол Энэтхэгийн бизнес эрхлэгчдэд хандаж хэлсэн үгэндээ “...Цаашдаа хоёр улсын харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн бэхжүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам өргөжүүлэн гүнзгийрүүлэх олон нөхцөл боломж энэ удаагийн айлчлалаар нээгдэж байна. Дэлхийн долоо дахь эдийн засаг болох Энэтхэг улстай Монгол Улс эдийн засгийн харилцаагаа улам бүр өргөжүүлэн гүнзгийрүүлнэ” хэмээн онцлов.
Жижиг, дунд үйлдвэрлэл, нүүрстөрөгчийн болон сэргээгдэх эрчим хүч, сүү сүүн бүтээгдэхүүн, хүнс, эмийн үйлдвэрт хамтран ажиллах боломж байгааг БНЭУ-ын Аж үйлдвэрийн холбооны төлөөлөл илэрхийллээ. Хоёр орны хамтран хэрэгжүүлж буй хамгийн том төсөл нь Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэр. Тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди 2015 онд Монголд айлчлахдаа олгосон нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барьж буй уг үйлдвэрт шаардлагатай нэмэлт санхүүжилтийн асуудлыг энэ удаагийн айлчлалаар бас шийдвэрлэсэн. Тус улсын байгалийн хий болон нефтийн сайд Шри Дармендра Прадан Энэтхэг улсаас олгосон хөнгөлөлттэй зээлээр барьж буй газрын тосны үйлдвэр ашиглалтад орчихвол Монголын шатахууны хэрэгцээний дөрөвний гурвыг тус  үйлдвэрээс хангах бололцоотой хэмээсэн юм. Мөн хоёр орон уул уурхайн салбарт хамтран ажиллавал илүү ирээдүй бий хэмээн тодотгов.

ГАЗРЫН ТОСНЫ ҮЙЛДВЭРТ НЭМЖ 236 САЯ АМ.ДОЛЛАР ОЛГОНО

Ерөнхийлөгч Х.Баттулгын төрийн айлчлалд Энэтхэгийн тал өндөр ач холбогдол өгчээ. Түүнийг Энэтхэгийн Ерөнхийлөгч Рам Натх Ковинд Ерөнхийлөгчийн ордны ёслолын талбайд албан ёсоор угтаж авсан юм. Харин хоёр долоо хоногийн өмнө ОХУ-ын Владивосток хотноо уулзсан Ерөнхийлөгч Х.Баттулга, БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди нарын уулзалтаар хоёр орон хамтран хэрэгжүүлж буй төсөл болох газрын тос боловсруулах үйлдвэрийн хэтийн төлөвлөгөөний талаар тодорхой шийдэлд хүрсэн нь үр дүнтэй байв.

Тухайлбал, Энэтхэгийн Засгийн газар газрын тос боловсруулах үйлдвэрийн санхүүжилтэд нэмэлтээр шаардлагатай болсон 236 сая ам.долларыг олгохоор шийдвэрлэлээ. Мөн Монголын газрын тосны ордууд зонхилон байрлах Дорнод аймгаас дамжуулах хоолой татаж, боловсруулах үйлдвэрт нефть хүргэх асуудлыг хөндсөн юм. Гэхдээ дамжуулах хоолойноос илүүтэй төмөр замаар тээвэрлэх Монголын талын саналыг хүлээн авч, хамтран судлахаар болов.

ЭМИЙН ҮЙЛДВЭР БАЙГУУЛЖ, ИМПОРТЫГ ХАЛНА 

Монгол Энэтхэгийн бизнес уулзалтын голлох сэдэв эрүүл мэнд, боловсролын салбар байв.

Cadila бол Энэтхэгийн эм үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч компанийн нэг. Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр тус компанийн дэлхийд тэргүүлдэг технологи, ноу хауг шингээсэн эмийн үйлдвэрийг Монголд байгуулах гэрээг хоёр тал байгууллаа. “Монгол эмимпекс” концерн, Cadila компанитай хамтран эмийн үйлдвэр байгуулснаар нийт эмийн импортын 80 хувийг гаднаас хангадаг Монголын эм хангамжийн салбарт том дэвшил болохыг тус компанийн гадаад харилцаа хангамжийн газрын захирал Б.Мөнх-Эрдэнэ тодотгосон.

Түүнчлэн Улаанбаатар хотын залуучуудыг технологийн чиглэлээр сургахаар Энэтхэгийн хамгийн том хувийн их сургууль болох LPU (Lovely Professional University)-тай хамтран ажиллах санамж бичгийг байгуулав. Эхний ээлжинд ЕБС-иудын мэдээлэл зүйн багшийг чадавхжуулахад энэ санамж бичиг чиглэнэ гэж НИТХ-ын төлөөлөгч М.Халиунбат хэллээ. Мөн соёлын солилцоо, малын эрүүл мэндийг хамгаалах, гамшгаас сэргийлэх зэрэг таван баримт бичигт гарын үсэг зурав.

Харин МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Энэтхэгийн бизнес эрхлэгчид Монголд боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, зам гүүрийн салбарт хамтран ажиллах сонирхолтой байна. Монголын экспортыг нэмэгдүүлэхэд бидэнд мэдлэг, технологи, гаднын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Үүнийг хамтарч бий болгосноор өндөр хөгжилтэй улсуудын сонирхолд нийцэхүйц бүтээгдэхүүнийг санал болгох боломжтой” хэмээсэн юм.

Бизнес уулзалтын төгсгөлд гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Энэтхэгийн бизнесмэнүүдэд Монгол Улсад бизнес эрхлэх боломжуудыг танилцууллаа.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ИРГЭДИЙН УРСГАЛ НЭМЭГДЖЭЭ

Энэтхэгт өдгөө 900 орчим монгол хүн оршин суугаагийн 90 орчим хувь нь лам, хувраг байна. Тэдний дунд харж хандах хүнгүй бага насны хүүхдүүд ч шавилан суралцахаар олноор ирдэг байна. Харин богино хугацаагаар зорчиж буй иргэдийн дийлэнх нь хэлний бэлтгэлд сурах, эрүүл мэндийн үйлчилгээ авах зорилготой байдгийг Энэтхэгт суугаа Элчин сайд Г.Ганболд хэллээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд гэхэд л 300 орчим монгол иргэн эрхтэн шилжүүлэх хагалгаа хийлгэж, бусад эрүүл мэндийн үйлчилгээг авчээ. Учир нь тус улсад эмнэлгийн үйлчилгээ сайн атлаа бусад өндөр хөгжилтэй оронтой харьцуулахад хямд байдаг аж.

A

Жижиг

A

Дунд

A

Том

УИХ тарвал Г.Занданшатар хамгийн муу спикерээр тодорно

 0 сэтгэгдэл


Монголын Улс байнгын ажиллагаатай парламенттай болсноос хойш 11 гишүүн УИХ-ыг удирджээ. Тэднээс хамгийн бага хугацаагаар ажилласан эрхэм бол өдгөөгийн Үндсэн хуулийн өөрчлөлтийн эх баригч Д.Лүндээжанцан юм. Тэрбээр Ц.Нямдоржийг “орондоо хууль зассан” үндэслэлээр огцорсны дараа жил гаруй хугацаанд ажилласан юм. Харин түүний шийрийг хатааж Г.Занданшатар парламентын түүхэнд бичигдэх магадлал өндөр байна. Өнгөрсөн хоёрдугаар сард томилогдсон түүний хувьд парламентын танхимын хойморт ердөө найман сар заларч байгаа. Хэрэв одоогийн УИХ Ард нийтийн санал асуулгаас өмнө тарвал тэрээр хамгийн азгүй спикерээр тодрохын зэрэгцээ хугацаанаас өмнө тарсан анхны парламентын муу спикер гэсэн толботой түүхэнд үлдэх юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ж.Занаа: Баялгийн сан байгуулсан цагт иргэд хүн шиг амьдарч, Монгол маань улс шиг хөгжих боломж нээгдэнэ

Хүндээ хөрөнгө оруулалт хийдэг сантай байх ёстой

 0 сэтгэгдэл


Газрын доорх баялгаа зөв зохистой ашиглаж, үр шимийг нь иргэддээ хүртээсэн дэлхий нийтийн хамгийн оновчтой жишиг бол баялгийн сан байгуулах болохыг судлаачид төдийгүй улстөрчид хэлдэг. Манай улс эрдэс баялгийн салбартаа түшиглэн олсон орлогоо хуримтлуулж, баялгийн сан бий болгох асуудлыг 2006 оноос ярьж эхэлснээс хойш долоон Засгийн газрын нүүр үзэж байна. Монголд Баялгийн сан байгуулах цаг нь болсон эсэх талаар Иргэний хөдөлгөөний намын дарга Ж.Занаатай ярилцлаа.

-Сүүлийн үед Баялгийн сан гэж их ярих боллоо. Баялагийнхаа үр шимийг Монгол Улс яавал зөв хүртэх боломжтой вэ?

-Хэн ч гэсэн түрийвчиндээ хэдэн төгрөгтэй, чадвал насан туршдаа хэрэглэх гайгүй сайн хадгаламжтай, бүр чадвал эцэг өвгөдөөс бидэнд өвлүүлж үлдээсэн энэ их баялгаасаа ашиг хүртдэг байхыг хүсэх нь мэдээж. Ашиг ч бай, хишиг ч бай хүртэж чадвал хүн бүрийн сэтгэл санаа тэнэгэр, монгол хүн болж төрснөөрөө бахархаж явдаг болох юм. Тэгэхээр баялгийн сан бидэнд зайлшгүй хэрэгтэй гэж боддог. Гурван сая гаруй монголчуудаас “Баялгийн сан хэрэггүй” гэж хэлэх хүн байхгүй, би итгэлтэй байна. Энэ сан зөвхөн бидэнд хэрэгтэй зүйл биш, хойч үеийнхэн маань хэдэн зуунаар хэрэглэж амьдрах боломжийг бий болгох чухал ач холбогдолтой.

-Хэрэгтэй гэж та хэллээ. Цаг нь болчихоод байхад байгуулахгүй байна гэсэн үг үү?

-Зөвхөн Монгол Улсад хэрэгтэй юм биш, бүх дэлхийн улс орнуудад хэрэгтэй, байх ёстой сан. Байгаль дэлхийн үр шим, өгөөжийг Монголын гэлтгүй дэлхийгээрээ эдэлж, хэрэглэж амьдрах учиртай. Хүний эрхийн түгээмэл тунхаглалд ч энэ тухай бүрэн тусгаж, тунхагласан байдаг. Байгаль дэлхийн баялаг, Монгол Улсын баялаг аль нь ч байсан тэнд амьдарч байгаа бүх нийтийн өмч. Хэн нэгэн өөр гаригаас авчирч дараа нь хэрэглэнэ гээд булаад яваагүй. Угаас заяасан эх нутгийн газар, хөрсөнд хэдэн сая жилээр байгаль эх өөрөө урлан бүтээж бий болгосон болохоор хүн бүрийн өмч гэж үздэг. Зүгээр нэг өгөөмөр сэтгэлийн асуудал биш. Тиймээс Монголын төр Баялгийн санг заавал байгуулж ард нийт, ирээдүйдээ зориулах учиртай гэж буйг дэмжиж байгаа, цаг нь ч болсон. Энэ бол шударга ёс, тэгш ёс, тэгш боломжийг бүх салбарт бий болгох, иргэдийнхээ эрх, эрх чөлөөг баталгаажуулах тулгуур нөхцөлийг бүрдүүлж байгаа асуудал юм. Баялгийн сан байгуулсан цагт иргэн бүр хүн шиг амьдарч, Монгол маань улс шиг хөгжих бүрэн боломж нээгдэнэ. Гэхдээ Баялгийн сан дуусдаггүй, барагддаггүй, юунд ч, яаж ч, хэзээ ч хэрэглэж болно гэсэн ойлголтоор хандаж болохгүй. Баялгийн сан байгуулах нь зөв, харин сангийн хөрөнгийн зарцуулалтыг сайн тодорхойлох шаардлагатай. Бид эхлээд хүнээ баялаг гэж үздэг, хүн нь эргээд баялаг бүтээгч гэж үзэх ёстой. Ингэж хүндээ хөрөнгө оруулалт хийдэг сантай байх ёстой.

-Баялгийн сан байгуулснаар нийт иргэдэд, улс орны хөгжилд бодитой нөлөөлнө гэж бодож байна уу?

-Зөвхөн дундаж гэлтгүй бүх давхаргынханд хамаатай. Ийм сан бүх насны, бүх давхаргын амин чухал хэрэгцээ, улс орны хөгжлийг баталгаатай авч явж чадах асуудал бүрт хамаатай. Түүнээс биш нэг хүний ашиг сонирхолд нийцүүлэн тараадаг сан биш. Хэрэв тараагаад эхэлбэл сантай байсны хэрэггүй. Бид ирээдүй зуунд амьдрах чадвартай, мэдлэг, боловсролтой, эрүүл хүн шиг хүнийг бэлдэж, бий болгох чиглэлээр сангийн хөрөнгийг зарцуулах ёстой гэж бодож байна. Учир нь мэдлэгтэй, боловсролтой, оюун санаа, бие бялдар эрүүл чийрэг иргэнээ одооноос бэлдэхэд Баялгийн сан чухал үүрэг гүйцэтгээсэй. Монгол Улсыг улс шиг хөгжүүлье гэвэл ирээдүйн хүний чанарт анхаарах шаардлагатай. Хүн чанар гэдэгт эрүүл биетэй, зөв хандлагатай, зөв ёс суртахуунтай, аливаа асуудалд зарчимч хандаж, зохистой шийдвэр гаргаж чаддаг чадвартай байхаас эхлээд ардчилсан, шударга ёсны олон асуудал хөндөгддөг.

Норвегийн тэтгэврийн сан нэг их наяд ам.долларын хөрөнгөтэй

Манай нийгэмд хүний чанар сүүлийн 30 жилд танигдахааргүй өөрчлөгдөж байна. Монгол хүн өөрөө өөрийгөө хөнөөж, хар тамхинд донтож, бэлгийн замын өвчинд газар авч байгаа зэрэг олон сөрөг үзэгдэл бий болчихлоо. Тиймээс “Баялгийн сан”-гийн нэг чухал зорилт бол “хүн” гэдэг баялгийг шинээр сэргээн бүтээх асуудалд хөрөнгө оруулалт хийх шаардлага тулгарах нь гарцаагүй болчихлоо.

-Баялгийн сан байгуулж, үр шимийг нь хүртсэн улс олон байдаг. Таны мэдэж байгаа ямар улс орон байна?

-Сан бүр өөрийн нэртэй, зорилготой, онцлогтой байдаг юм билээ. Норвег улсад гэхэд л Засгийн газрын дэргэдэх Тэтгэврийн сан нь бүрэн тусгаарлагдсан хоёр санд хуваагддаг ба Засгийн газраасаа хараат биш Баялгийн сантай юм билээ. Засгийн газрын дэргэдэх 1990 онд байгуулагдсан Тэтгэврийн сан нь Газрын тосны сан гэдгээрээ алдартай. Энэ сан нэг их наяд ам.доллар давсан хөрөнгөтэй, үүндээ дэлхийн хөрөнгийн зах зээлийн 1.5 хувьтай тэнцэх хөрөнгө болон хувьцаатай. 2018 оны байдлаар Норвегийн нэг иргэнд 195 мянган доллар ноогдож байсан ба улсынхаа эдийн засгаас 2.7 дахин их хөрөнгөтэй. Хөрөнгийн зах зээл дээр 77 орны бонд болон үнэт цаас эзэмшдэг, дэлхийн 8.985 компанийн хувьцааг эзэмшдэг, дэлхийн бүх хөрөнгийн 1.4 хэсгийг эзэмшдэг. Тухайлбал, Apple, Nestle, Google, Microsoft гэх мэт. Мөн АНУ, Англид хамгийн их хөрөнгө оруулалтаа хийсэн. Гэхдээ тамхи, цөмийн зэвсэг үйлдвэрлэдэг компаниудад хөрөнгө оруулалт хийхгүй байх зарчимтай. Норвегийн Тэтгэврийн сан 1967 онд байгуулагдсан тул арай бага хөрөнгөтэй, үндэсний даатгалын сангийн хэлбэрээр ажилладаг бөгөөд тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг ийм сангууд байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

МАН-ын бүлгийн гишүүд УИХ-ыг тараах эсэхээр дахин хуваагдав

АН-ын зөвлөлөөс гарах шийдвэр энэ парламентын хувь заяаг шийднэ

 0 сэтгэгдэл


Энэ долоо хоногт хуралдах байсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал хоёр ч удаа хойшлов. Ийн хойшлох болсон шалтгаан нь Ард нийтийн санал асуулгатай зэрэгцээд УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгуулийг давхар явуулах хувилбарыг парламентын түвшинд ярилцаж эхэлсэнтэй холбоотой. Өнгөрсөн өдрүүдэд эрх баригч намын 46 гишүүн парламентаа тараах бичигт гарын үсэг зурсан нь тодорхой болов. Тэдгээр гишүүдийн зүгээс ч парламентаа тарааж, ээлжит бус сонгууль явуулахыг дэмжсэн байр сууриа нээлттэй илэрхийлж эхэлсэн.

УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах хүсэлтэй МАН-ын бүлгийн 46 гишүүн, бүрэн эрхийн хугацаагаа дуусгах сонирхолтой 17 гишүүний нэрсийг харвал өнгөрсөн өвөл өрнөсөн тэмцэл сэдэрсэн нь анзаарагдаж байна. Гарын үсэг зурахгүй гэх байр суурийг илэрхийлсэн МАН-ын бүлгийн гишүүд М.Энхболдыг УИХ-ын даргын албан тушаалаас огцруулахад цөөнх болсон “нөхөд” байгаа нь тэмцэл дуусаагүйг харуулж байгаа юм. Тэд хариугаа авч “эрх баригчдынхаа” эсрэг зогсохоор шийдсэн нь ч тодорхой байна.

Тэдэнтэй өнгөрсөн өвлийн дуулианаар У.Хүрэлсүхийн талд санал өгснөөс намаасаа хасагдсан Л.Болд, Ж.Батзандан нар энэ удаад нэгдээд байгаа нь урвалт гэхээсээилүү өөрсдийн эрх ашгийг тэргүүнд тавьсны илрэл гэж ойлгогдож байна. Шинэ нам байгуулсан гишүүдийн хувьд УИХ-ыг тарааж, сонгууль явуулахад хэтэрхий тулгар байгааг ч бодолцсон байх талтай. Мөн Ц.Нямдорж сайдын хувьд яагаад М.Энхболдын талынхантай нэгдсэн нь одоохондоо тодорхойгүй. Магадгүй тэрбээр хашир нь хатгаад нөхцөл байдлыг өөрт ашигтай нүүдлийг “гэтэж” суугаа ч байж мэднэ.

Харин АН-ын зөвлөлийн гишүүд УИХ-ыг тараах бичигт гарын үсэг зураагүй шалтгаан нь намын байр суурийг хүлээж буй. Өчигдөр УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд намынхаа удирдлагуудтай уулзсан гэх мэдээлэл дуулдаж байна. Тэдэнд парламентын хугацааг дуусгаж, эрх баригчдад бүрэн хариуцлага хүлээлгэх намын даалгавар оногдож буй бололтой. Дээрээс нь Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчтэйгөө цуг “хулхидуулснаа” тооцвол М.Энхболд нартай байр суурь нэгдэх цэг огтлолцож байна. Эсвэл тэд МАН-ын одоогийн удирдлагуудыгдэмжиж, өрсөлдөгчөө талцуулах бодлого ч дэвшүүлж мэдэх юм. Энэ тохиолдолд УИХ-ыг тараах нь бүр ч амархан шийдэгдэнэ. Алин боловч энэ парламентын хувь заяа АН-ын зөвлөлөөс шалтгаалах болов.

Харин энэ үйл явцыг дагаж МАН-ын бүлэг дахин хуваагдсан нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталгаажуулах хүсэл гэхээсээ илүү сонгуулийн тойргийн тохироо хийгээд эхэлсэнтэй холбоотой гэж эх сурвалж өгүүлж байна.

УИХ-ЫГ ТАРААХААР ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН ГИШҮҮД


1. Х.Нямбаатар
2. Л.Энхболд
3. М.Билэгт
4. Я.Содбаатар
5. Д.Тогтохсүрэн
6. С.Чинзориг
7. Ё.Баатарбилэг
8. Х.Баделхан
9. Д.Оюунхорол
10. О.Содбилэг
11. Т.Аюурсайхан
12. Б.Батзориг
13. Д.Сарангэрэл
14. Б.Жавхлан
15. Б.Дэлгэрсайхан
16. Д.Дамба-Очир
17. Ц.Цогзолмаа
18. Л.Элдэв-Очир
19. Ж.Ганбаатар
20. Н.Оюундарь
21. Л.Оюун-Эрдэнэ
22. Х.Болорчулуун
23. М.Оюунчимэг
24. Д.Ганболд
25. Г.Солтан
26. Д.Цогтбаатар
27. Ш.Раднаасэд
28. Б.Ундармаа
29. Б.Саранчимэг
30. Н.Учрал
31. А.Сүхбат
32. Ө.Энхтүвшин
33. Ч.Улаан
34. С.Батболд
35. О.Батнасан
36. Ц.Гарамжав
37. Ц.Даваасүрэн
38. Д.Лүндээжанцан
39. Л.Мөнхбаатар
40. Д.Сумъяабазар
41. Д.Тэгбишдагва
42. Ч.Хүрэлбаатар
43. Н.Энхболд
44. Б.Энх-Амгалан
45. Ж.Энхбаяр
46. Н.Цэрэнбат

УИХ-ЫН ТАРААХ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРААГҮЙ ГИШҮҮД


1. М.Энхболд
2. Ж.Эрдэнэбат
3. С.Бямбацогт
4. Д.Хаянхярваа
5. Ж.Мөнхбат
6. Г.Тэмүүлэн
7. Н.Амарзаяа
8. Б.Бат-Эрдэнэ
9. Ж.Бат-Эрдэнэ
10. Л.Энх-Амгалан
11. Ц.Мөнх-Оргил
12. Г.Мөнхцэцэг
13. Б.Чойжилсүрэн
14. Н.Номтойбаяр
15. Б.Баттөмөр
16. Г.Занданшатар
17. Ц.Нямдорж
18. Л.Болд
19. Ж.Батзандан
20. С.Жавхлан
21. О.Баасанхүү
22. С.Эрдэнэ
23. Д.Эрдэнэбат
24. Я.Санжмятав
25. Б.Пүрэвдорж
26. З.Нарантуяа
27. Д.Мурат
28. Б.Наранхүү