A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4599/

Э.Ариунтунгалаг: Дахиад 10 жил тууштай хичээллэж, үр дүнг нь үзмээр байна

Э.Ариунтунгалаг: Дахиад 10 жил тууштай хичээллэж, үр дүнг нь үзмээр байна
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4599/
  • Биатлон, цана хосолсон бэлтгэлийн баазтай бол өндөр түвшинд хөгжих боломж их байна
  • Боломждоо тааруулаад бэлтгэлээ хийж, тэмцээндээ оролцоод ирлээ. Ер нь мэргэжлийн тамирчид өөрт тохирсон буугаар бууддаг бол бид Монголын биатлоны холбоонд байсан буугаа л ашигладаг байлаа. Байгаа боломждоо тааруулна гэдэг энэ. Гэхдээ Монгол руу буцахын өмнө Беларусьт шинэ буу захиалсан
  • Энэ спортоороо л хоолоо олж идье гэж шийдсэн. Хэрвээ би спортоо ингээд орхивол багшилна, эсвэл армиа дагана. Тэгэхээр ерөөсөө 10-хан жил л хичээе. Өөр илүү зүйл хүссэхгүй

Зэвсэгт хүчний 017 дугаар анги, “Алдар” спорт хороо, биатлоны үндэсний шигшээ багийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Э.Ариунтунгалагтай ярилцлаа. Тэрбээр биатлоны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа Монгол Улсаа төлөөлөн оролцсон юм. Гүйлтийн цанын улсын аваргад 16 удаа түрүүлсэн түүний ярилцлагыг хүргэе.

-Монголын биатлоны спортод нэгэн шинэ түүхийг бичсэн эзэн нь та болж байна. ДАШТ-д оролцсон анхны монгол биатлонч болсон сэтгэгдлээ хуваалцаач?

-Маш их баярлалаа. Хамгийн гол нь надад энэ боломжийг олгосон Монголын биатлоны холбооны хамт олонд талархал илэрхийлмээр байна. Италийн Антхольц хотод болсон ДАШТ-д 33 орны 100 гаруй тамирчин өрсөлдлөө. ДАШТ-д уралдахын тулд Олон улсын биатлоны холбооноос зохион байгуулдаг IBU cup цуврал тэмцээнд зургаан удаа оролцож, оноо цуглуулан эрхээ авсан. Биатлоны ДАШТ-д уралдсан анхны монгол тамирчин болсондоо баяртай байна.

-Таныг цанын спортын тамирчин гэдгийг мэднэ. Хэзээнээс биатлонтой холбогдов?

-Биатлон миний хувьд шинэ зүйл биш л дээ. 2014 онд хичээллэдэг байсан юм. Биатлоны Монголд зохиогдсон цуврал тэмцээнд түрүүлж байлаа. Тухайн үед шигшээ баггүй байсан учраас спортын төрлөө сольж, буцаад цана руу орсон. Гүйлтийн цанын УАШТ-ээс мөнгөн медаль авч, улсын шигшээд багтсан. Энэ нь миний ирээдүйд хэрэгтэй байсан учраас биатлоноо орхисон юм. Улмаар 2019 оны дөрөвдүгээр сард Монголын биатлоны холбооноос Итали руу гэрээгээр явах уу гэж санал тавьсан. Үүнээс хойш эргэлт буцалтгүй биатлоныг сонгож байна даа. 

-ДАШТ-д эх орноо төлөөлөн анх оролцоход ямар сэтгэгдэл төрж байв. Монголыг төлөөлж байгаа гэдэг утгаараа сэтгэл зүйн дарамт учирч байв уу?

-Бид Словакт сүүлийн тэмцээндээ оролцоод Италид очсон. Тэмцээний өмнөх бэлтгэлээ хийж байтал беларусь багш маань гэр бүлийн шалтгаанаар нутаг буцдаг юм байна. Дэлхийн аваргын үеэр амжиж ирж чадаагүй. Тэр л надад хамгийн хүнд туссан. Австралийн дасгалжуулагчаар хараагаа тэглүүлээд, гурав хоног бэлтгэл хийсэн. Гэхдээ өөрийн үндсэн дасгалжуулагчгүй болохоор ДАШТ-д оролцох хэцүү юм билээ. Сэтгэл санааны хувьд ч тогтворгүй болдог юм байна. Түүнээс биш бусад тал дээр асуудалгүй байсан шүү. Тэмцээний зохион байгуулалт гайхалтай төгс байсныг хэлье. Цаг агаар ч тэмцээн явуулахад яг тохиромжтой байгаа талаар Антхольц хотод цугласан шилдгүүд ярихыг сонссон.

-Дэлхийн аваргын үеэр Монгол гээд зарлуулахад ямар санагдав?

-Биатлоны ДАШТ сурвалжлахаар ирсэн сэтгүүлчид, шууд дамжуулсан телевизүүд монголчууд анх удаа дэлхийн аваргын замд уралдаж байна гээд л зарлана лээ. “Монголчууд нэг ч болтугай тамирчнаа бэлтгээд ДАШТ-д оролцуулж байгаад маш их баяртай байна. Цаашид нэг биш бүтэн багаараа оролцох боломжтой” гэж Олон улсын биатлоны холбоо талархсан сэтгэгдлээ бидэнд илэрхийлсэн. Үзэгчдийн суудалд Норвег, Итали, Герман тэргүүтэй биатлоны спорт өндөр хөгжсөн орнуудын далбаа намирч байхад дунд нь манай холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наран-Идэр ах Монголынхоо төрийн далбааг мандуулаад сууж байхыг хараад өөрийн эрхгүй огшсон. Азиас зөвхөн Монголын далбаа л үзэгчдийн дунд мандаж байгааг хараад их баярласан даа.

-Сэтгүүлчид таниас юу асууж байна вэ?

-Тэдэнд их сонин санагдсан бололтой. Чи Монголоос ганцаараа ирсэн үү, хэзээ ирсэн бэ, Монголоос ганцаараа биатлоноор хичээллэдэг үү, дасгалжуулагч байдаггүй юм уу гэх мэтээр асууж байна лээ. Өмнө нь Б.Энхсайхан залуучуудын тэмцээнд сайн оролцоод, дараа нь би ДАШТ-д уралдсан болохоор хүмүүсийн анхаарлыг их татсан байх.

-Монголд хөгжүүлэхэд юу дутагдаж байна вэ?

-Биатлон, цана хосолсон бэлтгэлийн баазтай болбол өндөр түвшинд хөгжих боломж их байна. Гагцхүү бэлтгэлийн орчин, зориулалтын тир алга. Гаднын дасгалжуулагчид бидэнтэй уулзахдаа “Та нар маш сайн буудаж байна. Бэлтгэлээ сайн хийвэл улам сайжирна. Та бүхэн шиг зургаахан сар хичээллээд биатлоны ДАШТ-д оролцож байгаа тохиолдол бараг байхгүй. Хамгийн багадаа л таван жил хичээллэж байж ДАШТ-д оролцдог. Гэтэл монголчууд зургаан сар хичээллээд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө гэдэг ирээдүйтэйн шинж. Төрөлхийн буудах авьяастай, байгалиас заяасан өгөгдөлтэй хүүхдүүд байна. Тууштай байвал монголчууд хэдэн жилийн дараа дэлхийн топуудтай зэрэгцэх хэмжээнд хүрнэ” гэж хэлсэн. Энэ нь маш их урам өгсөн шүү. Ер нь над шиг зургаа, долоохон сар буудаад ДАШТ-д оролцож байгаа тамирчин байгаагүй. Хамгийн багадаа л таван жил буудсан. Стандарт замд илүү сайн бэлтгэл хийвэл боломж байгааг олж харлаа.

-Биатлон өндөр хөгжсөн оронд бэлтгэл хийх ямар байдаг юм бол?

-Бүх зүйл нь бэлэн. Хувь хүн зөвхөн өөрөө хичээж, бэлтгэлдээ л анхаарах ёстой. Бусдыг цаанаас нь зохицуулдаг. Ерөөсөө л тамирчин хүний амжилт гаргах боломжийг маш сайн бүрдүүлж өгсөн байдгийг харсан. Нүдээрээ харж байж л жинхэнэ бэлтгэлийн орчин ямар байх ёстойг мэдэрсэн.

-Ингэхэд замын зардал, байр хоол гээд чамгүй их мөнгө орсон байх. Энэ бүхнийг яаж зохицуулсан бэ?

-Монголын биатлоны холбооноос гадна Биеийн тамир, спортын газраас маш их дэмжлэг үзүүлсэн. Тиймээс албан ёсоор баярлалаа гэж хэлье. Ямар ч байсан боломждоо тааруулаад бэлтгэлээ хийж, тэмцээндээ оролцоод ирлээ. Ер нь мэргэжлийн тамирчид өөрт тохирсон буугаар бууддаг бол бид Монголын биатлоны холбоонд байсан буугаа л ашигладаг байлаа. Байгаа боломждоо тааруулна гэдэг энэ. Гэхдээ Монгол руу буцахын өмнө Беларусьт шинэ буу захиалсан. Энэ бүхэнд манай холбоо болон БТСГ-аас туслалцаа үзүүлсэнд талархаж байна. Италид бэлтгэл хийх хугацаанд ер нь их зүйл сурсан даа. Ямар хоол идэх вэ, хоолоо яаж тохируулах вэ гээд л... Бид монгол хүн махсаг гээд л замбараагүй мах идээд байдаг. Гэтэл мэргэжлийн тамирчин болохын тулд идэх хоолноосоо эхлээд нарийн суралцах ёстойг мэдэж авлаа. Гүйлтийн цана, биатлоны тамирчид ямар хоол идвэл тохиромжтойг Италид байх хугацаандаа судлаад ирсэн.

-Сонирхолтой юм. Ямар хоол зонхилдог вэ. Манай тамирчид ямар ч тэмцээнд оролцсон мах, борцоо авч явдаг шүү дээ?

-Анх очихдоо монгол зангаа гаргасан. Мах идмээр байна, энэ бол бидний үндсэн хоол гэж тайлбарлатал хүлээж аваагүй. Гэтэл тэд хариуд нь “Та нар Монголоос тэр өөр орчинд ирсэн. Цаг агаар, хоол унднаас эхлээд бүгд өөрчлөгдөж байгаа учраас дасан зохицох хэрэгтэй. Нэгэнт мэргэжлийн тамирчин болох гээд зориод ирсэн тул бидний хоолны системийг дагахаас өөр аргагүй. Сайн тамирчин болъё гэвэл бусдын адил бай. Энд их мах идэх шаардлагагүй. Мах их идвэл хүндэрнэ” гэсэн. Тэдний гол хэрэглэж байгаа зүйл нь хүнсний нарийн ногоо, загас, жимс жимсгэнэ, овъёос. Мэдээж алдарт пастагаа хамгийн их иднэ. Байнгын хоол нь паста. Италийн шилдэг биатлонч Доротье Вьерер гэхэд л пастагаар дагнаж хооллодог. Түүний амжилт гаргадаг гол хүчин зүйлүүдийн нэг нь хооллолт гэсэн судалгаа ч байдаг юм билээ. ДАШТ-д түрүүлсэн тамирчин ярилцлага өгөхдөө “Би одоо шөл ууна. Тэгээд пастагаа идээд 10 цаг унтана. Өглөө босоод дахин паста идээд уралдаандаа оролцоно” гэж ярьж байхыг хүртэл сонсоод гайхсан. Эндээс маш хөнгөн хооллож байж л хурд сайн гарна гэсэн ойлголтод хүрсэн дээ. Есөн сарын хугацаанд миний хоолны системд өөрчлөлт орсон. Хоолоо хэтрүүлэхээр бие хүндэрч, маш мэдрэг болж байна. Нэг дор их хоол идэж чадахгүй болсон. Аль болох шөл ууж, жимс ногоо их хэрэглэж байгаа. Мэдээж монгол хүн учраас нэг сар амрах хугацаандаа тохируулаад махаа иднэ. Хүссэн хоолоо багаар ч болтугай идээд аваарай. Бэлтгэл эхэлбэл хүссэнээрээ хооллох боломж олдохгүй гэдгийг багш маань захисан.

-Италид таны нэг өдөр хэрхэн өнгөрч байв?

-Өглөө 06:00 цагт босч хөнгөн гүйж, сунгалтын дасгал хийнэ. Дараа нь өглөөний цай уугаад, нэг цаг амрах хуваарьтай. Хамгийн гол нь үндсэн бэлтгэл эхлэхээс хоёр цагийн өмнө хоолоо идэж дууссан байх ёстой. Амжихгүй бол хоолоо тохируулж, бага идэх дүрэмтэй. Тэгэхгүй бол хийсэн бэлтгэл маань үр дүнгүй болдог гэсэн. Өглөөний цай ууж, амарсаны дараа үдээс өмнөх бэлтгэл эхэлнэ. Тэгээд өдрийн хоол. Дараа нь оройн бэлтгэлд гарна. Ингэхдээ олон цагаар 2500 метрээс дээш өндөртэй ууланд их алхуулдаг юм билээ. Монголд ийм бэлтгэл хийж үзээгүй хүн долоо хоногт 2-3 удаа өндөр ууланд гарна. Ингэхдээ гүйж гарах биш аажмаар алхана. Цанын бэлтгэл, хурдны бэлтгэл, шагайврын бэлтгэл гээд өөртөө зав өгөх боломж байхгүй. Үүгээрээ гүйлтийн цанаас ялгаатай. Зав л гарвал буутайгаа нөхөрлөнө. Цэвэрлэх, тослохоос эхлээд... Олон бэлтгэлтэй учраас гэрээ санах, илүү дутуу зүйл бодох зав огт байхгүй. Бэлтгэл гэж байтал нэг мэдэхэд тэмцээн эхэлнэ. Ингээд тэмцээнээс тэмцээний хооронд явсаар нэг л мэдэхэд хоёр сарын хугацаа өнгөрсөн байдаг. Эх орноосоо яваад есөн сар болсон хэрнээ удсан юм шиг санагдахгүй байгаа.

-Ирээдүйн зорилго тодорхой биз?

-Тэгэлгүй яах вэ. Хамгийн ойрын зорилго маань зуны бэлтгэлээ маш сайн хангаад ДАШТ-д амжилттай оролцох. Миний анхны жил биш учраас бага ч гэсэн туршлагажсан. Тэр утгаараа тэмцээн бүрт үзүүлэх амжилт маань өөр байж, үр дүн сайн гарах ёстой. Хэрвээ олимпод оролцохыг хүсч байгаа бол олимпын өмнөх ДАШТ-д заавал оролцох дүрэмтэй. Тэгэхээр хамгийн чухал тэмцээн нь 2021 оны ДАШТ. Дараа нь олимпын тухай ярих хэрэгтэй болов уу. Ирэх жил ганцаараа биш хоёулаа, гурвуулаа оролцохыг маш их хүсэж байна. 

-Цана, биатлоноос өөр спортын төрөл сонирхсон уу?

-Өвөл нь цанаар гулгаж, зун нь хөнгөн атлетикаар хичээллэдэг. Их гүйдэг байсан учраас хөнгөний УАШТ-д оролцдог байсан. 2011 онд Монголын хүүдийн спортын наадмын 1500 метрийн гүйлтэд түрүүллээ. Улмаар Азийн кросс гүйлтийн тэмцээнээс хүрэл, Нанжины Азийн хүүхдийн спортын II наадмаас хүрэл медаль авсан. Гурван сар уйгагүй бэлтгэл хийсний үндсэн дээр саадтай гүйлтийн төрөлд медалийн тавцанд зогсож билээ.

-Бүр саадтай гүйлтээр үү?

-Тийм ээ, тухайн үед Монголоос 103 тамирчин оролцоход жүдогоор л хоёр хүрэл медаль аваад байсан юм. Ингээд монголчуудын медалийн найдвар дууслаа гэтэл би саадтай гүйлтээр хүрэл авлаа. Эхэндээ бүгд итгээгүй. Би ч хүртэл өөртөө итгээгүй. Албаны хүмүүст гадныхан миний амжилтын талаар дуулгахад “андуурсан байх” гээд итгэдэггүй. Би тэр уралдаанд оролцож байхдаа хоёрдугаар тойргоос саадыг өвдгөөрөө цохиж бэртэл авсан. Гэтэл тэр нь миний сүүлчийн тэмцээн учраас бүх боломжоо дайчлах хэрэгтэй гээд шүд зуугаад гүйлээ. Урд гүйж яваа хоёр хятад тамирчныг заавал гүйцэх зорилго тавиад эцсийн хүчээ шавхсан. Бариандаа орлоо, хүрэл медалийн болзол хангасан байлаа. Хүмүүс ирээд намайг тэргэнцэр дээр суулгахад миний өвдөг дээр дахин нэг өвдөг ургасан мэт том хавдсан байсан. Ингэж Монголын баг Нанжинаас гурван хүрэл медальтай ирж байв. Манайхан ч ээлжилж үүрч гүйгээд сайхан дурсамж үлдсэн дээ, надад. Медалиа авахдаа тэргэнцэрээс буугаад өөрөө алхаж гарсан. Тэр бол миний спортоор хичээллэсний хамгийн том, бас бахархам амжилтын нэг.

-Таны мөрөөдөл?

-Биатлон бол залуу насандаа амжилт гаргах спорт биш юм байна гэдгийг мэдрээд ирлээ. Багадаа 10 жил уралдах хэрэгтэй. Сая ДАШТ-д эхний 30 байрт орсон тамирчдын олонх нь 30 болон түүнээс дээш насныхан. Мөнгөн медаль авсан америк биатлонч л гэхэд 37 настай гэж байгаа. Тиймээс дахин 10 жил зөвхөн энэ спортдоо үнэнчээр зүтгэж, хаа хүртэл явахаа үзмээр байна. 

-Монголын нөхцөлд эмэгтэй хүн 10 жилийн турш спортоор дагнаад явах боломж байгаа болов уу. Ар гэрийн амьдралаас эхлээд олон хүчин зүйл нөлөөлнө шүү дээ?

-Мэдээж тийм. Гэхдээ болно гэж бодож байна. Тууштай байхад бид гадаадын шилдгүүдээс юугаараа ч дутахгүй уралдаж чадна. Энэ спортоор Азийн биатлончид ч амжилт үзүүлэх боломжтой юм билээ. Цанаар үндсэн техник, хооллолт зэрэг наад захын зүйлээ мэдээгүй л 10 жил гулгажээ. Гэтэл өөрөө л хичээж, өөрийгөө л тордох ёстой юм байна гэдгийг ойлгосон. Улсаас дэмжиж байна, холбоо дэмжлэг үзүүлдэг, Италиас дэмжлэгтэй боллоо. Тиймээс биатлоноороо хичээллэж, энэ спортоороо л хоолоо олж идье гэж шийдсэн. Хэрвээ би спортоо ингээд орхивол багшилна, эсвэл армиа дагах хоёр л зам байна. Тэгэхээр ерөөсөө 10-хан жил л хичээе. Өөр илүү зүйл хүсэхгүй. Биатлон тамирчдаа маш сайн дэмждэг, тэднийхээ амьдралыг боддог, зөв зохион байгуулалттай холбоо юм байна гэдгийг мэдэрлээ. Өөрийгөө сайн бэлтгэсний дараа туршлагажаад ирээдүйд сайн тамирчин төрүүлэх дасгалжуулагч болохоор шийдсэн.

A

Жижиг

A

Дунд

A

Том

А.Чеферин: Аваргуудын лигийг цуцлах боломжтой

 0 сэтгэгдэл

Коронавирусийн нөхцөл байдал есдүгээр сар хүртэл энэ хэвээрээ үргэлжилбэл Аваргуудын лиг болон Евролигийн тоглолтууд бүр мөсөн цуцлагдахыг Европын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Александр Чеферин мэдэгдлээ. Мөн Чеферин хаалттай хаалганы цаана үзэгчгүй тоглолт явуулах нь цуцалснаас илүү үр дүнтэй арга гэдгийг онцолсон байна. Тэрбээр “Хэрвээ хяналтын албаныхан тэмцээнээ зохион байгуулахыг зөвшөөрөхгүй бол бид  дагахаас өөр аргагүй. Дэлхийд ялангуяа Европт үүсээд буй энэ аймшигтай нөхцөл байдалд бид ахиц гарахыг хүлээж байна. Хаалттай хаалганы цаана үзэгчгүй тоглож, тоглолтуудаа зурагтаар үзэх нь хүмүүст хэрэгтэй. Тэд ч үүнийг хүсч байгаа. Ядаж ингэсэн нь хүмүүст эрч хүч, урам зориг өгнө шүү дээ. Энэ нь л хүмүүст эерэг эрч хүчийг авчрах хэрэгтэй зүйл нь. Магадгүй долоо, эсвэл наймдугаар сард тэмцээнүүд үргэлжлэх боломжтой. Харин бид тэмцээнүүдээ ес, аравдугаар сард зохион байгуулах боломжгүй” гэжээ. Аваргуудын лиг, Евролиг болон эмэгтэйчүүдийн Аваргуудын лигийн шигшээ тоглолтууд ирэх тавдугаар сард зохион байгуулагдах байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон.

A

Жижиг

A

Дунд

A

Том

2021 оны зургадугаар сарын 29-нд олимпын эрх олгож дуусна

 0 сэтгэгдэл
  • Тамирчдыг бэлтгэлээ бүрэн хангах боломжтой болтол эрхийн тэмцээн зохиохгүй

“Токио 2020” олимпын наадамд оролцох тамирчдад эрх олгож дуусах сүүлийн хугацааг олон улсын спорт холбоодтой зөвшилцсөний үндсэн дээр 2021 оны зургадугаар сарын 29-ний өдрөөр тасалбар болголоо. Иймд спорт холбоо бүр дээрх хугацаанаас өмнө тухайн спортын төрөлд хэрхэн эрх олгох, эрх олгох тэмцээн уралдааныг зохион байгуулах газар, хугацаа, олимпын эрхийг хэрхэн баталгаажуулах зэрэг асуудлын талаарх журмыг шинэчлэн ОУОХ-гоор батлуулахаар болжээ. Гэвч COVID-2019 цар тахлын тархалт болон үр нөлөөнөөс шалтгаалан эрх олгох тэмцээн уралдаан зохион байгуулагдах улс орон, цаг хугацааг эцсийн байдлаар тодорхойлох боломжгүй байгаа юм. 

Олимпын эрх олгох журам

Тиймээс олон улсын спорт холбоодын баримтлах журам, үйл ажиллагаа болон тавигдах шаардлага зэрэг асуудлыг дөрөвдүгээр сарын гурав дахь долоо хоногт багтаан тодорхой болгох зорилго тавьжээ. “Токио 2020” олимпын наадамд оролцох эрхээ авсан тамирчдын эрх хэвээр хадгалагдах бөгөөд шаардлагатай тохиолдолд олон улсын спорт холбоод нь тамирчдад тавигдах насны хязгаарыг өөрчлөх боломжтой гэнэ. Олон улсын спорт холбоодын чансааны жагсаалтаар эрх олгодог спортын хувьд хуучин журмын дагуу эрхээ авах магадлал өндөртэй байсан тамирчдын хувьд харамсалтай ч “Токио-2020” олимпод шилдгийн шилдэг тамирчдыг оролцуулах зорилтын хүрээнд 2021 оны улиралд шилдэг амжилт үзүүлсэн тамирчдад эрх олгохоор болсон байна. Түүнчлэн өндөр зэрэглэлийн тамирчид бэлтгэл сургуулилтаа хийх, цугларалтад гарах боломжгүй болсон. Тиймээс тамирчид, багуудыг бэлтгэл сургуулилтаа бүрэн хангах боломжтой болтол эрх олгох тэмцээнүүдийг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлэлээ. Мөн тамирчдын эрүүл мэндийг хамгаалах нь нэн тэргүүний зорилт гэдгийг ОУОХ-ны удирдлагууд олон улсын спорт холбоодод уламжилж, хорио цээр тавигдсан үед олимпын эрх олгох тэмцээнүүдийг албан ёсны хуваарьтаа оруулахыг зөвлөжээ.

Олимпын бүтээн байгуулалтад анхаарлаа хандуулна

ОУОХ-ноос “Токио-2020” олимпын үйл ажиллагааны төлөвлөлтөд оруулах шаардлагатай өөрчлөлтүүдийг судлах ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсэг нь тэмцээн уралдааныг зохион байгуулах цэнгэлдэх хүрээлэн, барилга байгууламж, олимпын тосгон, хэвлэл мэдээллийн төв, тээвэр зуучлал, зочид буудалд гол анхаарлаа хандуулж ажиллах юм. Олимпын наадам нэг жилээр хойшилсонтой холбогдуулан энэ сард зохион байгуулах ёстой байсан бүх сорил тэмцээнийг цуцалж шинэ хуваарь гаргах аж. Үүнээс гадна олимпын наадам хойшилсон тул тамирчдын тэтгэлэгт хөтөлбөрийг үргэлжлүүлэн олгохоор болсон байна. Энэ хөтөлбөрт манай улсаас найман спортын төрөлд 17 тамирчин багш дасгалжуулагчдын хамт хамрагдаж байгаа юм. ОУОХ-ноос тамирчдад зориулсан Athlete365 платформ дээр COVID-19 цар тахлын талаар сүүлийн үеийн мэдээлэл, бэлтгэл сургуулилтаа хангах зөвлөмж, бие бялдар, сэтгэл зүйн эрүүл мэнд, Дэлхийн допингийн эсрэг байгууллага болон Олон улсын шинжилгээний агентлагийн мэдээллийг тогтмол хүргэх аж. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хөлбөмбөгийн багууд дампууралд ойрхон байна

 0 сэтгэгдэл
  • Дээрээсээ гурав дахь дивизионд тоглодог "Транмер роверс" багийг эзэн Марк Палиос хэрэв улирлын үлдсэн тоглолтуудыг үзэгчгүй явуулбал түүний баг 500 мянган фунтын алдагдал хүлээх болно хэмээн ярьжээ

Францын мэргэжлийн клубүүдийн тал хувь нь COVID-19 вирусийн улмаас дампуурч магадгүй хэмээн “Сент Этьен” клубийн ерөнхийлөгч Бернар Каиззо ярьсан нь тус улсад багагүй үймээн дэгдээж орхив. Европын ТОП таван лигийн багууд коронавирусийн улмаас хэдийн дөрвөн тэрбум еврогийн алдагдал хүлээгээд байгааг ВВС мэдээллээ. Хөрөнгө зоорь ихтэй том багууд хямралыг яаж ийгээд даваад гарах бол өдөр хоногоо арай ядан аргацаадаг багачууд энэ дарамтыг тэсэж чадалгүй дампуурахад ойрхон байгааг Английн гуравдугаар дивизионы “Гиллингэм” багийн эзэн Пол Скалли тайлбарлав. “Доод лигийн багууд зардлаа хэрхэн бууруулах талаар байнга зөвлөлдөж байгаа. Гэхдээ Премьер лигийн зүгээс биднийг ямар нэг байдлаар дэмжих нь маш чухал байна. Хэрэв дээд удирдлагаас дэмжлэг ирэхгүй бол дампуурлаа зарлах клуб маш олон байх болно” хэмээн тэр ярьжээ. Английн хөлбөмбөгт мэргэж­лийн болон хагас мэргэжлийн ангиллын 700 гаруй баг бий. Амжилт гаргавал дээш өгсөж, тааруухан тогловол доош урууддаг энэхүү системийг бий болгож, багуудыг өнөөгийн хэмжээнд хүргэхэд 100 гаруй жил шаардагдсан. Тэгвэл коронавирус хэмээх аюулт өвчин энэхүү системийг ганцхан жилийн дотор үгүй хийж магадгүй болжээ. Цагтаа Английн шигшээд тоглож явсан Жейми Реднапп Премьер лигийн багуудыг доод лигийнхэндээ туслах ёстой гэсэн санааг мөн илэрхийлсэн байна. Хэдийгээр Премьер лигийн багууд Английн хөлбөмбөгийг дэлхий дахинд төлөөлдөг ч жижиг багууд бүхий энэ систем үгүй бол Английн хөлбөмбөг оршин тогтнох аргагүй болно. “Гиллингэм”­-тэй адил дээрээ­сээ гурав дахь дивизионд тоглодог “Транмер Роверс” багийн эзэн Марк Палиос хэрэв улирлын үлдсэн тоглолтуудыг үзэгчгүй явуулбал түүний баг 500 мянган фунтын алдагдал хүлээх болно хэмээн ярьжээ. “Транмер” шиг жижиг багийн хувьд хагас сая фунт гэдэг асар их мөнгө гэдэг нь тодорхой. Нөхцөл байдал зөвхөн Англид хүндрээд байгаа юм биш. Францын багуудад ч дампуурал гэдэг үг тун ойрхон сонсогдож байна. Францын мэргэжлийн клубүүдийн тал хувь нь COV­ID­-19 вирусийн улмаас дампуурч магадгүй хэмээн “Сент Этьен” клубийн ерөнхийлөгч Бернар Каиззо ярьсан нь тус улсад багагүй үймээн дэгдээж орхив. Тус улсын багуудын амссан алдагдал бараг тэрбум еврод дөхөж очоод байгаа юм. “Хэрэв энэ хөл хорио зургаан сарын турш үргэлжилбэл Францын хөлбөмбөгийн маш олон клуб дампуурлаа зарлах болно” хэмээн тэрбээр өгүүлжээ. Гэхдээ коронавирусийн халдвар хөлбөмбөгт сайнаар нөлөөлөх талтай гэнэ. Учир нь энэ их хямралын дараа багууд солилцоо наймаанд асар их мөнгө зарцуулдаг эрүүл бус үзэгдэл арилна гэж үзэж буйгаа “Бавари Мюнхен” клубийн ерөнхийлөгч асан Ули Хёнесс илэрхийлжээ. “100 болон түүнээс дээш сая еврогийн үнийн дүнтэй наймаа ойрын жилүүдэд дахин болохгүй биз ээ. Энэ хямрал хөлбөмбөгийн солилцоо наймааны солиорлыг хөрсөнд нь буулгаж байгаагаараа сайн талтай. Ингэж байж хөлбөмбөгийн ертөнц эрүүлжинэ” хэмээн Хёнесс өгүүлсэн байна. Байдал хүндхэн байгааг хүн бүр ийнхүү хүлээн зөвшөөрч байна. Тэдний хувьд хөл хорио тийм ч удаан үргэлжлэхгүй байх гэсэн өөдрөг сэтгэл тээсээр яваа. Хэрэв карантин дахин хагас жилийн турш үргэлжилбэл спортын маш олон клуб дахин сэргэхгүйгээр дампуурах эрсдэл нүүрлэх нь.

A

Жижиг

A

Дунд

A

Том

“Токио-2020” олимп 2021 оны долдугаар сарын 23-нд эхэлнэ

 0 сэтгэгдэл
  • Өнөөдрөөс спорт холбоод олимпын эрхийн тэмцээний шинэ хуваариа гаргахаар ажилдаа орно гэсэн үг

Шинэ төрлийн коронавирусийн улмаас хойшилсон зуны спортын XXXII наадмын эцсийн товыг ОУОХ, “Токио­-2020” наадмыг зохион байгуулах хорооноос албан ёсоор тогтоожээ. Тус олимпыг 2021 оны долдугаар сарын 23-­нд эхлүүлэхээр тохиролцсон байна. Энэ тухай мэдээллийг Японы “Майничи” сонин, NHK телевиз мэдээлжээ. Талууд тамирчдын бэлтгэл, олимпын эрхийн тэмцээнүүд, ирэх онд болох томоохон тэмцээн уралдааны хуваарь зэрэг олон зүйлийг харгалзсаны эцэст дээрх хугацаан дээр санал нэгджээ. XXXII наадам олимпын харти, дүрмийн дагуу 16 хоног үргэлжлэх юм. Олимпын наадмын товыг ийн тогтсон бол өнөөдрөөс спорт холбоод эрхийн тэмцээний шинэ хуваариа гаргахаар ажилдаа орно гэсэн үг. Чөлөөт бөх, бокс тэргүүтэй спортын 20 орчим төрлийн олимпын эрхийн тэмцээний шинэ хуваарь тодорхой бус байсан бөгөөд бүхнийг дахин цоо шинээр төлөв­лөхөөр болж байгааг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ненад Лалович онцолсон байна. Үүнээс өмнө олимпыг ирэх оны 4­5 сард, хоёр дахь хувилбар нь 7­8 сард зохион байгуулах боломжтой гэсэн хувилбар дээр талууд ярилцаж байв. Дээрх хугацааг товлоход олимпыг шууд дамжуулах бүрэн эрхт Америкийн NBC телевизийн санал чухалчлах үүрэг гүйцэтгэсэн нь тодорхой. 2021 оны 7­8 сард хөнгөн атлетик болон усан спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох хуваарьтай. Харин ОУОХ, “Токио­-2020” наадмыг зохион байгуулах хороо­ныхон дээрх хоёр спортын холбоотой тохиролцоонд хүрч чадсан бололтой. Харин паралимпийн наадам 2021 оны наймдугаар сарын 24-­нд эхлэх тов зарласан байна.