A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3569/

Юн Сок Хён: НДШ-ийн нэмэгдэлд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн талаар байр сууриа илэрхийлэхэд эрт байна

Юн Сок Хён: НДШ-ийн нэмэгдэлд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийн талаар байр сууриа илэрхийлэхэд эрт байна
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3569/
  • Гадаад өрийн эргэн төлөлтийг хасаж тооцвол 2020 оны төсөв алдагдалгүй батлагдсан
  • Одоогоор Монгол Улстай хамтрах дараагийн хувилбарын талаар эрх баригчидтай ярилцаагүй байгаа, ирэх оны эхээр тодорхой болно
  • ОУВС хувийн хэвшил (Оюутолгой ХХК)-тэй холбоотой асуудалд шууд тайлбар хэлдэггүй.Монгол улс уул уурхайн салбартаа хөрөнгө оруулалт татах хэрэгтэй гэдгийг л хэлэх байна
  • 2020 оны парламентын сонгууль бодлогын тогтвортой байдлыг алдагдуулах гол эрсдэлтэй. Тэр дундаа мөнгө, сангийн бодлогын тогтвортой байдал алдагдаж магадгүй

2020 оны төсвийн хуульд төвлөрүүлэхээр тусгасан орлогын тодорхой хэсэг нь ирэх онд дахин нэмэгдэх нийгмийн даатгалын шимтгэлийн өсөлтөөс орж ирнэ. Сангийн яамны мэдээлж байгаагаар ирэх оны өсөлт нь зайлшгүй бөгөөд  Олон улсын валютын сангаас тавьж буй хатуу шаардлага аж. Засгийн Газрын Мэдээ сонин ирэх онд хаах тус сангийн  Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн явцын тухай Олон Улсын Валютын Сангийн Монгол дахь суурин төлөөлөгчөөр томилогдоод удаагүй байгаа Юн Сок Хёнтой ярилцлаа.

 -ОУВС, Монгол Улсын Засгийн газрын хамтран хэрэгжүүлж буй “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” ирэх оны тавдугаар сард дуусна. Хөтөлбөрийн хэрэгжилтэд та ямар үнэлгээ өгч байгаа вэ. Алдаж, оносон зүйл юу байна?

-Монгол Улсын макро эдийн засаг тогтворжиж, эдийн засаг өсөж байгаа нь сайшаалтай. 2016-2018 оны хооронд төсвийн тэнцэлд гарсан эерэг өөрчлөлт (ДНБ-ий 17 хувь) ОУВС-гийн хөтөлбөрийн түүхэнд гарсан хамгийн дорвитой өөрчлөлтийн нэг боллоо.Хөтөлбөрийн хүрээнд төсвийн бодлогод өргөн хүрээний шинэчлэл хийсэн. Засгийн газрын өрийн ДНБ-д харьцуулсан харьцаа 14 хувиар багаслаа. Мөн гадаад валютын цэвэр нөөц бараг гурав дахин өссөн. Өмнө нь буюу 2016 онд нэг орчим хувьд хүрч буураад байсан Монголын эдийн засгийн өсөлт бүрэн сэргэсний зэрэгцээ инфляц төв банкны зорилтот найман хувь орчимд тогтворжлоо. Нөгөө талаар бүтцийн шинжтэй шинэчлэл хангалтгүй байна. Энэ дунд санхүүгийн салбарын зарим шинэчлэл, банкуудыг капиталжуулах бүтцийн өөрчлөлтийн үр дүн алаг цоог байна. Мөн засаглал, хууль дээдлэх явдал сулаас авлигад эмзэг хэвээр байгаа нь хөгжилд тушаа болж, улсын эдийн засгийн хамгийн том эрсдэлд тооцогдож байна.

-2020 оны төсвийн хуулийн талаар та ямар бодолтой байна. Төсөв батлахаас өмнө Сангийн яаманд ОУВС ямар нэгэн зөвлөмж өгсөн үү. Танай зөвлөмжийг салбарын яам хэр биелүүлсэн гэж үзэж байна вэ?

-Төсвийн төслийг Засгийн газар УИХ-д өргөн барих үеэр ОУВС авч үзэх завшаан тохиолдсон. Ирэх оны төсөв ч улсын их өрийг бууруулахад чиглэх ёстой гэх зарчим дээр бид эрх баригчидтай тохиролцсон. 2020 оны төсөвт зардал өссөн нь өрийг бууруулахад гаргасан саяхны амжилтаа зарим талаар сулруулж байна. Гэхдээ сүүлийн хэдэн жилийн нааштай өөрчлөлтийн ачаар энэхүү зардлыг нөхнө гэж бид үзэж байгаа. Ер нь гадаад өрийн эргэн төлөлтийг хасаж тооцсон дүнгээр 2020 оны төсөв алдагдалгүй батлагдсан гэж үзэж байгаа. Эдийн засаг үргэлжлүүлэн өсөх учраас дүнд нь дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцах гадаад өрийн хэмжээ буурах боломжтой.

-Нийгмийн даатгалын шимтгэл нэмэхийг хөдөлмөр эрхлэгчид болон хувийн хэвшлийнхэн эсэргүүцсээр байна. Энэ  асуудлыг эргэн харах талаар Засгийн газраас танайд ямар нэг хүсэлт ирсэн үү. Ер нь энэ өсөлтийг эргэж харах боломж бий юу?

-ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахдаа ирэх гурван жилд нийгмийн даатгалын шимтгэлийг нийт  таван хувиар нэмэх үүргийг Монголын Засгийн газар хүлээсэн. Энэ үүргийнхээ дагуу эрх баригчид төрийн санхүүжилтийн тогтвортой байдлыг, ялангуяа (ойрын ирээдүйд өсөх тэтгэврийн хэмжээ тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээнээс хэтэрч алдагдал үүсэх) тэтгэврийн тогтолцоог сайжруулах зорилт тавьж байгаа. Монголын тэтгэврийн тогтолцоо нь хүн амын бага, дунд орлоготой хэсгийг дэмжих, орлогын дахин хуваарилалтад шийдвэрлэх үүрэгтэй. Цаашид ч энэ үүргээ биелүүлэхийн тулд хангалттай санхүүжилттэй байх ёстой.ОУВС-гийн тусламжийн хөтөлбөр эхэлснээс хойш төсвийн орлого сайн байгаа ч Монголын тэтгэврийн тогтолцоо эмзэг хэвээр. Шимтгэлийн хэмжээг нэмэхгүй бол 2016 онд ДНБ-ий хоёр хувь байсан тэтгэврийн сангийн алдагдал 2030 он гэхэд зургаа, 2050 онд бүр 11 хувьд хүрэх тооцоог Дэлхийн банк гаргасан. Монголын хүн амд тэтгэврийн насныхны эзлэх хувь нэмэгдэж байгаа энэ үед сангийн алдагдал өсөж байгаа нь эрсдэл мөн. Үүн дээр 2012, 2017 оны бодлогын өөрчлөлт тэтгэврийн тогтолцоонд сөргөөр нөлөөлсөн. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг өсгөөд ч алдагдлыг бүрэн нөхөж чадахгүй. Энэ алдагдлыг анхаарч арга хэмжээ авахгүй бол Засгийн газар татвар нэмэх, бусад зардлаа танах, тэртэй тэргүй их байгаа Монголын өрийн дарамтыг улам ихэсгэхээс аргагүйд хүрнэ.

-Нийгмийн даатгалын шимтгэл өсгөх заалттай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч мягмар гарагт 2020 оны төсвийн хуульд хэсэгчлэн хориг тавьсан. Энэ хоригтой уялдуулан ОУВС-гийн байр суурь өөрчлөгдөх үү?
-Бид 2020 оны төсвийн талаарх Ерөнхийлөгчийн арга хэмжээг сонссон. Одоо байдлыг судалж байгаа тул байр сууриа илэрхийлэхэд хэт эрт байна.

-ОУВС-гийн харж байгаагаар, тэтгэврийн сангийн алдагдлыг нөхөхийн тулд нийгмийн даатгалын шимтгэлийг өсгөхөөс өөр арга бий юу. ОУВС хөтөлбөрөөрөө нийгмийн эмзэг хэсгийг хамгаалах зорилготой ч бодит байдал дээр уг арга хэмжээ дундаж ангийг улам хумьж, ажилгүйдлийг ихэсгэх шалтгаан болж байна шүү дээ.

-ОУВС-гийн тусламжийн хөтөлбөрийн эн тэргүүний үр дүн бол макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, ядуусыг хамгаалах явдал гэж бид үздэг. Жишээ нь, инфляц ихсэх нь ядууст хамгийн уршигтай. Тогтвортой байдлыг хангаснаар эдийн засгийн өргөн цараатай өсөлт үүсгэхэд шаардлагатай хөрөнгө оруулагчдад ч итгэл өгнө.ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр бүр ч том зорилго тавьж, нийгмийн хамгааллын зардлыг хамгаалах, цаашид энэ төрлийн зардалд шаардлагатай бааз суурь бий болгохыг эрмэлзэж байгаа. Ийм зардлын үр өгөөжийг сайжруулах, тогтвортой санхүүжүүлэхийн тулд ОУВС түншүүдийнхээ хамтаар Монголын эрх баригчидтай хамтран ажиллаж байна.

-Бүтцийн шинэчлэл хугацаандаа хэрэгжиж чадахгүй бол Монголд ямар эрсдэл тулгарч болох вэ?

-Монгол Улсад дунд хугацаанд тулгарах сорилт бол нийтийн тогтвортой, сайн сайхан байдлыг хангахын тулд байгалийн нөөц баялгаа ашиглах. Үүний зэрэгцээ Хятадын эдийн засгийн удаашрал, зэсийн үнийн уналт, 2020 оны парламентын сонгуультай холбоотой тодорхойгүй байдал зэрэг ойрын хугацааны эрсдэл ч тулгарна.Ялангуяа төрийн болон хувийн салбарын өр их, банкны салбарын шинэчлэл бүрэн дуусаагүй, хөрөнгө оруулалтын уур амьсгал гадаадын шууд хөрөнгө оруулалтад төдийлэн таатай бус өнөөгийн нөхцөлийг харгалзан үзэх юм бол Монгол Улс эрсдэлд эмзэг хэвээрээ байна. Засаглалаа сайжруулж, авлигыг бууруулан, ил тод байдлыг бэхжүүлэх нь Монгол Улс хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбарт эдийн засгаа төрөлжүүлж, бизнесийн өрсөлдөөнт орчныг дэмжих замаар тогтвортой өсөлт үүсгэхэд чухал юм.

-Ирэх оны парламентын сонгуулийг угтаад бодлого тодорхойлогчид хэдийн популист мэдэгдлүүд хийгээд эхэлчихлээ. Үүнтэй холбоотой эрсдэл үүсэх болов уу?

-2020 оны парламентын сонгууль бодлогын тогтвортой байдлыг алдагдуулах эрсдэлтэй. Тэр дундаа мөнгө, сангийн бодлогын тогтвортой байдал алдагдаж магадгүй. Ирэх 2020 оны төсөв Засгийн газрын их өрийг багасгахад чиглэсэн хянуур байдлаа хэвээр хадгална гэж бид хэлэх байна. Үүний зэрэгцээ эрх баригчид макро тогтвортой байдлыг хангах нь ийм эрсдэлээс сэргийлэхэд тус болох ёстой. 

-“Оюутолгой”-н гэрээтэй холбоотойгоор Монголын парламентаас сүүлд гаргасан шийдвэрт ОУВС ямар байр суурьтай байна вэ. ОУВС-гийн хөтөлбөрийн дараа Монголд нийт 5.5 тэрбум ам.доллар зориулахаар болсон донор байгууллагууд үүнд хэрхэн хандаж байна. Донор байгууллагуудаас та бүхэнтэй холбогдсон уу?

-Хувийн компаниудын асуудалд ОУВС шууд тайлбар хэлдэггүйг анхааралдаа авна уу. Монгол Улс уул уурхайн салбартаа гадаадын хөрөнгө оруулалт татах нь туйлын чухал гэдгийг л бид хэлэх байна. Монгол Улс экспортын чадавхаа бүрэн ашиглах, дотооддоо нийгэм, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхэд энэ хөрөнгө оруулалт чухал шүү дээ. 

-Ирэх тавдугаар сард “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” дуусмагц юу болох вэ. Залгаад л УИХ-ын сонгууль эхэлнэ. Хөтөлбөр хэрэгжих гурван жилийн хугацаанд Монголын бодлого тодорхойлогчид цаашид улсаа тогтвортой залаад явчих сахилга бат суусан болов уу?

-ОУВС-гийн тусламжийн хөтөлбөр хэрэгжих явцад ахиц дэвшил их гарсан ч амжилтаа тунхаглахад эрт байна. Хөтөлбөр 2017 онд эхэлснээс хойш бодлогын суурь бэхжиж, хөрөнгө оруулалт нэмэгдэн, гадаад эрэлт нэмэгдсэнээр эдийн засаг мэдэгдэхүйц сэргэлээ. Гэхдээ болзошгүй гадаад шокод Монгол Улс эмзэг хэвээр байгаа. Төсөв, санхүүгийн нөөц бололцоо болон гадаад зах зээлийн гэнэтийн нөхцөл байдлаас хамгаалах “зөөлөвч” (буффер) хангалтгүй хэвээр. Өргөтгөсөн санхүүжилтийн энэ удаагийн хөтөлбөр 2020 оны тавдугаар сард дуусгавар болох товтой. Одоогоор Монгол Улстай хамтрах дараагийн хувилбарын талаар эрх баригчидтай ярилцаагүй байгаа, ирэх оны эхээр тодорхой болно.ОУВС-гийн хөтөлбөр эхэлснээс хойш Монголын эрх баригчид уг хөтөлбөрийг хэрэгжүүлж, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад мэдэгдэхүйц дэвшил гаргасан. Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах байр сууриа тууштай баримталсаар байгаа эрх баригчдын хүч чадварт бид ч итгэж байна.










 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Б.Түмэнцэнгэл: Монголбанкны хуримтлуулсан нөөц $4 тэрбум ам.долларт хүрсэн

 0 сэтгэгдэл
  • Өнгөрсөн 12 дугаар сарын байдлаар инфляц жилийн дүнгээрээ улсын хэмжээнд 5.2 хувь, Улаанбаатарт таван хувьд хүрсэн
  • Хөгжингүй орнуудад инфляц нам дор байдаг. Хөгжиж байгаа орнууд эдийн засаг нь тогтворгүй гэх утгаараа инфляц өндөр байдаг. Монгол Улсын хувьд 2006-2016 оны арван жилийн дундаж инфляц 10 хувь байсан

Монголбанкны мөнгөний бодлогын газрын эдийн засгийн шинжилгээ бодлогын хэлтсийн захирал Б.Түмэнцэнгэлтэй инфляцын төлөвийн талаар ярилцлаа. Тэрбээр Монгол Улсын эдийн засаг төрөлжөөгүй ч 900 мянган өрхийг харвал бодит орлого өссөн үзүүлэлттэй байгааг онцлов.

-Оны төгсгөлийн хоёр сард инфляцын түвшин 5.2 хувь болж буурсан. Энэ нь юутай холбоотой вэ? 

-Өнгөрсөн 12 дугаар сарын байдлаар инфляц жилийн дүнгээрээ улсын хэмжээнд 5.2 хувь, Улаанбаатарт таван хувьд хүрсэн. Төв банкны зорилтот түвшнээс инфляц доогуур орж ирсэн нь үндсэн хоёр шалтгаантай. Нэгдүгээрт, үнэ бол зах зээлийн идэвхжлийг харуулдаг чухал үзүүлэлт. Өнгөрсөн оны гуравдугаар улирлаас хойш Монголын эдийн засгийн идэвхжил саарсан нь бараа бүтээгдэхүүний үнээр илэрхийлэгдэж байна. Тухайлбал, зээлийн жилийн өсөлт нь 7.6 хувь хүрсэн. Төсвийн хөрөнгө оруулалтын гүйцэтгэлийг 3.2 их наяд төгрөг гэж төлөвлөсөн ч 2.8 их наяд дутуу буюу 83 хувьтай гарсан. Үүнд эрэлт нөлөөлсөн байх. Сүүлийн хоёр жилийн хугацаанд суурь инфляц тогтвортой байна. Харин инфляцын савлагааг үүсгэж буй нийлүүлэлтийн шинж чанартай цөөхөн бараа бүтээгдэхүүн байна. Энэ нь махны үнэ, хатуу түлш , бензиний үнэ юм. Эдгээр бүтээгдэхүүний савлагаа инфляцыг бууруулахад чиглэсэн байна. 

-2020 онд БНХАУ-ын махны эрэлт өснө гэх таамаглал бий. Энэ нь Монгол Улсын инфляцад нөлөөлөх болов уу? 

-Үүнийг Засгийн газар хэрхэн зохицуулахаас хамаарна. БНХАУ бол дэлхийн махны зах зээлийн 50 хувийг дангаараа эзэлдэг. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 400 орчим сая гахайн тоо толгойноос 30 гаруй хувь нь хорогдсон. Энэ их дутагдлыг гаднаас импортлох замаар нөхнө. Харин манайд дулааны аргаар боловсруулсан махны экспорт огцом өссөн. 

-Энэ оны төсөв алдаатай болсон тухай эдийн засагчид хэлсэн. Үүнд төв банк ямар бодлого баримтлах вэ? 

-Төв банкны бодлогыг Төв банкны тухай хуулиар тодорхой зааж өгсөн. Бид үнийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангахад чиглэж ажиллана. Тэгэхээр төсвийн бодлого ямар байхаас үл хамааран төв банк хуулиар ногдсон зорилгоо биелүүлж ажиллана. Төсвийн хувьд орлого тал дээрээ эрсдэл бий. Төсвийн тогтвортой байдлын хуулийн дагуу алдагдлаа нийцүүлж барих шаардлагатай. 

-Инфляцыг бууруулахад Монголбанк болон Засгийн газрын үйл ажиллагааны уялдаа хэр байна вэ? 

-Аль аль нь зохицуулагч байгууллага болохынхоо хувьд дунд, урт хугацааны эдийн засгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бодлого хэрэгжүүлэх ёстой. Засгийн газрын хувьд татварын бодлого, төсвийн зарлагын бодлогоороо дамжуулан хэрэгжүүлж байна. Нийлүүлэлтийн гаралтай бараа бүтээгдэхүүний үнийн огцом өсөлт дээр Засгийн газрын үйл ажиллагаа чухал байдаг. Энэ удаагийн зохицуулалтыг төв банкны зүгээс оновчтой боллоо гэж харж байна. 

-Инфляцын зорилтот түвшнийг хэр удаан хугацаанд найман хувь байлгах вэ? 

-Хөгжингүй орнуудад инфляц нам дор байдаг. Хөгжиж байгаа орнууд эдийн засаг нь тогтворгүй гэх утгаараа инфляц өндөр байдаг. Монгол Улсын хувьд 2006-2016 оны арван жилийн дундаж инфляц 10 хувь байсан. Энэ 10 хувийг цаашид нам дор түвшинд хэрхэн барих вэ гэдэг нь мөнгөний бодлогын чухал зорилт гэсэн үг. Бид дунд хугацааны бодлогодоо зургаан хувьд хүргэнэ гэж тус гасан. 

-2020 он бол сонгуулийн жил. Улс төрийн зорилгоор гаргасан шийдвэрүүд эдийн засгийн хүндрэл үүсгэж байна уу?

-Өрхийн бодит орлого 2017 оны нэгдүгээр улирлаас хойш 12 улирал дараалан өссөн. Монгол Улсын эдийн засаг төрөлжөөгүй, үр ашиггүй гэдэг ч нийт 900 мянган өрхийг харвал бодит орлого нь өсөлттэй байна. 

-Нэгдүгээр сарын байдлаар Монголбанк 214 сая орчим ам.долларын валют дуудлага худалдаанд оруулсан. Өнгөрсөн жилтэй харьцуулахад 35 орчим хувиар өсжээ. Өсөлтийн үндсэн шалтгаан юу байв? 

-Монголбанк ханшийн харилцаанд эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэхгүй огцом савлагааг зөөлрүүлэх зорилгоор оролцдог. Мөнгөний бодлогын бусад хэлбэрээр оролцож болно. Эдийн засгийн суурь нөхцөл төлбөрийн тэнцлийн шинэ тоо гарахаар орох, гарах урсгал нь хэр байсан нь харагдана. Суурь эдийн засаг эрүүл, идэвхтэй байна. Монголбанк өнгөрсөн гурав, дөрвөн жилд хуримтлуулсан мөнгөний нөөц дөрвөн тэрбум ам.доллар болоод байна. 

-Инфляц, орлого зэргийг харьцуулаад үзвэл монгол хүний амьдрал хэр сайжирсан бэ? 

-Орлогыг урт хугацаанд авч үзэх хэрэгтэй. Нэг хүнд ногдох эдийн засгийн хэмжээ нэрлэсэн дүнгээрээ 10 дахин томорсон. Бодит дүнгээрээ гурав дахин томорсон байгаа.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Дундаж давхарга дөнгөж 12 хувийг эзэлдэг гэж үү

 0 сэтгэгдэл
  • Иргэд нь ядуу байх тусам эрх баригчид завшдаг
  • 2012 онд Ардчилсан нам чинээлэг дундаж давхарга бий болгоно гэж тунхагласан бол 2016 онд Ардын нам мөн л ажилтай, орлоготой дундаж давхаргыг тэтгэж, дэмжихээ онцолсон

Эрх баригчдын сонгууль угтсан их хайр, халамж нийгмийн зүтгүүр болдог дундаж давхаргыг үндсэндээ хорлож байна. Энэ байдлаараа ажилгүй, орлогогүй, ядуу байх нь тэдэнд илүү ашигтай болж мэдэх нь. Ийм байвал төр ивээлдээ багтааж, хувь хишиг харамгүй тараах юм байна гэсэн ойлголт хүмүүсийн тархинд эс хүссэн ч сууж байна, үүнийг бүр зориудаар суулгаж байна. Зээл авахаар төр өмнөөс нь төлчихдөг, гурил, будааг уут уутаар нь тарааж, ажилгүй байсан ч амьдарч болох залхуу сэтгэлгээг нийгэмд бойжуулсаар. Ийм байхад хэн хүч хөлсөө урсган, нойр, хоолоо хасан байж ажиллая гэж бодох билээ. Ажилласан нь илүү торгуулж, татвар, хураамж тэр хэрээр нэмж байна. Өөрөөр хэлбэл, зүтгэсэн нь ад үзэгдэж, зүгээр суугаа нь завших хандлага сонгуулиас сонгуулийн хооронд даамжирлаа. Иргэд нь ядуу байх тусам эрх баригчид завшдаг аж. Баялагтай ч баларсан орнуудын жишээ баримтаас ч үүнийг харж болно. Саналаа бэлэн мөнгөөр худалдаад байдаггүй хэсэг бол дундаж давхарга. Гэтэл энэхүү тулхтай давхарга хумигдсаар. Нийгэмд хэт бага орлоготой, хэт өндөр орлоготой гэсэн тэгш бус хоёр туйл бий болоход улам ойртжээ. Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн тулгуур нь дундаж давхарга гэж үздэг. Нийт хүн амынх нь хэчнээн хувь энэхүү давхаргад багтаж байгаагаас тухайн улс орны хөгжлийг тодорхойлдог. Тэгвэл Монгол Улс жилээс жилд дундаж давхаргынхаа эсрэг бодлого хэрэгжүүлж байна гэхэд хилсдэхгүй. Сүүлийн дөрвөн жилийг авч үзье. Татвар, хураамж нэмэгдэж, өр зээлийн дарамт нэмэгдсэн байна. Өрхийн орлого энэ хугацаанд дорвитой нэмэгдээгүй. Гэтэл инфляц өсөж, гадаад валюттай харьцах төгрөгийн ханш түүхэнд байгаагүй суларч эхэллээ. Төсвийн зарлага 13.9 их наяд төгрөг болж, татвар төлөгчдийн үүрэх ачаа улам хүнд болов. Харин энэ шуурганд дундаж давхарга хэлмэгдэж, өрхийн амьжиргаа доройтсоор. Ажлын байр тогтвортой бий болгох томоохон хэмжээний мега төсөл урагшилсангүй. Газрын тос боловсруулах үйлдвэрийг эс тооцвол байгаа хэдээ л нэрлэхэд хүрч байна. Монгол Улсын дундаж давхарга нийгмийн хэдэн хувийг эзэлж байна вэ. Энэхүү асуултад бүрэн дүүрэн нийцсэн эцсийн хариулт алга. Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хийсэн судалгаагаар, 2018 оны байдлаар манай улсын дундаж давхарга 58 хувь гэсэн бол Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ дундаж давхарга 16 хувь байгааг 2050 он гэхэд 80 хувьд хүргэнэ гэлээ. Харилцан адилгүй дүн дундаж давхарга чухам байна вэ гэж эргэлзэхэд хүргэж байна. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, өнөөдөр өрхийн дундаж орлого 1.2 сая төгрөг. Орлогын бүтцийг нь аваад үзвэл, 70 гаруй хувь цалин, тэтгэвэр, тэтгэмж. 1.2 сая төгрөгийн орлоготой өрх болгоныг энэхүү давхаргад хамруулах уу. Дэлхийн банкны судалгаагаар, өдрийн орлого нь 5.5-15 ам.доллар бол эдийн засгийн баталгаат түвшин, 15 ам.доллараас дээш хэрэглээтэй бол дундаж түвшин гэж үздэг. Энэхүү аргачлалаар дундаж түвшнийг бүрдүүлж байгаа хэсэг нь нийт хүн амын 12 хувийг эзэлж байна. Боловсрол, эрүүл мэндийг үйлчилгээ, орчин үеийн шаардлага хангасан орон сууцны хүртээмж, хүнсний аюулгүй байдлаа авч үзвэл нийгмийн өчүүхэн хэсэг нь дундаж давхаргад хамрагдахаар байна. Дундаж давхаргыг бэхжүүлэх нь үе үеийн Засгийн газрын зорилт байлаа. 2012 онд Ардчилсан нам чинээлэг дундаж давхарга бий болгоно гэж тунхагласан бол 2016 онд Ардын нам мөн л ажилтай, орлоготой дундаж давхаргыг тэтгэж, дэмжихээ онцолсон. Бэлэн мөнгөний амлалт дундаж давхаргыг ядуу давхарга руу хөтөлдөг болохыг 2008 оноос хойших үйл явдал гэрчилнэ. Хүмүүс нийгмийн халамж хүртэхийн тулд сайн дураар орлогоо нууж, зарим нь ажилгүй гэж мэдүүлэх нь хүртэл хэвийн үзэгдэл болжээ. Дундаж давхаргагүй улсууд урагшлах бус ухардгийг Африкийн орнуудаас харж болно. БНХАУ хүн амаа ядуурлаас гаргаж, дундаж давхаргаа улам чинээлэг болгоход ихээхэн анхаарч байна. Ази, Номхон далайн бүс нутагт дундаж давхаргын тоо 2030 он гэхэд 3.2 тэрбумд хүрч, 2009 оныхоос 6.2 дахин өсөхөөр байгаа. Үүний цөм хэсэг нь Хятад, Энэтхэгийн дундаж давхарга байхаар байна. Харин 10 жилийн дараа Монголын дундаж давхарга хэдэн хувьд хүрэхийг тоймолж, багцаалсан судалгаа алга. Энэ янзаараа бол дундаж давхарга улам нимгэрч, ядуусын эгнээ улам өргөжих харамсалтай дүр зураг л харагдаад байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Дэлхийн эдийн засгийн өсөлт үргэлжлэн удааширч болзошгүй байна

 0 сэтгэгдэл
  • Худалдааны дайн өөр олон бэрхшээлийг товойлгон гаргаж мэдэх нь
  • Ойрх Дорнодын үймээн самуун, Ази тив дэх Хонконгийн нөхцөл байдал нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж, санхүүгийн эмзэг байдлыг үүсгэж болзошгүй байна. Америк, Хятадын худалдааны түншлэлд үүссэн удаан хугацааны тасалдал ямар нөлөө авчрах нь бүрхэг

Дэлхийн эдийн засгийн өсөлтийн өрнүүн үе ард хоцорч, энэ онд дахин өсөлт удаашрах төлөвтэй байна. Хөгжингүй орнуудын эрэлт хумигдсан хэвээр, худалдааны хурцадмал байдал үл ялиг намжих шинжтэй. Хэдий тийм боловч нөхцөл байдал сайнгүй хэвээр байгааг ОУВС анхаарууллаа. АНУ, БНХАУ тэргүүтэй орнуудын эдийн засгийн өсөлт 2019 онд төсөөлж байснаас саарч, энэ нь 2020 оны төлөвт ч нөлөөлж болзошгүй байна. Тодруулбал, өнгөрсөн оны үр дагавар үргэлжлэхээр байгаа нь голлох эрсдэлд тооцогдох аж. 2018 оноос эхэлсэн дэлхийн тэргүүлэх эдийн засгуудын худалдааны маргаан эрсдэлийн эхэнд хэвээр байна. Өөрөөр хэлбэл, санаа амрах болоогүй гэсэн үг. Мөнгөний бодлогоор дамжуулан эдийн засгаа дэмжих оролдлогууд цаашид ч үргэлжлэх нь. Хэдийгээр дэлхий нийтийн эдийн засгийн өсөлт буурч байгаа боловч санхүүгийн дэмжлэгээс улбаалан өсөлт тогтворжиж магадгүй гэсэн хүлээлт хүчтэй хэвээр байгаа юм. ОУВС дэлхийн эдийн засгийн төлөвийг шинэчилж, энэ онд 3.3 хувиар өсөхөөр байгааг онцоллоо. Харин 2019 оны дэлхийн эдийн засгийн өсөлтийг 2.9 хувиар зураглажээ. Үүнээс илүү хурдаар өсөх байсан боловч Энэтхэгийн их өр дээрх өсөлтийн эрчийг сулруулахад нөлөөлсөн байна. Дэлхийн эдийн засагт тодорхой бус нөхцөл байдал давамгайлсаар. Урьдчилсан байдлаар үйлдвэрлэл, худалдааны салбарын өсөлт доод шатандаа хүрсэн байна. Хэрэглээний өсөлт тааруу байсны илрэл энэ болжээ. Америк, Хятадын худалдааны ээдрээтэй байдлаас үүдсэн сөрөг үр дагавар буурсан ч дэлхийн ДНБ-д уршиг нь хадгалагдсан хэвээр байна. Хөгжиж буй орнуудад ханшийн уналт сорилт дагуулсаар. Дийлэнх нь үйлчилгээний салбараа дэмжих замаар өсөлт рүү тэмүүлж байна. Гэвч инфляцын аюул тулгарч буй. Хэрэглээг хэт дэмжих нь инфляцыг өдөөх аж. Мөнгөний бодлогоор дамжуулан эрэлтээ нэмэгдүүлэх нь дэлхийн эдийн засгийн өсөлтөд ялимгүй дэм болохоор байгааг ОУВС ээлжит тайландаа дурджээ. Ядуурлыг бүрмөсөн устгахаар хамаг нөөц боломжоо зориулж буй БНХАУ дэлхийн эдийн засгийн чигийг тодорхойлох хүчтэй тоглогчийн байр сууриа 2020 онд улам бэхжүүлэх нь. Урьдчилсан байдлаар дэлхийн эдийн засгийн бууралт 2019 онд 1.7 хувь байсан бол 2020-2021 онд 1.6 хувь болж буурахаар байна. Герман шиг экспортод чиглэсэн эдийн засагтай орнуудын гадаад эрэлт сайжрах бол Америкийн санхүүгийн үзүүлэлт буурах магадлал өндөр байна. Үүний нэг шалтгаан нь тус улсын Ерөнхийлөгчийн сонгууль энэ онд тохиож буйтай холбоотой. Хөгжиж буй зах зээл болон дэвшилтэт эдийн засагтай орнуудын хувьд өсөлт 2019 онд 3.7 хувь байх бол 2020 онд 4.4 хувь, 2021 онд 4.6 хувь гэж таамаглажээ. Үүнээс илүү өсөлт байх боломжтой ч Энэтхэг саад тээг болж байгааг дурдсан байна. Иран, Аргентин болон Турк, Бразил, Энэтхэг, Мексик зэрэг эдийг засгийн уналттай улсууд 2020 оны өсөлтийн бүрэлдэхүүнд багтаж чадах эсэх нь тодорхойгүй хэвээр. Дэлхийн эдийн засагт асуудал багассан ч аюул байсаар. Хэдийгээр худалдааны салбарт ахиц гарч байгаа нааштай мэдээ дуулдах боловч дэлхийн эдийн засгийн асуудал хараахан шийдэгдээгүй байна. Худалдааны хурцадмал байдал тогтворжсон боловч Америк болон Европын холбоог хэрэн Хятад, Америкийн хооронд асуудал үүсэж магадгүй. Энэхүү үйл явдал нь геополитикийн асуудлыг хөндөх талтай. Ойрх Дорнодын үймээн самуун, Ази тив дэх Хонконгийн нөхцөл байдал нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж, санхүүгийн эмзэг байдлыг үүсгэж болзошгүй байна. Америк, Хятадын худалдааны түншлэлд үүссэн удаан хугацааны тасалдал ямар нөлөө авчрах нь бүрхэг. Худалдааны дайн өөр олон бэрхшээлийг товойлгон гаргаж болзошгүй байгааг ОУВС давхар анхааруулжээ. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ч.Энхбаяр: Тэтгэврийн зээл тэглэх шийдвэр инфляцад нөлөөлнө

 0 сэтгэгдэл
  • Дахин хямрал болох эрсдэлийн шинжүүд илэрчээд байхад эдийн засгаа муутгах шийдвэрийг төр засаг гаргалаа
  • Ямар сайндаа Монгол Улс гаднын байгууллагын тусламжтайгаар төсвийн сахилга батаа тогтоож байх вэ дээ 

УИХ-ын баталсан Ахмад настны тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх шийдвэрийн талаар МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирал Ч.Энхбаяртай ярилцлаа. Тэрбээр энэхүү шийдвэрийг “Олон улсын эдийн засаг саарсан төлөвтэй, дахин хямрал болох эрсдэлийн шинжүүд илэрчээд байхад гаргасан муу шийдвэр” хэмээн тодорхойлов.

-Үндэсний статистикийн хороо (ҮСХ) арванхоёрдугаар сарын макро эдийн засгийн голлох мэдээллүүдийг танилцууллаа. Сүүлийн саруудад инфляц буурсан шалтгаан юу юм бол. 2020 онд энэ орчиндоо хадгалагдах болов уу?

-Оны төгсгөл рүү инфляц өсөх хандлага байдаг. Энэ жил харьцангуй буурсан байна. Үүнд дотоодын гэхээс илүү гадаад хүчин зүйлс нөлөөлсөн. Олон улсын эдийн засаг нэлээд агшсан, саарсан байдалтай байлаа. Эрэлтийн гаралтай инфляц харьцангуй доогуур байна гэсэн үг. 

-ҮСХ-ны мэдээлэл, Монголбанкны байр суурийг харахад үнийн идэвхжил саарах нь эдийн засгийн өсөлт буурч байгаатай холбоотой гэсэн дүгнэлтэд хүргэж байна. Үүнтэй та санал нийлэх үү? 

-Инфляц буурах нь нэг талдаа сайн үзүүлэлт. Харин нөгөө талдаа бизнесийн идэвхжил суларсныг харуулдаг.

-Монголбанк инфляцыг найман хувьд, цаашлаад зургаан хувьд барих зорилт тавьсан. Манайх шиг хөгжиж байгаа улсад энэ зорилт ямар түвшинд тооцогддог вэ? 

-Манай эдийн засагт инфляц найман хувьтай байхад айхтар хүндэрдэггүй. Харин түүнээс дээш гарвал асуудал үүсэж эхлэх байх. 

-Үнэд нөлөөлөхүйц шийдвэр оны төгсгөлд гарсан нь тэтгэврийн зээлийг тэглэх асуудал. Улс төрийн шинжтэй энэ шийдвэр 2020 онд хэрэгжинэ. Энэ нь макро эдийн засагт ямар нөлөө үзүүлэх бол?

-Мэдээж, шийдвэр гаргасан хойноо төр засгаас банкуудыг мөнгөжүүлэх алхмыг хийнэ. Ингэснээр мөнгөний нийлүүлэлт ихсэх нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, инфляцад нөлөөлөх нь ойлгомжтой. Тэтгэврийн зээлийг тэглэсэн энэ шийдвэрийг ухаалаг бус гэж хэлнэ. Ялангуяа, эдийн засаг дэлхийд саарчихсан төлөвтэй, дахин хямрал болох эрсдэлийн шинжүүд илэрчихээд байхад эдийн засгаа муутгах шийдвэрийг төр засаг гаргалаа.

-Баялгийн тэгш хуваарилалтын сайн жишгүүд олон байдаг. Тухайлбал, Норвегийн баялгийн сан. Харин манайх баялгийн сангийн талаар байгаа оносон бодлого хэрэгжүүлж чадахгүй байгааг та юу гэж боддог вэ? 

-Баялгийн сангийн талаар төрийн бодлогыг мэргэжлийн бид үнэндээ ойлгодоггүй. Яагаад гэвэл, тэтгэвэр тэглэх шийдвэр нь баялгийн хараалын илрэл. Цөөхөн ч гэсэн баялгийн сангийн оновчтой сайн туршлага зарим улсад байна. Гэтэл манайхан яагаад ийм шийдвэр гаргаад байдгийг маш их гайхдаг. Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар төсвийн үзүүлэлт, сахилга бат сайжирсан. Гэтэл дунд нь гарч буй гэнэтийн шийдвэрүүд сөргөөр нөлөөлнө. Энэ бол эдийн засагчдыг шоконд оруулсан шийдвэр байлаа. 

-Харамсалтай нь, төсвийн талаарх баримталж буй манай улсын бодлогоос эдийн засагчдын хүлээж байсан үр дүн гарч чадахгүй байна. Үндсэн хуульд тусгасан өөрчлөлтөөр төсвийн талаарх дэвшлүүд хүлээж байсан хэмжээнд гарч ирж чадах болов уу? 

-Ямар сайндаа Монгол Улс гаднын байгууллагын тусламжтайгаар төсвийн сахилга батаа тогтоож байх вэ дээ. Тиймээс Үндсэн хуулийн хүрээнд бий болох төсвийн сахилга бат, ухаалаг бодлого илүү хурдан, ойр байгаасай гэж хүсэж байна. 2020 оны улсын төсөв тэр чигээрээ сонгуульд зориулагдсан төсөв болсон. Энэ нөлөөгөөр уул уурхайн бус салбарт инфляц бий болох байх. 

-2020 он таамаглаж байснаас хүнд байх болов уу гэсэн хүлээлт байна. Гэвч популист амлалт, шийдвэрүүд оны хагас хүртэл үргэлжилнэ. Гэтэл 2020, 2021 он бондуудын төлөлттэй хүнд жилүүд. Тиймээс сонгуулийн жилийн хүлээлтээр дараа дарааг ийн жилийн эдийн засгаа цохичих вий гэсэн болгоомжлол байна. 

-Тийм шүү. Хүлээлт сөрөг тал руугаа давамгайлж байна. Тиймээс тэтгэврийн зээлийг тэглэсэн шиг ухаалаг бус шийдвэр дахин бүү гаргаасай гэж эдийн засагчийн байр сууринаас хүсмээр байна. Яагаад гэвэл, 2020 онд АНУ, БНХАУ гэсэн хоёр том эдийн засаг саарах шинжтэй байгаа. Хэдийгээр энэ хоёр улс худалдааны хэлэлцээр хийж, эхний шатны гарын үсэг зурсан ч цаашид юу болох нь тодорхой бус хэвээр байна. Олон улсын байгууллагын гаргасан таамаглалууд дандаа буурсан, дээр миний хэлсэнчлэн хямралын шинж тэмдгүүд илэрсэн нөхцөл байдалтай байхад бодлого боловсруулагчид ухаалаг бус шийдвэр гаргахгүй байх нь чухал.