A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3926/

“Яахав дээ л” ууц ₮250 мянгаас эхэлж байна

“Яахав дээ л” ууц ₮250 мянгаас эхэлж байна
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3926/
  • “Хүчит шонхор” зах дээр махны нийлүүлэлт муу байна гэв
  • Дайвар бүтээгдэхүүний хувьд хонины зүрх, үхрийн цагаан гүзээ, хонь, үхрийн хэл хамгийн эрэлттэй байна
  • Махны ханш өдөр бүр хэлбэлзэж байгаа учраас худалдаачид үнийн мэдээлэл тавихаас татгалзах болжээ
  • "Яг өдийд эрэлт нь нэмэгддэг. Гэтэл нийлүүлэлт бага учраас үнэ нэмэгдсэн. "Хүчит шонхор" захын хашаанд мах ачсан машин багталцахгүй шахам байдаг байлаа. Гэтэл одоо эрс цөөрлөө. Ер нь л нийлүүлэлт багассан. Монгол түмний уламжлалт цагаан сар болох гэж байдаг. Гэтэл махны үнэ цаашид ч өсөх хандлагтай байна. Орж ирж байгаа махнуудын бараг 50 хувь нь туранхай. Яг санаанд нийцсэн өөх мах алагласан мах багаслаа. Энэ мэтээр олон шалтаанаар махны үнэ өссөн"
  • “Хүчит шонхор” захын худалдаачдын ярьж буйгаар өнгөрсөн 10 болон 11 дүгээр сард махны үнэ тогтворжжээ. Гэвч арванхоёрдугаар сараас хойш тогмтол өссөөр огт буураагүй гэнэ. 100, 200 төгрөгөөр тогтмол нэмэгдсээр өнөөдрийн түвшинд хүрчээ

Долоо хоногийн эхэнд Нийслэлийн статистикийн газраас махны үнэ тодорхой хэмжээгээр буурсан тухай мэдээлэл цацаж, хэвлэлүүд ч тэр хэрээр мэдээлсэн. Тус газрын мэдээлснээр үхрийн ястай мах 8500 төгрөгийн үнэтэй байна гэжээ. Харин ийм мэдээлэл авсан иргэд “Хүчит шонхор”, “Баянзүрх” зэрэг зах дээр худалдагч нартай маргалдах тохиолдол гарч байна. Учир нь, бодит ханш Нийслэлийн статистикийн газраас өгсөн мэдээллийн хооронд эрс зөрүү гарав. Тиймээс бодит ханш хүргэхээр сурвалжилга бэлтгэлээ. 

“Хүчит шон хор” захын худалдаачдын ярьж буйгаар өнгөрсөн 10 болон 11 дүгээр сард махны үнэ тогтворжжээ. Гэвч арванхоёрдугаар сараас хойш тогтмол өссөөр огт буураагүй гэнэ. 100, 200 төгрөгөөр тогтмол нэмэгдсээр өнөөдрийн түвшинд хүрсэн байна. Нийслэлдээ хамгийн хямдад тооцогддог “Хүчит шонхор”, “Баянзүрх” худалдааны төвд өчигдрийн байдлаар мах ямар ханштай байгааг сурвалжилгын эхэнд хүргэж байна. Статистикийн газраас гаргасан мэдээллээс хамгийн багадаа 1000 төгрөгөөр илүү үнэтэй байгааг эндээс харж болно. “Хүчит шонхор” зах дээр бөөний үнэ ч хамгийн багадаа 700 төгрөгөөр нэмэгджээ. Шинэ оны өмнө кг нь 5500 төгрөг /бөөний үнэ/ байсан хонины мах өнөөдөр доод тал нь 6200 төгрөг болсон бол үхрийн мах хамгийн хямддаа л 7000 төгрөгийн үнэтэй байна. Энэ талаар “Хүчит шонхор” захын махны ченж Л.Баттулга “Яг өдийд эрэлт нь нэмэгддэг үе. Гэтэл нийлүүлэлт бага байгаа учраас үнэ нэмэгдсэн. “Хүчит шонхор” захын хашаанд мах ачсан машин багталцахгүй шахам байдаг байлаа. Гэтэл одоо эрс цөөрлөө. Ер нь л нийлүүлэлт багассан. Монгол түмний уламжлалт цагаан сар болох гэж байдаг, гэтэл махны үнэ цаашид ч өсөх хандлагатай байна. Орж ирж буй махны бараг 50 хувь нь туранхай. Яг цав санаанд нийцсэн өөх, мах алагласан нь ховор. Энэ мэт олон шалтгаанаар махны үнэ өссөн” хэмээн ярилаа. Тэгвэл махны жижиглэнгийн худалдагч Ж.Цэцэгмаа “Өдөр бүр л махны үнэ өсөж байна. Бидэнд мах нийлүүлдэг ченжүүдийн яриагаар гуравдугаар сард хүртэл махны үнэ буурахгүй, харин ч өсөх төлөвтэй байгаа. Өнөөдөр кг-ийг нь 9500 төгрөгөөр зарж байгаа ястай мах хэдхэн хоногийн дараа 10 мянгаас дээш давсан байхыг үгүйсгэхгүй. Махны үнийг урьдчилан таахад хэцүү болсон. Иргэд ч үнэ нэмэгдэж байгааг хараад эртнээс цагаан сарын бууз, баншны махаа базааж эхэлж байна” гэв. Амралтын өдрүүдэд “Хүчит шонхор” захын махны худалдааны хэсэг өглөөний 06:00 цагаас эхлэн олны хөлд дарагдана. Өнгөрсөн бямба гарагт “Хүчит шонхор” зах хүний хөдөлгөөн ихтэй байсан. Ихэвчлэн өндөр настай хүмүүс тор, шуудай барин махны үнэ судалж байлаа. Чингэлтэй дүүргийн өндөр настан Ч.Лувсанцэрэн “Гэр ойрхон болохоор ах нь долоо хоногт нэг удаа ирдэг юм. Махны үнэ өсөж байгаа учраас махаа бага багаар нь авч нөөцөлж байна. Тэгэхгүй бол нэг дор ихээр авч чадахгүй. Үнийг нь ч дийлэхгүй, би ч өргөж даахгүй. Гэр ойр учраас бага багаар зөөж явсаар буузны махаа бараг бэлдчихлээ. Одоо цагаан сарын ууцаа бэлдчихвэл болох гээд байна. Шинэ он гарахтай зэрэгцэн тэтгэвэр маань хэдэн төгрөгөөр нэмэгдтэл дагаад махнаас эхлээд өргөн хэрэглээний барааны үнэ өсчихөж” гэв. Тэгвэл “Баянзүрх” худалдааны төвд махны худалдаачид “Цаанаасаа л мах үнэтэй ирж байна. Нэг сарын дараа цагаан сар болох тул энэ эрчээрээ өсөх хандлагатай. Хэд хүрч зогсохыг мэдэхгүй. Бууз, баншны махаа эрт авч байхгүй бол зардал илүү өндөр гарах төлөвтэй. Ирж байгаа махнууд нь ч тийм сайн биш байна” гэв. Өөр нэг худалдагч “Хаврын цагт л махны үнэ өсөх явдал байдаг. Өвөл бол нэг их өсдөггүй. Гэтэл өнгөрсөн жилийн өвлөөс эхлэн махны үнэ хаврынх шиг үнэтэй болчихлоо. Тэгэхээр хавар яах юм бүү мэд” гэж байв. Жилийн турш борлуулалт муутай байдаг тэмээ, ямааны мах өдийд эрэлт, нийлүүлэлт нь нэмэгдэж, үнэ ч тэр хэрээр хэсдэг жишигтэй. Учир нь, цагаан сарын үеэр хонь, үхрийн махны үнэ тэнгэрт хаддаг учраас иргэд бууз, баншаа тэмээ, ямааны махаар хийх нь нэмэгдсэн. Энэ нь дээрх хоёр махны үнийг ч өсгөхөд нөлөөлжээ. Монголчууд тэмээний махыг кг тутмыг нь 7000 төгрөгөөр авна гэж төсөөлж байгаагүй биз. Ямартай ч махны үнэ буураагүй, харин ч өссөн гэдгийг та бүхэн харж байна. Цаашид ч өснө, гагцхүү хэд хүрээд зогсохыг харах л үлдэж байх шив, нийслэлчүүд.

Дайвар бүтээгдэхүүний үнэ нэмэгджээ

Махны үнэ өсөхөөр дагаад бүхий л хүнсний бүтээгдэхүүний үнэ өсдөг бичигдээгүй хууль манайд үйлчилдэг. 10-аад жилийн өмнө нийслэлчүүд дайвар бүтээгдэхүүнийг тоодоггүй, тэр хэрээр үнэ хямд байлаа. Тэгвэл өдгөө эсрэгээрээ дайвар бүтээгдэхүүн нь тансаг хэрэглээнд тооцогдох болжээ. Тэр ч утгаараа махны үнийн өсөлтийг дагаад үхрийн цагаан гүзээ, хонь, үхрийн зүрх, гургалдай, бөөр, элэг, хэл, хуйхалсан толгой, үхрийн шийр зэрэг бүтээгдэхүүний үнэ 500-1500 төгрөгөөр нэмэгдсэн байна. “Махны үнэ нэмэгдээд байхад бид яаж зүгээр суух вэ. Мах, дайвар бүтээгдэхүүний үнэ уялдаатай учраас тодорхой хэмжээгээр нэмсэн. Адилхан тав, арван цаасны төлөө халуунд халж, хүйтэнд хөрж байна шүү дээ” гэв. Дайвар бүтээгдэхүүний хувьд хонины зүрх, үхрийн цагаан гүзээ, хонь, үхрийн хэл хамгийн эрэлттэй байна. Дээр дурдсан дайвар бүтээгдэхүүнээс хонины элэг хамгийн хямд бөгөөд нэг ширхэг нь 800 төгрөг. Харин хамгийн үнэтэй нь үхрийн хэл байх аж. Тэнд нэг кг үхрийн хэлийг 14 мянган төгрөгөөр зарж байна. Үхрийн гургалдай 5000, хонины зүрх кг нь 4000, хуйхалсан толгой 2500-3000, үхрийн шийр нэг ширхэг нь 2500 төгрөгийн үнэд хүрчээ. Энэ нь тус бүртээ 500-1000 төгрөгөөр нэмэгдсэн гэсэн үг.

Ууцны ханш 250-350 төгрөгийн хооронд байна

Монгол түмний уламжлалт баяр сар шинэ дөхөж байгаа учраас томоохон захуудад ууцны худалдаа эхэлжээ. Махны гол цэг “Хүчит шонхор” зах дээр хонины ууц 250 мянган төгрөгөөс эхэлж байна. 250 мянган төгрөгийн үнэтэй ууц нь жижгэвтэр, хөгшчүүлийн хэлснээр “яахав дээ л” юм. Харин боломжийн ууц 300 мянган төгрөг байх бөгөөд цагаан сар дөхөх тусам улам нэмэгдэх гэнэ. Ер нь үнийн өсөлтөөс шалтгаалж 500 мянган төгрөгөөр сар шинийн бэлтгэл базаадаг байсан айлын зардал нэг дахин өсөх хандлагатай байна. Ууцны үнийн талаар ахмадууд ийн ярилаа. “Их үнэтэй байна. Өнгөрсөн жил боломжийн ууцыг бид 250 мянгаар авдаг байсан. Гэтэл өнөөдөр ийм хэмжээний хорчийсон жижиг ууц авах нь. Харахад том харагдаж байгаа ч чанахаар жижгэрдэг юм. Бүр их нэмэгдэхээс нь өмнө боломжоо харж байгаад ууцаа л түрүүлж авах хэрэгтэй юмсанж. Бусад нь аандаа болох биз” хэмээн ярилаа. Одоогоос яг нэг жилийн өмнө буюу 2019 оны нэгдүгээр сард “Хүчит шонхор” зах дээр хонины ууц 150 мянган төгрөгөөс эхэлж байлаа. Шүдлэн хонь л гэхэд 180 мянган төгрөгийн үнэтэй байхад тэтгэврийн хөгчшүүл ууцаа авч дийлэхгүй нь хэмээн шагширсан. Харин өнөөдөр ууцны доод ханш 250 мянган төгрөг байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

АНУ, Хятад худалдааны анхан шатны эвлэрлийг үзэглэв

 0 сэтгэгдэл
  • Гэрээг үзэглэсэн өдөр АНУ-ын конгрессын төлөөлөгчдын танхим Трампт үл итгэх асуудлыг сенатад оруулах шийдвэр гарсан

АНУ, Хятад хоёр өргөн хэмжээний худалдааны гэрээний эхний үе шат хэмээн нэрлэсэн баримт бичигт гарын үсэг зурлаа. Гэвч Бээжинтэй эдийн засгийн харилцааны хуудсыг шинээр бичих Ерөнхийлөгч Трампын оролдлого үүнээс цааш хэр хол явах нь тодорхойгүй байна. Саяын тохиролцоогоор Хятадын тал Америкийн технологи ба компанийн нууцыг хулгайлах явдлыг даран зогсоох, валютын арга механизм ашиглан давуу байдал олж авахаас татгалзах үүрэг хүлээв. Түүнчлэн АНУ-тай хийж буй худалдааг тэнцвэржүүлэх зорилгоор 200 тэрбум ам.долларын бараа худалдан авахаар болсон байна. Талууд амлалтыг хэрхэн хэрэгжүүлж байгааг хянах систем бий болгох асуудлыг гэрээнд тусгажээ. Цагаан ордны зүүн танхимд болсон ёслол хоёр их гүрний дунд сүүлийн хэдэн жил үзэгдээгүй нөхөрсөг байдалд болов. Гурван жил үргэлжилсэн худалдааны хэрүүл маргаан дэлхийд тэргүүлэх хоёр эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлсөн. Ноён Трамп гэрээг үнэлж “Энэ бол маш чухал, тэмдэглүүштэй үйл явдал. Магадгүй миний Ерөнхийлөгчид өрсөлдсөний гол шалтгаан. Бид хамтдаа хуучны буруу зүйлсийг зөв болгоно” гэжээ. Ёслолын үеэр Хятадын Ерөнхийлөгч Ши Жиньпиний илгээлтийг АНУ-ын талд уншиж сонсгов. Энд дурдсанаар хоёр тал санал зөрөлдөөнөө шийдэхэд хамтран ажиллаж чадахыг онцлоод гарын үсэг зурсан тохиролцоог “Хятад хийгээд АНУ, бүх дэлхийн хувьд сайн зүйл” хэмээн үнэллээ. Энэ мэдээний дараа S&P 500 индекс өдрийн арилжааны бүх цаг үеийн рекордыг эвдэхэд тун ойртсон хэмжээгээр өссөн байна. Гэрээг үзэглэсэн өдөр АНУ- ын конгрессын төлөөлөгч дийн танхим Трампт үл итгэх асуудлыг сенатад оруулах шийдвэр гаргасан бөгөөд худалдааны дайныг эвлэрлээр өндөрлөх найдвар төрүүлэв. Цагаан ордон өмнөх захиргааны үед эхлүүлсэн зарим хэлэлцээрийг сэргээхээ мэдэгдээд буй. Гэвч шинэ тохиролцоонд тусгагдаагүй зүйлсийг шүүмжлээд эхэлжээ. Тухайлбал, Хятадын төрийн дэмжлэгтэйгээр Америкийн компаниуд болон Засгийн газрын байгууллагуудыг хакердсан гэх сэжиглэл, капитализмыг бий болгож, компаниудаа олон улсад гаргахын тулд ихээхэн татаас олгож буй явдал зэргийг онцолж байна. Трампын захиргаа эдгээр асуудлыг хэлэлцээрийн дараагийн шатанд тусгана гэсэн авч тэр нь хэзээ эхлэх, аль хэр удах зэрэг нь тодорхойгүй. Үүний сацуу АНУ Хятадаас ирдэг импортод ногдуулсан тарифынхаа гуравны хоёрыг хэвээр хадгалж үлдэв. Энэ нь дараагийн хэлэлцээнд хөшүүрэг болно гэж Трамп мэдэгджээ. Ямартай ч бизнесийн бүлгүүд шинэ тохиролцоог баяртайгаар хүлээн авав. АНУ-ын Худалдааны танхим хоёр улс дараагийн шатны хэлэлцээг “аль болох түргэн эхлэх нь чухал” хэмээн мэдэгдсэн байна. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Эдийн засагт эмгэг үүсгэх инфляцын аюул хол биш байна

 0 сэтгэгдэл
  • Хэрэглээний үнийн индекс зүүн бүсэд 6.1 хувь гарсан нь хамгийн өндөр үзүүлэлт байсан бол Улаанбаатар болон төвийн бүсэд тус бүр таван хувь гарсан нь хамгийн бага үзүүлэлт болов


Эдийн засгийн 2020 оны эрсдэл инфляц хэвээр байна. үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн индекс болох инфляц 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 5.2 хувьтай гарав. Энэ нь 2017 оноос хойших хамгийн нам үзүүлэлт болж байна. Инфляцын түвшнийг өнгөрсөн онтой харьцуулахад 2.9 хувиар буурчээ. Хэрэглээний үнийн индекс Зүүн бүсэд 6.1 хувь гарсан нь хамгийн өндөр үзүүлэлт байсан бол Улаанбаатар болон төвийн бүсэд тус бүр таван хувь гарсан нь хамгийн бага үзүүлэлт болов. Төрөөс баримтлах мөнгөний бодлогын энэ оны үндсэн чиглэлд инфляцыг найман хувиас хэтрүүлэхгүй байхаар тусгасан. Хэдий тийм боловч эдийн засагт үзүүлэх инфляцын дарамт нэмэгдсээр байна. Эдийн засгийн өнөөгийн “эрүүл мэнд”-ийг тодорхойлох инфляц 5.2 хувиар өсөхөд хүнсний бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн нь голлох нөлөө үзүүлжээ. Тэр тусмаа мах, махан бүтээгдэхүүний үнийн өсөлт үүний дийлэнх хэсгийг эзэлсэн байна. Мөн төрийн зохицуулалттай ус, цахилгааны үнэ нэмэгдсэн нь инфляц өсөх ээлжит шалтгаан болжээ. Инфляцын дундаж түвшин 2018 онд 6.8 хувь байсан бол өнгөрсөн онд 7.3 хувьд хүрэв. Үнийн индексийг “оношлох” хэрэглээний бараа, үйлчилгээний сагсанд нийт 373 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ, нийслэлийн хэмжээнд 344 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийг судалж, тооцоолж байна. Төгрөгтэй харьцах ам.доллар, юань тэргүүтэй валютын ханш чангарах болсноор үнийн өсөлтийн график өмнөх жилүүдийнхээс огцом өндөлзөх магадлалтай харагдана. 2020 оны улсын төсвийн зарлагын өсөлт импортыг урамшуулах, хэрэглээг дэмжихээр байгаа нь мөнгөний бодлогын шинэ сорилт болоод байна. Тухайлбал, төрөөс тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай шийдвэр хэрэгжиж эхэлснээр дотоодын зах зээлд сар шинийн баярын өмнө нэг их наяд төгрөг өрхийн хэрэглээг огцом өсгөж мэдэх нь. Монголын эдийн засаг ихээхэн эмзэг болж байгааг илтгэх инфляц сонгуулийн өмнө “тэсэрнэ” гэсэн хүлээлт их байна. Тэтгэврийн зээлийг тэглэх болсноор инфляц нэг хувиар нэмэгдэнэ гэсэн судалгааг төв банкнаас гаргасан. Хэдий тийм боловч ам.долларын ханшийн өсөлт, бэлэн мөнгөний нийлүүлэлт нэмэгдэхээр байгаа нь инфляц эдийн засагт эмгэг үүсгэх аюул хол биш байна. 







A

Жижиг

A

Дунд

A

Том

Г.Наранчулуун: Нийт нутгийн 70 гаруй хувь нь зудын эрсдэлтэй байна

 0 сэтгэгдэл
  • Харын зуд болох төлөвтэй тул отор нүүдлээр зохицуулалт хийхээр болсон
  • Малчид аймаг, сум дундын отор нүүдэл их хийж байгаагаас туурайн зуд, цасгүй боловч хараар зутрах нөхцөл үүсэж байгаагаас харын зуд болох төлөвтэй тул отор нүүдлээр зохицуулалт хийхээр болсон


Цас бага орсон, бэлчээрийн даац хэтэрсэн зэргээс болж зарим аймгуудад харын зуд болох эрсдэлтэй байгаа аж. Өвөлжилтийн нөхцөл байдал болон зудын эрсдэлийн талаар ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн үйлдвэрлэлийн эрсдэл, гамшгийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Наранчулуунаас тодрууллаа.


-Өвөлжилтийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Одоогийн байдлаар Увс, Завхан, Баян-Өлгий, Ховд, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Булган, Сэлэнгэ, Төв, Дундговь, Говь-сүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Говь-Алтай, Баянхонгор, Дорноговь, Өмнө-говийн хойд хэсгээр 1-31 см зузаан цастай байна. Гэсэн хэдий ч Ус, цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс гаргасан зудын эрсдэлийн зургаас харахад энэ сарын 2-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд их, 20 гаруй хувьд нь дунд зэргийн эрсдэлтэй байсан. 

-Зудын эрсдэлд өртөх магадлалтай аймгууд хэр байгаа бол? 

-Одоогийн байдлаар Ховд, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Завхан, Архангай, Булган, Хэнтий, Сүхбаатар, Дорноговь аймгийн ихэнх нутгаар, Баян-Өлгий, Увс, Баянхонгор, Хөвсгөл, Төв, Дорнод, Өмнөговийн зарим нутгаар өвөлжилт, хаваржилт хүндрэх эрсдэл ихтэй байна.

-Зарим аймгийн сумдад харын зуд болох магадлалтай байгаа гэсэн. Энэ үнэн үү?

-Өнгөрсөн жил зуншлага оройтсон, бэлчээрийн даац хэтэрсэн, цасан бүрхүүл харьцангуй эрт тогтсон нутгаар өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байна. Мөн малчид аймаг, сум дундын отор нүүдэл их хийж байгаагаас туурайн зуд, цасгүй боловч хараар зутрах нөхцөл үүсэж байгаагаас харын зуд болох төлөвтэй тул отор нүүдлээр зохицуулалт хийхээр болсон.

-Зудын эрсдэл ихтэй аймгуудад ямар нэгэн тусламж үзүүлж байгаа юу? 

-Засгийн газрын өнгөрсөн оны 419 дүгээр тогтоолоор зудын эрсдэлийг бууруулахад зориулж 1.7 тэрбум төгрөг зарцуулахаар болсон. Үүний хүрээнд отор нүүдэл ихтэй Өвөрхангай, Архангай, Дундговь, Төв, Булган, Завхан, Хөвсгөл аймагт тус бүр 50 сая төгрөг олголоо. Харин Дундговь, Өвөрхангай, Төв аймгуудад улсын нөөцийн 1710 тонн өвсийг үнэгүй, 1370 тонн тэжээлийг 50 хувь хямдруулан олгосон. Мөн Өвөрхангай, Дундговь, Булган, Төв, Хөвсгөл аймгуудын Онцгой байдлын газар, ХХААГ, Эрүүл мэндийн төвүүдэд 10 автомашин өгсөн. Түүнчлэн Өвөрхангай, Дундговь, Төв, Завхан, Хөвсгөл аймгийн ЗДТГ-т таван нэр төрлийн 40.3 сая төгрөгийн үнэ бүхий малын эм биобэлдмэл олгоод байна. Үүнээс гадна хивгийн дотоод зах зээлийг хамгаалах, үнийг тогтвортой байлгах, малчдад нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хивгийн экспортыг энэ сарын 1-нээс ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл хязгаарласан.











A

Жижиг

A

Дунд

A

Том

Сайхан болох гээд сайн дурынхнаар тоглуулсаар байх уу

 0 сэтгэгдэл
  • Маникюрын мах авдаг хэрэгсэл, шүдний чигчлүүр, сахлын татуурга гээд арьс гэмтээж, цус гаргах багаж ашигладаг бүх л үйлчилгээ халдвар тараах эрсдэлтэй
  • 2019 онд мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гоёлын гоо сайхны 186 газар хяналт шалгалт хийж, нян судлалын шинжилгээ, физик хэмжилт авахад зарим эмнэлэг, гоо сайхны газрууд эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн шаардлагыг хангахгүй байгаа нь илэрчээ
  • Гоо сайхны үйлчилгээ аваад хохирсон нэгэн эмэгтэй “15 мянгаар булган сормуус суулгуулсан. Гэтэл маргаашаас нь эхлээд нүд тэсэхийн аргагүй загатнаж, сормуусны сүв маань улайж үрэвссэн” гэж бидэнд ярилаа
  • Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төвд хумсны өвчлөлтэй холбоотойгоор 2016 онд 422, 2017 онд 360, 2018 онд 377 иргэн хандсан байна. Харин 2019 оны эхний 10 сарын байдлаар хумсны өвчлөлийн 476 тохиолдол бүртгэгдсэн нь энэ төрлийн өвчлөл ихсэж байгааг харуулж байна

Анхааралгүй орхиж боломгүй баримт Арьсны өвчин судлалын үндэсний төвийн жил жилийн тайлангаас харагдлаа. Энэ бол хумсны өвчлөл бөгөөд 2016 оноос хойш ийм эмгэгээ эмчлүүлэх гэсэн иргэдийн тоо тасралтгүй өсөж ирсэн байна. Тухайлбал, 2016 онд 422 хүн дээрх оношоор эмчилгээ хийлгэсэн бол, 2017 онд 360, 2018 онд 377 харин өнгөрсөн оны эхний 10 сарын байдлаар хумсны өвчлөлийн 476 тохиолдол бүртгэгдсэн нь энэ төрлийн өвчлөл ихсэж байгааг харуулж буй. Хумс засал бол ердийн л гоо сайхны үйлчилгээ. Гэтэл энгийн үйлчилгээ авсныхаа төлөө эмнэлгийн хаалга татах хэмжээнд хүрч буй нь гоо сайхны стандарт хангаагүй салон, гол чадвараа сураагүй гоо сайханчидтай холбоотой юм. Монголд Make up artist гэсэн шошгыг өөртөө наасан захын сайн дурын “уран сайханч” гоо сайханчаар ажиллаж байна. Энэ салбарт хумс будаж сураад маникюрчин, сормуус нааж чаддаг бол сормуус артист, нүүрээ дажгүй будчихдаг нь шивээсчин, сургалтын төв гэж бичээд сургуулийн хэмжээнд үнэлэгддэг газрууд олон болжээ. Харин өнөөх сургалтын төвийг төгссөн нөхөд өөрсдийгөө мэргэжлийн артист гэж нэрлэн, сормуус суулгах, хумс засал, нүүр будах үйлчилгээг гэрээр хүртэл хийж байгаа нь дээрх өвчний үндсийг тавьж байгааг эрүүл мэндийн салбарынхан анхааруулж байна. Охид бүсгүйчүүдийн мэдээллээ хуваалцдаг цахим сүлжээнд “Сормуус суулгуулах гэж очоод нүдээ гэмтээчихлээ, хумсаа засуулах гээд цусыг нь гаргачихлаа” гэх сэтгэгдлүүд олонтаа харагдана. Зориулалтын салонууд хүртэл шаардлага хангахгүй байхад гэрээр очиж үйлчилгээ үзүүлдэг “тэнэмэл” гоо сайханчдын балаг түүнээс ч их. Бүр энэ төрлийн явуулын ажлын байрны ард орон байрны хулгайн гэмт хэрэгтнүүд ч нуугдаж байсан тохиолдол бий. 

Сандал ширээ тавьсан болоод салоны үйлчилгээ амлаж буй газруудыг онцгойлон анхаарах хэрэгтэй

Гэрээр очиж үйлчилгээ үзүүлдэг сургалтын төвийн болсон болоогүй сертификаттай, энд тэндхийн булан тохойд сандал ширээ тавьсан болоод салоны үйлчилгээ амлаж буй газруудыг онцгойлон анхаарах хэрэгтэй. “Сормуус суулгуулахаар мөнгөө төлсөн. Гэтэл нүд маань хатгаж өвдөөд, хэд хоног нулимс гоожлоо. Өөрт нь хэлэхээр тоохгүй юм” гэх зэрэг гомдлыг цахим ертөнцөд олон харсан. Сэтгэгдэл хэсэгт нь гоёлын гоо сайхны үйлчилгээ аваад хохирсон хүүхнүүд хэдэн зуугаараа орж ирнэ. Тэдний дийлэнх нь хямд үнэтэй баталгаагүй гоо сайхны үйлчилгээ авсны улмаас хохирогч болох аж. Хумсаа будуулах, хөмсөг шивүүлэх, сормуус суулгах, нүүр будуулах, вакс хийлгэх гээд эмэгтэйчүүдийн энэ төрлийн үйлчилгээний эрэлт барагдахгүй. “Дуудлагаар очиж гелен хумс, бүх төрлийн будалт хийнэ” гэсэн зарын дагуу залгахад “Яг одоо яваад очих боломжтой. Гелен будалт 5-10 мянга, гелен хумс 15-30 мянгаар хийнэ” гэлээ. Эрүүл ахуйн стандартыг хэрхэн хангах талаар тодруулахад “Хумс будахын төдий халдвар авна гэж юу байхав. Би чанартай будаг хэрэглэж, багажаа зориулалтын уусмалаар ариутгадаг. Мөн мэргэжлийн сертификаттай” гэж хариулсан юм. Багаж, зүү тариурыг ариутгахдаа спиртээр арчдаг арга үеэ өнгөрөөж, зориулалтын туяагаар шарж, битүүмжлэн хадгалдаг, аль эсвэл нэг удаагийн багаж хэрэглэдэг болоод өчнөөн удаж буйг энд дурдах хэрэгтэй. 2019 онд мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гоёлын гоо сайхны 186 газар хяналт шалгалт хийж, нян судлалын шинжилгээ, физик хэмжилт авахад зарим эмнэлэг, гоо сайхны газрууд эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн шаардлагыг хангахгүй байгаа нь илэрчээ. Харин эмчилгээний гоо сайхны 57 эмнэлгийн найм нь үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн чиглэлд мэргэшсэн эмчгүй, Монгол улсад бүртгэлгүй өвчнийг оношлох, урьдчилан сэргийлэх шинэ техник, технологи, арга хэрэгсэл ашигласан, өөрсдийн баталсан эмнэл зүйн заавраар эмчилгээ явуулж байжээ. Мөн мэс заслын тусламж, үйлчилгээ явуулж буй эмнэлгүүдийн 59 хувь нь шаардлага хангаагүй агааржуулалтын системтэй, мэс заслын дараа шархны халдварын байдалд тандалт, судалгаа хийдэггүй, мэргэшсэн ариутгагчгүй, ариутгалын хэсэг нь шаардлага хангаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Маникюр, сормуус суулгах, хөмсөг шивэх зэрэг үйлчилгээнүүд хүний арьс салстад ажилбар хийдэг, гэмтээх эрсдлийг агуулдаг гэдгийг санах хэрэгтэй. Гоо сайхны үйлчилгээ аваад хохирсон нэгэн эмэгтэй “Сормуус суулгахаар нүд тодроод ирдэг учраас баярын өмнө үйлчилгээ авахаар шийдсэн. Эмэгтэйчүүд янз бүрийн л үйлчилгээ хийлгэдэг шүү дээ. Цаг зав бага, бас мөнгөний боломжиндоо тааруулан дуудлагаар сормуус хийнэ гэсэн охинд хандсан. 15 мянгаар булган  сормуус суулгуулсан. Гэтэл маргаашаас нь эхлээд нүд маань тэсэхийн аргагүй загатнаж, сормуусны сүв маань улайж үрэвссэн. Хийлгэсэн хүнтэйгээ холбогдсон боловч намайг блок хийгээд алга болсон. Халдварт өвчин аваагүйдээ баярлаж сууна. Бохир орсны улмаас үрэвссэн юм билээ” гэж бидэнд ярилаа.

Эмчилгээний гоо сайханд стандарт бий ч гоёлын гоо сайханчдад тавигдах шаардлага хангалттай бус

Хүний арьсны гоо сайхантай холбоотой эмгэгийг эмчлэх, мэс засал хийх, арьс гэмтээх үйлчилгээг үзүүлж, эмчлэхэд чиглэсэн зөвлөгөө өгөх эрх бүхий, тусгай зөвшөөрөлтэй, мэргэжлийн байгууллагын үйлчилгээг эмчилгээний гоо сайхан гэнэ. Харин гоёлын гоо сайхны үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд арьс салстыг гэмтээх үйлчилгээ үзүүлэх эрхгүй. Зөвхөн массаж, нүүр будалт, маникюр, педикюрын үйлчилгээ үзүүлэх эрхтэй. Манайд үйл ажиллагаа явуулдаг үсчин, гоо сайхны салон гэсэн газрууд гоёлын гоо сайхны үйлчилгээг үзүүлдэг. Журмандаа маникюр, педикюрын үйлчилгээ үзүүлж болно гэсэн заалт байдаг боловч, тэдэнд тавигдах шаардлага тодорхой бус. Гэтэл В,С,D вирус нь арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдсан үед буюу цусаар мөн бэлгийн  замаар халдаж болно. Маникюрын мах авдаг хэрэгсэл, шүдний чигчлүүр, сахлын татуурга гээд арьс гэмтээж, цус гаргах багаж ашигладаг бүх л үйлчилгээ халдвар тараах эрсдэлтэй аж. Халдварт өвчин судлалын үндэсний төвд өдөрт 30 хүн үйлчлүүллээ гэхэд тэдний 10-15 хувь нь гоёлын гоо сайхны үйлчилгээнээс халдвар авсан байгааг мэргэжлийн эмч онцолж байв. Баталгаагүй үйлчилгээний цаана таны насан туршийн эрүүл мэнд, гоо сайхан золиос болох аюултай тул хямд үнээр үйлчилгээ үзүүлэхийг санал болгож буй явуулын гоо сайханчид, баталгаагүй газруудаар үйлчлүүлэхгүй байхыг уншигчдадаа зөвлөе. 

Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч, Д.Дэлгэрбаяраас тодрууллаа. 

-Сүүлийн жилүүдэд маникюр, педикюрын сургалт олширч байна. Энэ төрлийн сургалтын үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад ямар шаардлага тавьдаг вэ? 

-Сургалтын байгууллагууд Хөдөлмөр, нийгэм, хамгааллын яамнаас зөвшөөрлөө авдаг. Манайх эрх зүйн хүрээнд сургалтын төвүүдэд хяналт шалгалт хийх эрхгүй. Өнгөрсөн онд төлөвлөгөөт шалгалтыг үсчин, гоо сайхны газруудад хийсэн. 

-Гоёлын гоо сайхны үйлчилгээ эрхлэгчдэд тавигдах нэгдсэн стандарт гэж бий юу? 

-Багажаа ариутгах, эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан эсэх, мэргэжлийн ур чадвар нь ямар хэмжээнд байна гэхчлэн хумс гоо заслын үйлчилгээ тодорхой хэмжээний эрсдэл дагуулдаг. Ширээ, сандал тавиад л үйлчилгээ үзүүлж байна. Гэвч үсчин, гоо сайхны газрын стандарт гэж байдаг ч маникюр, педикюрын үйлчилгээний стандарт гэж байхгүй нь асуудал дагуулж байна. Яам нэгдсэн стандарттай болгохоор ажиллаж байгаа юм билээ. Зөвхөн маникюр, педикюрын үйлчилгээ үзүүлэгчдэд төлөвлөгөөт шалгалт хийх боломжгүй учир иргэдээс ирсэн гомдлын дагуу шалгалт хийдэг. Гэхдээ гоо сайхны газруудад төлөвлөгөөт шалгалт хийхдээ хамт хяналт тавьж, шаардлагатай зөрчлийг арилгуулах арга хэмжээ авдаг. 

-Ихэвчлэн ямар төрлийн зөрчил илэрдэг вэ. Эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулсан бол тухайн газрыг хаах боломжтой юу? 

-Ерөнхийдөө мэргэжлийн бус хүмүүс үйлчилгээ үзүүлж байна. Ариутгал, эрүүл ахуйн нөхцөл хангалтгүй гэх мэт нийтлэг зөрчил бүртгэгддэг. Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авна. Харин үйл ажиллагааг нь шууд зогсоох эрх бидэнд байхгүй. Хуулийн дагуу прокуророос зөвшөөрөл авах ёстой.