A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2789/

“Яг түүн шиг” шоуны эхлэл, бас төгсгөлд нь байгаадаа таатай байна

Өөртөө итгэлтэй гэхээс илүүтэй бүтээх гэж буй дүрээ сайн гаргахыг маш их хичээж байна

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2789/


Universe Best songs 2010 тэмцээнээс од болон гялалзсан дуучин П.Баярцэнгэл яг одоо Holly dolly-г дуулсаар тайзан дээр гэрэлтэж байна. Хоолой нь сөөсөн байгаа нь “Яг түүн шиг” шоуны финалын бэлтгэлтэй холбоотой болов уу. Тэрбээр сайн жүжигчин, өвөрмөц дуучин гэдгийг бид андахгүй. Мөн Монголын ард түмнийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж чаддаг “Яг түүн шиг” шоуны анхны шилдэг оролцогч билээ. Ингээд жүжигчин, дуучин П.Баярцэнгэлтэй ярилцсанаа хүргэе.

-“Яг түүн шиг” шоуны тайзнаа эргэн ирсэн сэтгэгдэл ямар байна вэ?

-Сэтгэгдэл маш сайхан байна. Энэ шоуны хамгийн анхны дугаарт оролцож байсан бол одоо сүүлийнхэнд нь мөн оролцож байна. Эхлэл бас төгсгөлд нь байгаадаа таатай байна. Энэ бол нэг үеийн уран бүтээлчид оролцож түүх бүтээж буй шоу Хөгжилтэй, дурсамжтай түүхийн нэг хэсэг болсондоо үнэхээр их баярлаж байна.

-Тэгвэл хувирахад хамгийн хэцүү дүр аль нь байв?

-Ер нь бүх л дүр амаргүй байсан. Анхны шоунд сүүлийн шатны Бруно Марсын ялагч болдог үзүүлбэр маш хэцүү байсан. Харин энэ шоунд Лэди Гагаг дуурайх амаргүй байлаа. Бүжгийн бэлтгэлээс авахуулаад дуулалт гэх мэт зүйлс хүндрэлтэй байсан.

-Та Бруно Марсыг дуурайгаад ялагч болсон. Мөн энэ улиралд Лэди Гагагийн Аlways remember us this way дуугаар түрүүлсэн гэхээр хэцүү хүнд байх тусам танд ээлтэй байдаг юм биш үү?

-Бэлтгэл их хийж, маш их хичээсэн болохоор тэр юм болов уу (инээв).

-Энэ жилийн шоу анхныхаас юугаараа ялгаатай байна вэ?

-Энэ жилийн шоунд өмнө нь 10 дугаарыг давж ялагч болсон шилдгүүд оролцож байгаагаараа  онцлог. Туршлагатай хүмүүс байгаа болохоор илүү үзүүштэй, өрсөлдөөнтэй, чанартай сайхан болсон болов уу. Мөн Боловсрол телевиз шоунд анхаарлаа сайн хандуулсан байна лээ. Тайз засал, цаашлаад хамт ажиллаж буй багийн хувьд ч тэр бүх зүйл нь илүү шинэлэг болсон байна.

-Бруно Марсаар гайхшируулж байсан үе саяхан санагдаж байна. Финалын бэлтгэл хангагдсан уу. Өөртөө хэр итгэлтэй байна вэ?

-Бэлтгэл дажгүй ээ. Финалын бэлтгэлээс болоод хоолой сөөчихөөд явж байна даа. Өөртөө итгэлтэй гэхээс илүүтэй бүтээх гэж буй дүрээ сайн гаргахыг маш их хичээж байна. Үзэгчдэдээ финал дээр гэнэтийн бэлэг барина аа.

-Шоугаа дуусгаад уран бүтээлдээ орох уу?

-Одоо ч гэсэн уран бүтээлдээ анхаарал хандуулж байна.

-Ёодлоо хэзээ ч орхихгүй гэж байсан. Ёодлоороо уран бүтээл хийж байгаа юу?

-Одоогоор барьж авсан уран бүтээл алга. Ерөнхийдөө ярьж тохирсон зүйлүүд бий. Хийж дуусгаад л мэдэгдэнэ дээ.

-Та ёодлыг цаашид хөгжүүлэхийн тулд багшлах бодол бий юу?

-Ёодлын фестивальд явахад 10 мянга орчим хүн оролцсон. Дийлэнх нь европчууд байна лээ. Ер нь Азид ёодлын хөгжил муу. Тэр дундаа Монголд энэ төрөл огт хөгжөөгүй. Тиймээс суръя гээд ирсэн хүнийг түлхэхгүй ээ. Гэхдээ онол талаас нь зааж чадахгүй байх. Учир нь би өөрөө youtube багштай, сонсголоороо сурсан хүн шүү дээ.

-Цөөнгүй кинонд тоглоод амжсаныг мэдэх юм. Уран сайхны кинонд хэчнээн дүр бүтээгээд байна вэ. Өөртэйгөө төстэй дүрд төглож байв уу?

-Яг тоолж байгаагүй юм байна. Анх 2011 онд “Аз жаргалын эрэлд” гэдэг кинонд тоглож байлаа. Надад ихэвчлэн хөгжилтэй талын дүр оногддог юм. Энэ нь амьдрал дээр зохиолынхоо баатартай төстэй шинж юм уу даа. Ерөнхийдөө найруулагч хүн зохиолоо уншчихаад баатартай нь тохирох хүнийг сонгодог учраас бүх дүрд төстэй тал бий.

-Та дуулах авьяасаа аав, ээжээсээ өвлөж авсан гэж ярилцлагадаа өгүүлж байсан. Харин таны авьяасыг хүүхдүүд тань өвлөж авсан уу?

-Одоогоор айхтар мэдэгдсэн юм алга. Гэхдээ дуу хуурт их дуртай. Саяхан манай хоёр морин хуур нэхсээр байгаад авахуулсан. Хоёулаа бие биедээ таарсан жижиг морин хууртай болсон. Хэрэв өөрсдөө сонирхоод байвал цаашдаа хөгжүүлнэ гэж бодож байгаа.

-Та хүүхдүүддээ ёодол зааж өгөх гэж оролдож байв уу. Ер нь гэр бүлдээ хэр их цаг зарцуулдаг вэ?

-Оролдож байгаагүй. Гэр бүлдээ бол цаг сайн зарцуулдаг. Шоуны бэлтгэл гээд зав муутай байгаа ч гэр бүлдээ зарцуулах цагаасаа хумслахгүй ээ.

-Хэзээ ч санаанаас гардаггүй, сэтгэлд хоногшсон бага насны дурсамжаасаа хуваалцвал?

-Манай аав Пүрэвсүрэн гэж соёлын тэргүүний ажилтан, дуучин хүн байдаг юм. Сүхбаатарын соёлын ордон гэж байхад гавьяат Ш.Чимидцэеэ гуай аавтай хамт ажилладаг байлаа. Би таван настай байсан юм. Тэр үед манай жаазанд Ш.Чимэдцээеэ гуайн аавтай авахуулсан залуугийн зураг нь байдаг байв. Нэг өдөр би тэр зургийг ширтээд их уджээ. Аав анзаарчихаад “Миний хүү юу харсан юм” гэсэн чинь “Гүй ээ мөн сайхан хүүхэн юм аа” гэсэн гэдэг. Аав ээж хоёр одоо хүртэл үүнийг ярьж шоолдог юм.

• Шоуны бэлтгэл гээд зав муутай байгаа ч гэр бүлдээ зарцуулах цагаасаа хумслахгүй ээ. 

• Энэ удаагийн шоунд Лэди Гагаг дуурайх хамгийн хэцүү байлаа. 

• Нэгэн үеийн уран бүтээлчид оролцож түүх бүтээж буй шоу. Хөгжилтэй, дурсамжтай түүхийн нэг хэсэг болсондоо үнэхээр их баярлаж байна.

-Та багадаа ямар хүүхэд байв. Ямар хичээлд дуртай байсан бэ?

-Мэдээ орсон цагаасаа л дуу хуур, урлаг, уран сайхан, хөгжимд өлгийдүүлсэн. Тиймдээ ч хичээл номонд нэг их дуртай биш. Зохиолын дуу сонсох дуртай. Тэр дундаа дуучин Ч.Бат-Эрдэнэ, С.Жавхлангийн дууг их сонсдог хүүхэд байлаа. Урлагийг хайрладаг, хүндэлдэг байсан, одоо ч хэвээрээ.

-Та урлагт ийм их хайртай мөртлөө яагаад дуучин биш жүжигчний мэргэжлийг сонгосон бэ?

-Одоо би хоёуланг нь хослуулж байна. Энэ л миний харсан ирээдүй юм даа. Дуучин хүмүүс ихэвчлэн дуулна, бүжиглэнэ, жүжиглэнэ олон талын авьяастай байдаг. Тиймээс тал бүрийн авьяасаа хөгжүүлэх хэрэгтэй юм байна, жүжигчний мэргэжил эзэмших хэрэгтэй гэдэг үүднээс 2007 онд Д.Жигжидийн нэрэмжит Кино урлагийн дээд сургуульд элсэж, 2011 онд төгссөн. Үндсэн мэргэжлээсээ гадна дуулалтаа хөгжүүлж эхэлсэн. Залуу хүмүүс өөрийгөө хөгжүүлж л байх хэрэгтэй.

-Хамгийн анхны бүтээлээ хийчихээд өөрөө үзэхэд ямар сэтгэгдэл төрж байв?

-Сайн санахгүй байна. Гэхдээ их л ичиж байсан болов уу. Яагаад гэвэл тэр үед мөнгө багатай болохоор энд тэндээс гуйж түүж байгаад чанар муутай бүтээл хийж билээ. Үүнээс илүү гоё хийсэн бол гэсэн бодол төрж байсан шүү.

-Танд үлгэр дуурайл авдаг урлагийн хүн бий юу?

-Дэлхийн болоод Монголын үе үеийн шилдэг дуучид, жүжигчдийг хүндлэлгүй яахав. Тэр дундаа Жеки Чаныг хамгийн ихээр хүндэлдэг. Тэр хүн бол агуу жүжигчин, мөн мундаг тамирчин. Зургаан хэлээр ярьдаг, муугүй мэдлэгтэй хүн. Хамгийн гол нь хөдөлмөрч, тэвчээртэй. Олон удаа ясаа хугалж байсан мөртлөө хэзээ ч шантарч кино урлагийг орхиогүй. Түүний авьяас, хөдөлмөр, тэвчээрийг хүндлэхгүй байхын аргагүй.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Миний бүтээл хүн бүхний хүрдэггүй өндөрлөг байгаасай гэж хүсдэг

Ер бусын, яаж зурсан нь ойлгомжгүй тийм л зурганд би дуртай

 0 сэтгэгдэл


Монголд болсон АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр гадаадын төр, засгийн тэргүүнүүдийн хөрөг зургийг гэрэл зургаас ялгагдахааргүй зурж, авьяас билгээрээ гайхагдаж байсан Тулгабаатарын Чингистэй ярилцлаа.

-Зураач болохын тулд цаанаасаа өгөгдөл байх ёстой гэж та боддог уу?

-Миний хувьд 33 хувийн авъяас, үлдсэн нь хөдөлмөр гэж боддог. Ямар ч ажил хийж байгаа хүнд тодорхой хэмжээний авьяас байдаг. Гэхдээ бүтээлч ажилд авьяас зайлшгүй хэрэгтэй. Авьяасгүй хүн мянга хөдөлмөрлөөд амжилтад хүрэхгүй шүү дээ. Урлаг гэдэг машин бариад ундаа зөөдөг үйлчилгээний ажлаас тэс өөр зүйл. Маш олон цагаар нэг зүйл дээр төвлөрч байж өчүүхнийг бүтээдэг. Асар их тэвчээр, хөдөлмөр шаардсан ажлыг уран бүтээлчид хийдэг. Зөвхөн зураг ч гэлтгүй бүх л урлагийн төрөл тийм байдаг гэж би боддог. Харин Монголоор дүүрэн бага зэргийн авьяастай хэрнээ залхуу хүүхдүүд байх болжээ.

-Та өөрийн цахим хуудастаа “Хүсэл жижиг байж болно, гол нь “амттай” байх нь чухал” гэж бичсэн байсан. Амттай байх гэдэг нь яг юуг хэлж байгаа юм бол?

-Хэн нэгний урдаа тавьсан зорилго том байна уу, жижиг байна уу гэдэг чухал биш. Гол нь тэр зорилгодоо хүрэхийн тулд өөрт оногдсон цаг хугацаа, нөөц боломжийг ашиглах нь л хамгийн чухал. Харин зорилгодоо хүрсний дараа төрж байгаа тэр л сэтгэл ханамж, таашаал бол аз жаргал. Ийм сэтгэхүйг нийгэмд суулгаж өгөхгүй болохоор аз жаргал гэж юу байдгийг мэдэж байгаа хүн бараг үгүй шахам болчих гээд байна. Надад Монголын эрчүүд арай л арчаагүй, ялзарсан харагддаг. Эмэгтэйчүүд бол хүүхдээ төрүүлээд хийх ёстой зүйлээ хийж байгаа. Хэрэв эрчүүд миний хэлсэн шиг таашаалтай ажил хийгээд эхэлбэл Монгол Улс маань хөгжинө.

-Хэрэв та социалист системийн үед амьдарч байсан бол тухайн үеийн баригдмал, хяналттай, хайрцаглагдмал сэтгэлгээг хэрхэн давах байсан бол?

-Би оюутан байхын л их зөрүүд байсан. Тухайн үед багшид таалагдах л гэж ангиараа нэг ижил зүйл зурдаг байлаа. Харин надад багшийн таалах, эс таалах чухал байгаагүй. Тиймээс зөвхөн өөрийнхөөрөө, гэхдээ юмыг тултал нь хийхийг хүсдэг байв. Социализмын үед амьдарч байсан бол би балрах байсан байх аа /инээв/. Надад ажил ч олдохгүй байсан биз. Миний авьяас чадвар тухайн үед хамаагүй байлаа. Зөвхөн даргад л таалагдах нь чухал байж. Ямар азаар би ардчилсан нийгэмд төрөөд, олон нийтэд бүтээлээ хүргэх боломжтой амьдарч байгаа юм гэж боддог.

-Оюутан байхдаа сургууль дээрээ амьдрах шахуу байсан гэсэн?

-Би СУИС-ийн дүрслэх урлагийн сургуульд байхдаа хоногийн 24 цаг, хэдэн сараар ч хамаагүй урландаа амьдардаг хүүхэд байсан. Бараг гэртээ харихгүй. Хааяа сургуулийнхаа ариун цэврийн өрөөний тосгуурт хальт үс толгойгоо угаачихаад л явж байдаг. Гэхдээ урлангаасаа гарахгүй тэгж их сууж байж л бусдаас нэг алхам илүү болдог байлаа шүү дээ. Харин боломжтой айлын бусад хүүхдүүд заавал гэр рүүгээ харих ёстой гэж боддог. Ингээд харахаар монголчууд нэг тийм баригдмал сэтгэлгээтэй, аймхай нь ажиглагдаад байдаг. Сурч мэдэхээс юунаас нь тэгтлээ айдаг юм бэ. Тараад л үхчих гэж байгаа юм шиг гэр рүүгээ явчихна. Эсвэл гадуур тэнэнэ. Сурахаа хойшлуулж байгаа тэр бүх цагаа ашиглаж, төвлөрч байж л жаахан бүтээл гардаг байхгүй юу.

-Таныг оюутан байхад Гадаад харилцааны сайд асан Ш.Алтангэрэл 108 хөрөг зураг зуруулах захиалга өгч байсан юм билээ. Тэр захиалга таныг хөрөг зурдаг болоход их нөлөөлсөн гэж сонссон. Хэрэв тухайн үед Ш.Алтангэрэл сайд таниар хөрөг зуруулаагүй бол одоо ямар төрлийн зураач болох байсан бол?

-Яасан айхтар асуулт вэ. Би шашин шүтдэггүй л дээ. Гэхдээ сайн үйл хийгээд зөв явбал сайхан зүйлстэй учирдаг гэдэгт би итгэдэг. Би оюутан байхдаа хичээлээ үнэнчээр хийдэг байлаа. Тэр үнэнч зангийн минь шагнал болж Шүхэртийн Алтангэрэл гэдэг мундаг хүнтэй таарсан болов уу гэж боддог. Би багаасаа хүний царай зурах дуртай хүүхэд байсан болохоор ямар ч байсан хөрөг зураач л болох байсан байх.

-Хөрөг зурахдаа тухайн хүнийхээ үндсэн араншинг хэрхэн гаргадаг вэ. Та өмнө нь өгсөн ярилцлагадаа ихэр хүүхдүүд хүртэл хоорондоо өөр байдаг гэсэн байсан?

-Би аливааг философи талаас нь их боддог. Хөрөг бүтээж байхад зураачид төрж байгаа тэр мэдрэмж өөрөө маш өндөр түвшний хөгжимлөг байх ёстой. Миний бүтээлүүд хүн харахад жирийн нэг хөрөг мэт боловч хүссэн болгон хүрч чадахгүй тийм өндөрлөг цэг нь байгаасай гэж би хүсдэг. Нэг тийм үгээр хэлж, дүрсэлж боломгүй, уран нарийн мэдрэмж гэх юм уу даа. Танд би яг яаж илэрхийлэхээ сайн мэдэхгүй байна. Ер бусын, яаж зурсан нь ойлгомжгүй тийм  л зурганд би дуртай.

Эмэгтэй хүн төгс талдаа учраас гоо сайхныг нь илүү тодотгож зурах дуртай


-Тэгвэл та тэр “өндөрлөг” мэдрэмжээ хаанаас олж авдаг вэ. Зураач хүнээс уран бүтээлчийн онгодын талаар асуухгүй байж болохгүй байх...

-Тэр мэдрэмж бол төвлөрлөөс л үүдэж байгаа. Төвлөрөхийн тулд би өөртөө саад болох бүх зүйлээс өөрийгөө тусгаарлаж, урлан гэдэг онцгой орон зайдаа байхыг илүүд үздэг. Монголд бол бүтээлч ажил хийх нөхцөл тааруу. Нэг газар түгжрээд зогсоход хамаг цаг нь яваад өгнө. Түгжирч түгжирч арай гэж ажилдаа очоод яг төвлөрч эхэлтэл тарах цаг нь болдог. Тийм болохоор би урлан, гэр хоёрынхоо зайг албаар ойрхон байхаар сонгосон. Харин онгодын тухайд олон цагаар нэг зүйлийг тасралтгүй хийсний эцэст хэсэгхэн хугацаанд өндөрлөгт хүрэх тэр мэдрэмж юм болов уу гэж боддог. Нэг зүйлийг дахин дахин хийж байж л төгс бүтээл гарна шүү дээ. Хүмүүс компьютер, утсыг бүтээхдээ ч хэдэн цаг, сараар тасралтгүй хийсний эцэст л сая нэг цогц системийг бүтээсэн байх. Яг үүн шиг урлагийн бүтээл, уран зураг гэдэг чинь олон цагаар ажиллаж байж л сая нэг бүтээл болно.

-Хөрөг, тэр дундаа эмэгтэй хүнийг зурах илүү хэцүү байдаг гэж та хэлсэн байсан. Яагаад тэр юм бол?

-Дэлхий ертөнцийн сайн сайхан нь үргэлж эмэгтэйчүүдэд л байдаг. Эр хүн бол тэсрэлттэй, огцом араншинтай болохоор сайн ч юм хийнэ, муу ч зүйл хийнэ. Магадгүй би өөрөө эрэгтэй хүн болохоор эмэгтэй хүн зурахад хэцүү байдаг байх. Ер нь эмэгтэй хүн төгс талдаа учраас сайхныг нь илүү тодотгож зурах би дуртай. Харин урлаг гэдэг нэг талаасаа шүүмжлэх ёстой гэсэн шиг тэр эмэгтэйн үрчлээг нь, хүүхэд байхдаа санаандгүй унаад авсан сорвийг нь зураад байх чинь муухай шүү дээ.

-Энэ амьдралаас хүн олон зүйлийг авдаг бас алддаг. Харин хэзээ ч хаяж, гээж боломгүй зүйл таныхаар юу вэ?

-Би аав болохоосоо өмнө өөрийгөө дэлхийн төв мэтээр төсөөлдөг байлаа. Гэтэл хүн гэдэг амьтан чинь гэр бүл, үр хүүхэдтэй болохоор өөрийнхөө төлөө биш бусдын төлөө амьдарч эхэлдэг юм байна. Одоохондоо би хүүхдүүддээ баян чинээлэг амьдрал өгч чадаагүй байгаа. Гэхдээ хүүхдүүддээ цаг гаргаж чаддаг тийм л аав гэж өөрийгөө боддог. Хүүхдүүдтэйгээ өнгөрөөх цагаас минь хэн нэгэн хумслахыг би зөвшөөрөхгүй. Тиймдээ ч хүүхдүүдтэйгээ байх үед хэн нэгэн зав гаргахыг хүсвэл би шууд татгалздаг. Тэр зангаасаа болоод би зарим хүний хувьд их муу хүн л дээ /инээв/.

-Таныхаар сайхан гэдэг ойлголт ямар байдаг вэ?

-Хүний гоо сайхныг харах нүд нас насанд өөр байдаг. Насанд хүрсэн хүмүүсийн хувьд нэгийгээ гомдоож харлуулсаар байгаад харах өнцөг нь хүртэл нэг л тийм бүүдгэр болчихдог. Тэгэхээр хүүхдийн нүдээр харах нь л гоо үзэсгэлэнг илүү олж харах боломжийг олгодог гэж би боддог. Хүүхдийн тэр хайрцаглагдаагүй, гэгээхэн, өнгөлөг байдлыг л дуурайхыг хичээдэг. Ер нь хараад байхад багаасаа л жаргал дунд өсчихсөн хүмүүс зовлонгийн тухай юм бүтээх дуртай байдаг. Ээж, аав, эмээ, өвөө нь зовлонгийн салхийг нь хааж хамгаалаад өсгөчихдөг болохоор өөрийнхөө үзээгүй тэр зовлонгоор дутагдаад байдаг юм шиг санагддаг. Тийм хүмүүс зовлонгийн тухай ярих, бичих, харгислалын тухай зурах дуртай байдаг юм шиг анзаарагддаг.

A

Жижиг

A

Дунд

A

Том

С.Чулуунбаатар: Монголын их хаад дэлхийн соёл урлагт асар их нөлөө үзүүлсэн

НҮБ-ын төв байранд үзэсгэлэнгээ гаргана гэдэг ховор завшаан

 0 сэтгэгдэл


Өнгөрсөн долдугаар сард Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд монгол зураач С.Чулуунбаатарын үзэсгэлэн гарсан нь олны сонирхлыг багагүй татсан. Монголын их хаадын хөрөг зургуудыг багтаасан тус үзэсгэлэнг орон орны Элчин сайдууд ирж сонирхсоноос гадна Америкт амьдардаг монголчууд олноороо зорин очин үзсэн юм. “Сэнгэраги” арт галерейн зураач С.Чулуунбаатарыг сониныхоо хүндэт зочноор урьж, тус үзэсгэлэнгийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

-НҮБ-ын төв байранд үзэсгэлэнгээ гаргана гэдэг зураач болгонд олдоод байдаг завшаан биш байх. Хэрхэн, яаж үзэсгэлэн гаргах болсноо бидэнд сонирхуулаач?

-Хүн болгонд олдохгүй завшаан гэдэг үнэн л дээ. Өнгөрсөн тавдугаар сард монгол бичиг, Монголын өв соёл гэдэг үзэсгэлэн НҮБ-ын төв байранд зохион байгуулагдсан юм. Зөвхөн монгол бичиг цуглуулагчдын бүтээлийг онцолсон үзэсгэлэн.

Энэ үзэсгэлэнгийн гол зохион байгуулагчаар би оролцсон юм. Монгол бичиг гэдэг монгол гэртэйгээ л төгс зохицно шүү дээ. Тэр ч утгаараа Монголоос таван ханатай гэр авчирч, үзэсгэлэнгээ чимсэн. Үзэсгэлэн маань сайхан болж, олон хүн сэтгэл хангалуун үзлээ. НҮБ-ын  ерөнхий нарийн бичгийн даргын орлогч үзэсгэлэнгийн нээлтэд ирж оролцсон. Маш олон орны Элчин сайдууд ирж, Монголын өв соёлоор үнэхээр бахархсан л даа. Тэр үед НҮБ-ынхан ярилцаад надад өөрийн үзэсгэлэнгээ гаргах санал тавьсан юм. Сайхан үзэсгэлэн зохион байгуулсны шагнал гэх үү дээ.

НҮБ-ын төв байранд хувь уран бүтээлч үзэсгэлэнгээ гаргана гэдэг амаргүй зүйл. Дор хаяж хоёр жилийн өмнөөс хүсэлтээ гаргана. Үзэсгэлэнд тавигдах бүтээл нь НҮБ-ын үзэл санаатай нийлж байх ёстой гээд шалгуур өндөр. Харин надад ийм сайхан боломж олдож байхад ямар бүтээлээр үзэсгэлэнгээ гаргах вэ гэж их бодлоо.

Би олон жил хөрөг зурсан хүн. Тиймээс хөрөг зургаараа л үзэсгэлэн гаргая гэж шийдсэн. Эхэндээ энгийн монгол хүмүүсийн хөрөг зургаар хийдэг юм уу гэж бодож байв. Харин Монголд ирээд нэлээд бодсоны эцэст их хаадынхаа хөрөг зургаар үзэсгэлэн гаргая гэж шийдсэн юм.

Би сүүлийн дөрөв, таван жил Монголын хаадын судалгааг өөрийнхөө хэмжээнд хийж ирсэн. Судалгаан дээрээ түшиглээд богино хугацаанд бүтээлүүдээ гаргаж чадсан л даа. Өмнө нь судалгаа хийж байгаагүй бол ингэж зурж чадахгүй шүү дээ. Хамгийн гол нь түүхэн эх сурвалжтай хөргүүдийг одоогийн хүмүүсийн нүдээр харвал ямар байх бол, Монголын их хаад ямархуу царай төрхтэй байсныг хүмүүст үзүүлье гэж бодсон. Би хэн нэг хааныг өөрийн төсөөллөөр зохиогоод зурж болохгүй. Тиймээс түүхэн эх сурвалжтай хөрөг зургуудын жагсаалт гаргаж байгаад 17 хааныг сонгож авсан. Мэдээж Чингис, Хубилай, Өгөөдэй хааныг хүн бүр мэднэ. Харин бусад хаадыг тэр бүр мэддэггүй шүү дээ.

Би өнгөрсөн жил ахмад дипломатч, доктор О.Нямдаваа ахтай хамтраад Ил хаадын хөргийг зурж байсан юм. Энэ хөргүүдийг бас үзэсгэлэндээ ашигласан. Судрын чуулганд Ил хаадын дүр төрхийг бүгдийг дүрсэлсэн байдаг. Гэхдээ араб, перс маягаар дүрсэлсэн болохоор бид ойлгож хүлээж авахад бэрх. Тиймээс илүү бодит байдал руу нь дөхүүлж зурахыг хичээсэн.

Харин Юань гүрний хаадын хөрөг Тайванийн хааны ордонд хадгалагдаж байдаг. Эдгээр хаадаас гадна Өндөр гэгээн Занабазар, Богд хааны хөргийг оруулсан. Үзэсгэлэнд тавигдсан хаадын хөрөг дунд хоёр хатан бий. Бид түүхэнд тодоор бичигдсэн хатдаа судалж, олонд таниулах ёстой гэсэн үүднээс оруулсан юм. Үүний нэг нь Хубилай хааны гол хатан Чаби хатан. Нөгөө хатан нь Сэнгэраги гүнж. Би өнгөрсөн жил галерейнхаа нэрийг Сэнгэраги болгож өөрчилсөн нь энэ хатантай холбоотой. Монголын хаад, хатад зөвхөн дайн байлдаан хийж, газар нутаг эзлээд байгаагүй. Тэд дэлхийн соёл урлагт асар их нөлөө үзүүлсэн гэх өнцөг гаргаж ирэх үүднээс Сэнгэраги гүнжийн зургийг зурсан юм.

Сэнгэраги гүнж бол Хубилай хааны гуч охин, дэлхийн соёл урлагт маш их нөлөө үзүүлсэн хүн. Тэр гүнжийн хамгийн алдартай цуглуулга гэвэл Тайванийн хааны ордонд байгаа Монголын хаадын хөргүүд. Бидний мэддэг Чингис, Хубилай, Өгөөдэй хааны хөрөг зургууд бүгд Сэнгэраги гүнжийн цуглуулгад байсан юм. Сэнгэраги гүнж XIII зуунд Бээжинд маш том харш бариулж, тэндээ цуглуулгаа дэлгэн язгууртнуудад үзүүлж байсан түүх бий. “Хубилай хааны ан” гэж дэлхийд алдартай зураг бий. Тэр зураг Сэнгэраги хатны хамгийн шидээвэр, гол цуглуулгад тооцогддог. Тайвань улс энэ зургаар дэлхийд өөрсдийгөө сурталчилж байна шүү дээ. Гэтэл Тайванийн хааны ордонд байдаг алдартай зураг чинь манай Сэнгэраги гүнжийн цуглуулга байсныг хүмүүс бараг мэддэггүй. Энэ мэтээр Монголынхоо өв соёлыг дэлхийд таниулсан нь үзэсгэлэнгийн гол ач холбогдол юм даа.

Үзэсгэлэнгийн нээлтэд дээр 10 гаруй орны Элчин сайд хүрэлцэн ирлээ. Мөн Америкт амьдардаг монголчууд маш олноороо зорьж ирж үзсэн.

-Үзэсгэлэнг үзсэн хүмүүсийн сэтгэгдэл ямар байх юм?

-Гадаад, дотоод гэлтгүй бүх хүн монгол хаадын дүр төрхийг сонирхож, их асууж байсан. Хайсан хүлэг хаан гэдэг ийм хүн байсан юм уу гэх мэтээр их асуусан. Урлагийн хэл бол дэлхийн аль ч орны хүмүүс шууд нэвтрэлцэж болдог хэл. Тиймээс хүмүүс зураг харж, тайлбарыг нь уншаад Монголын хаадын талаар нэлээд сайн ойлголттой болж чадсан болов уу.

-Үзэсгэлэнд тавигдсан зургуудыг харлаа. Үе үеийн хаадын хөрөгнөөс арай өөр, өвөрмөц онцлогтой санагдсан. Таны арга барилын онцлог уу?

-Зургийн хэллэгийн хувьд орчин үеийн урлагийн хэв шинж агуулагдсан. Гэхдээ орчин үеийнх болгоно гээд янз бүрийн абстракт хэлбэр рүү оруулаагүй. Аль болох бодит дүрийг нь барьж зурахыг хичээсэн. Мөн бусад зургийг бодвол илүү өнгөлөг, хүний анхаарал татахуйц байлгахыг бодсон. Жишээ нь, Чингис хааны хөргөөс бидний мэддэг ерөнхий дүр төрх харагдаж байгаа. Гэхдээ өнгө, найруулга нь арай өөр. Хөрөг болгоныг анхаарч, “уншаад” үзвэл  утга санаагаа илэрхийлж байгаа. Хаан бүрийн гол гавьяа, түүхэнд байгуулсан үүргийг хөрөг зурагтаа шингээж өгсөн юм. Чингис хааны гол гавьяа тархай бутархай монгол овог аймгуудыг нэг тамгын дор нэгтгэсэн. Тэр ч утгаараа Монголын овог аймгуудын тухайн үеийн тамгыг зургандаа оруулах жишээтэй.

-Аль хааны хөргийг зурахад хамгийн хэцүү байв?

-Зурахад хамгийн хүндрэлтэй байсан нь Ил хаадын хөргүүд. Яагаад гэвэл, нэгдүгээрт араб, перс эх сурвалжуудтай. Араб маягаар зурчихсан хөргийг одоогийн монголчууд ойлгоход хэцүү шүү дээ. Үүнийг бодит болгох хамгийн хэцүү байсан.

Тухайн үед зарим улс оронд хүний хөрөг зурах нь шашныхаа хувьд хориотой байсан. Харин монголчууд тэнд хаанчилснаар энэ хүлээс тайлагдаж, хүний царай төрхийг зургаар илэрхийлэх боломж бүрдсэн түүхтэй.

Хүлэгү хааны хүү Абага хааны хөрөг гэхэд хувцас хэрэглэл нь яг Судрын чуулган дээр байснаараа буусан. Булган захтай, улаан нөмрөгтэй, алтан утастай дээл өмсөх зэргээр үнэхээр ганган чамин хүмүүс байжээ. Доторх дээлнийхээ хээг гаднах нөмрөгний хээтэйгээ нийлүүлсэн зэрэг нь хувцас дизайны хувьд төгс бүтээлд тооцогдохоор. Энэ бүгдийг нэгд нэгэнгүй буулгана гэдэг амаргүй байлаа.

-Хөргийг нь зурчих юмсан гэж бодож явдаг ямар хаан байна вэ?

-Монголын түүхэнд дэлхийн хэмжээний олон хаан тодрон гарсан. Саяын үзэсгэлэнд минь 17 хаааны л хөрөг багтлаа. Хаадын хөрөг зураад байхаар сүүлдээ өвчилж эхэлдэг юм байна. Дахиад нэг хааны бодит хөргийг олоод зурчих юмсан гэж байнга бодоостой. Мэдээж Монголд их хаадын хөрөг зураг зөндөө бий. Гэхдээ эх сурвалж дээр үндэслээгүй, зохиогоод зурчихсан хөрөг их байдаг юм. Тиймээс эх сурвалжаа олж авах нь хамгийн чухал.

Эх сурвалж дээр үндэслээгүй, зохиогоод зурчихсан хаадын хөрөг их байдаг

-Зураач бүрт өөр өөрийн арга барил бий. Тухайн зургийг хараад энэ тийм зураачийн бүтээл байна гэж танигддаг. Тэгвэл таны уран бүтээлийн онцлог юу вэ?

-Би 1989 онд сургууль төгссөнөөс хойш 30 жилийн турш хөрөг зурлаа. Зураач бүр хөрөг зураад байдаггүй. Миний хувьд олон жил хөрөг зурсны хэрэг энэ удаагийн үзэсгэлэн дээр гарлаа. Мэдээж зураач болгоны бүтээл бусдаасаа ялгардаг. Тиймээс тухайн уран бүтээлчийг өөр хүнтэй харьцуулж болдоггүй юм. Миний хувьд фото зураг шиг яг тэр дүр төрхийг гаргахыг хүсдэггүй. Аль болох орчин үеийн тод өнгө шингээж өгөхийг боддог. Гэхдээ өвөрмөц арга барил орууллаа гээд үндсэн дүр төрхийг орхигдуулж болохгүй.

-Үзэсгэлэнд тавигдсан зурагнууд хаана хадгалагдах вэ. Зарах уу?

-Худалдаж авах санал тавьсан хүмүүс бий. Гэхдээ би зарах бодолгүй байгаа. Энэ бол НҮБ-д тавигдсан түүхэн зураг болохоос худалдааны зорилготой биш. Би үзэсгэлэнд тавигдсан зургаараа ном хийж байна. Энэ номондоо хаадын түүхийг маш дэлгэрэнгүй оруулж байгаа. Жишээ нь, Хайсан хүлэг хааны үед ийм зоос, тамга хэрэглэдэг байж гэх мэтээр өөрийн хэмжээнд цуглуулсан баримтуудаа шигтгэж өгөх юм. Энэ номон дээр минь түүхчид, урлаг судлаачид гээд олон хүн хамтран ажиллаж байгаа. Мөн НҮБ-д гаргасан үзэсгэлэнгээ арав юм уу арваннэгдүгээр сард Монголдоо гаргахаар төлөвлөж байна. Ер нь би бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байгаагүй юм билээ. Гэтэл хувь тохиолоор анхны үзэсгэлэн маань НҮБ-ын төв байранд гарч таарлаа. Харин одоо Монголынхоо үзэгчдэд бүтээлээ сонирхуулах гээд зав муутай л явж байна даа.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Цэцэгний хүүрнэл буюу амар амгалангийн жор

Уртын дууны шуранхай сансар огторгуйд хүртэл сонсогддог

 0 сэтгэгдэл


Компьютерийнхоо дэргэд кактус цэцэг тавих нь дэлгэцнээс гарах хорт туяаг саармагжуулах ач тустай. Тэгвэл хүн бүрийн тарьж ургуулах дуртай энэхүү цэцэг ярьдаг гэвэл та итгэх үү.

Япон улсын Фүжигийн судалгааны хүрээлэнгийнхэн кактустай “ярилцах” төхөөрөмжийг 70 орчим жилийн өмнө зохион бүтээж байжээ. Тус төхөөрөмжийг ашиглан кактуснаас гарч буй долгионыг дуу авиа болгосноор түүний бодол санааг “сонсох” боломжтой  гэж үзсэн аж. Улмаар 1950 онд Японы эрдэмтэн Хашимио өнөөх төхөөрөмжөө ашиглан өөрийн тарьсан кактусанд “Япон цагаан толгой” зааж өгч байжээ. Судлаач Хашимио кактус цэцэгт цагаан толгой хэрхэн зааж өгч, харилцан ойлголцож байгааг “Ургамлын нууц амьдрал”  баримтат киноноос үзэж болох юм. Үүнтэй адилаар Монгол Улсад ч гэсэн кактус ярихыг сонсох боломжтой. Зарим нь хэдийн сонссон ч байж магадгүй.

“Scylla Media Group”-ийн уран бүтээлч Ц.Энхдомог гэх залуугийн “Дуу авианы үзэсгэлэн”-г сонирхсоноор цэцэгтэй ярилцаж үзэх хүслээ гүйцэлдүүлэв. Тус үзэсгэлэнгийн өвөрмөц хэв маяг нь хүмүүсийн анхаарлыг ихэд татаж байв. “Ургамлын дотоод мөн чанарыг ил болгож, хүмүүсийн эргэн тойронд байгаа амьд биетийн дуу чимээг хүмүүст зааж өгөх зорилготой. Хийсвэр төсөөлөл ашиглан эко дуугаралт гаргаж кактусыг яриулахыг хичээсэн” хэмээн Ц.Энхдомог тайлбарлаад чихэвч рүү зааж, сонсож үзэхийг зөвлөсөн юм. 5-10 минут сонсож үзсэний дараа үнэхээр өвөрмөц мэдрэмж төрж байлаа. Үгээр илэрхийлж, үзгээр бичиж боломгүй санагдана. Хэрвээ кактус ярьдаг байсан бол ингэж л дуугарах байсан болов уу гэхээс өөр бодол орж ирсэнгүй.

Дараагийн сонирхол татсан нэг зүйл нь зүүднээс сэдэвлэсэн Shita хэмээх бүтээл байлаа. Таазнаас зүүсэн шүхрийг тойруулан хар утас унжуулсан байх нь содон харагдана. Уг бүтээл нь  хүүхдээ амлуулж буй цэвэр ариун эхийн дуу хоолойг шингээснээр муу энерги, сөрөг бодлыг үлдэн хөөж, өөрийгөө анагаах увидастай аж. Анхаарлаа төвлөрүүлээд 30 минут сонсоход бие сэтгэл амар амгаланг мэдэрч, сэтгэлзүйчээс дутахааргүй эрч хүч өгдөг байна.

Тус үзэсгэлэнг сонирхож байсан урлаг судлаач А.Оюунзаяа “Хүмүүсийг дотооддоо төвлөрөхөд тусалсан үзэсгэлэн байна. Ялангуяа Shita гэдэг бүтээл нь их таалагдлаа. Сэтгэл санааны зөрчилтэй, эсвэл ямар нэгэн асуудал тулгарсан бол энд ирэх хэрэгтэй гэж зөвлөмөөр байна” гэв.

Хүн ам ихээр суурьшсан Улаанбаатар хотын агаарын бохирдол, дуу чимээний стрессээс болж хүмүүс ихээр ядарч, бухимддаг. Тиймээс физик дуу авианы тусламжтайгаар томоохон хот суурин газруудад хэсэгчилсэн суурилуулалт хийснээр энэ бүх бохирдсон дуу чимээг засах боломжтой гэнэ. Энэ бүгдийг ойлгуулахын тулд “Дуу авианы үзэсгэлэн ”-г үзэгчдийн хүртээл болгожээ. Дуу авиа нь олон талын ач холбогдолтой байдаг аж. Тухайлбал, гурван хэмжээст ертөнцөд оруулсан салхины бүтээл нь Монгол Улсад нэн ховордож буй ан амьтдыг хамгаалахад чиглэсэн байна. Манай улсад жил бүр 700-4000 тооны идлэг шонхор шувуу шонгийн модны утсанд орооцолдон үхдэг гэх харамсалтай статистик бий. Харин тусгай дуу авиа ашигласнаар “алуурчин шон”- гоос шувууг үргээх боломжтой юм.

• Кактуснаас гарч буй долгионыг дуу авиа болгосноор түүний бодол санааг “сонсох” боломжтой. 

• Анхаарлаа төвлөрүүлээд 30 минут сонсоход бие сэтгэл амар амгаланг мэдэрч, сэтгэлзүйчээс дутахааргүй эрч хүч өгдөг байна. 

• Томоохон хот суурин газруудад хэсэгчилсэн  суурилуулалт хийснээр энэ бүх бохирдсон дуу чимээг засах боломжтой.

“Салхи нь хэлбэр дүрсгүй, гарт баригддаггүй гэдэг. Харин бид байгалийн салхийг бичиж аваад өнцөгт оруулсан” хэмээн уран бүтээлч Ц.Энхдомог хэлж байлаа. Үүнээс гадна ухаалаг хэрэглээ ихсэж, амьд харилцаа үгүй болж байгаа энэ нийгэмд аквариумд тойрон эргэлдэх бета загас шиг ганцаардмал биш байгаасай хэмээн усны чимээг дуу авиагаар илэрхийлсэн байна. Мөн одон орон судлаач эрдэмтэд дэлхийгээс сонсогдох хамгийн тод дуу чимээг судлах явцад уртын дууны шуранхай хил хязгааргүй сансар огторгуйд сонсогдсон гэх яриа бий. Үүнийг үндэслэн сансар огторгуйг уртын дуутай хослуулсан байна.

Энэ сарын 12-21-нийг дуустал үргэлжилсэн тус үзэсгэлэнг 300 гаруй хүн үзэж сонирхсон бөгөөд тэдний ихэнх нь урлаг судлаач, зураач, шинэ залуу үеийн хөгжим сонирхогчид байжээ. Дуу авианы гайхамшгийг мэдрүүлсэн энэхүү үзэсгэлэнг цаашид улирал тутам зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.

A

Жижиг

A

Дунд

A

Том

О.Эрдэнэчулуун: Монгол дарх дэлхийд байхгүй содон урлаг

Нэг дор 10 килограмм алт давтаж бурхан урласан дархан цөөн байх

 0 сэтгэгдэл


Монголчуудын гэр сууц гэж авсаархан, хаана ч барьж болохоор онцлог бүтэцтэй эд. Тиймдээ ч уран дархан, урлагийн гавьяат зүтгэлтэн О.Эрдэнэчулуун гуай өөрийн урласан гэрээ хувийн галерей дотроо барьчихсан сууна. Монгол дархны нарийн ур хийц нэвт шингэсэн энэхүү урлагийн бүтээл үүднээсээ эхлээд л хараа булааж, нүд хужирлахаар нандин, бас уран ховор хийцтэй юм. Хаалганы бариул нь зааны толгойтой, хоёр тийшээ нээгддэг хаалган дээрээ эвтэй дөрвөн амьтан урласан нь орж ирж буй зочдыг эвтэй, сайн сайхан байгаасай гэдгийг ерөөсөн утгатай гэж урлаач маань тайлбарлав. Энэхүү гэрийг Монголын бүх бэлгэдлийг шингээн урлажээ. Гэрийн тоононд хүчит амьтдын дүрс, төрийн сүлдийг товойлгон хийсэн байна. Уран дархны нөр их хөдөлмөр, хөлс шингэсэн энэхүү бүтээл Монголын нэгэн хосгүй бүтээлийн тоонд зүй ёсоор бичигдэж ч мэдэх юм. Олон хүний дөрвөн жилийн хөдөлмөрийг шингээсэн энэхүү гэрийн нэр нь “Эрдэнийн алтан өргөө”. Эрдэмтэй хүмүүс эл өргөөнд цугларч сайн сайхныг ярьж, ном хаялцаж байгаасай хэмээн ерөөж бүтээсэн учраас ийн нэрлэсэн гэдгээ уран дархан О.Эрдэнэчулуун гуай хэлж байлаа. Ингээд түүнтэй ярилцсанаа уншигчдадаа хүргэе.

-Таны урласан гэр ямар нарийн уран хийцтэй юм бэ. Та том бүтээл хийе гэж зорьж урлав уу,эсвэл хэн нэгэн захиалсан юм уу?

-Миний амьдралдаа хийсэн бүтээлүүдийн томоохон нь юм даа. Уран дархан хүн ашиг харж урлал хийвэл бүтээл чанартай болохгүй. Олон жил хийсэн ажилдаа хүн дурлачихдаг юм. “Эрдэнийн алтан өргөө”-г өөрийнхөө дур сонирхлоор урласан. Энэ сайхан бүтээл өөрөө бүтсэн гэж хэлж болох байх. Оюуны өмч нь хэдийгээр миний нэр дээр боловч найман хүний хүч хөдөлмөр, ур ухаан шингэсэн бүтээл л дээ. Үнэ өртгийг нь тооцвол орсон материалаасаа шалтгаалаад багагүй л юм гарах байх. Гэхдээ нарийн өртөг хэлэх боломжгүй. Хүн сонирхоод авья гэвэл үгүй гэхгүй. Энэ өргөөний онцлог нь угсардаг, орчин үеийн хийцтэй, оосор бүчгүй, хана нь салахгүй, эвхэгдэхгүй. Багана бол зүгээр бэлгэдлийн маягтай тулчихаад байгаа юм. Түүнээс баганагүй байсан ч болно. Униных нь үзүүрт сагалдарга байхгүй, углуургаар угсарна.

-Таныг төрийн дархан гэж авгайлдаг. Энэ цол хэргэмийг ямар бүтээлээр хүртсэн юм бэ?

-Төрийн дархан гэж албан ёсоор олгодог цол байхгүй л дээ. Засаг, төрийн захиалгаар бүтээл урладаг болохоор түмэн олон тэгж авгайлсан байх. Гэхдээ төрийн дархан гэсэн хүндлэлийг хүлээсэн цөөн хүний тоонд багтдагаараа бахархдаг. Харин урлагийн гавьяат зүтгэлтэн бол албан ёсны цол.

-П.Очирбат гуай Ерөнхийлөгч байхдаа АНУ-д айлчлахдаа тус улсын Ерөнхийлөгч Ж.Бушд таны бүтээлийг бэлэглэж байсан гэл үү?

-1990 он юм даа. МҮДН-ын дарга Да.Ганболдод би ажил урлалаа үзүүлснээр тэр үед Ерөнхий сайд байсан Д.Бямбасүрэн гуайн сонорт хүрсэн юм билээ. Д.Бямбасүрэн гуай манай гэр урлангаар зочилж миний урласан бүтээлүүдийг сонирхсон юм. Түүнээс хойш би засаг, төртэй хамтарч ажиллах болсон. Тухайн үед биднээр мөнгөн тоногтой, эрдэнийн чулуун чимэглэлтэй хатгамал “Цагаан дарь эх” бурхныг захиалгаар хийлгэж, Ерөнхийлөгч П.Очирбат гуай АНУ-д айлчлахдаа эцэг Ж.Бушд бэлэглэж байлаа. Үүнийхээ хөлсөнд бидэнд 40 килограмм цагаан мөнгийг улсын банкны эрдэнэсийн сангаас гаргуулан өгч байсан юм. Бас 30 мянган төгрөг өгсөн. Энэ нь миний уран бүтээлийг төр засаг дэмжсэн, үнэлсэн шагнал юм даа.

-Үүнээс хойш та төрийн захиалгаар хэчнээн бүтээл урлав?

-Улсын эрдэнэсийн санд миний урласан хоёр бүтээл хадгалагдаж байгаа. Үүнд би сэтгэл өндөр байдаг юм. Уран дархчуудын дунд “Баян Намсрай” бурхан бүтээлгэх нууц тендер зарласан. Уг тендерт оролцсон есөн дархныг дуудаад нэг нэг бурхан хийлгэсэн. Есөн дархнаас шалгарч, Э.Баярцогт бид хоёр хамтарч 10 килограмм алтаар “Баян Намсрай” бурхан урлах үүрэг хүлээсэн. Нэг дор 10 килограмм алт давтаж бурхан урласан дархан цөөн байх. Мөн 2017 онд Улсын эрдэнэсийн сангийн захиалгаар “Мөнгөн мод” бүтээл урлаж өгсөн. Энэ бүтээлд 18.2 кг мөнгө, 50 гр алт орсон. Түүнчлэн төв банкны тамгыг 100 лан цагаан мөнгөөр урласан удаатай. Нэрлээд байвал чамгүй урт жагсаалт болох байх. Төр засгийн тэргүүн зочдод зориулсан бэлэг дурсгалын мөнгөн сэлэм, хэт хутга, шатар олныг хийж өгч байлаа.

-“Дархан хүн бурхан ухаантай” гэж хэлц үг бий. Та удам дамжсан уран дархан уу?

-Би уран дархны мэргэжлийг сонирхох болсон маань бэр эгч З.Цэцгээгийн гоёл чимэглэлтэй холбоотой. Бэрийн эцэг Зундуй нь уран дархан хүн байсан бөгөөд түүний хийсэн эд хэрэглэлийн ур хийц намайг дархан болох хүсэл сэдэлтэй болгосон юм. Өвгөн дархан Зундуйн зөвлөснөөр 1978 онд багш Д.Батцэнгэлд шавь орж, дарх хийх гараагаа эхэлж байлаа. Надад эрдэм мэдлэг, ур ухаанаа харамгүй хайрлаж, чаддаг бүхнээ зааж сургасан олон багш бий. Багшийн эрдэм шавиас гэж. Сайн багшаас л сайн шавь төрнө шүү дээ.Д.Батцэнгэл багш сүлжмэл хэрэглээний эдлэл, Ж.Батбаяр багш баримал цутгуур, М.Ганбаяр, Ж.Төмөрбагана багш нар маань уран хөөмөл хийх аргыг зааж сургасан. Цагийн жамаар зарим нь бурхны оронд одож, одоо Ж.Төмөрбагана багш маань л надад сайн зөвлөгч минь болж байна.

-Сайн багшаас сайн шавь төрнө гэснээс та өөрөө хэчнээн шавьтай вэ. Энэ нарийн ур хийцийг хэн нэгэн өвлөж үлдвэл улс оронд хэрэгтэй байх, тийм үү?

-Шавь бий бий. Уран бүтээл урлахынхаа хажуугаар бас багшилдаг. Сурсан мэдсэнээ хойч үедээ зааж үлдээлгүй яахав. Гайгүй нэрд гарч магадгүй гэсэн хэдэн сайн шавьтай болсон. О.Соёлбаатар, Г.Сэргэлэн, А.Ганзориг, Х.Хүрэлтулга, Э.МөнхЭрдэнэ гэж гарын таван хуруу шиг  сайн шавь нар бий. Эднийг улсад тоогдохоор уран гартнууд гэж би хувьдаа үнэлээд байгаа юм. Уг нь дарх яаж хийдгийг олон залуу заалгасан. Зарим нь өнгө, мөнгө хөөгөөд явчих юм. Аливаа бүтээл туурвидаг хүн өнгө, мөнгө хөөвөл жаахан онцгүй л дээ. Хүн бүтээл хийхдээ сэтгэл оюун, ур ухаан бүгдийг шингээн урлаж байж сая төгс бүтээл болно. Ялангуяа бурхан урлахад маш нарийн ур хийц, стандарт, хэмжүүр шаарддаг. Бас нарийн дүрэмтэй. Миний уран  бүтээлийн гол чиглэл бол бурхан урлал. Дэлхий нийтэд шашны урлал сонгодог урлалд тооцогддог. Тийм ч утгаараа ур хийц алдаагүй байх ёстой.

БУРХАН УРЛАЛД НЭГ Л ДҮРЭМ БАРИМТАЛДАГ

-Таны урласан “Ногоон дарь эх” бүтээл Дизайнеруудын холбооны шилдэг бүтээлээр шалгарч байсан гэсэн. Бурхан урлалын онцлог нь юу байх вэ?

-“Ногоон дарь эх” бурхан бол өнгө нь ногоон л байх ёстой. Баруун талын хөлөө суудлынхаа урдуур сул жийсэн, хөлийнхөө уланд бадамлянхуяа цэцэгтэй байх ёстой. Ийм байдлаар л “Ногоон дарь эх”-ийг бүтээнэ. Хэрэв хоёр хөлийг нь завилж суусан байдлаар бүтээчих л юм бол буруу болоод явчихна шүү дээ. Өндөр гэгээний урласан бурхдын онцлог бол хүний биеийн анатомыг маш нарийн, цэгцтэй гаргаж чадсан. Хаанаас нь ч харсан хүн гэдэг агуулгаар урласан байдгаараа онцлог. Нас тогтсон эмэгтэйн хамгийн сонгодог суудлыг Өндөр гэгээний “Ногоон дарь эх” бурхнаас харж болно. Бурхан урлалын дэг жаяг бол гарын байрлал, хөдөлгөөн, мэлмий, өнгө нь гажих ёсгүй. Нэг л дүрэм баримталж урлах ёстой. Бурхан урлаач дэг жаягийг нь зөрчиж болохгүй. Балбын урлаачдын хийдэг “Ногоон дарь эх” бол хөлийнхөө уланд бадамлянхуа цэцэггүй байдаг.

Хөдөлгөөнт дүрсийг бүтээлдээ тусгадгаараа миний ур хийц ялгаатай болов уу

-Урлаг судлаач, шинжээчид энэ хийц бол уран дархан О.Эрдэнэчулууны бүтээл мөн байна гэдгийг яаж таних вэ. Бусдын бүтээлээс ялгарах онцлог байна биз?

-Сайн бүтээл цаг хугацааны хувьд шалгарч үлдэх байх. Одоохондоо манай улсад монгол дархны онцлогийг ялгаж судалдаг судлаач ховор байна. Сүүлийн хэдэн жилд л монгол дархны урлаг сэргэж байна. Магадгүй 10, 20 жилийн дараа энэ тэрний ур хийц, онцлог гэдгийг нарийн шинжилж тогтоож чаддаг болох байх. Мөнгөн аяга гэхэд л энэ тэрнийх гэж ялгарахааргүй болчихоод байгаа. Уран дархны хийцүүд сонгодог хэв маяг руугаа орох хараахан болоогүй байна. Мөнгө, орлого хөөсөн цаг үед бид амьдарч байна. Хуучны дархчууд шиг сонгодог хэв загвартай бүтээл гаргах нь ховор байна шүү дээ. Миний фэнүүд л миний хийцийг мэднэ. Сонгодог хэлбэрт очвол танигдахүйц содон хийцтэй болно.

-Ямар ч уран дархан хүнд минийх шүү гэж таниулах нууц тэмдэг байдаг болов уу гэж бодоод байна. Яагаад ч юм төрд тоогдсон дархан хүний бүтээл хэдэн зуун жилийн дараа асар өндөр үнэ хүрч болно шүү дээ. Тэр үед юугаар нь таних вэ гэдэг л сонирхол татаад байна?

-Дархан хүний бүтээлдээ шингээдэг нууц гэж бий (инээмсэглэв). Монголын оюуны өмчийн хуулиар баталгаажсан хувийн тэмдэг дарх хийдэг хүн бүрт бий л дээ. Өндөр гэгээн л гэхэд нууцлалын цэг тэмдгээ хамгийн нууц газруудад нь тавьсан байдаг нь түүхийн ном зохиолуудад гардаг. Хүмүүс сүүлийн үед тэнгэрт хальсан аавдаа, ээждээ тусгайлан зориулж бурхан бүтээлгэдэг болж. Ингэж үе дамжсан бүтээл туурвихад ямар цаг үед, хэн бүтээж өгөв гэдгийг нууцлалын тэмдгээр нь таних ёстой байх. Амьтны хөдөлгөөнт дүрсийг бүтээлдээ тусгаж гаргадгаараа миний ур хийц бусдаас ялгаатай болов уу. Мэдээж уран дарх хийдэг хүн бүрт бусдаас ялгарах зүйл байгаа шүү дээ. Социалист нийгмийн үед гар урлалыг дарж байхад амьтны дүрс урлал устах шахаж байсан. Тэр үед амьтны дүрс урлалаар дагнаж байлаа.

АЖАА ГЭГЭЭНИЙ ТАХИЛЫН ЦӨГЦҮҮДИЙГ УРЛАЖ ӨГСӨН

-Гандантэгчинлэн хийдийн Жанрайсиг бурхныг бүтээхэд та гар бие оролцож байв уу?

-Тэгэлгүй яахав. Би багшийнхаа хамт оролцож байсан. Миний хамтарч ажилладаг хүмүүсийн дийлэнх нь лам нар, тэр дундаа гэгээн, ренбүчи нар байдаг. Эд бол миний захиалагч бас зөвлөгч, багш нар юм даа. Ажаа гэгээн гэхэд тахилын найман цөгцийг 15 лан цэвэр мөнгөөр хөөмөлдүүлж, 80 грамм алтаар амсарлуулж бүтээлгэсэн. Амарбаясгалант хийдийн хүндэт хамба Гүрдаваа ренбүчийгийн захиалгаар Зайсан дахь “Бурхан багшийн сэрэг дүр бүхий Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит төв”-д шашны эдлэлүүд, бурхад, бурхан багшийн найман суваргыг 60 см-ийн өндөртэйгээр зэс хөөмөл, алтан шармалаар урлаж өгсөн. Мөн алтан шармал, зэс хөөмөл “Мэгжид Жанрайсиг” бурхан, “Богд Зонхов” бурхныг хоёр шавийн хамт цэвэр мөнгөөр бүтээж байлаа. Би Гүрдаваа ренбүчийгийн хувийн дархнаар ажилладаг байсан юм.

-Уран дархан гэж яг ямар хүнийг хэлэх вэ. Эвтэйхэн хэлбэртэй бөгж цохичихдог хүн байсан ч манай монголчууд дархан гэж хэлдэг шүү дээ?

-Энэ бол нийтлэг нэр л дээ. Нарийн яривал бүхий л төрөл шингэсэн нэлээд түвэгтэй мэргэжил бол уран дархны мэргэжил. Ер нь монгол дарх бол дэлхийд байхгүй содон урлаг. Мөнгөн аяга л гэхэд дэлхийд байхгүй. Модон дээр мөнгөн металл бүрхсэн аяга бол Монголоос өөр хаана ч байхгүй. Тэгэхээр монгол дархны хийц хамгийн өндөр түвшинд хөгжсөн гэж би хувьдаа дүгнэдэг.

-Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш монголчууд мөнгөн эдлэлээ хэрэглэдэг болсон. Түүнээс социалист нийгмийн үед алт, мөнгөн эдлэл үнэ цэнэгүй байлаа шүү дээ. Тэр үед та өөр ажил хийж байв уу?

-Социалист нийгмийн үед бага сага хийдэг байсан. Гэхдээ чөлөөтэй бүтээл урлаж чаддаггүй л байлаа. Ачигч, сантехникийн селесарь хийж явсан үе бий. Хувиараа хөдөлмөр эрхлэхийг зөвшөөрдөггүй байсан шүү дээ. Хийсэн багахан эд зүйлээ зараад дамын наймаа хийсэнд тооцогдож цагдаад дуудагддаг байлаа. Багажаа хураалгах, баривчлагдах гээд дарамт шахалт амсаж л явлаа. Ер нь улсад ажиллахыг их шахаж шаарддаг байсан даа. Ингэлээ гээд би уран дархны ажлаа орхиогүй. Цаг тутамд суралцсаар яваад л өнөөдрийн амжилтад хүрсэн. 40 жил энэ ажлыг хийж байна. Он удаан жил нэг ажлаа хийгээд, нэг бодлыг олон давтамжтай бодохоор үйлдэл болдог гэж лам нар тайлбарладаг. 40 жилийн бодол хэдэн мянга дахин давтагдахад оюун болж хувирдаг юм байна. Энэ оюун ухаан дараа төрөлд дамжихад авьяас болж хувирдаг гэж буддистууд тайлбарладаг юм. Бурхан урлах бүрт багш нараасаа зөвлөгөө авдаг болохоор шашны талаар элдвийг ч хүүрнэх тохиолдол гардаг. Магадгүй миний бүтээсэн бурхдад нүдэнд өртөхгүй алдаа байхыг үгүйсгэхгүй. Бүр уран тансаг байдал дээрээ хүний сэтгэлд хүрэхгүй байх вий гэж би өөрийгөө байнга голдог. Бурхан багшийн дүрийг урлахад баруун гарын дунд хурууг суудлынхаа жавдан болсон бадамлянхуа цэцгийн ирмэг дээр хүргээгүй л байвал буддагийн номонд заасан нэг тэгийг алдчихлаа л гэсэн үг. Тэгэхээр баруун гарынхаа дунд хуруугаар бадамлянхуа цэцгэн дээрээ заавал тулсан байх ёстой. Ийм байдлаар урлаж чадвал ариуны дээдийг биедээ шингээж байна гэсэн үг. Гэтэл одоогийн залуус юмыг нарийн ажиглахгүй байна. Уран дарх хийхэд маш нарийн ажиглалт хэрэгтэй.

Түүний галерейд өрнөсөн бидний яриа энэ хүрээд өндөрлөсөн юм. Төрөөс хүртсэн олон шагнал  дурсамж, түүх өгүүлсэн олон зургуудаа ханандаа өлгөжээ. Номын шүүгээн дээрээ “Намсрай” бурхан бүтээж байсныг нь гэрчлэх батламж, “Мөнгөн мод” бүтээснийг нь батлах өргөмжлөлөө тавьсан нь өвгөн дархны бахархал гэлтэй.