A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5347/

Ядуурлын түвшнээр толгой цохидог тойргууд руу МАН хууччуулаа дахин илгээсэн нь даажигнал уу

Ядуурлын түвшнээр толгой цохидог тойргууд руу МАН хууччуулаа дахин илгээсэн нь даажигнал уу
 1 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/5347/
  • МАН-ын нэр дэвшүүлэх ажиллагаа шударга бус болсныг намын гишүүд нь илчлэв
  • МАН-ын нэр дэвшигчдийг дэмжихгүйгээ орон нутгийнхан илэрхийлж эхлэв

Намаасаа УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ авсан эрхмүүд АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж өгөх гээд завгүй байна. АН болон бусад нам эвсэл 76 тойрогт нэр дэвших хүмүүсээ олон нийтэд албан ёсоор зарласан бол эрх баригч МАН хамгийн сүүлд буюу өчигдөр ил болов. Нам, эвсэл, бие даагчдын нэр дэвшсэн байдлаас харвал Орхон аймаг, Хан-Уул дүүрэгт хамгийн олон нэр дэвшигч өрсөлдөхөөр болжээ. АН-аас нэр дэвшигчдийн 71 хувь нь шинэ нэр дэвшигч бөгөөд 40 хувь нь эдийн засагч, 30 хувь нь хуульч, 7.5 хувь нь инженер мэргэжилтэй бол “Зөв хүн электорат” эвсэл хуульч, эдийн засагч, инженерийг 30 хувьд нь дэвшүүлж, Шинжлэх ухааны салбарын 30 гаруй хүнийг нэр дэвшүүлжээ. Мөн “Шинэ эвсэл”-ээс нэр дэвшигчдийн 20 гаруй хувь нь хуульч, 15 хувь нь бизнес, эдийн засгийн мэргэжилтэй, үлдсэн нь бусад мэргэжлийн төлөөлөл байна. Харин эрх баригч МАН-аас нэр дэвшигчдийн дийлэнх нь УИХ, Засгийн газрын гишүүд байгаа юм. Тойрогт нэр дэвшүүлсэн байдлаас харвал АН тойрог бүртээ шинэ нэр дэвшигч “шингээсэн” бол МАН олон тойрогт хуучин гишүүдийг илгээжээ. Тухайлбал, Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Дундговь, Өвөрхангай, Увс, Ховд, Хэнтий, Хөвсгөл зэрэг аймагт УИХ-ын гишүүн, сайд, Засаг дарга нар нэр дэвшиж байгаа. Эдгээр аймаг өнгөрсөн жил ядуурлын түвшингээр толгой цохисон. Тэр дундаа дан УИХ-ын гишүүд нэр дэвшиж буй Говь-Алтай аймагт ядуурлын түвшин 45.1 хувь, Ховдод 40.9, Архангайд 38.2, Увс 29.6, Хөвсгөлд 25.3 хувьтай байна. Энэ нь тэргүүлэгч аймгаас хоёр дахин бага үзүүлэлт юм. Өмнө нь сонгогдож өнгөрсөн дөрвөн жилд нутаг орноо хөгжүүлж чадаагүй хүмүүс дахин нэр дэвшиж байгаа нь даажигнал уу. Харин “Шинэ эвсэл” УИХ-ын гишүүнээр ажилласан Л.Болд, Ж.Батзандан, Ш.Сайханбамбуу, Б.Жаргалсайхан нарыг, “Та бидний эвсэл” Н.Энхбаяр, С.Ганбаатар, Ц.Ганхуяг, Б.Батбаатар, Ц.Оюунбаатарыг нэр дэвшүүлсэн бол “Зөв хүн электорат” эвсэлд А.Ганбаатараас өөр төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүн алга. УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу намууд 20 хүртэлх квотдоо эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлж буй. Энэ сонгуулиар “Зөв хүн электорат” эвсэл 21, “Шинэ эвсэл” 18, “Та бидний эсвэл” 17 эмэгтэйг нэр дэвшүүлсэн бол АН, МАН тус бүр 16 эмэгтэйг нэр дэвшүүлсэн. Гэхдээ АН-ын эмэгтэйчүүдэд МАН-ынхаас ялгарах нэг онцлог бий. З.Нарантуяа, С.Одонтуяа, Ц.Одонтунгалаг, Г.Уянга, Р.Булгамаа, П.Батчимэг зэрэг “ухаад” ч муу мэдээлэлгүй нэр дэвшигчид АН-ыг чимж байгаа бол МАН-аас БСШУСЯ-ны төрийн нарийн асан Б.Баярсайхан, Ц.Цогзолмаа, Д.Өнөрболор, М.Оюунчимэг гээд хэл аманд өртөж явдаг эмэгтэйчүүд нэр дэвшиж байна. Саяхан гэхэд л Б.Баяр сайханыг Завхан аймагт нэр дэвших мэдээлэл гармагц нутгийнхан “Хутагтуудын нутагт хэл амтай, христийн шашинтныг дэмжихгүй” гэж сүсэг бишрэл, явдал суудлаар нь ялгаварлан гадуурхаад эхэлжээ. Нам, эвслүүд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ танилцуулж олон нийтэд зарласан ч эрх баригч нам албан ёсоор танилцуулахгүй удаж байгаа нь дотоод зөрчлөөс шалтгаалсан гэх мэдээлэл байна. МАН-аас нэр дэвшихээр горилж байсан зарим гишүүн ч нэр дэвшүүлэх ажиллагаа шударга бус явагдсан, хөгшчүүлээ дэмжсэнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Тус намын Бага хурлын гишүүн, ХХААХҮЯ-ийн дэд сайд Ж.Сауле нийгмийн сүлжээнд “Х.Баделхан байхад улс төрд шударга томилгоо хэзээ ч байхгүй гэсэн та бүхний үг үнэн байсныг биеэрээ үзлээ. Юун сүржин шалгуур. Нутгийн залуучууд, эмэгтэйчүүд, монголчуудын маань захисан шударга ёсны төлөө тэмцээд барсангүй. Өөр сайхан залуус дэвшсэн бол дуугүй л “Баярлалаа” гэх байсан. Тэд Х.Баделханы садан биш учраас дэмжигдсэнгүй” хэмээсэн нь нэгийг өгүүлнэ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сонгуулийг ил тод, нээлттэй явуулах зарчим алдагдсаар байна

 0 сэтгэгдэл
  • Өндөржүүлсэн бэлэн байдлын үед сонгуулийн сурталчилгааг хэрхэн хийх журмыг дэлгэхгүй удаж буй нь нэр дэвшигчдэд хүндрэл учруулж байна
  • Сонгуульд зориулсан түр журмыг зарлахгүй байгаа нь нэр дэвшигч, сонгуулийн менежерүүдэд хүлээлт үүсгэлээ

Засгийн газраас орон даяар тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгасантай холбогдуулан сонгууль явуулах журмыг батлах шаардлага үүссэн. Улмаар өнгөрсөн мягмар гарагт Улсын онцгой комисс (УОК) хаалттай хуралдаж, түр журам батлах асуудлыг хэлэлцсэн юм. Гэвч тус журмыг олон нийтэд мэдээлэх, нэр дэвшигчдийг мэдээллээр хангах ажил хангалтгүй байна. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгтэй үед анх удаа УИХ-ын сонгууль явуулах гэж байгаатай холбогдуулан УОК-оос Сонгуулийн ерөнхий хороотой (СЕХ) хамтарсан ажлын хэсэг гаргаж, түр журмын төслийг боловсруулсан. Тус журмын талаар “УИХ-ын 2020 оны сонгуулийн сурталчилгааны үед коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд нэр дэвшигчид, сонгуулийн штабын ажилчид болон ард иргэд нийтээр дагаж мөрдөх найман зүйл 50 заалттай байхаар боловсруулсан” гэснээс өөр тодорхой мэдээлэл алга. СЕХ хуульд заасны дагуу нэр дэвшигчдийг бүртгэж дууссаны дараа ерөнхий менежер, шадар туслах нарт үнэмлэх олгох ажлыг 48 цагийн дотор хийх ёстой.  Түүний дагуу нэр дэвшигчдийн менежер, шадар туслахууд ч үнэмлэхээ авч дуусжээ. Харин одоо УОК-оос гаргах түр журам олон нийт болон нэр дэвшигчдэд хүлээлт үүсгэж эхэллээ. 

Үүнтэй зэрэгцээд сонгуулийн бүхий л үйл ажиллагаа ил тод шуурхай явагдах ёстой хуулийн зарчим энэ удаад алдагдаж эхлэв. Учир нь түр журам гарснаар нэр дэвшигчид болон менежерүүд ажлаа төлөвлөж, тактикаа боловсруулах ёстой. Эх сурвалжийн мэдээлж буйгаар УОК-ын хаалттай хуралдаанаар түр журмын төсөлд зарим нэмэлт оруулахаар хойшлуулсан бөгөөд өчигдөр СЕХ, УОК-ийн хамтарсан ажлын хэсэг хуралдаж журмын төсөлд байр сууриа нэгтгэсэн гэнэ. Гэхдээ тус түр журмын талаар олон нийтэд болон нэр дэвшигчдэд мэдээлэх хараахан болоогүй, нэр дэвшигчийн үнэмлэх олгохоос өмнөхөн ил болгоно гэж үзэж байгааг ч эх сурвалж өгүүлж байна. Хэрэв эрх баригчид сурталчилгаа эхлэх өдөртэй зэрэгцэн түр журмаа “дэлгэх” гэж байгаа бол сонгуулийг ил тод явуулах хуулийн зарчим алдагдах бодит нөхцөл үүснэ. Нөгөөтэйгүүр сонгуулийн сурталчилгаа хийх хугацаа богино, уулзалт, ярилцлагын орчин нөхцөл хязгаартай, хорио, дэглэм бишгүй тул аль болох эрт мэдээлэх нь нэр дэвшигчид төдийгүй сонгогчдод ч хэрэгтэй юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

МАН-ын сонгуулийн санхүүжилт итгэл төрүүлэхгүй байна

 0 сэтгэгдэл
  • Сонгуульд зарцуулах 34 тэрбум төгрөгийг дан хандиваар босгох боломж байхгүй тул хардлага төрүүлж байна

УИХ-ын сонгуульд амжилттай оролцохын тулд нам, эвсэл, нэр дэвшигчид өөрсдийн санхүүжилтийг босгосоор байна. АН-ын хувьд нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөг татсан бол МАН дан хандиваар санхүүжилтээ босгох болсноо өнгөрсөн бямба гарагт зарлав. МАН-аас нэр дэвшигч Сангийн дэд сайд Х.Булгантуяа энэ талаар танилцуулж хандивын аян албан ёсоор эхэлж байгааг өчигдөр мэдэгдсэн. Тэрбээр “Аливаа улс төрийн хүчин сонгуульд цэвэр санхүүжилтээр өрсөлддөг зарчим байдаг. Энэ зарчмыг баримталж ажиллана. Хандивын дансанд иргэд сонгогчид, гишүүд, дэмжигчид хандиваа өгөх боломжтой. МАН-ын 200 мянга гаруй гишүүн маань 1000, 5000 төгрөг хандивладаг. Энэ сонгуульд МАН-ын нэр дэвшигч бүр хариуцлагатай хандаж, ялах ёстой. Гадаадын улс орнуудад дэмжиж байгаа улстөрчийнхөө хурал зөвлөгөөнийг өөрсдөө санхүүжүүлээд, намын мөрийн хөтөлбөрийг нь хэлэлцдэг. Иргэдийн оролцоо байж ардчилал хөгжинө. Нэр дэвшигчдээ мөнгөнөөс хол байлгахын тулд иргэд нь оролцох ёстой гэж үздэг. Энэ туршлагыг нэвтрүүлэхийн төлөө МАН ажиллаж байна” гэсэн. Түүний үг МАН дан хандиваар сонгуульд оролцохоо илэрхийлсэн гэж ойлгож болох ч итгэл төрүүлэх хэмжээнд сонсогдохгүй байгаа юм. Тэр дундаа 1000, 5000 төгрөгийн хандив цуглуулаад том сонгуульд орно гэдэг юу л бол!!! Учир нь өнгөрсөн гуравдугаар сард Үндэсний аудитын газраас 2020 оны УИХ-ын сонгуульд зарцуулах зардлыг тойрог бүрээр тогтоосон. Тэгэхдээ Үндэсний статистикийн хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг байгууллагаас өрхийн болон сонгогчийн тоо, инфляцын өсөлт, нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил зэрэг мэдээллийг авч боловсруулсан. Түүгээр тооцвол аймгуудад 19.1 тэрбум, нийслэлийн тойргуудад 15.2 тэрбум гээд 76 нэр дэвшигч нийт 34.3 тэрбум төгрөг зарцуулах юм. Нэг нэр дэвшигч тойргийн өрх бүрийн тоогоор сонин, сэтгүүл, ухуулах хуудас тараах учраас сонгуулийн зардлын дээд хэмжээг тултал ашиглахаас аргагүй. Тэгэхээр энэ их мөнгийг дан хандиваар босгож санхүүжилтээ хийнэ гэдэг хүнд. МАН-ын 200 мянган гишүүн бүр 171.5 мянган төгрөг хандивлаж байж энэ мөнгө босох нь. Мөн аль ч намын нэр дэвшигч нөгөөгөөсөө дутуугүй үйл ажиллагаа явуулж байж өрсөлдөөн өрнүүлдэг манай нөхцөлд хагас тэрбум төгрөгийг дан хандиваар босгоно гэдэг ч бараг боломжгүй. Сонгуулийн тухай хуульд нэг иргэнээс өгөх хандивын хэмжээг таван сая, хуулийн этгээдээс авах мөнгийг 20 сая төгрөгөөр баталсан учраас нэг нэр дэвшигч дор хаяж 100 иргэнээс таван сая, 25 ААН-ээс 20 сая төгрөг авч санхүүжилтээ хангах болж байна. Тийм л учраас МАН-ын уриалга худлаа байх магадлал өндөр юм. Хэдийгээр МАН-ын санаачилга, гадаадын жишгийн дагуу хандив цуглуулж өрсөлддөг болчихвол манай улс төрийн соёлд хэрэгтэй ч бодит байдал дээр сонгуулийн зардлын хэмжээг тултал ашиглаж өрсөлддөг онцлогоос хамаарч тийм боломж харагдахгүй байгаа юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс найман заалт л өнөөдрөөс хэрэгжинэ

 0 сэтгэгдэл
  • УИХ болон Засгийн газрын тухай хуулийн хэрэгжилтийг хойшлуулснаас 23 заалт шууд хэрэгжих боломжгүй болжээ
  • Хуваарийн дагуу 40 хуулийг үндсэн хуульд нийцүүлэх ёстойгоос 10 гаруй хуулийг л баталж амжжээ

Энэ парламентын хамгийн том ажил хэмээн нэрлэгдэж буй Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтүүд өнөөдөр 12:00 цагаас эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх ч таван багц асуудлаас гурав нь л хэрэгжиж эхлэхээр байна.

Өнгөрсөн оны сүүлээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийснийхээ дараа “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбогдуулан хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан. Тус тогтоолоор холбогдох хуулиудад хэрхэн “засвар” хийх хуваарийг ч хавсралтаар баталсан юм. Тогтоолын хавсралт ёсоор 40 гаруй хуулийг Үндсэн хуульд нийцүүлж батлах ёстойгоос хаврын чуулганаар УИХ болон Засгийн газрын тухай хууль, Төрийн аудитын тухай, Шүүхийн багц хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай зэрэг 10 гаруй хуулийг л баталж амжив. Түүнээс улбаалаад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр орсон зарим заалт өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлэх боломжгүй болжээ. Өөрөөр хэлбэл, өнөөдөр 12:00 цагаас хэрэгжих боломжтой заалт арав хүрэхгүй байна. Үүнд, байгалийн баялагтай холбоотой, УИХ-ын сонгууль явуулахаас өмнө жилийн дотор хуулийг өөрчлөхгүй гэсэн, ард нийтийн санал асуулга явуулах зэрэг нийтлэг заалтууд шууд хэрэгжих боломжтой. Мөн УИХ хаврын чуулганаараа шүүхийн багц хуулийг баталсан тул шүүхийг тойргийн зарчмаар байгуулах, шүүхийн ерөнхий зөвлөлийг сонгох, Шүүгчийн сахилгын хороотой болохтой холбоотой гурван заалт шууд хэрэгжих боломжтой юм.

Харин нутгийн удирдлага, зохион байгуулалттай холбоотой зарим заалт нь хэрэгжиж болох ч зарим нь холбогдох хууль батлагдаагүйгээс шууд хэрэгжихээргүй болж байна. Жишээлбэл, улсын болон орон нутгийн зэрэглэлтэй хотын, түүнчлэн тосгоны өөрийн удирдлага, зохион байгуулалтын эрх зүйн үндсийг хуулиар тогтоох эрх болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх асуудлыг УИХ, Засгийн газар шийдвэрлэх боломжтой болсон. Харин Үндсэн хуулийн 59.2-т заасан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд өмчийн удирдлагыг хэрэгжүүлэх, татварын хувь хэмжээг тогтоох эрхтэй. Нутгийн өөрөө удирдах байгууллагын чиг үүрэг, төсвийн харилцааны үндсийг тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тодорхой онцлогт нийцүүлэн хуулиар тогтоож болно” гэсэн заалтыг хэрэгжүүлэхэд нутгийн удирдлагатай холбоотой хуулиудыг баталж чадаагүй байгаа тул шууд хэрэгжих боломжгүй гэсэн үг. Эдгээрээс гадна УИХ, Засгийн газрын үйл ажиллагааны шинэчлэл болох 23 заалт, Ерөнхийлөгчид хамаарах хоёр заалт мөн л хойшлох нь. 

Ерөнхийлөгчтэй холбоотой заалтуудын хувьд УИХ-аар Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиудыг хэлэлцээгүй байгаа учраас Үндсэн хуулийн 30.2-д заасан “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн заалт хэрэгжих боломжгүй юм. Онц болон дайны байдал зарласан үед Ерөнхийлөгчид бүрэн эрх олгох заалт ч мөн хэрэгжих боломжгүй. Харин УИХ, Засгийн газартай холбоотой заалтуудыг энэ удаагийн сонгуулиар байгуулах парламент, Засгийн газар хэрэгжүүлж эхлэхээр шийдвэрлэсэн тул өнөөдөр хэрэгжиж эхлэхгүй юм. Цаг хугацааны энэхүү хайч өнөөдөр ч хуульчдын дунд маргаантай сэдэв хэвээр байна. Тэр дундаа Засгийн газрын тухай хуулийг хэрэгжүүлэх хугацааг хойшлуулсан нь маргаан дагуулсаар байгаа. Зарим хуульч Үндсэн хууль хэрэгжиж эхлэхээр Цэцэд хандаж Засгийн газрыг огцруулах, хуульд нийцүүлэх асуудлаар зарга үүсгэхээ мэдэгдсэн бол УИХ-ын гишүүд Үндсэн хууль боловсруулсан хуульчид сарын дараа хэрэгжих боломжтой хэмээн мэтгэлцсээр байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Дэлхийд өрсөлдөх хүсэлтэй ази уран бүтээлчдийг том ирээдүй хүлээж байна

 0 сэтгэгдэл
  • Холливудын кино зохиолч Кристофер Кэйний The Last Kumite гэх тулаант киноны эсрэг талын гол дүрд сонгогдож, зураг авалтаа амжилттай дуусгасан
  • Ази тивийн хүн ам бол маш том зах зээл. Жишээ нь 160 сая ам.доллараар бүтсэн War-craft кино АНУ-д 47 сая ам.долларын ашиг олсон бол Хятадын зах зээлээс 220 сая ам.долларын ашиг олсон байх жишээтэй

Шинэ цагийн амжилттай яваа монгол залуусын төлөөлөл, холимог тулааны тамирчин Б.Алтангэрэлийг “Залуус” буландаа урьж, ярилцлаа. Тэрбээр спортын карьераа амжилттай үргэлжлүүлэхээс гадна Intel inside, HTC, Calvin Klein, Versace зэрэг томоохон брэндүүдтэй хамтран ажиллаж, Монголоос анх удаа Болливудын ертөнцөд хөл тавьсан ирээдүйтэй жүжигчин юм. Тэрбээр өдгөө Тайланд улсад хувийн дасгалжуулагч хийхийн хажуугаар модель, жүжигчний карьераараа үргэлжлүүлж, холимог тулааны мэргэжлийн тамирчин болохоор бэлтгэл сургуулилтаа хийж байна.

-Болливудын ертөнцөд хэрхэн хөл тавьж байв. Та Энэтхэг болон Тайландын хоёр ч уран бүтээлд дүр бүтээсэн байсан. Энэ талаараа хуваалцахгүй юу?

-Энэ кино бол миний Болливудтай хамтарсан анхны уран бүтээл. Энэтхэгийн Sathya Jyothi Films Тайландад ирж, проб явуулсан юм. Тулаант, адал явдалт төрлийн кино учраас тамирчидтай холбогдсон юм билээ. Надтай менежерээр маань дамжуулж, холбогдоод шалгаруулалтад оролцох санал тавьсан. Энэ кинонд Металиан гэх эсрэг дүрийг бүтээсэн. Мөн Хонконгийн бослогын тухай өгүүлэх The Two Brothers богино хэмжээний кинонд гол дүр бүтээсэн. Ази царайтай мөн тулааны чадвартай жүжигчин хайж байсан нь надад давуу тал болсон байх. 

-Таны үндсэн мэргэжил юу вэ. Жүжиглэх урлагийн чиглэлээр ямар нэг сургууль төгссөн үү?

-Би мэргэжлийн жүжигчин биш. Моделиор ажиллаж байсан маань кино урлагт хүч сорих боломж болсон. Кинонд тоглохоосоо өмнө сурталчилгааны зураг авалтуудад оролцож байсан учраас камертай харьцахад асуудал үүсээгүй гэж хэлж болно. Миний үндсэн мэргэжил personal trainer буюу дасгалжуулагч.

-Тулааны спорттой хэрхэн холбогдож байв? 

-Би 2004 онд тулааны спортын дугуйланд элсэж байсан. Анх гэрийнхэн маань дургүйцдэг байсан ч одоо намайг маш сайн дэмждэг болж, амьдралын маань нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрөх болсон. 

-Та одоо Тайландад байгаа юм билээ. Карьераа бодвол АНУ илүү ирээдүйтэй биш үү. Яагаад энэ улсыг зорих болов?

-Би Америкт байхдаа зөвхөн мутай болон кикбоксоор хичээллэдэг байсан. Мутай болон кикбокс бол Тайландын үндэсний спорт төдийгүй тулааны урлагийн босоо төрлүүд дотроо номер нэг төрөл. Тиймээс энд холимог тулааны чиглэлээр амжилт гаргахын тулд ирсэн. Дасгалжуулагчдадаа өөрийн зорилгоо ойлгуулж, амжилтад хүрэх хүсэл эрмэлзэл байгаагаа илэрхийлэх хэрэгтэй. Мөн бэлтгэлээ нэг зааланд тогтмол хийх нь чухал юм билээ. Холимог тулааны багш Люк Адамс, жью жицүгийн багш Морган Перкинс болон мутай кикбоксын Тайланд дахь дасгалжуулагч нарындор бэлтгэл сургуулилтаа хийдэг. Дасгалжуулагч Адамс сонирхогчдын бөх, чөлөөт бөх болон мэргэжлийн тулааны дэлхийн аварга болж байсан бол Морган багш жью жицүгийн хэд хэдэн удаагийн дэлхийн аваргаар шалгарч байсан турш лагатай. Дэлхийн хэмжээний өндөр чадвартай багш нартай хамтран ажиллаж байгаа нь надад тулааны ур чадвараа чиг лэл чиглэлээр хөгжүүлж, богино хугацаанд сайжрах, амжилтад хүрэх түлхүүр болох болов уу.

-Одоогоор хичнээн тулаан хийгээд байна?

-Мутайгаар 13 тулаан хийж, 10 ялсан бол холимог тулаанаар нийт дөрвөн тулаан хийж, гурав ялж, нэг ялагдсан. 

-Сүүлийн жилүүдэд холливудын уран бүтээлчид Азийн зах зээл рүү чиглэсэн уран бүтээл хийх нь эрс нэмэгдсэн байна. Энэ хандлагыг та хэрхэн харж байна? 

-Нэгдүгээрт шинэ дүр төрх, өвөрмөц өөр хэв маягийг эрэлхийлэх болсонтой холбоотой. Энэ бол ази уран бүтээлчдийн хувьд баяртай явдал. Маш олон ази уран бүтээлчид дэлхийн зах зээлд хөл тавих боломж нээгдэж байна. Нөгөөтэйгүүр, Ази тивийн хүн ам бол маш том зах зээл. Кино урлагийн салбараас олох орлого, ашгийн хэмжээ энэ хэрээр нэмэгдэнэ гэсэн үг. Жишээ нь 160 сая ам.доллараар бүтсэн Warcraft кино АНУ-д 47 сая ам.долларын ашиг олсон бол Хятадын зах зээлээс 220 сая ам.долларын ашиг олсон байна. Үүний хэрээр Хятад уран бүтээлчдийн эрэлт ч нэмэгдсэн. Дэлхийн зах зээлд өрсөлдөх хүсэлтэй ази уран бүтээлчдийг том ирээдүй хүлээж байна. 

-Ази болон Америкийн кино урлаг, энтэртаймент салбарын ялгаа нь юу вэ. Америк, Энэтхэг, Тайланд гээд олон орны уран бүтээлчидтэй хамтарч ажилласан хүний хувьд олон зүйл ажигласан байх?

-Аль ч орны бүтээлчид жүжигчнээсээ хариуцлагатай байдлыг шаарддаг. Цагаасаа хоцрох ч гэх юм уу жижиг сажиг алдаа гаргадаггүй гэж хэлж болно. Тухайн уран бүтээлч зөвхөн жүжиглэх үүргээ л гүйцэтгэж, ажилдаа анхаарлаа төвлөрүүлэх бүх боломжоор хангадаг. Бүгд л хариуцлагатай, гярхай маш чадварлаг уран бүтээлчид байсан. 

-Calvin Klein, Versace зэрэг олон брэндтэй хамтарч ажиллаж байсан. Америкийн загварын салбар маш өрсөлдөөнтэй. Моделийн чиглэлээр ажиллах гараагаа хэрхэн эхэлж байсан бэ?

-Анх найз маань надад фото моделиор ажиллах санал тавьснаар энэ салбарыг сонирхох болж, карьераа эхлүүлэхээр шийдсэн. Анх бүх л шалгаруулалтад идэвхтэй оролцож, өөрийг сорьдог байлаа. Хэд хэдэн ажлын дараа зурагчид өөрсдөө хамтран ажиллах санал тавьж, моделиор сонгох болсон. Би АНУ-д түлхүү дотуур хувцасны моделиор ажилладаг байсан бол энд ихэвчлэн технологи, бэлэн хувцасны брэндтэй хамтарч байна. Карьераа эхлүүлж байхдаа өндөр зэрэглэлийн зурагчинд тооцогддог Винсент гэх эрхэмд танилцуулгаа илгээж, зургаа авахуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлтэл миний саналаас эвтэйхэн татгалзаж, “Би ийм дүр төрхийг сонирхохгүй байна” гэж хэлж байсан. Харин тодорхой амжилтад хүрсний дараа Винсентээс хамтрах санал ирж, Elegant сэтгүүлийн нүүрэнд хоёр удаа гарсан. 

-Америкт моделиуд ямар зарчмаар ажиллаж өөрсдийгөө “борлуулдаг” вэ. Агентлагт харьяалагдах зарчмаар амжилтаа ахиулдаг гэж сонссон? 

-АНУ-д суралцаж байхдаа би ямар нэг агентлагт харьяалагддаггүй байсан. Шалгаруулалтуудад идэвхтэй оролцдог. Ер нь ажлыг их бага гэж гололгүй хийсээр карьер маань тодорхой хэмжээнд өссөн. Хамгийн гол нь тухайн моделийн хувийн танилцуулгын зургууд маш чанартай байх ёстой. Хэрэв агентлагт харьяалагдвал бусад байгууллага, өөр агентлагаас санал болгосон ажилд оролцох эрхгүй болдог учраас бие дааж ажиллахыг илүүд үздэг. Casting, Network гэх зэрэг сайтуудад танилцуулгаа байршуулах ч боломжтой. Гэхдээ миний хувьд өмнө нь хамтран ажиллаж байсан хүмүүсээс ажлын санал ирж, уялдаа холбоотой байх зарчмаар ажиллаж ирсэн. 

-Сүүлд ажилласан уран бүтээлийнхээ сонин сайхнаас хуваалцахгүй юу?

-2019 оны дунд үеэр Холливудын кино зохиолч Кристофер Кэйн Тайландад ирж, жүжигчдийн сонгон шалгаруулалт зарласан. Шалгаруулалтад оролцоод The Last Kumite гэх тулаант киноны эсрэг талын гол дүрд сонгогдсон. Зураг авалт амжилттай дуусаж, энэ хавар нээлтээ хийхээр төлөвлөж байсан ч хойшлогдсон. Мөн  Two The Brothers киноны нээлтийн үеэр найруулагч, Маурисио үг хэлэхдээ миний бүтээсэн дүр маш их таалагдсаныг онцлоод, цаашид өөр уран бүтээлүүдэд нь хамтарч ажиллахаар болсон.