A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2632/

Ядуу буурай улсуудын дипломат албыг хар тамхины бүлэг “олзолдог”

ГХ-ны сайдын ачаар хар тамхины хэргүүд илэрч байгаа мэтээр “далийж” эхлэв

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2632/


Дипломатууд хар тамхины хэрэгт холбогдсон дуулиан гол асуудлаасаа хазайж, улс төрийн өнцөг рүү орчихлоо. Монголын төр хар тамхи түгээн дэлгэрүүлэхэд гар бие оролцож байгаагаас өөрцгүй ойлголт төрүүлсэн энэ хэрэг анхны тохиолдол биш байсан нь харамсалтай. Хууль бус тамхины наймааны 20 гаруй хэрэг гарч, тэр тоолонд Монгол Улсын нэр төр шаварт хутгалдсаар байв. Гэвч тухай бүрт нь ГХЯ-аас хариуцлага тооцох, дахин гаргуулахгүй байх арга хэмжээ авахын оронд нуун дарагдуулсаар ирсэн нь өнөөдрийн 70 кг героин хүртлээ өндрөө авах нэг шалтгаан болсон. Гэхдээ энэ удаад монголчууд улсаа төлөөлж яваа дипломатуудаа гэмт хэрэгт холбогдсоныг Германы хэвлэлээс мэдэж авлаа. Хариуд нь ГХ-ны сайд мэдээлэл хийж, УИХ-д сонсгол танилцуулах хэмжээнд яригдлаа.

Түүний ам нээсэн анхны баримтууд хачирхалтай зүйл ихтэй. Гадаад харилцааны сайдын сайн ажилласны хүчинд далд байсан хар тамхины наймааны хэргүүд илэрч байгаа мэтээр “далийж” эхлэв. Яг үүний өмнөхөн Эрүүл мэндийн сайдын эрчимтэй ажлын үр дүнд сүрьеэг олноор нь илрүүлсэн тухай магтаж, энэ эрчээрээ тэмбүүг нээж илрүүлээд, түүнтэй тэмцэхээр зориглон орлоо гэх мэтээр хөвөрсөн.

Харин ГХ-ны сайдын хувьд дипломатуудын орооцолдсон энэ наймааны ард байх хязгааргүй эрх мэдэл, хэмжээлшгүй их мөнгийг сөрж, ганцаархнаа эр зориг, тэвчээр зааж зүтгэсээр системийн өөрчлөлт хийж чадсан гэв. 2009 оноос эхэлж дипломат албанд томилогдогсдыг энэ төрлийн гэмт хэрэгт холбогдвол хууль бус наймаанд хамаарах мөнгөн дүнгээр Монгол Улсдаа төлбөр төлөх хатуу нөхцөлтэй гэрээнд гарын үсэг зуруулдаг болсон байна. Тэгэхээр энэ гэрээ ёсоор “Истанбулын хоёр” Германы хуулиар шүүгдэхээс гадна, 70 кг героины үнэ болох гурван сая еврог эх орныхоо нэрийг хугалс - ны нөхөн төлбөр болгож төлөх ёстой аж. “Энэ чинь ганц Монголын биш дэлхийг хамарсан сүлжээ болчихоод байна гэдгийг бодоорой. Би огцрохгүй гэж айсандаа яриад байгаа юм биш. Үүний эсрэг юу хийсэн, ямар арга хэмжээ авснаа л хэлж байна” гэж сайд тайлбарласан байдаг. Сайдын “буянаар” дэлхий дахинаа шившгээ дэлгэсэн Монголын нэр хүнд “цайрах” юм байна л даа.

Хар тамхины наймаа бол дэлхийг хамарсан сүлжээ мөн. Тэд дипломат шугамаар бүтээгдэхүүнээ тээвэрлэхийг чухалчилдаг. Хамгийн аюулгүй, эрсдэлгүй “ногоон гэрэл” бол улсуудын хооронд бүрэн эрхтэйгээр, шалгалт нэгжлэггүй нэвтэрч чаддаг дипломат албаныхан аж. Гэхдээ ядуу буурай орнуудыг онилж, төлөөлөгчийн газрынх нь ажилчдын холбоо сүлбээ, ар гэрийг нь хүртэл бүрэн дүүрэн судалсны дараа тээвэрлэх санал тавьж, ажиллагаандаа оролцуулдаг гэнэ. Истанбулын хоёрын тухайд ч нэгийнх нь гэр бүлд нь хүнд зовлон тохиосон үедээ хар тамхи тээвэрлэх саналд шийдсэн хариу өгч, оролцсон байх магадлалтайг хүрээнийхэн нь ярьж байна. Гэр бүлийнх нь хэн нэгэн өвдөж, олон сая ам.долларын зардалтай хагалгаа хийлгэх шаардлагатай болсныг гэмт хэргийн сүлжээнийхэн  мэдэж, “олзолсон” талаар шивнэцгээж байна.

Улсын хөгжил буурай, улстөрчид нь авлигад автсан орнуудын дипломат төлөөлөгчдийн газрын ажилтнуудыг хар тамхины наймаанд татан оролцуулсан тохиолдол зөвхөн Монголоор  хязгаарлагдахгүй. Африк, Ази, Өмнөд Америкийн зарим улсын дипломатууд тамхины хэрэгт холбогдсон тохиолдол бий. Хамгийн “алдартай” наймаачид нь Хойд Солонгосын дипломатууд аж. Дэлхийн түүхэнд дипломатуудын үйлдсэн хамгийн ноцтой 10 гэмт хэргийн жагсаалтад Хойд Солонгосын хар тамхины гэмт хэрэг бичигддэг. 2014 онд АНУ-д гаргасан судалгаагаар сүүлийн 20 жилийн дотор БНАСАУ-ын дипломат ажилтнууд хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл зөөвөрлөсөн, наймаалсан гэмт хэргийн 50 тохиолдол гарсныг дурджээ.

• Ядуу буурай орнуудыг онилж, төлөөлөгчийн газрынх нь ажилчдын холбоо сүлбээ, ар гэрийг  нь хүртэл бүрэн дүүрэн судалсны дараа тээвэрлэх санал тавьж, ажиллагаандаа оролцуулдаг гэнэ.

• Гэрээ ёсоор “Истанбулын хоёр” 70 кг героины үнэ болох гурван сая еврог эх орныхоо нэрийг хугалсны нөхөн төлбөр болгож төлөх ёстой аж.

• Улсын хөгжил буурай, улстөрчид нь авлигад автсан орнуудын дипломат төлөөлөгчдийн газрын ажилтнуудыг хар тамхины наймаанд татан оролцуулсан тохиолдол зөвхөн Монголоор хязгаарлагдахгүй.

Бүр 1976 онд “хойдууд” 2.5 сая янжуур тамхи импортлохыг завдсан хэргээс нь үүдэн Дани улс дахь Хойд Солонгосын дипломат төлөөлөгчийн газрыг хааж байв. Түүнчлэн Болгарт баригдсан Хойд Солонгосын хоёр дипломатч 621 мянган ширхэг сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг Арабын орнуудад худалдах зорилготой байв. Үүгээр зогсохгүй тус бүр 20 кг боодолтой нийт 200 кг героиныг Зүүн Европын орнуудад борлуулахаар тээвэрлэж яваад саатуулагдсан хоёр дипломатын нэг нь улсынхаа эрх ашгийн төлөө хар тамхины наймаа хийх гэж байснаа хүлээсэн гэж АНУ-д мэдээлж байв. Тэднийг дөрөвдүгээр сарын 15 буюу их удирдагч Ким Ир Сений төрсөн өдрөөс өмнө зарж дуусган, мөнгө явуулах тушаал өгсөн тухай америкчууд үнэн худал нь мэдэгдэхгүй зүйл тохуурхан бичиж байжээ.

Төрийн итгэмжлэл өвөрлөж, томилогдсон улсынхаа хуульд нийцүүлэн ажиллаж, амьдрах ёстой дипломатууд нь хүнд гэмт хэргийн холбогдогч болчихоор ингэж тохуурхах нь ч аргагүй. Үүнтэй адил анхны тохиолдолд нь таслан зогсоолгүй, гэмт хэрэгтнүүдээ хаацайлан, татаж авсан даруйдаа суллаж чаддаг Монгол Улсын төрийн институцуудын үйл ажиллагаа нь дэлхийн чихнээ шившгээ дэлгэж, гэмт бүлэглэлд олз болохоос яалтай.

Нэг үхрийн эвэр хугарвал мянган үхрийн эвэр доргино гэдэг. 70 жилийн турш 500 гаруй мэргэжлийн дипломатчдийг төрүүлсэн Монгол Улсын Гадаад харилцааны яам, түүнд харьяалагдах бүх албан хаагчийг “хар тамхины наймаачин” болгон харагдуулах хандлага нийгэмд давамгайлж байна. Дипломат протоколд заасныг ёсчлон мөрдөж, үйл хөдлөл, харцаа хүртэл хянаж, гадаад ертөнцөд “нэг амаар” ярьж чаддаг, төрийн элч, чадварлаг дипломатчдын сайн туршлага олон нийтэд бүү хэл ГХЯ-нд мартагдсан гэлтэй.

Гадагшаа харсан Засгийн газар гэж ойлгогддог гадаад харилцааны дипломат ажилтнуудын томилогдох босго, улс төрийн эрх мэдэлтнүүдийн хэтэвчээр хэмжигддэг болсоор удлаа. Эрх баригч намын лидерүүдийн хүслийг гүйцээж, хүнийг нь илгээж амжаагүй байхад хоёрдугаар ээлжийн хачирхалтай томилгоонуудыг хийж буй увайгүй үзэгдлээ одоо зогсоогооч. Дүүгээ, хүүгээ, хамаатан саднаа элч болгон томилуулахаар улайрч байгаа шигээ дипломат албыг цэвэрлэж, төрийн өндөр босгыг дахин батжуулахад анхаараач.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Трампын хүү Монголд ан хийхээр ирсэн үү

 0 сэтгэгдэл


Өнгөрсөн бямба гарагт АНУын ерөнхийлөгчийн том хүү Доналд Трамп Жуниор Монголд аялахаар ирээд, Алтай таван Богдыг зорьсон. ГХЯ-нд хандаагүй, хувийн шугамаар ирсэн тул албаны ямар ч уулзалт товлоогүй аж. Трампын хөвгүүдийг ангийн хорхойтой, сайн ч бууддаг талаар олон улсын хэвлэлүүд нэг хэсэг шуугисан. Гол шалтгаан нь АНУ-д ховор ан амьтны арьс, түүхий эд оруулах хоригийг зөөллөсөн шийдвэр гаргасан нь зэрлэг Африкт хориотой ан хийх үзэгдлийг ихэсгэсэнтэй холбож шүүмжилж байв. Харин энэ удаад Трамп Жуниор дархан цаазат ангаар баялаг баруун хязгаарыг зорьсон нь дэлхий даяар шуугисан асуудалтай холбож хардахад хүргэлээ. Ховор ан амьтан агнах зөвшөөрлийг орон нутгаас өгдөг. Тухайн жилд хэдэн төрлийн хичнээн ан хийх хязгаарыг баталсны дараа анчдад үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүд үйлчлүүлэгчдээ авдаг байна. Ан тус бүр өөр өөр тарифтай. Тухайлбал, аргаль, угалз зэргийг агнахад 40-50 мянган ам.долларын төлбөртэй. Түүнийг орон нутаг болон анчдыг зуучлах компани хуваан авдаг байна. Ямартай ч АНУ-ын ерөнхийлөгчийн хүү Монгол Улсад “авиралт хийнэ үү, ан хийнэ үү, яана уу” хамаагүй. Орон нутагт хөрөнгө оруулж, алс баруун хязгаарын хөгжилд бага ч гэсэн хувь нэмэр болж байгаа нь чухал биз.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Гишүүний “нүцгэн лайв” хардлага дагуулав

 0 сэтгэгдэл



Засгийн газрын шийдвэрээр уул уурхайн лицензээ цуцлуулсан эзэд, төрийн зарим түшээдтэй Новотел зочид буудалд цугласан тухай мэдээлэл шуугиан тарьж байна. Харин тэр үйл явдалд  нэр холбогдсон Д.Хаянхярваа гишүүн гэртээ байгаагаа харуулж “нүцгэн лайв” хийсэн нь интернэт орчинд маргаан дэгдээв. Түүний гэр орноо дүрсэлж, дүү нараа харуулсан тэр бичлэгийг уулзалтын дараа хийсэн гэж хүмүүс хардаж байгаа юм. Үүн дээр нэмээд “Монгол газар”- ын Ц.Мянганбаяр эмнэлэгт хүргэгдсэн шуугианд хариу болгож мань гишүүн “Би тэр Мянганбаяр нарыг чинь танихгүй, мэдэх ч үгүй” гэж жиргэсэн нь сошиалд хардлагын галыг улам өрдөөд байна. Хаян дарга Ц.Мянганбаяр нартай уулзсан гэх мэдээллийг хууль хяналтын  байгууллагаар шалгуулахаа мэдэгдсэн бол УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ түүнд хандаж “Үнэн худлын хооронд бүх л ертөнц оршдог” хэмээсэн сэтгэгдэл илгээжээ.


A

Жижиг

A

Дунд

A

Том

Нөхөр маань тоглоомонд донтчихлоо, би яах вэ?

 0 сэтгэгдэл


ЗГМ weekend мэргэжлийн сэтгэлзүйчидтэй хамтран зөвлөгөө өгч байна. Энэ удаагийн дугаарт “Монгол билиг” сэтгэл судлалын төвийн сэтгэл судлаач Б.Чоймаа уншигчдаас ирсэн асуултад дараах хариултыг өглөө. Хэрэв танд гэр бүл, сэтгэл зүйн тулгамдсан асуудал байвал манай сонинд хаяглан ирүүлээрэй.

ГЭР БҮЛ ХУУРАЛТ ДУТУУГИЙН МЭДРЭМЖЭЭС ҮҮДЭЛТЭЙ

-САЙН БАЙНА УУ. БИ 37 НАСТАЙ ЭРЭГТЭЙ. МАНАЙХ ХОЁР ХҮҮХЭДТЭЙ. ХАРИН МАНАЙ ЭХНЭР ГЭР БҮЛЭЭСЭЭ САЛСАН НЭГ ЗАЛУУТАЙ НАМАЙГ ХУУРЧ БАЙСНЫГ ХЭДЭН САРЫН ӨМНӨ МЭДСЭН ЮМ. ТЭР ЗАЛУУГИЙН САЛСАН ЭХНЭР НАДАД ҮНЭНИЙГ ХЭЛЭХЭД БИ ИХ ЦОЧИРДСОН. ЭНЭ ТАЛААР ЭХНЭРТЭЙГЭЭ ЯРИЛЦАЖ ХОЛБООГОО ТАСАЛ ГЭЖ ХЭЛСЭН. БОСГОСОН АМЬДРАЛАА НУРААХЫГ, ХОЁР ХҮҮХДЭДЭЭ ХАГАЦАЛ ҮЗҮҮЛЭХИЙГ ХҮСЭХГҮЙ БАЙНА. ГЭТЭЛ ЭХНЭР МААНЬ “ХОЁУЛАА САЛЪЯ” ГЭЖ ХЭЛЛЭЭ. БИ ОДОО ЯАХ ЁСТОЙ ВЭ?

-Гэр бүлээс гадуурх харилцаа нь ихэвчлэн хамтрагчаасаа авч чадаагүй дутуугийн мэдрэмжтэй холбоотой байдаг. Эхнэр эсвэл нөхрөөсөө авч чадахгүй байгаа мэдрэмжээ өөр хүнээс авах нь энэ харилцааны эхлэл болдог. Тиймээс эхлээд танд ямар асуудал байсан бэ. Эхнэртэйгээ яаж харьцдаг байсан болон эхнэр чинь таниас юу хүсэж хүлээдэг байсан талаар бодоод үзээрэй. Хэн хэн нь тайвширсны дараа ярилцах хэрэгтэй. Уур бухимдал сэтгэлийн хөдөлгөөнөөр асуудлыг шийдэхгүй шүү дээ. Эхнэр чинь тухайн хүнтэй яагаад хамт байхыг хүссэн юм бол, эхнэртээ ямар мэдрэмж сэтгэлийг өгч чадаагүй вэ зэрэг хэн хэнийхээ учир шалтгаан нөхцөлийг нээлттэй ярилцаж тодруулах хэрэгтэй. Асуудлын учир шалтгааныг тодруулсан бол яагаад салахыг хүсэж байгаа, яагаад салахыг хүсэхгүй байгаа шалтгаануудаа ярилцан асуудал яавал шийдэгдэх боломжтой гарц гаргалгааг хамтдаа хайгаарай.

ХҮҮХДҮҮДЭЭ БҮҮ ХАРЬЦУУЛ

-БИ ОДОО ХОЁР ОХИНТОЙ. ТОМ МААНЬ НАЙМАН НАСТАЙ, БАГА НЬ ЗУРГААН НАСТАЙ. ДҮҮ НЬ ИХ СЭРГЭЛЭН ЦОВОО ХӨДӨЛГӨӨНТЭЙ, ХҮМҮҮСТЭЙ АМАРХАН НӨХӨРЛӨДӨГ БОЛ ЭГЧ НЬ ЧИМЭЭГҮЙ, ДУУ МУУТАЙ ХҮҮХЭД. ХҮМҮҮСТЭЙ ХУРДАН ДОТНОСОЖ ЧАДДАГГҮЙ ДУУ СУЛТАЙ, НООМОЙ. БИ ТОМ ОХИНДОО САНАА ЗОВООД БАЙНА. ДҮҮ ШИГ НЬ СЭРГЭЛЭН, ХҮМҮҮСТЭЙ НЭЭЛТТЭЙ БОЛГОЖ БОЛОХ УУ. ЯАЖ ТЭГЭХ ВЭ?

-Эцэг эхчүүдийн гаргадаг нэг алдаа нь хүүхдүүдээ хооронд нь харьцуулж бодох юм. Хүүхэд бүр өөрийн гэсэн онцлогтой, өөрийн гэсэн зан чанартай. Чимээгүй, дотогшоогоо байлаа гээд хүчээр нээлттэй болгох гэж хүчлэх нь хүүхдэд нь дарамт болж өөрийнхөөрөө байж чадахгүйд хүргэнэ. Дүүтэй нь харьцуулж ярьдаг бол дүүдээ дургүй болох ч талтай. Улмаар өөрийг нь ойлгодог хүн байхгүй мэт санагдаж ганцаардахад хүргэнэ. Та хүүхдээ өөртэйгөө дотно, нээлттэй байгаасай гэж хүсэж байвал өөрчлөх гэж хүчлэхгүйгээр өөрийнх нь онол, зан чанарыг хүлээх зөвшөөрөх хэрэгтэй. Тэд чинь нэг хэвэнд цутгасан робот биш, байгаагаараа хайрлагдах гэж ирсэн хүүхдүүд шүү дээ.

ӨСВӨР НАСАНД ӨӨРИЙГӨӨ БУРУУТГАХ МЭДРЭМЖ НЭМЭГДДЭГ

-САЙН БАЙНА УУ. БИ ГЕРМАНД СУРДАГ, 17 НАСТАЙ ЭРЭГТЭЙ. НАДАД K-POP МАШ ИХ ТААЛАГДДАГ УЧИР СОЛОНГОС ХЭЛ СУРСАН. ХАРИН САЯХНААС СОЛОНГОСТ ОЧИЖ СУРАХЫГ МАШ ИХ ХҮСЧ БАЙНА. УЛС ОРОН БҮРИЙН ӨӨРИЙН ОНЦЛОГ ГЭЖ БАЙДАГ ДАА. ГЭХДЭЭ ЭНЭ БОДЛОО ЭЭЖ, ААВДАА ХЭЛЭХЭЭС АЙГААД БАЙХ ЮМ. ТЭД НАМАЙГ ЭНД СУРГАХ ГЭЖ ИХ ХИЧЭЭЛ ЗҮТГЭЛ ГАРГАСАН. БИ ЯАЖ ӨӨРИЙГӨӨ ОЙЛГУУЛАХ ВЭ?

-Тухайн улсын урлаг соёл таалагдаад тэр орныхоо хэлийг судалж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ энэ улс чиний ирээдүйн амьдрал, мөрөөдөлд бүрэн хамааралтай эсэхийг бодож үзээрэй. Юун түрүүнд суралцах орон, сургуулиас илүү сурахыг хүсэж буй мэргэжлээ тодорхойлоорой. Чи ирээдүйд ямар амьдралаар, юу хийж амьдрахыг хүсэж байна вэ,тэр амьдралаараа амьдрахад чамд ямар ажил, мэргэжил хэрэгтэй вэ. Энэ мэргэжлээр сурахад надад ямар сургууль, ямар улс тохиромжтой вэ гэх мэтчилэн бодож үзээрэй. 12-16 нас бол шилжилтийн нас. Хүүхдийн онцлогоос хамаарч шилжилтийн нас хожуу тохиох нь ч бий. Тиймээс өөрийн сэтгэл зүй, насны онцлогоо тунгаагаад үзээрэй. Чиний насан дээр нийгмийн мэдрэмж нэмэгдэж бусдыг хүндлэх, бусдын өмнө хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарлаж эхэлдэг. Энэ хэрээр гэр бүлийнхэн, дотны хүмүүстээ тулгарсан болохгүй, бүтэхгүй зүйлийн өмнө өөрийгөө буруутган эмзэглэж, гутрах нь ихэснэ. Эсрэгээрээ өөрийнх нь туслалцаатай бүтсэн ажил хэрэгт баярлаж, урам зориг, эрч хүч авдаг. Тиймээс өөрийгөө буруутгах мэдрэмж чамд байнга төрж байвал хүндээр хүлээн авах хэрэггүй. Сэтгэл зүйгээ тогтвортой байлгах үүднээс тэмдэглэл хөтөлж болно.Дараа нь уншиж үзээд өөрийнхөө бодол санаанд дүгнэлт хийгээрэй. Мөн аав, ээжтэйгээ өөрт төрж буй мэдрэмжээ хуваалцаж нээлттэй ярилцаад үз. Тэд чамд хамгийн сайн зөвлөгөөг өгөх болно.

УНТСАН Ч АМРААГҮЙ МЭДРЭМЖ ТӨРӨХ НЬ СЭТГЭЛ ЗҮЙТЭЙ ХОЛБООТОЙ

-БИ 40 НАСТАЙ ЭМЭГТЭЙ. СҮҮЛИЙН ЗУРГААН САР ҮРГЭЛЖ ДӨРВӨН ЦАГТ СЭРЖ БАЙНА. ОРОЙ БОЛОХООР УНТАЖ ЧАДАХГҮЙ ХӨРВӨӨГӨӨД БАЙХ ЮМ. ЭНЭ НЬ СЭТГЭЛ ЗҮЙТЭЙ ХОЛБООТОЙ ЮУ. ХЭРХЭН НОЙРОНДОО САЙН БОЛОХ ВЭ?

-Тийм ээ, нойргүйдэх, нойронд муу болох, унтсан ч унтаагүй мэт мэдрэмж төрөх нь сэтгэл зүйтэй холбоотой байдаг. Удаан хугацаагаар ямар нэг зүйлд санаа зовох, түгшүүртэй байх болон хэт их зүйлсийг бодож шаналах нь нойргүйдэлд хүргэдэг. Нойргүй болсон хүмүүс ихэнх нь ямар асуудлаас болж нойронд муу болсноо мэддэггүй. Сэтгэл гутрал нь далд хэлбэрээр удаан хугацаанд бага багаар хуримтлагдсаар хожуу илэрч байгаа нь энэ юм. Асуудлыг хэт хүндээр хүлээж авч удаан хугацаанд шаналахаа болих хэрэгтэй. Асуудал, хэцүү зүйлсээ овоолон үүрч явах биш тухайн цаг үед нь үлдээж сурах нь өнгөрснөө чирж өөрийгөө шийтгэхээс дээр байх болно. Хэрвээ та асуудлаа тодорхойлж чадахгүй байвал мэргэжлийн сэтгэл зүйчийн тусламж аваарай.

ТОГЛООМОНД ДОНТСОН БОЛ СЭТГЭЦИЙН ЭМЧИД ЯАРАЛТАЙ ҮЗҮҮЛ

-САЙН БАЙНА УУ. БИ 26 НАСТАЙ, ЭМЭГТЭЙ. МАНАЙ НӨХӨР ТОГЛООМОНД ДОНТЧИХЛОО. БИ ТОГЛООМООС НЬ ХӨНДИЙРҮҮЛЭХ ГЭЭД ХҮҮХДЭЭ ӨВӨР ДЭЭР НЬ АВААЧИЖ ТАВЬСАН Ч  УЙЛУУЛААД Л ТОГЛООД БАЙДАГ. НЭГ ӨДӨР БИ КОМПЬЮТЕРИЙН ЗАЛГУУРУУДЫГ НЬ НУУЧИХСАН ЧИНЬ АЙМШИГТАЙ УУРЛАСАН. ЭНЭ ХҮН ТАКСИНД ЯВЖ ӨДРИЙН ХООЛОО ОЛЧИХООД Л ТОГЛООД ХЭВТЭЖ БАЙХ САНААТАЙ БАЙХ ШИГ БАЙНА. ЯАЖ ЗАСАЖ АВАХ ВЭ?

-Мэргэжлийн сэтгэц мэдрэлийн эмчид үзүүлэхийг санал болгож байна. Цахим тоглоом хэт их тоглох нь дэлгэцийн донтолтын нэг төрөл бөгөөд даамжирвал сэтгэц мэдрэлд нөлөөлж эмгэг болох аюултай байдаг. Тиймээс сэтгэцийн эмчид үзүүлэн эмчилгээ хийлгэх, шаардлагатай тохиолдолд албадан эмчилгээнд явуулах хэрэгтэй болно.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Наадам дуусаагүй байхад цас, хадлан яах вэ

Аймгийн харцага, начингууд хүртэл шинэ цолны мялаалга наадам хийдэг болжээ

 0 сэтгэгдэл


Төрийн ордонд болж өнгөрсөн Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан дээр энэ жил өвөлжилт хүндэрч магадгүйг албаны хүмүүс сануулсан. Наймдугаар сард орсон их борооны улмаас ургац хураалт хойшлох, болц удаашрах зэрэг шалтгаанаас хамаарч ургац алдах нөхцөл бүрдсэнийг салбарын яамнаас тариаланчдад анхааруулсан бол наймдугаар сарын сүүл, есдүгээр сарын эхээр цас орж, олон жилийн дунджаас хүйтэн өвөл болж магадгүй гэх мэдээллийг цаг уурын байгууллагаас өглөө. Хуралдааны төгсгөлд Ерөнхий сайд У.Хүрэлсүх найр, наадмын сар дууссаныг сануулж, өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг шат шатныханд хатуу анхааруулсан. Гэвч эрхэм сайдын үгийг нохой хуцаж байгаан чинээ ч тоох хүн алга. Долдугаар сарын аравдаар улс орон даяар эхэлсэн их найр наадам хичээлийн шинэ жил эхлэх дөхсөн өнөө үед ч үргэлжилсээр. 21 аймаг, 330 сумын наадам ч яахав болдгоороо болоод өнгөрсөн. Харин албан ёсны наадмын дараах албан бус бэсрэг наадмууд бараг хоёр сарын турш үргэлжилсэн хэрнээ дуусах яагаа ч үгүй байна. Наадам хэссэн монголчуудын тоос шингэрэх ч янз алга.

Улсын баяр наадмаар шинэ цол хүртсэн бөхчүүд түүнийхээ мялаалга наадмыг хийдэг уламжлалыг байх ёстой зүйл гэж үзье. Гэтэл сүүлийн үед аймгийн цолтнууд хүртэл нүсэр том мялаалга наадам хийдэг болжээ. Тэр ч байтугай аймгийн харцага, аймгийн начин цол хүртсэн нөхөд хүртэл бэсрэг наадам хийж, бөх барилдуулж, морь уралдуулж, сур харваа зохион байгуулж байгааг юу гэж ойлгох вэ. Тун удахгүй сумын заан цолны мялаалга наадам гэж сонсогдоход гайхах зүйл алга. 

Жил бүр 120 орчим бөх шинээр аймаг, улсын цол хүртдэг гэх ерөнхий багцаа бий. Энэ жилийн  тухайд аймгийн начин 70 гаруй, аймгийн харцага 20 орчим, аймгийн заан тав, аймгийн арслан  цолыг 20 шахам бөх хүртжээ. Үүн дээр улсын баяр наадмын шинэ цолтнуудыг нэмбэл 120 гэсэн дундаж тоонд дөхөж очихоор байна. Харин энэ олон цолтнуудын ихэнх нь мялаалга наадмаа хийдэг болсон гэж тооцвол найр наадмын хөл есдүгээр сар гарсан ч тасрахгүй бололтой.

Бөхчүүд цолны мялаалга наадмаа хийнэ үү, болино уу бидэнд ямар хамаатай юм гэж зарим нь бодож магадгүй. Тийм биш юм аа. Учир нь шинэ цолтон бүр мялаалга наадмаа тухайн аймаг, сумын захиргаатай хамтран зохион байгуулдаг. Сумын Засаг даргын тамгын газрын ажилтнууд энэ хэдэн өдөр бүхэлдээ наадмын зохион байгуулалтад дайчлагдана. Мөн наадам зохион байгуулахад орон нутгийн төсвөөс чамгүй мөнгө зарцуулчихна. Бусад сумынхан шинэ цолтны наадмаа сайхан хийгээд байхад бид юунаас нь дутдаг юм гэх монгол зан үүнд нэрмээс болно.

Зөвхөн бөхийн тухайд ярихад ийм байна. Үүнээс гадна харваачид, шинэ цолны болзол хангасан уяачдын наадам гээд цааш үргэлжилнэ. Тийм харваачийн мэргэн цолны мялаалга наадам, ийм уяачийн алдрыг тэмдэглэх наадам гээд зөндөө л сонссон байх. Тэр ч байтугай хүүхдийн сэвлэг үргээх баярт зориулан бэсрэг наадам хийж, морь уралдуулах үеэр нэг нөхөр хоёр настай хүүхдээ морин дээр баглаж уяад уралдуулсан гэх дуулиан өнгөрсөн жил гарч байлаа. Аав нь тухайн үед торгуулаад өнгөрсөн санагдана. Гэхдээ даахины найранд зориулж бэсрэг наадам хийнэ гэдэг арай л дэндүү аархал уу.

Жижиг хэмжээний ганц наадам зохион байгуулахад хамгийн багадаа 20 сая төгрөгийн зардал гардаг гэх багцаа бий. Бөх, морь, сур харвааны бай шагнал, дуучдын үнэ хөлс, ирсэн зочдыг дайлж цайлах мөнгө болон зохион байгуулалтын бусад зардал багтаад энэ. Арай том, хөлтэйхөн наадам хийнэ гэвэл энэ зардал улам өсөх нь тодорхой. Өнгөрсөн зун манай нэгэн алдартай аваргад зориулсан наадам баруун аймгийн төрсөн суманд нь болж өнгөрлөө. Хамгийн гол нь эл наадмын бүх зардал тухайн сумын төсөрхөн төсвийг шавхаад зогсохгүй сумын албан хаагчдын цалингаас татаас авч байж нэг юм зохицуулсан тухай чих дэлслээ.

Ингэж наадамлаад цэнгэл авдаг гэвэл нэн харамсалтай биш гэж үү.

Гэтэл ийм хэмжээний зардалтай наадам 21 аймаг, 330 суманд жил бүр хэд хэдээрээ болж байна гээд төсөөл дөө. Ямар их үргүй зардал урсаж байгаа бол. Наадам хийж буй энэ мөнгөөр сумандаа ганц боловсон жорлон барьчих сэтгэл даанч алга даа.

Наадмын маргааш намар гэж монголчууд ярьдаг. Наадамлаж дууссан бол намар, өвлийн бэлтгэлээ эртхэн базаахыг сануулсан үг. Хотынхон ч яахав, дулаан хувцсаа зэхсэн байхад өвлийн бэлтгэл ерөнхийдөө болоод явчихна. Харин хөдөөгийн малчдын хувьд хадлан тэжээлээ бэлдэхээс авахуулаад хийх ажил мундахгүй. Гэтэл зуны сарыг зургаа юм шиг санаж наадамласаар анхны цас унахтай зэрэг гэнэт ухаарсан мэт сандардаг арчаагүй малчин өчнөөн бий. Тэгээд өвөл нь болохоор хотоо харлуулчихаад зуд турханд хамаг буруугаа чихээд сууж байх вий.

Сүүлийн үед малаа саадаггүй залхуу малчин олширсон гэж ярьдаг нь үнэний ортой. Одоо хот байтугай хөдөөд цагаан идээ нүдний гэм болсныг хүн бүр хэлдэг. Бидний багад захын нэг малчныхаар ороход цагаан идээгээр бялхаж байдаг сан. Хотоос ирсэн хамаатнууддаа даавуун уут дүүрэн хийж өгөөд явуулна. Харин одоо ингэж цагаан идээгээр халгиж цалгисан айл хэр олон байгаа билээ. Монгол 60 сая малтай хэрнээ 15 мянган төгрөгөөр ганц кг мах авч, ааруулын үнэ 20 мянгыг давж, сүүнийхээ 80 хувийг импортоор авч буй нь эмгэнэл биш гэж үү. Гэвч энэ бүгдийг тоож, анхаарлаа хандуулах ч сөхөөгүй наадамлаж, өдөр хоногийг өнгөрөөсөөр. Ерөнхий сайд анхааруулсаар байтал ийнхүү үл тоосон наадамчин монголчууд байгаль эхийн ниргэлт амсаж байж оройд нь орох гээд байх шиг санагдах юм.