A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3271/

Ярианы бэрхшээлтэй хүмүүсийг “яриулдаг” Shuvuu аппликэйшн

Ярианы бэрхшээлтэй хүмүүсийг “яриулдаг” Shuvuu аппликэйшн
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3271/

- Энэ апп-ын хамгийн гол хэрэглэгчид нь харвалт өгсөн хүмүүс болжээ
- Shuvuu апп-ын нэг давуу тал нь интернэтгүй орчинд ашиглах боломжтой. Нэг удаа татаад авчихсан байхад хөдөөгийн уулын мухарт ч ашиглаж болно


Монголд аутизмтай 18 мянга орчим хүн байдаг гэсэн статистик бий. Мөн жилд 6-7 мянган хүн харвалт өгдөг аж. Хөгжлийн бэрхшээлтэй гэх ангилалд багтах эдгээр хүмүүсийн нэг адил тал нь хэл ярианы чадвар муудах явдал. Зарим аутизмтай хүн насан туршдаа ярьж чадахгүй байх тохиолдол ч бий. Хүндхэн харвалт өгсөн хүмүүс мөн л хэлж ярьж, өөрийгөө ойлгуулах чадваргүй болдгийг бид мэднэ. Тэгвэл харилцааны тал дээр бэрхшээлтэй нүүр тулж яваа тэдэнд туслах зорилготой Shuvuu аппликэйшний талаар танилцуулъя. Анх 1970-аад онд ярианы бэрхшээлтэй хүмүүс зурагт карт ашиглан бусадтай харилцах технологи АНУ-д нэвтэрч байв. Өвөр дотроо авч яваа олон картнаас “кофе” гэснийг нь сугалаад гаргаад ирвэл кофе уухыг хүсэж байна гэж ойлгогдоно. Харин орчин үед энэ аргыг дижитал хэлбэрт шилжүүлж, гар утасны апп байдлаар ашиглах арга нэвтэрсэн нь маш олон хүнд хүрчээ. Өдгөө дэлхий даяар ярианы бэрхшээлтэй хүмүүст зориулсан дөрвөн мянга гаруй апп байдаг гэнэ. Иймэрхүү апп-ыг хэрхэн хэрэглэдэг талаар товчхон   тайлбарлая. Апп дотроо үйл үг, тэмдэг нэр, хоол, хувцас, автобус унаа... гэх мэт янз бүрийн цэстэй. Цэс рүү нь орохоор хэрэгтэй зүйлсийн зураг нь байна. Улмаар “би”, “хоол”, “идмээр байна” гэсэн гурван зураг дээр дарахад таны өмнөөс “ярьж”, юу хүсээд байгааг чинь бусдад ойлгуулна гэсэн үг. Цэсээ өөрөө нэмж болдог учир ямар ч сэдвийн яриаг шинээр оруулах боломжтой. Банк санхүүгийн байгууллагаар үйлчлүүлдэг хүн энэ төрлийн үгсийг апп-даа шинээр нэмэхэд л болоод явчихна. Ингээд банкинд очоод “Би тэтгэврийн зээл авмаар байна” гэж хэлж чадна. Тэгвэл ярианы бэрхшээлтэй хүмүүсийг “хэлд оруулах” шидтэй тус апп-ын монгол хувилбарыг хэдэн залуус бүтээсэн нь Shuvuu гэх нэртэй. Тэд нэгдэн “Шувуу хөгжүүлэгчид” төрийн бус байгууллага байгуулжээ. Shuvuu апп-ыг анх санаачлан хийсэн Б.Алтангэрэл энэ талаар “Миний хүүхэд аутизмтай юм. Ийм хүүхэд юм ярихдаа удаан, өөрийгөө бүрэн илэрхийлж чаддаггүй. Зарим нь бүр насан туршдаа ярьж чаддаггүй. Гэтэл нэг удаа Канзасын их сургуулийн доктор хүнтэй уулзаж ярилцахад ийм аппликэйшн байдгийг хэлсэн юм. Үүнээс хойш аутизмтай хүүхдэд туслах апп зохиох юмсан гэж бодох болсон. Би уг нь байгаль орчны мэргэжилтэй хүн. Апп бий болгож, хөгжүүлэх талаар ямар ч мэдлэггүй. Гэхдээ зорилго байгаа цагт зорьсондоо хүрдэг л юм байна. Эргэн тойрон дахь найз нөхдүүд ч их тусалсан. Ингээд жил хагасын өмнө 250 орчим үгийн сантай анхны апп-аа гаргаж байлаа. Харин одоо үүнийгээ илүү сайжруулсан дараагийн хувилбарыг нь гаргахаар төлөвлөж байна” хэмээн ярьсан юм.ТББ-ын залуус аппликэйшний дараагийн хувилбараа 500 үгтэй, үйл үг нь хөдөлгөөнт  байхаар хийх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Хэрэв сан хүүжилт бүтвэл ирэх оны гуравдугаар сард бэлэн болгохоор төлөвлөж буйгаа дуулгав. “Бид анх аутизмтай хүмүүст л зориулсан апп хийж байна гэж бодсон. Гэтэл явцын дунд хамгийн том хэрэглэгч нь харвалтын дараа ярианы чадвараа алдсан хүмүүс болж таарсан. Монголд жилд 6-7 мянган хүн харвадаг юм байна. Тэдний зарим нь насан туршдаа хэлгүй үлдэх тохиолдол ч бий. Тэд юм ярьж, өөрийгөө ойлгуулж чадахгүй болохоор маш их бухимддаг. Үүнээс болж дахин харвах магадлалтай байдаг гэсэн. Хэрэв дахиж харвасан тохиолдолд 80 хувьд нь ямар ч найдвар байдаггүй юм байна. Тэд ядаж л бие засмаар байна, хоол идмээр байна гэдгээ илэрхийлдэг болчихвол бухимдах нь багасна. Энэ хэрээр дахин харвах магадлалыг бууруулна гэсэн үг. Ер нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бусдаас хамааралтай байхыг хүсдэггүй юм байна гэдгийг апп хөгжүүлэх явцдаа ойлгосон. Тэд бүгдийг бие даан хийхийг хүсдэг. Гэвч зарим зүйлийг чадахгүй болохоороо дотроо их бухимддаг юм байна. Харин энэ апп нэг ч гэсэн бэрхшээлийг нь шийдэж өгч буйгаараа давуу талтай” хэмээн Б.Алтангэрэл ярилаа. Shuvuu апп-ны хэрэглээ зөвхөн ярианы бэрхшээлтэй хүмүүсээр хязгаарлагдахгүй. Монголд ирсэн гадаадын жуулчин энэ апп-ыг утсандаа суулгачихсан байхад ойр зуурын зүйл ойлголцоод байх боломжтой. “Кофе” гэсэн зурган дээр дарахад тэр хүн кофе уухыг хүсэж байна гэдгийг ойлгож, хамгийн ойр байрлах кофе шопыг заагаад өгчихнө гэсэн үг. Түүнчлэн сүүлийн үед гадаадад амьдардаг монголчууд хүүхдэдээ монгол хэл заахын тулд ашиглах болжээ. Өөр оронд өсөж, том болсон зарим хүүхэд монгол хэлээ мэдэхгүй байх нь түгээмэл. Аав, ээж нь тэдэнд монгол хэл зааж өгөх гэж хэрэндээ зүдэрнэ. Харин зарим хүн Shuvuu-гийн тусламжтайгаар хүүхдэдээ монгол хэл заасан нь амжилтад хүрч байгаа талаар илэрхийлэх болсон байна.

Монголд хэл ярианы бэрхшээлтэй 60 мянга орчим хүн бий

Монголд хэл ярианы бэрхшээлтэй 60 мянга орчим хүн байдаг аж. Болж өгвөл тэдэнд бүгдэд нь хүргэмээр байгаагаа хөгжүүлэгчид нь хэлж байлаа. Одоогоор хоёр мянга орчим хэрэглэгчтэй гэсэн. Shuvuu апп-ын нэг давуу тал нь интернэтгүй орчинд ашиглах боломжтой. Нэг удаа татаад авчихсан байхад хөдөөгийн уулын мухарт ч ашиглаж болно гэсэн үг. Ерөнхийдөө буяны зориулалттай болохоор татаж авахад үнэ төлбөргүй. Гэхдээ одоохондоо хөгжүүлэлт хийгдэж  байгаа, хоёр долоо хоногоос хэвийн ажиллагаандаа шилжих аж. “Англи хэл дээрх энэ төрлийн апп-ууд маш сайн хөгжсөн байдаг. Зарим нь бүр 52 мянган үгийн сантай. Ярианы бэрхшээлтэй хүн үүнийг ашиглаад олны дунд илтгэл тавьж байна. Апп дээрээ ажиллаад сурчихсан болохоор жирийн хүмүүс шиг яриа нь урсаад байдаг. Бидний хувьд анхны хувилбараа хандив, найз нөхдийн дэмжлэгээр хийж байлаа. Одоо дараагийн хувилбарыг хийхэд бас л хөрөнгө санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байгаа. Саяхан Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болсон марафон гүйлтийн тэмцээний үеэр хандивын аян өрнүүлээд хоёр сая төгрөг босгосон. Бага багаар цуглуулсаар байгаад гурван мянган доллартай болоод байна. Одоо 500 үгэндээ тохирсон зураг зохионо гэдэг хамгийн том ажил болоод байна. Жишээ нь явах, ирэх хоёрыг зургаар яаж ялгах вэ гэдэг амаргүй ажил юм байна. Энэ мэт бэрхшээл байгаа ч яаж ийгээд ард нь гарна гэж бодож байгаа” хэмээн Б.Алтангэрэл ярьсан. Ямартай ч хэдэн мундаг залуус хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах нэгэн  буянтай ажил эхлүүлж, түүнийгээ улам сайжруулахаар хичээж явна. Монголд харвасан хүн ямар их байдаг билээ. Сүүлийн үед харвалт улам залуужаад байгааг эмч нар хэлдэг. Тэгвэл харвалт өгсөн ойр дотны нэгэндээ бага ч атугай туслах боломж ийн нээгдэж байна. Татаж аваад тэдэнд тусалж, сэтгэлийн зовлонгоос нь хөнгөлөөрэй. Нэр нь Shuvuu шүү.














A

Жижиг

A

Дунд

A

Том

НАСА найман сарыг лабораторид өнгөрөөх сайн дурынхныг хайж байна

 0 сэтгэгдэл

АНУ-ын Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний газарт (NASA) cансрын урт удаан аяллын үед нисгэгчдэд тохиолдож болзошгүй сэтгэл зүйн асуудлыг ойлгож мэдэх зорилготой туршилтад оролцох сайн дурынхан хэрэг боллоо. Ердөө 2024 онд сар руу хүн илгээгээд буцааж авчрах НАСА 2030-аад оны үед улаан нүдэн гараг руу анхны хүн бүхий баг хөөргөх төлөвлөгөөтэй. Энэхүү төлөвлөгөөг биелүүлэхийн тулд техник болон анагаах ухааны бэрхшээлийн зэрэгцээ бие махбодь, сэтгэл санааны болзошгүй хүндрэлийг илрүүлж тодорхойлох шаардлагатай байгаа юм. АНУ-ын НАСА, ОХУ-ын “Роскосмос” агентлаг хамтран явуулах судалгааны хүрээнд Москва дахь анагаах ухаан, биологийн судалгааны хүрээлэнд бүтэн найман сар түгжээтэй байх тур шилтад оролцох хүмүүсийг бүртгэж эхэллээ. Туршилт явуу лах хаалттай барилгыг ОХУ-ын эрдэмтэд бүр 2011 онд “Ангарагийн даалгавар” гүйцэтгэх 105 болон 520 хоногийн туршилтад ашиглаж байжээ. Туршилтын зорилго нь “сарны гадаргад болон улаан нүдэн гараг хүрэх ирээдүйн нислэгийн үеийнхтэй төстэй нөхцөлд сансрын нисгэгчдийг хамт амьдарч сургах”-д оршино. Туршилтад оролцох хүсэлтэй хүн 30-55 настай АНУ-ын иргэн, орос, англи хэлтэй, шинжлэх ухааны салбарт магистр, докторын зэрэгтэй юм уу цэргийн офицер хүн байх шаардлагыг НАСА тавьж байна. Оролцохоор шалгарсан хүмүүст туршилтын хугацаанд боломжийн цалин олгох аж.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Цусан дахь хүчилтөрөгч хэмждэг ухаалаг цаг

 0 сэтгэгдэл

Цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ тодорхойлох чадвартай ухаалаг цагийг БНХАУ-ын Realme компани тавдугаар сарын 25-нд албан ёсоор нийтэд сонирхуулна. Тэгш өнцөгт хэлбэртэй 1.4 инчийн сенсор дэлгэц бүхий уг ухаалаг цаг хэд хэдэн өнгөний сонголт бүхий бугуйвч оосортой. Шинэ загвар хэрэглэгчийн зүрхний цохилт, цусан дахь хүчил төрөгчийн хэмжээг долоо хоног, 24 цагаар хянаж мэдээллийг нь дэлгэцнээ гаргаж байх юм. Эрүүл мэндийн хяналтын функцийн зэрэгцээ мөн гүйлт, алхаа, одон бөмбөг, сагсанбөмөг, бадминтон, хөл бөмбөг, фитнесээр хичээллэх горим, сошиал сүлжээ, мессенжерт ирсэн мэдээллийг сануулах функцтэй. Тус цагны зай хураагуурын багтаамж 160 мА-цаг.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Коронавирус илэрмэгц маск нь гэрэлтэнэ

 0 сэтгэгдэл
  • Дэлхийн улс орнууд халдвар илрүүлэх тестэд хугацаа алдаж буй төвөгтэй нөхцөлд халдвар тээгчийг шуурхай илрүүлэх хэрэглүүр чухал болж хувирлаа

Профессор Жим Коллинз шинэ төрлийн коронавирусийн халдвар тархахаас өмнө цар тахлын аюулд түгшиж явсан судлаачийн нэг юм. Массачусетсын технологийн их сургууль (МТИС) дахь түүний биоинженерчлэлийн лаборатори Эбола вирус илрүүлэх чадвартай сенсорыг 2014 оноос хөгжүүлж эхэлсэн ч судалгаа нь явцын дунд зогссон. МТИС болон Харвардын их сургуулийн эрдэмтдийн хамтарсан баг хожим нь 2016 онд өөрсдийн технологио Зика вирусийн эсрэг чиглүүлж өөрчилсөн судалгааныхаа тайланг хэвлэлд нийтэлжээ. Тус баг энэ удаа технологио коронавирусийн цар тахалд нийцүүлэн дахиад өөрчлөх шаардлагатай тулгарав. Коронавирусийн халдвартай хүн амьсгалах, ханиах, найтаахад гэрэлтдэг амны маскийг тэд хөгжүүлж байна. Хэрэглээнд амжилттай нэвтэрч чадвал энэхүү технологи биеийн халуун хэмжих зэрэг өвчин илрүүлэх бусад аргын дутагдлыг нөхөх юм. 

“Нисэх буудлаар үйлчлүүлж буй зорчигчид онгоцонд суухаар дамжин өнгөрдөг транзит цэгүүдэд ийм технологи нэвтрүүлснээр үүсэх өөрчлөлтийг төсөөлөөд үз. Та бид ажилдаа ирж очих замдаа ийм маск хэрэглэж ч болно. Эмнэлгийн хүлээлгийн өрөөнд хүлээж суугаа үйлчлүүлэгчдэд халдварын урьдчилсан тест байдлаар ийм маск зүүлгэж ч мөн болно” хэмээн Коллинз ярьж байна. Халдварын голомтод ажиллаж буй эмч нар өвчтөний сорилын дээжийг лабораторид илгээхийн оронд ийм маск ашиглаж ч болно. Дэлхийн улс орнууд халдвар илрүүлэх тестэд хугацаа алдаж буй төвөгтэй нөхцөлд халдвар тээгчийг шуурхай илрүүлэх хэрэглүүр чухал болж хувирлаа. Тэдний лабораторийн хүрээний төсөл дөнгөж эхэн шатандаа яваа ч эхний үр дүн маш сайн байгааг тэрбээр тайлбарласан юм.

Коллинз тэргүүтэй төслийн баг хөгжүүлж буй сенсороо сүүлийн хэдэн долоо хоногт хүний шүлсний дээжээс коронавирус илрүүлэх чадвартай болгон сайжруулахад чиглүүллээ. Сенсор бүхий хувийн хамгаалалтын хэрэгслийн хийц дизайныг ч янз бүрийн хувилбараар туршиж байна. Тус лаборатори сенсорыг маскны дотор талд байрлуулах, эсвэл нэмж болдог модул хэлбэртэй байх нь оновчтой эсэхийг хэлэлцэж байгаа юм. Сенсорын концепт загварыг ойрын хэдэн долоо хоногт багтаан нийтэд танилцуулахаар тус баг төлөвлөж байна. МТИС-ийн биоинженерчлэлийн лабораторийн хөгжүүлж буй сенсор 2018 оны байдлаар SARS, улаан бурхан, C гепатит зэрэг олон өвчний вирусийг илрүүлж чадсан юм. “Бид анх хямд төсөр цаас ашиглаж оношлох арга үүсгэхээр судалгаагаа эхэлсэн. Харин сенсор маань хуванцар, кварц, бөс даавуун дээр хүртэл ажиллаж байгаа” хэмээн профессор тайлбарлав. Сенсор нь вирусийн генийн ДНХ, РНХ материалаас бүрдэнэ. Эдгээр материалыг бас даавуунд тусгай аргаар хатааж хөлдөөгөөд “нэвчүүлдэг” нь тасалгааны агаарын хэмд хэдэн сарын турш “амьд” байх чадвартай. Шүлс, цэр зэргээр дамжих чийг уг сенсорыг өдөөж, улмаар коронавирусийн генийн дараалал сенсорт илрэх үед маск гэрэлтэх юм байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Waymo робомашины туршилтаа сэргээлээ

 0 сэтгэгдэл

АНУ-ын автомат жолоодлогот тээврийн хэрэгсэл хөгжүүлэгч Waymo компани COVID-19 цар тахлын улмаас бүтэн хоёр сар зогсоосон робомашины туршилтаа тавдугаар сарын 11-нээс Аризона мужид сэргээлээ. Одоогоор зөвхөн Финикс хотод эхлээд буй туршилтын ажиллагаа удахгүй Сан-Франциско, Детройт, Лос-Анжелесыг хамрах юм. Туршилт эхлүүлэх шийдвэрийг “муж улсын засгийн газар, орон нутгийн удирдлага, түнш, хөгжүүлэх багийнхантай хэлэлцэн тохиролцсоны үндсэнд гаргасан” болохоо компани тайлбарлав. Аризонад үйлчилж буй хөл хорио тавдугаар сарын 15-нд дуусгавар болох ёстой. Харин эрүүлийг хамгаалах салбарын мэргэжилтнүүд тус муж улсад дэгдээд буй COVID-19-ийн тархалт оргилдоо хүрч амжаагүй байгааг анхааруулсаар. Өвчний тархалтын загварчлал үүсгэх, цар тахлын цаашдын явцын талаар таамаг дэвшүүлэхийг өөрт нь хориглосон талаар муж улсын засгийн газартай хамтран ажилладаг эрүүлийг хамгаалах байгууллагын ажилтан саяхан Washington Post-д ярилцлага өгөхдөө дурдсан. Автомат жолоодлоготой машины туршилтаас эхэлж буй уг арга хэмжээ нь Waymo One робо таксийн үйлчилгээг бүрэн сэргээх үйл ажиллагааны эхний шат хэмээн компани тайлбарлав. Туршилтад оролцох ажилтнуудыг хувийн хамгаалалтын хэрэгслээр хангахын зэрэгцээ туршилт явуулах объёкт, автомат тээврийн хэрэгслийн парк, автомашинуудыг өдөрт хэд хэдэн удаа халдваргүйжүүлж байх юм.