A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3337/

Ё.Ганболд: Нөхөн үржихүйн эрхтэн хадгалах хагалгааг Монголд анх удаа хийсэн

Ё.Ганболд: Нөхөн үржихүйн эрхтэн хадгалах хагалгааг Монголд анх удаа хийсэн
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3337/
  • Өсөлтгүй жирэмслэлт, үрэвсэлт өвчин ихэссэнээс үүдэн умайд хийх ажилбар нэмэгдсэн
  • Нөхөн үржихүйн эрхтнийг үлдээж, аварна гэдэг эхчүүд эмэгтэйчүүд, цаашилбал гэр бүлд нь хамгийн том баяр баясал үлдээж байна гэсэн үг


Ихэс түрүүлэх, ихэс шигдэх эмгэгийн хүндрэлийн үед эрхтэн хадгалах хагалгааг Монгол Улсад хийдэг болжээ. Эмчилгээний энэхүү шинэ аргыг нэвтрүүлсэн нийслэлийн “Амгалан” амаржих газрын Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, Ё.Ганболдтой ярилцлаа.


-Та бүхэн ихэс түрүүлэх эмгэгийн хүндрэлээс үүдэлтэй эрхтэн хадгалах хагалгааг анх удаа хийжээ. Энэ хагалгааг өмнө нь ямар шалтгааны улмаас хийх боломжгүй байсан бэ?

-Сүүлийн жилүүдэд дэлхий дахинд кесарево (кесар) буюу хийсвэр хагалгаагаар төрөх явдал ихэссэн. Манай оронд ч энэ хагалгаагаар төрөх давтамж нэмэгдэж байна. Уг хагалгааны давтамж нэмэгдсэн, эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин ихэссэн, умайд хийх ажилбарын тоо өссөн зэргээс үүдэн ихсийн буруу байрлалт буюу ихэс түрүүлэлт жирэмслэлтийн цөөнгүй тохиолдолд илэрдэг болсон. Тэр тусмаа олон удаа кесар хагалгаанд орсон эмэгтэйчүүдийн сорви руу буруу байрласан ихэс наалдаж улмаар давсаг руу шигддэг. Энэ бол эхийн амь насанд аюултай хүндрэл. Ихэс умайн ёроол буюу их биед байрлах үед хамгийн зузаан гурван давхар булчинд бэхлэгдэх ёстой. Гэтэл умайн доод хэсэг буюу умайг тагласан хэсгийн булчин маш нимгэн байдаг. Тиймээс эмчилгээний энэ арга барилыг бид нэвтрүүлэхээр шийдэж, амжилттай хэрэгжүүлээд байна. Өмнө нь ийм эмчилгээ нэвтрээгүй байсан учраас энэ хагалгааг Монголд хийдэггүй байсан. Харин энэхүү эмчилгээг нэвтрүүлсэн нь НЭМГ-аас жил бүр олгодог “Сайн туршлага” арга хэмжээний Эмчилгээний шинэ арга технологи төрөлд дэд байр эзэлсэн. Бид хагалгааны арга аргачлал, өөрсдийн багахан туршлагаа түгээхээр ажиллаж байна.

-Хагалгааны аргачлалыг хэрхэн нэвтрүүлэв. Баг хамт олныхоо талаар танилцуулбал?

-Би 2016 онд Москва хотод сургалтад суусан юм. Тэр үеэр энэ хагалгааг хийж эхлэх санаа төрсөн. Улмаар гадны орнуудаас туршлага судалж 2019 оны гуравдугаар сараас ихэс түрүүлсэн, ихэс шигдсэн үед умайг өөлж, эрхтэн хадгалах хагалгааг хийж эхэлсэн. Жирэмсний эмгэгийг эмчлэх тасгийн эмч Ч.Хонгорзул, Н.Төгсбаяр, Эрчимт эмчилгээний эмч Б.Бямбадагва, Б.Батсайхан болон миний бие баг болж, ажиллаж байна. Ур чадвар нэлээд шаарддаг, эрсдэл өндөр хагалгаа учир нэг баг болж ажиллаж байж л эмчилгээг амжилттай хийж байна. Түүнээс гадна хагалгааны сувилагч, нярайн эмч, эх баригч гээд арваад хүний бүрэлдэхүүнтэй баг ажилладаг.

Ихэс түрүүлэх үед доод тал нь 3 литр цус алдах эрсдэлтэй


-Одоогоор хэчнээн эхэд эрхтэн хадгалах хагалгаа хийсэн бэ. Нөхөн үржихүйн эрхтэн хадгалах хагалгааны ач холбогдлын талаар ярихгүй юу?

-Одоогоор арав гаруй хагалгаа хийсэн. Энэ хагалгаа хэд хэдэн төрлийн ач холбогдолтой. Тухайн эмэгтэйн бүх эрхтэн бүрэн бүтэн үлддэг. Дахин төрөх боломжтой, цус алдалт багасна, ор хоног цөөрнө гэх мэт. Хагалгаа хийсэн тохиолдлуудаас хүндэрсэн, дахин хагалгаа хийсэн үзэгдэл гарсангүй. Шинэ зүйл учраас эрсдэл байгаа. Харин бид цаашдаа улам боловсронгуй болгож, нутагшуулахаар ажиллаж байна. Тэр ч үүднээс бид оюуны өмчийн газар материалаа илгээсэн.

-Хагалгааны аргачлалыг энгийн үгээр тайлбарлаж өгөхгүй юу?

-Түрүүлсэн ихэс гадагшаагаа судасжилт үүсгэж, зэргэлдээ эрхтэнд шигддэг. Өөрөөр хэлбэл, ихэс умайгаас хальж, түүний улмаас судасжилт үүсэж, эрхтэн гэмтэх аюултай. Хүүхдийг кесар хагалгаагаар авахын тулд умайд 12-18 см зүсэлт хийнэ. Гэтэл энэ үед умайн судсаар минутад 700 мл цус эргэлдэж байдаг. Тэгэхээр цус алдах эрсдэл үүснэ гэсэн үг. Хагалгаа эхлэх үед үүссэн бүх судаснуудыг боож, умайн ёроолд зүсэлт хийж хүүхдийг авч, умайн доод талын нимгэрсэн хэсэг буюу эвэрхий үүссэн хэсгийг өөлж, ихсийг гарган, нөхөн сэргээх мэс засал хийнэ. Ихэс түрүүлэх үед доод тал нь 3000 мл цус алдах эрсдэлтэй байдаг. Энэ бол нэлээдгүй аюултай, эрсдэл дагуулсан хагалгаа. Эмэгтэй хүний хамгийн ариун эрхтэн бол умай. Эмэгтэй хүн анх сарын тэмдэг ирэхэд баярлах ёстой бол үүний дараа үр хүүхдээ хараад баяр баясал үздэг. Хүнд илүү эрхтэн гэж байхгүй. Энэ эрхтнийг үлдээж, аварна гэдэг эхчүүд эмэгтэйчүүд, цаашилбал гэр бүлд нь хамгийн том баяр баясгалан үлдээж байна гэж болно.

-Ихэс түрүүлэх, шигдэх эмгэг үүсэхэд олон хүчин зүйл нөлөөлдөг үү. Яг энэ эмгэгийн талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юү. Гол төлөв ямар шалтгааны улмаас энэ төрлийн хүндэрдэг юм бол?

-Сүүлийн үед өсөлтгүй жирэмслэлт, амьгүй төрөлт, эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин ихэссэнээс үүдэн умайд хийх мэс ажилбар нэмэгдсэн. Умайд ямар нэг ажилбар хийж, салст бүрхэвчинд нь өөрчлөлт орсон учраас ихэс умайн доод хэсэгт буюу буруу газар бэхлэгдэж байна. Нэг хэсэг зах дээрээс янз бүрийн эм авч, ууж зулбах тохиолдлууд их гарсан. Үүнээс болж умайг цэвэрлэх ажилбар хийдэг байсан. Эдгээрээс гадна кесар хагалгааны давтамж нөлөөдөг. Жишээлбэл, тав дахь кесар хагалгаа байх юм бол нийт хагалгааны 67 хувьд нь ихэс түрүүлэх эмгэг үүсдэг гэсэн судалгаа бий.

-Ихэс түрүүлэх эмгэгийн үед жирэмсэн эхэд ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Жирэмсний эхний саруудын үед цус алдах шинж тэмдэг илрэх нь бий. Ер нь эмэгтэй хүн жирэмсэн болмогцоо эхний гурван сарын дотор хяналтад заавал орох ёстой. Тухайн эх хүүхдээ тээж чадах уу, янз бүрийн халдвар байна уу, эрт хугацаанд жирэмслэлтийг зогсоох уу, эмчлэх үү гээд олон асуудал бий. Мөн жирэмсний таван сарын дотор ургийн гажгийг оношилдог. Ихэс түрүүлэлт оношлогдсон нөхцөлд эмнэлгийн онцгой хяналтад байлгадаг. Дотуур үзлэгийг ч хориглодог. Яагаад гэвэл ихэс умайн хүзүүг тагласан байдаг учраас үзлэгийн үед цус алдах эрсдэлтэй.

-Үр хөндөлтийг эмийн болон мэсийн гэсэн хоёр аргаар хийдэг. Эмийн аргаар үр хөндүүлсэн эмэгтэйчүүдэд ч бас энэ эмгэг тохиолдох эрсдэлтэй юу? 

-Үр хөндүүлэх мэс ажилбар бол хүний гарын баримжаагаар далд хийгддэг хамгийн аюултай ажилбар. Эмээр үр хөндүүллээ гэж бодъё. Доошоо юм гарч байх үед үрэвсэл үүсэж, халдвар орох юм бол мөн л умайн салстыг гэмтээнэ. Өгсөх замын халдвар орох эрсдлийг үгүйсгэхгүй шүү дээ.

-Монгол эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдох өвчлөлийг умайн хүзүүний хорт хавдар тэргүүлж байна. Гэтэл умайн үрэвсэлтэй, өмнө нь үр хөндүүлж байсан эмэгтэйчүүдэд ихэс түрүүлэх эмгэг тохиолдох нь элбэг. Эмэгтэйчүүдийн өвчлөл газар авахад ямар хүчин зүйл нөлөөлж байна?

-Эмэгтэйчүүдийн хорт хавдрын нэгдүгээрт умайн хүзүүний хорт хавдар орж байна. Манай эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд маш муу. Нэг талдаа өмнө нь оношилж чаддаггүй байсан бол лабораторийн боломж сайжирсны хэрээр өвчлөлийн тоо нэмэгдсэн. Охид эрүүл бол улс эрүүл. Нөхөн үржихүйн гол үүргийг эмэгтэйчүүд л үүрнэ. Умайн хүзүүний хавдар үүсэхэд хүний биед байдаг хөхөнцөр вирус нөлөөлдөг. Мөн бэлгийн ганцхан хавьтагчтай байх хэрэгтэй. Жилд төрөлхийн тэмбүүтэй 50 хүүхэд төрж байна шүү дээ. 

өрөлхийн тэмбүүтэй хүүхэд эмчлэгддэг үү. Цаашдаа эрүүл мэндийн ямар нэгэн асуудал, бие эрхтний хөгжилд нөлөөлөх нөлөөлөл бий юу?

-Эмчлэгдэнэ. Гэхдээ вирус эмчлэгдэх боловч насан туршдаа тээгч болж амьдарна. Хүүхэд эцэг эхдээ л гомдох байх. Нарийн судалгааны дүн байхгүй. Энэ талаар цаашид судлах хэрэгтэй.

-Эдгээр нь иргэдийн эрүүл мэндийн боловсрол сул байгаатай холбоотой юу? 

-Тийм шүү. Эмэгтэйчүүд ч гэлтгүй манай иргэдийн эрүүл мэндийн боловсрол маш муу. Эрүүл мэндийн хичээлийг стандартын дагуу орохгүй байна. Хичээлийн цагийг гүйцээхийн тулд биологи эсвэл химийн багш бүр цаашлаад биеийн тамирын багшаар эрүүл мэндийн хичээл заалгаж байна. Хичээл ороод байгаа мэт боловч үр дүн багатай. Мөн цахимаар дамжуулан ам дамжсан зүйлсийг их хэрэглэх болжээ. Шинжлэх ухааны нотолгоонд суурилсан эмчилгээ л хийлгэх хэрэгтэй. Ер нь манайхны хувьд хүний эрүүл мэнддээ анхаарах анхаарал маш сул. “Эрүүл монгол хүн”, “Элэг бүтэн Монгол хүн”, “Хавдаргүй Монгол” гээд маш олон хөтөлбөр хэрэгжиж байна. Урьдчилан сэргийлэх үнэ төлбөргүй үзлэгт ор оо гээд зарлаж байхад ирэх хүн олдохгүй. Энэ бол хувь хүн болоод эрүүл мэндийн тогтолцоотой холбоотой. Эрүүл мэндийн үйлчилгээний үнэ өртөг бага байна. Гадны орнуудад бол өвдлөө гэхэд тухайн хүний эдийн засагт маш хүчтэй нөлөөлдөг, хамаг байдгаа л өгдөг учраас өвдөхөөс өөрийгөө урьдчилан сэргийлж байдаг.

-Жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд ямар төрлийн өвчлөл түгээмэл байна вэ. Жирэмслэхээс өмнө залуу гэр бүлүүд юуг ан-хаарч, энэ төрлийн эмгэг, жирэмсний бусад үеийн хүндрэлээс сэргийлэх ёстой вэ? 

-Жирэмсэн гэлтгүй эмэгтэйчүүдийн дунд шээс, бэлгийн замын халдвар их байна. Ер нь бөөр нь өвддөггүй эмэгтэй хүн нүдний гэм болжээ. Мөн ходоод, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл их байна. Эрүүл эхээс л эрүүл хүүхэд төрнө. Бүх эрхтэн систем, сэтгэл санааны хувьд эрүүл байгаа хүнийг л эрүүл гэнэ. Түүнээс биш зөвхөн өвчлөлийн тухай ярьж байгаа юм биш. Бие нь эрүүл ч гэсэн стресстэй, сэтгэл зүйн хувьд хүчирхийлэл дарамтад өртсөн байх юм бол эрүүлд тооцохгүй. Тохиолдлоор жирэмсэн болно гэдэг өнгөрсөн зууны асуудал. Одоо бол төлөвлөж, биеэ бэлдэж байж ээж болох ёстой. TORCH буюу таван төрлийн вирусийн халдварын шинжилгээг нөхрийнхөө хамт өгөх шаардлагатай. Жишээлбэл, уруул дээр юм гарахаар манайхан “хомхоо долоолоо” гэж яриад байдаг. Энэ бол герпес гэх вирусээс үүдэлтэй халдвар. Энэ вирусийн идэвхжил өндөр, эмчлүүлээгүй эмэгтэйгээс амьгүй ураг гарах магадлал 50 хувь байдаг.

















A

Жижиг

A

Дунд

A

Том

Т.Мөнхсайхан: Харилцааны соёл, өвчтөн, үйлчлүүлэгчдэдээ үйлчилж буй хандлагаар нь тооцож эмч, ажилтнууддаа урамшуулал олгоно

 0 сэтгэгдэл
  • “Хандлагын 10 хувь” урамшууллын систем маань эрүүл мэндийн салбарт өөрчлөлт авчирна

Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн ерөнхий захирал, анагаах ухааны магистр, докторант, клиникийн профессор Т.Мөнхсайхантай ярилцлаа.

-Танай эмнэлгийнхэн “Хандлагын 10 хувь”  урамшууллын талаар ид ярьж байна. Та эмнэлгийн эмч нартаа ямар нэгэн урамшуулал олгохоор шийдээ юу?

-Иргэдийн хувьд улсын эмнэлгүүдийн эмч, ажилтнуудын харилцаа, хандлагад сэтгэл дундуур, шүүмжлэлтэй байх нь олонтаа байдаг. Бусад хөгжилтэй оронтай харьцуулахад манай улсын эмнэлгүүдийн эмчилгээний арга технологи ижил ч үйлчилгээний соёл, эмч, эмнэлэгийн ажилтны хандлагад тулгуурлан гадны эмнэлэг мундаг, илүү гэх тохиолдол иргэдийн дунд байдаг. Манай эмнэлгийн хувьд дэлхийн жишигт, тэр дундаа эхний ээлжинд Ази, Номхон далайн орнуудын эмнэлгийн түвшинд хүрсэн эмчилгээ, оношилгоо, үйлчилгээтэй эмнэлэг болох том зорилготой. Иймээс дээр хэлсэнчлэн бид эмч, эмнэлгийн ажилтныхаа хандлагыг өөрчилж, иргэдэд ойр, дотно үйлчилгээг бүрдүүлэх нь эхний томоохон алхмуудын нэг гэж үзэж энэ ажлыг эхлүүлж байна. Энгийн мэт сонсогдож байгаа ч бодлогоо хэрэгжүүлэх түлхүүр алхам болно. Тиймээс зургаадугаар сарын 01-ээс эхлэн “Хандлагын 10 хувь” урамшууллын системийг эмнэлгийнхээ нийт 810 ажилтанд хэрэгжүүлэхээр болоод байна. Үйлчлүүлэгчээс тухайн ажилтны нэр дээр гомдол санал ирэхгүй бол хандлагын урамшууллаа авна, эсэргээр гомдол, шүүмжлэл баримт, нотолгоотой ирвэл урамшуулал авах боломжгүй. Товчхондоо “Хандлагын 10 хувь” урамшууллыг харилцааны соёл, өвчтөн, үйлчлүүлэгчдэдээ үйлчилж буй хандлагаар нь тооцож олгоно гэсэн үг.

-Сайхан санаа байна. Гэхдээ та санхүүгийн эх үүсвэрээ тооцсон уу. Танай эмнэлэг төсвөөс санхүүждэг. 800 гаруй хүнд дээр 10 хувийн шагнал өгөхөөр төсөв мөнгө чинь хүрэлцэхгүй биз дээ?

-Манай эмнэлгийн хувьд санхүүгийн хагас бие даасан байдал руу энэ оны дөрөвдүгээр сарын 01-ээс эхлэн шилжээд байна. Өмнө нь ЭМЯ-аас улсын эмнэлгүүдэд төсөвт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөг жил бүр баталж өгдөг. Төлөвлөгөөг давуулан биелүүлсэн тохиолдолд давуулан биелүүлсэн орлого улсын төсөвт татагддаг бөгөөд эмнэлэгт тухайн орлогыг зарцуулах эрх байдаггүй байсан. Хоёр жилийн өмнөөс давуулан биелүүлсэн орлогын тодорхой хувийг эмнэлгийн үйл ажиллагаа, эмч эмнэлгийн ажилчдын урамшуулалд зарцуулах боломж бүрдсэн. Санхүүгийн хувьд хагас бие даасан байдалд шилжсэний гол давуу тал нь эмнэлэг орлогоо нэмэгдүүлэх, менежмент хийх, түүнийгээ захиран зарцуулах эрх нь эмнэлгийн ТУЗ-д шилжсэн. Тиймээс бид санхүүгийн зохицуулалт хийж эмч, эмнэлгийн ажилчдаа урамшуулах, цаашлаад цалин нэмэх механизмыг бүрдүүлэх боломжтой болж байгаа юм. Бид 2024 он хүртэлх төлөвлөгөөгөө батлуулан орлогоо нэмэгдүүлэх ажлуудаа маш эрчимтэй хэрэгжүүлэн ажиллаж байна. Ирэх есдүгээр сар гэхэд 2020 оны төлөвлөгөөт ажлууд бүгд хэрэгжиж, үр дүнгээ өгч эхэлнэ гэж тооцож байна. Энэ эрчээрээ төлөвлөгөөний дагуу ажиллахад ирэх оны нэгдүгээр сар гэхэд эмнэлгийн эмч, ажилчиддаа 30 хувийн цалингийн нэмэгдэл олгох боломж бүрдэнэ гэж тооцоолж байна.

-Хэн сайн ажилласан, хэн чадал чадвартай нь илүү үнэмлэмжтэй байх ёстой...

-Тэгэлгүй яахав. Бид цаашид гүйцэтгэлээр нь цалин, урамшууллыг тооцох системийг төгөлдөржүүлэх бодолтой байна. Өнөөдөр их, бага ажилласны ялгаа цалин, урамшууллын тогтолцоон дээр бага байна. Тиймээс хэн сайн ажиллана тэр хүн цалин орлого сайтай байх шудрага тогтолцоог бүрдүүлэх нь чухал юм.

-Таны ярианаас УНТЭ-ийн ирэх дөрвөн жилийн төлөвлөгөө болон батлагдсан гэж ойлголоо?

-Намайг ажлаа авахад УНТЭ 2015 оноос хойш стратеги төлөвлөгөөгүй ажиллаж байсан. Ингээд бид бүхэн эмнэлгийнхээ бүх эмч, ажилчид, эрдэмтэн судлаачид, иргэд, үйлчлүүлэгчдээсээ санал, судалгаа авч, төлөвлөгөө боловсруулан удирдлагын багаараа хэлэлцэн 2020-2024 он хүртэлх хэмжигдэхүйц, бодитой, хэрэгжихүйц стратеги төлөвлөгөөгөө батлан гаргасан. Стратеги төлөвлөгөөндөө хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр, оношилгоо эмчилгээний дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэн нутагшуулах, байгууллагын бие даасан байдлыг хангах менежментийн арга барилыг нэвтрүүлэн, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, сургалт эрдэм шинжилгээ судалгааны түвшинг олон улсын жишигт хүргэх, эрсдэлгүй ээлтэй орчин, тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулах гэсэн тэргүүлэх таван чиглэлийг оруулсан. Уг төлөвлөгөөнд орлогоо нэмэгдүүлэх, эмчилгээ оношилгооны төрлөө сайжруулж дэлхийн түвшинд өрсөлдөхүйц “тоглогч” болох, эмч мэргэжилтнүүдийнхээ мэдлэг чадварыг бодлого, төлөвлөттэйгээр дэмжих, цалин урамшууллаа нэмэгдүүлэх, ард иргэддээ төвөг чирэгдэлгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зэрэгт голлон анхаарч ажиллахаар тусгасан. Бид стратеги төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлснээр дөрвөөс таван жилийн дараа эмч, эмнэлгийн ажилчдынхаа цалинг хоёроос гурав дахин нэмэгдүүлэх боломж бүрдэнэ хэмээн харж байна. Энэ төлөвлөгөөнд тусгагдсан 2020 оны зорилтын хүрээнд эмнэлгийн ажилчдадаа “Хандлагын 10 хувь”-ийн урамшууллын системийг олгохоор болсон. “Хандлагын 10 хувь” бол том төлөвлөгөөний нэг хэсэг бас төлөвлөгөө зөвхөн цаасан дээр биш амьдралд хэрэгжиж буй жишээ гэж үзэж болно.

-Төлөвлөгөө бүр сайхан амлалт, тэмүүлэл байдаг л даа. Гэхдээ төлөвлөгөө санхүүгийн бололцоо, хөрөнгө оруулалт, орлоготой байж л хэрэгждэг. Танй эмнэлэг орлогоо яаж нэмэгдүүлэхээр төлөвлөсөн бэ?

-Бид бүхэн орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр долоон үе шаттай төлөвлөгөөг боловсруулсан. Үүнд хамтран ажилладаг түрээслэгч нартаа нээлттэй, үнийн өрсөлдөөнт сонгон шалгаруулалтыг бий болгох, амбулаторийн эмийн санг ашиглалтад оруулах, зөв худалдан авалтыг бэлтгэн нийлүүлэгчээсээ хийх менежментийг хэрэгжүүлэх, Эрүүл мэндийн дэмжих төвийг байгуулж, байгууллага хамт олны урьдчилан сэргийлэх захиалгат төлбөрт үйлчилгээг нэвтрүүлэх, ажлын өдөр ажлын цагаар Эрүүл мэндийн дэмжих төвөөр дамжуулан төлбөртэй тусгай үйлчилгээг үзүүлэх, харьяалал даатгал харгалзахгүйгээр манай эмнэлгээр үйлчлүүлэхийг хүссэн иргэддээ төлбөртэй буюу VIP тасгаар үйлчлэх, амралтын өдөр эмч, сувилагч нартай цаг товлон төлбөрт үзлэг, оношилгоо эмчилгээнд хамрагдах боломжуудыг бий болгож орлогоо нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Нөгөө талдаа эмч, ажилчдадаа цалиингийн нэмэгдэл олгох,нийгмийн асуудалд нь анхаарах, сэтгэл тайван ажлаа хийх, өөрийгөө хөгжүүлэх, ард иргэддээ цаг алдалгүй илүү хүртээмжтэй, сэтгэлд нийцсэн үйлчилгээг нэмэлтээр авах зэрэг олон талын давуу талыг бүрдүүлж байгаа юм.

-Улсын эмнэлэг төлбөртэй үйлчилгээ үзүүлнэ гэдэг хууль зөрчсөн үйлдэл биш үү?

Шинээр нэвтрүүлж буй төлбөрт үйлчилгээ нь зөвхөн хүссэн иргэдэд сайн дурын үндсэн дээр үзүүлэх үйлчилгээ гэдгийг онцольё. Эмнэлэг нийт орныхоо 10-аас ихгүй хувьд нь төлбөрт үйлчилгээ үзүүлж болно гэж журманд заасан байдаг. Бид энэ хүрээндээ орчин нөхцөл сайтай, тав тухтай, чанартай эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх тэр бүх бололцоог хангаж, төлбөртэй үйлчлэх юм. Дээрх орлогоо нэмэгдүүлэх 7 төлөвлөгөө нь одоо хэвийн үйлчилж буй даатгалын системийн үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлөх, төлбөртэй болгож байгаа зүйл огт биш. Даатгуулагчийн эрх ашгийг зөрчиж, ачаалал нэмэгдэх асуудал үүсэхгүй. Энэ тал дээр ЭМЯ, ЭМДГ-аас тогтмол хяналт тавьж ажилладаг. Хэрэв бид хэт төлбөрт үйлчилгээ рүү чиглээд иргэд, үйлчлүүлэгчидээ хохироовол эмнэлэг даатгалын байгууллагаас санхүүжилтээ авч чадахгүй эрсдэл үүснэ. Тиймээс бид зохион байгуулалт дээр маш сайн хяналт тавьж ажиллана. Эмнэлэг нэмэлт боломж, дотоод нөөцөө ашиглан орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлж буй явдал юм.

-Эмнэлэгийн ажилчдын цалин, урамшуулал нэмэгдэж байгаа  нь таатай мэдээлэл юм. Гэхдээ эмнэлгийн ажилтан, эмч гэдэг бол онц нарийн мэдлэгийн салбар. Энэ салбарт хөрөнгө оруулалт хийх нь зөв байгаагүй юу?

-Харин ч эсэргээрээ. Өмнө нь манай эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтны сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний зардал, хүний нөөцийн мэргэжил дээшлүүлэх сургалтанд тусгайлан зориулсан зардлыг тусгаж өгдөггүй байсан. Тэр үед манай ажилчид хувийн шугамаар аливаа сургалтанд хамрагдаж ирсэн. Харин одоо бидний боловсруулсан төлөвлөгөөгөөр сургалтын зардал, эрдэм шинжилгээний ажлын зардлуудыг тусгайлан, онцолж төсөвтөө  суулгаж өгсөн. Энэ бол таны хэлсэнээр эмч, эмнэлгийн ажилтны мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх онц үүргээ эмнэлгийн удирдлага тусгайлан анхаарсан менежмент гэж үзэж байгаа.

-Таны дээр хэлсэнчлэн УНТЭ хөгжингүй орны түвшинд хүрч хөгжихөд хэр хугацаа шаардагдах вэ?

-УНТЭ-ийн хувьд Монголдоо хамгийн том эрүүл мэндийн институт. Гэвч дэлхийн хэмжээнд “тоглогч” болж чадахгүй байна. Өнөөдрийн бидний танилцуулж байгаа ажлууд ирээдүйд “том” зорилго руу чиглэсэн ажил. Бид, манай эмнэлэг хошуучилж байж Монголын эрүүл мэндийн салбар дэлхийтэй хөл нийлүүлэх боломж бүрдэнэ. Ингэж хэлэх нотолгоо манайд байна. Чадварлаг, мэргэшсэн, бэлтгэгдсэн эмч, баг, хамт олон байна. Энэ бол маш том давуу тал. Энэ давуу талаа ашиглан олон шинэ технологи, инновацийг эхнээсээ нэвтрүүлээд, нутагшуулаад явж байна. Шинэ эмчилгээний технологи нэвтрүүлж байна аа гэдэг дэлхийн тоглогч болох нэг алхам ойртож байгаагийн илрэл юм. Энэ дотроо хандлагаа өөрчлөх ажил бол том бодлого руу чиглэсэн түлхүүр ажил бас өрнөл юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Өдөрт хэрэглэх сүүн бүтээгдэхүүний зохистой хэмжээг тогтоожээ

 0 сэтгэгдэл

BMJ Open Diabetes Research & Care сэтгүүлд нийтлэгдсэн олон улсын эрдэмтдийн судалгааны тайланд өдөртөө хоёр удаа сүүн бүтээгдэхүүн хэрэглэхэд диабет, цусны даралт ба бодисын солилцооны синдромын эрсдэлийг бууруулна гэж дүгнэжээ.

Өмнө нь Хойд Америк ба Европт хийсэн судалгаа сүүн бүтээгдэхүүн хэрэглэх дээрх өвчнүүдээс гадна зүрх судасны өвчлөлөөр эрт нас барах эрсдэлийг багасгах үйлчилгээтэйг нотолсон. Гэхдээ уг үр дүнг дэлхийн хэмжээнд ашиглаж болох эсэхийг мэдэхгүй байв. Энэ удаад 21 орны 35-70 насны 147 мянга гаруй хүнийг хамруулжээ. Тухайлбал, хөгжингүй Швед, Канад, хөгжиж байгаа Бангладеш, Колумб, Иран зэрэг улс оролцлоо. Судалгаанд оролцогчдын эрүүл мэндийн байдлыг есөн жилийн турш ажиглаж, сүү, тараг, бяслаг болон бусад сүүн бүтээгдэхүүний хэрэглээ, эм эмчилгээ, жин, даралт, холестерин ба глюкозын түвшинд хэмжилт хийжээ. Үр дүнгээс харвал өдөрт хоёр удаа тослогтой сүүн бүтээгдэхүүн хэрэглэхэд даралт ба диабет үүсэх эрсдэл тус бүр 11 ба 12 хувиар буурч байв. Хоёр удаагийн хэрэглээг эмч нар зохистой гэж үзсэн. Учир нь гурав дахь удаа хэрэглэхэд үр дүн төдий л дээшлээгүй аж. Нэг удаагийн хэрэглээний порц нь 240 грамм сүү, 20 грамм бяслаг, нэг сав йогурт, 120 грамм аарц буюу түүнтэй тэнцэх хэмжээний сүүн бүтээгдэхүүн байж болно. Тосыг нь ялгасан бүтээгдэхүүний үр ашиг хавьгүй доогуур байсан тул эрдэмтэд ийм хүнс хэрэглэхийг зөвлөөгүй юм. Оролцогчдын 47 мянга нь диабет, даралт буюу бодисын солилцооны эмгэгтэй байснаар барахгүй илүүдэл жин, ашигтай холестериний доогуур түвшин, цусанд нь өөх тос, глюкозын өндөр агууламж гэх мэт эрүүл мэндийн муу үзүүлэлттэй байв. Ийм оролцогчид сүүн бүтээгдэхүүн хэрэглэхэд өвчлөл үүсэх эрсдэл хэрэглээгүй хүмүүсийнхээс 24-28 хувиар буурч байгаа нь ажиглагдав. Эрдэмтэд уг судалгаа ажиглалтын шинжтэй бөгөөд шалтгааныг тогтоох зорилго тавиагүй гэдгийг ярьжээ. Өгүүлэлд бичсэнээр "Энэхүү судалгааны үр дүн илүү өргөн, урт хугацааны судалгаагаар нотлогдвол сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх нь даралт, диабет, бодисын солилцооны эмгэгийг бууруулах хямд төсөр арга болно. Мөн дэлхий даяар зүрх судасны өвчлөлийг багасгахад тусалж болох юм". 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ш.Ариунжаргал: Системийн өвчин удаан явцтай л болохоос хавдартай ижил аюултай өвчин

 0 сэтгэгдэл
  • Зөвхөн Монголд ч бус дэлхийн бүх л оронд системийн өвчин эмчилгээгүй гэсэн буруу ойлголт бий
  • Эхэн үеийн шинж тэмдэг нь өглөөний хөшинг байдаг. Өөрөөр хэлбэл, унтаад сэрсний дараа шууд хөдөлгөөн хйиж чадахгүй 5-10 минутад бие бадайрч, гар, хөлөө, хөдөлгөж чадахгүй болдог. Энэ нь даамжирч, булчин шөрмөсний үрэвсэлтэй хавсарвал, хугацаа нь уртасч, 1-2 цаг биеэ удирдах чадваргүй болно

Сүүлийн жилүүдэд үе мөчний өвчин залуужиж, энэ төрлийн эмгэгтэй хүн улам олширсоор байна. Тиймээс яс, үе мөчний эмгэгийн шалтгаан, эмчилгээний талаар “Наран мед” клиникийн үүсгэн байгуулагч, УАУ-ы ахлах зэргийн эмч Ш.Ариунжаргалаас тодрууллаа.

-Сүүлийн жилүүдэд үе мөчний өвчин залуужиж, хүүхдүүд хүртэл энэ төрлийн эмгэгээс болж шаналах болсон. Үе мөчний өвчин тулай, хэрх зэрэг олон төрөл байдаг шүү дээ. Шалтгаан, эмчилгээ нь ч харилцан адилгүй юу?

-Ревматологи буюу яс, үе, булчин шөрмөс холбогч эдийн өвчин судлал нь дэлхий нийтэд харьцангуй хожуу хөгжиж байна. 1998 онд л албан ёсоор бүртгэгдсэн. Зөвхөн үе мөчний үрэвсэлтэй холбоотой 300 орчим төрлийн өвчин бий. Эдгээрийг үүсгэж байгаа шалтгаанаар нь ерөнхийд нь аутоиммунный, халдварын шалтгаантай, бодисын солилцооны гэж гурав ангилдаг. Сүрьеэ бруцеллёз , цус задлагч нян, вирусийн гаралтай өвчнөөр үүсгэгдэж байгааг халдварын шалтгаантайд тооцдог. Харин бодисын шалтгааны улмаас үүсэж байгаа эмгэгт сахар, тулай, яс сийрэгжилт зэрэг ордог. 

-Монгол хүмүүст дээрх эмгэгүүдийн аль нь илүү түгээмэл тохиолддог вэ. Хэрх өвчний оноштой хүн цөөнгүй байдаг юм шиг анзаарагдсан?

-Хэрхийн эмгэг нь олон өвчнийг багтаасан шинжлэх ухааны нэршил юм. Системийн өвчин нь залуужиж хүйсийн ялгаа улам багасч байна. Тухайлбал тулай өвчнөөр 40 өөс дээш насны эрчүүд голдуу өвддөг байсан бол залуучууд, эмэгтэйчүүд их өвчлөх боллоо. Сүүлийн үед манай улсын хүүхэд эмэгтэйчүүд залуусын дунд түгээмэл тохиолдож буй өвчин бол Rheumatoid arthritis буюу хэрх төст олон үений үрэвсэл юм. 

-Ямар шалтгааны улмаас энэ өвчин үүсдэг вэ?

-Аутоиммуны өвчин үүсгэх шалтгаан олон бий. Газар нутгийн байршил, хооллолт, удамшил, эмийн зохисгүй хэрэглээ, жирэмслэлт, цэвэршилт, архи тамхи, хөдөлгөөний дутагдал, үе мөчний бусад өвчнийг дутуу, буруу эмчилсэнтэй холбоотой үүсдэг. 

-Газар гэсэхээр болон газар хөлдөхөөр үений өвчин сэдэрдэг гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Ялангуяа, хаврын улиралд хүмүүс эмнэлэгт хандах нь ихэсдэг юм шиг анзаарагдсан?

-Улирал солигдох үед хүний биеийн дархлаа суларч, биед шаардлагатай витамины хэмжээ багасахаар архаг өвчин сэдэрдэг. Мөн хавар намар салхи ихссэнтэй холбоотой үе мөчний өвчин хөдөлдөг. Салхи, чийг зэрэг нь өвчин үүсгэх, сэдрэхэд нөлөөлөх тохиолдол элбэг. Ер нь үе өвддөг хүн даарч хөрөхгүй байх хэрэгтэй. Хүмүүс хавар цагт нимгэн хувцсандаа эрт орж, шилбэ, хөлөөрөө даардаг шүү дээ. Энэ мөн сөрөг нөлөөтэй.

-Системийн өвчин үе өвдөхөөс гадна өөр ямар шинж тэмдгээр илэрдэг бол? 

-Эхэн үеийн шинж тэмдэг нь өглөөний хөшинг байдаг. Өөрөөр хэлбэл, унтаад сэрсний дараа шууд хөдөлгөөн хийж чадахгүй 5-10 минутад бие бадайрч, гар, хөлөө, хөдөлгөж чадахгүй болдог. Энэ нь даамжирч, булчин шөрмөсийн үрэвсэлтэй хавсарвал, хугацаа нь уртасч, 1-2 цаг биеэ удирдах чадваргүй болно. Түүнчлэн энэ өвчин зөвхөн яс, үенд нөлөөлдөггүй. Уушиг зүрх элэг бөөрөнд нөлөөлж, хатуурал үүсгэх ч эрсдэлтэй. Мөн нүд, шүд, шүүрэл ялгаруулдаг булчирхайд өөрчлөлт орж, нулимс гарахгүй нүд аргаж, хуурайших, шүд унах, буйл үрэвсэх, шүлс ялгарахгүй, булчирхай хатангиршдаг. Эхэндээ холбогч эд, булчин шөрмөс судас гэмтээгээд ясанд эрози үүсгэж иддэг. Ер нь удаан явцтай л болохоос хавдартай ижил, эмчилгээ авах нь бэрх аюутай өвчин.

-Өвдөлтийг нь богино хугацаанд намдааж болдог юм билээ. Бүрэн эдгэрэх боломжтой юу?

-Зөвхөн Монголд ч бус дэлхийн бүх л оронд системийн өвчин эмчилгээгүй гэсэн буруу ойлголт бий. Уг нь нэг, хоёрдугаар шатанд нь оношилж чадвал эмчлэх бүрэн боломжтой. Хамгийн харамсалтай нь хүмүүс эмээ ч ууж чадахааргүй болсон үедээ л ирдэг. Бөөр, уушги, зүрхний дутагдалд орж хатуурал үүстэл нь эм уугаад, эмнэлэгт хандахгүй яваад л байдаг. Сүүлийн үед манай эмнэлэгт энэ өвчнөөр өвдсөн хүүхдүүд маш их ирж байна. Нуруунд нь өөрчлөлт орсон, хөл гарын өвдөг, шагай нь хавдсан багачууд цөөнгүй байна. Гэхдээ хүүхэд эмчилгээ авах нь хурдан байдаг. Хурдан оношлуулжэмчилгээ эрт эхлэснээр үе мөч эрхтэн системээ хамгаалж үлдэх боломжтой. Хануур, зүү, тан, жин, бариа заслыг тохирсон европ эмчилгээтэй хавсарч хэрэглэвэл үр дүнтэй. Хэрэв өвчин хүндэрсэн тохиолдолд өвдөлт намдаах, үрэвсэл бууруулах, үений гэмтлийг даамжруулахгүй байх эмчилгээ хийнэ. Уг нь дасгал, иог, бясалгал, спортыг өөртөө тохируулан тогтмол хийж, хоол ундаа зохицуулаад, эмчийн заавраар эмчилгээ хийлгэвэл хүндрэхгүй. Эдгэх боломж байдаг.

Ревматизмын гаралтай үе мөчний үрэвсэлийн шинж тэмдэг

� Гарын хуруу болон гарын бугуй, хөлийн шагайн үенд халуу оргих,

� Үе хавагнах, хөших бадайрах

� Өглөөгүүр үе мөч янгинах, хөшиж хатуурах өглөөний хөшингө бий болох

� Амархан ядарч сульдах, тамирдах 

� Арьсан дээр цагираг хэлбэрийн улайлт үүсэх, жижиг зангилаанууд гарах,сэтгэл зүйн байдал гэнэт өөрчлөгдөх

� Бөөр гэмтсэн үед шээсний гарц багасах, цустай шээх, тууралт гарах, үеэр өвдөх, хаван үүсэх, цусны даралт ихсэх

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? 

� Тамхи, архи хэрэглэхгүй байх

� Биеийн жинд хяналт тавих

� Дасгал хөдөлгөөн, иог, бясалгал хийх. Зөв дасгал хөдөлгөөн 

� хийснээр өвчин хоёр дахь үедээ даамжирхаас сэргийлэх боломжтой.

� Нарны туяанд байнга гарах

� Буйлны үрэвсэл үүсхээс сэргийлж, амны хөндийн ариун цэвэрт анхаарах хэрэгтэй.

� Хоолой, чих, хамарыг эрүүл байлгаж, эмчийн үзлэгт тогтмол ороох

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хөгшрөлтийг түргэсгэдэг хоол хүнс

 0 сэтгэгдэл

Испанийн Наваррын их сургуулийн эрдэмтэд гүн боловсруулалттай хоол хүнс эсийн хөгшрөлтийг түргэсгэдэг гэсэн дүгнэлтэд хүрснийг La Vanguardia сэтгүүлд мэдээлсэн байна. Үүнд талх, нарийн боов, амттан, хийжүүлсэн ундаа, янз бүрийн хачир, сахартай эрдэнэшиш, хагас боловсруулсан бүтээгдэхүүн болон хадгалахад зориулсан махан бүтээгдэхүүнийг хэт боловсруулсанд тооцдог. Ийм хүнсэнд будаг, сахар, хадгалалтыг удаашруулах бодис, өөх тоос, давс ихээр ордог боловч амин дэм, торлог бодисоор ядуу юм. Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд эдгээрийг хэрэглэснээр хромосомын үзүүрийн хэсэг багасдаг байна. Уг хэсэг нас ахих тусам богиносдог авч дээрх хүнсийг хэрэглэснээр үйл явцыг хурдасгадаг аж. 57-91 насны 886 хүнтэй бүлэгт туршилт явуулж, хромосомын үзүүр ба хооллолтын харилцан хамаарлыг тогтоожээ. Үр дүнгээс үзвэл өдөрт гурваас дээш удаа гүн боловсруулалттай хоол идсэн хүмүүсийн хромосомын үзүүр богиносох үйл явц хоёр дахин түргэсдэг нь тодорхой болжээ.