A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1598/

Үйлдвэрлэлийн салхи эргэлээ

Зүүн Өмнөд Ази үйлдвэрлэлийн төв цэг байхаа больж эхэллээ

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1598/


Үйлдвэрлэлийн салхи эргэж байна. Ингэхдээ зүүнээс баруун тийш чиглэсэн энэ салхи нүд ирмэхийн зуур эрчлэн хуйларч, зүгээ өөрчилсөнгүй. Харин алгуур аажмаар тэнхлэгээ эргүүлэн, төв цэгээ сольж байна. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд эх газрын Хятадад үндэслэж, Зүүн өмнөд Ази даяар түгсэн үйлдвэрлэлийн төвлөрөл задарч, цэнхэр дэлхийгээр нэг сарьниж эхлэв. Ингэснээр Зүүн өмнөд Ази үйлдвэрлэлийн төв цэг байхаа больж хөгшин Европ эргэн моодонд орж эхэллээ. 

Өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд дэлхийн үйлдвэрлэлийн эзэд хөдөлмөрийн хямд хүч, үйлдвэрлэлийн бага өртөгт нь амтшин Зүүн өмнөд Азийн орнуудад үүрээ засаж, үйлдвэрээ эхлүүлсэн. Ингэснээр БНХАУ, Бангладеш, Вьетнам зэрэг орон “дэлхийн үйлдвэр” хэмээх нэр зүүх хүртлээ, өсөн дэвжээд байсан юм. 

Гэвч улс орнуудын худалдааны өрсөлдөөн улам ширүүссэнээр нэмүү өртгийн гинжин хэлхээ үр ашиггүй болж, дэлхийгээр нэг тархсан үйлдвэрлэлийг мухардалд хөтөлж эхэллээ. Бас хүний хүчийг роботууд орлож эхэлсэн нь хямд ажиллах хүчинд дулдуйдан, харь орныг зорьж байсан үйлдвэрлэгчдийг эх нутгаа эргэн зориход хүргээд байна. Тиймээс тэд сүүлийн хэдэн жил ээнэгшин, дасаад байсан азийг орхин, ирсэн замаараа төрсөн нутгаа зорьж эхэллээ. 

Ийнхүү АНУ, Европын компаниуд гэр лүүгээ эргэж эхлэхэд уугуул нутаг нь ч тэднийг элгэсгээр хүлээн авч байна. Тухайлбал, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ нүүдлийг угтан, бизнесийн орчноо улам таатай болгож эхэлсэн. Тэрбээр америкийг дахин бизнесийг дэмжсэн улс болгохоо тунхаглан, татварын хуулиа шинэчилж, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хувь хэмжээг 14 хувиар бууруулсан юм. Бизнесүүдийг далласан Дональд Трампын бодлого үр дүнгээ үзүүлж, эх нутгаа зорьсон бизнесийн нүүдлийг америкийн аварга компаниуд түүчээллээ. Тухайлбал, дэлхийн хамгийн үнэ цэнтэй компаниудын нэг Apple ирэх таван жилд америкт 30 тэрбум ам.долларын хөрөнгө  оруулалт хийхээ энэ оны эхэнд мэдэгдлээ. Аpple-ийн араас автомашин үйлдвэрлэгчид залгав. 

Тодруулбал, тус улсын автомашины Ford компани Мексикт байгуулах гэж байсан үйлдвэрийн төслөө цуцалж, харин Мичиган дахь үйлдвэрлэлээ 700 сая ам.доллараар өргөжүүлэхээр болов. Тэгвэл General Motors Мексик болон Ази дахь үйлдвэрлэлээ хумьж, Техас болон Мичиганд дахь салбараа тэлэхээр төлөвлөж байна. Эдгээрээс гадна General Electric, Amgen, Merck & Co, Harley-Davidson, Element Electronics зэрэг АНУ-ын томоохон үйлдвэрлэгчийн хараа эрх чөлөөний орныг чиглэж эхлэв. Тэгвэл энэ хөдөлгөөн германд ч өрнөөд байна. Тус улсын био технологийн AMSilk түүчээлээд нисэх онгоц, бэлэн хувцасны компаниуд эргэн ирж байгаа аж. Дэлхийн бизнес, эдийн засгийн хамгийн нөлөө бүхий зөвлөх компани болох McKinsey-гийн тооцоогоор дорноос өрнийг чиглэсэн энэ нүүдэл сүүлийн 10 жил үргэлжилнэ. Зөвхөн бэлэн хувцасны салбарт гэхэд энэ зах зээлийн нийт үйлдвэрлэгчдийн талаас илүү нь 2025 он гэхэд борлуулалтын зорилтот зах зээл рүүгээ илүү ойр байрлана гэж тус компани таамаглаж байна. Ингэснээр үйлдвэрлэгчид нь гол хэрэглэгчид болон аНу болон Европын орнууд руу илүү дөхнө.

Бизнесүүдийг далласан Дональд Трампын бодлого үр дүнгээ үзүүлж эхэлжээ


Энэ нь учиртай. Нэгдүгээрт, Зүүн өмнөд Азийн хөгжиж буй орнуудын эдийн засаг тэлж, иргэдийн амьжиргаа нь дээшилснээр эдгээр улсад хөдөлмөрийн хөлс сүүлийн 10 жилд мэдэгдэхүйц дээшилсэн. 2005 онд тус бүс нутгийн хөдөлмөрийн дундаж хөлс АНУ-ын үзүүлэлтийн арав хуваасны нэгтэй тэнцсэн бол өдгөө гурав хуваасны нэг болтлоо өсчээ. 

Ингэснээр нэгэн цагт Зүүн өмнөд Азийн хямд ажиллах хүчийг түшиглэн уг бүс нутгийг зорьж байсан үйлдвэрлэгчид өдгөө цалингийн өсөлттэй нүүр тулгараад байна. Үүнээс гадна үйлдвэрлэлийн үндсэн хөшүүрэг болдог хөдөлмөрлөх хүч хэмээх ойлголт өдгөө хувьсан өөрчлөгдөж, хүнээс техник рүү шилжиж эхэлсэн. Хүний хүчийг роботууд орлож эхэлсэн тул үйлдвэрлэгчдийн хувьд ажиллах хүч, хөдөлмөрийн хөлс, цалин зэрэг нь цаашид толгойн өвчин байхаа болиход ойрхон байна. McKinsey-гийн судалгаанд оролцсон бэлэн хувцасны үйлдвэрлэгчдийн 80 хувь нь 2025 он гэхэд бүрэн автомат хэлбэрт шилжинэ хэмээн дүгнэжээ. 

Сүүлийн 20 жил дэлхийн үйлдвэрлэл хаана л хямд өртөг байна, тэнд үйл ажиллагаа явуулж, тив, дэлхийгээр нэг тархацгаасан. Гэтэл нэмүү өртгийн гинжин хэлхээнд тулгуурласан энэ зүй тогтол нь эргээд үйлдвэрлэлийн зардлыг өсгөж эхэлжээ. Шинжээчид байршил, тээврийн зардал, цаг хугацаа яагаад чухал болохыг хос жинсний жишээгээр тайлбарласан. 

Германы шинжээчид хос жинсэн өмд үйлдвэрлэж, борлуулах нийт өртгийг үйлдвэрлэлийн байршлаар нь тооцоход тус бүтээгдэхүүнийг Хятадад үйлдвэрлээд Германд экспортлох нь Туркт бүтээж, Германд борлуулснаас гурван хувиар өндөр өртөгтэй байжээ. 

Мөн нэг жинсэн өмдийг Хятадад үйлдвэрлэж, АНУ-д борлуулахад 11.4 ам.доллар. Харин бүрэн автомат төхөөрөмж ашиглан Мексикт үйлдвэрлээд АНУ-д борлуулах нь 10 ам.долларын өртөгтэй аж. Азиас барууны орнууд рүү экспорт хийхэд далайгаар 30 хоног зарцуулдаг байна. Өөрөөр хэлбэл, өмд үйлдвэрлээд түүнийгээ хил дамнан, далай гатлах борлуулах нь тээвэрлэлтээс гадна асар үнэтэй цаг хугацаа, түүнийг дагасан зардал үүсгэдэг. Тун энгийнээр тайлбарлавал, цаг хугацааг товчилсноор мөнгө хэмнэнэ гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. 

Энэ мэт дэлхийн үйлдвэрлэлийн салбарт бий болж буй хувьсал өөрчлөлтийн улмаас үйлдвэрлэгчид байршлаа солин, нүүдэллэж эхлээд байгаа нь энэ. Хамгийн гол нь үүнийг даган дэлхийн мөнгөний урсгал ч зүгээ өөрчлөөд байна. Ийнхүү дэлхийн үйлдвэрлэлд өөрчлөлт хөдөлгөөн өрнөхийн хэрээр улс орнууд ч энэ хөдөлгөөнөөс давуу тал олж, бизнес эрхлэгчдийг даллан дуудахаар аль байдгаараа хичээж байна. Агуу Америк хүртэл орлогоо татвараа бууруулан, үйлдвэрлэгчдэд хошуугаа дэвсэж буйгаас харахад энэ өрсөлдөөн хэр ширүүн өрнөж буйг харж болохоор байна. 

Дэлхийн бизнесийн орчны нэгээхэн хэсэг болсон Монгол Улс ч энэ өөрчлөлтөөс хоцрох ёсгүй. Тэр тусмаа роботуудаар хүч сэлбэсэн үйлдвэрлэлийн шинэ эрин бидний сул талыг нөхөж буй. Учир нь хүн ам, хөдөлмөрийн хүчээр Монгол Улс Зүүн өмнөд Азийн орнуудаас харьцангуй доогуурт тооцогддог нь манай улсад үйлдвэрлэл хөгжүүлж, зах зээлээ тэлэх нэг сорилт болдог. Тиймээс дэлхийн үйлдвэрлэгчид биднийг төдий л тоодоггүй байсан нь энэ. Тэгвэл дэлхийн үйлдвэрлэлээр роботуудаар хүч сэлбээд эхэлбэл хүн цөөнтэй гэх бидний сул талыг амархан нөхчихөөр байна. Энэ хэрээр задарч буй дэлхийн үйлдвэрлэлийг өөртөө татах боломж нээгдэх юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Шүдний төв иргэдэд дугаар тараахгүй байна

Үзлэгийн цагийг нэг өдрийн өмнө олгодог болно

 0 сэтгэгдэл


Нийслэлийн шүд, эрүү нүүрний төв буюу шүдний төв таван жилийн турш сарын 22 сая төгрөгийн төлбөртэй түрээсийн байранд үйл ажиллагаа явуулсны эцэст саяхан шинэ байртай  болсон. Шинэ байрандаа ороод сар гаруй болж буй тус төвийг бид зорьж очлоо. Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 33 дугаар сургуулийн зүүн урд зургаан давхар шилэн барилгын үүдэнд энэ сарын 24-н хүртэл үйлчилгээ үзүүлэх дугаар тараахгүй гэсэн зар наасан байв. Түрээсийн байранд үйл ажиллагаа явуулж байхад иргэд гадаа нь дугаарлаж хонодог байсан. Гэтэл шинэ байранд ороод ч бас л чирэгдэл ихтэй хэвээр байна гэж иргэд хэлж байлаа. Дугаар тараахгүй гэсэн зарыг харсан иргэд урамгүйхэн буцаж байгаа харагдав. Хүүхдийнхээ шүдийг үзүүлэхээр ирсэн эмэгтэй 20 хоногийн өмнө цаг авсан тухайгаа хэлсэн бол өөр нэгэн эмэгтэй заавал долоо хоногийн өмнө ирж дугаар авдаг гэв. 

Бид энэ талаар тус төвөөс тодруулахад “Шинэ байрандаа орохын тулд өмнө нь цаг авсан хүмүүсийн үзлэгийг хойшлуулсан. Мөн өнгөрсөн долоо хоногт төвийн байр -80 С-90 С хэмтэй, эмч, ажилчид осгохоор хүйтэн байсан учраас барилгын гүйцэтгэгч компани болон ажилчид нийлээд байраа дулаалсан. Үүнээс болж эмч нар үзлэгээ гүйцэхгүй байгаа тул энэ сарын 24-н хүртэл дугаар тараах боломжгүй байгаа.  Харин үүнээс хойш бид дугаар тараах, үзлэг хийх цагийг шинэ менежментээр зохицуулахаар болсон” гэж хэвлэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Ц.Байгаль тайлбарласан юм. Тэрбээр “Манай төвийн үйлчилгээ чанартай, нарийн мэргэжлийн эмч нартай учраас иргэд үйлчлүүлэх сонирхол ихтэй. Гэвч салбарын сайдын баталсан орон тооны хүрээнд л үйлчилгээ үзүүлдэг учраас ачаалал бага, дараалалгүй байна гэж байдаггүй. Бид өөрсдийн дотоод нөөц боломжоороо л үзлэгийн цагийг зохицуулах гэж хичээж байна. Тухайлбал, цайны цаг байхгүй, үзлэгийн цагийг эмч тус бүр дээр 40 минутаас нэг цагаар сунгасан” гэв.

“Эрүүл шүд, эрүүл хүүхэд” хөтөлбөр хэрэгжвэл ачаалал эрс буурна

Шүдний төвд өдөрт 100-150 хүнд үзлэгийн цаг олгодог. Өглөө 08.20 цагт ажил нь эхэлдэг ч иргэд өглөө 07.00 цагаас дугаарлаж эхэлдэг хэвээр байгаа аж. Өмнө нь энэ байдлыг зохицуулахын тулд утсаар цаг өгч байсан ч үр дүнд хүрээгүй. Нэг хэсэг нь утсаар цаг авчихаад цагтаа ирдэггүй бол зарим нь биеэр ирээгүй байхад нь цаг олголоо, ирсэн хүнд нь л өгөх ёстой хэмээн бухимддаг учраас утсаар цаг олгохоо больжээ. Харин энэ сарын 24-нөөс хойш үзлэгийн дугаарыг төв дээр ирсэн иргэдэд нэг өдрийн өмнө олгохоор болжээ. Ингэснээр иргэдийн хүлээлт багасна гэж тооцсон байна. 

Шүдний төв 72 ажилтантай, үүний 28 нь эмч. Хэдийгээр шинэ байранд орсон ч эмчийн тоо нэмэгдээгүй аж. Нэг эмчийн орон тоо нэмэхэд цалин, үзлэгийн ор, багаж хэрэгсэл шаардлагатай тул аль болох өөрсдийн хүчин чадлаа зөв хуваарилах шаардлагатай болсон гэдгийг эмч нар хэлж байв. 

Тус төв давхар бүртээ хүлээлгийн танхимтай. Үйлчлүүлэгчдийнх нь 60-70 хувь хүүхдүүд учраас шинэ жилийн баярт зориулан саа, бөмбөлгөөр чимсэн байлаа. Ер нь тус төв цаашид хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд түлхүү анхаарахаар зорьж байгаа аж. Хамгийн сүүлийн судалгаагаар хүүхдүүдийн 86 хувь нь шүдний цооролтой, дунджаар нэг хүүхдийн 4-6 шүд цоорсон дүн гарчээ. Хэдийгээр өнгөрсөн хоёр жилд хүүхдийн шүдний цоорол буурч буй ч хангалттай үр дүнд хүрэхгүй байгаа юм. Тиймээс хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шүдний эрүүл мэндийг сайжруулах төсөл хэрэгжүүлэх саналаа нийслэлийн удирдлагуудад илгээсэн юм байна. Гэсэн ч нийслэлийн удирдлагууд хариу өгөхгүй байгаа учраас тус төвийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хоёр кабинет цоожтой байлаа. 

Шүдний төв энэ оны эхний 11 сарын байдлаар 80 гаруй мянган хүнд үйлчлээд байна. Харьяалал харгалзахгүй, эрүүл мэндийн даатгалаар үйлчилдэг учраас тус төвийг зоригсдын тоо буурдаггүй. Харин ирэх онд “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” хөтөлбөрийн хүрээнд хувийн эмнэлгүүд хүүхдүүдийг үнэгүй эмчилж эхэлбэл шүдний төвийн ачаалал буурахаар байгаа юм. Ингэснээр шүдний төвийн “шүдний өвчин” болсон урт дараалал арилна гэж тооцжээ.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх үзэгдэл

Ядуурлаа өхөөрдөөд ч байх шиг

 0 сэтгэгдэл


Харьцуулалт дүн шинжилгээ хийлгэх үүднээс жүжгийн зохиомжтой адилтгая. Монголын бүх ард түмэн Бид нэгэн инээдэмт, эмгэнэлт жүжгийн гол дүрд тоглож байна. Харин дэлхийг үзэгчид гээд төсөөлчих. Жүжгийн гол санаа бол гол баатруудад эрх чөлөөг нь эдлүүлэх, зоргоор нь байлгах, юу хүссэнийг нь хийлгэх явдал. Өнөөх хэд маань эдэлж байна аа, хийж байна аа, үзэгчид алгаа нижигнэтэл ташаад л, улам дэвэргээд л байх аж. 

Ийм нэгэн жүжигт бид яг одоо тоглоцгоож байна, ард түмнээрээ.

Үндсэн сэдэв. Монгол маань нэг л өөдөлдөггүй, ямар дайрлага дайрчихсан юм бүү мэд! Эсвэл ямар тахил нь буруу өрөгдчихсөн юм бол бүү мэд! Санаатайгаар, хэний ч албадлгагүйгээр өөрсдийгөө, улс үндсээ, үр хүүхдээ, хойч үеэ сүйтгээд ч байгаа юм шиг. 

Хүн төрөлхтний дунд Монгол гэж нэг улс үндэстэн байх нь байна. Дэлхийн хамтын нийгэмлэгт хүндтэй гэмээр алдар олоод авсан, дэлхийн 187 улстай албан ёсны харилцаатай. Хязгааргүй гэмээр том нутаг дэвсгэрт 84 сая толгой малаа адуулан гуравхан саяулаа аж төрж, хөрсөн дороо хязгааргүй их баялагтай хэмээн алдаршсан, ийм нэгэн улс үндэстэн. Ертөнцөд биднийг тэгж л ойлгодог. 

Гэтэл хүн амын гуравны нэг байнга ядуу дорой, ажилгүй хүн асар ихтэй, ажилд тэнцэх хүн ховортой, байгаль орчин, хот суурин, агаар усаа санаатайгаар бохирдуулдаг, нийслэл нь машинхот болчихсон, ер нь гаднынханд бол тайлж чадашгүй оньсого таавар мэт ийм нэг улс азийн цээжин дээр хахир хүйтэн өвлийг яг одоо туулж явна.

Монгол хүн Та яагаад буруугүй юм бэ гэх “сөрсөн базаа”-г би үргэлж хийнэ

Дэлхий дахин ч бас үгссэн аятай биднийгээ зоргонд нь хаячихжээ. Яагаад зоргонд нь гэж? Монголчууд Зөвлөлтийн дарлалаас гарч, ардчиллыг сонгоод гуч дахь жилийнхээ босгон дээр байна. Энэ хугацаанд дэлхий биднийг тэгэхээс тэгэх гэж дураар нь дургиулж, дунд чөмгөөр нь жиргүүлж, ёстой тэгээд хаа хүрдэг юм түүнийг нь үзье гэсэн шиг аашилсан мэт. Монгол хүний мөс, ур чадвар, ур ухаан, ухаарал, тэнэглэлийг эцэст нь тултал харъя гэсэн шиг дургиулаад л.

Өнөөг хүртэл зөвлөлтүүд зааж зааварлаад, хүчлээд ч атугай Монголыг 70 жил аваад ирсний шанд эрх чөлөөг нь бэлэглүүлж, ардчилал, зах зээлийг сонгуулж, эцэс төгсгөлгүй дураар нь дургиулж байгаа нь тэр юм. Зааж зааварлах нэг ч гадаад “эзэн”-гүй, хувь заяаг нь өөрсдөд нь даатгаад орхижээ. 

Гэвч үр дүн нь дан муу үзүүлэлт. 1.5 сая гаруй ам.км хавтгайдаа тархан суугаад хөгжил дэвшилд хүрэх замаа жигдлэх нь үү хэмээн хартал байдаггүй. 28 жилийн турш төв рүүгээ их нүүдэл хийж, нийслэлээ утаанд хордуулаад, хөрс, ус, агаар, орчин нуль хор, хордлого. Одоо ч сэхэл авахаасаа өнгөрсөн. Улаанбаатар хотоо монголчууд өөрсдөө тартагт нь тулгаж, сөнөөтөл нь дэлхий ажиглаад суучихсан аятай. 

Улс үндэстний гол баялаг болох нийслэлийн хүн ард нь эдгэшгүй архаг өвчинд нэрвэгдсэн. Уушигны эмнэлэг олныг бариарай хэмээн гадаадын нэг нөхөр ятгаж байсан нь санаанд бууж байна. Бид өөрсдийгөө хэний ч оролцоогүй тамлаж байгаа хэлбэр нь энэ юм. Монголчуудыг тэгэхээс тэгэх гэж эцэс төгсгөлгүй дураар нь дургиулж, дунд чөмгөөр нь жиргүүлж, ёстой тэгээд хаа хүрдэг юм түүнийг нь үзье гэж байгаа бол нийслэлийн үнсэн хөх энэ их утаа униар, үнэр танар, гэр хорооллын тамын амьдрал, эмнэлгүүдийн ачаалал, замын түгжрэл нүднээ ил байна. Улаанбаатар маань дэлхийн хот байгуулалтын гашуун, муу сургамжийн томхон жишээ болон олон улсад мөнхрөв өө, хөөрхий. 

Ардчиллын жилүүдэд ганцхан чигт буюу нийслэл рүүгээ хэт их тунгаар нүүдэллэжээ. Их нүүдлийг зогсоодог ид шидтэй эрх баригч, улстөрч ганц ч заяасангүй. Хөдөө нь эзгүйрсэн, хүн тогтохоо больсон, уламжлалт малчид нь хөгширсөн. Ингээд Монголын хөдөө хаягдсан нь 28 жилийн үр дүн. Гадаадынхан гайхаад ч, учрыг нь тайлж үл чадна. Төвлөрлийг сааруулах нэртэй хэдэн төсөл сургалт хэлбэрээр хэрэгжсэн ч нэг чихээр ороод нөгөө чихээр нь гараад явчихсан. Усан тэнэг л биш бол төв суурингаас буцаж нүүнэ гэж гонж. 

Ардчиллын үнэт зүйлс, үзэл санааг нэвтрүүлж, төр засгаа сонгоод, чөлөөт сонгуулиараа гялалзаж байна уу гэтэл тэр бас байдаггүй. Монголчуудыг тэгж ингэж сонго гэсэн гаднын ямар ч зааваргүйгээр сонгуулиа явуулдаг ч эцэст нь ард түмэн улс төрөөс баахан залхаж, зүрхшээж, эрх баригчдаа үзэн ядсан үр дүнтэй байна. Гол нь тэр олон ардчилсан сонгуулийн монголчуудад өгсөн үр дүн тун бага, ядуурал, ажилгүйдлийг шийддэггүй учраас ард түмний залхалтыг хүлээн зөвшөөрч байна. 

Зах зээлд чөлөөтэй шилжих эрхийг нь өгчихсөн, бас дураар нь дургиулсаар өнөөг хүргэжээ. Зах зээл рүү яаж шилжиж, зах зээлийн ямар нийгэм байгуулдаг юм бол гэдгийг эцэст нь тултал үзэхээр даян дэлхий шийджээ. Тэгэхээс тэгэх гэж ёстой дураар нь дургиулж, дунд чөмгөөр нь жиргүүлж, юу дуртай есөн хүслийг нь биелүүлж зоргоор нь байлгалаа. Өмнөд хөршөөсөө барагдахгүй их бараа, бүтээгдэхүүн авчраад нийслэлийнхээ дэлгүүрүүдийг чигжтэл дүүргэлээ. Араас нь тасралтгүй зөөсөөр л байна. Ийм мөчлөг 28 жил үргэлжилжээ. Худалдан авагч байхгүй. Гол нь худалдан авагчдад нь мөнгө байдаггүй, гэтэл зөөгөөд байдаг, зөөгөөд л байдаг. Заавал зөөнө, заавал бараагаа зарна гэж зүтгээд, тэмцээд байдаг. Нийслэл маань дэлгүүр лангууны хот болж хувирав аа. Бараа сахисан, худалдан авагч хүсэн хүлээсэн хэдэн түмэн худалдагчтай боллоо. Орлого ашиг гэхээсээ дан гарлага, зарлага, улсад бол ямар ч хэрэггүй, ийм нэг лангуун хоттой болчихоод байж байна. Дураараа дургисаар хүрсэн нэг үр дүн нь энэ. 

Хийж бүтээснээ экспортолно гэдэг ойлголт ихэнх монгол тархинаас арчигдчих шиг боллоо. Үйлдвэрлэж, боловсруулж, нэмүү өртөг шингээж байж ашиг өгнө, тэгээд цалин нэмнэ гэдгийн эсрэг явцгаалаа, дуу нэгтэй. Ерөөсөө бэлэн байгаа “юм”-аа л тэр “бэлэн”-ээр нь хөршүүд рүүгээ зөөчихье. Одоо бол урд хөрш рүү “урсаж” байна. тэр “бэлэн юм” нь тавантолгойгоос ухаад гаргаад ирсэн нүүрс. Ямар азаар хятадтай залгаа хилийн бүсээс тэр нь олдсон юм, бурхандаа л залбирахаас.

Албаны мэдээ:
“Тавантолгойд нүүрс тээвэрлэдэг жолооч нарын гэр бүл, Монголын эрчүүдийн хөгжлийн нийгэмлэг хамтран сэтгүүлчдэд мэдээлэл хийжээ. Тавантолгой-Гашуун сухайт чиглэлд одоогоор 160 компанийн нэр дээр 13 мянган жолооч нүүрс тээвэрлэдэг. БНХАУ-д нүүрсээ хүргэх урт дараалал хэдэн арван км үргэлжилнэ. Үүнээс болж жолооч нар шатахуунаа барж, сэтгэл санааны гүн хямралд ордог. Хамгийн хүнд нөхцөлд нүүрс тээвэрлэж, ар гэрээ тэжээхийн төлөө зүтгэж яваа. Тэр бүү хэл архинд донтож, осолд орж, гэмт хэрэг үйлдэж, амь насаа алдсан золгүй тохиолдлууд ч гарах болжээ” гэжээ.


• Боловсролын салбар унасан уу, сэхсэн үү, сэхсээр яваа юу, бүр дампуурч байна уу, би ер ойлгохоо больсон. 

• 1990 онд нурж эхэлсэн энэ эх орон бүрэн нурсан, одоо арай чүү босгож байна. Даанч удаан.

• Зах зээл рүү яаж шилжиж, зах зээлийн ямар нийгэм байгуулдаг юм бол гэдгийг эцэст нь тултал үзэхээр даян дэлхий шийджээ.

Зах зээл хөгжүүлж байна гэж дураараа дургисаар хүрсэн үр дүн нь энэ л дээ. Хөөрхий 13 мянган эрчүүдээ зольчихжээ. Гэхдээ нэг логик байна. Тэднийг тэгж зов гэж, элсэн дунд харангадаж яв гэж хэн ч албадаагүй, хэн ч хөөж явуулаагүй, хэн ч дарамтлаагүй. Бас буу тулгаж жолооны ард суулгасан нэг ч тохиолдол байхгүй юм билээ. Өөрсдөө өөрсдийгөө тамлаж байгаа хэлбэр нь тэр юм. Монголчуудын ингэж зовохыг дэлхий харахыг хүсээгүй нь л лав. Гэвч дураар нь хаясны гор нь энэ болов уу? 

Хатуухан хэлбэл, Монголхятадын албан ёсны худалдааны дүр төрх байж байгаа нь энэ. Уул уурхайн салбараас төсвийн орлогын дийлэнхийг (90 хувь) бүрдүүлдэг манай улсын экспортын ихэнхи нь угаагаагүй, шороотойгоо ачигдан хэдэн арван км цуваа туулдаг тэр түүхий нүүрс юм. Ажил хэрэгчээр хамтран ажиллахын оронд бэлэн байгаа “юм”-аа зарж, солиод, түр зуурын ашиг “олохчоон” болоод дуусгана. Юун чөлөөт өрсөлдөөн, илүү ашиг! 

Нүүрс гэлтгүй бусад түүхий эд, өөр юу ч байсан бүгд л нэг иймэрхүү байгаа. “Эмээлт” захын ойролцоо малын бойн дээр мах овоорч, тэр нь өмхийрч, дотоодын махны үнийг тэндхийн хятад эзэд тогтоодог тухай зурагтаар бишгүй ярина лээ. Зах зээлд шилжсэн монголчууд өөрсдөө эрх мэдлээ өгчихсөн болохоос хятадууд дураараа дайрч орж ирээд эзэн суучихсан хэрэг ерөөсөө биш. Дураараа дургисаар нэг мэдэхнээ өөрсдийгөө, эх орноо, адаглаад махны зах зээлээ хүртэл тийм байдалд оруулчихсан. Арьс шир, ноосны зах зээл ч мөн иймэрхүү байгаа гэж сонссон. Монголын авилгачдын зах зээлд шилжиж байгаа царай нь энэ. ингээд эцэс төгсгөлгүй байнгын алдагдалтай эдийн засаг, алдагдалтай худалдаа урсана. 

Монголчуудад ардчилал амлуулж өгчихөөд тэгэхээс тэгэх гэж дураар нь дургиулж, дунд чөмгөөр нь жиргүүлж, тэгээд хаа хүрэх нь үү түүнийг нь үзье гэсэн нэг том салбар бол боловсрол. Унасан уу, сэхсэн үү, сэхсээр яваа юу, бүр дампуурч байна уу, би ер ойлгохоо больсон. Энэ салбарт ямагт хэтрүүлэг, туйлшрал нүүрлээстэй. Их дээд сургуулийн тоо 200 руу дөхсөнийг тэр үед гурван сая хүрээгүй байсан хүн амдаа хуваавал дэлхийд цойлсон үзүүлэлт гарсан. Гэтэл улсаараа нэг ажилгүй, ажилд тэнцэхгүй ромботонгуудтай болж авлаа. Гуравхан сая хүн амтай улс оронд хэдэн арван жилдээ бэлтгэхгүй ч хүрэлцэхээр “мэргэжилтэн”-үүдтэй болж авсан. Араас нь конвейроор үйлдвэрлэсээр л байна. Социализмын үед гадаад хэлтэн байтугай, орос хэлтнийг төрийн хатуу бодлогоор бэлтгэж, тэтгэж, тэр хэрээр мэргэжилтнүүд нь үнэ хүндтэй байсан. Гэтэл одоо Монгол Улсад гадаад хэлтэн дүүрсэн ч үр дүн нь улс орныхоо хөгжилд очиж огт наалддаггүй. Ядуурал, ажилгүйдэл нь байсаар л байдаг, гадаад хэлний сургалт зэрэгцэн цэцэглээд л. Зарууд дүүрэн.

Өнөөх жүжигт маань тайлал төгсгөл гэж байдаггүй. Дургиулаад л, алга ташаад л. Дургиж дургисны гол үр дүн нь ажилгүйдэл, ядуурал. Үүндээ дарлуулаад улс эх орон маань босч өндийж чаддаггүй ээ. Хамгийн аймшигтай нь дундаж давхаргаа устгачихаж. Дундаж давхарга нь баян, ядуу давхаргадаа хамаг байдгаа алдаад дууссан. 1990 онд нурж эхэлсэн энэ эх орон бүрэн нурсан, одоо арай чүү босгож байна. Даанч удаан. 

Социализмын үед Зөвлөлтийн зээл тусламж, мөнгөний гачаалын яриа тасардаггүй байтал өнөө өр тавиулдаг СССР нь нурж уначихаад байхад дахиад л зээл тусламж, мөнгөний гачаал, нэг хүнд ногдох асар их өрийн тухай яриа 28 дахь жил дээрээ тасралтгүй үргэлжилсээр. Үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын амны уншлага, тархины эмгэг, хойшдоо ч байнга ярих төлөвтэй. Улс орныхоо доройтол, ядууралд улстөрчид нь харилцан хэдэн биенээ яллана. Тэгэхлээр улстөрчид л буруутай, цаад ядуурсан хүнд өчүүхэн ч буруу байхгүй. Бүр сүүлдээ ядуурлаа өхөөрдөөд ч байх шиг. Ядууст хайртай дүрд 28 жил тоглоцгоолоо. Цаашид ч тоглоцгоох болно. Гэсэн ч ядуурал нь арилахгүй, ойрын хэдэн жилдээ. Төр буруутай гэдэгтэй би маргадаггүй, харин 100 хувийн буруу тохохын эсрэг дуугардаг. Хувь хүн, монгол хүн та яагаад буруугүй юм бэ гэх “сөрсөн базаа”-г би үргэлж хийнэ.

Бид өөрсдийгөө хэний ч оролцоогүй тамлаж байгаа хэлбэр нь энэ

Лойх, лоймол, лойно гэж хорон үгс дээхнэ их яригддаг байсан. Одоогийн залуус бол мэдэхгүй. Арчаагаа алдах, тартагтаа тулахыг нь тэгж хэлдэг байсан даа. Өнгөрсөн 28 жилд монголчуудыг тэгэхээс тэгэх гэж дураар нь дургиулж, дунд чөмгөөр нь жиргүүлж, ёстой тэгээд хаа хүрдэг юм үзье гэж хандсаны гайгаар ард түмэн маань бүхэлдээ лойчихоод байна. Бүтээдэг баялаг байдаггүй, байдаг бол тэр нь ард түмэндээ огт нялздаггүй. Мөнгө байдаггүй, мөнгө тогтоодоггүй, юу ч хүлээн авахад бэлэн нээлттэй гэнэн ард түмэн байж л байдаг. Өөрөө өөрийгөө устгахад ч бэлэн юм шиг. Хүн бол 50 хувь биологийн амьтан, 50 хувь нийгмийн амьтан. Харин монголчуудын биологийн амьтны шинж хэт их тунгаар хөгжөөд улс орон маань годройтож унасаар, бид дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэсээр ёроол руугаа нэг очих байх даа?

A

Жижиг

A

Дунд

A

Том

Б.Зангад: Хийх бүтээх урам өгсөнд баярлалаа

 0 сэтгэгдэл


Нийслэлийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан, салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан Монголын Урлагийн ажилтны холбооны нарийн бичгийн дарга, МУАЖ Б.Зангад, СТӨ-ний дэргэдэх Эртний сайхан чуулгын гоцлол дуучин, МУАЖ А.Долгор, Монголын DJ, аялагч, олон улс судлаач Ж.Золбаяр нарыг өнөөдөр нийслэлийн дээд шагнал “Хангарди” одонгоор шагнав.

Шагналыг НИТХ-ын дарга С.Амарсайхан, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, НЗДТГ-ын дарга М.Отгонбаяр нар гардуулан өглөө.

Монголын Урлагийн ажилтны холбооны нарийн бичгийн дарга Б.Зангад “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор шагнасанд нийт уран бүтээлчдийнхээ өмнөөс болон хувиасаа талархал илэрхийлье. СТӨ-ний 30 жилийн ойн арга хэмжээ саяхан болсон. Энэ ойгоор нийслэлийн удирдлагууд СТӨ-г сэргээн засварлах, үйл ажиллагааг өргөжүүлэн тэлэхэд зориулж 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж байгаад Монголын нийт уран бүтээлчид асар их баярлаж байгаа. Бидэнд хийж бүтээх онгод хийморь, урам хайрласанд баярлалаа” хэмээв.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Онцгойгийнхны зэрэг дэв ахиж, урамшуулал авна

 0 сэтгэгдэл


Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуралдаанаар “Онцгой байдлын байгууллагын алба хаагчид мэргэшлийн зэрэг, зэргийн нэмэгдэл олгох журам” батлагдлаа.

Журамд алба хаагчдаас жил бүр ерөнхий мэдлэг, бие бялдрын бэлтгэлжилтийн түвшин, сэтгэл зүй, тусгай бэлтгэлийн шалгалт авч, зэрэг олгож байхаар тусгажээ. Мэргэшлийн зэргийг офицер, ахлагчийн гэж ангилах бөгөөд мэргэшлийн III зэргийн шалгалтад Онцгой байдлын байгууллагад таваас доошгүй жил ажилласан, II зэргийн шалгалтад III зэргийг аваад хоёроос доошгүй жил эсвэл Онцгой байдлын байгууллагад наймаас доошгүй жил ажилласан, I зэргийн шалгалтад II зэргийг аваад гурваас доошгүй жил, эсвэл Онцгой байдлын байгууллагад 10-аас доошгүй жил ажилласан алба хаагч орох эрхтэй хэмээн заасан байна.

Мэргэшлийн зэрэг нь дөрвөн жилийн хугацаатай байх бөгөөд зэргийн нэмэгдлийг тухайн албан тушаалын сарын үндсэн цалингийн 5-15 хувиар тооцож олгох юм.