A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3075/

Үндсэн хуулийн өөрчлөлт Цэцэд очих магадлал бий

Ард нийтийн санал асуулгын эсрэг зогсогчид олон байна

Үндсэн хуулийн өөрчлөлт Цэцэд очих магадлал бий
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3075/


Эрх баригчид Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг парламентын шатанд гацаахгүйн үүднээс бүхий л аргаа хэрэглэлээ. УИХын гишүүд, тэр дундаа төсөл өргөн барьсан 62 гишүүн байр сууриасаа ухарч, үл ойлголцолд хүрсэн тул арга буюу Ард нийтийн санал асуулгаар “хайнаа хагалах” аргад шилжив. Энэ нь ч хоёрдугаар хэлэлцүүлгийн төгсгөлөөр тодорхой харагдсан. Ерөнхий сайдад эрх мэдэл олгох, сайд нар УИХ-д ажлаа тайлагнадаггүй болох, “давхар дээл”-ийг тайлах зэрэг заалт дээр нэгдмэл байр сууриа алдаж, төсөл бүхэлдээ эрсдэлд орсныг хэн хүнгүй харсан. МАН-ын бүлгийн дарга, спикер хоёр талцсан гишүүдээ гуйж, загнаж, унасан заалтаа босгосоор арай гэж хэлэлцүүлгээ дуусгасныг ч ард түмэн мэдэрсэн. Харин эрх баригчид зунжин ноцолдсон төслөө амжилттай болгохын тулд зүтгүүлсээр байна.

УИХ-ын дарга захирамж гаргаж Ард нийтийн санал асуулга явуулахаар төлөвлөж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслийн эхийг олон нийтэд сурталчлан таниулах үүргийг парламентын гишүүдэд өгөөд байгаа. Ирэх долоо хоногт парламентын шийдвэр гармагц гишүүд төслөө хамгаалах зорилгоор тойрогтоо ажиллана. Гэвч энэ ажил урагштай, үр дүнтэй болох эсэх нь эргэлзээ төрүүлж эхэллээ. Учир нь гишүүдийн дунд Үндсэн хуулиа бүрэн уншсан, нэмэлт өөрчлөлтийн учир зүй, найруулга холбоосыг тайлбарлаж чадах хүн цөөн байна. Төрийн ордонд Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар бүрэн дүүрэн хариулт өгчих гишүүн арван хуруунд тоологдож байгааг тооцвол парламентын түвшинд ч тайлбар хомс байна. Энэ нь сүүлийн үед УИХ-ын гишүүдийн зарим хэвлэлд өгсөн ярилцлагаас тодорхой харагдана. Хэлэлцүүлэгт огт оролцоогүй гурван гишүүн ч тойрогтоо “юугаа ярьж хуйхаа маажих” нь ойлгомжтой.

Цөөнхөөс гадна эрх баригч “тэрс үзэлтнүүд” санал асуулгыг дэмжихгүй


Мөн хэлэлцүүлгээс албан ёсоор гарсан АН-ын гишүүдээс гадна өргөн барьсан төслөө буруу тийшээ явчихсан гэж шүүмжилж буй эрх баригч “тэрс үзэлтнүүд” Үндсэн хуулийн өөрчлөлтийг сурталчлан таниулна гэдэг эргэлзээтэй. Шулуухан хэлэхэд төслөө Ард түмний санал асуулгаар унахыг нь хүлээгээд сууж буй хэсэг ч байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс эхлээд ард түмэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжихгүй гэж эргэлзээгүй байр сууриа илэрхийлэв. Ийм нөхцөлд гишүүд ярьсан болж, сонгогчид сонссон дүр эсгээд өнгөрөх уулзалтууд төсөөлөгдөж байна.

УИХ-ын дарга төрийн байгууллагууд болон намуудын төлөөллийг оролцуулж Ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах комисс байгуулах тухайгаа ярьсан. Гэвч хэлэлцүүлгээс гарсан цөөнх хийгээд өөрчлөлтийг эхнээс нь дэмжээгүй улс төрийн намууд түүний урилгыг найрсгаар хүлээн авна гэдэг юу л бол. Бас хэлэлцүүлгээс бүх саналаа татахаа мэдэгдсэн Ерөнхийлөгчийн зүгээс “тусламж” эрэх нь утгагүй. Үүнээс гадна Ард нийтийн санал асуулга, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн эхийг сурталчлахад саад болох бас нэг сөргөлдөгч бий. Тэр нь Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбоо. Тэд энэ удаагийн өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ тодорхой илэрхийлж, ҮХЦ-ийн шийдвэрийг Ард түмний санал асуулгын эсрэг дэлгэлээ. Тус холбооны ерөнхийлөгч Ж.Гомбожав ярихдаа “Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газар Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл санаачлаад шууд УИХ-д өргөн барих ёсгүй. Эхлээд Цэцэд өгөх ёстой. Ямар өөрчлөлт оруулах гэж байгаагаа манаач нь болох ҮХЦ-д хэлнэ. Цэц төслийг УИХ-д өргөн мэдүүлбэл парламент ард түмний хэлэлцүүлэг хийнэ. Цэц юу гэж хэлнэ түүгээр нь шийднэ гэсэн заалт байдаг. Энэ удаад 62 гишүүн төслөө эхлээд УИХ-ын даргад өргөн барьсан. Дараа нь Цэцийн даргад төслөө өргөн барьсан. Цэц үүний хариуг зургадугаар сарын 13-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өгсөн...Цэц энэ удаагийн төсөл Үндсэн хуулийн үндсэн суурь үзэл баримтлалтай нийцээгүй байна, бид өргөн барихгүй гэж. Нэгэнт цэц ингээд шийдчихсэн нөхцөлд УИХ хэлэлцүүлэг явуулах ёсгүй байсан. Хоёрдугаарт, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулбал заавал Ард нийтийн санал асуулга явуулах ёстой. Түүнийхээ дараагаар төслөө боловсруулах учиртай” гэжээ.

АИХ-ын дэд дарга асны үзэж буйгаар УИХ Үндсэн хуулийн өөрчлөлтөд анхнаас нь л “мордохын хазгай” хандаж, хууль зөрчсөн болж таарч байна. Мөн Ард нийтийн санал асуулгыг зохион байгуулах үйл явц ч хууль зөрчсөн гэж тэрбээр дүгнэжээ. Тухайлбал, Ард нийтийн санал асуулгын хуулийн 4.3-т “Ард нийтийн санал асуулгыг нэг удаад гурваас доошгүй асуудлаар явуулах бөгөөд санал асуулгын асуултын тоо, агуулгыг УИХ хэлэлцэн шийдвэрлэнэ” гэж заасан байхад эрх баригчид 35 зүйлтэй төслөөр санал асуулга явуулбал хууль зөрчинө хэмээсэн.

УИХ-ын гишүүдийн байр суурь, байгаа байдал, эсрэг үйлчлэх хүчин зүйлээс шалтгаалж Ард нийтийн санал асуулга амжилттай болох нь эргэлзээтэй байна. Мөн Үндсэн хууль зөрчсөн хэлэлцүүлэг, хуулиа зөрчсөн санал асуулга амжилттай боллоо ч дараа нь заргалдах магадлал өндөр байна. Хэрэв Ардчилсан Үндсэн хууль тогтоогчдын холбоо дээр өгүүлсэн хуулийн заалтуудаа барьж Цэцэд хандвал олон тэрбум төгрөг салхинд хийсэх магадлал ч байна. Харин УИХ-ын дарга энэ бүхнийг эерүүлэхийн оронд парламентаа тараана, сонгуулийг наашлуулна хэмээн гишүүдээ “айлгаж” байгаа нь хэр зохилтой юм бол доо.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Төрийн байгууллагууд эрх баригчдыг “долоож”, бодит байдлыг нууж эхлэв

 0 сэтгэгдэл
  • Хардахаас илүү харагдаж байгаа байдал нь төрийн байгууллагууд үнэн мэдээлэлд дулдуйддаг болов уу гэсэн эргэлзээг лавшрууллаа

Хууль, шүүхийн байгууллагынхан сонгуульд зориулж эрх баригчдад үйлчилж байна гэх хардлагыг төрийн байгууллагууд баяжуулж байна

Сонгуулийн жилийн эхнээс хууль, хяналтын байгууллагын үйл ажиллагаа идэвхжиж, улстөрчидтэй холбоотой хэргүүд ээлж дараалан шүүхийн шатанд овоорлоо. Тэр дундаа АН-ын угшилтай улстөрчдийн нэр холбогдсон хэргүүд шүүхээр ээлж дараалан хэлэлцэгдэж буй нь эрх баригчдад үйлчилж байна гэх хардлагыг улам лавшруулж байгаа юм. Үүнээс гадна эрх баригчдад далдуур үйлчилж эхэлсэн гэх хардлагыг зарим төрийн байгууллагын үйл ажиллагаа улам баяжуулж буйг баримтаар дурдъя. 

Нэгэн жишээ: Манай сонин саяхан статистикийн байгууллага эрх баригчдад илт “тал зассан” худал мэдээлэл гаргасныг тоо баримтаар ил болгосон. Тус нийтлэлд иргэдийг бодит мэдээллээр хангах байгууллага эрх баригчдад “долигонож” олны элэг доог болж буйг ч өгүүлсэн юм. Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн итгэхэд бэрх үзүүлэлтээс дурдвал, өрхийн орлого 248 мянган төгрөгөөр нэмэгдсэн, ажилгүй иргэдийн тоо 1800-гаар буурсан, ресторануудын орлого 1.3 тэрбум төгрөгөөс өссөн, аж үйлдвэрлэл 6.4 хувиар өгссөн, бөөний худалдаа 6.3 тэрбумаар тэлсэн гэжээ. Цар тахлын улмаар эдийн засаг агшиж, үйлдвэрлэл хумигдаж, худалдааны эргэлт царцан, иргэдийн амьжиргаа, өрхийн орлого огцом буураад байгааг хэн хүнгүй мэдэж байхад илт зөрүүтэй мэдээлэл түгээсний цаана эрх баригчдыг харлуулахгүй гэсэн санаа агуулагдаж байна гэж хардахаас аргагүй. 

Нэгэн жишээ: ШӨХТГ-ын дарга өнгөрсөн сарын 20-нд “Бүх ШТС-д шатахууны чанар, дүүргэлт, дутуу шахалтад гэнэтийн шалгалт хийж, дээж аван, төв лабораториор шинжлүүлж хариуг нь долоо хоногийн дотор албан ёсоор мэдээлнэ” гэсэн боловч таг чиг болсон. Харин өчигдөр мэдээлэхдээ “Хяналт шалгалтын ажлыг 30 хоногоор сунгасан, шалгалт үргэлжилж байна. Шатахуун бол улсын стратегийн чухал бүтээгдэхүүн учраас ултай, суурьтай судалж, дүн мэдээллийг дэлгэнэ” гэсэн тайлбар мэдэгдэл хийв. Долоо хоногт албан ёсны хариу нь гарна гэж бардам мэдэгдэж байсан төрийн байгууллагын удирдлага шалгалтын ажлын хугацааг сунгах, үргэлжилж байна гэж мэдээлэхийн учрыг иргэд, олон нийт сайн ойлгосонгүй. Эндээс сонгуультай холбоотойгоор нийгэмд “доргио” үүсгэхгүй байхаар тооцож, хугацааг нь сунгасан юм биш биз гэх хардлага эрхгүй төрж байгаа юм. 

Нэгэн жишээ: Олон нийтийн өмнө ил тод, шударга байх ёстой АТГ эрх баригчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг (ХОМ) зарлахгүй удаж байгаа нь тэдэнд үйлчилж байна гэх хардлагыг шууд төрүүлнэ. Өмнөх жилүүдэд АТГ төрийн болон төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ-ийг аль дөрөвдүгээр сарын эхээр зарлачихдаг байсан ч энэ удаа сунжруулж дарсан нь хардлагыг улам лавшруулаад байгаа юм. Хуулиараа жилийн хоёрдугаар улиралд багтаан нийтэд ил болох ёстой ч энэ удаад улирлын төгсгөлд буюу сонгуулийн сурталчилгаа дууссаны дараа зарлах мэдээлэл ч “чих дэлсэж” байгаа нь яах аргагүй эрх баригчдад үйлчилж байна гэсэн хардлага руу хөтөллөө. Нөгөөтэйгүүр энэ нь өмнөх жилүүдийн уламжлалаас “гажсан” шударга бус байдлыг далдуур бий болгож байгаа юм. 

Нэгэн жишээ: Өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийн хугацааг удаа, дараа сунгаж байгааг талархан хүлээж авч буй иргэн олон ч нөгөө талд нь эрх баригчид улс төрийн эсэргүүцэл жагсаал цуглаанаас “жийрхэх”- дээ байдлыг далимдуулж байна хэмээн хардаж буй хүн ч цөөнгүй бий. Хорио цээрийн дэглэмийн улмаас зарим сөрөг үр дагавар нэмэгдсэнийг ч тэд шүүмжилж байгаа. Тухайлбал, ахуйн хүрээний архидалд нэмэгдэж, гэр бүлийн хүчирхийллийн тоо өссөнийг цагдаагийн байгууллага “зөөллөж” байна гэх хардлага газар авав. Үүнийг батлах мэт төрийн байгууллагуудын тоо баримт зөрж эхэллээ. Статистикийн байгууллагаас хийсэн судалгаанд “2020 оны эхний улиралд гэр бүлийн хүчирхийллийн 3131 гэмт хэрэг, зөрчил шалгагдаж, 2244-ийг нь шийдвэрлэсэн. Өмнөх оны мөн үетэй харьцуулбал, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үүдсэн зөрчил 61.6 хувиар өсжээ” гэсэн. Гэтэл ЦЕГ-ын статистик мэдээлэлд эхний гурван сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 27 бүртгэгдэж өмнөх оныхоос 133 хэргээр буюу 83.6 хувиар буурсан гэжээ. Илт зөрүүтэй энэ мэдээллийн цаана цагдаагийн байгууллага эрх баригчдын цар тахлын үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг харлуулахгүй гэсэн санаа явж байгаа юм биш биз гэсэн хардлагыг төрүүлж байна. Дээрх жишээ, тоо баримтаас дүгнэхэд төрийн байгууллагууд сонгууль угтсан “кампанит ажилд” хүчин зүтгэж эхэлсэн гэх хардлага эрхгүй төрж байна. Хардахаас илүү харагдаж байгаа байдал нь төрийн байгууллагууд үнэн мэдээлэлд дулдуйддаг болов уу гэсэн эргэлзээг лавшрууллаа. Чухам энэ эргэлзээ сонгуулийн дараа батлагдвал ард түмнээ хуурсан хэрэгт МАН-ын эрх баригчид төдийгүй төрийн байгууллагууд хэлхэгдэж, муу нэрээ улам шаварт хутгах вий.

A

Жижиг

A

Дунд

A

Том

МАН өөрсдийн ЖДҮ, 60 тэрбум, концесс, аллага, хүчин, хулгайгаа нуух гэж сөрөг хүчнээ гүтгэж байна

 0 сэтгэгдэл
  • Нэр бүхий 10 гаруй нэр дэвшигчийг ял авсан мэтээр гүтгэжээ

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүү мэдээлэл хийж, УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байгаатай холбогдуулан сонгогчдыг үл хүндэтгэсэн, зарим нэр дэвшигчийг гүтгэсэн увайгүй мэдээллийг улс төрийн намууд явуулахгүй байхыг сануулав. Тэрбээр “Эрх барьж буй МАН өөрсдийн ЖДҮ, 60 тэрбум, концесс, аллага, хүчин, хулгайгаа нуух гэж сөрөг хүчний намууд руу гүтгэсэн, харлуулах үйл ажиллагаа явуулж буйд Ардчилсан нам харамсаж байна. Иймэрхүү гүтгэлгийн шинжтэй суртлыг хэн, хаанаас явуулж байгааг АН-ын хуульчид олж тогтоосон. Сонгууль бол нэг улстөрч нөгөө улстөрчөө муулдаг асуудал биш, харин бодлогын өрсөлдөөн. Ардчилсан нам сонгуулиар шударга өрсөлдөхийг уриалсан. Харамсалтай нь, АН-ын 76 нэр дэвшигчийг Сонгуулийн ерөнхий хороо албан ёсоор бүгдийг нь бүртгэсэн байхад зарим гишүүнийг бүртгээгүй хэмээн төөрөгдүүлсэн мэдээлэл тарааж байгаад харамсаж байна. Цагдаагийн ерөнхий газар нэр дэвшигчдийн талаар өмнө нь ял шийтгэл авсан эсэх талаар лавлагаа авдаг бөгөөд манай 76 нэр дэвшигч авлига, албан тушаалын хэрэгт холбогдож байгаагүй, татварын өргүй гэх мэт холбогдох мэдээллүүд нь хуульд нийцсэн гэдгийг баталгаажуулж, үүнийг нь Сонгуулийн ерөнхий хороо бүртгэсэн. Энэ бүхэн өөрсдийнхөө алдааг нууж, бусад өрсөлдөгчөө харлуулах гэсэн оролдлого гэж харж байна. Сонгогчид хэнийг сонгох вэ гэдгээ хэн нэгнээр заалгахгүй сонголтоо хийнэ. Иргэд сонгогчийн сонгох эрхийг хүндэтгэж, хэтэрхий их мөнгө төлж бие биенээ харлуулж байгаад өөрсдийгөө хамгаалсан арга ядсан арга гэдгийг иргэд олон түмэн үзэж байгаа юм. Ардчилсан нам Монголын ард түмний мэргэн сонголтод итгэж байна. Сонгогч түмнээ хүндэтгэж байна” гэв. 

Ийнхүү мэдээлэл өгсний дараа дараах тодруулгыг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Баатархүүгээс тодрууллаа.

-Ардчилсан намын хэн, хэн гэдэг нэр дэвшигчийг яаж гүтгэсэн бэ. Хууль эрх зүйн ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Нэр бүхий 10 гаруй нэр дэвшигчийг ял авсан мэтээр гүтгэсэн. Гэтэл хуулийн байгууллага тийм зүйл байхгүйг нь баталгаажуулсан. Хуулийн байгууллагуудад тодорхой асуудлаар гомдол мэдээлэл гаргасныг богино хугацаанд шалгах үүрэгтэй. Хэн нэгэн нэр дэвшигч бусдыг гүтгэсэн нь тогтоогдвол хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэж хуульд заасан.

-Танай нам хандивын дансаа нээсэн үү?

-Ардчилсан нам хандивын данс нээсэн. Бүх нэр дэвшигчийн хандивын данс нээлттэй, ил тод түмэн олонд нээлттэй байхаар ажиллаж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Сонгуулийг ил тод, нээлттэй явуулах зарчим алдагдсаар байна

 0 сэтгэгдэл
  • Өндөржүүлсэн бэлэн байдлын үед сонгуулийн сурталчилгааг хэрхэн хийх журмыг дэлгэхгүй удаж буй нь нэр дэвшигчдэд хүндрэл учруулж байна
  • Сонгуульд зориулсан түр журмыг зарлахгүй байгаа нь нэр дэвшигч, сонгуулийн менежерүүдэд хүлээлт үүсгэлээ

Засгийн газраас орон даяар тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгасантай холбогдуулан сонгууль явуулах журмыг батлах шаардлага үүссэн. Улмаар өнгөрсөн мягмар гарагт Улсын онцгой комисс (УОК) хаалттай хуралдаж, түр журам батлах асуудлыг хэлэлцсэн юм. Гэвч тус журмыг олон нийтэд мэдээлэх, нэр дэвшигчдийг мэдээллээр хангах ажил хангалтгүй байна. Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгтэй үед анх удаа УИХ-ын сонгууль явуулах гэж байгаатай холбогдуулан УОК-оос Сонгуулийн ерөнхий хороотой (СЕХ) хамтарсан ажлын хэсэг гаргаж, түр журмын төслийг боловсруулсан. Тус журмын талаар “УИХ-ын 2020 оны сонгуулийн сурталчилгааны үед коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд нэр дэвшигчид, сонгуулийн штабын ажилчид болон ард иргэд нийтээр дагаж мөрдөх найман зүйл 50 заалттай байхаар боловсруулсан” гэснээс өөр тодорхой мэдээлэл алга. СЕХ хуульд заасны дагуу нэр дэвшигчдийг бүртгэж дууссаны дараа ерөнхий менежер, шадар туслах нарт үнэмлэх олгох ажлыг 48 цагийн дотор хийх ёстой.  Түүний дагуу нэр дэвшигчдийн менежер, шадар туслахууд ч үнэмлэхээ авч дуусжээ. Харин одоо УОК-оос гаргах түр журам олон нийт болон нэр дэвшигчдэд хүлээлт үүсгэж эхэллээ. 

Үүнтэй зэрэгцээд сонгуулийн бүхий л үйл ажиллагаа ил тод шуурхай явагдах ёстой хуулийн зарчим энэ удаад алдагдаж эхлэв. Учир нь түр журам гарснаар нэр дэвшигчид болон менежерүүд ажлаа төлөвлөж, тактикаа боловсруулах ёстой. Эх сурвалжийн мэдээлж буйгаар УОК-ын хаалттай хуралдаанаар түр журмын төсөлд зарим нэмэлт оруулахаар хойшлуулсан бөгөөд өчигдөр СЕХ, УОК-ийн хамтарсан ажлын хэсэг хуралдаж журмын төсөлд байр сууриа нэгтгэсэн гэнэ. Гэхдээ тус түр журмын талаар олон нийтэд болон нэр дэвшигчдэд мэдээлэх хараахан болоогүй, нэр дэвшигчийн үнэмлэх олгохоос өмнөхөн ил болгоно гэж үзэж байгааг ч эх сурвалж өгүүлж байна. Хэрэв эрх баригчид сурталчилгаа эхлэх өдөртэй зэрэгцэн түр журмаа “дэлгэх” гэж байгаа бол сонгуулийг ил тод явуулах хуулийн зарчим алдагдах бодит нөхцөл үүснэ. Нөгөөтэйгүүр сонгуулийн сурталчилгаа хийх хугацаа богино, уулзалт, ярилцлагын орчин нөхцөл хязгаартай, хорио, дэглэм бишгүй тул аль болох эрт мэдээлэх нь нэр дэвшигчид төдийгүй сонгогчдод ч хэрэгтэй юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

МАН-ын сонгуулийн санхүүжилт итгэл төрүүлэхгүй байна

 0 сэтгэгдэл
  • Сонгуульд зарцуулах 34 тэрбум төгрөгийг дан хандиваар босгох боломж байхгүй тул хардлага төрүүлж байна

УИХ-ын сонгуульд амжилттай оролцохын тулд нам, эвсэл, нэр дэвшигчид өөрсдийн санхүүжилтийг босгосоор байна. АН-ын хувьд нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөг татсан бол МАН дан хандиваар санхүүжилтээ босгох болсноо өнгөрсөн бямба гарагт зарлав. МАН-аас нэр дэвшигч Сангийн дэд сайд Х.Булгантуяа энэ талаар танилцуулж хандивын аян албан ёсоор эхэлж байгааг өчигдөр мэдэгдсэн. Тэрбээр “Аливаа улс төрийн хүчин сонгуульд цэвэр санхүүжилтээр өрсөлддөг зарчим байдаг. Энэ зарчмыг баримталж ажиллана. Хандивын дансанд иргэд сонгогчид, гишүүд, дэмжигчид хандиваа өгөх боломжтой. МАН-ын 200 мянга гаруй гишүүн маань 1000, 5000 төгрөг хандивладаг. Энэ сонгуульд МАН-ын нэр дэвшигч бүр хариуцлагатай хандаж, ялах ёстой. Гадаадын улс орнуудад дэмжиж байгаа улстөрчийнхөө хурал зөвлөгөөнийг өөрсдөө санхүүжүүлээд, намын мөрийн хөтөлбөрийг нь хэлэлцдэг. Иргэдийн оролцоо байж ардчилал хөгжинө. Нэр дэвшигчдээ мөнгөнөөс хол байлгахын тулд иргэд нь оролцох ёстой гэж үздэг. Энэ туршлагыг нэвтрүүлэхийн төлөө МАН ажиллаж байна” гэсэн. Түүний үг МАН дан хандиваар сонгуульд оролцохоо илэрхийлсэн гэж ойлгож болох ч итгэл төрүүлэх хэмжээнд сонсогдохгүй байгаа юм. Тэр дундаа 1000, 5000 төгрөгийн хандив цуглуулаад том сонгуульд орно гэдэг юу л бол!!! Учир нь өнгөрсөн гуравдугаар сард Үндэсний аудитын газраас 2020 оны УИХ-ын сонгуульд зарцуулах зардлыг тойрог бүрээр тогтоосон. Тэгэхдээ Үндэсний статистикийн хороо, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг байгууллагаас өрхийн болон сонгогчийн тоо, инфляцын өсөлт, нутаг дэвсгэрийн хэмжээ, байршил зэрэг мэдээллийг авч боловсруулсан. Түүгээр тооцвол аймгуудад 19.1 тэрбум, нийслэлийн тойргуудад 15.2 тэрбум гээд 76 нэр дэвшигч нийт 34.3 тэрбум төгрөг зарцуулах юм. Нэг нэр дэвшигч тойргийн өрх бүрийн тоогоор сонин, сэтгүүл, ухуулах хуудас тараах учраас сонгуулийн зардлын дээд хэмжээг тултал ашиглахаас аргагүй. Тэгэхээр энэ их мөнгийг дан хандиваар босгож санхүүжилтээ хийнэ гэдэг хүнд. МАН-ын 200 мянган гишүүн бүр 171.5 мянган төгрөг хандивлаж байж энэ мөнгө босох нь. Мөн аль ч намын нэр дэвшигч нөгөөгөөсөө дутуугүй үйл ажиллагаа явуулж байж өрсөлдөөн өрнүүлдэг манай нөхцөлд хагас тэрбум төгрөгийг дан хандиваар босгоно гэдэг ч бараг боломжгүй. Сонгуулийн тухай хуульд нэг иргэнээс өгөх хандивын хэмжээг таван сая, хуулийн этгээдээс авах мөнгийг 20 сая төгрөгөөр баталсан учраас нэг нэр дэвшигч дор хаяж 100 иргэнээс таван сая, 25 ААН-ээс 20 сая төгрөг авч санхүүжилтээ хангах болж байна. Тийм л учраас МАН-ын уриалга худлаа байх магадлал өндөр юм. Хэдийгээр МАН-ын санаачилга, гадаадын жишгийн дагуу хандив цуглуулж өрсөлддөг болчихвол манай улс төрийн соёлд хэрэгтэй ч бодит байдал дээр сонгуулийн зардлын хэмжээг тултал ашиглаж өрсөлддөг онцлогоос хамаарч тийм боломж харагдахгүй байгаа юм.