A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2476/

Үндсэн чиглэл хэлэлцэж байхад хэтэрхий жижиг асуудлууд оруулж ирсэн гэв

Сайд нар төлөвлөсөн ажлаа хийхийн тулд “царайчилж” байна

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/2476/


Засгийн газраас Монгол Улсын нийгэм, эдийн засгийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг боловсруулж, өнгөрсөн сард УИХ-д өргөн барьсан. Түүний дагуу УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо ирэх онд хийх Засгийн газрын ажлыг хэлэлцэж яам, салбар бүрийн удирдах ажилтнууд гишүүдийн асуултад хариулав.

Засгийн газраас 2020 онд хийх ажлаа салбар бүрийн яамдаас ирүүлсэн санал дээр үндэслэн улсын төсвийн хөрөнгө оруулалт болон бусад хөрөнгийн эх үүсвэртэй уялдуулсан гэж танилцууллаа. Тухайлбал, Үндсэн чиглэлээр 20 зорилттой 118 бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгаснаас гадна шаардагдах санхүүжилт, хүрэх үр дүн, гардан хариуцах байгууллагыг тодорхойлсон гэв. Тэдгээр 118 арга хэмжээнд нийтдээ 10 их наяд 213.6 тэрбум төгрөгийн санхүүжилт хэрэгтэйгээс 1.3 их наяд төгрөгийг улсын төсөв, 2.1 их наядыг гадаад эх үүсвэр, 6.1 их наяд төгрөгийг төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө, 607 тэрбум төгрөгийг бусад эх үүсвэрээс гаргахаар төлөвлөжээ.

Харин Сангийн сайд мөнгөндөө харам байгааг нь үндсэн чиглэлийн ажлуудын санхүүжилт тодорхойгүй, салбарын сайд нар мөнгө гуйсан байдалтайгаас харагдаж байв.

Үндсэн чиглэлийг хэлэлцэх үеэр сайд нарын зүгээс Сангийн яамаа “царай алдаж” байгаагаа нуусангүй. Тухайлбал, БХБ-ын сайд Х.Баделхан “Ирэх онд бид 12 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулна. Гэтэл ипотекийн зээлийн санхүүжилтийг Монголбанк “Бид хийхгүй, Сангийн яаманд шилжүүлж байгаа, тэднийх хариуцна” гээд байдаг. Сангийн сайд болохоор боломж тааруу гэсэн зүйл ярьж байна. Үүнийгээ Эдийн засгийн байнгын хорооны гишүүд ярилцаад нэг талд нь шийд. Сангийн яам санхүүжүүлэх эсэхээ хэлээч ээ” гэсэн юм. Мөн ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Ирэх онд 4.6 тэрбум төгрөгөөр нөөцийн мах бэлтгэхээр Үндсэн чиглэлд тусгасан. Энэ мөнгө өнөө жилийнх шиг хүрэлцээгүй байдлыг бий болгоно. Үүнийг сайжруулахад 10 тэрбум төгрөг хэрэгтэй байхад Сангийн сайд нааштай хариу өгөхгүй байна” хэмээсэн. Харин сайд нар хөтөлбөр үйл ажиллагааны санхүүжилтийг нэмэхгүй байгаа талаар гомдол мэдүүлж суухад Сангийн сайд “нэмэхгүй, тэр байтугай 34 тэрбум төгрөг хасна” гэж толгой дохиж суув. Сайд нарын толхилцоог таслах зорилгоор Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар “Сайд нар Үндсэн чиглэлээ боловсруулахдаа Засгийн газар дээрээ асуудлаа яриад оруулж ирэх хэрэгтэй шүү дээ” хэмээн шүүмжилсэн юм.

Мөн үндсэн чиглэлд тусгаагүй ажлууд гарч ирсэнтэй холбоотойгоор шинээр тусгах, салбарын бодлоготой уялдуулах зэрэг олон ажил дутагдаж байгааг хэлж байсан.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлыг Үндсэн чиглэлд тусгаагүй

УИХ-ын гишүүн Я.Содбаатар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын ажлыг яагаад Үндсэн чиглэлд тусгаагүйг тодруулахад “Энэ сарын 24-нөөс “Монголын төмөр зам” компани Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг барьж эхэлнэ. Эхний ээлжинд Эрдэнэс-Тавантолгой компани 156.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгоод байгаа. Ирэх жилийн санхүүжилт хэд байхыг мэдэхгүй. Үндсэн чиглэл боловсруулж байхад ийм шийдвэр гараагүй байсан учраас төлөвлөлтийн асуудал тусгагдаагүй. Цаашдаа үүнийг тусгах байх” хэмээн ЗТХЯ-ны удирдлага хариулав. Энэ нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам барих ажил улс төрийн шийдвэрээр хүч түрэн орж ирж буйг харуулсан. Нөгөөтэйгүүр судалгаа, бусад салбарын эдийн засгийн үзүүлэлттэй уялдаагүй шийдвэр Үндсэн чиглэлд “гай тарьдаг” талаар албаныхан ярьж байсан юм.

УИХ-ын гишүүд улс орны хөгжил, эдийн засгийн боломжийн талаар ярьж суухад зарим гишүүн  өөрийнхөө асуудлыг Үндсэн чиглэлд оруулахаар зүтгүүлж байгаа зүйл ч ажиглагдав. Жишээ нь УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Дэд бүтцийг хөгжүүлэх бодлого дутуу тусгасан байна. Хувийн хэвшлийнхэн өөрсдөө дэд бүтцээ татчихаад байхад амин хувиа хичээсэн гээд хүлээж авахгүй дарамталдаг ёс зүйгүй хандлагыг яамны зүгээс гаргаж байна” гэсэн. Хариуд нь Эрчим хүчний яамны дэд сайд Т.Гантулга “2016 онд баталсан Эрчим хүчний тухай хуулиас давсан шийдвэр гаргах болчихоод байгаа дамжуулах төв хүлээн авах ажил байгаа. Зөвхөн гарамжав гишүүнтэй холбоотой ч биш, бас өөр 16 дамжуулах төв бий. Гарамжав гишүүнтэй энэ асуудлаар хэд хэдэн удаа уулзсан. Гэвч хуулиас давсан шийдвэр гаргах хүндрэлтэй байна” гэсэн нь гишүүний уурыг хүргэчихэв. Ц.Гарамжав гишүүн “Энэ ганц миний асуудал биш. Намайг зөвхөн өөрийнхөө хувийн хэвшлийн талаар яриад байгаа гэж хэлэх гээд байгаа юм биш дээ” хэмээн ундууцсан.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Сангийн яаманд хандаж хэлэхэд Монгол Улсын хөгжлийн бодлогод ингэж “дайвар” байдлаар хандаж болохгүй. Монголын төр бодлого байхгүйгээс төлөвлөлт байхгүй болсон. Улс орны хөгжлийн том бодлого, Үндсэн чиглэл хэлэлцэнэ гээд сууж байхад цагдаагийн парк, хилийн застав шинэчлэх зэрэг салбартаа шийдчих боломжтой маш олон жижиг асуудлыг оруулаад ирсэн байна. Гол том бодлого, төлөвлөлтүүд хаягдсан байна” гэж шүүмжилсэн юм.

Энэ мэтчилэн ЭЗБХ-ны гишүүд, сайд нар Монгол Улсын нийгэм эдийн засгийг 2020 онд хөгжүүлэх Үндсэн чиглэлийг хэлэлцэж толхилцсоор ямартай ч УИХ-ын нэгдсэн чуулганд оруулахыг олонхоор дэмжив.

A

Жижиг

A

Дунд

A

Том

"Монголын ардчиллын амин сүнс нь зөвшилцөл"

Ардчилал бидэнд юу өгснийг залуусаар дэнслүүлэв

 0 сэтгэгдэл


Ардчилал бидэнд юу өгсөн бэ? Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд дээрх асуултад хариулт хайлаа. Монголын Улс төрийн гол хоёр хүчин ардчилсан нам, МАН болон бүгд Найрамдахчуудын олон улсын хүрээлэнгээс “Монгол Улс ардчилллын замаар 30 жил: Ардчилал бидэнд юу өгсөн бэ” сэдэвт онол практикийн бага хурлыг зохион байгуулсан юм.

Эл хурлын онцлог хийгээд авууштай тал нь амжилт ололт, алдаа оноо, тулгарч буй бэрхшээл сорилтыг дунд, залуу үеийнхнээрээ дүгнүүлсэн нь ололттой байв.

Хурлын модератороор ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, эдийн засагч Р.Амаржаргал, УИХ-ын гишүүн, МАН-ын залуучуудын байгууллагын тэргүүн Н.Учрал нар ажилласан нь бас содон хошил байсан.

Эдийн засагч Р.Амаржаргал 230 жилийн өмнө өрнөсөн Францын ардчилсан хувьсгалыг дүгнэх болоогүйг мэргэчүүл нь хэлдгийг эш татаад, 30 настай Монголын ардчиллын алдаа оноог ярихад эрт байна гэв.

Тэрбээр “Монголын ардчиллыг ардчилсан нам хэзээ ч өмчилж байгаагүй. Энэ бол монголчуудын хамтын бүтээл. Монголын ардчиллын амин сүнс нь зөвшилцөл байсан. Ардчилал гэдэг америкчуудад нэг өөр. Япон ч юм уу өөр улсуудын хувьд бас ондоо. Харин монголчуудын хувьд ардчилал гэдэг дөрвөн жилд болдог сонгууль, олны өмнө гарч ирээд цээжээ дэлдэж орилдог популзм, жендэрийн тэгш эрх энэ тэрийг зарлан тунхаглах тухай биш юм. Харин Монголын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолын баталгаа нь ардчилал юм” хэмээв.

Харин илтгэгчдээр дипломатч Ц.Сүхбаатар, Социнтернийн олон улсын эмэгтэйчүүдийн байгууллагын ази номхон далайн бүс хариуцсан дэд ерөнхийлөгч Д.Энхжаргал, үндэсний брэндийн зөвлөлийн тэргүүн Н.Дэмбэрэл, LEAD хөтөлбөрийн төгсөгч, судлаач Г.Булганчимэг, эдийн засагч О.Эрдэнэ-Өрнөх нар оролцсон юм. Тэд Монголд өрнөсөн ардчиллын ололт хийгээд сорилтыг хэрхэн тодорхойлсныг тоймлон хүргэе.

Ц.СҮХБААТАР: /диплиматч/ АРДЧИЛСАН ХУВЬСГАЛААР МОНГОЛ ОРОН ОББЬЕКТООС СУБЬЕКТ РҮҮ ШИЛЖСЭН

Миний бие 1980-аад оноос гадаад харилцааны салбарт ажилласан. Тухайн үед ЗХУ болон социалист нөхөрлөлийн орнуудын эрх ашгийг хамгийн эхэнд тавьдаг, Монгол өөрөө бие даасан бодлого хэрэгжүүлэх боломжгүй байлаа. Цөөн хэдэн улстай харилцдаг, гадагшаа явахдаа социалист чиг баримжаатай орнууд руу л явна. Өөрсдийгөө азид буй коммунизмын гол тулгуур гэж үздэг, ЗХУ-ын 100 мянга гаруй бие бүрэлдэхүүнтэй цэргийн ангийг нутагтаа байршуулсан байдалтай 1990 онтой золгосон. Монголд өрнөсөн ардчилсан хувьсгалын үр дүнд зүг чигээ хамгийн хурдан олсон салбар бол гадаад харилцааны салбар. Тэр үед Монголыг эдийн засгийн хувьд тэжээж байсан ЗХУ нуран унаснаар манай орон эдийн засгийн гүн гүнзгий хямралд орсон. Тиймээс тухайн үеийн Ерөнхийлөгч П.Очирбат болон гадаад харилцааг ахалж явсан Ц.Гомбосүрэн, эдийн засагч Да.Ганболд нар маш зөв бодлого хэрэгжүүлж, “Монголд хандивчлагчдын чуулган” гэх бүтцийг өндөр хөгжилтэй орнуудын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Энэ нь улс төр, эдийн засгийн өөрчлөлтийг хийх боломжийг бий болгосон. Товчхондоо ардчилсан хувьсгалаар Монгол Улс обьектоос субьект рүү шилжсэн.

Н.ДЭМБЭРЭЛ /Үндэсний брендийн зөвлөл/ АРДЧИЛСАН ЧӨЛӨӨТ БОДЛОГОО ХЭРХЭН АВЧ ЯВАХАА ШИЙДЭХ ТҮҮХЭН ҮЕ ИРЛЭЭ

Өнөөдөр дэлхий нийтээр дахин нэг тектоник хөдөлгөөн явж байна. Угаасаа Евразийн энэ хэсэгт дэлхийд бодлогоо хэрэгжүүлдэг геополитик байна. Энэ онолын дагуу их гүрнүүд хоорондоо өрсөлдөж байгаа. Гэхдээ одоо хоорондоо дайтаад явахгүй нь тодорхой. Харин эдийн засаг, улс төр, дипломат бодлого явуулж байна. Дэлхий даяар өрнөж буй эдийн засаг, геополитикийн орчинд Монгол Улс 300 жилд анх удаа өөрсдөө авч явж буй ардчилсан чөлөөт бодлогоо хэрхэн үргэлжлүүлэх вэ гэдэг түүхэн цаг үе ирлээ гэж хардаг. Гэтэл хувь заяаны шоглоом ч гэдэг юм уу, яг энэ хугацаанд засаглал солих хэмжээнд хүртэл улс төр яригдаж байгааг бүгд харж байна.

О.ЭРДЭНЭ-ӨРНӨХ: /Эдийн засагч/ ЭДИЙН ЗАСГИЙН ШИНЭ ТОГТОЛЦООГ ХУУЧНААРАА УДИРДАХ ГЭСЭН АРГА БАРИЛ БАЙСААР БАЙНА

Эдийн засагт хувийн хэвшил давамгай болсон, худалдаа нээлттэй болсон, дэлхийн худалдааны байгууллагад элссэн, санхүүгийн хямралуудыг давж гарсан гээд ардчиллаас хойш Монголын эдийн засгийн салбарт гарсан ахиц дэвшил их. Гэхдээ бидний өмнө сорилтууд байна. Хамгийн түрүүнд ядуурлыг хэлмээр байна. Дэлхийн банкны үзүүлэлтээр 2018 онд хүн амын 28 хувь нь ядуу байна. Өөрөөр хэлбэл ядуурлын түвшин хэт өндөр. Нөгөө тал дээр орлогын ялгаатай байдлын үзүүлэлт ч мөн хэт өндөр. Түүнээс гадна ДНБ дэх төсвийн зарлагын жин тогтмол 30-аас дээш байна. Заримдаа 40 хүрдэг. Энэ бол орлогын ялгаатай байдал, ядуурал ихтэй, эдийн засаг дахь төрийн оролцоо давамгай хэвээрээ байгаагийн илрэл. Хэдийгээр манай хувийн хэвшил либеральчлагдаж, өнөөдрийн зэрэгтэй явж байгаа ч өмнөхөө санагалздаг, шинэ тогтолцоог хуучнаараа удирдах гэж оролддог байдал төрд байсаар байна. Өөрөөр хэлбэл эдийн засаг дахь сэтгэлгээний өөрчлөлт хийгдээгүй байгаа юм. Цаашид эдийн засгийг удирдах гэж оролдож байгаа, бизнесийн орчныг сайжруулах гээд муутгаж байгаа хуучинсаг, зөвлөлт маягийн арга барилаа өөрчлөх нь хамгийн чухал.

Г.БУЛГАНЧИМЭГ: /судлаач/ МОНГОЛЧУУД ТЭГШ БУС БОЛОМЖИЙГ ЭДЭЛДЭГ

Өнөөдөр Монголын нийгэм яагаад ийм их бухимдалтай, ардчилсан тогтолцоогоо буцаах хэмжээний эргэлзээ үүсчихэв ээ гэдэг нь гол асуулт. Миний бодлоор иргэдэд нийгэм, эдийн засгаа сайжруулах боломж нь хангалттай үүсээгүй байна. Энэ боломж үүсэхгүй байгаа хамгийн том шалтгаан нь ерөөсөө л тэгш бус байдал. Монголд ядуурал маш их байна. Гэхдээ засаглалын асуудлаас болж энэ ядуурал бий болоогүй, зөвхөн хүмүүст олдож байгаа боломж нь л тэр. Хүмүүс өөр өөр боломжийг эдэлж байна. Хамгийн түрүүнд баялгийн дахин хуваарилалтын асуудал. Энэ магадгүй 1990 оны эдийн засгийн хувьчлалаас эхэлсэн байх. Би дундаж айлын хүүхэд. Тиймээс би гадаадад сургуульд сурах тэтгэлгийг олж авахын тулд хичнээн олон цоожтой хаалгыг нүдэж онгойлгосныг мэдэхгүй. Гэтэл тэр боломжийг зүгээр нэг эрх мэдэлтэй айлын хүүхэд ямар амархан олж авсныг би бас мэдэхгүй. бүр нөгөө талдаа над шиг тийм боломжийг ч эдэлж чадахгүй өчнөөн айлын хүүхэд байгаа. Хүн хөрөнгөөрөө ингэж хуваагдаад эхлэхээр мэдээлэл олж авах байдлаараа ч хуваагдаад эхэлнэ. Тухайлбал, саяхан болсон ЖДҮ-гийн хэрэг хамгийн том жишээ. Ийм зээл байдаг юм уу гэж гайхшаа барж, нийгмээрээ цочирдсон. Гуравдугаарт хүн мөнгөгүй, мэдээлэлгүй болохоор ямар ч эрх мэдэлгүй, тойргийн гадна үлдэнэ. Өөрөөр хэлбэл улс төр ч юм уу оролцоог нь хязгаарлаад эхэлж байгаа юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Махны экспорт өөдөлдөггүйн учир

 0 сэтгэгдэл


Оросын эрэн сурвалжлах сэтгүүлчид тус улсын махны бизнесийн хамгийн том компани Ерөнхий сайд Д.Медведевийн эхнэрийнх нь ахын нэр дээр байдгийг илрүүлжээ. Манайд ч гэсэн Хүнс, хөдөө аж ахуйн сайдын хадам дүү нь махны экспортын компанитай. Уг нь хамгийн ашигтай нь малын махны экспорт гэдгийг С.Баяр ОХУ-д Элчин сайдаар суухдаа арав гаруй жилийн тэртээгээс хөөцөлдөж, бүр улс төрөөс гарч хувийнхаа бизнес болгохоор ярьж явсан гэдэг. Гэвч тухайн үед намын даалгавраар сонгуульд  оролцож, махных нь бизнес "ума хум" болов. Тиймээс улс төрийн оролцоо их энэ бизнесийг эрх баригчид эзэмшиж, улсын төлөө биш, хувьдаа овоо мөнгө өвөртлөх гэсэн сэдлээс нь болж экспорт хөгждөггүй байна. Ийм шунал зөвхөн манайд ч биш, дарангуйлагч төртэй орнуудад элбэг байдаг гэнэ.


A

Жижиг

A

Дунд

A

Том

С.Эрдэнэ: Ардчилсан нам парламентын засаглалыг хамгаална

 0 сэтгэгдэл


Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Ард нийтийн санал асуулга авах шийдвэрийг УИХ-аас гаргасан. Харин Ардчилсан нам санал асуулгын эхийг зөвшилцөх Ажлын хэсгийг байгуулжээ. Энэ талаар болон бусад асуудлаар Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Ардчилсан намын улс төрийн зөвлөл хуралдаж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой шийдвэр гаргалаа. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Ардчилсан намын улс төрийн зөвлөл хуралдаж, өнөөдөр үүсээд буй нөхцөл байдлыг хэлэлцэн, үнэлэлт дүгнэлт өглөө. Энэ хурлаар хэлэлцсэн гол асуудал нь үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаарх Ардчилсан намын баримтлах байр суурь юм. Ардчилсан намын улс төрийн зөвлөлөөс УИХ дахь Ардчилсан намын зөвлөлд чиглэл өгсөн. Ард нийтийн санал асуулга дээр намын байр суурийг нэгтгэж, Ажлын хэсгийг томилсон. Ажлын хэсэг үндсэн хуулийн эхэд дүгнэлт гаргах юм. Өөрөөр хэлбэл, ард нийтийн санал асуулгыг ямар эх хувиар явуулах вэ гэдэгт тодорхой шийдэл хайна. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хоёр дахь хэлэлцүүлэг дууссан. Ардчилсан нам хоёр дахь хэлэлцүүлгийн төслийг 100 хувь үгүйсгэж байгаа. Учир нь анх УИХ-ын 62 гишүүний өргөн барьсан төсөл, Ардчилсан нам, Ерөнхийлөгчөөс өгсөн санал үүнд тусгагдаагүй. хоёрдугаарт, үндсэн хуулийг өөрчлөх анхны зорилтоосоо өнөөдөр байгаа төсөл ухарсан. Одоо байгаа төсөл нь үндсэн хуулийг өөрчлөх шаардлагыг хангаж чадахгүй гэж үзсэн учраас хоёр дахь төслөөс санал асуулга явуулахыг эсэргүүцэж байгаа юм.

-Ардчилсан нам хэлэлцүүлгээс гарч буйгаа өмнө нь мэдэгдсэн. Тэгэхээр одоо буцаад хэлэлцүүлэгт оролцоно гэсэн үг үү?

-Бид аливаа асуудлыг мухардалд оруулахгүйн тулд үндсэн хуулийн өөрчлөлтөөр ард нийтийн санал асуулга явуулахыг судалж, эрх баригчидтай зөвшилцөх зорилгоор энэ Ажлын хэсгийг байгуулж байгаа юм. Бид өнөөдрийг хүртэл аль болох зөвшилцөх байр суурьтай байсан. Өнөөдөр ч , цаашид ч энэ байр суурь дээрээ зогсоно.

-Ерөнхийлөгч ард нийтийн санал асуулгыг явуулахдаа засаглалын хэлбэрийг асуухыг санал болгосон. Танай нам Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байгаа юу?

-Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гаргаж байгаа аливаа санал, санаачилгыг Ардчилсан намд хамаатуулах оролдлого их гарч байна. Бид үүн дээр хатуу байр суурь баримталж байгаа. 2018 онд болсон Ардчилсан намын IX их хурлаар үзэл баримтлалаа баталсан. Улмаар УДШ-д анх удаа үзэл баримтлалаа бүртгүүлсэн улс төрийн хүчин болсон. Үүгээр Ардчилсан нам хувь хүний эрх, эрх чөлөө, хуулийн засаглалыг дээдэлсэн, парламентын ардчиллыг улам төгөлдөржүүлэхийн төлөө тэмцэх баруун төвийн нам байхаа баталсан. Энэ үзэл баримтлалаа  цаашид ч хамгаалах болно. Тиймээс Ардчилсан нам цаашид сонгодог парламентын төлөө тууштай ажиллана.

-Ажлын хэсэг ямар бүрэлдэхүүнтэй ажиллах бол?

-Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн З.Нарантуяа ахална. Харин дэд даргаар нь хуульч Х.Тэмүүжин болон Д.Эрдэнэбат, Б.Пүрэвдорж нарын гишүүн бүрэлдэхүүнд нь орсон. Ажлын хэсгийн үндсэн үүрэг нь ард нийтийн санал асуулгын эх загварыг эрх баригчидтай зөвшилцөх юм. Аль болох зөвшилцөлд хүрэхийг үүрэг болгосон.

-Ард нийтийн санал асуулгын эхийг өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар баталсан. Одоо танай намын Ажлын хэсэг зөвшилцлөө гэхэд эхийг өөрчлөх хууль эрх зүйн бололцоо бий юу?

-Санал асуулгын эхийг баталсан өчигдрийн хувилбар үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагыг хангахгүй. Тэр хувилбараа эрх баригчид хүч түрэн зүтгүүлнэ гэвэл бид зөвшилцөхгүй. Харин зөвшилцөлд хүрээд, үнэхээр ард нийтийн хүлээлтийг хангасан өөрчлөлтийг оруулбал хамтрахад бэлэн. Үндсэн хуулийн хэлэлцүүлэг парламентаар эхлэхээс өмнө Ардчилсан нам ард нийтийн санал асуулга явуулахыг санал болгосон. Эхлээд ард түмнээсээ асуух тэр саналыг маань эрх баригчид дэмжээгүй.

Ажлын хэсэг санал асуулгын эхийг эрх баригчидтай зөвшилцөх үүрэгтэй

Харин оронд нь Зөвлөлдөх санал асуулга гэсэн хууль бус бүтцийг бий болгож, зөвхөн төрийн албан хаагчдын дунд явуулсан. Би өнгөрсөн зун 21 аймгаар явж ажиллалаа. Ихэнх газарт ард нийтийн зөвлөлдөх санал асуулгад оролцсон иргэд тун цөөн байсан. Гэтэл үүн дээр тулгуурлаж үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийг эхлүүлсэн. Харин өнөөдөр тэр төсөлд үндсэн хуулийг өөрчлөх шаардлагыг хангасан нэг ч зүйл алга.

-Ард нийтийн санал асуулгыг 29 тэрбум төгрөгөөр зохион байгуулахаар УИХ хэлэлцэж байна. Энэ төсвийн талаар Ардчилсан намын байр суурь ямар байгаа вэ?

-СЕХ-ноос 12.5 тэрбум төгрөгт багтаан ард нийтийн санал асуулгыг зохион байгуулъя гэдэг саналаа УИХ-д ирүүлсэн юм билээ. Үүн дээр УБЕГ, цагдаа зэрэг байгууллагаас нэмэлт зардлын санал ирж, гурван тэрбум төгрөг нэмсэн байна. Үндсэндээ 15 гаруй тэрбум төгрөгөөр энэ санал асуулгыг явуулах боломжтой гэсэн үг. Гэтэл эрх баригчид ямар үндэслэлээр энэ төсвийг бараг хоёр дахин нэмж, 29 тэрбум төгрөг болгов. Үүн дээр нэмэлт гурван тэрбумыг мөн суулгана гэж байна. Эцсийн дүндээ 32 тэрбум төгрөг болж байгаа юм. Энэ бол нөгөө л мөнгө угаадаг, магадгүй мөнгө тарааж ард нийтийн санал асуулгын ирцийг хангах гэсэн оролдлого гэж би хардаж байгаа юм. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ санал асуулгыг явуулах хөрөнгө Засгийн газрын нөөцөд байхгүй гэсэн. Бас Сангийн сайдын дампуу мэдэгдэл байна. “Бид хэмнэлт гаргах замаар энэ санхүүжилтийг бүрдүүлэх ёстой” гэсэн. Улсын төсөв гэдэг хөдөлшгүй баримт бичиг байдаг. Гэтэл Сангийн сайд ийм хариуцлагагүй мэдэгдэл хийж байгаа нь буруу. Цалин тэтгэвэр нэмэх, сургууль цэцэрлэг барих, хүүхдийн мөнгө өгөх гэхээр мөнгө байхгүй гэдэг хүн шүү дээ. Гэтэл өөрийн намын бодлогыг санхүүжүүлэх болохоор баталсан төсвийг хэмнэнэ гээд зогсож болохгүй.

-Санал асуулгын эхэд яг ямар саналыг тусгах ёстой гэсэн байр суурийг баримталж байгаа юм бэ?

-УИХ-ын гишүүн давхар дээлгүйгээр зөвхөн хууль боловсруулах, батлах чиг үүргээ дангаар биелүүлэх ёстой гэдэг байр суурь ганц Ардчилсан намынх биш. Ард нийтээрээ үүнийг шаардаж байна. Засаглалын хямрал юунаас болж бий болдог, УИХ-ын гишүүдийн үүрэг хариуцлага яагаад унаад байна гэдгийн буруу нь давхар дээлтэй болсных гэдгийг бүгд хэлж байна. Харамсалтай нь, эрх баригчид энэ зорилгоос буцлаа. Сонгодог парламентын зарчим буюу гүйцэтгэх засаглал нь бие даасан үйл ажиллагаа явуулдаг байх нөхцөл байдлыг хангах нь Монголд ус агаар шиг хэрэгтэй байгаа юм.

-Сэдэвтэй хамаагүй нэг асуулт байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга болно гэсэн мэдээлэл байна. Энэ хэр бодит мэдээлэл вэ?

-Тийм шийдвэр огт гараагүй. Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.туваан ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байна. Энэ хүний талаар манай намын дотоод хяналтын байгууллагаас үнэлэлт дүгнэлт гаргаагүй, алдаа дутагдал гаргасан гэх гомдол санал ирээгүй. Тиймээс энэ хүн томилгоот албан тушаалаа хэрэгжүүлж байгаа. Намын удирдлагын түвшинд Ерөнхий нарийн бичгийн томилгоотой холбоотой юу ч яриагүй.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Шаардлагатай гэвэл Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэж болно

Ард нийтийн санал асуулгын зардлыг дахин хэлэлцэхээр боллоо

 0 сэтгэгдэл


Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ард нийтийн санал асуулгын төслийг хэлэлцүүллээ.

Хуралдааны эхэнд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн горимын санал гаргаж, Ерөнхийлөгчийн тавьсан засаглалын хэлбэрийг хамт асуух талаар ярилцаад явах нь зүйтэй байх гэв. Түүнчлэн Ард нийтийн санал асуулга явуулах зардалтай холбоотой асуудлыг дахин ярилцах шаардлагатай байгаа учраас хэлэлцэх асуудлын дараалалд оруулж өгнө үү гэсэн юм.

УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал тайлбар өгөхдөө, Ерөнхийлөгчийн санал Төрийн байгуулалтын байнгын хороо уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, санал, дүгнэлтээ гаргасан хойно ирсэн гэдгийг онцлов. Улмаар одоо энэ асуудал чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэх бөгөөд чуулганы нэгдсэн хуралдаанаас шаардлагатай гэж үзвэл Төрийн байгуулалтын байнгын хороонд буцаавал асуудлыг хэлэлцэх боломж бий гэсэн юм.

Харин ард нийтийн санал асуулга явуулах зардал мөнгө, санал асуулга явуулах өдөртэй холбоотой асуудлыг хэлэлцэх боломжтой гэдгийг дурдлаа.

Ард нийтийн санал асуулга явуулах нь сонгуулиас өөр тул зардлыг нь харьцуулж таарахгүй


Тус хуралдаанаар Үндсэн хуулийн 6.2 дах хэсэг буюу байгалийн баялагтай холбоотой заалтыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. УИХ-ын нэр бүхий 20 гаруй гишүүний гаргасан саналыг тусгаад дараагийн хэлэлцүүлэгт бэлтгэхдээ анхаарах чиглэлийг дэгийн хуульд заасны дагуу өгсөн аж.

Тодруулбал, тэдгээр 20 гишүүн “Стратегийн ордын 50-иас дээш хувь нь ард түмний мэдэлд, төрийн эзэмшилд байна” гэсэн томъёолол оруулах саналыг Ажлын хэсэг гаргасан байна. Тэгвэл уг саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд “Стратегийн орд, байгалийн баялгийг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх заалтад нийцүүлэн түүний өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” хэмээн найруулахаар болов.

Мөн ард нийтийн санал асуулга явуулах зардалтай холбоотой асуудлыг дахин хэлэлцэхээр боллоо. Харин өчигдөр үдээс хойш хуралдсан чуулганы хуралдаан дээр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт энэ талаар тайлбар өгөв. Учир нь ард нийтийн санал асуулга явуулах нь сонгуулиас өөр тул зардлыг нь харьцуулж таарахгүй хэмээв. Гэхдээ зардлыг бууруулах талаар судалж байгаа аж. Эх сурвалжийн хэлснээр зардал өсөх болсон шалтгаан нь улсын бүртгэл болон цагдаагийн байгууллагаас нэмэлт зардал бүхий хүсэлт ирүүлсэн байна.