A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/199/

Үндэслэлгүй бий болсон хөрөнгийг хураадаг болъё

АТГ албан тушаалтнуудын хөрөнгийнх нь эх үүсвэр юу байв гэдгийг тайлбарлуулдаггүй

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/199/

“Улаанбаатар төмөр зам” Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг нэхэмжлэл гарган, өмнөх дарга Л.Пүрэвбаатарын нийгэмлэгийн хөрөнгөнөөс өөртөө бариулсан тансаг хаусыг нь хурааж авч чадлаа. Лхагва гарагт болсон Нийслэлийн давж заалдах шатны шүүх хурлаас Л.Пүрэвбаатарын 1.5 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх, Зайсанд байрлах хаусыг нь хурааж авах шийдвэрийг гаргасан юм. Улмаар уг хаусыг дуудлага худалдаагаар зарж, орлогоор нь төмөр замчдыг орон сууцжуулахад зарцуулна” гэж “Улаанбаатар төмөр зам” ХНН-ээс мэдээлсэн юм. АТГ-аас Төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө, орлогын мэдүүлгийг авдаг болоод нэлээн хэдэн жил өнгөрлөө. Монголд үндэслэлгүй мөнгөжсөн, эх үүсвэр нь тодорхойгүй үл хөдлөх хөрөнгөтэй болсон төрийн өндөр албан тушаалтнууд бий. Насаараа төрийн албанд ажиллаж байгаа, гэр бүл нь бизнесгүй, аль нэг компанид хувь, хувьцаа эзэмшдэггүй атлаа хадгаламж дахь мөнгөний хэмжээ, үл хөдлөх хөрөнгийнх нь үнэлгээ тэрбум тэрбумаар хэмжигддэг.
Гэвч АТГ албан тушаалтнуудыг өөртөө байгаа хөрөнгө, орлогоо үнэн бодитоор мэдүүлэхийг шаарддаг ч ийм их хөрөнгөтэй болох эх үүсвэр нь юу байв гэдэгт тайлбар авдаггүй. Олон нийт ч шаарддаггүй. Үүнийхээ оронд улстөрчид, төрийн өндөр албан тушаалтнуудыг “тэнгэрээс унаж ирсэн хөрөнгө”-өөр нь хэн нь илүү үнэтэй машин унаж, хэдэн компанид хувь эзэмшиж байгаагаар нь “хамгийн хамгийн” гэсэн утгагүй номинаци шалгаруулж, хэвлэлээр өргөмжлөн өөгшүүлж сууна. Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас хоёр жилийн өмнө төрийн өндөр албан тушаалтнуудын цалингийн талаарх мэдээллийг гаргаж байв. Тухайн үед Ерөнхийлөгч сард 5.1 сая төгрөг авдгаараа Монголд хамгийн өндөр цалинтайд тооцогдож байлаа. Харин УИХ- ын дарга, Ерөнхий сайд 2.9 сая, УИХ болон Засгийн газрын гишүүн 2.1 сая, дэд сайдууд 1.9 сая, шүүгч, прокурор, АТГ -ын ажилтан, ҮХЦ-ийн гишүүн зэрэг албан тушаалтнууд 2.1 сая, хяналтын шатны шүүгчид 4.6 сая, аймаг нийслэлийн Засаг дарга нар 1.2 сая төгрөгийг тус тус авдаг талаарх мэдээллийг өгч байв. Цалингийн энэ систем Монгол Улсад одоо ч хэвээрээ үйлчилж буй. Бараг хувийн компанийн хэлтсийн даргаас ч бага цалинтай байж гэнэт ихээр хөрөнгөжсөн албан тушаалтнууд хаанаас ийм их орлого олов? Энэ асуултад хариулж чадаагүй эхний хүн нь Л.Пүрэвбаатар болж байх шиг. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хэдэн жилийн өмнө “хөрөнгөлөг хурандаа” гэсэн нэр томъёог бий болгож, цагдаагийн хурандаа нарын хөрөнгө, орлогын эх үүсвэрийг анхлан хөндөж байв. Төрийн нэр, албан тушаалаа ашиглаж баяжсан хурандаа нарт шүүмжлэлтэй хандан, цөөнгүй хурандаа нарыг албан тушаалаас нь чөлөөлж байсан.

Тэгвэл одоо гурван сая төгрөгийн цалинтай шүүгчид яаж нэг тэрбумаас давсан үнэлгээтэй байранд амьдарч, сая ам.доллараар хэмжигдэх хадгаламжтай байгааг шалгуулъя. Бизнесгүй, хувьцаагүй, цалингаас өөр орлогогүй Их хурал, Засгийн газрын гишүүд, бусад албан тушаалтнуудаас ч хөрөнгийнх нь эх үүсвэрийг шаардъя. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар шүүгчдийг хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлахыг шаардаад буй. Дунджаар гурван сая төгрөгийн цалинтай шүүгчдийн дийлэнх нь Туул гол орчимд байрлалтай тансаг зэрэглэлийн орон сууцанд амьдарч байгаа талаарх баримтыг тэрбээр дэлгэсэн. Үйлдэл нь улс төрийн зорилготой эсэхийг мэдэхгүй ч Х.Нямбаатар гишүүний хэлж байгаа нь үнэн. Үнэхээр шүүгчдийн хөрөнгийн хөдөлгөөнийг шалгаж, олон түмний эргэлзээг тайлах цаг нь болсон. Хууль бусаар олсон орлогыг үл хөдлөх хөрөнгө болгож “зүсийг нь хувиргадаг” талаар улс төрийн хүрээнийхэн өөрсдөө ч ярьдаг. Эндээс харахад хөрөнгө орлогоо мэдүүлэх ёстойгоос бус, олж авсан арга замаа тайлбарлах үүрэг хүлээлгэдэггүй хуулийн цоорхой албан тушаалтнуудыг айж эмээхгүйгээр авлига авах боломжийг олгоод байгаа юм биш үү!!! Хэрэв тэр орлого, хөрөнгө хууль ёсных байвал түүнийг нь ч гэсэн зарлаж, олон нийтэд зөв ойлголт өгье. Энэ бүхнийг ажил болгоход бидэнд бэлэн туршлага бий. Бусад улс орнууд үндэслэлгүй хөрөнгөжих байдалтай хэрхэн тэмцэж байна вэ? Их Британид өнгөрсөн сараас үйлчилж эхэлсэн шинэ хуулиар өндөр үнэтэй худалдан авсан хөрөнгийнхөө эх үүсвэрийг улстөрчид болон албан тушаалтнууд тайлбарлах үүрэг хүлээх болсон.

Орлого, хөрөнгө хууль ёсных бол түүнийг нь ч гэсэн зарлаж, зөв ойлголт өгье
Харин тайлбарлаж чадахгүй байвал хөрөнгийг нь хураах эрхийг хууль, хяналтын байгууллагууддаа олгосон байх юм. Тус улсын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын мэдээлснээр, жил бүр авлигаас олсон 100 орчим тэрбум ам.доллар Лондон хотоор дамждаг аж. Энэ нь гол төлөв улсын төсвөөс завшсан мөнгө байдаг гэнэ. Өмнө нь, Их Британид үл хөдлөх хөрөнгө худалдан авч хууль бус мөнгөө нууж болдог байсан бол “Хууль бусаар хөрөнгөжих явдалтай тэмцэх тухай хууль” батлагдсанаар авлига авсан албан тушаалтнууд бултах аргагүй болж байгаа юм. Өндөр үнэтэй бугуйн цаг зүүсэн Тайландын Шадар сайдын жишээг мөн дурдъя. Тус улсын Авлигын эсрэг хорооноос үнэтэй цагны хөрөнгийн эх үүсвэрийг шалгаж эхэлсэн нь Тайландад дуулиан дэгдээсэн. Улсынхаа Батлан хамгаалахын сайдаар давхар ажилладаг генерал Правит нь өнгөрсөн оны сүүлээр дор хаяж 2.5 сая тайн бат буюу 79 мянган ам.долларын үнэтэй Roleх, алмаасан шигтгээтэй бөгж зүүсэн явахдаа олон нийтийн хараанд өртөн, шүүмжлүүлж байв. Өөрийнхөө хөрөнгийн мэдүүлэгтээ дурдаагүй энэ үнэтэй цагийг ямар мөнгөөр худалдаж авсан талаарх тайлбар өгөхийг ард түмэн нь шаардахын зэрэгцээ өмнө нь 39.5 сая тайн баттай тэнцэх хэмжээний 25 төрлийн бугуйн цаг ээлжлэн зүүж байсан нь ч илэрсэн. Манай урд хөрш БНХАУ авлигатай дайн зарлаад удаж буй. Энэ аяны хүрээнд албан тушаалтнууд дээд зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийнхөө эх үүсвэрийг тайлбарлах шаардлагатай тулгарсан. Бүр авлигаар бий болгосон хөрөнгөө тайлбарлаж чадахгүй нь үнэтэй сууц, орд харш, зуслангуудаа хямд үнээр ч хамаагүй зарж, борлуулж эхэлсэн аж.

Мэдээж авлигын хэргээр шалгагдаад нууц хөрөнгө зоорь нь илэрч, хэт баян нь мэдэгдэхээр илүү өндөр ял авна. Шанхай хотын үл хөдлөх хөрөнгийн худалдаа эрхлэгч “Shanghai Centaline Property Consultants” компанийн мэргэжилтэн улиралд 3-4 тансаг зэрэглэлийн байр зардаг байсан бол одоо сард л хоёрыг зардаг болсон талаараа хэвлэлд ярьжээ. Өндөр албаны дарга нар байшингаа хурдан борлуулж, хурдхан салахын түүс болж байгаа тул хямд үнээр ч хамаагүй өгөх болтлоо айсан аж. Энэ бол урд хөршийн удирдагчийн авлигатай тэмцэх ан авын үр дүнгийн нэг. Бусад улс орнууд энэ мэт аргаар албан тушаалтнуудыг үндэслэлгүй хөрөнгөжих боломжгүй болгож байгаа арга туршлагаас Монгол Улс ч гэсэн судалж, нутагшуулмаар байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хуралдаа суудаггүй гишүүд төсвийн мөнгө үрсээр байх уу

УИХ-ын гишүүдийг ажилд нь бараг л албадаж ирүүлэх хэмжээнд яригдаж байна

 0 сэтгэгдэл


УИХ-ын гишүүд хурлаа таслах, хүний өмнөөс кноп дарах, ирц бүрдэхгүй байх асуудал үе үеийн парламентад чихнээс хонх уясан асуудал байсаар ирсэн. Аргаа барсан олонхын бүлгийн дарга Д.Хаянхярваагаар ахлуулсан хэдэн гишүүн дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн ирцийг бүртгэх, парламент, байнгын хороогоор хэлэлцэж буй асуудлаар санал хураахдаа гишүүдийн хурууны хээг таниулах зохицуулалт хийх төсөл өргөн барьсан. Улмаар уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийгээд байна. Гэвч энэ нь хурлын дэгийг сахиулж, гишүүдийн хариуцлагыг дээшлүүлж байна гэхээс илүү өнөөгийн парламентын гишүүд үүрэгт ажлаа ухамсарлах чадамжгүй болсны илэрхийлэл юм. Байг гэхэд одоогийн парламентын гишүүд өнгөрсөн хугацаанд уих болон байнгын хорооны хуралдааныг тасалсан цагийг хар. 1012 цаг. Ийм олон цагаар үүрэгт ажлаа хийлгүйгээр эрхмүүд хаана юу хийж явсан байж таарах вэ. Үүний цаана орон нутагт ажиллаж байгаа, эрүүл мэндийн асуудалтай, гадаадад томилолттой...гэх мэт шалтгаанаар шалтаг хийж, сул тэнэж явсан тохиолдол ихэнх нь байдгийг уих-ын тамгын газрын тайлангаас харж болно. Хүний урманд хуралдаа хагас дутуу ч сууж харагддаггүй атлаа УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхээ эдэлж л яваа тэднийг ажилд нь ирүүлэхийн тулд төсвөөс мөнгө зарж, төрийн ордны тоног төхөөрөмжийг шинэчлэх гэж байгаа нь ээлжит эмгэнэл болоод байна.

Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн тухай хуульд хөдөлмөрийн гэрээний хугацаанд ажилтан ажлаа тодорхой хугацаагаар тасалсан тохиолдолд ажлаас нь шууд чөлөөлөх заалт мөрдөгддөг. Гэтэл энэ чуулганы хугацаанд гишүүдийн ажлаа тасалсан 1072 цагаас нэг гишүүнд 13 цаг ногдож байна. Хуулиа дээдэлдэг улс бол парламентаараа “ажлаасаа халагдах” цаг болчихож. энгийн нэг хөдөлмөрийн гэрээгээр ажил гүйцэтгэж байгаа хүнд ийм зохицуулалт үйлчилж байхад ард түмний итгэлийг авч, төрийн ажилд томилогдсон, дархан эрх эдэлж байгаа этгээдүүдэд үүнээс илүү хариуцлага ногдох ёстой юу гэхээс бага байх ёсгүй. Ард түмний итгэлийг өвөртлөн, төрийн ордонд “тухалж” буй гишүүдээс чуулганы танхимд бараг харагддаггүй нь ч бий. Хамгийн алдартай нь Б.Наранхүү. Түүний санаачилсан хууль, ахалсан ажлын хэсэг, боловсруулалцсан баримт бичгийн талаар сонссон нь нэгээхэн ч үгүй. Төрийн ордон дахь албан өрөө нь л түүгээр “авторладаг” байх. Гэхдээ байнга шахуу түгжээтэй. Уг нь байнгын ажиллагаатай парламентын гишүүний үндсэн үүрэг нь хууль боловсруулж, батлуулах байдаг. Гэхдээ ёс зүйгүй, үүрэг, хариуцлагаа умартсан гишүүн УИХ-д Б.Наранхүү ганцаараа биш гэдгийг өдгөө парламентаар хэлэлцэж буй дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл нотолно.

Нэртэйгээр нь төрийн албан хаагч өдөрт найман цаг ажилладаг хуультайг өдөр бүр гишүүдэд сануулъя

Гишүүд хурлаа таслах нь үнэхээр дэндэж, хууль батлах үйл явцад саад учраад байгаа тул төрийн ордны тоног төхөөрөмжийг шинэчилж, цахим картаар ирц бүртгэдэг, санал өгдөг болгосон нь саяхан. Гэтэл гишүүдийнхээ өмнөөс карт нь ажил хийгээд байгаа тул ийн хурууны хээг нь таниулах арга хэмжээ авахаас аргагүйд хүрсэн бололтой. Ийм болтлоо арчаагаа алджээ, манай төрийн түшээд. Уг нь УИХ-д энэ төвшний ёс зүй, сахилга хариуцлагатай хүмүүс л сонгогдох босго өндөр газар биш бил үү. Гэтэл цэцэрлэг, яслийн хүүхэд шиг “эрхэлж” байгаа тэднийг яах ёстой юм бэ? Нэртэйгээр нь төрийн албан хаагч өдөрт найман цаг ажилладаг хуультайг өдөр бүр тэдэнд сануулж байвал яасан юм. Засаг огцруулах, сайдыг чөлөөлөх үед “долоовор” хуруугаа ашигладаг, улстөржихөөс өөр ажил сэддэггүй, дандаа буруу талаас нь хардаг, боломж л гарвал өөрийгөө л рекламддаг нөхдүүд энэ парламентад бишгүйдээ нэг байна. Энэ мэт эрээвэр хураавар олон “өнгө”-нөөс бүтсэн парламентад эрхбаригчид нь ч эрх баригчид шиг, сөрөг хүчин нь ч сөрөг хүчин шиг харагдахгүй байгаа нь нууц биш. Өөрийнхөө өмнөх үндсэн ажлаа хийхгүй мөртлөө Засгийн газраа ажил хийлгэдэггүй, гүйцэтгэх засаглалынхаа бүхий л асуудалд хошуу дүрж, тендер, төсөл, ТЭЗҮ-ээс өөрийг бодохоо больсон ийм парламентад хэн хариуцлага тооцох вэ.

Ямар сайндаа л “ийм парламент байснаас тарсан нь дээр” гэх Ерөнхийлөгчийн санаачилга тэр үедээ тэгж их өндрөө авах билээ. “Түүхэн дэх хамгийн сул гишүүд сонгогдсон, сахилга батгүй парламент ажиллаж байна” гэх тодорхойлолтыг УИХ-ын гишүүдийн зарим нь хүлээн зөвшөөрдөг. Уг нь тэдний хийх ёстой ажил нь улстөржихөөс гадна бас улс оронд чухал хуулиудыг хэлэлцэж батлах явдал шүү дээ. Парламентын хүлээлгийн танхимд, УИХ-ын даргын өрөөний хаа нэгтээ дарагдсан олон хуулийн төслийг уих хэзээ амжиж хэлэлцэх нь тодорхойгүй байна. Бүрэн эрхийнхээ ихэнх хугацааг эрх мэдлийн хэрүүлд зарцуулсан тэдэнд хэлэлцэх асуудал, батлах хууль толгойтой үснээс их баймаар. Зөвхөн өнөөдөр, маргааш хуралдах нэгдсэн чуулганаар гэхэд 30 орчим асуудлыг хэлэлцэхээр жагсаажээ. Үнэндээ ийм олон хуулийг хоёрхон өдрийн дотор хэлэлцэж амжихгүй бөгөөд үйл явдлаас харахад бөөндөхөөр шийдсэн бололтой. Ээлжит чуулганы ихэнх хугацааг үндсэн үүргээсээ өөр зүйлд зарцуулсан УИХ-ын хавар, намрын чуулганы төгсгөлд ингэж хуулиудыг бөөнддөг жишиг тогтсоныг энэ удаа ч давтаж буй нь тэр юм. Ард түмний өмнөөс шийдвэр гаргах эрх мэдлийг олж авсан хүн тэр хэмжээгээр өөртөө хувь хүний ёс зүйг ухамсартайгаар илэрхийлж байх ёстой. Гэтэл өнөөдөр уихын гишүүдийг ажилд нь бараг л албадаж ирүүлэх хэмжээнд яригдаж буйг ойлгох ухаан алга. Тийм байж төрөө хүндэл, хуулиа сахь, биднийг сонс гэж сонгогчид руу хашгирсаар байх уу?

A

Жижиг

A

Дунд

A

Том

Засгийн газрын “хар толбо”-ыг парламентын босго давуулаагүй С.Бямбацогт танд баярлалаа

 0 сэтгэгдэл


УИХ-ын гишүүн С.Бямбацогт туршлагатай парламентч, зангарагтай түшээ гэдгээ өнөөдөр харуулж, Засгийн газрыг түүхэнд үлдэх “хар толбо”-ноос нь аврав.

Засгийн газар Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж хуулиас дээгүүр, хариуцлагаас хол байх эрхийг өөрсдөдөө олгохоор санаархсаныг нь тэрбээр эсэргүүцэж, уг хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй хэмээн хэлсэн юм. Парламентад хэд хэдэн удаа сонгогдсон, Хууль зүй, Дотоод хэргийн сайдаар ажиллаж асан туршлагатай түүний үг Хууль зүйн байнгын хорооны гишүүдэд даацтай бууж, уг асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа. Шинэ хуулийн төсөлд Засгийн газар болон түүний харьяа байгууллагын бүх шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянахгүй байхаар тусгасан байв. Хэрэв энэ төсөл хууль болж гарвал “Эрх нь зөрчигдсөн иргэд шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шийдүүлэх” гэсэн хамгийн энгийн, хамгийн чухал Үндсэн хуулийн заалтыг уландаа гишгэсэн шийдвэр болно. Ингэснээрээ Монголын Засгийн газруудаас хамгийн “хар толбо”-той танхимаар түүхэнд үлдэх байлаа. Дөнгөж өнгөрсөн даваа гарагт өргөн барьсан, парламент дахь намын бүлгүүд, УИХ-ын даргын зөвлөлөөр ч хэлэлцээгүй уг төсөл гэнэт Байнгын хорооны хэлэлцэх асуудлын дараалалд багтсаныг гайхах гишүүд ч олон байв. Үүдээр бус тооноор орж ирсэн Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл нь Монголын ард түмний язгуур эрхийг уландаа гишгэсэн, төрийн дарангуйлал, дураараа авирлалтыг гааруулсан зохицуулалттай. Ийм дарангуйллын систем бий болохоос болгоомжилж төслийг байнгын хорооны “босго” давуулаагүй С.Бямбацогт гишүүнд баярлах ёстой байх.



A

Жижиг

A

Дунд

A

Том

Хуульчилсан дарангуйлал

​Гомдсон иргэнд хандах газаргүй, даварсан төрийг хянах боломжгүй болгох нь​

 0 сэтгэгдэл


Тонуулыг хуулийн хүрээнд эсвэл хуулиас гадуур гэж хоёр ангилж болдог талаар хуульчид ярих юм билээ. Хуулиас гадуур тонуул гэдэг нь хулгай, дээрэм. Ингэж бусдын өмчийг тоновол мэдээж шийтгэлтэй. Гэхдээ гэм хор нь хуульчлагдсан тонуулаасаа бага. Хуульчлагдсан тонуул нь хамгийн хортой бөгөөд нийгмийн үндсийг заналхийлдэг, газар авбал цаашдаа систем болж тогтох аюултайг мөн тэд онцолдог. Тэгвэл дарангуйллыг ч мөн хуульчилж болох нь. Энэ Засгийн газар хууль баталж тонуул хийн, дарангуйлал тогтоохоор зэхэж байна. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах замаар Засгийн газар болон түүний харьяа байгууллагаас гаргасан ямар ч шийдвэр шүүхээс ангид байх тухай юм. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өнгөрсөн даваа гарагт уг хуулийн төслийг өргөн барьсан бөгөөд “Засгийн газраас гаргасан зарим шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэж, түдгэлзүүлэх, хүчингүй болгож байгаа нь Монгол улсын үндсэн хуультай зөрчилдөж байгаа юм” хэмээн тайлбарлаад, төслөө хуулийн давхардлыг арилгах сайн талтай хэмээн “өргөмжлөв”. Өнөөдрийн байдлаар Захиргааны хэргийн шүүхэд бүртгэлтэй 60 гаруй гомдол, маргаан Засгийн газар, түүний харьяа төрийн байгууллагуудын гаргасан шийдвэртэй холбоотой байдаг. Тэгвэл ардын Засгийн өргөн барьж буй хуулиар бол хэн нэгнийг ажлаас нь үндэслэлгүй халах, шударга бус сонгон шалгаруулалт зохион байгуулах, ашиг сонирхлын үүднээс бусдад давуу байдал олгож чөлөөт өрсөлдөөнийг боомилох гээд шүүх засаглалын хяналтаас гадуур юу ч үйлдэж болох эрхийг тэд өөрсдөдөө нээж өгч байгаа юм байна. Ингэснээрээ жирийн иргэдээс шүүхэд гомдол гаргах, хандах эрхийг хаасан хамгийн харгис шийдвэрийг энэ Засгийн газраас гарган хуульчилж байгаа хэрэг. “Эрх нь зөрчигдсөн иргэд шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шийдүүлэх” гэсэн хамгийн энгийн, хамгийн чухал үндсэн хуулийн заалт энэ Засгийн өнгөн дээр утгаа алдах болж байгааг хүчээр хүлээн зөвшөөрөх ёстой болж байгаа хэрэг үү.


Гомдсон иргэнд хандах газаргүй, даварсан төрийг хянах боломжгүй болгох энэ төслийг хуулийнхан дэмжихгүй байгаа нь сайн хэрэг. Монголын хуульчдын холбооны ээлжит форум өчигдөр болж, хөндөгдсөн гол асуудал нь Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Засгийн газрын энэхүү захиалгат төслийн талаар байв. Захиалгатай гэдгийн учрыг хуульчид маш ойлгомжтойгоор тайлбарласан байна билээ. Захиргааны хэргийн шүүхээс гаргасан олон шийдвэр дээр Засгийн газар унах болсон. Чухам энэ шалтгаанаар зөвхөн хар амь, арьсаа хамгаалахын тулд У.Хүрэлсүхийн танхим ийм төсөл санаачилж байгааг тэд хэлж байна. Засгийн газраас оруулж ирж байгаа энэ өөрчлөлт нь хүний эрхийг дордуулсан, дарангуйллыг бий болгосон, засаг захиргааны байгуулалтын дураараа авирлалтыг гааруулан дэмжиж байна гэж хуульчдаас анхааруулж байгааг тэд яагаад үл тоомсорлож байна бэ. Төрийн байгууллагуудын буруутай шийдвэрийн эсрэг эрхээ хамгаалуулах зорилгоор Захиргааны ерөнхий хууль болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлүүлэх тухай хуультай хамт бүхэл бүтэн шүүхийн институцийг бий болгосон. Энэ нь Захиргааны хэргийн шүүх. Харамсалтай нь иргэдийн эрхээ хамгаалуулдаг функц нь энэ хуулийн төслөөр үгүй болох нь. Гэхдээ энэ хуулийн төслийн хор хохирлыг хэн нэгэн дарга дураараа томилгоо хийх, тендер завших төдийхнөөр харах нь дэндүү хөнгөднө. үүний цаана маш ноцтой нөхцөл үүсч байгааг анзаарах эрүүл хэсэг нийгэмд байгаа гэдэгт найдна. Засгийн газар энэ цагаас эхлээд юу ч хийж болно гэдгээ хуульчлах гэж байна л даа. Тэдний гаргасан шийдвэрийг хэн ч хянах, шүүх эрхгүй болж байгаа юм. 1990 оноос хойш Монгол улсын бүтээж ирсэн ардчиллын үнэт зүйл, шударга ёс, шударга байх зарчим арчигдах болж байна. Ардчилсан нийгмийн ямар ч Засгийн газар ард түмнээ дээрэлхдэг, дарамталдаг, айлгадаг “мангас” байж таарахгүй,тэр тусмаа хуульчилж байгаад дарангуйлдаг, тонон дээрэмддэг байж бүр ч болохгүй.

Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар зарим хуульчийн байр суурийг хүргэе.

Гүйцэтгэх засаглалын эрх мэдлийн хэмжээ нь шүүхээс гадуур байж болохгүй

/Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч Ж.Хунан/

-Аливаа улсын нийгмийн суурь нь үндсэн хууль байдаг. Монгол улсын үндсэн хуульд эрх мэдлийн хуваарилалтын зарчим байдаг. Үүнд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглал харилцан бие биенээ хянадаг, тэнцвэржүүлдэг. Гэтэл Засгийн газар буюу гүйцэтгэх засаглалын эрх мэдлийн хэмжээ нь шүүх эрх мэдлийн гадуур байж болохгүй. Өөрөөр хэлбэл үндсэн хуулийн суурь зарчмыг үгүйсгэхээр байгаа юм. Тиймээс хүний эрх, эрх чөлөөг хангах, хүн бүр хуулийн дор үйл ажиллагаа явуулах учиртай. Гэтэл энэ маань шүүхийн хяналтаас гарна гэдэг байж боломгүй зүйл.

УИХ арай ч ийм хууль батлахгүй байх

/Хуульч Б.Ган-Очир/

-Би үүнийг шүүхийн эрх мэдлийг дордуулсан үйлдэл төдийгөөр харахгүй байна. Түүнээс ч ноцтой байдлыг энэ хуулийн өөрчлөлтөөр бий болгох гэж байгаа. Юуны түрүүнд сонгуулийн дараа ялсан нам нь төрийн албан хаагчдыг хоморголон халдаг. хоморголон халчихаад дахин шинэ хүн авдаг. Гэтэл үндэслэлгүй халагдсан хүмүүс маргааныг хянах ямар ч хариуцагчгүй болгож байгаа юм. Энэ бол хүссэн хэмжээгээрээ төрийн албан хаагчдыг халж болно, бас авч болно гэсэн үг. Мөн 2012-2016 онд улсын хэмжээнд маш олон концессын гэрээг байгуулсан. Энэ концессууд хүнд байдалд орно. Яагаад гэвэл хариуцагч байхгүй учраас концессыг дураараа өөрчилж болно, эсвэл гаднын компаниудтай гэрээ хийх боломжтой. Энэ тохиолдолд гадаад өр өсөх магадлалтай. Гэхдээ УИХ арай ч энэ хуулийн төслийг батлахгүй байх гэж бодож байна.

ЗГ парламенттай нийлж шүүх эрх мэдлийн хяналтаас гарахыг оролдож байна

/Хуульч Д.Оросоо/

-Засгийн газар эрх мэдлийн төлөө улайран дайрч буйн жишээ энэ болж байна. Өнөөдрийн Засгийн газар Ерөнхий сайдыг эс тооцвол 100 хувь парламентаас бүрдэж байгаа. Гэхдээ Ерөнхий сайд нь УИХ-д олонхийг бүрдүүлж буй намын дарга. Өөрөөр хэлбэл Засгийн газар нь парламентаа хяналтад авсан гэсэн үг. Харин дараагийн алхам нь тэд шүүхээр хянуулахгүй байх зорилгоор ажиллаж байна. Тиймээс үндсэн хууль зөрчиж, Захиргааны Ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг оролдож байгаа юм. 100 хувь парламентаас бүрдсэн Засгийн газарт байгаа давхар дээлтэй гишүүдийн дураараа авирлах хамгийн сүүлийн хүсэл нь энэ. Өөрөөр хэлбэл Засгийн газрын аливаа шийдвэрийг шүүх хянахгүй байх гэсэн хуулийн төслийг парламентаар батлуулах гэж байна. Энэ бол үндсэн хуульд заасан эрх мэдлийн хуваарилалтын зарчмыг үгүйсгэж байгаа юм. Тодруулбал, Засгийн газар парламенттай нийлээд шүүх эрх мэдлийн хяналтаас гарахыг оролдож байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Уурандаа эхлүүлсэн бүхэн ичгэвтрээр төгсдөг жамтай!

 0 сэтгэгдэл


Засгийн газар ууртай байна! Сайд Г.Занданшатар Монголд ирсэн “Рио Тинто”-гийн Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх улирдлагын багтай өнгөрсөн долоо хоногт уулзав. Тэд “Оюутолгой” компанид тавьсан 155 сая долларын татварын актыг хэрхэн шийдвэрлэх тухай ярилцсан ч, шийдэлд хүрэлгүй салжээ. Хөрөнгө оруулагчдын зүгээс Татварын маргаан хянан шийдвэрлэх зөвлөлд өнгөрсөн гуравдугаар сарын 15-нд албан ёсоор хандсан. Зөвлөл ажлын 60 хоногт маргааныг шийдэх бөгөөд уг хугацаа энэ сарын сүүлээр дуусах юм. Ойлголцож чадахгүй бол арбитрт хандах эрх талуудад нээгдэнэ. Маргаан олон улсын арбитрт очлоо гэхэд “Рио Тинто”-г ялж чадах эсэхдээ Засгийн газар эргэлзэж, бас 155 сая долларын татварыг багасгавал дотоодын шүүх дээр унана гэдгээс болгоомжилж байгаа.


Засгийн газар ууртай байна! Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимын нэгэн амлалт таг гацаад хагас жил болов. Тэд 100 хоногт багтааж “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авах ажлыг дуусгана гэсэн юм. Засгийн газар 2018 оны нэгдүгээр сард “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрийн мэдэлд авч, ТУЗ-ийг төрөөс 100 хувь томилсон. Гэвч Засгийн газрын энэ шийдвэр шүүхийн шат бүр дээр дараалан унасаар яваа. Тэгэхдээ засаг гандан буураагүй. Хамгийн сүүлд, энэ сарын 6-ны өдөр төрийн төмөр нүүрийг харуулан “Эрдэнэт”-ийн ТУЗ-ийг хүчээр хуралдуулж зарим шийдвэр гаргажээ. Гэтэл дахиад л шүүхээс ТУЗ-ийн шийдвэрийг хүчингүй болгож түдгэлзүүлэв. Мөн төрөөс 100 хувь томилогдсон ТУЗ-д чиглэл өгөхгүй, хуралдуулахгүй, ямар нэгэн шийдвэр гаргахгүй байхыг шүүхээс даалгажээ. Уг нь “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах нь УИХ-ын тогтоолтой, тэр нь Үндсэн хууль зөрчөөгүй тухай Цэцийн дүгнэлттэй хэрнээ Засгийн газрын шийдвэр нь Иргэн, Захиргааны хэргийн шүүх дээр унаад байдаг юм. Засгийн газар нь УИХ-ын тогтоолыг буруу ойлгоод, эсвэл буруу хэрэгжүүлээд байна уу, мэдэхгүй ямар ч гэсэн “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах ажил жинхэнээсээ хуулийн мухардалд оржээ.

Засгийн газар ууртай байна! Гүйцэтгэх засаглал Төрийн банк, Хөрөнгийн бирж зэрэг төрийн өмчит зарим аж ахуйн нэгжийг хувьчлахаар УИХ-д санал оруулав. Тэндээс зөвшөөрөл авна. Гэтэл эхнээсээ бүдэрлээ. Жишээ нь, Хөрөнгийн биржийг 20 тэрбумаар хувьчлах санал оруулсан нь “хэтэрхий бага үнэллээ, Засгийн газар захиалгат хувьчлал явуулах гэж байна” гэх хардлагад өртөв. Хотын төвийн А бүст байрлалтай, “Миллинум IT” гэж дотооддоо ашигладаг программыг гэхэд улсын төсвийн 50 тэрбум төгрөгөөр авч өгсөн тус биржийн газрыг зарахад л хамгийн багадаа 35 тэрбум хүрнэг гэж зарим гишүүн үнэ тогтоов. Энгийн төвшинд харьцуулахад, Төрийн ордны зүүн талд байрлах Хэвлэх үйлдвэрийн балгас болсон барилга дуудлагаар 24 тэрбум төгрөгт хүрч байхад, баруун талд нь байх Хөрөнгийн бирж гэх байгууллагыг барилгатай нь хамт 20 тэрбумаар зарна гэдэг арай л үнэ л дээ. Төрийн банкийг хувьчлах үнийн санал ч бас маргаан дагуулав. Сум бүрт шахуу салбартай цорын ганц гэж болох тус банкийг 75 тэрбум төгрөгөөр хувьчлах саналыг Засгийн газраас оруулжээ. Гэтэл жилийн цэвэр ашиг нь 12.3 тэрбум төгрөгт хүрдэг банк дор хаяж 500 тэрбум төгрөг хүрэхээр байхад хэнд зориулж, хэнийг захиалгаар ийм хямд үнэ тогтоосон талаар гишүүд хэлж, эзэн хайв. Пүрэвдорж гишүүн гэхэд нэр зааж, Төрийн банкийг Ц.Нямдорж, Г. Алтан нарт 40 тэрбумаар хувьчлах гэж байна, Г.Алтан Төрийн банкнаас 35 тэрбумын авлагатай гэдэг, одоо 40 тэрбумыг төлөөд л авчихна хэмээн ил тод зарлав.

Засгийн газар ууртай байна! Оюутолгойн гэрээ Монголд ашиггүй болсон байлаа гэхэд монголчуудын хувьд боломж дуусчихаагүйг зарим хүн хэлдэг. Оюутолгой төсөл усаа 40 км-ийн цаанаас Гүнийн хоолойгоос татдаг. Хэдийгээр тодорхой хувийг нь буцааж ашигладаг ч Оюутолгой төсөл секундэд 870 литр ус хэрэглэдэг байна. Иймд 40 жилийн турш ашиглах усны нөөц, хэрэглээгээр нь Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай дахин хэлэлцээрт орж, 34 хувьдаа оруулах мөнгөгүй юм бол, усан дээрээ танц эргэе гэж эрдэмтэн судлаачид хэлдэг юм. Харин үүнийг урьтаж анзаарсан хөрөнгө оруулагчид саналаар 40 км-ийн хол орших Гүний хоолойг Оюутолгойн ордын лицензид талбайд хамруулах шийдвэрийг Засгийн газраас гаргажээ. Үүнийг нь иргэний нийгмийнхэн эсэргүүцэж шүүх дээр Засгийн газар ба Оюутолгойн хөрөнгө оруулагчдын хамтарсан багийг ялж яваа. Өөр нэгэн ноцтой жишээ гэвэл, Өмнөговь аймгийн Ханбогд суманд үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдээс усны төлбөр авахгүй байхаар Засгийн газар шийджээ. Усны төлбөрийг орон нутгийн ИТХ тогтоох эрхтэй ч, Засгийн газар ингэж шийдэв. Ханбогдын хамгийн том хуулийн этгээд нь, хамгийн их ус хэрэглэгч нь Оюутолгой төсөл л дөө. Усны төлбөр авахгүй гэсэн Засгийн газрын энэ шийдвэрийг иргэний нийгмийнхэн шүүхдэхээр зэхэж буй.

Засгийн газар гарц олжээ! “Эрдэнэт”-ийн 49 хувь, нэр бүхий аж ахуйн нэгжийг усны төлбөрөөс чөлөөлсөн, мөн өмч хувьчлалтай холбоотой зарим шийдвэр нь шүүх дээр очиж унаад байгаа учраас, басхүү хожмоо унах магадлалтай тул Засгийн газар өөрийгөө хамгаалах мэргэн санаа олжээ. Тэр нь хуульд өөрчлөлт оруулж, хуулиар өөрийгөө хамгаалах арга юм. Тодруулбал, Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах төсөл санаачилж, Засгийн газрын хуралдаанаас дэмжив. Удахгүй УИХ-д өргөн барина. Төслөөр бол Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төв болон төрийн захиргааны байгууллага, бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааг Захиргааны хэргийн шүүх хянах эрхгүй болох юм. Нутгийн захиргааны байгууллга гэдэг нь орон нутгийн ИТХ, Засаг дарга шүү дээ. Амьдрал дээр аливаа захиргааны шийдвэр л иргэдийн эрхийг хамгийн их зөрчдөг. Гэтэл захиргааны ийм шийдвэрийн талаар иргэд гомдол гаргах эрхгүй, шүүх хянахгүй гэсэн үг. Төслийг хөлбөмбөгийн аваргын дуулиан, улсын наадам угтсан найзгайрал дунд, олон түмний нүднээс далдуур УИХ нь “машиндаад” батлахаар тооцсон бололтой юм.

Хэрвээ энэ төслөөр батлагдвал Захиргааны хэргийн шүүх бараг харьяалах гомдолгүй болж татан буугдах биз. Мөн Засгийн газрын шийдвэртэй холбоотойгоор Захиргааны хэргийн шүүх дээр яваа олон зуун төрлийн маргаан шууд хүчингүй болно. “Эрдэнэт”-ийн 49 хувь дээр жишээлэхэд, төрд авсан Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлж ТУЗ-ийг томилсон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын шийдвэрийн талаархи маргааныг шүүх хянах эрхгүй, шаардлагагүй болно. Ханбогдод үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийг усны төлбөрөөс чөлөөлсөн Засгийн газрын шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргах эрхгүй болно гэсэн үг. Бүр энгийн жишээн дээр гэхэд яам, агентлагийн дарга, Засаг даргын шийдвэр бол ихэнхдээ боловсон хүчний томилгоо, халаа сэлгээтэй холбоотой байдаг. Энэ дунд хэн нэгнийг хохироож, хууль бусаар ажлаас халсан бол халагдсан хүн зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалах эрхгүй болно. Иргэндээ халтай, Засгийн газар, агентлаг, Засаг даргын буруутай үйлдлийг хуулиар хамгаалсан ийм л хуулийн төслийг У.Хүрэлсүхийн танхим зүтгүүллээ. Хууль санаачлах онцгой эрхээ ашиглаж өөртөө давуу байдлыг бий болгох гэсэн энэ үйлдлийг ашиг сонирхлыг зөрчил гэж харж болох. Хамгийн гол нь “эрх нь зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шийдүүлэх эрхтэй” гэсэн Үндсэн хуулийн заалт, Монголын Улсын иргэний эрх хаачих вэ? Үүнээс өмнө Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаяраас Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригт хандан “Засгийн газрын шийдвэртэй холбоотой маргааныг Захиргааны хэргийн шүүх хянаж байгаа буруу практикийг залруулах тухай” санал илгээсэн. Гэвч Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас Цэцийн даргын хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргаж байв. Энэ бол бас л ньюанс бөгөөд Засгийн газрын захиргааны шийдвэрийг шүүхийн хяналтгүй болгох гэсэн “дараагийн алхам” нь дээрх хуулийн төсөл боллоо. Засаг яагаад захиргааны шийдвэрээ шүүхэд хянуулахгүй гээд байна вэ? Хамгийн ойроос нь, хамгийн амраар нь үзэхэд “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах шийдвэр нь шүүх дээр унаад байгаа учраас, мөн Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай татварын хэрүүлтэй зэрэгцүүлж усны маргаан үүсгэхгүйн тулд ийм төсөл санаачиллаа гэж хардаж болохоор. Гэтэл нэг хэсэг хүнийг шүүх дээр дийлэхийн тулд 28 жил явсан нийгмийнхээ үнэт зүйл, нийт иргэдээ хорлож, хохироож болох уу. Үүний оронд, үнэхээр л буруу шийдвэр гаргаж, ийм төсөл санаачлахаас аргагүйд хүргэж байгаа бол тэдгээр шүүгчидтэйгээ хариуцлага тооцох хэрэгтэй. Ардчиллын үнэтэй, нийт иргэдийн эрх эрх чөлөөтэй тэнцэх нэг хэсэг хүмүүс эрх ашиг гэж байх ёсгүй билээ.

Иргэд айдастай байна! Улс орнуудыг Засгийн газар нь иргэдээсээ айдаг, иргэд нь Засгийн газраасаа айдаг гэж хоёр ангилдаг. Манай улс 1990 оноос хойш “Засгийн газар нь иргэдээсээ айдаг” ангилалд багтаж 28 жил явсан билээ. Наад зах нь төрийн албан хаагч үндэслэлгүй халагдвал, жирийн иргэн өмчилсөн газраа Засаг даргынхаа шийдвэрээр бусдад булаалгавал шүүхэд хандаад эрхээ хамгаалж болдог, чаддаг байлаа. Байлаа гэсний учир нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхим санаачилж, олон хүний хувьд шударга үнэний манаач гэж ойлгогддог Ц.Нямдорж сайдын тэргүүлсэн яамны хянасан төслийн дараа Монгол Улс “иргэд нь Засгийн газраасаа айдаг” ангилалд багтаж магадгүй болов. Жирийн иргэн хэт хутга хулгайлбал хоригдоно, харин улстөрчид хаан ширээг хулгайлбал бүгдийг хүссэнээрээ удирдана гэдэг энэ ажээ. Иргэд нь Засгийн газрынхаа хууль бус шийдвэрийг сөрж болдоггүй, зөрчигдсөн эрхээ хамгаалах эрхгүй бараг хоёрхон улс дэлхийд бий. Нэг нь Хойд Солонгос, нөгөө нь Куба. Харин гурав дахь нь Монгол Улс болохоос иргэд айж байна! 1990 онд өлсгөлөнгөөр авчирсан ардчиллын хамгийн амин сүнс-иргэний эрх, эрх чөлөөг хуулийн өөрчлөлтөөр нугаслахаас иргэд айж байна! Бурхан, Үндсэн хууль хоёр эзэн хаанаас ч эрхэм гэдэг нь худлаа л юм байна.

Иргэдийнхээ зөрчигдсөн эрхээ хамгаалж гомдол гаргах, шударга шүүхээр шийдүүлэх эрхийг хориглох, Үндсэн хуулийн байгуулал болох бие даасан, хараат бус шүүхийнхээ нэг салаа мөчир-Захиргааны хэргийн шүүхийг бараг татан буулгах төсөл санаачилна гэдэг бас л зориг шүү. Ийм зориг Засгийн газрын Ерөнхий сайдын зөвшөөрөл, засаглаж байгаа намын даргын зөвшөөрөлгүйгээр гүйцэтгэх засаглалын босгыг давах боломжгүй. Учир нь хаана ч, аль ч улсад Ерөнхий сайд бол Засгийн газрынхаа тал нь, мөн намын рейтингийн тал нь намын даргын нэр хүнд байдаг юм. Засгийн газрын захиргааны шийдвэрийг шүүх хянах эрхгүй болбол юу болох вэ? Хаана хууль байхгүй байна, тэнд гэмт хэрэг гэж байхгүй гэж зарим хүн андуурч байх шиг байна. Гэтэл хаана шүүх эрх мэдлийн хяналтгүй байна, тэнд шударга ёс үгүй, шударга ёс байхгүй газарт хууль ёсны Засгийн газар бус, хулгайч дээрмчдийн бүлэглэл л засагладаг гэдэг. У.Хүрэлсүх гэж бие хүн нь улсын Ерөнхий сайд гэж бас андуурч байна. Гэтэл засаг бол ярьдаг хууль, хууль бол хэлгүй засаг гэх номлол бүхий бүгд найрамдах засаглалтай улс оронд иргэндээ эрх тэгш үйлчлэх хууль ёс л Ерөнхий сайд байдаг юм. Тийм учраас Монголын ард түмэн хөлбөмбөгөө үзэж, улсын наадмаа хүлээнгээ энэ хууль батлагдах эсэхийг л тэвчээртэй хүлээж, харж л байгаа. Ард түмэн “их далай”, улстөрчид бол “завь” юм. Хэрвээ энэ төсөл Засгийн газрын яг хүссэнээр нь батлагдвал эрх чөлөөг эрхэмлэгч “их далай” урсгаж яваа “завиа” өнөөдөр биш ч, маргааш сонгуулиар хөмөрч бас чадах л байх. Уурандаа эхлүүлсэн бүхэн эцэстээ ичгэвтрээр төгсдөг нь жам шүү, эрх баригчид аа.