A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1256/

Үнийн өсөлт сөрөх шинэ туршлага үгүйлэгдэж байна

Дунд хугацаанд шатахууны үнийг хэрхэн барих нь тодорхойгүй байна

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/1256/


Монголд ам.долларын ханш 2500 төгрөг давж, дээр, дооргүй сандарч байх зуур бөмбөрцгийн нөгөө хагаст зах зээлийн томоохон тоглогчдын дунд түүхий газрын тосны үнэ нэг баррель нь 100 ам.долларыг давна гэх таамаг өрнөж байна. Есдүгээр сарын сүүлчийн долоо хоногоос Brent төрлийн газрын тосны үнэ 80 ам.доллар давж, 2014 оны арваннэгдүгээр сараас хойших хамгийн өндөр түвшинд хүрэв. Цаашдаа ч түүхий газрын тосны үнэд нийлүүлэлтээс үүдсэн өсөлт давамгайлах бодит нөхцөл үүсээд буй юм. ОПЕК газрын тосны нийлүүлэлт нэмэгдэж, үнэ буурч эхэлмэгц олборлолтоо танах бодлого баримталж буйн зэрэгцээ Венесуэльд нүүрлэсэн эдийн засгийн хямрал, мөн ирэх сарын 5-наас Ираны эсрэг тавьсан АНУ-ын хориг хэрэгжиж эхэлнэ. “Ингэснээр газрын тосны нийлүүлэлт өдөрт 300-700 мянган баррелиар багасна. ОПЕК-ын гурав дахь том олборлогч ираны нийлүүлэлт үнэмлэхүй багассанаар газрын тосны үнэ зул сар гэхэд баррель нь 90 ам.долларыг давж, 2019 гарахад 100 ам.долларт хүрнэ” хэмээн олон улсын түүхий эдийн Trafigura Group-ийн газрын тосны худалдаа хариуцсан захирал Бен Лаккок ярьсан удаатай.

Харин Mercuria Energy группийн үүсгэн байгуулагчдын нэг Дэниел Иегги дөрөвдүгээр улиралд өдөрт хоёр сая баррелийн нийлүүлэлтийн хомсдол үүсэхэд түүнийг нөхөх хэмжээний бүтээгдэхүүн зах зээлд байхгүй” хэмээв. Тэгвэл Bank of America, Citi Group зэрэг томоохон зээлдүүлэгчид газрын тосны үнийг 80-90 ам.долларт хэлбэлзэнэ гэж үзэж буй ч 100 ам.доллар давахыг үгүйсгэхгүй байна. Түүнчлэн ОХУ энэ сараас эхлэн газрын тосны экспортын гаалийн татвараа тонн тутамд 7.5 ам.доллараар өсгөж, 137.5 ам.доллар болгов. Ийнхүү 2014 оны сүүлчээс үнэ нь эрчимтэй унаж, өнгөрсөн оны дунд үе хүртэл савлагаатай байсан газрын тос эргээд үнийн өндөр мөчлөгт шилжих нь шатахууны хэрэгцээгээ импортоор авдаг монголчуудын хувьд хамгийн таагүй мэдээний нэг. Шатахууны жижиглэнгийн дундаж үнэ он гарсаар литр тутамдаа дунджаар 200 гаруй төгрөгөөр өсөөд буй. ОХУ-аас есдүгээр сард импортолсон шатахууны хилийн үнэ 8-10 ам.доллараар нэмэгдэн, нэг тонн АИ-92 автобензин 721 ам.доллар, дизель түлш 673 ам.доллараар орж иржээ. Харин энэ сард хилийн үнэ 45-85 ам.доллараар өснө гэдгийг албаны эх сурвалж хэллээ.

• Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлээгүй бол нэг литр шатахууныг хэдийнэ 2000 төгрөг давсан үнээр худалдаж авах байсан.

• Өсөлттэй байсан газрын тосны үнийн хамаарлыг бууруулахын тулд жижиглэнгийн борлуулалтын үнийг тогтвортой барьж байсан туршлага бидэнд бий.

• Монголчуудын шатахууны хэрэглээ 2020 он гэхэд жилд 1.6 сая, 2022 онд 1.9 сая, 2027 онд 2.4 сая тоннд хүрэх төлөвтэй.

Дэлхийн зах зээл дээр 2009 оноос хойш 2014 оны төгсгөл хүртэл өсөлттэй байсан газрын тосны үнийн хамаарлыг бууруулахын тулд 2012 онд жижиглэнгийн борлуулалтын үнийг тогтвортой барьж байсан туршлага бидэнд бий. 2012 оноос гурван жилийн хугацаанд хэрэгжсэн үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн яам, Монголбанктай хамтран “Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөр хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд түүхий газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр цойлж 118 ам.доллар давж байсан үеүдэд монголчууд нэг литр бензинийг 1500 орчим төгрөгөөр авч байсныг санаж буй биз ээ. Шатахууны үнийг дагаад дамаар, сургаар бүхий л өргөн хэрэглээний бараабүтээгдэхүүний үнэ өсч, инфляц хөөрөгддөг манай улсын хувьд тухайн үед үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлээгүй бол нэг литр шатахууныг хэдийнэ 2000 төгрөг давсан үнээр худалдаж авах байсныг Монголын нефть, хийн үндэсний ассоциацийн тэргүүн асан Л.Цэрэндаваа хэлж байсан.

Тэрбээр “Уг хөтөлбөр хэрэгжээгүй байсан бол хоёр жилийн хугацаанд жижиглэнгийн шатахууны зах зээлийн үнэ 200-509 төгрөгийн хэлбэлзэлтэй нэмэгдэх байсан” гэв. Өөрөөр хэлбэл, 2012 онд нэг литр шатахуун 1800 төгрөг, 2013 онд 2000 төгрөг хол давах байсан гэсэн үг. Тэр хэрээр бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, инфляц өсөх нь тодорхой байсан юм. МУИС-ийн төгсөлтийн дараах сургуулийн захирал, доктор Б.Отгонтөгс “Төсвийн орлого муудаж, гадаадын шууд хөрөнгө оруулалт 70 хувиар багасаж, нийлүүлэлт тасалдсан үед дэд хөтөлбөрүүд ач тусаа өгсөн гэж боддог. Хөтөлбөр хэрэгжээгүй бол зөвхөн 2014 оны эхний хагаст гэхэд мах, бензин шатахууны үнэ 2015 оныхоос 2.5-4.6 дахин нэмэгдэх байсан гэсэн судалгааг эдийн засагчид хийсэн” гэсэн юм. Албан ёсны тайланд дурдсанаар уг хөтөлбөр хэрэгжсэн гурван жилийн хугацаанд шатахуун импортлогч 14 компанид нийт 226.4 тэрбум төгрөгийг жилийн 3.8 хувийн хүүтэй зээлж, нөөцөө ихэсгэж, зөрүүгээ нөхөж байв. Үр дүнд нь хөтөлбөрт хамрагдсан барааны үнийн өсөлт 2010-2012 онд дунджаар инфляцын 23.7 хувийг эзэлдэг байсан бол 2013 онд инфляцад нөлөөлөх нөлөөлөл нь 1.3 дахин, 2014 онд 17.8 дахин буурсан юм.

Харамсалтай нь, айсуй үнийн өсөлтийг ийм арга замаар сэргийлдэг хуучин туршлага ул болох нь. Тодорхой хэлбэл, Монголбанктай хамтран дахин татаас байдлаар шатахууны жижиглэнгийн үнийн зөрүүг нөхөх боломжгүй. Төв банкны тухай хууль болон ОУВС-гийн өртгөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд Монголбанк төсвийн шинжтэй үйл ажиллагааг санхүүжүүлж болохгүй. Тиймээс шатахууны жижиглэнгийн үнийг тогтвортой барих даалгавар салбарын яам, Сангийн яам, цаашлаад Засгийн газраас шийдлээ хүлээж байна. Одоогоор энэ талаар Сангийн яаманд ямар нэгэн санал ирээгүй байгаа аж. Төрөөс газрын тосны салбарыг 2018-2027 онд хөгжүүлэх тухай бодлогын баримт бичигт тусгаснаар шатахууны хэрэглээ жилээс жилд өсөж буй. 2020 он гэхэд жилд 1.6 сая, 2022 онд 1.9 сая, 2027 онд 2.4 сая тоннд хүрэх төлөвтэй. Хэрэв байдал энэ чигээрээ үргэлжилбэл өсөн нэмэгдэж буй энэ хэрэглээг дагаад эдийн засаг төдий чинээ тогтворгүй болно. Урт хугацаанд үнийн хамаарлыг бууруулахын тулд газрын тос боловсруулах үйлдвэрээ яаралтай ашиглалтад оруулах нь чухал ч дунд хугацаанд ямар арга хэмжээ авах нь одоогоор хариулт нэхэж байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Үхэл таригч улаан бурхан ихэссэнд аав ээжүүдийг буруутгав

 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хэрэглээгээрээ толгой цохидог ч ашгаараа сүүл мушгисаар

Цахим ертөнцийг цаг өнгөрөөх хэрэгсэл бус орлого олдог лангуу болгон харах нь чухал

 0 сэтгэгдэл


Хэрэглэгчийн тоогоороо Хятадын хүн амыг хоёр нугалсан “их гүрэн” орчин цагийн дэлхийд үүсээд цөөнгүй жилийг үдэж байна. Хил хязгаар, арьс өнгө, шашин шүтлэгээр хүн төрөлхтнийг үл ялгаж, нэгэн дээвэр дор нэгтгэсэн нийгмийн сүлжээний Facebook цахим хуудсыг идэвхтэй хэрэглэгчийн тоо 2018 оны дөрөвдүгээр улиралд 2.6 тэрбум давжээ. Facebook-ийг улс гэж үзвэл хүн амын тоогоор БНХАУ, Энэтхэгийг нийлүүлсэнтэй бараг дөхөж очих бол эдийн засаг, зах зээлийн чадал чинээгээр дэлхийн хамгийн хүчирхэг улсад зүй ёсоор тооцогдоно. Тэгвэл нийгмийн сүлжээний Instagram цахим хуудас хэрэглэгчийн тоо дэлхийн тэргүүлэх эдийн засаг болох АНУ-ын хүн амаас гурван дахин өндөр аж. Дэлхийн газрын зурагт тэмдэглээгүй ч, хүчирхэг гүрнүүдтэй зах зээлийн хүчин чадлаар дүйх, цахим ертөнц дэх шинэ бүлэг, нэгдлүүд улам хүрээгээ тэлсээр байгаа юм.

Бид ч энэ цахим талбарын гишүүд. Өнөөдөр гурван монгол хүн тутмын хоёр нь нийгмийн сүлжээнд нэгдэж, интернэт идэвхтэй ашиглаж байна. Манай интернэт хэрэглэгчийн тоо сүүлийн 20 гаруй жилд бараг 4400 дахин өсөж, 2018 оны дөрөвдүгээр улиралд 2.2 саяд хүрснийг Hootsuite платформд дурджээ. Ер нь Монголд нийгмийн сүлжээний аль нэг хуудсанд нэгдээгүй хүн олох хэцүү болсон төдийгүй хөгшин, залуугүй идэвхтэй хэрэглэж байна.

Үүнээс үзэхэд гишүүнчлэлийн тоо, хэрэглэгчдийн худалдан авах чадлаар нийгмийн сүлжээ, цахим зах зээл яалт ч үгүй шунал төрүүлж, хорхой хүргэм, арилжааны лангуу болчихоод байгаа юм. Гэвч бид эдгээр цахим хуудаст цаг заваа хайр гамгүй үрдэг атлаа нийгмийн сүлжээ дагасан хэрэглэгчдийн төвлөрлийг ашиглан арилжаа наймаа хийх, бизнесийн зорилгоор зөв зохистой, үр ашигтай ашиглаж буй нь хэр олон бол. Мэдээж, энэ төрлийн цахим хуудасны хэрэглээ, ашиглалтаар бид бүс нутаг төдийгүй дэлхийд дээгүүрт бичигддэг.

Гэтэл үүнийг дагасан бизнес, арилжааны шинж чанартай үйлчилгээ өнөө хэр зах замбараагүй, зохицуулалтгүй өрнөсөөр байна. Цахим худалдааны талбарт хамгийн том байр суурь эзэлж буй нийгмийн сүлжээн дэх арилжаа хар зах шиг үргэлжилсээр. Зарын шинжтэй цахим хуудсаар дүүрч, чанарын баталгаагүй, үнийн зөрүүтэй бараа бүтээгдэхүүн өнөө хэр борлуулж, худалдан авагчдыг хохироосоор байна. Сар шинийн баяраар гэхэд дэлгэцээр далдалсан цахим зах зээлээс чанаргүй бараа худалдан авч, хулхидуулсан иргэн цөөнгүй байв. Уг нь технологийн хөгжил дагасан энэ төрлийн үйлчилгээний үр ашиг, хэмнэлт, хялбар байдлыг хэрэглэгчид хүртэх учиртай ч иргэдийн итгэлийг буруугаар ашиглан, ашиг хонжоо хайх, хохироох увайгүй үйлдэл гарсаар байгаа аж.

Гурван монгол хүн тутмын хоёр нь интернэт идэвхтэй ашиглаж байна

Олон улсад цахим худалдааны бие даасан платформуудад түшиглэн хөгждөг бол манайд хэрэглэгчдийн хэрэглээ даган нийгмийн сүлжээнд төвлөрч байгаа юм. Гэтэл энэ хэсэгт нь цахим худалдааны соёл, дадал борлуулагчид төдийгүй хэрэглэгчдийн хувьд ч төлөвшин тогтоогүй хэвээр байна. Энэ хэрээр манайд дижитал эдийн засаг, цахим худалдааны тэлэлт зарим улсынхаас удаан, яст мэлхийн хурдаар урагшилж байна.

Дэлхийн мөнгөний урсгал цахим ертөнцийг чиглэх болж, энэ зах зээлээс хэд бол хэдэн зуун саятан төрөн гарсаар байна. Хэд хэдэн сэтгүүлийн жагсаалтаар орчин цагийн дэлхийн хамгийн чинээлэг хүнээр тодорсон, 130 орчим тэрбум ам.долларын хөрөнгөтэй (2018 оны байдлаар) Жефф Безос интернэт худалдааны салбараас мэндэллээ. Мөн АНУ-ын хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн өндөр үнийн дүнд бүхий IPO-ийг мөн л интернэт худалдааны салбарын компани болох Alibaba арилжсан. Үүнээс үзэхэд мөнгө, өсөлт, өгөөж яах аргагүй гарт баригдахгүй ч дэлхийг сүлжсэн интернэт худалдаанд байна.

Цахим худалдаа дэлхийг хавтгай болгож, зуучлагчгүй, ченжгүй, хил хязгааргүй мөнгөний урсгал цахим дэлхийг хэрж байна. Энэ шилжилтийг Хятад, АНУ хамгийн овжин ашиглаж, худалдаа арилжаагаа огцом өсгөж байна. Манай өмнөд хөршийн цахим худалдаа дэлхийн нийт худалдааны бараг тэн хагасыг бүрдүүлэхэд ойртлоо.

Цахим түрэлт тус улсын худалдааны бүх урсгал чиглэлд нэвтэрснээс хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний онлайн худалдаа 46 хувь өсөж, 32 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнийг даган хойд хөрш ч цахим худалдааг хурдтай хөгжүүлж байна. Зөвхөн 2018 он гэхэд хятадын гурван сая өрх оросоос хүнсний бүтээгдэхүүн худалдан авчээ. Тухайлбал, оросын “Красный октябрь" шоколадны үйлдвэр нийт бүтээгдэхүүнийхээ 72 хувийг онлайнаар борлуулдаг болсон байна.

Улс орнууд цахим талбарыг мөнгө болгон ашиглаж байхад бид хэрэглээ талдаа хэнийг ч дагуулахгүй атлаа өгөөж хүртэх, мөнгө олохдоо ургаа хад шиг байгаа юм биш биз. Уг нь цаг зав хэмнэж, дундын зуучлагчийг халж, түрээс, нэмэлт зардлыг тэглэх энэ төрлийн бизнес худалдан авагч төдийгүй аж ахуйн нэгжүүдэд үр ашигтай. Хүссэн хэнийг ч худалдаачин болгож, бизнес эрхлэх боломжийг олгоно. Ер нь дэлхийн бизнесийн чиг хандлагыг танигдахын аргагүй болтол нь өөрчилсөн цахим худалдааны давуу тал, үр ашгийг дурдаад байвал дуусахгүй.

2030 он гэхэд дэлхийн худалдааны 99 хувь нь онлайн хэлбэрт шилжинэ гэж томоохон шинжээчид таамаглаж байна. Гэтэл арав хүрэхтэй үгүйтэй жилийн дараа болох энэ өөрчлөлт, хувьсалд бид бэлэн үү. Хүргэлтийн үйлчилгээ, хотжилт зэрэг цахим худалдааны дэд бүтцийг хөгжүүлэх нь чухал хэмээн салбарынхан учирладаг.

Тэр тусмаа далайд гарцгүй, хоёр их гүрний дунд хавчуулагдсан Монгол Улс зах хязгааргүй зах зээл рүү хөтлөх цахим худалдааг бусдаас илүү хурдтай хөгжүүлэх нь чухал. Интернэтийн хурд, хэрэглээгээрээ монголчууд бусад улсаас дутахгүй байж болох ч үүнийг үр ашигтай ашиглах, ажил хэрэгч, аж ахуйч байдлаар хандах нь илүү чухал биш гэж үү.

Манай зохицуулах байгууллагууд цахим орчин дахь иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг аль нэг хуулиар далайлган хаах боогдуулах гэж оролддог.

• Манай интернэт хэрэглэгчийн тоо сүүлийн 20 гаруй жилд бараг 4400 дахин өсөж, 2018 оны дөрөвдүгээр улиралд 2.2 саяд хүрснийг олон улсын Hootsuite платформд дурджээ. 

• Монголд нийгмийн сүлжээний аль нэг хуудсанд нэгдээгүй хүн олох хэцүү болсон төдийгүй хөгшин, залуугүй идэвхтэй хэрэглэж байна. 

• Манайд дижитал эдийн засаг, цахим худалдааны тэлэлт зарим улсынхаас удаан, яст мэлхийн хурдаар урагшилж байна.

Гэтэл цахим орчин дахь худалдаа үйлчилгээ, бизнесийн үйл ажиллагаа оновчтой зохицуулалт, анхаарал нэхсээр байна. Гэхдээ төр энэ зах зээлд оролцохдоо иргэн болон бизнес эрхлэгчийн аль алиных нь эрх ашгийг хөндөхгүй, харин ч ээлтэй байдлаар шийдэж чадвал цахим худалдаа хөгжих хөрсийг бий болгоно. Өөрөөр хэлбэл, иргэд ч, төр ч тэр цаг өнгөрөөх хэрэгсэл бус орлого олдог лангуу болгон харах нь чухал байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Шалгуур хангасан оффисыг зах зээл хүсэж байна

Оффисын зах зээлийн эрэлт жилд дунджаар 1100 орчим аж ахуйн нэгжээр нэмэгддэг

 0 сэтгэгдэл


Үл хөдлөх хөрөнгийн салбарт орон сууцны зах зээл олон нийтийн анхаарлын төвд байдаг ч оффисын талбарт онцлох үзүүлэлт цөөнгүй байна. Эн тэргүүнд, уг зах зээлийн эрэлт нь нийлүүлэлтээсээ давж эхэлснийг “Master Properties” компани тооцоолжээ. Улаанбаатар хотод өнгөрсөн онд оффисын зориулалттай 985 мянган ам метр ашигтай талбай бүхий 215 төсөл ашиглалтад оржээ. Үүний тэн хагас нь нийслэлийн цөм болох Сүхбаатар дүүрэгт төвлөрч байна.

Тус дүүрэгт байрлах нийт оффисын 72.9 хувь нь тансаг зэрэглэлийнх аж. Гэтэл нийслэлд үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгжийн 80 гаруй хувь 20 хүртэлх ажилтантай, жижиг, дунд бизнес эрхлэгчид. Тэд хотын төвөөс холгүй, тав тухтай, боломжийн үнэтэй ажлын байр сонирхдог байна.

Өөрөөр хэлбэл, худалдан авагчдын санхүүгийн чадамж болон барилгын компаниудын нийлүүлэлтийн хооронд үнийн цоорхой үүсчихээд буй нь энэ.

Оффисын зах зээл нь эдийн засгийн өсөлт даган, өгсөж, урууддаг. Ялангуяа, Улаан - баатарын шигтгээ болсон А зэрэглэлийн, шилэн оффисуудын нийт эрэлтийн 50 хувь нь аль нэг хэлхээгээр уул уурхайн салбартай учиг холбогдож байдгийг шинжээчид онцолж байгаа юм. Тиймээс 2017 оны сүүлчээс уул уурхай, макро эдийн засгийн идэвхжил дээшилснээр оффисын зах зээлд ч сэргэлт ажиглагджээ. Нийслэлд жилд дунджаар албан тасалгаа хайсан 1100 орчим аж ахуйн нэгж шинээр нэмэгддэг. Ам метрээр тооцвол 50-60 мянган ам метр ашигтай талбайн эрэлт хэрэгцээ үүсдэг гэсэн үг. Мөн одоогоор оффис түрээсэлж буй дотоодын компаниудын 40 орчим хувь нь албан байрандаа сэтгэл ханамжгүй байдаг нь тогтоогджээ. Үүнээс үзэхэд, ирэх жилүүдэд ч оффисын зах зээлийн эрэлт огцом биш ч тогтвортой өсөх төлөвтэй. Ойролцоогоор жилд найм давсан хувиар тэлэх таамгийг үл хөдлөх хөрөнгийн компаниуд танилцуулж байна.

Тэгвэл хэрэглэгчид ямар оффис хүсэж байна вэ. Энэ асуултад дотоодын аж ахуйн нэгжүүд байршлыг хамгийн чухалд тооцдог гэж хариулсан байна. Ялангуяа, Улаанбаатарын бизнесийн уур амьсгалын холгүй хэсэгт оффис түрээслэх болон худалдан авах сонирхолтой байна. Харин үүний араас үнэ, зэрэглэл, автомашины зогсоол зэрэг хүчин зүйл жагссан байна.

Хэрэв хэрэглэгчдийн тавьж буй эдгээр босгын аль нэгийг даваагүй бол аливаа оффисын барилга эдийн засгийн эргэлтэд амжилттай орох магадлал багасдаг гэж “Тэнхлэг зууч” компани мэдээллээ. Үүнээс гадна сүүлийн жилүүдэд хөрөнгийн менежмент хэмээх хүчин зүйл чухалд тооцогдох болжээ. Ер нь эдгээр хүчин зүйл тухайн оффисын өнөөгийн төдийгүй ирээдүйн үнэ цэнийг тодорхойлохоор байна.

Улаанбаатар хотын дүүргүүд дэлхийн томоохон хотуудын жишгээр төрөлжиж эхэлсэн нь үл хөдлөх хөрөнгийн салбарт өөрчлөлт дагуулж байгаа юм. Тухайлбал, байршил банк, төрийн үйлчилгээ, худалдаа зэрэг нь төвлөрснөөр ирээдүйн бизнес болон санхүүгийн дүүргийн өнгө төрх улам тодорч эхлээд байна.

• Аж ахуйн нэгжүүд өмнө нь аль болох хотын төв цэгт байрлах гэж зүтгэдэг байсан бол одоо үүнээс 0.5- 1 километрийн радиусын зайд байр авахад бэлэн байна. 

• Улаанбаатарын шигтгээ  болсон А зэрэглэлийн, шилэн оффисуудын нийт эрэлтийн 50 хувь нь аль нэг хэлхээгээр уул уурхайн салбартай учиг холбогдож байдаг. 

• Улаанбаатар хотын дүүргүүд дэлхийн томоохон хотуудын жишгээр төрөлжиж эхэлсэн нь үл хөдлөх хөрөнгийн салбарт өөрчлөлт дагуулж байна.

Бизнесийн дүүрэг болж төвлөрөхийн хэрээр энэ төрлийн үл хөдлөх хөрөнгийн үнэ цэн автоматаар өсдөг зүй тогтлыг дэлхийн томоохон хотуудаас харж болох юм. Түүнчлэн оффисын зах зээл манайд нэг оронтой тоонд өсөж буй бол 2018 онд оффисын зах зээлийн эрэлт Ази, Номхон далайн бүсэд 24 хувиар өссөн байна. Харин АНУ-д таван хувиар тэлжээ.

ЗГМ: ТОДРУУЛГА

Автомашины зогсоолгүй оффис борлогдох боломжгүй

“Мастер пропертис” компанийн ерөнхий захирал Ц.Дашцэрэнгийн ярилцлагыг хүргэж байна.

-Оффисын зах зээлийн энэ оны төлөвийг хэрхэн төсөөлж байна вэ?

-Өсөлттэй жил болох дүр зураг бууж байна. Ялангуяа, хэрэглэгчийн шаардлага хангасан оффисын түрээсийн талбайн дүүргэлт 80-аас дээш хувьтай байна. Энэ бол эерэг үзүүлэлт. Мөн түрээсийн талбайн үнэ өсөж буй. Ер нь манайд оффисын байрны түрээсийн үнэ харьцангуй өндөр буюу хөөстэй байдаг. Гэсэн ч үнэ ханш нь өсөж буй нь эдийн засгийн идэвхжлийг харуулж буй нэг хүчин зүйл. Харин оффис худалдан авах эрэлт нэмэгдэх төлөвтэй байна. Ялангуяа, аж ахуйн нэгжүүдийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан оффисын эрэлт өсөх болов уу гэж харж байна.

-Тэгвэл борлуулалтгүй оффисын талбай тоо болон хэмжээ өмнөх жилүүдэд нэмэгдсэний шалтгаан юу вэ?

-Ер нь оффисын зах зээлд хөрөнгө оруулагчид болгоомжтой ханддаг. Шинэ төслийн тоо нь орон сууцтай харьцуулахад цөөн гэж хэлж болно. Оффисын нийлүүлэлт талаас нь харвал А зэрэглэлийн буюу хотын төвийн бизнесийн дүүрэг дэх албан тасалгааны үнэ өндөр байдаг. Энэ нь ч учиртай. Яагаад гэвэл, энэ төрлийн үл хөдлөх хөрөнгийн үнэ цэн ирээдүйд өсөх хүлээлт өндөр байдаг учраас түүнийг борлуулах сонирхол бага байдаг. Мөн энэ төрлийн оффисуудыг харьцангуй санхүүгийн чадамжтай хөрөнгө оруулагчид эзэмшдэг учраас амархан борлуулаад байдаггүй. Ам метрийн үнэ нь ч 3000 ам.доллар болон түүнээс дээш байдаг.

Харин үүнээс доош зэрэглэлийн буюу орон сууцны хорооллуудын дунд байрласан, B болон С зэрэглэлийн оффисын барилгын дийлэнх нь хэрэглэгчийн тавьж буй гол шаардлагыг хангахгүй байна. Тиймээс амжилттай борлуулах магадлал бага байгаа юм.

-Тэгвэл дотоодын компаниуд оффисын барилга түрээслэх болон худалдан авахдаа ямар шаардлага тавьж байна вэ?

-Сайн мэдээ гэвэл Монгол Улсын дунд түвшний компаниуд харьцангуй хурдтай өсөн дэвжиж байна. Энэ хэрээр эрэлт нэмэгдэх нь тодорхой. 10 жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан, эдийн засгийн хямралын үед ч татвараа зогсолтгүй төлж буй 30 мянган аж ахуйн нэгж Монголд байгаа. Эдгээр компани өдгөө ажлын байр авах болон түрээслэхдээ олон улсын стандарт руу дөхсөн, ахисан түвшний шаардлага тавьж эхлээд байна. Энэ бол сайн дохио. Ирэх жилүүдэд ч дотоодын компаниуд дэлхийн чиг хандлагыг дагасан буюу илүү чөлөөтэй, ажлын бүтээмжийг дэмжсэн барилгуудыг түлхүү сонирхох болов уу. Харин уламжлалт хэв шинжийг агуулсан оффисын хэрэгцээ зах зээлээс шахагдана.

-Барилгын компаниуд өмнө нь автомашины зогсоолыг нэмэлт зардал гэж үзэн, төсөв, төлөвлөлтөөсөө хасдаг байсан. Одоо энэ хандлага өөрчлөгдсөн үү?

-Энэ хандлага зайлшгүй өөрчлөгдөх ёстой. Ер нь автомашины зогсоолгүй оффис борлогдох боломжгүй. Өөрөөр хэлбэл, энэ шалгуур оффис худалдан авахад тавьж буй үндсэн дөрвөн шаардлагын нэг болсон. Үүнээс гадна байршил чухалд тооцогдож байна. Өмнө нь аж ахуйн нэгжүүд аль болох хотын төв цэгт байрлах гэж зүтгэдэг байсан бол одоо үүнээс 0.5-1 километрийн радиусын зайд байр авахад бэлэн байна. Хоёрдугаарт, үнэ болон төлбөрийн нөхцөлд анхаарал хандуулж байна. Хэрэглэгчдийн дийлэнх нь ам метр нь 2.5 -3.5 сая төгрөгийн үнэтэй оффисыг арилжааны банкны 10-15 жилийн хугацаатай зээлээр авах хүсэлтэй байна.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Дэлхийн эдийн засаг энэ долоо хоногт инфляцаа шалгана

 0 сэтгэгдэл