A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4340/

Үрээ хүлээж, нутгаа санагалзсан хөгшдийн “Эцсийн зогсоол”

Үрээ хүлээж, нутгаа санагалзсан хөгшдийн “Эцсийн зогсоол”
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/4340/
  • Энд байгаа 160 гаруй хүний 20 хүрэхгүй нь өөрийгөө илэрхийлэх чадвартай ба 55 нас хүрээгүй, хөгжлийн бэрхшээлтэй 50 орчим хүн бий
  • Он цагийн эргүүлэгт амьдрах чадвар нь суларч, ач хариулах хүнгүй торойж хоцорсон тэднийг харж, хайхардаг улсын асрамжийн газар нийслэлийн хэмжээнд ганц бий
  • Хөл хорио тогтоож, гадна, дотноос эргэлт оруулахгүй өнөө үед тусламжаар ямар нэг бүтээгдэхүүн хүлээж авахгүй байгаа учир нөхцөл байдал улам л хүндэрч байгааг сувилагч нь хэллээ
  • Тухайн үед шаардлага өндөр байсан тул эрүүл бус сэтгэхүй, элдэв буруу зантай хүн байгаагүй. Гэтэл одоо нөхцөл байдал их өөрчлөгджээ. Хэн дуртай нь л ирж байх шиг байна

Халуун өдөр сүүдэр бараадаж, хүйтний улиралд нар даган бор шувуу шиг бөвийж суудаг хүмүүсийг анзаарч хардаг, амьдрах нөхцөлийг нь сонирхдог хүн цөөхөн. Албан ажлаар л биш бол барагтай хүн очдоггүй “Ахмадын асрах төв”-ийн гурван давхар шар байрны эргэн тойронд эрих эргүүлж, гаанс нэрсэн хөгшид алсыг ширтэн, хэн нэгнийг хүлээж буй мэт зам харуулдан холхино. Тэдний аж, амьдралыг сурвалжилж, орчин нөхцөлийг нь “тольдохоор” очсон биднийг ихэд сонжих бөгөөд араас дагаж, элдвийг лавлах нь хүний мөрөөс болсныг нь илтгэх мэт. Магнайд нь үрчлээ тодорч, үс нь бууралтсан С.Цэнджав гуай асрах төвд ирээд 14 жил болж буй бөгөөд энд ханьтайгаа байдаг ганц хүн юм. 70 гарч яваа тэрбээр залуу насандаа ардын сургуульд багшилж явжээ. Харин нөхөр нь цэрэг, цагдаагийн албанд жолоочоос дарга хүртэл дэвшиж явсан нэгэн. Ханилж суугаад олон жил болсон ч хувь заяа тэдэнд үр хайрлаагүй аж. Харин өргөж авсан ганц хүүтэй. Хүнээр хүн хийж, хөлөө хучуулахыг хүсэн, төрсөн үр шигээ өсгөсөн ч насны эцэст нааш гэсэнгүй учир хоёр хөгшин төрийн халамжид ирсэн нь энэ. “Хүү маань баярын үеэр бидэнтэй ирж уулздаг юм. Энэ жил хөл хорио тогтоосон учир ирэхгүй гэнэ лээ. Хүүгээ ирээд явсны дараа бидний сэтгэлд хэсэгтээ л “нар манддаг” гэхийг нь сонсоод эрхгүй өрөвдөх сэтгэл төрсөн юм. “Хүний хүн” гэдэг сэтгэлээр өсгөөгүй учраас хүүдээ буруу өгч чаддаггүй нь ярианаас нь анзаарагдана. С.Цэнджав “Бид залуудаа халгиж, цалгиж л явлаа. Насны эцэст асрах газарт амьдарна гэж төсөөлж ч байсангүй. Тэтгэвэрт гарсныхаа дараа би хөлөө хугалж, хэвтэрт орсон юм. Харин залуугаасаа цэргийн байгууллагад ажилласан хань маань намайг асарч, ар гэрийн ажил хийж үнэндээ чадахгүй байсан. Мөн хүүтэйгээ таарамж муутай байсан учир төвөг болохыг хүсээгүй. Тэтгэвэрт гараад амьдрах гэж их үзсээн. Арга мухардаж асрах төв бараадсан даа. Анх нөхрөө энэ газар руу явъя гэхэд нь дургүйцэж л байлаа. Гэтэл намайг орхиод түрүүлээд хүрээд ирсэн. Яах аргагүй би араас нь гурван сарын дараа ирсэн дээ. Буруудсан зүйл алгаа. Дутагдах зүйлгүй сайхан байна” хэмээв.

Эд, хав нь бүрдэж, эрх дураар явах үе байхад, эрих, таягаар хань хийж, насны хяруу буух цаг ирдэг нь хорвоогийн жам. Өтөл насандаа үрсээ тойруулан, буянаа эдэлж буй буурлууд цөөнгүй ч асрах үр, ачлах ханиар дутаж яваа ахмад ч олон юм. Он цагийн эргүүлэгт амьдрах чадвар нь суларч, ач хариулах хүнгүй торойж хоцорсон тэднийг харж, хайхардаг улсын асрамжийн газар нийслэлийн хэмжээнд ганц бий нь олны хэлж заншсанаар Батсүмбэрийн хэмээгддэг Ахмадын асрах төв юм. Анх “Өнчин ядуусын тэтгэх газар” нэртэй байгуулагдаж байсан тус газар 95 жилийн турш энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Нийт 200 орчим хүнд үйлчлэх боломжтой уг төвд өнөөдөр 167 эмзэг бүлгийн хүн байгааг бидэнд хэллээ. Тэдний нэг нь Ц.Чулуунцэцэг. Мөн л 70 гарч яваа түүнээс ахмадын асрах төвд ирээд хэчнээн жил болж буйг нь асуухад “таван жил гурван сар 26 хонож байна” хэмээн хариуллаа. Энд өнгөрөөж буй өдөр, хоног бүрээ хуруу даран тоолж буй тэрбээр дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн ч насны эцэст нааш гэх хүнгүй торойж хоцоржээ. Харин үхтэл үр харам гэгчээр хайхралгүй орхисон хүүхдүүддээ хир халдаахыг хүссэнгүй, буруутгаж гомдсон үг ганцыг ч унагаагүй юм. 

Гэр, эмнэлэг хоёр хамт оршсоор олон жилийг үджээ

Асрах төвийн байр баригдаад олон жил болсныг гаднах төрх нь шууд илтгэнэ. Харин дотроо тохилог, тухтай. Ахмадууд чөлөөт цагаа өнгөрөөх фитнес танхим, тоглоомын өрөө, хоолны заал зэрэг хэрэгцээт бүхэн энд бий. Түүнчлэн тэднийг биеийн байдал, асаргаа сувилгаанаас нь шалтгаалж ангилан байрлуулдаг аж. Тухайлбал, нэгдүгээр давхарт бие даах чадвартай ахмадууд байдаг бол хоёр, гуравдугаар давхарт эмчилгээ, сувилгаа шаардлагатай болон хэвтэрт орсон хөгшид бий. Тодруулбал, хамгийн дээд давхар нь амьдрах байр гэхээс илүү эмнэлгийн зориулалтаар ашиглахаар тохижуулж, тоног төхөөрөмжүүдээ байршуулжээ. Гэхдээ жирийн хүнийг эмнэлгийн “өвчтөн”-үүдтэй хамт байлгах нь эрүүл ахуйн талаасаа маш буруу аж. Тиймээс тусгай эмнэлэгтэй болох зайлшгүй шаардлагыг тус төвийн эмч, сувилагч нар хэлж байлаа. Гэвч “Асрамжийн газарт харьяа эмнэлэг байх нь зохимжгүй. Аль ч улсад тийм жишиг байдаггүй” гэх үндэслэлээр одоог хүртэл энд гэр, эмнэлэг хоёр зэрэгцэн оршсоор байна.

Эмчилгээний төсөв живхний мөнгөний дайтай

Тус байгууллага Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа учир Эрүүл мэндийн яамнаас ямар нэг тусламж, дэмжлэг авдаггүй аж. Гэтэл энд эрүүл мэндийн чадамжтай, эмчилгээ, сувилгаа шаардлагагүй хүн тун цөөн. Эм, тарианы хэрэгцээ тогтмол гардаг. Гэвч тус шаардлагыг хангах төсөв хангалтгүй аж. Хэдий ахмадуудынх нь эрүүл мэндийн үйлчилгээнд жил бүр тодорхой мөнгө төсөвлөдөг ч энэ нь живхний хэрэгцээг ч хангаж дөнгөдөггүй байна. Учир нь тус төвд хэвтрийн байдалтай байнгын 30-40 хүн байдаг. Тиймээс нэг ээлжинд багадаа 60 ширхэг живх шаардлагатай. Ийнхүү сард 1800, жилд 21,600 ширхгийг хэрэглэдэг бөгөөд үүнд 30 гаруй сая төгрөг зарцуулдаг байна. Энэ мөнгө асрах төвийн ахмадуудын эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулах жилийн нийт төсвөөс давсан тоо. Эм, тариа, катетр, живхээр таслахгүйн тулд буяны үйлс хийх хүсэлтэй хүмүүсээс албаныхны хүсдэг ганц зүйл нь том хүний живх. Ийнхүү живх тусламжаар авч, хэмнэсэн мөнгөөрөө хэрэгцээт эмээ хангаж, урд хормойгоо хойд хормойгоороо нөхөж ажилладаг байна. Хөл хорио тогтоож, гадна, дотноос эргэлт оруулахгүй өнөө үед тусламжаар ямар нэг бүтээгдэхүүн хүлээж авахгүй байгаа учир нөхцөл байдал улам л хүндэрч байгааг сувилагч нь хэллээ.

Ахмадын асрах төвийг төрөлжүүлэх шаардлагатай

Ахмадын төвөөр үйлчлүүлж буй нийт иргэний талаас илүү хувь зөнөгрөх өвчтэй болон архины хамааралтай. Мөн хөгжлийн бэрхшээлтэй, зан төлвийн өөрчлөлттэй хүн ч цөөнгүй. Тодруулбал, 160 гаруй хүний ердөө 20 хүрэхгүй нь л өөрийгөө илэрхийлэх бүрэн чадамжтай бөгөөд эрүүлээр сэтгэж чаддаг гэсэн үг. Гэтэл эрүүл хүнийг сэтгэл зүйн хувьд тогтворгүй, архи, тамхинаас хараат, элдэв буруу дадал зуршилтай хүнтэй хамт байлгах нь хүндрэлтэй болохыг ахмадууд онцолж байлаа. С.Цэнджав гуайн нөхөр Д.Насанбуян “Ах нь 2006 онд энд ирсэн. Анх биднийг энд ирэхэд шалгуур өндөртэй байсан. Үнэхээр харж асрах хүнгүй, арга мухардсан хүмүүсийг л энд байхыг зөвшөөрдөг байлаа. Хөгшин бид хоёрыг эхнэр, нөхөр гээд авахгүй байж мэднэ гэж айсандаа гэрлэлтийн баталгаагаа хүртэл урж байсан удаатай. Бие, сэтгэхүй эрүүл гэдгээ нотлохын ч тулд 10 гаруй эмнэлэгт шинжилгээ өгч, шаггүй ажил болж л ирсэн юм даг. Тухайн үед шаардлага өндөр байсан тул эрүүл бус сэтгэхүйтэй, элдэв буруу зантай хүн байгаагүй. Гэтэл одоо нөхцөл байдал их өөрчлөгджээ. Хэн дуртай нь л ирж байх шиг байна. Талаас илүү хувь нь дэн, дунтай. Залуу хүн ч ирчихсэн л харагддаг. Худлаа ярьж, хулгай хийдэг хүмүүс ч бий. Нийгэмд амьдрах аргагүй болсон хүнийг энд битгий ав гэж би хэлэхгүй ээ. Гэхдээ эрүүл, өвчтэй хүмүүсийг хамт “хаших” нь үнэхээр зохимжгүй байна. Тусгаарлах хэрэгтэй. Хэлээд хэл ойлгохгүй, харьцах боломжгүй хүмүүстэй хамт байх амаргүй шүү дээ” гэлээ. Таягтай, тэргэнцэртэй, зөнөгрөлтэй хүмүүстэй ухаан санаа нь эрүүл, саруул ахмадуудыг нэг дор байлгах нь олон зөрчил үүсгэдгийг нийгмийн ажилтан нь ч хэлж байв. “Манай төвд төр, нийгмийн зүтгэлтэн ч бий. Насаараа архины хамааралтай амьдарсан хүмүүс ч бий. Эднийг нэг дор байлгах амаргүй. Үүнээс болж зөрчил их үүсдэг. Уг нь тус, тусад нь байлгадаг бол их амар” гэв.

 Аав ээжийнхээ тэтгэврийг буухаар ирээд авчихдаг хүүхдүүд ч байна

Энэ төвд 55 нас хүрээгүй, хөгжлийн бэрхшээлтэй хүн 50 орчим бий. Ахмадын асрах төвд залуучууд байгаагийн шалтгаан нь төрөлжсөн асрамжийн үйлчилгээ манай улсад олон байдаггүйтэй холбоотой. Тухайлбал, амьдрах чадваргүй, асрах хүнгүйн улмаас хүүхдийн асрамжийн төвд байсан иргэн 18 нас хүрэхдээ энэ төвд ирэх тохиолдол олон гэнэ. Уг нь тус асрамжийн газарт тэжээн тэтгэх хүүхэд, төрөл, садангүй, бие даан амьдрах чадваргүй ганц бие, эсхүл тэжээн тэтгэх үүрэгтэй хүн нь дэмжлэг, туслалцаа үзүүлэх чадваргүй болох нь тогтоогдсон ахмад настныг хүлээж авах журамтай ч энэ нь зөвхөн цаасан дээр бичигдсэн дүрэм төдий аж. Энэ талаар нэрээ хэлэхийг хүсээгүй ахмад “Сүүлийн жилүүдэд хэн дуртай нь л энд ирдэг болчихсон. Арын хаалга, танил тал нөлөөлдөг байх. Мэдээж бид хамт амьдарч байгаа юм чинь хэн яаж ирсэн, ямар амьдралтайг сайн мэднэ. Үр хүүхэдтэй хүн ч цөөнгүй бий. Заримдаа эргэлтээр ирээд тэтгэврийн хэдийг нь сэгсэрчихээд явдаг хүүхэд ч харагддаг л юм. Үхтэл үр харам гэж, өнөө хэд маань нүдээ ширгэтэл хүлээж байгаад, цуглуулсан хэдэн цаасаа хураалгаад санаа амардаг. Баяр, наадмаар аав, ээжийгээ авч яваад хүргээд ирдэг хүүхдүүд ч бий. Мөн манай улсад асрамжийн төв хаягдсан салбар. Үнэндээ харах хүнгүй, өөрийгөө авч явах боломжгүй залуусыг өөр хаашаа яв гэх юм бэ. Санаагаар болдог бол төрөл, төрлөөр нь тусгаарлаад, олон асрах газартай л болмоор байна” гэлээ. Өндөр хөгжилтэй оронд ахмадуудыг асрах VIP үйлчилгээ нэвтэрчээ. Тухайлбал, дэлхийд насжилтаараа тэргүүлдэг Япон улсын хувьд төлбөр төлж, ээж аавыгаа асруулдаг хүн олон. Төлбөртэй асрах үйлчилгээ тул нэг сувилагч 3-5 хүнтэй тулж ажилладаг бөгөөд хамгийн ихдээ 15 хүнтэй нэг сэтгэл зүйч харилцдаг. Харин манайд энэ төрлийн үйлчилгээ үгүйлэгдсээр байна.

Ажилчдын нийгмийн асуудал хаягдсан 

Нийгмийн амьдралд оролцох боломж хязгаарлагдмал 167 ахмадад үйлчлэх үүрэгтэй 100 гаруй ажилтан бий. Гэхдээ үүний тал хувь нь зэргэлдээ орших Ахмадуудын сувиллын төв ажилладаг учир энд 50 гаруй хүн үйлчилдэг. Үүнээс тэдний сэтгэл зүй, эрүүл мэндтэй тулж ажилладаг хүн хуруу дарам цөөн. Тухайлбал, одоогоор нэг хүн сэтгэлзүйч, зохицуулагч, нийгмийн ажилтны үүрэг гүйцэтгэж байна. Харин нэг ээлжинд хоёр сувилагч, гурван асрагч гардаг бөгөөд тэд найм, 16 гэсэн ээлжээр жижүүрлэдэг. Нийгмийн ажилтан С.Гантулга энэ ажлыг хийгээд дөрвөн жил болж буй бөгөөд тус албыг хамгийн удаан хашиж буй нэгэн. Сэтгэлзүйч, нийгмийн ажилтан, асрагч, сувилагчийн орон тоо байдаг ч ачаалал ихтэй, алслагдсан газар учир ажиллах хүн байдаггүйг тус төвийн дарга Л.Эрдэнэхүү хэлж байлаа. Ахмадын асрамжийн газраас сурвалжлага хийхдээ өвдөж ядрах үед харах хань, өтөлж хөгшрөхөд хөл хучих үр хүүхэдгүй үед амьдрал юутай гунигтай вэ гэсэн бодол эрхгүй төрсөн юм. Мөн насны “жаварт” дарагдсан ижий, аавыгаа ачлах сэтгэл, асрах ухаангүй үр цөөхан байгаасай гэж хүсэн, буурлуудын гунигт харцыг сэтгэлдээ тээсээр тус газраас хөдөллөө.

A

Жижиг

A

Дунд

A

Том

5 хүртэлх насныханд COVID-19 хамгийн хүнд тусна

 0 сэтгэгдэл
  • Дархлаа нь бүрдэж гүйцээгүй нэг хүртэлх насныхан хамгийн их хүндэрч байв
  • Таваас доош насны хүүхдийн дархлаа сул, уушги бүрэн бэхжээгүй байдаг учир тэднийг эрсдэлтэй бүлэгт хамруулсан

Таваас доош насны хүүхдийн дархлаа сул, уушги бүрэн бэхжээгүй байдаг учир тэднийг эрсдэлтэй бүлэгт хамруулсан байна. Америкийн анагаах ухааны холбооны сэтгүүлд Хятадын 72000 халдвар тээгчийн мэдээллийн нэгтгэсэн судалгааны дүнг нийтэлжээ. ДЭМБ-ын төлөөлөгчид Хятадад ирээд коронавирусийн халдвар авагсдын 2.5 орчим хувь нь 18-аас доош насныхан байгааг мэдээлсэн. Гэхдээ уг тайланд “Хүүхдүүдийн дунд халдвар тархалтын түвшинг нарийн тооцоолох аргагүй. Түүнчлэн тэд вирус дамжуулахад ямар үүрэг гүйцэтгэдэг, шинж тэмдэг бага илэрдэг буюу өөр байдлаар илэрдэг зэргийг бүрэн судлаагүй байна” хэмээн онцолжээ. Pediatrics сэтгүүлд гарсан сүүлийн судалгааны тайланд бичсэнээр хүүхдүүдийн олонх нь COVID-19 өвчлөлийг хөнгөн давдаг ба халдвар авсан бага насныхны зургаа орчим хувьд нь хүндрэл гардаг аж. Өнөөгийн байдлаар шинэ коронавирус хүүхдэд хэрхэн нөлөөлдөг талаар дараах дүгнэлтийг хийжээ. COVID-19 өвчлөлийг үүсгэгч SARS-CoV-2 вирус нь хүүхэд ба томчуудыг өвчлүүлдэг. Хятадын Шэньжэн мужид вирус тархсан байдалд анализ хийгээд хүүхдийн халдвар авах магадлал томчуудынхтай адил гэж дүгнэв. Коронавирус тээгч хүүхдэд өвчлөлийн шинж тэмдэг насанд хүрэгчидтэй харьцуулахад бага илэрдэг аж. Гэхдээ хүүхдийн нас багасах тусам эрсдэл нэмэгддэг байна. Хятадын 2143 хүүхдэд хийсэн халдвар судлалын шинжилгээнээс үзэхэд тав хүртэлх насны хүүхдэд шинж тэмдэг хурц илэрч, амьсгалын хүндрэл үүсжээ. Ялангуяа, дархлаа нь бүрдэж гүйцээгүй нэг хүртэлх насныхан хамгийн их хүндэрч байв. Энэ байдал Уханьд батлагдсан юм. Зарим урьдчилсан судалгаанаас үзэхэд SARS-CoV-2 вирусийн шинж тэмдэг илрээгүй ч эхний хоёр долоо хоногтоо маш их халдвартай байдаг нь нотлогджээ. Энэ хугацаанд амьсгалын замын дээд хэсгийг бөглөрүүлж, ханиалгах, найтаах байдлаар халдана. Үүнээс гадна хүүхдийн өтгөн наалдсан сандлаар ч халдвар дамжих боломжтой гэнэ. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Нью-Йоркт нохой, муурны хомсдол нүүрлэв

 0 сэтгэгдэл

Коронавирусийн цар тахлын улмаас хомсодсон зүйл гэхээр ариун цэврийн цаас, гар ариутгах шингэн, савласан ус санаанд ордог. Тэгвэл гайхаад барамгүй хачирхалтай нь нохой, бас муур үүнд багтаж байна. Вирусийн халдварын голомт болон Нью-Йорк хотын бүсэд гэнэт тэжээх амьтан олдохоо болив. Сүүлийн хоёр долоо хоногт тэжээх амьтан авах хүсэлтийн тоо 10 дахин өссөнтэй уялдан нохой, муурын “бэлэн нөөц” хэдийн дууссаныг амьтан асарч тэжээх ажил эрхэлдэг Muddy Paws Rescue, Best Friends Animal Society гэсэн хоёр байгууллага мэдэгдлээ. Орон гэртээ тусгаарлагдан байх уйтгартай бөгөөд айдастай тушаал авсан Нью-Йоркийн оршин суугчид дөрвөн хөлт андыг мэдрэл, нервээ тайвшруулах хэрэгсэл хэмээн үзэж байна. “Одоо манайд ганц ч нохой үлдээгүй” хэмээн Muddy Paws-ын маркетинг эрхэлсэн захирал Анна Лай өгүүлэв. Хувьцааны зах зээл нийтээрээ хямралтай ийм нөхцөлд тэжээвэр амьтны хоол тэжээл үйлдвэрлэгч Chewy Inc-ийн хувьцааны үнэ өссөөр буйн шалтгаан нь энэхүү хомсдолоос улбаатай болох нь. Үйлчлүүлэгчдийн цар хүрээ өргөжиж, онлайн захиалга нэмэгдсэн Chewy Inc-ийн хувьцааны үнэ он гарснаас хойш долоон хувиар өсөөд байна. Ачаалал ихэссэнтэй уялдан үйлчлүүлэгчдийнхээ захиалгыг 7-10 хоногт багтааж биелүүлнэ гэдгийг тус компани вэбсайтдаа анхааруулжээ. Гэртээ амьтан тэжээх хүсэл Нью-Йоркийн зэрэгцээ вирус тархсан бусад хотод ч ихэссэн юм. Тэжээгчтэй болсон дөрвөн хөлт амьтдын тоо Лос-Анжелесын салбарт нь мөн адил 70 хувиар нэмэгдсэнийг “Амьтдад харгис хандахаас сэргийлэх Америкийн нийгэмлэг” (American Society for the Prevention of Cruelty to Animals) тооцоолжээ. АНУ даяар амьтан асарч тэжээдэг олон байгууллагад нөхцөл байдал адил байгааг Best Friends тайлбарласан юм. Нохой, муурын эрэлт түр ихэссэн ч байдал удахгүй эсрэгээр эргэж, ажилгүй болсон америкчууд тэжээвэр амьтнаа авчирч өгөх нь ихсэж болзошгүй хэмээн АНУ-ын амьтан хамгаалах байгууллагууд түгшиж байна. “Эдийн засаг муудах үед юу болохыг таашгүй” хэмээн Колумбын тойрог, Нью-Жерси муж улсын тэжээвэр амьтан асарч хамгаалах төвүүдийг нэгтгэдэг Humane Rescue Alliance-ын гүйцэтгэх захирал Лайза ЛаФонтен тайлбарлав. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ганцхан өдрийн дотор $1 тэрбум олсон Жорж Сорос

 0 сэтгэгдэл

АНУ-ын тэрбумтан, 8.3 тэрбум ам.долларын хөрөнгөтэй, үнэт цаасны зах зээлийн томоохон тоглогч Жорс Соросын түүхийг танилцуулъя. Өдгөө 90 настай тэрбээр унгар гаралтай бөгөөд 1946 онд Англи руу дүрвэж, Лондоны эдийн засгийн сургуулийг төгссөн. Улмаар 1956 онд АНУ-д цагаачлан санхүүгийн ертөнцөд хөл тавьж байлаа. Жорж мөнгөний ханш хаана унаж, хаана өсөхийг урьдчилан таамаглаж, орон орны банкны хувьцааг арилжсаар арван жилийн дотор мөнгөө 4000 хувиар өсгөж чадсан юм. Тэрбээр 1992 оны есдүгээр сарын 16-ны өдөр Их Британийн фунт стерлингийн ханшийг унагаах ажиллагаа зохион байгуулж, 12 хувьд хүргээд тэрхүү уналтаас ганцхан өдрийн дотор нэг тэрбум ам.долларын ашиг олж байв. Түүнийг эл явдлаас нь улбаалан “Английн банкийг дампууруулагч” хэмээн хочилдог болсон. Харин ханшийн уналтын тэрхүү өдрийг “Хар лхагва гариг” хэмээдэг. Жорж Сорос хүмүүнлэгийн үйл ажиллагаанд мөнгө зардгаараа алдартай бөгөөд өөрийн сангаар дамжуулан 2018 оны байдлаар нийт 18 тэрбум ам.долларыг хүмүүнлэгийн үйл ажиллагаанд хандивласан байна. 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Улс орнууд цар тахлын эсрэг арга хэмжээ авахдаа хугацаа алдаж байна

 0 сэтгэгдэл
  • Дэлхий ертөнц цар тахлын нөхцөлд ажиллах бэлтгэлгүй байгааг ДЭМБ анхааруулав 
  • Тусгаарлалт хэр урт үргэлжлэх нь тухайн улс орон өвчний тархалтын эсрэг ямар арга хэмжээ авч буйгаас шалтгаална

COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх боломжоо алдсан засгийн газрууд коронавирустэй тэмцэх үнэт цаг хугацааг дэмий алдсаар байгааг зогсоох ёстой хэмээн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) тэргүүн анхааруулав. “Бид эхний боломжийг алдсан. Идэвхтэй ажиллах ёстой үе нь нэг, хоёр сарын өмнө байж” хэмээн ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос Аданом Гебресус мэдэгдлээ. Уг мэдэгдэл нь өдгөө дэлхийн бараг бүх улсад илэрч 20,000 орчим хүний амийг аваад буй аюулт өвчний эсрэг дэлхийн тэмцэл ахиц муутай буйг ойлгуулах гэсэн сануулга болов. Тус байгууллага гишүүн улсуудаа ил тод шүүмжлэхээс аль болох зайлсхийж ирснийг онцгой байдлын хөтөлбөр хариуцсан захирал Майк Райан тайлбарласан юм. Одоогийн байдлаар дэлхийн 150 улсад вирусийн халдварын тохиолдол 100-гаас цөөн бүртгэгдсэн учраас бэлтгэх, бэлэн байх хугацаа болон хоёр дахь боломж бас ч байгааг ДЭМБ-ын тэргүүн онцлон дурдав. Тусгаарлах арга хэмжээ авсан улс орнууд вирусийн тархалтыг шийдмэг таслан зогсоох арга хэмжээ авч, цаг хожлоо. Тусгаарлалт хэр урт үргэлжлэх нь тухайн улс орон өвчний тархалтын эсрэг ямар арга хэмжээ авч буйгаас шалтгаална хэмээн Тедрос үзэж буй. Хатуу тусгаарлалт нийгэм болон эдийн засгийн сөрөг нөлөөтэй. Гэхдээ "өвчний тохиолдол ихэссэний улмаас сургууль, албан байгууллагуудыг дахиад хаахад хүргэлгүйгээр нээх нь аль ч улсад чухал” гэдгийг Тедрос онцлон анхааруулав. ДЭМБ-ын тэргүүн бүх улс авах ёстой доорх зургаан арга хэмжээг мөн дурдсан юм. 

• Эрүүлийг хамгаалахын ажилтнуудын тоог ихэсгэж дадлагажуулан, хуваарилж ажиллуулах 

• Сэжигтэй тохиолдлыг илрүүлэх тогтолцоо нэвтрүүлэх 

• Оношлуурын үйлдвэрлэлийг эрс ихэсгэж, хүртээмжийг сайжруулах 

• Коронавирусийн эмчилгээний төв болгон хувиргах боломжтой объектуудаа тодорхойлох 

• Карантин-хөл хорионы дэглэмийн төлөвлөгөө боловсруулах 

• Засгийн газар үйл ажиллагаагаа вирусийг дарахад чиглүүлэх гэв. 

Түүнчлэн “Дэлхий цар тахалд бэлтгэлгүй байна” хэмээн захирал Райан тайлбарлав. Жишээ нь, ханган нийлүүлэх сүлжээ тасалдсанаар эмнэлгийн бээлий хомсдож болзошгүй. Учир нь эмнэлгийн бээлийн түүхий эд-каучукийг дэлхийн хэдхэн улс нийлүүлдэг. Дэлхий даяар эрүүлийг хамгаалахын ажилтан, ажилчдад хувийн хамгаалалтын хэрэгсэл дутагдаж байгааг ДЭМБ-ын тахал судлаач Мария Ван Керков тайлбарласан юм. Өвдөөгүй хүнд маск хэрэггүй, харин тухайн улсын хэрэглээнээс болоод эмч нарт маск хүрэлцэхгүй байж болохгүйг Ван Керков анхаарууллаа.