A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3182/

Үхэл, амьдралын зааг буюу цаг хугацаатай уралдсан тэмцэл

Үхэл, амьдралын зааг буюу  цаг хугацаатай уралдсан тэмцэл
 0 сэтгэгдэл

A

Жижиг

A

Дунд

A

Том
http://zgm.mn/post/3182/

Нийслэлийн түргэн тусламжийн төв 103 утсанд хоногт 3000-4000 дуудлага ирж, үүний 1000-1200-д нь түргэний эмч нар хүрч үйлчилж байна. Цаг нартай уралдсан тэдний нэг өдрийн ажил хэрхэн өнгөрдгийг сурвалжиллаа. 

Ж.Гэрэлчулуун /ЗГМ

Хүүхэд нь өндөр халуурсан эмэгтэй яаралтай тусламжийн 103 утсанд холбогдлоо. Нийслэлийн түргэн тусламжийн төвийн ээлжийн ахлагч Б.Халиунаа түүнийг тайвшруулж, анхан шатны зөвлөгөө өгөөд түргэний машин удахгүй очно гэдгийг хэлж санааг нь амраав. Энэ бол аравдугаар сарын 9-ний 08 цагаас 10-ны 08 цаг хүртэлх хугацаанд түргэн тусламжийн 103 утсанд ирсэн 3020 дуудлагын ердөө нэг нь байв.
“Түргэн тусламжийн 103 утсанд хоногтоо 3000-4000 хүн ханддаг. Үүнээс 1000-1200 хүнд хүрч үйлчилж байна. Харин ачаалалтай, амралтын үед очиж үйлчлэх хүний тоо 1500-1800 хүртэл нэмэгдэнэ. Ажил тарах үед буюу 17-21 цаг хүртэл замын түгжрэлээс шалтгаалан дуудлагын ачаалал нэмэгддэг. Түргэний машинууд түгжрэлд орж, нэг дуудлаганд зарцуулах хугацаа нэмэгддэгээс болоод механик ачаалал үүсдэг юм. Харин дуудлагын оргил үе 18-22 цаг” хэмээн Б.Халиунаа тайлбарлалаа.
Удалгүй бүр ноцтой дуудлага ирэв. Юу юугүй төрөх гээд буй эмэгтэйг авч яваа түргэний машин Сансарын тунелээс уруудаж яваад таг гацжээ. Ядаж байхад анхны төрөлт, хүүхэд нь буруу байрлалтай гэдгийг сонссон түргэнийхэн ёстой л түргэн авч, Замын хөдөлгөөний шуурхай удирдлагын төв рүү холбогдон тэр хавийн замыг чөлөөлөх зохицуулалт хийлгэв. Хүний амь нас дээсэн дөрөөн дээр дэнжигнэсэн онцгой тохиолдолд ийм зохицуулалт хийдэг аж.
Баянзүрх дүүргийн гэр хороолол хамгийн замбараагүй
Түргэний эмч нарын нэг өдрийн ажлыг сурвалжлахын өмнө төвөөс хэрхэн зохицуулалт хийдгийг хэсэг ч атугай сонирхсон нь энэ. Удалгүй бидэнтэй хамт дуудлаганд явах эмч, жолооч нар оройн хоолоо идчихээд гарч ирлээ. Эмч Б.Гүн-Үйлс, жолооч Т.Батсүх нарын багт биднийг хуваарилав.
Б.Гүн-Үйлс бол 2017 онд сургуулиа төгссөн, өнгөрсөн жилээс хойш 103-т ажиллаж буй цовоо сэргэлэн, ааш зан дөлгөөн залуу байна. Жолооч Т.Батсүх 30 эргэм насны нэгэн бөгөөд түргэнд ажиллаад хоёр жил болжээ. Тэд санаа нийлдэг учир нэг баг болж ажиллахдаа дуртай байдаг аж. “Ажил өглөө 08.30-д эхэлсэн. Одоо 22 дахь дуудлагадаа явах гэж байна. Ер нь 24 цагийн турш 40 шахам дуудлагад явчихдаг юм” хэмээн Үйлсээ ярив.
Ийнхүү сонины баг маань түргэний машинд суугаад 19.30 цагийн үед 103-ын үүднээс хөдөллөө. Гурван дуудлага авснаас ялгаж үзээд хүнд зодуулсан гэх дуудлагад түрүүлж очихоор шийдэж Дэнжийн 1000-ыг зорин давхив. Ид ажил тарах цаг болохоор түгжрэл их байсан ч дуут дохиогоо хангинуулж, урсгал сөрөн давхисаар нэг их удалгүй сэлүүхэн хэсэгт гараад ирэв.
Хотын түгжрэл дундаас ч яахав ингэсгээд гарчихдаг юм байж. Харин дуудлага өгсөн айлыг хаягаар нь олж очно гэдэг амаргүй даваа аж. Манай гэр хорооллын хаягжилт ямар замбараагүй билээ. Булгийн 20-ийн 135 гэхэд дотроо хэд задраад явчихна. Жолооч нар нь дуудлаганд байнга явдаг болохоор багцаалдсаар тухайн айлдаа дөхөөд оччих юм. Ингээд нөгөө айл руугаа залгаж, нарийвчлан заалгахгүй бол гэр хорооллын мушгиралдсан гудамжнаас хэрэгтэй айлаа үтэр түргэн хайж олно гэдэг өвсөн дундаас зүү эрэхтэй адил. “Бид цаг алдахгүйн тулд утасны дугаарыг нь аваад ярьчихдаг юм. Ингэж байж айлдаа хурдан очно” хэмээн Т.Батсүх ярилаа.
Ер нь төвийн зургаан дүүргээс Хан-Уулын гэр хороолол хамгийн цэгцтэй нь гэнэ. Харин Баянзүрх дүүрэг, тэр тусмаа Улиастай, Да хүрээ зах орчим маш замбараагүй, айлаа олоход түвэгтэй аж. Сонгино­хайрхан хэдийгээр маш том нутаг дэвсгэртэй ч Баянзүрхийг бодвол арай цэгцтэй гэсэн.
Найзтайгаа архи ууж байгаад зодуулсан залуу биднийг хүлээж байв. Даралтыг нь үзэхэд өндөр байсан тул даралтны эм өгөв. Бие нь ерөнхийдөө гайгүй бололтой. Үйлсээ эмч түүнийг гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхийг зөв­лөөд дараагийн айл руугаа давхив. Үүний дараа сагс тоглож байгаад мөрөө мулталсан 18-тай оюутан залуу дээр очив. Өвчин намдаах тариа хийсний дараа эмч, жолооч хоёр нийлж байгаад мултарсан мөрийг нь орууллаа. Ер нь түргэний жолооч анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх хэмжээнд бэлтгэгдсэн байдаг аж.
Манай баг оройн эхний дууд­лагаа хотын хойд хэсгийн гэр хороолоос эхлүүлсэн тул дараа дараагийн дуудлагууд ч Чингэлтэй, Хайлааст, Дэнжийн 100, Долоон буудал хавиар өрнөв. Хэвлийгээр хатгуулж өвдсөн, даралт ихэссэн, архины хордлогод орсон, бусдад зодуулсан, согтуу хүн гудамжинд ухаангүй хэвтэж байсан гэх мэт янз бүрийн л дуудлага таарах юм. Хорт хавдар нь эцсийн шатандаа орсон хөгшин долоо хоногийн турш хоол идэж чадахгүй, унтаж чадахгүй байна гэх дуудлага дээр ч очлоо. “Намайг унтуулаад өгөх арга байна уу. Унтахгүй болохоор толгой эргээд хэцүү байна” хэмээн нөгөө өвгөн царайчлав. Мөн Чингэлтэй дүүргийн эрүүлжүүлэх байранд орон гэргүй согтуу хүнийг үзэх шаардлагатай байна гэх дуудлагаар очив. Үнэр танар гэж авах юм алга. Тэнд нь хонуулчихвал бие нь муудах эрсдэлтэй тул эмзэг бүлгийнхэнд үйлчилдэг “Энэрэл” эмнэлэгт хүргэж өгөв. Гэвч өнөө хүн гэмтэл авсан байх магадлалтай, манайх хүлээж авахгүй гэсэн тул гэмтлийн эмнэлгийг зорин довтолгов. Ийнхүү түүнийг хотын нэг захаас нөгөө зах руу авч давхисаар лавтайяа гурван дуудлаганд явах хугацаагаа алдлаа. Гэхдээ муу муухай гээд орхилтой биш, заавар журмын дагуу үзлэгээ хийж, шаардлагатай арга хэмжээг авахаас аргагүй. Гутлыг нь тайлаад хөл нь хөлдсөн үгүйг барьж үзэх юм. Сальфетка гаргаж ирээд нусыг нь арчина, хувцсыг нь өмсгөнө гээд эгээ л өөрийн хүүхэд шигээ бөөцийлэх нь холгүй. Түүн шиг өөр нэг архичныг “Энэрэл” төвийн эмч нар усанд оруулж, хувцсыг нь солиод цэвэрхэн оронд хэвтүүлэн дусал залгасан байгаа харагдана. Өнөөдөр харин ч хүнд дуудлага багатай, ачаалал бага өдөр байна хэмээн нөгөө хоёр ярих. Ачаалал бага гэж байгаа ч дуудлага ар араа­саа тасралтгүй ирсээр. Ам цангаж байсан ч дэлгүүр орж ундаа авах завгүй давхисаар байлаа.
Чингэлтэйд нэгэн хөгшин толгой эргэж, дотор муухайраад байна хэмээн 103 руу утасджээ. Угаартсан байж магадгүй гэнэ. Яаравчлан давхилаа. Гэтэл дууд­лага өгсөн хүн нь манай хоёрын эртний танил байх нь тэр. Гэр нь тэртээ хол, уулын орой дээр ч түргэний “Старекс” машинаараа аахилан мацсаар хүрч очив. Энхцэцэг гэх энэ хөгшин гэртээ ганцаараа амьдардаг аж. Жижигхэн бор гэр нь хүйт даагаад нэг л эвгүй. Ер нь өдөртөө нэг удаа түргэн дуудчихдаг гэнэ. “Энэ хэдийг байнга дуудсаар байгаад одоо бүр таньдаг болж дээ. Сүүлийн хоёр, гурван жил дуудлаа. Өдөрт хоёр удаа дуудчихгүй юмсан гэж л хичээдэг юм” хэмээн хөгшин ярьж байна. “Эгч нь тэтгэврийнхээ хэдээр амь зуудаг юм. Өмнө нь бие гайгүй байхад тэтгэвэр хүрээд л байдаг байлаа. Харин сүүлийн үед эмнэлгээр их явж, эм тан уудаг болсноос хойш мөнгөө хүргэж чадахаа байсан” гэв. Гал түлж гэрээ дулаацуулахгүй юм уу гэж асуухад “Уг нь хэдэн шуудай шахмал түлш авсан. Гэтэл хүмүүс угаартаж үхээд байна гэж сонс­соноос хойш айгаад түлж чадах­гүй байна. Одоохондоо мод түлээд л байгаа. Өвөл болохоор яадаг юм билээ” гэсэн шүү юм ярина.
Сүүлийн үед угаартах дуудлага нэмэгдэх төлөвтэй байгааг тэд баталсан юм. Бидний дуудлагад явдаг өдөр л гэхэд манай хоёр Баянгол дүүргийн 15 дугаар хороонд дуудлагаар очиж, шахмал түлшинд угаартсан гэх эмэгтэйг Госпитальд хүргэжээ. “Хэд хэдэн хүн нас барснаас болоод хүмүүс угаартахаас их айдаг болсон байна лээ. Толгой өвдөж, дотор муухайрангуут угаартсан байж магадгүй гээд дуудлага өгдөг болсон. Энэ нь угаартах дуудлагын тоо нэмэгдэх шалтгаан болсон байх” гэж Үйлсээ ярив.

10 жил ажиллахдаа дөрвөн жилд нь гэртээ хоноогүй
Нийслэлийн түргэн туслам­жийн төв оргил ачааллын үеэр 45-46 машин дуудлаганд гаргадаг байна. Зарим тохиолдолд жолооч нар нь хувийн машинаараа дуудлагад явдаг байсан арваад жилийн өмнөхтэй харьцуулбал нөхцөл байдал хамаагүй сайжирсан гэсэн үг. Гэхдээ 1.5 сая хүн амтай хотод 120-150 түргэний машин үйлчлэх ёстой гэсэн олон улсын стандарттай харьцуулбал бас л хангалтгүй. Түүнээс гадна манайхан аахар шаахар зүйлд түргэн дуудах зэргээр зохиомол ачаалал бий болгодгийг эмч нар учирлаж байлаа. “Гэрээс нь 100 метрийн зайд дүүргийн нэгдсэн эмнэлэг байхад л түргэн дууддаг хүн олон шүү дээ. Зарим нь гэрээс гарахаас залхуу хүрээд байна гэх шалтгаанаар хүртэл 103 руу утасддаг нь бидний ачааллыг эрс нэмэгдүүлдэг. Уг нь яаралтай түргэн тусламж гэдэг үнэхээр яаралтай, амь тэмцсэн, тухайн иргэн өөрөө болон гэр бүлийнхэн нь арга хэмжээ авах боломжгүй, зайлшгүй эмнэлэг хүргэх шаардлагатай иргэдэд хүрч үйлчлэх ёстой. Гэтэл манайд яаралтай дуудлагын утга алдагдчихсан” хэмээн ээлжийн ахлагч Б.Халиунаа ярьсан юм. Тэрбээр энэ ажилд орсноос хойш 10 жил болжээ. “10 жилийнхээ дөрвөн жилд нь гэртээ хоноогүй” гэх түүний үгийг сонсоод энэ ажил үнэхээр бэрх юм гэдгийг ухаарсан.
Өвчин зовлон бүхэнтэй улаан халз нүүр тулдаг энэ хүмүүсийн цалин хангамж ямар байдгийг сонсоод сэтгэл гонсойж орхисноо нуух юун. Эднийхэн ажилласан жил, албан тушаалаасаа хамаараад ердөө 600 мянгаас нэг сая төгрөгийн цалин авдаг аж. Эмч Б.Гүн-Үйлс 628 мянгын цалинтай байснаа сайн ажилласан гээд 50 мянгаар нэмэгдсэн гэх. Харин жолооч Т.Батсүхийн үндсэн цалин 540 мянга. “Бид өөрсдөө л дурлаж энэ ажилд орсон болохоор цалин бага гээд гомдоллоод байх юм алга” хэмээн Үйлсээ хэлсэн.
Цэвэрлэгчийн хэмжээний ца­лин­тай хэрнээ асар их ачаа­лалтай, ар гэртээ тогтдоггүй энэ ажилд орох сонирхолтой хүн олд­доггүй байх гэж бодтол тийм биш гэнэ. Харин ч эмч нар дундаа шалгуур өндөр, нэлээд шат дамж­лага давж байж ажилд ордог аж. Үүний учрыг Б.Гүн-Үйлсээс тодруулахад “Түргэн тусламж бол эмч нар мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх гол талбар. Яагаад гэвэл, бид төрөхөөс аваад үхэх хүртэлх бүх дуудлагад явж, төрөл бүрийн өвчтэй хүмүүст анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байна. Энэ хэрээр эмчийн ур чадвар сайжирдаг” хэмээн тайлбарласан юм.
Түргэний дуудлагын зонхилох шалтгааны эхний гуравт зүрх судасны өвчлөл, даралт ихсэлт, ханиуд томуу болон архитай хол­боо­той дуудлага эзэлдэг аж. Ер нь нийт дуудлагын 10 гаруй хувь нь архинаас үүдэлтэй байдаг гэнэ. “Өнгөрсөн хавар гамшгийн иж бүрэн байдлын сургуулилалтын үеэр гурван хоног архи зараагүй. Тэр үед ёстой жаргасан даа. Архи зарахгүй болохоор л элдэв янзын хүнд дуудлага эрс багасдаг юм” хэмээн Т.Батсүх хэлсэн юм.
Бид есөн цагийн турш түргэний машинд хамт суун гэр хорооллын мушгиралдсан гудамжаар сэгс­чүүлэхдээ 20 орчим газар дуудла­гаар очжээ. Зарим нь дуудлага өгчихөөд утсаа авахгүй арваад удаа залгуулах тохиолдол ч байна. Уулын орой дээр буучихсан, хаяг нь тодорхойгүй ийм айлд очихын тулд утсаар залгаж заалгахаас аргагүй. Энэ хэрээр дараагийн дуудлагад очих хугацаа хойшилж байсан нь ойлгомжтой.
“Манайхан нэг үеэ бодвол түргэний машинд зам тавьж өгөх ухамсартай болсон шүү. Гэхдээ жолоо барьж явахдаа утсаараа их оролдох юм. Урсгал сөрсөн үед бусад нь зам тавьж өгч байхад утсаараа оролдож яваад хажуунаас мөргөх тохиолдол бий. Ийм үед урсгал сөрсөн гэдгээрээ түргэний жолооч л буруутаад өнгөрдөг. Зөрчил гаргасан шалтгаанаар эрхээ хасуулсан жолооч ч манайд бий. Хэдийгээр хүнд хэцүү ажил ч гэлээ сайн сайхан юм байлгүй яахав. Ялангуяа, хүний амь нас аварч, эмнэлэгт эсэн мэнд хүргэж өгөх л хамгийн сайхан. Мөн бусдаас “баярлалаа” гэсэн үг сонсо­ход сэтгэл сэргээд ирдэг. Эмнэлгийн бид чинь бусдын талархсан сэтгэлээс л урам зориг авдаг юм шүү дээ” хэмээн Т.Батсүх сэтгэгдлээ хуваалцсан юм.
Энэ өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3020 иргэн хандсанаас 1142 дуудлагад хүрч үйлчилжээ. Осол гэмтлийн 220, төрөх дуудлага 47, бусад нь янз бүрийн өвчлөлийн дуудлага байв. Ачаалал харьцангуй бага үеийн түргэний эмч нарын ажлын нэг өдөр иймэрхүү. Өвлийн цагт тэдний ачаалал эрс нэмэгдэж, нөхцөл байдал улам хүндэрнэ. Гэвч түргэний эмч, жолооч нар иргэдийн эрүүл мэндийн төлөө нойр, хоолоо умартан зүтгэсээр. Хувьдаа эмнэлэгтэй, бусдын гар хардаг, ажлаа таслаад алга болдог гэх эрүүл мэндийн салбарынхныг чиглэсэн нийтлэг шүүмжлэл түргэн тусламжийн 103 төвийнхөнд лав огт хамаарахгүй. Цастай, бороотой, салхи шуургатай ямар ч нөхцөлд тэд шантралгүй зүтгэж, баян, ядуу, архичин, гуйлгачин гэж ялгаагүй хүн бүхэнд хүрч үйлчилж байна. Өчүүхэн бага цалинтай хэрнээ бусдын төлөө амьдралаа умартан ажиллаж буй тэдний зүтгэлийг бага ч атугай үнэлж, хааяа ч гэсэн “баярлалаа” гээд хэлчихэж байгаарай. Энэ үг л тэдэнд ажиллах эрч хүч нэмдэг юм шүү

A

Жижиг

A

Дунд

A

Том

Т.Мөнхсайхан: Харилцааны соёл, өвчтөн, үйлчлүүлэгчдэдээ үйлчилж буй хандлагаар нь тооцож эмч, ажилтнууддаа урамшуулал олгоно

 0 сэтгэгдэл
  • “Хандлагын 10 хувь” урамшууллын систем маань эрүүл мэндийн салбарт өөрчлөлт авчирна

Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн ерөнхий захирал, анагаах ухааны магистр, докторант, клиникийн профессор Т.Мөнхсайхантай ярилцлаа.

-Танай эмнэлгийнхэн “Хандлагын 10 хувь”  урамшууллын талаар ид ярьж байна. Та эмнэлгийн эмч нартаа ямар нэгэн урамшуулал олгохоор шийдээ юу?

-Иргэдийн хувьд улсын эмнэлгүүдийн эмч, ажилтнуудын харилцаа, хандлагад сэтгэл дундуур, шүүмжлэлтэй байх нь олонтаа байдаг. Бусад хөгжилтэй оронтай харьцуулахад манай улсын эмнэлгүүдийн эмчилгээний арга технологи ижил ч үйлчилгээний соёл, эмч, эмнэлэгийн ажилтны хандлагад тулгуурлан гадны эмнэлэг мундаг, илүү гэх тохиолдол иргэдийн дунд байдаг. Манай эмнэлгийн хувьд дэлхийн жишигт, тэр дундаа эхний ээлжинд Ази, Номхон далайн орнуудын эмнэлгийн түвшинд хүрсэн эмчилгээ, оношилгоо, үйлчилгээтэй эмнэлэг болох том зорилготой. Иймээс дээр хэлсэнчлэн бид эмч, эмнэлгийн ажилтныхаа хандлагыг өөрчилж, иргэдэд ойр, дотно үйлчилгээг бүрдүүлэх нь эхний томоохон алхмуудын нэг гэж үзэж энэ ажлыг эхлүүлж байна. Энгийн мэт сонсогдож байгаа ч бодлогоо хэрэгжүүлэх түлхүүр алхам болно. Тиймээс зургаадугаар сарын 01-ээс эхлэн “Хандлагын 10 хувь” урамшууллын системийг эмнэлгийнхээ нийт 810 ажилтанд хэрэгжүүлэхээр болоод байна. Үйлчлүүлэгчээс тухайн ажилтны нэр дээр гомдол санал ирэхгүй бол хандлагын урамшууллаа авна, эсэргээр гомдол, шүүмжлэл баримт, нотолгоотой ирвэл урамшуулал авах боломжгүй. Товчхондоо “Хандлагын 10 хувь” урамшууллыг харилцааны соёл, өвчтөн, үйлчлүүлэгчдэдээ үйлчилж буй хандлагаар нь тооцож олгоно гэсэн үг.

-Сайхан санаа байна. Гэхдээ та санхүүгийн эх үүсвэрээ тооцсон уу. Танай эмнэлэг төсвөөс санхүүждэг. 800 гаруй хүнд дээр 10 хувийн шагнал өгөхөөр төсөв мөнгө чинь хүрэлцэхгүй биз дээ?

-Манай эмнэлгийн хувьд санхүүгийн хагас бие даасан байдал руу энэ оны дөрөвдүгээр сарын 01-ээс эхлэн шилжээд байна. Өмнө нь ЭМЯ-аас улсын эмнэлгүүдэд төсөвт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөг жил бүр баталж өгдөг. Төлөвлөгөөг давуулан биелүүлсэн тохиолдолд давуулан биелүүлсэн орлого улсын төсөвт татагддаг бөгөөд эмнэлэгт тухайн орлогыг зарцуулах эрх байдаггүй байсан. Хоёр жилийн өмнөөс давуулан биелүүлсэн орлогын тодорхой хувийг эмнэлгийн үйл ажиллагаа, эмч эмнэлгийн ажилчдын урамшуулалд зарцуулах боломж бүрдсэн. Санхүүгийн хувьд хагас бие даасан байдалд шилжсэний гол давуу тал нь эмнэлэг орлогоо нэмэгдүүлэх, менежмент хийх, түүнийгээ захиран зарцуулах эрх нь эмнэлгийн ТУЗ-д шилжсэн. Тиймээс бид санхүүгийн зохицуулалт хийж эмч, эмнэлгийн ажилчдаа урамшуулах, цаашлаад цалин нэмэх механизмыг бүрдүүлэх боломжтой болж байгаа юм. Бид 2024 он хүртэлх төлөвлөгөөгөө батлуулан орлогоо нэмэгдүүлэх ажлуудаа маш эрчимтэй хэрэгжүүлэн ажиллаж байна. Ирэх есдүгээр сар гэхэд 2020 оны төлөвлөгөөт ажлууд бүгд хэрэгжиж, үр дүнгээ өгч эхэлнэ гэж тооцож байна. Энэ эрчээрээ төлөвлөгөөний дагуу ажиллахад ирэх оны нэгдүгээр сар гэхэд эмнэлгийн эмч, ажилчиддаа 30 хувийн цалингийн нэмэгдэл олгох боломж бүрдэнэ гэж тооцоолж байна.

-Хэн сайн ажилласан, хэн чадал чадвартай нь илүү үнэмлэмжтэй байх ёстой...

-Тэгэлгүй яахав. Бид цаашид гүйцэтгэлээр нь цалин, урамшууллыг тооцох системийг төгөлдөржүүлэх бодолтой байна. Өнөөдөр их, бага ажилласны ялгаа цалин, урамшууллын тогтолцоон дээр бага байна. Тиймээс хэн сайн ажиллана тэр хүн цалин орлого сайтай байх шудрага тогтолцоог бүрдүүлэх нь чухал юм.

-Таны ярианаас УНТЭ-ийн ирэх дөрвөн жилийн төлөвлөгөө болон батлагдсан гэж ойлголоо?

-Намайг ажлаа авахад УНТЭ 2015 оноос хойш стратеги төлөвлөгөөгүй ажиллаж байсан. Ингээд бид бүхэн эмнэлгийнхээ бүх эмч, ажилчид, эрдэмтэн судлаачид, иргэд, үйлчлүүлэгчдээсээ санал, судалгаа авч, төлөвлөгөө боловсруулан удирдлагын багаараа хэлэлцэн 2020-2024 он хүртэлх хэмжигдэхүйц, бодитой, хэрэгжихүйц стратеги төлөвлөгөөгөө батлан гаргасан. Стратеги төлөвлөгөөндөө хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр, оношилгоо эмчилгээний дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэн нутагшуулах, байгууллагын бие даасан байдлыг хангах менежментийн арга барилыг нэвтрүүлэн, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, сургалт эрдэм шинжилгээ судалгааны түвшинг олон улсын жишигт хүргэх, эрсдэлгүй ээлтэй орчин, тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулах гэсэн тэргүүлэх таван чиглэлийг оруулсан. Уг төлөвлөгөөнд орлогоо нэмэгдүүлэх, эмчилгээ оношилгооны төрлөө сайжруулж дэлхийн түвшинд өрсөлдөхүйц “тоглогч” болох, эмч мэргэжилтнүүдийнхээ мэдлэг чадварыг бодлого, төлөвлөттэйгээр дэмжих, цалин урамшууллаа нэмэгдүүлэх, ард иргэддээ төвөг чирэгдэлгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зэрэгт голлон анхаарч ажиллахаар тусгасан. Бид стратеги төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлснээр дөрвөөс таван жилийн дараа эмч, эмнэлгийн ажилчдынхаа цалинг хоёроос гурав дахин нэмэгдүүлэх боломж бүрдэнэ хэмээн харж байна. Энэ төлөвлөгөөнд тусгагдсан 2020 оны зорилтын хүрээнд эмнэлгийн ажилчдадаа “Хандлагын 10 хувь”-ийн урамшууллын системийг олгохоор болсон. “Хандлагын 10 хувь” бол том төлөвлөгөөний нэг хэсэг бас төлөвлөгөө зөвхөн цаасан дээр биш амьдралд хэрэгжиж буй жишээ гэж үзэж болно.

-Төлөвлөгөө бүр сайхан амлалт, тэмүүлэл байдаг л даа. Гэхдээ төлөвлөгөө санхүүгийн бололцоо, хөрөнгө оруулалт, орлоготой байж л хэрэгждэг. Танй эмнэлэг орлогоо яаж нэмэгдүүлэхээр төлөвлөсөн бэ?

-Бид бүхэн орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр долоон үе шаттай төлөвлөгөөг боловсруулсан. Үүнд хамтран ажилладаг түрээслэгч нартаа нээлттэй, үнийн өрсөлдөөнт сонгон шалгаруулалтыг бий болгох, амбулаторийн эмийн санг ашиглалтад оруулах, зөв худалдан авалтыг бэлтгэн нийлүүлэгчээсээ хийх менежментийг хэрэгжүүлэх, Эрүүл мэндийн дэмжих төвийг байгуулж, байгууллага хамт олны урьдчилан сэргийлэх захиалгат төлбөрт үйлчилгээг нэвтрүүлэх, ажлын өдөр ажлын цагаар Эрүүл мэндийн дэмжих төвөөр дамжуулан төлбөртэй тусгай үйлчилгээг үзүүлэх, харьяалал даатгал харгалзахгүйгээр манай эмнэлгээр үйлчлүүлэхийг хүссэн иргэддээ төлбөртэй буюу VIP тасгаар үйлчлэх, амралтын өдөр эмч, сувилагч нартай цаг товлон төлбөрт үзлэг, оношилгоо эмчилгээнд хамрагдах боломжуудыг бий болгож орлогоо нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Нөгөө талдаа эмч, ажилчдадаа цалиингийн нэмэгдэл олгох,нийгмийн асуудалд нь анхаарах, сэтгэл тайван ажлаа хийх, өөрийгөө хөгжүүлэх, ард иргэддээ цаг алдалгүй илүү хүртээмжтэй, сэтгэлд нийцсэн үйлчилгээг нэмэлтээр авах зэрэг олон талын давуу талыг бүрдүүлж байгаа юм.

-Улсын эмнэлэг төлбөртэй үйлчилгээ үзүүлнэ гэдэг хууль зөрчсөн үйлдэл биш үү?

Шинээр нэвтрүүлж буй төлбөрт үйлчилгээ нь зөвхөн хүссэн иргэдэд сайн дурын үндсэн дээр үзүүлэх үйлчилгээ гэдгийг онцольё. Эмнэлэг нийт орныхоо 10-аас ихгүй хувьд нь төлбөрт үйлчилгээ үзүүлж болно гэж журманд заасан байдаг. Бид энэ хүрээндээ орчин нөхцөл сайтай, тав тухтай, чанартай эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх тэр бүх бололцоог хангаж, төлбөртэй үйлчлэх юм. Дээрх орлогоо нэмэгдүүлэх 7 төлөвлөгөө нь одоо хэвийн үйлчилж буй даатгалын системийн үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлөх, төлбөртэй болгож байгаа зүйл огт биш. Даатгуулагчийн эрх ашгийг зөрчиж, ачаалал нэмэгдэх асуудал үүсэхгүй. Энэ тал дээр ЭМЯ, ЭМДГ-аас тогтмол хяналт тавьж ажилладаг. Хэрэв бид хэт төлбөрт үйлчилгээ рүү чиглээд иргэд, үйлчлүүлэгчидээ хохироовол эмнэлэг даатгалын байгууллагаас санхүүжилтээ авч чадахгүй эрсдэл үүснэ. Тиймээс бид зохион байгуулалт дээр маш сайн хяналт тавьж ажиллана. Эмнэлэг нэмэлт боломж, дотоод нөөцөө ашиглан орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлж буй явдал юм.

-Эмнэлэгийн ажилчдын цалин, урамшуулал нэмэгдэж байгаа  нь таатай мэдээлэл юм. Гэхдээ эмнэлгийн ажилтан, эмч гэдэг бол онц нарийн мэдлэгийн салбар. Энэ салбарт хөрөнгө оруулалт хийх нь зөв байгаагүй юу?

-Харин ч эсэргээрээ. Өмнө нь манай эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтны сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний зардал, хүний нөөцийн мэргэжил дээшлүүлэх сургалтанд тусгайлан зориулсан зардлыг тусгаж өгдөггүй байсан. Тэр үед манай ажилчид хувийн шугамаар аливаа сургалтанд хамрагдаж ирсэн. Харин одоо бидний боловсруулсан төлөвлөгөөгөөр сургалтын зардал, эрдэм шинжилгээний ажлын зардлуудыг тусгайлан, онцолж төсөвтөө  суулгаж өгсөн. Энэ бол таны хэлсэнээр эмч, эмнэлгийн ажилтны мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх онц үүргээ эмнэлгийн удирдлага тусгайлан анхаарсан менежмент гэж үзэж байгаа.

-Таны дээр хэлсэнчлэн УНТЭ хөгжингүй орны түвшинд хүрч хөгжихөд хэр хугацаа шаардагдах вэ?

-УНТЭ-ийн хувьд Монголдоо хамгийн том эрүүл мэндийн институт. Гэвч дэлхийн хэмжээнд “тоглогч” болж чадахгүй байна. Өнөөдрийн бидний танилцуулж байгаа ажлууд ирээдүйд “том” зорилго руу чиглэсэн ажил. Бид, манай эмнэлэг хошуучилж байж Монголын эрүүл мэндийн салбар дэлхийтэй хөл нийлүүлэх боломж бүрдэнэ. Ингэж хэлэх нотолгоо манайд байна. Чадварлаг, мэргэшсэн, бэлтгэгдсэн эмч, баг, хамт олон байна. Энэ бол маш том давуу тал. Энэ давуу талаа ашиглан олон шинэ технологи, инновацийг эхнээсээ нэвтрүүлээд, нутагшуулаад явж байна. Шинэ эмчилгээний технологи нэвтрүүлж байна аа гэдэг дэлхийн тоглогч болох нэг алхам ойртож байгаагийн илрэл юм. Энэ дотроо хандлагаа өөрчлөх ажил бол том бодлого руу чиглэсэн түлхүүр ажил бас өрнөл юм.

A

Жижиг

A

Дунд

A

Том

Өдөрт хэрэглэх сүүн бүтээгдэхүүний зохистой хэмжээг тогтоожээ

 0 сэтгэгдэл

BMJ Open Diabetes Research & Care сэтгүүлд нийтлэгдсэн олон улсын эрдэмтдийн судалгааны тайланд өдөртөө хоёр удаа сүүн бүтээгдэхүүн хэрэглэхэд диабет, цусны даралт ба бодисын солилцооны синдромын эрсдэлийг бууруулна гэж дүгнэжээ.

Өмнө нь Хойд Америк ба Европт хийсэн судалгаа сүүн бүтээгдэхүүн хэрэглэх дээрх өвчнүүдээс гадна зүрх судасны өвчлөлөөр эрт нас барах эрсдэлийг багасгах үйлчилгээтэйг нотолсон. Гэхдээ уг үр дүнг дэлхийн хэмжээнд ашиглаж болох эсэхийг мэдэхгүй байв. Энэ удаад 21 орны 35-70 насны 147 мянга гаруй хүнийг хамруулжээ. Тухайлбал, хөгжингүй Швед, Канад, хөгжиж байгаа Бангладеш, Колумб, Иран зэрэг улс оролцлоо. Судалгаанд оролцогчдын эрүүл мэндийн байдлыг есөн жилийн турш ажиглаж, сүү, тараг, бяслаг болон бусад сүүн бүтээгдэхүүний хэрэглээ, эм эмчилгээ, жин, даралт, холестерин ба глюкозын түвшинд хэмжилт хийжээ. Үр дүнгээс харвал өдөрт хоёр удаа тослогтой сүүн бүтээгдэхүүн хэрэглэхэд даралт ба диабет үүсэх эрсдэл тус бүр 11 ба 12 хувиар буурч байв. Хоёр удаагийн хэрэглээг эмч нар зохистой гэж үзсэн. Учир нь гурав дахь удаа хэрэглэхэд үр дүн төдий л дээшлээгүй аж. Нэг удаагийн хэрэглээний порц нь 240 грамм сүү, 20 грамм бяслаг, нэг сав йогурт, 120 грамм аарц буюу түүнтэй тэнцэх хэмжээний сүүн бүтээгдэхүүн байж болно. Тосыг нь ялгасан бүтээгдэхүүний үр ашиг хавьгүй доогуур байсан тул эрдэмтэд ийм хүнс хэрэглэхийг зөвлөөгүй юм. Оролцогчдын 47 мянга нь диабет, даралт буюу бодисын солилцооны эмгэгтэй байснаар барахгүй илүүдэл жин, ашигтай холестериний доогуур түвшин, цусанд нь өөх тос, глюкозын өндөр агууламж гэх мэт эрүүл мэндийн муу үзүүлэлттэй байв. Ийм оролцогчид сүүн бүтээгдэхүүн хэрэглэхэд өвчлөл үүсэх эрсдэл хэрэглээгүй хүмүүсийнхээс 24-28 хувиар буурч байгаа нь ажиглагдав. Эрдэмтэд уг судалгаа ажиглалтын шинжтэй бөгөөд шалтгааныг тогтоох зорилго тавиагүй гэдгийг ярьжээ. Өгүүлэлд бичсэнээр "Энэхүү судалгааны үр дүн илүү өргөн, урт хугацааны судалгаагаар нотлогдвол сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх нь даралт, диабет, бодисын солилцооны эмгэгийг бууруулах хямд төсөр арга болно. Мөн дэлхий даяар зүрх судасны өвчлөлийг багасгахад тусалж болох юм". 

A

Жижиг

A

Дунд

A

Том

Ш.Ариунжаргал: Системийн өвчин удаан явцтай л болохоос хавдартай ижил аюултай өвчин

 0 сэтгэгдэл
  • Зөвхөн Монголд ч бус дэлхийн бүх л оронд системийн өвчин эмчилгээгүй гэсэн буруу ойлголт бий
  • Эхэн үеийн шинж тэмдэг нь өглөөний хөшинг байдаг. Өөрөөр хэлбэл, унтаад сэрсний дараа шууд хөдөлгөөн хйиж чадахгүй 5-10 минутад бие бадайрч, гар, хөлөө, хөдөлгөж чадахгүй болдог. Энэ нь даамжирч, булчин шөрмөсний үрэвсэлтэй хавсарвал, хугацаа нь уртасч, 1-2 цаг биеэ удирдах чадваргүй болно

Сүүлийн жилүүдэд үе мөчний өвчин залуужиж, энэ төрлийн эмгэгтэй хүн улам олширсоор байна. Тиймээс яс, үе мөчний эмгэгийн шалтгаан, эмчилгээний талаар “Наран мед” клиникийн үүсгэн байгуулагч, УАУ-ы ахлах зэргийн эмч Ш.Ариунжаргалаас тодрууллаа.

-Сүүлийн жилүүдэд үе мөчний өвчин залуужиж, хүүхдүүд хүртэл энэ төрлийн эмгэгээс болж шаналах болсон. Үе мөчний өвчин тулай, хэрх зэрэг олон төрөл байдаг шүү дээ. Шалтгаан, эмчилгээ нь ч харилцан адилгүй юу?

-Ревматологи буюу яс, үе, булчин шөрмөс холбогч эдийн өвчин судлал нь дэлхий нийтэд харьцангуй хожуу хөгжиж байна. 1998 онд л албан ёсоор бүртгэгдсэн. Зөвхөн үе мөчний үрэвсэлтэй холбоотой 300 орчим төрлийн өвчин бий. Эдгээрийг үүсгэж байгаа шалтгаанаар нь ерөнхийд нь аутоиммунный, халдварын шалтгаантай, бодисын солилцооны гэж гурав ангилдаг. Сүрьеэ бруцеллёз , цус задлагч нян, вирусийн гаралтай өвчнөөр үүсгэгдэж байгааг халдварын шалтгаантайд тооцдог. Харин бодисын шалтгааны улмаас үүсэж байгаа эмгэгт сахар, тулай, яс сийрэгжилт зэрэг ордог. 

-Монгол хүмүүст дээрх эмгэгүүдийн аль нь илүү түгээмэл тохиолддог вэ. Хэрх өвчний оноштой хүн цөөнгүй байдаг юм шиг анзаарагдсан?

-Хэрхийн эмгэг нь олон өвчнийг багтаасан шинжлэх ухааны нэршил юм. Системийн өвчин нь залуужиж хүйсийн ялгаа улам багасч байна. Тухайлбал тулай өвчнөөр 40 өөс дээш насны эрчүүд голдуу өвддөг байсан бол залуучууд, эмэгтэйчүүд их өвчлөх боллоо. Сүүлийн үед манай улсын хүүхэд эмэгтэйчүүд залуусын дунд түгээмэл тохиолдож буй өвчин бол Rheumatoid arthritis буюу хэрх төст олон үений үрэвсэл юм. 

-Ямар шалтгааны улмаас энэ өвчин үүсдэг вэ?

-Аутоиммуны өвчин үүсгэх шалтгаан олон бий. Газар нутгийн байршил, хооллолт, удамшил, эмийн зохисгүй хэрэглээ, жирэмслэлт, цэвэршилт, архи тамхи, хөдөлгөөний дутагдал, үе мөчний бусад өвчнийг дутуу, буруу эмчилсэнтэй холбоотой үүсдэг. 

-Газар гэсэхээр болон газар хөлдөхөөр үений өвчин сэдэрдэг гэж хүмүүс ярьдаг шүү дээ. Ялангуяа, хаврын улиралд хүмүүс эмнэлэгт хандах нь ихэсдэг юм шиг анзаарагдсан?

-Улирал солигдох үед хүний биеийн дархлаа суларч, биед шаардлагатай витамины хэмжээ багасахаар архаг өвчин сэдэрдэг. Мөн хавар намар салхи ихссэнтэй холбоотой үе мөчний өвчин хөдөлдөг. Салхи, чийг зэрэг нь өвчин үүсгэх, сэдрэхэд нөлөөлөх тохиолдол элбэг. Ер нь үе өвддөг хүн даарч хөрөхгүй байх хэрэгтэй. Хүмүүс хавар цагт нимгэн хувцсандаа эрт орж, шилбэ, хөлөөрөө даардаг шүү дээ. Энэ мөн сөрөг нөлөөтэй.

-Системийн өвчин үе өвдөхөөс гадна өөр ямар шинж тэмдгээр илэрдэг бол? 

-Эхэн үеийн шинж тэмдэг нь өглөөний хөшинг байдаг. Өөрөөр хэлбэл, унтаад сэрсний дараа шууд хөдөлгөөн хийж чадахгүй 5-10 минутад бие бадайрч, гар, хөлөө, хөдөлгөж чадахгүй болдог. Энэ нь даамжирч, булчин шөрмөсийн үрэвсэлтэй хавсарвал, хугацаа нь уртасч, 1-2 цаг биеэ удирдах чадваргүй болно. Түүнчлэн энэ өвчин зөвхөн яс, үенд нөлөөлдөггүй. Уушиг зүрх элэг бөөрөнд нөлөөлж, хатуурал үүсгэх ч эрсдэлтэй. Мөн нүд, шүд, шүүрэл ялгаруулдаг булчирхайд өөрчлөлт орж, нулимс гарахгүй нүд аргаж, хуурайших, шүд унах, буйл үрэвсэх, шүлс ялгарахгүй, булчирхай хатангиршдаг. Эхэндээ холбогч эд, булчин шөрмөс судас гэмтээгээд ясанд эрози үүсгэж иддэг. Ер нь удаан явцтай л болохоос хавдартай ижил, эмчилгээ авах нь бэрх аюутай өвчин.

-Өвдөлтийг нь богино хугацаанд намдааж болдог юм билээ. Бүрэн эдгэрэх боломжтой юу?

-Зөвхөн Монголд ч бус дэлхийн бүх л оронд системийн өвчин эмчилгээгүй гэсэн буруу ойлголт бий. Уг нь нэг, хоёрдугаар шатанд нь оношилж чадвал эмчлэх бүрэн боломжтой. Хамгийн харамсалтай нь хүмүүс эмээ ч ууж чадахааргүй болсон үедээ л ирдэг. Бөөр, уушги, зүрхний дутагдалд орж хатуурал үүстэл нь эм уугаад, эмнэлэгт хандахгүй яваад л байдаг. Сүүлийн үед манай эмнэлэгт энэ өвчнөөр өвдсөн хүүхдүүд маш их ирж байна. Нуруунд нь өөрчлөлт орсон, хөл гарын өвдөг, шагай нь хавдсан багачууд цөөнгүй байна. Гэхдээ хүүхэд эмчилгээ авах нь хурдан байдаг. Хурдан оношлуулжэмчилгээ эрт эхлэснээр үе мөч эрхтэн системээ хамгаалж үлдэх боломжтой. Хануур, зүү, тан, жин, бариа заслыг тохирсон европ эмчилгээтэй хавсарч хэрэглэвэл үр дүнтэй. Хэрэв өвчин хүндэрсэн тохиолдолд өвдөлт намдаах, үрэвсэл бууруулах, үений гэмтлийг даамжруулахгүй байх эмчилгээ хийнэ. Уг нь дасгал, иог, бясалгал, спортыг өөртөө тохируулан тогтмол хийж, хоол ундаа зохицуулаад, эмчийн заавраар эмчилгээ хийлгэвэл хүндрэхгүй. Эдгэх боломж байдаг.

Ревматизмын гаралтай үе мөчний үрэвсэлийн шинж тэмдэг

� Гарын хуруу болон гарын бугуй, хөлийн шагайн үенд халуу оргих,

� Үе хавагнах, хөших бадайрах

� Өглөөгүүр үе мөч янгинах, хөшиж хатуурах өглөөний хөшингө бий болох

� Амархан ядарч сульдах, тамирдах 

� Арьсан дээр цагираг хэлбэрийн улайлт үүсэх, жижиг зангилаанууд гарах,сэтгэл зүйн байдал гэнэт өөрчлөгдөх

� Бөөр гэмтсэн үед шээсний гарц багасах, цустай шээх, тууралт гарах, үеэр өвдөх, хаван үүсэх, цусны даралт ихсэх

Хэрхэн урьдчилан сэргийлэх вэ? 

� Тамхи, архи хэрэглэхгүй байх

� Биеийн жинд хяналт тавих

� Дасгал хөдөлгөөн, иог, бясалгал хийх. Зөв дасгал хөдөлгөөн 

� хийснээр өвчин хоёр дахь үедээ даамжирхаас сэргийлэх боломжтой.

� Нарны туяанд байнга гарах

� Буйлны үрэвсэл үүсхээс сэргийлж, амны хөндийн ариун цэвэрт анхаарах хэрэгтэй.

� Хоолой, чих, хамарыг эрүүл байлгаж, эмчийн үзлэгт тогтмол ороох

A

Жижиг

A

Дунд

A

Том

Хөгшрөлтийг түргэсгэдэг хоол хүнс

 0 сэтгэгдэл

Испанийн Наваррын их сургуулийн эрдэмтэд гүн боловсруулалттай хоол хүнс эсийн хөгшрөлтийг түргэсгэдэг гэсэн дүгнэлтэд хүрснийг La Vanguardia сэтгүүлд мэдээлсэн байна. Үүнд талх, нарийн боов, амттан, хийжүүлсэн ундаа, янз бүрийн хачир, сахартай эрдэнэшиш, хагас боловсруулсан бүтээгдэхүүн болон хадгалахад зориулсан махан бүтээгдэхүүнийг хэт боловсруулсанд тооцдог. Ийм хүнсэнд будаг, сахар, хадгалалтыг удаашруулах бодис, өөх тоос, давс ихээр ордог боловч амин дэм, торлог бодисоор ядуу юм. Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд эдгээрийг хэрэглэснээр хромосомын үзүүрийн хэсэг багасдаг байна. Уг хэсэг нас ахих тусам богиносдог авч дээрх хүнсийг хэрэглэснээр үйл явцыг хурдасгадаг аж. 57-91 насны 886 хүнтэй бүлэгт туршилт явуулж, хромосомын үзүүр ба хооллолтын харилцан хамаарлыг тогтоожээ. Үр дүнгээс үзвэл өдөрт гурваас дээш удаа гүн боловсруулалттай хоол идсэн хүмүүсийн хромосомын үзүүр богиносох үйл явц хоёр дахин түргэсдэг нь тодорхой болжээ.